Category: Uncategorized

  • АМЬДРАЛ ГАЙХАЛТАЙ…

      

    Алт ховор учраас үнэтэй байдгийн адил Амьдрал үнэтэй учраас богинохон байдаг

    Хазгар өвгөнд ч эрдэм бий
    Хар авдарт эрдэнэ бий

    Агуу үйлсүүд хүч чадлаар бус
    Уйгагүй оролдлогоор биелэлээ олдог Үг гэдэг үерийн уснаас ч хүчтэй

     

    Өөртөө итгэ, Та бодож байгаагаасаа ч илүү ихийг чадна

    Урлагийг дипломоор хэмжихгүй. Дипломтой халтуурчид урлагийг юу ч биш болгож байна. Жинхэнэ авъяас чадвар, зүрх сэтгэлээр хэмжинэ.

    “Цаг хугацаа бол авьяас чадварыг хөгжүүлэх уудам орон юм.” К.Маркс 

    “Оюун ухаанаа төгөлдөржүүлэхийн тулд цээжлэхээсээ илүү эргэцүүлэн боддог байх хэрэгтэй.” Р.Декарт

    “Хайр сэтгэл ямар ч хувь заяаг өөрчилдөг.” Мэгэли дэ Сэрвантэс

    “Юм бүхэн өөрийн гэсэн цагтай.” Экклесиастес 

    “Гав дөнгөтэй байлаа ч гэсэн амьдрал сайхан юм.” Ф.Э.Дзержинский

    “Ямар үг хэлнэ, хариуд нь тийм л үг сонсох болно.” Хомер

    Бэлдэх тусам аз од гийдэг

    Өгсөн үүрэг даалгаврыг ял биш өөрийгөө харуулах боломж гэж хүлээж авсан нь гялалздаг…

    Шар навчсыг өрөвдөж буй уйл. Шинээр ургасан навчис ч бас шарлана

    Ямраар дурсагдахыг хүснэ, яг түүн шигээ амьдар

    Бүтэн жилийн турш хөдөлмөрлөөд олж авч чадахгүй ховор нандин бүхнийг хайр дурлал ганцхан мөчийн дотор хүнд өгч чаддаг. Гёте

    Хайр дурлалын өмнө үхлийн хар сүүдэр ч хүчин мөхөс. Петроний

    Хайр дурлал бүх нүглийг өгшөөх ёстой. Гэхдээ хайр сэтгэлийн эсрэг үйлдсэн нүглийг биш шүү. Оскар Уайльд

    Шударга байна гэдэг эр хүний, хүнлэг байх нь эм хүний сайн тал нь. Шопенхауэр

    Хэзээ ч бүү шантар, Энэ л танийг амжилтанд хүргэнэ

    Өөрийгөө тань сайн муу талаа мэд, мэдэр

    Чадваргүй хүн гэж үгүй харин оролдлогогүй хүн гэж байдаг.

    Аливаа юмны хэмжээг мэддэг хvнд азгvй явдал тохиолддоггvй

    Хvн ямар ирээдvйг мєрєєдєж байна, тvvнд тийм л ирээдvй байдаг

    Дуугvй суух нь ярианы хvчийг нэмнэ, цагаа олох нь дуугvй суухын хvчийг нэмнэ

     Хамгийн үнэтэй санаанууд явган алхаж байхад л төрдөг.

    Амжилтанд хvрэхийн тулд зорилгоо хvрч болох хэмжээнээс хэд дахин єндєрт тавь

    Чи сониуч зантан болвол ихийг мэдэгч болно. Сократ

    Танин мэдэх нь гайхахаас эхэлдэг. Аристотель

    Аливаа улс орны ирээдүй ард түмнийхээ боловсролтой холбоотой. Эйнштейн

    Мэдлэгийн эзэн нь болохын тулд хүч хөдөлмөрийн боол нь болох хэрэгтэй. О.Бальзак

    Амжилт бүтээл нь өдөр тутамд давтагдах зүтгэлийн нийлбэр дүн юм. Роберт Коллиер

    Илүү сайн болох гэж хичээхгүй хүн сайн хэвээрээ ч үлдэж чадахгүй. Овивер Кромвелл

    Хүний ааш араншинг хэмжих хэмжүүр нь түүний сонсож, бодож буй зүйл биш, хийж буй зүйл нь юм. Б.С.Лееминг

    Өөртөө тохирох хүнийг хайснаас Өөрөө хүнд тохирч сур…

    Хүссэн зүйлээ авч чадахгүй байна гэдэг нь заримдаа гайхамшигт аз болдгийг сана

    Бодлоо ажигла таны үг болон илэрдэг
    Үгээ анзаар, таны үйлдэл болон харагддаг
    Үйлдлээ хар, таны зуршил болон хэвшдэг
    Зуршлаа таньж мэд, таны зан чанарыг бий болгодог
    Зан чанар тань таны хувь тавиланг бүтээдэг

    Авах хvнд нэг vг ч эрдэнэ
    Орхих хvнд мянган сургаал ч улиг. Д.Равжаа

    Хэн нэгэн хүний хайрыг татна гэдэг баян байхаас ч хавьгүй дээгүүр хувь ерөөл юм. \Клод Тилье\

    Бүх зүйлийн хамгийн чухал нь ТА өөрөө…

     

  • ХАМГИЙН САЙНААРАА АЖИЛЛАХ УХААН

    Компанийн ҮНЭТ ЗҮЙЛИЙН ӨДӨР. Бид хэрхэн хамгийн сайнаараа ажиллах вэ гэдэг талаар өөрийн үгээ хэлэв.

