Category: mongolian-brand

  • Дамдинсүрэнгийн ОДГЭРЭЛ- Лаан урлалын мастер

    Цаасан урлал, лаан урлал, ebru art. Монгол Улсад цаасан болон лаан урлалыг хөгжүүлэхэд үнэт хувь нэмэр оруулсан.
    1979 оны 2-р сарын 5-нд Улаанбаатар хотод төрсөн. 1986- 1996 онд Бүрэн дунд, 1996- 2000 онд Номын сангийн эрх зүйч мэргэжлээр баклавр дүүргэсэн. 2006- 2009 онд Солонгос Улсад ажиллаж амьдарч байсан. 2010 оноос Цаасан урлал, лаан урлал, ebru art- р бэлэг дурсгалын зүйлс урлаж, үзэсгэлэн, сургалт семинар зохион байгуулдаг. Цаасан урлалын багажны ком болон гарын авлага бүтээсэн. Лаан урлалын панент эзэмшдэг. 2012 онд Солонгос Улсын Цаасан урлалын холбооны сургалтанд сууж багшлах эрхийн гэрчилгээ, тус холбооны Гран При Шагнал хүртсэн. 2014 онд Монголд “Цаасаар урлахуй-1” үзэсгэлэн зохион байгуулсан. 2015 онд Турк улсад Ebru art аар сургалтанд суралцаж, Турк Улсад 350 уран бүтээлч оролцсон “Erguvan” үзэсгэлэнд оролцсон. 2012 онд Өрх толгойлсон, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэ төлбөргүй сургалтуудыг зохион байгуулж байсан. Англи, Солонгос, Турк хэлний дунд түвшиний мэдлэгтэй.

    https://www.facebook.com/odgerel.tcaasanurlal/

  • Чимэдцэрэнгийн ГЭРЭЛХҮҮ (АРЬСАН УРЛАЛ)

    Арьс ширэн дээр зураг урлаач

    1978 оны 1 сарын 13- нд Улаанбаатар хотод төрсөн. 1986- 1994 онд 10 жилийн 34-р дунд сургууль төгссөн. 1995 онд үсчин, 1996- 1998 онд 3-р цаxилгаан станцад засварчин, 1998- 2000 онд Польш улсад, 2000 онд Mоголжингоо, Бэст салонд үсчнээр тус тус ажиллаж байсан. 2001 онд Үсчдийн Гоёл наадмын тэргүүн байр эзэлж 1-р зэргийн үсчин болсон.
    2001- 2008 онд Гоёл салоныг эрхлэн ажиллуулсан.
    2008 оноос одоог хүртэл Франц улсад гэр бүлээрээ ажиллаж амьдарч байна.

    УРАН БҮТЭЭЛ
    Үxэр, адууны ширэн дээр уран бүтээл туурвих санааг дэлхийд анхлан гаргаж, бүтээлээ хийж байна. Их Эзэн Чингис Хаан, Зэв Жанжин, Ноён, Хатан, Францийн Жанна Д’Арк, Их Аварга Дагвадорж, Бетховен зэрэг бүтээлийг туурвисан. Цаашид энэхүү бүтээлээ 3D хэлбэрээр бүтээх зорилго тавин ажиллаж байна.

    https://facebook.com/ch.gerelhw
    https://www.facebook.com/Authentic-Skin-Design-And…

  • Идэрийн УРАНГОО (URANGOOIDER)

    Urangooider брэндийг үүсгэн байгуулагч, хувцасны эмч, “Хувцаслалтын эрх чөлөө” номын зохиогч. Үндэсний агуулгатай өдөр тутмын хувцас болон хүн байгалийн амин шүтэлцээг илэрхийлсэн ОРГАНИК ФАЙШН загвар зохион бүтээдэг. Үндэсний онцлох брэндүүдийн нэгдэл @Creative Gallery -г хамтран үүсгэн байгуулагч.

    Байгалиас сэдэл санаагаа авч байгалийн гаралтай болон хөвөн даавуу, арьс ширэн материал голчлон ашигласан загваруудыг бүтээдэг. Монгол, Орос, Итали, Канад улсад загварын цуглуулгаа танилуулж байсан.

    Монгол Улсын Сити институт болон Солонгосын Коокмин их сургуулиуад суралцаж төгссөн. Гоёл наадмын 3 удаагийн шилдэг дизайнар, Газар дундын тэнгисийн орнуудын шилдэг дизайнер шагналыг тус тус хүртсэн.

    Юнител, Юнивишн, Скайтел зэрэг компанийн имиж бүрдүүлэлт, үйлчилгээний ажилтануудын хувцасны дизайн, үйлдвэрлэлийн ажилд хамтран ажиллаж байсан. Гоо зүй, хувцаслалт, имиж бүрдүүлэлтийн чиглэлээр зөвлөгөө сургалт зохион байгуулдаг.

    Бүх зүйл энгийн бөгөөд донжтой байх нь хамгийн сайхан. Хамгийн шилдэг нь энгийн бөгөөд таамаглашгүй тэр зүйл юм.

    URANGOOIDER brand is enriched by HANDMADE decorations. Creating an UNIQUE look with every piece of garment. 

    Love your garment and have fun wearing it !

    https://facebook.com/Urangoo-Ider-658032977614746
    http://urangooider.com

  • Эршүүгийн ОТГОНБАЯР (УРАН ЗУРАГ)


    Зураач

    Отгонбаяр нь найман хүүхэдтэй айлын нэг. 1998 онд Монгол зургийн ангийг төгсөж уран бүтээлч болох гараагаа эхэлжээ. Удалгүй Монгол зураг болон Монголын түүхийн судлаачаар бие даан ажиллаж байх үедээ Нүүдэлчидийн соёлын холбогдолтой угсаатан зүйн 400 гаруй судалгааны зураг зурж эмхэтгэсэн байдаг.

    2005 оноос Герман улсад амьдарч байгаа тэрээр Бер­лин хот дахь Германы Урлагийн Их Сургуульд урлаг судлаач, урлагийн менежер мэргэжлээр суралцаж 2010 онд урлагийн мастерийн зэрэгтэй төгссөн. 2010 онд Берлин хотод Отгонбаярын үүсгэн байгуулсан “ЗУРАГ” галерей нь Монголын урлагийн түүхэнд монгол хүний хилийн чанадад нээсэн анхны галерей юм.

    1996 онд анхны үзэсгэлэнгээ гаргаж, 2001 оноос хойш эх орондоо төдийгүй Герман, Голланд, Швед, Швейцарь, Франц, Япон, Чех, Энэтхэг зэрэг улсуудад үзэсгэлэн зохион байгуулсан.

