Category: Uncategorized

  • Дугарын ЖАРГАЛСАЙХАН- Системийн инженер

    Уул уурхайн инженер, эдийн засагч, Монгол улсын хөгжил болон байгууллагын хөгжилд системийн инженерчлэлд суурилсан судалгаа, шийдлийг ашиглах талаар доривтой судалгаануудыг удирдан чиглүүлж ажиллаж байна.

    1990 онд Монголын Улсын Ашигт малтмалын газрын даргаар ажиллаж байсан. MIH группын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан.

    ШУТИС-ийн хүндэт профессор, ТУС солюшн ХХК-ийн гүйцэтгэх захирал, 

    “Залуу судлаачдыг дэмжих сан” ТББ-ийн тэргүүн, “Монголын бизнесийн зөвлөл” ТББ-ийн УЗ-ийн гишүүн, Системийн инженерчлэлийн олон улсын зөвлөл (INCOSE)-ийн гишүүн.

    “ТУС солюшн” ХХК-ийн түүх.

    Бид үйл ажиллагаагаа анх 1997 онд “Майн инфо” ХХК-ийг үүсгэн байгуулж геологи, уул уурхайн чиглэлээр гадаад, дотоодын компаниудад бизнесийн мэдээллийн үйлчилгээг үзүүлж эхлүүлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд цар хүрээгээ тэлж бизнесийн төрөл бүрийн салбарын 17 охин, хараат компанийг багтаасан “Эм Ай Эйч” групп болгон өргөжүүлсэн юм. 2016 онд группыг бүтцийн өөрчлөлтөнд оруулж “Гүнд Инвестмент” хөрөнгө оруулалтын холдинг компани болгон өөрчлөн зохион байгуулсан.

    Системийн инженерчлэлийн үйлчилгээний “ТУС солюшн” ХХК-ийг 2016 онд Холдингийн бүрэлдэхүүнд үүсгэн байгуулсан юм. Бид өөрсдийн олон жил хуримтлуулсан туршлага, системийн болон логик сэтгэлгээний онол, арга зүйд тулгуурлан байгууллагад тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх “ТУС шийдлийн үйлчилгээ”-г энэ компаниараа дамжуулан байгууллагуудад санал болгож байна.

    https://www.tussolution.mn/

    youngresearcher.org

  • Миеэгомбын АМБАГА- Уламжлалт ба европ анагаах ухааныг холбосон нээлт хийсэн нэрт эрдэмтэн

    Монгол улсын төрийн соёрхолт, Анагаахын шинжлэх ухааны гранд доктор, профессор. Уламжлалт ба европ анагаах ухааныг холбож, оношлогоо, эмчилгээний асуудлыг цогцоор шийдэх нээлт хийсэн нэрт эрдэмтэн. “Салимон, Дентамон, Биомон цуврал эм бэлдмэл” бүтээгдэхүүнүүдийг хамтран бүтээсний учир Монгол улсын Төрийн шагнал хүртсэн.

    Хэнтий аймгийн Баянмөнх сумын нутагт төрсөн. 1961-1965 онд Хэнтий аймгийн Баянмөнх сумын бага сургууль, 1965-1971 онд Өндөрхаан хотын төвийн 10 жилийн дунд сургууль, 1971-1976 онд Анагаах ухааны дээд сургуулийг төгссөн.

    1981-1984 онд Москва хот дахь Анагаах ухааны 1-р дээд сургуулийн аспирантурт суралцан “Туршилтын амьтдад үүсгэгдсэн зүрхний булчингийн тэжээлийн дутагдлын үед антиоксидант, бетта-блокатор эмийн хамгаалах үйлдлийг судалсан нь” сэдвээр анагаах ухааны дэд докторын, 1994 онд “Хий, шар, бадганы онол ба эсийн мембрант байгууламж” сэдвээр анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан.

    2000 онд Москва хотноо төвтэй Европын Холбооны Мэдээлэл зүйн Академид “Уламжлалт анагаах ухаан судлалын сүүлийн үеийн ололтууд” сэдвээр Grand doctor-ийн зэрэг хамгаалж, Full professor цол хүртсэн.

    Анагаахын шинжлэх ухааны доктор (Монгол улс), гранд доктор, профессор (Европын холбоо), ОХУ-ын анагаахын шинжлэх ухааны доктор, профессор.

    Эм зүйн салбарт эх орны эмийн ургамал, амьтны гаралтай түүхий эдээс гарган авсан “Салимон, Дентамон, Биомон цуврал эм бэлдмэл” бүтээгдэхүүнүүдийг хамтран бүтээсний учир Монгол улсын Төрийн шагнал хүртсэн.

    Анагаах ухааны чиглэлээр шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалуулах комисс, Эм судлал, уламжлалт анагаах ухаанаар дэд докторын зэрэг хамгаалуулах эрдмийн зөвлөл, ASTM буюу New letter of Asian Society for Medicine /Tailand/ сэтгүүлийн редакцийн гишүүн.

    1980 оноос хойш Монголын уламжлалт анагаах ухааны онолын судалгаа, уламжлалт анагаах ухаан судлал, эмт бодис, оношлогоо, эмчилгээний чиглэлээр 30 жил ажиллаж, 90 гаруй ном, сурах бичиг, 100 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл, 180 гаруй тезис хэвлүүлсэн, 16 шинэ эм бэлдмэл бүтээсэн.

    Шинжлэх ухааны доктор 5, дэд доктор 20, мөн 40 магистрын ажлыг удирдаж хамгаалуулсан.

    Уламжлалт анагаах ухааны эртний мэргэдүүд хүний биеийн бүтэц үйл ажиллагааны анхдагч эхлэл нэгж нь “хий”, “шар”, “бадган” гэсэн өөр хоорондоо нягт холбоотой, харилцан шилжимтгий эсрэг тэсрэг байдал бүхий 3 төлвөөс тогтдог гэж үздэг байсныг шинжлэх ухааны үүднээс гүнзгийрүүлэн судалж, эдгээр хийсвэрлэл билигдэл 3 төлвийн хүний биед оршдог жинхэнэ бодитой хэлбэр нь “мембраны α, β, γ” гэсэн 3 төлөв гэж үзсэний дээр “шар төлөв – α төлөв”, “хий төлөв – γ төлөв”, “бадган төлөв – β төлөв” гэсэн нарийн нягт тохирол нийцэл байдгийг илрүүлэн “Хий, шар, бадган-Эсийн мембрант байгууламж” онолыг үндэслэсэн бөгөөд энэ нь уламжлалт ба орчин үеийн гэсэн анагаах ухааны 2 том тогтолцооны онол, оношлогоо, эмчилгээний холбогдолтой бүх л мэдээллийг нэг субстанцийн хүрээнд мэдээлэл солилцооны цэгцэрсэн тогтолцоонд оруулах боломж олгож байгааг тогтоон “нэг субстанци – 2 анагаах ухаан” шинэ хандлага хэмээн томъёолж, энэ чиглэлээр “эрдэм шинжилгээ – үйлдвэрлэл – сургалтын гурамсан холбоо”-г бүрдүүлэх үндэслэлийг бий болгож, “х+g+s-NCM=амьд эсийн эрүүл оршихуйн үндэс, түүний эмгэг өөрчлөлтийн мөн чанар, тэдгээрийн оношлогоо, эмчилгээний төгс шийдэл” гэсэн тэгшитгэлийн хүрээнд 2 анагаах ухааныг холбож, оношлогоо, эмчилгээний асуудлыг цогцоор шийдэх боломжийг нээж олсон байна.

    Хий, шар, бадган – мембрант байгууламж (1995), Дорно дахины анагаах ухааны онолын гүн ухаан, танин мэдэхүй, шинжлэх ухааны үндэслэл (1996), Дорно дахины анагаах ухааны онолуудын харьцуулсан судалгаа (1997), Антиоксидант – өөхний хэт исэлдэлт тогтолцоо (1999), Дан ба нийлмэл уламжлалт эмийн жагсаалт, тэдгээрийн зохистой хэрэглээ (1999), Монгол туургатны уламжлалт анагаах ухааны алдарт эмч, маарамбуудын намтар, бүтээл (1999), The membrane mechanism of some theoretical problems on Traditional medicine (1999), Курс лекций по теории традиционной медицины (1999), Уламжлалт анагаах ухаан судлалын үндэс (2001), Уламжлалт анагаах ухааны онолын асуудлыг эс, мембран, молекул, рецепторын түвшинд тайлбарлах нь (2002), Түвд, Монголын уламжлалт анагаах ухааны Язгуурын үндэс, Номлолын үндэсний агуулгыг эмчийн өдөр дутмын үйл ажиллагаанд нэвтрүүлэх нь (2002), Язгуурын үндэс бүтээлд хийх эс, мембран, молекулын түвшингийн тайлал (2002), One substance – two medicines” (2003, 28 х.х. англи хэлээр), Уламжлалт анагаах ухаан судлалын 100 асуулт хариулт (2005), Уламжлалт ба орчин үеийн анагаах ухааны оношлогоо, эмчилгээний нэгдмэл хэлхээ боловсруулах онол арга зүйн үндэс (2005), Уламжлалт ба орчин үеийн анагаах ухааны кодын шилжилт (2005) зэрэг 90 гаруй ном, эрдэм шинжилгээний 100 гаруй өгүүлэл, 180 гаруй тезис хэвлүүлж, Астрадин, Асваргал, Силодин, Барбадин, Нефромон, Салимон, Салсамон, Ортуузин, Салорид, Дентамон, Эллипин, Хиазасол, Тонзилмон, Гепамон зэрэг дархлал сэргээх, элэг хамгаалах, зүрх хамгаалах, бөөр хамгаалах, хорт хавдрын эсрэг үйлдэлтэй 16 шинэ эм бүтээж, 5 патентын гэрчилгээ авснаас гадна эрдэм шинжилгээний 30 орчим өгүүлэл нь Бюллетень экспериментальной биологии и медицины, Кардиология, Фармакология и токсикология, New letter of Asian Society for medicine, A materials of I congress of Tibetian medicine зэрэг гадаадын томоохон сэтгүүлүүдэд хэвлэгдсэн ба түүний сүүлийн үед (1991 оноос хойш) хэвлүүлсэн 300 орчим ном, эрдэм шинжилгээний өгүүлэл, тезис нь уламжлалт анагаах ухаан судлалын чиглэлээр нээсэн “Хий, шар, бадган – Эсийн мембрант байгууламж” онолын дагууд бичигдсэн байна. Уламжлалт анагаах ухаан судлал, эм зүйн “Монос” дээд сургуулийг 2000 онд санаачлан байгуулсан нь эдүгээ 1000 гаруй оюутан, 50 гаруй багштай, дэлхийн түвшинд хүрсэн сургалтын технологитой сургууль болсон байна. Уламжлалт ба орчин үеийн анагаах ухааны онол, оношлогоо, эмчилгээний аргын нийцлийг “мембран” гэсэн нэг субстанцийн түвшинд анх удаа шинжлэх ухааны үндэстэй нэгтгэн зангидаж, “нэг сургууль – хоёр хандлага, хосмол мэргэжил” гэсэн шинэ хандлагын дагууд уламжлалт ба орчин үеийн анагаах ухааны аргаар оношлогоо, эмчилгээний нэгдмэл нэг хувилбарыг нэгэн зэрэг гаргаж чадах мэдлэг дадлага, хандлага бүхий эмч, эм зүйч мэргэжилтэн бэлдэх “шавь сургууль” бий болгох, анагаахын салбарт “эрдэм шинжилгээ-сургалт – үйлдвэрлэл”-ийн гурамсан холбоо бүрдүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсан эрдэмтэн бөгөөд уг сургуулийн сургалтын хөтөлбөрт “Уламжлалт ба орчин үеийн анагаах ухааны цэгцэрсэн тогтолцоо”, “Уламжлалт анагаах ухаан судлал”, “Эмийн хоёр үйлдвэр” гэсэн хоёр хичээлийн стандарт, хөтөлбөрийг шинээр боловсруулан оруулсан нь манай улсад төдийгүй өөр аль ч улс орны сургалтад өнөөг хүртэл байгаагүй цоо шинэ агуулга бүхий хичээлүүд юм.

