Category: Uncategorized

  • Хүүхэд бүрийн дахин давтагдашгүй онцлогийг танин хөгжүүлэх нь чухал юм

    Хүүхэд бүрийн төрөлх онцлог, өсөж буй орчин харилцан адилгүй өөр өөр байдаг. Энэ нь хүний хэл яриа, сэтгэхүйн дахин давтагдашгүй өөр өөрийн гэсэн онцлогтой болж төлөвшдгийн эх үндэс болдог. Өөрөөр хэлбэл бид шоргоолжийг харахад бүгд нэгэн адил байдаг, харин Батаа Тулгаагаас өөр, Цэцэгээ Дулмаагаас өөр гэдгийг хэнээр ч хэлүүлэхгүй мэддэг. Тэгвэл өөр өөрийн онцлог шинжтэй хүүхдүүдийг бид нэгэн хэвэнд цутгахтай адил хүмүүжлийн нэг арга барилаар харьцах нь буруу болж байгааг доорх жишээнээс харж болно.

    Тухайлбал тус төвийн гишүүд болох Э, А хоёр нь ижил темпераменттай боловч, төрж өссөн орчин нөхцлөөс шалтгаалан хүмүүжлийн өөр арга барилаар харьцах шаардлагатай нь доорхи ажиглалтаас харагдаж байна.

     

    Э – 4 нас 7 сартай. Эрэгтэй

    А – 4 нас 4 сартай. Эрэгтэй

    Онцлог

    Төрөлх хэв шинж:холерик суурьтай флегматик

    Гэр бүлийн байдал: аав нь хол ажилтай, ээж нь мөн ажилтай завгүй, гэртээ асрагчтайгаа байдаг.

    Зан авир:өөрийнхөөрөө, дураараа, шартай, хурц цочмог ааштай, хүний үг авдаггүй.

    Төрөлх хэв шинж:холерик суурьтай флегматик

    Гэр бүлийн байдал: ээж, аав, нагац эгчийн хамт амьдардаг.

    Зан авир: өөрийнхөөрөө, дураараа, шартай, тайван, нээлттэй, хүний үг авдаг.

    Энэ хоёр хүүхдийн төрөлх хэв шинж нь ижил, уурласан үед хоёулаа цочмог зан авир гаргаж, орчны эд юмсыг эвдэн сүйтгэж эхэлдэг.

    Орчны нөлөө

          Энэ хүүхэд нь орчны эд юмсыг минийх гэж ханддаг, хүний үг авдаггүй, өөрийнх нь уурыг хүргэвэл гарт баригдсан зүйлээ бусад руу авч шиддэг, хүнийг ялгаварлаж харьцдаг, цочмог ааш үе үе гаргадаг. Мөн албаар бусдын юмыг булааж, сүйтгэдэг.

          Гэвч өөрийн юмандаа их нямбай, хурдан гүйлгээ ухаантай, ой тогтоолт сайн. 

            Энэ хүүхэд нь эргэн тойрны хүмүүсээ өөрийн тавьсан шаардлагыг биелүүлээсэй гэсэн хүсэл хандлагатай. Намайг хүндэл, надтай зөв харьц гэсэн харилцааны хэв маяг илэрдэг ба энэ зөрчигдвөл уцаарлаж, цочмог ааш гарган бусдыг цохиж авдаг.

           Сайн муу, зөв бурууг сайн ойгодог, хэл яриа сайн хөгжсөн, тайван, нээлттэй зан авиртай, юмыг аажим сурдаг. Энэ хүүхэд бусадтай найрсаг харьцдаг, уурыг нь хүргэвэл цочмог уурладаг. 

    Харилцах арга барил

          Энэ хүүхэд бусадтай ширүүн харьцдаг тул хүмүүжүүлэх арга барилдаа мөн ширүүн байх зарчмыг хавсаргавал зүгээр. Ширүүн байх зарчим нь зодохын нэр биш, нэг хийсэн алдаагаа албаар дахин хийдэг тул шийтгэх арга барил сайн буюу өөрөө өөрөөр нь шийтгэлийг мэдрүүлбэл ухаажина.

     

    Энэ хүүхдийг уурласан үед шийтгэх байдлаар харьцвал уураа зөв удирдаж сурна. 

           Тиймээс энэ хүүхэдтэй загналгүй учирлан хэлэх байдлаар харилцаж, өөрөөр нь асуудлыг шийдүүлж байх нь сайн. Магтаал энэ хүүхдэд урам болно. Аажимдаа энэ уурласнаас гардаг цочмог хандлага нь намжих ба зоригийн шинж чанар сууж байгаа энэ насанд хүүхдийг хориглолгүй, зэмлэлгүй байх нь сайн.