    УРАН БҮТЭЭЛ

    Бурханы зураг

    Тэрбээр өнөө үеийхэнд уламжлалт урлагийг эерэг талаас нь таниулах, монголын соёлын өвийг хамгаалах зорилгоор монголын миниатур зургийн уламжлалт техникүүд болон угсаатан зүйг судалсан нь чамгүй үр дүнтэй явагдсан байна. Эдгээр уламжлалт техникүүдийн нэг нь “Thangka” бурханы зураг юм. Отгонбаяр энэ бясалгал мэт төвлөрөлтийн дээд цэгээр үйлдэгддэг өвөрмөц урлах ухааны уламжлалт техникийн аргыг ашиглан өнөөдрийг хүртэл 600 гаруй Бурхадыг бүтээжээ.

    Комик

    Отгонбаярын 1998 оноос ажиллаж байгаа нэгэн төсөл бол Монголын Нууц Товчоо-г Монгол Зургийн аргаар зурагжуулах юм. Энэ ном нийт 620 гаруй хуудастай 3000 орчим зурагтай аж. Тэрээр энэ бүтээлийнхаа талаар: “Манайхан “Монголын Нууц Товчоо”-г ойлгохын тулд олон удаа унших хэрэгтэй гэж ярьдаг. Бид өөрсдөө ойлгоход хэцүү байхад, гадаад хэлээр мянга орчуулаад ч гадаадынхан бас л ойлгохгүй шүү дээ. Монгол зураг бол номын зураг тэр тусмаа комик зурганд их тохирмжтой. Миний санаа энэ зургаас монгол комик стиль гаргаж, монголынхоо түүх, ёс заншил болон соёл урлагийг олон улсад зөв талаас нь таниулах ажил юм. Ер нь комик номыг олон улсад бүх насны хүмүүс сонирхон цуглуулж уншдаг, тэр дундаа залуу үеийнхэн илүү сонирхдог мөн залуудаа сурсан мэдсэн зүйл амьдралд үлддэг шүү дээ. Тэгэхээр Монголын түүхийн сэдэвтэй энэ номыг комик зургийн аргаар олон улсад гаргаж чадвал тус орнуудын шинэ залуу үеийхэнд Монголын урлагийг ямарваа нэгэн хэмжээгээр таниуллаа гэж ойлгож болно“

    Чөлөөт уран бүтээл

    • “Диваажин-07” гуаш, даавуу, 21 x 30 см, зурсан он 2003. Түүний 2002 оноос хойш бүтээж байгаа “Диваажин” цуврал зургууд нь Монгол зургийн аргаар бүтээгдсэн бичил миниатур зурагнууд юм.
    • “Туурайн төвөргөөн-12”, гуаш, даавуу, 120 x 160 см, зурсан он 2008. 1999 оноос бүтээж байгаа “Туурайн төвөргөөн” цуврал зургуудын гол онцлог нь нэг зурганд мянга мянган бичил морид багтсан байдаг юм.
    • “ХҮН” зураг 660 x 217 см, акрил зотон зурсан он 2010- 2012. Уг зурганд 11000 гаруй хүн амьтны дүрслэл орсон нь Монголдоо төдийгүй дэлхийн урлагийн түүхэнд “нэг зурганд” урьд өмнө байгаагүй хамгийн олон хүн дүрслэгдсэнээрээ онцгой юм.


    БИЕ ДААСАН ҮЗЭСГЭЛЭН

    1996 он ХОС ЕС үзэсгэлэн, Монголын Хүүхдийн Ордон, Улаанбаатар

    2007 он

    • БУРХАД Үзэсгэлэн, “Adelhausermuseum” Музей, Фрайбург, Герман
    • МОНГОЛ МИНИАТУР ЗУРАГ Үзэсгэлэн, Монголын Соёлын Төв, Фрайбүрг, Герман
    • МИНИАТУР ЗУРАГ Үзэсгэлэн Герман Банк (Deutsche Bank), Берлин
    • ЗҮРХНЭЭС МЭДЭРСЭН ДИВААЖИН Үзэсгэлэн, Мюнхен, Герман
    • ОТГО ОЙРЭБРО ХОТОД Үзэсгэлэн, “Konstfrämjandet” Галерей, Ойрэбро, Швед

    2009 он

    • ОТГО ОЙРЭБРО ОРДОНД Үзэсгэлэн, Ойрэбро, Швед
    • ОТГО СЭЭХАЙМ ОРДОНД Үзэсгэлэн, Констанц, Герман

    2011 он

    • ТУУРАЙН ТӨВӨРГӨӨН Үзэсгэлэн, ЗУРАГ Галерей, Берлин
    • ТУУРАЙН ТӨВӨРГӨӨН Үзэсгэлэн, Монголын Соёлын Төв, Бонн, Герман
    • БУРХАД Үзэсгэлэн, ЗУРАГ Галерей, Берлин
    • МОНГОЛ АЯН – 1 Үзэсгэлэн, Альзас, Франц
    • МОНГОЛ АЯН – 4 Үзэсгэлэн, Лайпциг, Герман

    2012 он

    • ХҮН Үзэсгэлэн, ЗУРАГ Галерей, Берлин
    • КАМА СУТРА “KAMA SUTRA in Miniature” Үзэсгэлэн, ЗУРАГ Галерей, Берлин
    • ОТГО арт Үзэсгэлэн, “Commerzbank” Бранденбург хаалга, Берлин
    • ОТГО арт Үзэсгэлэн, Цагаандариум Арт Галерей & Музей, Улаанбаатар
    • ОТГО арт Үзэсгэлэн, Улаан Гэр Галерей, Хаан Банк, Улаанбаатар


    НОМ БҮТЭЭЛ

    2004 он ЗҮРХНЭЭС МЭДЭРСЭН ДИВААЖИН

    2004 он БУРХАД

    https://facebook.com/OTGOArtist
    http://mongolian-art.de

  • “Эзэнт гүрний эрдэнэсийн сан” коллекци – “Өрнийн гүнж” загвар

    Төслийн хүрээнд хүрэл зэвсгийн үеийн хадны сүг зураг болон эртний Хүннү гүрэн, 13-15-р зууны үеийн түүхэн баримтат археологийн судалгаанд тулгуурлан орчин үеийн Арт-Кутюр чиглэлийн хувцас загварын Монгол брэнд коллекцийг бүтээн олон улсын загварын нэр хүндтэй тайзнаа толилуулна. Эзэнт гүрний эрдэнэсийн сан коллекци нь нийт 50 загвар байх бөгөөд энэ удаад эхний загвар болох “Өрнийн гүнж” загварыг танилцуулан санхүүжилт босгож байна.


