Category: Uncategorized

  • Өөртөө зориулсан урхи

    Эрт урьд цагт ухаантай, сүр хүчит хаан байжээ. Тэр хаан дэлхийн хаана ч байхгүй ховор амьтадын цуглуулга бүхий амьтаны хүрээлэнтэй юмсанжээ. Гэтэл Төвдийн Гималайн ууланд хааны амьтаны хүрээлэнд байхгүй нэгэн ховор амьтан байдаг тухай сонсжээ. Тэр амьтан зэрлэг, догшин бөгөөд олон хүмүүс барих гэж оролдоод чадсангүй. Тэгээд хаан нэгэн ухаан сийлж, тэр амьтаны идэх дуртай өвсийг нь мэдэж ойн цоорхойд маш ихийг овоолуулжээ. Хэд хоногоос нөгөө амьтад ойн цоорхойд ирж овоолсон өвсөнөөс иддэг болж гэнэ. Амьтад өвс идсэний маргааш, хаан өвсөө тойруулан шонгууд босгуулжээ. Нэг хоногийн дараа шонгуудынхаа доод ирмэгээр нь нэг нэг банз хадуулжээ. Амьтад тэр жижиг саадан дээгүүр нь алхаж ороод л өвсөө идчихээд яваад өгч гэнэ. Хоёр хоногийн дараа ахин нэг нэг банз нэмлээ… Дөрөв хоногийн дараа дөрвөн банз… Амьтад өвсөө идэхийн тулд дээгүүр нь үсэрч орж байжээ. Ингээд нэг сарын дараа гэхэд өндөр хэрмэн хашаа үүсч, амьтад орох жижигхэн хаалга л үлдээжээ. Амьтад дуртай өвсөө идэхийн тулд жижигхэн хаалгаар чихцэлдэн орж байлаа. Бүх амьтад орсоны дараа хааны цэргүүд ухасхийн хэрмэн хашааны хаалгыг хааж, том цоожоор цоожиллоо…

    Бусдаар тэжээлгэх дуртай хүмүүс урьханд орсон мэт амьдардаг. Маш олон хүмүүс нүдэнд ажиглагдамгүй нарийн түвэгтэй явдалдаа аажмаар баригдаж, хоригдлын байдалтай амьдарч байдаг. Өмнө тань эхлээд нэг багана, дараа нь бас нэг хөндлөвч гарч ирснээ хэзээ, яаж байгаа нь ажиглагдахгүй, мэдрэгдэхгүй байсаар нэг мэдэхэд та маш том цайзаар хүрээлүүлж, түүний хаалга цуурга нь бат бэх түгжээгээр түгжээстэй болсон байдаг. Хичнээн хүмүүс мөнхийн албадлагын дор амьдарч байдаг гэж санана.

  • Өөрийгөө өөрчлөх аргууд

    Өөрийгөө одоо хир ялж чадаагүй хүн энэ сэдвээр бичнэ гэдэг зохисгүй хэрэг байх. Гэвч өөрийгөө төгс ялсан нэгнийг хүлээгээд суувал энэ чухал сэдэв хөндөгдөхгүй удах биз ээ. Иймд ядаж ярианы сэжүүр гаргахын тулд өөртөө ялагдсаар ирсэн миний бие үзэг хүргэхээр шийдлээ.

    Их хүний нийтлэг шинж
    Амжилтанд хүрсэн хүмүүсийн намтар түүхээс сонирхцгооё. Тэд янз бүр. Зарим нь нийтэч, зарим нь зожиг. Ааш араншин, гарал үүсэл, гаднах төрх нь гээд тоочвол есөн шид. Харин тэдний дунд цор ганц нийтлэг чанар ажиглагддаг. Тэр бол гагцхүү өөрийгөө ялах чадвар билээ. Авъяас билгээрээ алдрын оргилд хүрэх хүн байдаг л даа. Гэвч авъяастай төрсөн хирнээ зуурдын цэнгэл, архи дарсанд шунаж арчаагаа алдаад адаг сүүлд нь амьдралын ёроолд живсэн хүн бас олон. Авъяас 1 хувь, хөдөлмөр 99 хувь ч гэж ярьдаг. Хүн шиг амьдарч, хүссэнээ бүтээж чадах нь өөрийгөө хэдий чинээ ялахтай холбоотой бололтой. Өөрийгөө бүрэн ялна гэж байхгүй, харин ялахын төлөөх тэмцэл өөрөө утга учиртай амьдралыг авчирдаг байнам. Английн найрагч Теннисон:
    “Өөрийгөө хүндэлж, өөрийгөө мэдэж, өөрийгөө захирахуй,
    Өндөр их суудал өөд залж өгөгч нь гагцхүү энэ гурав билээ.”
    (Self-reverence, self-knowledge, self-control,— These three alone lead life to sovereign power.)
    гэж шүлэглэсэн байдаг. Бүх хүн суу алдартан болох албагүй, бас боломжгүй. Гэвч бүх хүнд сайн сайхныг хүсэх хүсэл нуугдан байдаг учраас өөрт нь энэ сэдэв хамаагүй гэх хүн үгүй бизээ.

     

    “Уруу татах хүч”

    Би багадаа “өөрийгөө ялах л хамгийн хэцүү” гэх юмуу, “өөрийгөө ялвал тэр чинь хамгийн том ялалт болно” гэх мэт үгийг бишгүй сонсдог байлаа. Тухайн үед “тийм л байх” гэж бодоод өнгөрдөг байсан ч, одоо эргээд санахад яг нарийн утга учрыг нь тунгааж мэдрээгүй явжээ. Харин Японд ирээд байхдаа нэг удаа сургуулийнхаа эрхлэгчийн яриаг сонссоноос хойш энэ талаар нухацтай бодох болсон юм.
    “Ихэнх хүний залуугийн мөрөөдөл талаар болдог нь тэд “Уруу Татах Хүч”-нд ялагдсанаас болдог” гэж тэрээр хэлээд “зугаа цэнгэл, биеийн амрыг харах сонирхол гэх мэтийн уруу татах хүчийг ялж чадсан үед хүн амжилтанд хүрч чадна” гэж хэлж билээ. Түүнээс хойш “за яадгийм”, “дараа болъё” гэж бодох бүрд энэ “уруу татах хүч”-ний тухай яриа тархинд минь зурсхийдэг болсон юм.
    “Уруу татах хүч” энэ үнэхээр ер бусын хүчтэй эд аж. Аминдаа үүнтэй тэмцэж янз бүрээр үзэж тарж ирлээ. Ялж, бас ялагдсаар энэ тэмцэл дундаас зарим нэг “байлдах урлаг” хүртэл төрж гарсан юм. Арга барилаа олохгүйгээр энэ дайсантай тэмцвэл их хүнд бэрхийг туулах бололтой.
    Нэг сайхан ном уншаад, сайхан яриа сонсоод, эсвэл ямар нэг хүчтэй өдүүлэлт аваад хүн нэг хэсэгтээ биеэ дайчлах нь бий. “Эрч хүч”-ээр жигүүрлээд “уруу татах хүч”-рүү сүр жавхлантайгаар довтолдог. Гэвч хэсэг хугацаа өнгөрөхөд энэ бүхэн сарнин одох ба хүн нөгөө л бахь байдаг руугаа буцсан байдаг. “Эрч хүч” унтарч, “уруу татах хүч” ноёрхлоо.
    Yнэндээ энэ “эрч хүч” гэдэг юм сэлбэж байхгүй л бол амархан унтарчихдаг богинохон амьтай эд ажээ. Гэтэл “уруу татах хүч” бол үргэлж хүчтэй, хаа ч явсан сүүдэр мэт дагана. Иймд бид “эрч хүчийг” үргэлж ноцоож байхын тулд янз бүрээр оролдож үзэх хэрэгтэй болно. Жишээ нь, ухаалаг сайхан хүнтэй ярихад хүн маш их цэнэг, эрч хүч авдаг. Гэтэл тийм завшаан тэр бүр тохиогоод байхгүй. Харин маш үр дүнтэй нэг арга бол сэтгэл сэргээж, хийж бүтээх хүсэл төрүүлэх ном унших арга юм. Номыг мэдээж хүн бичнэ, иймд ном унших нь бичсэн тэр агуу хүний яриаг сонсч, хүч энергийг нь хүртэн авахтай адил хэрэг болно.