    http://www.ambaga.mn/
    https://www.facebook.com/%D0%9C%D0%B8%D0%B5%D1%8D%…

  • HR DAY ХҮНИЙ НӨӨЦИЙН АЖИЛТНЫ ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН

    ХҮНИЙ НӨӨЦИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН >>9дэх жилдээ>>

    Үндэстэн Баг ХХК-ийн хамт олон HR DAY- Хүний нөөцийн ажилтаны баярын өдрийг 2015 оноос эхлэн жил бүр хамтран зохион байгуулж байна.

    Хөдөлмөрийн зах зээлд шинэ давалгаа болон гарч ирж буй ШИНЭ ҮЕ-ийн хүний нөөцийг (Y- Generation) оновчтой удирдах туршлага, мэдлэгээ хуваалцаж, хүний нөөцийн хөгжлийн шинэ чиг хандлага, бодлогыг тодорхойлж түүний үндсэн дээр салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахад оршино.
    “Шинэ үе ба Хүний нөөцийн бодлогын хувьсал, шилжилт” сэдэвт илтгэл болон үндэсний топ компаниудын шилдэг туршлага, кейс илтгэл тавигдана.
    “Шинэ үеийнхэнд тохирох байгууллагын соёл, Шинэ үеийнхэнд тохирох хүний нөөцийн оновчтой бодлого” сэдэвт салбар хуралдаан болон хүлээн авалт Новотел зочид буудалд болно.

    Ерөнхий зохион байгуулагч: Хүний нөөцийн судалгааны үндэсний хүрээлэн

    Хамтран зохион байгуулагч: Үндэстэн Баг

    Дэлгэрэнгүй мэдээлэл:

    HRDAY 2018 hutulbur by CREATIVE MONGOLIA on Scribd

  • BID Undraa Solo exhibition 2019 Зураач Ундраагийн бие даасан үзэсгэлэн

    Зураач Ундраагийн “BID” 3 дахь бие даасан үзэсгэлэнгийн нээлтэнд урьж байна. “Бид оршин байж би оршино”. Бидний нэгдмэл оршихуйн шинэ ертөнцөөр аялаарай.

    Үзэсгэлэнгийн нээлт 2019/8/26- ний 13:00 цагаас Norphei Art Gallery (BlueMon Center)-д болно. Нээлтэнд ирсэн та бүхэнд Зураач Ундраа өөрийн гарын үсэгтэй U-MANDALA bid edition номыг бэлэглэнэ.

    #NewArt  #NewMandala

    Үзэсгэлэн 8/26- 9/2 хүртэл өдөр бүр 09:00- 21:30 цаг хүртэл үргэжилнэ. Ажлаа тараад ирж үзэсгэлэн үзээрэй.

    Мессеж:

    BID ОРШИН БАЙЖ БИ ОРШИНО

    BID НИЙ ХАМГИЙН САЙХАН ӨДӨР ӨНӨӨДӨР

    BID НИЙ ИЖИЛ ТАЛУУД ИЛҮҮ ОЛОН

    BID НЭГ АГААРТАЙ

    BID ТАНИАС САЙХАНЫГ ОЛЖ ХАРНА

    BID НЭГДМЭЛ

    BID НЭГ ГОЛООС УНДААЛДАГ

    БИГЭЭС BIDРҮҮ

    BID НЭГ УНДРАГАТАЙ

    BID НЭГ Л ЗҮРХТЭЙ

    Зураач Ундраа нь хүүхэд, гэр бүл, байгалийн сэдвээр уран бүтээлээ туурвидаг.

    Тэрээр хүний сэтгэлийн гүнд тоосонд дарагдан мартагдсан байдаг байгалийн зөн мэдрэмж, хүүхэд насныхаа гэгээн хүсэл тэмүүлэл, өөдрөг мэдрэмжийг сэргээж, өдөр бүрийг шинэ өнгө будгаар эхлэхэд зориулж бүтээлээ туурвидаг.

    1998 онд Дүрслэх урлагийн дунд сургуулийн Монгол зургийн анги, 2005 онд Дүрслэх Урлагийн Дээд Сургуулийн Уран зургийн анги дүүргэсэн.

    2006 оноос 40 гаруй удаагийн бие даасан болон хамтарсан үзэсгэлэнгүүдэд оролцсон. 2012 онд “Яруусахуй урлан”, 2015 онд “Undra 2015”, 2019 онд BID бие даасан үзэсгэлэнгээ тус тус толилуулсан.

    Түүний бүтээл Монгол, Герман, Белги, Хятад, Япон, Солонгос, Куб зэрэг дэлхийн 10 орчим орны цуглуулагчид болон хүүхдийн байгууллагад хүрсэн байдаг.

    2010 онд “Дээд эрүүл мэнд”, 2014- 2017 он “Сайн мууг ялгая” 1, 2, 3-р дэвтэр, 2018 онд Ч.Лодойдамба “Манай сургуулийнхан” номны зураг чимэглэл, 2018 онд өөрийн бие даасан “U Mandala” цувралаа бүтээж эхлэсэн.

    Ундраа нь “Монгол блогчид” наадам, TEDxWomen, UBTwestival, “Сэтгэлийн зураг” хандивын үзэсгэлэн зэрэг хүмүүнлэг, олон нийтийн үйл ажиллагааг өөрийн уран бүтээлээр дэмжиж оролцохоос гадна багш, сурагчидад 3D баримал, Art bag- эко тор хийх сургалтыг зохион байгуулж бүтээлч хандлагыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж буй уран бүтээлч билээ.

    Мөн өөрийн бүтээлээр бэлэг дурсгалын олон төрлийн бүтээгдэхүүн хөгжүүлэн дэмжигчиддээ хүргэсэн.

    Харин энэ удаагийн BID үзэсгэлэнд Зураач В.Ундраа нь аав С.Вандангийн олон нийтэд хүрч байгаагүй зарим бүтээлүүд болон өөрийн 4 настай охин Л.Язгуурийн зурсан зургуудыг хамт дэлгэж байгаа онцлогтой юм. Үзэсгэлэнгийн орлогынхоо тодорхой хэсгийг Баянзүрх хайрханыг ойжуулах World Garden Mongolia санаачилгыг дэмжихээр ажиллаж байна.

    Хүн хийгээд хорвоо ертөнц нэгдмэл чанартай. Хүн байгаль хоёр хүйн холбоотой. Байгаль бидний амьдрал, оршихуйн эх булаг. Тусдаа, ганцаараа оршихуй гэж үгүй. Бид нэг голоос ундаалж, нэг л агаараар амьсгална. Бид цонхоороо хогоо шидэж байхдаа манай гэр л цэвэрхэн байвал бусад нь хамаагүй гэж боддог. Яг үнэндээ гэрийн чинь гадаа ч гэсэн таны ГЭР ОРОН оршиж байгааг та ухаарна.

    Хүмүүс бид ч бас нэгдмэл чанартай. Надад огт хамаагүй гэж бодсон зүйл чинь хэсэг хугацааны дараа хамгийн их хамаатай болохыг та ойлгоно. Автобусанд суудал тавьж өгөөгүй хүн чинь удахгүй танилцах хадам ээж чинь болохыг ойлгоно. Үл ойшоож хүндлэлгүй зөрсөн хэн нэгэн ойрын садан төрөл болохыг удахгүй мэднэ. Би л болж байвал бусад хамаагүй гэж бодоод хийсэн үйл чинь таны хаалгыг удахгүй тогшино. Бид нэгдмэл…

    Үзэсгэлэнгийн зохион байгуулагчаар, бүтээлч Монголчуудын нэгдэл ҮндэстэнБаг, Creative Mongolia баг ажиллаж байна.

    БИ- гээс BID- рүү

    Хүн хийгээд хорвоо ертөнц нэгдмэл чанартай. Хүн байгаль хоёр хүйн холбоотой. Байгаль бидний амьдрал, оршихуйн эх булаг. Тусдаа, ганцаараа оршихуй гэж үгүй. Бид нэг голоос ундаалж, нэг л агаараар амьсгална. Бид цонхоороо хогоо шидэж байхдаа манай гэр л цэвэрхэн байвал бусад нь хамаагүй гэж боддог. Яг үнэндээ гэрийн чинь гадаа ч гэсэн таны ГЭР ОРОН оршиж байгааг та ухаарна.

    Хүмүүс бид ч бас нэгдмэл чанартай. Надад огт хамаагүй гэж бодсон зүйл чинь хэсэг хугацааны дараа хамгийн их хамаатай болохыг та ойлгоно. Автобусанд суудал тавьж өгөөгүй хүн чинь удахгүй танилцах хадам ээж чинь болохыг ойлгоно. Үл ойшоож хүндлэлгүй зөрсөн хэн нэгэн ойрын садан төрөл болохыг удахгүй мэднэ. Би л болж байвал бусад хамаагүй гэж бодоод хийсэн үйл чинь таны хаалгыг удахгүй тогшино. Бид нэгдмэл… 

    Би би гэх тусам зам нь жим болж

    Бид бид гэх бүр жим нь зам болдог…

    https://www.facebook.com/undraav/

  • TEAM ART | БҮТЭЭЛЭЭР ДАМЖУУЛЖ БАГИЙГ НЭГТГЭХ ХӨТӨЛБӨР

    Хугацаа: 3- 4цаг

    Байгууллага хамт олныхоо хүсэл тэмүүлэлийг зургаар илэрхийлж, хамтдаа урлан бүтээх багийн ажиллагааны хөтөлбөр.

