Category: хувцас-загвар

  • “Эзэнт гүрний эрдэнэсийн сан” коллекци – “Өрнийн гүнж” загвар

    Төслийн хүрээнд хүрэл зэвсгийн үеийн хадны сүг зураг болон эртний Хүннү гүрэн, 13-15-р зууны үеийн түүхэн баримтат археологийн судалгаанд тулгуурлан орчин үеийн Арт-Кутюр чиглэлийн хувцас загварын Монгол брэнд коллекцийг бүтээн олон улсын загварын нэр хүндтэй тайзнаа толилуулна. Эзэнт гүрний эрдэнэсийн сан коллекци нь нийт 50 загвар байх бөгөөд энэ удаад эхний загвар болох “Өрнийн гүнж” загварыг танилцуулан санхүүжилт босгож байна.


    ТАНИЛЦУУЛГА

    Төслийн үндэслэл

    Хүн төрөлхтний түүхэнд дэлхийн олон орныг эзэлж, эзэнт гүрнийг хэд хэдэн удаа байгуулж байсан Монголчууд бид өвөг дээдсийнхээ үеэс үед уламжлан дамжуулж үлдээсэн арвин их үнэт зүйлс, өв соёлоо нандигнан дээдэлж, улам баяжуулан хөгжүүлж, хойч үедээ үлдээх үүрэг хариуцлагатай юм. Монгол үндэсний дээл хувцас нарийн ур хийц, чамин тансагаараа дэлхийд шагшигдан гайхагдсаар ирсэн билээ. Баруун европоос Монголд ирсэн анхны европ Ппано КарпиниМонголын эзэнт гүрний баян тансагийг “Монголчуудын түүх” номондоо магтан дуулсан байдаг бол алдарт “Star Wars” киноны Naboo гаригийн залуу хатан Padmé Amidala-ийн /жүжигчин Натали Портман тоглосон/ хувцсыг Монгол хатны хувцасны загвараас сэдэвлэн бүтээсэн байдаг.

    Өнөөдөр загвар зохион бүтээгч Ариундэлгэр миний бие энэхүү өнө эртний түүхтэй Монгол хувцасныхаа соёлын өв, үндэсний хувцасны өвөрмөц онцлог, ур хийц, уламжлалт түүхэн хэв маягийг нэн орчин үеийн загвар дизайнаар дамжуулан чамин хээнцэр, хурц содон, өвөрмөц хийц зохиомж, шийдэл бүхий “Эзэнт гүрний эрдэнэсийн сан”загварын коллекцио бүтээн туурвиж байна.

    Уг брэндийн загварууд нь Эзэнт гүрний ордны эрхэмсэг тансаг болон баатарлаг догшин дүр төрхийг дизайнерын сэтгэмжтэй уялдуулан хурц содон шийдлээр тодотгон илтгэх ба өвөг Хүн гүрнээс өнөөг хүртэлх эдийн соёлын өв бэлгэдэл, ардын урлал, хээ чимэглэл, археологийн бодит олдворуудыг нарийвчлан судалсаны үндсэн дээр зохиосон.

    Эдгээр хувцасны гоёл чимэглэл, тоног, олон төрлийн нарийн уран хийц, ажилбарыг мэргэшсэн уран дархан, чулуу засалч,үйлчин, оёдолчин, гоёл чимэглэлч нарын нарийн мэргэжлийн урчуудын баг гүйцэтгэн ажиллана. Мөн “Эзэнт гүрний эрдэнэсийн сан” загварын коллекц бүрийн бүтэж буй байдлыг түүхчлэн хадгалах ажлыг хийж гүйцэтгэнэ.

    “Эзэнт гүрний эрдэнэсийн сан” загварын коллекцийн ач холбогдол

    • Монголынхоо түүх, соёл уламжлалыг сэргээн хадгалах, хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах,
    • Монгол үндэсний хувцасны соёлыг шинэ хэв маягаар олон улсын нэр хүндтэй талбарт сурталчлах, Монгол брэндийг бий болгох, олон нийтэд загвараар дамжуулан түүх өв уламжлалаа танилцуулах,
    • Монгол үндэснийхээ гэсэн бүхий л зүйлсийн үнэлэмжийг дээшлүүлэх, нандигнан хайрлаж, эрхэмлэн дээдэлж явах ухамсрыг үлдээх, бахархуулах, хоногшуулах,
    • Монгол үндэснийхээ хувцсаар бахархан омогших сэтгэхүйг хойч үедээ үлдээх, мөн эртний түүхтэй, төгс төгөлдөр, бардам ихэмсэг, сүр жавхааг дэлхий дахинаа сурталчлах ач холбогдолтой.