  • Үргэлжлэл

    Цэцгэн дундуур хөөцөлдөх хосыг харахуйяа

    Цэнхэр үүлс согтуурхан тууцалдан одно

    Дэргэдэх цэцэгс ичингүйрэн өндөлзөхүйеэ

    Балт зөгий бухимдан тоосруулан үргэнэ

    Тоосны ширхэгт цэцгийн дэлбээ янаглахуйяа

    Тоост хорвоог гэрэлтүүлэх бяцхан үр соёолно

    Хосын жаргалтай инээд зүрхийг хөглөхүйеэ

    Харанхуй хорвоог гэгээрүүлэх нэгэн үр бүрэлдэнэ.

     

    Зургийн эх сурвалж:
    Зураач В.Ундраагийн “Үргэлжлэл” бүтээл

  • Хамгийн сайн цахим хуудас ямар байх ёстой вэ (зөвлөмж)

    Хором мөч бүрд өргөжин тэлж буй цахим нийгэмд өөрсдийн нэр хүндийг баталгаажуулах эхний алхам Таны цахим хуудас ямар байх ёстой вэ?

    1. Хэрэглэхэд энгийн бүх зүйл нь ойлгомжтой байх.
    2. Хэрэглэгч төөрөхгүй, олон үйлдэл хийхгүйгээр хэрэгтэй мэдээлэлээ авдаг байх.
    3. Хэт их анимайшн, залхмаар олон баннер сурталчилгаагүй байх.
    4. Гар утас, хөдөлгөөнт төхөөрөмжөөр хандаж болдог байх.
    5. Агуулга сайтай буюу хэрэглэгчидэд хэрэгтэй зөвлөгөө мэдээлэлээр тогтмол шинэчлэгддэг байх.
    6. Хэрэглэгчтэй харилцдаг буюу санал хүсэлт асуулт хариултанд түргэн шуурхай хариулт өгдөг байх.
    7. Тухайн байгууллагын өнгө төрхийг илэрхийлсэн өөрийн гэсэн онцлогтой хүний нүдэнд эвтэйхэн дизайны шийдэлтэй байх.
    8. Онлайн худалдаа, онлайн захиалгын хэсэгтэй байх.
    9. Цахим хуудсыг ашиглах заавар зөвлөгөө, тусламж хэсэгтэй байх.
    10. Хайлтын системд бүртгэгдэж, хайлтанд дээгүүр байрладаг байх.
    11. Олон нийттэй харилцах цахим хуудсуудтай хоршиж ажилладаг байх.
    12. Мэдээлэл шинэчлэхэд хялбар буюу мэдээлэл технологийн мэдлэг шаардахгүйгээр түргэн шуурхай мэдээллийг шинэчлэх боломжтой байх.
    13. Цахим хуудасны хандалт, хэрэглэгчий санал, сэтгэгдэл гэх мэт тайлан мэдээг хянах боломжтой байх.
    14. Тогтмол шинэчлэгдэж хөгжүүлэлт хийх боломжтой байх.
  • Эссэ бичих агуу бөгөөд санаанд оромгүй долоон сануулга

    “Яруу сэтгэгч” сонины дугаарууд цувралаар… 

    1.Таны эссэг Олимпийн шүүгчид дүгнэхгүй

    Эссэ бол гараагаа арван оноотой эхлээд, алдаа гаргах бүрт оноогоо хасуулдаг Олимпийн усан сэлэлт, эсвэл уран гимнастикийн үзүүлбэр биш. Эссэг гартаа улаан үзэг барьсан харгис шүүгч бус, сэтгэл догдлуулсан мэдээллийг хүлээж буй багш профессор хэн нэгэн уншина. Энэ хүн эссэний тань сэдэвт бус, харин таны тухай сэтгэгдэлээ тархиндаа бичиж, дүгнэлт хийх бөгөөд бүр ихдээ “энэ залуу надад үнэхээр таалагдаж байна” хэмээн уулга алдана.

    2.Танд нэг гоц санаа байх ёстой

    Энэ нь эхний зөвлөгөөнөөс урган гарна. Эссэг уншигч хүн асуултын дагуу гол санааг хэр гаргасан эсэхийг мэдэхийн тулд маш хурдан уншдаг. Иймд та мянга түмэнтээ таарах /бөх барилдах нь намайг анхаарлаа төвлөрүүлэхэд сургасан, эмээгийн үхлээс болж сарнай үнэртдэг болсон, би бусдад тус хүргэхийг хүсдэг учраас эхлээд өөртөө туслана/ санааг давтсан л бол хэдий сайн цэгцтэй бичигдсэн ч олигтой үнэлгээ авахгүй л болов уу.

    Үнэндээ, дэвшүүлсэн санаагаа хэт чамирхаж илэрхийлвэл тэр нь их нуршсан болдог.

    3.Гол санаа тань өөриймсөг бөгөөд нүсэр биш байх ёстой

    “Том сэдэв”-ээс аль болох зайлсхий. Ойрхи Дорнод дахь энх тайван, экологи, иргэний эрх ба хүний ерөнхий зан төрх гэх мэт илэрхий нүсэр гарчигаас гадна “ёс суртахуун”-аар жонхуудсан том санааны олон зуун жижиг хувилбаруудаас болгоомжлох хэрэгтэй. Өөрийн гэсэн, агуулга төгөлдөр, анхны санаагаа хадгалсан байвал санаа тань тод томруун болно. Ёс суртахууны асуудал хөндөн ярих гэж байгаа бол санаанд оромгүй, өвөрмөц бөгөөд өөртөө тохируулсан байдлаар бичих хэрэгтэй.

    Амжилтгүй санаа: Намайг зусланд байхад нагац ах Харри маань үгүй болсныг эцэг, эх маань дуулгахад би тэрээр хичнээн энэрэнгүй, өгөөмөр хүн байсныг дурсан санасан.

    Арай илүү хувилбар: Нагац ах Харриг нас барах үед эцэг, эх маань надад анх нас бие гүйцсэн хүн шиг хандсан юм. Тэгэхэд би зусланд амарч байсан ба тэд намайг оршуулганд явуулахаас амрах нь дээр биз гээд хоер долоо хоногийн дараа л  сая тэрхүү гунигт мэдээг дуулгасан юм.