    Цаг мөч бүрийг мэдрэх

    Цэнэг авсан үедээ бид жишээ нь “өнөөдрөөс эхлээд өдөрт 2 цаг англи хэл үзнэ” гэх ч юмуу өөртөө амладаг. Гурав хоног, за сайндаа долоо хоног үргэлжилнэ. Яг тэгж байтал ар гэрийн ч юмуу, яаралтай чухал нэг ажил гарах ба нөгөө хуваарь маань саатахаас өөр аргагүйд хүрдэг. Хүний амьдралд юу ч тохиолдож болох учир иймэрхүү саатал гарцаагүй гарна, харин түүний дараа шууд горимондоо буцан орж үргэлжлүүлэх нь чухал. Гэтэл бид тэгдэггүй ба хоног өдрүүд хүүе хайя гэхийн зуургүй урсан одож нэг л мэдэхэд нэг, хоёр сар өнгөрчихсөн байдаг. Бүтэн жилүүд, тэр ч бүү хэл залуу нас тэр чигтээ өнгөрнө. Ихэнх хүн дахиад залуу болох юмсан гэдэг шүү дээ. Би лав эргээд нэгдүгээр курсын оюутан болвол ингэх байсан, тэгэх байсан гэж одоо харуусан боддог юм. “Жар хүрч ухаан суугаад жаран нэг хүрч нас барав” .
    Энэ бүхэн юуг хэлээд байна аа? Зорилгоо тавьсан, хийх ажил тодорхой болсон бол өөрийнхөө өдөр бүр, цаг нэг бүрийг мэдэрч, хянаж, тольдож байх шаардлагатайг хэлээд байгаа юм. Өөрийгөө ялах тэмцэл өөрийгөө хянаж, мэдрэхээс эхэлнэ.

    Хянах хүснэгт

    Магистрт орох шалгалтанд бэлдэж байх үедээ би өдөр бүрээ хянахын тулд тэмдэглэл хөтөлж эхэлсэн юм. Энэ нь өдрийн тэмдэглэлээс ялгаатай ба уг тэмдэглэлд зөвхөн тэр өдөр ямар хичээл хийснээ бичих юм. Гол зарчим бол олигтой юм хийгээгүй байлаа ч гэсэн түүнийгээ бичих. Эхний гурван өдөр юу ч хийгээгүй байхад л өнгөрчихөв. Тухай бүрд нь:
    “4 сарын 2. Юу ч хийсэнгүй.”
    “4 сарын 3. Юу ч хийгээгүй” гэх мэтээр бичээд байлаа. Гэтэл энэ нь ядаж харахад үзэмжгүй учир 4 дэх өдрөөс нь аргагүй хичээлээ барьж авч билээ. Энэ арга барил өөрт минь үр дүнтэй санагдсан тул хэсэг хугацааны дараа илүү боловсронгуй болгож долоо хоногт хэдэн цаг англи хэл хийсэн, хэдэн цаг онолын хичээл хийсэн гэх мэтийг нарийвчлан гаргадаг хүснэгт болгосон юм. Өдөр бүрээ “мэдрэх” болсноор өдөр бүрийн хийх ёстой ажлууд маань илүү бодитой харагдах болсон билээ.
    Яваандаа энэ хүснэгтэнд хичээлээс гадуур хийх ёстой ажлуудыг ч тусгав. Нэг өдөрт заавал гүйцэтгэх ажлуудыг дугаарлаж, өдөр бүрийн биелэлтийг тэмдэглэдэг болсон. Жишээ нь би орой шүдээ угаахаас залхуурдаг байлаа. Гэтэл ажиглаад байхад цэвэрч бус байдал гэдэг хүнд залхуурлыг авчирдаг ажээ. Протестант шашинтнууд цэвэрч байхыг эрхэмлэх ба их хөдөлмөрчөөрөө алдартай. Япончууд ч адилхан цэвэрч бөгөөд шоргоолж мэт хөдөлмөрч улс билээ. Өөрийгөө ялах өчүүхэн мөртлөө маш чухал алхам бол цэвэрч байдлыг сахих явдал юм байна гэдэгт би бат итгэв. Заваанаас залхуу, залхуугаас арчаагүй үүснэ. Ард түмэн маань “Бага залхуугаас их залхуу” гэж сургасан нь юутай үнэн. Хөл маань амархан шивэртдэг тул орой болгон хөлөө угаах гэх мэтийг ч тусгав. Эхний хэд хоног гайгүй хийгээд байлаа, гэтэл үүнийг бүтэн сар үргэлжлүүлээд ирэхэд залхаж, яршигтай санагдаж ирдэг юм байна. Харин дахиад жаахан тэсээд байж байтал яваандаа нэг их төвөгтэй зүйл биш болж, ердийн нэг зуршил болж ирсэн юм.

    Тэвчээр

    Ингээд бодоод үзэхэд өөрийгөө ялахад хамгийн чухал нь “байнга үргэлжлүүлэх” өөрөөр хэлбэл тэвчээр болж таарч байгаа юм. Дээр бичсэн, бид нэг хэсэгтээ цэнэг аваад хичээдэг боловч тун удалгүй зогсдог. Yргэлжлүүлж чаддаггүй. Байнга үргэлжлүүлнэ гэдэг хамгийн хүнд, гэхдээ хамгийн шийдвэрлэх хүчин зүйл билээ. Тэвчсэний эцэст хүний бие шинэ дадалд дасдаг. Хэсэг хугацаанд амраад ирсэн хүн хичээлийн ширээнд удаан сууж чаддаггүйг оюутнууд анзаардаг байх. Ийм тохиолдолд дасах хүртлээ өөрийгөө албадаж, хүчлэхээс аргагүй.
    Түүнээс гадна ямарваа нэг ажил үйлийг эхлүүлээд явж байхад заавал тохиолддог саад бол сэтгэл санааны хэлбэлзэл юм. Хүний сэтгэл санаа зогсолтгүй өгсөж, уруудаж байдгийг бид мэднэ. Дэврүүн хөгжүүн үедээ урам зоригтойгоор эхлүүлсэн ажил, сэтгэл гундах үед унтардаг. Эсвэл бусдад атаархаад, “үзүүлээд өгье” гэж бодож эхэлсэн эрч хүч, сэтгэл тайтгарч, гуниг үргэсэн үед хамтдаа үгүй болох нь бий. Харин тэсвэр тэвчээрээр энэ сэтгэлийн хэлбэлзэлд автахгүй байж болно. Английн их зохиолч Самьюэл Жонсон: “Агуу үйлсүүд нь хүч чадлаар бус, цөхрөлтгүй оролдлогоор биелэлээ олдог” (Great works are performed, not by strength, but perseүerence) гэж хэлжээ.

