Category: органик-хүнс

  • Сэлба хүнс – Хүнс хөдөө аж ахуйн мэргэжлийн зөвлөх байгууллага

    Сэлба хүнс компанийн монгол айл өрх бүрийг эрүүл чанартай хүнс ногоогоор хангаж, хөдөө аж ахуйн салбарыг олон улсын стандартад нийцсэн тэргүүлэгч салбар болгох эрхэм зорилготой ажиллаж байна.

    Одоогоор Төв аймгийн Борнуур сумын Бичигт багийн Пинтийн аманд 200 га талбайд малын хүчит тэжээл, хүнсний ногооны салбарт ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсын байцааны зах зээлд тэргүүлэх байр суурийг эзэлдэг. Бид Голланд улсын F1 сортын байцаа, Голландын галлиа сортын төмс, Голланд сортын сонгино, лууван, хүрэн манжин, шар манжин, помидор зэрэг 7 төрлийн ногоо, 3 төрлийн малын хүчит тэжээл тарьж зах зээлд нийлүүлж байна. 

    Манай компани хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон учир ажил хийхэд урамтай, бага хугацаанд өндөр бүтээмж гаргах бүрэн боломжтой. Монголдоо анх удаа байцааны комбайныг үйлдвэрлэлдээ нэвтрүүлж шинэ техник технологоор бага цагт их ажлыг амжуулж байна. Өдөрт 1-2 га хураах хүчин чадалтай. Хүнсний ногоог зориулалтын модон саванд савлаж зоорилон хадгалдаг.

    2017 оноос өндөр уургийн агууламжтай эрдэнэшишийн хүчит тэжээл, овъёос, арвай багсарсан хүчит тэжээл, судаан хүчит тэжээл гэсэн 3 төрлийн хүчит тэжээл үйлдвэрлэн хэрэглэгчдэд нийлүүлж байна. Малын хүчит тэжээлийн давуу тал нь орчин үеийн вакум савлагаатай, мах сүүний чиглэлийн үхэр бордож байгаа аж ахуйн нэгжид нэн тохиромжтой бөгөөд, малын мах сүүний гарцыг нэмэгдүүлдэг. Овъёосны даршны давуу тал нь зориулалтын даршлагч комбайнаар хадаж, орчин үеийн технологи болох вакум савлагаагаар савласан нь 2-3 жил хадгалах боломжтой. 50-100кг-аар савлагддаг тул тээвэрлэхэд хялбар, хадгалах явцад амт чанар, шим тэжээлийн 80 хувийг хадгалан авч үлддэг.

    2019 онд жил 15 га-д байцаа, өвлийн хүлэмжинд шинэ сортын улаан лооль тарьж ургуулан стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг Улаанбаатар хотын иргэдийн хүнсний хэрэгцээнд нийлүүлж байна. 1 га-гаас байцаа 90-100 тн ургац хураан авсан өндөр амжилттай ажиллаж байна.

    Манай хөдөлмөрч хамт олон Атар газар эзэмшсэний 60 жилийн ойг тохиолдуулсан уралдаанд өндөр ургац бүтээмжээрээ 2-р байр эзэлж шагнал гардаж авлаа.

    Нийгмийн хариуцлагын хүрээнд ажилчдынхаа орон сууцыг, цэвэр бохир усанд холбогдсон, бохирын цэвэрлэх системтэй эко модон байшинд амьдруулж, гэр бүлээр нь хамтад нь ажлын байраар хангах бодлогоор ажиллаж байна.

    Мөн Үндэсний Төслийн Удирдлагын Хүрээлэнгийн Монгол улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хүрээнд газар тариалан, мал ахуй хослосон жишиг аж ахуйг байгуулах болон Монгол улсын хэмжээнд хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг зүй зохистойгоор тодорхойлох чиглэлд хамтран ажиллаж байна.

    Хаяг: Төв аймгийн Борнуур сумын Бичигт багийн Пинтийн ам (сумны төвөөс зүүн урагш 4км)

    Холбогдох утас: 88009410, 994040864, 99110864, 70110864
    https://www.facebook.com/Selba…

  • САРЛАГ ШАР ТОС- Global Nomadic Products LLC

    Сарлагийн нутаг болох Архангай аймагт Сарлаг шар тосоо үйлдвэрлэн дотоодын болон олон улсын зах зээлд импортлон ажиллаж байна. Шар тос нь дархлааг төгс дэмжигч бүтээгдэхүүн. 

     МОНГОЛЫН ДЭЛХИЙН НОМЕР НЭГ -ЭРҮҮЛ ХҮНС

    Сарлаг үхэр нь Монгол улсын Алтай, Хангай, Хөвсгөлийн нуруудын далайн төвшнөөс 2000 метрээс дээш өндөрлөг бүс нутагт бэлчээрлэдэг. Сарлаг нь хүйтэнд тэсвэртэй, онгон зэрлэг байгальд бэлчээрлэн 80 гаруй нэр төрлийн өвс ургамлаар хооллодог. Байгалийн өвс ургамлын 50 хүртлэх хувь нь эмийн ургамал гэдэг.

    Өнөөдөр дэлхийд Монгол улс, БНХАУ (Өвөр Монгол, Төвд) гэсэн 2 улс нийт 20 орчим сая толгой сарлаг үхэртэй. Энэ нь дэлхий дээр байгаа нийт үхрийн ердөө 1.5 хувь юм. Нөгөө талаас сарлагын үнээнээс өдөрт 2 удаагийн саалтаар дунджаар нийт 2.5 литр сүү гардаг ба 1 тонн сарлагийн сүүнээс 40 орчим килограмм шар тос үйлдвэрлэдэг.

    Иймд сарлагын шар тос нь 100 хувь органик, өвөрмөц, ховор, үнэ цэнэтэй бүтээгдэхүүн юм.