    Төслийн явц

    25 жилийн судалгаан дээр тулгуурласан энэ төсөл маань 2010 оноос эхэлсэн:

    1-р шат: 2010-2014 оны хооронд Эзэнт гүрний эрдэнэсийн сан коллекцийн нийт 50 бүтээл зурагдаж бэлэн болсон.
    2-р шат: Төсөл амжилттай хэрэгжээд нийт коллекцийн 50 хувь нь бэлэн болоход түүхийн эрдэмтэн судлаачид, археологичид, гадаад дотоодын хувцасны загвар судлаач мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй эрдэм шинжилгээний бага хурал хийнэ. Уг хурлын эмхэтгэлийг 5 орны хэл дээр хөрвүүлэн архивлан хадгална.
    3-р шат: 50 загварыг биет соёлын өв (хувцас) болгож, Монгол улсаа сурталчлах зорилгоор дэлхийн олон оронд загварын үзүүлбэрээ зохион байгуулна. Нэг хувцас бүтээхэд 4-6 сарын хугацаа орно.
    4-р шат: “Эзэнт гүрний эрдэнэсийн сан” үндэсний өв соёлын музейг байгуулж, гадаад дотоодын жуулчдыг татна.

    “Өрнийн гүнж” загвар

    Зургийн тайлбар:

    Хүч чадал, эрх мэдлийг бэлгэдэн толгойн заслын төв зохиомжид шонхор шувууны ерөнхий хэлбэрийг ашиглан өөрийн уран сайхны хэтрүүлгээр үүсмэл амьтан бий болгож зохиомжилсон бөгөөд аманд нь эртний хөх мана зуулгаж, үнэт металлаар уран дарханы аргаар урлана.

    Уг хувцасны бүрдэл хэсгүүд болох бусад хэрэгсэл /аксессуар/ бугуйвч, үсний засал нь ямар нэгэн амьтны анатомийн ясны уран бүтцээс санаа авч, уг загварын онцлогт уялдуулан зохиомжилсон бөгөөд шүр, оюу, хөх мана, хар мана, сувд зэрэг эрдэнийн чулуугаар чимэглэнэ. Үсний үзүүр хэсэгт нүүдэлч язгуурын тулааны зэвсэг болох сумны зэвээр нүүдэлчдийн омог бардам, эзлэн захирагч дүр төрхийг тодотгохыг зорьсон билээ.

    Хүзүүний зүүлт, бүс зэрэг нь орчин үеийн гоёл чимэглэл, үнэт эдлэлийн зах зээлийн шаардлагад нийцэхүйц шинэлэг дүр төрх бүхий шинэ брэнд хийц бий болгох үүднээс Монгол уламжлалт хээг өөрийн уран сайхны зохиомжтой хослуулсан.

    Уг хувцсанд үндсэн суурь хээгүй цулгай пүүсүү – торгон дээр өөрийн зурж төлөвлөсөн шинэ маягийн арт загварын хээг уран хатгамалчид гараар урлана.

    Уг загварыг хийж бүтээсний эцэст харахад ерөнхийдөө Их эзэнт гүрний үеийн агуу их хааны хайрт гүнжийн хувцас мэт харагдах учиртай билээ.





    ТӨСЛИЙН БАГ

    Төслийн удирдагч: У.Ганцэцэг

    Загвар зохион бүтээгч: Д.Ариундэлгэр /Ariuka/

    Төслийн баг: Уран дархан – 6, хатгамалчид – 10, оёдолчин – 3


  • Чойгаалаагийн ЯНЖИНДУЛАМ, НЯМХАНД- Michel&Amazonka брэндийг үүсгэн байгуулагчид

    Загвар зохион бүтээгч, Michel&Amazonka брэндийг үндэслэгчид

    Michel&Amazonka брэндийг эгч дүү дизайнер Чойгаалаагийн Янжиндулам (Michel), Чойгаалаагийн Нямханд (Amazonka) нар 2013 онд үүсгэн байгуулсан.

    Брендийн онцлог нь уламжлалт хэв маягийг агуулсан европ загварын хувцаснуудыг Haute couture болон Prèt-a-Porter төрлөөр зөвхөн монголдоо зохион бүтээж үйлдвэрлэдэг. Тэдний бүтээлүүд нь чамин тансаг, эрхэмсэг байдлыг илэрхийлэхээс гадна тухайн захиалагчид зориулж цор ганц загварыг урладаг. Голчлон эмэгтэйчүүдэд зориулсан гоёлын даашинз, ёслолын хувцас, хуримын даашинз, чөлөөт хувцас хийж байгаа ба удахгүй эрэгтэйчүүддээ зориулсан хувцас хийхээр ажиллаж байна.

    Michel&Amazonka нь 2014 оныг Азийн Fashion Asia Awards-н шилдэг дизайнер шагнал хүртсэн.

    Чойгаалаагийн Янжиндулам буюу Michel нь 1986 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотноо инженер мэргэжилтэй Чойгаалаа, эмч мэргэжилтэй Д.Баярсайхан нарын 3 дахь хүүхэд болон мэндэлсэн. Michel 2003 онд 10 жилийн 75 дугаар сургуулийг, 2003-2007 онд Урлах эрдэм дээд сургуулийг хувцасны дизайнер мэргэжлээр төгссөн.

    Michel багадаа загвар өмсөгч болохоор шийдсэн ч 12 настайдаа загвар зохион бүтээгчээр тэмцээнд орсноор ажлын гараа нь эхэлсэн. Дизайнер мэргэжлийг сонгоход ээж нь ихээхэн нөлөөлсөн ба Мишел брендийнхээ бүхий л загварт гар бие оролцдог авьяаслаг дизайнер юм.

