Category: mongolian-brand

  • Халтарын ХАДХҮҮ- Шаазан урлалын мастер

    Шаазан урлалын нэрт мастер. Монголын үндэсний онцлогтой Шаазан урлалын хөгжлийн шинэ түүхийг эхлүүлсэн урлаач. Түүний бүтээлүүд Монголд төдийгүй олон улсад үнэлэгддэг.

    Хувь хүн аливаа нэг зүйлийг бүтээх гэж төрсөн байдаг. Уг үйл нь агуу байх ёстой гэдэг бол өнөөгийн соёл болоод иргэншлийн нөхцөлд хэдийн зөвшөөрөгдсөн зүйлсийн нэг билээ. Тиймдээ ч бид уран бүтээлчдийн тухай зайлшгүй ярьж, бичиж байх шаардлагатай тулгарна. Үүнтэй эвлэрэх бүрийд бийрлэж болмоор сэтгэгчид бидний дунд өдөр бүр чимээгүйхэн хөдөлмөрлөж явдаг нь олзуурхууштай хэрэг.

    Халтарын Хадхүү. Түүн рүү очих зам энгийн мэт боловч өдөр тутам нүдний өмнүүр эрээлжлэн өнгөрдөг хотын үймээнт хөдөлгөөнөөр дүүрэн. Нийслэлийн өргөн чөлөөнөөс гарч анир гүмхэн тал нутгийг зорих шаардлага үгүй. Учир нь монгол шаазан урлаач маань чимээ шуугиант их хотын нэгэн авсаархан өрөөний буланд шинэхэн гаргах гэж буй үзэсгэлэнгийнхээ баримлуудыг урлан намуухнаар инээмсэглэж суух амуй.

    Дүрслэх урлагийн дунд сургуулийг 1991 онд керамик, ваар урлалын чиглэлээр төгссөнөөс хойш өнөөдрииг хүртэл тасралтгүй бүтээлээ туурвиж буй уран бүтээлч бол Х.Хадхүү юм. Түүний шаазан урлалууд нь Монголын дүрслэх урлагт шаазангийн урлагийн шинэ төрөл сэргэн мандсаныг харуулаад зогсохгүй дэлхийн хэмжээнд үнэлэгдэх бүтээл төрсний илрэл болдог билээ. Харин дээр дурдсан сургуулийнхаа босгоор 15 настайдаа алхаж орсон байдаг. Үүнээс үзэхэд түүнд төрөлхийн уран бүтээлчийн зөн совин, анхнаасаа бидний араншин, сэтгэл зүрхэнд өгөгдчихсөн бүтээлч чанар оршин байсан нь илэрхий.

    Тэрбээр “Хуучин социализмын үед зөвхөн олон нийтэд зориулан өргөн хэрэглээний шаазан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан бөгөөд тансаг зэрэглэлийн урлагийн бүтээл бүтээх технологи байхгүйн улмаас орхигдсон байсныг орчин үеийн шинжлэх ухаан техникийн дэвшлийн үр дүнд маш нарийн ур хийцтэй шаазанг хийх боломжтой болсон” хэмээн ярьж байв.

    Х.Хадхүү нь гангар шаазангаар аяга, таваг, айрагны хул хийхээс гадна Өндөр гэгээн Занабазарын дүр бүхий шаазан баримал, Ногоон дарь эх бурхан, Чингис хааны хөрөг зурагтай ваар гээд олон нарийн ур хийц бүхий бүтээлийг урлаж, түүгээрээ өөрийн бие даасан үзэсгэлэнг эх орондоо хэд хэд гаргаад амжсан билээ. Жишээ нь түүнд хэдэн мянган долларын үнэтэй Занабазар хийцийг шаанзангаар хэрхэн урлаж болохыг харуулсан баримлууд бий. Мөн монголчуудын ахуй амьдрал, урлаг, ёс заншил зэргийг тодорхой цаг хугацааны агшинд хөдлөшгүйгээр барьж үзүүлсэн бүтээлүүд нь өндрөөр үнэлэгддэг байна. Тэр дундаа ардын бүжигчид, дуучид болон хөгжимчдийг дүрсэлсэн цуврал бүтээлүүд нь аялагч жуулчдын сонирхлыг ихээхэн татдаг гэнэ.

    Мэдээж шаазангийн үйлдвэрт хэдэн мянган бүтээл өдөр бүр гардаг. Харин Х.Хадхүүгийн бүтээл уран нарийн хийц болоод чанараараа ялгардаг. Тэрээр Монгол шавраар бүтээл хийхээс гадна Герман, Англиас тусгай бодис авч, шавартайгаа холиод гурил шиг маш нарийн “наанги” буюу олон улсын хэллэгээр “каолин” шороо гаргаж уран баримлын чиглэлийн жинхэнэ гоё шаазан гаргаж авдаг ажээ.

    Түүний “Монгол шаазангийн гайхамшиг” үзэсгэлэнг Оросын “asia.ru” сайтынхан ирж сурвалжилсан бөгөөд “Монголд шаазан урлал дахин сэргэлээ” хэмээн мэдээллэж байсан юм.  

    Дэлхийн улс орнууд шаазангаар өөрийн түүх соёл, ёс заншлаа шингээсэн байдаг. Хятад шаазанг харсан хэн ч энэ бол хятад соёл мөн байна гэж мэддэг. Хятад хүний философи, аж амьдралын бүх зүйлийг шингээсэн байдгийг бид мэднэ. Оросын шаазан ч мөн адил. Үүнтэй адил Монгол Улс түүх, соёл, монгол хүний философийг дэлхий нийтэд шаазангаар дамжуулан таниулах чухал ач холбогдол байгааг Х.Хадхүү хамгийн түрүүнд ойлгож, таньсан уран бүтээлч юм.

    БҮТЭЭЛЧ

    Шаазан эдлэл гэдэг ур ухаан, цаг хугацааны урт болоод тэсвэр тэвчээрийн үр дүнд бий болдог нарийн төвөгтэй урлагийн бүтээл. Олон зуунд дурсагдан үлдэх учиртай ганц шавар ваарыг бүтээх явцад жижигхэн буруу үйлдэл гаргахын төдийд л өнөөх урлагийн бүтээл хэнд ч хэрэггүй шаврын өчүүхэн хэлтэрхий болж үлдэнэ. Үнэ цэнэ нь ийм л уйгагүй хөдөлмөр, нарийн ур ухааныг дотроо агуулж байдаг учир шаазан урлал өнөөдөр ч хэрэгцээ өндөртэй байдаг билээ. Гэвч нэг л төрөл зүйлийн утга санаа агуулсан, сувенир болгон тавьж гэрээ гоёчлох хэрэглээний бүтээл туурвих нь уран бүтээлчийн хувьд байж боломгүй үйлдэл. Тиймээс Х.Хадхүү өөрийн шаазан урлалын бүтээлүүдэд Занабазар хийцийг нэвтрүүлж эхэлсэн юм.

    Бүтээлүүд дунд нь “21 дарь эх”, “Өндөр гэгээний таван дүр” зэрэг олон баримлууд бий. Занабазар хийцийг шаазангаар урлаж хүмүүст хүргэнэ гэдэг маш их судалгаа, хөдөлмөр шаардсан ажил. Мэдээж бүтээгч маань технологи болоод өнгө бэлгэдлийнх нь талаас шаазангаар урлах боломжтой гэж үзсэн болов уу.

    “Занабазарын хийцэд ямар ч залгаас ороогүй гэж ярьдаг. Гэвч үнэндээ залгаас орсон байдаг байхгүй юу. Зарим хүмүүс  ингэж хэлэхээр дургүйлхдэг л дээ. Ямар материалаар яаж цутгадгийг өөрийн биеэр туршиж байж л мэдэж авна. Хамгийн гол нь тэр залгаасыг огт мэдэгдүүлэхгүйгээр хийдэгт л гол учир бий. Шаазан дээр ч гэсэн залгаас нь харагдахгүй. Тиймээс Өндөр гэгээний хийцээр бүтээхийн тулд түүнийг эхлээд гайхалтай сайхан хуулбарладаг байх ёстой” хэмээн Х.Хадхүү ярьж байв.

