Category: Uncategorized

  • Монголоо битгий муул, өөрийгөө зүхсэн хүн сайн явдаггүй!!!

    Эрээнээс юм авбал хямдхан гэж боддог хүмүүс байдаг. Гэтэл эрээн ороод, эрээний зочид буудалд 7 хоноод, эрээний хоолны газар хоол идээд, эрээнээс юмаа аваад эргээд ирэх зардал, эсвэл эндээс нэг наймаачинаас шууд худалдаад авах зардал, эсвэл монголдоо хийсэн зүйлийг худалдаад авах зардлыг харьцуулж үзэж байсан уу? Зөвхөн зардал гээд халааснаас гарах хэдэн төгрөгийг харьцуулахаас гадна тэр зардлын цаана байх үнэ цэнийн тухай бодож байсан уу? Эрээний таавчиг 3000₮-р авахад, монгол эсгий углаашаа 4000₮-р авсанаас хямдхан мэт бодогдож байгаа боловч, нэг монгол эсгий углааш хийж байгаа хүний цаана хэдэн монгол хүн амьдралаа залгуулж байгааг бодоод үзвэл 1000₮-ий наана цааний тухай биш 100 монгол хүний амьдралаа дээшлүүлэх тухай асуудал болж хувирна гэсэн үг. Монголын цагаан сар Эрээнийг хөгжүүлсэн гэдэг хошин яриа үнэний ортой. Юм бүхнийг л Эрээнээс авдаг болж байх шиг байна. Хоногийн хоол, өмсөх хувцас, жийх гутал, хутга, шөвөг, шивэртэй оймс, баастай бандааш хүртэл Эрээнээс зөөж байна. Байтлаа бүүр Монгол гэр, Монгол дээлээ хүртэл Эрээнээс худалдаж авахад ойрхон байна. Ингэж даамжирсаар бид нар юу ч хийж чадахгүй хүмүүс болчихвол яах уу? Хятадуудын гарыг хараад суух уу? Хятадууд идэх юмаа зарахаа больчихвол яах уу? Өлсөж үхэх үү? 

    Ийм муу ёрын юм болгохгүйн тулд Монгол хүн бүр хийж бүтээх хэрэгтэй. Монгол хүн олон зүйлийг хийж чаддаг л байсан. Одоо хийж чадаж байгаа. Ариун цэврийн цаас, уух ус, ундаа, сүүгээ савлаад, ногоогоо даршилчихаж байна. Гутал, хувцас, дээлээ оёод өмсөж байна. Тэгвэл яагаад монгол бүтээгдэхүүнүүд өргөн хэрэглээ болж чадахгүй байна вэ. Монгол хүн бүр Монголоо дэмжих сэтгэлгээтэй болчихвол ажил бүтэх гээд байна. Дор бүрнээ юм сэтгээд хийж бүтээж байгаа, хийх гээд ядаж яваа нэгнээ дэмжихэд л хангалттай. Монгол хүний хийсэн гутлыг жийе, оёсон хувцасыг нь өмсье, бүтээсэн дугуйг нь унъя. Монгол хоолны газар хоол идье, Монгол кино театрт үзвэр үзье, монгол үйлдвэрийн ногоогоо идье, Монголынхоо банкаар үйлчлүүлж, монгол үүрэн телефоноор яръя, монгол ноолуураа өмсье, монгол тавилгаа тавья, монгол оточоорэмчлүүлье, монгол энгэсэгээр гаргаръя, монгол компаниар мэдээлэлтехнологийн шийдлээ бүтээлгэе.

    Монгол компаниуд муу үйлчилгээтэй, монгол хүмүүс юм хийж сураагүй гээд л муулах хүн захаас аваад гарах нь мэдээж. Ингэж муулахаасаа өмнө Монгол хүнийг сайн юм хийлгэхийн тулд юу хийсэн бэ гээд өөрөөсөө асуу!!! Монголоо шүүмжил. Гэхдээ бүтээлчээр шүүмжил. Хэрхэн яаж сайжруулах вэ гэж өөриййнхөө толгойг ажиллуулж шүүмжил. Монголоо битгий муул, өөрийгөө зүхсэн хүн сайн явдаггүй шүү дээ!!!

    Брэндийн цаг зүүж, гоё ганган хувцас өмсөөгүй ч гэсэн 2 монгол орж ирээд манайд гоё модон хаалга хийж өглөө. Ноорхой ч гэсэн яадаг юм бэ Монгол залуус ажил хийгээд л явж байна. Ажлаа л сайн хийж байвал юу ч өмссөн яадаг юм. Модон хаалга үнэтэй ч гэх шиг. Яадаг юм би Монгол хүнээ дэмжинэ. Монгол хүн үйлчилгээ хийж сураагүй ч гэх шиг. Яадаг юм үйлчилгээ хийж сураагүй ноён зантай хүмүүс л байгаа биз дээ. Үнэхээр ч үйлчилгээ хийж сураагүй байна лээ. Гоё хаалга суурилуулж өгөөд модны үртсээ цэвэрлэхгүй яваад өгч байна лээ. Тэгсэн ч гэсэн яадаг юм. Би Монгол хүнээ л дэмжинэ. Тэгээд хийсээр байгаад гоё хувцас өмсөөд, гоё үйлчилгээ хийж сурна шүү дээ. Монгол хүн модон хаалгаа хийж чадна шүү дээ. Энэ залуус модоор хийх бүх юмийг хийж чадна гэж байна лээ. Монгол хүнээ дэмжээд нэг үзэхгүй юу. Утсыг нь өгчихье. Нямцоо 99036655.

    Монголоо битгий муул, өөрийгөө зүхсэн хүн сайн явдаггүй!!!

