Category: Uncategorized

  • Залуу хүн та болохгүй бүтэхгүйн 1000 шалтгийг биш болж бүтэхийн 1 аргыг л ол

    /BAI.mn цахим хуудаст өгсөн ярилцлага/

    Манай энэ удаагийн амралтын буланд “залуусийн төлөөлөл” хэмээн тодотгохоосоо илүү жирийн нэгэн хөдөлмөрч, бүтээлч монгол залуу болох “Яруу сэтгэгч” хүний хөгжлийн ниймэмлэгийн үүсгэн байгуулагч, NMMATeam СEO Хар үхэрт овгийн Жамсранжавын Лувсандорж уригдан оролцож өөрийн бодол сэтгэгдлээ хуваалцлаа.

    Түүнийг хийсэн бүтээсэн зүйлтэй, цаашид ч ихийг хийж бүтээхээр зорьж яваа залуу хүн гэдгээр нь онцлон ярилцсанаа эрхэм уншигчиддаа хүргэж байна.

    Сар шинэдээ сайхан шинэлсэн үү? Луу жил урин дулаан сайхан эхэлж байна. Таны хувьд шинэ цагийн өнгийг хэрхэн шинжиж байна вэ?

    Хүн бүр өөрийнхөө хамгийн сайн хийж чадах зүйлээ олж мэдрээд түүнийхээ төлөө үхэн хатан зүтгэх он жилүүд эхлэж байна гэж итгэж байгаа. Гадаадаас маш олон монголчууд эх орондоо ажиллаж амьдрахаар буцаж ирж байгаа юм байна. Гүйдлээ ололгүй мөнгө л чухал гээд гүйж байсан залуус маань мөнгөнөөс илүү үнэт зүйлээ ойлгоод, өөрийнхөө дуртай зүйлийг хийгээд эхлэхээр мөнгө араас нь гүйгээд ирнэ дээ гайгүй.

    Таныг “Яруу сэтгэгч” сонины эрхлэгчээр ажиллаж байсныг санаж байна. Кино урлагийн дээд сургуулийг төгссөн гэж дуулсан яагаад сэтгүүлч мэргэжилд тэгтэл дурлах болов?

    Энэ бол их сонин түүх дээ. 1999 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын Тэмүүлэл цогцолбор сургуулийг төгссөн. Тухайн үед мэргэжил сонголтын талаар бараг төсөөлөлгүй, хүмүүстэй ч ярьж зөвлөлддөггүй, хүмүүс ч ярьж зөвлөдөггүй бүдүүн тойм явсаар мэргэжил сонгох болчихдог юм байна.

    Тэр үед би “Олон хүнд зэрэг нөлөөлж, хүний амьдралыг яаж сайхнаар өөрчилөх вэ”гэсэн асуултыг өөртөө тавьж явдаг байлаа. Тэгээд кино урлаг л олон хүний амьдралыг өөрчилж чадна гэсэн дүгнэлтэнд хүрсэн учраас энэ мэргэжлийг сонирхож байлаа. Гэсэн ч манай аймагт урлагийн сургуулийн хуваарь ирээгүй байлаа. 10 жил сурчихаад сургуульгүй хоцролтой биш дээ гээд ШУТИС-ийн Цахилгаан системийн анги сонголоо.

    Аав маань намайг инженер хүн болгох сонирхолтой байсан учраас сонголтонд маань дуртай л байлаа. Ингээд ШУТИС-д 1 жил суралцсан боловч сонирхолгүй байсан учраас 2000 онд гэр бүлийнхэндээ хэлэлгүйгээр нууцаар Кино урлагийн дээд сургуульд суралцаж төгссөн. Төгсөөд хүний хөгжил, соён гэгээрлийн хэвлэлтэй болохоор шийдэж “Яруу сэтгэгч” сонинг эрхлэн хэвлүүлж эхлэсэн. Ингээд сониноос улбаалаад Монгол хүний хөгжилтэй холбоотой ажлууд ундарч эхлэсэн дээ.

    “Яруу сэтгэгч” нийгэмлэгийн эрхэм зорилго нь “Хүн” рүү чиглэсэн гэж боддог. Ерөөс хувь хүний боловсролд анхаарлаа хандуулдаг нь олон ч хүмүүсийн оюуны хамгийн тэжээллэг хоол болж өгч байгаа гэж боддог. Анх энэ байгууллагаа хэрхэн яаж байгуулж байв? Хичнээн хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байгаа вэ?

    2006 оны 4 сарын 5- нд “Яруу сэтгэгч” сонин байгуулагдсан. Монголын оюун санааны манлайлагчдыг нэгтгэн дэмжиж, тэдгээрийн оюуны бүтээл туурвилыг олон нийтэд хүргэж Монгол хүнийг чадваржуулан хөгжүүлэх чиглэл барьж ажилладаг. Анх гурван хүний бүрэлдэхүүнтэй, сонин хэвлэх мөнгөө ахаасаа зээлээд л эхлэж байлаа даа.

    Би өөрөө сониноо үүрээд их дээд сургуулиудиар явж зардаг байлаа. Эрхлэгч нь ямар хүн байдаг вэ гээд асуухаар нь Лувсандорж гээд нэг хүн байдаг юм аа гэж хэлчихээд суудаг байлаа. /Инээв/ Одоо ТББ болсон. “Яруу сэтгэгч” нийгэмлэг нь зохиолч Д.Урианхай, Хооллолт судлаач Б.Гэрэлмаа, Хуульч, гэр бүл судлаач Л.Нарантуяа, Сэтгүүлч Б.Болормаа, Дээд эрүүл мэндийг үндэслэгч Х.Цэрэндорж зэрэг нэрт сэтгэгчидтэй хамтран ажиллаж байна. Удирдах зөвлөл, хүндэт гишүүд гэх мэт 10 гаруй залуус бий.

    Эх оронч хүн гэж хэнийг хэлэх вэ? Та эх оронч хүн мөн үү?

    Эх орондоо гай болохгүйгээр өөрийнхөө амьдрал ахуйг сайхан аваад явчихаж байвал эх оронч хүн мөн. Өөрийнхөө амьдралыг сайхан авч явж чадаж байгаа хүн бусаддаа үлгэрлэж, урам зориг өгч, зөвөөр нөлөөлж чадна гэсэн үг. Ингээд хүн бүр өөрийнхөө амьдралыг сайхан аваад явчихвал эх орон хүчирхэг, амар тайван болно.

    Таны хувийн блог болоод твиттер хуудас зэрэгт бичигдсэн зүйлүүдийг чинь уншихад их өөдрөг хүн гэж бодогдсон. Нийгмийн байдлаас бид бухимддаг биш бид л өөрсдөө нийгэмд бухимдал үүсгээд байгаа юм болов уу?