    Global Nomadic Product LLC processes yak milk and produces ghee in a factory that meets international quality standards. Today, there are about 15 million yaks in Mongolia and China (Inner Mongolia and Tibet), which is only 1.5 percent of the world’s total cattle.
    Mongolian yaks are found in mountainous areas at altitudes above 2,000 meters above sea level in Altai, Khangai, Arkhangai, Uvurkhangai, Bayankhongor, and Khuvsgul.
    The yak is cold-tolerant and grazes in the wilderness and feeds on more than 200 species of plants. Studies have shown that about 50 percent of natural grasses are medicinal plants. Therefore, ghee made from yak milk is very organic and MONGOLIA’S WORLD’S NUMBER

    https://www.facebook.com/GNPfoodsMongolia

  • Н.ЖАВЗМАА- Шилмүүст модны эфирийн тос үйлдвэрлэл

    Монгол Улсын ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, докторант

     Монгол орны шилмүүст модны эфирийн тос нь бактери мөөгөнцөр устгах, хорт хавдрыг дарангуйлах “хүчтэй”

    Н.Жавзмаа Нобелийн шагналтнуудтай хийх 70 дахь удаагийн уулзалтад оролцохоор сонгогдоод байна. Энэ оны 6 дугаар сарын 28-наас 7 дугаар сарын 3-нд ХБНГУ-ын Линдау хотод болох тус уулзалтад 35 хүртэлх насны дэлхийн 650 шилдэг залуу судлаач оролцох юм. 1951 оноос эхлэлтэй тус уулзалтад 2015 оноос хойш манай улсаас зургаан судлаач оролцсон бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс сонгогдсон залуу судлаачид санал бодлоо идэвхтэй солилцохоос гадна үндэстэн хоорондын “хил хязгааргүй уулзалт” болдгоороо онцлогтой.

    -Нобелийн шагналтнуудтай хийх тус уулзалтад 2015 оноос хойш оролцсон манай улсын долоо дахь судлаач та болох нь ээ. Шалгаруулалтад хэрхэн сонгогдов?

    -Энэ уулзалтад оролцох залуу судлаачдын материал саналыг манай хүрээлэнгээс ШУА-д хүргүүлсэн юм.  Aкадемиас ярилцлага авч сонгон шалгаруулсны дүнд нэг залуу судлаачийг тус уулзалтад явуулахаар тодорхойлох захидал илгээснээр судлаач онлайн өргөдөл бөглөх эрхтэй болдог. Онлайн өргөдлийг судлаач бөглөж илгээснээр уулзалт зохион байгуулах комисс сонгон шалгаруулж оролцогчдыг сонгодог. Өргөдөлд боловсрол, судалгааны ажил, судалгааны бүтээл, амжилт, бусад ур чадвар, олон нийтийн ажилд хэрхэн оролцдог талаарх мэдээллийг бөглөсөн. Эдгээр мэдээллийг тусгахын зэрэгцээ үйлдвэрлэлтэй холбож судалгаа хийдэг гэдгээ тодотгон бичсэн.

    Анх тус уулзалтын веб хуудас руу орж танилцуулга болон өмнөх жилүүдэд оролцсон залуу судлаачдын сэтгэгдэлтэй танилцаад нэлээд эмээсэн. Их мундаг залуучууд өндөр шалгуураар оролцсон байсан. Тиймээс сонгогдох эсэхдээ эргэлзсэн л дээ. Шалгаруулалтад тэнцсэн тухай захиа ирэхэд маш их баярласан ч Монгол Улсын ШУА гэсэн том байгууллагын химийн салбарыг төлөөлнө гэхэд маш их хариуцлага оногдож байгааг ойлгоод бас эмээж л байна. Тиймээс бэлтгэл сайн хийж, өөрийгөө хөгжүүлэх шаардлагатай байгаа.  

    Энэ ташрамд надад итгэл найдвар хүлээлгэн уулзалтад явуулахаар сонгосон Хими, химийн технологийн хүрээлэнгийн удирдлагууд болон ШУА-ийн тэргүүлэгчдэд талархсанаа илэрхийлье.

     -Энэ удаагийн уулзалтад өмнөх жилүүдээс харьцангуй олон буюу Нобелийн шагналт 70 эрдэмтэн оролцоно. Уулзалтаас ямар үр дүн хүлээж байгаа вэ?

    -Танилцуулгаас харахад уулзалтад оролцох судлаачдыг бүлэг болгон хуваагаад, судлаачид судалгааны ажлаа танилцуулдаг юм билээ. Энэхүү уулзалтад оролцсоноороо бусад олон орны судлаачидтай харилцаа холбоо тогтоох боломжтой. Мөн Нобелийн шагналтнуудын лекцийг сонссоноор залуу судлаачийн хувьд, судалгаа хийх эрч хүч нэмэгдэхийн хажуугаар олон улсын судалгааны чиг хандлагыг ойлгож, түүнийгээ цаашдын судалгаандаа ашиглах бололцоо бүрдэнэ гэж найдаж байна.

    -Өөрийн судалгааны ажлын талаар танилцуулна уу?

    -Сүүлийн жилүүдэд шилмүүст модны эфирийн тосны химийн бүрэлдэхүүн биологийн идэвхийг тодорхойлох судалгааг хийж байна. Эфирийн тосны үйлдвэрлэлийг Монголд бий болгохын тулд эхний ээлжинд мод бэлтгэлийн хаягдал шилмүүсний эфирийн тосны үйлдвэрлэлийг бий болгох нь хамгийн оновчтой гэж үзэж байгаа. Учир нь Монгол орны шилмүүст модны эфирийн тос нь бактер мөөгөнцөр устгах, хорт хавдрыг дарангуйлахад идэвхтэй үйлчлэлтэй болох нь эхний шатны судалгаагаар тодорхойлогдоод байгаа юм.