    ТАНИЛЦУУЛГА

    Төслийн үндэслэл

    Хүн төрөлхтний түүхэнд дэлхийн олон орныг эзэлж, эзэнт гүрнийг хэд хэдэн удаа байгуулж байсан Монголчууд бид өвөг дээдсийнхээ үеэс үед уламжлан дамжуулж үлдээсэн арвин их үнэт зүйлс, өв соёлоо нандигнан дээдэлж, улам баяжуулан хөгжүүлж, хойч үедээ үлдээх үүрэг хариуцлагатай юм. Монгол үндэсний дээл хувцас нарийн ур хийц, чамин тансагаараа дэлхийд шагшигдан гайхагдсаар ирсэн билээ. Баруун европоос Монголд ирсэн анхны европ Ппано КарпиниМонголын эзэнт гүрний баян тансагийг “Монголчуудын түүх” номондоо магтан дуулсан байдаг бол алдарт “Star Wars” киноны Naboo гаригийн залуу хатан Padmé Amidala-ийн /жүжигчин Натали Портман тоглосон/ хувцсыг Монгол хатны хувцасны загвараас сэдэвлэн бүтээсэн байдаг.

    Өнөөдөр загвар зохион бүтээгч Ариундэлгэр миний бие энэхүү өнө эртний түүхтэй Монгол хувцасныхаа соёлын өв, үндэсний хувцасны өвөрмөц онцлог, ур хийц, уламжлалт түүхэн хэв маягийг нэн орчин үеийн загвар дизайнаар дамжуулан чамин хээнцэр, хурц содон, өвөрмөц хийц зохиомж, шийдэл бүхий “Эзэнт гүрний эрдэнэсийн сан”загварын коллекцио бүтээн туурвиж байна.

    Уг брэндийн загварууд нь Эзэнт гүрний ордны эрхэмсэг тансаг болон баатарлаг догшин дүр төрхийг дизайнерын сэтгэмжтэй уялдуулан хурц содон шийдлээр тодотгон илтгэх ба өвөг Хүн гүрнээс өнөөг хүртэлх эдийн соёлын өв бэлгэдэл, ардын урлал, хээ чимэглэл, археологийн бодит олдворуудыг нарийвчлан судалсаны үндсэн дээр зохиосон.

    Эдгээр хувцасны гоёл чимэглэл, тоног, олон төрлийн нарийн уран хийц, ажилбарыг мэргэшсэн уран дархан, чулуу засалч,үйлчин, оёдолчин, гоёл чимэглэлч нарын нарийн мэргэжлийн урчуудын баг гүйцэтгэн ажиллана. Мөн “Эзэнт гүрний эрдэнэсийн сан” загварын коллекц бүрийн бүтэж буй байдлыг түүхчлэн хадгалах ажлыг хийж гүйцэтгэнэ.

    “Эзэнт гүрний эрдэнэсийн сан” загварын коллекцийн ач холбогдол

    • Монголынхоо түүх, соёл уламжлалыг сэргээн хадгалах, хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах,
    • Монгол үндэсний хувцасны соёлыг шинэ хэв маягаар олон улсын нэр хүндтэй талбарт сурталчлах, Монгол брэндийг бий болгох, олон нийтэд загвараар дамжуулан түүх өв уламжлалаа танилцуулах,
    • Монгол үндэснийхээ гэсэн бүхий л зүйлсийн үнэлэмжийг дээшлүүлэх, нандигнан хайрлаж, эрхэмлэн дээдэлж явах ухамсрыг үлдээх, бахархуулах, хоногшуулах,
    • Монгол үндэснийхээ хувцсаар бахархан омогших сэтгэхүйг хойч үедээ үлдээх, мөн эртний түүхтэй, төгс төгөлдөр, бардам ихэмсэг, сүр жавхааг дэлхий дахинаа сурталчлах ач холбогдолтой.

    Төслийн явц

    25 жилийн судалгаан дээр тулгуурласан энэ төсөл маань 2010 оноос эхэлсэн:

    1-р шат: 2010-2014 оны хооронд Эзэнт гүрний эрдэнэсийн сан коллекцийн нийт 50 бүтээл зурагдаж бэлэн болсон.
    2-р шат: Төсөл амжилттай хэрэгжээд нийт коллекцийн 50 хувь нь бэлэн болоход түүхийн эрдэмтэн судлаачид, археологичид, гадаад дотоодын хувцасны загвар судлаач мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй эрдэм шинжилгээний бага хурал хийнэ. Уг хурлын эмхэтгэлийг 5 орны хэл дээр хөрвүүлэн архивлан хадгална.
    3-р шат: 50 загварыг биет соёлын өв (хувцас) болгож, Монгол улсаа сурталчлах зорилгоор дэлхийн олон оронд загварын үзүүлбэрээ зохион байгуулна. Нэг хувцас бүтээхэд 4-6 сарын хугацаа орно.
    4-р шат: “Эзэнт гүрний эрдэнэсийн сан” үндэсний өв соёлын музейг байгуулж, гадаад дотоодын жуулчдыг татна.

    “Өрнийн гүнж” загвар

    Зургийн тайлбар:

    Хүч чадал, эрх мэдлийг бэлгэдэн толгойн заслын төв зохиомжид шонхор шувууны ерөнхий хэлбэрийг ашиглан өөрийн уран сайхны хэтрүүлгээр үүсмэл амьтан бий болгож зохиомжилсон бөгөөд аманд нь эртний хөх мана зуулгаж, үнэт металлаар уран дарханы аргаар урлана.

    Уг хувцасны бүрдэл хэсгүүд болох бусад хэрэгсэл /аксессуар/ бугуйвч, үсний засал нь ямар нэгэн амьтны анатомийн ясны уран бүтцээс санаа авч, уг загварын онцлогт уялдуулан зохиомжилсон бөгөөд шүр, оюу, хөх мана, хар мана, сувд зэрэг эрдэнийн чулуугаар чимэглэнэ. Үсний үзүүр хэсэгт нүүдэлч язгуурын тулааны зэвсэг болох сумны зэвээр нүүдэлчдийн омог бардам, эзлэн захирагч дүр төрхийг тодотгохыг зорьсон билээ.

    Хүзүүний зүүлт, бүс зэрэг нь орчин үеийн гоёл чимэглэл, үнэт эдлэлийн зах зээлийн шаардлагад нийцэхүйц шинэлэг дүр төрх бүхий шинэ брэнд хийц бий болгох үүднээс Монгол уламжлалт хээг өөрийн уран сайхны зохиомжтой хослуулсан.

