Category: дүрслэх-урлаг

  • Данейгийн МАЙРА- Эсгий урлалын мастер

    Загвар зохион бүтээгч, БУГАТ эсгий брэндийг санаачлагч

    2000 онд Урлах Эрдмийн Дээд сургуулийг гутлын загвар зохион бүтээгч мэргэжилээр төгсөж, ШУТИС, Үйлдвэрлэл Технологийн Дээд Сургуулийг магистр цолтойгоор дүүргэсэн.

    2001- 2007 онд Норвегийн тусламжийн байгууллагын Ноосны Өрхийн Үйлдвэрлэл Маркетингийн төсөлд эсгийн багш дизайнераар ажиллаж 2000 гаруй хүнд эсгий урлалын чиглэлээр зааж сургасан. Сургалтаас 200 гаруй эсгий урлагийн багш бэлтгэгдэж тэд нутагтаа очоод эсгий урлалын сургалтыг уламжлуулан явуулж Монголын эсгий урлалын хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан. Төслийн хүрээнд төсөлд хамрагдсан үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүнийг борлуулах Цагаан алт дэлгүүр, үйлдвэрлэгчидийг нэгтгэсэн хоршоо, хоршоонуудыг нэгтгэсэн “Ноосон зангилаа” дундын хоршоо байгуулагдсан байдаг. Энэхүү төсөлд ажиллах хугацаандаа шаахай, ширмэл ширдэг, цүнх, малгай зэрэг эсгий бүтээгдэхүүний 300 орчим загвар гаргаж үйлдвэрлэлд нэвтрүүлж, Норвеги, Франц, Итали, Герман, Америк, Нидарланд гэх мэт дэлхийн олон оронд экспортлосон. 20 загвар, 2 технологид Оюуны өмчийн газрын Бүтээгдэхүүн загвар- патент эзэмшдэг.

    2010 оноос хойш Бугат эсгий урлалын урландаа торго, эсгий болон торго эсгийний хосолмол ороолт, эсгий гутал урладаг. Түүний ороолт, эсгий гутлын загвар нь монголчууд төдийгүй жуулчдын таашаалд маш их нийцдэг бөгөөд соёлын өвийг бүтээгдэхүүн болгож “Буган хөшөөг хүзүүндээ ороо” уриатай ажиллаж байна. Тэрээр эсгий бүтээглэхүүний загварыг сайжруулах, хэрэглээний чанарын шаардлага хангах, өнгө будгийн тогтворжилтын тал дээр түлхүү анхаарч, цэвэр органик бүтээгдэхүүн хийж байгаль дэлхийд хор хөнөөлгүй үйлдвэрлэл явуулахыг чухалчлан үздэг.

    2006-2007 онд ITC төслийн санхүүжилтээр Нэхмэлийн хүрээлэнгийн судлаач багш нартай хамтарч “Ноос боловсруулах технологи”, ,Ноос будах технологи”, “Уламжлалт аргаар утас ээрч сурцгаая”, “Эсгий эдлэл хийж сурцгаая”, “Эсгий урлал сургалтын модульжсан хөтөлбөр” гарын авлагуудыг боловсруулан хэвлүүлсэн.

    2004 онд Киргизэд болсон Олон улсын эсгийчдийн 3-р симпозиум, 2007 онд Их Британий Уэлсэд болсон Олон улсын эсгийчдийн конференсд тус тус оролцож байсан. 2007 онд Англи улсад “Монгол эсгий ширмэл ширдэг, казак эсгий ширдэг” сэдвээр, 2015 онд 10 сард Хөдөө аж ахуй төслийн хүрээнд Тажикстан улсын эмэгтэйчүүдэд эсгийний анхан шатны сургалтыг тус тус зохион байгуулсан.

    ҮЗЭСГЭЛЭН
    2006 он Тэрэлжид “Ширмэл ширдэг үзэсгэлэн, өдөрлөг”
    2006 он Улаанбаатарт “Зул сарын баяр буюу эсгий урлаг өнөөгийн хэрэгцээнд”
    2007 он Улаанбаатарт “ Хавар ба Байгаль”
    2011 он Улаанбаатарт “Эсгий-Онгод”
    2014 он Улаанбаатарт “ Бугат эсгий”
    2015 оны 10 сард Данид “Монголын нэг өдөр” хамтарсан үзэсгэлэн

    ШАГНАЛ
    2002 он Гоёл наадмын тусгай байрын шагнал
    2006 он “Үлэмжийн чанарын батламж” Монголын шилдэг 99 бүтээгдэхүүний нэг
    2006 он МХАҮТ-с зохион байгуулдаг хаврын үзэсгэлэнгээс экологийн цэвэр бүтээгдэхүүн
    2008 он Гоёл наадмын тусгай байрын шагнал
    2010 он Зүүн хойд Азийн ЮНЕСКО- н гар урлалын батламжит бүтээгдэхүүн

    http://www.feltmongolia.mn/
    https://www.facebook.com/BUGAT-felt-%D0%91%D0%A3%D…

    Ярилцлага унших

  • Лхагвасүрэнгийн ЭНХМӨНХ (Desimoogn)- График дизайнер, брэнд хөгжүүлэлт


    Дизайнер, урлаач, бүтээгдэхүүний дизайнер

    Энхмөнх буюу Desimoogn нь үе дамжсан уран дархан, уран бүтээлч бөгөөд график дизайн тэр дундаа брэнд, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн томоохон төслүүдэд ажилласан туршлагатай. Мөн үе дамжсан урлалаа хөгжүүлэн орчин үеийн хэрэгцээ шаардлагат нийцүүлэн ган сийлбэртэй хөөмөл арслантай авдар, цутгамал шатар зэрэг бүтээгдэхүүнийг урлан бүтээсэн юм.

    1984 оны 4 сарын 24-нд төрсөн. Нийслэлийн 48-р сургууль, 1997- 1999 онд Гандийн нэрэмжит үйлдвэрлэл урлалын сургуулийг График дизайнер, 2000- 2004 онд СУИС, Дүрслэх урлагийн сургуулийг Чимэглэх зураач мэргэжлээр төгссөн.

    АЖЛЫН ТУРШЛАГА

    2016 оноос Marshall entertainment Зураач, дизайнер

    2015- 2016 Mongol ID LLC Дизайнер

    2008- 2012 Grafx design studio Дизайнер

    2005- 2008 Gem international LLC Дизайнер

    2004- 2005 Dazzle design studio Дизайнер

    2003- 2004 Cordinat LLC Дизайнер

    АЖИЛЛАСАН ТӨСЛҮҮД

    2016 Steppe Cashmere брэндинг хөгжүүлэлт

    2016 Гацуурт брэндинг хөгжүүлэлт

    2015 он Монгол хатгамал бүтээгдэхүүний эх загварын зураач

    2015 он Эльмар Гасанов Монголд төслийн цогц дизайн

    2014 он KAWAI МОНГОЛ төслийн цогц дизайн

    БҮТЭЭЛҮҮД

    Moog Design by CREATIVE MONGOLIA on Scribd

  • Дэчинхүүгийн АРИУНДЭЛГЭР (Empiregunn Ariuk)

    Загвар зохион бүтээгч

    “Сэцэн Фэшн” ХХК-ийн захирал. “Сэцэн Фэшн” брендийг гаргахаар ажиллаж байна. “Эзэнт гүрний эрдэнэсийн сан” төслийг санаачлагч.

