Category: Uncategorized

  • АЯГАНЫ СОЁЛ |

    НЭГ АЯГААР НИЛЭЭН ХЭДЭН АСУУДЛЫГ ШИЙДЭХ НЬ

    Вирус, халдвар ч их байна. Ядаж аяганаасаа эхэлье. Ер нь Монголчууд бид саяхан л ХУВИЙН АЯГАтай ард түмэн байсан. Зөвхөн өөрт зориулсан аягаа хамгийн сайхан ур хийцээр урлуулж, уутлаад бүсэндээ хавчуулаад авч явна. Хаана ч явсан өөрийн аяганаас л идэж, уугаад, долоогоод, арчаад л уутанд хийчихнэ. Халдварт өвчин тарахгүй, хэл, бахлуур ажилласнаар ангин, хоолойн өвчлөл байхгүй, мөнгө, зэс аяга нь ионжуулах, цэвэршүүлэх давхар ач холбогдолтой байна.Таарсан аяга, халбага бүрээ завааруулж, тэр бүрийг угаана, арчина гээд ус, цаг үрэхгүй, гэрийн эзэгтэйн хөдөлмөрийг хэмнэсэн, бусдын хөдөлмөрийг хүндэтгэх соёл. Нэг удаагийн аяга гэж хог хаягдал үүсгэж, байгалиа сүйтгэхгүй, энгийн минимал, хэмнэлттэй, үр ашигтай амьдралын хэв маяг. Энэ нөгөө эко, байгальд ээлтэй чинь биш үү. Цагаан сар, баяр ёслол, айл саахалт, гадуур хооллохдоо аягатайгаа л явна. Нэг хүнд- нэг аяга.Аяны ур хийц нь өөрөө брэнд, үе дамжин өвлөгдөнө. Аяганы уутнаас нь уран бэрийн ур хийц, сэтгэл нь үнэртэнэ. Уран дарх, урлал оёдол нь мөн хамт өвлөгдөөд, зааж сургаад үргэлжлүүлнэ.Нэг аягаар нилээн их асуудлыг шууд сууриар нь шийдэж чаддаг Монгол ухаан, монгол өв соёл гэж энэ. Хамгийн бага зардлаар ихийг бүтээнэ гэж энэ.

    #МонголУхаан #МонголӨвСоёл #БүтээлчМонгол

    УринХиадын Гүн Төгс Мөрөн Хан (Ур сарын шинийн 17)

    АЯГАНЫ ӨВ СОЁЛ

    Монголчууд аягаа тусгай уутанд хийж, өөр бусдад дамжуулахгүй, зөвхөн өөрөө л унд хоолоо ууж иддэг нандин өмч нь байлаа.  Монголчууд хоол унд идэж, уудаг аягаа эрхэмлэн дээдэлдэг ард түмэн. монголчууд хүн бүхэн өөр өөрийн ногдсон аягатай, арчиж цэвэрлэдэг алчууртай, түүнийгээ хийж явдаг аяганы ууттай байжээ.

    Өөрийн аягаа байнга авч явдаг байсан монголчууд хол ойрын айлд очоод өврөөсөө аягаа гарган цай ууж, хоол идээд зарим хүмүүст жаахан бохир санагдаж болох ч хоолойн гүйлсэн булчирхайн маш сайн дасгал болох аягаа долоож, аяганыхаа алчуураар арчиж цэвэрлээд явдаг байсан тул

    Тиймээс аягатай холбоотой үг хэллэг, хэлц Монгол хэлэнд олон байдаг. “Аяганы хариу өдөртөө Агтны хариу жилдээ” “Аяганы алгаас агтны алаг дээр” гэх юм уу “Аягатай нь уудаг, адуутай нь туудаг” хэмээн аягыг эрхэмлэсэн утга бүхий зүйр цэцэн үг нэн олон. Аягаа долоох нь амны хишгийг дууддаг, аягандаа үргэлж хүнстэй байхын билиг гэж, Амны хишиг нь хацарт нь тогтог аяганы ерөөл нь дүүрэн байг гэж ерөөдөг.

    Хүний ходоодны үйл ажиллагаанд хамгийн сайнаар нөлөөлдөг нь мөнгөн сав суулга, аяга аж. Мөнгөн аяганд хоол цай идэж уухад буйлыг бэхжүүлж, ходоод гэдсийг ариутган аливаа өвчин үүсгэгч нян бичил махбодийг устгах чадалтай. Мөнгөн аяга, халбага, сав суулганд хийсэн шингэн зүйлд мөнгөний ионууд уусаж хүний бие махбодид дамжин орно.

    Хүн бүр өөрийн аягатай байсан нь нэг талдаа тухайн айлын эзэгтэйд аяга таваг угаах ажил багатай, аливаа амьд бодгалыг тэтгэгч чандмана эрдэнэ болсон усаа ариглан хэмнэх байгаль экологид ээлтэй амьдралын хэв маяг байж…

    Бохир аягаар дамжих элдэв өвчин, тэр дундаа амны хөндийн өвчин, ходоодны бадган хорхой буюу хеликобактериас тун сайн хамгаалдаг байсан. Нүүдэлчин монголчуудын дунд аливаа халдварт өвчин харьцангуй бага байсан нь цэвэр тунгалаг агаар ус, мөнхийн хөдөлгөөнтэй амьдрал гол нь аяга халбаганы ариун цэврийг энгийн байдлаар тун өндөр үр дүнтэй сахидаг байсантай холбоотой биз ээ… Өдгөө нийтийн хоолны газруудад угааж цэвэрлэсэн боловч өөр хүний идсэн аяга таваг, халбага сэрээг дамжуулан хооллодог болсон, хэдий технологийн дэвшил, халдвар ариутгалыг сайн сахиж байгаа ч хэрэв стандарт алдагдваас аяга тавгаар дамжих халдвар, хеликобактери зэрэг тархах тун таатай шалтгаан болдог ажээ.

    Гэтэл сүүлийн үед олноор бий болсон кофе шоп, бэкерины газрууд гялгар ууттай нэг удаагийн хуванцар халбага сэрээг ихээр хэрэглэх болсон нь байгальд ээлтэй минималист амьдралын хэв маягтай байсан монголчуудын төдийгүй орчин цагийн дэлхий нийтийн маш том асуудал болсон нийлэг уут, хуванцрын хэрэглээг өдөөдөг бололтой.

    Хоол идэж, тараг сүү уусны дараа аягаа долоох нь хоолойн мах буюу гүйлсэн булчирхайн маш сайн дасгал болж хоолойн элдэв өвчнөөс хамгаалах чухал арга юм, ийм учир аягаа долоож байх нь хоолойн гүйлсэн булчирхай үрэвсэхээс сэргийлэх маш үр дүнтэй арга гэдгийг Монголчууд мэддэг байж.

    Уран шаглаа, угалз хээ бүхий уутанд ур хийц сайхан, мөнгөн аягаа хийчхээд авч явах нь Монгол эр хүний нүнжиг, бэл бэнчинтэйг илтгэх гоёл болдог байсан.

  • Дугарсүрэнгийн БАТЗОРИГ (Bazo)- Зураач, орчин үеийн урлагийн нэрт төлөөлөгч

    Монголын Урчуудын Эвлэлийн нэрэмжит Шагналт /зураач/ МУСТА. Монгол улсаас анх удаа ОХУ-д бүрэн хэмжээний орчин үеийн урлагийн үзэсгэлэн толилуулсан. Дэлхийн 10 гаруй орны орчин үеийн урлагийн музей, галлерейд үзэсгэлэнгээ толилуулсан.

    1979 онд Сүхбаатар аймаг,Эрдэнэ-Цагаан суманд төрсөн.

    Боловсрол:

    1997-2000 “Сэтгэмж” Дизайны Дээд Сургууль

    1999-2004 ДУДэСургууль, Уран зургийн анги

    Ажил:

    2013 Монголын Урчуудийн эвлэлийн удирдах зөвлөлийн гишүүн

    2012 “Хөх нар” орчин үеийн урлагийн төвийн удирдах зөвлөлийн гишүүн

    2009-2012 “Хөх нар” орчин үеийн урлагийн төвийн тэргүүн

    Бие даасан үзэсгэлэн:

    2019 “1×2 REPETITION 1×2” “Улаан гэр” бүтээлч орон зай

    2014 “Хэлбэр үгүй хэлбэр” 976 Арт галерей

    2011 “ЭКО+БИО+УБ=2011” Занаду Арт галерей

    2009 “1х2 ДАВТАМЖ 2х1” Занаду Арт галерей

    2007 “1х45 хүрдэн” Глобус галерей, Санкт-Петербург хот, Орос улс

    2007 “Art works of BAZO” МУЭХ

    Хамтарсан үзэсгэлэн:

    2017 Олон улсын орчин үеийн урлагийн үзэсгэлэн,CHINA ART MUZEUM,SHANGHAI

    2017 Чонжу биенналь,Солонгос

    2016 “ Mongolia Contemporary Art” үзэсгэлэн, МУЭ

    2016 Олон улсын орчин үеийн урлагийн үзэсгэлэн,  Амерка

    2016 “ Торгоны зам “ үзэсгэлэн, МУЭ

    2015 Олон улсын орчин үеийн  үзэсгэлэн, Япон Амерка

    2015 JIA Pingwa cultural музей, Хятад

    2015 Франц Монголын 50 жил үзэсгэлэн, Saint-Cloud галерей Франц

    2015,2016 “ Nord Art “ олон улсын үзэсгэлэн, Герман

    2014 “ Эсвэл “үзэсгэлэн, МУЭ

    2014 “ Цагаан ба Хар” Мааршал Арт галерей.

    2014 “ Х.Чойбалсан” Монголын брэнд Мааршал Арт галерей,

    2013 “ Нүүдэлчидийн ухаан” Монгол ба Франц Монголын Уран Зургийн Модерн Арт галерей.

    2013 “ Монголын орчин үеийн урлаг” МС галерей, New York, USA

    2013 “ Цаг хугацаа ба орон зай” Хаан банк “Улаан гэр” Арт галерей,

    2012 “Азийн 27-р” олон улсын үзэсгэлэн, Тайланд

    2011 “Шилдэг бүтээлийн үзэсгэлэн, Монголын Уран Зургийн Модерн Арт галерей.

    2011 “Modern Mongolia from steppe to urban dynamics”, Гон-Конг

    2010 “Азийн 25-р олон улсын үзэсгэлэн” Монголын Уран Зургийн Модерн Арт галерей.

    2010,2012  “Land Art Mongolia 3600” биенналь, олон улсын үзэсгэлэн, Монголын Уран Зургийн Модерн Арт галерей.