    Баг хамт олноороо байгууллагаа илэрхийлэх зурагийг сонгож, хамтдаа зурж, байгууллагынхаа хүндтэй хэсэгт байршуулснаар, өдөр бүр өөрсдийнхөө бүтээлийг харж, “бид хамтдаа бүтээж чадсан” гэсэн мэдрэмжийг өгч, оюун санаагаа нэгтгэх боломж бүрддэг.

    Бизнес процесс нь ажилтанаас ихэвчлэн логик сэтгэлгээг шаардаж байдаг тул баг хэвшмэл сэтгэлгээнд орж хайрцаглагдах нь түгээмэл байдаг. Тэгвэл урлаг бүтээх нь хүний хийсвэр сэтгэлгээг ажиллуулж, бүтээлчээр хайрцагнаас гарч сэтгэх нөхцлийг бүрдүүлж өгнө.

    АГУУЛГА
    • Хийсвэр, бүтээлч сэтгэлгээ. Багийг хэвшмэл тогтсон сэтгэлгээнээс гаргаж, хийсвэр- зүүн тархийг идэвхижүүлнэ.
    • Олны хүч оломгүй далай. Хүн ганцаараа бол уран бүтээл хийж чадахгүй. Би хийж үзээгүй, зурж чаддаггүй гэдгээр шалтагладаг. Харин баг нэгэндээ урам зориг итгэл өгснөөр олны хүч оломгүй далай болж хамтдаа уран бүтээл туурвиж чадна.
    • Сэтгэл засал. Баг хамт олонд сэтгэлзүйн нэг төрлийн дасгал болж, стресс тайлах, оюун санааг төвлөрүүлэх, бүтээх сэдлийг идэвхижүүлэх хөшүүрэг болно.

    Сургалтын захиалга өгөх болон дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл info@creativemongolia.com болон 88028241 утсаар холбогдоно уу. Баярлалаа.

    Бусад холбоос

    https://www.facebook.com/MongolTeam

    https://www.facebook.com/TeamworkTeamplayMongolia

    https://career.today

    http://creativemongolia.com

  • Т.БАТТУЛГА- Арьсан авдар урлал

    Арьсан урлал бол Монголчуудын уламжлалт урлагийн нэг төрөл юм. Ингээд арьсан урлалын талаар Монголын Урчуудын эвлэлийн гишүүн, Арьсан урлагийг хөгжүүлэх холбооны тэргүүн, Соёлын тэргүүний ажилтан Т.Баттулгатай ярилцлаа.

    -Та өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?

    -1967 онд Налайх дүүрэгт төрсөн. Налайхын ерөнхий боловсролын нэгдүгээр арван жилийн сургууль төгсч Дүрслэх урлагийн дунд сургуульд элсэн орсон. Ингээд Доржсүрэн багшийн удирдлага дор Арьсан урлагийн чимэглэгч, зураач мэргэжлээр төгссөн. 20 гаруй жил арьсан урлалаар уран бүтээлээ туурвиж явна даа.

    -Арьсан урлалын гол түүхий эд нь мальн арьс, шир. Арьсаа өөрсдөө бэлддэг үү эсвэл боловсруулсан бэлэн арьс хэрэглэдэг үү?

    -Манай улс мал аж ахуйн орон учраас арьсан урлал хөгжих бүрэн боломжтой. Арьс, ширний маш өргөн сонголттой. Хуучин нийгмийн үед Арьс ширний үйлдвэрийн нэгдэл гэж байсан. Тухайн үед боловсруулсан арьс худалдан авах боломж хомс. 1990 оноос чөлөөт зах зээлд шилжсэнээр Арьс ширний үйлдвэр хувьчлагдан хувийн жижиг үйлдвэрүүд бий болсон. Одоогийн байдлаар 20 гаруй арьс ширний хувийн үйлдвэр ажиллаж байна. Эдгээр үйлдвэрт захиалга өгч боловсруулсан арьс худалдан авдаг.

    -Манай арьс ширний үйлдвэрүүдийн боловсруулалтын чанарыг гадаад улсынхтай харьцуулбал хэр байдаг вэ?

    -Боловсруулалтын хувьд муу биш, болхи түвшинд байгаа. Болхи тусмаа л чанартай байдаг. Гадаадад арьсыг сайн боловсруулснаар нимгэрч чанар мууддаг. Арьсыг зүйж залган томоохон бүтээл хийхийн тулд маш их хөдөлмөрлөх шаардлагатай. Ер нь, арьсан урлагт том хэмжээтэй бүтээл хийнэ гэдэг хэцүү л дээ. Манай холбооны уран бүтээлчид цэвэр Монгол малын арьсыг уран бүтээлдээ ашигладаг. БНСУ, Хятадад боловсруулсан арьс хэчнээн гоё байсан ч Монгол арьсны чанарыг гүйцэхгүй. Хамгийн гол нь уран бүтээлийг боловсруулсан арьсаар хийх нь чухал. Түүхий арьсаар уран бүтээл хийж, чийглэг оронд үзэсгэлэнгээ гаргахад үнэр танар ороод юун хүн үзэх манатай болдог юм. Сүүлийн үед түүхий арьсаар хүүхэлдэй хийж байна. Түүхий арьсаар хийсэн эд дурсгалын зүйлс чийглэг оронд очвол үнэр ордог учраас уран бүтээл хийх нь сайн зүйл биш.
    Би 2007 онд БНСУ-ын Чэжү аралд зургаан сарын турш уран бүтээлийн үзэсгэлэнгээ далайн эрэг дээр гаргасан. Боловсруулсан арьсаар хийсэн учраас ямар нэгэн асуудал гараагүй.

    -Та уран бүтээлдээ голдуу ямар малын арьс, шир ашигладаг вэ. Харж байхад ихэвчлэн үхрийн зооны арьсан дээр Чингис хаан болон хөлөг баатруудыг дүрсэлсэн байх нь элбэг тааралддаг?

    -Таван хошуу мал болон зээрийн арьсыг ч ашиглаж болно. Ямар нэгэн бүтээл хийхийн тулд эхлээд зохиомж буюу санаагаа буулган зургаа зурдаг. Зургийн дагуу хонь болон ямааны арьс хэрэглэх үү, эсвэл үхрийн ширэн дээр зурах уу гэдэг сонголтоо хийнэ. Тухайн бүтээлийн онцлогоос шалтгаалж, нимгэн болон зузаан арьс үйлдвэрээс захиалан авдаг. Үхрийн ширэн дээр Чингис хааны хөрөг болон баатрууд зурдаг. Миний хувьд энэ чиг хандлагаас татгалздаг. Арьсыг өөрөөр нь л урлаг болгох ёстой байхгүй юу. Тэгж гэмээнэ л жинхэнэ арьсан урлаг болно.
    Би “Та нар чулуун дээр зураг зурчихаад чулуун урлаг гэвэл хүн хүлээж авах уу” гэж хүмүүсээс асуудаг юм. Миний хувьд олон жилийн турш хөдөлмөрлөж байж арьсан урлагийн шинэ төрлийг бий болгосон.

    -Тодруулбал?

    -Манай судаачид судлаад яг ямар төрөл болох талаар нэгдсэн байр сууринд хүрээгүй байна. Зарим нь арьсан баримлын арга гэхэд нөгөө хэсэг нь ямар арга гэдгээ чи өөрөө л тодорхойл гэдэг. Би арьсыг өөрөөр нь нугалж 3D шиг харагддаг аргыг санаачилсан юм. Энэ шинэ бүтээлийн аргаа Монголын Оюуны өмчийн газарт бүртгүүлж баталгаажуулсан.

    -Хэдэн төрлийн аргаар арьсан дээр бүтээл урладаг юм бэ?

    -Хөөмлийн болон релефийн арга гэж бий. Релефийн арга гэдэг нь арьсан дээр дүрс гарган зураад хурц багажаар ухаж сийлэхийг хэлнэ. Арьсыг релефдээд дараа нь хөмийлдөж нааш нь төвийлгөдөг.

    -Манай уран бүтээлчид арьсан урлалаар бэлэг дурсгалын болон гоёл чимэглэлийн зүйлс хийхдээ хуучны монгол технологоор хийдэг үү. Эсвэл шинэ техник технологи нэвтрүүлж байна уу?

    -Ер нь арьсан урлаг бол бүх урлагийн анхдагч гэж би хувьдаа боддог юм. Хүй нэгдлийн үеийн хүмүүс ан амьтан агнаж арьс ширээр хувцас хийж өмссөн үеэс л арьсан урлаг хөгжсөн. Өвгөд дээдсээс уламжлан ирсэн ардын технологи гэж бий. Арьсаа яаж хатаах, сураа хэрхэн элдэх гээд л. Манай урлан уламжлалаа хадгалсан технологи дээр суурилж орчин үеийн бүтээлээ туурвидаг. Чөлөөт уран бүтээлчийн хувьд сюрреализм (бодит мэт харагдах боловч бодит байж боломгүй хийсвэр дүрслэлийн арга) чиглэлээр арьсан бүтээл урладаг. Нөгөөтэйгүүр, өвгөд дээдсээс уламжлагдан ирсэн авдарыг уламжлалт технологийн дагуу хээ хуар гаргасан малын арьсаар бүрдэг юм. Жишээлбэл, Монгол гутал оёдог аргыг малын арьсаар авдар бүрэхэд хэрэглэж байна. Мөн арьсан хөөмлийн аргыг ч давхар ашигладаг.

    -Та бас арьсан авдар хийдэг. Захиалагчид ямар хээ угалзыг голлож байна вэ. Хуучин цагт авдар бүрийн нүүрэнд арслан зурсан байдаг. Арслантай авдар гэдэг дуу ч бий?