    Мөн шилмүүсний эфирийн тосны зонхилох нэгдлүүдийг изомержүүлэн олон өөр төрлийн дэгдэмхий нэгдлийн хольцуудыг гарган авах өргөн боломжтой. Ингэснээр Монголд эфирийн тос, түүнээс үүдэлтэй байгалийн гаралтай үнэрийн үнэт түүхий эдийг дотооддоо үйлдвэрлэх боломж нээгдэнэ. Тиймээс цаашид энэ төрлийн судалгааг илүү нарийвчлан, өргөн цар хүрээтэй  хийснээр экспортыг дэмжих дотоодын үйлдвэрлэл бий болоход чухал нөлөө үзүүлнэ.

    Миний хувьд, ШУА-иас зохион байгуулсан Энтрепренер судлаач (ЭС-21) хөтөлбөрт хамрагдсанаар судалгаагаа үйлдвэрлэлтэй холбох боломж нээгдсэн. Одоогоор шилмүүст модны цэвэр эфирийн тосыг бага хэмжээгээр зах зээлд нэвтрүүлээд байна. Мөн  инновацлаг судлаачдын судалгааны ажлын дүн, түүхий эдийн боловсруулалтын технологи Монголын жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд маш их хэрэгтэй байгаа өнөө үед залуу сулаачид бид дор бүрнээ судалгааныхаа ажлыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх талаар анхаарч ажиллах нь зүйтэй юм.


    Улаанбаатар /МОНЦАМЭ/ 
    bolor@montsame.mn | 2020-03-19 14:24:04

    Хими, хими технологийн хүрээлэн https://www.facebook.com/%D0%A…

  • Dr Baatar | Одь тан үйлдвэр

    Монголын тэжээхүйн ухааны олон үеийн нууц жор, эмийн ургамалуудад суурилсан биологийн нэмэлт хүнс, бүтээгдэхүүн, тан, гоо сайхан, ахуйн хэрэглээний олон төрлийн бүтээгдэхүүнийг танд хүргэж байна.

    https://www.facebook.com/Dr.Ba…

  • Т.ТӨРМАНДАХ- Агрономич, Монгол төмс, Монгол ногоо төслийн зохицуулагч

    “Монгол Төмс”, “Монгол ногоо” үндэсний хөтөлбөрийн Зохицуулагч, Монголын Хөдөөг Шинэчлэхийн Төлөө Фермерүүдийн Холбооны Гүйцэтгэх Захирал, агрономич

    Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих, иргэдийн эрүүл, аюулгүй хүнс хэрэглэх эрх ашгийг хамгаалах зорилготойгоор 2004 онд байгуулагдсан “Монголын хөдөөг шинэчлэхийн төлөө фермерүүдийн холбоо” ТББ өдгөө нийт 36 салбар, 1,380 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

    Тус байгууллага 2004-2015 оны хооронд “Монгол төмс” хөтөлбөрийг гурван үе шаттайгаар хэрэгжүүлж, манай улс дотооддоо төмснийхөө үйлдвэрлэлийг 100 хувь хангаж, нутагшсан шинэ сортынхоо үрийг үржүүлэн, сайн чанарын төмсний үрээр тариаланчдаа хангадаг болсон билээ.

    Үүгээр зогсохгүй 2016 оны дөрөвдүгээр сараас эхлэн ХХААХҮЯ-ны хүсэлтээр, Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Монгол ногоо ” төслийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд хүнсний ногооны дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж, иргэдийн эрүүл, аюулгүй хүнсний хэрэглээнд дэвшилт гаргах зорилгоор дотооддоо тариалсан төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлд “Хөдөө аж ахуйн зохистой дадал”-ыг /ХААЗД/ нэвтрүүлэхээр ажиллаж байна.

    https://www.facebook.com/MFARD.MN

    Т.Төрмандах:  ХААЗД (GAP)- ыг нэвтрүүлэх нь иргэдэд эрүүл, аюулгүй хүнс хэрэглэхийн баталгаа, ногоочдод зах зээлд өрсөлдөх боломж

    Иймд Хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлэх ач холбогдлын талаар “Монгол ногоо” төслийн зохицуулагч Т.Төрмандахтай ярилцлаа.

    – Сайн байна уу. “Монгол ногоо” төслийн хүрээнд хэрэгжүүлж буй  Хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлэх ажлыг эхлүүлэх болсон шалтгаан юу байсан талаар хуваалцахгүй юу?

    – Монгол Улс Хятадаас жилд 40-60 мянган тонн хүнсний ногоо импортоор оруулж ирдэг бөгөөд үүний 60-70 хувийг байцаа, сонгинолог ургамал эзэлдэг. Тэр утгаараа “Монгол ногоо” төсөл нь хүнсний ногооны дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, импортоор орж ирдэг ногоог дотооддоо тариалдаг болоход дэмжлэг үзүүлэн  ажилладаг. Гадаадаас хүнсний бүтээгдэхүүн хяналтгүйгээр импортлогдож орж ирэх нь хүнсний эрүүл, аюулгүй байдлын баталгааг хангаж чадахгүй тул дотоодын үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй. Ингэхдээ дотоодын төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлд “Хөдөө аж ахуйн зохистой дадал”-ыг /ХААЗД/ нэвтрүүлэх нь чухал.

    ХААЗД гэдэг нь товчоор газар тариалангийн үйлдвэрлэлийн аливаа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх явцад эрүүл, аюулгүй байдлыг хангах зохистой арга хэмжээнүүдийг хэрхэн мөрдөж байгааг итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллагын мэргэжилтэн баталгаажуулж, баримтжуулах цогц арга хэмжээ юм.