    2010  “Нүцгэн байшин” үзэсгэлэн Пори-Ротердам-Улаанбаатар, Финлянд

    2010 “Mongolia &Mongolia” Red Gate gallery, Бээжин, Хятад

    2010 “Blue Sun Best Art” ILOFT function house, УБ

    2009 “Хамтарсан үзэсгэлэн” Чежү, Солонгос, Сингапур

    2009 “Art party of Mongolia” үзэсгэлэн Хөх нар арт галерей.

    2008 “Mongolia contemporary art” үзэсгэлэн, МУЭ

    2008 “Хамтарсан үзэсгэлэн” Токио, Япон

    2007 “Mongol Brand” үзэсгэлэн, МУЭ

    2007 “Art Forum” үзэсгэлэн ЗанадуАрт галерей.

    2006 “Хөх тэнгэр” үзэсгэлэн, ОХУ

    2006 “Land art” үзэсгэлэн МУЭХ

    2006-2010 “Art camp” үзэсгэлэн ЗанадуАрт галерей

    2006 “Зураас” үзэсгэлэн ЗанадуАрт галерей

    2004-2005 “Оны шилдэг бүтээл” үзэсгэлэн МУЭХ

    Олон улсын урлагийн хөтөлбөр:

     2013 “ Цаг хугацаа ба орон зай” Монгол солонгосын хамтарсан урлагийн хөтөлбөр

    2010 “ Нүцгэн байшин” урлагийн хөтөлбөр Пори-Ротердам-Улаанбаатар “Porignal” галерей Финлянд

    Шагнал:

    2017 Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан

    2017 Монгол Улсын Спортын Мастер (Үндэсний сурын харваа)

    2016 Монгол, Орос, Хятад гурван улсын Шилдэг бүтээлийн шагнал

    2014 Монголын Урчуудын Эвлэлийн нэрэмжит Шагнал

    2007, 2010 Монголын Уран Зургийн Модерн Арт галерейн шилдэг бүтээл

    2005 “Хавар-2005” үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийн шагнал, МУЭ

    https://www.facebook.com/dugar…

  • Батчулууны БАТЦЭНД- Монгол улсын зөвлөх инженер

    Монгол улсын зөвлөх инженер

    Боловсрол

    • Дулааны процессийн автоматжуулалтын инженер
    • Цахилгаан электроникийн удирдлага, төслийн удирдлагаар мэргэшсэн

    Ажлын туршлага

    • Эрчим хүчний удирдах газарт Дамжуулах сүлжээний шинэчлэлийн төсөл
    • Тайширийн усан цахилгаан станцийн төслийн Талбайн инженер
    • Барилга хот байгуулалтын яам, Замын үүдийн чөлөөт бүсийн Ерөнхий менежер, Замын үүдийн дэд бүтцийг сайжруулах төслийн удирдагч
    • Улаанбаатар Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн Зүүн түгээх төвийн дарга
  • Энхбаярын ТЭМҮҮН- Үндэсний реппер, уран бүтээлч

    Зураач, дизайнер, Үндэсний реппер.

    Дүрслэх урлагийн дээд сургуулийн зураасан зургийн бакалавр

    2018 оноос Booway хүүхдийн бүтээгдэхүүний брэндийг үүсгэн байгуулсан. Одоогоор үндэсний хувцасны хэв шинжийг орчин үеийн хэв загварт буулгах үйл хэргийг эхлүүлэн ажиллаж байна. Үндэсний реп, хип хоп урсгалаар уран бүтээлээ туурвидаг.

    Кудогийн спортын ногоон бүс 2 дан, дэд мастер цолтой.

    https://www.facebook.com/boowayofficial

  • Төрбатын ЭНХБАТ

    1985 онд Архангай аймгийн Тариат суманд мэндэлсэн.

    Эдийн засгийн сэдвээр дагнан бичдэг Монголын шилдэг сэтгүүлчдийн нэг. Аналитик сэтгүүл зүйгээр мэргэшсэн. МСНЭ-ийн “Ган үзэгтэн” шагналтан, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан, 2014, 2017 онд БАЛДОРЖ шагналын “Шилдэг 10”, 2018 онд Гранпри шагналын эзэн.

    БОЛОВСРОЛЫН МЭДЭЭЛЭЛ

    2004- 2008 онд “Оюуны өргөө” дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр дүүргэсэн

    АЖЛЫН ТУРШЛАГА

    2008- 2013 он “Монголын мэдээ” сонин, www.businessnews.mn, www.time.mn портал сайтад эдийн засгийн сэтгүүлчээр ажиллаж байсан.

    2013 оноос “Өнөөдөр” сонины Эдийн засаг, бизнесийн мэдээллийн албаны тоймчоор ажиллаж байна. Эдийн засаг, бизнес, уул уурхайн сэдвээр дагнан нийтлэл, сурвалжилга, ярилцлага бэлтгэдэг.
    2018- 2022 он Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клубын УЗ-ийн дарга
    2022 оноос Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клубын УЗ-ийн гишүүнээр ажиллаж байна.

    ГАРГАСАН АМЖИЛТ

    2013 онд Монголын Хэвлэлийн хүрээлэнгээс зохион байгуулдаг Эдийн засгийн шилдэг нийтлэл шалгаруулах уралдаанд “Хөрөнгөө өсгөх зам” нийтлэлээр тэргүүн байр.

    2014 онд Сэтгүүлзүйн салбарын чансааг тодорхойлдог “Балдорж” сангийн шагналд “Доллараар цангаах Золжаргалын стратеги”, “Шинэ төмөр зам тавих хүсэл ба шинэчлэлийн тэргүүний хясал” нийтлэлээрээ шилдэг аравт

    2018 онд “Балдорж” сангийн Гранпри шагналыг “Өнөөдөр” сонины сэтгүүлч Ж.Сувдмаа, П.Энхбат “Уул уурхайтай ханилсан орчин цагийн малчин” сурвалжлага, “Хариуцлагатай уул уурхайн эрэлд” цуврал сурвалжлагаараа хүртсэн.

    2021 онд Хөдөлмөрийн хүндэт медаль

  • Дамдины ЦЭЦЭГЭЭ- Нүүдлийн соёлын аялал жуулчлал

    Уламжлалт анагаах ухааны магистр, Аялал жуулчлалын бизнес эрхлэгч

      • “Биг Блью Фловер” аялалын компанийн үүсгэн байгуулагч, захирал.
    • “Дэлхийн Морьтнууд” төслийн хэрэгжүүлэгч  “МОНГОЛ БРЭНД-МОРИН ӨРТӨӨ” 1000 километрийн холын зайн хурдан морины уралдааныг 4 жил зохион байгуулж, телевизийн контент бүтээсэн. Холын зайн 1200 км-ийн морь, тэмээ, сарлаг, цаа унаж аяладаг адал явдалт аялалын хөтөлбөрийг санаачилан хөгжүүлж ажилласан. 
      Big Blue Flower LLC organized 1200 km expedition for the first time changing 4 different animals to travel from Gobi desert to reindeer region . We are presenting each animal sections into 4 episodes. We will show you camel, yak, horse and reindeer episodes.
    • Монголын иогийн холбооны гишүүн, олон улсын иогийн багш, Бадамлянхуа иогийн сургалтын төвийн багш.

    https://www.facebook.com/BigBlueFlowerAdventures

  • С.Ундармаа Нууц товчоо ХХК-ийн захирал, МНТ, Онгийн нууц, Торгоны замын нууц баазуудын үүсгэн байгуулагч

    #НУУЦУУДЫН_ЦААНА Надад хөдөө агаарт алхаж хөдлөх ажил буюу аж ахуйн ажил илүү тохирдог. За хүүхдүүд ээ хаяагаа сөх, энэ хаалганы нугас салах нь байна, энийг ийш нь өргөөд тэгэж байрлуул, одоо бүх өрхөө тат, энийг хаа гэх мэтээр зохицуулах нь жуулчны баазын хамгийн том ажил байдаг. Аливаа засварыг хийхдээ, өнгө будаг сэргээхдээ хайнга хандаж огт болохгүй гэж сургадаг. Унтраалга солихдоо хүртэл анх байснаас нь өөр хэмжээтэй юмыг авчирч хийгээд зай завсрыг нь үзэмжгүй силкондчихдог. Ингээд анх хийсэн сайхан юмыг маань гутаах нь бий, би тэрэнд хамгийн дургүй. “Монголын нууц товчоо”, “Онгийн нууц”, “Торгоны замын нууц” гэхээр хэний тухай өгүүлэх гэж буйг минь ойлгосон буй заа. Тийм ээ, энэ том нүсэр баазуудыг гардан босгосон “цуцашгүй” хатагтай бол Ундармаа эгч. 

    #МОДНЫ_ИНЖЕНЕР: 1986 онд Москвагийн Технологийн дээд сургуулийг “мод боловсруулах технологийн инженер” мэргэжлээр төгссөн. УБ хотын мод боловсруулах үйлдвэрт ажиллаж байтал нийгэм эдийн засгийн байдал өөрчлөгдөж үйлдвэрийн байдал тодорхойгүй болж ажлаасаа гарлаа. Бусдын жишгээр ганзагын наймаанд явлаа, 1992 онд компанийн хууль батлагдахад компани байгууллаа, эргэлтийн хөрөнгөтэй болоод импортоор авто машины тос тосолгооны бүтээгдэхүүн оруулж ирдэг боллоо. Анхны хуримтлал үүслээ, ямар нэгэн бизнес суурьтай бүтээн байгуулалт хийх бодол төрж эхэлсэн. Тэгээд газар хайсан, Төв аймгийн Жаргалант сумын Ар толгой гэдэг газар маш таалагдсан. Ноён уулын үргэлжлэл, булаг устай, модтой. Хуучин цагт төрийн байгууллагын зуслан байсан газрыг орон нутгийн удирдлагуудын зөвшөөрлөөр авч мөрөөдөж байсан зүйлээ барьж эхэлсэн дээ. 

    #НУУГДСАН_АЗ: Баазын нэр маань түүхтэй холбоотой нэр байх ёстой гэж бодоод “Монголын нууц товчоо” хэмээх гайхалтай түүхэн судраар нэрлэмээр санагдсан. Гэвч энэ нэр надад олдохгүй байх даа гэж бодсоор “Улсын бүртгэлийн газар” руу очсон. Нэр шүүлгэх үед “Монголын” гэдэг үг болохгүй, харин “нууц товчоо” гэдэг нь болж байна гэв. Жигтэйхэн гайхаад одоо болтол “нууц товчоо” гэсэн компани байхгүй байна гэж үү хэмээн ажилтан хүүхнээс дахин лавласан. Ингээд л “Нууц товчоо ХХК” гэдэг нэр авсан даа, өөрөөр хэлбэл “нуугдсан аз” байсан. Баазын нэрэндээ “Монголын” гэдэг үгээ нэмсэн. Тус баазыг маш хурдан хугацаанд буюу 2004 оны зун барьж эхлээд 2005 оны намар ажиллахад бэлэн болгосон. Ерөнхий архитектор нь Монголд олон жил амьдарсан, дүнзэн байшингаар мэргэшсэн Юнтэ гэдэг солонгос хүн байсан. Бэлэн зураг төсөл байсан учраас маш хурдан барьсан. Ардын уран зохиолч П.Бадарч, Д.Пүрэвдорж, Ардын зураач Ч.Гунгаасүх гуай гэх мэт хүмүүсээс багагүй зөвлөгөө авсан. МНТ бааз маань үйлчилгээний нэг том барилгатай, 7 гэртэй л эхэлж байлаа. Тэр үед барилгын ажилд 800 сая төгрөг зарцуулсан. 