    Уг хувцсанд үндсэн суурь хээгүй цулгай пүүсүү – торгон дээр өөрийн зурж төлөвлөсөн шинэ маягийн арт загварын хээг уран хатгамалчид гараар урлана.

    Уг загварыг хийж бүтээсний эцэст харахад ерөнхийдөө Их эзэнт гүрний үеийн агуу их хааны хайрт гүнжийн хувцас мэт харагдах учиртай билээ.





    ТӨСЛИЙН БАГ

    Төслийн удирдагч: У.Ганцэцэг

    Загвар зохион бүтээгч: Д.Ариундэлгэр /Ariuka/

    Төслийн баг: Уран дархан – 6, хатгамалчид – 10, оёдолчин – 3


  • ЦЭГЭЭР НААДЪЯ хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх төсөл, сургалтын аргазүй

    Цэг холбодог бичвэрийн дэвтрээр дамжуулж, СӨНХ-ийн гарын жижиг булчинг хөгжүүлж, зурж бичих дадал олгохоос гадна математикийн болон бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх 40 аргачлал.

    Хүүхэд судлаач, Сургуулийн өмнөх боловсролын шинэчлэл ТББ-ын тэргүүн Жамсранжавын ХОРЛООгийн сүүлийн 5 жилийн хугацаанд 2000 гаруй хүүхдийг хамруулсан туршилт судалгаа, үзүүлэх ажил зохион байгуулсны үндсэн дээр “Бичвэрийн дэвтэр”-т ШИНЭЧЛЭЛ хийлээ.
    Хүүхдүүдийн хувьд ядардаг, залхдаг, шаардуулдаг, албадуулдаг цаг үе ард өнгөрч энгийн хялбар аргаар, зугаатай сонирхолтой аргаар, зурж будангаа боддог, сэтгэдэг, бүтээдэг боллоо. Зугаатай сонирхолтой аргаар зурж бичих дадал олгохоос гадна СӨНХ-ын оюун ухаан сэтгэлгээг интеграцчилсан нэгдмэл байдлаар хөгжүүлэх боломжийг таниулсан “Цэгээр наадъя- хүүхэд хөгжүүлэх 40 аргачлал” арга зүйн гарын авлагатай боллоо.

    Цэгээр наадъя аргазүй одоогоор 100,000 хүүхдэд хүрсэн.


    ХОЛБОО БАРИХ
    Утас: 9915-8825, 9122-4555
    sub.shinechlel@gmail.com
    horloo_j@yahoo.com
    www.twitter.com/jhorloo
    www.facebook.com/jhorloo
    www.facebook.com/SUBSHNGO

  • МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО ТҮГЭЭМЭЛ ЭХ

    Монгол бахархлын ноён оргил, монголын түүх соёлын нэвтэрхий толь- Монголын нууц товчоог хүн төрөлхтөнд хүргэж, монгол өв соёлыг таниулах зорилготой “МНТ түгээмэл эх” төслийн хүрээнд, МНТ-г бүрэн зураг чимэглэлтэйгээр англи, солонгос, хятад, унгар, япон, орос, монгол бичиг, кирил монгол долоон хэлээр хэвлэж, Монгол Улсыг дэлхийд таниулан сурталчилахад бодит хувь нэмэр оруулаад байна.

    Тус бүтээл нь түүх, хүн судлал, археологийн судалгааны сүүлийн үеийн ололтонд тулгуурлан түүхэн бодит үнэнийг зураглан толилуулж байгаагаараа өндөр ач холбогдолтой юм.

    Ийнхүү уг төсөл дараагийн шатанд шилжиж Монголын Нууц Товчоог дэлхийн түгээмэл хэл болох дэлгэцийн бүтээл- motion illustration төрлөөр бүтээж эхлээд байна.

    “Монголын нууц товчоо түгээмэл эх”-ийн онцлог ба ач холбогдол

    МНТ-г уран зургаар баяжуулан дүрсжүүлсэн нь Түгээмэл эхийн гол онцлог юм. Ингэснээр ямар ч залхуу гар сонирхолтой зургуудад хөтлөгдөн унших болно. Энэхүү эхийг бүтээхдээ Ц.Дамдинсүрэнгийн эхийг баримталсан ба үг, найруулгын утгыг нь алдагдуулалгүйгээр ахин найруулж, өгүүлэмжийг сэдэв бүрээр салгаж хувиарлан байршуулах зэргээр уншиж ойлгоход нь дөхөмтэй болгов.

    МНТ бол үйл явдлыг голчлон тэмдэглэж үлдээсэн зохиол. Тиймээс хүмүүсийн дүр төрх, ахуй орчин, хувцас хэрэглэлийн талаар дүрсэлсэн зүйл бага. Тийм ч учраас тухайн үеийн овог, аймгуудын соёлын хэв маяг болон угсаатан ястангуудын дүр төрхийн ялгаа онцлогийн талаар тодорхой төсөөлөл өгдөггүй. Гадаад уншигчдын хувьд бүр хэцүү. Тэд ядаж монгол гэр ямар бүтэц зохион байгуулалттайг мэдэхгүй шүү дээ.

    Иймээс уг зохиолыг зурж дүрсжүүлэх зайлшгүй шаардлагатай. Ингэхдээ чимэг төдий биш зохиолын агуулгыг баяжуулж, дутууг нь нөхөх, мэдээллийн багтаамж ихтэй, бодит дүрслэлтэй зургууд хэрэгтэй. Үүний тулд бид түүх, хүн судлал, археологийн судалгааны сүүлийн үеийн ололтыг тусгасан, XIII зууны монгол ертөнцийг бүх талаас нь, өчүүхэн зүйл ч орхигдуулаагүй бүтээл хийхийг хичээн ажиллаж байгаа юм. Үүнд дээл хувцас, орд өргөө, хоол хүнс, бүжиг хөгжим, зэр зэвсэг, хуяг дуулга, бичиг соёл, дайны урлаг бүгд багтана. Ингэж өргөн хүрээтэй дүрсэлж үзүүлснээр бид өвөг дээдсийнхээ соёлоор жинхэн утгаараа бахархах боломжтой болно. Шинэ цагийн “Шороотын Цэвээн”-үүд маань харьд очоод нүүр бардам үзүүлэх зүйлтэй болно. Бас өрнө, дорнын бусад үндэстнүүдийн соёлоос ялгарах онцлог болон тэдэнтэй ямар соёлын харилцаатай байсан, бусдад ямар нөлөө үзүүлж бас тэднээс ямар нөлөө авсан зэргийг олж харах юм.