  • Ялагдашгүй бүсгүй чамд зориулсан шүлэг

    Тэнгэрээр нэг амьсгалах шиг уужим
    Энгээр нэг суниах шиг тэнүүн
    Төгс төгөлдөр амьдрал, өөрийнхөөрөө
    Зургаан тэрбум хүн чамайг “хэрэггүй” гэсэн ч
    Чи өөрийн зорилготой ирсэн
    Зуур таарсан хүн нүүррүү нулимсан ч
    Би утга учиртай явсан
    Ирсэн шалтгаан минь төгс төгөлдөр
    Хийх үйл минь бүтээн туурвих
    Хэн ч өгөөгүй өөрөө бүтээх хувь тавилан
    Зуурдын орчлон үүрдийн мөн чанарт минь
    Юу юм бэ?!!!
    Зуур замд хэсэг саатаад, инээмсэглээд өнгөрөх төрх
    Түүнтэй би өмнөх насандаа учирж байсан
    Зүүдэндээ харсан инээмсэглэл
    Сэтгэлд чинь хэн нэгэн хүйтэн мэсээ дүрж чадахгүй
    Чиний сэтгэл чиний эзэмшил
    Мууг хийх завгүй ээ, амьдрал богинохон
    Сайханд тэмүүлэх нэг л агшинд, амьдрал бүтнээрээ
    Цаг хугацаа зогсох мэт төгс төгөлдөр агшинг
    Хүлээж биш бүтээж амьдарна.
    Чамайг тэвэрч, нүдрүү чинь ширтээд
    Нүдэнд чинь байгаа галыг өрдөөд
    Сэтгэлд чинь байгаа хүчийг бадраагаад
    Дотор чинь байгаа хайрыг хөглөөд
    Ундраад байгаа бүхнийг УНДРААХЫГ хүссэн
    Ундраагийн дотор байгаа ШИНЭ УНДРААГ УНДРААХЫГ хүссэн
    Ундраагаас сайхан бүхнийг нь ундрааж
    Нуугаад байгаа нууцыг нь
    Дараад байгаа авъяасыг нь
    Цоожлоод байгаа зүрхийг нь
    Зүрхэнд нь байгаа жаргалыг нь УНДРААХЫГ хүссэн
    Аавынх нь нэрлэсэн охин УНДРААг
    Ахиж олдохгүй ОЮУНЫ УНДРААг
    Садарч үл дуусах энэрэнгүй СЭТГЭЛИЙН УНДРАА
    Эдэлж үл дуусах АЗ ЖАРГАЛЫН УНДРАА
    Энэ бүхнийг чинь би чиний дотроос чинь тэмтэрч олохыг
    Бэдчиж мэдрэхийг
    Амсаж хүртэхийг 
    Чихэнд чинь хэлэхийг
    Уруулаас чинь амсахыг
    Ухаанаас чинь цацрахыг
    Ундаргаас чинь ундрахыг
    Угаасаа учрахыг
    Ууланд ургахыг
    Учралд итгэхийг
    Урамаасаа уулгахыг
    Ундрааж чадвал ундрааж
    Ундаргаас нь амсаж
    Тэгээд жаргаад…
    Ундрааж эс чадвал 
    Ууландаа авираад
    Зуун жил даянчлаад
    Уулын булагаас амсаад
    Тэгээд жаргахыг …
    Хайрлах ёстойг нь хайрлаж
    Харамлах ёстойг харамлах гэж
    Хийх ёстой зүйлээ хийх гэж
    Хийх ёсгүй зүйлээсээ хэдэн бээрийн цаана төрөөд
    Учрах ёсгүй учралдаа баяртай гэж хэлээд
    Учрах ёстойтойгоо учирж
    Аз жаргалтай үгсээ шивнэлдээд 
    Зуун жил амьдарсан ч тэр мэдрэмж нь шинэ хэвээрээ байхыг үзэх гэж
    Нулимсны цаадах жаргал
    Бүгээний цаадах гэрэл
    Хувцасны цаадах үзэсгэлэнг үзэх гэж энд ирээд
    Хажуу гудамжинд чинь үргэлж байсан
    Хүнийг яаж хайрладагыг чи мартаагүй ээ
    Чи зүгээр л айж байгаа
    Чамд маш их хайр байгаа ч
    Чи өөрийгөө хүлж байгаа
    Чамайг шархлуулах тусам, үгүй ээ
    Чиний зөвшөөрөлгүйгээр хэн ч чамайг шархтуулж чадахгүй
    Яагаад зүрх сэтгэлээ чи өөрөө эзэмшээгүй юм бэ?
    Өнгөрсөний шарх сорвийг
    Өнөөдөр сэдрээх  хэрэг байна уу?
    Өчигдөр өнгөрсөн амьдралаар өнөөдөр амьдрах ёстой юу?
    Гоо үзэсгэнг чинь гундааж үл чадах
    Нэр төрийг чинь түмэндээ дэвслэвч хэрхэн харлуулж үл барах
    Хайрыг чинь хөргөх гээд хөлдөөж үл барах
    Ундаргыг чинь ширгээх гээд ширгээж үл хүрэх
    Даравч далдайж Булавч бултайх
    Инээсэн уруулыг чинь жимийлгэх гээд гуниг нь хүрэлцэхгүй
    Гэгээн сэтгэлийг чинь харлуулах гээд будаг нь дууссан
    Сэтгэлийг чинь сэвтээх гээд үг нь хүрэлцээгүй 
    Чи энэ насандаа дүрэлзэх учиртай гал шүү
    Энэнээс цааш ундрах учиртай ундрага шүү
    Учир нь чи Ундраа
    Утга учир нь Ундрах

    Зургийн эх сурвалж: В.Ундаа “Мөрөөдөл”

  • Эмэгтэй хүний тухай

    Эмэгтэй хүнтэй холбоотой олон сайхан дууг мэдэх ч хааяа нэг сонсох дуртай VIVA дуугаа сонсмоор санагдаж нүдээ аниад сонслоо. Надад дахилт нь их таалагддаг юм, VIVA:

    Охид үргэлж инээж байг

    Бүсгүйчүүд баярлаж байг

    Ээжүүд жаргаж байг

    Зөөлнөөс зөөлөн сэтгэл

    Зөвхөн бидэнд байдаг гэж дуулж байгаам

    Миний бодлоор эмэгтэй хүн бүр л сайн сайхан, гайхалтай мэдрэмжтэй. Байгалиасаа л эмэгтэй хүн болж төрнө гэдэг их аз завшаан юм шигээ. Бүх эмэгтэйчүүд жаахан охин байсан, тэд бүгдээрээ л хамгийн түрүүнд ээжээсээ бүхнийг суралцдаг, тиймээс ч монголчууд эх нь хээр алаг бол унага нь шийр алаг гэж зүйрлэж ярьдаг байх. Ээж хүнийг:

    Эелдэг дөлгөөн, эерүү зөөлөн

    Энгүй ажилч, эгэлгүй цэвэрч

    Журамтай үнэнч, жудагтай өглөгч

    Ханьдаа түшигтэй, хадамдаа ээлтэй

    Үрдээ хайртай, үгэндээ хямгатай

    Настанд ерөөлтэй, насны ивээлтэй хэмээн шүлэглэж болох нь.

    Мөн эмэгтэйчүүд маань:

    • бусдаас болзол шаардалгүй хайрладаг /хариу нэхдэггүй/
    • итгэсэн зүйлийнхээ төлөө тэмцдэг
    • илүү төгс шийдэл байгаа гэж үргэлж боддог
    • хашгирахыг хүссэн үедээ инээмсэглэдэг
    • бас бухимдсан үедээ инээдэг
    • аз жаргалтай байхдаа уйлдаг
    • уйлахыг хүссэн үедээ дуулдаг
    • үнэнч, шударга ёсны төлөө босдог
    • хүүхдийнхээ төлөө шинэ гуталгүй явдаг
    • айж сандарсан найзыгаа дагуулан эмчид очдог
    • үр хүүхэд нь амжилт гаргахад нулимс унагадаг
    • найзыгаа шагнуулахад хөөрч догдолдог
    • дотны хүнээсээ хагацахад маш ихээр шаналдаг
    • шинэ хүн мэндлэх, хурим болохыг сонсоод баярладаг
    • бусдын шархалсан зүрх сэтгэлийг үргэлж дэвтээдэг
    • гэр бүлийнхэн болон найзууддаа сэтгэлийн дэм өгдөг
    • хайртай хүмүүсээ байнга халамжлахыг хүснэ
    • санаа нь зовбол өмнөөс нь алхана, гүйнэ.
    • хэлж чадахгүй зүйлсээ захиагаар, бүр и-мейл бичнэ.
    • бүх зүйлийг тэврэлт үнсэлт 2 анагааж чадна гэдгийг мэддэг
    • чадал нь барагдлаа гэж бодох үедээ харин ч хүчирхэг болдог
    • ярих зүйл их бий, өгөх зүйл ч бас маш ихтэй
    • Миний мэдэхийн юутай ч зүйрлэшгүй ганц зүйл бол ЭЭЖ…

    Хүрлээгийн Номинзол

  • Мөнгийг тоолж тооцоолж хэрэглэж суръя

    Ж.Бэгзсүрэнгийн 6 ам бүлтэй гэр бүлийн мөнгөн орлого, зарлага 2010 онд ямар байв

    Улаанбаатар хотын БЗД-ийн 21-р хороонд, гэрт 4-12 насны 4 хүүхэд, эхнэрийн хамт ам бүл 6-уулаа амьдардаг, Улаанбаатар хотын нийтийн төв номын сан буюу төсөвт байгууллагад 12 дахь жилдээ ажиллаж байгаа Ж.Бэгзсүрэнгийн гэр бүлийн 2010 оны туршид мөнгөн орлого, зарлага ямар байсныг энэ нийтлэлээр та бүхэнд жишээ татан толилуулж байна. Ингэснээр иргэн бүр мөнгө гэдэг эдийн засгийн чухал ойлголтыг удирдан залж сурахын тулд бүртгэл тооцоог хийж хэвших учиртайг энэхүү өрхийн жишээгээр харуулахыг хичээлээ.