    (үргэлжилнэ)

     Эрин М.Тулгат

  • Амьдралын аксиомууд

    Зарим хүмүүс үргэлж л амар хялбарыг хайж, хөнгөн ачаанд дуртай байдаг. Цөөхөн хүмүүс л хэцүү бэрхээс зүрхшээлгүйгээр саад бэрхшээлийг даван туулдаг. Аз болж хувь тавилан хүмүүст аз жаргал хэмээх том том бэлэгийг өгөхөд хөнгөн ачаанд дурлагсад нэгэнт том ачаа даахгүй учраас том бэлэгийн хэлтэрхийг л үүрэх ажээ. Харин хүнд ачаа үүрч сурсан хүмүүс бол том бэлэгийг дажгүй үүрээд явж байгаа нь харагдана.

    Харин та хөнгөн хялбарт дурлагчдын нэг арай биш биз дээ. Уг нь том бэлэгээ даадаг байхын тулд одооноос биеэ дасгалжуулж байвал тун зүгээр л дээ.

    ***

         Бусдаас бэлэг авахад дургүй хүн гэж ер нь байдаг билүү?. Бэлэг авахдаа  уур бухимдалтай, хөмсөгөө зангидаж авдаг хүн байдаг билүү? Гэтэл бэлэг авахдаа сэтгэл хангалуун бус, уурлаж бухимддаг хүмүүс бас олны олонд байх юм аа. “Өнөөдөр” гэдэг өдөр бол бурханаас бидэнд өгсөн бэлэг юм. “Маргааш, шинэ өдөр бүхэн” бол бурханаас бидэнд өгч байгаа бэлэг юм. Энэ бэлэгийг аз жаргалтайгаар инээмсэглэн хүлээж авахын оронд хараал, бухимдалтай угтахын учир юунд вэ?! Маргааш ч бас “Маргааш” ирнэ шүү дээ. Та энэхүү бэлэгийг инээмсэглэн эсвэл хөмсөг зангидан хүлээж авах уу?! гэдгээ дахин нэг бодож үзээрэй.

    ***

    Та үргэлж инээмсэглэн хүлээж авдаг хүн бол үнэхээр аз жаргалын найз нь ажээ.

    ***

                 Хүн өөрийн олсон мөнгөө яг гурван тэнцүү хуваагаад, 1/3-ийг нь аав ээждээ зориулах хэрэгтэй, тэд чамайг өсгөж өндийлгөсэн учир чи тэдэнд өртэй.

    1/3-ийг нь үр хүүхэддээ зориулах хэрэгтэй. Ирээдүйд тэд чамайг тэжээх учраас.

    1/3-ийг нь өөртөө зориул. Чи яг одоо амьдарч байгаа учраас.

     ***

                Биеийг эзлэх гэж юунд                    яарнам. Биеийг эзлэх гэж давшин түрэмгийлснээр түүнийг зай барихад хүргэж оргүй хоосон хоцрох бишүү?! Харин үүний оронд эхлээд сэтгэлийг эзэмд, сэтгэлийг эзэмдвэл бие аяндаа эзлэгдэх бишүү.

     ***

                Дэлхий хэтэрхий их                          өргөстэй ажээ. Хэн нэгэн нь энэ их өргөснөөс бүр залхаж гүйцээд “Дэлхийг бүхэлд нь ширлээд өгөөч” хэмээн Бурханаас гуйжээ. Бурхан “Чи өөрийнхөө л хоёр хөлыг ширлэчихвэл болох бишүү” хэмээн хариулжээ.

  • Боломж яг дэргэд чинь байна

    Тэр үеийн тоос сорогч овор ихтэй, ашиглахад төвөгтэй хүнд байлаа. Левит чухам энд л хүчин зүтгэвэл зохих боломжтойгоо мэдрээд олз омогны хойноос мордсон байна. Бүрэн дүүрэн ялахаасаа бүр өмнө ахиц муутай болсон бизнест нөлөө бүхий талбар эзэмшиж чадсан байлаа.

    Поль Хоффман, Гарольд С.Венс нар иймэрхүү зүйлийг “студебеккер” гэдэг авто тэргэнд хийсэн юм. Эднээс өмнө бол бусад бүх үйлдвэрлэгчид ганц нэг эд ангийг өөрчлөх, бүхээгний бүрээсийг солих зэрэг л ажлыг хийж байжээ. Хоффман, Венс хоёр өөр маягаар ажилласан байна. Тэд дизайнер Раймонд Лоувайг урьж залуу үеийнхэнд зориулсан авто тэрэгний загвар зохиох даалгавар өгчээ. Шинэ залуу гэр бүл, залуу худалдан авагчид орчин үеийн чамин хийцтэй машинтай болохыг хүсэж байлаа. Залуус улиг болсон хуучны овор ихтэй тэрэг худалдаж авахдаа дурамжхан байв.

    Лео Герстанзанг гэдэг хүн Хоффман, Венс хоёроос ялгаатай нь гэвэл санхүүгийн орлого өгч мэдэх шинэ үйл хажиллагаа хайгаагүй байна. Тэрээр нялх охиноо гэргий нь хэрхэн угааж байгааг нэг удаа ажиглажээ. Гэргий нь хүүхдийнхээ нүд, хамар, чихийг цэвэрлэх гэж хөвөн имэрч ядаж байгааг харж байжээ. Тэрээр нялх хүүхэдтэй айл болгонд байдаг хэрэгцээг гэв гэнэтхэн тов тодорхой олж харжээ. Тэгээд л ашиглахад бэлэн, “К-типс” гэдэг имэрсэн хөвөн бүтээсэн байна.

    Балтимор хотын Отто Дайфенбах оёдлын машины бяцхан дэлгүүрийн эзэн байжээ. Тэгээд нэг удаа янжуурын гялгар нийлэг уутыг ган утсанд ороож байснаа автал коктейль сорж уух гуурсархуу юм болчихсон ажээ. Нийлэг гуурс хийж болох юм байна гэсэн санаа бие сэтгэлийг нь эзэмдсэн гэнэ. Бага балчир хүүхдүүд сүүг гуурсаар сорж уух дуртай болохлоор эхчүүдийн сэтгэлд энэ санаа нийцнэ. Хүүхдүүд ч гэсэн өөрсдийгөө томчуудын хүлээн авалтанд оролцож байгаа мэтээр бодох тул сэтгэлд нь бас нийцнэ. Хийжүүлсэн ус зардаг тэргэнцэр ч цэвэр цэмцгэр харагдах болно. Урьд өмнө өөр хүн ийм гуурс хийх гэж байсан эсэхийг л шалгах хэрэгтэй байлаа. “Нийлэг уут үйлдвэрлэгчидээс асуух нь зөв” хэмээн Дайфенбах сэтгэжээ. Тэгээд л унаа авч Уилмингтон дахь Дюпоны компани уруу очлоо.

    Үйлдвэрийнхэн “Ийм санаа төрсөн нь сайхан хэрэг” гэцгээхийн зэрэгцээ, нийлэг эдээр гуурс хийж чадсан хүн байхгүй л байгаа юм даа хэмээн анхааруулжээ. “Та ийм юм хийх эрмэлзэлтэй байгаа бол бид таньд дуртайяа тусална. Манай оронд тун олон янзын гуурс ашигладаг боловч нийлэг гуурс гэдэг чухал санаа ч байж мэднэ” гэцгээжээ. Отто Балтимортоо буцаж ирээд нийлэг гуурс хуйлах төхөөрөмж зохион бүтээх ажилд улайрч, хийж ч чадсан байна. “Глассипс” гэдэг нэртэй болсон сая сая гуурс өдөр тутмын амьдралд тус болж, баяр цэнгэл нэмсээр зах зээлийг эзэлж, Дайфенбах нэн унацтай бизнесээ бий болгоод бэлжсэн ажээ.

