
Суудлын тэрэгний тээшинд багтдаг АЯНЫ ЭВХДЭГ ГЭР
https://www.facebook.com/Ayani…
Дэлхийн аваргын “WORLD CHAMPIONSHIPS IN SHOEMAKING 2018 ”тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, Сонгодог төрөлд түрүүлсэн Г.Ерөөлттэй ярилцлаа. Монгол залуучууд спорт, урлагийн төрлөөс гадна дэлхийн шилдэг гутлын мастеруудтай эн тэнцүү өрсөлдөж чадна гэдгийг батлан харуулсан түүнтэй ярилцаж суухад эх оронч, хөдөлмөрч занг нь төвөггүй харж болохоор байлаа.
-Сайн байна уу? Лондонд гар урлалын гутлын дэлхийн аврагын тэмцээнд амжилт гаргаж, улсынхаа нэрийг гаргаад ирсэнд тань баяр хүргэе. Тэмцээний талаар яриагаа эхлэе. Хэчнээн улсын шилдгүүдтэй өрсөлдөв?
-Сайн, сайн байна уу? Баярлалаа. Лондонд болдог дэлхийн аваргын тэмцээнд Монгол улсаа төлөөлөн анх удаа оролцож, сонгодог төрөлд нь амжилттай оролцлоо. Тус тэмцээнд Азийн орнуудаас Япон улсын дөрвөн мастер болон Монгол улсаас би оролцсон. Харин Европын орнуудаас Англи, Итали, Франц, Швед, Герман гэх мэт олон орны дэлхийн топ шилдгүүд өрсөлдсөн. Нэгдүгээр байранд шалгарсан Герман мастерийн урласан гутал үнэхээр шилдэг нь байж чадсан. Тэрээр алдарт Викториан загвараар урласан байсан. Викториан стийл загварыг мэдэхгүй хүн бараг үгүй байх. XIX зууны, Виктория хатан хааны үеийн хатагтай, ноёдын хувцас, гутал загварын нэгэн үеийг тодорхойлдог бөгөөд дэлхийд, загварын ертөнцөд тамгалагдсан үе юм. Гэхдээ тэрбээр загвараа хүн өмсөхөөр урлаагүй байсан. Харин миний хувьд хүн өмсөж болохоор гутал хийсэн. Дэлхийн аваргын тэмцээнд амжилттай оролцсоноор дараа дараагийн тэмцээнүүдэд монголчууд оролцох, амжилт гаргах жимийг гаргаж чадлаа.
-Бүгд нэг ижил гутал хийж өрсөлдсөн үү?
-Тийм ээ. Бүгд зүүн хөлийн, хар өнгийн,оксфорд загварын гутал хийж өрсөлдсөн. Миний хувьд гутлаа тэмцээний журмын дагуу хийж урлахдаа техниктээ түлхүү анхаарч ажилласан. Харин зарим орны гуталчид чөлөөтэй, задгай сэтгэн шаардлагаас зөрсөн тохиолдлууд ажиглагдсан. Тухайлбал, гутлынхаа улыг будах ёсгүй байтал улыг будаж, халим дүрсэлж, морины тах хийсэн гэх мэт дүрмийн бус хэлбэр загварууд олон байлаа. Би анхандаа мөн адил нарийн хадаасаар шивж зураг зурах гэж байсан ч тодорхой дүрэмтэй байсан болохоор дүрмийн дагуу хийсэн. Магадгүй нэг тийм ази сэтгэлгээний сайн, муу гэмээр тэгэх л ёстой гэсэн бол тэгж хийдэг зан чанар нөлөөлсөн болов уу. Мөн анхны удаагаа оролцож буй болохоор туршлага бага зэрэг дутагдсан гэж бодож байна.
-Тэмцээний чансааг сонирхмоор байна. Гуталчдын хувьд мэдээж олон жил гутал хийсэн, олон улсад танигдсан, удам дамжсан хүмүүс олон байсан байх.
-Гуталчдын нэг онцлог нь удам дамжсан, зуун дамжсан байдаг. Тэмцээний чанар үнэхээр өндөр зэрэгтэй юм билээ. Тэмцээнд 1800-аад оноос үйлдвэрлэл явуулж, аль хэдийнэ үйлдвэрлэл, бүх зүйл нь тогтсон гутлын үйлдвэрүүдийн төлөөллүүд олон байсан. Бидний хувьд мөн адил “euGo since 1934” гэдэг ч их учиртай. Миний өвөөгийн 1934 онд хэрэглэж байсан дээр үеийн Зингэр оёдлын машин, багаж, төхөөрөмж одоог хүртэл надад байдаг. Зарим багажууд бол маш эртнийх, би одоог хүртэл хэрэглэсээр байгаа. Тэмцээнийхээ гутлыг ч тэдгээр багажаар хийсэн. Өвөө маань Маршал Чойбалсан, Оросын сургагч нарын гутлыг хийдэг гуталчин хүн байсан. Цэдэнбал даргын гутлыг ч бас хийж байсан түүхтэй. Тэгэхээр энэ бол үүх түүх. Өвөөгийн маань хийж байсан арга барил, нарийн технологи, өвөрмөц зүйлс надад өв дамжин уламжлагдан ирсэн. Иймд бид ч мөн удам дагасан урлаачид гэдгээ харуулахаар танилцуулга видео бэлдэж зохион байгуулагчид руу явуулсан. Танилцуулгадаа монголчууд эртнээс өөрсдөө гутлаа урлаж ирсэн уламжлалтай, түүх соёлтой ард түмэн гэдгээ харуулахыг хичээсэн. Мөн тэмцээнд надаас өөр танилцуулгаа видеогоор илгээсэн хүн байгаагүй. Танилцуулгаа видеогоор өгсөн нь нэг талаараа их онцгой байж чадсан. Дэлхийн дайдыг эзэлж явсан монголчууд өнөөдөр ч аль ч талаараа өв уламжлалаа авч яваа, дэлхий хэмжээнд хийж чадна гэдгийг давхар харуулахыг хичээсэн дээ.
-Таны танилцуулга видео маш өвөрмөц юм. Монгол ёс заншлаа шингээж өгсөн санагдлаа.
-Видео танилцуулгаа хийхийн тулд тусгайлан зориулж студи байгуулсан. Ерөнхийдөө Монгол ахуйгаа харуулсан гэр, бүтээлийг хийж буй тайз, хийж буй бүтээлийн онцлог,орчин цаг үетэй уялдаа холбоотой, байхыг илэрхийлэх гэж хичээсэн байгаа. Гар аргаар гутал урлах техникийн үйл явцыг нэг бүрчлэн нарийн харуулахыг зорьсон. Энэ нь бас учиртай. Монголчууд эрт дээр Хүннүгийн үеэс яг тухайн хүндээ зориулж гутал урладаг уламжлал байсан юм шүү гэдгийг харуулахыг хичээсэн юм.
-Барууны гутлын соёл хаашаа чиглэж байна вэ. Загвар эргэх холбоогоор эргэж байдаг гэдэг.
-Загвар удаандаа 20-25 жилээр эргэж байдаг. Гэхдээ үндсэн, гол дүрслэл нь хадгалагддаг. Түүн дээр тухайн цаг үеийн чимэг орж өгдөг. Түрүүн хэлсэнчлэн эхний байранд орсон Герман гуталчин Викториан үеийн загвараар урласан. Викториан үеийн загвар тэр чигтээ урлаг, гоо сайхан, уран зураг, архитектур гээд бүх л зүйлийг багтааж чадсан. Мөн Гётикийн үеийн загвар байна. Чех, Испанийн шөвгөр, урт оройтой барилгууд тэр загварын илрэл. Виктория хатан хааны үеийн загвар хамгийн сонгодог нь. Тэр үеийн загварын дүр төрх эргээд орж ирж байгаа.
-Таны хувьд мэдээж бүтээлийг нь биширдэг олон гутлын загвар зохион бүтээгчид дизайнерууд байдаг байх.
-Тийм, гэхдээ биширэх гэдэг өөр Германы дизайнер Карл Лагерфельд гээд 84 настай гайхалтай дезайнер байна. Энэ хүн аль эртний Шанель, Фенди, Клоуи -н гэх мэт олон загварын ордонд ажиллаж байсан хүн. Гэтэл өнөөдөр яг л тэр үеийн өөрийн загвартаа үнэнч, дүр төрхөө гаргаад явж байна. Мөн Жимми Чүү гэж Малайз гаралтай зохион бүтээгч өнөөдөр ч гутлын загварын ертөнцийн шилдэг хүн.Түүнчлэн өнөөдөр эмэгтэй гутлын загварын салбарт хамгийн шилдэг байгаа нь одоо 72 настай Манола Бланик гэж Испани гаралтай хүн байна. Түүнчлэн Францын гутлын дизайнер Кристиан Любутон байна. Яагаад заавал насыг нь тодотгож хэлээд байгаа вэ гэхээр бид хэтэрхий эрт өөрсдийнхөө хүч чадлын үнэ цэнийг үнэлэхгүй, нас явчихлаа хэмээн бодож өөрсдийгөө голцгоож байна. Гэтэл бидний хийж чадах, бүтээх зүйлс маань дундрашгүй их, тэр тусмаа оюуны баялаг бүтээгчдийн уул уурхай яндашгүй гэдгийг л ойлгох нь чухал юм.
-Алдартай зохион бүтээгчид ямар нэг зүйлээрээ бусдаас ялгарснаар олонд танигдсан байдаг. Түүнтэй адил таны гутал юугаараа онцлог болох вэ?
-Миний хувьд сонгодог чиглэлдээ илүү дуртай. Классик буюу сонгодог төрөл гэдэг өөрөө ухаад баршгүй уурхай нэг төрөл мэт. Би гутлыг ихэвчлэн Good Year гэх Англи технологиор хийдэг. Энэ технологийг арай дөхүүлж тайлбарлавал рант уллагаатай гэсэн үг л дээ. Одоогоор жинхэнэ утгаар нь ийм технологиор ажиллаж буй үйлдвэр байхгүй. Удахгүй яг энэ технологиор хийдэг үйлдвэрийг Монголдоо нээхээр бэлдэж байна.
