Category: Uncategorized

  • Б.Баярсайхан: Орчин үеийн морин хуурын урлалыг дэлхийн нумт хөгжмийн түвшинд хүргэхээр зорьсон

    Морин хуур урлаач мастерууд Монголд тоотой хэд бий. Эдгээр эрхмүүдийн төлөөлөл болсон урлаач бол яах аргагүй Монголын Морин Хуур Урлаачдын Холбооны тэргүүн, морин хуур урлаач Б.Баярсайхан билээ.

    http://morinkhuur.mn

    Бид энэ удаа түүнийг VIP Ярилцлага булангийнхаа зочноор урьж морин хуур урлалын талаар хэсэг хөөрөлдсөн юм. Ингээд морин хуур урлаач Б.Баярсайхантай хийсэн ярилцлагаа хүргэж байна.

    -Морин хуурийг анх хэзээнээс урлаж эхэлсэн бэ? Яагаад энэ замыг сонгов?

    -1992 оноос хойш 26 дахь жилдээ хөгжим урлалын чиглэлээр ажиллаж байна. Анх 1992 онд “Авьяас цогцолбор” нэртэй Нийслэлийн 93-р сургуульд суралцаж байхдаа Монголын нэрт хөгжмийн мастер  н.Жүгдэр багшийн шавь болсон юм.

    Тухайн үед олон сайн хуурчид багшийн хийсэн хуураар тоглож, би  хуурын аялгууг ойроос сонсож эхлээд хууранд дуртай болж хуур урлалыг сонирхож эхэлсэндээ.

    Дараа жилээс нь Улсын Үндэсний Хөгжмийн үйлдвэрт Б.Энхболд мастерийн дагалдангаар орж ажилласан. Үүнээс хойш  өнөөдрийг хүртэл мэргэжлийн морин хуурыг  урлаж байна. Хуур урлаж байх хугацаандаа 2001-2004 онд Англи улсын “Дурхам” хотод хийлийн мастер Tarquin Bolton –ны удирдлаган дор хийл урлал, альто хийл урлалын чиглэлээр сертификат хамгаалсан.

      Энэ нь Орчин үеийн морин хуур хөгжмийн урлалыг Дэлхийн нумт хөгжмийн түвшинд хүргэн хөгжүүлэх зорилгод минь

    түлхэц өгсөн юм.    

    -Өөрийн урлангийнхаа талаар уншигчдад танилцуулна уу?

    -1999 онд морин хуурын мастер, ах Б.Шинэбаяр, дүү Б.Баярсүрэн нартайгаа хамтран Bayaraa & Brothers буюу “Баяраа болон түүний ахан дүүс” компаниа байгуулсан.

    Тэр үеэс өөрсдийн гэсэн морин хуурын урлантай болъё гээд хорооллын байрны подволд үйл ажиллагаагаа эхлүүлж байлаа.

    2008 онд урлангаа “Pegasus” буюу  “Нисдэг морь” хэмээн нэрлэсэн.  Манай урлан Морин хуураа голчилж урладгаас гадна одоогийн байдлаар товшуур, арьсан хуур экэл, их хуур гэх мэт утсан хөгжмийн зэмсгүүдийг урлаж байна..

    -Урлангийн тань нэр их сонин санагдлаа. Ямар учраас “Pegasus” гэж нэрийдэх болов? Олон нийтийн зүгээс үндэсний хөгжмийн урлан гадаад нэртэй байна гэх шүүмжлэл байсан?

    -Урлангийнхаа нэрийг Хөхөө намжилын домгоос сэдэвлэн нисдэг морь гэж өгсөн. Мэдээж Монгол нэр өгч болох байсан. Гэхдээ морин хуур дэлхийн хөгжим боллоо.  Тухайлбал хоёр жилд нэг удаа манайд дэлхийн морин хуурын фестиваль зохион байгуулагдаж байгаа. Энэ фестивальд 10-15 орны хөгжим сонирхогчид оролцож байна.

    Мөн цахим ертөнц хөгжиж байгаа учир олон улсад цахим хуудсаараа дамжуулж захиалгаар урлах ажил нэлээд хийгдэж байгаа. Тиймээс гадаад хүнд ойлгомжтой нэр байвал зүгээр юм болов уу гэж бодсон. Нэг ёсондоо Монголыг гадаадад таниулах зорилгоор энэ нэрийг өгсөн юм.

    -Гадаадаас ирж буй захиалга хэр байна?

    -Ер нь гадаадаас хийгдэж буй захиалга олон бий. Нийт захиалагчийн 20-30 хувийг нь эзэлж байна. Сард 10 хөгжмийн захиалга орж ирнэ гэвэл 2-3 нь гадаад захиалагчид байдаг. 

     

    Сайн хуур урлахад 7-10 өдөр шаардагддаг

    -Морин хуурыг хэдий хугацаанд урладаг вэ?

    -Хөгжмөөсөө шалтгаалаад янз бүр байдаг. Хөгжмийн зэрэглэл буюу сургалтын эсвэл мэргэжлийн үү гэдгээс хамаарч материал, дизайн, хийц ямар байх, хэдий хугацаанд хийх нь шалтгаалдаг. Хамгийн хямдхан буюу сургалтын хуур гэж бодоход 7-10 хоног шаардагдах жишээтэй. Нарийн мэргэжлийн хуур нь хэдэн сарын хугацаанд бэлэн болдог.

    -Мэдээж шинэ бизнес эхлүүлнэ гэдэг амаргүй даваа. Пегасус урлан өнөөдрийн энэ хэмжээнд хүрэхийн тулд ямар саад, бартааг давав?

    -Анх урлангаа эхэлж байхад дээр дурдсан шиг өөрсдийн гэсэн байргүй, подволд ажлаа явуулдаг байлаа. Подволны бохирын хоолой задрах үе ч хэд хэдэн удаа байсан. Тэр үед ах дүү гурвуулаа хонон өнжиж, урлангаа үргэлжлүүлэн ажиллуулахын тулд бүхнээ зориулдаг байлаа. Тэр үед л хамгийн хүнд, хэцүү санагдаж байсан юм.

    Хуучны подволд том цонх байгаагүй учир өдөр шөнө болохыг ч мэдэхгүй, сарын хугацаанд урландаа амьдарч байсан үе бий. Мэдээж шантрах үе байсан л байх, гэхдээ өөрсдөө хийж буй ажилдаа дуртай байсан учир хэчнээн ядарч, шантарч байсан ч ажлынхаа ард гарах гэж зүтгэсэн.

    Тухайн үетэй харьцуулахад одоо техник технологи, цахилгаан хөрөө, харуул гэх мэт багаж хэрэгслүүд сайжирч байгаа учир хуучныг бодвол арай хурдан хугацаанд хийж болохоор болсон.

    Одоо бодоход бүх зүйлийг өөрийн гараар хийдэг байсан нь хамгийн хүндрэлтэй нь байжээ.

    -Өдрийн хэдэн цагийг ажилдаа зарцуулдаг вэ?

    -Өдөрт ажилдаа 8-10 цаг зарцуулдаг. Зарим үед уран бүтээлч хүний онгод орно гэдэг шиг ажилдаа улайраад суувал шөнө болтол ажиллана. Сэтгэл санаа өөдрөг, өнөөдөр л мод сонсох/хөг тавихад тохиромжтой буюу хөг хөгөлгөөгөө сайн сонсох/ юм байна даа гэвэл шөнө болтол суудаг.

    -Таны хувьд хамгийн сайн болсон бүтээлээ нэрлээч гэвэл?

    -Уран бүтээлч хүн гаргаж байгаа бүтээл бүхнээ сэтгэлээ шингээн хийдэг. Бүтээл болгоныгоо л сайн болгоё гэж бодсон. Хөгжмийн зэмсгийг бид амьд гэж үздэг. Тухайн үеийн жижиг алдаанаас болж хүссэн дуугаралт гарахгүй тохиолдол олон байдаг. Ер нь хөгжим урлаач хүний хамгийн сайн бүтээл нь дуугаралт сайтай хөгжим гэж хэлж болно.

    Гоё дуугарч байж тайзан дээр тоглоочийнхоо ур чадварыг сонсогчдод илүү өндөр хэмжээнд хүргэж чадна. Алдартай морин хуурч, хөгжмийн зохиолч Х.Алтантуг багшийн маань хуучин Ардын Дуу Бүжгийн Чуулгын тайзан дээр тоглож байсан хуур их гоё санагддаг.

    Дэлхийн түвшинтэй харьцуулбал Монгол хөгжим урлаачдын үнэлгээ өндөр биш. Мэргэжилдээ дуртай хүн л энэ салбарт үлдэж чадна. Цэвэр мөнгө, бизнес талаас нь бодсон бол амар биш.

    АНУ-ын Феникс мужид оршдог Дэлхийн хөгжмийн зэмсгийн музей /MIM Musical Instruments musiem /-д Монголын өв соёлыг төлөөлөн, урласан  Морин хуур хөгжим маань тавигдсан байдаг. Алдартай музейд манай бүтээлээс сонгон тавьсанд нь баярлаж явдаг. Энэ нь нэг ёсондоо Монголын үндэсний хөгжмийг дэлхийд таниулах нэг хэлбэр юм.

    -Сүүлийн үед хүн бүр гэртээ морин хуур залж, үр хүүхдүүдээ үндэсний хөгжмийн дугуйланд хамруулах болж. Үүнд юу нөлөөлсөн гэж та хувьдаа бодож байна?

    -Морин хуур өөрөө тэр чигтээ гайхамшиг. Монгол хүн бүр морин хуур гэдэг үгийг сонсохоороо л омогшиж байдаг. 2002 онд Ерөнхийлөгч асан Н.Багабанди албан байгууллага, хувь хүн бүхэн морин хуураа дээдлэх зарлиг гаргасан. Энэ зарлиг нь морин хуур түгэн дэлгэрэхэд нэг талаар нөлөөлсөн гэж хэлж болно.

    Нөгөөтээгүүр сүүлийн үед манайхан гэр бүл, үр хүүхэдтэйгээ гадаад уруу аялах, эсвэл амьдрахаар их явах болсон. Түүнчлэн гадаадад буй монголчууд эх орноо сурталчлах, танин мэдүүлэх хүсэлтэй учир хүүхдүүддээ үндэсний хөгжим сургах нь ихэссэн гэж боддог.

    Нийгэм өөрөө чөлөөтэй болж, хүн юу дуртайгаа сурах боломжтой учир аяндаа гарч ирж байна гэж ойлгож байгаа. 

     

    Монголоос олон улсын сайн тоглоочид гараасай гэж хүсдэг

    -Морин хуурын ая сонсохоор сэтгэл хөдөлж, өөрийн эрхгүй огшоод байдаг. Энэ нь монгол хүн учир сэтгэлд ингэж их тод тусаад байна уу. Эсвэл эл хөгжим өөрөө тийм гайхамшигтай юм уу?

    -Ерөнхийдөө монгол хүн гэхээсээ илүүтэй хөгжимдөө байдаг. Манайхан “Этүгэн” гэж хамтлаг байгуулаад 2000-2010 оны хооронд дэлхийн арваад орноор тоглолт хийгээд явсан л даа. Морин хуур, Монголынхоо соёлыг сурталчлаад явж байхад хүмүүсийн хүлээж авах нь харилцан адилгүй нь ажиглагдсан. Гэхдээ ганц монгол хүн гэлтгүй хөгжмийн мэдрэмжтэй ямар ч хүн анх сонссон их өндөр түвшинд хүлээж авдаг.