    Нийгэм чинь хүмүүс биднээс л бүтэж байгаа. Дэлхий ертөнц бидний оюун бодлоос бүрэлдэж байгаа. Ертөнц бүхлээрээ нэг цул мэдээлэл гэж үзвэл тэр мэдээллийн нэг хэсэг нь Монгол улс. Монгол улсын өчүүхэн жижиг мэдээлэл нь би. Тиймээс хүн бүр дор бүрнээ зөв зүйлийг сэтгэж, байгаль дэлхий, хүн төрөлхтнөө хайрласан бодол санаагаар жолоодогдон амьдарвал дэлхий ертөнц бидний бодол санаа шиг л болно гэсэн үг.

    Монгол улсын иргэн гэдгээрээ бахархахаас гадна монгол улс нь иргэнээрээ бахархахаар хэмжээний байгаасай хэмээн хүсдэг юм. Таны хувьд, танай байгууллага хамт олны хувьд монгол залуусынхаа хөгжилд илүү анхаардаг юм шиг ээ.Энэ бодлоо ямар ямар ажил хэрэг болгож байв?

    Лекц сургалт, ном сонин, сонсдог ном эрхлэн гаргах, радио, ТВ нэвтрүүлэг бэлтгэх, зөвлөгөө өгөх, хүмүүнлэгийн төсөл хэрэгжүүлэх гэх мэтээр мэдлэгжүүлэх, чадваржуулах олон талт ажлуудыг зохион байгуулж байсан. www.yaruusetgegch.com цахим хуудсаар зочлоод лекц сургалтыг нь үзэх боломжтой. Дунд хугацаанд залуусын хөгжлийн төвтэй болох зорилготой ажиллаж байна. Энэ чиглэлээр хамтран ажиллаж залуусдаа томоохон хөрөнгө оруулж байгууллагуудтай хамтран ажиллах саналтай байна.

    Өнөөдөр улс төрийн байдалд, улс төрчдөд буруугаа үүрүүлээд “хүний хөгжлийн” гэх нэртэй тусламжаар амьдарч байгаа олон сайхан эрүүл чийрэг, оюунт монгол залуус бий. Мэдээж залуу хүний хувьд боломжит гарц бүхэн рүү тэмүүлж яваа болохоор өөрийнхөө зүгээс хараад дүгнэдэг л биз дээ?

    Ороо бусгаа цаг үед хүн өөрийн үнэт зүйл, итгэл үнэмшилгүй болж төөрөлдөх нь бий. Залуус маань одоо өөрийн үнэт зүйл, итгэл үнэмшлийг өөртөө бий болгож, энэ амьдралд ирсэн утга учраа танин мэдэж өөрийн гараар өөрийн амьдралыг урлан бүтээх нь чухал юм. Асуудал бүрийн цаана ямар нэг боломж байдаг. Асуудал бүрийн цаана бизнес байдаг. Жишээ нь: Хортой хүнс гэдэг нэг асуудал байгаа бол эрүүл хүнсийг бий болгох боломж байна л гэсэн үг.

    Өнөөдөр бид хятад ногоог биш монгол хүн бүрийг монгол хөрсөнд ургуулсан ногоогоор хангах боломж байна. Бид бүгдийг үйлдвэрлэх боломжгүй. Тэгэх ч албагүй. Хийж чадах хэдэн юм аа хийгээд, гадагш нь гаргамаар байгаа юм. Хятадаас ногоо, сүү, Европоос бяслаг, Америкаас жажлууртай тахиа, Солонгосоос чипс гэх мэт ходоодны хог новш авчирч, хүүхдүүддээ хор идүүлэхгүйгээр өөрснөө дотоодын хэрэгцээгээ хангах бүрэн боломж байна. Бид хүний юмыг л авчирж хангалттай зарлаа.

    Одоо өөрснийхөө юмыг л зарах хэрэгтэй байна. Урлаг, соёл, авъяас, айраг, хоормог, ааруул, аялал жуулчлал, рашаан усанд оруулахаас эхлээд, эрүүл мэндийн аялал жуулчлал, адаглаад одтой тэнгэрээ харуулаад бизнес хийж болж байна. Газраа ухахгүйгээр их юм хийж болж байна даа. Чипс шиг савласан ааруул бол шүдгүй хүүхдүүд, кальцгүй ястай хүн төрөлхтний эрэлт хэрэгцээ болохоор глобал бизнес болохгүй гэх газаргүй. Тиймээс Монгол залуу хүн та болохгүй бүтэхгүйн 1000 шалтгийг биш болж бүтэхийн 1 аргыг л ол гэж хэлмээр байна.

    Би саяхан хэсэг залуусын яриан дундаас “Эдийн засгийн хямрал, ядуурал бол монголын эмгэнэл” гэж хэлж байхыг сонссон. Таны хувьд?

    Юмыг хөндлөнгөөс шүүмжлэх бол хэний ч хийж чадах хялбар ажил шүү дээ. Өөрийн нөлөөлж, шийдэж чадахгүй асуудлыг шүүмжилж цаг хугацаа, энергиэ барахын оронд өөрийн шийдэж, өөрчилж чадах 1 жижиг асуудлыг барьж аваад л шийдвэрлээд өөрчлөөд яваад бай. Ингээд шийдвэрлээд яваад байхад таны нөлөөлж чадах чадвар, хүч улам далайцтай болсон байх болно. Өөрийн хүрээллээсээ л өөрчилж нөлөөлж эхлэ. Найзуудаараа тойрч суугаад грушиг пиво дугтарч, болохгүй бүтэхгүй улс төр ярихын оронд энэ удаа арай өөр зүйл яриад үз. Хаягдал яснаас кальци гаргаж аваад зарж болох уу гэдэг ч юм уу?

    Таны аав ээж, ах, эгч нар бас дүү тань ч гэсэн “Хүний хөгжлийн төлөө” гэсэн уриатай юм билээ.Гэр бүлээрээ нийгмийн идэвхитэй юм байна шүү дээ.Гэр бүлийнхнээ танилцуулаач.

    Ээж маань уран гартай оёдолчин, аав маань ур ухаантай механик инженер хүн. Харин 2 өвөө маань шинийг санаачлагч, зохион бүтээгчид байсан. Авга өвөө Шагдарын Дулмаа маань Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул. “Арьс элдэгч машин”, “Цутгамал чулуун хороо” гэсэн 2 ШБОС (Шинэ Бүтээл Оновчтой Санал)- ын гэрчилгээтэй байсан. Нагац өвөө Молом нь Сүхбаатар аймгийн Наран сумын уугуул. Анхны хуурай сүүг гаргаж авч байсан хүн байдаг.