    Мэдээж хүнд металаар бүтээсэн Занабазарын бүтээлүүд дэлхийд гайхагддаг. Тэгвэл шаазан нь маш уян зөөлөн элемент учир Занабазар хийцийг шаазанд нэвтрүүлж урлахад илүү гоёмсог харагддаг байна.

    БҮТЭЭЛЧИЙН ЭРЭЛ

    1993 онд сургуулиа төгсөх үед Х.Хадхүү дипломын ажлаа “Шүхэрч Буниа” сэдэвтэй бүтээлээр онц хамгаалжээ. Ийнхүү аж төрөхүйд хөл тавих болсон тэрээр цаашид шаазан урлалын чиглэлээр бүтээл туурвихаар нэгэнт шийджээ. Гэвч тухайн цаг үеийн нийгэм ороо бусгаа, үйлдвэрүүд хангамжийн хүнд нөхцөлд байсан учир шаазангийн үйлдвэрт ажиллах боломжгүй болсон байна.

    Харин Х.Хадхүү энэ завсарт дан ганц шаазангийн үйлдвэрт олж авахгүй боловсролыг өөртөө бий болгожээ. Мэдээж ажил олдоогүй ч нөхцөл байдалд гутранги сэтгэлээр хандаагүй бөгөөд өөрөө бие даан уран бүтээл туурвих болсон байна. Тэрээр керамикийн баримал, металл цутгуур, уран зураг гээд бүхий л төрлөөр ажиллаж, өөрт байх ёстой чадваруудыг хөгжүүлжээ. Ингэж явсаар өнөөдөртэй золгосон шаазан урлаач маань энэ урлалыг дэлхийн хэмжээнд таниулах хүсэл өвөртөлж, эхний алхмуудаа хэдийн хийчихсэн яваа билээ.

    Тэрээр уран зураг, метал зутгуур, сийлбэрийн ажлыг хүртэл мэргэжил болгон хичээллэж байсан нь өндөр чанартайгаар урласан шаазан эдлэлүүдээс нь харагддаг. Мэдээж дүрслэх урлагийн олон чадвар Х.Хадхүүд байх шаардлагатай. Уран зургийн аргыг нэлээдгүй өндөр түвшинд эзэмшсэн байдал нь түүний Сүхбаатар, Цэдэнбал, Чингис хаан зэрэг эрхмийн хөрөг бүхий шаазан ваарнуудаас тодорхой харагддаг. Бүтээл бүрт нь туссан өнгө будгийн сонголт, хээ угалз, сийлбэрлэх уран чадвар зэрэг нь тухайн бүтээлчийн зураг зурах авьяасын тодотгол болон оршиж байна.

    Уран бүтээлчийн эрэл хайгуулаас гадна энэхүү үгийг шууд утгатай нь холбогдуулан авч үзэж болмоор нэг зүйл бий. Учир нь Х.Хадхүүгийн дипломын сэдвээ амжилттай хамгаалсан “Шүхэрч Буниа” баримал сургуулийн фондноос алга болж байжээ. Гэтэл нэгэн хүн айлд байгааг нь мэдээд түүнд хэлж. Ийнхүү тэрээр өөрийнхөө бүтээлийг 250 мянган төгрөгөөр худалдан авсан гэдэг. Хүн бүрийн амжилтанд эхлэл гэж бий. Тэрхүү эхлэлийг хадгалсан нандин дурсамж бүхий үнэт зүйлсийг ойлгож таньсан уран бүтээлчийн бүтээх үйл явц, эрэл хайгуулд харин төгсгөл гэж үгүй билээ.

    ЭЦЭСЛЭЛ ҮГҮЙ

    Шинэ оны эхний сар дуусаагүй энэ цаг дор Х.Хадхүү шинэхэн уран бүтээлийн үзэсгэлэнгээ “Хийморь” нэртэйгээр “Үндэсний түүхийн музей”-д гаргалаа. Тухайн үзэсгэлэнд тавигдсан бүтээл болгоноос уламжлалт ёс заншил, түүхийн уртад гээгдэж үлдээгүй нүүдэлчдийн дэврүүн оршихуйн дүр төрхийг харж болно.

    Энэ нь түүний 7 дахь уран бүтээлийн үзэсгэлэн байв. Монгол орны зан заншил, нүүдэлчин ахуйн өдөр тутмын амьдралыг харуулсан баримлуудаас гадна, эх орны онгон дагшин байдлыг шаазан дээр өнгө будаг тохируулан урласан нь тус үзэсгэлэнгийн нэгэн чимэг болон оршиж байна.

    1990-ээд оноос хойш төдийлөн сайн зам туулалгүй явсаар өдийг хүрсэн шаазан урлагийн хөгжил өнөөгийн түвшинд хэрхэн бүтээгдэж буйг харахыг хүсвэл Х.Хадхүүгийн бүтээлүүдийг сонгон сонирхох нь хамгийн зөв зам юм. Хонх мэт жингэсэн дуутай, өөгүй гоёмсог шаазан эдлэлийг монгол хүн өөрийн ур ухаанаар бүтээж нь байгаа нь үзэгчдэд нэн олзуурхууштай.

    Шаазангаар бүтээл урлахад олон төрлийн материал ордог бөгөөд орцноосоо хамаараад энгийн болон гангар шаазан бүтддэг тухай Х.Хадхүү бүтээлч өгүүлж байв. Харин тус үзэсгэлэнгийн бүтээлүүд ясны цагаан шавраар бүтжээ. Хоёр шаазан аягыг алган дээрээ зэрэгцүүлэн тавьж амсарыг нь зөөлөн мөргөлдүүлэхэд гарах авиа нь хүртэл чихэнд нэн тунгалаг аялгуу болж хүрнэ. Энэ л жинхэнэ гангар шаазангийн “хэл” юм хэмээн тэрээр онцолж байв. Хийж бүтээсэн зүйлдээ сэтгэлээ зориулдаг хүн л бүтээлийнхээ хэлийг ойлгодог болов уу гэж сэтгэнэ.

    Мөнхүү “Цагаахан сэтгэлтэй хүн л цагаан шаазангаар сайхан бүтээл урлаж чаддаг юм даа. Шаазангаар бүтээл урлах үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж шүү дээ” гэж өгүүлсэн нь санаанаас үл гарнам. Бүтээлийнхээ өнгө шиг тэр л хиргүй цагаан сэтгэлээр бүтээн туурвидаг нь энэ буюу.

    Нийтлэлийг Б.Алтанхуяг

    Гэрэл зургийг | Б.Чадраабал

    Улаанбаатар /МОНЦАМЭ/

    https://www.facebook.com/khadaa.kh/

  • Н.ЖАВЗМАА- Шилмүүст модны эфирийн тос үйлдвэрлэл

    Монгол Улсын ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, докторант

     Монгол орны шилмүүст модны эфирийн тос нь бактери мөөгөнцөр устгах, хорт хавдрыг дарангуйлах “хүчтэй”

    Н.Жавзмаа Нобелийн шагналтнуудтай хийх 70 дахь удаагийн уулзалтад оролцохоор сонгогдоод байна. Энэ оны 6 дугаар сарын 28-наас 7 дугаар сарын 3-нд ХБНГУ-ын Линдау хотод болох тус уулзалтад 35 хүртэлх насны дэлхийн 650 шилдэг залуу судлаач оролцох юм. 1951 оноос эхлэлтэй тус уулзалтад 2015 оноос хойш манай улсаас зургаан судлаач оролцсон бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс сонгогдсон залуу судлаачид санал бодлоо идэвхтэй солилцохоос гадна үндэстэн хоорондын “хил хязгааргүй уулзалт” болдгоороо онцлогтой.

    -Нобелийн шагналтнуудтай хийх тус уулзалтад 2015 оноос хойш оролцсон манай улсын долоо дахь судлаач та болох нь ээ. Шалгаруулалтад хэрхэн сонгогдов?