    #МОДЫГ_ШҮТДЭГ: Мод гэдэг материал хамгийн үнэтэй. Мод бол амьсгалдаг материал, хүнд хамгийн сайхан энергийг өгдөг, хүнд хамгийн сайхан үнэрийг өгдөг. МНТ бааз 20 жил болсон хэрнээ модны үнэр нь одоо ч байж байдаг. Модоор юм хийхийн сайхныг мэддэг учраас өөрийн мэдэлгүй бүх бүтээгдэхүүн дотроос модон суурьтай бүхэн рүү анхаарал хандуулаад явчихдаг. Модыг шүтэж амьдардаг даа. Миний аав хими биологийн багш хүн байсан, бас маш их мод тарьдаг хүн байсан. Очсон газар болгондоо мод тарина, хөдөө суманд хүртэл 1000 цэцгийн хүлэмж байгуулж байсан. Миний хувьд модоор бүх баазаа босголоо, тэр чинээгээрээ мод тарих ёстой гэж үргэлж бодож явдаг. 

    #ЖУУЛЧИДТАЙ_ЗЭРЭГЦЭЭД: Усгүй шахам газарт “Онгийн нууц” баазыг байгуулсан. Манай салбарынхан андахгүй дээ, зочид буудлын үйлчилгээний материал хангамж нийлүүлдэг “Торгоны зам”-ын Нарантуяа, Жамбалсүрэн нарын бааз байсан газрыг тэднийхээ хүсэлтээр авсан. Нарантуяа маань Удирдлагын академид суралцаж байхдаа танилцсан найз бөгөөд манай баазыг авчих гэж санал тавьсан. Тэгээд 2010 онд шинэчлэн барьж байгуулах явцдаа тухайн баазын үйл ажиллагааг нь таслахгүйгээр урагшлуулсан. 

    #УЛАМ_ӨНГӨ_НЭМНЭ: УБ хотоос 520 км хол газарт барилгын материал татах хүнд байсан. Тийм учраас элс, шавар, чулуу гээд орон нутгийн материалуудыг ихээр ашигласан. Гадна талын фасаданд говийн чулууг сонгосон. Говийн чулуу маш гоё улаан хүрэн, ногоон алагласан өнгөтэй. Биднийг очиход нутгийн хүмүүс чулуугаа зөвхөн малын хороонд л ашиладаг, өөр зүйлд ашиглаж мэддэггүй байсан. Чулуунууд байгальдаа сайхан зохицдог, хэчнээн их нар төөнөж, салхи бороо орж байсан ч улам өнгө ороод байна уу гэхээс хуучирч муудаад байдаггүй. Энэ сонголт маань их зөв болсон гэж боддог. 

    #ШАШИР_УУЛС: Баазын нэрэндээ мөн л “нууц” гэдэг үгээ ашиглахаар шийдсэн. Онгийн хийдийн туурьтай, мөн бидний өөдөөс хараад гурван “шашир” уул байсан. Шашир гэдэг нь ламын шашны зан үйлд өмсдөг малгай. Түүнтэй төстэй хэлбэртэй орой бүхий уулсыг нутгийнхан “Гурван шашир” хэмээн нэрлэж заншсан байсан. Тэдгээр уулыг бэлгэдэж гурван сүмийн орой бүхийгээр үйлчилгээний барилгаа барьсан. Гүний худаг шинээр гаргаж хийхдээ аль болох шүршүүр, 00-той байлгая гэж бодсон. Учир нь бааз барих ажил ид явагдаж байхад жуулчид ганц шүршүүрийн гадаа алчуураа мөрөн дээрээ тохчихсон дараалалд зогсож усанд орж байхыг өдөр болгон харж байлаа. 

    #ӨМНӨХ_ОРЛОГООР: МНТ баазыг барьсан 800 сая төгрөгийн зардлыг 6 жилийн дараа бүрэн нөхсөн. Зөв менежмент хийгээд, зардлаа зөв тооцоолж чадвал бүтээн байгуулалтуудыг хийж болохоор харагддаг. Манай салбарынхны ихэнх нь намайг том компанийн хөрөнгөөр бааз бариад байна гэж ойлгочихсон байдаг. Олж байгаа орлогоо зөв л хөрөнгө оруулалт болгохыг хичээсээр ирсэн. Мэдээж хэрэг нөхөртэйгөө анх ганзагын наймаа хийж байхдаа байгуулсан “Акума-Эрин” хэмээх толгой компанийн машин техник, тээвэрлэлтийн туслалцааг их авсан. Онгийн нууц баазыг барихдаа эхний МНТ баазаас олсон үр ашгийн хөрөнгөөр л барьсан. Хуримтлал үүсгэх нь чухал байдаг. Онгийн нууцыг 2009 оноос эхлүүлж 2010 онд ашиглалтанд оруулсан. 

    #ПАД_ПАД: Тэр үед “пад пад” гээд нэг трактор авааччихсан, нөгөөдөх нь талын нэг тарчихна, ажиллахаасаа илүү “жуулчны үзмэр” болдог байж билээ. Пад пад трактор маань тос маслоо хаа явсан газраа хаяад яваад байна, жуулчид “ийм техник бас байдаг аа” гээд л зураг их дарна. Тэр трактороор “үзсээр” байгаад ард нь гарсан даа, ккк. Хад чулуутай газар байсан учраас ажлыг их удаашруулж байсан ч зүтгэсэн. Онгийн нууц бол МНТ баазаас хойш 5 жилийн дараах бүтээн байгуулалт учраас тэр хооронд ойлгож хуримтлуулсан туршлага, хүний нөөц, хөрөнгө мөнгөн дээр бас л хурдан шуурхай боссон бааз юм. 

    #ОХИНЫ_САНАА: “Торгоны замын нууц” баазыг барьж байгуулах санааг охин маань зүтгүүлсэн. Миний хувьд хоёр том бааз бариад жаахан сэтгэл санаа хойш суух янзтай болчихсон байсан. Бидэнтэй олон жил хамтран ажилласан Даваа гээд мужаан байдаг, тэр маань “манай ах Хархоринд жуулчны баазтай, өөрөө Америк явах гээд байгаа юм аа, тэр баазыг аваач” гээд олон удаа санал тавьсан. Анх очиход 2 жижиг байшин, нэг гал тогооны байр, нэг гэр байсан. Харууц сайтай сайхан газар байсан учраас авахаар шийдсэн. 

    #КОВИДЫГ_АШИГЛАСАН: 2019 онд ажлаа эхлүүлээд байж байтал цар тахал эхэлсэн. Зарим үед УБ хотод ирээд хөл хорионд ороод гацчихна, эсвэл Хархоринд очоод гацчихна. Гэвч Ковидын үеийг харьцангуй сайн ашигласан, учир нь юмны үнэ өсөөгүй байсан, 2019 оны 10 сар гэхэд ихэнх бараа материалаа татаад ачуулчихсан байсан тулдаа амжуулсан. Гэвч зарим материалын тоо зөрөх, дутах, бараагаа авч чадахгүй байх, хулхидуулж мөнгө ч үгүй, бараа ч үгүй болох тохиолдлууд байсан. Олон жилийн харилцаатай байсан хэрнээ хуурч зугтсан. Харин ажиллах хүчний цалин хөлс арай өсөөгүй байсан, хэдэн сараар байрлаж ажиллангаа гол ажлуудыг нугалж өгсөн. Ковидоос шалтгаалан хугацаа алдсан учраас бараг 4 жил зарцуулж байж 2023 онд бүрэн ашиглалтанд оруулсан. 

    #НУУЦЫН_ЗОРИЛГО: Баазын алхам бүрт, өнцөг булан бүрт өөрийн соёлыг шингээхийг хичээсэн. Жишээ нь гадна төмөр хашааны хээнээс эхлээд хаалганы бариулын чимэглэл, барилгын дээврийг Азийн барилгуудаас ялгаатай хийхийг зорьсон. Хархорин хот өөрөө өрнө дорныг холбож байсан Торгоны замтай асар холбоотой дэлхийн нийслэл байсан, дэлхийн түүхийг бүтээлцэж байсан учраас тэр үеийн түүхийг хүмүүст ойлгуулж харуулахыг зорьж “Торгоны замын нууц” гэж нэрлэхээр шийдсэн. Монголын түүх соёлоос алхам алхамаар нууцыг нь илрүүлэн гаргахыг хичээж бүх баазууддаа “нууц” гэдэг нэрийг өгсөн. 

    #ШАЛАА_УГААХААС_ИЛҮҮ: Тухайн үед АЖ-ын тухай хаана ямар сургалт байна, тэр бүгдэд яваад очдог байсан. Хаус кийпинг, тогоочийн сургалт, менежерийн сургалт гээд ямар ч сургалтыг нэг хэсэг алгасаагүй. Удирдах ажилтан хүн өөрөө сайн мэдлэгтэй байх ёстой, тэгэж байж ярина, зөвлөнө, заана, сургана, шаардана. Менежерүүддээ байнга хэлдэг. Ажилтнуудыг бөөгнүүлж байж сургах биш “хүн нэг бүртэй тулж ажилла, боломж олдож байвал нэг гэхгүй, хоёр гэхгүй, нэг хоёр өдрийн дараа гэхгүйгээр сургаж зөвлөж бай” гэж захидаг байсан. Манай АЖ-ын салбарынхны гол алдаа нь хүнээ сайн сургаж чадахгүй байна. Хавар бааз дээр ирсэн оюутнуудтайгаа ид гэрээ барьж, байшингаа цэвэрлэж, засаж янзалж, будаж байтал эхний жуулчид хүрээд ирдэг. Сургаж амжаагүй байтал жуулчны үйлчилгээнд шууд ороод явчихдаг. Сургалтыг тухай бүрд нь хийх чухал юм билээ. Шалаа угааж зогсохоос илүү шинэ хүнээ сургаж зогсох нь хамгийн чухал шүү гэж менежерүүддээ захидаг. 