    -Захиалсан хүний захиалгын дагуу авдарыг арьсаар бүрж өгдөг. Тогтсон хэв маягаар заавал арслан зурна гэхгүй. Арьс бол их гоё материал юм. Арьсаар авдрыг бүрж хээ хаур гаргахаар маш өвөрмөц, чамин эд болдог. Би нийтдээ 1000 гаруй авдар захиалгаар хийсэн. Захиалагч нар өөрсдийнхөө төрсөн жилийг авдартаа зуруулахыг хүсдэг. Хос авдар бүрүүлэхэд нэгэнд нь өөрийнхөө төрсөн жилийг, нөгөөд нь гэр бүлийн хүнийхээ төрсөн жилийг зуруулах жишээтэй. Зарим хүн хүүхдүүдийнхээ жилийг захиалж байхад нөгөө хэсэг нь үндэсний хээгээр зуруулъя гэдэг. Мөн эртний Хүннүгийн үеийн дүрсээр хийлгэе ч гэдэг. Захиалагчийн сонголт маш өргөн болсон. Говийн догшин хутагт Данзанравжаагийн эдэлж хэрэглэж байсан эд зүйлсийг тахилч Түдэв гуай 1930-аад онд модон авдарт хийж гадна талыг арьсаар ширлэж газарт нууж булсан байдаг. Үүнээс үүдээд авдарыг арьсаар бүрж ширлэх санааг олсон юм. Олон жилийн дараа авдарыг гаргаж ирэхэд дотор нь байсан эд зүйлс огтхон ч муудаагүй байсан. Учир нь, арьс чийг авангуутаа модонд дамжуулдаг. Хуурай үед мод чийгээ гадагшлуулахад арьс чийгийг нь өөртөө шингээдэг байна. Ингэж мод, арьс хоёр харилцан “Амьсгалдаг” юм. Тийм учраас дотор нь байсан зүйлс мууддаггүй. Авдар гэдэг нь “Аваад дар” гэсэн утгатай. Дээдсийн маань хойморт заларч байсан орчин үеийнхээр бол сейф гэсэн үг. Айлд авдар хосоороо байх учиртай гэж найстайчуул хэлдэг байсан.

    -Та Монголын Арьсан урлагийг хөгжүүлэх холбооны тэргүүн хүн. Ер нь ямар зорилгоор холбоо байгуулах болсон болон ирээдүйд холбооны зүгээс юу хийх гэж буй талаар ярьж өгөхгүй юү?

    -Арьсан урлагийн чиглэлээр мэргэжлийн сургууль төгссөн хүмүүс нийлж 2007 онд Монголын Арьсан урлагийг хөгжүүлэх холбоог байгуулсан юм. Манай холбоо эгнээндээ 20 гаруй гишүүнтэй. Бүгд мэргэжлийн хүмүүс, сонирхогч байхгүй. Манай холбооны гишүүдийн нэг онцлог нь үйлдвэрлэлийн аргыг чухалчилдаггүй. Нэг цүнх хийсэн ч урлагийн бүтээл талаас нь ханддаг. Мөн ганц хувь л хийнэ. Хэзээ ч нэг загвараар олон цүнх хийхгүй. Ийм л зорилготойгоор манай холбооны гишүүд ажилладаг. Холбооны дэргэд “Уламжлал” нэртэй арьсан урлагийн сургалтын төв хичээллэдэг байсан. Багш нарын хоорондын үл ойлголцлоос болж жил хэртэй ажиллаад хаалгаа барьсан. Арьсан урлагт суралцахад хүний нас хамаагүй. Ялангуяа сурах гэсэн хүсэл эрмэлзлэлтэй хүнд. Багш нар маань сургалтын төлөвлөгөөгөө гаргасан байгаа. Арьсан урлалыг хүмүүс маш их сонирхдог болсон учраас сургалтын төвөө удахгүй нээнэ. Байгууллага, аж ахуйн нэгжийн нийгмийн хариуцлагын хүрээнд үнэхээр авьяас чадвартай хүүхдийг үнэ төлбөргүй сургах бодолтой байна.

    -Арьсан урлалаар хийсэн бэлэг дурсгалын зүйлсийн гол худалдан авагч гадаадын жуулчид гэсэн ойлголт бий. Та түрүүн хэлсэн. Дотоодын иргэд маань арьсан урлалыг сонирхдог болсон гэж. Ер нь манай иргэд арьсан урлагийн бүтээл хэр зэрэг сонирхож байна вэ?

    -Нэг үеэ бодвол, Монголчууд маань урлагийн үнэ цэнийг ойлгож мэдэрдэг болсон байна. Арьсан урлалаар хийсэн бүтээлийн 70 гаруй хувийг Монголчууд худалдан авч байна.

    -АСЕМ-ын уулзалтын үеэр олон жуулчин ирнэ. Тэд голдуу л арьсаар хийсэн бэлэг дурсгалын зүйлс худалдан авах байх. Жуулчдын сонирхлыг татах ямар бүтээгдэхүүн хийж байна вэ?

    -АСЕМ-ын жуулчдад зориулан худалдах эд зүйлсийн шалгаруулалт болно гэсэн. Хамтран ажиллагч маань жуулчдад бэлгэнд өгөх зорилгоор ногоолин гэдэг чулуугаар “Гэрэгэ” хийсэн юм. Энэ гэрэгний ширэн гэрийг биднээр хийлгэсэн. Шалгаруулалтад тэнцвэл олноор хийнэ.

    -Танай холбоо гадаад харилцаандаа хэр анхаарал хандуулж ажилладаг вэ. Жишээлбэл, гадаадын жуулчдын компанийн сайтад хаягаа байршуулсан уу?

    -Миний хийсэн бүтээлийн танилцуулга Азийн Арьсан урлагийн холбоо, Европын Арьсан урлагийн холбооны сайтад бий. Удахгүй Монголын арьсан урлагийг хөгжүүлэх холбоог Азийн арьсан урлагийн холбооны гишүүн байгууллагаар элсүүлнэ. Манай уран бүтээлчдийн ур чадвар бол Ази, Европын уран бүтээлчдээс огтхон ч дутахгүй. АНУ-ын арьсан урлагийн хоёр мастер хүнтэй хамтран ажиллах гэрээг байгуулсан. Тэднийг Монголд хамтарсан үзэсгэлэн гаргахаар урьсан, удахгүй ирнэ.

    -Ер нь, арьсан урлаг бусад оронд хэр хөгжсөн байдаг юм бол. Азийн, Европын гээд хийц дизайн нь өөр байх уу. Энэ талаар хэлбэл уншигчдад сонин байх?

    -Юугаар баян, түүгээр дайлна гэдэг үг байдаг. Монголчууд малын арьс, ширээр “Тоглодог” улс. Гадаадын уран бүтээлчид бүс, цагны оосор хийсэн ч “Art” буюу урлаг гэж үздэг. Монголчууд бол бүс, цагны оосорт хэрэглээ талаас ханддаг. Болгар улс нэг хэсэг арьсан урлалаар Европт тэргүүлж явсан үе бий. Болгарын уран бүтээлчид бол арьсыг чимэглэх талаас урладаг. Жишээ нь, түрийвчин дээрх дүрсийг релефийн аргаар хийдэгээрээ онцлог. Европ болон Азийн улс орнуудад гар аргаар хийсэн гэдгээрээ арьсан эдлэлийн үнэ өндөр. Голдуу үхрийн ширэн дээр релефийн аргаар хийдэг юм байна лээ. Намайг оюутан байхад энэ аргыг ханын чимэглэл хийхэд ашигладаг байсан юм. Гадаадын уран бүтээлчдийн дийлэнх нь байгаль, ан амьтны зургийг уран бүтээлдээ ашигладаг.
    Австралийн арьсан урлагийн уран бүтээлч эмэгтэйтэй интернэтээр харилцаж ганц нэг бүтээлээ солилцдог байсан. Тэр уран бүтээлч урт нь нэг метр 50 см, өргөн нь нэг метртэй үхрийн ширэн дээр бугын зураг зурсан бүтээлээ 30 мянган еврогоор үнэлсэн байсан. Миний хийсэн урт нь хоёр метр, өргөн нь нэг метр 50 см үхрийн ширэн бүтээл 10 гаруй сая төгрөгийн үнэтэй. Ам.доллараар бол 5-6 мянга болно. Ийм үнээр гадаадын ганц нэг иргэн худалдан авчихдаг юм. Мөн манайхан ч гэсэн худалдан авдаг. Миний хийсэн арьсан динозавр Байгалийн түүхийн музейд бий. Энэ динозавр 2007 оны Азийн арьсан урлагийн хамгийн том бүтээлээр шалгарсан. 20 гаруй хонь, ямааны арьс болон есөн адууны шир орсон юм. Уг арьсан динозавр өндрөөрөө хоёр метр, уртаашаа гурван метр гаруй хэмжээтэй.

    -Сүүлийн үед маш олон сургууль арьсан урлалын чиглэлээр мэргэжилтэн бэлдэж байна. Шинэ үеийн төгсөгчдийн ур чадвар хэр байна вэ?

    -Монголд арьсан урлал хөгжихөд шаардлагатай бүх зүйл бий. Гагцхүү хийх л хэрэгтэй . Миний үед цөөхөн хүн арьсан урлалын чиглэлээр төгсдөг байсан. Шинэ залуу уран бүтээлчдийг ажиглахад шинэ санаа олчихоод уран бүтээл болгож чаддаггүй. Учир нь “Зарагдахгүй бол яана” гэж эмээдэг. Уран бүтээл хийх гэж авсан арьсаараа түлхүүрийн оосор хийвэл хурдан зарагдана гэсэн зах зээлийн сэтгэхүйтэй байна. Би шавь нартаа “Толгойд буусан санаагаа цаасан дээр хуулж, чөлөөтэй хий” гэж захидаг. Бусад улсаас Монголын маань нэг ялгарах онцлог нь арьсан урлаг байгаасай гэж би боддог юм. Энэ чиглэлд хувь нэмрээ оруулж явна.

  • Энтрепренер гэж хэн бэ?

    Энтрепренер гэх энэ үг сүүлийн үед бүхий л сонин сэтгүүл, зурагт, интернетээр үзэгдэх боллоо. Та ч гэсэн энэ үгийг олон удаа дуулсан байх. Тэгвэл энэ үг ямар утгатай юуг илэрхийлсэн үг вэ? Энтрепренер гэж хэн бэ? Тэртээ 13-р зуунд үүссэн энэ үг өнөөдөр тэр утгаараа илэрхийлэгдэж байгаа болов уу?

    Энтрепренер (Entrepreneur) гэдэг нь Франц хэлний хийх, оролдох гэсэн утгатай entreprendre гэсэн үйл үгнээс гаралтай аж. 16-р зуун гэхэд өөрчлөгдөн явсаар эрсдэлтэй бизнес хийж байгаа хүнийг буюу нэр үгийг илтгэх болжээ. 1730 онд эдийн засагч Ричард Кантиллион өөрийн эрдмийн бүтээлд анх удаа уг нэр томьёог ашигласан байна. Кантиллионы хувьд энтрепренер хүнийг ялгаж өгдөг онцлох шинж нь эрсдэлийг үүрэх, ашиг олно гэсэн ямар ч баталгаагүйгээр тухайн бизнесийг эрхлэн явуулах явдал байв. Үүний дараагаар буюу 1800 оны эхэн үед энтрепренер гэсэн нэр томъёог түгээн дэлгэрүүлсэн хүн бол Францын эдийн засагч, бизнесмен Jean Baptiste Say.  Түүний тодорхойлсноор бол нөөцийг бага бүтээмжтэй газраас өндөр бүтээмжтэй буюу илүү өгөөжтэй газар руу шилжүүлэх замаар эдийн засагт үнэ цэнийг бий болгож буй хувь хүнийг хэлнэ хэмээжээ. 1848 онд эдийн засагч Жон Стюарт Мил өөрийн алдартай бүтээл болох ” Улс төрийн эдийн засгийн ухааны үндэс ” номдоо,  зөвхөн бизнесийн эрсдэлийг үүрсэн хүнийг биш мөн тухайн эрсдэлтэй бизнесийг удирдан явуулж байгаа хүнийг  мөн энтрепренер гэнэ хэмээн бичжээ.