    ТОВЧ НАМТАР

    1973 оны 02 сарын 13-нд Архангай аймгийн Цэцэрлэг хотод Дэчинхүүгийн 2-р хүүхэд болж мэндэлсэн.

    1980- 1990 онд Улаанбаатар хотын 10 жилийн 52-р дунд сургууль

    1992 онд Дүрслэх Урлагийн Дунд Сургуулийн хувцас дизайны анги

    1994 онд Соёл Урлагийн Их Сургуулийн хувцас дизайны анги

    1994 онд Соёл Урлагийн Их Сургуульд хувцас дизайны багш

    1996 онд Сэтгэмж Дизайны Дээд Сургуульд хувцас дизайны анги

    1996- 1998 онд Сэтгэмж Дизайны Дээд Сургуульд багш

    1999 онд Дүрслэх Урлагийн Дунд Сургуулийн хувцас дизайны багш

    1999- 2004 онд хувиараа уран бүтээл хийж байсан.

    2005- 2010 онд “Монгол Костюмс” компанид гэрээт дизайнер

    2006- 2008 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны SHI QI компанид дизайнер

    2009- 2010 онд ОХУ-ын Тува улсын соёлын яамны урилгаар тус тус ажилласан

    2011- 2013 БНХАУ-д судалгааны ажил хийсэн.

    УРАН БҮТЭЭЛ

    2005 онд “Монгол Костюмс” компанийн “13-р зуун” коллекцийн хувцасны зураг төсөл, урлан бүтээх ажлыг удирдсан;

    2006- 2008 онд БНХАУ- ын SHI QI компанид Монгол үндэсний болон европ хувцасны зураг төсөл дээр ажиллаж коллекц бүтээж худалдаанд гаргасан. Бээжингийн онгоцны үйлчлэгч, банкны ажилчдын дүрэмт хувцасны загвар гаргасан;

    2009 онд ОХУ-ын Тува Улсын Соёлын Яамны урилгаар хувцасны түүхэн судалгааны номын зураг төсөл;

    2010 онд “Монгол Костюмс” компанийн Эртний өвөг Хүннү Улсаас 13-р зуун хүртэлх Эзэнт Гүрнүүдийн түүхэн хувцасны коллекцийн зураг төсөл урлан бүтээх ажлыг удирдсан;

    2011 онд Эртний болон Монгол үндэсний хувцасны 13-р зууны хаад хатад, Монгол үндэстэн ястан нэртэй цуврал хоёр хөзөр, Монгол костюмс номын ажил;

    2012 онд БНХАУ-ын ӨМӨЗО- ны жуулчны баазын захиалгаар монгол маягийн зуун гэрийн загвар гаргасан;

    2010 оноос “Эзэнт гүрний эрдэнэсийн сан” коллекцийн зураг төсөл;

    ШАГНАЛ

    1994- 2003 онд Гоёл наадмын тэргүүн болон тусгай байр;

    2001- 2002 онд “Монгол Гоёл” наадамд Эртний хувцасны коллекцоор тэргүүн байр;

    2004- 2005 онд БСШУЯ, “Бахархалт Монгол хувцас” наадамд үндэсний коллекцоор Гран-При;

    2005 онд ОХУ- ын Буриадын нийслэл Улаан-Үдэд болсон Монгол туургатны “Торгон Зам” наадамд монгол үндэсний хувцасны төрлөөр Гран-При;

    2013 онд Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол, тэмдэг;

  • З.Цэнгэлсайхан: – Үйл урлах болон уран хатгамлын урлал нь Монгол хатан ухааны үндэс юм. Тэвчээртэй, аливаа юмны гарц, шийдлийг зөв олох хандлагатай, ерөөсөө хүний оюун ухааныг хөгжүүлэх хамгийн чухал зүйлийн нэг бол үйл урлах

    Монгол улсын соёлын биет бус өв өвлөгч  “ Уран хатгамалчин З.Цэнгэлсайханыг уншигч танд танилцуулж байна.  Тэрбээр Уран хатгамал буюу “Зүү ороох” оёдолыг ЮНЕСКО – д бүртгүүлэх ажлын хэсгийг ахалж ажилласан юм. Мөн  эмэгтэйчүүдийн уран хатгамал урлалыг дэмжих  “Эгнэшгүй санаа төв” ТББ  – ын тэргүүнээр ажилладаг.  20 гаруй жил уран хамтгамалыг судалж, бусдад өвлүүлэн зааж яваа үйлчин эмэгтэйн ярианд анхаарлаа хандуулна уу.

    Таны уран хатгамалын ажил анх яаж эхэлсэн бэ ?

    Би 1990 онд Дархан хотын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаар сонгогдсон юм. Тэр үед үйлдвэрүүд хаалгаа бариад олон хүмүүс ажилгүй болсон. Тэгээд би Мөнхөө даргатай Индонез улсруу туршлага судлахаар явж байгаад хүүхнүүд нь салфетка нэхээд Японд гаргадаг гэдгийг сонсчихоод өөрийнхөө уран хатгамал хийдэг дээрээ тулгуурлаад орчин үеийн өргөн хэрэглээний зүйлсүүдийг зүү ороосон хатгамалаар хийж эхэлсэн. Олон эмэгтэйчүүдийг ажилтай болгох зорилготойгоор эхлүүлж байсан юм. Шинэ , шинэ загварууд гаргаад үйлдвэрлэлд нэвтрүүлэх гээд хэсэг явсан. Бас янз бүрийн бэлгэ дурсгалын зүйл хийгээд , үзэсгэлэн худалдаануудад оролцоод гайгүй сайхан дэмжлэг авдаг хэрнээ яг бөөнөөр нь захиалга ерөөсөө орж ирэхгүй байлаа.  Ганц хоёроор нь зарж борлуулаад цөөхөн ч гэсэн хүнд зааж сургасан маань ашиг орлогоо нэмэгдүүлээд явж ирсэн.

     “Зүү ороох” хатгамалыг монгол улсын биет бус өвийн жагсаалтад бүртгэсэн байсан. Чухам юуны учир өв болов ?

    Би 20 гаруй жил хатгамал хатгаж, судалж явсан. Ном судраас хатгамалын түүх, уламжлалыг нь судлаад үзэхээр уран бэрийн торгон ухаан, эмэгтэй хүний мяндасан ухаан л гэдэг тэр бүх юм чинь ерөөсөө үйл урлалаас л төрж байсан юм байна. Ямар ч сургууль соёлд яваагүй хүмүүс яагаад тийм их ухаантай байсан юм гэхээр зэрэг бүх юмаа өөрийн гараар хийдэг. Тэрнээсээ бэлгэдэл, өнгө будаг, түүх, уламжлал гээд маш олон төрлийн мэдлэг олж авдаг. Мөн хатгамал хийх явцдаа хүн асар их төлөв түвшин болдог. Тэвчээртэй, аливаа юмны гарц , шийдлийг зөв олох хандлагатай, ерөөсөө хүний оюун ухааныг хөгжүүлэх хамгийн чухал зүйлийн нэг бол үйл урлах асуудал байсан байна гэж ойлгосон. Тэр тусмаа хатгамалын урлал нь бусад гар урлалаасаа илүү их олон талын мэдлэг шаардсан ажил болдог  учраас хүнийг төлөвшүүлэх, хүмүүжүүлэх, хөгжүүлэхдээ илүү үр нөлөөтэй байсан байна. Үүнийг  шинжлэх ухаан ч гэсэн нотлоод одоо уран хатгамалаар эмчилдэг эмчилгээний арга нээж байна. Яагаад гэхээр хамтгамалдаа бүх анхаарлаа төвлөрүүлээд бүх зүйлээс тасраад суудаг  учраас нэгэн төрлийн бясалгал юм. Тийм болохоор зэрэг би хүмүүст зааж сургах ажилдаа илүү их анхаарлаа хандуулж байгаа. Охид бүсгүйчүүдээ уран гартай, ухаантай , тэсвэр тэвчээртэй болгоход хэрэгтэй юм байна гэж бодож байгаа.