    Манай том ах Ж.Бэгзсүрэн Д.Нацагдоржийн нэрэмжит Хотын нийтийн төв номын санд Мэдээлэл автоматжуулалтын тасгыг хариуцаж ажилладаг. Дунд ах Ж.Ганжуурдалай, дүүЖ.Дамдиндорж нар барилгын засал чимэглэл, интерьерийн чиглэлээр ажилладаг. ЭгчЖ.Хорлоо нь Сургуулийн Өмнөх Боловсролын Шинэчлэл болон Бага насны хүүхдийн хүмүүжил, төлөвшлийн асуудлыг судладаг сурган хүмүүжүүлэгч бүсгүй бий. Харин миний эхнэр В.Ундраа уран зураач бүсгүй.

    Та өөрийгөө улс төрөөс хэр ангид гэж боддог вэ? Зарим залуу уран бүтээлчид, нийгмийн идэвхитэй залуус улс төр их сонирхож энэ талруугаа их татагдаад байгаа нь ажиглагддаг.

    Улс төрөөс ангид хамааралгүй хүн гэж байхгүй л дээ. Ямар нэгэн байдлаар л хамаарч байгаа. Бид төрөө сонгож, төрөөс гарч буй хууль, тушаал, шийдвэрүүд нь бидний амьдралд буцаад нөлөөлж байгаа. Улс төрд оролцоно, нөлөөлнө гэдэг нь заавал улс төрч болохын нэр биш шүү дээ. Заавал улс төрч болж байж л улс орноо өөрчилж сайхан болгоно гэсэн үг биш шүү дээ. Өөрийнхөө хийж бүтээж байгаад эзэн болоод хамгийн ойр эргэн тойрноосоо л өөрчлөлтөө эхлэ. Бүүр өөрөөсөө эхлэ.

    Ямар нэг намын гишүүн үү?

    Намын гишүүн биш.

    Залуу, монгол хүний хувиар тань хүсэл мөрөөдлийг тань асуумаар санагдлаа?

    Монголдоо залуусын хөгжлийн төв байгуулах, амьтны хүрээлэн байгуулах, монголыг дэлхийд илэрхийлж чадахуйц брэнд бүтээгдэхүүний үйлдвэр байгуулах, авъяас чадвартай Монгол хүнд менежмент хийж дэлхийд таниулах гэх мэт тодорхой хийх ажлууд бий.

    Ажлынхаа чөлөө завыг юунд шимтэн өнгөрүүлдэг вэ?

    Өөрийнхөө хүсэл тэмүүлэлд л чөлөөт цагаа зориулна. Бодох, төлөвлөх. Зөвлөгөө сургалт зохион байгуулдаг.

    Одоо ямар ажлыг эхлүүлээд эсвэл ажиллаж байна? Хэтийн төлөв?

    The New Media Marketing Agency-ийг үүсгэн байгуулахад гар бие оролцож, мэдээллийн технологийн салбарт монгол залуусыг дэлхийд өрсөлдөхүйц бүтээл хийлгэх зорилгоор ажиллаж байна. Мэдээж чадварлаг олон монгол залуустайгаа хамтарч илүү олон ажлын байр бий болгоно. Монголын ирээдүй хойч хүүхдүүдийг зөв үнэт зүйлтэй, бүтээлч хүн болгон төлөвшүүлэхэд гар бие оролцох хэрэгтэй.

    Таныг Их найрагч О.Дашбалбарын “Амьддаа бие биенээ хайрла хүмүүс ээ” шүлгийн мөрийг тарни мэт өөртөө шившиж явдаг тухай таны хувийн цахим хуудаснаас уншсан. Магадгүй яруу найрагт шимтэн дурладаг болов уу гэж асуусан юм шүү?

    О.Дашбалбар агсаны ертөнцийг үзэх үзлийг нь хүндэтгэдэг. Хааяа бас толгойд мөрүүд орж ирвэл бичээд үлдээчихдэг. Би өөрийнхөө ТЭНГЭР МЭДНЭ гэдэг шүлгийг сонирхуулах зорилгоор биччихье.

    Тэн гэрийн тамгатай газарт
    Тэн гэртэй хамт төрөөд
    Тэн дээ бид амьдарна
    Тэн гэрт данстай
    Тэн д бүртгэлтэйг
    Тэр өдрийн
    ТЭНГЭР МЭДНЭ

    Тэнгэрийн доор ганц хуультай
    Тэнгэр хэнийг ч ялгахгүй
    Тэр бүхнийг мэднэ
    Тэнгэрээс та бултаж чадахгүй
    Булангийн араар нуугдаж болохгүй
    Швейцарын банкинд ч нууж чадахгүй
    Тэр бүхнийг харж байгаа
    Эхнэрийнхээ араар тавьж болох ч
    Тэнгэрийн араар тавьж чадахгүй
    Тэрийг та аргалж болох ч
    Тэнгэрийг та аргалж чадахгүй
    Тэр таны дээр байна
    Тэр бүхнийг
    ТЭНГЭР МЭДНЭ

    Үйл бүхэн чинь үртэй
    Үг бүр чинь бүртгэлтэй
    Үнэн амьдар
    Үйлдэл бүрийг чинь
    Тэнгэр шүүхгүй
    Үйл чинь таныг шүүнэ
    Үйлээ эдэл үр минь
    Тэнгэр эцэг хэлнэ
    ТЭНГЭР МЭДНЭ

    “Тэнгэр нь хаясан” золиг минь
    Тэнгэртээ та итгэвэл
    Тэнгэр чинь таныг хаяхгүй
    Тэнгэррүү хараад залбир
    Тэнгэртэйгээ байхад алзахгүй
    Түүнээс өшөө авах ч хэрэггүй
    Тэнгэр бүгдэд хариу өгнө
    Тиймээс санаа амар
    Шударга хүнд айх шалтгаан үгүй
    ТЭНГЭР МЭДНЭ

    Хэн ч хараагүй
    Хун ч сонсоогүй
    Хүн ч мэдээгүй
    Тэр харсан
    Тэнгэр сонссон
    Тэр тольдож байгаа
    Тэнгэр биднээс дээр байгаа
    Тэр бүхний дээр байгаа
    Тэнгэрийн доор төрөөд
    Тэнгэрийн дээр очно
    ТЭНГЭР МЭДНЭ…

    Ярилцасан Ц.Тамир
    Эх сурвалж /bai.mn/
    Фотог Б.Батзаяа

  • Урлагийн менежментийг хөгжүүлэх хэрэгтэй

    Монголын урлагт менежмент хийвэл дэлхийд байтугай гарч чадна. Урлагийн менежерүүд ховор байна даа. Авъяаслаг чадвартай залуус менежмент, дэмжлэг байхгүйгээс зэвэрч байна. Ялангуяа язгуур урлагийн төрлүүд. Энэ 2-ийн ялгааг хар даа. Ялгаа нь юунд байна гэж бодож байна.

