Category: Uncategorized

  • ХАНДЛАГА /Trend/

    Хэрэглээгүй авъяас зэвэрдэг Тогтоол ус үмхийрдэг. Хонхорт тогтсон ус үмхийрдэг. Үмхийрүүлэхгүй байхын тулд усанд гольдрол гаргах хэрэгтэй. Гольдролыг дагаж урсгал үүснэ. Тухайн бий болж байгаа урсгалыг ХАНДЛАГАтай зүйрлэж болох юм. Бүх салбарт хандлага бий. Улс төр, нийгэм, бизнес, амьдралын хэв маяг гэх мэт. Нийгмийн өөрчилөлт, технологийн хөгжил ч мөн л хандлагатай уялдаж бий болно. Эхлээд хандлага бий болно. Хандлага үлгэлжилсээр томоохон өөрчилөлт болно. Хандлагыг урьдчилан судлаж болно. Бас мэдэрч болно. Ухаалаг бизнесмэнүүд хандлагыг үргэлж судлаж, мэдэрч бизнесээ хийдэг. Ухаалагууд хандлагыг угтаж бизнес хийдэг бол сэргэлэнчүүд дагаж бизнес хийдэг. Үлдсэн хэсэг нь дууриаж бизнес хийдэг. Мэдээж хэн хандлагыг судалж, мэдэрч чадна тэр амжилтанд хүрэх нь гарцаагүй.

    Ингээд өөрийн мэдэрч байгаа хэдэн хандлагыг та бүхэнтэй хуваалцаж байна.

    • Шунал хүсэлт шавхагдашгүй хэрэгцээгээ хангахын тулд амьдралаа золих биш энгийн өөрт тааламжтай амьдралыг бүтээх нь хэрэглээний ХАНДЛАГА;
    • Хэт гоёчилж тансагласан, харагдах гэж хооллодог биш биед тустай энгийн органик хүнс хэрэглэх нь хоололтын ХАНДЛАГА;
    • Олон зүйлийг судласан ч хүн өөрийгөө судлаагүйгээ мэдэж, молекул, дуран авиад харагдахгүй түвшинээс цааш, хүнийг дотогш судлах нь хүн судлалын ХАНДЛАГА;
    • Аз жаргалыг хаа нэгтээгээс хайх биш өөрт байгаа мэдрэмжүүдээ хөгжүүлэх нь сэтгэл хөгжлийн ХАНДЛАГА;
    • Мөнгө олохын тулд юу ч хамаагүй хийхээс, чаддаг, хүсдэг зүйлээрээ баялаг бүтээх нь ажил хөдөлмөрийн ХАНДЛАГА;
    • Мэдлэг олгохоос чадвар олгох нь боловсролын ХАНДЛАГА;
    • Олон зүйлийг хагас дутуу чаддаг мэргэжилтнээс нэг чиглэлээр өндөр мэргэшсэн чадварлаг мэргэжилтэн нь хүний нөөцийн ХАНДЛАГА;
    • Өвчилсөн хойно нь эмчлэх гэж хөрөнгө, хүчээ бардаг биш. Өвчлөхгүй байх бүх нөхцөл боломжийг бүрдүүлэх нь анагаахын шинжлэх ухааны ХАНДЛАГА;
    • Ач холбогдолгүй реклам, зар сурталчилгаанаас, хүний амьралд хэрэгтэй ажил зохион байгуулах, хүнд хэрэгтэй агуулга бүтээж хүмүүсийг татах нь маркетингийн ХАНДЛАГА;
    • Хамгийн шилдэг нь болох гэж сурталчилгаагаар залхаах биш хүний амьдралд хэрэгтэйг нь өгөөд хэрэгтэйгээ авах нь сурталчилгааны ХАНДЛАГА;
    • Хэт олон хэрэглэгчийг олох гэж хэт их мөнгө үрж, олсноо тогтоож чадахгүй алдах биш цөөхөн үнэнч хэрэглэгчээбөөцийлөх нь бизнесийн ХАНДЛАГА;
    • Өнгөрсөнийг судлахын хамт ирээдүйг судлах нь судалгааны ХАНДЛАГА;
    • Босоо тогтолцоотой, олон шат дамжлагатай харилцаанаас хэвтээ тогтолцоотой, шууд харилцаатай цахим нийгэм бол нийгмийн харилцааны ХАНДЛАГА;

    Миний сонссоноор бол тэргүүлэгч компаниуд болон Улсууд дэргэдээ Ирээдүй судлалын томоохон хүрээлэнгүүдийг ажиллуулж, дэлхийд бий болж буй хандлагыг судлуулж, түүнд үндэслэн хөгжлийн стратегиа боловсруулж байна. Харин Монголд ирээдүй судлалын төв байдаг болов уу? 