    З. Цэнгэлсайхан: Хөөрөгний даалинг энергийн уут гэдэг

    “Зүү ороох” хатгамалыг ЮНЕСКО – д бүртгүүлэх гэж байгаа гэсэн. Энэ тухай сонин сайхнаасаа ярьж өгөхгүй юу ?

    Зүү ороох хамтгамалын үүсэл гарал нь тэдий үед байна гэсэн баримт хаана ч байдаггүй л дээ. Яахав бидний нэг таамаг байгаа. Анх гал хэрэглэж эхэлсэн үеэс эхэлсэн юм байна гэж. Яагаад гэхээр гараа үрэхээр зэрэг  халаад байх, гал асаахын тулд модоо үрж байж анх гогцоо гарч ирсэн. Тэр үед анхны санаа нь гарч 19 дүгээр зуунд сонгодог урлаг болтолоо хөгжсөн гэсэн ойлголт байгаа. Хамгийн гол нь үнэхээр цэвэр монгол хүний оюун ухаанаар бүтсэн хатгамал. Хэрэглэгдэж байсан түүх нь бурхан шашны эд зүйл, эр нөхөртөө сэтгэлийн илэрхийлэл болгож хөөрөгний даалин, аяганы уут урлаж өгдөг байсан. Даалин бол хамгийн том хүндлэл, хүний хамаг сүр сүлдийг нь авч явдаг учраас энергийн уут гэж ярьдаг. Зан заншилын хувьд асар том байр суурь эзэлдэг. Бас нэг чухал юм нь энэ бол жинхэнэ гар урлал. Бусад бүх төрлийн хатгамалыг одоо машинаар оёж болдог болчихсон.  Яагаад гэхээр зүү хатгаж гаргаж ирчихээд дахиж давхар даруулж оёод шаглаад байдаг. Манай гар оёдолын хамгийн бөх оёо бол шаглаа оёо байдаг. Энэ шаглаа оёоо их чамин болгоод дээрээс нь зүү ороосон гогцоо гаргаж шагладаг учраас яагаад ч машинд орох боломжгүй. Тийм учраас их том өв юм байна гэж бодоод ЮНЕСКО – д бүртгүүлье гэсэн  санаа  гаргаад “Соёлын өвийн төв”-ийнхөнтэй холбогдсон юм. Гэтэл намайг дэмжээд 2010 онд материалаа бүрдүүлж  явуулсан. Жилд нэг л материалыг бүртгэдэг учраас одоо хараахан бүртгэгдээгүй хүлээгдээд байгаа.

    Та одоо хичнээн шавьтай болж байна ?

    Би 20 хэдэн жилийн дотор Дарханд гэхэд 200 гаруй хүнд зааж сургасан байгаа. Харин өнгөрсөн оны 8 дугаар сараас хотод ирээд бас Эрдэнэт, Дорноговь руу явсан. Одоо Хэнтий аймаг руу явах урилгатай байгаа. Өнгөрсөн жил хүрэхгүйн хугацаанд 350 гаруй хүнд зааж сургасан байна.  Эмэгтэйчүүдийг энэ сургалтанд суухаар нөхөрүүд нь их дуртай байдаг. Аавууд нь  хүртэл охиноо хөтлөөд хүрээд ирдэг. Гадуур хөөрөгний даалин, ялангуяа уламжлалт талынх нь юмнууд их үнэтэй байдаг. Үүнээсээ ч болдог юм уу хийж сурах хүсэлтэй хүмүүс маш их байдаг. Тэгээд л хүмүүсийнхээ сэтгэлд нь хүртэл харамгүй сайхан зааж өгөхийг хичээгээд явж байна.

    Та  хатгамалын тухай ном бичсэн байна. Энэ номыг бичихын тулд хатгамалын түүхийг бүр эртнээс нь судласан уу ?

    Би  төрийн албан хаагч байсан. “ Зүү ороох хатгамал” – аараа олон хүнийг ажилтай болгоё гэж бодож яваадДархан – Уул аймгийн ЗДТГ – т ажиллаж байхдаа номныхоо эхний хэвлэлийг 2005 онд гаргасан.  Энэ номыг гаргасан шалтгаан нь хатгамалыг хөгжүүлэхийн тулд  хатгамалчдыг цуглуулж , үзье гэж бодоод хатгамалчдын улсын уралдааныг анх удаа санаачлан Дарханд зохион байгуулсан юм. Тэгээд нэгэнт уралдаан зохион байгуулж байгаа юм чинь хүмүүс гартаа барих юмтай байг дээ гээд бүх музейнүүдээр яваад музейн ховор хатгамал, зээгт наамалтай эдлэлүүдийн бүх зураг хөрөгийг нь аваад бас уралдаанд оролцох гэж байгаа хүмүүсийн бүтээлүүдийг

    тэмцээнээс өмнө файлаар авч байгаад энэ номыг гаргасан юм. Энэ ном бол монголд анх удаа уран хатгамалаар дагнасан альбом ном болж  гарсан. Хатгалтын технолгиуд, болон түүгээр юу хийж болох вэ гэдгийг номондоо оруулж өгсөн. Хоёр дахь улсын уралдаанаа 2010 онд зохион байгуулсан. Тэгээд номынхоо анхны хэвлэлийг сайжруулаад уралдаанд оролцсон хүмүүсийнхээ бүтээлүүдээр баяжуулаад дахин хэвлэсэн маань борлогдож дуусаад одоо гурав дахь хэвлэлрүүгээ  орох гээд явж байна.

    Ном тань дотроо ямар ямар бүлэгтэй вэ ?

    Зээгт наамал, Зүү ороох, Задгай хатгамал, Хонин холбоо, Хэрээсэн хатгамал, Шүр сувд даруулж оёох, Утас хагалж даруулах, Битүү төвгөр хатгамал, Хаваасан хатгамал буюу туулай харайлгах хатгамал, Эсгий ширмэл, Бусад төрлийн хатгамалууд гэсэн бүлгүүд байгаа. Хойно нь Уран хатгамалыг дэмжих эмэгтэйчүүдийн “Эгнэшгүй санаа” төвийнхөө үйл ажиллагааны талаар мэдээлэл оруулж өгсөн байгаа.  Энэ дотроос Утас хагалж даруулах хатгамал нь бараг мартагдсан зүйл байсан. Би номынхоо хоёр дахь хэвлэлд шинээр оруулж ирсэн байгаа.

    З.Цэнгэлсайхан: “Нацагдорж” хээ  гэхэд хүнийг хэл ам, хамаг муу юмнаас хамгаалж байдаг

    “Утас хагалж даруулах оёдол” мартагдсан зүйл байсан гэж байна. Тэгэхээр та яаж сэргээсэн юм бэ ?