    Өрхийн орлого зарлагаа компьютерийн “Өсөх өрх” програмд өдөр бүр бүртгэснээр, сар, улирал, жилээр тооцоо хийлгэж, нийлбэр дүнг бодуулах, харьцуулан жишихэд цаг хугацаа шаарддаггүй давуу талыг олгодог.

    Энэ өрхийн 2010 оны
    – нийт мөнгөн орлого 13 сая 687296 төгрөг,
    – нийт зарлага 11 сая 587886 төгрөг болж байгааг, мөн доорхи орлого, зарлагуудыг төрлөөр нь багцлан нийлбэр дүнг тооцуулахад Өсөх өрх програм 16 секундэнд гүйцэтгэж байв.

    Нийт орлогыг задлан харвал, Хотын нийтийн төв номын сангаас
    – цалин шагналд 8 сая 449718 төгрөг,
    – Монгол улсын Хүний хөгжлийн сангаас 720000 төгрөг,
    – хамт ажиллагсад, найз нөхдөөс 182200 төгрөгийг надад,
    – 69580 төгрөгийг хүүхдүүдэд тусламж, бэлэг болгон өгсөн байна,
    – Сүү зарж 239700 төгрөг,
    – Моби-ийн нэгж зарж 16000 төгрөг,
    – Хас банк дахь цалингийн картны үлдэгдэл мөнгөнд бодогдсон банкны хүү 6927 төгрөг тус тус орлого болон бүртгэгджээ.

    Нийт зарлагыг задлан харвал,
    – 5 сая 600000 төгрөгөөр портер машин худалдан авч Хадам аавдаа өгч хэрэглүүлж байгаа,
    – аж ахуйн бараа худалдаж авахад 1 сая 526580 төгрөг,
    – хүнсний бараа худалдаж авахад 1 сая 518500 төгрөг,
    – амьтан, ургамал тэжээх зардалд 719590 төгрөг,
    – Монголын Хүүхдийн ордоны болон бусад сургалтуудын төлбөрт 600000 төгрөг,
    – эрүүл мэндийн зардалд 253330 төгрөг тус тус зарцуулжээ.

    Зарим нэг сонирхол татахуйц зарлагуудыг нэгжлэн харвал,
    – 11302л ус хэрэглэж,
    – гурил гурилан бүтээгдэхүүнд 319610 төгрөг,
    – мах махан бүтээгдэхүүнд 263730 төгрөг,
    – хувцас худалдан авахад 319100 төгрөг,
    – 68 кг хонины махыг 199460 төгрөгөөр,
    – 650 кг 2-р гурил 194450 төгрөг,
    – 736 квт цахилгаанд 79600 төгрөг,
    – 39 кг гурилан боовонд 72040 төгрөг,
    – 49 кг элсэн чихэрт 70870 төгрөг,
    – 83 кг жимс жимсгэнэд 227850 төгрөг,
    – 460 удаагийн автобус унаанд 145300 төгрөг,
    – 328ш гоо сайхан ариун цэврийн бараанд 118350 төгрөг,
    – 17л ургамлын тосонд 35260 төгрөг, мөн

    хүмүүст нийт 23 удаад 249230 төгрөгийн тусламж,
    – 25 тоглоом, хөгжмийн зэмсэгт 235530 төгрөг,
    – 36 ш ном, сурах бичигт 71350 төгрөг,
    – 13 удаагийн нийт 57841 төгрөг юунд зарцуулсан нь мэдэгдэхгүй дутжээ гэх мэт тооцоог харж байна.

    Өрх гэрийн мөнгө санхүүгээ бүртгэж, тооцох, хэрэглээгээ мэдэх, улмаар амьдралын эрүүл, зөв хэв шинжийг таньж мэдэхийг хүсэж байгаа хүмүүст хандаж зөвлөхөд, заавал тэмдэглэлийн дэвтэр гэж өдөр хоног алдалгүйгээр автобусны билет дээрээ орлого зарлагаа бичиж эхлээрэй, мөн хамаатан садан, нөхдийн мөнгөгүйгээр өгч байгаа элдэв бараа бүтээгдэхүүнийг зах зээлийн дундаж ханшаар бодож орлого талдаа мөнгөн тусламж авсан юм шиг, зарлага талдаа уг бараа бүтээгдэхүүнийг хэрэглэсэн байдлаар бичихээ мартуузай. Ингэснээр хэрэглээний зардал үнэн зөв тооцоологдоно.

    Лавлаж асуух, Өрхийн төсвийн талаар ярилцах сар бүрийн уулзалт-ярилцлагад оролцохыг хүсвэл Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн үйл ажиллагааны хуваарьтай www.pl.ub.gov.mn вэбээр танилцах, мэдээллийн технологийн менежер Ж.Бэгзсүрэнтэй 99861326 утас, mcl_begee[et]yahoo.com имэйлээр холбоо барихыг хүсье.

    Баярлалаа

    Яру нэгдлийн гишүүн Ж.Бэгзсүрэн

  • Сэтгэлгээний тухайд

    Сэтгэлгээ

    Хүмүүсийг сэтгэлгээгээр нь 4-н хэсэг болгон авч үздэг.
    1. Мэддэг, мэддэгийгээ мэддэг хүн. Түүнийг цэцэн хүн гэх бөгөөд түүнээс суралцах хэрэгтэй.
    2. Мэддэг, мэддэгийгээ мэддэггүй хүн. Түүнийг хэнэггүй хүн гэх бөгөөд түүнийг сэргээх хэрэгтэй.
    3. Мэддэггүй, мэддэггүйгээ мэддэг хүн. Түүнийг юм сурах хүн гээд түүнд юм зааж өгөх хэрэгтэй.
    4. Мэддэггүй, мэддэггүйгээ мэддэггүй хүн. Түүнийг “илжиг” гэх бөгөөд хөөн явуулбаас зохино. (Арабын цэцэн үг)

    Сэтгэлгээгээ ухамсарлахуй
    Хүн амьтнаас юугаараа ялгагддаг вэ? гэж асуувал бүгд л “сэтгэдгээрээ” хэмээн хариулах биз. Үгүй дээ, сэтгэдгээрээ биш, “сэтгэж байгаагаа ухамсарладгаараа” гэж хэлбэл хамгийн зөв хариулт болох юм. Сэтгэдгийн хувьд шизофренитэй хүн ч хурц сэтгэдэг. Харамсалтай нь хурц сэтгэж байна гэдгээ ухамсарладаггүй. Компьютер маш нарийн “оюуны” үйлдэл хийнэ, мөн түүнийгээ ухамсарлахгүй. Амьтан ч гэсэн багахан хэмжээнд сэтгэнэ, мөн л муухан сэтгэж байгаагаа ухамсарлахгүй. Аль аль нь хүн биш учраас тэр. Тэгвэл эрүүл хүн муу сэтгэсэн ч муу сэтгэж байна гэдгээ ухамсарладаг.