    -Энэ уулзалтад оролцох залуу судлаачдын материал саналыг манай хүрээлэнгээс ШУА-д хүргүүлсэн юм.  Aкадемиас ярилцлага авч сонгон шалгаруулсны дүнд нэг залуу судлаачийг тус уулзалтад явуулахаар тодорхойлох захидал илгээснээр судлаач онлайн өргөдөл бөглөх эрхтэй болдог. Онлайн өргөдлийг судлаач бөглөж илгээснээр уулзалт зохион байгуулах комисс сонгон шалгаруулж оролцогчдыг сонгодог. Өргөдөлд боловсрол, судалгааны ажил, судалгааны бүтээл, амжилт, бусад ур чадвар, олон нийтийн ажилд хэрхэн оролцдог талаарх мэдээллийг бөглөсөн. Эдгээр мэдээллийг тусгахын зэрэгцээ үйлдвэрлэлтэй холбож судалгаа хийдэг гэдгээ тодотгон бичсэн.

    Анх тус уулзалтын веб хуудас руу орж танилцуулга болон өмнөх жилүүдэд оролцсон залуу судлаачдын сэтгэгдэлтэй танилцаад нэлээд эмээсэн. Их мундаг залуучууд өндөр шалгуураар оролцсон байсан. Тиймээс сонгогдох эсэхдээ эргэлзсэн л дээ. Шалгаруулалтад тэнцсэн тухай захиа ирэхэд маш их баярласан ч Монгол Улсын ШУА гэсэн том байгууллагын химийн салбарыг төлөөлнө гэхэд маш их хариуцлага оногдож байгааг ойлгоод бас эмээж л байна. Тиймээс бэлтгэл сайн хийж, өөрийгөө хөгжүүлэх шаардлагатай байгаа.  

    Энэ ташрамд надад итгэл найдвар хүлээлгэн уулзалтад явуулахаар сонгосон Хими, химийн технологийн хүрээлэнгийн удирдлагууд болон ШУА-ийн тэргүүлэгчдэд талархсанаа илэрхийлье.

     -Энэ удаагийн уулзалтад өмнөх жилүүдээс харьцангуй олон буюу Нобелийн шагналт 70 эрдэмтэн оролцоно. Уулзалтаас ямар үр дүн хүлээж байгаа вэ?

    -Танилцуулгаас харахад уулзалтад оролцох судлаачдыг бүлэг болгон хуваагаад, судлаачид судалгааны ажлаа танилцуулдаг юм билээ. Энэхүү уулзалтад оролцсоноороо бусад олон орны судлаачидтай харилцаа холбоо тогтоох боломжтой. Мөн Нобелийн шагналтнуудын лекцийг сонссоноор залуу судлаачийн хувьд, судалгаа хийх эрч хүч нэмэгдэхийн хажуугаар олон улсын судалгааны чиг хандлагыг ойлгож, түүнийгээ цаашдын судалгаандаа ашиглах бололцоо бүрдэнэ гэж найдаж байна.

    -Өөрийн судалгааны ажлын талаар танилцуулна уу?

    -Сүүлийн жилүүдэд шилмүүст модны эфирийн тосны химийн бүрэлдэхүүн биологийн идэвхийг тодорхойлох судалгааг хийж байна. Эфирийн тосны үйлдвэрлэлийг Монголд бий болгохын тулд эхний ээлжинд мод бэлтгэлийн хаягдал шилмүүсний эфирийн тосны үйлдвэрлэлийг бий болгох нь хамгийн оновчтой гэж үзэж байгаа. Учир нь Монгол орны шилмүүст модны эфирийн тос нь бактер мөөгөнцөр устгах, хорт хавдрыг дарангуйлахад идэвхтэй үйлчлэлтэй болох нь эхний шатны судалгаагаар тодорхойлогдоод байгаа юм.

    Мөн шилмүүсний эфирийн тосны зонхилох нэгдлүүдийг изомержүүлэн олон өөр төрлийн дэгдэмхий нэгдлийн хольцуудыг гарган авах өргөн боломжтой. Ингэснээр Монголд эфирийн тос, түүнээс үүдэлтэй байгалийн гаралтай үнэрийн үнэт түүхий эдийг дотооддоо үйлдвэрлэх боломж нээгдэнэ. Тиймээс цаашид энэ төрлийн судалгааг илүү нарийвчлан, өргөн цар хүрээтэй  хийснээр экспортыг дэмжих дотоодын үйлдвэрлэл бий болоход чухал нөлөө үзүүлнэ.

    Миний хувьд, ШУА-иас зохион байгуулсан Энтрепренер судлаач (ЭС-21) хөтөлбөрт хамрагдсанаар судалгаагаа үйлдвэрлэлтэй холбох боломж нээгдсэн. Одоогоор шилмүүст модны цэвэр эфирийн тосыг бага хэмжээгээр зах зээлд нэвтрүүлээд байна. Мөн  инновацлаг судлаачдын судалгааны ажлын дүн, түүхий эдийн боловсруулалтын технологи Монголын жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд маш их хэрэгтэй байгаа өнөө үед залуу сулаачид бид дор бүрнээ судалгааныхаа ажлыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх талаар анхаарч ажиллах нь зүйтэй юм.


    Улаанбаатар /МОНЦАМЭ/ 
    bolor@montsame.mn | 2020-03-19 14:24:04

    Хими, хими технологийн хүрээлэн https://www.facebook.com/%D0%A…

  • Dr Baatar | Одь тан үйлдвэр

    Монголын тэжээхүйн ухааны олон үеийн нууц жор, эмийн ургамалуудад суурилсан биологийн нэмэлт хүнс, бүтээгдэхүүн, тан, гоо сайхан, ахуйн хэрэглээний олон төрлийн бүтээгдэхүүнийг танд хүргэж байна.

    https://www.facebook.com/Dr.Ba…

  • Т.ТӨРМАНДАХ- Агрономич, Монгол төмс, Монгол ногоо төслийн зохицуулагч

    “Монгол Төмс”, “Монгол ногоо” үндэсний хөтөлбөрийн Зохицуулагч, Монголын Хөдөөг Шинэчлэхийн Төлөө Фермерүүдийн Холбооны Гүйцэтгэх Захирал, агрономич

    Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих, иргэдийн эрүүл, аюулгүй хүнс хэрэглэх эрх ашгийг хамгаалах зорилготойгоор 2004 онд байгуулагдсан “Монголын хөдөөг шинэчлэхийн төлөө фермерүүдийн холбоо” ТББ өдгөө нийт 36 салбар, 1,380 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

    Тус байгууллага 2004-2015 оны хооронд “Монгол төмс” хөтөлбөрийг гурван үе шаттайгаар хэрэгжүүлж, манай улс дотооддоо төмснийхөө үйлдвэрлэлийг 100 хувь хангаж, нутагшсан шинэ сортынхоо үрийг үржүүлэн, сайн чанарын төмсний үрээр тариаланчдаа хангадаг болсон билээ.

    Үүгээр зогсохгүй 2016 оны дөрөвдүгээр сараас эхлэн ХХААХҮЯ-ны хүсэлтээр, Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Монгол ногоо ” төслийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд хүнсний ногооны дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж, иргэдийн эрүүл, аюулгүй хүнсний хэрэглээнд дэвшилт гаргах зорилгоор дотооддоо тариалсан төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлд “Хөдөө аж ахуйн зохистой дадал”-ыг /ХААЗД/ нэвтрүүлэхээр ажиллаж байна.

    https://www.facebook.com/MFARD.MN

    Т.Төрмандах:  ХААЗД (GAP)- ыг нэвтрүүлэх нь иргэдэд эрүүл, аюулгүй хүнс хэрэглэхийн баталгаа, ногоочдод зах зээлд өрсөлдөх боломж

    Иймд Хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлэх ач холбогдлын талаар “Монгол ногоо” төслийн зохицуулагч Т.Төрмандахтай ярилцлаа.

    – Сайн байна уу. “Монгол ногоо” төслийн хүрээнд хэрэгжүүлж буй  Хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлэх ажлыг эхлүүлэх болсон шалтгаан юу байсан талаар хуваалцахгүй юу?