  • ХҮЧТЭЙ…

    Үг гэдэг үерийн уснаас ч хүчтэй… Энэ үгийг ээж минь хааяахан хэлсээр захисаар ирсэн юм. Миний хувьд ээжийнхээ хэлсэн энэ үгийн үнэ цэнэ, утга учрыг өдрөөс өдөрт л ухаарах юм. Сонин юм шүү! яагаад ч юм үргэлж л энэ үг батлагдаад байдаг… Аргагүй биз дээ, Хүн гэгч амьтад хөлөөрөө биш хэлээрээ ойлголцож амьдардаг болохоор амнаас гарах авиа бүр хүчтэй байлгүй яахав. Тэр дундаа үг бүрийн сайн муугаас үл шалтгаалж үгийн хүч хэвээрээ л байдаг. Энэ нь бид нэг үг сонсоод л баяраар гэрэлтэж, нэг үг сонсоод л нэг хэсэгтээ уйтгарын далайд хөвдөг эмзэгхэн сэтгэлтэй гэдгээр илт харагдана. Бидний өвөг дээдэс ч үүнийг эртнээс мэдэж, мэдэрсэн болохоороо үгээр хүнийг амилуулж ч болно, үгээр хүнийг алж ч болно хэмээн хэлж үр хүүхэддээ анхааруулж сургасаар ирсэн. Гэтэл сүүлийн жилүүдэд өвөг дээдсийн сургаалаа умартах хүмүүс их болсоор байгаа нь харамсалтай бөгөөд гашуун үнэн юм. Бид бодлогогүй үг хэлдэг  бусад улсын иргэдээс тэс өөр уужим сэтгэлт хүмүүс шүү дээ гээд заримдаа бүх Монгол хүмүүсийн чихэнд шивнэмээр, мартсан нэгэнд нь сануулан хэлмээр санагддаг. Хамгийн ариун нандин гэр бүлийн харилцаанд ч бие биедээ бодлогогүй үг хэлж байгаа харагдана.  Амжилт өөд тэмүүлж нэгэн зүгийг зорих залуус ч бие биедээ бодлогогүйгээр үгсийг урсгана. Ингээд бодохоор эрүүл хүнээс бодлогогүй үгс гарч бие биенийхээ сэтгэлийг шархлуулж байхад архинд толгойгоо мэдүүлсэн гудамжинд орилох тэр хүнээс бодлоготой үг  гарна гэдэг нөгөө усан дээр гал асаахтай адил бүтэшгүй юм. Амьдралд ирсэн хүн бүр төгс биш болохоор алдаа гаргадаггүй хүн гэж байхгүй. Гэхдээ бид алдсан нэгэндээ учир начрыг нь гарган тайлбарлан, хэлж ойлгуулж тусалхад л хүн гэдгийн утга учир оршино. Нэгхэн үгийг хэлхээс төвөгшөөсөөр байвал улам л харьцаа холдож дуугүй хүмүүс олшрох мэт. Хүн гэгч ховорхон заяаны эзэн бид сэтгэлээр унасан нэгнээ бостол, чадахгүй байгаа нэгэндээ хүчийг өгтөл УРМЫН үгсийг хэлж байвал АМЬДРАЛ ҮРГЭЛЖ АЗ ЖАРГАЛААР ДҮҮРЭН БАЙНА ГЭДЭГТ БИ ИТГЭДЭГ. Та ч бас итгэдэг гэдэгт найдаж байна. Яг одоо үүнийг уншин суугаа та өөртөө дүгнэлт хийгээрэй. Та олны танил хүн байсан ч, та хэний ч танихгүй нэгэн  байсан ч та сайн сайхан үгийг хэлдэг бол, бусдыг босгон урамшуулдаг бол МОНГОЛ ХҮН билээ. МОНГОЛ ХҮМҮҮН БИД АЗ ЖАРГАЛ, АМАР ТАЙВНААР ДҮҮРЭН АМЬДРАЛЫГ БҮТЭЭЖ ЧАДНА. САЙН САЙХАН ҮГИЙГ Л ХЭЛЖ ХҮЧТЭЙ АМЬДАРЦГААЪЯ…

  • Дулаан сэтгэл

    Хэзээний анд найзууд уулзах болгондоо нэг нэгэндээ амьдарлаа ярьцгааж, баяр жаргалд нь баясаж, зовлонд нь хамт харуусдаг. Бусдын жаргалд баясах хийгээд түүнтэй холбоотой зүрх сэтгэлээрээ дулаан дотно байх нь хайрын гол утга билээ. Энд өгүүлж байгаа халуун зүрх сэтгэлийн хайр энэрэнгүй сэтгэлийн суурь болдог, яагаад гэвэл, хайрладаг хүмүүсийн сэтгэл зовлонтой байгааг мэдвэл тэднийг зовлонгүй болгох гэсэн энэрэнгүй хүсэл төрдөг. Асрал хайр буюу хайр ба энэрэнгүй сэтгэлийн хослолыг хамгийн дээд, сэтгэлийн гүйцэд боловсрол гэж үздэг. Асрал хайр нь хамаг жаргалын эх булаг бөгөөд энэ ертөнцийн хамгийн үнэт зүйл юм.

    Асрал хайр нь амьдралыг тэтгэгч рашаан билээ. Эх хүн хөхөөрөө үрийнхээ биеийг өсгөдөг шиг зүрхнийхээ асрал хайрын илчээр ухааныг нь тэжээн торниулдаг. Хайр энхрийлэл үзээгүй хүүхэд сэтгэл санааны хямралтай, тэр байтугай сэтгэц мэдрэлийн тогтолцоо нь доголдолтой болдогийг анагаах ухаан зөвшөөрч байна. Зөвхөн нялх хүүхдүүд биш. Бид бүгдээрээ амьдралынхаа турш аз жаргалтай, бие сэтгэлийн амгаланд оршихын тулд бусдын асрал хайрд шүтэж байдаг. Яагаад ийнхүү шүтэлцээтэй байна вэ гэвэл, хэдийгээр эхийн хөхнөөс гарсан боловч элэг зүрхнээс нь холдоогүй байдагтай холбоотой. Тиймээс ч эхийн хайр эхнэр нөхөр, найз нөхдийн асрал хайрын хэлбэрээр хэрэгтэй болж, бүр заримдаа эрж шаарддаг. Тийм байх албагүй юм. Жинхэнэ том болсон хүн бол амьдарлын дээд аз жаргал нь бусдад хүртээх хайраас үүдэлтэйг ойлгон, түүнийг ч биелүүлж байгаа, эхийн хайр дутагдахаас чөлөөлөгдсөн хүнийг хэлнэ. Бусдыг төгс хайрлах хэмжүүр нь эхнэр нөхөр, найз нөхдийгөө хайр шаардах хорт зуршлаас нь тэвчээртэйгээр хөтлөн гаргах юм. Тэд ч мөн адил хариу нэхэлгүйгээр бусдыг аз жаргалтай болгох эрх чөлөөт сэтгэлийн цэнгэлийг нээж болно шүү дээ.