    #ХЭЛМЭРЧ_ТӨДИЙ: Торгоны замын нууц баазыг өвөл ажиллуулахаар бэлдэж байгуулсан боловч өвөл жуулчин ирэхгүй байна. Бүх гэрүүд рүү шугам хоолой орчихсон байгаа, нэг ажиллавал бүгдийг нь ажиллуулах хэрэгтэй болно, тэр болгонд зардал гүйнэ, гэвч өвлийн жуулчин алга. АЖ-ын салбар хоорондын уялдаа, хөтөч, жолооч нар ч гэсэн чанарын хувьд их мууджээ. Хэт хувиа бодсон, баг болж ажиллахдаа муу, баазтай хүртэл хамтарч ажилладаггүй, ямар нэгэн алдаа гарсан хойно л алдаагаа ярих гэж л харилцдаг. Хэдэн жилийн өмнө бүх зүйл энэ салбарт эмх цэгцтэй байсан. Өмнө нь хөтчүүд жинхэнэ “хөтөч” байсан байна, одоо бол зүгээр л “хэлмэрч” төдий л байна даа.

    Нийтлэлийг бичсэн: Чойбалсангийн Буянбадрах
    Эх сурвалж: https://www.facebook.com/tamirbuyan

  • Мягмарсүрэнгийн ДОРЖДАГВА- Уртын дуу судлаач, уртын дуучин, өв тээгч

    Уртын дуу судлаач, уртын дуучин, Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан бөгөөд тэрээр уртын дууны судалгаанд жинтэй хувь нэмэр оруулсан.
    Тэрээр Монголын төрт ёсны айзам уртын дуунуудыг бүрэн бүтэн дуулж бүтээсэн. Айзам уртын дуунууд 17- 37 минутын хугацаатай байдаг.

    “Чингис хааны мэндэлсний 850 жил”-ийн ойд зориулан “Эртний сайхан”, “Түмэн эх”, “Хуур магнай”, “Дуртмал сайхан”, “Хэрлэнгийн бараа” /баръяа/, “Их замбуутивийн наран”, “Асарын өндөр”, “Эрхэм төр”, “Энх мэндийн баяр” зэрэг Монголын төрт ёсны уламжлалтай хамаарал бүхий есөн дууг багтаасан “Монгол төрийн уртын дуу” бүтээлийг хэвлүүлсэн юм. Түүний энэхүү бүтээл нь өдгөө Монгол төрийн түүхийн музейд залагдсан билээ. 

    МОНГОЛ УРТЫН ДУУ

    Монгол уртын дуу нь нэн эртний уг гарвалтай учир  Азийн өргөн уудам нутагт тархсан монгол угсаатны бүлэг бүрт олон төрөл зүйлээр хадгалагджээ. Уртын дуу монголчуудын өдөр тутмын аж ахуй амьдралаас өгсүүлээд төрт ёс, шашин шүтлэг, зан үйл хүртэл асар өргөн цар хүрээнд хэрэглэгдсээр иржээ.  Тиймээс уртын дуу нь:

        -Төрийн дуу;

        -Айзам дуу (айзан, айдам, айдон);

            -Шасдир дуу (үйзэн);

                -Гүр дуу;

                -Цоор дуу;

                -Аж байдлын дуу (бэсрэг, шавшаа, гэгэлгэн) гэсэн ерөнхий төрлүүдэд хуваагдан хөгжиж, өнөө үед уламжлагдсныг монгол туургатны хэмжээнд бодитоор харж болно.     

    Монгол уртын дуу: Монгол Улсын нутаг дэвсгэр бүхлээрээ; ОХУ-ын Буриад, Халимаг, Тува; БНХАУ-ын Өвөр монголын ихэнх нутаг, Шинжианы Ховог Сайр, Бор талын торгууд монголчууд, Цинхай буюу Хөх нуурын дээд монголчууд, Цастын монголчуудад их, бага хэмжээгээр тархан хадгалагдсан нь улам бодитой болсоор байна. Үүнийг тархацаар нь авч үзвэл Их газар (Азиевро тив)-ын асар өргөн уудам нутагт монгол уртын дуу амьдарч байна гэж үзэх бүрэн үндэстэй юм.

                Монгол уртын дуу Хүн төрөлхтөний төлөөлөх чанартай соёлын өв болж баталгаажсаны үнэ цэнэ, ач холбогдол нь гэвэл, 

    Нэгдүгээрт: уртын дуунд хүмүүний аж амьдрал, сав шим ертөнц, байгаль дэлхийн зүй тогтлыг ухааран танисан олон мянган жилийн туршлага, байгалийг хүндэтгэн харьцах замаар хүн-байгаль хоёрын тэнцвэрт байдлыг хадгалах арвин мэдлэг агуулагдаж байна. 

    Хоёрдугаарт: хүний бие сэтгэл, оюун санааны цар хүрээ, дуу хоолойн ур чадварын өвөрмөц арга барил, өгүүлэхүйн эрхтэний нөөцийн өргөн боломжийг нээснээрээ; 

    Гуравдугаарт: ард түмний амар амгалан амьдрал, эв найрамдалтай оршин байхын сүлд дуулал болдгоороо онцгой содон, олон төрлийн үр өгөөжтэй урлаг болой.

    http://urtynduu.mn/

    ЯРИЛЦЛАГА УНШИХ
    М.ДОРЖДАГВА: УРТЫН ДУУ МОНГОЛ СЭТГЭХҮЙН ХЭМЖҮҮР

     Монгол хүн бүр сүрлэг сайхан уулын оройд салхины сэвшээнд нам гүмийг мэдрэн зогсохуйд дээр цэлмэг хөх тэнгэр, ээх шаргал наран, тэртээ доор уудам цэлгэр талд асгасан шагай мэт цайрах гэрүүд харагдаж, өөрийн эрхгүй тайвшрал амар амгаланг мэдрэн цээж дүүрэн уртаас урт амьсгаа аван зогсох дуртай гэдэгт итгэлтэй байна.

    Тиймдээ ч монголчууд бидний өвөг дээдэс зуун зууны тэртээгээс эх сайхан нутагтаа эзэн нь байж, хөх мөнгөн тэнгэр, хөрст алтан дэлхийн наран, саран, одод огторгуйг ажин, амьдралын хэв маяг аж байдлаас урган гарсан сэтгэлийн яруу эгшиглэнгээр уртын сайхан дууг төрүүлсэн бизээ. 

    Уртын дуу, дуучин, морин хуурч гурав бие биедээ уусан шингэж, нэгэн цул зүйл болсон мэт мэдрэмжийг сэтгэлийн гүнд төрүүлж чаддаг энэ сайхан урлагаар дамжуулан амар амгалан, тайвшралыг бэлэглэж, монгол хүн болж төрснөөрөө бахархах сэтгэлийг төрүүлж яваа Нүүдлийн соёл иргэншлийг судлах Юнескогийн Дэлхийн боловсрол, соёл шинжлэх ухааны төрөлжсөн байгууллагын эрдэм шинжилгээний ажилтан,  Уртын дуу судлаач, Уртын дууч Мягмарсүрэнгийн Дорждагва хэмээх эрхмийг энэ удаагийн VIP ярилцлагын зочноор урьсан юм.

    Тэрбээр “Чингис хааны мэндэлсний 850 жил”-ийн ойд зориулан “Эртний сайхан”, “Түмэн эх”, “Хуур магнай”, “Дуртмал сайхан”, “Хэрлэнгийн бараа” /баръяа/, “Их замбуутивийн наран”, “Асарын өндөр”, “Эрхэм төр”, “Энх мэндийн баяр” зэрэг Монголын төрт ёсны уламжлалтай хамаарал бүхий есөн дууг багтаасан “Монгол төрийн уртын дуу” бүтээлийг хэвлүүлсэн юм. Түүний энэхүү бүтээл нь өдгөө Монгол төрийн түүхийн музейд залагдсан билээ.

    Түүнтэй уулзаж ярилцсанаа хүргэж байна. Таалан болгооно уу.

    Уртын дууг сонсоход өөрийн эрхгүй Монгол сайхан нутгийнхаа хаа нэгтээ хараа бэлчээн алсыг ширтэн зогсох мэт нэг тийм сэтгэл гэгэлзүүлсэн сайхан мэдрэмж төрдөг. Яг түүнтэй адил таны дууг сонсоход өөрийн эрхгүй эрх чөлөөтэй цээж дүүрэн амьсгалмаар тэр мэдрэмжийг  авсанаа нуух юун. Та ер нь өөрөө уртын дуугаа дуулахдаа ямар мэдрэмж авдаг вэ?

    -Уртын дуу дуулахаар маш тайван байдаг. Бие болоод оюун санаа их тайвширдаг. Энэ нь өөрөө манай уртын дууны өөрийнх мөн чанартай л холбоотой. Ямар мөн чанар вэ гэвэл нүүдэлчин монголчууд морин дээрээ ч тэр, мориноосоо буугаад ахуй амьдрал дээрээ ч тэр тайван байдаг. Нэг ёсондоо хэн нэгний шахалтгүйгээр, ямар нэгэн дүрэм журманд баригдалгүйгээр өөрсдийн бий болгосон ертөнцийг үзэх үзлийнхээ хүрээнд амьдарч байгаа хэлбэрийн илэрхийлэл нь уртын дуу шүү дээ. Тэр уртын дуун дотор эрх чөлөө бий. Энэ утгаараа уртын дуу өөрөө Монгол сэтгэхүйн хэмжүүр болдог. Уртын дууг хэр ойлгож хүлээж авч байна гэдгээс та хэр монгол сэтгэлгээтэй, хэр зэрэг монгол мөн чанартай хүн бэ гэдгийг тань хэмжинэ гэсэн үг. 

    -Монгол уртын дууны шуранхайг алдарт дуучин Н.Норовбанзад шинэ түвшинд хөгжүүлж, Монгол Улсын Алдарт Гавьяат Дуучин Жигзавын Дорждагва, Монгол Улсын Соёлын Гавьяат Зvтгэлтэн Жамцын Бадраа гээд олон сайхан хүндтэй эрхмүүд уртын дууг 20-р зуунд дэлхий дахинд таниулсан. Өнөө цагийн уртын дуугаар дэлхийд нэрээ дуурсгах чадалтай уртын дуучинг нэрлэвэл?

    -Энэ нь үе үеэрээ хөгждөг түүхэн цаг хугацаа байдаг юм болов уу. Миний бодлоор одоо цагт зөвхөн уртын дуучинг дууриаж дуулах цаг үе нь юм. Цоодол гуайг, Гүндлхагва гуайг, Дорждагаа гуайг, Долгоржав гуайг, Дамчаа гуайг, Шархүүхэн гуайг, Норовбанзад гуайг, Чимидцэеэ гуайг,  Нэргүй эгчийг  дуурайж дуулах цаг үе дээр байна гэж ойлгодог.