    – Монгол Улс Хятадаас жилд 40-60 мянган тонн хүнсний ногоо импортоор оруулж ирдэг бөгөөд үүний 60-70 хувийг байцаа, сонгинолог ургамал эзэлдэг. Тэр утгаараа “Монгол ногоо” төсөл нь хүнсний ногооны дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, импортоор орж ирдэг ногоог дотооддоо тариалдаг болоход дэмжлэг үзүүлэн  ажилладаг. Гадаадаас хүнсний бүтээгдэхүүн хяналтгүйгээр импортлогдож орж ирэх нь хүнсний эрүүл, аюулгүй байдлын баталгааг хангаж чадахгүй тул дотоодын үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй. Ингэхдээ дотоодын төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлд “Хөдөө аж ахуйн зохистой дадал”-ыг /ХААЗД/ нэвтрүүлэх нь чухал.

    ХААЗД гэдэг нь товчоор газар тариалангийн үйлдвэрлэлийн аливаа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх явцад эрүүл, аюулгүй байдлыг хангах зохистой арга хэмжээнүүдийг хэрхэн мөрдөж байгааг итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллагын мэргэжилтэн баталгаажуулж, баримтжуулах цогц арга хэмжээ юм.

    Уг дадлыг хүнсний чиглэлийн үйлдвэрлэл эрхлэгч өөрийн үйл ажиллагааны төрлөөс хамааруулан нэвтрүүлнэ гэж “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуульд 2015 онд заасан. 2019 онд “Жимс, хүнсний ногооны үйлдвэрлэлд хөдөө аж ахуйн зохистой дадлыг хялбаршуулан нэвтрүүлэх заавар”-ыг баталснаар хуулийг хэрэгжүүлэх боломж бүрдсэн.

    Тиймээс бид өнгөрсөн жилээс эхлэн Хөдөө аж ахуйн зохистой дадлыг газар тариалангийн салбарт тэр дундаа төмс, хүнсний ногооны салбарт нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр болж, олон улсын ISO стандартаар баталгаажуулдаг хувийн компанитай “Монгол ногоо” төсөл хамтран нэвтрүүлэх ажлыг баталгаажуулах үйл явцыг туршиж эхэлсэн.

    Төрөл бүрийн сургалт явуулж, сургалтын үр дүнгээрээ баталгаажуулалтын ажилд оролцох аудитууд, зөвлөхүүдийг бэлтгэх сургалт зохион байгуулсан. Ногоочдод Хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлэх зайлшгүй шаардлагын талаар танин мэдэхүйн сургалт зэргийг зохион байгуулсан. Үр дүнд нь энэ онд Хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлэх ажил эрчимтэй эхлэхээр байна.

    – Худалдан авч буй хүнсний бүтээгдэхүүнийхээ аюулгүй байдалд иргэд маань ихээхэн анхаарал хандуулдаг болсон гэж боддог. Энэ нь магадгүй Хөдөө аж ахуйн зохистой дадлыг нутагшуулах хамгийн том шалтгаан байх. Өнгөрсөн жил туршилт явуулсан гэж та хэллээ. Туршилтаар ямар үр дүн гарсан бэ?

    – Монгол оронд ургуулдаг төмс, хүнсний ногоо нь  бусад хөгжингүй улс орнуудтай /олон жил газар тариалан хөгжсөн орнууд/ харьцуулахад харьцангуй эрүүл технологиор үйлдвэрлэгддэг. Өөрөөр хэлбэл, дээрх улс орнууд ургацаа нэмэхийн тулд эрдэс бордоог их хэрэглэдэг байхад монгол оронд бордооны хэрэглээ харьцангуй бага. Мөн бусад оронд жилдээ 3-6 удаа ургамал хамгааллын бодисыг цацаж хэрэглэдэг бол манайд 1-2 удаа хэрэглэдэг.

    Үүнээс харвал, Хөдөө аж ахуйн зохистой дадлыг манай тэргүүний тариаланчид амьдрал дээрээ хэрэгжүүлж яваа боловч бүртгэлжүүлэн баталгаажуулаагүй болохоор бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэхэд хүндрэлтэй байдаг.

    Тиймээс Хөдөө аж ахуйн зохистой дадлыг албан ёсоор нэвтрүүлж, ногооны үйлдвэрлэл эрхэлдэг ногоочдод эрдэс бордоо, ургамал хамгааллын бодис, технологийг зөв  хэрэглэх, зах зээлд хүчтэй өрсөлдөх боломжийг олгох нь зөв гэж үзсэн.

    Монгол оронд зөвшөөрөгдсөн бодисыг технологийн дагуу, цаг хугацаанд нь зөв нормоор хэрэглэвэл эрүүл, аюулгүй хүнс үйлдвэрлэж байна гэсэн үг.

    – Ногоочдод ямар давуу талыг олгох вэ гэж хүмүүс бодож байгаа байх?

    – Дэлхийн хүн ам хурдтай өсөж, байгаль цаг уурын эрсдэл буюу цаг агаарын дулаарал бий болж байгаатай холбоотойгоор төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлд ургамал хамгааллын бордоог улс орнууд ихээр хэрэглэх болсон тул эрүүл, аюулгүй байдал маш чухал болчихсон.

    Хүмүүс  аль болох эрүүл, аюулгүй хүнсийг худалдан авах чиг хандлага нэмэгдэж байна. Нөгөө талаар эрүүл, аюулгүй буюу Хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлсэн төмс, хүнсний ногоог зах зээлд нийлүүлэхгүй бол ногоочин хүн тариалсан хүнсний ногоогоо борлуулахад төвөгтэй болно.

    Магадгүй хоёр жилийн дараа гэхэд бүх дэлгүүр, супер маркетууд Хөдөө аж ахуйн зохистой дадал нэвтрүүлсэн гэрчилгээ, лого бүхий төмс хүнсний ногоог авдаг болчихвол эхнээсээ зах зээл нь хумигдана. Энэ үед харин дадлаа нэвтрүүлсэн ногоочдод давуу байдал үүсэж, зах зээлд өрсөлдөх чадвартай болох юм.  

    Ногоочид өөрийнхөө үйлдвэрлэлд Хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлэх зайлшгүй шаардлага үүссэн гэдгийг ойлгох үедээ хүсэлтээ гаргавал бид баталгаажуулах байгууллагатай нь холбож өгөх юм.

    – Хөдөө аж ахуйн зохистой дадлаар баталгаажуулах ажлыг энэ жил хэрхэн зохион байгуулах вэ?

    – ISO баталгаажуулалт хийдэг компанитайгаа 2019 онд хамтран ажиллах явцдаа баталгаажуулах үйл явц, гарах өртөг зардлынхаа зураглалыг гаргасан. Өнгөрсөн оны төгсгөлд хүлэмжийн хүнсний ногоо тариалдаг хоёр аж ахуйн нэгжид баталгаажуулалтын гэрчилгээг нь олгосон.

    2020 онд хамгийн багадаа төмс, хүнсний ногоо нийлүүлдэг 20 орчим иргэн, аж ахуйн нэгжид ХААЗД нэвтрүүлсэн баталгаажуулалтын гэрчилгээ олгохыг зорьж, өмнөх бэлтгэл ажлыг хангаж байна.

    – Баталгаажуулах байгууллагад холбож өгөөд гэрээ хийнэ гэлээ. Ингээд л гэрчилгээгээ авах уу?

    – Гэрчилгээ олгоно гээд хүссэн  болгонд нь өгнө гэсэн үг биш. Шалгуур үзүүлэлтийг давж чадсан аж ахуйн нэгжүүдэд л олгоно. Туршилтын баталгаажуулалтын явцаас харахад нийт зургаа долоон чиглэлээр 83 шалгуур үзүүлэлтийг хангасан байх ёстой.

    Гэхдээ зохистой дадал нэвтрүүлэх гэж байгаа аж ахуйн нэгжүүд эхний ээлжинд эдгээр шалгуур үзүүлэлтүүдээр өөрийгөө үнэлээд 50%-иас дээш хангаж байгаа бол манай төсөлд хандан хүсэлтээ гаргаснаар дараагийн шат дараалсан арга хэмжээнд хамрагдах боломжтой.