-Тэмцээндээ эргээд очиход, шүүгч нар хэр үнэн зөв шүүсэн гэж бодож байгаа вэ?
-Зөв сайхан шүүсэн гэж бодож байнаа. Техникийг харж шүүхээс гадна загварыг нилээд харах шиг боллоо. Нийт найман шүүгч байсан. Зарим шүүгчид нь миний таних хүмүүс ч байсан. Намайг Лондонд байхад ажиллаж байсан залуус шүүгчээр орсон байсан. Английн үе үеийн гүнж, хан хүү нарын гутлыг хийдэг “Жонн Лобб” хэмээх үндэсний, удам дамжиж ирсэн мастерууд ажилладаг урлан байдаг юм. Миний дараа ажиллаж байсан залуу гэхүүдээ. Бас Японы Фукуда хэмээх мастер шүүгчээр ажиллаж байсан. Тус бүрдээ гар урлалын гутлын талаар нарийн мэдлэгтэй чадварлаг хүмүүс шүүлт хийцгээсээн.
-Та энэ алдартай үйлдвэрт ажиллаж байсан юм уу?
-Тийм ээ. 2000-аад оны эхэн үе л дээ. Лондонд ажиллаж байгаад Монгол руугаа буцахын өмнө зургаан сар ажиллах завшаан тохиосон юм. Тус гутлын үйлдвэрийн удирдлагууд надад үндсэн ажилтнаар ажиллах хүсэлт тавьсан. Гэхдээ би сурсан мэдсэн бүх зүйлсээ эх орондоо хэрэгжүүлэхээр сэтгэл шулуудсан байсан юм. Миний хувьд тухайн байгууллагад туршлага судлахаар л ажилласан даа.
-Энэ гутал хийдэг ширээ тань их содон сонин юм. Хаана хийлгэсэн бэ. Угаасаа ийм загвартай байх ёстой байдаг уу?
-Энэ тэмцээнд зориулж хэвлүүрийн зохион бүтээгчийн ширээг өөрөө загварыг нь гаргаж хийсэн. Анх би, ЗХУ-д хэвлүүрийн зохион бүтээгч зураач дизайнер мэргэжлээр төгссөн, Д.Ариунхүүд 1989 онд хадаг барьж шавь орж байлаа. Түүнд хэвлүүрийн зохион бүтээгч Ганбаатар, Намсрай нараас дамжиж ирсэн ширээ байсан бөгөөд маш энгийн мөртлөө эргономик сайтай ширээ байсан юм.Тухайн үедээ ийм ширээ хийнэ дээ гэж бодоод дараа нь Англиас англичуудын санааг нэмж зохиогоод 28 жилийн дараа долоо хоногт л хийсэндээ. Мөн мундаг дархчууд маань түмэн насан хээ сийлсэн ойл хутга урлаж өгсөн. Ер нь мастер хэвлүүрийн зохион бүтээгчид ийм л ширээн дээр хийдэг. Гэхдээ миний ширээ өөрийн онцлог зүйлтэй. Монголын ахмад инженерүүдийнхээ санааг оруулж өгснөөрөө ялгаатай.
-Видеогоо хийхэд буюу гутлаа урлахад хэдий хэр хугацаа зарцуулсан бэ?
– Танилцуулга видеогоо долоо хоногт хийсэн. Эхэндээ Америкт хийх гэж байсан ч Монголдоо ирээд хийсэн нь дээр гэж шийдсэн юм. Энэ видеог хийхийн тулд тусгайлан Монгол арт студи хүртэл байгуулсан. Бичлэгтээ гутал хийхэд оролцох таван мэргэжлийг нэг дор багтаасан байгаа. Тухайлбал, хэвлүүрийн зохион бүтээгч, загвар зохион бүтээгч, оёдолчин, гутал татаж уллагч гэх мэт олон мэргэжлийг монгол мастер нэг дор хийж буйгаараа онцлог давуу талтай юм. Эхнээс нь эхлээд дуустал бүх зүйлээ хийдэг мастерууд байдаг. Гэхдээ тун цөөхөн. Ийм видео хийснээр мэргэжлийн сургуульд мэргэшихээр суралцаж буй залууст сургалтын бүтэн материал болж буйгаараа онцлог. Түүнчлэн үүнээс бас үлгэр дууриалал авч, санаа аван дэлхийд өөрсдийгөө сорих уран бүтээлч залууст маань урам зориг өгөх болов уу. Эцэст нь энэхүү нэр хүндтэй тэмцээнд улс орноо төлөөлөн оролцоход маань дэмжиж туслалцаа үзүүлсэн гэр бүл, найз нөхөд болон УИХ-ын эрхэм гишүүн С. Жавхланд гүнээ талархаж буйгаа илэрхийлье.
-Ярилцсанд баярлалаа. Удахгүй шинэ технологи бүхий шинэ үйлдвэрийн нээлтэд тань эргэн уулзахын ерөөл тавья.
Л.Булганчимэг http://www.times.mn/
Монгол Улсын Ховд аймгийн Булган суманд цөлжиж буй 5000 га газарт 3 сая алимны мод тарихад МОНГОЛ УЛСынхаа АЛИМны хэрэгцээг бүрэн хангаж 80ТЭРБУМ борлуулалт хийх боломжтой.
Хүнд өдөрт 96 гр жимс, жимсгэнэ идэхэд хангалттай.
Тэгвэл жилд Монголын 3 сая иргэнд 105,120 тн жимс жимсгэнэ хэрэгтэй.
Алимны 1 модноос 35 кг алим хураана гэж тооцвол 5000 га газарт 3 сая мод тарьж, тэр хэрэгцээг хангана. Гэтэл Булган суманд 5000 га газар цөлжиж байна. \ердөө л 10км урт * 5 км өргөн газар гэсэн үг.
Булган голын алим ХХК-ны захирал Х.Балжинням монголчуудыгаа “Алим” төсөлд нэгдэж, Монголынхоо хөрсөнд алим тарьж ургуулахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна. Ингээд түүний уриалгыг хүргэж байна.
“Алим” төсөлд нэгдэцгээе
1. Төсөл хэрэгжүүлэхийн ач холбогдол
• Монгол улс алимыг бараг 100 хувь гадаадаас авч байна. Жилдээ 80.0 тэрбум төгрөгөөр 20.0 мянган тонн алим оруулж ирдэг гэсэн тооцоо гарсан байгаа. Ийм их мөнгөөр бид гадаадын алимны аж ахуйг дэмжсээр байна гэдгээ анхаарах цаг болсон.
• Тэгвэл бид нутагшсан олон төрлийн алимаа өөрсдөө тарьж, өөрсдөө ажлын байртай болж, өөрсдийнхөө амьжиргааг дээшлүүлж, өөрсдөө экологийн цэвэр бүтээгдэхүүн хэрэглэх бүрэн боломж нь бидэнд байна. Ялангуяа Ховд аймгийн Булган сум нь алим жимс ургах бүх талын нөхцөл бүрэн бүрэлдсэн ховорхон газрын нэг юм. Цаашлаад Ховд аймгийн 10 суманд алим тариалах боломжтой.
• Алим үрээр ургадаггүй, заавал ЗАЛГАЖ ургуулдаг тул залгаж суулгац үржүүлэхэд 4-5 жил, талбайд суулгаж ургац хураахад 3-4 жил зарцуулах тул бидэнд урт хугацааны дэмжлэг зайлшгүй хэрэг болоод байна. Иймээс МОНГОЛОО гэсэн сэтгэлтэй хүн бүрийг “Алим” төсөлд хамрагдаасай гэж хүсэж байна.
• Алимны мод мал шиг зуданд өртөхгүй, нөгөө талаар ажлын байр нэмэгдэх сайн талтай. Булган суманд алимны мод үржүүлж байгаа цөөн хэдэн хүмүүс байгаа бөгөөд суулгацны ихэнхийг бусад аймаг сумаас захиалга өгөн авч байгаа нь манай сумын тухайд алимны аж ахуй хөгжихгүй байгаа гол дутагдал болоод байна.
Булган суманд нутагшсан торниун алимны 6 сорт, бэсрэг алимны 5 сорт, давжаа алимны 14 сорт бий. Эдгээр алимнууд нь 1959 оноос Жимс ой турших станц, 1- р 10 жилийн хичээл туршлагын талбайд таригдсанаас хойш эдүгээ 60 жил үр өгөөжөө өгч ургаж байна.
2. “АЛИМ” төсөл хэрэгжүүлэх тооцоолол
Хүн эрүүл амьдрахын тулд өдөрт 96 гр жимс, жимсгэнэ идэхэд хангалттай.
Тэгвэл жилд Монголын 3 сая иргэнд 105120 тн жимс жимсгэнэ хэрэгтэй.
Алимны 1 модноос 35 кг алим хураана гэж тооцвол 5000 га газарт 3 сая мод тарьж, тэр хэрэгцээг хангана. Гэтэл Булган суманд 5000 га газар цөлжиж байна. \ердөө л 10км урт * 5 км өргөн газар гэсэн үг\
Үүнийг хэрэгжүүлэхэд олон жилийн ажил, олон хүний хүч хөдөлмөр, дээр нь Төр Засгийн бүсчилсэн хөгжлийн “Оновчтой бодлого” хэрэгтэй тул одооноос бид эхлүүлж байна. Энэ бүхэнд Булган сумын өрх бүхэн, иргэн бүхэн, нутгаа гэсэн сэтгэлтэй нутгийн уугуул иргэд бүхэн, цаашлаад “Монголоо” гэсэн сэтгэлтэй хүн бүхэн нэгдэж, ХӨРӨНГӨ БОСГОЖ байж энэ төсөл 20 жилийн дотор хэрэгжих юм. Хамгийн багаар тооцоход 1 өрх 100 алимны мод, 1 аж ахуйн нэгж 20.0 мянган мод тарьж байж энэ амжилтанд хүрнэ.