    Уг дадлыг хүнсний чиглэлийн үйлдвэрлэл эрхлэгч өөрийн үйл ажиллагааны төрлөөс хамааруулан нэвтрүүлнэ гэж “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуульд 2015 онд заасан. 2019 онд “Жимс, хүнсний ногооны үйлдвэрлэлд хөдөө аж ахуйн зохистой дадлыг хялбаршуулан нэвтрүүлэх заавар”-ыг баталснаар хуулийг хэрэгжүүлэх боломж бүрдсэн.

    Тиймээс бид өнгөрсөн жилээс эхлэн Хөдөө аж ахуйн зохистой дадлыг газар тариалангийн салбарт тэр дундаа төмс, хүнсний ногооны салбарт нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр болж, олон улсын ISO стандартаар баталгаажуулдаг хувийн компанитай “Монгол ногоо” төсөл хамтран нэвтрүүлэх ажлыг баталгаажуулах үйл явцыг туршиж эхэлсэн.

    Төрөл бүрийн сургалт явуулж, сургалтын үр дүнгээрээ баталгаажуулалтын ажилд оролцох аудитууд, зөвлөхүүдийг бэлтгэх сургалт зохион байгуулсан. Ногоочдод Хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлэх зайлшгүй шаардлагын талаар танин мэдэхүйн сургалт зэргийг зохион байгуулсан. Үр дүнд нь энэ онд Хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлэх ажил эрчимтэй эхлэхээр байна.

    – Худалдан авч буй хүнсний бүтээгдэхүүнийхээ аюулгүй байдалд иргэд маань ихээхэн анхаарал хандуулдаг болсон гэж боддог. Энэ нь магадгүй Хөдөө аж ахуйн зохистой дадлыг нутагшуулах хамгийн том шалтгаан байх. Өнгөрсөн жил туршилт явуулсан гэж та хэллээ. Туршилтаар ямар үр дүн гарсан бэ?

    – Монгол оронд ургуулдаг төмс, хүнсний ногоо нь  бусад хөгжингүй улс орнуудтай /олон жил газар тариалан хөгжсөн орнууд/ харьцуулахад харьцангуй эрүүл технологиор үйлдвэрлэгддэг. Өөрөөр хэлбэл, дээрх улс орнууд ургацаа нэмэхийн тулд эрдэс бордоог их хэрэглэдэг байхад монгол оронд бордооны хэрэглээ харьцангуй бага. Мөн бусад оронд жилдээ 3-6 удаа ургамал хамгааллын бодисыг цацаж хэрэглэдэг бол манайд 1-2 удаа хэрэглэдэг.

    Үүнээс харвал, Хөдөө аж ахуйн зохистой дадлыг манай тэргүүний тариаланчид амьдрал дээрээ хэрэгжүүлж яваа боловч бүртгэлжүүлэн баталгаажуулаагүй болохоор бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэхэд хүндрэлтэй байдаг.

    Тиймээс Хөдөө аж ахуйн зохистой дадлыг албан ёсоор нэвтрүүлж, ногооны үйлдвэрлэл эрхэлдэг ногоочдод эрдэс бордоо, ургамал хамгааллын бодис, технологийг зөв  хэрэглэх, зах зээлд хүчтэй өрсөлдөх боломжийг олгох нь зөв гэж үзсэн.

    Монгол оронд зөвшөөрөгдсөн бодисыг технологийн дагуу, цаг хугацаанд нь зөв нормоор хэрэглэвэл эрүүл, аюулгүй хүнс үйлдвэрлэж байна гэсэн үг.

    – Ногоочдод ямар давуу талыг олгох вэ гэж хүмүүс бодож байгаа байх?

    – Дэлхийн хүн ам хурдтай өсөж, байгаль цаг уурын эрсдэл буюу цаг агаарын дулаарал бий болж байгаатай холбоотойгоор төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлд ургамал хамгааллын бордоог улс орнууд ихээр хэрэглэх болсон тул эрүүл, аюулгүй байдал маш чухал болчихсон.

    Хүмүүс  аль болох эрүүл, аюулгүй хүнсийг худалдан авах чиг хандлага нэмэгдэж байна. Нөгөө талаар эрүүл, аюулгүй буюу Хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлсэн төмс, хүнсний ногоог зах зээлд нийлүүлэхгүй бол ногоочин хүн тариалсан хүнсний ногоогоо борлуулахад төвөгтэй болно.

    Магадгүй хоёр жилийн дараа гэхэд бүх дэлгүүр, супер маркетууд Хөдөө аж ахуйн зохистой дадал нэвтрүүлсэн гэрчилгээ, лого бүхий төмс хүнсний ногоог авдаг болчихвол эхнээсээ зах зээл нь хумигдана. Энэ үед харин дадлаа нэвтрүүлсэн ногоочдод давуу байдал үүсэж, зах зээлд өрсөлдөх чадвартай болох юм.  

    Ногоочид өөрийнхөө үйлдвэрлэлд Хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлэх зайлшгүй шаардлага үүссэн гэдгийг ойлгох үедээ хүсэлтээ гаргавал бид баталгаажуулах байгууллагатай нь холбож өгөх юм.

    – Хөдөө аж ахуйн зохистой дадлаар баталгаажуулах ажлыг энэ жил хэрхэн зохион байгуулах вэ?

    – ISO баталгаажуулалт хийдэг компанитайгаа 2019 онд хамтран ажиллах явцдаа баталгаажуулах үйл явц, гарах өртөг зардлынхаа зураглалыг гаргасан. Өнгөрсөн оны төгсгөлд хүлэмжийн хүнсний ногоо тариалдаг хоёр аж ахуйн нэгжид баталгаажуулалтын гэрчилгээг нь олгосон.

    2020 онд хамгийн багадаа төмс, хүнсний ногоо нийлүүлдэг 20 орчим иргэн, аж ахуйн нэгжид ХААЗД нэвтрүүлсэн баталгаажуулалтын гэрчилгээ олгохыг зорьж, өмнөх бэлтгэл ажлыг хангаж байна.

