Category: Uncategorized

  • ҮНДЭС бол НАВЧ биш!!!

    “Энэ царс ургахын тулд хэдэн зууныг туулах юм. Энэ бизнес босохын тулд хэдэн үеийг элээх юм”

    Ж.Лувсандорж
    CEO NMMAteam

    1000 жилийн настай аварга том Царсны түүхээр аялцгаая. Царс бол нэг настай ганган цэцэг биш. Тиймээс түүнд үндэс хамгаас чухал. Нэг настай цэцэгт жижиг үндэсхэн байхад л хангалттай. Цэцэглэнэ, хагдарна. Гүйцээ. Харин Царс бол өөр. 
    Тэр 1000 жил ургахыг хүснэ. Тиймээс тэр маш сайн үндэслэх хэрэгтэй. Бяцхан царсны жижигхэн үндэс шууд л газрын гүнд нэвтрээд л бөх бат үндэслэчихгүй. Тэр газрын гүнд улам бат шигдэхийн тулд бүх чадлаараа их удаан хичээх хэрэгтэй. Бороонд норсон ч шолбойх ёсгүй, наранд халсан ч хатах эрхгүй. Хад чулуу таарлаа гээд нугарч хугарах ёсгүй. Нэвт гарч улам л цааш үндэслэх ёстой. Бяцхан үндэс хичээсний эцэст хад чулууг ч үйрүүлж улам цааш үндэслэнэ. Үер ч түүнийг зүгээр орхихгүй ширүүн урсгалаараа шоглоод өнгөрөх гэнэ. Тэр шоглоомыг давахын тулд эцсийн хүчээ дуустал газраас зуурна. Тэсгим хүйтэн бас л хөлдөөх гэж оролдоно. Түүнд зорилго байгаа учраас эцсийн амин халуунаа дуустал хүйтэнтэй тэмцэнэ. 
    Энэ бүх бэрхшээл энэ хорвоогийн царсханы тоог нэгээр хасах шалтаг биш, харин хорвоогийн хамгийн том царс мод болохын төлөө улам гүн, улам бат бөх үндэслэх шалтгаан болно.
    Хэрвээ үндэс газарт гүн үндэслэж чадвал одоо түүнээс иш ургана. Ишнээс салаа мөчир ургана. Салаа мөчирөөс навч нахиа нахиална. 
    Ингээд аварга том царс зуу зуун жил ургана. Үр жимс хийсэж хорвоогоор нэг ургана.

    Үндэсний түүх бол энэ. Харин навчны түүх бол өөр. Тэр бол навч. Навч дээр нар тусна, бороо шивэрнэ. Хавар нахиална, намар гандана. Энэ бол навч. Тэр хад чулууг бутлаагүй, хар шуургыг сөрөөгүй.

    Бид навч байж болох байсан. Навч болох амархан байсан. Монголд биш хаа нэгтээ ургасан модны навч нь байж илүү амар, илүү санаа зовох зүйлгүй амьдарч болох л байсан. Гэхдээ бид тэгээгүй. Бид том модны навч нь байж баясаж амьдрах биш, өөрсдөө том модыг үндэслүүлэхийг зорьсон.
    Бидний бизнес дөнгөж үндэслэж байна. Бид бол навч биш үндэс. БИД БОЛ ҮНДЭСЛЭГЧИД. Үндэс байх зохиол навч бүрд олдохгүй.ГэрэгэЭрхэтЗарлигийг бид үндэслүүлсэн.

    Үндэс байхын тулд үндэсний шинж чанарыг өөртөө агуулах хэрэгтэй. Үндэс байхын тулд хүчирхэг үндэсийг удаан ажиглаж түүнээс суралц. Энэ мод мянган жил ургаж олон монгол хүн үр жимсийг нь идэх болно. Үндэслэгчдээ!!!

    ҮНДЭС бол НАВЧ биш!!!

  • МОНГОЛООС ҮНДЭСЛЭСЭН МОД

    Зарим нэг таньдаг хүмүүс маань эрүүл сайхан амьдарна бас ашиг олно гэж үзээд сүлжээний бизнесүүд хийж байсан. Зарим нь хийх гэж эхлэж байна. Эрүүл байна л гэнэ. Мөнгөтэй болно л гэнэ. Зөв. Гэхдээ эрүүл байх, мөнгөтэй болох арга нь цор ганц энэ мэтээр толгойгоо угаалгаж болохгүй. Би энэ компаниудыг бараг бүгдийг нь сонирхож судалж байлаа. Лекц сургалтанд нь сууж, өөрөө ч хичээл сургалт хийж явлаа. Миний найз нөхөд, миний хуурай дүү нар, ойр дотны хүмүүс ч энэ бизнесийг хийж байсан. 

    Сүүлд нь би нэг зүйлийн тухай бодож эхлэсэн. Үндэсийн тухай. Хаанаас үндэслэсэн бэ гэж. Хятадууд өвс ургамалаа хүртэл ид шидтэй гэдэгт итгүүлж, сүлжээний бизнес болгож тэрбумаар нь эргэлдүүлж байна. 
    Энд хэдэн монгол тэрийг нь нэг нэгэндээ зараад баяжиж байна гэх. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй. Тэр хятад өвс ногооноос нь илүү өвс ногоо монголчууд бидэнд байж л байна.

    Удаан бодсоны эцэст өөр газраас үндэслэсэн модны навч нахиаг нэгэндээ зарж ашиг олохоос илүүтэйгээр өөрсдөө монголдоо ямар нэг бизнесийг үндэслүүлэх эсвэл монголд үндэслэсэн модыг улам бүр тордож ургуулж илүү олон монгол хүнийг ажилтай амьдралтай болгох нь үнэ цэнэтэй, утга учиртай ажил гэдгийг ойлгосон. Үндэслүүлж ургуулж чадах модоо бид өөрсдөө үндэслүүлэх ёстой. Үндэслэх боломжгүй, үндэслүүлж чадахгүй модныхоо навч нь байх ёстой гэдгийг л ойлгосон. Монголчууд бидний хийж чаддаг зүйлийг биднээс суралцаж үйлвэрлээд буцаад бидэнд зарж байна шүү дээ. Монгол дээл гутал, авдар сав, ааруул ээзгий, бяслаг сүүгээ хүртэл гаднаас авах шахаж байна. Ер нь хийж чадах хэдэн үйлдвэрлэлийн салбараа хөгжүүлэх хэрэгтэй. Гар урлал, цагаан идээ, зөгийн бал, хүнсний ногоо, тариа буудай, мах бол экспортолж болохуйц салбар. За бас програмчилж болох бүхнийг програмчилж буй эрин зуунд програм хангамжийн салбар бол маш ирээдүйтэй салбар. Бид цөөхүүлээ учир оюуны үнэлэмж өндөртэй бүтээгдэхүүн хийх тусам олон Монгол хүнийг тэжээж чадна.
    Энэ бодол минь биелэж хэдэн монгол залуус технологийн бизнес эхлүүлж, технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дэлхий дамнасан хүчирхэг модыг үндэслүүлэх гэж байгаатай нь хувь заяагаар холбогдсон юм. Бид өндөр ашиг олох гэж өөр хаа нэгтээ цэцэглэсэн аварга модны салаа мөчир, навч нь болж амьдрахыг хүссэнгүй. Харин аварга том модыг үндэслүүлж ургуулах гэж зорьсон юм. Бид одоогоор хүнд гайгуулахаар ашиг олоогүй ч гэсэн БИД бол ҮНДЭСЛЭГЧИД.