    Сануулга: Зөв хувилбар бол, яриа нагац ах Харригийн тухай бус /тэр эссэний гол агуулга биш шүү дээ/, таны тухай өрнөх ёстой. Иймд та аль болох тодорхой хүрээнд өөрийн тухай өгүүлэн бичвэл зохино. Ийнхүү бичихдээ багшид чухам хэн болох, бие даасан болон өсөн дэвших тэмүүлэлтэй эсэхээ илэрхийлнэ. “Жинхэнэ” өгүүлэгдэхүүн нь нагац Харри ч биш, эцэг, эхтэйгээ маргасан тухайд ч биш, харин таны өсөн хөгжих хүсэл тэмүүлэл, чадвар дэвшлийн тухай юм.

     4.Үлгэр-1: Сул чөлөөтэй бай,

     бүү  тэвд

    Багш профессорууд танд олонтаа зөвлөх боловч та ямарч дасгал, сургуулалтгүй бол ханын зураг зурах зураач эсвэл кинонд тоглох жүжигчин адил балмагдана. Ер нь зурах, жүжиглэх нь хүн бүр хийж чадах зүйл мэт боловч бэлтгэл, сургуулилтгүйгээр барахгүй ажил. Бичих ч бас үүнтэй мөн адил. Та өөртөө итгэлтэй болсон нөхцөлд л тайвширч чадах тул хэд хэдэн ноорог бичиж, мэдлэгтэй хүнээс зөвлөгөө авсны дараа л сая сэтгэл өег болно гэсэн үг.

     5.Үлгэр-2: Сул чөлөөтэй бай,

    бүү  тэвд

    Та өөрөө чухам хэн бэ? Бид өөрсдөө бие хүний хувьд олон төлөөлөл, хэсэг болдог. Тухайлбал, гэр бүлийн хувьд нэг, найз нөхдийн хувьд нэг, албан ёсны үйл явдалд нэг, мөн ганцаардсан үедээ бас нэг өөр бие хүн болдог. Найзуудтайгаа тэнэглэн тоглож байхад тань Polaroid-аар авхуулсан болон ахынхаа хурим дээр хамгийн аятайхан гарсан хоёр зургийн алийг нь багш илүүд үзэх бол. Та стратегийн шийдвэр гаргах хэрэгтэй. Та эдгээрийн аль нэг дүрийг сонгож, сайтар боловсруулан танилцуулах ёстой. Энэ бол амжилтад хүрэхэд хамгийн дөхөмтэй- Таныг хийж буй ажилдаа махаруу, онцгой хүн гэдгийг харуулах дүрийг сонгоно гэсэн үг юм.

    6.Хайр дурлал бол хамгийн чухал нь биш ч, нэгэнт танд байгаа бол түүнийгээ гээж болохгүй

    Ямар ч сэдвээр эвтэйхэн бичиж болох боловч, хамгийн их сэтгэгдэл төрүүлэхүйц сэдвийг сонго. Эргэлзээ бус хүсэл эрмэлзлэлийнхээ тухай бич. өсвөр насныхны зовинол, ичгүүргүй явдлууд багш хүнд тун залхмаар байдаг тул үүнээс зайлсхийх хэрэгтэй.

    Та ямар нэг зүйлд сэтгэл татагддаг бол тэрхүү сэтгэл, итгэл үнэмшлээ тодорхой илэрхийлэн бич. Бага дүүдээ тэгтлээ хайртай биш бол яагаад гэдгээ мөн л хошигнол, сонирхолтой яриа, түүх, болсон явдал зэргээр тайлбарлан эссэн дээр өөрийн тухай аливаа чухал мэдээллийг хүргэж чадвал багшид үнэлэгдэх боломж тань төдийчинээ нэмэгдэнэ.

     7.Эссэ бичигчдийн ховор хэрэглэх хоёр үр нөлөөтэй хийгээд чамирхуу хэрэгсэл

    Харилцан яриа, ишлэл

    Тааруухан хувилбар: Миний төгөлдөр хуурын багш, хатагтай Фон Крабб зөвхөн төгөлдөр хуур тоглохыг заагаад зогсохгүй амьдралд хэрэгтэй олон зөвлөгөөг хичээлээрээ өгсөн юм. Түүний англи хэл нэг их сайнгүй бөгөөд байгаа байдал нь хуучинсаг боловч би түүнийг үргэлж санах болно.

    Илүү хувилбар: “Алекс, чамайг төгөлдөр хуурынхаа ард суун одоо л эхэлж байна гэж бодож байхад чинь бусад хүмүүсийн хувьд концерт аль эрт эхэлчихсэн байдаг. Тиймээс зөв сууж сур” гэж Фон Крабб хэлдэг. Тэр бүр анхныхаа өдөр л түүний араас өөр хоорондоо шивнэн “Хатагтай Фон Крабб бөмбөг” гэж дуудахгүй байхыг сануулж билээ. Гэвч бид яаж тэсэх вэ дээ. Бид шоолон ярилцдаг ч түүнийг хүндэтгэж бас эмээдэг байсан.

    Сануулга: Эссэний бичилтэд хадагтай Фон Крабб гайхалтай байсан гэдгийг дагнан өгүүлбэл утга төгс болж үл чадна. Хоёр дахь бичилт түүний дутагдал биш, иш татсан зүйлээр илүү байгаа тул зохиогч буюу Алексын тухай ойлголт өгч, түүний талаар аятайхан сэтгэгдэл төрүүлж байна.

    Уншигчийн сонирхолыг татна гэдэг бол эссэ бичигчийн бараг хамгийн гол зорилго, нууц түлхүүр нь юм. Танд илүү хувилбар хэмээх гарын авлагын адил бичих нь амаргүй. Үүнийг их сургуулийн профессорууд ч тэр бүр чаддаггүй. Гагцхүү ингэж бичихийг хичээж, эссэндээ гол дүрийн үгийг олж иш татвал өөрт тань тустай.