    – Баталгаажуулах байгууллагад холбож өгөөд гэрээ хийнэ гэлээ. Ингээд л гэрчилгээгээ авах уу?

    – Гэрчилгээ олгоно гээд хүссэн  болгонд нь өгнө гэсэн үг биш. Шалгуур үзүүлэлтийг давж чадсан аж ахуйн нэгжүүдэд л олгоно. Туршилтын баталгаажуулалтын явцаас харахад нийт зургаа долоон чиглэлээр 83 шалгуур үзүүлэлтийг хангасан байх ёстой.

    Гэхдээ зохистой дадал нэвтрүүлэх гэж байгаа аж ахуйн нэгжүүд эхний ээлжинд эдгээр шалгуур үзүүлэлтүүдээр өөрийгөө үнэлээд 50%-иас дээш хангаж байгаа бол манай төсөлд хандан хүсэлтээ гаргаснаар дараагийн шат дараалсан арга хэмжээнд хамрагдах боломжтой.

    Баталгаажуулах байгууллага тарилтын өмнө нэг удаа аудит хийж, шалгуур үзүүлэлтүүдээс хэдэн хувийг хангаж байгааг нь дүгнэж гаргадаг. Хэрвээ уг шалгалтаар шаардлагад нийцээгүй зүйл байвал зөвлөхүүд тухайн ногоочинд зөвлөгөө өгөөд, засч сайжруулах хугацаа өгч наймдугаар сард буюу ургац хураалтын өмнө хоёр дахь аудитаар орно.

    Энэ үед шалгуур үзүүлэлтийг хангасан гэж үзвэл Хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлсэн гэх гэрчилгээг олгож, ногоочин зах зээлд нэвтрүүлж буй хүнснийхээ сав, баглаа боодол дээр нэвтрүүлсэн гэх тэмдгийг тавьж, борлуулах боломжтой.

     – Органик хүнс, Хөдөө аж ахуйн зохистой дадал нэвтрүүлсэн хүнсний ногооны ялгааг тайлбарлаж өгөхгүй юу. Энэ хоёр нь хоорондоо ялгаатай юу?

    – Органик болон Хөдөө аж ахуйн зохистой дадал нэвтрүүлсэн төмс, хүнсний ногоо нь хоёр өөр ойлголт. Үүнийг хольж ойлгож болохгүй.

    Органик төмс, хүнсний ногоо гэдэг нь тухайн хүнсний ногоог үйлдвэрлэхдээ  ямар нэгэн химийн гаралтай бордоо, ургамал хамгааллын бодис огт хэрэглээгүй гэсэн үг.

    Харин Хөдөө аж ахуйн зохистой дадал гэдэг нь тухайн улс оронд хэрэглэхийг зөвшөөрсөн эрдэс бордоо, ургамал хамгааллын бодисыг технологийн дагуу зөв хэрэглэсэн байхыг хэлнэ. Ургамал хамгааллын бодис буюу пестицидыг хамгийн сүүлд ургац хураахаас 28 хоногийн өмнө хэрэглэсэн байх ёстой. Ингэвэл ургамал хамгааллын бодис нь бүрэн задраад хөрс болон ургамалдаа пестицидийн үлдэгдэл үүсгэдэггүй. Мөн хүний эрүүл мэндэд аюул учруулдаггүй.

    Органик хүнс, хүнсний ногооны үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэж байгаа ч гэлээ аль ч өндөр хөгжилтэй оронд нийт үйлдвэрлэж байгаа төмс, хүнсний ногооны таван хувиас илүү гарч чадаагүй. Учир нь ургац нь бага байдаг тул зах зээл дээр ч өндөр үнэтэй гардаг.

    Тэгэхээр заавал органик хүнс идэж байж эрүүл байна гэвэл үгүй юм. Аливаа ургамал, төмс хүнсний ногоог ургуулахад ногоочин хүн өндөр ургац авч байж ашиг олно. Дээрээс нь өвчин, хортон гарвал устгаж тэмцэх шаардлага гарах учраас ургамал хамгаалах бодис ашиглана. Гол нь үүнийг ашиглахдаа хүний эрүүл мэндэд аюул учруулахгүй байхаар гэх ойлголт юм. Мөн органик ногоог бодвол үнийн хувьд ч бага.

    – Хөдөө аж ахуйн зохистой дадлаар баталгаажсан лого тэмдгийг хэрхэн таних билээ?

    – Дэлхий нийтээр Хөдөө аж ахуйн зохистой дадал гэдгийг GAP гэсэн тэмдэглэгээгээр илэрхийлдэг.  Ийм тэмдэг миний худалдан авсан төмс, хүнсний ногоон дээр байвал итгэл төгс худалдан авалт хийж болно.

    Тэмдэглэгээ тавигдсанаар зах зээл дээр борлуулагдах төмс, хүнсний ногоо чанараараа ялгарч, эрүүл, аюулгүй хүнсний ногооны баталгаа бий болж буй хэрэг. Борлуулалтын газар, сүлжээ дэлгүүрүүд ч борлуулалтаа бодоод GAP тэмдэг тавигдсан ногоог л ногоочдоос авч эхэлнэ. Магадгүй 2-3 жилийн дараа төмс, хүнсний ногооны төрийн худалдан авалтаар Хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлсэн лого тэмдэглэгээтэй /GAP/ байна гэх шаардлагыг тавих байх.

    – Ярилцсанд баярлалаа.


    МОНГОЛ НОГОО ТӨСЛИЙН ТУХАЙД
    Монгол ногоо төсөл нь 2016 оноос 2023 оныг дуустал нийт 7 жил хэрэгжих болно.

    Төслийн зорилго: Төсөл нь “хүртээмжтэй, хүйсийн тэгш байдлыг хангасан хүнсний ногооны салбарыг тогтвортой хөгжүүлэх замаар Монгол улсад амьжиргааг дэмжих” зорилгыг хэрэгжүүлнэ.