    Гүн талаас нь үзвэл, асрал хайр нь энэ дэлхийн хамаг жаргалын эх сурвалж юм, учир нь, жаргалтай болоход шаардлагатай дотоод нөхцлүүдийг бий болгодог. Жаргал эдлэхийн тулд тухайн сайхан зүйл байхаас гадна зөв сэтгэлийн болон буянт үйлийн чадамж хоёрын дотоод нөхцлүүд хэрэгтэй. Энэ чадамж бол урьд үйлдсэн хорлолгүй үйлийн үр дагавар бөгөөд хорлолгүй зан төлөвтэй болохын тулд сайхан сэтгэлтэй хөтлөгчийн үлгэр дуурайл хэрэгтэй болдог, үүнд Христ хийгээд Бурхан багш нар юм. Эдгээр хөтлөгч нар өөрсдийн асрал хайраар бусдыг сайн сайхан зан төлөвт удирдан чиглүүлдэг. Тэдэнд өөр бусад зорилго үгүй.

    Далаад оны дундуур Бурханы шашинтан болохоос өмнө Төвдийн анагаах ухаан сонирхдог сонирхолдоо хөтлөгдөн би Энэтхэгийн хойд нутагт очиход Дарамсалад суудаг Дулмаа гэдэг уламжлалт анагаах ухааны төвд эмчтэй танилцсан юм. Гималай уулын бэлд Дээрхийн гэгээн Далай лам багштан болон Төвд цагаачид суудаг тэр газар Төвдийн Анагаах ухааны төв нь сургалт, эмчилгээний үйл ажиллагааг нэгэн зэрэг сайн явуулж байсан юм. Дулмаа эмч намайг дагуулж, ажлаа ажиглуулахыг зөвшөөрсөн ба өвчтөнүүдээ үзэж байхад Дулмаа эмчийн ажлын өрөөг өөрийн саяхан ажиллаж байгаад ирсэн Австралийн хүнгүй шахам тасгуудтай харьцуулахгүй байж чадахгүй байлаа. Харьцуулах ямар ч боломжгүй байсан юм. Судас барих болон шээсний хөөсөөр оношлох аргууд нь нэг хэрэг, өвчтөнтэйгээ харьцах байдлаарааүлэмж их ялгаатай байлаа. Тэр өвчтөнүүдээ энэрч, өвчтөнүүд түүнийг хайрлаж байсан юм. Эмнэлэг тэр аяараа асрал хайрын илчээр дүүрэн байсан нь өвчтөнүүдийг хүн гэхээс илүү “өвчин” гэж үздэг миний ажиллаад ирсэн хүний төлөө мэдрэмжгүй эмнэлгийн уур амьсгалаас тэс өөр байлаа. Тэрээр оношилгоо, эмийн ургамлаар гайхамшигтай эмчлэх арга барилтайн дээр сайн эмч гэж нэртэй болсон нь Дулмаа эмчийн асрал хайрын хүчтэй холбоотой гэдэгт би бүрэн дүүрэн итгэлтэй байлаа.

    Барууны анагаах ухааны эмч гэж би биеэ тоосон бардам зантай байсан ч гэсэн Дулмаа эмч надад Төвдийн анагаах ухаанаас зааж өгөхийг зөвшөөрлөө. Надад судас барих, шээсний шинжилгээг тайлбарлаж заасан боловч асрал хайрын тухай ганц үг цухуйлгаагүй билээ. Ердөө л өөрөө харуулсан юм. Хожим нь би Төвдийн анагаах ухааныг гүнзгийрүүлэн судалж байхдаа сурах бичгийн ёс суртахууны тухай бүлэг нь зөвхөн асрал хайрлалын тухай өгүүлсэнийг мэдэж авч билээ. Манай Анагаах ухааны сургуулийн ёс суртахууны лекцүүд нь эмчилгээний асуудлаар шүүхэд дуудагдахаас хэрхэн зайлсхийх тухай байсан даа. Асрал хайрлалын тухай юу ч байгаагүй.

                                                                                                                                                           Их Хөлгөний Уламжлалыг Хадгалах Төв

  • БАЙГУУЛЛАГЫН СОШИАЛ МЕДИАГ АШИГЛАХ ЖУРАМЫГ БОЛОВСРУУЛАХАД ТУСЛАМЖ

    Хэрвээ танай хэрэглэгч сошиал медиа ашигладаг бол танай байгууллагын тухай тэнд ярьж л таарна. Тиймээс байгууллага сошиаль медиаг ашиглах нь хэрэглэгчидтэй харилцах чухал хэрэгсэл болоод байна. Байгууллага сошиал медиаг ашиглахдаа тодорхой журам аргачлалаар ашиглах нь зүйтэй юм. Энэ агуулгыг байгууллагынхаа сошиал журамыг боловсруулж байгаа баг хамт олныг чиглүүлэх үүднээс бэлтгэв.

    I. СТРАТЕГИ БОЛОВСРУУЛАЛТ

    1. Зорилго: Ямар зорилгоор ашиглах вэ гэдгээ тодорхойлно.
    2. Зарчим: Ашиглахдаа ямар зарчмыг баримтлах вэ гэдгээ тодорхойлно. Доорхоос жишээ авч болно.
    3. Ил тод байх
    4. Шударга байх
    5. Байгууллага төлөөлж хариулж байгаа тохиолдолд хувийн сэтгэл хөдлөл, зан араншингаараа хандахгүй байх.
    6. Байгууллага болон хувь хүн хоёроо ялгаж салгаж бичих.
    7. Сошиал санамж буюу тухайн байгууллага яагаад сошиал медиаг ашигладаг вэ гэдгээ тодорхойлж бичих хэрэгтэй.
    8. Жилийн агуулгын төлөвлөгөө буюу нэг жилийн турш ямар агуулга, мэдээллийг хэрэглэгчид хүргэхээ боловсруулж төлөвлө.
    9. Хэрэглэгчийн дата бүрдүүлэх: Facebook, Twitter, Google+ зэргээс өөрийн хэрэглэгчдийн акаунтын мэдээллийг цуглуулж, хэрэглэгчээ судлах боломжтой.
    10. Коммунити хөгжүүлэх: Зөвхөн компанийн сошиал медиаг хөгжүүлэхээс гадна танай хэрэглэгч болж болохуйц хобби, сонирхолоороо нэгдсэн бүлэгүүдийг үүсгэж хөгжүүл. Эсвэл үүссэн коммуни, сонирхолын бүлэгүүдтэй хамтран ажиллах хэрэгтэй. Жишээ нь кофе шоп бол кофенд дурлагчидын бүтэгтэй хамтран ажиллах гэх мэт.