    -Яагаад?

    -Энэ нь манай нийгэм соёлын байгаа байдалтай холбоотой. Яагаад гэвэл монголчууд бид их суурьшсан байна. Сэтгэлгээ өөрчлөгдөж байна. Уртын дуучин хүний уртын дуунд хэмжигдэж байгаа хэмжээс нь уртын дууныхаа энд хүрэхээ байж байна л гэсэн утга цаана нь явж байгаа.

    -Тэгэхээр Монгол хүн эрх чөлөөгөө алдаад байна гэсэн үг үү?

    -Мэдээж алдана шүү дээ. Энэ их мэдээлэлтэй орчинд цаг хугацаатай уралдан стресстэй амьдарч байна. Яг үнэн хэрэгтээ сайн ажиглах юм бол хүний оюун ухаанд хүлээж авах хурдны хязгаар байх шиг санагддаг. Тэр хурд хэтрэх юм бол хүн дарамтанд орж стрессддэг. Ингэснээр хүний тархи гэмтдэг аюултай юм байна. Энэ аюулаас болж, суурин  иргэншилтэй хүмүүсийн тархи нь гэмтсэнээс сэтгэцийн өвчлөл ихэсдэг. Даяаршлын нийгэмд суурин иргэншилд эрт орсон хүмүүсийн дунд тэр чиглэлийн өвчлөл маш өндөр байгаа.

    Нийгэм дээр тэр нь янз бүрээр илэрдэг. Тэгэхээр хүний үйл ажиллагаа, тархины хурд хязгаартай юм байна. Хорвоо ертөнцийн зүй тогтол, хурд хязгааргүй байж болох ч хүн өөрөө тодорхой хязгаартай юм байна. Харин тэр хурд, хөдөлгөөний хязгаарыг уртын дуу барьдаг юм байна. Тиймдээ ч уртын дуу тайвшруулдаг юм байна гэж ойлгодог.

    Цаг үе болгоны сонсогч өөр

    -Одоо цагийн хүмүүс нийгмийн стрестэй орчинд амьдарч байгаа атлаа гадаад дуу сонссоод тархиа улам ядраагаад бололтой. Ер нь хүмүүс уртын дууг хэр их хүлээж авч байгаа бол?

    -Цаг үеэ л дагадаг асуудал. Тухайн улс орон нийгмийн ямар зүг чигээ авч, ямар хөрсийг бий болгож явж байгаатай холбоотой юм л даа. 20 дугаар зууны эхэн үе, түүнээс өмнө жишээ нь уртын дууг заавал бүтэн дуулдаг, тэгж байж сэтгэл засах засал нь бүрэн гүйцэт болдог. Гэтэл тайзан дээр гарч ирээд уртын дууны уламжлалт зан үйлийг тайзны хэлбэрт оруулан засаад хасаад тохиролцуулаад дуурьлаг уртын дуу болгоод гаргаад ирсэн.

    Тухайн цаг үе нийгмийн оюун санааны хүлээн авч байгаа байдал өөрчлөлт, хувьсалтайгаа нийцээд нийцүүлж уртын дуучид өөрсдөө засаж тайзны уртын дуу гэдэг зүйлийг бий болгосон.  Үндсэндээ уртын дууг судлахад уламжлалт уртын дуу, тайзны уртын дуу гэсэн хоёр төрлөөр үргэлжүүлэх шаардлагатай болсон. Тэр үед хүлээж авах чадвар нь өөр болоод ирсэн. Тэгтэл зөвхөн тайзан дээр 1, 2,  3, минут дуулдаг дууг уртын дуу гэж ойлгодог болоод ирсэн.

    Ингэж явсаар байгаад социализмын цаг  үе дуусч, 1990 оноос арай өөр түвшинд ирсэн. Дэлхий нийт глобалчлагдаж, орчин үеийн хөгжмийн урсгал орж ирэн түүндээ уртын дууны хэсэг бүлэг аянуудыг дуулдаг болж. Бид уриа дуудлагын аянууд гэж нэрлэдэг юм. 

    Жишээ нь, “Эр бор харцага” дууг өрнийн хөгжмийн өөр урсгалтай дуулж байна. Энэ нь уртын дууны хөгжил гэхээсээ илүү цаад хөгжмийнх нь хөгжил болж таарч байгаа. Уртын дуу хөгжилдөө хүрээд зогсчихсон. Харин сонсох гэж байгаа хүнд хүргэхэд л дэвшил гарсан гэж болно. Цаг үе болгоны сонсогч өөр. Тэр болгоноороо уртын дуу бүтээгдээд, үлдээд өв болоод явдаг зүй тогтолтой юм байна гэж харж байгаа.

    -Уртын дуу үүссэн үүх түүхээс сонирхуулаач. Монголын уламжлалт дуу гэдгээс өөрийг мэдэхгүй хүн цөөнгүй байгаа болов уу?

    -Түүх гэдэг өнгөрсөн цаг үе. Бидний баримжаалж байгааар монгол хүн үүсэхэд л үүссэн. Байгальтай харьцаад, ахуй амьдралаа цэгцлээд эхлэхэд уртын дууны уриа дуудлагын елементүүд бүрэлдэж эхэлсэн бололтой. Археологийн шинжлэх ухаанд дулдуйдаад үзвэл Гурван газрын сав газар буюу одоо бидний шүтээн болсон Хэрлэн Онон Туулын эх, Хэнтийн уул орчмоор үүссэн. Тал дээр үүсээгүй шүү. Тал дээр байгалын  үзэсгэлэн ховор. Харин уул тал хээр хосолсон байгалийн төгс төгөлдөр газар уртын дуу үүсэн гэж судлаачид таамаглаж байгаа. Харин тал нутаг уртын дууны хөгжилд өндөр хувь нэмэр үзүүлсэн.

    Уртын дуу Хүннү гүрний үед нилээн хөгжсөн

     -Яаж?

    -Мэдээж хүмүүс амьдрах таатай нөхцөлд ахуй амьдралаа зохицуулна. Өсч үржинэ. Түлээ түлштэй, ан гөрөөтэй, өвс ургамалтай газар хүн амьдрана. Тэгээд өсөж үржээд уудам тал руугаа бууна аа даа.  Тэр үест уртын дуу нилээн хөгжсөн. Тэр үе нь Хүннү гүрний үе таарсан болов уу. Эндээс уртын дуу төрт ёсны зан үйлийн хэмжээнд хөгжин гарч ирсэн учраас л Хүннүгийн үеийн нийгмийн язгууртнуудтай холбоотой үүссэн гэдэг домгийг үлдээсэн болов уу.

    “Монгол төрийн уртын дуу бүтээл бүтсэн түүхээс хуваалцаач. Нэг дуу нь л 25-35 минут байсан. Урт хугацаанд дуулахад ямар мэдрэмж төрж байв. Тэр дундаас “Дуртмал сайхан” дууг онцолвол?

    -Төрт ёс гэдэг ёс заншил , зан үйл гэсэн утгатай шүү дээ. Уртын дуу өөрөө зан уйлийн үйлдэл. Улс үндэстэн угсаатны сэтгэлийн гүнээс гарч байгаа. “Дуртмал сайхан” дуу  хуучнаар Засагт хан аймгийн нутгийн чиглэлээс гарсан дуу юм билээ.

    “…Аяа зээ хө

    Дуртмал сайхан нарны өнгөтэй

    Тунамал өгүүлэшгүй сүлд тэмдэг маань

    Тусахуй нүдэн дор тодорхой зээ

     Үелэн нийлэгсэн хөг дууг

     Үлэмжээр эгшиглэн байхуй дор

     Үргэлждээ найрлан цэнгэх маань

     Сонсох чихэн дор тодорхойхон зээ…”

    Яг хэдийд үүссэн, ямар түүхийг давж, яаж хувьсан өөрчлөгдсөнийг мэдэх аргагүй. Бөөгийн шашны дуудлага, ан авын уриа дуудлага, цэрэг дайны уухай байсан ч байж  магадгүй. Таамаглах аргагүй. Ямар ч байсан “Дуртмал сайхан” дуунд бурхны номын, бясалгалын, таван мэдрэхүйн мөн чанар байдаг тул тэр талаас нь барьж дуулсан.

    ХБК хөгжим бүжгийн их сургуулийн Морин хуурын багш Б.Баттулга маань ширэн цартай хуураар хуурдсан. Энэ дуу нь одоогийн Завхан, Говь-Алтай зүгийн халхчууд, Засагт хааныханд найрын эхний 3, зарим  нутагт эхний 5 дугараа барихад дуулагддаг байсан юм билээ. “Дуртмал”, “Дуртмал сайхан”, “Зээ Дуртмал” гэх нэрүүдээр дуулагддаг байсан юм билээ. Энэ дууг Засагт ханы алдарт дуучин Гэлэнхүүгийн Поврон гэж хүн 1920 гаруй оны үед мал тууварлаж ирсэн. Тэр хүн Улаанбаатарт тайзны уртын дуу үүсэх гэж байхад нь ирсэн байгаа юм.

    Тэр үеийн төлөөлөгчид болох Дорждагва, Дамчаа, Гончиг гуай нарт зааж, тайзны уртын дуу буюу сурталчилгааны хялбарчилсан төрөл болсон түүхтэй. Миний хувьд өөрийгөө сорьж үзье гээд “Монгол төрийн уртын дуу” сэдвийн дор судалгаа хийж, есөн эрдэнийн билэгдэл болгоод яаж дуулдаг байсан тэр мэдрэмжийг л олж авах гэж хичээсэн. Би тэр мэдрэмжийг бага ч гэсэн олж авах юм бол тэр үндсэн мөн чанар нь таньд бага ч гэсэн хүрнэ. Бүрэн эхээр нь дуулах гэж нилээн олон жил оролдсон.   

    “Дуртмал сайхан” дууг 2002 онд дуулахаар бэлдэж эхэлсэн

     -Хэдэн жил?

    -“Дуртмал сайхан” дууг 2002 онд л би бүтнээр нь дуулах гэж оролдож байна гээд эрдэмтэн судлаачидтай уулздаг байлаа. “Ээ хүү минь ээ, наадах чинь тайзан дээр л одоо дуучид арай хийж 2-3 минут дуулж байгаа. Яаж бүтнээр нь дуулдаг юм боломжгүй” гэж байсан.  Гэхдээ тайзан дээр тэнхимийн орчинд бэлтгэл хийх шаардлагагүй юм байна лээ. Мэдээж тайзнаа онолын сургалтаа авна. Гол үндсэн бэлтгэл нь мэдрэмжээ сэргээх юм билээ.