    Мичиган мужийн Салино хотын хөрш хоёр эзэгтэй угаалгын нунтагны тухай байнга ярилцдаг байж гэнэ. Энэ ярианаасаа үндэслэн нэг эзэгтэй нь янз бүрийн нунтагийг хольж байгаад юу ч цэвэрлэх шинэ нунтаг гаргаж авчээ.

    Тэр эмэгтэй байшингийнхаа хонгилд ихээхэн нунтаг бэлтгээд хоёр гэрээрээ хувааж найз нөхөддөө тараасан байна. Төдөлгүй шинэ нунтаг хийлгэх гэсэн захиалга өдий төдийгөөрөө ирэх болжээ. Бусад эзэгтэй нар ч шинэ нунтагын тухай дуулж, тэр нунтаг нь ч тэдний сэтгэлд нийцсэн байна.

    Байшингийн хонгилд эхэлсэн үйлдвэрлэл цэцэглэн хөгжсөөр “Спик энд Спэн” гэдэг угаагч нунтагны үйлдвэр болжээ. Тэр нунтаг тун сайн борлож байсан болохоор “Проктер энд Гембл” гэдэг савангийн үндэсний томоохон компанийн анхаарлыг татлаа. Энэ компани 1945 онд тэр хоёр эзэгтэйгээс нунтагийг нь үйлдвэрлэх эрийг худалдан авч, энэ насандаа хүний гар харахааргүй болтол нь их мөнгө төлсөн байна. Хөрш хоёр эзэгтэй өөрсдөдөө хэрэгтэй зүйлийг бодож байхдаа бүх хүнд хэрэгэй тийм зүйлийг нээсэн ажээ. Тийм болохоор та ч гэсэн, гэр орондоо байж байхдаа ч сайжруулж боловсронгуй болгож болохоор зүйлийг эрж хайгаарай. Ажил дээрээ ч, сургуульдаа ч, пин амбаартаа ч, сүм хийдэд ч, өөрийн тань ашиг сонирхол бусдын хүсэл эрмэлзэлтэй уялдан нийлэх газар бүрд л эрж хайгаарай.

    Таныг гэрийн эзэгтэй юм гэж бодъё. Ор дэвсгэр засах, хоол хүнс хийх, сав суулга угаах бишгүй олон ажил бий. Энэ бүх ажлын аль нь ч гэсэн боловсронгуй болгох өдий төдий боломжийг агуулж байдаг. Жишээлбэл, эргэдэг дамарт ороосон цаасан алчуурын зарчмыг ор засах, хураахад ч ашиглаж болно. Орны хөл толгойн аль нэгэнд гараар эргүүлэх дамар хийчихвэл орны даавууг дэлгэхийн тулд хэд хэдэн удаа эргүүлэх жишээтэй юм. Тэр дамрыг яаж бэхлэх, даавуугаа яаж бэхлэх зэрэг өдий төдий асуудал гарах л даа. Гэвч хамгийн гол нь шинэ санаа төрсөн явдал юм шүү. Тэр ч атугай орны даавуу, дэр, ширдэг, орны хөл толгойны хэлбэр хийцийг ч боловсронгуй болгож болно. Эд бүгдийн хийц үзэмжийг сайжруулж  улам бүр тохилог болгож болохгүй гэж үү дээ.

    Та, эсвэл нөхөр тань тодорхой авъяас чадвартай бол угаалгын саван дээр бэхэлчихэж болохуйц, сав суулга угаах аюул осолгүй цахилгаан төхөөрөмж ч сэдэж болно. Хоол хүнс бэлтгэж хийх ажилд ч гэсэн боловсронгуй болгохоор өдий төдий боломж бий. Гэр орноороо явж өдөр тутмын ажил үйлсыг санаарай, өөрчилж сайжруулмаар юм байхдаа л байгаа.

    Нэрд гарсан хөгжмийн нэг зохиолчийн гэргий ашигласныхаа дараа шууд л жорлонгийн устай татчихаж болох цэвэрлэгээний өвөрмөц сойз саяхан сэдсэн байлаа. Тэр бүсгүй шинэ саналаа “Персонал продакст” компанид худалдсан агаад борлосон бүтээгдэхүүн бүрээс тодорхой хувийг хүртэх болжээ.

  • Та хүнд бэрх сорилтыг давах сэтгэлийн тэнхээтэй юу?

    1. Өөртөө тохиолдсон шийдэхэд төвөгтэй асуудал, бэрх хэцүү явдлын тухай бусдад ярьдаг уу?

     

    А. Үгүй – 3 оноо

    Б. Санаа сэтгэл нийлсэн хүндээ бол ярьж л орхидог – 1 оноо

    В. Үргэлж тэгдэггүй, хүмүүс өөрсдийгөө яая гэж байхад төвөг мэт санагддаг – 2 оноо

    2. Сэтгэл эвгүйцүүлсэн явдлын дараа гутардаг уу?

    А. Үргэлж, бүр сэтгэлээр унадаг гээч – 4 оноо

    Б. Байдлаасаа л болно – 0 оноо

    В. Бэрх хэцүү бүхэн нэгэн цагт дуусна гэдгийг ойлгодог – 2 оноо

    3. Та юунд ч юм бэ сэтгэл дундуурхан нууцхан гунигт автан байхдаа яаж сэтгэлээ засдаг вэ?

    А. Өөрийнхөө хамгийн дуртай, удтал мөрөөдөж байсан юмаа хийдэг – 0 оноо

    Б. Дотны нөхөд дээрээ очно – 2 оноо

    В. Өөрийгөө өрөвдөөд л гэртээ сууж, зурагт харах юм уу ном шагайдаг – 4 оноо

    4. Дотно хүн чинь таныг гомдоовол яах вэ?

    А. Өөртөө л гомдоно доо – 3 оноо

    Б. учирлаж тайлбарлахыг нь тэвчээртэй хүлээнэ – 0 оноо

    В. Хэн нэгэнд энэ тухай ярина – 1 оноо

    5. Хамгийн аз жаргалтай цаг мөчид та юун тухай боддог вэ?

    А. Муу муухай, сэтгэл тааламжгүй юмыг ор тас мартана – 1 оноо

    Б. Сайн сайхан, аз жаргалтай цаг үе маань нэг л мэдэхэд замхарч одно доо гэж түгшүүрлэдэг – 3 оноо

    В. Сэтгэл зовиурлах юм амьдралд бишгүй тохиолддог хойно хэмээн өөрийгөө тайвшруулна – 5 оноо

    6. Заяа төөрөг үздэг, мэрэгч төлөгч нарт та итгэдэг үү?

    А. Тийм улстай уулзах дургүй – 4 оноо

    Б. Ийм увидастай хүмүүс зовж гутарсан олон хүнд тус дэм болдог хэмээн итгэдэг – 2 оноо

    В. Хүн өөрөө өөртөө л туслах ёстой гэж боддог – 3 оноо

    7. Таны бодлоор хувь тавилан гэж юу вэ?

    А. Биднийг байнга туршиж, сорьж байдаг аугаа хүчтэн – 5 оноо

    Б. Намайг ивээж тэтгэдэггүй мэт санагддаг – 2 оноо

    В. Надаас нүүр буруулсан мэт санагддаг – 1 оноо

    8. Хайртай хүнтэйгээ маргалдаж, тар түр гэснийхээ дараа юун тухай боддог вэ?