    Би энэ оёдолыг огт үзээгүй, мэддэггүй байсан юм. 2 жилийн өмөн телевизээр “Өрөг” гээд оюуны бүтээлтэй хүмүүсийг оролцуулдаг нэвтрүүлэг явсан. Тэр нэвтрүүлэгт оролцож байгаад нэг эхнэр,нөхөр хоёр энэ оёдолоор гутал оёсон байхыг хараад мэдэж авсан юм. Бас дараа нь Хөвсгөл аймгийн нэг хүний оёсон хавтагыг олж номонд оруулсан юм. Гэхдээ өмнө нь ингэж сэтгэж оёдогггүй байснаас биш энэ оёдолыг сурахад амархан л даа. 

    Таны голлон оёдог хөөрөгний даалинд  ямар , ямар хээ угалз чимэглэлүүд ордог юм ?

    Анх оёж байхдаа бол нүдэндээ харагдсаныг л оёдог байлаа. Эхлээд дандаа угалзтай даалин хийдэг байсан. Сүүлд би өөрөө эскиз, загвараа хийж сурсаныхаа дараа ямар орон зайд багтааж, ямар хээ угалз оёхоо шийддэг болсон. Хээний сонголтын хувьд уламжлал талаа голчлон баридаг. 12 жил, 4 хүчтэн оёдог. Сүүлийн үед хүмүүс морь их оёулдаг болсон. Жишээлбэл энэ даалинд би эр хүнд сайн гэгддэг хамаг л нарийн нандин хээ угалзыг оруулахыг хичээсэн байгаа.  Энэ даалин хоёр талдаа 12 жилтэй, уул устай, одтой галтай,  Хүнд ээлтэй байдаг бүх зүйлийг багтаах гэсэн юм. Энэ “Нацагдорж” хээ  гэхэд хүнийг хэл ам, хамаг муу юмнаас хамгаалж байдаг юм  гэнэ лээ. Энд байгаа хээг зоосон хээ гэдэг гэхдээ арвайнаас үүссэн гэдэг. Арвайнаас үүссэн учраас өсөж , үржихийн бэлгэдэлтэй. Энэ арвай хээ Богд хаант монгол улсын сангийн тамга байсан. Бас хосын бэлгэдэл болгож хаан бугуйвч, хатан сүйх хээг оёсон байгаа.

    З.Цэнгэлсайхан: Гэр бүлээрээ ажиллаж байгаа хүмүүс их болсон

    Жишээлбэл хамгийн жижиг бүтээл оёлоо гэж бодоход  хэдий хэр хугацаа шаардах вэ ?

    Хөөрөгний даалинг хийхэд зоосон ширээний сүлжмэл гэж орно. Эртний хөөрөгний даалингууд дандаа ийм зоосон ширээний сүлжмэлтэй байгаа. Тэгээд би хоёр жилийн өмнөөс энэ сүлжмэлийг шинээр нэмж сурсан байгаа. Сүлжмэл тууз учраас юуг ч чимэглэж , эмжиж болдог. Жишээлбэл энэ зүү ороосон хатгамалтай, загасан нуруу орсон зоосон ширээний сүлжмэлтэй бэлэг дурсгалын зүйлийг би Оюунгэрэл сайдыг Франц явахад оёж өгч явуулсан. Энийг хийхэд л бүтэн хоёр өдөр орно.  Хөөрөгний даалин оёход 5 – 6 сар болно. Тэгэхдээ хоногт сууж байгаа цаг маань 10 – аас дээш цаг шүү дээ. Бүр том хэмжээний жишээлбэл энэ монгол улсын төрийн дуулалыг нэг жил хагас оёсон.

    Ингэж их цаг, хөдөлмөр зориулсан зүйл мэдээж үнэ цэнэтэй байна. Өнгөрсөн хугацаанд таны оёсон хамгийн гоё бас үнэ цэнэтэй бүтээл юу вэ ?

    Хамгийн үнэтэй гэвэл хөөрөгний даалин байна.  Даалингийн үнэ 500 мянгаас 25 сая төгрөг хүртэл байна.  Жишээлбэл одоо 4 УИХ – ын гишүүнд миний оёсон даалин байна. Ер нь оёсон юмаа борлуулахын тулд хэрэглээ рүү түлхүү оруулах хэрэгтэй болдог. Урлагийн бүтээлүүдийг тэр болгон аваад байхгүй. Тийм учраас хэрэглээний зүйл түлхүү урлаж орлогоо нэмэгдүүлж байгаа гэр бүлээрээ ажиллаж байгаа хүмүүс их болсон. Ер нь ихэнхдээ гэр бүлээрээ болчихдог.

    Яагаад ?

    Гэр бүлийнх нь нэг хүн тэгэж их хөдөлмөрлөж байгааг хараад зүгээр сууж чаддаггүй байх. Тэгэж бодохгүй байгаад байвал албаар туслуулдаг. Жишээлбэл манай нөхөр бол төмөр замд ажилладаг  их завгүй хүн. Тэтгэвэртээ гарчихангуут нь би нөхөртөө энэ ажлаа зааж, туслуулж эхэлсэн. Тэгээд манайх туг, далбаа хийдэг болсон. Одоо нөхөр маань ямар ч туг далбааг стандартын дагуу хийдэг болсон. Сүүлийн 5 удаагийн сонгуулийн  туг, далбаануудыг хийсэн байна. Бас сүүлд нь зоосон ширээний сүлжмэл хийхийг заагаад өгчихсөн, хүүдээ ч бас зааж өгсөн  хамт хийгээд явж байна. Сурахад их амархан л даа. Хоёр, гуравхан өдөр зааж өгөөд өрөө дадлагажсаар байгаад сурчихдаг. Манай сургалтад сууж байгаа хүмүүс ч гэсэн их хурдан сурах боломжтой.

    З.Цэнгэлсайхан: Хамтгамалын гэр үзэсгэлэн гаргана

    Таны цаашдын зорилго юу вэ ?

    Цаашдаа зүү ороох оёдолоо ЮНЕСКО – д бүртгүүлчихвэл хөтөлбөржүүлээд албан ёсны сургалтын программтай болоод охидуудыг хүн болгохын тулд энэ урлалаа хөгжүүлэх ёстой юм байна гэдгийг төрийн түвшинд ойлгуулах юмсан гэж бодож байгаа. Тэгэхийн тулд олон түмэндээ ойлгуулах хэрэгтэй байна. Үүний тулд би ойрын үед гэр үзэсгэлэн гаргахаар төлөвлөж байна. Тэрнээсээ цааш нь улбаалаад байнгын гэр музейтэй болох юмсан гэж гэсэн зорилготой.  Яваандаа “Оюун ухааны музей”  гэдэг шиг өргөжүүлээд сургалт нь ч байж байдаг, хатгамал нь  ч байж байдаг , үйлдвэрлэл  нь ч байж байдаг ганцхан хатгамал ч биш гар урлалын нэгдсэн төвтэй болж байж хөгжих юм байна гэсэн бодолтой байгаа. Тэгэхгүй бол одоо гар урлал хийж байгаа хүмүүс бүгд шалнаас доош орчихсон. Өөрөөр хэлбэл бүгд л подвальд ажиллаж байна. Гэр үзэсгэлэн маань удахгүй наадмаас өмнө гарна. Циркийн гүйцэтгэх захирал Пүрэвбадам гуай их дэмжээд гэрийг маань гаргаж өгөхөөр болсон байгаа. Гэр доторх бараг бүх зүйл ариун цэврийн булан, аяганы уут, эмийн уут, орны дээгүүрх хөмсөг, тоононы цамхараандаа хүртэл хатгамалтай зүйл хийж байсан.  Тийм болохоор гэр доторх юуг хийж болохоор байна тэр болгоныг үзэсгэлэнгээрээ харуулахыг зорьж байгаа.