  • Сouchsurfing буюу дэлхийн нөхөрлөлийн аялал

    Hospitality буюу Зочломтгой байдал нь аливаа ард түмний соёлд гүн шингэсэн байдаг гэж боддог, тэр дундаа нүүдэлчин Монголчууд энэ зан чанараа өнөөг хүртэл хадгалж, өвлүүлж, марталгүй, өдөр тутмын амьдралын нь салшгүй хэсэг байдаг гэж би боддог.

    www.couchsurfing.org вэбээр дамжуулан Аялагчид очих орон нутгийнхаа иргэдтэй холбоо тогтоож, харилцаж, нөхөрлөж, бие биедээ туслаж байна.

    Миний бие 2008 оны 7 сард энэ вэбд бүртгүүлж, улмаар 2011 оны байдлаар 300 гаруй гадаад иргэдийг гэртээ зочлох, бидний ахуй амьдралтай танилцах, өдөр тутмын зарим ажилд маань туслаж оролцох боломжийг олгоод байна.
    http://www.couchsurfing.org/jbegzsuren/

    Миний гэр бүлийн тухай баримтат кино хийгдэж, энэхүү вэбд тавигдаж байсанhttp://www.couchsurfing.org/news/article/135
    it’s recorded in 2009 by my UK friends

    Тиймээ, Монголчууд биднийг Зочломтгой ард түмэн гэдэг.
    Би ч гэсэн тийм ард түмний нэг хэсэг байхыг хүсэж, тэмүүлж, амьдралаараа харуулахыг хичээдэг.

    couchsurfer болсноор яг ч гадныханд үйлчилнэ гэж ойлгож болохгүй ээ, чи өөрөө гадаадын нэг оронд очсон гэж бод, тэр очих хотынхоо нэг CS гишүүнтэй холбоо барьсан гэж бод, тэр хүнээс чи ямар тусламж дэмжлэг хүсэж болох вэ, мөн тэр хүнийхээ ажил төрөл, гэр оронд чи нэг их саад болохгүйг хичээж таараа, гэхдээ л тэр хүн чамд төрөл бүрийн зөвлөгөө мэдээлэл өгч улмаар чи тэр хүнтэй найз болсондоо баяртай байх болно, Яг л ийм л зарчим

    Баярлалаа,
    Ж.Бэгзсүрэн

  • МЭРГЭЖЛЭЭ ХЭРХЭН ЗӨВ СОНГОХ ВЭ буюу ИРЭЭДҮЙТЭЙ МЭРГЭЖЛҮҮД /Шууд ярилцлага/

     

    Star телевизийн мэдээнд зочиноор оролцож, мэргэжлээ сонгож байгаа хүүхдүүд болон мэргэжил сонголтод нөлөөлж буй эцэг эхчүүд, багш нарт зориулж “Ямар мэргэжлүүд ирээдүйтэй вэ, мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ” сэдвээр шууд ярилцлага өглөө.

  • 60 жил мод ургаагүй хөсөрсөн газар төгөл байгуулсан нь буюу ээждээ зориулсан бидний зүрх сэтгэл

    Өнгөрсөн хавар “Ээждээ зориулсан бидний төгөл” буюу Эх нялхасын эрдэм шинжилгээний төвд /ЭНЭШТ/ эх үрсийн ногоон төгөл байгуулах хөтөлбөрийг хамтрагч, ивээн тэтгэгч байгууллагууд болон ээждээ мод тарихад зав гаргачих тэнхээтэй залуусын хүчээр амжилттай хэрэгжүүлсэн билээ. Хөтөлбөрийн үр дүнд энд мод ургахгүй гээд бүүр эвлэрчихсэн байсан Эх нялхасын ажилтнуудын нүдийг орой дээр гаргаж жилийн жилд шороогоор шуурч байдаг зэвэрсэн газар амь оржногоон төгөл цэцэглэж, эх үрсийн амарч тухлах орчин бүрдсэн. Бидний хамтран тарьж ургуулсан 2000 гаруй мод бутны 50% нь цэцэглэн ургасан бөгөөд 50% нь цэцэглэж ургаагүй биш харин хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас болж машинд дайрагдсан, гишгэгдэн хугарч гэмтсэн байдалтай байна.