    А. Сайн сайхан, хөгжөөн цэнгээнтэй, аз жаргалтай өнгөрсөн үеийнхээ тухай санагалздаг – 1 оноо

    Б. Яаж нэг хариугаа авъя даа гэж боддог – 2 оноо

    В. Би яасан ч их тэвчээртэй хүн бэ гэж боддог – 3 оноо

    7- 15 оноо. Та сэтгэл хүнд бэрх, зовлонт явдлын учир холбогдлыг сайтар тунгаан боддог болохоор энэ бүхэнтэй эвлэрч, бэрхшээлт байдлаас түргэн мултарч чаддаг. Хамгийн гол нь та тэгтлээ гуниж гутардаггүй, амьдралын ширүүн догшин эргүүлэгт автдаггүй хүн юм. Таны хатан тэвчээр, уужуу тайван байдлыг чинь хүмүүс үнэлж цэгнэдэг юм байна.

    16- 26 оноо. Ийм л хувь тавилантай юм байлгүй хэмээн та өөрийгөө хаацайлж бэрхшээлт асуудлаа олны өмнө гаргаж тавьдаг. Бас энэ бүхэнд бусдыг буруутгах дуртай. Дотны хүмүүсээрээ өрөвдүүлж, тэдний нөмөр, нөөлгөнд хоргодох нууцхан хүсэлтэй. Өөрийгөө захирч бэрхшээлийг давж сурах цаг болжээ.

    27- 36 оноо. Та бол бэрхшээл, хүнд бэрхийн өмнө өвдөг сөхөрдөг хүн юм. Тийм болохоор хүнд хэцүү бүхэн ганц надад л тохиолддог хэмээн гуниж гутардаг. Та ганцаардмал, өөрийгөө өрөвдөж суудаг. Сэтгэлээ хатуужуулж, аливаа хүнд бэрхийн өөдөөс зориг шийдвэр төгс эгцлэн харж сурах хэрэгтэй. Амьдрал дунд орж, сайн мууг үзэж туулах нь таныг бэрхшээлээс няцдаггүй болгоно.

    П.Увш “Харилцааны сэтгэл зүй”

  • Бүх юм түр зуурынх

    Израилийн хаан Соломон “Бүх юм түр зуурынх” хэмээх үг бүхий бөгж зүүдэг, сэтгэл санаа нь тавгүйтсэн үед харж тайтгардаг байжээ. Гэтэл нэгэн удаа мөнөөх мэргэн үгс нь тайвшруулахааргүй таагүй явдал Соломонд тохиолдсон байна. Хилэгнэсэн хаан бөгжөө хуруунаасаа суга татан хөсөр шиджээ. Хивсэн дээгүүр өнхрөөд тогтох үед нь бөгжний дотор талд өөр нэгэн бичиг буйг Соломон олж харав. Гайхан босч очоод авч үзвэл “Энэ ч гэсэн түр зуурынх” гэсэн байжээ. Энэ таагүй агшныг ч олон зууны тэртээх мэргэд олж харсан байх нь. Соломон гашуунаар инээд алдаад бөгжөө буцааж зүүжээ. Ахиж хэзээ ч хуруунаасаа салгаагүй ажгуу.

    Та ч гэсэн бүх юм түр зуурынх гэдгийг ухааран ойлгож уур бухимдалаа багасган хүлээцтэй тэвчээртэй ингэж амьдраарай.

  • Амьдрах орон зай

    Амьдрах орон зайн төлөө тэмцэл овог аймаг үүсэн бий болсон цагаас өнөөг хүртэл тасралтгүй үргэлжилж хүн төрөлхтний мянга мянган  жилийн тэмцэл тулаан, зөвхөн амьдрах орон зайгаар хэмжигдэж байлаа. Амьдрах орон зай гэдэг маань хүний хувьд юуны өмнө газар юм.

    Газар гэдэг маань эх орон юм.

    Үндэстэн оршин тогтноно гэдэг юуны өмнө газар нутагтай байхын нэр.

    Улс орон гэдэг ч газар нутаг гэсэн ойлголтоос эхлэнэ. Тэр газар дээр амьдардаг ард түмэн нь эцэг дээдэс, үе удмаараа эх орон гэж нэрлэсэн газраа аж төрж, хөдөлмөрлөж, үр хүүхэд төрүүлж, дурлаж хайрлаж, бүтээж туурвиж, тэр газартаа уусан шингэж, Эх орныхоо нэг хэсэг болдог. Тэгээд ч бид эцэг дээдэс минь үе үеэрээ шингэсэн тэр газрыг Эх орон гэж ариунаар нэрлэн дуудаж, “Хүнээс аваагүй миний нутаг, хүнд өгөхгүй ганцхан нутаг” гэж тэмцэн ирсэн амуй.

    Өнөөдөр амьдрах орон зайгаа тэлэхийн төлөө тэмцэл дэлхий дахинд урьд байгаагүй хүчтэй өрнөж, Израйль, Палестин хоёр газрын төлөө мөнхийн хэрүүл хийж, Чечень, Орос хоёр цус урсган тулалдаж, Парсалийн арал Хятад, Вьетнам хоёрын хоолойд тээглэсэн яс болж, хойт, өмнөд хоёр Солонгос бие биеэ отож, Канадаас Квебекүүд салан тусгаарлахаар тэмцэж, Фолклендын арлуудыг Аргентин, Англи хоёр булаалдаж, Энэтхэг ч Кашмирын салан тусгаарлагчдаас болж амар заяа үзэхгүй зовсоор…

    1960-аад оны эхээр “Хоёр миллиард хүнийг хот сууринтай нь багтаасан” гэж шүлэгт ордог байсан дэлхий маань 1990-ээд онд буюу 30 гаруйхан жилийн дотор зургаан тэрбум гаруй хүнтэй болж, хэрүүл тэмцэл, дайн тулааны утаа униар дунд үйлийн үртэй биднийгээ дааж ядан эргэлдсээр л…

    Дэлхий дахинд амьдрах орон зайгаа тэлэхийн төлөө тэмцэл эхэлж, харин ганцхан Монголд амьдрах орон зайгаа танах, газраа худалдах үйлс эхлэв.

    Дэлхий дахинд аугаа их задрал явагдаж, нэгдмэл байсан улс орнууд тархай бутархай жижиг улс орон болон хувирч, өвөр зуураа тасралтгүй тэмцэж, хуучин хүчтэй их гүрнүүд нөлөөгөө алдан оронд нь өөр хүчирхэг гүрэн улсууд дэлхийг хуваан идэхээр зэхэж, задарсан бүхнийг эргэж хүчээр нэгтгэж, “ардчилал”, ”хүний эрх” гэж чалчигчдад “тэр чинь хоосон цууриа, элэнцгийн чинь “хүний эрх”, “ардчилал”?

    Огт байхгүй юмны төлөө битгий донгос, дэлхийг чинь бид төвхнүүлээд өгье” гэж цөмийн зэвсгээ туршиж, пуужингаа онилж, танкаа бэлдэж байна.

    Хүн төрөлхтөн асар их зэвсгийг зүгээр л тоглож, бие биеэ айлгах гэж бүтээгээгүй нь тодорхой.

    Германы газар зүйч Ф.Ратсель “Организм бүр амьдрах орон зайн төлөө тэмцэл явуулдаг” гэж бичжээ. Олон эрдэмтэн, философичид үүнийг баталсан.

    Аугаа их тэмцэгч, эх оронч Галдан Бошигт “миний газар нутгаас бурхан гуйсан ч бүү өг” гэж гэрээсэлжээ.