  • U MANDALA Таны дотоод чинад дахь дүрслэл

    Гэр бүл, хүүхдийн чиглэлээр уран бүтээлээ туурвидаг зураач Ундраа “энэ зуныг өөртөө зориулж өөрийнхөөрөө урлан бүтээхэд тань зориулж” U MANDALA- Таны дотоод чинад дань дүрслэл номоо танилцууллаа.

    Ундраагийн бүтээл нь гэр бүл, хүүхэд, хүсэл мөрөөдөл, эвтэй дөрөв сэдэвт 40 зурагтай бүх насныханд зориулагдсан ном. Мандала төрлийн ном нь хүн өөрийнхөө дотоод сэтгэлийн өнгө будгийг илэрхийлж, өөрийнхөө сэтгэл зүрх рүү өнгийх, оюун бодлоо төвлөрүүлж цэгцлэх боломж олгохоос гадна ӨӨРИЙГӨӨ НЭЭХ нэг боломж болдог юм байна. Мөн гэр бүлээрээ, хүүхдүүдтэйгээ хамтдаа будаж, хүүхдүүддээ цаг гаргах боломжийг өгдөг.

    Өөрөө урлан бүтээсэн зурагаа номоос салган авч жаазлан гэр орчноо чимэглэн, тохижуулах боломжтой юм.

    Зурагаа хурдан удаан, гоё будахдаа гол нь биш будах үйл явц нь хамгийн чухал юм байна. Харандаагаа сонгохдоо зөөлөн балтай, тод гардаг харандааг сонгох бөгөөд STAEDTLER, LOTORY брэндийн харандаа илүү тохиромжтой байдаг.

    БУДАХ АРГАЧЛАЛ

    – Гадна талаас нь дотогш будах нь тайвшруулж, дотоод ертөнц рүүгээ нэвтрэх боломж олгоно

    – Дотор төв зургаас гадагш чиглэж будах нь дотоод ертөнцөө нээж, оюун бодлоо төвлөрүүлэхэд тусална

    – Телевиз, гар утас, интернэт зэрэг зүйлээс түр холдож аль болох чимээгүй нам гүм орчинд будвал сайн. Энэ цаг хугацааг зөвхөн өөрөө өөртөө зориулах хэрэгтэй.

    Ундраа номыг худалдан авахыг хүсвэл Интер ном, Аз хур, Мажестик номын дэлгүүр болон Нисдэг ном 333-444 утсаар шууд хүргүүлээд авах боломжтой юм байна.

    ӨӨРИЙНХӨӨРӨӨ УРЛАГ ЦАГ
    #МandalaBook #UMandala
    https://www.facebook.com/undraav/

  • ​Монгол гар урлалын дээд суран бүтээгдэхүүн хотод бэлэн ирсэн тул захиалсан хүмүүс 98222586 утсаар холбогдож аваарай!

    Суран эдлэлийн мастер урлал. Байгалийн эрчим энерги, гэр, ажлын орчиндоо байгалийн уур амьсгал бүрдүүлэх, интерьер засал чимэглэлд ашиглах боломжтой.
    – Цээж сүлжмэл бугуйл 150.000₮
    – Битүү сүлмжэл бугуйл 200.000₮
    – Ногт (цулбууртайгаа) 35.000₮
    – Хазаар (жолоотойгоо) 25.000₮
    – Сүлжмэл хазаар ( сүлжмэл жолоо, цулбууртай) 120.000₮
    – Гурамсан чөдөр 25.000₮
    – Суран ташуур 8.000₮
    – Суран Олом хосоороо 45.000₮
    – Жирэм хосоороо 8.000₮
    – Нүхтэй жирэм хосоороо 20.000₮
    – Сүлжмэл ганзага 4ш – 45.000₮
    – Даруулга 20.000₮
    – Дөрөөний сур 30.000₮

    —-Бүтээлч Монгол хуудас дэмжиж нийтлэв—-

  • Балдангомбын БААСАНЖАВ- Эсгий ширмэлийн мастер

    Эсгий ширмэл урлаач, өв тээгч, үе дамжсан урлаач

    Б.Баасанжав нь эсгий ширмэл урлалыг эдүгээ цагт өвлөн авчирж, урлалийг улам нарийвчлан хөгжүүлж эсгий ширмэлээс гадна эсгий зурагт аравч олныг урлан бүтээхээс гадна олон зуун шавь нарт өвлүүлэн сургажээ. Одоо ч гэсэн эсгий ширмэлийг урлалаа өвлүүлэн зааж сургасаар байна.

    Эсгий ширмэл нь эсгий туургатны маш эртний урлал бөгөөд цор ганц Монголын урлал юм. Элдэв харшил, тоосжилтгүй, эдэлгээ маш сайтай, байгаа орчиндоо халуун дулаан байгалийн мэдрэмжийг бий болгодог.
    Турк хивс, араб нэхмэл, хятад торготой адил дэлхийд танигдаж хэрэглээ болох боломжтой бүтээгдэхүүн.



    https://www.facebook.com/baldangombo.baasanjaw

  • СҮБЭЭДЭЙ НУМ СУМНЫ ҮЙЛДВЭР

    “Дэлхийг дайлаар мордъё” уриатай Монгол сур харвааны “Сүбээдэй” үйлдвэр нь “Монгол улс хүчирхэгжив” гэж хэлэх дуртай. Монгол хүний оюун ухаанаар бүтээгдсэн “Эвэр элэгтэй шөрмөсөн артай” уламжлалт харвааны нум, хөвч, сумаа дээдлэн төрт ёсны Эрийн гурван наадамд харван наадаж байгаад баяртай байдаг. Бид энэ бахархалаа харь орон гүрэнд алдах учиргүй. Соёл спорт аялал жуулчлалын яамны газар, хэлтэс, судалгааны баг Монгол сур харвааны “Сүбээдэй” үйлдвэрийн бүтээл “Алингар” нумыг өвлөн тээгч гэж тодорхойлон, үнэлэлт дүгнэлт гарган, өвлөн тээж яваад баяр талархал илэрхийлж албан тоот ирүүлсэн. Үүний дагуу Соёлын өвийн төвд бүртгүүлсэн.