    Баталгаажуулах байгууллага тарилтын өмнө нэг удаа аудит хийж, шалгуур үзүүлэлтүүдээс хэдэн хувийг хангаж байгааг нь дүгнэж гаргадаг. Хэрвээ уг шалгалтаар шаардлагад нийцээгүй зүйл байвал зөвлөхүүд тухайн ногоочинд зөвлөгөө өгөөд, засч сайжруулах хугацаа өгч наймдугаар сард буюу ургац хураалтын өмнө хоёр дахь аудитаар орно.

    Энэ үед шалгуур үзүүлэлтийг хангасан гэж үзвэл Хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлсэн гэх гэрчилгээг олгож, ногоочин зах зээлд нэвтрүүлж буй хүнснийхээ сав, баглаа боодол дээр нэвтрүүлсэн гэх тэмдгийг тавьж, борлуулах боломжтой.

     – Органик хүнс, Хөдөө аж ахуйн зохистой дадал нэвтрүүлсэн хүнсний ногооны ялгааг тайлбарлаж өгөхгүй юу. Энэ хоёр нь хоорондоо ялгаатай юу?

    – Органик болон Хөдөө аж ахуйн зохистой дадал нэвтрүүлсэн төмс, хүнсний ногоо нь хоёр өөр ойлголт. Үүнийг хольж ойлгож болохгүй.

    Органик төмс, хүнсний ногоо гэдэг нь тухайн хүнсний ногоог үйлдвэрлэхдээ  ямар нэгэн химийн гаралтай бордоо, ургамал хамгааллын бодис огт хэрэглээгүй гэсэн үг.

    Харин Хөдөө аж ахуйн зохистой дадал гэдэг нь тухайн улс оронд хэрэглэхийг зөвшөөрсөн эрдэс бордоо, ургамал хамгааллын бодисыг технологийн дагуу зөв хэрэглэсэн байхыг хэлнэ. Ургамал хамгааллын бодис буюу пестицидыг хамгийн сүүлд ургац хураахаас 28 хоногийн өмнө хэрэглэсэн байх ёстой. Ингэвэл ургамал хамгааллын бодис нь бүрэн задраад хөрс болон ургамалдаа пестицидийн үлдэгдэл үүсгэдэггүй. Мөн хүний эрүүл мэндэд аюул учруулдаггүй.

    Органик хүнс, хүнсний ногооны үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэж байгаа ч гэлээ аль ч өндөр хөгжилтэй оронд нийт үйлдвэрлэж байгаа төмс, хүнсний ногооны таван хувиас илүү гарч чадаагүй. Учир нь ургац нь бага байдаг тул зах зээл дээр ч өндөр үнэтэй гардаг.

    Тэгэхээр заавал органик хүнс идэж байж эрүүл байна гэвэл үгүй юм. Аливаа ургамал, төмс хүнсний ногоог ургуулахад ногоочин хүн өндөр ургац авч байж ашиг олно. Дээрээс нь өвчин, хортон гарвал устгаж тэмцэх шаардлага гарах учраас ургамал хамгаалах бодис ашиглана. Гол нь үүнийг ашиглахдаа хүний эрүүл мэндэд аюул учруулахгүй байхаар гэх ойлголт юм. Мөн органик ногоог бодвол үнийн хувьд ч бага.

    – Хөдөө аж ахуйн зохистой дадлаар баталгаажсан лого тэмдгийг хэрхэн таних билээ?

    – Дэлхий нийтээр Хөдөө аж ахуйн зохистой дадал гэдгийг GAP гэсэн тэмдэглэгээгээр илэрхийлдэг.  Ийм тэмдэг миний худалдан авсан төмс, хүнсний ногоон дээр байвал итгэл төгс худалдан авалт хийж болно.

    Тэмдэглэгээ тавигдсанаар зах зээл дээр борлуулагдах төмс, хүнсний ногоо чанараараа ялгарч, эрүүл, аюулгүй хүнсний ногооны баталгаа бий болж буй хэрэг. Борлуулалтын газар, сүлжээ дэлгүүрүүд ч борлуулалтаа бодоод GAP тэмдэг тавигдсан ногоог л ногоочдоос авч эхэлнэ. Магадгүй 2-3 жилийн дараа төмс, хүнсний ногооны төрийн худалдан авалтаар Хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлсэн лого тэмдэглэгээтэй /GAP/ байна гэх шаардлагыг тавих байх.

    – Ярилцсанд баярлалаа.


    МОНГОЛ НОГОО ТӨСЛИЙН ТУХАЙД
    Монгол ногоо төсөл нь 2016 оноос 2023 оныг дуустал нийт 7 жил хэрэгжих болно.

    Төслийн зорилго: Төсөл нь “хүртээмжтэй, хүйсийн тэгш байдлыг хангасан хүнсний ногооны салбарыг тогтвортой хөгжүүлэх замаар Монгол улсад амьжиргааг дэмжих” зорилгыг хэрэгжүүлнэ.

    Захиалагч: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам  

    Санхүүжүүлэгч: Швейцарын хөгжлийн агентлаг

    ​Хэрэгжүүлэгч: “Монголын хөдөөг шинэчлэхийн төлөө фермерүүдийн холбоо” ТББ

    ​Хамрах хүрээ

    • ХҮНСНИЙ НОГООНЫ ҮЙЛДВЭРЛЭЛ
      1. Сэлэнгэ: 5 сум 
      2. Төв: 3 сум 
      3. Дархан-Уул: 1 сум
      4. Орхон: 1 сум
      5. Ховд: 1 сум
      6. Дорнод: 1 сум
      7. Хэнтий: 1 сум
      8. Хөвсгөл: 1 сум 
      9. Өмнөговь: 1 сум 
      10. Улаанбаатар, 4 дүүрэг  
    • ҮР ҮЙЛДВЭРЛЭГЧИД
      1. Увс: 1 сум 
      2. Завхан: 1 сум
      3. Баянхонгор: 1 сум
      4. Дархан-Уул 1 сум
    • ХҮНСНИЙ НОГООНЫ МАРКЕТИНГ, БОЛОВСРУУЛАЛТ 
      1. Үйлдэвэрлэлийн төв бүс (дээр дурьдагдсан) мөн Улаанбаатарын зах зээл болон бусад төвийн болон бүсийн зах зээл
    • ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧИН:
      1. Үндэсний хэмжээнд
  • Мөнх ногоон тал ХХК- Хөдөө аж ахуйн зөвлөх үйлчилгээ, технологи нэвтрүүлэлт

    “Мөнх ногоон тал” ХХК нь 2003 онд Хөдөө аж ахуй, Байгаль орчны салбарын сүүлийн үеийн, шинэ шилдэг технологийг танилцуулах, хэрэгцээт материал, тоног төхөөрөмжийг ханган нийлүүлэх зорилготойгоор байгуулагдснаас хойш 13 дахь хавартаа үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Зорилгынхоо хүрээнд Солонгосын нийлэг хальсан хүлэмж, дуслын усалгааны системийг эх орондоо анх удаа танилцуулсан нь дэлхийн дулаарлын улмаас өөрчлөгдөж буй уур амьсгал цаг уурын эрхшээлд захирагдахгүйгээр бизнесээ эрхлэх боломжийн эхлэлийг тавьсан юм. Энэ хугацаанд бид манай орны байгаль цаг уурын нөхцөлд тохирсон бараа материал, багаж, тоног төхөөрөмжүүдийнхээ нэр төрлийг олшруулж БНСУ-аас олон төрлийн хийц загварын өвөл, зуны хүлэмж, түүний дагалдах хэрэгсэл, мананцар болон дуслын усалгааны систем, хүнсний ногооны бага оврын техникийн иж бүрдэл, БНХАУ-аас тракторыг дагалдах хэрэгсэлүүдийн хамтаар, төрөл бүрийн гар багаж, хор шүршигч, усны насос, Шинэ Зеланд улсаас ноос боловсоруулах бага оврын төхөөрөмжүүд, АНУ-с зүлэг арчилгааны тоног төхөөрөмжүүд оруулж ирэн хэрэглэгчдэд санал болгож байна. Байгаль орчны салбарт, ялангуяа мод үржүүлгийн газруудын техник тоног төхөөрөмжийн шинэчлэл, шинээр мод үржүүлгийн газар байгуулах (Оюу Толгой ХХК-ын 5 га МҮГ) ажлуудыг амжилттай хэрэгжүүлсээр ирсэн. Мөн 2008 оноос эхлэн Монгол-Солонгосын Ногоон хэрэм төсөлтэй хамтран Говь цөлийн бүсэд цөлжилтөөс хамгаалах 1,000 гаран га ойн зурваст дуслын усалгааны системийг суурилуулан ашиглаж байгаа нь үр дүн сайтай байна. Сүүлийн жилүүдэд гүзээлзгэнэ тариалах аж ахуйнуудыг байгуулах (Наран ферм, Төв аймаг ферм, Долоон буудал ферм), гүзээлзгэнэ тариалах зориулалтын дулаалгатай, усалгаа бордоо, халаалтын бүрэн автомат систем бүхий 1,050м2 – 1,660м2 хүлэмжүүдүүдийг барьж байгуулж байна.