    ЭНЭШТөв хайс барьна гэсэн амлалтаа биелүүлээгүйгээс бидний ээждээ зориулсан төгөл хугарсан байна. Ер нь ЭНЭШТ-ийн ажилтан удирдлагууд үнэхээр арчаагүй байдал гаргадаг. Хүний тариад өгсөн модыг услаад явчих сэтгэлгүй. Өнгөрсөн хавар тарьсан мод зүлгээ хүлээлгэн өгч, услах шланкийг хүртэл гардуулж өгөөд, олон мянган ажилчидаараа ээлжлээд услуулаад байна гэж дарга нь амласан. Бид итгэчихсэн хүмүүс 4 хоногийн дараа ирсэн чинь нэг ч услаагүй, өглөө, орой услах ёстой шинэ тарьсан зүлэг харлаад үхчихсэн байсан. Тарьсан мод зүлэг үхэж байхад, цонхоороо хараад тамхи татаад зогсоод байна. Нээрээ үнэн арчаагүй. Тэгээд арчилж тордохгүй байж, манай энэ газар барилгын хогтой болохоор мод тариад ч ургадаггүй гэж худлаа солиорно. Өөрсдийх нь өмнөх жилүүдэд тарьж байсан модных нь нүхийг харахад 20 см өнгөц зөөлөн хөрс ухаад л модоо булсан болоод орхисон байсан. Ингэж тарьсан мод ургах уу?! Бид өнгөрсөн хавар тарихдаа зөвхөн модны нүх ухахад л 7 хоног зарцуулж байсан, дагтаршсан улаан хөрш, цемент ухаж байгаа юм шиг л байсан. Бүр л өдөржин ухахад 2 модны нүхтэй салж байсан өдөр ч бий. 50см радиустай, 60см гүн ухаж байж, 40т хар шороогоор шинэ хөрс бий болгож байж, 100 гаруй хүний сэтгэл, 10 сая гаруй төгрөг зарцуулж байж энэ төгөлийг босгосон юм. Залуус бидний хүсэл мөрөөдлийг дэмжсэн “Монголын алт” корпорацид Эх нялхасд амаржих бүх ээжүүдийн өмнөө талархал илэрхийлье.

    Энэ жилийн нөхөн сэргээлтийн ажилд мөн л МАК, “Ногоон хонх” ТББ ивээн тэтгэж, “Дэльта” энтертаймент, “Ногоон хонх” ТББ /greenbell@groups.facebook.com/, “Сортоо” клубын залуус гардан гүйцэтгэх ажилд идэвхитэй оролцлоо. Миний бие хөтөлбөрийн ерөнхий зохицуулагч байсан гэдэг утгаараа сая амралтын өдөр очиж үйл ажиллагаанд нь туслаж нөхөн сэргээх ажилд оролцлоо. 

    Экологич, эдийн засагч, модчин, түлээчин, банкчин, барилгачин бай хамаагүй АМЬСГАЛДАГ ХҮН БҮР ЖИЛД НЭГ МОД тарьж, ургуулдаг байгаасай!

    2010 оны 6-р сар

  • Гэр бүлийн боловсролын тухайд

    Хүний амьдралд, хүний сэтгэлд, хүний ухаанд нөлөөлсөн хором мөчүүд байдаг гэж сонсож байсан. Бодоод байхад бие хүн бүрэлдэн бий болж төлөвшихөд маш олон хүчин зүйлүүд нөлөөлдөг. Тэр тусмаа хүчтэй нөлөө үзүүлсэн, нуруугаар тог, цахилгаан гүйх шиг болдог тийм нэг мөчүүд байдаг юм байна.

     

    “ГЭР БҮЛИЙН ТУХАЙ” хэмээх Нэгэн зүйл

    Гэр бүлийн амьдралын талаар өнгөцхөн төсөөлөлтэй, азгүй юм шиг амьдарч байх үедээ, энэ хүний үгийг сонсож толгой дотор минь гэр бүлийн талаарх хувьсгал явагдаж билээ. Миний амьдрал сайхнаар өөрчилөгдөхөд нөлөөлсөн нэг хүн бол яах аргагүй Л.Нарантуяа багш гэж би боддог. Залуус бид гэр бүл, хайрын талаар мухар сохор төсөөлөлтэй яваад л байвал, амьдрал минь азгүй, аз жаргалгүй, хэрүүл, маргаанаар дүүрэн байсаар л байх болно.

