Category: Uncategorized

  • 4. ХУВИЙН НАМТРАА ХӨТЛӨХ НЬ ӨӨРИЙГӨӨ ТАНИХ 1 АРГА БОЛОХ ТУХАЙД

    Хөгширсөн хойноо эсвэл алдартай хүмүүс л өөрийнхөө дурьдатгал намтыг бичдэг гэж боддог бол эндүүрэл. Өөрийгөө дүгнэж цэгнэдэг, өндөр бүтээмжтэй хүмүүс намтраа сар, жилээр нь үргэлж шинэчлэн бичдэг байна. Би энэ жилд өөртөө болон бусдад ямар өөрчлөлт шинэчлэлт авчирсэн, ямар алдаа, амжилт гаргасан, өөрийн мөрөөдлийн төлөө ямар алхамуудийг хийсэн, ямар зоригтой алхам хийсэн бэ гэдгээ дүгнэдэг. Хошигнож хэлвэл төсөл бичихээсээ өмнө “Би хэн бэ” гэдгээ бич. Ашиг орлого олох төсөл бичих гэхээсээ өмнө өөрийнхөө намтрыг бичиж сурах хэрэгтэй. Намтар гэдэг ойлголтыг зүгээр ажилд ороход бөглөдөг СиВи-ны хэмжээнд ойлгож болохгүй.

    Өөрийнхөө намтраа бичих гэхээр нэгэн хэвийн санагдаад, бичих зүйл олдохгүй байгаа бол та өөрийнхөө хийх зүйлээ олж чадаагүй байна гэсэн үг. Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ гэж асуухаар “Өө бусдын л адил даа” гэж хариулдаг бол бас л өөрийнхөө хийх ёстой зүйлээ олоогүй байна гэсэн үг. Бусдыг дагаж, бусадтай л адил байвал болоо, ингээд явж байтал болох л байлгүй дээ гэж бодоод яваад байвал та амьдралдаа өөрчлөлт хийж чадахгүй. Харин та өөрийгөө өнөөдрөөсөө арай илүү байх ёстой гэж бодож шинэ алхамыг хийхийн тулд өнгөрсөн амьдралаа эргэж нэг харах хэрэгтэй. Би юу мөрөөдөөд, мөрөөдлийнхөө төлөө юу хийсэн бэ, амьдралд минь ямар сорилтын цэг байсан бэ, ямар том алдаанууд байсан бэ, яг одоо ямар цэг дээр ирсэн байна вэ гэдгээ эргэж харахгүйгээр цаашаа явах боломжгүй. Тиймээс өөрийнхөө намтарыг “Би хэн бэ” гэдэг асуултанд хариулах хэлбэрээр бичиж эхлэх хэрэгтэй. “Би хэн бэ” асуултанд хариулж өөрийгөө талаарх төсөөллийг тодорхой болгосноор дараагийн алхамууд илүү тодорно. Би өнгөрсөн хугацаанд бусдын адил амьдраад өнгөрчээ. Гэтэл миний мөрөөдөл энэ байна, энэ мөрөөдлийнхөө төлөө ийм зүйлийг хийж болох юм байна гэсэн шийдлүүд тодроод ирдэг. Жил бүр өөрийн намтартаа ямар түүх нэмсэн, амьдралын номондоо ямар хуудас нэмсэн бэ гэдгээ үргэлж тодорхойлох ёстой.

    Жилийн эцэст гэж хойшлуулахгүйгээр яг одоо дэвтэрээ нээгээд “Миний амьдралын замнал” гэсэн гарчиг тавиад, Би … наслахдаа … мөрөөдөлтөй амьдарсан, энэ хүсэл мөрөөдлийнхөө төлөө ийм зүйл хийж бүтээсэн, би яг одоо энэ цэг дээр байна гэх мэтээр бичиж эхлэх хэрэгтэй.

    Намтар бичихэд туслах 10 асуултын дагуу хариулвал илүү тодорхой болох бөгөөд өөрийгөө хэзээ ч харж байгаагүй өөр өнцөгөөс харж чадна.

    1. Өөр хэнд ч байхгүй өөрийн чинь дахин давтагдашгүй шинж чанар юу вэ?
    2. Чи яг хэн байхыг хүсэхгүй байна вэ?
    3. 3 өдөр 3 шөнө юу ч идэж уулгүй, унталгүйгээр юуг тэгтлээ дурлаж хийж чадах вэ?
    4. Чамд хамгийн их гай болж байгаа зүйлс юу вэ?
    5. Хүссэн зүйлээ хийх бүх боломжийг тань бүрдүүлж өгнө гэсэн бол яг юу хийх вэ?
    6. Амьдралдаа хамгийн их аз жаргал мэдэрсэн мөчүүдээ бичнэ үү?
    7. Өөртөө байгаа бүх боломжоо жагсааж бичнэ үү?
    8. Амьдралдаа хийж байсан томоохон өөрчлөлтүүдээ хуваалцана уу?
    9. Үхэхээсээ өмнө заавал хийж амжуулах зүйлс?
    10. Насан эцэслэх цаг чинь иржээ гэж төсөөлье. Та амьдралынхаа хамгийн сүүлийн мөчид хэн байхыг хүсэж байна вэ? Юугаар бахархахыг хүсэж байна вэ?