    МОНГОЛООС ҮНДЭСЛЭСЭН МОД ДЭЛХИЙ ДАМНАН УРГАНА АА

  • ЗАРДАЛДАА ҮРЭГДСЭН АМЬДРАЛ УУ! БАЯЛАГ БҮТЭЭСЭН АМЬДРАЛ УУ?

    (Хувийн ажиглалт)

     

    Зарим залуус өөртөө баахан зардал бэлдэж амьдарч байна. Салбартаа сайн мэргэжилтэн болох, өөрийгөө бүрэн нээхийн тулд хичээхийн оронд гоё ганган хувцас, машин тэрэг, шоу цэнгээн, хоосон зиндаархсан үргүй хэрэглээ болсон бөөн зардалыг л өөртөө бэлдэх юм. Тэгээд зардалаа олох гэж юу таарснаа хийж амьдарч байна. Өөрийнхөө хэрэглээг хэт их зардалтай болгож түүнийгээ олохын төлөө зардалтайгаа хөөцөлдсөөр байтал ЗАРДАЛ- ЗАРДАЛАА ОЛОХ- ЮУ Ч ХАМААГҮЙ ХИЙХ- ЗАРДАЛ гэсэн хархны тойрогт орж амьдарсаар хийж бүтээсэн зүйлгүй хорвоог орхиж байгаа юм. Энэ амьдралыг ЗАРДАЛДАА ҮРЭГДСЭН АМЬДРАЛ гэж би томъёолсон.

    Үүний оронд миний санал болгож байгаа хувилбар бол эхлээд өөрийгөө баялаг болгоход зардалаа зориулах хэрэгтэй. Тэгээд чи өөрөө баялаг бүтээх ёстой. Баялаг бүтээнэ гэдгийн гол санаа нь чи өөрийнхөө авъяас чадварыг олж нээж ЧИ ӨӨРӨӨ БАЯЛАГ (капитал) болох ёстой. Өөрийн гэсэн баялагтай болох хэрэгтэй. Чиний хийж хэрэгжүүлж байгаа үйлдэл амьдралд чинь эерэг өөрчлөлтийг авчирж, хийж бүтээсэн зүйлээр чи өөрөө болон үр хойчис, хүмүүс бахархаж байвал энэ бүтээлч амьдрал. ӨӨРИЙГӨӨ ТАНИХ- БАЯЛАГ БҮТЭЭХ- УТГА УЧИРТАЙ ЗҮЙЛ ХИЙХ- ӨӨРИЙГӨӨ ОЛОХ гэсэн бүтээлч хэмнэлтэй энэхүү амьдралыг БАЯЛАГ БҮТЭЭСЭН АМЬДРАЛ гэж би томъёолсон.

    За эндээс мөнгө чухал, эсвэл мөнгө хэрэггүй эсэх талаар маргааны хариулт олдоно. Чи өөрөө баялагын үүсгүүр болоод юм хийж бүтээгээд мөнгө олж байвал утга учиртай мөнгө. Ингэж олсон мөнгө илүү утга учиртай зүйлд зориулагдана. Харин хийж бүтээхгүйгээр зардал үйлдвэрлэж, ямар ч хамаагүй аргаар мөнгө олох гэж улайрч яваа бол утга учиргүй мөнгө. Энэ мөнгө амьдралыг улам бүр үрнэ. Хүн бүр агуу ихийг хийх албагүй ч хүн бүр өөртөө тохирсон хийж бүтээх зүйлтэй энэ хорвоо дээр ирсэн. Түүнийгээ л олж хийх хэрэгтэй. 

    Эцэст нь танд тавих нэг асуулт: 
    Та ЗАРДАЛДАА ҮРЭГДЭЖ АМЬДАРЧ БАЙНА УУ? БАЯЛАГ БҮТЭЭЖ АМЬДАРЧ БАЙНА УУ? 

    Ж.Лувсандорж
    2012.09.17

  • Корпорацийн дотоод хурлыг шинэлэгээр зохион байгуулах зөвлөмж

    Хамгийн их нойр хүргэж удаан сунжирдаг урт хуралыг шинэлэг сонирхолтой, үр дүнтэй болгохыг хүсвэл доорх зөвлөмж танд хэрэг болно.

     

    (Хувийн туршлага, ажиглалтанд үндэслэн бичсэн болно)

    ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛАХ:
    Хөтөлбөрийг боловсруулахдаа лекц яриа (15 минут) + сэргээх сонирхолтой үйл ажиллагаа (5 минут) + лекц яриа + интерактив мэдээлэл гэх мэт өрөх байдлаар боловсруулвал үр дүнтэй байдаг.

    БЭЛТГЭЛ АЖИЛ

    1. Зохион байгуулах газраа сонгох: Аль болох шинэлэг уур амьсгал төрүүлэхүйц газар сонгох. Хүнийхээ тоонд тохируулж сонгох. Өмнө нь тогтмол хурлууд хийж байсан газраас татгалзах нь зүйтэй. Нөгөө л 1 хурал гэсэн сэтгэгдэл анхнаасаа төрчихнө.
    2. Тайз засалт: Том хулдаасан хэвлэлээр фон хийх, компанийн туг болон Монгол улсын далбаа зэргийг ард байрлуулж өгөх нь сүр өруулж өгдөг.
    3. Орчинг тохижуулах: Корпорацийн хийж бүтээсэн зүйлээр жижиг үзэсгэлэн гаргах, үйл явдлын болон түүхэн зургуудаар фото зургийн үзэсгэлэн гаргах, корпорацийн түүхтэй холбоотой сонин содон түүхэн эд зүйлс, дурсгалын зүйлс зэрэгийг байрлуулах. (Жишээ нь: анхны шан татаж байсан хүрз, анхны үүсгэн байгуулагч хүмүүсийн зураг) (Энэ оролцогчдыг уйдаахгүй байх, сонирхолыг татах, бахархал төрүүлэх сэдэл болно.)
    4. Хөтлөгч бэлтгэх: Эрэгтэй, эмэгтэй мэргэжлийн хөтлөгч бэлтгэх хэрэгтэй. Гэхдээ сайн бэлтгэсэн хөтөлбөр хөтлөгчгүйгээр ар араасаа хөврөх маягаар бас зохион байгуулах хэлбэр бас бий. Муу хөтлөгч үйл ажиллагааг улам нуршуу болгодог.
    5. Индэр бэлтгэх: Албан ёсны индэр бэлтгэж, индэрийн урд корпорацийн лого, тэмдэгийг байршуулж өгснөөр илүү хүндэтгэлтэй харагддаг. Заавал индэр дээр зогсож ярих шаардлагагүй ч индэр байх нь зүйлтэй.
    6. Нийт ажиллагсадыг урих: Урилгыг тараах, эсвэл биечлэн урихдаа анхнаас нь оролцогчидод албан ёсоор зарлаж сэтгэгдэл төрүүлэх хэрэгтэй. Урилга тараавал хөтөлбөрөө хавсаргах, урилга тараахгүй биечлэн урьж байгаа тохиолдолд компанийн удирдлагууд өөрсдөө амаар урих, хөтөлбөрөө танилцуулах зэрэг нь ажилчидад сэтгэгдэл төрүүлж эхнээс нь л сэдэлжүүлж өгдөг.
    7. Шагнал гардуулах ажиллагаа: Төрийн болон төрийн бус байгууллагаас тухайн компанид болон компанийн ажилтануудад шагнал тодорхойлуулж хуралын үеэр гардуулснаар ажилтануудад бахархах сэдэл болно.
    8. Компанийн тэмдэглэлт өдрийг тохиолдуулах: Тухайн хуралыг компанитай холбоотой ямар нэгэн тэмдэглэлт, түүхэн өдрийг тохиолдуулан хийвэл зүгээр байдаг.
    9. Мэдээ/ПР ажил: Шаардлагатай гэж үзвэл хурал зохион байгуулж байгаа тухай мэдээг телевиз, сонингуудад өгч болно.