    Яг үнэндээ бол залуус бидэнд гэр бүлийн талаар хэлж ойлгуулдаг байгууллага, хүн байдаггүй шүү дээ. Тэгээд та бүхнийг энэ лекцийг сонсоорой гэж зөвлөх байна. Гэр бүлийн талаар маш цэгцтэй, бодитой, амьдралтай зүйл хэлж өгдөгт би их баярладаг. Монголд минь аз жаргалтай, амар амгалан гэр бүлүүдийг маш олноор нь бэлдэх зорилготой агуу хүн дээ.

    Амьдралын минь өөрчилсөн нэг лекц нь энэ:

  • Маркетингийн ШИНЭ ЭРИН ҮЕ буюу ДЭВШИЛТЭТ МЕДИА МАРКЕТИНГийн өсөлт

    Таны хийж байгаа маркетингийн ажлууд хэр зэрэг үр дүнтэй байна вэ?
    Олон нийтрүү чиглэсэн реклам сурталчилгаагаар үнэнч тууштэй цөм хэрэглэгчидээ төлөвшүүлж, бөөцийлж чадаж байна уу?

    Мэдээллийн шинэ сувгууд санаанд багтамгүй хурдтайгаар өргөжин тэлж буй цахим эрин зуунд та хэрхэн амжилттай маркетинг хийх вэ?

    Маркетингдаа мэдээллийн технологийг хэрхэн ашиглах вэ?

    Маркетингийн санаануудаа үнэлэх, хэмжих, борлуулалтаа
    төлөвлөх хянах, хэрэглэгчтэйгээ харилцах,
    халамжлах үйл ажиллагааг нэг технологиос удирдаарай.

     https://erxes.mn/

  • Заваан РЕКЛАМ

    1. Энд тэнд наалгах гэж хэдэн оюутанд цагийн мөнгө төлнө. Тэд нар нь хөөрхий даарч, хөрч хараал урсгана. Наагчидад ээлгүй.
    2. Скоч, жонхуу, цавуугаар хана туурга завааруулна. Хотын соёлд ээлгүй.
    3. Баахан цаас гарзадна. Цааш наах бүрд ойд нэг мод унана. Байгаль орчинд ээлгүй.
    4. Тэглээ гээд хэн ч олж харж уншихгүй. Уншлаа ч сэтгэгдэл төрүүлэхгүй. Харин ч бүүр шал дордуулна. Хэрэглэгчид ээлгүй.
    5. Маргааш нь цэвэрлэгч эгч нар арилгах гэж хуруу хумсаа хугална. Баахан зовно. Цэвэрлэгч эгчид ээлгүй.
    6. Хэрвээ цэвэрлэхгүй бол ингээд заваараад байсаар л байна. Орчиндоо ч ээлгүй.
    7. Гражийнх нь хаалгыг завааруулсан байхыг харсан жолооч уураа бараад цэвэрлэж байхыг харлаа. Жолоочид ч ээлгүй.

    Заваан РЕКЛАМАА гэж!!!

  • Оюутнуудаа, чадварлаг мэргэжилтэн болмоор байна уу?

    Оюутан байхад сургуулиа төгсчихвөл бүх юм болчих юм шиг л боддог байж билээ. Улаан дипломаа гардаж аваад л, ромбоо зүүчихвэл чадалтай мэргэжилтэн болчихдог юм шиг төсөөлдөг байж.

     

    Амьдрал дээр гараад бүх зүйл эсрэгээрээ эргэсэн дээ. Сургуулийн диплом ч хэрэг болсонгүй, одоо хаана хийснээ ч мартсан байна. Айхтар үзүүлээд шалгуулаад байх ч шаардлага гарсангүй. Тэртээ тэргүй төгссөн төгсөөгүй ч худалдаад авчихаж болж байна, дүнг бол яаж ч янзалсан болдог болж. Гэх мэтээр үнэ цэний нь унагасаар диплом нь тухайн хүнийг бүрэн илэрхийлж чадахгүй болоод байна л даа. 

    Байгууллагууд чадварлаг мэргэжилтнийг шалгаруулахдаа эхлээд Си Ви бөглүүдээд, бичгийн соёл, ерөнхий суурь чадваруудыг хараад, эссэ бичүүлээд хувь хүний зорилго, тэмүүлэл, бичиж найруулах чадварыг хараад, ярилцлагад урьж өөрийгөө илэрхийлэх байдал, сэтгэлгээний чадвар зэргийг дүгнэсний үндсэн дээр боломж олгодог. Шалгуурт дипломын дүн, төгссөн сургууль зэрэг нь маш бага хувь эзлэнэ.