    Нэг талаар монгол хүн д л байх мэдрэмж бий. Тухайлбал гадаад хүн хуурыг 10 жил хичээнгүй сураад тоглох, монгол хүн хоёр жилийн дотор сураад тоглоход монголчуудаас гарч буй аялгуу арай л өөр. Энэ нь мэдрэмж нь цаашлаад монгол хүний цусанд байдаг гэж хэлж болно.

    бүх хөгжимтэй тохирдог, язгуур, сонгодог төрлийн аяыг алийг нь ч тоглож болох

    -Ойрын хэдэн жил гадаад хүмүүс морин хуурыг сурах нь ихэссэн. Нэг талаар үндэснийхээ хөгжмийг дэлхийд таниулж байна гэдэг. Гэхдээ хэсэг бүлэг хүмүүс үүнийг эсэргүүцэж байгаа. Энэ талаарх таны бодол?

    -Монголчуудад иймэрхүү сэтгэлгээ байсан нь дээр гэж би боддог. Гэхдээ хэт юмыг өмчлөх бол тийм сайн зүйл би. Ялангуяа манай хөгжим дэлхийн түвшинд тараад, болж өгвөл дэлхийн хуурчид хоорондоо өрсөлддөг, олон улсын сайн тоглоочид бий болоосой гэж хүсдэг.

    Үндэсний хөгжмийг маань гадаадууд сонирхож байгаад нь би нэг талдаа баяртай байдаг.

    -Мөн сүүлийн үед үндэсний хөгжмийг поп урсгалтай нийлүүлж уран бүтээл туурвиж байгаа. Гэвч энэ нь хэт ихэсвэл үндэсний гэх зүйлээ алдахад хүргэх нь гэсэн айдас байна?

    -Мэдээж хүүхэд залуусын сэтгэлгээ, сонголтыг хязгаарлах аргагүй. Сонсогч, хүлээн авагчид байгаа учраас тэр бүтээл, чиглэлийг үгүйсгэх боломжгүй. Хуучны нандин зүйлсээ алдах гээд байгаа гэдэг нь үнэн. Уламжилж ирсэн маниар, техник, уртын дууны нугалаа гэх мэт эдгээрийг мэддэг чадвартай мастер хүмүүс нь цөөрөөд байна.

    Залуучууд нь тэр бүхнийг өвөлж авах хүсэлтэй юу гэхээр үгүй. Сүүлийн үед буцаад уртын дуу тоглох ур чадварыг бүрэн эзэмшсэн багш, тоглоочид багассан гэдгийг ойлгож, авч үлдэхийг хүсэх болж.

    -Ажиглаад байхад морин хуур сонгодог, язгуур гээд бүх төрлийн хөгжимтэй зохицож сонсогддог. Энэ нь хуур хөгжмийн бас нэг гайхамшиг байх?

    -Хялгасыг хялгасаар хөрөөдөж аялгуу гаргадаг цорын ганц хөгжим морин хуур юм. Харахад хоёр чавхдастай мэт харагдаж байгаа ч, нэг чавхдас нь 100 гаруй хялгас байдаг. Энэ нь нэг онцлог юм.

    Түүнчлэн тоглохдоо хялгасан дээр хуруугаараа дарж биш, хумсны толиогоороо хажуугаас нь дарж тоглодог учир гарч буй дуу, авиа нь өөр байдаг. Англид хийл урлалаар явж байхдаа энэ өнгөний ялгааг мэдэрсэн юм.

    Дэлхий дээр бүх хөгжимтэй тохирдог, язгуур, сонгодог төрлийн аяыг алийг нь ч тоглож болох хувирамтгай чанартай хөгжим ховор. Эдгээр хөгжмийн нэг нь морин хуур юм.

    -Хэрэв сайн морин хуур авахыг хүсвэл ямар хуур сонгох ёстой вэ?

    -Хуур авахыг хүсвэл урлаачтайгаа нүүр тулан уулзаад, тухайн урлаачийн өөрийн гараар хийсэн бүтээлийг сонгох хэрэгтэй.

    Хамгийн гол нь дамжлагаар биш нэг урлаач эхнээс нь дуустал нь бүх юмыг өөрийн гараар хийсэн хуурыг авахыг зөвлөж байна. Учир нь тэр хуурт тухайн урлаачийн сэтгэл зүрх гээд бүгд шингэсэн байдаг.

    Болж өгвөл захиалгаар хийлгэх хэрэгтэй. Эсвэл тухайн урлаачийн хийсэн хуурыг худалдаж авах нь зөв.

    -Танай урлангаар орж ирэхэд морин толгойтой хийлний зураг анхаарал их татсан. Энэ хийлээ хэдэн онд урласан бэ? Яагаад заавал морин толгойтой хийл гэж?

    -Энэ хийлийг 2001-2004 онд Англид суралцаж байхдаа мастерын урланд хийж байсан. Хамгийн анхны хийлээ хийгээд эхэлчихсэн байлаа. Тэгсэн надад анхны хийлээ морин толгойтой хийвэл яадаг юм гэсэн санааг удирдагч мастер маань зөвлөсөн юм.

    Хийлийн толгойг хийх гэж таван толгой сольсон. Эхлээд морин хуурынхаа л дизайнаар бодоод хийсэн толгой маань тохирохгүй байсан. Олон толгой сольсны эцэст энэ морин толгойг урласан юм.

     

    Морин хуур тоглоочийнхоо зүрх сэтгэлд орж, дөлгөөн болгодог

    -Хөгжим хүнийг хүмүүжүүлдэг гэдэг. Энэ талаар?

    -Хөгжим тоглож сурахын тулд нэгдүгээрт сууж сурах шаардлага гардаг. Энэ нь нэг ёсондоо тэвчээр их шаарддаг гэсэн үг. Эхлээд сууж сурч байж гайгүй өнгө гаргана гэхээс биш хэт их хөдөлгөөнтэй хүн сурна гэдэг хэцүү. Үүнээс эхлээд л байдаг байх гэж би боддог. Морин хуур хөгжим өөрөө тоглож байгаа хүнийхээ зүрх сэтгэлд орж, тайвшруулж, дөлгөөн даруу болгодог.

    Энэ нь хүний сэтгэлийг нэг ёсондоо зөөллөж, ааш занд нь нөлөөлж байгаа хэрэг юм.

    Ярилцсан: Ж. Хулан

    Эх сурвалж: ZALUU.COM – Үндэсний тэргүүлэгч сайт

    Мод хөглөөч

    Mongolian Economy

    Хорвоо дэлхийг бүүвэйлэх морин хуурын хоёрхон чавхдаснаас уянгалах зөөлөн аялгуугаар монгол орныг төсөөлөх гаднынхан цөөнгүй. Монголчууд бид ч мөн адил морин хуураа дээдлэн, өөрийгөө болоод өвөг дээдсийн ариун түүхийг энэ хөгжимтэй салшгүй холбоотой хэмээн үзэж хоймортоо залдаг. Тиймээс манай сэтгүүл энэ удаагийн “Made in Mongolia” буландаа морин хуур урлаачтай уулзлаа.

    Хуур хийхэд хамгийн тохиромжтой мод нь хус, хуш, нарс 

    Босго давах төдийд мод, цавууны үнэр хамар цоргиж тог тог гэх чимээ сонстох аж. Хамаг оюун санаагаа хийж буй зүйлдээ төвлөрүүлсэн 30 гаруй настай энэ эр орчин тойрноос тасарчихсан гэлтэй харагдана. Хүн орж ирсэн гэдгийг ч мэдэх сөхөөгүй нимгэн хавтгай модтой “ноцолдох” түүнийг “Bayar and Brothers” ХХК-ийн захирал, урлаач Б.Баярсайхан гэдэг. Энэ сонирхолтой үйлдэл нь сайн морин хуур урлах хамгийн чухал ажиллагаа ажээ. Түүний тогших хавтгай мод нь хуурын цар буюу ишний дор байрлах дөрвөлжин хайрцаг бүхий зүйлийн нэг тал нь аж. Ийнхүү тог тог тогших нь модыг хөглөж байгаа хэрэг. Б.Баярсайханы хэлснээр Мод бүхэн өөрийн хөг “хэл”-тэй байдаг гэнэ. Морин хуур урлаж буй хүн модны юу гэж хэлэхийг сонсож чаддаг мөн өөрийгөө ойлгуулдаг байх нь хамгийн чухал ажээ. Тиймээс мод тогшиж хөгийг нь тааруулж чадаж гэмээнэ морин хуур өөрийн гэсэн хөг аяыг гаргаж чаддаг байна. Морин хуурын ишний дор байрлах дундаа нүхтэй дөрвөлжин хэсгийг цар гэдэг байна. Энэ хэсгийг бүрдүүлж байгаа модыг сайн хөглөхгүй бол хуур сайхан дуугарч чадахгүй. Б. Баярсайхан урлаачийн хэлсэнчлэн “Хүн бүрт цар хөглөх өөр өөрийн гэсэн арга бий. Зарим нь модыг хөгжмийн эгшгээр хөглөж байхад нөгөө хэсэг нь нимгэн зузааныг нь шалгадаг. Харин би бол тогшиж хөглөдөг. Мод хөглөх нь нэлээд ур дүй, дадлага туршлага шаардсан ажил. Хэрвээ царны хөг буруу байх юм бол хэчнээн сайхан чавхдас байлаа гээд хуур олигтой дуугарахгүй” гэсэн юм.

    Тухайлбал, өсгөгчгүй чанга яригч дуугардаггүй шиг царгүй морин хуур хөг ая гаргаж чадахгүй. Мод ямар хөгтэй байх нь маш олон зүйлээс шалтгаалдаг юм байна. Тиймээс морин хуур хийх модыг хэд хэдэн шалгуураар сонгоно. Чухам ямар мод сонгохоос л морин хуур урлах ажил эхэлдэг гэсэн үг. Уулын хаанаас, хэдэн настай, хэрхэн хатаагдсан мод сонгох вэ гэдгийг нарийн шийдсний дараа модыг хэмжээний дагуу авдаг байна. Хуур хийхэд хамгийн тохиромжтой модонд нь хуш, хус, нарс орно. Ингээд сонгосон модоо наранд зөв хатаах ёстой. Яаж хатаах нь тухайн урлаачийн өөрийн гэсэн нууц гэнэ билээ. Хэр удаан зөв хатаана чанарждаг байна. Б.Баярсайхан “Би 20 -иод жил хуур урлаж байна. Би анх хуур хийхийн тулд хатааж авсан модоо одоо ч гэсэн хадгалдаг. Хамгийн нандин гэсэн захиалгатаа тэр модноосоо ашигладаг” гэсэн юм. Ийнхүү хатаасан модоор хамгийн түрүүнд захиалагчийн өгсөн загварын дагуу морин хуурын толгойн хэсгийг хийнэ. Үүний дараа ишийг нь хийх бөгөөд хуур захиалсан үйлчлүүлэгчийн онцлогт тохируулан өргөн, нарийн, урт, богино хийдэг байна. Энэ хооронд, мар, чих, нум гээд бусад зүйлийг бэлэн болгоно. Хамгийн сүүлд царыг хийх бөгөөд дээр дурьдсанчлан хөглөж мөн эрхий хуруун чинээ жижиг харуул, алх, хөрөө зэрэг сонихон багаж хэрэгслээр харуулдах, зүлгэх, зүсэх гээд нэмэлт ажлыг хийж гүйцэтгэнэ. Дөрвөн хавтан бэлтгэх ба нүүрэн хэсгийн хавтанд нүх гаргана. Энэ нүх мөн дуугаралтад нөлөөлөх гол хүчин зүйлсийн нэг учраас их учиртай. Үүний дараа бэлэн болсон хавтангуудыг хооронд нь нааж цар өөрийн гэсэн хэлбэр дүрсээ олно.