     

    Энэ хүүхдийг уурласан үед давуу талд түшиглэн магтаалын үгээр харьцвал уураа барьж сурна. 

     Бид хүүхдийн өөрийнх нь өвөрмөц онцлогийг таньж мэдээгүйн улмаас буруу харьцаж, буруу хандлагаар хүмүүжүүлснээс тэднийг “буруу ишилсэн сүх” мэт хүний үг ойлгодоггүй, зөв бурууг ялгах чадваргүй, сэтгэлийн хатгүй, өөрийгөө голсон, амьдралын сайн сайхныг мэдрэх чадваргүй амьтан болгочихдог. Хүн өөрөө нийгмийн амьтан бөгөөд, бидний хүүхдийг хүн болгож хүмүүжүүлдэг зүйл бол гагцхүү бидний харилцаа хандлага байдаг. Тэгвэл ИНДИГО хүүхдийн хөгжлийн төв нь Монголд анх удаа хүүхдийн төрөлх онцлог, давтагдашгүй өвөрмөц зан чанарыг хүүхэд шуугисан бодит орчиндоо ажиглан судалж, тэдний онцлогийг илрүүлэн, эцэг эхэд нь хүүхдийнхээ онцлогтой холбоотойгоор хэрхэн яаж харьцаж,  ямар хандлагаар хүмүүжүүлэх талаар зөвлөгөө өгөх үйлчилгээг санал болгоод байна.

    Бидний хүүхэд гагцхүү найз нөхдийнхөө дунд, тоглож байх явцдаа л хамгийн чөлөөтэй байж, дотоод сэтгэл мэдрэмжээ тухай бүрд ил гаргаж байдаг ба хаалттай бус нээлттэй байгаа тэр мөчүүдэд л бид хүүхдийнхээ дотоод ертөнцрүү нэвтрэх боломжтой билээ. Тиймээс та бүхнийг хүүхдийнхээ онцлогийг багаас нь судлан таньж, эерэг сайн сайхан талыг нь дэмжин тэтгэж, сөрөг муу зан чанар, муу хандлагыг эрт илрүүлэн засч залруулж, хүүхдийнхээ ирээдүйд итгэл дүүрэн, сэтгэл хангалуун амьдрахын үндэс болсон “ХҮҮХДИЙН СЭТГЭЦИЙН ЦОГЦ ОНОШИЛГОО” нд үр хүүхдээ хамруулах нь чухал юм.

  • МОНГОЛ БЛОГЧИД 2011 наадамд БЛОГОО СОЙЖ ЭХЛЭХ боломжтой боллоо

    The New Media Marketing Agency компанийн санаачилгаар “Монгол блогчид- 2010” наадмыг 2010 оны 12-р сарын 3-нд зохион байгуулж байсан билээ. Наадмын нэг зорилго бол монголын блогчдын нийгмийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг таниулан сурталчилж, шилдэг блогчдыг тодруулах үйл ажиллагаа байдаг билээ. Шилдэг блогийг тодруулах үйл ажиллагааг шудрага ил тод явуулахыг бид эрмэлзсээр ирсэн. Тиймээс энэ жилийн шалгаруулалтыг бид одооноос эхлэж, блогийн ретингийг тогтоодог олон цахим системүүдийг ашиглаж таны блогийн оноог дүгнэж эхлэлээ. Энэхүү шалгаруулалт нь 1-р шатны шалгаруулалт болох бөгөөд эндээс шалгарсан шилдэг блогуудад салбарын нэр хүндтэй экспертүүдээс санал хураах замаар шилдэгийн шилдэг блогуудыг тодруулж байх юм.

    Та блогийнхоо ретингийг тогтоохын тулд https://launchpad.newmediamarketingagency.com хуудаст бүртгүүлж, МОНГОЛ БЛОГЧИД хэсэгт өөрийн блогийг нэмэхэд л хангалттай юм. Мөн та код хуулаад өөрийн блогийг ретингийг блог дээрээсээ шууд харж болно.

    Ингээд та өөрийн блогийнхоо үнэ цэнийг өдөр бүр мэдэрж, оноо, байрыг нь хялбараар тодорхойлж, монголын блогуудтай уяа сойлгийг нь тааруулж уралдуулах л үлдлээ дээ. Уяач хүн наадмын маргааш хүлгийнхээ уяа сойлгийг тааруулдаг шиг 2011 оны 12 сарын 3-нд болох МОНГОЛ БЛОГЧИД- 2011 наадамдаа БЛОГИЙНХОО УЯА СОЙЛГИЙГ өнөөдрөөс тааруулж эхлэцгээе!