    Дэлхий нийт бидний өвөг дээдсийг нэхий нөмөрсөн, зэрлэг булаан эзлэгчид гэж ойлгодог нь орвонгоороо эргэнэ. Манай соёл уламжлалыг улам ихээр хүндэлж тэр хирээр манай улсын нэр хүнд дэлхийн тавцанд өсөх болно.

    ҮР ДҮН

    • МНТ-г олон хүн уншина;
    • Түүх, соёлын баттай мэдлэгтэй болно;
    • Соёлын дархлаа бэхжинэ;
    • Ирээдүйн зураач, дизайнер, уран барилгачдын гарын авлага болно;
    • Дэлхий дахинд манай улс үндэстний нэр хүнд (image) дээшилнэ;
    • Чингис хааны өлгий нутгийг зорих жуулчдын тоо нэмэгдэнэ;

    САНАЛ

    “Монголын нууц товчоо түгээмэл эх” нь гурван цувралаар хэвлэгдэх бөгөөд одоогоор 1-р дэвтэр нь хэвлэгдсэн. 2, 3- р дэвтэр нь хэвлэгдэгхэд бэлэн болсон үндэсний үнэт зүйлээ дэмжигч хэн бүхэнтэй хамтарч ажиллахад бэлэн байна. Төслийн дараагийн шатанд бид “Монголын нууц товчоо” анимайшн кино бүтээхээр ажилдаа ороод байна.

    СУДЛААЧИД ЮУ ГЭЖ ХЭЛЭВ?

    Археологич Д.Эрдэнэбаатар
    УБ-ын ИС-ийн декан, доктор, профессор

    БИЕТ СОЁЛЫН ӨВИЙН СУДАЛГААНД СУДЛААЧ, СОНИРХОГЧДЫН
    АНХААРЛЫГ ХАНДУУЛЖ ЧАДЛАА

    Энэ ном бол МНТ-г анх удаа бодит уран зургийн аргаар дүрсэлж үзүүлсэнээрээ онцлог. Ингэснээр кино үзэж буй мэт таатай ном болсон. Түүхэн үйл явцыг зураг дүрстэй унших нь уншигчийн хүлээж авах байдал хурдан, тогтоц сайн байх талтай.
    Зураач Р.Батцэнгэл судлаач, археологичидтой олон жил хамтарч ажилласанаар түүхэн хувцас хэрэглэл, зэр зэвсэг, аж ахуйн эд юмсыг бодитойгоор дүрслэх бололцоо гарсан. Түүнээс гадна монгол төрхтөний түгээмэл хэв шинжийг тодорхой харуулсан сайн талууд бий.
    Нийтэд зориулсан гэхээс илүү биет соёлын өвийн судалгааг МНТ-той холбож өгсөн судалгааны том эх сурвалж гэж хэлж болно.

    Түүхч С.Цолмон
    Түүхийн хүрээлэнгийн ахлах ажилтан, УБ-ын ИС-ийн Гадаад харилцаа-эрдэм шинжилгээ эрхэлсэн проектор, доктор, профессор

    ЭЦЭГ, ЭХЧҮҮД ӨӨРСДӨӨ УНШААРАЙ, ҮР ХҮҮХДҮҮДДЭЭ ТАЙЛБАРЛАЖ ӨГӨӨРЭЙ

    Унших тусам гүнзгий ухаж үзүүштэй ийм нэгэн түүхэн сурвалж бол МНТ юмаа гэж бид үнэхээр бахархдаг. МНТ-с сэдэвлсэн гадаадын олон кинонуудад нүүдэлчдийн амьдрал ахуй, соёл, зан заншлыг мэдэхгүйн улмаас андуу, ташаа зүйлс их дүрсэлдэг. Тиймээс энэ номыг уншиж харьцуулж үзээд залруулаарай.
    Ном ном дундаас яг зөв мэдээлэлтэйг нь сонгож уншвал цаг заваа хэмнэхэд их чухал. Та бүхэн зураач Р.Батцэнгэлийн “МНТ Түгээмэл эх” хэмээх ийм нэгэн ач холбогдолтой бүтээлийг сонгон авч уншаарай. Үр хүүхэд, дүү нартай авч өгөөрэй. Эцэг, эхчүүд өөрсдөө уншаад тайлбарлаж өгөөрэй хүсч байна.

    Нийтлэлч А.Баатархуяг
    МОНЦАМЭ агентлагийн дарга

    БОЛОВСРОЛТОЙ ХҮН ЭХ ЗОХИОЛ УНШИХ ЁСТОЙ

    Мэдлэг боловсролтой хүн юуны өмнө эх зохиол унших ёстой. Манайхан дам ишлэсэн зүйл их уншдаг. Дам ишлэл уншиж явсан хүн хэрэглэж байгаа цаад этгээддээ үйлчилсэн үзэл санааг өөртөө суулгаж авдаг. Өөрөөр хэлбэл тархиа угаалгаад байна гэсэн үг.
    МНТ бол дэлхийн хамгийн том эзэнт гүрэн байгуулагдахын өмнөх монголчуудын оюун сэтгэлгээ, төрийн тогтолцооны үзэл санаа, Тэмүжин хаан ширээнд суух цаад учир шалтгаан зэргийг тусгасан зохиол. Иймээс монгол хүн бүр унших ёстой.
    МНТ-г монголчууд түгээхгүй бол өөр хэн түгээх вэ. Өнөөдөр дэлхий даяараа еврей хүнийг дэлхийн хамгийн ухаантай хүн гэж боддог. Хэрэв МНТ-г дэлхийд түгээж чадвал хүн бүхэн монголчуудыг дэлхийн хамгийн хүчирхэг үндэстэн гэж хардаг болно.
    Хэтэрхий их хөдөлмөр гаргасан байна. Энэ их хичээл зүтгэлийн үр шимийг яаж гаргах вэ гэж зовниж байна. Цаашид төслийнхөө санаа зорилгыг нийтэд сайн таниулж явбал илүү их үр дүнд хүрэх болов уу.