    ЭХЛЭЛ

    1. Машины зогсоол: Болох газрынхаа машины зогсоол зэргийг бас харгалзаж үзнэ. Зогсоолыг зохицуулж өгөх, зогсоол хүрэлцэхгүй бол таксигаар ирэхийг сануулах хэрэгтэй. Анхнаанаасаа машин тавих зогсоол олдохгүй бухимдалтай хурал эхлэчихвэл уур амьсгал эвдэрнэ гэсэн үг.
    2. Угтах орчин: Хүндэтгэлтэй болгохын тулд улаан биш юмаа гэхэд хивс дэвсэж дээгүүр нь алхуулсанаар оролцогчидод хүндэтгэлийн сэтгэгдэл төрнө.
    3. Угтагчид: Угтагч бүсгүйчүүд эсвэл удирдлагууд өөрсдөө ажилтануудаа үүдэнд угтаж гар барьж оруулснаар ажилтануудад сайхан сэтгэгдэл төрүүлдэг. Хуралын уур амьсгал анхнаасаа л сайхан болно гэсэн үг.

    ӨРНӨЛ

    1. Видео үзвэр: Холдингийн видео шторк, видео танилцуулга, ажилтан ажиллагсадын видео сэтгэгдэл зэргээр нэтрүүлэг бүтээх үзүүлэх.
    2. Хүндэтгэлийн мэндчилгээ: Олны танил хүмүүсээр урьдчилан видео мэндчилгээ бичүүлж авч хурлын дундуур үзүүлж гэнэтийн бэлэг болгох.
    3. Удирдлагууды үг: Кордорацийн алсын хараа, үнэт зүйл, карьерийн шатлалыг танилцуулах, гол нь компанийн өсөн дэвжих зөн алсын харааг нийт ажилтануудад тод томруунаар ойлгуулах нь чухал.
    4. Дуу хуур: Олны танил хамтлаг дуучидаас урьж оролцуулах.
    5. Хүндэт зочин: Бас олны танил хүнээр үг хэлүүлвэл хүмүүс их чухлаар хүлээж авдаг.
    6. Туг гардуулах ёслол: Байгуулагын андгай өргөх ёслол, эсвэл туг гардуулах ёслол хийх. Корпорацийн тугийг бүтээж бүрэлдэхүүн компаниудын удирдлагуудад албан ёсоор гардуулж өгөх.
    7. Төрсөн өдөр: Тухайн өдөр нь ажилтануудын төрсөн өдөр байгаа эсэхийг нягталж үз. Хэрвээ байвал тухайн ажилтанд гэнэтийн бяцхан бэлэг барьснаар нийт ажилтануудад дотно сэтгэдэл төрүүлж чадна.
    8. Хөгжөөнт тоглоом: Хурлын уур амьсгалыг задлах зорилгоор хөгжөөнт тэмцээн, уралдаант тоглоом зохион байгуулж болно.

    ТӨГСГӨЛ

    1. Архив бэлтгэх: Нийт үйл ажиллагааны хүрээнд фото, видео сурвалжлага бэлтгэх хэрэгтэй. Компанийн ажилтануудаас компанийхаа тухай бодож явдаг сэтгэгдэлийг нь видео бичлэг хийх, өдөр тутмын үйл ажиллагааг видео болгож нэвтрүүлэг оруулж өгвөл ажилтануудад маш хөгжилтэй дотно сэтгэгдэл төрүүлж, хурлын уур амьсгалыг халуун дотно болгодог.
    2. Гэнэтийн бэлэг: Сонин содон гэнэтийн бэлэг барих, уралдаан зарлах, өмгөмжлөл шагнал олгох гэх мэт.
    3. Хүндэтгэлийн зураг авалт: Нийт ажилтанууд болон алба хэлтэсээрээ зурагаа даруулах боломж олгох. Хамт олны зураг дээрээ уриа үг, компанийн логог эвлүүлж ажилтануудын тоогоор угаалгаж, жаазлаад нийт ажилтануудад дурсгал болгож өгвөл маш гоё дурсгал болно. Мэдээж тэр зургийг хамгийн хүндэтгэлтэй газараа байршуулж өдөр бүр харагдаж байх нь дамжиггүй.
    4. Бэлэг дурсгалын зүйл гардуулах: Хурал тарах үед, холдингийн жижиг тэмдэг, логотой будболк, бал, тэмдэглэлийн дэвтэр гэх мэт бэлэг дурсгалын зүйлс гардуулж өгснөөр мөн л компаниа дурсах код үлдээж байна гэсэн үг.
    5. Хүлээн авалт: Халуун хоол, дарс, зууш эсвэл цай, жигнэмэг бэлтгэж болно.

    СУЛ ЦАГИЙГ АШИГЛАХ (завсарлага, хий цагийг хийх зүйлтэй байлгах)

    1. Фото зургийн жижиг үзэсгэлэн гаргах
    2. Корпорацийн үйл ажиллагаатай холбоотой үзмэр бэлтгэх.
    3. Фото зураг шууд угааж өгөх үйлчилгээ

    Нью Медиа Маркетинг” ХХК
    Гүйцэтгэх захирал Ж.Лувсандорж 

    Жишээ болгож Нью Медиа Маркетинг компанийн 1 ойн баярын хуралын бичлэг орууллаа.