     

    II. БАЙГУУЛЛАГАДАА НЭВТРҮҮЛЭХ: Байгууллагын ажилчид нь сошиал орчин дахь байгууллагын нүүр царай юм. Тиймээс эхлээд байгууллага дотроо сошиал медиаг нэвтрүүлж, лекц, сургалт зохион байгуулах, зөв соёлтой хэрэглэсэн хүмүүсийг урамшуулах зэрэг хөшүүрэг хэрэглэж болно.

    1. Ерөнхий ач холбогдолыг тодорхойлох
      1. Байгууллага өөрсдийн медиа сувгийг хөгжүүлж эхэлнэ
      2. Байгууллагын соёл, орчиноо таниулах
      3. Зардал хэмнэх
      4. Хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлтэй болно.
      5. Харилцаа холбооны хэрэгсэл болгож ашиглах
      6. Байгууллагын маркетингийн хэрэгсэл
      7. Бодлогоор зарим ажилтануудаа байгууллагынхаа нүүр царай болгож ажиллах
      8. Ажлын тайлан болгож ашиглах тохиолдол бий
    2. Дотоод ач холбогдолыг тодорхойлох
      1. Байгууллагын дотоод сошиал нэтворк харилцааны
      2. Сошиаль медиг байгууллагын дотоод уур амьсгалыг удирдахад ашиглах
      3. Ажилтанууд дотроо ашиглах зохицуулалт.
      4. Нууц үгүүдийг хүлээлцдэг байх.

    III. ӨДӨР ТУТМЫН УДИРДЛАГА

    1. Хуваарь боловсруулах
    2. Мэдээлэл нийтлэх давтамж
    3. Шалгах давтамж
    4. Холбогдох асуудалд хариулах
    5. Цаг зохицуулалт
    6. Асуултанд хариу өгөх процесс
    7. Тухайн холбогдох асуудлаар холбогдох мэргэжилтнүүдээс нь асууж тодруулна
    8. Хэдэн ч хүн удирдаж болно.
    9. Хариулах асуултыг чиглэлээр хариуцсан мэргэжилтнүүд хариулж болно.
    10. Өдрөөр жижүүрлэх байдлаар удирд
    11. Сошиал шалгаж цагийн хуваарь гарга
    12. Хариулж мэдэхгүй асуултанд мэддэг хүмүүстэйгээ хамтарч хариулах
    13. Автоматжуулж болох зүйлийг автоматжуул


    IV. ХЭРЭГЛЭГЧИЙН ОРОЛЦООГ БИЙ БОЛГОХ

    1. Хэрэглэгч оролцохуйц кампанит ажил өрнүүл
    2. Харилцан яриа үүсгэх
    3. Өдөөх асуулт. Хэрэглэгчтэй харилцан яриа үүсгэх өдөөсөн асуултаар эхлэх хэрэгтэй.
    4. Хэрэглэгч талархсан сэтгэгдэл үлдээсэн бол?
    5. Хэрэглэгчийн зургийг маш сайн ТААГлах хэрэгтэй
    6. Яг одоо зарчим
    7. Түлхүүр хүмүүс


    V. ГОМДОЛ БАРАГДУУЛАХ

    1. Мөн хэрэглэгчийн санал гомдолд хариулахдаа тухайн хэрэглэгчийг судлах хэрэгтэй.
    2. Хэрэглэгчийг судла
    3. Хар ПР, Гүтгэлэгт хэрхэн хандах вэ?
    4. Сөрөг асуултанд яах вэ


    Жамсранжавын Лувсандорж
    Үндэстэн Баг ХХК

  • ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ ЁС ЗҮЙ

    Цаашдаа маркетинг дотор зар сурталчилгааны эзлэх хувь нь улам буурна гэж боддог. Тухайн цаг үеийн технологийн хөгжил, хэрэглэгчийн сэтгэлгээнээс хамааран зар сурталчилгааны хэлбэрүүд хувьсан хөгждөг. Дижитал технологи хөгжсөнөөр зар сурталчилгаа нь массд чиглэсэн байдлаа өөрчилж илүү нарийвчлалтай, ухаалагаар хөгжих суурь нь бүрдлээ. Ямар ч шаардлагагүй, эсвэл залхаж буй хүнд тухайн рекламыг зориулахгүй байх боломж бүрдэж байна.  Мөн зар сурталчилгааны зардлаа багасгаж, хэрэглэгчийг халамжлах, хэрэглэгчтэй харилцах зардлаа нэмэгдүүлснээр бизнесийг илүү хүмүүнлэг, тогтвортой болгож чадна гэж боддог. Жишээ нь Аппле компанийн хувьд зар сурталчилгаар биш харин соёл төлөвшүүлэх замаар л брэндийн үнэ цэнийг бий болгож чадлаа гэж боддог.

    Зар сурталчилгаа нь хүний шунал дээр тулгуурладаг. Энэ нь яван явсаар хэт их хэрэглээ бий болгочихлоо. Дэлхийн хэрэглэж болох бүхнийг хэрэглээд, хогоор дүүргэж байна. Бүтээгдэхүүний илүүдэл нь ч хог хаягдал, үр ашиггүй зардлыг гааруулж байна. Тиймээс зар сурталчилгаа нь хэрэглээ, шуналыг дэвэргэхээс илүүтэйгээр зөв хэрэглээ, соёл дээр тулгуурлах, хариуцлагатай байх хэрэгцээ шаардлага урган гарч ирж байгаа. Ойрын ирээдүйд зар сурталчилгааны ёс зүйн тал дээр шинэ асуудлууд хөндөгдөнө байх даа.