    Жишээ: Эдгээр өгүүлбэрийн аль нь илүү вэ?

    А. Би тэн хагаст нь дархан цаазтай, нөгөө хэсэгт нь томоохон эдлэн газар бүхий байшингуудтай том хотын захын нэгэн дүүрэгт суудаг.

    Б. Би Бостноос 15 бээрийн зайтай орших Массачусетс муж улсын байгалийн үзэсгэлэнт дархан цаазат, хагас хэсэг нь хувийн эзэмшилд хамаарах эдэлбэр газар бүхий Линколны эдлэнд амьдардаг.

    Сануулга: Хоёр өгүүлбэрийн Б нь арай илүү байна. Учир нь уншигчид хотын нэрийг сонирхох нь гарцаагүй. Америкийн агуу туужийн муу хувилбарт гардагийн адил “Миний аав том хотын том пүүст ажилдаг” гэж бүү бич. Үүнийхээ оронд Миний аав Вашингтон дахь “Арнолд ба Портер” хэмээх хуулийн том фирмд ажилладаг гэх нь дээр.

    Мэдээж аливааг хэт дэлгэрүүлэн бичихэд аюул бий. “Хуулийн том фирм” гэдгийг “340 гишүүнтэй, 12 хотод салбартай /та хотуудыг нь нэрлэж болно/ хуулийн фирм” гэж болно л доо. Гэхдээ ийм хэт дэлгэрэнгүй мэдээллийг эссэнд оруулах нь тун ховор юм.

    Кембрижийн  Их Сургуулийн эссэн үйлчилгээний албаны заавраас.

     

     

  • Монголоос экспортолж болохуйц хүнсний бүтээгдэхүүнүүд

    Хүнсээ цуглуулахдаа үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг хичээдэг. Сүүлийн үед сонголт маш их өргөжиж байгаа. Баяртай байна. Үндэсний үйлдвэрлэл, тэр дундаа хүнсний үйлдвэрлэл илт сэргэж байгаад баяртай байна. Гурил, гурилан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, мах махан бүтээгдэхүүн, борц, чихэр жимсийг олон төрлөөр үйлдвэрлэж байна. Одоо дүр төрх урлаачидтай хамтарч сав баглаа боодлоо сайжруулаад, судлаач эрдэмтэдтэйгээ хамтарч хадгалалт, үйлдвэрлэлийн технологийг сайжруулаад,маркетеруудтайгаа хамтарч маркетингаа сайжруулаад экспортод гаргаж болохуйц бүтээгдэхүүнүүд олон гарч ирж байна.

    Жишээ 1: Борцтой бэлэн хоол

    Энэ борцтой бэлэн хоол маш их таалагдсан. Үнэхээр гоё амттай, хөлс чийхаруулсан борцтой бэлэн хоол гаргасанд баярлалаа.

    Жишээ 2. Савлагаатай борц

    Энэ савлагаатай борцнууд экспортолж болохуйц бүтээгдэхүүн гэж бодож байгаа. Борц бол авсаархан, хадгалалт даадаг маш сонирхолтой бүтээгдэхүүн. Ялангуяа аялагчид, геологч, хайгуулчидад их тохиромжтой гэсэн маркетинг хийж болно.

    Жишээ 3. Жамц давс

    Жамц давс нь 400 сая жилийн тэртээ тэнгисийн ёроолд ургаж тэнгисийн ус газарт шингэхэд хатуужин монгол нутагт үлдсэн нь дэлхийд ч ховорт тооцогдох чулуун давс юм. Жамц давс нь хүний биед шаардлагатай дараах эрдэс бодисыг агуулдагаараа хэт цэвэршүүлсэн чанамал давснаас ялгаатай. Үүнд:
    Кальци: Ясны сийрэгжилт болон цус багадалтаас сэргийлнэ.
    Хүхэр: Бие дархлааг сайжруулж хүний биеийн гадаад орчны бохирдол болон цацраг туяанаас хамгаална.
    Кали: Булчин, зүрхний булчингийн ажиллагааг сайжруулна.
    Төмөр: Бие махбодийг хүчилтөрөгчөөр хангаж цусны эргэлтийг сайжруулна.

    Жишээ 4. Мөрөөдлийн ханд /нойргүйдлийн эсрэг бэлдмэл/

    Жишээ 5. Зөгийн бал, байгалийн зэрлэг жимсээр хийсэн цуврал БАД (Байгалийн амин дэмүүд)

    Энэ бүтээгдэхүүнүүд бол бүгд гайхалтай давтагдашгүй чанартай. Дэлхийд нэн ховор бүтээгдэхүүнүүд юм. Монгол чацарганыг гадаад зах зээлд таниулж чадсан шиг монгол гэсэн тодотголтой олон бүтээгдэхүүнийг гаргаж болох юм.

    Одоо хамтрах л үлдлээ.

    Ж.Лувсандорж
    Бүтээлч Монгол нэгдэл

  • ЗӨВ маркетинг-Улсын ХӨГЖИЛ

    “Яруу сэтгэгч” вэбийн сурвалжлагч өнөөдөр Монгол улсынхаа нэгэн иргэний үзэл бодлыг сонслоо. Эх орныхоо үнэт баялаг чулууг олонд таниулж, үнэ цэнийг нь олонд түгээн Эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж буй Баярбилэг онлайн ертөнцөд “Чулууны дархан” хэмээх нэрээрээ хэдийн танил болжээ. Чулууны дархан Баярбилэгийн товч намтар болоод чулуу урласан түүхийн талаар манай вэбэд нийтлэгдсэн тул /http://yaruusetgegch.com/#!/чулууны-дарханы-чулуу-үг/ өнөөдөр түүний эх орныхоо цаашдын хөгжилийг хэрхэн харж байгаа талаар ярилцлаа. 