  • Эрүүл амьдралаа бүтээцгээе…

    Нүүдлийн соёл иргэншилтэй, мал аж ахуйг эрхэлдэг байсны хувьд бидний өвөг дээдэс эрт дээр үеэс зөв зохистой амьдралын зүй тогтолтой байжээ. Энэ нь хоол хүнсээ тохируулан хэрэглэж зөв хооллолтыг анхааран энгийн мэт зүйлсүүдээ уйгагүй мөрдсөөр ирсэн амьдралыг үзэх гүн ухаанаар нь илэрдэг. Тухайлбал: Өглөө хаан шиг, өдөр гүнж шиг, үдэш боол шиг хоол хүнсээ тохируулан хэрэглэснээр хүн эрүүл, урт удаан амьдрах боломжтой хэмээн үзэж үр хүүхэддээ заан сургасаар ирсэн. Түүнчлэн бидний өвөг дээдэс жилийн 4 улиралд мал аж ахуйгаа эрхлэн амсхийх ч чөлөөгүй хөдөлмөрлөж, зуны улиралд мах хэрэглэхгүй цагаан идээгээрээ хөнгөн хооллож, өвлийн цагт халуун хошуут малынхаа махыг элбэг дэлбэг хүртэж хэрэгцээт амин дэмээ авдаг байсан нь эрүүл амьдралтай нь ихээхэн холбоотой гэж судлаачид үзсэн байдаг. Үнэхээр ч энэ нь тухайн үед, өнөөдөр дэлхийн хүн амын дунд чимээгүй тахал гэж нэрлэгдээд байгаа “Таргалалт” гэх өвчин байхгүй байснаар батлагдана. Цагаан идээ, махаа нарийн зөв хувиарлалтын дагуу голчлон хэрэглэж өвдөх өвчингүй санаа зовних зүйлгүй байжээ. Тэд хааяахан таарах таргалалтыг буяны тарга хэмээн хэлдэг байсан бол өнөөдөр буяны тарга гэдэг нэр автоматаар хасагдаж хүн бүр л хэрхэн турах тухай хэлэлцдэг боллоо. Энэ өвчний эх үндэс юу вэ? Зөв зохисгүй хооллолт. Зах зээлийн нийгэмд шилжсэнээр оочирлож авдаг байсан ховорхон чихэр жимс, амттан, архи дарс элбэг дэлбэг болж Монголчуудын зөв зохистой хооллолтын дэглэм алдагдаж зөв хооллолтын талаарх асар их мэдлэг мартагдан гээгдсэн гэхэд болно. Зүй тогтолтой зөв амьдралын хэв маяг алдагдахын хирээр иргэншлийн өвчин “таргалалт” сүүлийн жилүүдэд улам бүр даамжирсаар байна. ЭМЯ-аас Монгол улсын хүн амын 50 хувь нь таргалалттай гэсэн судалгаа гарсан байна. “БИ Турмаар байна”… Ихэнх хүн ингэж хүсч өөр өөрсдийн арга барил, мэдлэг чадвараараа “Таргалалт” өвчинтэй тэмцэж байгаа ч үр дүн маш бага байгаа нь судалгаагаар харагдлаа. Эрүүл зөв хооллолтын клуб, бясалгал гэх мэт олон зүйлсд  ихээр хамрагдах болсон ч яагаад үр дүн бага байна вэ? Зөв хооллолтыг мэдэхийг танихыг хүсдэг болсон ч энд ямар дэглэм барих дээрээ алддаг нь ажиглагдаж байна. Жишээлбэл: Цагаан хоолтон болоод махаа идхээ больвол эсвэл 18 цагаас хойш л хоол идэхгүй байвал эрүүл байна, бас таргалахгүй гэсэн ташаа ойлголт. Гэвч үнэн хэрэг дээрээ ногоонд байдаг 100 хувийн уураг махны 1 хувь уурагтай тэнцдэг болохыг судлаачид батлажээ. Мөн сүүлийн үед мах идэлгүй удаан яваад тамир тэнхээгээ алдаж, уургийн дутагдалд орсон олон хүн эмнэлэгт ирэх болсон байна. Харин судлаачид болон эмч нар Монгол хүн эрс тэс уур амьсгалдаа зохицсон махаа идэж уургаа авахыг иргэдэд зөвлөдөг байна. Мөн хүүхэд залуучууд 18 цагаас хойш хоол идэхгүй хэмээн хоолоо хорьж ходоодоо буруу хооллолтонд дасгаж байгаа нь 30,40 хүрээд хумсын чинээ ходоодтой болно гэдгийг сануулж байна. Энэ нь залуус хоолноос гарч турна, эрүүл болно гэж ихэнх тохиолдолд буруу арга хэрэглэдэгийг харуулж байгаа юм. Тиймээс бид яг одооноос хоолоо сойж, өөрийгөө хорьж цагдалгүй, шим тэжээлтэй хоолыг хамгийн гол нь тааруулан идэж байх хэрэгтэй юм. Мөн хөдөлгөөний дутагдалаас л ангижрах хэрэгтэй байна. ЗӨВ ХООЛЛОЛТ ганцаараа хүчрэхгүй байна шүү дээ… Нийгэм хөгжихийн хирээр бие биенээсээ холдож хөдөлгөөний хомсдолд орж буйгаа анзаарах сөхөөгүй гүйсээр байх уу?… Хэдэн буудал ч гэлээ алхаад ч очиж уулзаж ярилцдаг байсан гээд л ярих аавын яриа чинхэд сонсогдчихлоо. Гэтэл өнөөдөр 2 буудал алхаад очоод уулзахын оронд улам л бэлэнчилж мессеж бичин, мессенжерт мэнд мэдээд өнгөрөх жишээтэй, юм бүхнийг хялбарчилж хөдөлгөөнөө багасгах болжээ. ХӨДӨЛГӨӨН ДУТАГДАЖ БАЙНА. Одоо яавал дээр вэ? гэж үү Хүн өдөрт 5 км алхвал эрүүл амьдрахад маш чухал нөлөөг үзүүлдэг байна. Тэгэхээр гэрээсээ гараад такси, микр гэлгүй өглөө бүр гүйж, алхаж Эрүүл, АЗ жаргалтай амьдралаа зүй зохистой нарийн дэглэмээр бүтээцгээе. Онцлон сануулхад гүйлт бол биеийн тамирын хатан хаан бөгөөд та гүйснээр, хурдтай алхсанаар гоолиг туранхай болохоос гадна хамгийн гол нь эрүүл мэндийг олж авах болно.Түүнчлэн өвөг дээдсийн гүн ухааныг эрэн хайцгаая. Жишээлбэл хоолоо идэж дуусаад хэлэх үг, ярих яриандаа анхаарлаа хандуулж ач холбогдолыг өгөөд үзэе. Бидний санамсаргүй тоглоод тоолгүй хэлсэн буруу үгнээс хоол биед тэжээл болох уу? хор болох уу? гэдэг нь шийдэгддэг байна. Бодоод үзээрэй, та юу гэж хэлдэг вэ? Ёо, ёо гэснээ сайхан боллоо гэдэг юм биш биз… Бидний хэлэх үгээр л ходоодонд орсон хоол боловсрох үгүй нь шийдэгддэг гэдгийг дахин сануулъя. Харин өвөг дээдэс маань хооллож дуусаад рашаан болог гэж хэлдэг байжээ. Энэ нь тэдний хичнээн мэргэн ухаантай хүмүүс байсныг нь гэрчлээд зогсохгүй зөв хооллолтын ухааныг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж байсныг илтгэнэ. Иймээс бид энэ мэт өвөг дээдсийнхээ зүй зохистой хооллолтын мэдлэгийг эрж хайж, анзааралгүй тоолгүй орхисон агуу гүн ухааныг мэдхийн тулд хичээж мэдлэг болгон хуримтлуулж авах нь ач холбогдолтой төдийгүй үр хүүхдээ эрүүл өсгөхөд чухал нөлөөг үзүүлэх нь гарцаагүй юм. Дашрамд дурдахад: Таргалалтыг чихрийн шижин, даралт ихсэх, амьсгалын замын үрэвсэл, зүрх судасны өвчин зэрэг олон таагүй өвчнүүд дагалдаж байдаг. Тиймээс  эрт дээр үеэс 3 хор хэмээн хоол хүнсэндээ хэрэглэхээс зайлсхийдэг өөх, давс, элсэн чихэрийг багаар хэрэглэж заншаарай. Ингээд төгсгөлд нь сонирхуулхад: Америк улс таргалалт өндөртэй орнуудыг манлайлж байгаа ч иргэд энэ бүхэнтэйгээ тэмцэн хавчуургатай талх, хийжүүлсэн ундаа таргалалтын шалтгаан гэж үзээд алдарт “Мак Доналдс ” ыг шүүхэд өгч байсан жишээтэй байх юм…Бид өөрсдийнхөө төлөө ямарваа нэгэн үйлдлийг хийхгүй бол өөр хэн хааннас ирж хийж өгөх билээ!!! Гэхдээ бидэнд цаг хугацаа байна, сонголт бидний гарт байна. Эрүүл зөв амьдралыг дэлхий даяар эрэлхийлэх болсон энэ үед өөрсдийн баялагаа анзааран харж бүхий л амин дэмийг агуулсан бидний биед гайхалтай зохицсон цагаан идээгээ хэрэглэж үргэлж хөдөлж Эрүүл сайхан амьдарцгааъя…