Алимны нэг мод 70-80 жил ургац өгнө
Хааш хаашаа 1 км газар буюу100 га-д 50.0 мянган алимны мод суулгаж болно.
1га-д 3 хүн, 100 га-д 300 хүн ажиллана.
1 модноос 20- 50 кг алим, дунджаар 35 кг алим хураана.
50.0 мянган модноос 1750 тн алим хурааж, 7.0 тэрбум төгрөгийн орлоготой ажиллана. Алим жимс боловсруулах томоохон үйлдвэртэй ч болно.
Тэгвэл 1 хүнд жилдээ 23.0 сая төгрөгийн орлого ноогдоно.
Ирээдүйд Булганчууд бид юунд хүрэх вэ?
5000 га газарт зөвхөн алим тариалж, 15.0 – 20.0 мянган хүний ажлын байр бий болгоно. Тэгвэл 1 өрхийг 5 хүнээр тооцвол БУЛГАН сум 100.0 мянгаас дээш хүн амтай, зөвхөн алим жимсээр дагнасан ТОМ ХОТ болох юм. Хамгийн наад захын үр дүн гэхэд 10-15 сургууль, цэцэрлэг шинээр нээгдэнэ гээд тооцоод байвал эдийн засаг, нийгмийн үр дүн асар их байх юм.
Бид ойрын 20 жил “АЛТ” гэж их давхилаа. Эцсийн үр дүн юу болов? Хэдэн сайхан залуучуудаа алтны шороонд даруулж Бурхны оронд үдлээ. Бид ингэж амьдрах хувь тавилантай гэж үү? Үгүй шүү. Хоорондоо ярилцая. Саналаа нэгтгэе. Шилжиж явсан иргэдээ эргүүлэн татья. Утаанбаатар хотод амьдарч эрүүл мэндээрээ хохирч байснаас эрүүл агаартай Булган нутагтаа тайван амьдарцгаая. БҮГДЭЭРЭЭ “АЛИМ” ТӨСӨЛД НЭГДЭЦГЭЭЕ.
Уриалга гаргасан:
Булган голын алим ХХК-ны захирал Х.Балжинням
Техник, технологийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг Япон Улсад манай залуус электрон хавтан PC BOARD экспортлох болсон таатай мэдээ дуулдаад удаагүй байна. Эл бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж буй “Дүйнхэр тэргүүн” компанийн захирал Д.Ган-Одтой ярилцлаа.
-Хэзээнээс электроник хавтан үйлдвэрлэж эхэлсэн бэ?
-2013 оноос эхэлж япончуудтай хамт Зүүн өмнөд Азийн бүх улсаар явж судалгаа хийхдээ манай улсын хөгжлийн гол зорилго энэ юм байна гэдгийг олж харсан. Тиймээс улсдаа электроникийн үйлдвэр байгуулж, бүтээгдэхүүнээ экспортолъё. Бид эхлүүлчихвэл бусад нь даган дуурайж, хөгжинө гэж бодсон. Ингээд 2014 оноос зорилгоо биелүүлэхийн төлөө тэмцэж явсаар одоо л үр дүнгээ үзэж, Японы компанид бүтээгдэхүүнээ экспортлохоор боллоо. Ойрын 2-3 жилд дахиад 4-5 компанид бүтээгдэхүүнээ нийлүүлэхээр ярьж байна. Уг нь манайх зэсийн хүдэр, цэвэр зэс гаргадаг баяжмалтай улс. Үүнийгээ ашиглаад электроникийн хуулга, хавтангууд хийвэл илүү ашигтай. Учир нь хятадууд, эсвэл Зүүн өмнөд Азийн орнуудад энэ чиглэлийн үйлдвэрлэл өндөр хөгжсөн. Орлогынх нь ихэнх хувийг электроникийн салбар бүрдүүлдэг. Дэлхийн бараг бүх хүн гар утас барьдаг боллоо. Мөн айл бүрт зурагт, хөргөгч зэрэг электрон бараа бий. Үүний гол түүхий эд нь зэс, алт, мөнгө зэрэг баяжмалууд. Бид хөгжиж буй улсуудын түүхий эдийн бааз болоод буй нь харамсалтай санагддаг.
-Техник, технологи, электроникийн чиглэлээр ажиллах мэргэжилтэн хэр олон байна вэ?
-Судалгаа хийж байхад “Монголчууд чадахгүй шүү дээ. Хятадын том зах зээлтэй яаж өрсөлдөх юм бэ” гэж олон хүн хэлсэн. Хүмүүс зөвхөн зурагт, хөргөгч, хөлдөөгч зэрэг гэр ахуйн бүтээгдэхүүнээр электроникийн салбарыг ойлгоод байна. Яг энэ зах зээлд Хятад улстай өрсөлдөх хэцүү. Тэд олноор нь үйлдвэрлэж, хямдаар борлуулдаг. Гэхдээ тэдний бүтээгдэхүүн чанаргүй байгаа. Би Японы зах зээлийг нэлээд судалсан. Тэд Тайвань, Малайз, Сингапур, Тайланд, Вьетнам улсад үйлдвэрээ байгуулдаг юм билээ. Бүх тоног төхөөрөмжөө суурилуулж, зөвхөн ажиллах хүчээ л тухайн улсуудаас авдаг. Би япончуудаас “Та нар яагаад Монголд үйлдвэрээ байгуулж болдоггүй юм бэ” гэтэл “Монголчууд англи хэлээр чөлөөтэй харилцаж чадах уу, хөдөлмөрийн чадвар хэр вэ” гэдэг хоёр асуулт тавьж байгаа юм. Учир нь Малайз улсад үйлдвэрээ байгуулаад, ажилчдад нь энэ зүйлийг ингэж хийнэ шүү гээд заагаад өгөхөд яг түүнийх нь дагуу хийнэ. Илүү дутуу зүйл хийхгүйгээр зөвхөн зааврын дагуу ажилладаг байх нь.
Эндээс хөдөлмөрийн сахилга бат харагдаж байгаа юм. Манайхан бол “Ингэж хийгээрэй” гээд заагаад өгөхөд хэсэг хугацааны дараа “Ингээд хийчихвэл амархан юм байна” гээд өөрчлөх гэдэг сул талтай. Тэгээд би “Манайхан өгсөн үүрэг даалгаврыг норм, журмын дагуу хийж чадах болов уу” гэж бодож эхэлсэн. Чадах байх л даа. Гэхдээ суралцах гэж 1-2 жил шаардагдах байх гэж бодогдсон. Төгсөөд манай үйлдвэрт ажиллах гэрээтэйгээр гурван залууг Японд сургаж байна. Манайд энэ чиглэлээр мэргэжил эзэмшсэн залуу олон бий. Бараг сургууль болгон электроник инженер бэлдэж байгаа ч мэргэжлээрээ ажилладаг нь тун ховор. Мөн тэднийг ажиллуулахад гардаг хүндрэлүүд бий. Жишээлбэл, сургалтын систем тааруу байна. Онолын түвшинд сайн, харин тэр мэдлэгээ хөрсөнд буулгах дадлага эзэмшдэггүй. Дадлагажуулах лаборатори, үйлдвэрлэл дутмаг учраас тэр байх. Ер нь бол дөрвөн жил сурснаас илүү өөрөө гардаж хийгээд, туршлага хуримтлуулсан хүн илүү мэдлэгтэй болдог. Диплом чухал биш болсон байна.
-Та үйлдвэртээ ажиллах хүмүүсээ өөрөө сургадаг уу?
-Уг нь өөрөө сургаад, ажиллуулах бодолтой. Сургалтын систем болохгүй байна гэж хэлсэн дээ. Дээд мэргэжил олгож буй сургуулиуд оюутнуудаа хүн талаас нь харахгүй байгаа юм шиг санагддаг. Уг нь онолын мэдлэгийг сайн өгч байна. Гэтэл тэд чинь төгсөөд ажиллана, олон хүнтэй харилцана. Өөрөөр хэлбэл, нийгмийн харилцаанд ороход нь бэлддэггүй. Миний бодлоор хүмүүжлийн, соёлын зарчимд сургах хэрэгтэй. Тухайлбал, манай компанид ирсэн залуус эхлээд сурч байж ажиллана, маш сайн сурчихвал хүссэн хэмжээнийхээ цалинг авах боломжтойгоо мэддэггүй. Диплом авсан юм чинь өндөр цалинтай ажил хийх ёстой л гэж ойлгодог. Ирж уулзахдаа шууд цалин асууна. Мөн амархан шантардаг, бие дааж ажиллах чадваргүй зэрэг сул тал ажиглагддаг. Түүнчлэн хөдөлмөрийн сахилга бат алга. Тиймээс сургалтаар иймэрхүү чадварыг олгох нь зөв гэж боддог.
-Яг юунд ашиглах электроник хавтан экспортлохоор болсон юм бэ?
-Японы үйлдвэрүүдэд ихэвчлэн роботууд ажилладаг болсон. Тэр роботуудыг удирддаг компьютерын электрон хавтанг бид үйлдвэрлэх юм. Энэ нь нэлээд үнэтэй худалдах бүтээгдэхүүн. Хятадын зах зээлийн ханшаас 2-3 дахин илүү үнэлэгдэх юм. Бид Хятадын электроникийн үйлдвэрүүдтэй өрсөлдөх бус цөөн тооны, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортлох боломжтойг харж болно. Японы хоёр компанитай гэрээ байгуулсан. Нэг нь манайд тоног төхөөрөмж нийлүүлэх бол нөгөөх нь бүтээгдэхүүн худалдан авах юм. Японд сургаж байгаа гурван ажилтан маань тоног төхөөрөмжийн компанид нь ажиллаж буй. Энд ирээд тоног төхөөрөмж дээрээ ажиллах, бэлэн боловсон хүчин гэсэн үг.
-Гадаадын, тэр дундаа Японы зах зээлд нэвтрэх хэцүү байх. Ямар шалгуур тавьсан бэ?