    “Сүбээдэй” үйлдвэр нь: Хүчирхэг монголчуудын оюун ухаан, суу билэг, ов залиар, бүтээгдсэн XII-р зууны үед хийгдсэн тэр үедээ хамгийн хүчтэйд тооцогддог хамгийн холын тусгалтай Эвэр элэгтэй шөрмөсөн артай “Болд ширхэгт, буюу төмөр ширхэгт” нумаа “/Ж.Сүхбаатар Монголын удамт мэргэчүүд” номны 139-р тал/ сэргээж орчин цагийн дэвшилтэд технологид тулгаварлан хийх нь одоогоор бидний мөрөөдөл байгаа, 335 алд газар харвах магадлал өндөр байгаа юм. Одоогоор Бид нэгэн хүрээнд баригдан, хашигдан, том бодлого мэт харагдавч, монголчууд бид өөрсдөө өрөвдөлтэй орчин үүсгэн, хөгжилтэй орнуудын 500- 600м харвасан гэх, харвах зай хүчин чадалд “Эвэр элэгтэй шөрмөсөн артай” нум маань хүрэхгүй байгаад бид дүгнэлт хийх цаг болжээ. XXI-р зуунд манай монголын тамирчид олимп дэлхийн тэмцээнд үзүүлж байгаа амжилтуудаас монгол улс хүчирхэгжиж байна уу даа гэж харагддаг. Мөн манай харваачид, цэц мэргэнээрээ, ази болон дэлхийн дэвжээн дээр аваргалж байгаа нь мөн бахархалтай байгаа юм. Монгол харваачдынхаа бие бялдарын хөгжилд нэмэр болохын зэрэгцээ, сумны хаймсах шидэл сайтай, хатуу нум урлан бүтээх нь монгол хүний оюун ухааны чадал чансааг харуулсан, монгол хүний омогшилоос төрсөн, “Алингар” нумныг орчин цагийн хувилбараар, өв тээгчийн бүтээл болгон үйлдвэрлэх нь манай үйлдвэрийн гол зорилго юм.

    Монголын нийт харваачиддаа хөвчит их хар нумаа эвшээлгэн, татаж, Эрхийдээ эрчимтэй Элгэндээ шүүстэй Уушгиндаа ууртай Уруулдаа хилэнтэй байгаарай гэсэн суу билгийн үгээр амжилт гаргахыг хүсье.

    ….Их эзэн Чингис хааны зарлиг: Их монгол улсын иргэн нар, Өөрийн хийсэн хоолыг идэж , Өөрийн хийсэн хувцасыг өмстүгэй! Эс бөгөөс,Өөрөө өөрийнхөө Өөдгүйн боол болж , Хөндлөнгийн идэш болохыг мэдтүгэй! гэж зарлигдсан байдаг.

    Сүбээдэй нум сумны үйлдвэр нь сүүлийн 20 гаруй жилийн турш Монгол Улсад болон олон улсад урианхай сурыг таниулан хөгжүүлэх зорилготой ажиллаж байна.

    Эвэр элэгтэй шөрмөсөн артай Сүбээдэй нум болон Алингар нумыг үйлдэрлэж байна. Мөн Хамаг Монголын ханлиг наадам Сүбээдэй сурын харвуул наадмаар үйлчлүүлэх, төрт ёсны түүхэн наадмаар баяр, тэмдэглэлт ойгоо тэмдэглэн өнгөрүүлэх, байгууллага хамт олондоо шавь сургалт зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг явуулж байна.

    https://www.facebook.com/%D0%A1%D2%AF%D0%B1%D1%8D%…

  • Пүрэвдаваагийн БАЙГАЛЖАВ- Хөгжмийн зэмсэг урлалын мастер

    Морин хуур, монгол хөгжмийн зэмсэг урлалын мастер, монгол өв соёлоо түгээн дэлгэрүүлэгч соёлын зүтгэлтэн. “Эгшиглэн магнай” хөгжмийн үйлдвэрийг үүсгэн байгуулагч.

    1991 оноос Эгшиглэн хөгжмийн зэмсэгийн урлангаа үндэслэн байгуулж, морин хуур, эвэр бүрээ, хийл, ятга, Алтай ятга гэх мэт монгол хөгжмийн зэмсэг урлах арга барилыг хөгжүүлэн олон мянган морин хуур хөгжим урлаж, олон зуун шавь нарыг төрүүлж, монгол хөгжим урлах, үйлдвэрлэн, өв соёлоо дэлгэрүүлэх их үйлсд үнэт хувь нэмэр оруулсан юм.

    Өмнөгөвь аймагт төрсөн. Адуучин айлын хүү. Зургадугаар ангиасаа сургуулиасаа гарч хөдөө адуунд явдаг байлаа. Манайн нутгийнхан их сайхан дуу хууртай хүмүүс байдаг. Олонхи нь морин хуур татдаг байв. Би морьтой ойрхон өссөн болохоор морин хуурыг их бэлгэшээдэг байсан юм. Модоор юм хийх гарын дүйтэй ч байсан. Тэр үеэс морин хуур сонирхож анх 16 насандаа хуур хийж байлаа. Удалгүй цэрэгт явсан. Халагдаж ирээд хөдөө биш төв газар руу орж ирсэн юм. Тэр үед морин хуур, гар урлалаа сонирхож байсан ч Шарын голын уурхайд долоон жил ажиллаж, гэр бүлтэй боллоо. Анхны хүүхэд маань төрөөд гэртээ долоо хоногийн чөлөөгөөр ирээд морин хуур хийсэн юм. Үүнээс хойш заваараа хуур хийдэг болсон. Тэгээд 1989 онд урлаачаараа ажиллахаар Улаанбаатар хотод ирж, Монголын анхны үлээвэр хөгжмийг орчин цагийн сонгодог хөгжим болох хүртэл нь хөгжүүлж ирсэн Монгол Улсын төрийн соёрхолт, нэрт хөгжмийн урлаач Д.Индрээ багшид шавь орж байсан юм. Ингээд эвэр бүрээ бишгүүрийн урлаач гэсэн мэргэжилтэй болсон доо.

    -“Эгшиглэн магнай” ХХК хэдийнээс эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна вэ?

    1991 онд гэр бүлийн хүнтэйгээ нийлж, “Эгшиглэн” хувиараа эрхлэх аж ахуй гэдэг үндэсний хөгжмийн зэмсгийн урлал, худалдааны чиглэлээр үйлдвэрлэл эрхэлж, эхэлсэн. Хувийн бизнесийн маань эхлэл байсан юм. 1990 онд зах зээлд шилжсэнийг дагаж өөрөө бие дааж чөлөөт зах зээлд хүчээ сорихоор шийдсэн. Мэдээж багшаасаа тусгаарлаж ажиллахаар том зориг гаргасан. Эхлээд хоёулхнаа ажиллаж байхад нэлээд хүнд байсан ч 1990 оны дундуур арав, 2000 оны эхээр 20 гаруй ажилтантай болсон. Одоо 50 гаруй урлаачтай ажиллаж байна даа.

    Хөгжмийн зэмсэг урлах хүн асар нарийн мэдрэмжтэй байх ёстой гэдэг?

    -Тэгэлгүй яахав, уйгагүй хөдөлмөрөөс гадна маш их сонирхол, ур ухаан, нарийн мэдрэмжийг харамгүй зарцуулах хэрэгтэй.

    -Танай бүтээлүүдийг голчлон ямар хүмүүс худалдаж авдаг вэ?

    -Ер нь хэрэглэгчид маань, уран бүтээлчид маань хөгжмийн шаардлага хангасан, ерөнхий стандартаар урласан, ур хийц сайтай хуурыг таашаадаг, бид ч захиалагчийн хүсэл сонирхлын дагуу хөгжмөө хийхийг эрмэлздэг. Түүнийгээ дагаад ч манай хуур улам шинэ шинэлэг болж, чанаржиж, хөгжиж байгаа болохоорхувь болон албан байгууллагуудын захиалгыг хамгийн их авдаг. Ялангуяа сүүлийн гурван жил захиалга нэмэгдэж бараг 2000-аад хуур хийсэн байна.