    Чойгаалаагийн Нямханд буюу Amazonka 1988 оны 7 дугаар сарын 31-ны өдөр Улаанбаатар хотноо айлын отгон хүүхэд болон мэндэлсэн. Amazonka 10 жилийн 18-р дунд сургуулийг төгссөний дараа, Урлах эрдэм дээд сургуулийг хувцасны дизайнер мэргэжлээр төгссөн. Хувцас урлахаас гадна дуулах авъяастай бөгөөд 2006- 2011 оны хооронд Star fish хамтлагийн дуучин байсан. Анх дизайнер болно гэж хэн ч боддоггүй байсан бөгөөд гэрийнхэн нь ээжийнхээ эмч мэргэжлийг өвлөж эмч болох байх гэж боддог байжээ. Гэвч дунд сургуулиа төгсөөд Хүмүүнлэгийн Их Сургуульд орж суралцаж байх хугацаандаа загвар зохион бүтээх ажилд илүү дуртайгаа ойлгож сургуулиасаа гарч, Урлах эрдмийн дээд сургуульд орсон.

    Амазонка өдөр тутмын болон үндэсний хэв маягийг агуулсан загваруудыг голчлон гаргадаг төдийгүй эко уутны загварыг гаргасан. Тэрээр хэрэглээний бүтээлүүдийг чадварлаг зохион бүтээдэг.


    УРАН БҮТЭЭЛ

    MICHEL

    Анхны уран бүтээл нь Smooth kiss коллекц байсан бөгөөд Гялбаа сэтгүүлд тавигдаж байсан;

    2006 он Хаврын Гоёл загварын долоо хоногт цэргийн загварт хувцасны коллекци;
    2007 он Garson зуны загварын долоо хоногт үдшийн даашинзны коллекци;
    2011 он Өвлийн цэцэг үдшийн даашинзны коллекци;
    2013 он Улаанбаатар загварын долоо хоногт Michel&Amazonka брэндийн анхны бие даасан коллекци;
    2014 он Сальвадор Дали пальтоны коллекци;
    2014 он Crystal Mind хувцасны коллекци;
    2014 он Азийн шилдэг топ 5 дизайнер (pret-a-porter ангилалд);
    2015 он Зуны үндэсний болон хурмын коллекци, хавар зуны 2016 оны коллекци;

    AMAZONKA
    2010 он RHODIA хувцас загварын шоунд оролцож гараагаа эхэлсэн;
    2011 он Хаврын гоёл хувцас загварын шоунд ажил хэрэгтэй эмэгтэй хувцасны коллекци;
    2012 он Зуны хувцас загварын шоунд Back to the Future коллекци;
    2013 он Улаанбаатар загварын долоо хоногт Michel&Amazonka брэндийн анхны бие даасан коллекци;
    2014 он Сальвадор Дали пальтоны коллекци;
    2014 он Crystal Mind хувцасны коллекци;
    2015 он Зуны үндэсний болон хурмын коллекци, Хавар зуны 2016 үндэсний хэв маягтай загварын коллекци;

    https://www.facebook.com/michelnzonka
    http://michelamazonka.com/

  • Үржнээгийн ЮМЖИР (YUMJIR FASHION)

    Загвар зохион бүтээгч, дизайнер

    Үржинээ Юмжир нь 1977 онд Улаанбаатар хотод төрсөн. Тэрээр Урлах Эрдмийн Дээд Сургуулийг хувцасны дизайнер зохион бүтээгчээр төгссөн. Оюутан байх хугацаандаа Гоел тэмцээнүүдэд өөрийн загваруудаараа тасралтгүй оролцож байсан. Удам дамжсан зураачдын гэр бүлд төрсөн тэрээр өвөө, аавынхаа ажил үйл хэргийг үргэлжлүүлэн үндэсний уламжлалаа хадгалж, сурталчлан хүргэхийг зорьж яваа. Тэрээр 2008 онд өөрийн бие даасан “Glamour Yumjir Fashion” шоуг зохион байгуулсан, 2009 онд АНУ-ын Вашингтон хотноо зохион байгуулагддаг “DC Fashion week”-т өөрийн үндэсний хэв маягийн коллекциор оролцсон. 2010 онд хувцас загвар сонирхогч нар болон оюутнуудад зориулсан “Хувцасны дизайн” гэдэг номоо гаргасан. Тэрээр мөн 2010 онд СЭЗДС-ийг санхүүгийн менежмент чиглэлээр төгссөн. 2011-2012 онд тэрээр Нью-Йорк хотод дизайнерын чиглэлээрээ ажиллаж байгаад ирээд өөрийн Yumjir Fashion нэрийн монгол хэв маягтай өдөр тутмын хувцасны брэндийг хөгжүүлэн Монголдоо болон дэлхийд гаргахаар ажиллаж байна.

    https://www.facebook.com/YumjirFashion
    www.mongolianstyle.blogspot.com
    www.fashiony.ru/user.php?id_u=94416
    www.more.blog.gogo.mn