    20-р зууны агуу сэтгэгчид тэгвэл уг нэр томьёог хэрхэн тодорхойлсон бол. Австрийн нэрт эдийн засагч, суут сэтгэгч Шумптер ийнхүү тодорхойлжээ. Одоо байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээний байгаа байдлыг эвдэх замаар шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгодог шинийг санаачлагчийг энтрепренер гэнэ. Мөн шинэ бүтээгдэхүүн аль эсвэл үйлдвэрлэлийн шинэ аргачлалыг танилцуулснаар эдийн засагт өөрчлөлт оруулах хэн нэгнийг. Тэгвэл менежментийн загалмайлсан эцэг гэгддэг Петер Дракер 1964 дараах тодорхойлолтыг өгч байж. Энтрепренерүүд өөрчлөлтийг эрэлхийлэн түүнийгээ олж, боломжийг ашигладаг. Тэдний гол зэвсэг бол инноваци.

    Нэг жишээ авъя. Эдди бол өөрийн хувийн бизнесээ эхлүүлж байгаа энтрепренер. Тэрээр саяхан сургуулиа програм хангамжаар амжилттай төгссөн төдийгүй нэг апликейшн бүтээжээ. Тэрхүү апликейшн нь амжилт авчирна гэдэгт ч итгэдэг. Цахиурын хөндийн аль нэг компанид ажилд орохоос илүүтэйгээр өөрийгөө сорин, өөрийн арга барилаар ажиллахыг Эдди илүүд үзэв. Өвөлж ирсэн жаахан хөрөнгөөрөө гарааны бизнесээ санхүүжүүлэхээр шийджээ. Энтрепренерийн хувьд тэрээр гарааны бизнесээ эхэлж байгаа ч өөрийн хөрөнгийг эрсдэлд оруулж байгаа юм. Мөн тэрээр янз бүрийн авьяас чадвартай (санхүү, маркетинг г.м) найзуудаа өөртэй нь нэгдэхийг хүсжээ. Хэрвээ тэр багаа зөв бүрдүүлж чадвал амжилтад хүрэх бүрэн боломжтой. Энгийнээр ойлговол энтрепренер нь өөрөө өөртөө ажилладаг хүнийг хэлж болох юм.

    Цаг хугацаа өнгөрөн дэлхий өөрчлөгдөхийн хэрээр эдгээр нэр томьёо ч гэсэн өөрчлөгдөж байна. Хэрвээ та анзаарвал бүхий л цаг үед эрсдэл, инноваци гэсэн үг байна. 21-р зууны энтрепренер гэж тэгвэл хэнийг хэлэх вэ? Энтрепренерүүд хэрхэн өөрсдөө энэ нэр томьёог тодорхойлсныг харъя.

    Dictionary.com:
    Эрсдэлтэйгээр болон нэлээд идэвх санаачлага, самбаатайгаар компани буюу бизнесийг удирдан зохион байгуулж буй хүнийг хэлнэ.

    Их Британийн тэрбумтан Virgin группийг үндэслэгч Mr.Yes Ричард Брансон:
    Энтрепренер байна гэдэг нь энгийнээр бол хүмүүсийн амьдрах орчинг илүү таатай амар болгохыг хүсдэг хэн нэгэн байна гэсэн үг.

    Даллас Маверикс багийн эзэн, хөрөнгө оруулагч Марк Кюбан:
    Ямар бизнес хийхээ, хаана хүрэхээ, тийшээ хэрхэн хүрэхээ  тодорхойлж чадах хүнийг энтрепренер гэнэ.

    Дэлхийн хамгийн том санхүүгийн хэвлэл мэдээллийн байгууллагыг үндэслэгч Майкл Блүүмберг:
    Энтрепренер байна гэдэг нь заавал бизнес эхлүүлэхийн нэр биш. Энэ нь бусдын бэрхшээл гэж харж буйг боломж болгон хувиргаж, тэдний тойрч буй эрсдэлийг үүрч гарахын нэр юм.

    Бусдын нүдэнд ямар ч асуудалгүй мэт харагдаж байгаа зүйлийн саад бэрхшээлийг олж хардаг хүнийг хэлнэ.

    Томас Эдисон, Хенри Форд, Стив Жобс, Элон Маск, Марк Зукерберг, Жеф Безос, Тони Шей гэх мэт маш олон алдартай энтрепренерүүд түүхэнд төрөн гарчээ. Интернет худалдааны акул Безос, Шей хоёр худалдан авалтыг илүү ухаалаг, таатай болгосон. Хенри Форд автомашиныг бүх нийтийн хэрэглээ болгож чадсан. Элон Маск хүмүүсийн цаг завыг хэмнэх цахим төлбөрийн системийг бий болгов. Мөн эко хэрэглээг хүмүүст санал болгож байна. Эдгээр хүмүүсийн ачаар бидний амьдрах орчин улам л таатай болон сайжирсаар байна. Та ч гэсэн эдгээр хүмүүсийн адил энтрепренер болох бүрэн боломжтой юм.

    МОНГОЛ УЛСЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН СИСТЕМ энтрепренер СЭТГЭЛГЭЭТЭН г бэлтгэдэг болж өөрчдөгдөх хэрэгтэй.

  • “MEET MONGOLIA” АЯЛАГЧИД, ЖУУЛЧНЫ КОМПАНИУДАД ЗОРИУЛСАН WORKSHOP EVENT

    “MEET MONGOLIA”
    АЯЛАГЧИД, ЖУУЛЧНЫ КОМПАНИУДАД ЗОРИУЛСАН WORKSHOP EVENT

    ӨВ СОЁЛ | МОРИН ХУУР | ШАГАЙ | МОНГОЛ БРЭНД

    Монголд ирж байгаа аялагч, жуулчидад монгол орны түүх, өв соёл, байгаль, үндэсний бүтээгдэхүүн, органик хүнс, цай, цагаан идээтэй нэг дор танилцаж, морин хуур, хөөмий, уртын дууны тоглолт үзэж, шагайн наадаан тоглох ЗАХИАЛГАТ эвэнтийг зохион байгуулж эхэллээ.

    ХӨТӨЛБӨР (1- 3цаг)

    Зочдыг монгол органик ургамлын цай, цагаан идээгээр зочилох

    Монгол орны байгалийн онцлог, цагаан идээний талаар товч мэдээлэл (англи хэлээр)

    Морин хуур, хөөмий, уртын дуу | Этүгэн хамтлаг http://creativemongolia.com/pegasus/

    Морин хуурыг хэрхэн урладаг вэ workshop | PEGASUS студи (англи, япон хэлээр)

    Шагайн наадаан 4 шагайгаар 10 тоглоом

    Монгол үндэсний онцлох бүтээгдэхүүн, гар урлалын үзэсгэлэн үзэх

    Оролцогчийн тоо: 20 хүртэлх хүнтэй баг (оролцогч бүхэн гарын бэлэгтэй)

    Хамтран ажиллах байгууллагууд хугацаа, өдөр, цагийг харилцан тохиролцож Event хуваарьт оруулна.

    • Уран бичлэг, эсгий ширмэл, монгол гар урлалын workshop нэмэгдэх боломжтой. (Нэмэлт төлбөртэй)

    MEET MONGOLIA EVENT

    Даяаршил улам бүр хүчээ авч хүн төрөлхтөн адилхан жийнс өмсөж, адилхан машин унаж, гар утас, компьютер, интернэт хэрэглэж, техник технологийг улс бүр адилхан эзэмших боломжтой болсон энэ зуунд үндэстний ялгарал бусад үндэстэндээ сонирхуулах, гайхуулах, бусдаас ялгарах ганцхан зүйл нь өв соёл болоод байна.

    Цаашдаа технологийн хөгжлөөр улс бүхэн ижилхэн түвшинд очих боломжтой болоход өөрийн түүх, соёлоороо ондоошиж, бахархаж, өөрийн гэсэн байр суурийг хадгалж чадсан үндэстэн л даяаршил дунд тэсэж үлдэх юм. Улс орон дэлхийд өөрийгөө таниулах хатуу болон зөөлөн хүчний бодлого байдаг. Монгол улсын хувьд зөөлөн хүч буюу түүх, соёлоо зөв таниулснаар үндэсний имижээ зөв болгож, өв соёл, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ олон улсад таниулах боломжтой.

    Ийнхүү өв соёл нь Улс орнуудын туйлийн давуу тал болж буй энэ цаг үед бид ч мөн адил өөрсдийн өв соёлоо судлан сэргээж, товойлгон хөгжүүлэх нь монгол хүний эрхэм үүрэг болж байна. Монголын түүх, соёл, эд өлгийн дурсгалыг шинжлэн судлах, сурталчлан таниулах, улмаар олон нийтэд, тэр дундаа залуу үед өвлүүлэн уламжлуулах нь монгол үндэстэн оршин тогтнох, монголын нийгэм тогтвортой хөгжихөд зайлшгүй чухал юм. Бидний өв соёлыг өвлөн дэлгэрүүлэх хүн биднээс өөр үгүй билээ. ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэгдсэн Монгол өв соёлоо өвлөн дэлгэрүүлэх зорилгоор энэхүү эвэнтээ зохион байгуулж байна.

  • Энэбишийн БАЯРМАА: Сэтгэл судлалын зарим онолыг өөрийн биеэр мэдрээд туулах боломж олгосон нь бараг бурхны бэлэг гэлтэй

    Энэбишийн Баярмаа уран зохиолын чиглэлээр “Хэрсүү хайрын цэцэг”, “Чамдаан би хайртай” зэрэг номуудыг туурвиж, хувь хүний хөгжил, сэтгэл судлалаар “Анзаарч чадвал амьдрал сайхан”, “Амжилтын төлөвлөгөө”, “Ухаалаг сонголт” номуудыг Англи, Солонгос хэлнээс орчуулжээ. 25 насандаа 7 номыг өлгийдөн авч, уншигчдын танил болоод байсан тэрээр сүүлийн 5 жилд хэлж ирдэггүй өвчин, сэтгэлзүйн хүнд үеүүдтэйгээ тэмцэлдэж, өөрийгөө ялан дийлсэн юм. “Одоо цагт амьдрах урлаг”, “Сэтгэл хөдлөлөө жолоодох урлаг” хэмээх хос бүтээлээр уран бүтээлийн замдаа эргэн ороод байгаа зохиолч, сэтгэл судлаач Э.Баярмаатай цөөн хором ярилцлаа.