-Мэдээж шууд бүтнэ гэж байхгүй шүү дээ. Дөрвөн жил япончуудтай хамтарч ажилласан. “За, боллоо” гэж хэлтлээ 3-4 жил болсон гэсэн үг. Энэ хугацаанд маш их зүйл шаардаж, бид ч олон зүйл хийж, шалгууллаа. Өөрсдөө ирж үзэж, харна. Алдаа дутагдлыг нь хэлнэ, бид ч хийсэн зүйлсээ явуулна гэх мэтээр ажиллаж байж одоо л “бид хийж чадна” гэдэг итгэл төрүүлж байгаа юм.
-Танай компанид одоогоор хэчнээн хүн ажиллаж байна?
-Манайх жижиг компани. Яг одоо манай үйлдвэрт зургаан хүн ажиллаж байна. Гэхдээ бидний барьдаг гол бодлого бол чаддаг хүнээр нь чаддаг зүйлсийг хийлгэх. Гаднах эд ангийг нь захиалж хийлгээд, яг үндсэн бүтээгдэхүүн дээрээ л өөрсдөө ажилладаг гэсэн үг. Тэгээд бусад компанид хийлгэсэн эд ангиа авч ирээд, үндсэн бүтээгдэхүүнээ суурилуулж, угсардаг. Ер нь дэлхий нийтийн үйлдвэрлэл энэ зарчмаар л явдаг. Одоо бол Японы компанид нийлүүлэх бүтээгдэхүүн дээрээ илүү төвлөрч ажиллаж байна. Түүнийгээ үнэхээр сайн хийж чадвал дараа жил бусад компаниас ч захиалга авах боломж бүрдэнэ.
-Та ямар мэргэжилтэй вэ?
-Би радио холбооны инженер мэргэжилтэй. 20 гаруй жил мэргэжлээрээ ажиллаж байна. Сургууль төгсөөд Үндэсний дата төвд ажилласан. Дараа нь өөрөө компани байгуулж, монголчууд электроникийн салбарт юм хийж чаддаг гэдгийг харуулахаар ажиллаж эхэлсэн.
-Зүүн Азийн орнуудаар явж судалгаа хийсэн гэсэн. Манай улс техник, технологийн хөгжлөөс тэднээс хэр хоцрогдсон байна вэ?
-Манайхан бүгдийг нь ажиллуулж, хэрэглэж чаддаг. Гэхдээ энэ бол хөгжил биш. Байгалийн баялаг дээрээ зодолдсоор байгаад улам доройтож байгаа нь харагдсан. Улсын хөгжил бол хүний хөгжил шүү дээ. Гоё ганган байшин барьж, эдлэл хэрэглэж, машин унах нь хөгжил биш. Хамгийн түрүүнд гар утас хийж чадах хүн хэд байгааг харах хэрэгтэй. Манай улс 1980-аад оны үед электроник хавтан үйлдвэрлэж, Буриад руу экспортолдог байсан шүү дээ. Гэтэл одоо “Монголчууд чадахгүй” гээд сууж байна. Тэгэхээр манай улсын хөгжил социализмын үеэсээ ч ухарчихсан нь харагдаж байна.
-Сурагчийн ухаалаг цүнх хийсэн байсан. Худалдаанд гарсан уу?
-Бүтээгдэхүүний загвар маш чухал юм билээ. Ухаалаг цүнхийг гурав дахь удаагаа шинэчилж байна. Ирэх гуравдугаар сард худалдаанд гаргах зорилготой. Сүүлийн загвар нь их хөөрхөн болж буй. Анх зөвхөн сурагчийн цүнх хийх бодолтой байсан ч одоо томчуудад зориулсан цүнх хийгээд, хөгжүүлж буй. Өмнө нь хийсэн цүнхний гаднах материал, загвар нь тааруу болсон. Бид зөвхөн функцуудад нь л анхаарснаас биш загвар, дизайныг нь сайн бодоогүй юм билээ. Тиймээс одоо хийж буй гурав дахь цүнхнийхээ загварыг мэргэжлийн дизайнераар гаргуулсан. Мэргэжлийн хүн учраас бидний хийснээс огт өөр, их гоё болгосон.
-Ямар үнээр худалдах вэ. Эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй юү?
-Монголдоо 100-130 мянган төгрөгөөр худалдах бодолтой. Гадаадын зах зээлд арай өндөр үнээр борлуулах байх. Эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд бид олон зүйл хийж байна. Хүний биед долгион нэвтрүүлэхээргүй материал сонгох нь их чухал юм билээ. Хүмүүс их хүнд цүнх болно гэж ойлгоод байх шиг байсан. Цүнхний жин нь 300 грамм. Томчуудад зориулсан үүргэвч нь гар утас цэнэглэгчтэй, дугуй унаж явахдаа ард талаа харах гэх мэт олон функцтэй болсон.
-Цүнхнээс өөр ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр зэхэж байна вэ?
-Хоёр ч бүтээгдэхүүний хөгжүүлэлт дээр ажиллаж байна. Эхнийх нь нарны зайгаар ажилладаг зурагт. Хөдөөний айлууд гэртээ том аккумлятор тавьчихсан байдаг. Түүндээ хоёр утас холбоод зурагтаа үздэг нь эрүүл мэндэд маш муу. Ялангуяа эрчүүд үргүй болох магадлал өндөр. Учир нь аккумлятороос их хэмжээний хүчил ялгардаг. Бидний хийж буй зурагт ардаа гар утаснаас үл ялиг том хэмжээтэй хайрцагтай. Хайрцагт нь жижигхэн зай хураагуур суурилуулсан. Түүндээ нарны хавтан, гэрэл зэргийг холбодог. Зай хураагуур нь наргүй үед долоон цаг ажиллах хүчин чадалтай. Үнийн хувьд ч хямдаар борлуулах бодолтой байна. “Малчин” компанийн худалддаг дан ганц зурагт 800 мянган төгрөгийн үнэтэй юм билээ. Харин бид 32 инчийн зурагт, нарны хавтан, зай хураагууртай нь нийлүүлээд нэг сая төгрөгөөр худалдах юм.
Эх сурвалж: Уранмандал http://unuudur.mn
“Нэхээсгүй Эдлэл”ХК нь 1989 онд Монгол Польшийн засгийн газрын хэлэлцээрээр Нэхээсгүй эдлэлийн үйлдвэр нэртэйгээр анх байгуулагдсан. Бид бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхэд шаардагдах ноосыг угааж 100% чанарын шаардалага хангасан түүхий эдээр үйлдвэрлэлээ хангаж ирсэн. “Нэхээсгүй эдлэл” ХК үүсгэн байгуулагдсанаас хойш 31 жилийн туршид үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна. “Нэхээсгүй эдлэл” ХК-ийн үйлдвэр нь зүүгээр шивэх технологи (needle punched nonwoven)-оор хонины ноос, тэмээний ноос, сарлагийн хөөврөн түүхий эдийг боловсруулж, дотоод гадаадын хэрэглэгчдийн гэр ахуйн хэрэгцээг ханган цагаан, бор эсгий болон ус чийг даах чадвартай эко барилгын дулаалгын материал, гуталны дотор болон ул нимгэн фетро, шивмэл гэрийн эсгий, ноосон дүүргэгчтэй оёмол хонь, тэмээний ноосон хөнжил, оёмол зулхай, эсгий гудас зэрэг үйлдвэрлэгч Монгол улсын тэргүүлэгч үйлдвэрлэгч юм.
https://www.facebook.com/%D0%9…
БҮТЭЭГДЭХҮҮН
1. Цагаан эсгий2. Бор эсгий 3. Алаг фетр 4. Бор фетр 5. Цагаан фетр 6 Хөнжил 7. Эсгий гудас 8. Зулхай болон бусад бүтээгдэхүүнээ үйлдвэрийн нэрийн барааны дэлгүүрээр худалдаална.
Цагийн хуваарь: Даваа – Баасан: 08:30 – 17:30
Бямба, Ням: амарна
Хаяг: Хан-уул дүүрэг, Нэхээсгүй эдлэл ХК өөрийн байр (АПУ, Capital House-н урд талд)
Утас: 11-342674, 9910-6476
Загвар зохион бүтээгч, БУГАТ эсгий брэндийг санаачлагч
2000 онд Урлах Эрдмийн Дээд сургуулийг гутлын загвар зохион бүтээгч мэргэжилээр төгсөж, ШУТИС, Үйлдвэрлэл Технологийн Дээд Сургуулийг магистр цолтойгоор дүүргэсэн.
2001- 2007 онд Норвегийн тусламжийн байгууллагын Ноосны Өрхийн Үйлдвэрлэл Маркетингийн төсөлд эсгийн багш дизайнераар ажиллаж 2000 гаруй хүнд эсгий урлалын чиглэлээр зааж сургасан. Сургалтаас 200 гаруй эсгий урлагийн багш бэлтгэгдэж тэд нутагтаа очоод эсгий урлалын сургалтыг уламжлуулан явуулж Монголын эсгий урлалын хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан. Төслийн хүрээнд төсөлд хамрагдсан үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүнийг борлуулах Цагаан алт дэлгүүр, үйлдвэрлэгчидийг нэгтгэсэн хоршоо, хоршоонуудыг нэгтгэсэн “Ноосон зангилаа” дундын хоршоо байгуулагдсан байдаг. Энэхүү төсөлд ажиллах хугацаандаа шаахай, ширмэл ширдэг, цүнх, малгай зэрэг эсгий бүтээгдэхүүний 300 орчим загвар гаргаж үйлдвэрлэлд нэвтрүүлж, Норвеги, Франц, Итали, Герман, Америк, Нидарланд гэх мэт дэлхийн олон оронд экспортлосон. 20 загвар, 2 технологид Оюуны өмчийн газрын Бүтээгдэхүүн загвар- патент эзэмшдэг.