    Хэдий би хөдөөний хүүхэд ч гэсэн хотод орж ирээд 2-3 жил болчихсон байсан нь техник технологийн орчинд миний байгалийн мэдрэмжүүд унасан байж. Тэр бүхнийг сэргээхийн тулд байгалийн дуу хоолойг сонсож, хавар намрын улиралд гол ус, уул хад, тал хээрт гарч дуулах гээд Баттулга бид хоёр зөндөө олон туршилтууд хийж байсан.  Тэр тухайгаа -Монголын төрийн уртын дуу” цомог дотроо эрдэм шинжилгээний хялбарчилсан тайлбар болгоод бичсэн байгаа.

    -Дуу нь яг хэзээ бэлэн болсон бэ?

    -“Дуртмал сайхан” дуугаа 2011 оны үед бичүүлсэн. Тухайн үед манайхан надад итгэхгүй байсан. Энэ бүтээлийн зөвлөх, шүүмжлэгчээр Академич Б.Энхтүвшин, доктор, профессор Н.Жанцанноров, Ц.Батчулуун, С.Дулам, Н.Уртнасан, Ш.Чоймаа, Л.Дашням, А.Очир, Б.Сумъяа, А.Алимаа, Э.Пүрэвжав, А.Майдар гээд хэл зохиол, үүх талаас нь судалсан олон сайхан хүн миний ард байсан. “За одоо яаж  байна, одоо ингэх үү, болж байна уу” гэсээр дуулж дууссаны дараа “Эртний уртын дууг ингэж дуулдаг байсан нь үнэн юм байна” гэж хэлсэн.

    Уртын дууг олон сар өдөр бэлдэж, ийм олон бадгаар нь, олон хоногоор дуулж байсан юм байна. Монголын энэ ахуй нутагтаа амьдарч байгаа хүн л дуулах юм байна гэж ойлгоцгоосон. Тэгээд л удалгүй “Монгол төрийн түүхийн музей”-д залсан. Тухай үеийн БСШУ-ны дэд сайд шийдвэр гаргасан. Яагаад гэвэл Уртын дуу маань дахиад сэргэлээ.  Зөвхөн бидний гэсэн өвийг хэн ч булаацалдахгүй.  Нийт хүн төрөлхтөний  дунд байгаа монгол үндэстэй хүмүүсийн уртын дууны өв соёлын голомт нь Монгол улсад байгаа шүү гэдгийг л тунхаглах зорилготой тэнд залж байсан.

    -Дуртмал сайхан дууг дуулахад гурван гүрэм уншсан мэт болдог гэж байсан?

    -Тийм. Жишээ нь “Бор борын бялзуухай” дууг дуулахад гал голомт бузартсан айлын засал болдог. “Дуртмал сайхан” дууг гэртээ дуулуулахад “Гурван гүрэм” уншсантай тэнцэнэ гэсэн баримт Завхан аймгаас баримт олдсон.

    Хонины бэлчээр дээр, найран дээр хэдэн цаг,

    яаж дуулаад байна гэдгийг судалсан

    -Тэгэхдээ л нэг дууг 25- 40 орчим минут тасралтгүй дуулна гэдэг төсөөлөхөд ч бэрх санагдана. Заримдаа хүн 4 минут ч дуулж чадахгүй хоолой хүрэхгүй үе байдаг шүү дээ. Хоолой хатах ч юм уу тийм үе байсан уу?

    -Байна л даа. Тэр чинь дэс дараалалтай илэрдэг золиг байна лээ. Олгой хагаравч тогоондоо, муу нуухаар сайн илчил гэж эхлээд манай тэнхимийн сургалтад мухардал байсан. Тэндээс олж авсан мэдлэг нь надад их хэрэг болсон. Зарим зүйл нь надад гай  болсон. Ялангуяа тайзны уртын дууны дуурьлаг хэв маягийн шахаж дуугардаг, хүчтэй орилж хашгирдаг барил их гай болсон. Түүнийгээ эхлээд арилгасан.

    Дараа нь уламжлалт уртын дуу буюу зан үйлийн уртын дууг эх хувилбараар нь сонсох шаардлага гарч ирсэн. Боржгинууд, Баян бараатууд, Завхан, Говь-Алтай нутгийн нутгуудын дуунуудыг сонсох шаардлагатай болж бодитоор нь хонины бэлчээр дээр, найран дээр хэдэн цаг, яаж дуулаад байна гэдгийг судалсан.

    -Нууцыг нь олов уу?

    -Судлаач хүний байр сууринаас ярихад ерөөсөө уртын дууны өөрийнх нь уг сургууль барил, монголчуудын дуу авиа өгүүлэх эрхтний гаргаж байгаа гаргац, эгшигт авиа гэж байна. Хүчдэл үүсгэдэг “Ха, Хэ” гэдэг авиа чинь хэлний угаар амьсгалын хэмнэлттэй хэлэгддэг. Тэр авиаг хатууруулах юм бол багалзуур шахагдаад дуурьлаг маягтай баригдмал уртын дуу болдог юм байна. Хашгираад л гурван минутанд чөлөөтэй гаргадаг. Тэр авиан зүйн талаас нь судалсан.

    Мөн хөдөөний орчинг тайван байдлаас харж, дасгал сургуулилт хийж судалж ирнэ. Удалгүй ирээд бичүүлэхэд яг л тэнд байсан төлөв байдал нүдэнд харагдана. Студид тэр мэдрэмж байх хэрэгтэй. Тэгээд мэдээж морин хуур байсан. Энэ есөн бүтээлдээ лимбэ ашиглаж амжаагүй. Хэдэн лимбэчидтэй нийлсэн ч яг туханй үеийн лимбэдэх арга барил арай өөр шатанд явсан.

    Модон цартай, хиймэл утастай хуур сонсоход маш сайхан дуугардаг мөртлөө байгаль дээр амьд сүнслэг дуу авиа муутай. Дуучинд нөлөөлж байгаа дуу авианы нөлөө нь удах тусам цаашлаад дуучин хүнээ ядраагаад төмөр нүдэж байгаа юм шиг болохоороо ядраад урт хугацаанд дуулах боломжгүй болгож байсан. Харин ширэн цартай хуур болохоор байгальтай маш ойрхон амьд сүнслэг хөгжим дуугарч байсан.

    Манай морин хуурч Б.Баттулга маань онгод тэнгэртэй  юм шиг хуурддаг. Ялангуяа ширэн цартай хуураар. Эхлээд ширэн цартай хуур гэдгийг манай хуурчид “Хуур юм уу, наадах чинь” гэдэг байсан. Үнэнийг хэлэхэд халуунд хөг нь явчихдаг, бараг л хуур биш гэх зэргээр хэлдэг байсан. Гэхдээ аргын тал гэхээсээ илүү билгийн тал ихтэй Баттулга маань сайхан хуурдсан.

    -Морин хуурын аялгуу өөрөө амьдралыг аргадах мэт яруу сонсголонтой байдаг шүү?   

    -Тийм. Өнгө болгон нь амьтай. Бүх гаргаж байгаа өнгө нь хоорондоо уялдаатай гүнээсээ  чанарлаг авиа дуурсдаг.

    Багш маань уртын дуунд дургүй хүнийг ч дуулдаг болгоно

    -Морин хуурын аялгуу, монгол сайхан уртын дууг хамтад нь сонсож, ойлгох нь монгол хүний төрөлх зөн совин биз ээ.  Харин “Найранд гурван дуутай” гэдэг шиг уртын дууг бүгд болчихвол. Тийм боломж байх болов уу?

    -Байлгүй яах вэ. Тийм боломж бололцоо байгаа шүү. Манай багш засуулч, Уртын дууч Баасанхүүгийн Батболд багш маань саяхан гавъяагаа үнэлүүллээ. Зүй ёсных. Яагаад гэвэл багш маань маш олон уртын дуу сонирхоод сурах аргаа олдоггүй эсвэл сонирхолгүй байсан маш олон хүнийг уртын дуунд дуртай болгоод заримыг нь дуулдаг болголоо. Энэ өөрөө түүхэн үзэгдэл.

    Судлаач хүний хувьд манай уламжлалт соёл урлагийн түүхэнд тохиосон онцгой цаг мөч тэсрэлт гэж ойлгож байгаа. Тийм учраас тэр гавъяа шагнал авах учиртай хүний нэг байсан. Энэ Батболд багш дээр очиж сурч болно. Багш маань уртын дуунд дургүй хүнийг дуртай болгоно. Дуулж чадахгүй хүнийг дуугардаг болгоно. Дуугараад цаашаа явдаггүй хүнийг дуулдаг болгоно.

    -Хамгийн анх уртын дуучин болох шийдвэрийг хэзээ гаргасан бэ. Аль эсвэл төрөлхийн дуучин байв уу?

    -Миний нууцыг л яриулах гээд байна уу/инээв/ Манай аав Завхан аймгийн Ургамалын  Сарт толгойн сарт голын хүн. Ээж Цэцэн уулын, Галуутын хөвөө тэгшийн хөндийн хүн. Ээжийн талд ч дуучид байна. Аавын талд Хошууны ноёны дуучин Охидой гэдэг хүн ч байсан юм билээ. Би саяхан тэрнийг судалж, суухдаа мэдсэн. Ноёны дуучин гэдэг төрийн дуучин гэсэн үг.

    Аав маань намайг төрөх үед Дорждагва гуай дуулдаг байж. Тэр хүнийг шүтдэг аав минь сайн дуучин болоосой гээд нэрийг нь өгсөн юм гэж амьд сэрүүндээ хэлдэг байлаа.Би тэгэхэд 12-13 тай хүмүүс хурим найранд авч яваад уртын дуу дуулад өг гэнэ. Аав маань насанд хүрээгүй хүүхэд хуриманд авч явлаа гэж уурлаад, би нутгийн хөгшчүүлийн дуулахыг сураад л. Тэгээд ингэж дуулдаг юм, дээл хувцсаа ингэж өмс, ийм байдалтай ингэж дуул  гээд нарийн бүхнийг багаасаа заалгасан. Аав минь их сайхан дуулдаггүй ч, дуулахыг хичээдэг, олон сайхан дуу мэддэг хүн байсан даа.

    Хожмоо 2000 оны  айхтар зуднаар манайх Завхан аймгийн Сонгино сумын Сонгинохайрханы баруунтаа өвөлжиж байгаад хэдэн малаа барчихсан юм. Би чинь ааваасаа хойш Мянгат малчин болно гээд 500-600 тооны малтай болчихсон байлаа. Тэр  хатуу өвлийн зуднаар хэдэн малаа өргөчихсөн. Тэгээд л “За мянгат болох гэсэн бардаггүй юм байна. Тэгвэл дуулдаг нэртэй юм байна. Дуулаад үзнэ ээ” гээд Өвөрхангай аймгийн Баянгол сумын харъяат, миний хайртай өвгөн багш Өөцийн Бат-Өлзий багшдаа шавь ордог юм. Одоо багш маань бурхны оронд байгаа даа.