    Захиалагч: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам  

    Санхүүжүүлэгч: Швейцарын хөгжлийн агентлаг

    ​Хэрэгжүүлэгч: “Монголын хөдөөг шинэчлэхийн төлөө фермерүүдийн холбоо” ТББ

    ​Хамрах хүрээ

    • ХҮНСНИЙ НОГООНЫ ҮЙЛДВЭРЛЭЛ
      1. Сэлэнгэ: 5 сум 
      2. Төв: 3 сум 
      3. Дархан-Уул: 1 сум
      4. Орхон: 1 сум
      5. Ховд: 1 сум
      6. Дорнод: 1 сум
      7. Хэнтий: 1 сум
      8. Хөвсгөл: 1 сум 
      9. Өмнөговь: 1 сум 
      10. Улаанбаатар, 4 дүүрэг  
    • ҮР ҮЙЛДВЭРЛЭГЧИД
      1. Увс: 1 сум 
      2. Завхан: 1 сум
      3. Баянхонгор: 1 сум
      4. Дархан-Уул 1 сум
    • ХҮНСНИЙ НОГООНЫ МАРКЕТИНГ, БОЛОВСРУУЛАЛТ 
      1. Үйлдэвэрлэлийн төв бүс (дээр дурьдагдсан) мөн Улаанбаатарын зах зээл болон бусад төвийн болон бүсийн зах зээл
    • ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧИН:
      1. Үндэсний хэмжээнд
  • Мөнх ногоон тал ХХК- Хөдөө аж ахуйн зөвлөх үйлчилгээ, технологи нэвтрүүлэлт

    “Мөнх ногоон тал” ХХК нь 2003 онд Хөдөө аж ахуй, Байгаль орчны салбарын сүүлийн үеийн, шинэ шилдэг технологийг танилцуулах, хэрэгцээт материал, тоног төхөөрөмжийг ханган нийлүүлэх зорилготойгоор байгуулагдснаас хойш 13 дахь хавартаа үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Зорилгынхоо хүрээнд Солонгосын нийлэг хальсан хүлэмж, дуслын усалгааны системийг эх орондоо анх удаа танилцуулсан нь дэлхийн дулаарлын улмаас өөрчлөгдөж буй уур амьсгал цаг уурын эрхшээлд захирагдахгүйгээр бизнесээ эрхлэх боломжийн эхлэлийг тавьсан юм. Энэ хугацаанд бид манай орны байгаль цаг уурын нөхцөлд тохирсон бараа материал, багаж, тоног төхөөрөмжүүдийнхээ нэр төрлийг олшруулж БНСУ-аас олон төрлийн хийц загварын өвөл, зуны хүлэмж, түүний дагалдах хэрэгсэл, мананцар болон дуслын усалгааны систем, хүнсний ногооны бага оврын техникийн иж бүрдэл, БНХАУ-аас тракторыг дагалдах хэрэгсэлүүдийн хамтаар, төрөл бүрийн гар багаж, хор шүршигч, усны насос, Шинэ Зеланд улсаас ноос боловсоруулах бага оврын төхөөрөмжүүд, АНУ-с зүлэг арчилгааны тоног төхөөрөмжүүд оруулж ирэн хэрэглэгчдэд санал болгож байна. Байгаль орчны салбарт, ялангуяа мод үржүүлгийн газруудын техник тоног төхөөрөмжийн шинэчлэл, шинээр мод үржүүлгийн газар байгуулах (Оюу Толгой ХХК-ын 5 га МҮГ) ажлуудыг амжилттай хэрэгжүүлсээр ирсэн. Мөн 2008 оноос эхлэн Монгол-Солонгосын Ногоон хэрэм төсөлтэй хамтран Говь цөлийн бүсэд цөлжилтөөс хамгаалах 1,000 гаран га ойн зурваст дуслын усалгааны системийг суурилуулан ашиглаж байгаа нь үр дүн сайтай байна. Сүүлийн жилүүдэд гүзээлзгэнэ тариалах аж ахуйнуудыг байгуулах (Наран ферм, Төв аймаг ферм, Долоон буудал ферм), гүзээлзгэнэ тариалах зориулалтын дулаалгатай, усалгаа бордоо, халаалтын бүрэн автомат систем бүхий 1,050м2 – 1,660м2 хүлэмжүүдүүдийг барьж байгуулж байна.

    https://www.facebook.com/munkhnogoontal

  • Цэс Хайрхан үйлдвэрийн Оргилуун дарс, ликёр, дарс, чацарганы бүтээгдэхүүн

    Монгол Улсын шингэн хүнс үйлдвэрлэлийн салбарт 10 гаруй жил тасралтгүй үйл ажиллагаагаа эрхлэхдээ хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцүүлэн, дэлхийн стандартад нийцсэн  бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэсээр ирсэн билээ. AUREUS, BROD KVASS, CHOCO, CREMA, DOSE, GOO MARAL брэндийн оргилуун дарс, ликёр, улаан, цагаан дарс, шар айраг, эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна.

    Бүтээгдэхүүнийхээ чанарыг тогтмол хангах үүднээс европын орчин үеийн тоног төхөөрөмж, чанартай түүхий эдийг ашиглан үйлдвэрлэлээ явуулж ирсэн нь бидний үйл ажиллагаа тасралтгүй өргөжин, тогтвортой хөгжиж байгаагийн  үндэс суурь юм.

    2016 онд манай компани нь дарс исгэлт, үйлдвэрлэл, боловсруулалтынхаа хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлсэн бөгөөд 2017 онд бид удирдлагын тогтолцооны ISO стандартыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлэн ажиллаж байна.