2010 оноос хойш Бугат эсгий урлалын урландаа торго, эсгий болон торго эсгийний хосолмол ороолт, эсгий гутал урладаг. Түүний ороолт, эсгий гутлын загвар нь монголчууд төдийгүй жуулчдын таашаалд маш их нийцдэг бөгөөд соёлын өвийг бүтээгдэхүүн болгож “Буган хөшөөг хүзүүндээ ороо” уриатай ажиллаж байна. Тэрээр эсгий бүтээглэхүүний загварыг сайжруулах, хэрэглээний чанарын шаардлага хангах, өнгө будгийн тогтворжилтын тал дээр түлхүү анхаарч, цэвэр органик бүтээгдэхүүн хийж байгаль дэлхийд хор хөнөөлгүй үйлдвэрлэл явуулахыг чухалчлан үздэг.
2006-2007 онд ITC төслийн санхүүжилтээр Нэхмэлийн хүрээлэнгийн судлаач багш нартай хамтарч “Ноос боловсруулах технологи”, ,Ноос будах технологи”, “Уламжлалт аргаар утас ээрч сурцгаая”, “Эсгий эдлэл хийж сурцгаая”, “Эсгий урлал сургалтын модульжсан хөтөлбөр” гарын авлагуудыг боловсруулан хэвлүүлсэн.
2004 онд Киргизэд болсон Олон улсын эсгийчдийн 3-р симпозиум, 2007 онд Их Британий Уэлсэд болсон Олон улсын эсгийчдийн конференсд тус тус оролцож байсан. 2007 онд Англи улсад “Монгол эсгий ширмэл ширдэг, казак эсгий ширдэг” сэдвээр, 2015 онд 10 сард Хөдөө аж ахуй төслийн хүрээнд Тажикстан улсын эмэгтэйчүүдэд эсгийний анхан шатны сургалтыг тус тус зохион байгуулсан.
ҮЗЭСГЭЛЭН
2006 он Тэрэлжид “Ширмэл ширдэг үзэсгэлэн, өдөрлөг”
2006 он Улаанбаатарт “Зул сарын баяр буюу эсгий урлаг өнөөгийн хэрэгцээнд”
2007 он Улаанбаатарт “ Хавар ба Байгаль”
2011 он Улаанбаатарт “Эсгий-Онгод”
2014 он Улаанбаатарт “ Бугат эсгий”
2015 оны 10 сард Данид “Монголын нэг өдөр” хамтарсан үзэсгэлэн
ШАГНАЛ
2002 он Гоёл наадмын тусгай байрын шагнал
2006 он “Үлэмжийн чанарын батламж” Монголын шилдэг 99 бүтээгдэхүүний нэг
2006 он МХАҮТ-с зохион байгуулдаг хаврын үзэсгэлэнгээс экологийн цэвэр бүтээгдэхүүн
2008 он Гоёл наадмын тусгай байрын шагнал
2010 он Зүүн хойд Азийн ЮНЕСКО- н гар урлалын батламжит бүтээгдэхүүн
http://www.feltmongolia.mn/
https://www.facebook.com/BUGAT-felt-%D0%91%D0%A3%D…
Ярилцлага унших
Тус компани нь 2007 оноос тавилгын үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд энэ туршлага дээрээ үндэслэн 2012 онд барилгын компаниудад олноор нийлүүлэх зорилгоор солонгосоос тоног төхөөрөмж, материал оруулж ирэн солонгос технологийн хаалгыг үйлдвэрлэж ирсэн бөгөөд захиалагчдын хүсэлтийг харгалзан герман технологийн хаалгыг ч мөн үйлдвэрлэж байна.
https://www.facebook.com/store.huma
ӨӨДЛӨХ АЙЛ ҮҮДНЭЭСЭЭ
Айл гэр, албан байгууллагын өнгө төрх, интерьер дизайны чиг хандлага нь хамгийн түрүүнд үүд хаалганаасаа эхлэн мэдрэгддэг. Түүнчлэн хүний ажил, амьдралын чанарт шууд нөлөөлдөг бөгөөд сэтгэл хангалуун байдал, цаашдын ололт амжилттай холбоотой байдаг билээ. “HUMA’N”LLC Бренд нь чанараараа тэргүүлдэг Үндэсний үйлдвэрлэгч Эвт-Үүд брэндийн чанартай модон хаалга худалдаалахаас гадна Орос улсын Ретвизан болон Сибирь Профиль компаний модон болон металл хаалганууд борлуулдаг албан ёсны дестрибютер компани билээ. Бидний санал болгож буй хаалганууд нь чанараараа хэрэглэгчиддээ хэдийнээ танигдсан төдийгүй өнгө, загвар дизайны өргөн сонголттой байдаг. Бид орчин үеийн интерьертэй хөл нийлүүлэн алхаж үргэлж шинэлэг байдлыг эрэлхийлж үйлчлүүлэгчдийнхээ тав тухтай орчинг бүрдүүлж ажиллахдаа үргэлж баяртай байх болно.
ХҮННҮ БИЧИГ, ХҮННҮ ХЭЛ, ӨВ МОНГОЛ ХЭЛЭЭ СУДЛАН СЭРГЭЭЖ, ЧУЛУУНЫ БИЧИГ ДУРСГАЛЫГ БҮРЭН ТАЙЛАВ.
Хүннү бичээс тайлан түгээгч “Сэргэлэн интернашионал экспидишин” төрийн бус байгууллага 2015 онд байгуулагдав. Энэ төрийн бус байгуулагыг түүх, археологи, гадаад хэл, орон нутаг судлал, мал ахуй судлал, контент найруулаг, олон нийтийн харилцаа гэх мэт олон салбарт мэргэжилээрээ тэргүүлэгч, олон улсын монголчууд бид баг болон байгуулав. Үндэснийхээ ой санамжийг сэргээн өнөөгийн гэр бүлийн ой санамжтай гүрхийг ( залгахийг) зорино ажиллаж байна.
https://www.facebook.com/Sergelen.international.expedition/posts/384310885376237
70. Хүн битиг, Уйгур битиг манай үндсэн хоёр битиг71. Арван хоёр жил72. Түүх соёл түрэмгийллийг зогсооё!73. Эх бичгээ таниагүй Хэл зохиолын хүрээлэнгийнхэн74. Үндэсний ой санамжын тухай Н.Алтанхуягт!75. Төрийн түшээ ба Улс төрч
https://www.facebook.com/Sergelen.international.expedition/
Монголын анхны мянгат тэмээчин, анхны алдарт тэмээний уяач. Бас Монголын тэрбумтан малчин хэмээх өргөмжлөлийг мянгат тэмээчин Цэдэнгийн Шинэнд Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас хүртээгээд удаагүй байна. Нэг тэмээнээс гарах ашиг шимийг мөнгөөр тооцож үзвэл нэг сая орчим төгрөг болдог. Мянга гаруй тэмээний зах зээлийн үнэлгээг нь тооцож үзэхэд л нэг сая гаруй ам.доллар болж буй учир малчин хүний нөр их хөдөлмөрийг магтахгүй байхын аргагүй. Цаг уурын хүнд хэцүү нөхцөлд таван хошуу малаа маллаж, өөрийн гэлтгүй өрөөлийн ахуй амьдралыг өөд нь татаж яваа тэрбумтан малчин бол Ц.Шинэн гуай.
Баянхонгор аймгийн Баянлиг сум нийтдээ 14300 орчим тэмээтэйгээс, хамгийн олон тэмээтэй баг нь 6000-ыг тоолуулжээ. Эртнээс энэ нутагт Ламын гэгээний сүргийг маллаж ирсэн учир улаан тэмээгээрээ алдартай.
“Сүү сааль ихтэй, ноос нь ноолуурлаг чанартай, махны гарц сайтай гээд тэмээ ашиг шим нь өндөртэй сайхан мал” гэж Монгол Улсын гавьяат малчин Ц.Шинэн гуай ярьж сууна. Торомны ноос ноолуурлаг чанар нь өндөр учир тэмээний тоо толгой өсөхөд ч нөлөөлнө. Тэмээнээс ноос биш ноолуур авдаг болбол тоо толгой нь өснө гэж тэрээр тооцоолж, цусыг нь сэлбэж, эрлийзжүүлдэг гэлээ. Гэхдээ тэрээр тооны араас хөөцөлдөж биш чанарыг нь анхаарч иржээ. Ханын хэцээс гурван буур, Галбын говиос хоёр буур, Говь-Алтай аймгийн Дөхөм тунгалагийн хос зогдортой буур хоёрыг авч сүрэгтээ цус сэлбэсэн байна. Түүний тэмээн сүрэгт хавтгайн үр төл ч нэлээн хэд бий гэсэн юм.
Тэрээр 1975 онд илгээлтээр мал дээр гарч, түүнээс хойш таван хошуу малаа 2000-д хүргэж, өсгөж яваа. Гэхдээ энэ хугацаанд хоёр жил цэргийн алба хааж, Худалдаа бэлтгэлийн ангид хэдэн жил ажиллаад эргээд мал дагажээ. 1990-ээд оноос хойш тасралтгүй мал маллаж, тэр дундаа тэмээн сүргийг мянга давуулан өсгөөд байна. Өдгөө Ц.Шинэн гуайн тэмээний тоо 1119 болжээ. Ингэ жил бүр ботголдоггүй ч тэмээн сүргийнх нь тоо жил бүр өсөн үржиж, үр шимийг нь үзэх сайхан байгаагаа тэрээр хуучилсан. Жилдээ 100 гаруй ингэ төллөдөг байсан бол сүүлийн жилүүдэд 200 орчим болж, улам л арвижин, өсч буй гэнэ. Түүний ганц хүү Хөдөө аж ахуйн сургууль төгсөөд аавынхаа дэргэд малч ухааныг нь өвлөн үлдэхээр болжээ. Бусад хүүхдүүд, дүү нар, тэдгээрийн хүүхдүүд гээд Ц.Шинэн гуайнх өнөр өтгөн, туслах хүмүүс ч мундахгүй. Тэднийхээ ажил хөдөлмөрийг үнэлж, цалин өгч урамшуулахаас гадна өсгөж, бойжуулсан төлийнхөө 40 хувиар малчдаа малжуулдаг гэнэ.