    Сайн байна уу? Та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу? Ямар мэргэжилтэй вэ? Ямар чиглэлээр уран бүтээл туурвиж байна?

    -Миний анхлан  сонгож эзэмшсэн мэргэжил бол сэтгүүлч. Дараа нь Англи, Солонгос хэлний орчуулагч мэргэжил эзэмшсэн. Боловсрол судлалын магистр зэрэгтэй. Хамгийн сонирхолтой нь би өөрийнхөө жинхэнэ хүсэл мөрөөдлийг хамгийн сүүлд нь олсон. Сэтгэл судлалын салбар миний зүрх сэтгэлийг бүрэн татдаг. Энэ салбарт би дурласан гэж хэлж болно. Сэтгэл судлалын чиглэлээр суралцаад 7 жилийн нүүр үзжээ. Уран бүтээлийн хувьд хүний хөгжил, сэтгэл зүйн чиглэлээр Англи, Солонгос хэлнээс ном орчуулдаг. Саяхан найм болон ес дэх хос номоо өлгийдөн авлаа.

    Олон өөр мэргэжил эзэмшсэн мөртлөө яагаад сэтгэл судлалд тэгтлээ татагдах болов? Энэ салбарт хөл тавихад юу нөлөөлсөн бэ?

    -Хувь хүний хөгжлийн чиглэлээр ном орчуулж эхэлснээс хойш сэтгэл судлалын салбарт бага багаар татагдах болсон. Энэ чиглэлээр бичсэн дэлхийн том зохиолчдын номуудыг уншиж, орчуулах үедээ тэндээс сэтгэлийн дэм, урам зориг авч, амьдрал, үзэл бодлоо өөрчлөн шинэчилдэг байсан. Хэн нэгний хэлсэн үг, бүтээсэн ном миний амьдралд өөрчлөлтийг бий болгож чадаж байгаа шиг би ч бас бусдын сэтгэлд гэрэл гэгээ авчирч чадах хүн болохсон гэх хүсэл төрсөн л дөө. Сэтгэлийн энэ дуудлага маань намайг сэтгэл судлалын салбар луу хөтөлсөн байх.

    Та сэтгэл судлалын чиглэлээр суралцаад 7 жил болжээ. Таныг мэргэжлийн сэтгэл судлаач болсон гэж ойлгож байна.

    -Уг нь баклаврын зэргээс эхэлж суралцаад эцэст нь докторын зэрэг хамгаалдаг байтал би эсэргээр нь замнаж байна. Солонгос улсад сэтгэл судлалын доктортант байсан. Гэвч суралцаж байх хугацаандаа шууд докторт суралцах нь буруу гэдгийг мэдэрч Солонгостоо магистрын зэрэг рүү улиран суралцсан. Магистраар улиран  суралцах шаардлагагүй, шууд доктороо хамгаалж болно гэж сургууль маань зөвлөж байсан ч надад мэдлэггүй, хоосон диплом биш, амьдрал дээр бусдын сэтгэлийг анагааж чадах мэдлэг чадвар хэрэгтэй байсан учраас Солонгос улсад магистраар эхнээс нь суралцсан. Тэр үед ах маань нас барж, миний биеийн байдал ч таагүй байсан тул сургуулиа төгсөхөөсөө өмнө эх орондоо ирсэн.

    Ирээд МУИС-д сэтгэл судлалын магистарт дахин элсэн суралцсан. Гэтэл дахиад төгсөж чадаагүй байтал “өнчин тархины хавдар” гэх өвчинтэй нүүр тулж сургуулиасаа гарсан. Хүсэл тэмүүлэл минь оргилж байхад бие минь хөдлөх ч тамиргүй байхын шаналал, олон жилийн хугацаанд өвчинд нухлагдаж нийгэмд хүний тооноос хасагдах мэт зовлонг мэдрэх надад үнэхээр хүнд байсан. Түүнээсээ шалтгаалж удаан хугацаанд сэтгэл гутралд өртөж үзсэн. Хүмүүс сэтгэл гутралд орлоо гэж тоглоом маягаар ярих нь их дуулдах юм билээ. Сэтгэл гутрал гэдэг амны зугаа биш. Одоо би сэтгэл судлалын баклаврт суралцаж, төгсөх дөхөж байна. Доктороос авахуулаад баклавр хүртэл ухран суралцаж байгаа сонирхолтой түүхтэй. /Инээв/

    Их бэрхшээлтэй тулгарч яваа юм байна даа?

    -Олон бэрхшээлийг давж, зүтгэж байж олж авсан амжилт илүү үнэ цэнэтэй байдаг. Бие, сэтгэлийн шаналалыг өөрийн биеэр давж үзнэ гэдэг сэтгэл судлаач болох гэж буй хүнд хамгийн үнэтэй туршлага шүү дээ.  Ядаж л сэтгэл гутралын үед ямар ч зөвлөгөө нэмэргүй, наад тал нь сэтгэл засал хийх шаардлагатай гэдгийг өөрийн биеэр мэдэрч үзнэ гэдэг том давуу тал. Сэтгэл судлалын зарим онолыг өөрийн биеэр мэдрээд туулах боломж олгосон нь бараг бурхны бэлэг гэлтэй.

    Таны харж байгаагаар сэтгэл судлалын салбарын хөгжил манайд ямар түвшинд байгаа вэ?

    -Мэдээж өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулах юм бол сэтгэл судлалын салбар Монголд “түүхийгээрээ” байгаа. Сэтгэл судлалын талаар олон нийтийн ойлголт ч бүрэн төлөвшөөгүй байна. Гэхдээ үе үеийн сэтгэл судлаач, эрдэмтэн багш нар минь үржил шимтэй сайхан хөрс суурийг бэлтгэж өгчээ. Энэхүү хөрсөн дээр үр тарих үүрэг өнөөгийн сэтгэл судлаач залуусд оногдож байна. Харин өнөөгийн бидний тарьсан үрийг хойч үеийн сэтгэл судлаачид минь услан ургуулах болно. Аливаа хөгжилд цаг хугацаа, хүч хөдөлмөр заавал хэрэгтэй.  

    Одоо таны шинэ уран бүтээлийн талаар ярилцъя. Хэвлүүлээд удаагүй байгаа хос номынхоо талаар танилцуулна уу? Энэ номыг хэн уншвал зохимжтой вэ?

    -“Одоо цагт амьдрах урлаг”, “Сэтгэл хөдлөлөө жолоодох урлаг” нэртэй ихэр номоо өлгийдөн авлаа. Мэдээж хос ном учраас хоёуланг нь уншвал сэтгэл зүйд илүү өндөр үр дүн өгнө. Зүрх сэтгэлээ өнгөрснөөс чөлөөлж, ирээдүйн төлөө хий дэмий санаа зовохоос ангижирч, одоо цагтаа сэтгэл амар, үр бүтээлтэй амьдрахыг хүссэн хүн бүхэн “Одоо цагт амьдрах урлаг” номыг уншиж болно. Энэ ном бол хувь хүний хөгжлийн чиглэлд хамаарна. Харин “Сэтгэл хөдлөлөө жолоодох урлаг” ном бол сэтгэл судлалын шинжлэх ухааны үндэстэй ойлголтыг энгийн, ойлгомжтой хэлбэрээр бичсэн, сэтгэл зүйн зөвлөгөөнөөс бүрдсэн ном гэж хэлж болно.

    Сэтгэл зүйн зарим нэг асуудлаа өөрөө шийдвэрлэж, зан харилцаагаа зохицуулж, хүссэн үедээ сөрөг сэтгэл хөдлөлөөс ангижирч сурахыг хүссэн хүмүүст “Сэтгэл хөдлөлөө жолоодох урлаг” номыг санал болгож байна. Сэтгэл судлаач, доктор Г. Сарантуяа болон сэтгүүлч, яруу найрагч, доктор Л.Мөнхтөр багш нар маань номын редактороор ажилласан. Ном бол хэсэг хугацаанд хэрэглээд элэгдэж дуусах эд хогшил биш, хүний сэтгэлийн орон зайд үүрд үлдэх оюуны үнэт өв болохоор агуулга, орчуулга, найруулга зүйн шаардлагыг өндөр түвшинд хангаж ажиллахыг зорьдог. Тиймээс тухайн салбарын эрдэмтэн доктор болон багш нараар шүүн тунгаалгасан юм. 

    Олон төрлийн сэдэв байдаг. Тэр дундаас яагаад дээрх хоёр сэдвийг сонгох болов? Тухайлбал, номынхоо нэрийг Одоо цагт амьдрах “урлаг” гэж тодотгосоны учир?

    -Бусадтай харилцаж буй орчноосоо эхлээд нийгмээ хүртэл мэдэрч байж, хүмүүсийн сэтгэл зүйн хэрэгцээ тодорхой болдог. Хамгийн нийтлэг зүйлийг хэлэхэд, Өнгөрсөн таагүй явдлаа дурсан шаналж, эсвэл ирээдүйнхээ төлөө санаа зовдоггүй хүн гэж бараг үгүй. Бид бүгд л өнгөрсөн болон ирээдүйн төлөө сэтгэл зовж, өнөөдрөө мартсан байдаг. Одоо цагаа умартсан байдаг. Тиймээс одоо цагтаа сэтгэл тайван ажиллаж, амьдарч буй хүнийг эрж олоход ховор болж. Нийгмээрээ л хаашаа ч юм яарсан, бухимдсан, түгшсэн чиг хандлагатай болжээ.

    Энэ чиг хандлагын эсрэг тайван ажиллаж, хөдөлмөрлөж, илүү үр бүтээлтэй амьдрах боломжийг таниулах хүсэл минь “Одоо цагт амьдрах урлаг” номыг бичих гараа болсон доо. “Сэтгэл хөдлөлөө жолоодох урлаг” ном ч бас нийгмийн амьдрал дундаас төрсөн. Сэтгэл хөдлөлөө зөв зохицуулж чадахгүй байгаагаас шалтгаалан зовж буй хүмүүс энэ нийгмээр дүүрэн байна. Сөрөг сэтгэл хөдлөлөөс ангижирч, сэтгэл зүйн хувьд тайван, амгалан, аз жаргалтай амьдрах хэрэгцээ хүн бүрт бий шүү дээ. Энэ л эрэлт хэрэгцээн дээр  үндэслэж, бүтсэн ном юм даа.

    Номын хавтсанд “Эмхэтгэн орчуулсан Э.Баярмаа” гэж бичжээ. Угтаа та номын зохиолч нь шүү дээ?