  • Хэрэглэгч төвтэй зах зээлийн систем бүрдсэн өнөө үед хэрэглэгчид үзүүлэх үйлчилгээ

    Хэрэглэгчид өөрсдөө хэрэглэгчийн тусламж үйлчилгээг чиглүүлж байгаа тохиолдолд бизнес эрхлэгчид юу хийх хэрэгтэй вэ?

     

    Хэрэглэгчид юу хүсдэг вэ?

    Хэрэглэгчдийн хувь эдийн засгийн өсөлт бага байгаа үед ч хэрэглэгчид үзүүлэх үйлчилгээ маш чухал байдаг. Хэрэглэгчдийн 60% нь үйлчилгээ сайн байгаа тохиолдолд илүү мөнгө төлөхөөсөө татгалздаггүй байна.

     

    Хэрэглэгчид юу хүсдэг вэ?

    Хэрэглэгчид дараах арга замаар түргэн шуурхай үйлчилгээ авахыг хүсдэг:

    ·      Олон нийтийн сүлжээ цахим хуудсууд

    ·      Цахим хуудсуудын чат

    ·      Хэрэглэгчтэй харилцах албатай холбогдох хүртэл автомат хариулагчаас мэдээлэл авах

    ·      Байнга мэдээлэл хүлээж авах

     

    Хэрэглэгчид өөрөө өөртөө үйлчлэх боломжийг хүсдэг. Үүнд:

    ·      Автомат хариулагч

    ·      Хөдөлгөөнт хэрэгслүүд дээрх хэрэглэгчийн үйлчилгээний цэсүүд

     

    Өөрт тулгараад буй асуудлаа шийдвэрлүүлсэн, сэтгэл ханамжтай хэрэглэгч таны бизнесийн талаарх эерэг мэдээллийг 4-6 хүнд дамжуулдаг.

    Харин хэрэглэгч үзүүлж буй үйлчилгээнд сэтгэл ханамжгүй байгаа тохиолдолд таны бизнесийн талаарх сөрөг мэдээлэл, сэтгэгдлийг 9-15 хүнд дамжуулдаг.

    Сэтгэл ханамжгүй байгаа хэрэглэгчдийн 13% нь 20-оос илүү хүнд сөрөг мэдээлэл түгээдэг байна.

     

    Хэрэглэгчийн дунд хийсэн судалгаагаар:

     

    ·      Хэрэглэгчдийн 86% нь хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээ муу гэж үзсэн тул үйлчлүүлдэг байгууллагаа сольсон байна. Энэ тоо 4 жилийн өмнө 59% байсантай харьцуулахад маш өндөр үзүүлэлт юм.

    ·      Хэрэглэгчид төрүүлсэн нэг удаагийн сөрөг сэтгэгдэл нь 12 удаа эерэг сэтгэгдэл төрүүлэхтэй тэнцэнэ.

    ·      Сэтгэл ханамжгүй үлдсэн хэрэглэгчдйин 91% нь дахин танай байгууллагаар хэзээ ч үйлчлүүлэхгүй.

    ·      Нэг хэрэглэгчээс ирж буй санал гомдлын цаана яг ижил 26 гомдол чимээгүй өнгөрсөн байдаг.

    ·      Хэрэглэгчтэй нэг удаа эвгүй харилцаж, сөрөг сэтгэгдэл төрүүлсэн тохиолдолд тухайн хэрэглэгч цаашид танай байгууллагын талаар сөрөг сэтгэгдэлтэй үлдэх магадлал 68% байдаг.

    Компаниуд хэрэглэгчдээ сонсдог болж байна.

     

    Өнөө үед хэрэглэгчдийнхээ санал гомдол, сэтгэгдлийг анхааран хүлээн авдаг байгууллагуудын тоо нэмэгдсээр байна.

    “2012 онд ихэнх компаниуд хэрэглэгчдэд өндөр чанартай үйлчилгээ санал болгож, үнэнч тууштай хэрэглэгчдийг бий болгон, урт хугацааны санхүүгийн амжилтыг дагуулах бодлогод анхааран ажиллах хандлагатай байна.”

     Шинэ хэрэглэгчийг татах нь хуучин хэрэглэгчдийг тогтоон барихаас 5 дахин илүү зардлыг шаарддаг.

    АНУ-ын бизнес эрхлэгчдийн 90% нь хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээг хамгийн чухалд тооцон, анхааралдаа авч эхэлжээ.

     

    Байгууллагуудын 80% нь хэрэглэгчтэй харилцах алба болон хэрэглэгчид үзүүлэх чанартай үйлчилгээгээрээ ялгарах бодлого баримтлах сонирхолтой байна.

     

    Компаниуд хэрэглэгчдэд чанартай үйлчилгээг санал болгох бодлого барьж эхэллээ.

     

    Хэрэглэгчдэд өндөр чанартай, найрсаг үйлчилгээ үзүүлж чаддаг компаниудын 81% нь бусдаас өрсөлдөх чадвараараа давамгайлж байна.

     

    Шилдэгт тооцогдож буй компаниудын 91% нь хэрэглэгчдэд цахим хуудсаар дамжуулан асуудлаа шийдвэрлүүлэх боломжийг олгож байгаа бол 57% нь цахим шуудан, чат, цахим хуудас гэх мэт хэрэгслүүдийг ашиглан хэрэглэгчтэй харилцах төвийн амжилтыг хэмждэг бөгөөд 62% нь дуут мэссэж ашиглаж байна.

     

    Хэрэглэгчдийг хамгийн их сэтгэл ханамжтай үлдээдэг компаниудын 70% нь стратегийн чухал шийдвэр гаргахдаа хэрэглэгчдээс ирсэн санал, хүсэлтийг харгалзан үздэг байна.