Ц.Шинэн гуай тэмээний анхны алдарт уяач цолтой. Тэмээн поло сүүлийн жилүүдэд хөгжиж, бүс, улсын чанартай тэмцээнүүд ч олон зохиогдох болсон. Эдгээр тэмцээнд гаргасан амжилтыг нь үнэлж, тэмээний алдарт уяач цолыг анх түүнд хүртээжээ. “Миний тэмээ сайн давхидаг. Тиймдээ ч хурдны чиглэлийн тэмээ өсгөж байгаа. Ер нь, тэмээний уяачдыг алдаршуулах зорилгоор уралдаанууд ч тогтмол зохион байгуулж байна. Тэмээн поло аялал жуулчлалын холбооноос надад тэмээний алдарт уяач цол олгосон. Цаашдаа төр засгийн хэмжээнд тэмээний уяачдыг алдаршуулах ажилд анхаарна гэж найддаг” хэмээн алдарт уяас маань итгэл төгс хэлэв.
Тэмээ олонтой Баянлиг сумынхан аймгийнхаа хэмжээнд харьцангуй өндөр насалдаг нууц нь ингэний сүү, цагаан идээтэй холбоотой гэдэг. Жилийн дөрвөн улиралдаа сүү саалиа өгдөг, ашиг шимтэй тэмээн сүргийн тоог өсгөхөд Ц.Шинэн гуайн гавьяаг дурдахгүй өнгөрч боломгүй.
Тэгэхээр Монголд байтугай дэлхийд ганцхан Ц.Шинэн гэж ойлгож болно. Удахгүй “Улаан ном”-онд бичигдэж мэдэхээр болтлоо тоо толгой нь цөөрсөн хоёр бөхт тэмээг өсгөхийн төлөө нойр хоолоо умартаж, эр биеэ элээж яваа түүний зүтгэлийг үнэлж Монгол Улсын гавьяат малчин цолоор шагнажээ.
Нутгийнхан түүнийг Шинэн гэхэсээ илүүтэй гавьяат хэмээн дуудах юм билээ. Ц.Шинэн гавьяаттай саяхан нутагт нь уулзаж, хөөрөлдснөө хүргэж байна.
-Өөрийг чинь харахаар барилдаж явсан болов уу гэж санагдаад байх юм. Барилддаг уу?
-Эр хүн болохоор эрх биш зүгээр байгаагүй. Сумын заан цолтой.
-Хол явж барилдаагүй сумын заан, Хот орж зодоглоогүй сумын заан юм байна…
-Тийм л болох байх даа. /инээв/
-Мал маллаад удаж байна уу?
-Ер нь бол мал аж ахуй дээр төрсөн, өссөн. Анхны илгээлтийн эздийн нэг юм уу даа. 1975 онд улс даяар 75 мянган залуучуудыг МХЗЭ-ийн илгээлтээр мал аж ахуйн үйлдвэрлэл дээр гаргах уриа дуудлага улс даяар түгж байсан юм. Тэр 75 мянгын нэг нь болж сурагчийн үзгээ шилбүүрээр сольсон залуучуудын нэг нь би байлаа.
Дунд нь хэдэн жил завсардсан. Гурван жил цэргийн алба хааж халагдаж ирээд сумын худалдаа бэлтгэлийн ангид 10 шахам жил ажилласан. Бусад хугацаанд нь мал маллаж байна. Бараг 30 шахам жил болох байх.
Баянхонгор аймгийн Баянлиг сумын малчин Ц.Шинэн
-Танайх хэдэн хошуу малтай вэ?
-Манайх таван хошуу малтай.
-Хамгийн олон нь тэмээ юу?
-Тэмээ. Одоо мянга нэлээд гарчихаад байна. Энэ жилийн төлөөр бас тоо толгой нь нэмэгдэнэ.
-Энэ жил хичнээн ингэ ботголж байгаа вэ?
-Хоёр зуу гаруй ингэ ботголно оо. Өвөл хавар сайхан байсан болохоор мал төл сайн л байна. Харин ойрдоо нэлээд гандуу байна. Тэмээ зуднаас илүү ганд хэврэг амьтан. Хэрэв тэнгэр хангай энэ янзаараа байвал бэлчээр ус дагаж нүүж суух л болох байх даа. Малчин хүн гэдэг малынхаа аясаар шүү дээ.
-Хаашаа нүүх вэ?
-Хаана ногоо байна, тийшээ л явна даа. Хол гэж хойргошихгүй. Уг нь манай энэ Баянлиг жинхэнэ тэмээний нутаг байгаа юм. Гэхдээ сүүлийн хоёр жил газрын гарц тийм ч сайн байсангүй.
-Бог хэр өсч байна?
-Өсгөе гэвэл өсөөд л байна. Одоо мянга гаруй бог мал байгаа. Гэхдээ мал маллана гэдэг бол амар хялбар ажил биш. Байгаль цаг агаар, тэнгэр хангайн араншингаас их хамааралтай. Үнэхээр сэтгэл зүтгэл гаргаж байж л өсдөг.
-Мянган тэмээ гэхээр бүгд хамтдаа нэг суурь уу, эсвэл хэсэг хэсгээр нь суурилж маллаж байна уу?
– Тэмээ мянга хүрээд ирэхээр учрыг нь олоход бэрх болдог юм байна. Тиймээс хэсэг хэсгээр нь суурилж байна. Ботголсон ингээ бүгдийг нь нийлүүлье гэхээр эх ботгоо олох гэж хөл толгойгоо алдсан юм болно, тус тусад нь салгах гэхээр эх үрс нь салж төл нь үрэгдчих гээд асуудал бий.
Тэгэхээр тэднийг чинь цөөн цөөнөөр маллаж, тал тал тийш нь бэлчээрлүүлж байна. Эрсдэлгүй талыг нь бодохоор ингэж маллахаас өөр аргагүй.
Бууранд гарсан ингэнүүд тус тусдаа байна шүү дээ. Зарим буур нь гарсан байдаг зарим нь гараагүй байдаг, эр сувай тэмээнээс тусад нь байлгаж хээлийг нь хамгаална.
Тэмээ олон болоод ирэхээр ерөнхийдөө нутгаар нь шахаж л маллаж байна. Тэгснээс орой болгон хотлуулаад, маллаад хариулаад байгаа юм бол бага байна.
-Туслах малчин байдаг биз дээ?
-Байгаа. Бог дээр хоёр малчин байна. Бод мал дээр манай нэг хүүгийнх өөр хоёр гурван ч хүн байна. Ерөнхийдөө бол гурван айл, өөр гурав дөрвөн хүн туслах малчнаар ажиллаж байна.
-Малчдаа хэдэн төгрөгөөр цалинжуулж байна вэ?
-Бог мал дээр ажиллаж байгаа хүмүүстээ тодорхой хэмжээний үндсэн цалин өгнө. Үүн дээр гарсан төлийнхөө 40 хувийг өгч байгаа. Гол нь малжуулах зорилготой. Жилдээ хэдэн зуун төл авна шүү дээ. Ингэхээр туслах малчдын хувьд ганц хоёрхон жилийн дотор малжих бүрэн боломжтой. Бод малын тухайд голдуу өөрийн талын хүмүүс байгаа. Тэдэндээ бас л амьжиргаагаа аваад явахад хүрэлцэхүйц хэмжээний юм өгөлгүй яахав.
-Тэмээнээсээ жилд хэдэн тонн ноос авах вэ?
-Өнгөрсөн жил таван тонн ноос авсан. Энэ жилийн тухайд ч бас үүнээсээ ахина уу гэхээс буурахгүй. Таван тонн нэлээд гарах байх.
-Сүү сааль хэдийг авах вэ. Багцаалах боломж бий юу?
-Сүү саалийн тухайд багцаалах боломжгүй. Ингэ дөрвөн улирлын саальтай амьтан. Сүү саалийг нь өөрсдөө хэрэглэнэ. Нэг хэсгийг нь хүн амьтанд өгнө, заримыг нь борлуулна. Мөн уламжлалт аргаараа ааруул хурууд гэхчлэн цагаан идээгээ хийнэ.
-Анх хэдэн тэмээтэй байж байгаад ингэж мянгат тэмээчин болов?
-Нэгдэл тарахад би хувьчлал гэж мал авсангүй. Миний өөрийн их гэр маань надад анх гурван тэмээ тасалж өгч байсан. Ингэж л би өөрийн гэсэн гурван тэмээтэй болж, түүнээсээ мянга хүрлээ.
-Мал, тэр дундаа тэмээ өсөх үндэс юу вэ?
-Би улсын байгууллагад ажиллаж байгаад ерээд оны эхээр малчин болсон хүн. Жижиг сажиг ишиг борлон цуглуулж байгаад л мал дээр гарсан. Хүмүүс намайг ажлаа хийж байхгүй мал дээр гарч яадаг байнаа гэж зэмлэх сануулахын хооронд хэлж л байсан.
Мал эзэн хүнийхээ сэтгэлээр өсдөг гэж үг буй. Би энэ сумынхаа анхны мянгат малчны нэг шүү дээ. Тэгээд дараа нь тэмээгээ түлхүү өсгөе гэж зорьсон. Ингээд өөрийн хэдэн тэмээн дээрээ энд тэндээс тором ботго худалдаж авч нэмэрлэсээр гайгүй хэдэн ингэтэй болсон. Түүнийгээ өсгөсөөр л мянган тэмээтэй болсон доо.
-Ингэж тэмээг түлхүү өсгөх шалтгаан юу байв. Ядахад л хариулж маллахаас эхлээд урт хөлийн амьтан хэцүү биш үү?