    Газар бол эрх чөлөө. Газаргүй Израйлчууд дэлхийгээр нэг хэрэн хэсэж мянга мянган жил яаж зовсныг санагтун. Газаргүй палестинчууд хэдэн арван жил үйл тамаа эдэлснийг санагтун. Эрх чөлөө ардчиллаар халхавчилсан, ард түмний эрх ашгийг хохироогчид “Үнэн гэдэг Хималайгаас өндөр” гэдгийг умартаж, газрыг хувьд өгөх, өмчлүүлхийг санаархаж байна. Монголын түүх ийм юмыг хэзээ ч үзээгүй. Нар, ус, агаарын адил газар маань нийт ард түмний өмч байлаа. Өнөөдөр монгол хүн өөрийнхөө эх орондоо хүн шиг алхаж, дуртай газраа өргөө гэрээ барих эрхгүй болох нь… Дуран барьсан америк хаа сайгүй давхиж, дугуй унасан хятад энд тэндгүй жирийж “би энд насаараа сууна!” гэж япон авгай сайрхаж, найрын ширээний ууц таллах гэж байгаа юм шиг дэлхийн улс орнууд Монголын зүг ширтэж шүлсээ залгилж, зарим нь бүр дэргэд нь зогсоод тарган иргэний сүүлийг тэмтэрч үзээд аль олигтойг нь шилж авдаг шиг аашилж байна.

    Монгол улсын иргэнд газар өмчлүүлэхийг би огтхон ч эсэргүүцээгүй байна. Гагцхүү цаг нь болоогүй гэдгийг л хатуу сануулж байна.

    Ард түмэн нийтдээ ядуу дорой байна. Авсан газраа гадаадынханд урт хугацаагаар түрээслүүлнэ. Нэг үгээр хэлбэл монгол хүний нэр дээр гадаадын хүмүүс газар нутгийн маань эзэн болох нөхцлийг бүрдүүлж өглөө.

    Ядуу дорой амьдралтай монголчууд газраа гадаадынханд түрээслүүлж, ашиглуулж, эзэмшүүлж, оронд нь гол зогоох төдий юм авна. Америкийн Жон ч байна уу, Хятадын Ху овогт ч байна уу, Германы Шмит ч байна уу хамаа алга. Тэд монголын Доржоос юм уу, Балдангаас бай, эсхүл Батаас ч юм уу, Гончигоос ч юм уу газрыг нь жаран жилээр түрээсэлж аваад, түүнд зохих мөнгийг нь өглөө… одоо гучтай юм уу, дөчтэй Жон, Дорж, эсхүл Ху овогт, Бат дөрвийн хэн нь ч 60 наслахгүй. Сайн бол 30-40 жил амьдраад мажийна. Цаашаа яах вэ? Үр хүүхэд нь өв залгамжилж, гэрээ түрээсийг үргэлжлүүлэн, сунгаж ч болно.

    Жон юм уу, Ху овогт ч юм уу, Доржийн юм уу, Баатарын ч юм уу газар дээр хөрөнгө оруулалт хийж, орон сууц, үйлдвэр, юм юмтай л болно. Тийм их хөрөнгө зарчихаад “Энэ газар Доржийнх байгаасай, би сүүлд нь буцааж өгнө“ гэж толгой нь хамуурсан амьтан л бодох байхдаа. Баян хүн таван хаанд нүүртэй. “Энэ газар яахаараа Доржийнх юм уу, Батынх байх ёстой билээ? Минийх байж болохгүй гэж үү? Хэмээн Жон ч юм уу, Ху овогт ч юм уу сэтгэж эхэлнэ.

    Газрын эзэн Дорж юм уу, Бат боловч өөрийн газар нутаг дээр хэсэгхэн зайд боол зарц мэт амьдарч, нэгэнт газрыг нь 60-70 жил түрээсэлж аваад байр сууц, үйлдвэрээ барьсан харь эзэн нь хаан шиг данхалзана биз дээ.

    Аз болж Доржид охин, Жонд үе тэнгийн хүү байя гэж бодъё. Хоёр залууг нийлүүлэх шиг амар юм баян Жонд юу байх билээ? Эсхүл Ху овогтод гоо охин, Батад хүү байлаа гэж сэтгэе. Жоны болон Ху овогтын хувьд аль болохоор залуусыг нийлүүлэх нь оройн дээд хүсэл. Залуусыг ямар ч аргаар хамаагүй гэрлүүлж дөнгөнө.

    Чингээд л гурав дахь үе дээрээсээ монгол газрын маань хэсэг Ху овогтын охин, Батын хүү хоёроос гарсан эрлийзийн өмч болох нь тэр. Тэр амьтан нэгэнт монгол эцгээс, монгол нутагт төрсөн юм чинь яах билээ? Хүний эрх, ардчилал… Хэнбугай ч, юу ч хэлж чадахгүй.

    Тэр хүүхэд 16 хүрээд монголын иргэн болж иргэний үнэмлэх авна. Ху овогт өвөөгийнхөө буянаар газар байр, байр сууц, үйлдвэр бүгдийг өвлөнө.

    Доржийн охин, Жоны хүү хоёроос бас нэг эрлийз төрнө. Түүнийг америк гэх үү?… монгол гэх үү?

    (үргэлжилнэ)  Очирбатын Дашбалбар

  • Босоо ухаан

    Mонголчуудын аман ярианд нэгэн хачин хэпц vг байдаг байлаа. Тэр нь одоо vед бараг мартагджээ. Хагас зууны тэртээ ахмад хvмvvс хvvхэд, залуус биднийг “ухаанд нь ухна vхсэн тархи” гэж загнадаг байж билээ. Тэр vед байтугай одоо ч “ухаанд нь ухна vхсэн” гэж чухам юуг хэлээд байсныг нь ухаарахад тvвэгтэй хэвээрээ л байна. Гэхдээ “ухаанд нь ухна vхсэн” хvмvvс өнөөгийн манай нийгэмд улам бvр олширсоор байна. Хэн нэг хувь хvний “ухаанд нь ухна vхчихэж” мэдэх л юм. Гэвч бvхэл бvтэн vндэстний маань “ухаанд нь ухна vхэж” болохгvй биз дээ. Тэгэхэд хvрвэл тэр “ухныг” ухаанаасаа зайлуулж ухаанаа цэвэрлэж авахад бvх нийтээрээ чармайх хэрэгтэй болно. …Саяхан Ричард Лvнн, Тату Ванханен гэдэг өрнөдийн хоёр эрдэмтэн 185 улс орны иргэдийн ухааны бярыг буюу (ай кv) хэмжиж судалсан чинь монголчууд эхнээсээ 21 дvгээрт орсон байна. Тэгтэл монголчуудын амьдралын төвшин нь өрнөдийн судалгаагаар мөнөөх 185 орны дотор эхнээсээ биш сvvлээсээ 21-д орох хэмжээнд арай гэж хvрч байгаа ажээ.