    Хуурын чавхдасын нэг нь л гэхэд 100-120 ширхэг сүүлнээс бүрддэг

    Урлаач сайн хуур хийж чадах эсэх нь түүний багаж хэрэгслээс ихээхэн хамааралтай. Одоо хорвоо дэлхийг гайхшруулсан хоёр чавхдасыг бэлтгэх ажил хүлээж буй. Морин хуурын чавхдасыг адууны сүүлээр хийх бөгөөд хууранд бэхлэх явцад тасрахааргүй бөх батыг сонгоно. Хэдийгээр харахад хоёрхон чавхдас байгаа мэт ч үнэндээ нэг чавхдас 100-120 ширхэг адууны нарийн сүүлнээс бүрддэг ажээ. Тиймээс ширхэг бүрийг сайтар шалгах хэрэгтэй. Дараагийн шатанд ийнхүү сонгосон сүүлээ боловсруулна. Хүн бүр өөр өөрийн аргаар боловсруулах ба хамгийн анхаарах зүйл нь сүүлийг гэмтээлгүйгээр цэвэрлэх явдал юм. Б.Баярсайхан сүүлийг цэвэрлэхдээ ихэвчлэн эдийн савангаар угаадаг гэнэ. Хэрвээ өөр төрлийн бодис угаалгын нунтгаар угаавал сүүлний тослог, бөх бат чанар алдагддаг байна. Ийнхүү чавхдасыг бэлэн болгосны дараа эд ангиудыг өөр хооронд нь холбоно.

    Морин хуурын нэг онцлог нь хадаасаар тогтоосон эд анги нэг ч байхгүй бөгөөд ямар нэгэн металл, төмөрлөгийн зүйл ордоггүй цөөхөн хөгжмийн зэмсгийн нэг юм. Ийнхүү хэлбэр дүрсээ олсон бэлдэцээ будаж, янзална. Морин хуурын эх бие бэлэн болох үед өмнө нь бэлтгэсэн чавхдасыг бөхөлнө. Царны дотор талд мөн хөглөгч байрлуулах агаад энэ нь чавхдаснаас ирэх аяыг боловсруулаад гадагш гаргадаг гэнэ. Энэ бүгдийн дараа хуурын хоёр чавхдасыг тоглох ая, тоглож буй хүнээсээ шалтгаалан өөр өөрөөр хөглөдөг ажээ. Ийнхүү бэлэн болсон морин хуур “Рegasus” дэлгүүрт эзнээ хүлээн эгнэнэ. Уг дэлгүүрт морин хуур дунджаар 350 мянган төгрөгөөр худалдаалагддаг аж. Б.Баярсайханы хийсэн морин хуур өдгөө чанартай, цэвэр дуугаралттай, өнгө үзэмж сайн гэх үнэлгээг үйлчлүүлэгчдийн зүгээс авчирчээ. Түүний хэлснээр “Өнөөдөр манайд олон хүн морин хуур хийж байна. Гэхдээ гарын таван хуруунд багтах цөөн тооны урлаачид л чанарын өндөр түвшинд хийдэг. Гадуур зарагдаж байгаа хуурыг аль нь сайн, аль нь муу гэдгийг жирийн хүний нүдээр ялгах боломжгүй. Тиймээс хүн бүр л өөрийн хийсэн морин хуурыг сайн гэх байх. Ийм учраас ихэнх мэргэжлийн морин хуурчид өөрийн гэсэн хуур урлаачтай байдаг” гэсэн юм. Тэрбээр хуур урлаад зогсохгүй “Этүгэн” нэртэй морин хуурын хамтлагт хүчин зүтгэдэг.

    Мөн “Pegasus” төвд бүх л төрлийн хөгжмийн сургалт, худалдаа эрхэлдэг ажээ. Өнөөдөр түүний урласан хөгжмийн зэмсэг нь Монголын морин хуурыг төлөөлж АНУ-ын Нью -Йорк дахь “Shubert club” хөгжмийн тvvхийн музей, Аризона мужийн Феникс дахь дэлхийн хөгжмийн музей /MIM/ -д тавигдсан байна. Түүнчлэн УАДБЧ, Морин хуурын чуулга, СУИС, ХБК, Соёлын дээд сургууль зэрэг урлагийн байгууллага төдийгүй Япон, Буриад, ӨМӨЗО-ны морин хуурчид Б.Баярсайханы бүтээлээр хөгжимддөг. Тэрбээр 2009 онд “Морин хуурын стандарт хэмжээ” хэлэлцүүлэг зохион байгуулж, баталгаажуулсан зэрэг нь түүний 20 -иод жилийн туршид хичээнгүйлэн зүтгэсний үр дүн юм. Б.Баярсайхан морин хуурыг өр зүрхнээсээ хайрладаг нэгэн билээ. Өөрийн ур, ухаанаар хийсэн хуураар хүний сэтгэлийг хөдөлгөн хөгжимдөх нь амгалан хийгээд сэтгэл хөдөлгөм ажээ. Хуур, хүн хоёр зохицон уусахын хором энэ ажгуу.

    Эх сурвалж: mongolianeconomy.mn

  • ХӨГНӨӨСТЭЙ ИСЭЭНҮҮД | ХҮНИЙГ ХӨГЖСӨН ЭСЭХИЙГ ХЭРХЭН ХЭМЖИХ ВЭ

    ХӨГНӨӨСТЭЙ ИСЭЭНҮҮД
    Л. ТҮДЭВ

    – Монгол хүн билгээрээ
    – Түвд хүн ид шидээрээ
    – Хятад хүн наймаагаараа

    Нэг. Дээшээ доошоо хоёр
    Хүн эхээс төрөхдөө доошоо унаад дараа нь дээшээ босдог. Тэрэн шигээ үйлдлийг насан туршдаа хийдэг. Ноён юмуу дарга болохыг хүсдэг. Хаан болох санаатай ч бас байдаг. Ноён ч бай, дарга ч бай, хаан ч бай дээшээ өргөгдсөн өндөрлөгт гарсан хэрэг. Гэвч тэр дээшлэлт мөнх биш. Ноёныг ч юмуу, даргыг ч юмуу, хааныг ч юмуу түүхэн унагаах, огцруулах, тэр ч байтугай цаазлах ч удаа байдаг.

    Тэр бүхнийг үзэлгүй босоогоороо байж байвал хөгшрөлт гэдэг байгалийн хуулиар доошоо унадаг. Ер нь ч тэгээд өгсөхөөс уруудах нь хэцүү байдаг. Өгсөж буй хүн баяртай, уруудаж буй хүн гунигтай байдаг болой. Оргилсон гал өөдөө ноцдог Урссан ус уруугаа явдаг гэдэг ертөнцийн жам юм. Түүний эсрэг

    “Дэлхийн шороог дээш нь цацвал доошоо унана
    Дэнгийн гэрлийг доош нь харуулавч дээшээ босно”

    Тэгэхээр хүн өөд нь чулуу хаяхыг болгоомжлохгүй бол өөрийн нь толгой дээр унадаг. Зарим нь үүнийг ухаардаггүй. Өөд нь чулуу шиднэ гэдэг давхар утгатай үг. Жинхэнэ чулуу шидэх нэг утга нь, Үгэн чулуу шидэх бол бас нэг утга нь юм. Өндөрт гарсны дараа тэр хүн өөд чулуу ч шиднэ, үг ч шиднэ.

    Өндөр хүн доог, тохуун суманд оногдохдоо амархан. Харин одой намхан хүнийг бол оноход бэрх гэдэг билээ. Бас “өндөр уулан дээр гарахад толгой эргэдэг” шиг өндөр албан тушаалд гарвал толгой бас эргэж мэднэ. Өндөр болох тусам сүүдэр нь уртасдаг. Гэтэл наран өөд хараад л яваад байвал сүүдрээ хэзээ ч үзэхгүйд хүрнэ.

    Тэгэхлээр алдар нэр чинь сүүдэр шиг чинь өмнө хойн гарч, заримдаа өөрөөс чинь өндөр болж заримдаа өөрөөс чинь намхан болж байдгийг санах явах учиртай. Өндөрт авирч явахдаа бусдад тус болж байхгүй бол буцаж буухад замд чинь тэд нар ахиад дайралдана гэдгийг санаж байхад хэрэгтэй.

    Хүн болгон бусдаас ялгаатай бас өдөр ирэх тусам өөрөөсөө ялгаатай болдог.Тэгдэг нэг гай бол өндөр хэргэм бас хөрөнгө мөнгө нь эзэмшдзг эзнээ эвддэг, түүнд атаархагч ядуу, доодсыг ч бас адилхан эвддэг удаа цөөнгүй. Энэ бүхнийг тунгаан бодож явахгүй бол “Гэрийн хий дээшээ, гэдэсний хий доошоо” гардаг түгээмэл явдал бий шүү.

    Монгол эртний мэргэдийн амнаас ч өрнөдийн цэцдийн бичлэгээс ч ийм санааг мэдлэгийн аргал түүхээр араг үүрч, үзгэн савар барьж явахдаа би олж мэдсэнээ исгэж, тараг бүрэхээр үүнийг бичвэй.

    Хоёр. Оюуны итгэлцүүр
    Одоо үед буюу шинжлэх ухаан, мэдээллийн зуунд хүний оюуны хэмжүүрийг арван итгэлцүүрээр авч ярьдаг болоод байна, Урьдын цагт бол өөр хэмжүүр байв.

    -Монгол хүн билгээрээ
    -Түвд хүн ид шидээрээ
    -Хятад хүн наймаагаараа, гэдэг онцлогоор нь хэмждэг ардын уламжлал байсан. Амьдралд бол энэ нь үнэмшилтэй хэмжүүр байсан ажээ. Орчин үед оюуны итгэлцүүр их нарийсгасан хэмжүүрт орсон юм.

    Нэгд. (IQ-#inteltigence quotient) буюу танин мэдэх чадвар. Үүнд тунгаан асуудал шийдэх, шинийг судлах чадварууд багтдаг байна.
    Монголчууд IQ-гийн ерөнхий үзүүлэлтээрээ дээгүүр байранд орж байгааг гадаадын зарим судлаач нар тогтоосон байна, Европчуудын тархи 1330 грамм бол Монголчуудынх 1382 грамм ажээ. Профессор Ричард Линк Тату Венховенкий судалснаар дэлхийн 185 орноос 21 дүгээрт нь монголчууд IQ-гээрээ дээгуур байрт оржээ.