    Манай бүтээгдэхүүнүүдийн үндсэн орцын нэг болох чацаргана жимсээр хийсэн амин дэмээр баялаг амны цангаа тайлах ундаа, эм эмчилгээний ач тустай чацаргана тосоо Япон болон Өмнөд Солонгосын зах зээлд нийлүүлж чадсанаар энэхүү жимсний ашиг тусыг дэлхийд таниулахаас гадна Монгол улсад орох хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж чадсандаа бидний зүгээс баяртай байдаг.

    Манай бүтээгдэхүүнүүд дэлхийн томоохон хүнсний үзэсгэлэнгүүдээс удаа дараалан шагнал хүртэж байсан ба 2011 онд АНУ-ын Сан Франциско хотод болсон үзэсгэлэнгээс хүрэл медаль, 2015 онд Япон улсад зохиогдсон олон улсын хүнсний үзэсгэлэнгээс өндөр үнэлгээг авч чадсанаар дэлхийн зах зээлд өөрсдийн бүтээгдэхүүнээ гаргах томоохон боломж, үүд хаалга бидэнд нээгдсэн. Аureus Gold чацарганын оргилуун дарс 2017 оны МҮХАҮТ-ийн  “Топ”  бүтээгдэхүүний шагналыг хүртсэн.

    http://tsk-winery.com/

  • Амт нэмэх үү Хатаасан монгол ногоо

    Ховд аймгийн Булган суманд тариалсан хүний ногоог технолгийн дагуу шинээр хатааж савласан бүтээгдэхүүн. Хэрчмэл болон нунтаг хэлбэртэй. Жилийн 4 улирлын турш хэрэглэхэд шинээрээ.

    https://www.facebook.com/A%D0%BC%D1%82-%D0%BD%D1%8D%D0%BC%D1%8D%D1%85-%D2%AF%D2%AF-149953418927062/

  • Монголынхоо цөлжиж буй 5000 га газарт 3 сая алимны мод тарихад МОНГОЛ УЛСАА АЛИМаар бүрэн хангаж 80ТЭРБУМ борлуулалт хийх боломжтой

    Монгол Улсын Ховд аймгийн Булган суманд цөлжиж буй 5000 га газарт 3 сая алимны мод тарихад МОНГОЛ УЛСынхаа АЛИМны хэрэгцээг бүрэн хангаж 80ТЭРБУМ борлуулалт хийх боломжтой.
    Хүнд өдөрт 96 гр жимс, жимсгэнэ идэхэд хангалттай. 
     Тэгвэл жилд Монголын 3 сая иргэнд 105,120 тн жимс жимсгэнэ хэрэгтэй. 
     Алимны 1 модноос 35 кг алим хураана гэж тооцвол 5000 га газарт 3 сая мод тарьж, тэр хэрэгцээг хангана. Гэтэл Булган суманд 5000 га газар цөлжиж байна. \ердөө л 10км урт * 5 км өргөн газар гэсэн үг.

    Булган голын алим ХХК-ны захирал Х.Балжинням монголчуудыгаа “Алим” төсөлд нэгдэж, Монголынхоо хөрсөнд алим тарьж ургуулахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна. Ингээд түүний уриалгыг хүргэж байна. 

     “Алим” төсөлд нэгдэцгээе

    1. Төсөл хэрэгжүүлэхийн ач холбогдол
    • Монгол улс алимыг бараг 100 хувь гадаадаас авч байна. Жилдээ 80.0 тэрбум төгрөгөөр 20.0 мянган тонн алим оруулж ирдэг гэсэн тооцоо гарсан байгаа. Ийм их мөнгөөр бид гадаадын алимны аж ахуйг дэмжсээр байна гэдгээ анхаарах цаг болсон. 
    • Тэгвэл бид нутагшсан олон төрлийн алимаа өөрсдөө тарьж, өөрсдөө ажлын байртай болж, өөрсдийнхөө амьжиргааг дээшлүүлж, өөрсдөө экологийн цэвэр бүтээгдэхүүн хэрэглэх бүрэн боломж нь бидэнд байна. Ялангуяа Ховд аймгийн Булган сум нь алим жимс ургах бүх талын нөхцөл бүрэн бүрэлдсэн ховорхон газрын нэг юм. Цаашлаад Ховд аймгийн 10 суманд алим тариалах боломжтой.
    • Алим үрээр ургадаггүй, заавал ЗАЛГАЖ ургуулдаг тул залгаж суулгац үржүүлэхэд 4-5 жил, талбайд суулгаж ургац хураахад 3-4 жил зарцуулах тул бидэнд урт хугацааны дэмжлэг зайлшгүй хэрэг болоод байна. Иймээс МОНГОЛОО гэсэн сэтгэлтэй хүн бүрийг “Алим” төсөлд хамрагдаасай гэж хүсэж байна. 

    • Алимны мод мал шиг зуданд өртөхгүй, нөгөө талаар ажлын байр нэмэгдэх сайн талтай. Булган суманд алимны мод үржүүлж байгаа цөөн хэдэн хүмүүс байгаа бөгөөд суулгацны ихэнхийг бусад аймаг сумаас захиалга өгөн авч байгаа нь манай сумын тухайд алимны аж ахуй хөгжихгүй байгаа гол дутагдал болоод байна. 
    Булган суманд нутагшсан торниун алимны 6 сорт, бэсрэг алимны 5 сорт, давжаа алимны 14 сорт бий. Эдгээр алимнууд нь 1959 оноос Жимс ой турших станц, 1- р 10 жилийн хичээл туршлагын талбайд таригдсанаас хойш эдүгээ 60 жил үр өгөөжөө өгч ургаж байна. 
    2. “АЛИМ” төсөл хэрэгжүүлэх тооцоолол 
     Хүн эрүүл амьдрахын тулд өдөрт 96 гр жимс, жимсгэнэ идэхэд хангалттай. 
     Тэгвэл жилд Монголын 3 сая иргэнд 105120 тн жимс жимсгэнэ хэрэгтэй. 
     Алимны 1 модноос 35 кг алим хураана гэж тооцвол 5000 га газарт 3 сая мод тарьж, тэр хэрэгцээг хангана. Гэтэл Булган суманд 5000 га газар цөлжиж байна. \ердөө л 10км урт * 5 км өргөн газар гэсэн үг\ 
    Үүнийг хэрэгжүүлэхэд олон жилийн ажил, олон хүний хүч хөдөлмөр, дээр нь Төр Засгийн бүсчилсэн хөгжлийн “Оновчтой бодлого” хэрэгтэй тул одооноос бид эхлүүлж байна. Энэ бүхэнд Булган сумын өрх бүхэн, иргэн бүхэн, нутгаа гэсэн сэтгэлтэй нутгийн уугуул иргэд бүхэн, цаашлаад “Монголоо” гэсэн сэтгэлтэй хүн бүхэн нэгдэж, ХӨРӨНГӨ БОСГОЖ байж энэ төсөл 20 жилийн дотор хэрэгжих юм. Хамгийн багаар тооцоход 1 өрх 100 алимны мод, 1 аж ахуйн нэгж 20.0 мянган мод тарьж байж энэ амжилтанд хүрнэ. 