    Сурвалжлагч: Сайн байна уу? танд энэ өдрийн мэндийг хүргэе, та сүүлийн 8 жилийг чулуу урлалд зориулсан байна. Одоогоор нийт хичнээн хөөрөг урласан бэ? Чулуу урлалын давуу тал таны бодлоор? товчхон хэлбэл…

    Баярбилэг: Тоймгүй олон хөөрөг хийсэн. Би чулуу урлах энэ үйлсдээ их хайртай байдаг. Эх орныхоо өсдөг хүйтэн хөрөнгийг олонд таниулж  үнэ цэнийг хүргэнэ гэдэг их бахархалтай ажил даа. Би илүү ихийг хийж бүтээж олон залуучуудад, хүмүүсд чулуу урлалыг зааж өгөхийг өвлүүлхийг л хүсдэг. 

    Сурвалжлагч: Сүүлийн жилүүдэд Монголчууд үндэсний зан заншил, өв уламжлалаа авч үлдэхийг их хүсдэг болсон нь сайшаалтай. Энэ өв соёлоо авч үлдэхийн төлөө сэтгэл зүрхээ зориулж яваа хүний хувьд үндэсний үйлдвэрлэгчдэд төрийн дэмжлэг хэр байна вэ?

    Баярбилэг: Тийм, үнэн шүү сүүлийн жилүүдэд үндэсний үйлдвэрлээ эрхлэх хүмүүсийн тоо мөн үндэсний үйлдвэрлэлээ дэмжих иргэдийн тоо ч нэмэгдсэн. Гэхдээ миний хувьд төрийн дэмжлэг хангалтгүй байна гэж боддог. Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлхийн тулд хичээн зүтгэх хүмүүсдээ илүү их дэмжлэгийг үзүүлэх хэрэгтэй санагддаг.

    Сурвалжлагч: Тухайлбал, ямар дэмжлэг хэрэгтэй вэ?

    Баярбилэг: Энэ долоо хоногийн бүтэнсайн өдөр автомашингүй өдөр боллоо. Энэ маш зөв зүйтэй ажил шиг санагдсан. Ихэнх хүмүүс суугаа ажил хийдэг болж, хөдөлгөөний дутагдалд орсноос болоод маш их хүн явган алхаж, дугуй унаж байсан. Тиймээс бүтэнсайн өдөр бүрийг автомашингүй өдөр болговол жижиг дунд бизнес эрхлэгч үндэсний үйлдвэрлэгчид иргэдэд хийсэн бүтээсэн зүйлсээ таниулж, танилцуулах боломж бүрдэх юм байна гэж бодогдсон. Хүмүүс ч их таатай хүлээж авах болов уу? 

    Сурвалжлагч: Ер нь жижиг дунд үйлдвэр эрхлэгчид, Монголоо гэсэн хүн бүр нэгдэж чадвал манай эх орон хөгжинө гэж надад бодогддог. Үндэсний үйлдвэр эрхлэгчидийн харилцаа холбоо хэр байдаг вэ? 

    Баярбилэг: Яг зөв, бид нэгдэх хэрэгтэй, одоо бол шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг л байдаг, би ингэж байна, би тэгэж байна гээд л өөрсдийгөө л бодсон хүмүүс их, тиймээс дээр дурдсан шиг нэгдэх арга хэмжээнүүдийг зохиож, нөхцөл боломжийг бүрдүүлэх хэрэгтэй байна. Мөн энэ дээр зөв маркетинг хийгээд гадаадын улс  оронд таниулан сурталчилах хэрэгтэй байна. 

    Сурвалжлагч: Цахим ертөнцөд залуучууд үзэл бодлоо хуваалцдаг боллоо, уулзалтууд ч зохиогдож байна. Таны хувьд уулзалтуудад оролцдог уу? Үр дүнг юу гэж хардаг вэ?

    Баярбилэг: Цахим орчинд залуучууд үзэл бодлоо солилцож байгаа нь маш сайн юм. Гэхдээ зарим үед маш хэрэггүй сул мэдээллүүд урсаж байгаа харагддаг. Залуус бие биендээ санаа, оноо, эх орноо өөрчлөх гарц замуудыг л хэлдэг байгаасай гэж боддог. Миний хувьд сошиал уулзалтууд их үр дүнтэй санагддаг, хий дэмий бичээд суух биш хамтдаа хэрхэн хийхээ ярилцаж тохирох маш чухал. Би уулзалтуудад оролцож өөрийн хийдэг болон, хийхээр төлөвлөж буй ажлаа бусадтай хуваалцаж бусдын саналыг ч сонсож чадахаараа туслахаар шийдсэн байгаа. Саяхан би маркетингийн сургалтанд суусан. Ер нь маркетинг зөв байна гэдэг маш чухал юм гэдгийг ойлгосон.

    Сурвалжлагч: Жижиг дунд бизнес эрхлэгчид зөв маркетинг хийвэл улсын хөгжилд нөлөөлнө, ер нь маркетинг зөв байвал улс орон ч хурдан хөгжинө гэсэн санаа.

    Баярбилэг: Тэгэлгүй яахав, зөв маркетингтай байвал улс эх орны хөгжил хурдасна. Гэхдээ өнөөдөр манай Монгол бол хөгжлийн шатанд орсон гэж боддог. Хамгийн гол нь улс эх орны маркетинг хувь хүн рүүгээ чиглэсэн байх хэрэгтэй.

    Сурвалжлагч: Таны хувьд бид баялагаа зөв ашиглах боломжтой юу? Монгол орны ирээдүйн баталгаа. Монгол орны иргэддээ хэлэх захиас? 