    Уул нь хүн ная наслах юм бол тархи оюундаа цуглуулан боловсруулах боломжтой мэдээлэлийг нь цахим пянзанд бичих гэвэл 71428571428870000 дискотек (пянз) (17 оронтой тoo) хэрэгтэй болох юм байна гэж хэдэн жилийн тэртээ тооцоо гаргасан байдаг билээ. Харамсалтай нь энэ их чадамжаас сайтар ашигладаг мэдээллийн оюуны сангаа их баяжуулдаг хүн ховорхон байх ажээ.

    Энэтхэгийн “цээж тооны” рекорд тогтоогч Шакунтала Дэеи гэгч 1980 оны 6-р сард ердөө л 28 секундын дотор гучин оронтой тоог хоёроор үржүүлэхэд түүнийг нь зөв эсэхийг шалгах гэж цахим бодогчоор хэдэн цаг ажиллаж”байж бодож гаргасан байна. Хүний QI ийм чадалтай нь цахим техникээс давуу байгааг харуулж чаджээ.

    Хоёрт. (EQ – #emotional quotient) буюу сэтгэл хөдлөл харилцааны чадварын итгэлцүүр.
    “Нэгэн сэтгэлт эр болбоос эр бус эрдэнэ
    Хоёр сэтгэлт эр болбоос эр бус эм гэгдэнэ
    Нэгэн сэтгэлт эм болбоос эм бус эр хэмээгдэнэ” гэж монголын эртний сургаал байдаг билээ. Харилцааны чадварын хуучин хэмжүүр юм. Харин өнөө үед “Олон ургалч үзэл” гэх шиг хэлбэрийг бусдаас хуулж “Олон санаат оргож чаддаггүй” үлгэрээр орж олон намын тогтолцоо буй болгосоор байгаа нь “Эр бус эм гэгдэх” маягтай харагдахад хүрч байна.

    Гуравт. (AQ – #adversity quotient) Өөдрөг санаа бэрхшээл давах зориг эрмэлзлэл ,зүтгэлийн итгэлцүүр юм.
    -“Хүний тамир бодолдоо байдаг, Хүлгийн тамир туурайндаа байдаг”

    -“Сүүжиндээ хүчтэй хүн ганц биеэ тэжээх, Сэтгэлдээ хүчтэй хүн түмэн хүнийг тэжээх”

    -“Харанхуйг туулбал гэгээнийг үзэх, Холыг туулбал жаргалыг үзэх” гэхчилэнгээр монголчууд сургадаг байсан нь өөдрөг санаа, бэрхшээл даван туулахын зөвлөмж байлаа. Одоо үед бол “Идэвхитэй зарчмын номлол “юм.

    Дөрөв, (CQ – #creative quotient) бүтээх чадвар, шинийг эрэлхийлэх, зохион бүтээхийн итгэлцүүр юм.
    -“Бичгийн хүмүн бэхэнд эргэх, Балт зөгий цэцгэнд эргэх “

    -“Эр хүний уран нь чөдрийн дэгээвч дээр, Эм хүний уран нь дээлийн шилбэн дээр”

    -“Эрхийдээ эрдэмтэй, Долоовортой домтой” гэж монголын эртний сургаал бий.

    Монголчууд орчин үед уран бүтээлийн салбарт ч, дархлан бүтээхийн салбар ч оёосон бүтээлийн салбарт ч, байгуулан бүтээхийн салбарт ч, тариалан ургуулахынталбарт ч ,оюун ухаанаа, авьяас чадвараа дайчилаж эхэлсэн гэж болно, Баруун зүгийн соёлт гэх ертөнцөд одоо л гараагаа авч байгаа нано технологи (бичил арга) эзэмшихээс бас хоцорсонгүй.

    Тэр тусмаа Ховдын Дарвийн хөдөөний гаралтай хүүхэн Р.Мядагмаа цахиурын хэт ислээр анхдагч нано бүтээгдэхүун гаргаж авлаа. Тэгтэл бас нэг монгол залуу үнэт ховор Очир-Эрдэнэ гэдэг (алмааз) чулууг гардан бүтээж дэлхийг шуугиулж эхэллээ.Ийм чадвар залуу үеийнхэнд маань байгаа нь CQ оюуны өндөр итгэлцүүртэй байгаагийн шинж. Гагцхүү тэрийг нь дэгжээж, дэмжиж улам бадруулахад л төр засгийн CQ хэрэгтэй байна.

    Тав. (SQ – #search quotient) оюун санааны мэргэн ухаан, суу заль, зорьсондоо хүрэх чадлын итгэлцүүр
    -Өрнөдийнхөн оюун ухаанаа тархи толгойд гэдэг

    -Хятад хүмүүс түүнийгээ гэдсэнд бий гэдэг

    -Монголчууд түүнийгээ цээжиндээ бий гэдэг байлаа.

    “Цээж сайтай хүн” , гэж монголчууд ярьдаг нь өргөн ханхар цээжтэйн тухай үг биш. Харин үндэстнийхээ соёлын уламжлалт өвийг сайн цээжилж хадгалсан хүн буюу ер нь мэргэн ухаалаг болсон этгээдийг “цэжтэй хүн” гэдэг. Тийм хүний цээжнээс хэдэн түмэн мөр бадаг бүхий баатарлаг туульс ундран гардаг.

    Тууль хайлагч монгол хүн гурван өдөр, гурван шөнө ч “Гэсэр” “Жангар” тэргүүтэн туульсаа цээжнээсээ ундруулж чадна. Эзэн Чингисийн их гүрний үед бүрэн эрхт элчийн нотолгоо болж байсан “Гэргээн” эхэнд “Мөнх тэнгэрийн хүчин дор, их суу залийн иггээн дор” гэсэн хоёр мөр бичээстэй байдаг асан.

    “Суу заль” гэдэг бол оюун ухааны дээд хэмжүүр байлаа. Иймээс ч “Суут” хүн гэж ярьдаг, бичдэг байлаа. Гэтэл “зах зээлийн харилцаанд ” орсон одоо үед “заль” гэдэг үгийг доош нь унагаж “заль мэх” хэмээн ойлгож зальдах, мэхлэхэд толгойгоо өгдөг хүмүүс олширч байна. Залилах мэхлэх арга бол эцэстээ заавал илэрдэг “занга” тул өөртөө тийм занга тавих нь аюултайг ойлгох ёстой.

    Зургаа. (DQ – #development quotient) бие даах өөрийгөө хөгжүүлэх ухааны итгэлцүүр
    -“Агт морь бүдрэхгүй бол заан болох, Ард хүн эндэхгүй бол хаан болох”

    -“Ухааныг утсаар уяж болохгүй, Санааг саванд савлаж болохгүй”

    -“Сэцэнд хоёр чих илүүдэх үгүй Тэнэгт ганц хэл цөөдөх үгүй” гэж монголчууд сургамжилдаг билээ.

    Дэлхийшин (глобальчлагдаж) байгаа өнөө үед дангааршин алдарших, хөрөнгөжих тухайд санаа тавьж үндэстнээ авч үлдэхэд ухаан зарах хэрэгтэй байна. Монгол ардын урлаг (морин хуур, хөөмий, биелгээ, уртын дуу гэхчилэн) маань дэлхийд хосгүй гэдгийг үзүүлхэд залуу үе их идэвхитэй ажиллаж байна.

    Харин эдийн засгийн үзүүлэлт, үйлдвэрлэн бүтээх зүйлээрээ өөрийгөө хөгжүүлэх, бие даасан онцгой юмтай болох нь чухал. “Гартаа байхад Гаднаас эрэх” хэрэг юун

    Долоо. (MQ – #moral quotient) ёс суртахууны ариусал, харилцааны зохицуулалтын итгэлцүүр,
    -“Залуу цагт эцэг эхийн эрхээр, Идэр цагт эхнэр, нөхрийн эрхээр, Өтлөх цагт үр хүүхдийн эрхээр” гэж хуучны ёс суртахууны нэгэн сургамж байлаа.

    Одоо бол “хүний эрхээр”гэдэг үг дэлгэрч “Хүний эрх” хэмээх далбаан дор эрхээ хэтрүүлж, эрх нь дэндэх, эрхээ гажуудуулах муу нөлөө хүчтэй болж байгаа тул

    -“Эв түмэн лан, Эрдэм мянган лан”,

    -“Инээх хацартай, Ичих нүүртэй”

    -“Цээжиндээ бодлоготой яв Чихэндээ сонортой яв” гэдэг ардынхаа аман хуулийн эрхээр эрхээ эдлүүштэй билээ.

    Найм. (NQ #net quotient) мэдээлэлжих, мэдээлэл ашиглах, мэдээлэлжүүлэх ухааны-итгэлцүүр
    Хорин нэгдүгээр зуун бол мэдээлэлийн зуун гэж оношлогдоод байгаа. Бид тэрхүү зууны босгоор алхан ороод анхны мөчлөг дуусч “арван гуравны агт араа” ургах боллоо. Монголчууд дэлхийн талыг ноёрхсон их эзэнт гүрнийхээ үед “мэдээ” хүргэгчтэй байсан.

    Тэрнийгээ “дуун бариулах”гэж нэрэлдэг байсан бөгөөд буухиа морин элч тэрхүү “дууг” цээжлээд зав зайгүй довтолгосоор дараагийн элчид халаагаа өгөхөд нөгөөтөх нь залгаж аваад цааш бухиалан дараачийн бухиад хүргэн тэр нь цааш өдөр шөнөгүй давхисаар Монголоос Европын наад хаяанд гурав хоногийн дотор мэдээг хүргэж чаддаг байлаа.

    Энэ бол тэр үедээ цахилгаан цахих адил хурдтай мэдээлэл дамжуулах морин буухиа байлаа. Гэвч өнөөдөр мэдээлэл дамжуулах хурд нүд ирмэх зуур дэлхийн аль ч өнцөг буланд хүрдэг боллоо. Цахим эрний энэ ололтоос монголчууд хоцорсонгүйгээр барахгүй одоо хүн амын 90 гаруй хувь нь гap утастай, 20 гаруй хувь нь интернет “ухдаг” ,бас төчнөөн хувь нь цахим тоглоомоор зугаацаж цахим аргаар жиргэдэг, “электрон зугаатай” болчихоод “Э-засаглал” тогтоох зүгтээ явж байна.

    Энэ бол NQ итгэлцүүрийн хувьд монголчуудын оюуны чадавхи тун ч өндөр байгааг харуулж өглөө. “Мэд” гэдэг ганцхан үетэй үгийг 30 хүртэл үсэгтэй болгон хэлж чадах монгол хэлний гайхамшигт чадал ч харагдах бөгөөд “мэдээлүүлэгдчихсэнээрээн эрин зуунтайгаа хөл нийлүүлэх, аягүй бол түрүүлэх бололцоогоон харууллаа.Одоо олсон мэдээллээ үйлдвэрлэл ,бүтээл болгохыг зорих л үлдлээ.