    Мэдлэг сэтгэх чадварт нөлөөлөх үү?
    Шинжлэх ухаан, тоглоомын уг чанар нь хүний сэтгэлгээг бүтээлч (creatiүe), шүүмжлэлтэй (сritical), өөрийгөө хянадаг (reflectife) болгодог. Гэтэл үнэний шалгуур нь тодорхойгүй, худал зүйлийг тодорхой хугацаанд өөртөө агуулах боломж олгодог ухаанууд ч байдаг. Нийгэм, хүмүүнлэгийн ухаануудад ийм “хийдэл” нэлээд их байх бөгөөд энэ замаар явсан хүмүүс (мэдээж бүгд биш л дээ) оюун ухаандаа гэхээс илүү хүсэл зоригтоо хөтлөгддөг дадал зуршилтай болох нь олонтаа. Ажиглаад байхад, өөрийгөө юм мэдэж байна хэмээн боддог хүн ихэвчлэн юмыг цээжилж, тогтоон, мартаагүй байвал л өөрийгөө мэдэж байна гэж боддог. Энд каузаль (үүнийг шалтгаант холбоогоор нь сэтгэх гэж орчуулж болно) сэтгэлгээтэй охин, тогтоох ой дээрээ тулгуурладаг ээж хоёрын яриаг та бүхэнд сонирхуулъя л даа. Охин асууж байна: “Нийгмийг гэж бичихэд яагаад г,м хоёрын дундах э үсэг алга болчихдог юм бэ?”. Ээж нь гээгдэх эгшигийн хоёрдугаар дүрэм гэгчээ хэлж байна . Охин ойлгосонгүй дахиад асуулаа. Ээж уцаарлаж байнаа: Хэлээд байхад чинь яасан ойлгодоггүй юм бэ гэж. Үнэндээ тэнд ойлгоод байх юм алга: Тогтоогоод, цээжлэх асуудал байна. Гэтэл охин шалтгаант холбоогоор сэтгэж сурч эхэлж байгаа учир “яагаад тиим дүрэм гарсан юм бол, “э”-г нь гээхгүй бичихэд болохгүй юм юу байна, бид ойлгодгоороо л ойлгоно шүү дээ, “э” байхад ямар утга илэрхийлж байна, “э” нь гээгдсэн үед ямар утга илэрхийлж байна” гэхчилэн олон асуулт шаардаж байгаа учраас асуусан хэрэг. Охины хувьд хэл болон түүний дүрэм бол конвенциаль (хүмүүс зохиогоод тохирчихсон) тэмдэг, түүнд каузаль зүйл байдаггүй гэдэг нь ойлгомжгүй зүйл. Тиим ч учраас тэр асуултыг тавих нь яах аргагүй зөв байсан. Харин ээж цээжилсэн зүйлээ хэлснээр шалтгааныг нь хэлчихлээ гэж андуураад байна. Шалтгаант холбоогоор сэтгэдэг хүн, цээжилдэг хүн хоёр бие биенээ ойлгоход хэцүү л дээ.

    Эргэлзэж гайхах үзэгдэл мэдлэгээс гардаг юм уу аль эсвэл үл мэдэхээс гардаг юм уу?
    Шалтгаант холбоогоор сэтгэж сурах нь үнэхээр сайн дадал мөн. Ийм хүн юмыг хоосон цээжилнэ гэж байхгүй бөгөөд “яагаад” гэсэн асуултаа байнга тавьж түүндээ тохирох хариулт авч байж л уг зүйлд итгэнэ. Тэр хүн “танай авдранд нэг шар өнгөтэй эд байгаа учраас хүүхэд чинь өвдөөд байна” гэсэн айлдалд хэзээ ч шууд итгэхгүй. Итгэх, мэдэх гэдэг нь оюуны эрс өөр үзэгдлүүд. Шашин “чи эхлээд Бурханд итгэ, итгэсэн цагт түүнийг мэдэх болно” гэдэг бол шинжлэх ухаан “чи эхлээд мэд, мэдсэн юмандаа итгэ” хэмээн оюуны эрс өөр хүмүүжил олгох хандлагатай байдаг. Эргэлзэж гайхах гэсэн энэ үзэгдэл үл мэдэхээс гардаг гэж хүмүүс боддог. Гэтэл энэ үзэгдэл мэдлэгээс гардаг аж. Хүн өөрийн мэдлэгт тохирохгүй, мэдлэгээс нь хальсан юмс үзэгдэлд эргэлзэж гайхдаг бөгөөд энэ эргэлзээгээ тайлснаар шинэ мэдлэгтэй болдог. Абеляр энэ утгаар нь “эргэлзээ бол танин мэдэхүйн үндэс” гэсэн. Юу ч мэдэхгүй хүн юунд ч эргэлзэж гайхдаггүй. Тийм хүн бороо, цас яагаад ордог, тэнгэр яагаад улайдаг, яагаад урт богино өдөр байдаг гээд өдөр тутам өөрт нь тохиолддог зүйлийн учрыг үл мэдэх атлаа гайхна эргэлзэнэ гэж байхгүй. Угаасаа тийм байх ёстой юм шиг бодно. Тийм учраас тэр хүнээс юмны учир шалтгааныг олох гэсэн асуулт хэзээ ч гардаггүй. Зөв сэтгэж сураагүй ийм хүн юмсын мөн чанартай харьцаж сураагүй байдаг тул өнгөний зүйлд их анхаарал тавьдаг. Хамгийн сайхан хувцас, хамгийн үнэтэй машин, хамгийн тансаг хоол унд гээд л. Аристотелийн хэлснээр, тэд амьдрахын тулд иддэггүй, идэхийн тулд амьдарч байдаг. Тэдний толгойд хувцас бол хувцас шүү дээ, хүн ямар ч гоё хувцас өмслөө гээд байгаагаасаа илүү сэтгэнэ, байгаагаасаа илүү сайн хүн болчихно гэж байхгүй гэсэн бодол хэзээ ч орж ирдэггүй. Сонин бөгөөд инээдтэй хүн бидний дунд их байдаг. Юмны учрыг олохгүй явж явчихаад түүнийх нь учрыг тайлбарлаад өгчихөөр хэзээний мэдэж байсан юм шиг “тэгээд яагаав, үүнийг тайлбарлаад байхдаа яах вэ дээ” гэсэн байдал гаргана. Иймэрхүү хүнд оюун ухааны хөдөлмөрийг хүндэтгэнэ, ухаантай зүйлд баярлана гэсэн ойлголт байхгүй. Мэдэхгүйгээ мэдэхгүй байгаа учраас тэр л дээ. Ер бусын ажигч, гярхай, нямбай оюун ухаан хамгийн энгийн зүйлд ч хүний олж хараагүй өч төчнөөн нарийн утга байгааг олж хардаг. Ийм хүн хэзээ ч “тийм ш дээ, тэгээд яагаав” гэж хэлдэггүй. Оюун ухааны зөв хүмүүжилтэй тиймэрхүү хүнд “миний энэ бодол зөв үү, эндээс ийм дүгнэлт гарах нь баараггүй байгаа даа” гэсэн бодол байнга байдаг.

    Сайхан ярьдаг хүн бүр сайн сэтгэдэг гэж үү?
    Гоё, уран сайхан ярьж байгаа хүнийг сонсоод “ямар ухаантай хүн бэ?” хэмээн шүүрс алдагчдыг мөн ч олон харлаа. Хүнийг ярьж байгаа шигээ сэтгэдэг хэмээн ойлгож огт болохгүй. Үг, сэтгэлгээ хоёр адил зүйлс биш. Тийм учраас хүмүүсийг үгний түвшинд хийгээд ойлголтын түвшинд харилцдаг хэмээн хоёр хувааж болно. Ухаалаг хүмүүс ихэвчлэн ойлголтын түвшинд харилцах бөгөөд тэдэнд бодол санаагаа тэр бүр үгээр илэрхийлэх шаардлага гардаггүй байна. XIX зууны Германы сэтгэгч Дюринг үгээр илэрч буй сэтгэлгээг хамгийн бүдүүлэг сэтгэлгээ гэсэн. Энэ нь хүн сэтгэлгээнийхээ бүдүүлэгдүү хэсгийг үгээр илэрхийлээд хамгийн нарийн хэсгийг илэрхийлж чадахгүй үлдээдэг гэсэн үг л дээ. Үнэхээр гүнзгий сэтгэсэн зүйлийг үгээр илэрхийлэхэд хэцүү байдаг. Ямар сайндаа л Хадамэр философийг “үгний эрэлд хатаж шаналсан оюун ухаан” гэж байх вэ дээ. Гэтэл амьдрал дээр ямагт үгээр жонглёрдож байдаг хүмүүс ч байх юм. Бодож сэтгэснээ байтугай ойлгоогүй зүйлээ хүртэл уран сайхан хэлчих жишээтэй. Ийм нэг үг байдаг “үг сэтгэлгээг алж байдаг”. Ухаантай хуний урт удаан хугацааны турш бодож, ширгээж байж хэлсэн үгийг нөгөө уран илтгэгч маань өдөр тутмын яриандаа зуунтаа хэрэглэж, тэр үгийн үнэ энэ, ханшийг аль хэдийнээ бууруулсан байх ч үе бий.