    Баярбилэг: Ер нь хувь хүн бүр өөр өөр үзэл, бодолтой байх л даа, миний бодлоор Монголын гол тулгуур багана бол мал юм. Хэдийгээр эрт дээр үеэс замнаж ирсэн нүүдлийн соёл иргэншил алдагдаж байгаа ч баялагуудаа зөв ашиглаж уулыг нураагаад алтыг авлаа ч гэсэн ард нь хөшөө дурсгал үлдэж байдаг, ард зонд хэрэгтэй зүйл болж үлдээсэй гэж боддог. Улс орны хөгжилийн төлөө иргэд бүр маркетингтай л байх хэрэгтэй байна. Хамгийн гол нь чаддаг чаддагаа сайн хийгээд хав дарах биш бусаддаа хэлж, хуваалцах хэрэгтэй гэж боддог доо. 

    Сурвалжлагч: За баярлалаа, таны үйл бүхэн бүтэмжтэй байх болтугай.

    Баярбилэг:  Та бүхэнд ч бас баярлалаа, ард түмнийг соён гэгээрүүлж буй та бүхэнд амжилт хүсье.

  • ТАВХАН үг- амжилтанд хүрэх ТҮЛХҮҮР

      “Яруу сэтгэгч” сонины нийтлэлүүд цувралаар…

    ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭГ ЭРЖ ОЛООД ХАНГАГТУН гэсэн энэ тавхан үгэнд санхүүгийн амжилтанд хүрэх түлхүүр, өөртөө бат итгэх, өөрийгөө тоож ойшоохын түлхүүр оршино.

    Хэн хүний эрэлт хэрэгцээг л хангадаггүй бол нэг ч үйл хэрэг, нэг ч ажил гэж байхгүйсэн. Эрэлт хэрэгцээ нь өчүүхэн бол шан нь өчүүхэн байхаас гадна, энэхүү зорилгыг хэрэгжүүлчихлээ гэхэд та сэтгэл ханахгүй хоцорч ч мэднэ. Эрэлт хэрэгцээ нь угаасаа нүсэр их байх юм бол шан харамж нь мөн л их байх агаад сэтгэл ханах мэдрэмж, улам улам ихийг сэдэн бүтээх хүсэл тань чухамхүү цаглашгүй болно шүү.

    Ажил хөдөлмөр эрхэлдэг хэн боловч нийгэмд буй ямарваа нэг эрэлт хэрэгцээг л хангаж байдаг нь тодорхой. Бичиг дансны ажилтан, биеийн хүчин үнэлэгчид, хоол зөөгчдийн аль аль нь хүнд хэрэгтэй л ажил хийж байна. Гэвч тэдэнд ноогдож буй шаардлага харьцангуй их бус болохлоор тэд ч их бус шан харамж авдаг.

                 Автотэрэгний асаагуур сэдэн бүтээсэн Чарльз Кеттеринг гараараа мануйлдаж асаах төвөгтэй ажлаас хүнийг чөлөөлж, ингэсний үр дүнд чухамдаа бүх хүнд (ялангуяа эмэгтэйчүүдэд) машин жолоодох боломжийг өгсөн билээ. Кеттеринг сая сая хүнийг автотэрэг ашиглах боломжоор хангасан байна. Тэрээр нийгэмд буй болсон эрэлт хэрэгцээг л олоод хангасан нь энэбайна. Чухамхүү үүнийхээ хариуд цаглашгүй их шан харамж хүртсэн юм.

    Бүх Америк даяар эрэгтэй эмэгтэй өдий төдий хүн арай чарай амь зуудгийн учир юун гэвээс, тэдний өөрсдийнх нь хангаж буй, орчин тойронд нь байгаа эрэлт хэрэгцээ тэдний чадвар боломжтой харьцуулах юм бол тун ч шалихгүй. Гэтэл тэд чадвар боломжоо өөртөө болон орчныхондоо тун ч ашигтайгаар зарцуулж болохсон билээ.

    Энэ санааг тодруулах жишээ татъя.

    Дунд зэргийн чадвар боломжтой залуу банкны доогуур зиндааны түшмэдийн алба хаахдаа, энэ ажилаа цэвэр цэмцгэр ажил, түүнээс гадна “Би Үндэсний тэргүүн банкинд алба хашдаг” гэж ам бардам хэлж болох тул өөрийнх нь “би”-гийн зиндааг дээшлүүлж байна гэж үздэг. Гэвч цалин пүнлүүгээ түргэн ахина гэж найдах найдваргүй гэдгийг төдөлгүй ухаарна. Ийм банкны залуу албан хаагчид арай өндөр зиндааныхнаас нэг нь тэтгэвэрт гарч суудал сулрахад л тушаал ахих болно. Суудал суларлаа ч гэсэн доогуур зиндааны өдий төдий залуу түшмэдээс цорын ганц нь л тушаал ахина. Ийм тохиолдолд аливаа хүн нэг талаас, атаархаж, хэн нэгийгээ егүүтгэхийг эрмэлзэнэ, нөгөөтэйгүүр, сэтгэлээр унаж гутарна. Банкны эздийн хувьд бол мань залуугийн хийдэг ажлыг дунд зэргийн чадвартай ямар ч залуу хүн гүйцэтгэж чадах болохоор мань хүнийг халж сольчихоос гудайхгүй. Тэгээд ч нэмэрлэж байгаа шалихгүй ашиг тус, цалин хлс хоёр нь ч шууд хамааралтай байгаа хэрэг.

    Тийм болохоор, мань залуу банканд нэн чухал тийм ажлыг хийх боломжийг олж байж л цалингаа нэмэгдүүлэх, гүйцэтгэсэн ажилдаа сэтгэл хангалуун байх цорын ганц замтай юм. Өөрөөр хэлбэл, одоогынх нь үйл ажиллагаа хангаж байгаагаас илт илүү эрэлт хэрэгцээг л олоод хангах хэрэгтэй гэсэн үг. Энэхүү зорилгод хүрэх олон арга зам бийгээс заримыг дурдъя:

    1.   мэдлэгээ дээшлүүлж нэмэгдүүлхийн тулд банкны үйл ажиллагааг улам няхуур судалж болно.