    Багш маань намайг дуулуулж үзээд “За материалтай юм байна. Миний багшийн нэртэй адилхан юм байна. Би одоо өөрийн гарын шавьгүй яваа. Дорждагва багштай би, одоо Дорждагва гэдэг шавьтай больё гээд намайг авч байсан. Бүтэн жил дан амьсгаа авахыг заасан. Амьсгаа аваад дуугаа түрж гаргах тэр завсар маш богино. Маш чухал тэр богино завсар дуугаа яаж зарцуулах, яаж аялгуугаа дуусгах, яаж шингээж ширгээх үү, хоёр аялгуугаа яаж залгах уу, яавал цэвэрхэн залгах уу, амьсгаа алдуулж залгах уу гэдгийг заалаа.

    Уртын дууны амьсгаанд ил амьсгаа хулгайн амьсгаа гэж хоёр янз байдаг. Ил нь ийм, хулгайнх нь ийм. Амьсгаагаа яаж түгжих вэ, яаж тоолох вэ гэж бүтэн жил бэлдээд СУИС-д орж, Д.Чулуунцэцэг багшийнхаа удирдлаган дор 5 жил сураад төгссөн дөө.

     Уртын хэдэн дуу, хэдэн ном үлдэнэ. Хэрэгтэй бол өвлөгдөнө

     -Дуучин болж төгссөн хүмүүс ихэвчлэн зохиолын дуу руу орчихоод байдаг шүү дээ. Та зохиолын дуу дуулах уу?

    -Үгүй шүү. Хүмүүс ч надаас тэгж асууж байсан. Яахав оюутан байхдаа ганц нэг дуу энэ тэр болж л байсан. Тэгэхдээ энэ бол надад хэрэгтэй, бидэнд хэрэгтэй юм биш гэж ойлгосон. Би зохиолын дуугаар нийт монгол үндэстэндээ туслаж чадах нь юу л бол доо.  Би үндэстнийхээ соёлын өвд өөрийн ул мөрөө үлдээх нь юу л болдоо гэж бодсон шүү. Энэ л ойлголтоор шаргуу хичээллэдэг байсан багш нар маань мэдэж байгаа даа.

    -Уртын дуугаар ул мөрөө үлдээх хүсэгтэй гэж үү?

    -Уртын хэдэн дуу, хэдэн ном үлдэнэ. Хэрэгтэй бол өвлөгдөнө. Хойд насандаа л амьдрах гэсэн хүсэл минь. /инээв/

    -Монгол хүн байх мөн чанарыг дуугаараа дамжуулж хүргэх гэсэн хүсэл үү?

    -Хүүхэд байхад сонссон нэг яриа санаанаас гардаггүй юм. Бага байхад нутгийн ах нар хөгшчүүлээс “Та нар бидэнд юу үлдээсэн юм бэ” гээд асууж байхыг анзаарсан. Тэр үеийг санаж явтал морин хуураа олон улсад бүртгүүлнэ гээд эргэлзээтэй асуудлууд үүсч, Бадраа гуай, Жанцанноров гуайн өгүүлэлийг харлаа.  Тэгтэл Базарбат багш маань “Чи уртын дууны амьсгалын эрдмийг сурсан гэсэн”. Нагац ах намайг “Төрийн дуучин болох ёстой” гэсэн. Энэ бүхнээс зөвхөн өөрийн санаа бодлоор явж болохгүй гэсэн хариуцлага гараад ирсэн.

       Одоо намайг өтлөхөд хойч үеийнхэн надаас, таниас асууна. Бидэнд асуултаа тавихдаа “Монгол гээд бидэнд  юу үлдээсэн” гээд асууж “та нар биднийг өрнөжүүлчихсэн байна” гэнэ. Тэгэхээр зарим нь тэр үндэсний гэсэн бүхнээ нийгэмд зориулж хийх ёстойг ойлгосон. Одоо  би дөнгөж 30 гарч явна. Өөрийгөө бэлдэж боловсруулж байна. Уламжлалт уртын дуу, зан үйлийн төрөлх шинжийг бүрдүүлсэн “оргинал” материал бүрдүүлсэн сан бүтээж байна. Цаашдаа малын бэлчээр хумигдахын хэрээр өв соёл багасна. Яагаад гэвэл нүүдэлчин унаган соёл хумигдахын хэрээр бидний соёл ч хумигдана.

    Тэрнийг бид бэлхэнээ харж байна. Дэлхийн улс орнуудад соёл нь хумигдаад музейд тавигддаг болж байна. Тэгэхээр монголчууд соёлыг музейд харах биш өөрсдөө амьд хэрэглэдэг байхын тулд өнөөдөр бид хичээж байна. Ингэхийн тулд өөрсдөө л хэрэглэ. Хэрэглэж байгаа хүмүүс их болсон гэж боддог. Уртын дуу сонсдог, сурч байгаа залуучууд байна. Сурчих юмсан гээд явж байна энэ бол уламжлалалт соёлын авө сэргэж байна соинрхож байна.

    Нохой  хамартаа ус хүрэхээр усч гэдэг шиг монголчуудад нэг тийм зан байдаг. Яг нэг юм тулаад ирэнгүүт шийдвэр гаргадаг. Маргааш шуурна гэхэд л өнөөдөр амжиж нүүж байдаг. Энэ зан авир л д даа. Яах аргагүй тулаад ирж байна  Хүүхдүүд нь гадаадаар яриад эхлэхээр гэнэт санаа зовоо байна.  юу болж байна гэж цочрол авч байна. 

    Уртын дууг монгол хүн шиг дуулдаг бол онолын хувьд Монгол хүн

    – Таны хувьд  монгол хүн гэж хэн бэ?

    – Дэлхийн соёлын антропологи онолын хувьд монгол соёлтой хүнийг монгол хүн гэнэ.  Жишээ нь, монгол соёлд нэвтрэх, монгол хэл сурах, монгол цусгүй ясгүй байж болно.  Уртын дууг монгол хүн шиг дуулдаг хятад хүн бол онолын хувьд Монгол хүн гэж үздэг. Миний хувьд үндэсний үзэл  минь монгол хүн маань л монголоороо байх ёстой. Гэхдээ монгол  хүний өв соёлыг гадаад хүн сурч болно.

    Бид яагаад дандаа бусдын соёлын дайралтад өртөх ёстой юм.  Уртын дууг хятад хүн дуулж байна гэдэг монголоор сэтгэнэ гэсэн үг.  Оюун санаа нь  монголжиж байна гэсэн үг. Сэтгэлийг нь татвал бие нь хаана холдох вэ гэдэг үг байдаг даа. Гадаад хүмүүсээр дамжуулан үндэсний урлагийг даяаршуулах нь их чухал.  Бидтэд бинарын өв соёлыг  суралцах нь маш чухал тэгж байж монголчууд бидний үндэсний дархлаа  бат бөх болно

    -Суурь нь монголдоо байгаа гэдэг утгаар уу?

     -Тийм.  Мэдээж төв нь Монголдоо байна.  Бид яагаад дандаа урсгал дагаж  явах ёстой гэж сөрж болно биз дээ. Өвөрмонголд ч  уртын дуу бий. Хамтарсан соёл буюу Монгол ба Хятадын уртын дуу гэж байдаг. Гэхдээ өвөрмонгол хүмүүс Юнейско-д бүртгүүлэх гэж хичээдэг нь нэгд, баталгааждаг, хоёрт уртын дууг монголчууд бүтээгээд хүн төрөлхтөнд өгч байнаа оюуны өв шүү гэдгээ зарлаж байгаа юм. Даяарших үүд нээгдэж байна. Бусад хүмүүс уртын дууг сурах, хөөмийг сурах, лимбэний битүү амьсгааг сурах үүд нээгдэж байна гэсэн үг.

    Гадаадынхан хэр сурах чадвар сайтай байдаг вм бэ

    -Сурах чадвар байна. Хөөмийг хөөмийлж, хуурыг таатж, уртын дууг дуулж байна. Мөн чанарынх нь  хувьд монгол хоол идээд, монгол ахуйд амьдраад ирэх юм бол адилхан болох байдал ажиглагддаг. Манай Нүүдлийн соёл урлагийн олон улсын хүрээлэн  өнгөрсөн хэдэн  жидд нэг хятад, нэг япон, нэг швед,  нэг герман хүнд уртын дуу зааж  туршилт хийсэн. Тэд өөрсдийнхөө мэдэхгүй сонин содин зүйлтэй тулгардаг юм билээ.

    Могой зүүдэллээ, чоно зүүдэллээ, уул хад зүүдэллээ.

    Ийм зүүд байдаг юм уу гэдэг 

    -Жишээ нь?

    -Ялангуяа байгальд гараад дуулж, монгол ахуйд хоол хүнс хэрэглээд ирэхээр зүүд их өөрчлөгдлөө гэдэг. Могой зүүдэллээ, чоно зүүдэллээ, уул хад зүүдэллээ. Ийм зүүд байдаг юм уу гэнэ. Суурин газрын амьдралын хэмнэлтэй хүмүүс чинь яаж энэ бүхнийг зүүдлэх юм. Хүн өөрөө хичнээн хотжоод оюун санаа мэдрэмжгүй болооод ирсэн байна. Одоо  хүний мөн чанар дотор нь байгаа гэсэн үг. Герман хүн гэхэд байгалийн мэдрэмжээ алдчихсан байна гэсэн үг. Гэтэл тэр хүн энд 7 хоног байгальд уртын дуу дуулаад, морь унаад  явахаар могой  лус савдаг чоно буга зүүдэл байна. Тэгээд өөрөө гайхаад байгаа юм.

    -Тэр хүнд онгод орж байна гэсэн үг үү?

    -Тэр хүний байгалийн мэдрэмж, хүний мөн чанар нь л сэргэж байна гэсэн үг. Хүн чинь байгалийн амьтан шүү дээ. Тэгээд миний хоолой  ийм өргөн багтаамжтай байсан юм уу. Ингэж нугалаа гаргаж дуулж болдоиний зөн совингийн өөрчлөлт  дотоодл мөн чанарын өөрчлөлт ямар соинрхолтой юм бэ гэж байсан. Ийм байдал их  ажиглагдсан. Бид уртын дуу, морин хуур, хөөмийгөөрөө дамжуулж, хүн төрөлхтөнд  хэрэгтэй юм байна. Хэт их хотжилт хүн төрөлхтөнийг үгүй хийх нь гээд л байгаа, дэлхий сөнөх тухай ч яригдаж байна. Энэ цаг үед бидний амиа тавин хадгалж ирсэн нүүдэлчдийн  өв соёл л тус болно. Нэг талаараа дархлаа тогтооно. Хүн байгаль хоёрын харилцааг тэнцүү байлгах хэрэглүүр болно. Заримыггь сэргээнэ. Хамгийн голд нар энлээс мөнгө олох юм  байна шүү гэж хараад бйагаап

    -Зөн совин сэргэнэ гэдэг сайхан тийм үү?