    Оюутнууд юуны өмнө үзэж байгаа хичээлүүд чинь чамайг чадварлаг мэргэжилтэн болгох жорын ердөө 10% нь гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэр тусмаа их дээд сургуулиудын хичээлийн агуулга маш их хоцрогдолд орсон байна. Жишээ нь, интернэт бизнесийн анги гэсэн атлаа 4 төгстлөө интернэт ашигласан хичээл орж үзээгүй байх жишээтэй. Ха ха. Харин багш нарын хэлж байсан үг бол амьдралд их хэрэг болдог шүү.

    Мэргэжлийн чадварыг бол яг бизнесийн байгууллагуудын халуун тогоон дотор орж байж, хийж дадлагажиж байж, илүү их ном уншиж, интернэт ашиглаж байж л олж авахаар байгаа юм. Оюутнууд бол багшийн заасныг өөрт нь хариулаад онц аваад байхад сайн мэргэжилтэн болно гэж бодоод байх шиг байгаа юм. Энэ бол андуурал шүү. Бас зарим оюутнууд сургуулиа төгсөж байгаад л учраа олно доо гэж боддог. Энэ бодол бол бүүр ч буруу. Та оюутан болмогцоо л хийх ажилдаа санаа зовж эхлэх юм бол жинхэнэ мэргэжилтэн болно.

    Тиймээс чадварлаг мэргэжилтэн болохын тулд:

    1. Сургуулиас зааж байгаа хичээлүүд – 10%
    2. Багшийн сургааль, ахмад хүмүүсийн үг – 10%
    3. Салбарын мэргэжилтэнүүдийн лекц, сургалт – 10%
    4. Оролцоо буюу сайн дурын ажилд оролцох нийгмийн идэвхитэй байдал. Төгсөөд л өндөр цалинтай ажил хийнэ гэж мөрөөдөхийн оронд оюутан байхдаа цалингүй ажил хийж байсан хүн төгссөн хойноо үнэлэгддэг, маш өндөр цалинтай тэнцэхүйц чадварыг үнэ төлбөргүйгээр олж авдаг гэдгийг ухаарах.- 10%
    5. Сорих буюу мэргэжилтэй холбоотой уралдаан тэмцээн, арга хэмжээнд тогтмол оролцох – 10%
    6. Салбарын хамгийн сайн номнууд – 10%
    7. Мэдлэгээ гүнзгийрүүлж судлах, интернэт ухах – 10%
    8. Туршлагажих буюу 1-р курсээсээ эхлээд өөрийнхөө мэргэжилтэй холбоотой бодит ажил төрөл хийж өөртөө туршлага хуримтлуулах хэрэгтэй. Жишээ нь маркетингийн ангийн оюутан бол бараа бүтээгдэхүүнд маркетинг хийж үзэх хэрэгтэй. Ядаж өөртөө маркетинг хийж үзэх хэрэгтэй. Сэтгүүлч бол нийтлэл бичиж, нэвтрүүлэг хийж, ямар нэг асуудлыг эрэн сурвалжилж үзэх хэрэгтэй. Бизнесийн удирдлага бол ядаж нэг бизнес хийгээд үзчих хэрэгтэй. Туршлага бол маш чухал. Уншаад л байдаг, онолдоод л байдаг. Яг амьдрал дээр гарахаараа чадвар байдаггүй ээ. Зарим оюутнууд тухайн мэргэжлийн хүн юу хийдэгийг ч мэдэхгүй төгсөж байх жишээтэй. Тиймээс л өөрийгөө чадваржуулах талын хийж турших зүйлүүдийг эртхэнээс эхлэх нь зөв юм. – 20%
    9. Салбараасаа нэг чиглэлээр маш сайн мэргэших нь хамгийн чухал болоод байна аа. Одоо төгсөж байгаа оюутнууд юм бүхнийг чадна, бас юм бүхнийг чадахгүй байна. Чаддаг юм уу гэхээр яг мэргэшсэн, төгс эзэмшсэн зүйл байхгүй байна. – 10%

    За энэ 9 зүйл нийлж байж чадварлаг мэргэжилтэн болох нөхцөл шалтгаан бүрдэнэ дээ.