    Яру нэгдийн гишүүн
    Бизнесийн сэтгэлзүйч Б.Бат-Өлзий

  • Couchsurfer болж дэлхийтэй нөхөрлөж аялах боломжтой

    Эрхэм та гадаадын аль нэг улсад алба, амины шугамаар аялах боллоо. Аялах гэж байгаа улс, хотод найз нөхөд, хамаатан садан чинь байдаг бол хичнээн амар, санаа зовох зүйлгүй байдгыг бид мэднэ.

    Онгоц, галт тэрэгний буудлаас зөв автобус унаандаа сууж, байрлах айл уруугаа очиж цүнх саваа тавьж, авч очсон бэлгээ өгч, цай хоол идэж уун, хууч хөөрч, зорьж очсон хэргээ бүтээж, Монголд очихдоо манайд очоорой гэж хэлээд төрсөн нутагруугаа эргэнэ.

    Би дэлхийн аль ч улс, хотод аялах үедээ яг дээрх шиг санаа зовох зүйлгүй, интернэтээр эчнээ танилцсан найзынхаа зөвшөөрснөөр гэрт нь очиж үнэгүй хэд хонож, боломжтой үедээ гэр орны ажилд нь туслаж, найзынхаа гэр бүлийн амьдралд нь саад бололгүй харин ч гэр бүлийн гишүүдтэй нь харилцан ойлголцож, эелдэг найрсаг, тусч сэтгэлээр хандан, мөн гадаад хэл сурч өөрийн зорьж очсон хэргээ бүтээх боломжтой болсон.

    Надад ийм боломжийг олгосон Интернэт дэхь вэб хуудсыг “Яруу сэтгэгч” сонины эрхэм уншигч танд танилцуулж байгаадаа би баяртай байна.
    Вэб хаяг: www.couchsurfing.com

    Аялагч болон сонирхсон хүн бүр энэхүү вэбд гишүүнээр бүртгүүлж, хувийн мэдээллээ оруулна. Гишүүнээр бүртгүүлсэн иргэнийг Kөүчсойрпер гэдэг.

    Ийнхүү аялагч нь очих гэж байгаа улс, хотынхоо иргэнийг вэб дэхь бүртгэлээс хайж олж, аялалынхаа тухай болон үнэгүй хонуулах боломжтой эсэхийг асууж имэйл илгээнэ. Тухайн иргэн нь таны хүсэлтийн дагуу аялалын болон хувийн мэдээлэлтэй танилцаад, зөвшөөрсөн эсэхээ хариу имэйлээр мэдэгдэнэ.

    Өнөөдрийн байдлаар дэлхийн 231 улсын 50248 хотын 804205 иргэн Көүчсойрперээр бүртгүүлсэн байна. Би 2008 оны 7 сарын 8 өдөр энэхүү вэбд бүртгүүлж гишүүн болсоноосоо хойш Португал, Шотланд, Франц, Швейцарь, Израйл, Герман, Канад, Дани, Англи, Испани, Ирландын 22 иргэнийг гэртээ үнэгүй хонуулж, Монгол ёс заншил, шагайн тоглоом наадгайгаа зааж өгч, хоол ундаа хамтран бэлтгэж, англи хэлээ сайжруулж, Улаанбаатар хот дахь түүх дурсгалт газрууд, музей, захыг зааж өгч, улмаар найзууд болцгоосон байна.

    Та www.couchsurfing.com/blackcow_jbegz хаягаар орж, миний мэдээлэл болон найзуудын маань бичиж үлдээсэн сэтгэгдэлүүдийг уншиж болно.
    Энэхүү үр дүнгээс харахад Көүчсойрпинг гэдэг нь аялагчид болон орон нутгийн иргэдийн хооронд холбоо үүсгэсэн дэлхий даяарх сүлжээ юм байна гэдгийг түвэггүй ойлгож, та ч гэсэн энэхүү сүлжээнд нэгдэн орж дэлхийн найрсаг, нөхөрсөг, үнэнч, тусч иргэн гэдгээ харуулаарай.

    Францын зочин Давид, Өөдсөтэй хийсэн ярилцлагаа мөн танд хүргэе.

    – Өөрсдийгөө танилцуулна уу?
    – Bonjour. Бид нар 27 настай франц хүмүүс. Францын баруун бүс нутаг, далайн эргийн хотод амьдардаг. Монголд анх удаагаа зочилж байна. Миний нэр Давид. Би 6 жил номын дэлгүүрт ажилласан. Сүүлийн 1 жилд модоор байшин барихад суралцсан. Би энэхүү мэргэжлийн сургалтаа 2008 оны 6 сард төгссөн ба 11 сард шинэ ажилд орно. Би өөрийн гараар бодит зүйлийг бүтээхийг хүссэн тул ажлаа өөрчлөхөөр шийдсэн. Байгаль орчинд ээлтэй амьдралаар амьдрахыг зорьдог.
    Миний нэр Өөдсө. Би хувцасны загвар зохион бүтээгч. Би гэртээ ажлын байраа бэлтгэсэн ба төрөл бүрийн хувцас оёдог. Цирк, театр гэх мэт урлагийн байгуулагуудын жүжигчин, бүжигчдын хувцасыг оёх дуртай. Мөн би оёж сурахыг хүссэн хүн бүрт хэрхэн эсгэх, оёхыг зааж өгдөг. Би 5 жил урлагийн сургуульд суралцсан тул урлагийн бүхий л төрлийг маш их сонирхдог.

    – Францдаа та хоёр монгол гэрт амьдардаг гэсэн. Энэ тухай?
    – Бид өөрсдийн гараар хамтарч бүтээсэн гэртээ 1 жил орчим амьдарч байна. Давид модон хэсгүүдийг харин би даавуун хэсгүүдийг бүтээсэн. Бидний ур чадвар гайхамшигтайгаар нэгдсэн нь монгол гэрийг өөрсдийн гараар бүтээж, амьдрах нөхцөл болсон. Бид эхлээд зурган дээрээс монгол гэрийг харж, хэрхэн бүтээхээ зурж, төлөвлөсөн. Манай франц улсад цаг агаар их хүйтэн биш боловч далайн эргийн хотод бороо орох нь элбэг байдаг учраас ус нэвтэрдэггүй материалаар цагаан бүрээс хийж, тооноо гялгар уутаар битүү бүтээсэн.

    – Яагаад гэр хийж амьдрах болов?
    – Гэр бүтээж амьдрах болсон гол шалтгаан бол бидэнд өөрийн байшингаа барих газар худалдаж авах мөнгө байгаагүй. Монгол гэрийг гарын доорх материал ашиглан барихад хямдхан байсан. Мөн гэр нь байгальтайгаа ойр амьдрах боломжийг олгож байгаа нь бид нар шиг хүсэл мөрөөдөлтэй хүмүүст таалагдсан. Францад ихэнх хүмүүс байшинд амьдардаг. Тэгээд тэд байгальтайгаа харьцаа тасарч, байгалийн тухай санаа тавих боломжгүй болдог. Ж.бэл, бидний гэрт усны нэгдсэн систем байхгүй учир борооны усыг цуглуулж угаалганд ашигладаг. Мөн бид модны үртэс хэрэглэсэн хуурай жорлонг хэрэглэдэг. Хуурай жорлондоо ус хэрэглэдэггүй нь усаа хэмнэж улмаар мөнгөө хэмнэх боломжийг олгохоос гадна ялгадас, модны үртэсний холимогоо цэцэрлэгт хүрээлэнгийн ургамалдаа бордоо болгон ашигладаг нь байгалиа хайрлаж, тэтгэж байгаа бидний тус билээ. Бид гэрээ монгол гэр шиг биш харин гал тогоо, унтлагын өрөө, салон, хоол идэх өрөөтэй Францын нэг өрөө байр шиг тохижуулсан. Бид ширээгээ өндөрлөж, доор нь ном, хувцасны тавиураа байрлуулсан. Гэрт маань ус байхгүй тул цэцэрлэгтээ жижигхэн амбаар барьж дотор нь усны сав, ариун цэврийн өрөөгөө байрлуулсан. Бас нэг зүйл бол бид гэртээ зурагт хэрэглэдэггүй, яагаад гэвэл зурагтны өмнө суух чөлөөт цаг байдаггүй учраас ямар нэвтрүүлгүүд гардгыг ч мэдэхгүй. Харин зурагт үзэхийн оронд ном унших, тоглоом тоглохыг илүүд үздэг.