-Ер нь яахав, нэгэнт хүн болж төрснийх эх орондоо, нутаг нугадаа, аав ээждээ тустай амьдрах ёстой. Амьдралд зорилго гэж бас байх учиртай. Нөгөө талаар дэлхийд хоёр бөхтэй тэмээ ховордож байна. Нэгэнт тэмээний нутагт төрж өссөнийх ховордож байгаа энэ буянаа өсгөе л гэж зорьсон. Би ганцаараа тэмээ өсгөөд хоёр бөхт тэмээний тоо толгойн хорогдлыг зогсоож чадахгүй ч хамгийн гол нь хүмүүсийн тэмээгээ хайрладаг, өсгөж үржүүлэх гэсэн сонирхол хүслийг өдөөх болов уу гэж бодсон.
Намайг тэмээгүй шахам байхад гаднаа 100 гаруй тэмээ хотлуулчихсан айл байж л байсан. Нэгдэл тарахад өөрийнхөө гарын малыг аваад үлдчихсэн олон хүн байсан. Гэтэл өчнөөн жил өнгөрсөн ч тэд одоо хүртэл тэр хэмжээндээ л байна. Над шиг ингээд өсгөчихсөн хүн бол цөөхөн байх. Тэгэхээр би тэмээгээ ингэж өссөнийг өмнөө тавьсан зорилго, шаргуу хөдөлмөрийн үр дүн л гэж хардаг. Зүгээр байхад өөрөө аяндаа өсдөг мал гэж байхгүй шүү дээ. Бойжуулсан ботго бүрийн ард хүний хүч хөдөлмөр шингэсэн байдаг.
-Мал мянга хүрэхээр идэх хонь олддоггүй гэх үг бий. Тэмээ мянга хүрэхээр бас тийм үү?
-Ер нь бол хөгшин хөвөө, онд орохгүй тэмээгээ заазлалгүй яахав. Энэ ингэ төд ботголчихлоо, одоо дахиад төл өгч чадахгүй гэдэг ч юм уу эсвэл энэ жил онд ороход төвөгтэй гэхчлэн тухайн малчин хүний ажиглалт сонголтоор малаа үлдээхийг нь үлдээж, хэрэглэхийг нь хэрэглэж байхаас аргагүй.
Тэмээ бусад мал шиг жил бүр төллөөд байдаггүй, олон жилийн хүч хөдөлмөрийн үр дүнд тоо толгой нь өсдөг амьтан учраас тэр бүр дээс хутга барьж мал руугаа дайрахыг боддоггүй.
-Би өөрөө говьд төрж өссөн тэмээтэй газрын хүн. Тэмээ маллана гэдэг амар ажил биш шиг санагддаг.
-Амар хялбар ажил гэж юу байхав. Мал өсөх сайхан л юм. Гэхдээ ний нуугүй хэлэхэд сүүлдээ өөрөө дийлэхээргүй юм болж байна. Өөрөө үр хүүхэдтэйгээ зүтгээд, бүр малчин авч ажиллаад ч хүч хүрэхгүй үе олон тохиолдох юм. Малчин авч ажиллуулж байна гээд бас найдах итгэх юм бага шүү дээ. Хүний мал маллаж байгаа хүн чинь эзэн нь чимээгүй байвал чимээгүй л байна. Тэгснээс тэмээндээ явъя гээд малынхаа захад явж байдаг хүн ховорхон болжээ.
-Танайх хэдэн хүүхэдтэй вэ?
-Манайх таван хүүхэдтэй. Хүүхдүүд маань бүгд л их дээд сургууль төгслөө. Нэг нь одоо сурч байна. Хүүгийнх маань манайхтай хамт байна. Бусад нь эзэмшсэн мэргэжлээрээ багш, Банкны салбарын эрхлэгч гэхчлэн төв суурин газар төвхнөсөн. Гэхдээ энд байгаа хүүхдүүд өглөө оройдоо ингэ саалцаж, тором ботго уялцана гэхчлэн малын ажилд бол байнга оролцоно. Ач зээ нар түрүүчээсээ тусад орж байна.
-Танайх ер нь хаагуур нутагладаг айл вэ?
-Өвөлдөө сумандаа ойртож өвөлждөг. Нэг буурны ингээ аваад төв суурин газраа бараадаж ирдэг. Гол, устай идэштэй болохоор сумын ойролцоо өвөлжихэд хүндрэл гардаггүй. Малаа төвөөсөө яваад эргүүлж тойруулчихна. Ингэ ботголох болохоор хөдөөгөө гараад малаа төллүүлнэ. Залгуулаад ингэ ботгоо саалинд оруулж, ногоолуулж тарга тэвээргийг нь авахуулж байгаад өвөл болохоор сумандаа орж ирнэ дээ. Малын тухайд бол бэлчээр ногоо хаана байна, тэнд л нутаглана даа.
-Тэмээнийхээ тоо толгойг цаашид 2000 болгох бодол байна уу?
-Хоёр мянга болгох боломж байхгүй юм байна. Тэр битгий хэл мянга болгох боломж ч бараг бага. Няцалгүй, зоригтой байж л мянга болгоно шүү дээ. Ер нь малын ажил, тэр дундаа тэмээний арчилгаа маллагаа гэдэг гарын үзүүрээр хийдэг ажил биш. Заавал биеийн хүчний хөдөлмөр ордог, хүч бяр шаарддаг. Бог малтай зүйрлэхийн аргагүй. Тиймээс цаашид нэг хэсгийг нь эргэлтэнд оруулъя, үржлийн тодорхой сүргээ авч үлдэнэ гэсэн бодолтой байгаа. Цаашид тоо толгойг нь төд хүргэнэ гэж амлахад хэцүү. Тэгээд ч хүний нас хэд билээ, миний хувьд идэр нас маань эргэчихлээ. Тус тусдаа ажил албатай хүүхдүүдээ хэдий болтол малын ажилд зүтгүүлэх билээ гэхчлэн асуудал байна.
-Санхүүгийн ямар нэг асуудал үүсдэг үү?
-Төгрөг мөнгө дутаад өр зээлэнд ороод явах юм юу байхав. Гэхдээ амьдрал юм болохоор асуудал үүсэх үе байлгүй яах вэ. Хэчнээн олон малтай байлаа гээд баячуудын зиндаа зэрэгт очтолоо хаана ч юм. Малтай хүн байнга л зарлага гаргаж байдаг. Өвс тэжээл, арчилгаа маллагаа, ус хужир гээд тэр бүгдэд мөнгө зарна. Хэрэв олноор нь нядлаад борлуулбал орлогоо чамгүй нэмэгдүүлэх боломж байлгүй яахав. Гэхдээ өдөр шөнөгүй зүтгэж, хүмүүсийн хэлдгээр чөмгөө дундартал хөдөлмөрлөж байж өсгөснийгөө зөвхөн ашиг орлогын нүдээр харж үрж барж болохгүй байна ш дээ.
-Тэмээ ер нь яавал өсөөд байх шиг байна?
-Зөв маллаж байж л өснө. Зөв маллана гэхээр нутгийг нь зөв сонгож, зөөлөн гараар оролдох хэрэгтэй гэсэн үг.
-Танай тэмээ ямар омог угшилынх вэ?
-Би малынхаа тоо толгой гэхээс илүүтэй чанарт нь түлхүү анхаардаг. Монголд тэмээний гурван ч омог угшил байна. Тэр бүгдээс нь буур авчирч тавилаа. Галбын говийн улаан, Ханын хэцийн хүрэн, Төхөмтунгалагийн хос зогдорт гэхчлэн. Мөн нутгийнхаа шилмэл омгийн хээлтүүлэгчийг тавьж байна. Би таван хошуу малаа бүгдийг нь тус тусад нь сайжруулж, энд тэндээс шилдэг омгийн хээлтүүлэгч авчирч тавьсан.
-Танай үүгээр хавтгайн угшилтай тэмээ хэр олон байна вэ?
-Манай нутагт бол цөөхөн дөө. Гэхдээ ганц хоёр бий. Шинэжинст, Баян-Өндөр талдаа хавтгайн төл цөөн бөр байдаг юм. Сонирхоод хавтгайн тайлаг гунж авчирч цус сэлбэж л байна.
-Тэмээ аль хэр үнэ хүрч байна?
-Дээд тал нь 10 сая төгрөг хүрчихлээ.
-Ямар тэмээ тийм үнэ хүрэх вэ?
-Гол нь хурдан тэмээ л тийм үнэ хүрч байна.
-Танайд хурдан тэмээ хэр олон байгаа вэ?
-Хэд хэдэн тэмээ байна аа. Би чинь улсдаа хурдан тэмээний анхны алдарт уяач шүү дээ. Улсын чанартай тэмээний уралдаануудад удаа дараа оролцож олон айраг түрүү авч байсан. Ноднингоос эхэлж тэмээний уяачдад “Алдарт уяач” гэдэг цолыг өгч эхлэхэд анхныхыг нь надад өгсөн.
-Тэмээний уяа сойлго гэж байна биз?
-Байлгүй яахав. Тэмээний уяа морины уяа хоёр өдөр шөнө шиг өөр зүйл. Гэхдээ мал сойж уралдуулах гэж байгаа болохоор тодорхой хэмжээний уяа сойлго байдаг.
-Танай тэмээ дээд тал нь хэдэн кг ноос өгч байсан бэ?
-Хэдэн кг ноос өгч байна гэж ганцаарчлан үзэх боломж гарахгүй юм. Харин хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд нэг сувай ингэний ноосыг тусад нь хэмжиж үзэхэд найман кг илүүтэй байсан. Хэрэв тэр ингэ боос ингэ /ботголох ингэ/ байсан бол бүр илүүг л өгөх байсан гэсэн үг.
-Мянган тэмээг ноослоно гэдэг хэцүү дээ?
-Хэцүү хэцүү. Ёстой л олны хүч оломгүй далай гэдэг шиг олны дэм тусаар бүтдэг ажил.
-Ярилцсанд баярлалаа.