    https://www.facebook.com/munkhnogoontal

  • Цэс Хайрхан үйлдвэрийн Оргилуун дарс, ликёр, дарс, чацарганы бүтээгдэхүүн

    Монгол Улсын шингэн хүнс үйлдвэрлэлийн салбарт 10 гаруй жил тасралтгүй үйл ажиллагаагаа эрхлэхдээ хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцүүлэн, дэлхийн стандартад нийцсэн  бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэсээр ирсэн билээ. AUREUS, BROD KVASS, CHOCO, CREMA, DOSE, GOO MARAL брэндийн оргилуун дарс, ликёр, улаан, цагаан дарс, шар айраг, эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна.

    Бүтээгдэхүүнийхээ чанарыг тогтмол хангах үүднээс европын орчин үеийн тоног төхөөрөмж, чанартай түүхий эдийг ашиглан үйлдвэрлэлээ явуулж ирсэн нь бидний үйл ажиллагаа тасралтгүй өргөжин, тогтвортой хөгжиж байгаагийн  үндэс суурь юм.

    2016 онд манай компани нь дарс исгэлт, үйлдвэрлэл, боловсруулалтынхаа хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлсэн бөгөөд 2017 онд бид удирдлагын тогтолцооны ISO стандартыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлэн ажиллаж байна.

    Манай бүтээгдэхүүнүүдийн үндсэн орцын нэг болох чацаргана жимсээр хийсэн амин дэмээр баялаг амны цангаа тайлах ундаа, эм эмчилгээний ач тустай чацаргана тосоо Япон болон Өмнөд Солонгосын зах зээлд нийлүүлж чадсанаар энэхүү жимсний ашиг тусыг дэлхийд таниулахаас гадна Монгол улсад орох хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж чадсандаа бидний зүгээс баяртай байдаг.

    Манай бүтээгдэхүүнүүд дэлхийн томоохон хүнсний үзэсгэлэнгүүдээс удаа дараалан шагнал хүртэж байсан ба 2011 онд АНУ-ын Сан Франциско хотод болсон үзэсгэлэнгээс хүрэл медаль, 2015 онд Япон улсад зохиогдсон олон улсын хүнсний үзэсгэлэнгээс өндөр үнэлгээг авч чадсанаар дэлхийн зах зээлд өөрсдийн бүтээгдэхүүнээ гаргах томоохон боломж, үүд хаалга бидэнд нээгдсэн. Аureus Gold чацарганын оргилуун дарс 2017 оны МҮХАҮТ-ийн  “Топ”  бүтээгдэхүүний шагналыг хүртсэн.

    http://tsk-winery.com/

  • Тана саван, үйрмэг саван, угаалгын шингэн

    Монхими ХХК-ын үйлдвэр нь 1990 онд байгуулагдсан бөгөөд уламжлалт технологийг боловсруулан, сайжруулж 10-аад нэр төрлийн хатуу, шингэн, нунтаг саван бүхий ЭКО бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн айл өрх болон үйлдвэр, аж ахуйн хэрэгцээнд нийлүүлж байна.
    Аяга аваг угаагч шингэн саван, гарын шингэн саван, үйрмэг саван, угаалгын нунтаг, задгай саван г.м

    ЭКО САВАНГИЙН АЧ ХОЛБОГДОЛ

    Орчин үеийн эзэгтэй нарын ихэнхи нь барааны саван гэхээр социализмын үеийн хоцрогдсон хэрэглээ, муухай үнэртэй хэмээн ярвайн дургүйцдэг. Гэтэл барааны саван шиг аюулгүй, ямар ч хоргүй үнэнч нөхөр өнөөгийн энэ олон угаалга цэвэрлэгээний бодис дотор байхгүй юм. Барааны саванг угаалгын өрөө, гал тогооны өрөөндөө хүндэтгэлтэйгээр буцааж залвал зохино. Энэ мартагдсан угаалгын бодисыг хэрэглэснээр та мөнгөө хэмнээд зогсохгүй, эрүүл мэндээ хамгаалах болно.
    Айл бүрт түмэн төрлийн угаалга цэвэрлэгээний бодис өрөөстэй байдаг. Аяга тавагны, хана туурганы, шил тольны, ванн тосгуурны, суултуурны, шалны, даавуун эдлэлийн, ноосон эдлэлийн гээд угааж болдог гадаргуу болгонд зориулагдсан гэх бүхий л бодисыг худалдан авч ванны өрөөгөө чимдэг болжээ. Гэтэл энэ бүх бодисыг бараг бүгдийг нь барааны саван ганцаараа орлож чадах бөгөөд, хамгийн гол нь эрүүл мэндэд ямар ч хор нөлөөгүй цорын ганц угаалгын бодис билээ.
    Барааны саван нь ямар ч хоргүй, экологийн цэвэр бүтээгдхүүн юм. Түүний гол бүрдүүлэгч нь тосон хүчлүүдийн натрийн давснууд бөгөөд элдэв будаг, үнэр оруулагч зэргийн химийн бодис байдаггүй. Бор шараас хүрэн өнгөтэй байдаг. Сүүлийн үед үйлдвэрлэгчид барааны савангийн царай зүс, үнэр танарыг нь засах зорилгоор зарим нэг зүйл нэмдэг болоод байгаа. “Оригоороо” байгаа барааны саванг сонговол дээр.
    Барааны савангийн шүлтлэг ph нь 11 – 12 байдаг учраас угааж цэвэрлэх чадвар сайтай байдаг. Угаалгын нунтаг угааж чадахгүй толбыг барааны саван арилгаж чаддаг. Тосон хүчлийн агууламж ихтэй учраас /72% хүртэл/ маш сайн хөөсөрдөг, энэ нь хүйтэн усанд ч угаах боломжтой болгодог юм. Барааны саван ноосон даавуун болон ноосон эдлэлийг хөвсгөр зөөлөн болгох увидастай.
    Барааны саван натурал бүтээгдхүүн учраас харшил өгдөггүй онцлогтой. Хүүхдийн даавуу, хувцас зэргийг барааны савангаар угаадаг. Жижиг сажиг зүйлийг /ширээний алчуур, тоосны алчуур/ угаахад барааны саван шиг тохиромжтой зүйл байхгүй.
    Аяга таваг угаагч шингэн саван хичнээн их усаар зайлаад ч аяга тавагнаас бүрэн салдаггүй бөгөөд хоол ундтай хамт бидний биед орж эрүүл мэндэд маань багагүй хохирол учруулдаг гэдэг нь батлагдаад байгаа. Харин барааны саван аяга таваг сав суулгыг “Фэйри” мэтээс сайн угаадаг бөгөөд тавган дээр үлдэхгүй усаар бүрэн зайлагддаг байна.
    Нян устгах чадвар
    Эмнэлэгийн орчинд барааны саванд маш хүндэтгэлтэйгээр ханддаг хэвээр байгаа билээ. Төрөх эмнэлгүүдэд ч ариутгал халдваргүйжүүлэлтийн зорилгоор цэвэрлэгээг барааны савангаар хийдэг. Гэр оронд ч ариутгалыг барааны савангаас сайн хийх бодис байхгүй хэмээн эмч нар зөвлөдөг. Бусад бодис ариутгахынхаа хажуугаар хүнийг хордуулах аюултай ажээ.
    Дээр үед барааны саванг мэс заслын бээлий болгон хэрэглэдэг байсан түүхтэй. Гараа савандаад хатаасны дараа мэс засал хийхэд халдвар авах магадлал эрс буурдаг байжээ.
    Арьсан дээр үүссэн жижиг шархыг барааны савангаар савандан угаахад хурдан эдгэдэг.
    Барааны саван мөн вирусын эсрэг сайн үйлчилдэг, тиймээс хамрын ханиаднаас хамгаалах болон эмчлэх зорилгоор барааны савангийн уусмалд хөвөн дүрээд хамрынхаа дотор талыг арчвал нэн тустай.
    Шүдний сойзоо ариун байлгаж, нян үржихээс хамгаалъя гэвэл хэрэглэснийхээ дараа барааны саванд үрж хөөсрүүлээд орхих хэрэгтэй.
    Хөлийн өсгийний арьс хагаран шархлахад барааны саван л бас тус болно: 2 литр халуун усанд 1 цайны халбага сод, 1 амны халбага барааны савангийн үртэс хийж уусгаад хөлөө дүрвэл түргэн эдгэнэ.