    – Яагаад Монголд аялахаар шийдсэн бэ?
    – Бид өөрийн гэрээ барьж амьдарч эхэлсэн цагаасаа эхлэн Монголд ирж жинхэнэ монгол гэр ямар байдгыг харах хүсэлтэй болсон. Мөн монголчууд гэртээ хэрхэн амьдардагыг мэдэж авах нь чухал байсан. Ингээд бид нэг сар хагасын хугацаатай Монгол уруу аялаж монгол хүмүүстэй уулзах, монгол гэрээ яаж барьдгыг нь мэдэж авах, эсгийг яаж монгол аргаар хийдгийг сурч авахаар шийдсэн.

    – Аялалын мөнгө яаж олсон вэ
    – Цалин маань их биш ч гэсэн бид мөнгөө цуглуулсан. Мөнгө цуглуулж чадсан нууц нь гэвэл орон сууцанд амьдарч түрээсийн мөнгө төлөлгүй гэртээ амьдарч байсантай холбоотой. Хэрвээ бид өрөө түрээслэн амьдарсан бол сарын цалингийнхаа ихэнхийг зарцуулах байсан. Давидын ажиллаж байсан номын дэлгүүрийн эзэн нь өөрийн цэцэрлэгт хүрээлэндээ биднийг гэрээ барьж амьдрахыг зөвшөөрсөн нь аз болсон хэрэг. Ийнхүү бид аялалын мөнгөө цуглуулж чадсан.
    Монгол уруу явахаа шийдсэний дараахан бид Монголын Хархоринд хөгжмийн наадам зохион байгуулах гэж байгаа франц хүнтэй тааралдсан. Тэр франц хүн бидэнд монгол хөгжимчид, франц хөгжимчид оролцсон, уламжлалт хөгжмийг орчин үеийн хөгжимтэй найруулсан тоглолт хийх тухайгаа, тоглолтын бэлтгэл, жүжигчдийн хоол хүнсийг бэлтгэхэд туслалцаа хэрэгтэй байгаагаа хэлсэн. Энэ ажилд нь туслах болсон нь бидний санхүүгийн асуудлаа шийдэхэд тус болсон.

    – Аялалдаа көүчсойрпингийг хэрхэн ашиглав?
    – Бид нар хэдэн өдөр үнэгүй хонохыг зөвшөөрөх эсэхийг асууж Бэгзсүрэнгийн гэр бүлд имэйл илгээсэн. Энэ гэр бүл ч зөвшөөрч, Улаанбаатарт ирээд бид Бэгзсүрэнгийнд очиж, эхнэр Мөнгөнсоёмбо, хүү Төгөлдөр, охидууд Манужин, Гаадмаа, Мөнгөлөн нартай танилцсан. Ингээд бид Улаанбаатарын гэр хороололд Бэгзсүрэнгийнд хамтдаа амьдарч, хүүхдүүдтэй нь тоглож, рашаан руу усанд явж, Сэлбэ голын эргээр аргал түүж, Оюунухааны музейг хамтдаа үзэж, ууган охин Манужинтай нь хамт сургуульдаа үүрч явах цүнхыг нь оёж, Франц хоол хийж нэг долоо хоногийг харавсан сум шиг өнгөрүүлсэн.

    – Монголчууд ба Францчуудын амьдралын ялгаа?
    – Францад ихэнх хүүхдүүд эцэг эхээсээ маш их хамаардаг бол бидний уулзсан Монгол хүүхдүүд бие даасан, илэн далангүй байсан. Гэр бүлээрээ нэг өрөөнд буюу гэрт цугтаа амьдардаг тул гэртээ ирсэн хүнд бүгд л зочломтгой зангаа харуулж чаддаг байхад Францад гэр бүлийн хүмүүс өөр өөрийн өрөөндөө амьдардаг нь зочломтгой занг бараг алга болгосон байдаг юм байна. Монголд аливаа зүйл нь цаг их үрдэг. Жишээлбэл, Улаанбаатараас өөр хотод очиход Монгол улс үнэхээр өргөн уудам гэдэг мэдэгдэж, цаг их зарцуулдаг. Харин Франц улс жижиг тул нэг өдрийн дотор хөндлөн туулж чадна.
    Монголд ирэхээсээ өмнө бид Монгол орныг том газар нутагтай, цэнхэр тэнгэр, зэрлэг адуу бэлчсэн ногоон уулстай гэж бодож байсан. Энэ ч үнэн байсан. Харин хотдоо ийм олон хүн гэрт амьдардаг гэж бодоогүй. Эцэст нь монгол гэр нь монголчуудын амьдралд их зохицсон сууц болохыг ойлгосон. Хөдөө талд байгаа айлын гэрт зурагт асаж, гаднаа жийп машин, морьдоо сойж, үндэсний хувцас, орчин үеийн хувцас аль алиныг нь өмсөж, ер нь уламжлалт амьдралийн хэв маягаа орчин үетэйгээ хослуулан авч яваа нь гайхалтай байсан. Харин хөдөө, хот хаа сайгүй хаясан хог хаягдал нь байгаль, ан амьтандаа сөргөөр нөлөөлж байгаа нь хамгийн харамсалтай санагдсан. Бас гялгар уут, хуванцарыг их шатаадаг нь хүмүүсийн ялангуяа хүүхдийн эрүүл мэндэд маш муу. Магадгүй одоо л хог хаягдлаа дахин ашиглах асуудлаа шийдвэрлэхгүй бол болохгүй болжээ.
    Аа нээрээ, ихэнх монголчууд байнга дуу аялж явдаг нь “өөр ертөнцөд очсон мэт” сэтгэгдэл төрүүлж гайхалтай санагддагыг хэлэхээ мартсан байна. Өдөр бүр бид Монгол орон гайхамшигтайг харж байна.
    – Маш их баярлалаа.

    Ж.Бэгзсүрэн http://creativemongolia.com/begzsuren/

  • Байгууллагын зан үйлийн судалгаа хийлээ

    Монгол улсын худалдаа, аж ахуйн нэгж байгууллагад тулгамдаад байгаа асуудлын нэг бол ажилтны тогтвор суурьшилтай ажиллах явдал билээ. Ажиглалтаас харахад байгууллагын нийт ажилчидын 48 орчим хувь нь байнгын шилжилт хөдөлгөөн гаргадаг гэсэн судалгаа байна. Үүнээс үндэслээд “Бүрэн Цутгамал” ХХК-ийн хүний нөөцийн менежер Отгонцэцэг, байгууллагын зан үйл судлаач Бат-Өлзий нар хамтран монголын зах зээл дээр байр сууриа олсон 6 компанийг түүвэр болгон авч “АЖИЛТНЫ ТОГТВОР СУУРЬШЛЫН СУДАЛГАА”-ны ажлыг явууллаа.

    Судалгаанд:

    1. Бүрэн Цутгамал ХХК
    2. Тэндмэнт Констракшн
    3. Ивэл түшиг ХХК
    4. Жигүүр Гранд ХХК
    5. Өсөх Мөнх ХХК
    6. Бридж ХХК

    компаниудыг хамрууллаа.