    Эдгээр асуултын хариултыг шууд олоход хэцүү тул өнөөдрөөс эхлээд хариултаа хайгаарай. Ингэснээр та өөрийнхөө амьдралыг өөр өнцгөөс харж, таны намтарт шинэ хуудас нэмэгдэх болно. Хүн ямар нэгэн зүйл хийхдээ түүнийхээ үнэ цэнэ утга учрыг сайн ойлгохгүй бол чинь сэтгэлээсээ хийж чадахгүй. Тэгэхээр хүн өөрийнхөө намтарыг судлана гэдэг бол өөрийн түүхийг бүтээх, өөрийгөө танин мэдэх, өөртөө шинэчлэлүүдийг хийх хамгийн энгийн бөгөөд үнэ төлбөргүй арга юм. Ер нь хүний амьдралын хамгийн үнэ цэнэтэй зүйлүүд үнэгүй байдаг. Нэг нэгнээ хүндэтгэх, хайрлах, инээмсгэлэх, гэр бүлээ халамжилах, өөрийгөө судлах, хүүхэдтэйгээ тоглох гэх мэт. Гэтэл бид үнэтэй зүйлүүдийн хойноос яваад л байдаг. Харин хамгийн их үнэ цэнэтэй зүйлүүдээ үнэгүйдүүлчихдэг. Тиймээс өнөөдрөөс эхлэн өөрийнхөө үнэ цэнийг мэдрэхийн тулд намтараа бичиж эхлээрэй. Өнгөрсөн амьдралдаа гарсан том өөрчлөлт, сорилтуудаас эхлэн бичиж болох юм. Дараа нь амьдралдаа хийж байсан зоригтой алхам, үсрэлтийнн цэгүүдээ тодорхой бичээрэй. Эндээс таны амьдралын гол сорилт өөрчлөлтийн үе тодорхой харагдах болно. Магадгүй та ирээдүйд алдартай бизнесмен, бүтээлч хүн болвол таны өнөөдрийн эхлүүлсэн намтар чинь хойч үе, үр хүүхдүүдэд маш том өв болж үлдэх болно.

    Ж.Лувсандорж ӨНӨӨДРИЙН ТЭМҮҮЛЭЛ цувралаа

  • 3. ӨӨРТЭЙГЭЭ ЯРИЛЦАХ НЬ ӨӨРИЙГӨӨ ТАНИХ НЭГ АРГА БОЛОХ ТУХАЙД

    Хүн энэ хорвоод ирэхдээ өөрийн гэсэн хийж бүтээх зүйлтэйгээ ирдэг гэдэг. Хэрвээ хүн тэр хийх зүйлээ олж чадвал бусад бүх асуудал шийдэгддэг.

    Харин бид өөррүүгээ хандахын оронд гадаад материаллаг зүйлд хэт анхаарлаа хандуулж, хурдхан машинтай болох юмсан, хурдхан их мөнгө олох юмсан гэсэн бодлоор толгойгоо дүүргээд байхаас биш миний дотор юу байгаа билээ, миний сэтгэл зүрх юу хүсээд байна, юунд тэмүүлж, юунд дурлаж чадах вэ, би юунд амиа өгч чадах вэ гэж өөрийнхөө ертөнцрүү өнгийж харахгүй байна. Ороо бусгаа энэ цаг үед амьдралын хамгийн үнэ цэнэтэй, утга учиртай зүйлээ анзаарах сөхөөгүйгээр хоосон нэр алдар, эд хөрөнгө хэмээх солонгын хойноос хөөцөлдсөөр. Үргэлж л яарсан, сандарсан, тавчидсан, шунахайрсан. Юуруу яараад байгаагаа анзаарах ч сөхөөгүй, амьдрах завгүй амьдрал. Нэг л мэдэхэд бид өөртөө ч гаргах завгүй, би завгүй, би завгүй хүн гээд л, нэг л их завгүй юм хийж бүтээж байна гээд л бодоод яваад байдаг. Гэтэл энэ амьдрал чинь хэнд зориулагдаад байгаа юм бэ, хөндлөнгийн хэн нэгэнд зориулагдсан уу. Ингээд амьдрал чөтгөрийн тойрог шиг нэг л хэвийн тойрогт ороод эхэлдэг, гараас юм гарахгүй, шинэ санаа ч төрөхгүй бүх юм нэгэн хэвийн давтагдана.

    Тэгвэл та чөтгөрийн тойргоос өөрийгөө чөлөөлж, бодол санаагаа цэгцлэхийг хүсвэл өөртэйгээ ярих арга танд тус болно. Өөртөө зориулсан багахан цаг хугацаа таны амьдралыг илүү бүтээмжтэй, илүү баялаг болгодог.

    Жишээ нь бидний өвөг дээдэс жилийн эхэнд шинийн 8-нд хийморио сэргээнэ хэмээн уулын орой дээр гарч хараа бэлчээн сууж бодлоо цэгцэлдэг байжээ. Хий хоосон туйлширч машин тэрэгтэйгээ бужигнаж давхихдаа гол нь биш бөгөөд хамгийн гол нь хүн уулын орой дээр ганцаараа гараад би энэ жил юу амжуулчихав, би юун дээр алдав, юун дээр онов хэмээн өөрөө өөртэйгээ ярилцдаг нэг арга нь байжээ.

    Мөн залбирал, бясалгал хийх, голын эргээр зугаалах зэрэг нь өөртэй ярилцах хэлбэрүүд юм.