    Ес. {BQ – #bonding quotient) Эцэг эх байх элбэрэл, гэр бүлийн ухаалагийн итгэлцүүр
    -“Аавын үгүйд ах нь аав, Ээжийн үгүйд эгч нь ээж”

    -“Үүд өрх тэлэх хүүтэй, Ураг төрөл татах охинтой”

    -“Хань биендээ түшиг, Хатан эрдээ түшиг” гэж монголчууд айл гэрийн журмыг тодорхойлдог байв, Харин орчин үед, ялангуяа зах зээлийн замыг сонгосноос хойш гэр бүл салах, хүүхдээ өнчрүүлэх, тэр ч байтугай нялх амьтнаа гудамжинд хаях бузар нүглийг эх, эцгүүд үйлдэх болсон нь үйлийн үр, эргэж буудаг, үрийн заяа хаяж гомддогтоо хүрсэн төдийгүй ер нь хүн ёсны эсрэг гэмт хэрэг юм.

    Иймээс эцэг эх байх гэр бүлээ ухаалагаар авч явах итгэлцүүрийг бүүр төр, засгийн хэмжээнд маш нарийвчлан сажруулах асуудал бүүр Үндэсний Аюулгүй байдал, үндэстэн мөхөх эсэхийн зэргэмжинд авч үзэх шаардлагтай байна. Энэ талаар ялангуяа идэр насныхны “ухаанд нь ухна үхэж” хэрхэвч болохгүй юм.

    Арав. (FQ – #Financaial) санхүүгийн ухаан саятан болох чадварын итгэлцүүр
    -“Малтай хүн бага баян, Үртэй хүн өнөр баян, Эрдэмтэй хүн эрхэм баян” гэж монгол аман сургаал бий. Энэ нь одоо үед бол манайх тавиад сая малтай болсон нь гурван сая хүрэхгүй хүн амтай улсад маань “бага” биш “том” баян болсонтой адил юм.

    Учир нь малаас мах, сүү, өөх, тос, арьс ,шир,ноос,ноолуур, эвэр, туурай гээд олон тооны жинхэнэ төрийн бодот баялаг авдаг. Тэгвэл нүүрс бол ердөө л ганц төрлийн баялаг. Тэгээд бас нөхөн сэргэгддэггүй зүйл. Малынх бол мал өөрөө өөрөөсөө ургуулдаг нөхөн сэргээгдэх (мал өсөхөд) баялаг юм.

    Хүн тэр баялагаар нь хүнс,хувцас,эсгий,архи хүртэл үйлдвэрлэдэг тул цогцолбор баялаг тээгч нь мал юм. Гагцхүү мал нь зүгээр өгдөг тэр буяныг нь дэлхийн стандартад хүртэл нарийн боловсруулж үнэ хүргэхэд хөнгөн хүнсний үйлдвэртээ хөнгөмсөглөхгүй хандах ёстой. Тэгэх IQ монгол хүнд төрлөхийн заяасан байгаа.

    Түүнээ л дайчилж саятан болоход өчүүхэн чармайлт л хэрэгтэй байна.Элдэв бордоогоор тордоогүй байгалийн цэвэр өвс ургамалаар хооллодог бэлчээрийн малын сүү мах нь одоо аль ч орныхоос илүү цэвэр сайн чанартай юм. ГМР (генетически модифицированные растения) хэрэглээгүй манайх шиг мал аж ахуй одоо дэлхийд байхгүй (гарвал хувиргасан) таван төрлийн малтай айл таван зуун жил ч амь зуулга тасрахгүй. Харин зэс, төмөр, молибден, нүүрс бол их байгаа ч гэсэн ёроолтой тул түр баяжихаас үүрд баяжихгүй гэдгийг мэдрэх FQ итгэлцүүр эрх баригчдад хэрэгтэй.

    Оюуны хүчин чадлын арван итгэлцүүрийг ярихад манайд зарим үзүүлэлт цаг үеэсээ хоцорч явааг анзаарайсай гэх үүднээс хандлаа.

  • Н.БААТАРБИЛЭГ- Ойн инженер, ойн олон улсын зөвлөх

    МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн захирал, ой судлаач, доктор, профессор, 
    АНУ-ын Колумбын Их Сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан,Олон улсын Ой Судлалын Байгууллагуудын Нийгэмлэгийн (IUFRO) олон улсын зөвлөх, (International council), Олон улсын геосфер биосфер (IGBP) программын START хөтөлбөрийн Монголыг хариуцсан зохицуулагч

    Cудалгааны чиглэл: Модны жилийн цагиргийн цаг уур судлал, дендрохронологи, уур амьсгалын өөрчлөлт, ойн экологи судлал, ойн экосистемийн өөрчлөлт

      БОЛОВСРОЛЫН МЭДЭЭЛЭЛ

      2000 онд Бүгд Найрамдах Чех Улсын Прагийн ХААИС-д ой судлалын ухааны докторын зэрэг хамгаалсан
      1992- 1993 онд МУИС-ийн магистр
      1987- 1992 онд МУИС-ийн Ойн инженер
      1977-1987 он Увс Улаангом 10-н жилийн 2-р сургууль

      АЖЛЫН ТУРШЛАГА

      1992 оноос МУИС-ийн Ой судлалын тэнхимд багшаар ажиллаж, 1999 онд Монголын анхны Модны жилийн цагираг судлалын лабораторийг байгуулсан. Дэлхийн цаг агаарын дулаарлын өөрчлөлтийг өөрийн орон болон бүс нутаг, дэлхийн хэмжээнд судлан тогтоох, Монгол орны ган зудын болон усны нөөцийн судалгаанд модны цагиргийн аргыг ашигласан. Монгол орны хот суурин, сүм хийдийн түүхэн судалгаа, ойн өсөлт хөгжилтөнд гарах өөрчлөлт, Улаанбаатар хотын таримал модны насны бүтцийг модны жилийн цагираг судлалын аргаар судлах зэрэг ажлуудыг бие даан санаачилж, гадаадын судлаачид, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран гүйцэтгэж байна. Олон улсын Ой Судлалын Байгууллагуудын Нийгэмлэгийн (IUFRO) олон улсын зөвлөх, (International council), Олон улсын геосфер биосфер (IGBP) программын START хөтөлбөрийн Монголыг хариуцсан зохицуулагчаар ажиллаж байна.

      Холбоо барих: baatarbileg@num.edu.mn
      Ажлын утас: 75754400, 77307730 – 4500 (МУИС)

      СУДАЛГААНЫ ИЛТГЭЛИЙН ХУРААНГУЙ (2010 он)

      Монгол орны модны жилийн цагирагт тулгуурлан бүс нутгийн хэмжээнд ус сувгийн судалгаа одоогоор хийгдээд байна. Монгол орны хэмжээнд хийгдсэн модны жилийн цагиргийн он цагийн хэмжилтэнд үндэслэн нийт нутгийн зуны улирлын хуурайшилтыг урт хугацааны /1520 оноос 1993 он / түүхийг судалсан. Судалгааны үр дүнд 20 ба 21-р зуун нь өнгөрсөн 4 зуунтай харьцуулахад температурын хамгийн их өөрчлөлттэй болох нь тодорхойлогдсон. Мөн хамгийн их чийгшилтэй үе нь 1955 оноос 1959 он, их хуурайшилттай үе нь 2000 оноос 2004 он байсан. 1999 оноос 2002 он, 2004 оноос 2005 он хүртэлх хуурайшилт нь өнгөрсөн 500 жилийн хугацаанд тохиолдсон хамгийн их хуурайшилтай үе байсан. Судалгааны үр дүнгээр утгатай мөчлөг байгаа нь тогтоогдсон. Хуурайшилтын давтамж болон холбогдох модны жилийн цагиргийн он цагийн хэмжилтийг илүү нарийвчлалтайгаар хийснээр бага хэмжээнд судлагдсан монгол орны цаг уурын судалгааны мэдээллийг өргөжүүлэхэд хувь нэмэр болсон.

      Монгол орны нийт нутгийн зуны улирлын / 6-аас 8-р сар / хуурайшилтын үзүүлэлтийн / PDSI / давтамжаас ажиглагдсан онцлог зүйл нь урт хугацааны байгалийн үзэгдэлтэй хамаатай төдийгүй 1999 оноос 2002 он хүртэлх хугацаанд бий болсон хүчтэй ган гачгийг дахин илэрхийлж чадсан. Зуны улирлын PDSI-ийн мэдээллийн дундаж үзүүлэлтийг өнгөрсөн үр дүнтэй харьцуулахад энэхүү хуурайшилт нь өнгөрсөн 5 зуунд тохиолдсон хамгийн их хуурайшилттай үе байсан. Хамгийн их хуурайшилттай байсан бүс нутаг нь монгол орны зүүн өргөрөгийн 95-106 хэм, БНХАУ-ын зүүн өргөрөгийн 115 хэмээс зүүн хойд зүг рүү тэлсэн байна. Судалгааны дүнд ажиглагдсан сонирхолтой зүйл нь хуурайшилт үргэлжилсэн энэ хугацаанд монгол орны баруун хязгаарын уулархаг нутгаар хэвийн чийгшилтэй байсан байна. Зүүн өргөрөгийн 103 хэм дагуу ажиглавал монгол орны өмнөд хэсэг / хойд өргөрөг 44-50хэм/, БНХАУ / хойд өргөрөг 36 хэм /, ЗХУ-ын / хойд өргөрөг 54 хэм / нутаг дэвсгэрт хамгийн их хуурайшилттай байна. БНХАУ-д 1640 оноос 1646 онуудад үргэлжилсэн хугацаагаар ихээхэн хуурайшилттай байсан нь харагдсан. Энэ нь азийн ихэнх бүс нутагт нөлөө үзүүлсэн том хэмжээний хуурайшилт мөн эсэх нь батлагдаагүй боловч тийм байх магадлал өндөр байна. 2001 оны монгол орны зуны хуурайшилт нь БНХАУ-ын төв болон зүүн хойд бүс, Мянма болон Тайланд улсуудын хойд бүсэд мөн ажиглагдсан. Үүнтэй төстэй хуурайшилтын хэлбэр нь 1999 он, 2000 он, 2002 онуудад ажиглагдсан. Үүнээс өөр урт болон богино хугацааны хуурайшилт, чийгшилтэй байсан жилийн тухай мэдээллийг мөн хуримтлуулсан.

      20-р зуун нь өнгөрсөн 5 зуунаас хамгийн их чийгшилтэй зуун / хамгийн их чийгшилтэй 10 жилд 5 жил нь багтсан / боловч, 1942 он, 1771 он, 1977-1981 он, 1735-1939 он, 1779-1983 онуудад ихээхэн хуурайшилттай байсан.

      Эх сурвалж: “Япон, монголын хүрээлэн буй орчин” сонин


      ЯРИЛЦЛАГА УНШИХ

      Н.БААТАРБИЛЭГ: ТӨР ХУЛГАЙН АРГААР МОД ОГТЛОХ АРГЫГ КОМПАНИУДАД ЗААЖ ӨГӨӨД БАЙНА

      -Ойн сангийн нөөцийн талаар ярилцлагаа эхлэх үү. Ойн сангийн өсөлт хэр байна вэ?

      -Хоёр жилийн өмнө Монгол орны ойд олон зорилтот ойн тооллого хийсэн. Үүн дээрээс яам Монгол орны ой хөгширсөн байна, нөөцийн хувьд босоо хатсан мод их байна гэсэн дүгнэлтийг гаргасан. Ойн сангийн тооллогын дүнг харахаар багасах биш нэмэгдсэн дүр зураг харагдаж байгаа. Энэ нь тооллогын арга зүй өөр болсон, дээрээс нь урд нь хүрч, тоолж чадахгүй байсан талбайг бүртгээд нэмэгдэж байгаа.