     Алимны нэг мод 70-80 жил ургац өгнө 
     Хааш хаашаа 1 км газар буюу100 га-д 50.0 мянган алимны мод суулгаж болно. 
     1га-д 3 хүн, 100 га-д 300 хүн ажиллана.
     1 модноос 20- 50 кг алим, дунджаар 35 кг алим хураана. 
     50.0 мянган модноос 1750 тн алим хурааж, 7.0 тэрбум төгрөгийн орлоготой ажиллана. Алим жимс боловсруулах томоохон үйлдвэртэй ч болно. 
     Тэгвэл 1 хүнд жилдээ 23.0 сая төгрөгийн орлого ноогдоно. 
    Ирээдүйд Булганчууд бид юунд хүрэх вэ?
     5000 га газарт зөвхөн алим тариалж, 15.0 – 20.0 мянган хүний ажлын байр бий болгоно. Тэгвэл 1 өрхийг 5 хүнээр тооцвол БУЛГАН сум 100.0 мянгаас дээш хүн амтай, зөвхөн алим жимсээр дагнасан ТОМ ХОТ болох юм. Хамгийн наад захын үр дүн гэхэд 10-15 сургууль, цэцэрлэг шинээр нээгдэнэ гээд тооцоод байвал эдийн засаг, нийгмийн үр дүн асар их байх юм. 
     Бид ойрын 20 жил “АЛТ” гэж их давхилаа. Эцсийн үр дүн юу болов? Хэдэн сайхан залуучуудаа алтны шороонд даруулж Бурхны оронд үдлээ. Бид ингэж амьдрах хувь тавилантай гэж үү? Үгүй шүү. Хоорондоо ярилцая. Саналаа нэгтгэе. Шилжиж явсан иргэдээ эргүүлэн татья. Утаанбаатар хотод амьдарч эрүүл мэндээрээ хохирч байснаас эрүүл агаартай Булган нутагтаа тайван амьдарцгаая. БҮГДЭЭРЭЭ “АЛИМ” ТӨСӨЛД НЭГДЭЦГЭЭЕ. 
    Уриалга гаргасан: 
    Булган голын алим ХХК-ны захирал Х.Балжинням

    https://www.facebook.com/%D0%9…

  • Cheese Republic Mongolia- Цэвэр агаар, цэнгэг усны Монгол бяслаг

    Монгол орны аймаг, орон нутгийн онцлогоос урган төрүүлж буй бяслаг.

    Cheese Republic Mongolia хөдөлгөөнийг Ядамсүрэнгийн Энхээ санаачилан өрнүүлж байна. Монгол бяслагуудын нэгдсэн брэндингийн бодлогоор хөгжүүлнэ.

    Бяслаг багадаа 3 сар өдөр болгон адууны сүүлэн шоткоор жамц давстай хандаар норгож эргүүлэн тогтмол температурт арчилсанаар идэхэд бэлэн болно. Зарим нь удах тусам улам амттай болно. Өндөр газрын ховор ургамал, цэвэр рашаан булаг, цэнгэг сийрэг агаар нь Тува яки бяслагийн бойжиж өссөн өлгий нутаг юм. Зуны 2 сард сарлаг 3000 м бэлчиж ховор ургамлаар хооллодог бас өдөрт 1 -хэн литр сүү өгөөд сүүний 10% нь бяслаг болдог тул бид энэ 2 сард бяслаг хийж амжин та бүхэнд хүргэхийг хичээж байна. Нутгийн нүүдэлчний бүтээгдэхүүнээ дэмжээрэй, баярлалаа та бүхэнд урам хайрласанд.

    https://www.facebook.com/cheeserep.mn/

    Өвөрхангай аймгийн Зүүнбаян Улаан, Уянга сумдуудын нутагт сэрүүн Хангайн ууланд бэлчдэг сарлагийн сүүгээр хийсэн энэ бяслагийн амт чанарыг нэр нь өөрөө илэрхийлнэ. Сарлагийн сүүний уураг тосны өндөр агууламж нь гайхшруулах боловч сонгодог аргуудаар бяслаг хийхэд тийм ч амар биш юм.
    Тослогт бяслаг нь зөөлөн чедар (mild cheddar) хийгээд морбье (morbier) мэтийн бяслагтай төстөй санагдах боловч чийгийн агууламж, бага зэргийн шинэ шар тосны амтны өнгө нь түүнийг давтагдашгүй ховор бяслаг болгодог. Бяслагийн ертөнцөд Монголыг төлөөлөх өвөрмөц бүтээгдэхүүн болж чадна гэдэгт
    итгэлтэй байна. Халуун хайрсан талх, хатаасан жимс, самар зөгийн балтай хослуулж үзээрэй.