    -Нэг зохиолчийн ном сонгож аваад бүтнээр нь орчуулахад тухайн зохиолчоос зөвшөөрөл авах шаардлагатай болдог. Энэ нь чирэгдэл ихтэйгээс гадна зарим талаар уншигчдад өгөөж муутай байх нь бий. Тиймээс ижил чиг үүрэгтэй олон номоос эмхэтгэн гол санааг нь авч орчуулах нь илүү баялаг агуулгатай ном бүтээх боломж олгодог. Өөрийн санаанаас зохиосон зүйл байхгүй, Англи, Солонгос  эрдэмтдийн номоос эш татан орчуулж байгаа учраас өөрийгөө зохиолч гэх нь зохимжгүй шиг санагдсан. Гэхдээ олон номыг эмхэтгэн найруулж, шинэ ном бүтээнэ гэдэг нэг номыг бүтнээр нь орчуулснаас илүү их цаг хугацаа, хүч хөдөлмөр шаарддаг. Жишээлбэл “Сэтгэл хөдлөлөө жолоодох урлаг” номыг бичихэд Англи, Солонгос хэл дээр бичигдсэн 20 орчим номыг ашигласан. Хувь хүний хөгжил, сэтгэл судлалын номууд хэр их судалгаатай бичсэнээс хамаарч уншигчдад үр өгөөжтэй байдаг.

    Та цаашид сэтгэл судлалын салбарт ямар ажил амжуулахаар төлөвлөж байгаа вэ?

    -Одоогоор би хувь хүний хөгжил, сэтгэл зүйн www.uram.mn сайтыг эрхлэн гаргаж, хувь хүний хөгжлийн сургагч багшаар ажиллаж байна. Цаашид сэтгэл судлаачийн өдөр тутмын ажил хийнэ гэж төлөвлөөгүй. Лекц, сургалт, номоороо дамжуулан олон нийттэй харилцах бодолтой байгаа. Миний суурь мэргэжил сэтгүүлч учраас сэтгүүлч болон сэтгэл судлаач гэсэн хоёр мэргэжлийн зааг дээр ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, олон нийт болон сэтгэл судлаачдын дунд гүүр байх болно.

    Сэтгэл судлалын ойлголт хэтэрхий мэргэжлийн нэр томъёогоор дүүрсэн байдаг учраас олон нийтэд ойлгомжгүй байх нь түгээмэл. Гэтэл тэр ойлгомжгүй нэр томъёоны цаана хүний амьдралыг цоо шинээр эхлүүлж чадах гайхамшиг нуугдаж байдаг.  Тэр ойлгомжгүй байдлыг зөөлрүүлж, сэтгэл судлалын ойлголтыг олон нийтэд ойлгомжтой байдлаар хүргэхэд анхаарч ажиллах болно.

    Таны цаашдын уран бүтээлд улам их амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.

    Сэтгүүлч: Б.Батхолбоо


  • Сэтгэл зүйч Э.Баярмаа: Сэтгэл гутрал нь тусламж шаарддаг бодит өвчин

    СЭТГЭЦИЙН ЭМГЭГТЭЙ ГЭХЭЭР ГАЛЗУУ ГЭЖ ОЙЛГОДОГ ХОЦРОГДСОН ҮЗЛЭЭС ТАТГАЛЗАХ ЦАГ БОЛСОН

    Судалгаанаас үзвэл, сүүлийн таван жилийн хугацаанд амиа хорлосон гэх 2055 тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байна. Энэ үзүүлэлт манайх шиг хүн ам цөөн улсад маш өндөр тоо юм. Амиа хорлолтыг сэтгэл зүйтэй холбон тайлбарладаг бөгөөд зарим судлаач нэг төрлийн “өвчин” ч гэж үздэг. Тиймээс энэ төрлийн “өвчин”- өөс хэрхэн урьдчилан сэргийлэх, сэтгэл зүйн тогтвортой байдлаа хангах талаар сэтгэл зүйч Э.Баярмаатай ярилцлаа. “Сэтгэл хөдлөлөө жолоодох урлаг”, “Одоо цагт амьдрах урлаг”, “Ухаалаг сонголт” зэрэг сэтгэл зүйн тухай олон ном бүтээл туурвисан тэрбээр сэтгэл гутралыг гүнзгийрүүлэн судалж буй юм. 

    -Монгол Улсад амиа хорлолтын түвшин өндөр байна гэж ДЭМБ-ын хийсэн судалгаагаар тогтоосон байна. Амиа хорлолтын шалтгаан нь юу вэ?
    -Манай улсад жилд дунджаар 500 орчим хүн сэтгэл гутралаас болж амиа хорлодог. Тэсвэр тэвчээргүй, сэтгэлийн хатгүйгээс амиа хорлолоо гэж олонх хүн буруутгадаг. Гэвч сэтгэл гутрал аажимдаа архагшиж хүндэрснээр ямар ч тэвчээртэй хүнийг ийм үйлдэл хийхэд хүргэдэг бөгөөд нэг төрлийн аюултай эмгэг. Тиймээс энэ эмгэгийг эрт илрүүлж эмлэх нь чухал. Ард иргэдийн дунд сэтгэл гутралын хам шинж түгээмэл ажиглагдаж байна. Манайхаас үйлчилгээ авч байгаа 10 хүн тутмын дөрөв нь сэтгэл гутралд өртсөн байдаг. Мөн сэтгэл гутралд өртсөн хүмүүсийн дийлэнх хувийг залуучууд эзэлдэг. Хувь хүнд тохиох олон саад бэрхшээл, уй гунигаас гадна нийгмийн байдал ч нөлөөлж байгаа юм. 

    Харин хүйсийн хувьд  монголд жилд дунджаар 400 гаруй эрэгтэй, 100 орчим эмэгтэй сэтгэл гутралаас болж амиа хорлож байна.

    -Прокурорын газраас хийсэн “Монгол Улсын хүн амын дундах амиа хорлох тохиолдлын суурь судалгаа”-нд  амиа хорлосон иргэдийн 84 хувь нь эрчүүд байна гэсэн. Яагаад эрчүүд эмэгтэйчүүдээс илүү амиа хорлож байна?
    -Яагаад эрчүүд илүү их амиа хорлодог болохыг судалсан судалгаа одоогоор алга байна. Гэхдээ эрчүүд сэтгэл гутралыг хүлээн зөвшөөрч чаддаггүй, гадны тусламж авахдаа тааруу, сэтгэцийн  эмчилгээнд тууштай анхааралтай хандах нь бага зэрэг шалтгаанаар сэтгэл гутрал нь хүндэрдэг гэсэн таамаглал байдаг. Амиа хорлолтоос сэргийлэхийн тулд сэтгэл гутралын талаар мэдээлэл сайн хүргэх хэрэгтэй.

    Удаан хугацаанд аз жаргалгүй байвал серотонин дутагдаж сэтгэл гутралд өртдөг

    Учир нь өөрийгөө сэтгэл гутралд орсон гэдгийг мэдэхгүй, яагаад байгаагаа ойлгохгүйгээр, энэ байдлаас гарах арга зам байгаа гэдгийг ч мэдэхгүйгээр амиа хорлох тохиолдол олон байгаа.Тиймээс  сэтгүүлчид болон сэтгэл судлаачдын хамтдаа хийж чадах зүйл бол сэтгэл гутралын шалтгаан, үр дагавар, шинж тэмдэг, эдгэрэх арга замын талаар мэдээлэл хүргэх юм.

    Маш хөнгөн зэргийн сэтгэл гутралын үед урам зориг сэргээх аргуудаар өөрөө өөртөө үйлчилж болно. Гэвч сэтгэл гутрал ихэвчлэн амархан хүндэрдэг бөгөөд хүндэрсэн тохиолдолд мэргэжлийн хүний туслалцаа заавал хэрэг болдог. Сэтгэл гутрал нь гүн ангалын ёроолд унасан мэт мэдрэмжийг төрүүлдэг. Гүн ангалын ёроолд унасан хүн гадны тусламжгүйгээр ангалаас гарахад хэцүү. Хэрэв ангал гүн биш бол өөрөө хичээгээд гарч болно. Сэтгэл гутрал гэдэг ангалтай л ижил.

    -Бид ханиад хүрч бие тавгүйрхэхэд эдгээхийн тулд бодитой эмчилгээ хийдэг. Харин сэтгэлээр унах, сэтгэл гутрах үед ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?
    -Сэтгэл гутрал бол эмгэг. Тиймээс сэтгэл гутралыг жирийн нэгэн сэтгэлээр унах үйл явцтай андуурч болохгүй. Таныг сэтгэлээр унагаасан үйл явдал өнгөрөхөд уй гуниг аажимдаа мартагдаж үгүй болдог. Харин сэтгэл гутрал бол гутраасан хүчин зүйл нь өнгөрч мартагдсан ч мэдрэмж хадгалагдаж хэвээр үлддэг. Мөн сэтгэл гутралд физиологийн хүчин зүйл нөлөөлдөг ч гэж үздэг. 

    Сэтгэл гутралаас салахад сэтгэлийн тэнхээ хэрэгтэй боловч дан ганц сэтгэлийн тэнхээгээр ялж болдог өвчин биш.

    Серотонин буюу  аз жаргалын гормон гэж нэрлэгдэх нейротрансмиттер дутагдах үед сэтгэл гутрал үүсдэг. Удаан хугацаанд аз жаргалгүй байх нь серотонины дутагдалд ороход нөлөөлж улмаар сэтгэл гутрал болдог тохиолдол олон.

    Тиймээс сэтгэл гутралыг тархин дахь химийн бодисын өөрчлөлт гэж ойлгож болно. Хүнд хэлбэрийн сэтгэл гутралд физиологийн шалтгаан байдаг учир үүнийг эмчлэх ёстой эмгэг гэж ойлгох хэрэгтэй. Ханиад хүрсэн хүнд “Сэтгэлийн тэнхээгээрээ эдгэр” гэж зөвлөдөггүй шүү дээ.

    Сэтгэл гутрал ч үүнтэй адил. Сэтгэлийн тэнхээгүй хүн сэтгэл гутралд өртдөг гэсэн буруу ойлголт нийгэмд их байна. Сэтгэл гутрал нь ханиадтай адил гадны тусламж шаарддаг бие махбодын бодитой өвчин юм. Сэтгэл гутралаас салахад сэтгэлийн тэнхээ хэрэгтэй боловч дан ганц сэтгэлийн тэнхээгээр ялж болдог өвчин биш.