    Судалгаанд хамрагдсан ажилчидын насны үзүүлэлт

    Барилгын компаний ажилчидын насны үзүүлэлтээс харахад дундаж наслалт 32, залуу ажилчидын насны дундаж 19, ахмад ажилчидын насны дундаж 54 байна. Барилгын салбарын ажилчидын насны нэгдсэн дундаж нь 35 буюу идэр залуу насны ажилчид байна.

    Судалгаанд хамрагдсан компаниудын цалингийн нэгтгэсэн үзүүлэлт (дундаж)

    Ажилчидын цалингаа ахиулахыг хүссэн хувь (дундаж)

    Цалингийн дундаж

    Хүсэж буй цалин

    Цалингаа өсгөхийг хүссэн хувь

    Өндөр цалин

    596000₮

    814800₮

    31%

    Дундаж цалин

    419920₮

    571997₮

    27%

    Бага цалин

    281440₮

    402097₮

    31%

    Байгууллагын удирдлага, хүний нөөцийн менежер нь ажилтны шилжилт хөдөлгөөний гол шалтгаан нь цалин гэж үздэг байна. Мэдээж хэрэг ажилчид цалингаа голоод ажлаас гараад байхаар удирдлагууд (цалин) гэж үзэх нь аргагүй юм. Судалгааны ажлыг захиалагчид дээрх цалингаа нэмэгдүүлэхийг хүссэн хүснэгтийг хараад “ийм бага хувьтай гарч байна гэж үү?” хэмээн гайхацгаасан юм.

    Дээрх хүснэгтээс харахад өндөр болон бага цалинтай хүмүүс цалингаа нэмэгдүүлэхийг их хүсэж байгаа нь харагдаж байна. Сэтгэл зүйн үүднээс авч үзвэл өндөр цалинтай ажилчидын хэрэглээ өндөр, түүнийгээ дагаад нэмэлт хэрэгцээ их байдаг бол бага цалинтай хүмүүсийн хувьд амжиргааны төвшингөө нэмэгдүүлэх нь чухал байх нь мэдээж. Харин яагаад бага цалинтай өндөр цалинтай ажилчидын цалингаа нэмэгдүүлэхийг хүссэн хувь адил байдаг билээ? гэсэн асуулт гарч ирлээ.

    Энэ асуултанд хариулт олох зорилготой тогтвор суурьшлын судалгааг хийсэн.

    Харин энэ ойлголтыг “АЖИЛТНЫ ТОГТВОР СУУРЬШЛЫН СУДАЛГАА”-ны ажлаар нарийвчлан авч үзвэл:

    Ажлаас гарах болон үлдэх шалтгааны харьцуулалт

    Ажилчид ажлаас гарах шалтгаан нь “цалин” гэсэн 91 сонголт гарч ирсэн бол ажилдаа үлдэх шалтгаан нь 96 сонголт авсан байна. Үүнээс харахад ажилчид цалингаа нэмэгдүүлж, халуун дулаан уур амьсгал бүрэлдсэн хамт олонтойгоо ажиллахыг хүсэж байна гэсэн үг. Харин ажлын орчин нөхцөл нь ажилчидын шилжилт хөдөлгөөнд тэр бүр нөлөө үзүүлээд байдаггүй байна.

    Нөлөөлөх хүчин зүйлийн графикыг харвал цалин илт давуу нөлөө үзүүлж, тушаал дэвших боломж нь хоёрдугаарт орж байна.

    Ажилтны тогтвор суурьшлыг дан ганц судалгаагаар дүгнэж болохгүй тул шүүн харьцуулах замаар нэмэлт 2 судалгаа авлаа.

    Дээрх графикт мөн цалин тэргүүлж, шагнал урамшуулал хоёр дугаар хэрэгцээ нь болж байна.

    Ажилтны халамж үйлчилгээ хүссэн графикыг харвал мөн цалинтай холбоотой зээл тусламж, хоёрдугаарт даатгал орж байна.

    Үнэхээр ажилтны шилжилт хөдөлгөөний гол шалтгаан нь “цалин” мөн гэж үү?

    Дээрх судалгаануудыг нэгтгээд ажилтны шилжилт хөдөлгөөний шалтгаан, тогтвортой ажилуулах боломжийг хайвал:

    Доорх судалгаанд гол гэсэн 5 үзүүлэлтийг нэгтгэн гаргалаа.

    Дугаарлавал

    Ажлаас гарах шалтгаан

    Ажилтны хүсэлт хэрэгцээ

    Халамж үйлчилгээ

    Нэгт

    Цалин

    Цалин нэмэх

    Цалин зээл

    Хоёрт

    Тушаал дэвших боломж

    Шагнал урамшуулал

    Даатгал

    Гуравт

    Сурч хөгжих боломж

    Эд материал

    Ажлын чанартай хэрэгсэл

    Дөрөвт

    Шагнал урамшуулал

    Албан тушаал

    Хөнгөлөлт

    Тавд

    Ажлын цаг

    Урмын үг

    Хүнд нөхцөлийн хангамж

    Эхний мөрөнд бүгдэнд нь цалинтай холбоотой асуудал орсон байна. Энэ нь ажилтны шилжилт хөдөлгөөний шалтгаан нь цалин гэсэн дүгнэлтэнд хүргээд цалин судалгаа, хүссэн цалингийн графикыг харвал цалингаа өсгөхийг хүссэн дундаж хэмжээ нь 27% байна. Энэ нь ойролцоогоор өөрийн цалингийн 4\1-ийг хүссэн байна. Өндөр цалин болон бага цалингийн хүссэн хэмжээг харвал 31% байгаа нь хол зөрүүгүй байгааг илтгэнэ.

    Ажилчидын цалингаа ахиулахыг хүссэн хувь

    Цалингийн дундаж

    Хүсэж буй цалин

    Цалингаа өсгөхийг хүссэн хувь

    Өндөр цалин

    596000₮

    814800₮

    31%

    Дундаж цалин

    419920₮

    571997₮

    27%

    Бага цалин

    281440₮

    402097₮

    31%

    Хоёрдугаар мөрөнд өөрийн ажлыг үнэлүүлэхийг хүссэн хариултыг голлон өгсөн нь ажилчид өөрийн хийсэн хөдөлмөрийг үнэн зөв хүсэж байгаа нь харагдаж байна.

    Гуравдугаар мөрөнд ажлаа гүйцэтгэхэд шаардлагатай эд материалыг хүсэж байгаа нь ажилчидад ажлын чанартай багаж тоног төхөөрөмж, хувцас хэрэглэл шаардлагатай байгааг харуулж байна.

    Дөрөвдүгээр мөрөнд өөрийн ажлыг үнэлүүлэхийг хүссэн хариултыг давтан өгсөн нь ажилчид өөрийн хийсэн хөдөлмөрийг үнэн зөв үнэлэх нь бага байгаа нь ажилчидын шилжилт хөдөлгөөний гол шалтгаан болж байна.

    Тавдугаар мөрөнд 3 өөр хариулт болох ажлын тогтсон цаг, сэтгэлийн дэм, халамж үйлчилгээг хүсэж байгаа нь харагдаж байна.

    Дээрх дүгнэтээс ажиглахад их сонголт нь ажлаа үнэн зөв үнэлүүлэхийг хүсэж байгаа гэсэн дүгнэлт гарлаа.

    Гарсан үр дүнг дугаарлавал:

    1. Ажлаа үнэн зөв үнэлүүлэх
    2. Цалингаа нэмэгдүүлэх
    3. Ажлын багаж хэрэгсэл
    4. Сэтгэлийн дэм, халамж үйлчилгээ

    Харин эдгээрийг хүсэж байгаа ажилчидын мэргэжлийн байдал, сэтгэл ханамж, ур чадварын судалгааг харвал:

    Ажилчидын мэргэжил, сэтгэл ханамж, ур чадварын нэгтгэсэн график


    Судалгаанд хамрагдсан ажилчидын 75% нь мэргэжилтэй байгаа нь өндөр үзүүлэлт юм. Мэргэжилтэй хүн өөрийн ажлаа үнэн зөв үнэлүүлэх нь зүйн хэрэг. Харин тэдний ур чадварын судалгааг харвал 24,4 хувьтай байгаа нь их доогуур үзүүлэлт болж байна. өөрөөр хэлбэр 4 хүний 3 нь мэргэжилтэй байхад мөн адил 4 хүний 3 нь ур чадвар сул байна. Энэ үзүүлэлтэнд мэргэжилгүй туслах ажилчид багтсан байгаа.