    https://www.facebook.com/Tana-Brand-988756427914159/

  • Амт нэмэх үү Хатаасан монгол ногоо

    Ховд аймгийн Булган суманд тариалсан хүний ногоог технолгийн дагуу шинээр хатааж савласан бүтээгдэхүүн. Хэрчмэл болон нунтаг хэлбэртэй. Жилийн 4 улирлын турш хэрэглэхэд шинээрээ.

    https://www.facebook.com/A%D0%BC%D1%82-%D0%BD%D1%8D%D0%BC%D1%8D%D1%85-%D2%AF%D2%AF-149953418927062/

  • lend.mn- Дэлхийн энтэй санхүүгийн үйлчилгээний хөтөч Fintech ТЭСРЭЛТ

    “ЛэндМН ББСБ” ХК нь Монгол улсын зах зээлд анх удаа технологийн дэвшлийг санхүүгийн үйлчилгээтэй хамтатгасан Финтек бизнес моделийг LendMN аппликейшнээр дамжуулан амжилттай нэвтрүүлж буй барьцаагүй хямд өртөгтэй, хэрэглээний бичил цахим зээлийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага юм.

    https://lend.mn/

    Бидний эрхэм зорилго бол банкны үйлчилгээг тэр бүр авах боломжгүй хэрэглэгчдэдээ хамгийн шинэлэг, тэсрэлт хийсэн дэвшилтэт технологийн шийдэл бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангах юм.

    Анд Системс нь хиймэл оюун ухаанд суурилсан Fintech буюу санхүүгийн технологиор дамжуулан санхүүгийн үйлчилгээг шинэ төвшинд гаргах зорилготой. Бид Монголд анх удаа шинэлэг, хямд өртөгтэй, гар утсанд суурилсан санхүүгийн технологийг хөгжүүлж ЛэндМН ББСБ-д нийлүүлж системийн үйл ажиллагаа, найдвартай байдлыг хариуцан ажиллаж байна.

    АНД Глобал компани нь Анд Системс ХХК болон ЛэндМН ББСБ ХК-ийн толгой компани бөгөөд группийн хөрөнгө оруулалт, стратеги болон менежментийн асуудлыг хариуцан ажилладаг. Анд Глобал компани нь дотоодын болон Азийн хөрөнгө оруулагчдаас 5 сая ам.долларын хөрөнгө оруулалт татаад байгаа бөгөөд компанийн үнэлгээ 30.4 сая ам.долларт хүрээд байна. ЛэндМН-ны загварыг Зүүн өмнөд ази Филиппин, Индонез, Япон улсуудад нэвтрүүлэхээр ажиллаж байна.

  • Монгол хонины ноосоор үйлдвэрлэсэн ЭКО БОРДОО Германы зах зээлд гарч эхэллээ

    Монгол хонины ноосоор үйлдвэрлсэн 100% ЭКО БОРДОО Герман улсруу экспортолж эхэллээ.
    Хонины ноосоор эко бордоо хийдэг дэлхийн 2 дахь үйлдвэрийг Монпеллетс компани Монголд байгуулж, дэлхий нийтэд тулгамдаад буй эко бордоо- органик хүнсний асуудалд НЭГ ТОМ АЛХАМ ХИЙЖ ЧАДЛАА.

    Монголчууд бидний олон зуун жилийн туршид хэрэглэж ирсэн, малын гаралтай түүхий эд болох хонины ноос сүүлийн жилүүдэд үнэгүй шахам болсон нь харамсалтай. Тэгвэл монгол хонины ноосоор ямар ч химийн бодис бүр ус ч ороогүй, байгаль орчинд хор хөнөөлгүй эко бордоо үйлдвэрлэж байна гэвэл уншигч та итгэх үү? Энэ талаар сурвалжлахаар хотоос 40-өөд километрийн зайд орших “Монпеллетс” компанийн био бордооны үйлдвэрийг зорилоо.

    ЭКО БОРДООГ ӨНДӨР ЧАНАРТАЙ ГЭЖ ҮНЭЛЖЭЭ

    Тус компанийн захирал Б.Цогбадрахын хувьд хорь гаруйхан настайгаасаа Европын хэд хэдэн улсад Монголын Элчин сайдын яаманд худалдааны төлөөлөгчөөр ажиллаж, 10 орчим жилийн өмнө тэтгэвэрт гарчээ. Түүнээс хойш зүгээр суусангүй. Үнэгүйдэж буй ноосны талаар судалгаа хийж, эх орондоо энэ чиглэлээр ямар нэгэн зүйл бүтээхийн төлөө олон жил зарцуулжээ. Дэлхий нийтэд хүлэмжийн хийн асуудал харанга дэлдэж, томоохон улс гүрнүүд шаардлагатай арга хэмжээ авч эхэлж байна. Түүний нэг жишээ нь Герман улс газар тариалангийн бүс нутагтаа аль болох органик бордоо ашиглахыг эрмэлзэж буй явдал юм. Олон жилийн судалгаа, шинжилгээний үр дүнд Берлин хотын Гумбольдын их сургуулийн эрдэмтэд нэгэн шийдэл олсон нь хонины ноосыг химийн ямар ч бодистой холилгүй, байгалийн органик чанарыг нь хадгалсан, эко бордоо хийх төсөл аж.

    Энэ төсөл анх бүтэшгүй мэт санагдаж байсан ч тус улсын Засгийн газар 100 хувь дэмжиж, дэлхий дахинд анх удаа хонины ноосоор бордоо хийдэг үйлдвэрийг 2013 онд Бранденбург мужийн Лауххаммер хотноо байгуулж, тэр дороо л үр шимээ өгчээ. Гэвч түүхий эдийн нөөц бага байсан нь томоохон бэрхшээл болсон гэнэ. Учир нь Герман улс хоёр сая гаруйхан хоньтой нь ноос үйлдвэрлэлд хүрэлцэхүйц хэмжээний биш байж. Энэ мэдээг Б.Цогбадрах сонсоод, Герман улсын холбогдох байгууллагын мэргэжилтэнтэй холбогдон, хамтран ажиллах хүсэлт тавьжээ. Тухайн үед Монгол Улс 25 орчим сая хоньтой, жилд 40 мянган тонн ноос бэлтгэдэг байсан учир эко бордоо үйлдвэрлэгчид түүхий эдийн арвин нөөц чухам манай оронд байгааг мэдэн, хүсэлтийг нь нааштайгаар хүлээн авсан гэдэг. Улмаар манай оронд үйлдвэрлэсэн эко бордоог 2022 он хүртэл Герман улс руу нийлүүлэх гэрээ байгуулжээ.