    -Сэтгэлд гутралд орсон эсэхээ хэрхэн мэдэх вэ?
    -Сэтгэл гутраад байна уу, сэтгэлээр унаад байна уу гэдгээ ялгахгүй олон хүн байдаг. Тиймээс сэтгэл гутралын үед ямар шинж тэмдэг илэрдэг болохыг товч дурдъя. Сэтгэл гутралын үед сэтгэл санаа, бие махбод, үйл хөдлөл гэсэн гурван түвшинд өөрчлөлт гардаг. Нэн түрүүнд сэтгэл санааны хувьд юунд ч идэвх сонирхолгүй болдог. Бүх зүйлийг сөрөг талаас нь харах хандлага ажиглагдана. Итгэл найдваргүй болно. Сэтгэл түгшиж санаа зовно. Аливаад өөрийгөө буруутгана, гэмшинэ. Сэтгэл хоосорч, утгагүй санагдана. Дараа нь бид махбод эрч хүчгүй, энергигүй болно.

    Серотонин буюу  аз жаргалын гормон гэж нэрлэгдэх нейротрансмиттер дутагдах үед сэтгэл гутрал үүсдэг. 

    Анхаарал төвлөрөх чадвар суларч ой тогтоолт муудаж мартамхай болно. Нойрны хэмнэл алдагдаж их юм уу бага унтана. Хоолны дуршил нэг бол ихсэж нэг бол багасна. Хэвийн хэмжээнээс илүү ядрана. Гэтэл ийм нөхцөлд хүмүүс сэтгэл гутрал гэдгийг мэдэлгүй ходоодны эмч, дотрын эмч, мэдрэлийн эмчид хандаж шинжилгээ өгдөг. Ингээд сэтгэл гутралаа оношилж чадалгүй улам хүндрүүлж сүүлийн шатанд хүрдэг.

    Энэ шатанд хувь хүний үйл хөдлөлд дараах шинж тэмдэг илэрдэг. Үүнд, Нийгмийн харилцаанаас хөндийрч цагийг ганцаараа өнгөрөөх нь ихсэнэ. Орондоо удаан хэвтдэг болно. Амархан уйлдаг болно. Зарим тохиолдолд амиа хорлох бодол төрнө. Эдгээр гурван бүлэг шинж тэмдгийн дийлэнх нь танд илэрч байгаа бол та цусны шинжилгээ өгөх биш сэтгэцийн эмчид хандах ёстой.

    -Хүн биеэ гэмтээсэн бол ичилгүй эмнэлэгт очдог. Харин сэтгэцийн эмчид очно гэхээр олонх хүнд галзуугийн эмнэлэг санаанд нь буудаг байх…?
    -Сэтгэцийн эмгэг гэхээр л галзуу хүн гэж ойлгодог хоцрогдсон үзлээс бид татгалзах цаг нэгэнт болсон. Та шалтгаангүйгээр байнга ямар нэгэн юманд санаа зовоод байвал энэ бол сэтгэцийн эмгэг. Ямар сайхан амьдралтай, ямар өндөр боловсролтой байхаас үл хамааран аливаад идэвхгүй, сонирхолгүй болсон бол энэ ч бас сэтгэцийн эмгэг. Бидний хэвийн гэж ойлгодог зарим сэтгэл зүйн сөрөг үзэгдлүүд сэтгэцийн эмгэг байдаг. Сэтгэцийн эмгэгтэй гэхээр л хүндрүүлж ойлгож болохгүй. Сэтгэцийн асуудлыг хүндрүүлэлгүй бага дээр нь илрүүлж эмчлэх хэрэгтэй. 

    -Сэтгэл гутрал яагаад үүсдэг вэ. Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
    -Сэтгэл гутрал хоёр шалтгааны улмаас үүсдэг. Нэгт, Сэтгэл зүйн шалтгаан. Энэ нь гэнэтийн цочрол юм уу удаан хугацааны шаналалаас болдог. Дотны хүнээ алдах, гэмт хэргийн золиос болох, салж сарних гэх мэт янз бүрийн цочролын дараа сэтгэл гутралд өртөж болдог. Эсвэл удаан хугацаанд гунигтай шаналгаатай нөхцөлд байснаар сэтгэл гутрал үүснэ. Нөгөө талаар бүх итгэл найдвар унтарч арга тасрах үед ч сэтгэл гутрал үүсдэг. Хоёрт, Биемахбодын шалтгаан. Тухайлбал янз бүрийн шалтгаанаар тархин дахь химийн урвал өөрчлөгдсөнөөс сэтгэл гутрал бий болдог.

    Сэтгэл гутралаас сэргийлэхийн тулд нэгэн хэвийн гунигтай нөхцөл байдлаас зайлсхийх хэрэгтэй. Хүнд хэцүү асуудал тохиолдсон бол гутрахаас сэргийлж мэргэжлийн сэтгэл зүйчид хандаж сурах нь зүйтэй. Аль болох таатай нөхцөл байдал үүсгэж, таатай хүнтэй уулзаж байгаарай. Өнгөрснийг өнгөрсөнд нь үлдээж, уучилж мартаж, өнөөдөртөө амьдарч сурах нь чухал.

    -Та өөрөө сэтгэл гутралын бүх үе шатыг туулж, эмчилгээ хийлгэсэн гэж байсан. Эдгэрсэн түүхээсээ хуваалцаж болох уу?
    -Тийм ээ. Төрсөн ах маань нас барж, би өөрөө хүнд өвчний улмаас хоёр жил хэвтэрт байсан. Урт удаан шаналал намайг сэтгэл гутрал рүү хөтөлсөн. Удаан хугацааны серотонин дутагдал нь тархинд зуршил болж үлдсэн гэсэн үг.

    Халуурч байгаа хүнд эм уулгадаг шиг хүнд хэлбэрийн сэтгэлийн гутралтай нөхцөлд эмийн эмчилгээ хийдэг гэдгийг дахин сануулъя.

    Ахыг нас барсныг хүлээн зөвшөөрч, хүнд өвчин маань эдгэрсэн боловч сэтгэл гутрал хэвээр үлдсэн. Би бүх төрлийн бясалгалд хамрагдаж, сургалтанд сууж, сэтгэл засалчид хандаж үзсэн. Энерги засал хийлгэж, төрөл бүрийн шашны арга хэмжээ ч авч үзсэн. Гэвч сайжралыг олоогүй бөгөөд гутрал улам даамжирч байсан юм билээ. Эхэндээ сэтгэл гутралд өртсөн гэдгээ мэдээгүй. Төрөл бүрийн ядаргааны эсрэг эмчилгээ хийлгэж байсан ч үр дүн өгөөгүй.  

    Харин эмийн эмчилгээ хийлгээд нэг их удалгүй хэвийн амьдралдаа орсон. Тухайн үед сэтгэл гутралын талаар монгол хэл дээр дорвитой мэдээлэл байхгүй байсан учраас англи, солонгос хэлээр уншиж судалж учрыг нь олж байлаа. Энэ нь сэтгэл судлалын шинжлэх ухаанд дурлах болсон шалтгаан. Бие, сэтгэлийн шаналалыг өөрийн биеэр давж үзнэ гэдэг сэтгэл судлаач хүнд хамгийн үнэтэй туршлага шүү дээ.

    Ядаж л сэтгэл гутралын үед ямар ч зөвлөгөө нэмэргүй, наад тал нь сэтгэл засал хийх шаардлагатай гэдгийг өөрийн биеэр мэдэрч үзнэ гэдэг том давуу тал. Сэтгэл судлалын зарим онолыг өөрийн биеэр мэдрээд туулах боломж олгосон нь бараг бурхны бэлэг гэж боддог.

    -Сэтгэл гутралыг хүндрүүлэлгүй эрт танин мэдсэн нөхцөлд өөрөө эмчлэх боломжтой юу?
    -Сэтгэл гутралыг хөнгөн, хүндэвтэр, хүнд гэж ангилж үзэж болно. Хөнгөн сэтгэл гутралыг хүн өөрийн сэтгэлийн тэнхээгээр ялж болох юм. Хүндэвтэр сэтгэл гутралыг сэтгэл зүйч юм уу сэтгэл засалчийн тусламжтайгаар ялан дийлж болно. Харин хүнд сэтгэл гутралыг сэтгэцийн эмчийн тусламжтайгаар эдгээнэ. Мэдээж сэтгэцийн эмч нар эмийн эмчилгээ хийнэ. Эмийн эмчилгээнээс айгаад байх хэрэг үгүй. Тархинд дутаад байгаа серотонин буюу аз жаргалын гормоныг тэнцвэржүүлж л өгдөг юм. Эмийн хамааралтай болно гэж айгаад байна гэж хэлдэг хүмүүс бий. Тиймээс сэтгэл зүйн эмчилгээнд эм хэрэглэхээс айх хэрэггүй. Эмийн эмчилгээний зорилго нь тархины эсийн серотонин ялгаруулах төрөлхийн чадварыг л сэргээхэд оршдог.

    -Сэтгэцийн эмчид хандах ёстой гэж байгаа ч хүмүүс хаана хандахаа тэр бүр мэддэггүй. Ямар шат дараалалтайгаар хэнд хандаж болох вэ?
    -Хэрэв та сэтгэл гутралаа хөнгөн буюу хүндэвтэр зэрэгтэй гэж үзэж байгаа бол сэтгэл зүйч юм уу сэтгэл засалчид хандаж болно. Харин хүнд сэтгэл гутралтай бол сэтгэцийн эмчид хандана. Нэн түрүүнд дүүргийнхээ сэтгэцийн эмчид хандах ёстой. Дүүргийн сэтгэцийн эмч хаана суудгийг мэдэхгүй бол өрхийн  эмчээсээ асууж болно. Сэтгэл гутралын зэргээс хамаараад дүүргийн сэтгэцийн эмч өөрөө эмчилнэ эсвэл СЭМҮТ буюу сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв рүү шилжүүлнэ.

    Халуурч байгаа хүнд эм уулгадаг шиг хүнд хэлбэрийн сэтгэлийн гутралтай нөхцөлд эмийн эмчилгээ хийдэг гэдгийг дахин сануулъя. Сэтгэл гутрал бол бодитой өвчин. Таньд сэтгэл зүйн тогтворгүй байдал, сэтгэл гутралын шинж тэмдэг илэрч байгаа бол харъяа дүүргийнхээ сэтгэцийн эмчид хандаарай. Хүмүүс сэтгэцийн эмчээс зугтааж явсаар цаг алддаг. Өөрсдөө стгэл гутралтай маш олон янзаар тэмцдэг. Бясалгал хийж,  сургалтанд явж, сэтгэл зүйчтэй уулзаж байгаа харагддаг. Та аль болох эмийн бус аргаар тэмцээд үр дүнд хүрээгүй бол сэтгэцийн эмчид хандах цаг болжээ гэсэн үг.

    -Ярилцсанд баярлалаа. 

    Сэтгүүлч Б.Бадамцэцэг

    Эх сурвалж: Засгийн газрын мэдээ сонин