    -Таныг урлагийнхан морин хуурыг өөрчлөхөөсөө илүү уран хийцтэй болгоход анхаардаг гэлцдэг. “Алтан ураг хамтлагийнхны тоглодог “мангас хуур”-ыг таныг бүтээсэн гэдэг. Морин хуурын толгойг “Харийнхан” киноны гол баатрын дүрстэй төстэй болгож урласан гэх яриа бий. Энэ талаар?

    -Тэр жаахан ташаа ойлголт болсон юм. Учир нь “Алтан ураг” хамтлагийнхан харь гаригийн дүрстэй толгойтой морин хуур урлах санал надад тавьсан юм. Гэхдээ би зөвшөөрөөгүй. Учир нь эртнээс дээдэлж ирсэн молор эрдэнийг үл мэдэгдэх дүрсээр солихыг хүсээгүй. Харин би дуугардаг хайрцгийг нь хийж, сүүлд нь модыг нь эсгэж өгсөн. Өөрөөр хэлбэл толгойноос бусдыг нь би хийсэн гэсэн үг.

    -Ер нь хуурыг ямар модоор хийдэг вэ. Бүх мод хөгжим болж дуугарах уу. Таныг модны үндсээр бүтээлээ урладаг гэх юм?

    -Ер нь их гоё хар модны үндэснүүд байдаг л даа. Харин би нэг удаа гадаадаас айргийн хул хийдэг шиг оросоор бол кульон гэдэг европ хөгжим урладаг модны үндсийг авчирч хийсэн хуурыг хүмүүс их олзуурхаж байсан. Учир нь үндсээр хийсэн хуур их үнэ цэнэтэй, бат бөх сайхан хуур болдог. Гэхдээ бид хуураа модны үндсээр хийдэггүй. Яс ярих юм бол бүх мод хөгжим болж дуугардаггүй. Манай урлаачид хуурынхаа ихэнх хэсгийг хус модоор хийдэг юм. За тэгээд гол дуу гаргадаг мод бол мөнх ногоон гацуур мод байдаг ч ховор ургадаг. Харин нарс мод их сайхан дуугарна. Нарсаар дуугардаг хэсгийг урлаж, бусад эд ангийг цагаан хус модоор урлаж байна. Өөр бусад чанартай модыг онцгой тохиолдолд гадаадаас захиж авчирч урлах тохиолдол бас бий.

    Таныг болон танай байгууллагыг олон улсын болон уралдаан тэмцээнд их амжилттай оролцдог гэж сонссон. Тэр тухай ярина уу?

    -Манай улсад Морин хуур урлаачдын анхдугаар уралдаанд 1989 онд хот хөдөөгийн шилдэг 60 урлаач оролцож байлаа. Энэ уралдаанд миний хийсэн хуур анх тэргүүн байр эзэлж байлаа. Үүнээс хойш аж ахуй эрхэлж, шавь нартай болж бас л 2002 онд хоёрдугаар уралдаан, 2007 онд гуравдугаар улсын уралдаанаас удаа дарааллан тэргүүн байрт шалгарч байлаа. 2010 онд мөн шавь нар маань эхний таван байрыг эн зэрэгцэн эзэлж, 2014 онд ч арвин амжилттай байлаа.

    Таны хэчнээн хуур говьд очиж, хичнээн ингэ буйлуулсан бол?

    -Манай олон хуур олон ч ингэ буйлуулж байгаа даа. Яагаад гэвэл манай говь нутаг болон орон нутгуудад бидний хийсэн хуур ихээр залагддаг учраас олон ингэн тэмээг зөөллөж байгаа байх аа.

    -Ингэхэд та хэзээ нутгаасаа гарсан хүн бэ. Нутаг усандаа хэр очдог вэ?

    -Би нутгаасаа 1979 онд цэрэгт яваад л гарсан хүн дээ. Тэндээсээ уурхайчин болж долоон жил Шарын голын уурхайд ажиллаж гэр бүлтэй болж, 1989 онд хотод ирээд тэр цагаас хойш буюу хөгжимчин болсноосоо хойш үе үе нутагтаа очиж, уул усаа эргэж байна даа. Би Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын хойд талд Аягач сангийн далай, Аягач нүдэн гэх гурван усанд Замшанд бригадад бага насаа өнгөрүүлсэн дээ. Миний нутаг бүхий л зүйл нь бүрдсэн малын бэлчээртэй хойд талаараа адууны бэлчээртэй сайхан нутаг бий. Ёстой л өнөөх даага далантай, бяруу булчинтай гэдэг бэлчээр л манай нутагт байлаа даа. Би адуучин аавын хүү. Багадаа чулуун тоглоом тоглож, гоё хэлбэртэй тэмээ морин чулуугаар наадаж тэрийгээ өвөртлөөд л гүйдэг нүүдэг байлаа. Би багадаа хонио хариулна, аргал түүнэ ер нь хонь, тэмээний хүү байлаа. Өөртөө тохирсон жижигхэн ховоотой, худагт уначих гээл ховоо татаж цөөхөн хэдэн адуу байвал усалчихдаг байлаа. За тэгээд л 15, 16 хүрээд л адуунд явдаг, адуу хариулдаг том хүү болж, дүү нарт миний ажил очдог байлаа. Нутаг маань зундаа нууртай, хачин сайхан байсансан.

    -Таны хүүхдүүдээс ажлыг тань өвлөсөн хүн бий юу?

    -Миний хүүхдүүд бүгд л урландаа ажиллаж, аж ахуйн ажил хийж байна. Охин маань урлангийнхаа санхүүг хариуцаж ажилладаг. Харин хүү маань яг хөгжим бол барихгүй байна, аж ахуйн ажилд л оролцож байна.

    Та 20 гаран жил энэ салбарт ажиллажээ. Мэдээж олон шавьтай болсон байх. Та шавь болгож авахдаа ямар нэгэн шаардлага тавьдаг уу?

    -Шавь бол олон байна. Нутаг ус, хамаатан садангийн хүүхдүүд, газар газрын хүүхдүүд байна. Шавь нартаа уйгагүй хөдөлмөрч, нарийн ур ухаан, гярхай, ажилсаг, дээрээс маш хариуцлагатай байхыг л сургаж, зөвлөдөг. Шавь нар маань эхлээд багажаа давтаж л сурдаг даа. Одоогоор гарын 50, 60-аад шавьтай. Зарим нь урлаачийн ажлаа хийж, зарим нь хувийн бизнес хийж байна. Дурдвал, манай нутгийн шавь Д.Даваажав гэж нилээн гарын дүйтэй сайн урлаач маань хувийн компани эрхлэж байна гэх мэтчилэн нас, насны залуус манайд урлаач болохоор зэхэж байна даа. Ер нь шавь нартаа хөгжмөө сайн сонсох сонсголтой, цаашлаад тоглож чадах чадвартай байхыг л шаарддаг даа.

    -Монгол Улсын Ерөнхийлөгч “Монголын нууц товчоо, морин хуураа дээдлэх арлиг гаргасан. Тэрнээс үүдэн айл өрх, албан байгууллага морин хуураа хоймортоо дээдлэх залах болсон. Танайхаас морин хуур авахыг хүссэн хүн хэрхэн, яаж хандаж байх юм?