    Өөртэйгээ ярилцах аргачлал

    1. Толинд харж өөртэйгээ ярилцах. Тольны өмнө зогсоод өөрөөсөө асуулт асууж, хүнтэй ярилцаж байгаа мэтээр ярилцана. Энэ аргыг хамгийн сайн ашигласан хүн бол Дэйл Карнеги юм. Тэрээр 35 хүртлээ олны өмнө гарах нь бүү хэл хүнтэй юм ярьж чаддаггүй аймхай хүн байжээ.
    2. Бие эрхтэнтэйгээ ярилцах. Хүн өөрийнхөө эд эстэй хүртэл ярилцаж болно гэж мэдээллийн шинжлэх ухаан үзэж байна. Хорт хавдар өвчнийг эзэндээ гомдсон эсүүдийн бөөгнөрөл гэж тодорхойлж байна. Төр засаг болохгүй бол иргэд бослого гаргадаг шиг эзэндээ хайрлагдахгүй байгаа гомдсон эсүүд эзнийхээ эсрэг бослого гаргаж хавдар болдог байх нь. Гар хөл нь бүлээцдэггүй хүн бол гар хөлөө үрж илж таалах, толгой нь өвддөг хүн толгойндоо иллэг бариа хийх хэрэгтэй. Хүн мэдээллээс бүтэж байдаг. Тэгэхээр өөрийнхөө бие эрхтэнд мэдээлэл өгч, өглөө бүр эд эрхтэнээ хайрлаж, иллэг бариа хийж, ярилцвал маш сонирхолтой үр дүнд хүрч чадна.
    3. Байгальд ойр амьдрах. Бидний язгуур, үндэс маань байгаль эх. Тиймээс байгаль эхтэйгээ ойр байж, ууланд гарах, ойд хэвтэх, модын чимээ, навчисын сэрчигнээн, усны хоржигноон зэрэг байгалийн чимээг анирдан чагнах хэрэгтэй. Байгаль дээр байгаа зүйлс бидэнд зориулагдаж байхад бид бүгдийг анзаарах сөхөөгүй сохорчээ. Цэцэг ургаад, нар мандаад, гоё үүлнүүд хөвөөд, цонхны цаадахи болжморын жиргээнийг сонсохын оронд зурагтаа асааж хов живээр амьсгалж эхлэдэг. Амьдралын хамгийн гоё сайхан, өөрийнхөө хөг аялгууг сонсохоо болиод хөггүй гитар шиг хяхатнажээ.

    Одоо та өөртэйгээ ярилцах цаг гаргахын тулд өдөр тутмын 24 цагийг юунд зориулж байгаагаа жагсаан бичиж нэг бүрчлэн дүгнэлт хийх хэрэгтэй. Өөртөө гаргаж болох ямар цагууд байна вэ? Өглөө эрт үү, өдрийн цаг уу, цайны цаг уу, оройн цаг уу, унтахын өмнө үү, эсвэл шөнө дөлөөр үү. Та өөртөө зориулах цагаа зурагт, гар утас, интернэт, архи, тамхи, дэмий чалчих зэрэг зуршилуудад үрээд байна уу!? Гэртээ орж ирээд зурагтаа асаагаад орхичихдог. Зурагт үзэхээр ямар нэг юм хийж байгаа мэт, зурагтаа унтраахаар юм хийхгүй байгаа мэт мэдрэмж төрж байгаа бол та зурагтанд амьдралаа үрж байгаан шинж гэсэн үг.

    Таны амьдралыг үрдэг эдгээр дайснуудыг илрүүлмэгц өөртөө зориулах цаг гарч ирнэ дээ. Одоо та тодорхой алхам “Тэгж байгаад л нэг…” гэдэг үг үгийн сангаасаа хасаж, өдөрт ядаж 5 минут гаргаад өөртэйгээ ярилцах хэрэгтэй. Ингээд дадал болсоор яваандаа өдөрт нэг цагийг, бүүр сүүлдээ бүхэл амьдралынхаа цагийг өөрөө өөртөө зориулдаг болно доо.

    Ингээд та өөртэйгээ, дотор хүнтэйгээ, зөн билэгтэйгээ ярилцдаг болсноор, амьдралын тань үнэт зүйлс тодорхой болж, асуудал бэрхшээл багасаж, хий дэмий зүйлд цагаа үрэхээ больж, амьдрал тань илүү баялаг, илүү утга учиртай болно.

    Дараагийн дугаарт: Өөрийн намтар, түүхийг бүтээх нь өөрийгөө танин мэдэх арга

    Онлайн сонсох: http://mixcloud.com/luvsandorj

    Ж.Лувсандорж ӨНӨӨДРИЙН ТЭМҮҮЛЭЛ цувралаа

  • АЛТАЙ ЯТГЫГ ДУУРЬСГАХ ИХ ЁСЛОЛ- Монгол бахархалын төлөө нэгдэцгээе

    БЭЛТГЭЛ АЖИЛ

    АЛТАЙ ЯТГЫГ ДУУРЬСГАХ ИХ ЁСЛОЛ

    7-р зуурны дайчин баатрын ятгыг 1400 жилийн дараа Монгол баатар дахин дуурьсгав.