    Зураач Д.Эрдэмбилэг (МУУГЗ)

    БИД БҮХНИЙ ХҮСЭН ХҮЛЭЭЖ БАЙСАН БҮТЭЭЛ БОЛЖЭЭ

    МНТ бол сонгодог зохиол. Унших тусам шинэ зүйл олж мэддэг. Энэ зохиолын үнэ цэнэ үнэхээр гайхалтай. Үүнийг хүүхэд залуучууд болон нийт иргэдэд зориулж сонгодог уран зургийн хэлбэрт оруулж бүтээсэн нь үнэхээр бахархалтай бас сайшаалтай. Ингэж уран зохиолыг уран зургийн хэллэгт оруулснаараа их шинэлэг болсон байна. Үүнийг залуучууд, хүүхдүүд хүсэн хүлээж байсан бид бас их хүлээж байсан.
    Монголчууд оюуны их соёлтой байсан юмаа гэдгийг ил болгож харуулахад МНТ-г гадаад сурталчилгаандаа сайн ашиглах ёстой. МНТ бол бидний бренд юм шүү.

    Зураач Д.Ганзориг

    УНАГАН СОЁЛОО СУДЛАЯ, ХОЙЧ ҮЕДЭЭ ӨВЛҮҮЛЬЕ

    Бид түүхээ их ярьдаг. Харин үзүүлэх юм нь хомс. Монголчууд гайхалтай соёлтой улс байсан юм шүү гээд нэмэргүй байнаа. Одоо бид бодитоор нь хиймээр, бүтээмээр байна. Өнөөдөр босгочихож чаддаггүй юмаа гэхэд ингээд судлаад бэлдээд тавьчихмаар байна. Улс чадалтай болох тэр цагт бидний үлдээсэн санаанаас аваад ашиглаг л дээ.

    Төслийг санаачлагч,
    зураач Рэнцэнгийн Батцэнгэл

    ЗУРААЧ, ТӨСЛИЙГ САНААЧЛАГЧ МИНИЙ ХҮСЭЛ ЗОРИГ

    Бяцхан уншигчдын маань дунд ирээдүйн зураач, дизайнер, уран барилгачид бий. Энэ төслийн алсын зорилт бол тэдгээр бяцхан уран бүтээлчдийн онгодыг монгол соёлоор хөглөх, мах цусанд нь шингээх явдал юм. Тэд унаган монгол соёлтойгоо танилцаж өссөнөөр орчин үеийн монгол соёлын өнгө төрхийг төлөвшүүлж чадна. Тэд л Улаанбаатар хотыг бидний хүсээд байгаа эртний түүхт Монгол улсын нийслэл болгоно.

    Хэрэв бидний үеийнхэн багадаа орос биш монгол зурагтай ном харж өссөн бол өнөөдөр төрийн ордны барилга, хүндэт харуулын хувцас, “Фортуна” сайдын “зуухтай тулга” хэдийнээ монгол төрх хэлбэрээ олоод төлөвшчихсөн байх байлаа.

    Соёлын өвтэй холбоотой асуудал яригдахад хөөмэй, уртын дуу гэхчлэн биет бус өвүүд голцуу дурдагддаг. Биет өвийг судлаж сурталчлах, хэв маягийг нь орчин үеийн хэрэглээ, дизайнд шингээх асуудал хөндөгдөхгүй байна. Өнөөдөр хот төлөвлөлт, архитектур дизайныг сайжруулах тухай бодох цаг ирлээ. Энэ ажлыг амжилттай хэрэгжүүлэхэд Хүннү гүрнээс Их монгол улсыг хүртэлх хугацааны соёлыг судлах нь хамгаас чухал. Учир нь энэ цаг үеээс манай соёлын гадны шашин, соёлын нөлөөнд ороогүй унаган төрхийг олж хардаг юм.

    Нөгөө талаасаа бид цус булингартахаас маш их айж, түгших хэрнээ соёлын дархлааг анхаардаггүй. Соёл үгүй бол цус хичнээн цэвэр байгаад яах билээ. Сурагчдад зүйр цэцэн үг, оньсого, ертөнцийн гурав мэт цээжлүүлснээр соёлын дархлааг тогтоох гэж оролдоод байх шиг. Гэтэл монгол соёлын дархлааг Улаанбаатарын гудамжинд баригдаж буй хятад дааман хаалга мэт зүйлс аажмаар мэрж устгаж буйд нийтээрээ анхаарал хандуулах цаг болжээ.

    Холбоо барих
    https://www.facebook.com/SecretHistoryMongols

  • Амай | Жамбалсүрэнгийн Золбаяр

    Аялагч, нийгмийн зүтгэлтэн, мөрөөдлөөрөө амьдрагч, 12 жилийн турш дэлхийн 86 улсаар аялаж судалгаа хийсэн.

    Намайг Бат овогт Жамбалсүрэнгийн Золбаяр гэдэг.

    Монголчууд маань намайг Амай гэдгээр сайн мэднэ.

    810 жилийн түүхт,

    Их Эзэн Чингис Хааны бүтээсэн,

    Нүүдэлчин овог аймгуудын Ураг нутгийг нэгтгэсэн,

    МОНГОЛ ҮНДЭСТЭН-ий,

    Ардчилсан Бүгд Найрамдах засаглалтай,

    Тусгаар Монгол Улсын иргэн миний бие

    1979 оны 6 сарын 28 нд

    БНМАУ-ын, Монголчуудын шинэ нийслэл Улаанбаатар хотод

    Их сургуулийн багш, сэхээтний гэр бүлд төрж өссөн билээ.

    Дунд сургуулийн 1-5 дугаар ангидаа олон үндэстний Зөвлөлт Холбоот Улсад гэр бүлтэйгээ амьдрахдаа орос хэл сурч, Европ, Зөвлөлтийн соёлтой танилцсан юм.

    1997 онд тухайн цаг үеийн Монголын хамгийн шилдэг гурван дунд сургуулийн нэг болох, гадаад хэл сургалтын 23 дугаар сургуулийг төгссөн.

    2003 онд МУИС-ийн Олон Улсын Харилцааны Дээд сургуулийг, Япон судлалаар төгссөн.

    2005 он гэхэд, Зөвлөлтийн нөлөө дууссаны 15 жилийн и Монголд, дэлхийн дөнгөж дэлгэрч эхэлсэн Электро хөгжмийн урсгалыг нэвтрүүлэх “Клуб21” гэх таван жилийн төслөө амжилттай хэрэгжүүлэв. Цөөн хэдэн уран бүтээлчтэй, хэдхэн төрлийн хөгжмийн урсгалыг мэдлэг, сонирхдог, хаалттай бүсээс чөлөөлөгдөөд удаагүй улсын иргэдэд шинэ хөгжмийн давалгааг мэдрүүлнэ гэдэг амаргүй байсан ч, тухайн үеийн Монгол залуусын олонхи нь Электро Транс хөгжмийг сонгосон юм.