      Ард түмний дунд, бидний харж байгаагаар ойн талбай тийм ч сайн нэмэгдэхгүй байгаа. Учир нь огтолсон талбайгаа буцааж нөхөн сэргээхгүй байгаатай холбоотой. Түлээ, барилгын материалд хэрэглэж байгаа модны хэмжээ буурахгүй байна. Тэр утгаараа тооллогын арга зүй боловсруулалт сайжирсан учраас ихэссэн юм шиг харагдаж ч нөгөө талаар хэрэглээ буураагүй учраас нэмэгдсэн зүйл байхгүй.

      Заган ойг оруулаад нийт нутаг дэвсгэрийн 13 орчим хувийг ойн сан эзэлж байгаа. Энэ нь улсын нутаг дэвсгэртэй харьцуулбал бага тоо.

      -Ойн менежмент гэж юу вэ?

      -Нэгэнт улс орон, ард түмэн байгаа цагт мод, модон материалын хэрэгцээ байж таарна. Ялангуяа манай улс гэр хорооллын соёл иргэншилтэй. Түлшний мод байхаас аргагүй. Дээрээс нь улс орон мод бэлтгэхгүй юм бол барилга хийцээ юугаар хийх вэ гэдэг асуудал гарч ирнэ. Тиймээс ой ашиглалт байх ёстой.

      Заган ойг оруулаад нийт нутаг дэвсгэрийн 13 орчим хувийг ойн сан эзэлж байгаа.

       

      Нөгөө талаас хэрэгцээгээ хангах хэмжээгээр мод бэлтгэж болохгүй. Манай орны ойн зонхилох төрлүүд маш удаан ургалттай. Жилд 1-2 см ургавал түргэн ургадагт тооцогдоно. Үүнээс ч бага. Маш хүнд нөхцөлд ургадаг ой. Модны өөрийнх өсөлтийн хэмжээ огтолж байгаа хэмжээг гүйцэхгүй. Энэ харьцааг зөв барих шинжлэх ухааныг ойн менежмент гэж байгаа юм. Манайхан ойн ашиглалт, хамгаалалт гэж ярьдаг. Хууль эрхзүйн хүрээнд ч тэгж оруулсан. Энэ бол буруу. Бид ой хамгаалал, ашиглалт гэж ярих ёстой. Нэгдүгээрт, ойг хамгаална. Тэгээд ашиглана.

      -Тэгвэл ойн цэвэрлэгээг хийх шаардлагатай. Хийлээ гэхэд өнөөгийн нөхцөлөөр хийх нь хэр үр дүнтэй вэ?

      -Энэ бол ойн менежментээс өөр ойлголт. Цэвэрлэгээний олон янзын арга байна. Биологийн аргаар ойг цэвэрлэж болно. Мод унаад биологийн аргаар ялзраад цэвэршинэ. Гол процесс нь энэ. Манай орны ой уулын хуурай бүсийнх учраас ялзралтын процесс удаан явагддаг. Үүнийг манайхан түймэр гарах гол шалтгаан болж байна. Иймээс ойг цэвэрлээд унасан хуурай мөчир гишүүг цуглуулаад ойгоос гаргах ёстой гэж яриад байгаа. Би өөрөө ой судлаач хүн. Ойг хамгаалах талаас илүү ажилладаг хүний хувьд ойн цэвэрлэгээ гэх бодлого алдаатай гэж үздэг.

      -Тодруулбал?

      -Унангитай, түймэрт автсан, хортонд идэгдсэн газрыг цэвэрлэ гээд компаниудад эрх олгочихдог. Би өөрөө компанийн эзэн гэж бодъё. Миний компани сайн ажиллахын тулд сайн чанарын материалаар сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ёстой. Гэтэл намайг хортон идээд, гол нь өмхөрсөн, түймэрт ороод хөхөрсөн модыг очиж аваад түүгээр сайн чанарын дэлхийд өрсөлдөхүйц хэмжээний бүтээгдэхүүн гарга гэвэл мэдээж бүтэхгүй.

      Гэвч компанийн эзэн үүнээс өөр аргаар мод огтолж болохгүйгээс хойш цэвэрлэгээний эрхийг авдаг. Яг ажлаа эхлэх болохоор босоо модыг л авна. Ингэхдээ хортон идсэн, түймэрт шатсан модыг авахгүй. Тэгээд л сайныг ялгаж аваад бусдыг хаяад, шалгалт ирэхэд муу мод авсан болж харуулаад л өнгөрөөдөг. Энэ бол бодит жишээ. Үүнийг компанийн буруу гэж хэлж болохгүй. Хувийн хэвшлийг дэмжинэ гэх нэрээр хулгайн аргаар мод огтлох арга замыг зааж өгөөд байна. Тэгэхээр ойн цэвэрлэгээ гэх энэ ажил буруу.

      -Тэгвэл яах ёстой гэж?

      -Ойн цэвэрлэгээ гэх хөтөлбөрийг зогсоох ёстой. Үүнийг хувийн компаниудаар хийлгэдэг нь буруу. Аль ч улс оронд ой бол төрийн өмч. Зах зээл нь тогтвортой болоогүй, бизнес нь ч тогтворгүй, бөөрөнхий мод огтолж авчраад зарчихдаг, түүнийгээ бүтээгдэхүүн болгож чаддаггүй хүмүүст эрхийг өгчихөж байна. Хэн, хэзээ хийх ёстой вэ гэхээр Байгаль орчны яам, Үйлдвэр худалдааны яам зэрэг бодлого барих яам, Тамгын газрын дэргэд улсын үйлдвэрийн газар байгуулах ёстой. Манай улсад өмнөх туршлага байна.

      Цэргийн анги, хорих ангиуд мод бэлтгэж байсан. Тэд бол төрийн хүмүүс. Барилгын цэргийн анги ч гэж байна. Тэнд бригад гаргаад норм үнэлгээ өгөөд хяналттайгаар бэлтгүүлэх бүрэн боломжтой. Түүндээ хорих ангиудыг ч татан оролцуулж болно. Эсвэл ойн улсын үйлдвэрийн газрыг байгуулах хэрэгтэй.

      Салбарын яамнаас авсан зөвлөмжийн дагуу мэргэжлийн хүмүүс оролцсон компани мод бэлтгэлийг хийж болно. Хулгайч, худлаа хэлдэг хүмүүс, авлига авч хардуулж сэрдүүлдэг хүмүүс энэ ажлаас холдуулах ёстой.

      -Мод, модон материалын эцсийн бүтээгдэхүүн болгож чадах хүмүүс ойн цэвэрлэгээг хийх ёстой гэж зарим хүмүүс санал хэлж байгаа. Энэ нь таныхаар хэр зөв санал вэ?

      -Цэвэрлэгээний хувьд босоо, хатсанаас гадна мөчир, гишүү, холтос гээд үр ашигтай олон хэсэг бий. Үүгээр бүтээгдэхүүн болгож хэрэглэж байсан туршлага бидэнд бий. Хар модны холтсыг даралт ихсэхэд ууж байгаа. Будагч бодис болгож ашиглаж болж байна. Мөчрийг дүүргэгч, шатах материал болгож болно.

      Зөвхөн гол хэсгийг биш дагалдах баялгийг нь ашиглах ёстой. Ер нь манайд мэргэжлийн компани гэж яриад байдаг. Тийм биш. Мод огтлоод зүсдэг хүнд авчирч өг байгаа нэг үйлдлийг л тэд хийж байна. Зөвшөөрөл авсан компани бол модыг огтолж аваад эцсийн бүтээгдэхүүн хүртэл үйл ажиллагаа явуулдаг байх ёстой.

      Түүнээс гадна ойн менежментэд алдаа цоорхой болж байгаа нэг асуудал бол модны бэлтгэгч, модны үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүс, ой хамгаалагч нар нэг малгайнд орчихоод байгаа. Мод бэлтгэдэг огтолдог хүмүүс ой хамгаалдаг болж харагдаад байгаа юм. Тийм хүмүүсийн дунд яваад орохоор ойг хамгаалж судалдаг, экологийн хувьд ямар үр дүнтэйг мэддэг хүмүүс байхгүй.

      Тэд нэг малгайнд орчихсон учраас хүмүүс ойг хамгаалдаг юм байна гэж ойлгоод байдаг. Энэ бол өрөөсгөл ойлголт. Хамгаалдаг, бэлтгэдэг хүмүүс ашиг сонирхлын зөрчилтэй. Бодлого баригч хүмүүс үүнийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй.

      (Б.Заяа Зууны мэдээ сонин 2017 оны 3 сарын 31)


      ОЙН ТОО БАРИМТ (2018 он)

      Монгол улсын хэмжээнд 1,701.3 мянган га ой түймэрт нэрвэгдсэн, 134,8 мянган га ой ойн хөнөөлт гавж, өвчинд нэрвэгдсэн, 104,8 мянган га талбайд мод бэлтгэсэн байна. Дэлхийн нийт газар нутгийн 30 орчим хувийг эзлэн ургадаг ой мод нь дэлхийн дулаарлын үндсэн шалтгаануудын нэг болсон нүүрс хүчлийн хийг 80 хувь хүртэл шингээдэг байна. Өнөөгийн байдлаар манай улсад 535, 0 мянган га талбайд ойжуулалт хийхээр, 1,202.4 мянган га талбайд байгалийн сэргэн ургалтанд туслах ажил гүйцэтгэхээр 43.0 мянган га талбайд өсвөр модыг хамгаалахаар авах арга хэмжээ авах шаардлагатай.

      Эх сурвалж: “Ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн үндэсний чуулган”-д БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын хэлсэн үгнээс

    • Цэдэнбалжирын АЛТАНХУЯГ- Морин хуурын багш, морин хуур судлал

      Хөгжмийн зохиолч, морин хуурын багш, удирдаач, Морин хуурын багш нарын холбооны УЗ-ийн гишүүн.
      “Хүннү аялгуу” морин хуурын сургалтын төвийн захирал, багш.

      Алтанхуяг (Алтан Аялгуут Мөрөн Хан) нь морин хуурын заах арга зүйн судалгаа, морин хуурын өв соёлын судалгаа, хөгжүүлэлтээр мэргэшиэ ажиллаж буй уран бүтээлч. Ардын язгуур урлагийг орчин үеийн хэрэгцээ шаардлагат нийцүүлэн, орчин цагийн өнгө аясаар хөгжүүлж буй уран бүтээлч юм.

      Хотхиад ястай Цэдэнбалжирын Алтанхуяг 1977 онд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд мэндэлсэн. 

      Мэргэжил: Хөгжмийн багш, Соёл урлагийн менежер.

      БОЛОВСРОЛ
      Эрдэнэт хотын 3-р сургууль, 2000 – 2004 онд Соёлын колледжийг хөгжмийн багш, морин хуурын багшаар дүүргэсэн. 2014 – 2016 онд 2016 онд СУИС-т Соёл урлагийн удирдахуйн ухааны магистрын зэрэг /Хөгжмийн сургалтын төвийг хөгжүүлэх арга зам сэдвээр “Хүннү аялгуу” хөгжмийн сургалтын төвийн жишээн дээр бичиж/ хамгаалсан. 