    2008 онд Монгол улсын Ховд аймгийн Манхан сумд хийсэн археологийн малтлагаар эртний нүүдэлчдийн хэрэглэж байсан ятгын төрлийн хөгжим олдсон. Уг зэмсэг нь 7- р зуун буюу эртний Түрэгийн үед хамаарч байгаа бөгөөд Монгол Улсад төдийгүй олон улсын хэмжээнд энэ төрлийн хөгжмийн анхны олдвор болохыг Герман Улсын Бонны Их Сургуулийн доктор Жан Бэрман болон эртний хөгжим судлаач Сюзанна Шүлц нар онцолсон байдаг. 1400 жилийн тэртээд бүтээгдсэн энэ хөгжмийн зэмсэг дэлхийн хөгжмийн археологийн түүхэнд түүний дотор чавхдаст товшвор хөгжмийн зэмсгийн судлалын гайхамшигт үзэгдэл болсон юм. 2011 оноос Монгол улсын түүхэнд анх удаа эртний үүх түүхтэй, үзүүлэх харуулах үзмэртэй, судалгаа шинжилгээтэй эртний нүүдэлчдийн хөгжмийг сэргээн нутагшуулах ажлыг Монгол угсаатны хөгжмийн товчооны тэргүүн Д.Ганпүрэв хийж, хөгжмийн зэмсэг урлаач П.Байгальжавтай хамтран сэргээн бүтээгээд байна.
    Алтай ятгыг сэргээн нутагшуулагч Д.Ганпүрэв нь Алтай ятгын хөг, эгшиг дуурьсал, хөгжимдөх боломжийг судалж тогтоохдоо нүүдэлчин монголчуудынхаа ахуй амьдрал, соёл сэтгэлгээ, домог зүй, тууль хайлах урлагийн арга барилын уламжлалд түшиглэсэн бөгөөд зэмсэгийн хийц бүтцийг шийдвэрлэхдээ нүүдэлчдийн язгуурын дуу хуурын бусад төрлүүдтэй хамтран хөгжимдөх тэдгээрийн эгшиг дуурьсалд нийцтэй байх талыг эрхэмлэжээ.

    Мөн нэрт ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ 2013 оноос Алтай ятга хөгжмийн хөг хөглөгөө, тоглох арга барилын судалгааг явуулж байх хугацаандаа “тус хөгжмийн зэмсэг нь тоглож буй тоглоочийг гүн төвлөрөлийн агшинд оруулж, сонсогчдын зүрх сэтгэлийг эзэмдэж, дотоод сэтгэлийг ховсдож чаддаг ямар нэг эрчимтэй холбогдсон амьд хөгтэй хөгжим” хэмээн тодорхойлсон байдаг.

    Алтай ятгын археологийн эх олдвор, судлаач Д.Ганпүрэвийн бүтээсэн хувилбар болон Германы эртний хөгжим судлаач Сюзанна Шүлцийн сэргээн бүтээсэн хувилбар нь 2014 оны 4- р сарын 8- нд Монголын Үндэсний Музейд дэлгэгдсэн “Талын дайчдын өв соёл” үзэсгэлэнд тавигдаж олон нийтэд хүрсэн.

    Монголын хосгүй үнэт өв соёл Алтай ятга, түүний аялгуу эгшигийг олон нийтэд анх удаа танилцуулж сонсгох АЛТАЙ ЯТГЫГ ДУУРЬСГАХ ИХ ЁСЛОЛ-ыг “Монгол бахархалын төлөө нэгдэцгээе” уриатайгаар 2014 оны 5-р сарын 16-ний 19:00 цагт, АСА циркд зохион байгуулж байна. Ёслолын ажиллагааны уран сайхны удирдаачаар Д.Ганпүрэв, зөвлөхөөр Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, найруулагчаар Натур даанс продакшний найруулагч Д.Энхбаяр, хөгжмийн найруулагчаар Бро’с рекордсын продюсер М.Болд /Томоо/, нэрт ятгачин Ч.Мөнх- Эрдэнэ, Бөртэ хамтлаг, Алтай хамтлаг, АСА Циркийн жүжигчид, Бүх Цэргийн Эрдмийн Дуу Бүжгийн Чуулгын найрал хөгжим, найрал дуучид, Хилийн Цэргийн Дуу Бүжгийн Чуулгын найрал дуучид тэргүүтэй 100 орчим уран бүтээлчтэй баг бүрэлдэхүүн ажиллаж байна.

    Цаашид Монгол Угсаатны Хөгжмийн Товчоо нь салбарын болон мэргэжлийн байгууллагуудтай хамтран Алтай ятгын сургалтын гарын авлага, хөтөлбөр боловсруулах, ятгачдыг сургаж бэлтгэх, Алтай ятгын голомт Манхан суманд Алтай ятгыг чуулга байгуулах, Алтайн язгуурын соёл уламжлалд суурилсан соёлын шинэ төрөл зүйлийг хөгжүүлж Монгол брэнд болгон дэлхий дахинд таниулах ажлуудыг төлөвлөн ажиллаж байна.

    БАРИМТАТ КИНО

    ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ

    АЛТАЙ ЯТГЫГ ДУУРЬСГАХ ИХ ЁСЛОЛ

    АЛТАЙ ЯТГЫГ ДУУРЬСГАХ ИХ ЁСЛОЛ by CREATIVE MONGOLIA

  • Монгол өв соёлоо өвлөн уламжлагч ЯРУУ ЭГШИГЛЭН хүүхдийн хамтлагийн анхны бие даасан тоглолтонд урьж байна

    Даяаршилын эрин үед улс үндэстний давтагдашгүй онцлогийн илэрхийлэл, үнэт өв бол язгуур урлаг, өв соёл билээ. Тиймээс өв соёлоо биетээр өвлөн тээж дамжуулах нь монгол хүний үүрэг. Монголын ирээдүй болсон хүүхэд бүр монгол дуугаа өвлөн дуулж чаддаг болж, дуугаар дамжуулан ёс заншил, өв уламжлал, ардын урлагийн баялаг түүхтэй танилцан түүнийгээ дээдлэн хүндэлж, дэлхий дахинд өв соёлоороо гайхагдах, эх орноороо бахархах, эх оронч сэтгэлтэй иргэн болгож төлөвшүүлэх зорилготой “Яруу эгшиглэн” язгуур урлагийн хүүхдийн хамтлагын анхны бие даасан тоглолтоо хийхээр боллоо. Өндөр дээд өвөг дээдсийнхээ энгүй их түүх соёл, өв уламжлал, эрдэм ухааныг үе үеийн ирээдүй хойчдоо өвлүүлэн үлдээх аялгуут сайхан ардын дуугаар дамжуулан ‘’Монгол” гэдгээрээ бахархан ’’Бид монголдоо хайртай’’ хэмээн сэтгэл бардам хэлэх ЯРУУ ЭГШИГЛЭН тоглолт 2014 оны 5-р сарын 24-ний 14:00, 16:00 цагаас 2 удаа Улаанбаатар чуулгын байранд болно. Та бүхнийг тоглондоо урьж байна.

    “Яруу эгшиглэн” хамтлаг нь Монголын ирээдүй болсон хүүхдүүддээ ардын дуу, үндэсний язгуур урлагийн өв соёлыг таниулж “Монгол хүүхэд бүрт язгуур урлагаа түгээж монгол бахархалыг бий болгох” зорилготой 2012 онд байгуулагдсан хүүхдийн хамтлаг юм. 7- 10 насны 6 гишүүнтэй.

    Дэлгэрэнгүй мэдээллийг

    Утас: 91174919, 99192612

    http://facebook.com/yaruuegshiglen

  • 7- Р ЗУУНЫ ДАЙЧИН БААТРЫН ЯТГЫГ 1400 ЖИЛИЙН ДАРАА ДАХИН ДУУРЬСГАНА

    1400 жилийн өмнө Монгол баатруудын тоглож байсан “Алтай ятга” хөгжмийг эх олдворт судалгаа хийж дахин сэргээн бүтээлээ. Алтай ятгыг сэргээснээр монголчууд бид нэгэн шинэ төрлийн хөгжимтэй болж байгаа бөгөөд дэлхийн хөгжмийн түүхэнд нэн ховор хөгжмийн зэмсэг болж байгаа юм. Алтай ятга нь 1400 жилийн өмнөх дайчин баатрын хадны булшнаас олдсон бөгөөд 1400 жил хадгалагдсан уг зэмсэгийн цар нь 2мм нимгэн, тээг нь салаагүй байдалтай олдсон бөгөөд тухайн үед хөгжим урлах өндөр технологитой байсныг илтгэнэ.

    Уг хөгжмийг дахин сэргээж Монголын язгуур өв соёлоо дэлхий дахин таниулах, соёлын брэнд бүтээгдэхүүн болгож хөгжүүлэх зорилготой ажлыг Монгол угсаатны хөгжмийн товчооны хамт олон эхлүүлээд байна. Энэ ажлын эхлэл болгож Алтай ятгыг монгол түмэндээ танилцуулж эгшиг аялгууг нь сонсгох, дэлхий дахинд зарлах АЛТАЙ ЯТГЫГ ДУУРЬСГАХ ИХ ЁСЛОЛыг “Монгол бахархалын төлөө нэгдэцгээе” уриатайгаар 2014 оны 5-р сарын 16-нд АСА циркэнд зохион байгуулж байна. Ёслолын ажиллагааны уран сайхны удирдаачаар Д.Ганпүрэв, зөвлөхөөр Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, найруулагчаар Натур даанс продакшний найруулагч Д.Энхбаяр, хөгжмийн найруулагчаар Бро’с рекордсын продюсер М.Болд /Томоо/, нэрт ятгачин Ч.Мөнх- Эрдэнэ, Бөртэ хамтлаг, Алтай хамтлаг, АСА Циркийн жүжигчид, БЦЭДБЧ-ын найрал хөгжим, найрал дуучид зэрэг 100 орчим уран бүтээлчтэй баг бүрэлдэхүүн ажиллаж байна.

    Уг ёслолын ажиллагааны тасалбарын орлого нь цаашид Алтай ятгыг хөгжүүлж, түгээн дэлгэрүүлэх, дэлхий дахинд брэнд болгох “Алтай ятга” төсөлд зориулагдах юм. Тасалбарыг АСА циркийн касс, болон 1617 үнэгүй хүргэж өгнө.


    1400 жилийн тэртээх баатарлаг өвөг дээдсийнхээ хүчирхэг аялгууг сонсож, Монгол бахархалын төлөө нэгдэцгээе!

  • 614 ОНЫ МОНГОЛ ДАЙЧНЫ ЯТГЫГ 2014 ОНД ДАЯН ДЭЛХИЙД ДАХИН ДУУРЬСГАНА

    2008 онд Монгол улсын Ховд аймгийн Манхан сумд хийсэн
    археологийн малтлагаар эртний нүүдэлчдийн хэрэглэж байсан ятгын төрлийн хөгжим
    олдсон. Уг зэмсэг нь НТ-ын 7- р зуун буюу эртний Түрэгийн үед хамаарч байгаа
    бөгөөд Монгол Улсад төдийгүй олон улсын хэмжээнд энэ төрлийн хөгжмийн анхны
    олдвор болохыг Герман Улсын Бонны Их Сургуулийн доктор Жан Бэрман болон эртний
    хөгжим судлаач Сюзанна Шүлц нар онцолсон байдаг. Монгол угсаатны хөгжмийн товчооны
    тэргүүн Д.Ганпүрэв 2011 оноос уг олдворыг судлах, уламжлалыг сэргээх, дахин
    нутагшуулах судалгааг хийж, хөгжмийн зэмсэг урлаач П.Байгальжавтай хамтран тус
    хөгжмийн зэмсгийг сэргээн бүтээгээд байна. Алтай ятгын археологийн олдвор,
    Германы эртний хөгжим судлаач Сюзанна Шүлцийн сэргээн бүтээсэн хувилбар,
    судлаач Дагваны Ганпүрэвийн бүтээсэн хувилбар нь 2014 оны 4- р сарын 8- нд
    Монголын Үндэсний Түүхийн Музейд дэлгэгдсэн “Талын дайчдын өв соёл” үзэсгэлэнд
    тавигдаж олон нийтэд хүрсэн.





    Мөн нэрт ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ 2013 оноос Алтай ятга
    хөгжмийн хөг хөглөгөө, тоглох арга барилыг судалгааг явуулж бодитой үр дүнд
    хүрээд байна.

    Монгол улсын түүхэнд анх удаа эртний үүх түүхтэй,
    үзүүлэх харуулах үзмэртэй, судалгаа шинжилгээтэй эртний нүүдэлчдийн чавхдаст
    товшвор хөгжмийн зэмсэгийг Алтайн тууль, магтаал, хөөмий, бий биелгээтэй
    хоршуулан, товшуур, ятга, хуур хөгжимтэй найрсуулан бүтээж, тоглох арга барилыг
    нарийвчлан боловсруулах, сургалтын материал, гарын авлага боловсруулан соёлын
    өв уламжлагчдыг бэлдэж үндэсний өв соёл, үнэт зүйлсээ сэргээн, Алтайн язгуурын
    соёл уламжлалд суурилсан соёлын шинэ төрөл зүйлийг хөгжүүлж Монгол брэнд болгох
    боломж гарч ирлээ. 

    Алтай ятгыг дуурьсгах их ёслол буюу дэлхий дахинд тунхаглах арга хэмжээг 2014 оны 5-р сарын 16-ний 19:00 цагт АСА циркт зохион байгуулна.

    http://musicagency.mn/

  • В.Ундраа ТООНО

    Зураач Вандангийн УНДРАА
    Бүтээлийн нэр: ТООНО
    Хэмжээ: D100см
    Материал: Зотон, тос
    Бүтээсэн: 2014 он

    http://yaru.mn/undraa/

  • Ганболдын Баярын шүлэгүүд

    ЧАМД ӨГЬЕ

    Адууны хялгасаар навч хуурдан дуугаргах сарыг чамд өгье

    Асарлагч цагийн зүүдэнд согоо сормуусаар салхи самнах агшныг чамд өгье

    Алимны улаан, чив, чив хийх өвдөлтийг чамд өгье

    Ардын дуун дундуур уйлж нисэх шувуудын “Ай”-г чамд өгье

    Нуурын хөвөөнд угаал үйлдэх бүсгүйн

    бургасанд тохсон цамц шиг шүлгээ чамд өгье

    Нам гүмийн тохойд хөхрөн бөхөлзөх моддын гэгээг чамд өгье

    Нүдээ анихын зуурт эгшиглэн урагдах үүлсийн чимээг чамд өгье

    Нүгэл буяны утсан дээр намилзан ганхах үүлэн цэцгийг чамд өгье

    Хөдөө буйдын шаргалхан цув шиг өдрүүдийг чамд өгье

    Хүүхдийн сэвлэг шиг сэтгэлийнхээ уй салхийг чамд өгье

    Халуун алганаас чинь будаа түүх зүүн гандангийн тагтааг чамд өгье

    Хайр нигүүслийн бутан дотроос ширтэх бурханы нүдийг чамд өгье

    Өгснийхөө хариуд чамд өгье

    Өгч болох л бүхнээ чамд өгье

    Өндөгнийхөө хээг ч чамд өгье

    Өөрийгөө онгойлгож ордог түлхүүрээ ч чамд ӨГЬЕ хайрт минь


    [Бодол санаанд минь чи

    ямар гээчийн

    танихгүй цэцгийн үр суулгачихав даа

    Алчуурынхаа хуниасанд чи

    хаврыг нууж явсан гэдгээ

    хэлэхгүй яасан юм бэ?]

    1

    Харцны чинь мөрөгцөгт нуугдсан

    Тэр их гуниг шаналлыг бодохоор

    Зүрхэн дотор минь

    Нэгэн мод уйлж хонох юм

    Нулимсных нь цуурайнд

    Сэтгэлийн минь тэнгис дуугаа хураагаад

    Ер бусын цагаан шувуудаараа надаас

    Ер бусын асуулт асуух юм

    2

    Чи эд эс бүхэнд минь оршиж

    Чи үсний минь ширхэг бүхнээр амьсгалнам

    Чи зүүдэн тэнгэрт минь цав цагаан тагтаа болон нисэж

    Чи зүрхний минь тооноор долоон сарын цас болон орном

    Чи аз жаргалыг миний дээрээс цэцгийн шүүдэр шиг асгаж

    Чи амьд явах учир шалтгаан минь болном

    3

    Уйлж битгий шанал, сэтгэл рүүгээ салхилахаа боль!

    Утга учиргүй амьдралд, утга учиргүй амьдрах л сайхан

    Угаасан цамц шиг цаг хугацаанаас

    Ус дусалж байгааг сонсож байна уу?

    Хүнд л гагцхүү зовлон оршдог гэж чи бодож байна уу?

    Үгүй дээ үгүй догдлонгуй энхрийхэн амраг минь

    Өвс, мод, шувуу, уул, байгалийн эд эс бүхэнд зовлон оршдог юм

    Уй гунигаа нууж чаддаг болохоор л байгаль ийм гоо сайханлаг байдаг юм

    Уйлж битгий шанал сэтгэл рүүгээ салхилахаа боль!

    ЦОНХНЫ ЧИНЬ ШИЛИЙГ ДАГАН

    Цонхны чинь шилийг даган урсаж байгаа бороон дуслууд

    Цонхны чинь шилийг даган уйлж байгаа бороон дуслууд

    Цонхны чинь шилийг даган инээж байгаа бороон дуслууд

    Цонхны чинь шилийг даган мэгшиж байгаа бороон дуслууд

    Миний чамд өгсөн сэтгэлийн уй гуниг

    Мянган жилийн дараач чи ойлгохгүй

    Ойлогоо гээд ч ер яах билээ

    Өвсөнд бутарсан оддын туяа хэний амны цангааг тайлна гэж

    /ДУРЛАЛ/-ыг ирэхээс өмнө энд

    Бүх зүйл хэвийн, нам гүм байсан

    Тэнгэрийн зүүн доод буланд өлгөгдсөн сарны гадаргуугаас

    Есдүгээр сарын бороо цэцгийн манан болон зүрх рүү минь урсаад

    Дусал болгон нь жижигхэн, жижигхэн тэнгэрс болоод

    Шилний хагархай мэт зүрх рүү минь шигдээд

    Гудамжаар л дүүрэн цагаан шүхэр барьсан охид

    Гэвч би улаан шүхэртэй охиныг хүлээн

    Тагтан дээрээ тамхи татаж суусан юм

    Дурлал гэдэг бол одоо миний хувьд

    Хоосон агаар, усруу чулуу шидхэд гарах чимээ

    Шанлал гэдэг үгэнд торлогдсон

    Азгүй нэгэн, сохор хотон шувуу

    Чөлөөлж тавихыг дотоод дуу хоолой минь надаас цурихран гуйвч

    Гар хуруу минь хөшсөн юм шиг үл хөдлөнө. . .

    Цонхны чинь шилийг даган шүлэг бичиж байгаа бороон дуслууд

    Цонхны чинь шилийг даган дахин төрөхгүйн тулд үхэж байгаа бороон дуслууд

    Цонхны чинь шилийг даган чамд хайртай гэж хашгарч байгаа бороон дуслууд

    Цонхны чинь шилийг даган чиний сэтгэл рүү залбирч байгаа бороон дуслууд

  • Өдөр тутмыхаа амьдралд дуртай болох 5 зөвлөмж

    ӨДӨР ТУТМЫНХАА АМЬДРАЛД ДУРТАЙ БОЛОХ 5 ЗӨВЛӨМЖ

    Хэрвээ та өдөр тутмынхаа амьдралд дургүй бол

    Хэрвээ та өдөр болгоныг сэтгэл хангалуун өнгөрөөж чаддаггүй бол өнөөдрийнхөө бичлэгийг танд зориулж байна.

    Өдөр тутмыхаа амьдралд дуртай болох 5 зөвлөмж

     1. Ижил бодол санаатай, ижил зорилготой хүмүүстэй холбогдож, найз нөхөд болох.

    Ингэж чадвал өдөр бүрийн амьдралдаа сэтгэл хангалуун болж, өөрийгөө болон амьдралаа сайжруулах хүсэл эрмэлзэлтэй болно. Учир нь орчин тойронд хүрээлж байгаа, үерхэж нөхөрлөж, ойр шадар яваа бүхэн аж амьдралд их нөлөөлдөг.

    Санаж яв: Ижилхэн зовлонтой хүнтэй цагийг хамт өнгөрөөхөөс илүү ижил зорилготой хүнтэй хамт өнгөрөө. 

    Ижил бодол санаатай, ижил зорилготой хүмүүсийг хаанаас олох вэ гэвэл амархан. Фэйсбүүк ухаж байхад янз бүрийн байгууллага, хамт олон, хуудас, группүүд байдаг. Жишээлбэл:

    Ука Төмөрийн ХҮС ХИЙ ХҮР

    Амьдрах Ухаан Амжилтын Хөтөч

    БидЧадна. мн

    The New Media Group

    Төслийн Удирдах Хөгжлийн Хүрээлэн

    Ану Mаркетинг

    Гэр бүл судлаач Л.Нарантуяа

    Luvsandorj Jamsranjav

    Mongolian Women’s Development Foundation

    Амжилтыг Өнөөдөр Өөрөөсөө

    Монголын залуучуудын холбоо

    Бэрхшээл ба боломж

    Амин хэлхээ груп

    Номонд дурлагсдын фэйсбүүк дахь холбоо

    Undraa Vandan  

    TEDxUlaanbaatarWomen… гээд л эдгээр байгууллага хамт олны явуулж буй арга хэмжээнүүдэд оролцож сэтгэлэг нэг хүмүүстэй танилцаж, дотносож, нэгдэх боломжтой. Хэрвээ та эдээрээс гадна өөр байгууллага хамт олон мэддэг бол доор бичиж үлдээгээрэй.

    2. Амьдралынхаа зорилгыг ажилтайгаа уялдуулан холбох

    Бид ажил дээрээ ихэнх цагийг өнгөрөөдөг. Зарим хүмүүс ажилдаа дургуй сэтгэл хангалуун байж чаддаггүй учраас өдөр тутмынхаа амьдралд дургүй болдог. Тиймээс амьдралынхаа зорилгыг одоо хийж буй ажилтайгаа уялдуулан холбож, “Яагаад одоо энэ хийж буй ажлаа хийж байна вэ?, Энэ нь зорилгодоо хүрэхэд ямар хувь нэмэр оруулж байна вэ?” гэдгийг өөрөөсөө асууж, мэдсэн үед бидний хандлага өөрчлөгдөж, ажилдаа амьдралдаа дуртай болж эхэлнэ.

    3. Хэн ч, юу ч төгс төгөлдөр биш гэдгийг мэдэх.

    Зарим тохиолдолд ямар нэгэн зүйл санаанд хүрэхгүй, хэн нэгэн сэтгэлд нийцэхгүй, өөртөө сэтгэл хангалуун бишээс үүдээд амьдралдаа дургүй болдог. Харин хэн ч, юу ч төгс төгөлдөр биш гэдгийг хүлээн зөвшөөрснөөр  бүхнийг байгаагаар нь хүлээн авч чадах ба эерэг зүйлүүд дээр илүү ахаарлаа төвлөрүүлэх болно.

    4. Сайн үйлс бүтээ

    – Хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүл

    – Хүмүүсийн сайн найз бай

    – Сайн урам хайрлагч бай…   Өөрийгөө дэргэд нь байгаад л баймаар тийм хүн болгож хөгжүүл

    5. Сурсан мэдсэнээ бусадтай хуваалц

    Хүн бүрт өөр өөрийн гэсэн мэддэг чаддаг зүйл бий. Түүнийгээ бусадтай хуваалц.

    Таны тэр мэддэг чаддаг зүйлийг мэддэг чаддаг болох юмсан гэж бодож байгаа хүмүүс зөндөө байгаа гэдэгт би итгэлтэй байна. Тэр хүмүүст зориулж мэддэг чаддаг зүйлээ өнөөдрөөс хуваалцаж эхэл.

    Товчхон хэлэхэд бусдын амьдралыг сайжруулахад хувь нэмрээ оруул.

    Санаж яв: Таны хийсэн бүх сайн үйлс эргээд танд 2 дахин илүү сайн үйлсийг авчирна.

    Тэгэхээр эдгээр 5 зөвлөмж өдөр бүрийг сэтгэл хангалуун өнгөрүүлэхэд тэнь тус нэмрээ үзүүлнэ гэдэгт найдаж байна. Хэрвээ танд энэ сэдвийн дагуу нэмж хэлэх зүйл байгаа бол доор сэтгэгдлээ үлдээж бусадтайгаа хуваалцаарай. Эсвэл MiniiAmidral@ukatumur.com руу “Миний Буцалж Буй Амьдрал” буланд захидал илгээгээрэй.

     

    ХҮС. ХИЙ. ХҮР.

    ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ

    ©Ука Төмөр

     

     

  • Окуяама ЮМИ- Дуурийн дуучин, хөгжмийн заах арга зүйн багш

    Япон улсын дуурийн дуучин, хөгжмийн заах арга зүйн багш, Art of Ulaanbaatar төвийн хөгжмийн багш.

    Окуяама Юми нь Япон улсын Токио хотын Хөгжмийн их сургуулийг төгссөн мэргэжлийн дуурийн дуучин бөгөөд дуурын дуучид бэлтгэх мэргэжлийн заах арга зүйн багш билээ. 1999 онд Монгол-Япон хоёр орны соёлын харилцааны хүрээнд Япон улсын гадаад харилцааны яамны урилгаар Монгол улсад ирж Дуурь бүжгийн эрдмийн театрт ажилласан ба “Учиртай гурван толгой” дуурьт Нансалмаагийн дүрийг бүтээн дуулсан анхны гадаад дуучин болж байсан. Түүнээс хойш “Чингис хаан дуурь” болон В.А.Моцартын “Донжуан”, “Шидэт лимбэ” зэрэг олон бүтээлд Монголын дуучид уран бүтээлчидтэй хамтран дуулан ажиллаж ирсэн. 

    Түүнээс хойш 2011-2013 онд хуучнаар Хөгжим бүжгийн коллежийн сургуульд дуулаачийн багшаар ажиллаж, 2014-2018 онд Citi их сургуульд ажиллаж мэргэжлийн дуучин, уран бүтээлчдийг бэлтгэх ажилд өөрийн хувь нэмрийг оруулж байна. Миний туйлийн хүсэл бол Монгол оронд мэргэжлийн дуурийн дуучдыг өндөр түвшинд бэлтгэх, тэрхүү дуучдыг олон улсын түвшинд амжилт гарахад нь туслан өөрийн мэдлэг чадвараа харамгүй зориулахад оршиж байгаа бөгөөд Монгол орныг олон улсад сонгодог урлагаар таниулах чиглэж байгаа болно. Монгол улсын засгийн газар миний хөдөлмөрийг үнэлэн 2005 онд МУСТА цол тэмдэгээр шагнаж улмаар 2007 онд Монгол улсын Ерөнхийлөгч соёл урлагт оруулсан хувь нэмрийг минь үнэлж Найрамдал одонгоор тус тус шагнасан.

    Эх сурвалж: Art of Ulaanbaatar