    Томъёолвол: 
    Хичээл /10%/ +Сургааль/10%/ +Сургалт/10%/ +Оролцоо/10%/ +Сорилт/10%/ +Ном/10%/ +Судалгаа/10%/ +Туршлага/20%/ +Мэргэшил/10%/ = ЧАДВАРЛАГ МЭРГЭЖИЛТЭН/100%/

  • СЭТГЭЛГЭЭГЭЭ булчинлаг болгох нь

    “Яруу сэтгэгч” сонины нийтлэлүүд цувралаар…

    ЭССо: Эерэг, Сөрөг, Сонирхолтой /санаанд хандах хандлага/

    ЭССо бол бодол санааг нээлттэй болгон ухамсартай жолоодох зорилгоор сэтгэлгээнд хэвшил болгох шаардлагатай арга хэрэгсэл юм. Энэхүү сэтгэлгээний хэрэгсэл нь тухайн санаа танд таалагдаж байгаа эсэхээс хамаарахгүйгээр уг санааны эерэг талыг /Э=Эерэг/, муу талыг /С=Сөрөг/, мөн сонирхолтой талыг /Со=Сонирхолтой/ олох чармайлт гаргахад тусална. Сонирхолтой тал гэдэг нь сайн ч биш муу ч биш гэхдээ авч үзүүштэй талууд юм.

    ЭССо бол дэвшигдсэн санаа, санал, зөвлөлгөөг хэлэлцэх арга зам юм. Санааны хариу үйлдэл нь түүнийг таашаах, эс таашаах, дэмжин сайшаах эсвэл шүүмжлэн буруушаах байж болно. Хэн хүнд тухайн санаа таашаагдаж байвал түүний сөрөг талыг олж харахад түвэгтэй, харин санаа таалагдахгүй байвал түүний эерэг талыг олж харахад түвэгтэй байх нь олонтой. Мөн санааны ховорхон сонирхолтой талыг илрүүлэхэд түвэгтэй байдаг.

    ЭССо-г зориудын үйл ажиллагаа болгон хэрэглэх нь санаанд сэтгэл хөдлөлгүйгээр хариу үйлдэл үзүүлж, илэрхийлэх боломжийг олгодог. Үүний гол зорилго нь сэтгэл хөдлөлийн хариу үйлдлээс ухамсартайгаар зориудын үйлдэл хийх чадвар руу шилжүүлэх явдал юм.

    ЭССо нь хэзээ ч шийдвэр ба үүрэг даалгаврыг хөндөх гэсэн оролдлого хийдэггүй харин аливаа юмыг олон талаас нь авч үзсэний дараагаар хийх хэрэгтэй гэсэн үнэмшлийг бий болгодог.       

    Энгийн томъёоллоор бол ЭССо ажиллагаа нь нөхцөл байдлыг авч үзэх өргөн боломжийг олгоно. Үүнгүйгээр санаанд өгөх сэтгэл хөдлөлийн хариу үйлдэл нь түүнд хандах арга замыг улам явцууруулдаг.

    Э=Эерэг “Санааны талаарх сайн зүйлс” ямар учраас танд энэ таалагдаж байна вэ?

    С=Сөрөг “Санааны талаарх муу зүйлс” ямар учраас танд энэ таалагдахгүй байна вэ?

    Со=Сонирхолтой “Санаанд байгаа сонирхолтой талууд”, сайн муугийн алинд ч хамаарахгүй боловч байж болох санаанууд

    Энэ санаа надад таалагдаж байна эсвэл санаа таалагдахгүй байна гэж хэлэхийн оронд та ЭССо-г хэрэглэж болно. Та ЭССо-г хэн нэгний дэвшүүлсэн санаа, санал, зөвлөлгөөг хэлэлцэх арга зам болгон хэрэглэж болно.

    Жишээ:

    Санаа: Автобусны бүх суудлыг аваад хаячих хэрэгтэй.

    Э: Автобусанд илүү олон хүн багтах болно.

    Сууж буухад амар болно.

    Автобусыг үйлдвэрлэх болон засварлахад хялбар болно.

    С: Автобус гэнэт тоормослоход зорчигчид давхралдан унах болно.

    Настай болоод тахир дутуу хүмүүс ийм автобусанд зорчиход хэцүү байх болно.

    Сав тортой зүйл болон хүүхдээ авч явахад хүндрэлтэй болно.

    Со: Суудалгүй мөн суудалтай гэсэн хоёр төрлийн автобус байж болохгүй юу?

    Ийм автобусаар илүү их ажил хийх юм биш үү?

    Автобусанд тохь тухтай байдал бол тийм ч чухал биш.

    Бусад жишээ: Цонхыг шилээр биш харин тунгалаг пластикаар хийх хэрэгтэй.