     

    Компаниуд хэрэглэгчдэд хүргэх үйлчилгээгээ сайжруулах үндсэн 3 шалтгаан:

    ·      42% нь илүү олон хэрэглэгчдийг хадгалж үлдэхийг хичээдэг

    ·      33% нь хэрэглэгчдэд эерэг сэтгэгдэл төрүүлэхийг эрмэлздэг

    ·      32% нь тухайн хэрэглэгчид компаний бусад бараа бүтээгдэхүүнээс хийх худалдан авалтыг нэмэгдүүлэхийг зорьдог.

     

    АНУ-д хэрэглэгчдэд хамгийн сайн үйлчилгээ үзүүлдэг салбарт жижиглэн худалдааны болон зочид буудлын салбарууд багтдаг байна.

    Харин эрүүл мэндийн болон зурагтын үйлчилгээний салбарууд хамгийн тааруу үйлчилгээг үзүүлдэг байна.

     

    Компаниудын 76% нь ажилчиддаа үйлчлүүлэгчдэд эелдэг, найрсагаар хандахыг зөвлөдөг бөгөөд 62% нь хэрэглэгчдийн итгэлийг хүлээхийн тулд үр ашигтай арга хэрэгслүүд болон сургалтуудыг ажилчдын дунд зохион байгуулдаг.

     

    Цахим хэрэглэгчдийн үйлчилгээнд 2012 онд ямар өөрчлөлт гарах вэ?

     

    Хэрэглэгчдийн 15% нь цахим орчинд худалдан авалт хийхийг эрхэмлэж байна.

     

    Хэрэглэгчдийн 20% нь аливаа брэндийн хэрэглэгчдэд үзүүлж буй үйлчилгээнд дэлгүүр, каталоги, цахим хуудас, гар утас гэх мэт бүхий л хэрэгслүүдийг хамгийн чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн үзсэн бол 19% нь хэрэглэгчид өөртөө үйлчлэх боломжийг чухалчилж, 17% нь бүтээгдэхүүн, үйлчилгээний тухай сайн мэдээлэл чухал гэж үзсэн байна.

     

    Судалгаанаас үзэхэд хэрэглэгчтэй харилцах албууд хэрэглэгчдийн өөртөө үйлчлэх бас нэгэн боломж болох олон нийтийн сүлжээ цахим хуудсуудыг өргөнөөр ашиглаж хэвшээд байна. Тиймээс хэрэглэгчтэй харилцах албаны ажилтнууд олон нийтийн сүлжээ цахим хуудсуудаар дамжуулан хэрэглэгчтэй харилцах туршлагатай, олон нийтийн сүлжээ цахим хуудсуудад хэрэглэгчдийг татах авъяастай байх хэрэгтэй.

     

    Мөн гар утас гэх мэт хөдөлгөөнт хэрэглэгслүүдийг ашиглан хэрэглэгчид байгууллагатай шууд холбоо барих боломжтой цахим чат эсвэл дуут мэссэжийн цэсүүдийг цаашид өргөнөөр ашиглах хандлагатай байна.

     

    Энэ нь хэрэглэгч танай байгуллага руу утас цохиж, мөнгөө үрэхгүй байх боломжийг олгож байгаа юм.

  • Домен хостингийн тухайд

    Цахим хуудасыг тогтмол ажиллуулахын тулд 2 төрлийн тогтмол зардал гардаг. Энэ нь цахим хуудасны хүн хандах хаяг болон цахим хуудасны агуулга байршиж буй сервер (цахим мэдээллийн агуулах) ийн зардал юм. Тодруулбал:


    1. Цахим хуудасны домен хаяг буюу mongolian-ensemble.com хаяг ашиглах төлбөр юм. Уг төлбөрийг тухайн доменийг худалдаж авсан компани болох http://godaddy.com/ компанид төлөх бөгөөд домены төлбөрийн тухай мэдээллийг http://godaddy.com цахим хуудасаас авах боломжтой. mongolian-ensemble.com домены төлбөр нь жилийн төлбөр нь 18,434₮ байна. Уг төлбөрийг манай компанид шилжүүлснээр бид та бүхнийг төлөөлөн төлбөрийг http://godaddy.com/ компанид шилжүүлж та бүхний ажлыг хөнгөвчлөх юм. Домены тухай нэмэлт мэдээллийг http://datacom.mn/ гэх мэт энэ чиглэлийн үйлчилгээ компаниас авах боломжтой.

    2. Тухайн цахим хуудаст агуулагдаж буй агуулга мэдээлэл байршиж буй сервер (хостинг) ийн төлбөр болох 237600₮-ийг жил бүр тогтмол төлөх бөгөөд эхний жилийн төлбөрийг манай кампани бонус байдлаар төлж урамшуулал үзүүлдэг. 2 дахь жилээс цахим хуудасыг захиалж бүтээлгэсэн компани төлөх үүрэгтэй байдаг. Сервер, хостингийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг http://rackspace.com гэх мэт сервер хостингийн үйлчилгээний байгууллагуудаас авах боломжтой.

    Нью Медиа Групп
    Технологийн хэлтэс
  • Мянганы боловсролын замыг ёс суртахуунаас эхэлье!

      “Яруу сэтгэгч” сонины анхны дугаарын нийтлэлүүд цувралаар…

    Хутгыг юунд ашигладаг вэ? Хутгыг зөвхөн мах идэхэд ашигладаггvй нь ойлгомжтой. Үнэндээ ямар хүн тэрхүү хутгыг бариснаас л юунд ашиглах нь шалтгаалдаг. Эмч хүн баривал мэс засал хийж хүнийг аварна, анчин хүн баривал араатанг агнана, гэмт этгээд баривал хvн хорооно, уран дархан хvн баривал сийлбэр хийнэ, бүтэлгvй тонуулчин баривал дээрэм хулгай хийнэ гэх мэт. Нэг vгээр хэлбэл муу ёс суртахуунтай хvн баривал өөрийгөө бүү хэл өрөөлийг ч хорооно, сайн ёс суртахуунтай хvн баривал гайхамшгийг ч бүтээнэ. 