    Агуулгын талаасаа бол хэт их мэдээлэлд живсэн энэ үед хэрэглэгчийг залхааж бухимдал дээр нь бухимдал нэмэхээргүй, хэрэглэгчийн амьдралд нь хэрэгтэй мэдээлэл өгсөн, сэдэлжүүлсэн, урам зориг өгсөн агуулгатай байх нь зөв юм болов уу гэж хардаг. Хэрэглэгчид таалагдах сурталчилгааг бүтээж чадвал интернэтийг ашиглан маш бага зардлаар олон хүнд хүрч чадна. Зарим сурталчилгаанаас хүн залхаж байхад зарим сурталчилгааг нь хүн хайж олж дахин үздэг байх жишээтэй.

    Ж.Лувсандорж

  • Моносны үнэр …, Энэ ч бас биш!..

              У.Шигүүргэ-д

     

    Моносны үнэр цоргин.., тэнгэр нүднээс алдуурна…

    Магадгүй, газрын үнэрийн “татах хүч”-инд

    Шувууд өндөрт нисч чаддаггүй ч байж мэднэ!..

                        Энэ ч бас биш!..

    Санааныхаа эсгэсэн үнэнээр, сэтгэлийн минь чац

    Биеийнхээ өндөртэй, яагаад ч юм, харьцангуй бус!..

                        Энэ ч бас биш!..

    Нээлттэй, хаалттайн эргүүлэг –

    Нэрнээсээ эхлээд сөнгө амьдралын минь гэгээ л

    Ханьсангуй сэтгэлийнхээ үл харагдах харанхуйтай

    Хаа нэгтээ огтлолцох нь, харин,

    Бие биедээ харгалзангуй мэт!..

                        Энэ ч бас биш!..

    Ойлгомжтой орчлон эс ойлгогдоход дуулмаар!..

                        Энэ ч бас биш!..

    Огторгүй өнгөгүй нь магад атал

    Миний сүүдэр дор хар өнгөтэй нь, цуу татмаар!..

                        Энэ ч бас биш!..

    Моносны үнэр улааран ханхлахад

    Би үхдэл болно.., Юу ч мэдрэхээ болино ..,

    Бурханд булаагдсан хүүгээ ч .., гэрээ ч..,

    Зүс тодхон ижийгээ ч .., зүүд халууцуулдаг дурьдатгалаа ч мартана!..

                        Энэ ч бас биш!..

    Яагаад ч юм, уйлмаар … үнэрээс бусдыг хэмх шаамаар!..

    Ялгуун гоо дэлхийтэй эргэлдэх хүн төрлөгтөн ч

    Ялаа, батганаас дотногүй… булшнаас ч уйтай харагдах нь –

    Нүдээ сох ухмаар!..

                        Энэ ч бас биш!..

    Харсандаа л хайр хүрэн урсах ил нулимс,

    Хавь тойрныхоо юуг ч юм, юунаас ч юм, бүү мэд,

    Харамлан булиглах далд цус хоёрын тэнхлэг

    Хаа зөрж, хаа огтлолцож буй цэг эс олдоно!..

                        Энэ ч бас биш!..

    Өнгөрч өнхрөх хорол – хорвоод,

    Өвөлдөө холдох нарны илчинд,

    Ухаан солиортолоо дурлах… бас утгагүйд цөхрөх …

    Учир нь эс олдох шамрага

    Сэтгэлийн үзүүрт л цайрна…

                        Энэ ч бас биш!..

    Моносны үнэр… шувуудын бараа…

    “Монгол” хэмээх, тамтай халуун ганц үг –

    Амьдрах гэж хүчлэхэд өчүүхэн шалтаг л хэрэгтэй шиг !..

                        Энэ ч бас биш!..

    Амьдралаас уйдан … эс хүсэхэд ч

    Аанай л, өнөө шалтаг –

    Моносны үнэр… шувуудын бараа…

    “Монгол” хэмээх, тамтай халуун ганц үг –

    Өчүүхэн л шалтаг хэрэгтэй шиг!..

                        Энэ ч бас биш!..

       

                                                                                                                                                    Д.Урианхай

     

    Гэрэл зургийн эх сурвалж: The new media creative studio  http://www.facebook.com/NMCSteam?fref=ts

     

                                                            

     

                        2000 оны 5 сарын 22-23. Хүн чулууны хонхор, Мэдээллийн төв.

            