      Магистрын бүтээлээ хамгаалсан жилээ буюу 2016 оноос эхлэн, уг сэдвийнхээ дагуу хувиараа “Хүннү аялгуу” хөгжмийн сургалтын төв-/ХСТ/-ийг үүсгэн байгуулсан ба байгууллага хэд хэдэн салбар,щт, туслах багш нартайгаар үйл ажиллагаа явуулж байна. Тус төв нь Морин хуур хөгжмийг Хөгжмийн онол, соноршуулга, ерөнхий төгөлдөр хуур, нотны программ зэрэг мэргэшүүлэх хичээлүүдтэй уялдуулан, мэргэжлийн түвшинд чанартай зааж сургадгаараа бусдаас ялгагдах онцлогтой юм. Манай төв хөгжмийн сургалтын төвийн жишгийг тогтоож, цаашлаад хөгжмийн академи болох зорилт тавин ажиллаж байна. Сүүлийн 20 орчим жилийн турш хөгжмийн боловсролын төлөө, тэр дундаа Р.Батбаяр багшаасаа өвлөн авсан төгөлдөр хуураар хөгжимдөх болон Морин хуураар хөгжимдөх арга барилыг СТА маниар Ч.Баатархүү багшаасаа өвлөн авч, түгээн дэлгэрүүлэх үйлст тэргүүлэх байр суурьтайгаар ажиллаж ирсэн бөгөөд энэ хугацаанд Морин хуур хөгжим нь Монгол угсаатны зан үйл, ёс заншилтай хэрхэн холбогддог талаар судалгаа хийж, түүнийхээ мөрөөр уйгагүй үр бүтээлтэй ажилласаар ирсэн.

      АЖЛЫН ТУРШЛАГА
      Өмнөговь аймгийн Ханхонгор суман дахь Мэргэжлийн сургалттай Чандмань цогцолборт Хөгжмийн онол, соноршуулга, ерөнхий төгөлдөр хуурын багшаар ажлын гараагаа эхэлснээс хойш Нийслэлийн СӨБ, ЕБС, МУБИС гэх мэт олон байгууллагуудад багшаар ажилласан.
      “Хүннү аялгуу” хөгжмийн сургалтын төвийг үүсгэн байгуулагч /багш/, “Морин хуураа тоглож сурцгаая” төслийн удирдагч, Монголын морин хуурын багш нарын холбооны ТУЗ-ын гишүүн, Их Монгол Язгууртан ИНБ-ын үндэсний онолын Дэмч багш зэрэг нийхэм рүү чиглэсэн олон талт үйлийг мөрлөж байна. Үндэсний төслийн удирдлагын хүрээлэнд өв соёл морин хуурын судлаач, 

      1997 оноос Эрдэнэт хотноо Хурмаст, Хүрд, The color`s зэрэг хамтлагуудад дуучин

      2002 – 2004 онуудад Өмнөговь аймгийн Хан-хонгор суман дахь мэргэжлийн сургалттай Чандмань цогцолбор сургуульд ерөнхий төгөлдөр хуур, морин хуур, хөгжмийн онол, соноршуулгын багш

      2004 – 2009 СХД – ийн “Ирээдүйн эгшиглэн” морин хуурын чуулгын удирдаач

      2009 – 2016 ЧД – ийн Хүннү аялгуу морин хуурын чуулгын удирдаач

      2016 оноос эхлэн ХУД дахь “Хүннү аялгуу” морин хуурын сургалтын төвийн захирал

      2021 оноос Их Монгол Язгууртан ИНБ-ийн гишүүн, Алтан Дээд ГэрИЭ-ний үндэсний онлын дэмч багш зэрэгтэй. Үндэсний Төслийн Удирдлагын Хүрээлэнгийн Өв соёлын судлаач.

      ОЛОН НИЙТИЙН АЖИЛ

      2000 – 2004 Соёлын колледжийн дотуур байрны оюутны зөвлөлийн дарга

      2000 – 2004 Соёлын колледжийн оюутны зөвлөлийн дэд дарга

      2012 – Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн

      2014 – Нийслэлийн сургагч багш

      АЖИЛЛАСАН ТӨСЛҮҮД

      2006 Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулсан морин хуурын тоглолтонд СХД-ийн морин хуурч уртын дуучдыг бэлтгэсэн багш

      2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн наадмын хүндэтгэлийн тоглолтонд 800 морин хуурчдын бүрэлдэхүүнд 50 суралцагч оролцуулав.

      2010 Төв аймгийн Угтаал цайдам сумын 90 жилийн ойн концертын найруулагч

      https://www.facebook.com/tsedenbaljir.altankhuyag
      https://www.facebook.com/HunnuMusic/

      Морин хуураа тоглож сурцгаая

      Эрхэм зорилго: Монгол орны бүхий л сум багт, цаашлаад Монгол туургатны хэмжээнд үйл ажиллагаа явуулах, морин хуураар дамжуулан үндэсний зан үйл, ёс заншил, язгуур урлагийн олон төрлүүдийг өвлүүлэн, түгээн дэлгэрүүлэх, сурталчилхад бидний эрхэм зорилго оршино.

    • Даши НАМДАКОВ- Дэлхийн нэрт уран барималч, зураач

      Уран барималч, зураач Даш Намдаков буюу Намдагийн Дашням нь Буриадын Чита хотын ойролцоо орших Укурик тосгонд төржээ. Түүний ээж Бүдханд найман хүүхэд төрүүлсний зургаа дахь нь энэ ярилцлагын гол баатар. Тэд удам дамжсан дархан хүмүүс юм билээ. Тэрбээр ихэвчлэн нүүдэлчид, морьтон дайчид, зөвхөн үлгэрт гарч, зүүдэнд нь л үзэгддэг болов уу гэмээр хүн амьтны дүрс зэргийг ихэвчлэн урладаг онцлогтой. Даш Намдаков анх Улаан-Үд хотноо Г.Г.Васильевын урланд ажиллаж эхлээд тэндээсээ Красноярскийн уран зургийн дээд сургууль төгсчээ.

      Энэ барималч анхны үзэсгэлэнгээ Эрхүү хотноо 2000 онд анх гаргаснаар алдаршиж эхэлсэн байдаг. Тэрбээр хүрэл цутгамал хийхээс гадна алт, мөнгө, зэс, гууль, үнэт чулуу, зааны яс, тэр ч бүү хэл адуу малын арьс үс зэргээр бүтээлээ туурвина. Түүний бүтээлүүд Санкт-Петербургийн Эрмитаж, Дорно зүгийн ард түмнүүдийн урлагийн музей, Москвагийн Орчин үеийн урлагийн музей, Нью-Йоркийн “Тибет-Хаус”, Хятадын Гуанжоу хотын Урлагийн музей гээд дэлхийн олон орны музейд хадгалагдахын зэрэгцээ Оросын Ерөнхийлөгч В.Путин, Татарстаны Ерөнхийлөгч асан М.Шаймиев, Москва хотын дарга асан Ю.Лужков, тэрбумтан Р.Абрамович, Германы канцлер асан Герхард Шредер, жүжигчин Ума Турман, кантри хөгжмийн од Вилли Нельсон зэрэг нэр нөлөө бүхий маш олон алдартай хүмүүсийн хувийн цуглуулгад бий. Ер нь түүний бүтээлүүд Герман, Франц, Бельги, Швейцарь, Финланд, Япон, Америк, Тайвань зэрэг олон орны цуглуулагчдийн санд хүндтэй байрыг эзэлдэг. 2002, 2003 онд түүний “Багнууд”, “Жүжигчин” зэрэг бүтээл нь Вампиловын нэрэмжит орчин үеийн урлагийн их наадмын шагнал хүртэж, “Эзэн” хэмээх бүтээл нь Оросын урлагийн академийн мөнгөн медаль хүртэж байв. Мөн Сергей Бодровын “Монгол” киноны зураачаар ажиллаж, үүгээрээ “Ника-2008” кино фестивалиас шилдэг зураачийн шагнал болон “Цагаан заан” шагналын эзэн болжээ. Тэрбээр 2003 онд ОХУ-ын Урлагийн академийн сурвалжлагч гишүүн болж, 2009 онд цуврал үзэсгэлэнгээрээ ОХУ-ын Засгийн газрын урлагийн салбарт олгодог шагналыг хүртжээ.. Түүний үзэсгэлэн эдүгээ ОХУ, БНХАУ, АНУ, Итали, Их Британи, Финланд, Чех, Япон, Франц, Тайвань, Сингапур, Хонгконг, Швейцарь зэрэг оронд тогтмол гарч байна. Даш Намдаков 2014 оноос Лондон хотноо амьдран уран бүтээлээ хийж байгаа билээ.

      https://dashi-art.com/

    • Боржин Суварга- Боржин чулууны мастер урлал

      “Боржин Суварга” ХХК нь 2012 онд Ж.Түвшинжаргал /СТА сийлбэрч, барималч/ үүсгэн байгуулсан. Манай урлан нь эх орныхоо хөгжил дэвшил, байгуулалтанд боржин болон чулуугаар Монгол хэв маяг, үндэстний онцлогыг орчин үеийн өнгө төрх сэтгэлгээтэй уяалдуулан түүх соёлын үнэт өвийг урлан бүтээж, Монгол дархлааг урлагын бүтээлүүддээ тусгаж, хойч үедээ өвлүүлэн үлдээхээр хичээнгүйлэн ажиллаж байна.

      Манай компани нь Олон Улсын чулуун бүтээгдэхүүний стандартын дагуу баримтлан ажиллаж, түүхий эдийг хаягдалгүй ашиглан мөн зам талбайн тохижилтын хавтан барилгын дотор гадна чимэглэл бүхий дайвар бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн дотоодын хэрэгцээг хангах зорилготойгоор ажиллаж байна.

      2013 оноос эхлэн Олон Улсын чулууны үзэсгэлэн яармагт тогтмол оролцож туршлага солилцон дэлхийн чулуун урлалын өнөөгийн болон хэтийн чиг хандлагыг тодорхойлоход хувь нэмрээ оруулж байна.

      https://borjinsuvarga.com/

    • Энхбаатарын БАЯРМАА

      Мэдээллийн системийн инженер, brand-in-mongolia.com системийг үүсгэн байгуулагч

      1990 онд Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд малчин айлын 2 дахь охин болж төрсөн.

      Боловсрол

      1998 оноос 2008 он хүртэл 4 сургууль шилжин суралцаж 2008 онд Хэнтий аймгийн Чингис хотод 10 жилийн сургуулиа төгссөөд 1 жил PC тоглоомын газар ажиллаж Их сургуулийн 1 жилийн сургалтын төлбөрөө хурааж 2009 онд ЭЕШ өгч ШУТИС- МХТС –н хувиар аван Мэдээллийн систем мэргэжилээр 2014 онд төгссөн. Суралцах хугацаандаа Электроник сонирхон Robocon тэмцээнд ангийнхаа багаар 2-р байранд шалгарч (Зураас дагадаг машин хийв.) байв.

      2017 онд ШУТИС  БАТС –д  Мэдээллийн системийн менежмент мэргэжилээр магистрт суралцаж байх хугацаандаа  онлайн бизнес эхлүүлэхээр шийдсэн юм.