    Манай оронд үнэгүйдээд буй ноосыг эдийн засгийн эргэлтэд оруулах гарц олсон гэдэгтээ сэтгэл хангалуун байдгаа Б.Цогбадрах хэлсэн. 2014 онд тэрбээр “Монпеллетс” компаниа байгуулан, үйлдвэр барихад шаардлагатай хөрөнгө оруулалтын 30 хувийг Хөгжлийн банкнаас авч, өнгөрсөн жилийн хавар дэлхийд хоёрдогч, ноосоор бордоо хийх үйлдвэр байгуулжээ. Ийнхүү манай орон эко бордоо үйлдвэрлэж, дээжийг нь Герман улсын Гумбольдтын их сургуулийн Газар тариалан ба хотын экологийн институт, Бордоо ба ургамлын үрийн институт, Ус ба байгаль орчны лабараторид хүргүүлж, тэжээллэг бодисын агууламжийг нь нарийвчлан тогтоожээ. Үр дүнд нь Герман улсын зүгээс “Premi¬um quality” буюу дээд зэргийн чанартай гэсэн үнэлгээ авсан юм байна. Монгол хонь, герман хонийг бодоход элдэв өвчлөл бага, дээрээс нь идэж буй хоол, тэжээлээс авах шимт бодисууд илүү байсантай энэ нь холбоотой аж.

    ЯМАР НЭГ БОХИР ЯЛГАРУУЛДАГГҮЙ

    Хөдөлмөрч, хичээнгүй зантай нь анзаарагдсан Б.Цогбадрах үйлдвэрээ санаанд оромгүй байдлаар тохижуулсан нь анхаарал татав. Уулзалтын өрөөндөө “Арвин ургац, эрүүл хүнс” гэсэн уриа бичжээ. Ширээн дээр бордооныхоо дээжийг үйлдвэрлэх үе дамжлагаар нь хуваан, шилэн хоргонд эгнүүлэн тавьсан нь Б.Цогбадрахын нягт, нямбай занг харуулна. Ажилчдынхаа өрөө бүрийг ая тухтай тохижуулж, ариун цэврийн өрөөг тусад нь шийдэж өгчээ. Халаалтаа цахилгаанаар бүрэн шийдсэн бөгөөд үйлвэрлэлийн ямар ч хаягдалгүй гэсэн. Бордоо үйлдвэрлэх үйл явц ямар нэгэн бохир ялгаруулдаггүй ч хүн ажиллаж, амьдарч байгаа орчин учир цэвэр усны шугам, сүлжээгээ шийдэх нь сорилт болжээ. Налайх хотын төвөөс 20 гаруй километрийн зайтай, уулын бэлд, зэлүүд газар байрлах эл үйлдвэрт энэ нь хамгийн том асуудал болох нь ойлгомжтой. Харин “Монпеллетс” компанийн үйлдвэр манай оронд хоёрхон байдаг ус цэвэршүүлэх бага оврын байгууламжийн нэгийг машин зогсоолын цементэн хучилттай шалан доор байрлуулсан нь анхаарал татлаа.

    Аливаа ургамал ургахад үндсэн тэжээл болох азот, фосфор, кали болон микроэлементүүд голлох үүрэгтэй. Гэвч эдгээр нь байгалийн нөхцөлд ургамлыг тогтсон хугацаанд, бүрэн гүйцэт ургуулахад зарим тохиолдолд хангалтгүй байдаг учраас жимс, ногоо болон бусад таримал ургамалд хурдан ургахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор бордоог бий болгосон түүхтэй.

    Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд манай оронд хорт хавдраар олон хүн өвчлөх болсон. Үүнд гарал үүсэл нь үл мэдэгдэх, химийн найрлага бүхий бордоог тариаланчид жирийн хэрэглээгээ болгосонтой холбоотой гэхэд хилсдэхгүй. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тариалангийн томоохон компаниудад зохих шалгалт хийдэг. Харин хувь тариаланчид болон жижиг, дунд үйлвэрлэл эрхлэгчдэд хяналт тавих нь сул байдаг аж. Тиймээс аль болох хямдханыг нь авах эрмэлзэл бүхий тариаланчид био бордоо бус, химийн аргаар баяжуулсан найрлагыг нь баяжуулсан бордоо ашигладаг юм байна. Химийн бордоог ихэвчлэн малын өтөг бууц, яс, сэг зэм, өндөгний хальс зэргээр хийдэг бөгөөд азотын, хүхрийн хүчил, калийн давс зэрэг бодис хольдог. Тиймээс хөрсний хүчиллэг чанарыг ихэсгэж, эргээд ургацад сөрөг нөлөө үзүүлдэг талаар Б.Цогбадрах хэлж байв. Харин ноосоор хийсэн бордоо химийн ямар ч нэмэлт бодис агуулаагүй, 100 хувь органик бүтээгдэхүүн учир ургацад ямар ч сөрөг нөлөөгүй тул эрүүл ургахад шаардагдах тэжээлийг өгдөг бөгөөд талбайг нэг удаа бордоход хөрсөнд 10 сар шим тэжээлээ өгдөг нь нотлогджээ. 

    Ноос өөрийн жингээс 3.5 дахин илүү ус шингээн, хадгалах шинж чанартайгаас гадна ургамалд шаардлагатай азот, калийн исэл зэрэг бодис агуулдаг. “Монпеллетс” компанийнхан 0.65 грамм ноосыг нэг шоо см хэмжээтэй бордоо болгон нягтаршуулснаар уг ноосонд агуулагдах шимт бодисыг хөрсөнд бордоход шаардлагатай хэмжээнд хүргэсэн гэнэ. Түүнчлэн чийглэг ихтэй үед ус хуримтлуулж, хуурай үед буцаагаад гадагшлуулснаар хөрсөн дэх чийгийг тэнцвэртэй байлгадаг. Ноосоор хийсэн бордоо нь ус, чийгийг шингээн, дараа нь өөрийгөө тэлэхдээ хөрсийг хөвсийлгөн сийрэгжүүлж, агаар орох нөхцөл бүрдүүлдэг давуу талтай аж. Тус компанийнхан монгол хонины ноосонд зориулсан тусгай тоног төхөөрөмжийг Германд захиалан хийлгэжээ. Уг үйлдвэрийн үйл ажиллагааг энгийнээр тайлбарлахад ноосыг тээрэмдэж, дараа нь нягтаршуулах хоёр дамжлага бүхий төхөөрөмжид хийж, 80-110 градуст халаан нянг нь устгаж, эцэст нь, үрлэн бордоо үйлдвэрлэж байна. Үүнээс гадна хонины ноосыг бохир, цэвэр гэж ялгалгүй, хаягдлыг нь ч түүхий эд болгон ашиглана.

    Томоохон улсууд өөртөө ашигтай үйлдвэрлэлүүдийг бүхий л талаар дэмжиж, экспортын эргэлтэд оруулах гарц шийдлүүдийг илүүтэйгээр дэмжин ажилладаг. “Монпеллетс” компани Герман улстай гэрээгээр ажиллаж буй хэдий ч Монголдоо бүтээгдэхүүн нийлүүлэхэд элдэв хориг, саад байхгүй гэнэ. Хэрвээ бид гуравхан сая хүн амаа эрүүл байлгая гэвэл химийн бус, эрүүл бордоогоор бордсон хүнс хэрэглэх шаардлагатай. Б.Цогбадрах “Төрөөс тодорхой бодлого гаргаж улаанбаатарчууд сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхэлсэн шиг эрүүл, органик бордоог байнгын хэрэглээгээ болгох шаардлагатай” гэж байлаа. Түүний хэлж буйгаар үүнд төрийн оролцоо байдаггүй гэнэ. Хэрвээ энэ үйлдвэрлэлийг Засгийн газраас дэмжвэл маш том ажлыг эх орондоо зориулан хийж, бүтээх боломжтой. Үүгээр ч барахгүй монгол хонины ноосыг дэлхийн зах зээлд гаргах том боломж байж мэдэх юм.

    Бэлтгэсэн: Т.Идэр (Өнөөдөр сонин)