    2.   Арай илүү өгөөжтэй өөр ажилд орж болно.

    3.   Ганцаараа, эсвэл өөртэй нь ижил чадвар боломжтой хүмүүстэй нэгдэж өөрийн гэсэн ажил үйлс өрнүүлж болно.

    4.   Ганцаараа, эсвэл бусад хүмүүстэй нэгдэж шинэ санаа сэдэж боловсруулаад, ийм санаа саналын эрэлт хэрэгцээтэй байгаа хүмүүст худалдаж болно.

    Энэ бүх арга замын хүрэх гол зорилго бол өөрийнхөө чадварыг зарцуулж ашиглах хүрээг л тэлэхэд оршино. Гэвч арга тус бүрийг тус тусад нь авч үзье. Учир шалтгаангүйгээр ажлаа өөрчлөх юм уу, өөрийг гэсэн үйл ажиллагааг үндэслэл муутай эхлэх гэдэг тэнэг хэрэг. Нийгэмд буй эрэлт хэрэгцээг л хэрхэн хангах, одоогийнхоосоо илүү их ашиг тусыг нийгэмд хэрхэн өгөхөө тухайн хүн ухамсартайгаар эрж хайх ёстой.

    Үүнийг ухаарч ойлгохгүй байгаа хүн бол цөхрөнгөө бараад гингэнэж гонгинож байдаг муурын зулзага л гэсэн үг.

    Тийм хүмүүс ихэвчлэн, “Хөршийн хийж байгааг би нэг хийгээд үзье” гэдэг. Тийм хүмүүс өөр хүний нэгэнт сэдэж хийсэнг давтдаг боловч арай боловсронгуй болгодог. Тэдний найддаг цорын ганц зүйл бол аль болохоор хурдалж гүйцээд “үйл ажиллагааны өөрийн хэсгийг” шүүрч авах чадвар нь л болдог. Гэвч ийм хүмүүс бусдын хийснээс онцгой ялгарах, сор болохоор юм сэдэн бүтээж ерөөсөө чаддаггүй.

    Тийм хүмүүс өөрийнхөөсөө өөр хэний ч эрэлт хэрэгцээг хангадаггүй. Тийм хүмүүс “үйл тамаа эдлэж байна” гэж гоншигнож байдаг. Тийм хүмүүсийн гэргий нар ч нөхрөө ямагт ажилд дараастай, эцэс төгсгөлгүй өрсөлдөөнд орооцолдсон, гагцхүү ажлаа л гэдэг, амарч цэнгэж чаддаггүй, нойрны эм тан хайж эмчид байнга үзүүлэх юм гэж сэтгэл гонсгор байдаг.

    Иймэрхүү байдалд орчихгүйн тулд эрэлт хэрэгцээг эрж хайхтун!

    Хажууд тань, эргэн тойронд нь тань, хаа сайгүй байгаа эрэлт хэрэгцээг шүү.

    Эрэлт хэрэгцээг эрж олох нь:

     Нүдэнд үл үзэгдэх эрэлт хэрэгцээг эрж олох хамгийн ашигтай аргыг хүн өөрөө л олох ёстой.

    Бүрэн итгэлтэй хэлж болох нэг зүйл гэвэл эрэлт хэрэгцээ таныг эрж хайх бус, харин та эрэлт хэрэгцээг хайж олох ёстой юм шүү. Та ийм зорилго тавивал хүчин чармайлтанд тань совин ч туслах болно. Харин онгод бол совин татсаны л үр дүн билээ. Зохих шийдийг уйгагүй эрж хайхад аз тохиох явдал бишгүй л байдаг.

    Төмрөөр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан Алекс Левитийн тухай хуучилъя. Энэ хүн орон тооны ажилтантай, бас зарим нэг тоног төхөөрөмжтэй байсан байна. Тэгээд гэр ахуйн багаж төхөөрөмж үйлдвэрлэхээр санаа шулуудсан юм санж. Зах зээлийн судалгаанаас нэг удаа уншиж байгаад олонх эмэгтэйчүүд тоос сорогч ерөөсөө ч хэрэглэж үзээгүй тухай мэджээ. Чухам энэ зүйл л үйл ажиллагааныхаа хойшдын чиглэлийг төлөвлөхөд нь түлхэц болсон ажээ. Энэ асуудлыг судалж эхлэнгүүтээ л, үйлдвэрлэгчид тоос сорогч үйлдвэрлэх болсноороо хойш захзээлийг тоос сорогчоор хангахад л анхаарч жижиг сажиг зүйлээр л сайжруулах төдийгөөр зөнд нь орхисонг мань хүн ухаарчээ.