П.ЯДАМДОРЖ, ӨДРИЙН ШУУДАН
Өнөөдөр Улаанбаатар хотод Сэргээгдэх эрчим хүчний үндэсний VIII форум болж байна. Жил бүр зохион байгуулдаг энэхүү форумаар сэргээгдэх эрчим хүчний салбарт өрнөсөн тухайн жилийн үйл ажиллагааг хэлэлцэн, ирээдүйд хэрэгжих томоохон төсөл хөтөлбөрүүдийн үйл явцыг танилцуулдаг билээ. Энэ удаагийн арга хэмжээнд Эрчим хүчний сайд П.Ганхүү, Франц улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Элизабет Барсак, Дэлхийн Салхины эрчим хүчний зөвлөл (GWEC)-ийн Хятад дахь салбар хариуцсан захирал Лимин Чиао, ЭХЯ-ны Стратеги, Бодлого Төлөвлөлтийн газрын дарга Д.Чимиддорж тэргүүтэй гадаад дотоодын 500 гаруй зочид төлөөлөгчид оролцож байна. Тус форумын илтгэгчдийн нэг, 2017 онд ашиглалтанд орж үйл ажиллагаагаа эхлүүлсэн сэргээгдэх эрчим хүчний нэгэн томоохон төсөл Дарханы нарны цахилгаан станцын төслийн удирдагч доктор Н.Энэбишээс дараах зүйлийг тодруулав. –
Дарханы нарны цахилгаан станцын төслийн удирдагчаар ажиллаж, станцаа амжилттай ашиглалтад оруулсанд баяр хүргэе. Цахилгаан станцын үйл ажиллагаа хэр явж байна вэ? Төвийн эрчим хүчний системд ямар хэмжээний хувь нэмэр оруулж байна?
-Төсөл хэрэгжиж дууссан. Манай улсын нийт хэрэглээ ойролцоогоор 1ГВ. Үүний бараг 90 хувь нь төвийн эрчим хүчний системээр хангагдаж байгаа. Тэгэхээр 800-900 МВ гэсэн үг. Ийм их хэрэглээний хажууд Дарханы нарны цахилгаан станцын гаргаж буй эрчим хүч нь 10МВ буюу маш бага хувийг үйлдвэрлэж байгаа.
-Сэргээгдэх эрчим хүчний гурван гол эх үүсвэр болох нар, салхи, усны эрчим хүчний үйлдвэрлэлийн аль нь Монголд хамгийн ирээдүйтэй, хурдацтай хөгжих боломжтой вэ?
-Гурвуулаа. Бид зөв болоод амбицтай бодлого явуулах ёстой. Монгол улс газрын дорх ашигт малтмалын нөөцөөр дэлхийд тавд жагсах боломжтой бол сэргээгдэх эрчим хүч ашиглах таатай нөхцлөөрөө дэлхийд шууд нэгдүгээрт бичигдэх боломжтой. Сахарын юмуу Аризонагийн гэх мэт бусад цөлүүдээс манай Монголын Говь хавьгүй илүү судлагдсан гэдгээрээ давуу талтай. Бид олон улсын эрдэмтдийн багтай хамтраад 1999 оноос хойш судалгаа хийж Монгол Говийн бүс нутагт сэргээгдэх эрчим хүчийг ашиглахад зохистой юу, ямар аргаар ашиглаж болох вэ гэдгийг судлаад техникийн шийдлүүдээ ч гаргасан. Говийн бүсэд л гэхэд Монголын одоогийн хэрэглээнээс 10-100 дахин өндөр эрчим хүч үйлдвэрлэж чадах мега станцууд барьж байгуулах боломжтой нь судалгаагаар нотлогдсон. Түүнийг байгуулахад Монголд алдах зүйл байхгүй. Учир нь эдгээр цахилгаан станцууд нь хааш хаашаа ердөө 5-10 км талбай эзлэх юм. Тэр талбайг ухаж уул уурхай явуулах биш, зүгээр л тэнд тусч буй нарны туяа, түүгээр өнгөрч байгаа салхины эрчмийг л ашиглах болохоор манай Говийн зэлүүд газарт ямар ч хөнөөл учрахгүй. Энийг дагаад монголд өндөр технологи орж ирэх, тухайн илүүдэл эрчим хүчийг экспортлох боломж бүрдэнэ. Тухайн эрчим хүчийг экспортлоод олох татварын орлого л гэхэд Монгол Улсыг баян чинээлэг орны зиндаанд хүргэхэд хангалттай хүрэлцэх юм.
-Ийм том хэмжээний станцыг байгуулахын тулд мэдээж уснаас авахуулаад олон нөөц баялгийг ашиглах хэрэгтэй болох байх?
-Нүүрс түлдэг дулааны цахилгаан станцууд шиг тийм олон сая шоо метр ус ашиглахгүй. Усны хувьд тухайн цахилгаан станцуудыг үйл ажиллагаагаар хангах ажилчдын ахуйн хэрэглээний ус, багаж төхөөрөмжөө жилд нэг хоёр удаа угааж цэвэрлэх ус байхад л хангалттай. Салхины станцад ус хэрэггүй шүү дээ. Түүгээр үл барам Монгол Улсад гадаргын усныхаа нөөцийг үр ашигтай ашиглах асар том боломж бий. Хэдэн зуун мянган жилийн туршид хуримтлагдаж байгаа “алтнаас үнэтэй” гүний усаа дулааны цахилгаан станцын хөргөлтийн системд ашиглаад хэдхэн жилийн дотор ууршуулж байна гэхээр харамсалтай байгаа биз? Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд маш цэвэр, маш үнэтэй газрын дорх усаа хайрлан гамнаж, гадаргын усаа ашиглан хөгжиж байна. Гадаргын ус, газрын доорх усны ашиглалт ихэнх өндөр хөгжилтэй орнуудад 90:10 гэсэн харьцаатай байдаг бол манайд бараг эсрэгээрээ байна.
-Та усан цахилгаан станцын асуудлыг дэмжиж байгаа юу?
УЦС бол усны урсгалын хүчийг л ашигладаг. Зөв стандарт, технологиор барих нь чухал.
-Орхон-Говь төслийн тухайд?
-Говийн бүс нутгийг ногоон бүс болгох, Говийн усан хангамжийг сайжруулах тал дээр маш өндөр ач холбогдолтой зөв төсөл гэж боддог. Тийм технологитой төслүүд дэлхийд маш их бий. Улсын газар нутгаар урсан өнгөрч байгаа гадаргын усыг ашиглах их олон хувилбарууд байдгийн нэг оновчтой хувилбар нь Орхон-Говь төсөл. Тийм учраас үүнийг би Монгол улс усны хангамжаа гадаргын усаараа шийдэх гэсэн шилдэг төсөл гэж үздэг. Орхон-Говь төслийг хэрэгжүүлэхгүй бол Говьд байгаа том уурхайн төслүүд болох Оюу Толгой, Цагаансуварга газрын гүний уснаас л ашиглана. Гүний ус бол миний дээр хэлсэнчлэн “зэс, алтнаас ч үнэтэй”. Бага үнэтэй зүйлийг их үнээр хийнэ гэдэг учир дутагдалтай. Сэргээгдэх эрчим хүчийг ашигласнаар Монгол Улсад алдах зүйл огтхон ч байхгүй. Үүнд шаардагдах газар нутгийн хэмжээ нь Монголын нийт газар нутгийн хэмжээтэй харьцуулахад өчүүхэн буюу 0,1 хувьд нь хүрэхгүй хэрнээ улсын ДНБ-ийг одоо байгаагаас нь хэдэн арав дахин нэмэгдүүлэхэд тустай. Монгол Улсын хувьд сэргээгдэх эрчим хүчний баялаг нь хөндөгдөөгүй байгаа алтны уурхай л гэсэн үг.
-Энэ хэмжээний мега төслүүдийг хөдөлгөх боловсон хүчний нөөц Монголд байгаа юу?
-Боловсон хүчний нөөц тодорхой хэмжээнд бий.Үүнийг төрийн бодлогоор ч анхаарч байна. Жишээлбэл Япон улсын Засгийн газартай хийсэн “1000 Инженер” хөтөлбөрийн хэлэлцээр байна. Энэ хөтөлбөрөөр сэргээгдэх эрчим хүч болон электроникийн чиглэлээр инженер бэлдэхийг түлхүү анхаарч байна. ШУТИС-д сэргээгдэх эрчим хүчний анги нээж, жил бүр 20-30 оюутан төгсч байна. Би өөрөө МУИС-д багшилдаг. Манай сургуулиас гэхэд 10 оюутан магистр, докторын зэрэг хамгаалахаар Япон улсад сурч байна. Нэмж хэлэхэд, нар салхины цахилгаан станцыг ажиллуулахад маш цөөн тооны маш өндөр мэдлэгтэй инженерүүд хэрэгтэй. Сая ашиглалтанд оруулсан 10 МВ чадалтай Дарханы нарны цахилгаан станцыг 2-хон инженер ажиллуулж байна. Ингээд 3 харуул хамгаалалтын ажилтан, 3 диспетчер, захирал, жолоочтойгоо нийлээд нийт 11 хүн ажиллуулж байхад яг ижил хүчин чадалтай Дулааны хоёрдугаар цахилгаан станцад 300-400 хүн ажиллаж байна.
-Монгол Улс цахилгаан эрчим хүч экспортлогч орон болж болох уу?
-Экспортод чиглэсэн үйлдвэрлэл явуулна гэж зорилго тавиад, яриад байгаагийн хамгийн тод биелэл нь энэ сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл байх боломжтой. Ялангуяа нар, салхины эрчим хүчийг үйлдвэрлэх нь манай улсын хөгжлийн гарц мөн. Уул уурхайг одоохондоо эдийн засаг, санхүүгийнхээ эх үүсвэр болгон ашиглаж байгаа нь үнэн. Гэхдээ алс хэтдээ Монгол Улс энэ бүс нутгийнхаа сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэлийн том тулгуур төв болох боломжтой. Үүнийг ажил хэрэг болгохын тулд Засгийн Газраас хоёр хөрштэйгөө болоод Зүүн хойд азийн бүсийн улс орнуудтай өндөр түвшинд гэрээ хэлэлцээрийг тууштай хийж, хэрэгжүүлэх хэрэгтэй байна.Ярилцсанд баярлалаа.
Б.Амарсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг