Category: Uncategorized

  • Г. ОТГОНБАЯР: БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ БАРИЛГЫН БҮРЭН ЦУТГАМАЛ ТЕХНОЛОГИЙН СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЬЕ

    Монгол оронд их бүтээн байгуулалт, орчин үеийн барилгын салбар үүсч хөгжсөний 88 жилийн ой тохиож буй энэ үед констракшны гол хэрэгсэл болох хэв хашмалын үйлдэрлэлээрээ анхдагч ТАСО хэв хашмалын үйлдвэрийн захирал Т.Отгонбаяртай уулзаж үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын талаар яриа өрнүүлснээ танд хүргэж байна.


    – Сайн байна уу. Монголд барилгын хэв хашмалын үйлдвэрлэлийн технологийг хөгжүүлж байгаа танай хамт олонд Барилгачдын баярын мэнд хүргье. Барилгын хэв хашмалын үйлдвэрлэлийг яагаад сонгох болсон талаар яриагаа эхэлье.

    – 2010 онд Нүхтэд баригдаж байсан 2 ижилхан хаусыг харж байсан юм л даа. Хэв хашмалаар (пум) барьж байсан хаус нь маш эмх цэгтэй шуурхай баригдаж дууссан байхад, панераар барьж байгаа нь дөнгөж эхлэх шатандаа л явж байсан атлаа ундуй сундуй харагдаж байсан. Тэр үеэс хэв хашмалын технологийг сонирхож эхлэсэн. Тэр ондоо Солонгосоос хэв хашмал импортоор оруулж ирж үзсэн. Тухайн үедээ тооцоо хийж үзээд хэв хашмалыг үйлдвэрлэж чадвал Монголын бүтээн байгуулалтанд том хувь нэмэр болох юм байна гэж шийдээд тоног төхөөрөмж, үйлдвэр зэргийг эрчимтэй судалж, солонгос инженерүүдийг авчирж технологийг нутагшуулж эхлэсэн дээ.

    – Хэв хашмалын үйлдвэрийн технологи, тоног төхөөрөмж нь Солонгос улсынх уу?

    – Энэ технологи дэлхий нийтэд маш өргөн ашиглагдаж байгаа технологи бөгөөд Солонгост сүүлийн гуч гаруй жил эрчимтэй хөгжиж шалгарсан технологи юм. Зүүн өмнөд азийн улсууд, Веатнам, Тайланд, Бирм, Орос зэрэг улсын хэв хашмалын хэрэгцээг Солонгос хангаж байна.

    Манай үйлдвэр бол одоогоор төв азид байгаа ганцхан хэв хашмалын үйлдвэр. Энэ үйлдвэр Хятадад байхгүй. Яагаад гэвэл Хятадууд бол олон хүнийг ажилтай байлгах зорилготой технологийг ашигладаг. Мод тарьдаг, мод бэлтгэдэг, модоо зордог, зорголоор нь панер хийдэг, панераар байшин барьдаг гэх мэтээр дамжлага бүр дээр хэдэн сая хүн ажилтай байдаг. Зардал хэмнэсэн бүтээмж өндөртэй хэв хашмалын технологи Хятадад нэвтэрвэл олон хүн ажилгүй болох учир энэ технологийг нэвтрүүлэхгүй байна. Бид бүх төхөөрөмжийг Солонгосоос оруулж ирсэн. Энэ технологи маань цөөхөн хүн өндөр бүтээмжтэй ажиллах боломжтой технологи учир манай улсад илүүтэй тохирох технологи юм.

    – Үйлдвэрийн баг хамт олноо хэрхэн бүрдүүлж, сургаж хөгжүүлж байна?

    – Солонгосын инженерүүдийг авчирж тоног төхөрөөмжөө суурилуулж, хүмүүсээ сургаж авсан. Анх 4-р цахилгаан станцийн хажууд халаалтгүй хүйтэн грашд гурвуулахнаа ажлаа эхэлж байлаа. Одоо 20 гаруй сайхан залуус ажиллаж байна. Яруу сэтгэгч нэгдэл байгууллагаас баг хамт олноо хөгжүүлэх зөвлөх үйлчилгээ аваад сургалт хөгжлийн бодлогоо хэрэгжүүлж өндөр үр дүнд хүрч байна. Манай үйлдвэр, ажлын орчинг сайжруулж, бүтээмжийг нэмэгдүүлэх 3САЙХАН зарчмыг үйлдвэртээ нэвтрүүлж тодорхой үр дүнд хүрч байна. “Хэв хашмалын технологио бүрэн эзэмшсэн монгол залуучуудыг бэлдэж авъя” гэсэн бодлого барьж технологийн инженерээр Солонгос инженер ажиллуулж байна. Цаашид ажилчидаа Солонгосын үйлдвэрүүдэд дадлага хийлгэж илүү мэргэшүүлэхээр төлөвлөж байна.

    – Хэв хашмалын ач холбогдол, давуу тал юу вэ?

    – 1-рт САНХҮҮГИЙН ХЭМНЭЛТ. Манай хэв хашмал олон дахин ашиглагддаг бөгөөд 40 удаагийн цутгалт хийх боломжтой учир зардалд хэмнэлттэй. Цаашилвал улсын эдийн засагт маш их хэмнэлттэй. Жишээ нь хэв хашмалын 1 тэрбумын борлуулалт, 4- 5 тэрбумын хятад хар панерын импортыг хааж эдийн засагт тэр хэмжээний мөнгийг үлдээдэг. Тэр хэмжээгээр Хятадруу мөнгө урсахыг багасгана.

    2-рт ӨНДӨР БҮТЭЭМЖ. БҮРЭН ЦУТГАМАЛ технологи нь 8 баллд тэсвэртэй, өнгө үзэмж сайтай, хог хаягдал багатай олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн өндөр бүтээмжтэй технологи юм. Хэв хашмалыг УГСРАХАД ХЯЛБАР, ямар ч хүнийг сургаж болохуйц хялбар бөгөөд нарийн мэргэшсэн мужаан шаарддаггүй энгийн технологи. Мөн цөөхөн хүн өндөр бүтээмжтэй ажиллах боломжтой. Сайн төлөвлөж чадвал 3- 5 хоногт л 1 давхарыг цутгадаг. Бүрэн цутгамал хийцийн гадаргуу өө сэвгүй тэгш сайхан гардаг тул заслын ажлыг ихээхэн хөнгөвчилж, өртөг зардлыг бууруулдаг юм.

    3-рт ЦАГ ХУГАЦААНЫ ХЭМНЭЛТ. Хар панераар 2 жил барьдаг байшинг жилийн дотор барих бүрэн боломжтой. Жишээ нь Буянт ухаа хорооллыг манай хэв хашмалаар жилийн дотор босголоо. Монгол улс дулааны богино улиралтай тул хэв хашмал ашиглаж бүтээн байгуулалтынхаа хугацааг түргэтгэх нь Монгол улсын эрх ашигт бүрэн нийцэх юм. Сүүлийн үеийн энэ их бүтээн байгуулалтыг хэв хашмалаар л босгож байна. Цөөхөн хүнээр том бүтээн байгуулалт хийхийн тулд дэвшилттэй технологийг ашиглах хэрэгтэй байна.

    4-рт БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ. Хятадуудын хар панераар барьдаг барилга бол панер, прус мод их хэмжээгээр ашигладаг байгальд хор нөлөө ихтэй технологи юм. Хятад хар панер 2- 3 удаа ашиглагдаад хог болж шатаахаас өөр аргагүй болно. Панерт ашигладаг цавуу нь шатахдаа агаарт хорт утаа ихээр дэгдээдэг. Пруст ашиглахын тулд хууль бусаад мод бэлтгэх нь ихэсч Монгол орны ойг сүйтгэж байна. Уг нь Монголчууд бид байгальд хортой барилгын Хятад технологиос татгалцаж олон удаа ашиглагддаг бүрэн цутгамал хийцийн хэв хашмалын технологийг бүрэн нэвтрүүлж, стандарт болгож мөрдүүлвэл Монгол улсад их л хэрэгтэй байгаа юм.

    – Импортын хэв хашмалаас ялгарах онцлог бий юу?

    – Ханш өссөн эдийн засгийн өнөөгийн нөхцөлд импортоор оруулж ирж байгаа пумнаас манайх доод тал нь 5- 10 мянган төгрөгөөр хямд. Мөн импортын хэв хашмалаас чанартай гэж итгэл дүүрэн хэлнэ. Солонгос үйлдвэрүүд хэв хашмалаа хоёр гурван мянган вон хямдруулж өгөхдөө өөрийнхөө зардлыг хэмнээд хятадын хамгийн хямдхан паниарыг ашиглаж хэв хашмалаа хийх нь элбэг байдаг юм билээ. Гэтэл бид хэрэглэгчийнхээ яг дэргэд байгаа, буух эзэнтэй буцах хаягтай үйлдвэрлэл явуулж байгаа учраас солонгосын ТЕГО брэндийн сайн чанарын панерийг ашиглаж байна. Одоогоор Үндэсний бүтээн байгуулалтын корпораци, Дельта констракшн, БҮТИ ХХК, Очир ундраа групп, SAMSUNG, Эрин интернайшнл, Жигүүр гранд, Билэгт Зам ХХК зэрэг барилга бүтээн байгуулалтын тэргүүлэгч 50 гаруй компаниудтай тогтмол хамтран ажиллаж бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. Буянт Ухаа- 1, 2 хороолол, MCS товер, Эрин хороолол, Гашуун сухайтын бүтээн байгуулалт, шинэ нисэх буудал, төмөр замын далан, зам гүүр гээд томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг ТАСО хэв хашмал, ханчаар хийж байна.

    Зам гүүр, далангийн ажилд голчлон ашиглагддаг тусгай Ханч панелийг 100% импортоор авдаг байсныг өөрчилж Монголдоо бүх төрлийн хэмжээсээр үйлдвэрлэж байна.

    – Хамтран ажиллаж байгаа компаниуддаа юу амлаж чадах вэ?

    – Бид наймаачин сэтгэлгээгээр хандахгүй. Хэв хашмалын эрэлт хэрэгцээ их үед ч монополдож 1 төгрөг ч нэмж үзээгүй. Өрсөлдөгчгүй гээд бид үнээр дарамталж авбал ав больвол гэсэн сэтгэлгээгээр хандахгүй. Зах зээлийн ямар ч үед харилцагчиддаа үнэ тулгаж, хааж боох сэтгэхүй байхгүй. Сайн чанарыг амлаж чадна. Импортын үнээс хавьгүй хямд үнийг амлаж чадна. Эдгээр байр сууриа хэзээ ч гээхгүй. Эцэст нь, түншлэгч компаниудынхаа ажлыг нэг өдөр ч саатуулахгүйн тулд хамаг сэтгэл зүрхээ зориулж ажиллана.

    – Монголдоо үйлдвэрлэл хөгжүүлэхэд та бүхэнд ямар бэрхшээл тулгарч байна вэ?

    – Технологи нутагшуулах гэдэг тун бэрхшээлтэй юм билээ. Тэрэнд маш их ухаан, цаг хугацаа, хөрөнгө зарж, өөрөө хоосон хоносон ч хамаагүй тийм их сэтгэл гаргах хэрэгтэй юм байна лээ. Үйлдвэрийн газар, үйлдвэрийн байрны асуудал маш хүнд байна. Үйлдвэрийн газар маш үнэтэй. Уг нь үйлдвэрийн бүсчилсэн газар байгаад тэнд нь хөнгөлөлтэй хэлбэрээр газар өгдөг бол дөнгөж босох гэж байгаа үйлдвэрүүдэд маш их хэрэгтэй байна.

    Монголдоо үйлдвэрлэсэн барилгын материал, технологийг илүүтэй дэмжих талаар Барилга, хот байгуулалтын яам бодлого баримталвал хэдэн үйлдвэрүүд босоод ирэхээр байгаа юм.

    Түүнчлэн засгийн бүтцэд экспортод түлхүү анхаарсан яам биш юмаа гэхэд тусгайлсан агентлаг байвал зүгээр. Яамууд дээр экспорт хариуцсан алба байгаа ч тэдгээр нь хоорондын уялдаа холбоогүй жижиг бүтцүүд байгаа болохоор дорвитой бодлого хэрэгжүүлж чадахгүй байна л даа.

    – Монгол улсынхаа бүтээн байгуулалтын салбарт чухал хэрэгцээтэй технологи үйлдвэрлэж байгаа танай бүтээлч хамт олонд өндөр амжилт хүсье.

    Б. Цэцэгбаяр

  • “Залхуурлаас хэрхэн ангижрах вэ?” онлайн уулзалт

    Өнгөрсөн хугацаанд бид Амжилтанд Хүргэх Бодолтой Алхам файсбүүк группийнхээ гишүүдийн дунд дараагийн уулзалтаа ямар сэдвээр хийх тухай санал асууж байсныг та санаж байгаа байх. Манай энэ асуулганд 130аад хүн Залхуурлын талаар ярилцахыг санал болгосон юм.

    Тиймээс саяны онлайн уулзалтаа 7 сарын 26нд “Залхуурлаас хэрхэн ангижрах вэ?” гэсэн сэдвээр хийсэн. Уулзалт маань 5 цаг гаруй үргэлжилсэн боловч бас л хангалттай хүмүүсийнхээ асуулт хариултуудыг бүгдийг нь хариулж амжаагүй. Гэхдээ л ямар ч байсан чадах бүх асуулт хариулаа үргэжлүүлж хийгээд 31 жижиг хэсэгт хувааж блогтоо байрлууллаа.

    Би одооноос эхэлж танд бага багаар нь өдөртөө багахан хэмжээгээр нь таныг үзэж чадах боломжоороо үзэхээр байрлууллаа.

    Залхуурал гэдэг асуудал үнэхээр Монголчуудыг маань ядууралд хүргэж байгаа хурц асуудлуудын нэг гэдгийг тэр бүр хүмүүс ухаардаггүй болтой. Үнэхээр энэ үг хүн болгоны аман дээр ойрхон, зугаа төдий ашиглагдаад, өдөр тутмын сэтгэл хангалуун аз жаргалтай амьдралыг хорлож байдаг гэдгийг та мэдээгүй байх. Тэгвэл одоо энэхүү ЗАЛХУУРАЛ гээч юмыг таны амьдралд дахин үзэгдэхгүй болтол нь дайрч орцгооё.

  • “Бид Бэрхшээлээс Боломжийг Бүтээнэ” онлайн уулзалт

    Энэ бол 2014 оны 5 сарын 25ны өдрийн ням гаригт явуулсан онлайн уулзалтын видео бичлэг.

    Уг уулзалт нь манай “Амжилтанд Хүргэх Бодолтой Алхам” файсбүүк группийн гишүүд дунд явуулсан 30 хоногийн аян хөтөлбөрийн төгсгөлд өрнүүлсэн онлайн уулзалт.

    Энэхүү онлайн уулзалтыг явагдах мөчид 400 гаруй хүн оролцох гэж оролдож байсан боловч зөвхөн 10 орчим цөөн тооны азтай хүмүүс л оролцож чадсан байна. Оролцож чадаагүй хоцорсон хүмүүстээ талархал илэрхийлэхийн ялдамд хүлцэл өчье. Дараагийн ээлжинд танд оролцох боломж олдоно гэдэгт найдаж байна.

    Цаашдаа энэхүү онлайн уулзалтыг 2 сар тутамд нэг удаа ҮНЭГҮЙ явуулж байхаар бид төлөвлөж байна.

    Энэ удаагийн онлайн уулзалт уртаашаа 5 цаг орчим үргэлжилсэн бөгөөд бичлэгийг 24 жижиг хэсэгт хэсэг сэдэв сэдвээр нь ангилан хувааж youtube дээр байрлуулсан байгаа.

  • Цаг хугацаатай уралддаг барилгынхан импортын хэв хашмалыг “БАЯРТАЙ” гэж хэллээ

    Хоёр жил хэр урт хугацаа вэ. Хүний амьдралын
    настай харьцуулбал тийм ч урт хугацаа биш. Гэхдээ залуу насанд бол нэг л
    мэдэхэд нисээд явчихдаг дэндүү богино ч хугацаа
    байж болох. Тэгвэл хоёр жилийн дотор цаг хугацааны үнэ цэнэ, минут,
    секунд бүрийг өөртөө ашигтайгаар өнгөрүүлсэн нэгэн бизнес эрхлэгчтэй
    уулзлаа. Тогтууны Отгонбаяр гэх энэ хүнийг хоёр жилийн өмнөөс би мэддэг.
    Анх 2012 оны өвөл “ТАСО” хэмээх компани байгуулагдаж байгааг дуулаад,
    тэдний үйлдвэрийг зорьж ТЭЦ IV–ийн цэлийсэн том, хүйтэн гражид гурван
    шат дамжлага бүхий хэдэн технологи дээр таван залуу ажиллаж байсан юм.
    Уур савссан хүйтнийг тэд ажрах ч шинжгүй ажилдаа улайрсаар байсан. Хэв
    хашмалын технологийг солонгос түнштэйгээ хамтарч, оруулж ирэхээр ажиллаж
    байна. Одоогоор хэв хашмалынхаа түүхий эдийг Солонгост бэлтгээд авч ирж
    байгаа хэмээн ярьж байсан. Энэ үеэр Т.Отгонбаяр “Би таньдаг ахаараа
    дамжуулж Налайхаас гурван залууг авчирч сургаж авч байгаа, 100 хувь
    импортоор авдаг барилгын гол нэрийн материалын нэг хэв хашмалыг
    дотооддоо үйлдвэрлэж эхэлж байна. ПУМ буюу евро форум гэж Өмнөд Ази,
    Арабын улсууд болон Европт нэрийдэж ашиглаж буй хэв хашмалын технологийг
    Монголдоо нутагшуулж, цаашлаад ОХУ-ын Сибирь, Киргиз, Казахстан зэрэг
    улсад экспортлох зорилготой” хэмээн надад тайлбарлаж байсан юм.
    “Дотооддоо хэв хашмалын бэлдэцээ бүрэн үйлдвэрлэдэггүй, гаднаас угсарч
    оруулж ирдэг байж яасан том мөрөөдөлтэй хүн юм бэ дээ. Энэ биелнэ гэдэг
    юу л бол доо, яасан ч өөртөө итгэлтэй ярьдаг хүн бэ” гэж түүнийг
    даапаалсан бодол надад төрж байснаа нуух юун. Харин өчигдөр тохиолдлоор
    “ТАСО” компанийн шинэ үйлдвэр дээр очиж сурвалжлага хийх завшаан гарсан
    юм. Хэдий энэ хугацаанд Т.Отгонбаяр захиралтай ганц, хоёр удаа хурал
    дээр тааралдаж, үйлдвэрийнх нь ажлын талаар мэндийн зөрүүтэй явж байсан ч
    яг хэрхэн өөрчлөгдсөнийг огт мэдэхгүй байсан болохоороо дотроо
    “дэгсдүүлж” ярьсан ажлаа хийсэн болов уу гэсэн нууцхан бодол өвөрлөж
    явсан юм. Тэгвэл хоёр жилийн дотор “ТАСО” компани ажилчдынхаа тоог дөрөв
    дахин нэмэгдүүлж одоо 20 гаруй хүнийг ажлын байраар хангаж, түүхий эдээ
    Солонгосоос авч, дотооддоо 100 хувь боловсруулалт хийдэг болж, Монголын
    барилгын салбарын тэргүүний 50 компанитай хамтарч ажилладаг болтлоо өсч
    дэвжсэн байгаа юм. Хоёр жил огтхон ч богино хугацаа биш гэдгийг
    Т.Отгонбаяр захирал хамт олонтойгоо хамт харуулсан гэж магтаж хэлж
    болохоор санагдсан юм. Яагаад магтмаар бүр бахархмаар санагдаад байгаа
    вэ гэхээр, эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй байгаа энэ үед “ТАСО”
    компани дунджаар 30-40 удаа давтан ашиглаж болох боломжтой өндөр
    чанартай, импортын бүтээгдэхүүнээс ширхэг тутамдаа 6000-10000 төгрөгөөр
    хямд бүтээгдэхүүнийг монгол хүний ур ухаан, чадварыг шингээн дотооддоо
    үйлдвэрлэж байгаа юм. Дээр нь, гурил будаанаас эхлээд бидний өмсч, зүүж,
    идэж хэрэглэж байгаа бүх бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ хоёр жилийн
    өмнөөс нугарч өссөн гэдэгтэй та санал нийлэх биз. Тэгвэл “ТАСО” компани
    энэ хугацаанд бүтээгдэхүүнийхээ үнэ дээр ердөө 1000 төгрөг л нэмсэн
    тухай тус компанийн менежерүүд онцолж байсан. 

    ТАСО юу хийдэг вэ
    Баригдаж буй барилгуудыг гадна талаас нь харахад хар панёраар саглайж,
    сагсайж харагддаг та анзаарсан байх. Манай улс барилга барихдаа хэдэн
    жилийн өмнөхийг хүртэл Хятадаас хар панёрыг оруулж ирж, боож хэв
    хашмалын хэлбэрээр ашигласаар ирсэн. Энэ нь хог хаягдал ихтэй, байгаль
    орчинд ээлгүй технологи учир дэлхий нийт татгалзаад удаж байгаа ажээ.
    Гэтэл манайд барилгын салбартаа Хятад ажилчдын багийг хөлсөлж авдгаас
    үүдэж, хар панёраар хийх тохиолдол одоо ч гэсэн байдгийг Т.Отгонбаяр
    захирал онцолсон. Тэгвэл “ТАСО” компанийн хувьд 100 хувь дотооддоо
    үйлдвэрлэж буй ПУМ буюу хэв хашмалыг стандарт, төдийгүй хүссэн
    хэмжээгээр нь Солонгос технологиор чанарын өндөр төвшинд үйлдвэрлэдэг
    юм. Тодруулбал, өндөр зэрэглэлийн чанартай, эдэлгээ сайтай тего хавтанг
    ашиглаж хэв хашмалаа үйлдвэрлэдэг гэдгээрээ онцлог. Мөн энэхүү хэв
    хашмалыг дагалдуулж ашигладаг, өмнө нь 100 хувь импортоор авдаг байсан
    дотоод, гадаад булан, холбоос төмрийг хийж байгаа аж. Тус компани
    Солонгосын мэргэжлийн инженерүүдийг урьж, авчирч ажилчдаа ийнхүү
    чадавхжуулж байгаа юм билээ. БНСУ энэхүү стандартаар хийсэн ПУМ буюу
    хэв хашмалаа барилгаас гадна, зам гүүр, төмөр зам зэргийг барихад
    1980-аад оноос ашиглаж эхэлснээр барилгын салбар нь хурдацтай хөгжсөн
    түүхтэй ажээ. Одоогоор Япон, Вьетнам, Бирм зэрэг улс үйлдвэрлэлийнхээ
    салбарт түлхүү ашиглаж байгаа юм. “ТАСО” компани нь “Жигүүр гранд”,
    Дельта констракшн, Самсунг, Эрин интернэшнл, Хера констракшн зэрэг
    барилгын салбарын тэргүүлэгч 50 гаруй компанитай гэрээтэйгээр хамтарч
    ажиллаж бүтээгдэхүүнээ нийлүүлдэг. Мөн Ухаахудаг, Гашуунсухайт
    чиглэлийн төмөр замын ажлыг хийх хэв хашмалыг нь иж бүрнээр нь ханган
    нийлүүлж байгаа. Барилгын компаниуд Солонгосоос яг дотооддоо үйлдвэрлэж
    байгаатай адил чанартай бүтээгдэхүүн авахын тулд гааль, татварт өчнөөн
    мөнгө төлж, цаг хугацаа алддаг учир, цаг хугацаатай уралдаж бүтээн
    байгуулалтаа хийдэг тэдний хувьд “ТАСО” компанийн хэв хамшалыг сонгож,
    барилгаа барихад илүү ашигтай байдаг юм. 

    Үнийн өсөлтийг технологийн шийдлээр давсан
    Т.Отгонбаяр захирал “Манайх сүүлийн хоёр жилийн хугацаанд үйлдвэртэй
    1.4 тэрбум төгрөгийн технологийн шинэчлэл хийсэн. Тиймээс одоогоор
    өдөрт 600-700 ширхэг хэв хашмал, дотор, гадна булан 1000 ширхэг, холбоос
    төмөр 15 мянгыг хийх хүчин чадалтай” хэмээн ярьсан. Иймээс сүүлийн
    хоёр жилийн дотор бүтээгдэхүүнээ үнэ дээр 1000 төгрөг л шинээр нэмсэн
    ажээ. Хэдийгээр дотооддоо хэв хашмал үйлдвэрлэдэг ганцхан компани хэмээн
    үнийн өсөлтийг далимдуулж, бүтээгдэхүүнийхээ үнийг нэмж болох байсан ч
    Т.Отгонбаяр захирал тийм сонголт хийгээгүй ажээ. Учир нь, хэдхэн жилийн
    дотор ашгаа эргэж олохоор улайрдаг адгуу зан гаргалгүй, бизнесийнхээ
    урт хугацааны ирээдүйн бат суурь, цаашлаад дотоодынхоо компаниудыг өсч,
    дэвжихэд хувь нэмрээ оруулахаар тэрээр шийдсэн талаараа хэлсэн. Дотоодын
    барилгын компаниуд цаашлаад төрийн зүгээс хийж байгаа барилга, авто
    болон төмөр замын ажилдаа дотоодын компаниудын үйлдвэрлэж, ядаж л тоосго
    цаашлаад хэв хашмал зэргийг хэрэглүүлэх стандарт тогтоовол дотоодын
    үйлдвэрүүд өндийхөд санхүүгийн томооохон дэмжлэг болно гэдгийг
    Т.Отгонбаяр захирал онцолсон. Улсаас жил бүр хийж буй бүтээн
    байгуулалтын томоохон ажлууддаа дотоодын барилгын компанийнхаа
    бүтээгдэхүүнийг авч ашиглуулдаг болговол олон компани хөл дээрээ босох
    нь мэдээж. Т.Отгонбаяр захирал цаашдын зорилгын талаар ярихдаа “Манай
    компани үндэснийхээ томоохон үйлдвэрлэгч компани болж, дотоодынхоо зах
    зээлийг 100 хувь хангахын зэрэгцээ цаашлаад ОХУ-ын Сибирь, Киргиз,
    Казахстан улсад бүтээгдэхүүнээ экспортолдог болохоор зорьж байгаа. Бид
    жилээс жилд технологио сайжруулж, бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмж,
    тулгуур баганыг үйлдвэрлэх бидний ойрын хийх томоохон ажил” хэмээсэн.
    Харин төрийн зүгээс дотоодынхоо экспортод гаргах боломжтой
    бүтээгдэхүүнийхээ жагсаалтыг гаргаж, энэ чиглэлд худалдааны томоохон
    гэрээ, хэлэлцээр хийж, татвар, гаальд нь хөнгөлөлт үзүүлэх чухлыг ч нь
    тэрээр онцолсон юм. Үндэсний үйлдвэрлэл гэдэг “овгоо” нэр төртэй авч
    яваа, 20 гаруй хүний амьдрал ахуй цаашлаад барилгын салбарынхандаа
    томоохон хөрөнгө оруулалт хийж байгаад нь “ТАСО” компанид талархах хүн
    олон байгааг онцолж байна. Хэрэв “ТАСО” компанийн бүтээгдэхүүнийг
    худалдан авч, хамтарч ажиллахыг хүссэн бүх компанид үүд, хаалга нь
    нээлттэй гэдгийг онцолсныг дуулгая.

    Б.Ууганбаяр
    Үндэсний шуудан сонин

  • Төрийн банк [Багийн хөгжлийн сургалт | 2014 оны 8 сар]

    ТӨРИЙН БАНКны Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн хамт олонд БАГ ХӨГЖҮҮЛЭХ 1өдрийн сургалт хийлээ. Сургалтыг хамтран зохион байгуулсан Харилцагчийн үйлчилгээний хэлтэс болон Хан- Уул, Сонгинохайрхан дүүрэг” салбарын хамт олонд маш их баярлалаа. Сургалтын үр дүнг үйлчлүүлэгчид л дүгнэнэ дээ.

    2014.08.1

  • Булхарын ХАНДАА

    Сэтгүүлч мэргэжилтэй, урлагийн менежментийн чиглэлээр Австри Улсын Вена хотод ажиллаж амьдардаг.

    Австри Улс дахь Монгол оюутны холбооны үүсгэн байгуулагчдийн нэг.

    Австри дахь Монгол соёлын нийгэмлэгийн тэргүүн. Австри Улсад төрж өсөж буй Монгол хүүхдүүдээ монгол хэл, соёлоо мэддэг монгол хүн болгож хүмүүнжүүлэхийн тулд тууштай зүтгэж яваа нэгэн. Өөрийн санаачилгаар Вена хотод Монгол хэл соёлын сургуулийг байгуулан ажиллаж байна. Цаашид сонгодог урлагийн өлгий гэгддэг Австри улсад байгаа сонгодог урлагийн бизнесийн боломж, зах зээлд монгол авъяас чадварыг гаргахын тулд хоёр улсын соёлын харилцааны гүүр болох зорилго тавин ажиллаж байгаа. Энэ чиглэлээр хамтран ажиллах боломжтой.

    https://www.facebook.com/handa.bulkhar

  • Яаж үнэ цэнээ өсгөх вэ?

    үнэ цэн

    Таны өнөөдрийн амьдрал хаана байна вэ? Та юу хийж байна вэ? Хэдэн төгрөгний цалин авч байна вэ? Ямар хүмүүсээр хүрээлэгдэж байна вэ? Ямар амжилтанд хүрсэн бэ? Ямар амжилтыг зорьж байна вэ? Энэ бүгд таны өөрийн үнэ цэн ямар байгаагаас хамаарч байгаа гэдгийг та мэдэх үү?

    “Амжилттай хүн болохыг хүсвэл үнэ цэнээ  өсгө. Орлогоо нэмэгдүүлэхийг хүсвэл үнэ цэнээ өсгө.”

    Ертөнцийг харах цонх бол та өөрөө. Тиймээс өөрийгөө өнгөлөн гялалзуул.

    Бид өөрсдийгөө яаж үнэлэнэ бусад хүмүүс биднийг тэгж л үнэлэнэ. Хэрвээ бид өөрсдийгөө зах зээлд ашиггүй хүн гэж харвал биднийг ашиггүй хүн л гэж тооцно. Хэрвээ бид амьдралдаа, гэр бүлдээ, хамт олондоо, байгууллагадаа, нийгэмдээ чухал үнэ цэнтэй хүн болохыг зорих юм бол биднийг бас тэгж л үнэлэх болно. Хамгийн гол нь ТА ӨӨРӨӨ ҮНЭ ЦЭНЭЭ ТОДОРХОЙЛНО. Тиймээс өөрийгөө үнэ цэнтэй хүн болго.

    Яаж үнэ цэнээ өсгөх вэ?

    1. Юмны үнэ цэнийг өсгө. Үүний тулд өрөөсөө “Аль нэг юмны үнэ цэнийг өсгөхийн тулд би юу хийж чадах вэ?” гэдгийг асуу. Жишээлбэл: Эвдэрсэн хэмхэрсэн зүйлийг засаж янзлах. Урагдсан зүйлийг оёж бүтэн болгох, өнгөө алдсан зүйл байвал будаж өнгийг нь сэргээх гэх мэт өөрийн гэр, ажилладаг байгууллага, бизнес, эргэн тойронд байгаа юмыг хэрхэн сайжруулах вэ гэдэгийг өөрөөсөө асууж, сайжруулах.

    2. Бусад хүмүүсийн үнэ цэнийг өсгө. Үүний тулд “Бусад хүний үнэ цэнийг өсгөхөд би юу хийж чадах вэ?” гэдгийг өөрөөсөө асуу. Жишээлбэл: бусдын үнэ цэнийг өсгөхийн тулд тухайн хүнд байгаа сайн чанарыг нь төвийлгэн гаргаж, өөрт нь сануулах. Баярлаж талархснаа илэрхийлж, мэдэгдэх. Тулгарсан асуудал бэрхшээлийг нь тэвчээртэй сонсож, шийдвэрлэхэд нь туслах. Өсч хөгжиж, амжилтанд хүрэхэд нь туслах, гаргасан амжилтанд нь баяр хүргэх гэх мэт.

    Бусдын үнэ цэнийг өсгөхөд тусалбал өөрийн үнэ цэн өснө.

    3. Өөрийнхөө үнэ цэнийг өсгө. Үүний тулд өөрөөсөө “Би үнэ цэнээ өсгөхийн тулд юу хийх вэ?” гэдгийг асуу. Жишээлбэл: тодорхой амжилт гаргахын тулд сурч мэдэх ёстой бол түүнийгээ сурч мэд, шинээр ур чадвар эзэмших хэрэгтэй бол түүнийгээ эзэмш, зөв дадалтай болох шаардлагатай бол түүнийгээ дад, мэргэжлийн ном унших хэрэгтэй бол түүнийгээ унш гэх мэт өөрийгөө өсгөж хөгжүүл.

    Санаж яв: Өөрийнхөө одоо байгаа дүр төрхийг биш өөрийнхөө болж чадах тэр дүр төрхийг бодож, төсөөлж, зураглах хэрэгтэй.

    Та өөрийгөө ямар дүр төрхөөр төсөөлөх буюу тэр дүр төрхөндөө итгэх юм бол тэр төсөөлөл тань таны жинхэнэ бодит дүр төрх болж хувирна.

    Амжилтын Тарни

    Би үнэ цэнээ өдрөөс өдөрт нэмэгдүүлж байна!

    Та үнэ цэнээ хэрхэн нэмэгдүүлдэг вэ? Өнөөдөр үнэ цэнээ өсгөх ямар үйл хийх гэж байна вэ? доор сэтгэгдлээ үлдээгээрэй.

     

    ХҮС. ХИЙ. ХҮР.

    ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ

    ©Ука Төмөр

  • Чингис Хааны Чанчун бумбад илгээсэн захидал

    “Мөнх тэнгэр Хятад улсын туйлширсан тансаглал,
    биеэ тоосон ихэмсэглэлийг цээрлэн орхин одлоо. Харин би, хойд зүгийн
    зэрлэг онгон нутагт амьдрагч, бусдаас онцгой хүсэл
    тачаалтай бус юм. Би тансаглалыг үзэн яддаг бөгөөд даруу зохистой
    хэрэглээг даган мөрддөг. Надад нэг л хувцас, нэг л хоол бий. Би жирийн
    малчидтайгаа адил хүнс хэрэглэн, тэдэнтэй адил навсархай хувцас өмсдөг.
    Би ард түмнээ өөрийн хүүхдүүд гэж үздэг бөгөөд авьяас билэг дүүрэн
    нэгнийг эн зэрэгцэх ах дүүгээ шигээ санадаг. Бидний үндсэн зарчим нэг
    бөгөөд бие биенээ ташуурдах зүрх зориг үргэлж эвлэлдэн нэгтгэдэг.
    Цэргийн сургуулилтанд би үргэлж урд нь дагуулж жинхэнэ тулаанд хэзээ ч
    хойно суудаггүй. Долоон жилийн дотор би агуу их амжилтыг бүтээж, бүтэн
    дэлхийг нэг гүрэн дор нэгтгэж чадлаа. Би онцгой өвөрмөц чанартай нэгэн
    биш юм.
    Гэхдээ Kин улсын төр тогтворгүй учраас Мөнх тэнгэр
    намайг хаан ширээнд (Кин улсын) залархад тусалж байна. Өмнөд нутгийн Сүн
    улс, хойд зүгийн Хүй, зүүн талын Хиа ба баруун хязгаарт орших зэрлэгүүд
    бүгд миний ноёрхолыг хүлээн зөвшөөрлөө. Миний харж буйгаар эртний
    үеийн шан юү-аас хойш ийм зах хязгааргүй гүрэн байгуулагдаж байгаагүй
    билээ. Хэдийгээр миний энэ дуудлага өндөр ч, надад ноогдсон үүрэг бас
    хүнд юм; миний засаглалд ямар нэгэн зүйл дутагдаж буйг би эмээж байна.
    Гол усыг гатлахдаа бид завь залуур хийдэг. Түүнтэй адил бид ухаант
    мэргэдийг урин, их гүрнээ жолоодох туслах зөвлөхийг сонгодог. Хаан
    ширээнд заларсанаасаа хойш би өөрийн ард түмнийг удирдах жолоог
    зүрхэндээ тээсэн билээ; харин гурав (kung) ба есийн (k’ing) байрыг эзлэх
    зохистой хүнийг олж чадахгүй байна. Энэ учир тохиолдолын улмаас би
    эрэн сурвалжлан, эрхэм багш таныг үнэнийг нэвтлэн, зөв замыг сонгон
    туулж явааг дуулан сонслоо. Ихийг суран өнөр туршлага хуримтлуулсан
    эрхэм таны хуулийн судалгаа агуу билээ. Таны дархан оюун тунхаглал
    болсон. Та эртний мэргэдийн нугарашгүй зүй тогтолыг хадгалан түгээгч.
    Таны бүтээл цуутай алдартны авьяас билэг бүхий. Та урт удаан хугацаанд
    хад чулуун дунд, энэ ертөнцөөс холдон амьдарсан; гэвч таниас хүмүүс оюун
    ухааны эдгээрлийг, үхэшгүй мөнх бурхдын замд зогсох үүл адил, үй олноор
    олж авч байна. Таныг дайн дууссаны дараа Шан туны ойролцоо хуучин
    буйрандаа байрлаж буйг дуулсан, таны талаар би үргэлж боддог. Вэй голын
    эргээс нэг л тэргээрээ буцаж, хулсан урцандаа урих урилгыг гурвантаа
    хэлдэг талаар мөн мэдэх билээ. Гэвч би яах билээ? Өндөр уулс, өргөн
    уудам тал нутаг бидний тасалж, би таньтай уулзаж чадахгүй байна. Би
    зөвхөн хаан ширээнээсээ буун, хажуулан хүлээж чадна. Би мацаг барин,
    биеэ угаалаа. Эрхэм таныг дагалдан хүргэхээр би өөрийн хиа Ли Чунг Лүүг
    илгээлээ. Мянган бээрийн замаас бүү бэрхшээгээрэй. Эрхэм таны гэгээн
    алхалт хийгдэнэ гэж би хүснэм. Элсэн цөлийн цар хүрээг бүү бодоорой.
    Өнөөгийн нөхцөлд амьдарч буй хүмүүсийн үйлийг эмгэнэн тунгаан, эсвэл
    миний биеийг нигүүлсэн энэрч амьдралыг сахих арга билгээ дамжуулан
    олгооч. Би өөрийн биеээр танд үйлчилнэ. Эрхэм та өөрийн мэдлэг оюунаас
    өчүүхэн хэмжээг миний биед үлдээнэ гэж найднам. Надад нэг л үг хэлэхэд
    би аз жаргал дүүрэн байна. Эл захианд өөрийн бодлоо би товчоор өгүүллээ,
    эрхэм таныг болгоон соёрхон гэж найдна. Агуу Даогийн зарчмыг нэвтлэгч,
    зөв бүхнийг энэрэн тэтгэгч, эрхэм таныг олон түмнийн хүслийг сөрөн
    зогсохгүй гэж бодож байна.
    5 дах сарын эхний өдөр (May 15),1219.”

    Орчуулсан Э.Хонгорзул. The Travels of Ch’ang Ch’un to the West, 1220-1223 by E. Bretschneider (1888)

    Фото зураг: Зураач Батцэнгэлийн Их хаадын хөрөг зураг

  • З.Түмэн-Өлзий- Оюуны ухааныг музейг үүсгэн байгуулагч, оюуны тоглоом зохион бүтээгч

    З.Түмэн-Өлзий нь 1944 онд Завхан аймгийн Нөмрөг сумын нутаг “Агуйтын” өвөлжөөнд Зандраагийн 4-р хүү болж төрсөн. Аав ээжээсээ 11-үүлээ. Аав Зандраагийн эцэг Дашпунцаг, ээж Хушаан нар нь малчин ардууд байсан бөгөөд З.Түмэн-Өлзийн аав Зандраа, ээж Ханджав нар нь мөн мал маллаж байгаад 1956 онд Нөмрөг сумын анхны “Эх эхлэлт” нэгдэлд гишүүнээр элсэж, мал маллах, туслах бригадад мужаан зэрэг ажил хийж байгаад 1968 онд УБ хотод шилжин ирж Аж үйлдвэрийн Комбинатын хайрцагны цехэд ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарч, аав Зандраа нь 1986, ээж Ханджав нь 1994 онд тус тус ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн байна. Аав Зандраа нь 1938 онд Байтагбогдод хасгуудтай, 1939 онд Халх голд Япончуудтай байлдаж “Бид ялав” , “Халх голын” ойн медалуудаар удаа дараалан шагнагдаж байсан. З.Түмэн-Өлзийн өвөг дээдэс, аав ээж, ах дүү нар нь ямар нэгэн ял шийтгэл хүлээж байгаагүй.

    З.Түмэн-Өлзий нь 1967 онд Завхан аймгийн Идэр сумын харьяат Д.Сийлэгмаатай гэр бүл болж 4 хүүхэд төрүүлж өсгөсний дээр бүх хүүхдүүдээ гадаад орнуудад явуулж суралцуулан өндөр мэдлэг боловсрол эзэмшүүлж, хүүхдүүд нь одоо НҮБ болон бусад газруудад ажил алба хашиж улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж байна.

    З.Түмэн-Өлзий нь 1965 онд ЭЗДСургууль,1979 онд Намын дээд сургууль, 1989 онд Монгол Зөвлөлтийн хамтарсан Ардын их сургуулийг тус тус дүүргэсэн, нягтлан бодогч, эдийн засагч, Улс төрийн дээд боловсролтой. 1965 оноос 1988 онуудад Завхан аймгийн Тосонцэнгэл, УБ хотын мод боловсруулах үйлдвэрүүдэд ахлах, Ерөнхий ня-бо, санхүүгийн хэлтсийн дарга, орлогч дарга, Намын дарга зэрэг ажлуудыг хийж, ажилласан байгууллагуудынхаа ажлыг сайжруулж арга туршлага нь хэвлэл номонд гаран, сайшаал шагнал хүртэж хот, дүүргийн намын бага хуралд төлөөлөгчөөр байнга оролцон, хот, дүүргийн Намын хорооны гишүүнээр удаа дараалан сонгогдож байсан юм.

    З.Түмэн-Өлзий нь сурч боловсрох, ажиллах хугацаандаа 1955 оноос эхлэн өөрийнхөө багын авьяас сонирхлын дагуу одооны хийж буй Үндэсний тоглоомыг судлах сурталчлах, зохион бүтээж хөгжүүлэх, улмаар дэлхийн дэвжээнд гаргах нөр их ажлыг давхар хийж байгаад 1988 оноос дагнан хариуцаж, 1990 онд МО ТҮ ӨВ Компани болон Оюун ухааны олон улсын музейгээ үүсгэн байгуулан ажиллаад зохих амжилтанд хүрсэн юм. Түүний ажлын амжилтыг гадаад дотоодын ном, сэтгүүл, телевиз радио гээд хэвлэл мэдээллийн бүхий л хэрэгслээр байнга сурталчилж, олон түмний хүртээл болгосоор байна. З.Түмэн-Өлзий нь 5,6,7,8-р таван жилийн гавшгайч цол тэмдэг, Ардын хувьсгалын 60, 70, 80 жилийн ойн медаль, “ШБОС”, “Шинийг санаачлагч цол тэмдэг” Монголын Залуучуудын Холбоо, Нийслэлийн Хүүхэд залуучуудын газрын “алтан”медаль, МҮХАҮ-ын танхимын “Хийморын одон”, ХЭАХН-ий “Итгэлт бизнесмэн”, Монголын хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн “Хүүхдийн нөхөр буяны эзэн”, Монголын Ёс заншил судлалын олон улсын холбооны “ Буянт үйлстэн” шагналаар тус тус шагнагдаж Баянгол дүүргийн хүндэт дэвтэрт бичигдэн, Баянзүрх дүүргийн засаг даргын хүндэт өргөмжлөл хүртсэн болно. Мөн 1994 онд Монгол улсын шилдэг зохион бүтээгч, 1998 онд Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн цол тэмдэг, Нүүдлийн Соёл иргэншлийн олон улсын төвийн Эрдэнийн Очир мөнгөн одон, Дэлхийн шатрын холбоо, Халимагийн ерөнхийлөгчийн хүндэт жуух, олон улсын үзэсгэлэнгүүдийн тэргүүн шагналууд (Гран при) алт, хүрэл медалиар шагнагдсан Чингис Хааны Дэлхийн Академийн Академич хүн юм. З.Түмэн-Өлзий нь төрөл бүрийн оньсон тоглоом, оньсон хайрцагнууд, эвхдэг ширээ сандал, үртэсний зуух, өдөн цэцэг, түүний ваар сав гээд 5 шинэ бүтээл, 300-аад бүтээгдэхүүний загварт хамаарах 3000-аад зүйл зохион бүтээж, холбогдох 5000 гаруй хуудас тодорхойлолт, томъёолол, техникийн шугам зураг зурж эрхийг нь хамгаалан олон улсын хэмжээнд баталгаажуулж патентуудыг нь авсан. Энэ бүхний эх хувь нь Монгол улсын Оюуны Өмчийн газарын Алтан фондод хадгалагддаг болно.

    Тууж, уянгын болон шог хошин өгүүллэг, сурвалжлага, ниитлэлийн 4 ном туурвисан байна. Мөн 300-аад хөрөг болон уран зураг зурсан.

    З.Түмэн-Өлзий нь Монгол ардын 15 ангийн тоглоом наадам, өөрийн зохион бүтээсэн 3000 шахам хувилбар бүхий төрөл бүрийн оньсон бүтээл, уран зураг, дэлхийн улс орнуудын оюуны болон шинжлэх ухааны тоглоом наадам зэрэг арван мянга гаруй үзвэрийг багтаасан Оюун Ухааны Олон Улсын Музей болон МО ТҮ ӨВ Компанийг 1990 онд үүсгэн байгуулж өргөтгөн хөгжүүлсээр одоо музей нь гадаад дотоодын төлөөлөгч, жуулчид зорьж ирж үздэг хамгийн олон үзэгчидтэй музей болж, тус компанийн гадаад харилцаа өргөжсөөр байна.

    Иймээс ч музейн барилгын багтаамж хүрэлцэхээ больж үзмэрүүд нь багтахаа байсан тул тус компани 2004 онд маш өвөрмөц хэлбэр загвар бүхий шийдэлтэй 4 давхар барилга барьж музейгээ өргөтгөсөн нь гадаад дотоодын үзэгчдийн сонирхлыг улам илүүтэй татах болсон юм. Мо Тү Өв компани нь 1958 онд байгуулагдсан Оньслох Ухааны Олон Улсын Академтэй хамтран 2004 оны 8 дугаар сард 42 орны төлөөлөгч оролцсон Оньслох Ухааны Зохион Бүтээгч, цуглуулагчдын Чуулга уулзалтыг Оюун Ухааны Олон Улсын Музейгээ түшиглэн зохион байгуулсан нь Монгол орныг дэлхийд сурталчилсан том арга хэмжээ болсон юм.

    Мо Тү Өв компани нь 1990 онд оньсон тоглоом хийдэг модны цех байгуулан ажиллаж энэ хугацаанд 200000 гаруй тоглоом үйлдвэрлэн гадаад дотоодын хэрэгцээнд нийлүүлж, тоглоом үйлдвэрлэх нь гар ажиллагаа, чимхлүүр ажил ихтэй, ашгийн түвшин багатай ч гэсэн улсад орлогын ЭМ, НДШ зэрэгт 20 гаруй сая төгрөг төлсөн билээ. Мөн төрсөн нутаг Нөмрөг сумандаа 1998 онд 1 сая төгрөг, 2004 онд 3 сая төгрөгийн үнэ бүхий модны суурь машинууд хандив болгон өгч, Завхан аймгийн Улиастай хотын Соёлын төвд буй өөрийн нэрэмжит шатарын клубт 1 сая шахам төгрөгийн үнэ бүхий алт мөнгөн шатар болон тэмцээнд ашиглах шатаруудыг өгсөн гэх мэт тусламж үзүүлж, З.Түмэн-Өлзийн нэрэмжит шатарын тэмцээнийг жил болгон Завхан аймгийн хэмжээнд уламжлал болгон зохион байгуулж түүний бай шагналыг нь З.Түмэн-Өлзий гаргадаг болоод байна. Монголын хүүхдийн байгууллага байгуулагдсаны 75 жилийн ойгоор Монголын хүүхдүүдэд 1,5 сая төгрөгийн тоглоом наадам хандив болгон өгсөн болно. 1998 онд Халимагийн нийслэл Элистэй хотод болсон дэлхийн шатарын 33-р олимпод үзэсгэлэн гаргаж “ Аваргын Оньсон Шатар” хэмээх 1992 онд өөрийн бүтээсэн бодит дүрстэй оньсон шатрыг ширээ, сандлын хамт дэлхийн шатрын холбоонд бэлэглэхэд, Ерөнхийлөгч Кирсан Илюмжинов “ сая доллараар ч үнэлэхийн аргагүй оюун ухаан, соёл урлагийн бүтээл” хэмээн үнэлж, хүндэт жуухаар шагнасан билээ.

    Мо Тү Өв компани нь Монгол үндэсний тоглоом, гар урлалын ховор нандин бүтээлүүдийг сурталчлан дэлхийн 52 оронд зохион байгуулагдсан 80 шахам үзэсгэлэн яармагт оролцсоноос, 2000 онд Германы Хановерт болсон дэлхийн экспод амжилттай оролцож, одоо Японы Айчи 2005 дэлхийн экспод мөн оролцож Монголчууд оньслох ухаанаараа дэлхийн улс орнуудаас хол тасархай түрүүлжээ гэдэг нэгдсэн ойлголт, үнэлэлт дүгнэлтийг олон улсын мэргэжлийн байгууллагууд болон оньс сонирхогч, цуглуулагч, эрдэмтэн судлаачид, зорьж ирж үздэг гадаад орнуудын үзэгчдээр албан ёсоор хүлээн зөвшөөрүүлээд байгаа нь тус компанийн болон Оюун Ухааны Олон Улсын музейн сүүлийн 10 гаруй жилийн идэвхтэй үйл ажиллагааны үр дүн юм. Ииймээс компани болон оюун ухааны олон улсын музей, монгол оньсны талаар дэлхийн улс орнуудын тоглоомын каталогид байнга ордог болж, оньслох ухааны олон улсын академи энэ талаар баримтат кино хийн 2002 онд дэлхий даяар сурталчилсан бөгөөд одоо тусгай ном хийж байна. Мөн Музейн талаар хүүхэд залуучуудын нэвтэрхий тольд орж, З.Түмэн-Өлзий нь энэ нэвтэрхий толийн хамтарсан зохиогчоор ажиллаж, Монгол үндэстний тоглоомын төрөл ангиудаас хүүхэд залуучуудын нэвтэрхий тольд оруулж нийтийн хүртээл болгожээ.

    З.Түмэн-Өлзийг “Монголын алдарт хүмүүн 21 зуун” Алтан номынхоо анхны дугаарт, Монголын алтан номын редакцийн зөвлөл, Монголын соёлын сан оруулжээ. Мөн З.Түмэн-Өлзийг Монгол улсын хуулийн дагуу “Утга соёлын өвийг ур чадварын өндөр төвшинд өвлөсөн” Монголын билиг авьястнуудын улсын жагсаалтын 11-рт үндэсний тоглоомоор нь бүртгэсэн болно.

    З.Түмэн-Өлзий нь одоо өөрийн үүсгэн байгуулсан МО ТҮ ӨВ Компанийн ерөнхий захирал, зохион бүтээгчээр амжилттай ажиллаж Монгол үндэсний тоглоомын арвин баялаг өв сан, арван мянга гаруй дахин давтагдашгүй үзмэр бүхий “ Оюун ухааны олон улсын музейгээ” түшиглүүлэн хүүхдийн оюун ухааныг багаас нь системтэй хөгжүүлэх сургалт явуулах бүх бэлтгэлээ бүрэн хангаж энэ оны хүүхдийн баяр буюу 6 дугаар сарын нэгнээр нээж үйл ажиллагаагаа эхлэхээр болоод байна. Ер нь н.Түмэн-Өлзий нь өөрийн ухамсарт амьдралыг хүүхэд залуучуудын хүмүүжил төлөвшил, Монгол хүний оюун ухааныг дэлхийн түвшинд гаргах, түүнийг хөгжүүлэх нөр их үйлсэд зориулан Монголын ард түмэн оюунлаг гэдэг бодит үнэлэмжийг хүн төрөлхтөнд ойлгуулах гэсэг өөрийн мөрөөдлөө биелүүлж байгаа цуцалтгуй хөдөлмөрч бүтээлч хүн болохыг түүний ажил амьдрал, санаачлан байгуулсан “Оюун ухааны олон улсын музей” бэлхнээ батлан харуулж байна.

    http://www.iqmuseum.mn

  • Магсаржав / DJ Maxsar

    DJ Maxsar нь Post-rock, Dream pop болон shoegaze урсгалаар уран бүтээлээ хийдэг амьд хөгжмийн “Unicorn” хамтлагт 2010-2013 онуудад аргил гитарчинаар тоглож, хамтлагаараа олон арга хэмжээнд оролцож байжээ. Үүний дараагаар Unicore хамтлаг тарснаар 2013 оноос эхлэн SIRIUS нэрээр өөрийн хөгжмүүдээ хийж эхэлсэн бөгөөд тухайн үеэс цахилгаан хөгжимд хүчтэй татагджээ. Төд удалгүй 2015 оноос албан ёсоор DJ хийж эхлэн Temple, Cue, Gandan live house болон The basement гэх клубүүдтэй хамтран ажиллаж мөн урилгаар тоглож байлаа. Тэрээр SIRIUS нэрээ MAXSAR болгон өөрчилж MAJESTY crew-д DJ болон хөгжмийн продюсераар 2017 оноос харьяалагдаж эхэлсэн байдаг.

    Тоглодог урсгал: Techno, Acid techno, Progressive House, Minimal

    Soundcloud: https://soundcloud.com/butterflycaughtt

    facebook: https://www.facebook.com/maxrjav