    Э: Хагарах нь гайгүй.

    Хагарсан үед учруулах аюул нь гайгүй.

    С: Пластик нь шилнээс илүү үнэтэй.

    Пластик нь маш амархан зурагддаг.

    Со: Хэрвээ цонхыг пластикаар хийвэл түүнийг янз бүрийн өнгөөр будаж болно.

    Бид шилийг хэрэглээд дасчихсан болохоор шил илүү сайн нь гэж үзэж магадгүй юм.

    Дасгал 1: Бүх автомашин шар өнгөтэй байх ёстой гэсэн хууль гаргая.

    Энд бүх бүлгүүд ЭССо-г 3-5 минутын хугацаанд гүйцэтгэнэ. Нэг бүлэг өөрсдийн Эерэг талыг нэрлэх ба бусад бүлгүүд үүн дээр нэмэлт хийж болно. Өөр бүлэг Сөрөг талыг нэрлэх ба цааш нь дараагийн бүлэг Сонирхолтой талуудыг нэрлэнэ.

    Зөвлөмж:

    Э: Шар өнгийн машин шөнө болоод манантай үед сайн харагдах тул замын осол багасна.

    Та хүссэн өнгөө гаргах гэж хүлээхгүй болж таны машиныг шууд л будаад өгчихнө.

    Автомашин нь зэрэг дэв, зиндаа байдал зэргийг илэрхийлэх тэмдэг болохоосоо илүүгээр тээврийн хэрэгсэл болно.

    С: Амьдрал уйтгартай болно.

    Будгийн үйлдвэрлэгчид болон сурталчлагчид хүндрэлтэй тулгарна.

    Цагдаагийнханд хулгайлагдсан машиныг мөрдөж мөшгихөд хүндрэлтэй болно.

    Со: Эзэмшигч болоод бусдад машины өнгө шар байх нь ямар ашигтай бол?

    Машиныхаа өнгөнөөс хамаараад хүмүүсийн жолоодлого ялгаатай байдаг болов уу?

    Дасгал 2: Хүмүүс тухайн өдрийн санаа сэтгэл ямар байгааг илтгэсэн тэмдэг зүүх ёстой.

    Энд бүлэг бүр ЭССо-г бүтнээр хийж гүйцэтгэх бөгөөд гэхдээ тэдний гол зорилго нь багшийн нууцалсан 2 Эерэг тал, 2 Сөрөг тал ба 2 Сонирхолтой талыг бодож олоход оршино. 3-5 минут бэлтгэсний дараа бүлэг бүр нэг нэг Э, С, Со талуудыг санал болгоно. Дараа нь аль ч тал дээр санал нэмэгдэхгүй болсон үед багш өөрт байгаа нууцалсан зүйлсээ задлана.

    Нууцлах талууд:

    Э: Та ааш зан муутай байгаа хүнээс холуурхан байж чадна.

    Хүмүүс ааш зангаа сайн байлгахыг илүү их хичээх болно.

    С: Хүмүүс үнэнчээр тэмдгээ зүүхгүй.

    Сэтгэлээ сэргээх шаардлагатай, бусад хүмүүсээс сэтгэлийн дэмжлэг авах шаардлагатай хүмүүст сөргөөр нөлөөлнө.

    Со: Тэдний нүүрнээс хараад та зарим хүмүүстэй санаа сэтгэлийн талаар нь ярилцаж болно.

    Хүмүүс өөрсдийн сэтгэл санааны байдлыг бусдад мэдрүүлэхийг илүүд үздэг болов уу эсвэл нуухыг оролддог болов уу?

     

     

    Зарчмууд

    А. ЭССо бол маш чухал. Яагаад гэвэл түүнгүйгээр та эхлээд харахад муу мэт санагдсан боловч ихээхэн үнэ цэнэтэй санаанаас татгалзаж болзошгүй.

    Б. ЭССо-гүйгээр та өөртөө маш их таалагдсан санааны сул талыг олж харахгүй байж магад.

    В. ЭССо-г хийх нь тухайн санаа нь сайн муу талуудаараа чухал биш боловч өөр санаанд хөтөлж хүргэж байгаагаараа сонирхолтой гэдгийг харуулж чадна.

    Г. ЭССо-гүйгээр асуудлыг шинжлэн үзэх нь санааны үнэ цэнэ дээр биш таны тухайн цаг үеийн сэтгэл хөдлөл дээр суурилдаг.

    Д. Нэгэнт ЭССо хийсэн учраас тухайн санаа танд таалагдаж байгаа эсэхийгээ шийдэх болно.