    Мэдээж энд хутга ашиглалтын талаар ярих гээгvй нь ойлгомжтой. Тэгэхээр энүүгээр юу хэлэх гээд байна аа гэж эрхэм та гайхаж байж болох юм. Энэ удаад хүний төлөвшил хийгээд ерөнхий боловсролын системд ёс суртахууны хичээл түлхүү шаардлагатай байгаа талаар сэтгүүлч би бээр цухас өгүүлэх гэсэн юм. Өнөөгийн энэ мэдээллийн хурдацтай хөгжлийн үед, даяарчлагдаж буй дэлхий дээр амьдарч байгаа бид түүнийг угтан арван жилийн боловсролын системдээ зарим нэг шинэчлэл хийх хэрэгтэй болжээ. Цагаан сайд аа! Арван жилд хүүхдэд ерөнхий мэдлэгийг олгох тал дээр анхаардаг хэдий ч ёс зүйн хүмүүжил, ёс суртахууны хөгжил олгох тал дээр төдийлөн ажиллаж чаддаггүй нь ажиглагддаг. Хүүхэд ерөнхий боловсрол эзэмшхийн зэрэгцээ ёс зvйн хүмүүжил, ёс суртахууны хөгжлийг олж төлөвшиж явах нь нэн чухал. Манайхан зөвхөн мэдлэг боловсролыг нэгдүгээрт тавьж ёс зүй, ёс суртахууныг дараа нь тавьдагаас болж маш том алддаг. Угтаа энэ хоёр байраа сольж, эхлээд ёс суртахууныг олоод дараа нь мэдлэг боловсролоо эзэмшвэл зохилтой мэт. Жишээ нь ёс суртахуунгүй мэдлэг боловсрол өндөртэй, чадварлаг эмчид өвчтөний зовлон зүдгүүр, сэтгэл санаа, ирээдүй чухал бус сарын цалин, албан тушаал ахиж дэвших, ар гэрийн асуудал, алдар нэр нь чухал. Мөн тийм багш байлаа гэхэд ялгаагүй хүүхдүүдийн хичээлээ ойлгох, эс ойлгох, сайн сурах, муу сурах, ирээдүйн төлөвшил нь чухал биш. Харин хичээлийн хэдэн цагийг хурдан өнгөрөөх, цалин мөнгөө хурдан авах гээд бусад амин хувийн ашиг сонирхол нь илүү давамгайлж байдгаас болж нийгмийн өмнө засаж болшгүй гэмт хэрэг үйлдэж, улс орныхоо ирээдүйг хохироож, хөгжлөөс хойш нь чангааж байгаагаа мэддэггүй, мэдсэн ч түүнийг залруулах сэтгэл, ёс суртахуун дутдаг. Ингээд тэрхүү ёс суртахуунгvй багшаас төрсөн ёс суртахуунгүй шавь нар нь ирээдүйд дээр дурдсанчлан хутгыг аль талаар давамгай ашиглах нь бүрхэг. Энэ мэт анхнаасаа биеэ засаагүй хүн ирээдүйд гэрээ хэдийгээр сайхан засавч, төрөө улсаа засах ёс суртахуун дутаж, нийгмийнхээ хөгжлийг бус хувийн эрх ашгаа эрхэмлэсээр 60 хүрч ухаарах шахаад 61 хүрээд “ума хум” болох нь дамжиггүй. Тэгэхээр 10 жилийн хичээлийн программд ёс зүй, ёс суртахууныг төлөвшүүлэх хичээлийг түлхүү оруулж, бүр “А” үсэг үзэхтэй нь зэрэгцэн жинхэнэ Монголынхоо төлөө сэтгэл зүрхтэй хөгжлийг дагуулагч иргэн болох замыг нь тэгшлэхгүйгээр хэзээ хойно мэдлэг боловсрол хэдийн эзэмшчихсэн ланзгаруудын чихэнд мянга орилоод илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ гэгчийн үлгэр болох биз. Мянганы замтай зэрэгцэн хүүхдүүддээ мянганы боловсролын шинэ замыг оюун ухаан сэтгэл зүрхэнд нь тавихгүйгээр Монгол улс маань цаашдаа хөгжих, оршин тогтнох асуудал…
    Бараг хэлд орохоосоо эхлээд л гадагшаа Солонгос, Америк… гээд улсад очиж сайхан амьдрахыг мөрөөдөж байгаа бяцхан ирээдvй хойчоо дагаад Монгол минь бас нvvчих вий дээ.
    Монголоо гэсэн vрс маш олон болтугай.
    М.Болод

    Гэрэл зургыг www.google.mn

  • Дээд эрүүл мэнд Цуврал 4: Дээд эрүүл мэнд

    Эрүүл мэндийн тухай олон арван, бараг зуугаад тодорхойлолт байдаг. Энэ сайн зүйл биш. Эрүүл мэндийн тухай бүх нийтээр эс гэхэд олонх нь хүлээн зөвшөөрөхөөр бүрэн цогц, үнэн зөв тодорхойлолт гараагүйн баталгаа юм. Бидний дэвшүүлж байгаа дээд эрүүл мэндийн онол арга зүй тодорхойлолт ч бүрэн төгс төгөлдөр бус нь ойлгомжтой. Гэхдээ энэ сул тал нь шинжлэх ухаан өндөр хөгжсөн эрин үеийн анагаах ухааны үйл ажиллагаа, үзэл баримтлалаас олон талаар давуутайг үгүйсгэж чадахгүй. Дээд эрүүл мэндийн онол эмнэлзүйн арга хэлбэр нь Монголын хийгээд Дорнын гүн ухаан тарни бясалгалын сургаал номлолд барлагдан үлджээ. Үзэл суртлын зөрөлдөөнт далан жилийн хорио цээрийн хугацаанд хүмүүсийн сэтгэлийн оронд өвлийн үр мэт хадгалагдсаар байсан юм. Өнөөдрийн Монголын нийгмийн ухамсрын хүрээнд ч хувь хүмүүсийн сэтгэл зүрхний гүнд ч гэгээрэнгүй эмч эрдэмтэд бясалгагчидын сэтгэхүйд ч бүрэлдэн амилсаар, ургамлын үр, намар өвөл хөрсөнд боловсрохын адил хэлбэржин амилсаар бидний үед хүрчээ. Гэвч эдгээр зул мэт гэрэл гэгээ, нэг нэгнээсээ ангид тусгаар эвцэж холбогдоогүй байгааг бид ажиглан харсан юм. Тэдгээрийг 40 гаруй жил эрэн сурвалжилж, түүн цуглуулж, шүтэлцүүлэн барилдуулсны үр дүн Дээд эрүүл мэнд юм. Дээд эрүүл мэнд гэж юу?

    “Бие эрүүл- гоо сайхан,

    Ухаан саруул- цэцэн мэргэн,

    Сэтгэл ариун- өршөөнгүй уужуу,

    Дотоод хийн эргэлт тэгш- амар амгалан,

    Амин орон цэвэр- гэрэлтэнгүй тунгалаг,

    Ухамсар төгс- гэгээрэнгүй,

    Сэрэмсэр төгөлдөр-бурханлаг

    Орон тааламжтай бат бэх” байж

    Газар дэлхий,

    Тэнгэр огторгуй,

    Бурханлаг дээд хүчний үүсэхүй оршихуй, хувьсахуйн хуулинд зохицон аж төрөхийг хэлнэ гэж бид үзэж байна.