    /үргэлжилнэ/

    Марвин Смоллоос орчуулсан Б.Очибол



  • Өөрийгөө бүү хуур…

    Энэ хорвоод ирсэн хүн бүр аз жаргал, амар тайвныг л эрэлхийлдэг. Харин аз жаргал, амар тайвны үндэс эрүүл амьдрал гэдэгтэй маргах хүн үгүй болов уу? Эрүүл байвал  санаа зоволт, зовиур үгүй агаад эрүүл үед  бидний сэтгэл амгалан байж ихийг бүтээх хүсэлдээ хөтлөгдөн урагшилдаг. Тиймээс ч эрүүл биед саруул ухаан оршино хэмээн өвөг дээдэс сургасаар ирсэн.  ГЭХДЭЭ эрүүл амьдралыг бүтээх нь хялбар биш бөгөөд биднээс ухаан, тэвчээр, зоригыг шаарддаг…  \Гэхдээ гэдэг энэ үг үнэхээр чухал бөгөөд үнэтэй санагддаг. Энэ үг энэ амьдралд үнэ цэнэгүй, үнэгүй зүйл үгүй гэдгийг байнга тодотгосоор байдаг…\ Миний хувьд эрүүл амьдралаа бүтээхийн төлөө зоригтойгоор шийдвэр гаргаж чадалгүй жоохон хугацаа алдсан. Би их сургуулийн нэгдүгээр курсэд  байхдаа тарган, туранхай огт хамаагүй хүний хэлбэр дүрс ямар хамаа байнаа гэж боддог байсан юм. Харин би 2 жилийн дараах нэгэн өдөр хүний бие өвчилсөн тохиолдолд таргалж, турдагийг мэдсэн. Ер нь сүүлийн жилүүдэд манайд таргалалт нэмэгдэж олон хүний толгойн өвчин болоод ирэхээр судлаж сонирхохгүй гээд яах билээ? Тэгсэн би өөрөө ч бас таргалалт болчихсон байснаа 3-р курсдээ ороод л анзаарсан юм. Энэ юу юм бэ? яагаад ийм харвинтай болчихдог юм гэж нэгдүгээр курсэд байхдаа хэлж байсан би  3-р курсдээ өөрөө харвинтай болчихсон. Ингээд л юунаас болов, яав гээд л судалсан юм даа. Тэгсэн өдөр бүр иддэг тостой пирожки, ундаа хоёр буюу буруу хооллолтын уршгаар таргалсан байлаа. Мөн яаруу сандруу хазаад л залгидаг буруу хооллолт. Үүнийг мэдсэн өдрөөсөө эхлээд л өөрчлөлтийг хийж эхэлсэн гэвэл худлаа. За байж маргаашнаас идэхгүй, маргаашнаас уухгүй ээ гээд л чихэртэй сироп уусаар, тостой пирожки идсээр өөрийгөө хуурсаар төгссөн дөө. Харин ажлын байран дээр гараад энэ цаг үеэс эхлэн хэмээн өөртөө хэлж өөрийгөө болно доо хэмээн хуурсаар байсан Би-д  муу дүн тавиад өдөр тутмын өчүүхэн үйлдлүүдээ хатуу хянах болсон юм. Сүү тараг, ус л уудаг болж, сироп тэр дундаа колагаас бүрэн татгалзан тайван хооллож эхэлсэнээр маш их үр дүн гарсан. Одоог хүртэл эрүүл амьдралын төлөөх зөв сонголтынхоо эзэн байгаа шүү. Саяхан оюутан ангийн хонхны баяраараа                  /одоогоос 4 жилийн өмнө/ өмсөж байсан палажаа өмсөхөөр шүүгээгээ онгойлгосон. Дотор минь таарах болов уу, яах бол гэдэг огтхон ч эргэлзээ байгаагүй, би шууд л өмсөж цахилгаанаа эгчээрээ татууллаа. Эгч минь ч яаж ингэж жингээ баридагийн нууцыг мэдэх тул гайхаагүй юм. Ердөө л хортой бүтээгдэхүүнийг хортой гэдгийг нь мэддэг учраас хэрэглэхээ больсон зориг, хөдөлгөөн надад жингээ хэвээр барихад эрүүл байхад тусалдаг юм.  

     

  • “Байгууллага бүр 1 НИЙГМИЙН РЕКЛАМ” Нийгмийн хариуцлагын уриалга

    НИЙГМИЙН РЕКЛАМ нь нийгмийн ухамсарыг гэгээрүүлж, хүмүүст итгэл найдвар, урам зориг өгөх АМИН ДЭМ болдог.
    Тиймээс нийгмийн рекламыг хүний сэтгэлгээг өөрчлөх, нийгмийн сэтгэл зүйд эерэгээр нөлөөлөх зорилгоор болон бизнесийн байгууллагуудын хувьд нийгэмд зөв сайхан ойлголтыг өгч, хэрэглэгчиддээ хайрлагдах гэх мэтээр олон сайн сайхан зүйлд ашиглаж байна.

    Мэдээлэл сурталчилгаа асар их болсон энэ зуунд хэрэглэгчид рекламнаас улам бүр залхаж байгаа бол харин нийгмийн реклам нь эерэг сэтгэгдэлийг төрүүлж хоногших нь удаан байдаг байна. Манайх супер гэж хоосон рекламдахын оронд нийгмийн сэтгэхүйд эерэг өөрчлөлтийг авчрах чухал санааг хөндөж нэр хүндээ өсгөх ньНИЙГМИЙН РЕКЛАМны давуу тал болж байна.
    Тиймээс байгууллага бүр нэг нийгмийн реклам бүтээн олон нийтэд хүргэж нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэхийг уриалж байна.

    Иргэн: Ж.Лувсандорж

    Бид эхлүүлж байгаа учир өөрсдөө үлгэрлэж доорх нийгмийн рекламыг бүтээлээ

    Санаа болгох үүднээс хэдэн нийгмийн рекламны санааг дэвшүүлж байна.

    1. Мэбелийн үйлдвэр мод тарьж ургуулах тухай
    2. Сэтгэл зүйн төв гэр бүлийн харилцааны тухай
    3. Вэб технологийн компани ногоон маркетингийн тухай
    4. Савангийн үйлдвэр ээж аавдаа туслаж өөрсдийн хувцасыг угаах тухай
    5. Уут, сав баглаа боодлын үйлдвэр хог хаягдалгүй амьдрах тухай
    6. Татварын газар нэгэндээ тус дэмтэй амьдрах тухай 
    7. Дэвтэрний үйлдвэр дэвтэрээ ариг гамтай ашиглах тухай
    8. Боловсролын байгууллагууд боловсрол, мэдлэгийн үнэ цэнийн тухай гэх мэт санааг хүргэж хэрэглэгчдийнхээ сэтгэлд эерэгээр хоногших боломж та бүхэнд байна.