    ОУХДС-ийг төгсөөд СУИС болон Удирдлагын Академид тус бүр бие даан, цагийн хичээлийн хөтөлбөрт хамрагдаж, мэргэжилээ дээшлүүлэв.

    2005 оны 11 сарын 4 ний өдөр “Монгол Бадарчин” төслөө эхлүүлж, шинэ нийслэлээс Дэлхий дахиныг танин мэдэж, туулахаар холын замд гарч, 10 гаруй жилийн хугацаанд

    Монголын,

    Төв, Баруун, Зүүн Өмнөд Азийн,

    Хойд, Баруун, Зүүн, Өмнөд Европын,

    Ойрхи Дорнодын Араб, Еврей, Бедуинуудын,

    Хойд, Зүүн, Өмнөд, Баруун Африк тивийн,

    Хойд болон Төв Америкийн

    төр улсын түүх, тогтолцоо, эдийн засаг, соёл уламжлал, нийгмийн төрөл бүрийн байгуулалттай 86 улсад бадарчилж,

    олон зуун мянган өөр өөр үүсэл гарал, дүр төрх, шашин шүтлэг, ажил мэргэжил, амьдралын хэв маягтай хүмүүстэй уулзан учирч, ярилцаж, Амьдралын тухай өөрийн гэсэн ойлголттой боллоо.

    XXI зууны эхэн үеийн Дэлхийн байгалийн гоо үэсгэлэн, Хүн Төрөлхтний аж амьдрал, Цаг хугацааны түүхэн баримтуудыг цуглуулж, амьдрал, хөгжлийн олон асуултын хариултыг олох нь “Монгол Бадарчин” төслийн гол зорилго байв.

    Зөвхөн Монгол Үндэстний төдийгүй,

    Манай өнө эртний Нүүдэлчдийн түүхэнд хамгийн хол нутагт мөрөө гаргаж,

    Тусгаар Монгол улсынхаа далбааг Дэлхийн алс хязгааруудад намируулан мандуулж,

    Гадаадын олон зуун мянган хүн ардад эх орон, Монголоо сурталчилж,

    Дэлхий дахин гэж юу байдаг, соёл иргэншлүүдийн харилцаанд яг юу болж байгаа, энэ цагийн хүмүүст юу хэрэгтэйг ойлгоод, Эх орондоо эргэн ирээд байна.

    “Монгол Бадарчин” төслийн хүрээнд бичигдсэн тэмдэглэлүүдийг Монголын ихэнх сонин хэвлэл, сэтгүүл, интернэт мэдээллийн сувгууд цаг тухайд нь олон нийтэд түгээж,

    өөрийн олж мэдсэн Дэлхийн мэдлэг, амьдралын ухаан, хөгжлийн онолоо ТВ-ийн бараг бүх сувгуудаар ярилцлага хэлбэрээр тайлагнаж,

    Энэ хугацаанд Монголын Төрийн болон Төрийн бус байгууллагууд, их, дээд, дунд сургууль, хувийн хэвшлийн нийт 300 гаруй албан газруудад уулзалт, ярилцлага зохион байгууллаа.

    Монголынхоо соёл, ухаарлын ертөнцөд “Амай” гэх “Ам”ны тусламжтай “Ая” гаргах урлаг, Электро хөгжмийн урсгал, Диско Клубын соёл, “Монгол электро” хөгжмийн гурван цомог, Монгол улсын Засгийн газраар хүлээн зөвшөөрөгдөн, аймаг сум бүрт хүргэгдсэн, Дэлхийн хүмүүсийн амьдралын олон өнгийг харуулсан “Монгол Бадарчин” гурван боть ном, “Дэлхийн Нэг Өдөр” гэх Монголын экспортонд бэлдсэн, XXI зууны эхэн үеийн Дэлхийн амьдралыг үзүүлсэн хамгийн хэрэгтэй зурган мэдээлэлтэй, фото тэмдэглэлийн ном-альбом зэргийг бүтээж, хойч үедээ өвлүүлэн үлдээлээ.

    Дээрх ажлын хажуугаар Монголын хип хоп урсгалын хөгжил, FM радиогийн хөгжил, DJ урлагийн хөгжил, Графити урлагийн хөгжил, Бүжгийн урлагийн хөгжил, ТВ-ийн хөгжил, блог тэмдэглэлийн хөгжил, сэтгүүл зүйн хөгжил, аялал жуулчлалын хөгжилд тус бүр хувь нэмрээ оруулж,

    Залуусын юм үзэж нүд тайлах хүсэл эрмэлзлийг бадруулах, зоригжуулах, аялах замыг нээх зэрэг ажлуудад идэвхтэй оролцлоо.

    Миний мэргэжил бол олон улсын харилцаа, гэхдээ 90-ээд оны үед манайд дэлгэрсэн гурван улсыг дамнасан улс хоорондын наймааны ухаанд суралцаж, диско клубын менежер, FM радиогийн менежер, хөтлөгч, S.A studio гэх хөгжмийн болон видео студи байгуулж, хөгжмийн продюссер, фотошоп дизайнер, ТВ-ийн хөтлөгч, сэтгүүлч, фото сурвалжлагч, мэргэжлийн аялагч, зөвлөгч, амралтын газрын аниматор, ном хэвлүүлэгч, багш сургагч, түүх соёл судлаач, шашин судлаач, байгаль хамгаалагч зэрэг мэргэжлээр ажиллаж, амьдралынхаа туршлагыг өргөтгөсөөр ирлээ.

    Цахилгаан монтаж, фото зураг дарах болон боловсруулж хэвлэх, загвар өмсөх, хувцасны дизайн, оёдол, компьютер угсралтын сургалтуудыг тодорхой төвшинд гүйцээж,

    Word, Photoshop, Premier, Sound Forge, Fruity loops программын орчинд ажиллаж,

    интернэтийн Facebook, Twitter, instagram, Youtube гэх сошл орчинд хориод суваг нээн, олон нийтэд хүрч, мэдээллээ түгээсээр байна.

    Олон мянганыг туулсан манай Аугаа соёл иргэншлийн, энэ цаг үед амьдарч буй Монгол залуугийн нүдээр, XXI зууны эхэн үеийн Дэлхийн болон Монголын амьдрал ямар байсан тухай хойч үедээ дуурсгах зорилгоор бүтээгдсэн, хамгийн олон хүнд хүрч чадсан, 11 жил зогсолтгүй хөтөлж буй www.amai.mnблогоо ажиллуулсаар байна.