    -“Монгол хүн зөн совингоороо, хятад хүн бэл бэнчингээрээ” гэж ярьдаг. Тэгэхээр энэ зөн совин бидэнд мэдээ дохиог ил өгдөг. Харин хөөмийн цууранд  далд хөгжим байна гэж Япончууд судалгаа гаргасан. Далд мэдээ дохиогоо алдаагүй учраас үүнийгээ давуу тал болгоод өнөөдрийг хүрсэн юм байна. Түүхийн туршид энэ чанараараа бидний хөгжмийн урлагт шингэсээр ирсэн байгаа гэдгийг Япончууд тогтоосон. Шууд сонссогдохгүй амьд сүнслэг чанар биднийг хэдэн зууны туршид дэлхий дээр оршин тогтнох боломжийг авч ирсэн.

    Уртын дууны орчин хумигдаад байна

    -Өөрийн эрхгүй ардын дуу сонсохоор юм бичмээр санагдаж, дагаад аялж суудаг

    -Монгол хүн та хэмжигдэж байна. Та монгол сэтгэлгээтэй хүн байна. Гадаад  хүн ч сонсоод тайвшраад байна. Манай “Хөсөгтөн хамтлаг” гадаадад очоод яаж байна. Суурин иргэншилд тогтсон хэв маягийг тэдний эх байгальтай ойртуулсан тоглолт амьд сүнслэг чанараар олны анхаарлыг татдаг. Одоо Монгол уламжлалыг дэлхий сонирхож байна.  Юнескогийн Монгол дахь нүүдлийн соёлыг судлах судалгааны салбар хүрээлэн өв соёлоо уламжлуулахаас гадна уртын дууны орчин хумигдаад байна гэсэн судалгаа гаргасан.

    Учир нь хурим найрын үеэр уртын  дуу дуулах гэхээр “Өө боль уртын дуу дууллаа.  Зохиолын дуу дуул” гэдэг. Гэтэл хуриман дээр буруу зөрүү үгтэй дуу дулахаар хар инерги болж, өнөө айл  нь өөдтэй явдаггүй. Уртын дуугаар билэгдэж болж өгвөл гурван уртын дуу дуулж сайны ерөөл өргөдөг. Бадаг бүртээ гүн ухааны эртнээсээ уламжилж ирсэн аав ээжээ магтсан, амраг хайртай хүн, хүлэг сайн морь, нутаг усаа магтсан дууг голлон дуулдаг. Одоо бол ямар ч хамаагүй зохиолын дуулаад байгаа нь харамсалтай л санагддаг даа.

    -Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын уран бүтээлд өндрөөс өндөр амжилтыг хүсье.


    МОНГОЛ ТӨРИЙН УРТЫН ДУУ БҮТЭЭЛИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ СОНСОХ

  • MAL UP Nation | КОВИДЫН ДАРААХ БИЗНЕСИЙН ШИНЭ ДЭГ ЖУРАМ

    Короногийн дараа дэлхийн улс орнууд гарааны 1 цэг дээр ирнэ. Одоо бидний хөгжил гэж хөөрцөглөөд байгаад хуурамч шилэн бөмбөлөг хагарна. Хүн төрөлхтөн өөрсдийгөө цоо шинээр тодорхойлно. Байгальд ээлтэй болж, элдэв маяглал, тансаглалгүй энгийн амьдарч эхэлнэ. Амдралынхаа үнэ цэнтэй зүйлсийг дахин шинээр тодорхойлно. Хоосон, хиймэл, зохиомол бүхний араас хөөцөлдөж, тээг, садааг өөртөө бий болгож, утгагүй зүйлд амьдралаа үрж байгаагаа ойлгоно. Байгаль эх дэлхий, орчлон ертөнцтэй зөрчилгүй нэгдмэл оршин амьдрах шинэ дүрэм эхэлнэ.

    Элдэв хогон хүнс багасаж, эко, шинэ хүнсийг дотоодоосоо хангахыг чармайж эхэлнэ. Дотоодын үйлдвэрүүд эрс сэргэнэ. Улс үндэстэн бүр өөрийн давуу тал, байгалийн нөөцрүүгээ анх удаа ухамсартайгаар ширтэнэ. Эх дэлхийн хэвлийг ухаж сэндийчих, байгалийг захирна гэж андуурсан хөөрцөглөлүүд газардана. Уугуул соёл ингэншлүүдийн ололтыг гэнэт ухаарч бахархана. Даяаршил гэсэн хоосон цэцэрхэл нурж, үндэстнүүд өөрсдийн өгөгдөл, ялгаралаа илүүтэй ухаарч ойлгоно.

    Энэ үед олон мянган жилээр байгальтайгаа зохицон амьдарсаар ирсэн Монголын тал нутгаас ЭКО ХӨГЖЛИЙН шинэ давалгаа эхэлнэ. Хуучин, муухай, өнгөрсөн баларсан гэж муулсан МАЛ од болно. Нүүдлийн соёл иргэншлийн ололтууд дэлхийн алтангадас болно. Дэлхий мянга мянган жилийнхээ жам ёсоор Монголоос дахин суралцана. Жил бүр байгаль эх бидэнд өгч байдаг нөхөн сэргээгдэх баялаг дээр тулгуурлан яаж аз жаргалтай, амар амгалан амьдарч болдогийг дэлхийд ҮЛГЭРлэнэ. Эрүүл энх, эрдэм мэдлэгтэй, чанартай, утга учиртай амьдрал бий болно.

    Наанаа амьтны эрх ярьж, начир дээрээ “Ферм” гэсэн гоё нэрээр амьтныг тамлан тарчлаах жам бус хэрцгийлэл эрс багасна. Байгаль өөрийн зүй зохирлоороо буй болгосон Нүүдлийн мал аж ахуй- тэнэг бүдүүлэг хоцрогдмол биш юм байна гэдгийг ухаарна. Байгалийн хамгийн үнэт баялагаа үл ойшоож байснаа ухаарч, малын хишиг буянг хэрхэн зүй зохистой боловсруулж ашиглах ёстойг тодорхойлж, нүүдлийн мал аж ахуйтай хослосон эко үйлдвэрлэлүүдийн бүрэн бүтэн тогтолцоо бүтэц бий болно. Төвлөрөл эрс саарч, залуус утга учиргүй шамбааралдаанаас зугтаж, эко, баталгаат амьдралыг өөрсдөө бий болгоно. MAL-ын амьсгалаас бусдыг ашигласан ECO брэндүүд хөгжинө. Нүүдлийн соёл иргэншилтэй хослосон газар тариалан, бэлчээр, ус бүрэн бүтэн болж, зүй зохирлоороо ажиллаж эхэлнэ. Эко үйлдвэрлэл, эко хотууд, дэд бүтэц цоо шинэ түвшинд хөгжихөд энэ тулгуур дээр Аялал жуучлал шинээр тодрон мандана.

    Байгаа юмаа юм болгож чадсаны дараа, дараагийн том боломжүүд үүцээ нээнэ!

    #MalUpNation #МалАжАхуйнОрон #ЭкоХөгжлийнҮлгэр

    УринХиад Ж.Лувсандорж
    2020 оны 1 сарын 7 | Сул сарын 25

  • ЭКО НОГООН БАРИЛГА ГЭЖ ЮУ ВЭ

    #Төсөөллөө_бодит_болго

    Та Байгаль экологид ээлтэй, эдийн засгийн хэмнэлттэй, дэвшилтэт, амины орон сууцтай болоорой.

    Ногоон барилгын ач холбогдол

    Ногоон барилга нь барилга барьж эхлэхээс ашиглалтад орсны дараах бүхий л хугацааг хамарсан ойлголт. Хүний эрүүл мэнд, байгаль орчинд ээлтэй байх, нөөцийг үр ашигтай ашигласан байх, барилгын ажлын төлөвлөлт, архитекторын шийдэл хийхээс эхлээд барилгыг барих үйл явц, ашиглаж буй барилгын материал, барилгын дотоод, гадаад орчин зэргийг бүхэлд нь цогцоор нь авч үздэг.1. Эрчим хүчний хэмнэлттэй

    Барилгын хийцлэлийн хувьд дулааны алдагдал хамгийн бага байх, гэрэлтүүлэг болон бусад инженерийн том шугамнууд нь автомат байдлаар ажиллахаас гадна эрчим хүчний хэмнэлттэй, хэрэглээндээ таарсан байх хэрэгтэй. 2. Усны хэмнэлттэй

    Сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий ухаалаг суултуур, далд бочки, холигч, шүршүүр зэрэг сантехникийн тоноглолууд нь усны нөөцийг хэмнэх боломж олгож байна.3. Дотор агаарын чанар

    Барилга доторх агаар сэлгэлт, цэвэршүүлэлт, хөргөлтийг шийдвэрлэсэн буюу агааржуулалтын системтэй байх шалгуурыг хангасан байх учиртай. 4. Тохиромжтой эргономик шийдэлтэй байхБарилгын зураг төсөл гаргахдаа хүний ажиллаж, амьдрах тав тухтай орчин нөхцөл, нөөц бололцоог тооцоолон өрөөний зохион байгуулалт, барилгын орц гарц, явган хүний зам, ерөнхий төлөвлөлтөд зөв тусгасан байх шаардлагатай. 5. Эко барилгын материал, технологи ашигласан байх

    Барилгад ашигласан материалууд хорт бодис, хүнд металлын агууламжгүй, эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхээргүй байх. 6. Стандартаар тогтоосон “Ногоон байгууламж”-тай байх

    Барилга нь өөрөө хүний эрүүл мэндээс гадна байгаль орчинд сөрөг нөлөөгүй байх ёстой. Орчиндоо бохирдол, хог хаягдал үүсгэдэггүй байх болон ногоон байгууламж, ногоон дээврийг зохих хэмжээнд зөв төлөвлөсөн байх ёстой. Ногоон дээвэр гэж ярих болсон нь ногоон байгууламж хийх хангалттай газаргүй бол барилгынхаа дээвэр дээр хийхийг зарим улс орнуудад журамлах болсон. Жишээ нь, Сингапурт барилгын 30%-иас багагүй талбайд ногоон байгууламж байх ёстой гэсэн шаардлага тавьдаг.

    Эх сурвалж: 
    Амины орон сууцны инновац хөгжлийн төв
    https://www.facebook.com/%D0%9…