     

    Та дараах санаанууд дээр ЭССо хийж сэтгэлгээгээ булчинжуулаарай. Бас ямар нэгэн хүн дээр ЭССо хийж туршаарай.

    ·   Насанд хүрсэн хүн бүр жилд нэг долоо хоногийг цагдаагийн байгууллагад зүтгэх хэрэгтэй.

    ·   Зөвхөн хүүхдэд зориулсан телевизийн тусгай суваг байх хэрэгтэй.

    ·   Хотын төвд бүх төрлийн автомашины хөдөлгөөнийг хориглох хэрэгтэй.

    ·   Залуу хүн бүр нэг хөгшин хүнийг асрах үүрэг хүлээх хэрэгтэй.

    ·   Хүмүүс өдөрт 8 цагаар 5 өдөр ажиллахын оронд өдөрт 10 цагаар 4 өдрөөр ажиллаад долоо хоногийн үлдсэн өдрийг амрах хэрэгтэй.

    Эдвард Де Боно “Сэтгэлгээний курс CORT”

  • Маргааш Social Media Club Ulaanbaatar залуусын хамтын ажиллагааны уулзалт болно

    Сайн байцгаана уу, цахим залуусаа, та бүхэндээ бас нэгэн таатай мэдээг дуулгах болсондоо баяртай байна. Дэлхийн аль ч өнцөг булан бүрээс хайртай дотны хүмүүс, найз нөхөдтэйгээ холбогдож баяр гунигаа хуваалцаж, нийгэмд үзэл бодлоо хүргэх боломжтой болсон энэ сайхан цаг үед амьдарч байгаа бид Сошиал медиа хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулж байгаа билээ. Хэрэгтэй, ашигтай мэдээллүүд болон нийгэмд хэлхийг хүссэн үгээ, үзэл бодлоо хуваалцан байгаа эрхэм таний өөрийгөө болон бусдыг ахиулан хөгжүүлж байгаа үйлсийг тань дэмжин өргөжүүлэх, сайн туршлагыг хуваалцах, медиачуудыг холбох Хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготойгоор зохиогддог Social media Club Ulaanbaatar клубын ээлжит уулзалт болох гэж байна. Бид SMCUB арга хэмжээгээ 2013 оны 3 сараас зорилго чиглэлийг нь шинэчлэн зохион байгуулж  сар бүрийн сүүлийн Бямба гарагт хийхээр боллоо. Уг арга хэмжээг сошиал орчны групп, нэгдэлүүдийн хамтын ажиллагааны уулзалт хэлбэрээр зохион байгуулж байхаар болсон бөгөөд уулзалтанд  хүндтэй зочин урьж илтгэлийг нь сонсож үзэл бодлоо солилцохоор болоод байна. 

    Оролцогч: Хүн бүхэнд нээлттэй /Та уулзалтанд оролцсоноор, цахим орчинд санаачлан хэрэгжүүлж байгаа санал санаачлага, ажил үйлсээ бусдад танилцуулж хамтран ажиллах боломжтой. Мөн цахим орчины групп, нэгдэл, клубээ танилцуулан сурталчилж, бусадтай хамтын ажиллагаа өрнүүлэх боломжтой

    ЗОЧИН ИЛТГЭГЧ: Сэтгэгч Сант  

    Сэтгэгч Сант 20 гаруй жилийн сэтгэлгээний ажлын үр дүнгээ толилуулна. https://twitter.com/iiniitensant

    ИЛТГЭЛИЙН СЭДЭВ: “ИХ ОРЧЛОНГИЙН ИХ ҮНДСЭН ХУУЛЬ” буюу Шинэ мэдлэг нээгдэхэд шинэ боломжууд нээгддэг.

    ХЭЗЭЭ: 3 сарын 30-ны 16:00 цагт;
    ХААНА: Д.Нацагдоржийн нэрэмжит Хотын Нийтийн Төв Номын санд байрлах Америкийн Соёл Мэдээллийн төвийн зааланд
    Холбоо барих: 88841277; 70115703
    http://youtube.com/SMCUlaanbaatar 
    http://facebook.com/SMCUlaanbaatar
    http://twitter.com/SMCUlaanbaatar

    ЗОХИОН БАЙГУУЛАГЧ
    Нью Медиа Групп
    Яруу сэтгэгч хүний хөгжлийн нийгэмлэг http://yaruusetgegch.com/
    http://facebook.com/yaruusetgegch