    Ухааны нь бяр чадал дэлхийн 164 орныг ардаа орхиж байгаа мөртлөө амьдралынх нь бэл бэнчин 164 орны хойно хоцорчихсон явж байна гэдэг нь өөр юуных ч биш гагцхvv “ухаанд нь ухна vхсэнийх” гэхээс өөр vг алга.
        Монголчуудын уураг тархины жин нь цагаан арьстнуудынхаас даруй 52 граммаар илvv буюу 1330:1382-ийн харьцаатайг шинжлэх ухаан аль эрт нотолчихсон зvйл билээ. Тэгсэн мөртлөө монголчууд бид хvний адагт ороод гэлдэрч явмааргvй юмсан. Тэр тусмаа энэ зуун маань оюун ухаан хvний болоод нийгмийн хөгжлийн гол хөдөлгvvр болж буй эрин цагийн эхэн билээ. 2030 он буюу ердөө л 25-хан жилийн дараа хvний зохиосон цахим оюун буюу компьютерийн чадал нь хvний ой ухаантай тэнцvv болох бөгөөд цаашдаа давж гарна гэсэн тооцоо нэгэнт гарчихаад байгаа нь дээр өгvvлсэний нэг нотолгоо бөгөөд сvvлийн хориодхон жилд гэхэд л цахим тооцоолуур байтугай “гар утас” гэдэг хөдөлгөөнт холбоо хэчнээн хурдан, хэчнээн боловсронгуй болж байгааг ч гэсэн эргэцvvлэн бодох шаардлагатай байна. Хэрвээ юу ч бодохгvй, маргааш юу ч болохыг төсөөлөхгvй энэ янзаараа суугаад байвал хvний бvтээсэн компьютерээс “тэнэг” хvмvvс болсноо нэг л өдөр мэдрэх цаг ирэх нь зайлшгvй.

    ”Ухаанд маань ухна vхсэн” гэдгийг сайтар бясалган бодвоос “босоо ухаантай” байсан монголчууд “мөлхөө ухаантай” болсонд л хамаг гай нуугдаж буй бололтой. “Босоо ухаан” гэж юуг хэлдгийг орчин үеийн IQ буюу “интеллиженс куошент” хэмжvvрийн vзvvлэлтээр аваад vзэж болно. Ямарваа хvний сэтгэлгийн чадвар нь дөрвөн зvйл бvрэлдэхvvн дээр тулгуурладаг.

    Нэгд, ердийн бус, хоёрт, ердийн, гуравт, нvдлэн сэтгэх, дөрөвт, зөгнөн бодох эдгээр юм.

    Ердийн буюу вертикал (босоо) сэтгэлгээгээр монголчууд хосгvй явсан vе бий. Тэр цагт хагас орчлонг морин туурайгаараа тамгалж гурван тив, гурван далайг тулсан их гvрнийг байгуулж явлаа. Ердийн буюу босоо сэтгэлгээ мухардах юмуу мөхөсдөхийн цагт ер бусын (казуал) болон зөнч сэтгэлгээрээ (латерал) оюунаа тэтгэж явсны дурcгал нь монгол ардын аман зохиолд шингэж vлджээ. “Босоо сэтгэлгийн” бусад шалгуураар ч өвөг дээдэс маань хvний дор орохооргvй явжээ. Vvнд сэтгэх хурд, ярих хурд, бичих хурд гэдэг vзvvлэлтээр аваад vзэх юм бол саяхан болтол vндэстний маань бахархал болсон хvмvvсийн намтар тvvх олон зvйлээр онцгой байсныг хvмvvс судар бичиг, аман ярианд мөнхлөн vлдээжээ. Сайн ноён хан Намнансvрэнг Манжийн хаанд бараалхахад ёроолгvй бөөрөнхий аяганд халуун цай хийж өгөхөд нь тэвдсэн ч vгvй эрхээ дугуйлан ширээн дээр тавьж тvvн дээрээ өнөөх аягыг нь суурилуулан тогтоож байсан гэдэг домог бий. Морины давхил дунд бийрээр ацаг шvд орхилгvй тэмдэглэл хөтлөж байсан их бичээч Магсар хурц гэхчилэн сэтгэлэг, бичлэг, vг ярианы хурдаар гайхагдаж явсан ахмад vеийнхний хэрэг явдал өнөө хэр мартагдаагvй байгаа vед бид аж төрж буй билээ.

    Бие даах, бусдыг манлайлах, эрсдэлд орох чадвараар монгол цэргийн жанжингууд хэний ч дор орж байгаагvй гэдгийг тvvх гэрчилсээр vлджээ. Зохион байгуулах, донж тааруулах (дизайн) сэтгэлгээр ч гэсэн монголчууд нvvдэлчдийн ертөнцөд байтугай суугаачуудын хорвоод ч гайхагдсаар буй мөнхийн бvтээлийн эзэд юм. Монгол гэр бол зохион бvтээх, байгальтай зохицон аж төрөхийн гvн ухааныг цаг, зардал, хөдөлмөр хэмнэхийн эдийн заcгийн номлолыг, эрvvл орчинд, алжаал тайлахын эрдмийг, тэнгэр гал шvтлэгийн нарийн увидасыг цогц шингээсэн хосгvй, давтагдашгvй бvтээл юм. Vvнээс эөвхөн гал, тэнгэрийг дээдлэх vзлийн журам хэрхэн туссаныг товч өгvvлэхэд хvvхэд төрвөл тэрний анхлан харах юм нь тооноор цэлийх хөх тэнгэр агаад манцуйнаас гарч хөлд орох хvртлээ дээш харан хэвтэж гагцхvv дээрх хөх тэнгэрийг ширтэж хараагаа гvнзгийрvvлдэг нь Монголын бага насны эх болдог бол гэрийн төв дунд тулгаа байрлуулан галаа тvлэхvйд тvvний утаа нь ч, илч нь ч дээд тэнгэрт тэмvvлэн тооноор дээш оргилдог бөгөөд хажуу хананаас юмуу хөл дороос халдаг өрнөдийн дулаалгын ёсноос хахь ондоо билээ. Ямар ч vед монгол хvн галаа тойрон сууж, гал өөдөө элгээ харуулж илч дулааныг авдаг байсан бvлгээ. Өдрийн цагт гэрт болж байгаа бvх юм өрх нь татаастай тооноор “мэлмийд” ил тод нуултгvй харагдаж, шөнийн цагт гэрт болдог юмаа тэнгэрийн мэлмийгээс нууж өрхөө бvтээдэг нь монгол гэртээ шингээсэн монгол сэтгэлгээний нэгэн нууц байсан ажгуу. Монгол донж (дизайн) гэдэг бол гэрээсээ эхлээд хувцсандаа эдлэл хэрэглэлдээ, идээ ундаандаа цогцлон шингэж эрин зууныг элээсээр өнөөтэй золгожээ.

    Лодонгийн Түдэв

  • Бүтэлгүйтлээс айх айдас

    Бүтэлгүйтлээс айх айдсыг давхын тулд та бүтэлгүйтэл гэж юу болох хийгээд түүний үнэн учрыг мэдэх хэрэгтэй. Бүтэлгүйтэл гэдэг гутамшигт, хортой, зовлон зүдгүүр таригч биш, харин жам ёсны зүйл болхыг ухаарвал айдас арилна. Балчир хүүхэд хөлд орж, алхахдаа байнга бүдэрч унадаг. Тэгж бүдрэхийг тэр юман чинээ тоодоггүй. Хүүхэд нэг босож зогсоод, дараа нь ойчихыг жам ёсны хэмээнэ.

    Бүтэлгүйтэл бол бодит үнэний эсрэг зүйл биш харин бодит байдлыг хэлбэршүүлж, бодит байдал болон хувирдгыг мэдэх аваас айдас арилна. Бүтэлгүйтлийг бид горьдлого найдварыг маань нураагч мэт санадаг. Гэвч бүтэлгүйтэл нь үнэндээ биднийг урагш хөдөлгөгч хүч юм. Бурханы Мэлмийгээр тольдоход бүтэлгүйтэл хэмээн бидний нэрлэсэн зүйл бол гагцхүү туршлага сургамж байдаг. Бүтэлгүйтлийг бид эцсийн үр дүн, туршлагын туйл хэмээн үзэж болохгүй, харин туршлага сууж хэрсүүжих нэг алхам хэмээн ямагт санах учиртай.