  • Ухаарал

    Би жоохон хэнэггүй, өөрийнхөөрөө үргэлж зүтгэдэг, өөрийн саналаа бусдад тулгадаг нэг тийм зөрүүд хүн байжээ. Эргээд харахад. Харин сүүлийн жилүүдэд бусдын үгийг, бусдын саналыг сонсоё, сэтгэлийг нь тольдоё гэж боддог хичээдэг болчихсон. “Би” баатрыг хойшоо тавиад “та” баатрыг сонсох болсон. Үүний үр дүнд миний амьдралд маш их өөрчлөлтүүд ирсэн. Ямар ч нөхцөл байдалд тайвнаар хандаж бусдыг боддог болчихсон. Ер нь энэ амьдралд бид дахиад ирэх, үгүйгээ мэдэхгүйгээс хойш зөвхөн өөрийгөө бус бусдыгаа бодож бусдын төлөө санаа зовнин сэтгэлээ чилээж жаргал зовлонг нь хуваалцвал илүү аз жаргалтай байх бүрэн боломжтой билээ. Үүнийг эрт ойлгосон хүмүүс л аз жаргалд тэр хэрээрээ хурдан хүрдэг бололтой. Би 100 хувь аз жаргалаар дүүрэн байна… Учир нь үүнийг ухаарсныхаа дараа гэр бүлийнхэнтэйгээ, ажлын хамт олонтойгоо ч хурдан ойлголцож амар амгаланд хүрсэн юм. Ойлголцоно гэдэг маш чухал…Бас нэгэн зохиолчийн хэлсэн БУСДЫН ТӨЛӨӨ ГЭСЭН ХОРОМ БҮРИЙГ АМЬДРАЛ ГЭНЭ хэмээх үгийг уншаад ямар их догдолж урам авсан гээч. Та төсөөлж байна уу? Надад аз жаргалыг бэлэглэсэн ухаарал, бодлыг минь бататгасан тэр үгийг олж харахдаа би хүүхэд шиг л хөөрч байсан. Тэр үг сэтгэл зүрхэнд сийлэгдэн би ямар ч үед тэр үгээ орхиогүй юм. Үнэхээр энэ үгэнд, энэ үзэл бодолдоо хайртай. Та бодоод үздээ, жишээ нь хэрвээ бүгд л би тэгсэн, ингэсэн, би тэгдэг, ингэдэг, би ингэмээр байна тэгмээр байна гээд өөрсдийгөө нэгд тавиад байвал гэр бүлд, ажлын газарт  сайн баг үүсэх үү? цаашлаад Монгол улс хэзээ хөгжих вэ дээ. Харин бид үргэлж бие биенийгээ хүндэтгэн үзэл бодол, хүсэл мөрөөдлийг нь сонсохоос гадна оргилон байгаа галыг нь бадрааж мэддэг зүйлээ бусаддаа заан өгч, хүч чадлыг нь сэлбэн, хамтдаа зүтгэдэг болж өөрчлөгдөх хэрэгтэй. Би л болж байвал бусад хүн хамаагүй гэсэн аминчхан үзлээсээ татгалзах нь зүйтэй.  Миний хувьд ажил дээрээ, аливаа уулзалт цуглаан дээр ч бусдын саналыг сонсох, саналыг нь дэмжих, баяжуулан өөрийн саналаа хэлэх дуртай. Мөн нийгмийн сайн сайхан болоод муу муухайг бусадтай хуваалцаж бусад хүн юу гэж харж байгааг сонсох дуртай. Би нэг ч гэсэн хүний нэг ч гэсэн Монгол улсын иргэнийхээ үзэл бодлыг сонсохын тулд, сэтгэлийг нь хуваалцахын тулд “ард түмний унаа” гэх тодотголтой автобусанд суух дуртай. Ах ч бай, дүү ч бай тэд бол ард түмний унаандаа өдөр бүр суун үйлчлүүлдэг эх орондоо амьдарч буй иргэд. Тиймээс тэдний үг бүхэн үнэтэй байдаг. Нэгэн өдөр автобусанд ном уншиж явлаа. Эх хэлний тухай Чоймаа багшийн номыг уншиж явсан би автобусан дотор өдрийн од шиг л содон байсан. Залуучууд ном уншдаг болсон ч автобусан дотор ном унших нь үнэхээр ховор л доо. Би ч бас нэг л дасахгүй, ичих шиг, гэм хийх гэж байгаа мэт л бөөн бодол болж байж арай гэж цүнхнээсээ номоо гарган уншиж эхэлсэн. Бэлгийн ном учраас, бас эх хэлний тухай насаараа судалсан хүний бичсэн ном учраас гэртэй очоод уншъя гэсэн ч тэвчиж чадаагүй юм. Тэгсэн дэргэд сууж байсан ах, гэнэт маш чанга дуугаар 9-н үеээ мэддэг болчихвол ч хэмээн миний номон дээрхийг уншсан бололтой хэлсэн юм. Би ч дахиад үг  хэлэх гэж байгааг нь мэдсэн учраас хажуу тийш эргэн нүд рүү нь харлаа. Тэрээр Бид Чингис, Чингис хэмээн бүгд л ярьдаг ч бүх л уламжлал, соёлоо алдаж байна хэмээн хэлсэн юм. Тэрээр энэ мэт олон зүйлийг ярьж арын суудалд сууж байсан намайг болон бүх хүмүүсийг автобусан доторх бүх хүний анхаарлын төвд оруулж орхисон юм даа. Бүгд эхэндээ гайхсан, сонжсон байдлаар харж байсан ч түүний өв соёлын тухай яриаг их л анхааралтай ажин сонсож эхэлсэн. Гэтэл тэр ах за би ч одоо бууя даа, хэлгүй аятай дуугай явхаас залхаад байсан юм, чи нэг таван үг соличих мэт санагдаад, тэгсэн зөв боджээ, чиний ачаар нилээн хэдэн хүнд 5 үг хэллээ. За баяртай, бид Монголоороо үлдэхийн тулд бие биенээ сонсох хэрэгтэй хэмээгээд нисэх мэт давхих автобуснаас нисэн үлдсэн юм. Үнэхээр л бид бие биентэйгээ мэндтэй явбал биднээс юу унах билээ, харин ч ус балгасан мэт сууж явснаас эх орныхоо сайн сайхан хөгжил болж бүтэхгүйг ярьж шийдвэрлэх аргын талаар хуваалцан суувал царайд бараан үүл биш, цэлмэг тэнгэр дурайна. Тиймээ бид энэ амьдралд дахиад ирэх ч бай үгүй ч бай амьдралаа утга учиртай өнгөрөөж сайн сайхан олон үйлсийг бүтээхийн тулд амьдралын утга учрыг ухаарах хэрэгтэй…

     

     

     

  • Монгол хүн бол амжиж үзээрэй…

    Мянганаар дуурсагдах бахдам түүхээ эрэн хайж зоригтойгоор сурвалжилан Тархан суурьшсан Монголчуудтайгаа уулзаж сэтгэлийн үгийг нь сонсон,  өвөг дээдсийн байгуулсан агуу түүхийн гэрч өв соёлыг бидэнд таниулсан агуу үйлсийн эзэдээрээ бахархаж байна. Соёл судлаач Санчир, түүний хамт олон түүхийг бидний өмнө дэлгэн тавьж ариун үйлсийн үр шимийг нь бид хүртэн байгаа. Тэдний Монголоо гэсэн сэтгэл зүрх, чин хүсэл, уйгагүй хөдөлмөрийг төр засаг, яамдаас дэмжин байгаа нь үнэхээр сайшаалтай. Тодруулбал: ЭЗЭНТ ГҮРНИЙ СОЁЛЫН ДУРСГАЛУУД хэмээх гэрэл зургийн үзэсгэлэн Соёл, Спорт Аялал жуулчлалын яамны  дэмжлэгтэйгээр 2 сарын 28 ны өдөр Уран зургийн галерейд нээлтээ хийн 3 сарын 18ныг хүртэл олон түмний мэлмийг баясгасан билээ. Харин эрхэм Монгол иргэдийн хүсэлтээр “ЭЗЭНТ ГҮРНИЙ СОЁЛЫН ДУРСГАЛУУД”  Гэрэл Зургийн Үзэсгэлэн Соёл, Спорт, Аялал жуулчлалын яам -ны дэмжлэгээр  3-р САРЫН 28-ныг хүртэл олон нийтэд дахин үнэ төлбөргүй толилуулахаар хугацааг  сунгажээ. Тус үзэсгэлэнг өнгөрөгч 03-р сарын 15-ны байдлаар давтагдаагүй тоогоор хамгийн багадаа 5000 гаруй хүн үзэж сонирхсон байна. Ингээд агуу үйлсийн эзэддээ Монгол хүн бүрийн өмнөөс гялайснаа илэрхийлээд хэрвээ МОНГОЛ хүн та үзэж амжаагүй байгаа бол очиж үзээрэй гэдгийг хэлмээр байна… Sanchir Tasam http://www.tasam.mn/frontpage