    -Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарснаас хойш морин хуурын аян, сургалт хаа сайгүй үргэлжилж байна. Манай компанийн хувьд Завхан аймгийн захиалсан 2000 хуурыг урласан нь их амжилт байлаа. Энэмэтчилэн морин хуурыг дээдлэх иргэдийн хандлага сайжирч байна. Аймаг сумдууд 90 жилээ тэмдэглэхдээ 90 хуур, Тавантолгой 50 жилээ тохиодуулж 50 хуур хийлгэнэ гэсэн. Булган аймаг гэхэд л 1000 хуурын аян зарласан байх жишээтэй. Энэ жил UBS телевиз “Хөхөө намжил” морин хуурчдын уралдаан зарлаж, шилдэг 15 хуурчаа үе шаттайгаар шалгаруулах гэж байна, ер нь манайхан нэг үеэ бодвол хуураа хүндэлж дээдлэн залах болсон байна.

    -Сүүлийн үед морин хуур урлаачид стандарттай болох хэрэгтэй хэмээн санал нэгдээд байгаа. Үндэсний өв соёлыг үргэлжлүүлж буй хүний хувьд таны бодол?

    -Ер нь бол өдгөө морин хуур хэрэглээний хувьд амьдралын явцдаа хэмжээ нь аяандаа тодорхой стандарттай болчихсон. Харин хуур яг тийм хэмжээтэй байх ёстой гэсэн хэмжээ заасан албан бичгээр баталсан стандарт бол байхгүй. Ялангуяа мэргэжлийн морин хуур урладаг урлаачдын хуур бол стандарт барьж байгаа. Харин сонирхогчдын буюу бэлэг дурсгалын урлаачдын хуур бол нарийн хэмжээ стандарт төдийлэн байхгүй байна. Ихэнх хөгжим хувирч өөрчлөгдсөөр амьдралын явцад хамгийн сонгодог хэмжээ стандарт дээрээ тогтсон гэдэг.

    -Сүүлийн хормыг танд үлдээе. Танд хойч үе болсон залуусдаа хандаж хэлэх үг байгаа байх?

    -Монгол хүнийг морьгүйгээр төсөөлөшгүй. Тиймээс монгол хүн бүр ялангуяа залуучууд маань морин хуурыг дээдэлж, эрхэмлэн залж, хуураа татаж, өрх гэртээ аялгуу эгшиглүүлж байгаасай гэж хүсч байна.

    Ж.ЭРДЭНЭ

    https://www.facebook.com/baigaljav

    http://www.egshiglen.mn/

    https://www.facebook.com/%D0%AD%D0%B3%D1%88%D0%B8%…

  • Намсрайжавын АМАРСАЙХАН- Зураач, өрөг, орчин үеийн урлаг

    1981 онд Сүхбаатар аймагт төрсөн. 1998- 2000 онд Сэтгэмж дизайны дээд сургууль, 2000- 2005 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийг зураач мэргэжлээр дүүргэсэн. 2006 оноос Монголын Урчуудын Эвлэлийн хорооны гишүүн, 2007 оноос “Шинэ Үе Урлаг” нийгэмлэгийн УЗГишүүн.

    2009 оноос Нүүдэлчдийн байгальтайгаа шүтэлцэн, зохицон амьдарсаар ирсэн соёлоор дамжуулж, цаашид бид дэлхий эхтэйгээ хэрхэн харилцаж, зохицож амьдарч болохыг илэрхийлэх, байгальд ээлтэй амьдралын хэв маягийг дэлгэрүүлэх зорилготой санаачлан эхлүүлсэн “Нүүдэл” төсөл нь Өрөг урлаг /Инстоляци/, Газрын урлаг /Ланд арт/, Уран зураг гэсэн төрлөөр Монголын болон олон улсад амжилттай хэрэгжисээр байна.

    БИЕ ДААСАН ҮЗЭСГЭЛЭН

    2014 он “Монгол” Сувд Арт галерей, Улаанбаатар

    2011 он “Үндэс” Red Mill галерей Vermont Studio Center, USA

    2008 он “Өнгө ба Аялгуу” Урчуудын Эвлэлийн Хорооны Галерей

    2006 он “Миний Ертөнц” Xanadu Art Gallery, Улаанбаатар

    БИННЕАЛ

    2017 он “Cheongju Biennale-2017” Чонжу хот, Солонгос

    2016 он “Land Art – 360” Монгол Биннеал- 2016, Дарьганга Сүхбаатар аймаг

    2010 он “Busan Biennale-2010” Бусан хот, Солонгос

    ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР

    2016 он “ChengLong Wetlands” олон улсын байгаль орчны урлаг хөтөлбөр

    2014- 2016 он “Gangwon international Environmental Installation Art” олон улсын хөтөлбөр, Солонгос Сэүл

    2015 он “Nord Art-2015” олон улсын симпозиум, Büdelsdorf in Germany

    2014 он Art Omi international Artists residency New York City in USA

    2011 он “Vermont Studio Center” олон улсын хөтөлбөр, Johnson, Vermont Studio Center, USA

    2010 он “Open To You” Open space Bae олон улсын хөтөлбөр, Ilwang Busan, in Korea

    2010 он “Jara Island International Baggat Art Exhibition- 2010” Gapyeong Солонгос Сэөл

    2009 он “Time &Space” олон улсын нүүдлийн соёлын хөтөлбөр, Өмнөговь аймаг

    ХАМТАРСАН ҮЗЭСГЭЛЭН

    2016 он “Nord Art-2016” олон улсын үзэсгэлэн Büdelsdorf in Germany

    2014, 2016 он “Оны шилдэг бүтээл”Урчуудын Эвлэлийн Хорооны Галерей

    2016 он “Амгалан ертөнц” Хөх хот Хятад, Үндэстний ордон

    2013- 2014 он “Хөх Дорно” Өвөр Монгол, БНХУ зураачдын хамтарсан

    2012 он “Urban Narratives” Монголын орчин үеийн урлаг, Schoeni Main Gallery, Hongkong

    2012 он “Монголын Соёлын Өдрүүд ” үзэсгэлэн, Хятад Шанхай

    2012 он “Элсэн Цунами” Дэлхийн цөлжилтийн өдөрт төсөл, ШҮУрлаг Нийгэмлэг

    2012 он “Art Camp” Хөх Нар урлагийн төв, Өлзийт хороолол

    2012 он “Усгүй Урсгал” төслийн үзэсгэлэн, Уран зургийн галерэй ШҮУрлаг Нийгэмлэг

    2011 он “Asia and Rise” олон улсын үзэсгэлэн, Sori Art Center, Seoul in Korea

    2010 он “Busan Biennale- 2010” on the beach, Busan, in Korea

    2009- 2011 он “Оны Шилдэг Бүтээл” Уран Зургийн галерей

    2008 он “Монголын Дүрслэх Урлаг” at the Som Art Gallery, San Francisco, USA

    ШАГНАЛ

    2011 он “Хөх толбот ахан дүүс” Монгол Солонгосын хамтарсан үзэсгэлэн 3-р байр

    2008 он “Tiger Translate” төслийн үзэсгэлэн 3-р байр

    INSTALLATION ART

    PAINTINGS

    ХОЛБОО БАРИХ

    Post Office Box-2645

    Ulaanbaatar 15160, Mongolia

    Tel: 976-99150315, amar_artmn@yahoo.com

    https://www.facebook.com/AmarN-art-studio-1746054875707854/

    www.art-amar.blogspot.com