    2015 оноос эхлүүлсэн “Амай Илгээлтийн Эзэн” төслөөр, БНМАУ-д юм үзэж, нүд тайлсан залуу үеээ хөдөө, алс хязгаарт соёлын үр түгээлгэхээр илгээдэг байсан хөтөлбөрийг дахин сэргээж, Монголын залуус сайн дураараа хөдөөг хөгжүүлэхээр явдаг ажлыг өрнүүлэх зорилготой байна.

    Одоогийн байдлаар Аавын маань нутаг Увс аймгийн Давст сум, Ээжийн минь нутаг Архангай аймгийн Өлзийт суманд судалгааныхаа ажлаа хэрэгжүүлж эхэллээ.

    Миний бие хийсэн, бүтээсэн ажлуудаараа Шинжлэх Ухааны Академийн дээд шагнал болох Хубилай Хааны алтан медаль, ШУА-ийн Олон улс судлалын профессор цол, Монгол Улсын Засгийн Газрын “Аялал жуулчлалын тэргүүний ажилтан” цол тэмдэг, Энх Тайван Найрамдлын нийгэмлэгийн дээд шагнал “Найрамдлын алтан од”, Сэтгүүлчдийн холбооны дээд шагнал “Ган Үзэгтэн”, ТВ олон нийтийн санал асуулгаар шалгарсан “Энэ цагийн Эгэл Баатар” цол өргөмжлөл зэргийг хүртээд байна.

    http://www.amai.mn

    https://www.facebook.com/amai.mn

  • САЙХАН | Шахмал аргал, арц, ганга

    САЙХАН | Шахмал Арц, Шахмал Аргал, Шахмал Ганга

    Монгол арц, аргал, гангыг орчин үеийн хэрэглээнд тохируулж шахмал хэлбэрээр үйлдвэрлэсэн байгалийн цэвэр бүтээгдэхүүн. Хаана ч авч явах, уугиулахад хялбар.

    Агаар дахь бактер устгах, сөрөг энергийг хөөх, харшлын эсрэг, орчны чийг дарах үйлчилгээтэй.

    АРГАЛЫН УТАА

    Монголчуудын аргалын утааны нууцыг Энэтхэгийн нэгэн эмч, эрдэмтэн доктор Шарма олж мэдээд монголоос аргал аваачаад Энэтхэгийн уушгины тахал туссан хүмүүсийг аргалын утаагаар утсан чинь их амжилт олж утааны эдгэрүүлэх чадалд гайхсан байна. Японы эрдэмтэн аргалын утааг судлаж үзээд элдэв өвчлөлтийн нянг устгагч байгааг тогтоожээ. Аргалын утаанд янз бүрийн нянг устгагч байгаа гэж тэр эрдэмтэн үзсэн нь аргалын утааны тухай яриад буйн том баталгаа болж өгөх мэдээлэл юм. Тэгэхдээ монгол малчдын шээзгийнд түүж цуглуулдаг “монгол арга” л тийм чанартай болохоос өөр орны өөр малын баас тийм биш нь мэдээж. Сарлаг гэхэд л 200-гаад төрлийн эмийн ургамал иддэг. Монголчууд судар номыг баринтаглаад хойморынхоо авдар дээр нандигнан тавьдаг түгээмэл уламжлалтай билээ. Авдар дээр тавиастайгаар олон жилийг өнгөрөөсөн судар аргалын утаанд шаралтлаа нэвчсэн байдаг. Тийм судрууд манай үндэсний Төв номын санд хэдэн зуугаараа бүүр 1920-иод “Судар бичгийн хүрээлэн” байгуулагдахаас эхлээд бараг зуу шахам жил хадгалагдаж байгаа. Гэтэл тэдгээр судруудад орчин үеийн цаасан номны өвчин болох мөөгтөх, хорхойтох, чийгтэх, тоосжих аюул огтхон ч халдаагүй байсаар байгаа билээ. Энэ бол бас аргалын утааны нэг гайхамшгийн нотолгоо юм. Аргалын утаа бургилсан малчны гэр ариун болой.

    Нэрт зохиолч Л.Түдэв

  • АЛТАЙ ЯТГА БАРИМТАТ КИНО (2014 он)

    Монгол орон дэлхийн бусад улс, орнуудаас ардын дуу хуур, үндэсний хөгжмөөрөө ялгардаг өөрийн гэсэн язгуур урлагийн онцгой ялгарамжтай эртний нүүдэлчдийн өлгий нутаг юм. Энэ ч үүднээс ЮНЕСКО-ын соёлын өвд морин хуур, уртын дуу, хөөмий, бий биелгээ, цуур гэх мэт соёлын биет болон биет бус өвүүдийг бүртгүүлсэн билээ. Харин үндэсний бахархал болсон ардын язгуур урлаг болон үндэсний хөгжмийн зэмсгүүдийн он цаг хугацаа, гарвал үүслийг тодорхойлох цорын ганц боломж бол Монгол улсын газрын хөрсөн доорх археологийн олдворууд юм.

    АРХЕОЛОГИЙН СУДАЛГАА

    2008 онд Ховд аймгийн Манхан сумын малчин Тахиа овогт Намсрайн Дандар тус сумын Жаргалант Хайрхан уулын баруун хойд бэлийн Өмнөхийн агуйн булшныг олж түүхийн багш Энхтөрд хэлснээр Алтай ятгын шинэ түүх эхлэжээ. Энхтөр багш Археологийн хүрээлэнд мэдээллийг уламжилсны дагуу ШУА- ын Археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, археологич Ц.Төрбат, Д.Батсүх, Т.Батбаяр, Н.Баярхүү, Т.Идэрхангай нар уг хадны булшинд судалгаа хийж эх олдворуудыг Герман улсын судалгааны багт хүлээлгэн өгсөн байна.

    2009 оноос Доктор Жанн Бемманн тэргүүтэй Герман улсын Бонн хотын Их Сургуулийн угсаатан болон археологийн салбарын эрдэмтэн судлаачид булшны эд зүйдсийн судалгааг хийсэн байна. Судалгаагаар булшны эд өлгийн зүйлс нь 7- р зуун буюу эртний Түрэгийн үед хамаарч байгааг тогтоосон бөгөөд дайчин баатрын шарилын толгой тус газраас олдсон чавхдаст хөгжмийн зэмсэгийг Монгол Улсад төдийгүй олон улсын хэмжээнд энэ төрлийн хөгжмийн анхны олдвор болохыг Герман Улсын Бонны Их Сургуулийн доктор Жан Бэрман болон эртний хөгжим судлаач Сюзанна Шүлц нар онцолсон байдаг.