    Тодорхой үр дүнд хүрхийн тулд та чадлаараа зүтгэсэн ч, тэрхүү чармайлт талаар өнгөрсөн байг л дээ. Урам хугарч, цөхрөлд автахын оронд ажил үйлсийн дотроос бурханлаг зорилгоо олж харахыг хичээгтүн. Магадгүй тэр нь тэсвэр хатуужил, цэцэн билэг, бусад бурханлаг чанарыг тань нэмэгдүүлэхэд тусалсан байж болно. Хэрэв та ийм хандлагатай байвал бүтэлгүйтлийн хөнөөлт шуургыг хэтийдэн давж чадна.

     

    Бясалгал айдсыг арилгана

    Айдсаас ангижрах хамгийн сайн арга бол бясалгал юм. Бясалгал үйлдэхдээ бид өөрсдийгөө Хязгааргүй Уудамтай, Оройн Дээдтэй адилтгадаг. Бид ямар нэг юмнаас, хэн нэгнээс айдгийн учир гэвэл тэр хүнийг эсвэл тухайн юмыг өөрийн нэгэн хэсэг мэт үздэггүйгээс болно. Харин Оройн Дээдтэй ухамсарт нэгдлээ тогтоох үед бид юм бүхнийг өөрийн мэт үзнэ. Өөрөөсөө хүн юунд айх билээ?

    Хэрэв бид хэн нэгнээс айж байгаа бол сэтгэлдээ түүнийг дотно санахаар ухамсар маань тэлэгдээгүй, тухайн хүн бидний хувьд харь элгийн мэт санагдсаны илрэл юм. Биеийнхээ аль нэг хэсгээс хүн айж цэрвэдэггүй шүү дээ. Тэр нь биеийн маань тасархай хэсэг болхыг мэднэ. Сэтгэл зүрхний замаар замнах цагт ухамсар маань дөрвөн зүг найман зовхист тэлнэ. Ухамсарт ухаарлаараа бид хорвоо ертөнцтэй хагацашгүй нэгддэг. Орчлон ертөнцийн ухамсартай нэгдэх цагт айдас хэмээгч эс оршино.

    Бясалгалын туйлын зорилго бол ухамсрыг маань тэлэн өргөжүүлж, гэгээрүүлэн мөнхжүүлэхэд оршино. Бид найз нөхөдтэйгөө ярилцах юм уу ажил хөдөлмөр хийж байхдаа, дотоод Бурханлагынхаа тухай бараг боддоггүй. Харин бясалгаж байхдаа бид, Бурханлагаа ухааран танихыг хичээдэг. Бурхан бээр өөрөө хязгааргүй хүчтэй учир хүн төрөлхтөнөөс айж эмээдэггүй. Бурханлагт саадгүй хүрэх замыг олж, бие сэтгэл маань Бурханы дундрашгүй хүчээр халгин бялхах цагт, хүмүүн төрөлхтөн бид юуны учир айх билээ? Тэгэх учиргүй!

    Айдсыг хэрхэн ялах вэ?

    Гэгээрүүлэгч ухамсрын гэрэлт

    Өлмийд оршигтун!

    Таныг хамгаалж, төгөлдөржүүлэн чөлөөлөх

    Хатан зориг энэхүү гэрэлд шингэсэн

     

    “Яруу сэтгэгч” сониноос

    Шри Чинмойн төв

  • Саад бэрхшээл

    Улс хөгжихөд тулгарч байгаа нэг бэрхшээл бол манай төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, ажилтнуудынх нь төрх. Өмнөх социалист нийгмийнхээ олон зүйлээс бид татгалзсан хэр нь нууц дарангуйллаас татгалзаж чадаагүй. Энэхүү нууц дарангуйллын илэрч байгаа хэлбэр нь засаг захиргааны байгууллагын хүнд суртлын систем. Бид хүнд суртлыг бүтээж ирсэн, одоо ч бүтээсээр л байна. Манайд хэн нэгэн хүн ямар нэгэн бизнес эрхлэх гээд зохих бичиг баримтыг бүрдүүлэх гэхэд 12 шат дамжлага дамжиж, 28 хоног хөөцөлдсөний эцэст зөвхөн зөвшөөрлөө олж авч байна. Ганц зөвшөөрлийн төлөө олон шат дамжлага дамжиж байгаа явдал бол бид ганц хоёрхон хүний хийчих ажлыг 12-лаа хувааж аваад хийж байна гэсэн үг. Нууц дарангуйлал бол эрх мэдлээ ашиглан бусдын хүслийн боогдуудах, чирэгдүүлэх, хясах байдлаар илэрдэг бөгөөд энэ нь зайлшгүй авлига өгөх нөхцлийг бүрдүүлдэг. Тийм учраас хүнд суртал бол авлигын шимтэй хөрс мөн. Нууц дарангуйлал нь эрх мэдэлтэн болох, эрх мэдэл рүү тэмүүлэх хүслийг төрүүлдэг. Төр засгийн эрхтэн дархтан болохын хүсэл нь улстөржсөн сэтгэлгээгээр илэрч байна. Манай Монголчууд сүүлийн 10 гаруй жил онцгой их улстөржсөн. Үүнийгээ бид эх оронч үзэл, улс үндсээ гэх сэтгэл хэмээн цагаатгадаг. Бүх нийтээр улстөржих нь түүхэн тодорхой нөхцөлд нийгмийн байгуулал, улс төрийн тогтолцоог өөрчлөхөд үр өгөөжөө өгдөг ч улс орон тогтвортой хөгжлийн замд орсон үед хөгжлийн садаа болдог байна. Нийгэм нэлэнхүйдээ улстөржих нь сэтгэлгээний туйлшралд хүргэдэг бөгөөд туйлшрал бол чөлөөт сэтгэлгээний дөнгө юм. Гэтэл тогтвортой хөгжил бол шинжлэх ухаанжсан чөлөөт сэтгэлгээгүйгээр төсөөлөгдөхгүй. Хөгжил дэвшилд хүрсэн орнуудын их, дээд суруулиудад элсэгчдын 74-89%-нь байгалийн шинжлэх ухаан, технологийн мэргэжил сонгож байхад манайд 74%- нь нийгэм, улс төр, хуулийн мэргэжил сонгож байна. Бидний улстөржсөн байдал бага насны хүүхдийн нялх балчир ой ухаанд тусчихсан байгаа нь хүртэл харагддаг.

    Бид өнөөдөр ардчиллын буянаар долоо хоногтоо 2 бүтэн өдөр амардаг. Зөвхөн үүнээ нэмэхэд жилийн 104 хоног нь ажил хийдэггүй хоног болно. Дээр нь наадам, шинэ жил зэрэг баяр ёслолын өдрүүдэд амардаг 10 шахам хонодог, дээр нь ээлжийн амралтын 26 хоногийг мөнөөх 104 дээрээ нэмэхээр яах аргагүй 140 хоног амардаг нь гараад ирнэ. Жилийн 140 хоногийг нь бид амардаг болж таарна. Жил гэдэг яаж ч болохгүй 365 хоногтой юм чинь бид бүхэл бүтэн  жилийн 1/3- ээс илүү хоногийг амардаг. Ийм ард түмэн хичнээн сүрхий авхаалжтай байлаа нэг их юм бүтээж чадахгүй нь тодорхой.

    Дарма Батбая