    Эрүүл мэндийн тухай өнгөрсөн зуунуудийн олон арван тодорхойлолтуудаас хүний бүтэц язгуурыг бүрэн гүйцэт багтааж, их гурван хүчний хуулийг дагана гэснээрээ давуутай юм. Дээд эрүүл мэндийн тодорхойлолтыг ажиглаж тунгаавал арван нэгэн язгуурыг бүтэц цогцоор нь танин мэдэж, эрүүл мэндийн байгууллага эмч мэргэжилтнүүд өвчингүй амьдрах, өвдвөл бүрэн төгс эдгэрэх үйл ажиллагааныхаа өдөр тутмын дадал хэвшил болгох ариун зорилготой юм. Эмчийн ажлын ачаалал наад зах нь арав дахин нэмэгдэнэ гэж та бодож байгаа, Тэгнээ, аравч биш ер дахин ихсэж ч магадгүй. Харин ажлынх нь үр дүн тооцогдошгүй ихээр дээшлэх болно. Бүрэн төгс эрүүлжүүлэгч гайхамшиг нь эмчийн ажлын ачааллыг гэгээрэнгүй баяр баясгалангаар хөвчилнө. Дээд эрүүл мэндийн онол, эмнэлзүйн арга барил нь гүн гүнзгий агуулгатай, хүрэх эс хүрэхийн зааг, орших эс оршихын зааг, хязгаартай хязгааргүйн барилдлага шүтэлцээтэй адил нарийн төвөгтэй хэдийч үйл хэрэг болгоод эхэлбэл бидний өдөр тутмын амьдрал шиг туйлын энгийн юм. Яагаад гэвэл дээд эрүүл мэнд гэдэг нь хэн нэг хүний бодож олсон мэргэн санаа, онол монол биш, хүний бие махбод ухаан ухамсар, сэтгэл сэтгэхүй, сэрэмсэр, амин орон, газар тэнгэрийн харилцааны тухай л юм. Та ухаарсан эс ухаарсан ялгаагүй ийм л харилцаа шүтэлцээ өөр өөрийн жам хуулиар явагдаж л байдаг. Тэр харилцаа шүтэлцээний хуулийг та мэддэггүйгээсээ болоод зөрчих сулраах, гажаах зэрэг олон сөрөг үйлийг өөртөө үүсгэдэг. Энийгээ үйл үр, зовлон гачаал гэж үздэг. Үнэндээ тэр бүхнийг та өөрөө л бий болгодог шүү. Дээд эрүүл мэндийн үзэл онолд дайрах, довтлох, сорьж сонжих, шүүмжлэх, сайлах муулах гэж байхгүй. Зүгээр оршин байгаа үнэнийг бодитойгоор илэрхийлдэг. Бие ухаан сэтгэл гурвын амьд шүтэн барилдлагыг илүүч үгүй дутуу ч үгүй үүсэл гарал оршихуйн дотоод гадаад барилдлагыг судлаж анагаах ухааны үйл ажиллагаанд нэвтрүүлэх л юм. Хүмүүн оршинолын гурван их хүчин, гурван эх хүчин, гурван дунд хүчин гэж байдаг. Эхнийх нь орчлонт ертөнцийн үүсэл чанар, бурханлаг хүчин. Хоёрдах нь сансар огторгуй тэнгэр мөнх тэнгэрийн хүчин, гуравдах нь газар дэлхий юм. Энэ гурав хэд хичнээн зэргэмжинд хуваагдсанч энэ л гурав байх болно.Дээд эрүүл мэнд гэдэг бол өөрийгөө төгс эрүүл өөд, ухаарал өөд, амар амгалан гэгээрэл өөд жолоодохуй юм. Дээд эрүүл мэнд бол өдрийн түгшүүрийг оройд нь гүвж арилгахуй юм. Дээд эрүүл мэндийг та сонсох, үзэх, турших аргуудаар суралцвал олигтой үр дүнд хүрэхгүй. Дээд эрүүл мэндэд та туулах аргаар суралцах хэрэгтэй. Ингэж чадвал дээд эрүүл мэндийг та олж авна. Хүн өөрийн бурханлаг чанараа танин мэдээд хөгжүүлэхэд дээд эрүүл мэндийн арга танд тусална. Газар дэлхийн хүчинд нэгдэн нийлж түүгээр эрүүлжих боломжийг дээд эрүүл мэнд танд өгнө. Мөнх тэнгэрийн хүчин хэрхэн оршиж түүний ивээлд яаж багтан орж болохыг дээд эрүүл мэнд таньд хэлж өгнө. Ийм болохоор дээд эрүүл мэнд нь хүн төрөлхтнийг төдийгүй бүх амьд оршнолыг дэлхийгээ, нарны орчлоо аврах цорын ганц арга зам мөн.

    Дээд эрүүл мэнд бол хүн төрөлхтний гэгээрэнгүй ирээдүй юм.

     

     

    Х.Цэрэндорж
    ДЭЭД ЭРҮҮЛ МЭНД номоос цувралаар хүргэж байна. 

  • Аав минь цор ганц…

    Бид яагаад ховорхон ярьдаг вэ? Аавын тухай… Амьдралыг бэлэглэгч аав нарын тухай ээжүүдийн тухай ярьдаг шигээ, ээжүүдийгээ магтан дуулдаг шигээ яагаад дуулдаггүй вэ? Тэд ч бас ХҮН. Бурмаар бус урмаар амьдардаг хүмүүн шүү дээ. Аав, ээжийнхээ алинд нь хайртай вэ? гэсэн асуултанд ихэнх хүмүүс эргэлзэж бодолд автан утгагүй асуулт юм аа, гэдэг боловч  яг амьдрал дээрээ аавыгаа ховорхон дурсана… Аав нар гомддоггүй юм аа гээд 100 хувь итгэлтэй хэлэх хүн байна уу? Шударга гэж үү? Гүндүүгүй сайхан, Хараа дээгүүр, Уужим болохоор Халхын сайхан эрчүүдийн сэтгэл нь өвддөггүй, сэмэрч урагддаггүй гэж андуу боддог юм биш биз…БИД, Би хэлье. Би бол айлын 3 охины дундах. Алагтай цоогтой энэ амьдралын ямархан нугачаанд ч би аавынхаа талд л зогссоор ирсэн. Нүдэндээ нулимс цийлэгнүүлж эмзэглэж буйгаа харуулдаггүй л болохоос ээрэм талд бороо орж байгааг би мэдэрдэг учраас би аавынхаа талд зогссоор ирсэн. Гэхдээ шуурга шуурч байхад ч гэргийгээ л хайрладаг тэр агуу их ухааныг би биширдэг. Би хүндэлдэг. Миний аавын уужим сэтгэл агуу хайр Гайхамшигийг бүтээж чадсан юм… 5 сэтгэлд хэзээ ч үл унтрах мөнхийн галыг бадамлан асаасан аавынхаа хайрын хүчээр хорвоо дэлхийг ч БИ өөрчилж чадах мэт санагддаг… Ийм л ААВЫН ОХИН. Аав минь надад юуг захиадаг гээч. Аминчлан захихаас гадна үлгэрлэн харуулсаар ирсэн. Аавынхаа үгийг сонсож, аавынхаа үйлсийг харсаар би амьдралыг үргэлж өнгөлөөр харах болсон. Мэдээж ээжийн минь сургааль, зөвлөгөө ч бас нөлөөлсөн. Гэхдээ аавын минь ҮНЭН үргэлж ялдаг юм хэмээх амьдралын зарчим миний амьдралын луужин юм. Ямар ч зовлон бэрхшээл, худал хуурмагийн өмнө надад итгэж намайг үргэлжид түшин авах аавынхаа итгэлийг даахын төлөө би мэрийж бүхий л авъяас, ур чадвараа тордон илүү сайн сайхныг бүтээхээр зорьж байна. Таны минь магнай тэнүүн байвал түүнээс илүү АЗ ЖАРГАЛ надад үгүй билээ. Тиймээ Би аав шигээ хүнийг амьдралын ханиараа сонгох хүсэлтэй. Хүсэл минь биелэх тэр мөчид ээжий шигээ Эр хүнээ дээдлэн хайрлаж аав шигээ хүндэтгэх болно… Энэ бол үнэний гайхамшиг…