    Ур чадвартай туслах ажилтан байхад ур чадвар сул удирдах ажилтан нэлээн бий. Энэ нь ажилчидын ажлаа үнэн зөв үнэлүүлэх гэсэн хүсэл тэмүүлэл, цаашлаад ажлаасаа таашаал, сэтгэлийн дэм авахыг хүсэж байгаагийн илрэл болж байна.

    Эцсийн дүгнэлт

    Ажилчид ажлаа голохгүй хичээн ажилладаг. Мэдээж хэрэг тэр дунд ажлыг хойш татсан ажилчид цөөнгүй байгаа. Чадварлаг хичээнгүй ажилтан нь чадвар сул, хойш суусан ажилтантай адил ажлаа үнэлүүлэхийг хүсэх. Өнөөгийн капитализмийн нийгэмд хэн хөдөлнө тэр илүү ихийг авдаг зарчимтай байх ёстой. Энэ тогтолцоог гаргах хүчин зүйл бол “АЖЛЫГ ГҮЙЦЭТГЭЛИЙН СТАНДАРТ” юм. Энэ тогтолцоо нь ажилтныг хэн нэгэн үнэлэх бус, харин ажилтан өөрөө өөрийгөө үнэлэх хэлбэр бөгөөд байгууллагыг чадварлаг ажилтнаар сэлбэдэг давуу талтай.

    Энэ тогтолцоо хэрэгцээтэй байгаа шалгаануудыг дурьдвал:

    1. Ажилчидын 75% нь мэргэжилтэй байтал ур чадвартай нь 25% нь байдаг.
    2. Нэг ажилтан аваад чадваржуулж, чадваржуулж арай чүү 2 жил ажилуулж байтал өнөөх чадварлаг ажилтан нь “Би илүү их мөнгө олно” гээд ажлаас гараад явчихдаг.
    3. Ажил хаяж гараад явсан ажилтантай хариуцлага тооцох хууль эрх зүйн бодлого сул.
    4. Ажилаад байдаг, ажилаад байдаг амьдрал дээшилдэггүй, ажлаа хийгээгүй хойш суусан, танил талтай нь илүү цалин аваад, албан тушаал дэвшээд, шагнал урамшуулал аваад байдаг. Энэ нь ажлаас авах сэтгэл ханамжийг бууруулдаг. Ийм сэтгэл ханамжгүй ажилчдыг чадваржуулаад ажлын бүтээмж дээшилдэггүй.
    5. Ажиллах хүчний дийлэнх нь “Ажил амьдралаа зохицуулах”, “Сурч хөгжих сэдэл сонирхолгүй”, “Тууштай ажиллах төлөвлөгөөгүй” зэрэг үзэл хандлагатай байдаг.

    Энэ тогтолцоо нь:

    1. Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ
    2. Ажлын стандарт
    3. Ажлын үр дүнгийн үнэлгээ

    гэсэн 3 тогтолцооны нэгтгэлийн дүнд бүрэлдэн тогтдог.

    “Үндэстэн Баг” ХХК

  • ДЭЭД ЭРҮҮЛ МЭНД номын хуримд урьж байна

    Энэ номын ариутган шүүгч болон уран сайхны зөвлөхөөр ажиллаа. Миний хувьд олон жил бодож хариултыг нь олж чадахгүй байсан олон асуултынхаа хариултыг энэ номноос оллоо. Өмнө нь тэгэх ёстой, ингэх ёстой гэж зөвлөсөн олон л ном уншиж байлаа. Харин энэ номны хувьд яагаад “ингэх ёстой”-гийн учир шалтгааныг маш сайн тайлбарлаж өгсөнөөрөө маш их сэтгэгдэл төрүүлж чадлаа. Тиймээс би энэ номыг “Хүн өөрийнхөө ертөнцийг хэрхэн бүтээж, хэрхэн устгадагийг хамгийн ойлгомжтойгоор тайлбарласан бүтээл” гэж дүгнэж байна.

    Уг бүтээл нь номын бүтээгдэгчдийн олон жилийн судалгаа, туршлагын үр дүнд бүтэж буй бөгөөд бүх цаг үеийн анагаах ухааны хамгийн сайн ололтуудад үндэслэн ДЭЭД ЭРҮҮЛ МЭНД гэсэн шинэ онолыг дэвшүүлж байгаагаараа онцлог юм. ДЭЭД ЭРҮҮЛ МЭНД гэдэг нь Хүний язгуурийн бүтэц болох
    “Биеийг эрүүл- гоо сайхан
    Ухааныг саруул- цэцэн мэргэн
    Сэтгэлийг ариун- өршөөнгүй уужуу,
    Дотоод хийн эргэлтийг тэгш- амар амгалан,
    Амин орныг цэвэр- гэрэлтэнгүй тунгалаг,
    Ухамсарыг төгс- гэгээрэнгүй,
    Сэрэмсэрийг төгөлдөр- бурханлаг
    Орныг тааламжтай бат бэх” байлгах
    Газар дэлхий,
    Тэнгэр огторгуй,
    Бурханлаг дээд хүчний үүсэхүй оршихуй, хувьсахуйн хуулинд зохицон аж төрж Хүмүүн бүр өвчингүй амьдрах, өвдвөл бүрэн төгс эдгэрэхийн онол арга зүйг тусгасан шинжлэх ухаан ажээ.

    Номын хурим 11 сарын 3-ны 16:00 цагт Интер номын их дэлгүүрт болох тул сонирхсон хүмүүс хүрэлцэн ирнэ үү. Нээлтийн үеэр орон даяар хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ДЭЭД ЭРҮҮЛ МЭНД төслийг танилцуулах тул, уг төсөлд хамтран ажиллах сонирхолтой байгууллага, хувь хүмүүс мөн хүрэлцэн ирнэ үү.

    Номын дэлгэрэнгүйг эндээс авна уу.

  • БЭРТЭГЧИН

    Урд байрны цонх. Нэг ах тагт дээрээ орчиноо ажиглан тамхи татна. Тамхиа татаад дуусах шиг боллоо. Ийш тийшээ хүн харсанаа ишээ шидэж байна. Тэр ишээ гадаа хаяж байна гэж бодож байх шиг байна. Гэхдээ энэ ч бас өөрийнх нь амьдарч байгаа орчин, оршин байгаа гэр орон нь гэдгийг ухаарахгүй байгаа бололтой. Тэр дөнгөж сая амьдарч буй орчиноо хог болгож байна. 

    Хөөрхий хүмүүс оромжоо цэвэрлэж, хогоо хаялана. Таны гэрийн гадаа ч гэсэн таны гэр байдаг гэдгийг ухамсарлахгүй, босгоноосоо цааш сэтгэхгүй, ахархан хараатай байх гэж дээ.

    Хэрвээ хэн ч хог хаяхгүй бол хог гэж байхгүй байх байсан. Хог бүр эзэнтэй байдаг. Айл бүр үүднийхээ хогийг цэвэрлэчихвэл ГУДАМЖ ТЭР ЧИГЭЭРЭЭ ЦЭВЭРХЭН БОЛНО.

    Хүн бүр өөрийнхөө амьдралыг аваад явчих АРЧААТАЙ БОЛЧИХВОЛ УЛС ОРОН АМАР АМГАЛАН, ядуурал зовлонгүй болно. Хүн бүрийн амьдрал нийлээд улс орны амьдрал болно.

    НОГООН ДЭЛХИЙ ТАНЫ ГЭР ОРОН