      Ажлын туршлага

      2015 онд Скайтел ХХК –д борлуулалт, үйлчилгээний ажилтанаар орж ажиллах хугацаандаа  хэрэглэгч, үйлчилгээ, борлуулалт, сэтгэл ханамж, хэрэглэгчийн шаардлага, хэрэгцээ, монгол хэрэглэгчийн зан төлөв зэрэг ойлголтуудад суралцсан юм.

      Онлайн бизнес хийх үед бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарын туршлага шаардлагатай байсан тул 2018 онд Арвайн үндэс ХХК –д (Түр ажлын байранд оров.)  борлуулалтын тайлан мэдээний мэргэжилтэнээр ажилд орж ажиллах хугацаандаа үйлдвэрлэлийн процесс, бүтээгдэхүүн борлуулалтын талаар илүү нарийн туршлагатай болсон юм.

      2019 онд http://brand-in-mongolia.com/ вэб системийг бүтэн жилийн турш туршиж хөгжүүлсэн юм. Энэ хугацаанд 6 сараас 10 сар хүртэл үйлчилгээний бизнес эрхлэгчидтэй уулзалт хийн чанарын судалгаа хийж байв.

      Ойрын зорилго

      Өөрийгөө хөгжүүлэх, найдвартай хамтрагчидтай болох

      Мөрөөдөл, Зорилго

      Дэлхийн хэмжээний платфортой болох

    • Бадамгаравын БАТ-ӨЛЗИЙ- Урлагийн боловсрол, урлагийн менежмент

      Төгөлдөр хуурч, урлагийн менежмент

      “Эгшиглэн классикал мюзик” ХХК-ийн захирал, Япон улсын хөгмжийн нэрт брэнд болох Kawai корпорацийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч.

       2008 оноос эхлэн бүх нийтийн урлагийн боловсролын чиглэлээр олон төсөл хөтөлбөрүүдийг санаачлан удирдаж байснаас гадна Монголын хүүхэд, залуучуудад зориулсан төгөлдөр хуурын анхны цуврал сурах бичгүүд болох PIANO I, PIANO II болон “Болор төгөлдөр хуурын домог”, “Эгэл ертөнц”, “Зуныг мөрөөдсөн гөлөг” зэрэг номын зохиогч.

      2018 онд Монголын нийт хүүхэд залуучуудад зориулан C channel Education TV буюу Монголын анхны реклам сурталчилгаагүй, улс төргүй, 100 хувь боловсролын телевизийг үүсгэн байгуусан.

      2021 онд “Монгол авъяасыг дэлхийд” гаргах зорилготой Art of Ulaanbaatar төвөө үүсгэн байгуулсан.

      Никитон хамтлаг, дуучин Наран, Hotspot хамтлаг, 3 охин хамтлаг зэрэг рок попын үе үеийн шилдэг уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байснаас гадна “Бид нэг мөрөөдөлтэй” өөрийн бие даасан цомгийг Монголын өнөө цагийн хамгийн шилдэг хөгжимчид, уран бүтээлчидтэй хамтран бүтээсэн.

      АЖЛЫН ТУРШЛАГА
      2002- 2006 он Урлаг гоо сайхны төв ТББ-ын гүйцэтгэх захирал;
      2006- 2007 он Улаанбаатар хотын банкны гадаад харилцаа маркетингийн албаны ахлах мэргэжилтэн;
      2007- 2009 он Капитал банкны маркетингийн албаны захирал, Капитал банкнаас Засгийн газрын 40,000 орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн ахлах;
      2009 оноос UP music production-ийн продюсер;
      2009 оноос Эгшиглэн төгөлдөр хуурын сургуулийн захирал;
      2014 оноос Япон улсын Kawai корпорацийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч;
      2019 оноос C Channel TV-ийн үүсгэн байгуулагч
      2021 оноос Art of Ulaanbaatar төвийн үүсгэн байгуулагч, захирал

      УРАН БҮТЭЭЛ
      2002 онд “Монголын хүүхдийн төлөө үндэсний газар”-ын сүлд дуу болох “Хүүхдэд ээлтэй дэлхий” дууг зохиосон бөгөөд энэхүү дуу нь Монгол орны 21 аймаг, Ази номхон далайн олон улсын хүүхдийн чуулганд Монгол орныг төлөөлөн дуулагдсан.
      2011 онд “PIANO 1” төгөлдөр хуурын сурах бичгийн зохиолч. Дэлхийн шилдэг 21 бүтээлийг найруулан, хөгжмийн онол, түүхийн үечлэлийг багтаасан энэхүү сурах бичиг нь Монголын төгөлдөр хуурын нийтэд зориулсан анхны сурах бичиг юм. Мэргэжлийн сургалтын төвүүд, мэргэжлийн багш нар уг номыг ашиглан сургалтаа явуулдаг ба өнөөг хүртэл Монголын нийтэд зориулсан цор ганц сурах бичиг юм.
      2014 он “PIANO 2” мэргэжлийн түвшиний сурах бичгийн эмхтгэлийг бүтээсэн. Дэлхийн шилдэг хөгжмийн зохиолчдын шилмэл бүтээлүүдийн эмхтгэл ном.
      2014 он “Бид нэг мөрөөдөлтэй” бие даасан цомгоо гаргасан. Цомгийн “Бид нэг мөрөөдөлтэй”, “Бүсгүй”, “Хайр” зэрэг дуунууд нь 2011, 2012, 2013 онуудад ХИТ дуунууд болсон.

    • Ухнаабаатарын ДАЙРИЙМАА

      Нягтлан бодогч

      1984 онд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 2-р төрөхөд Ухнаабаатарын ууган охин болж мэндэлсэн. 

      Баянгол дүүргийн 162-р цэцэрлэгт хүмүүжиж. Бага ангийг 162-р цэцэрлэг сургуулийн цогцолборын Япон хэлний ангиар төгссөн. Дундаас бүрэн дунд боловсролыг “Оюуны ундраа” цогцолборт эзэмшсэн. 2001-2003 онд “Их засаг” их дээд сургуульд эрх зүйч мэргэжлээр суралцаж байгаад чөлөө авсан. 2006 онд БНСУ руу явах болсон. БНСУ байх хугацаандаа үйлчилгээний албанд ажилладаг байсан бөгөөд хэлний бэлтгэлд 2-р шатны төвшинд суралцсан. 

      2012 онд эх орондоо эргэн ирсэн. 

      2014 онд ” Монголын хүний нөөцийн удирдлагын шинэчилсэн Цахим институт” -ыг хүний нөөцийн менежер, оффис менежерээр төгссөн.
      2014-2016 онд “ПОК” ХХК авто сургуульд дүрмийн багш, болон захирлын туслахаар ажиллаж байсан. Ажлын байрлал солигдож хөдөө нүүхээр болсон бөгөөд
      2015 онд “Газарчин” их дээд сургуульд нягтлан бодох мэргэжлээр суралцаж байсан болхоор цаашид үргэлжлүүлж ажиллах боломжгүй болсон.
      2016-2017 онд “Fuud Bon” ХХК Солонгос компанид орчуулагчаар ажиллаж байсан боловч Солонгос хүмүүс нутаг буцсанаар ажиллах боломжгүй болсон.
      2018 онд 3-р курсээсээ эхлэн одоог хүртэл “ЭМ СИ СИ ЭМ” ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байна.
      2019 онд “Газарчин” Их дээд сургуулыг нягтлан бодох мэргэжлээр төгссөн. 
      2019 оноос Үндэстэн Баг ХХК-ийн TEAM Багийн сургалтанд сургагч багшаар хамтран ажиллаж байна.

      “Монголын хандив тусламж” ТББ, “Алтанцамхраа” ТББ- уудад сайн дураараа нягтлан бодох хийдэг. “Баярт тал Арго” ХХК, “Соёмбо түрүү”ХХК-уудад гэрээт нягтлангаар ажилладаг. 

      Ууган монгол бичгийг эзэмшсэн. Солонгос хэлний бичих унших ярих тодорхой түвшиний мэдлэгтэй. Орос хэлийг бага зэрэг мэднэ. Жолооны В,М ангилалтай.

    • C CHANNEL TV- БОЛОВСРОЛЫН ҮНДЭСНИЙ СУВАГ

      Монгол Улсын хэвлэл мэдээллийн түүхэнд 100% англи хэлтэй, Реклам, сурталчилгаа, улс төрийн мэдээгүй анхны БОЛОВСРОЛЫН СУВАГ.

      Дэлхийн мэдлэг мэдээллийн 80 хувь нь бүтээгдэж 2.5 тэрбум хүн өдөр тутамд ярьж буй англи хэлний боловсрол олгох шинэ суваг С CHANNEL EDUCATION телевиз.

      Бид “БҮХ НИЙТЭД АНГЛИ ХЭЛ СУРГАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР”-ийг хэрэгжүүлж байгаа бөгөөд хүүхэд залуус гэлтгүй бүх насныханд өдөр бүр хөгжилтэй нэвтрүүлэг үзэнгээ англи хэл сурах боломжийг бий болгож байна.

      Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн англи хэлний агуулга, нэвтрүүлгийг албан ёсны эрхтэйгээр хүргэж, Монгол улсынхаа мянга мянган  хүүхэд залуучуудад англи хэл, гоо зүйн мэдлэг боловсролыг олгож, тэднийг боловсролд суурилсан мэдээллийн зөв агуулгад чиглүүлэх, хот хөдөөгийн боловсролыг ялгааг арилгаж, баян ядуу амьдралын түвшинөөс үл хамааран хүүхэд бүхнийг сурах боломжоор тэгш хүртээмжтэй хангахад уг телевизийн үйл ажиллагааны гол зорилго оршиж байна.

      Монгол Улсад 0-17 насны 1 032 959 хүүхэд байгаагаас 34,7 хувь нь буюу 399 902 хүүхэд хөдөө орон нутагт сурч, амьдардаг. Төв суурин газраас алслагдсан сум суурингуудад сурч байгаа хүүхдүүд англи хэлийг зөвхөн хичээл дээр биш, гэрээсээ суралцах шаардлага үүсдэг ч өнөөг хүртэл тодорхой шийдэл байгаагүй аж.

       “Монголын хэвлэл мэдээллийн түүхэнд тодоор бичигдэж үлдэх анхны төрөлжсөн суваг юм. Манай суваг хүүхэд багачуудад англи хэл, танин мэдэхүйн боловсрол олгох зорилготой. Улс төрийн мэдээлэлгүй, реклам сурталчилгаа явуулахгүй. Орлого олох эх үүсвэр байхгүй ч монгол хүүхдийн боловсролыг дээдэлдэг сайхан сэтгэлт хүмүүс, компаниуд, Univision, Ddish, Сансар кабелийн хамт олон, Олон Улсын байгууллагуудын дэмжлэгээр телевиз маань үйл ажиллагаагаа явуулж байна.

      C CHANNEL EDUCATION телевиз нь Univision – 35, Ddish – 41, Сансар- 17, Сансар дижитал – 28 дугаар сувгууд дээр гарч байгаа юм байна. Тун удахгүй Skymedia болон бусад кабелийн телевизийн хэрэглэгчдэд хүргэхээр бэлтгэл ажил хийгдэж байна.

      https://www.facebook.com/CChannel.mn/