  • Судалгааны баг бүрдүүлж хамтран ажиллана

    Яруу сэтгэгчдийн нэгдэл байгууллага Монголын Эко Зохистой Хөгжлийн Холбоо ТББ нь Улаанбаатар хотын хүн амын тодорхой бүлгүүдийн эрүүл мэндэд үзүүлэх агаарын бохирдлын нөлөөлөл”-ийг судлах судалгааны багт дараах чиглэлээр сонгон шалгарлуулт хийж баг бүрдүүлнэ.

    Судалгааны багийн гишүүдэд тавигдах шаардлага:
    НЭГ. Судлаач: 3 хүн
    • Судалгааны чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
    • 2 оос дээш тооны шинжилгээ, судалгааны ажилд оролцож байсан дадлага туршлагатай
    • Олон нийттэй харилцах харилцааны өндөр соёлтой
    • Хувийн зохион байгуулалт сайтай
    • Багаар хамтран ажиллах чадвартай
    • Идэвхи санаачлагтай
    ХОЁР. Шинжээч: 1 хүн
    • Судалгааны чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
    • 2 оос дээш тооны шинжилгээ, судалгааны ажилд оролцож байсан дадлага туршлагатай
    • Судалгаа,  шинжилгээний үр дүнд боловсруулах хийх өндөр чадвартай
    • Судалгааны SSPS программ бүрэн эзэмшсэн
    • Хувийн зохион байгуулалт сайтай
    ГУРАВ.Менежер: 1 хүн
    • Менежментийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
    • Төлөвлөх зохион байгуулах өндөр ур чадвартай
    • Олон нийттэй харилцах харилцааны өндөр соёлтой
    • Офисийн хэрэглээний прогамм дээр бүрэн ажилладаг
    • Хувийн зохион байгуулалт сайтай
    • Багаар хамтран ажиллах чадвартай
    • Идэвхи санаачлагтай
    ДӨРӨВ. Зөвлөх: 1 хүн
    • Анагаах ухааны салбарын эрдмийн зэрэг цолтой
    • Агаарын бохирдлын талаар эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэлийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан олон нийтэд хүргэж  байсан
    Жич: Ажлын цаг бүтэн цагаар ажиллах ба зөвхөн шаардлага хангасан нөхцөлд greenzone.mn@gmail.com хаягаар CV явуулна.
    2011.08.15ныг хүртэл CV хүлээн авна
  • МОНГОЛЫН ИРЭЭДҮЙГ БИД ХЭРХЭН ХҮМҮҮЖҮҮЛЭХ ВЭ?

    Мэдээж хүүхэд нас бол хүн бүхний хамгийн дурсамжтай, баяр хөөр, уйтгар гуниг хосолсон аз жаргалтай үе байдаг. Энэ л насандаа бид хөгжиж төлөвшиж, ирээдүйн зан авир, мөн чанар, оюун ухаанаа олж авдаг. Тиймээс бидний ирээдүйд хэн байх, хэн болохыг тодорхойлж өгдөг хүүхэд нас, тэр тусмаа бага балчир нас гэдэг хүний амьдралын маш чухал бөгөөд хариуцлагатай үе байдаг. Харамсалтай нь манай эцэг эхчүүдийн дийлэнх олонх нь энэ хариуцлагатай чухал үеийг хариуцлагагүйгээр өнгөрүүлж, … дараа, …. том болохоороо, …. сургуульд орохоороо өөрлчлөгдөх биз, …болох биз гэсэн  буруу хандлагаар хүүхдээ өсгөчихөөд, өнгөрсөн хойно нь хашгирав гэгчээр амаа барих тохиолдол олонтоо гаргаж байна.

    Тэгвэл бид ирээдүй үе болсон хүүхэд багачуудаа хэрхэн хүмүүжүүлэх вэ? Бидний хүүхдээ хүмүүжүүлж байгаа арга барил маань зөв болов уу? буруу болов уу? Хүүхэд хүмүүжүүлэх хамгийн сайн арга юу байдаг бол?

    Дэлхийд олон эст амьтан үүсэж, яваандаа тархитай болон хөгжсөн цагаас эхлэн өөрийн амьдралын туршлагаа хойч үедээ өвлүүлдэг болсон. Энэ байдлаар явсаар ухаант хүн үүсэн бий болоход амьдралаас олж авсан мэдлэг туршлагаа залуу үедээ даган дуурайх байдлаар өвлүүлдэг байсан, энэ яваандаа хэл хөгжих эх үндэс болсон ба улам нийгэмшиж, хот суурин төвлөрсөн зохион байгуулалттай болоход хүүхдийг хүмүүжүүлэх, мэдлэг туршлага зааж өвлүүлэх олон арга хэрэгсэл бий болсон. Үүний дүнд сургууль цэцэрлэг, сургалт хөгжлийн төв байгуулагдаж хүний хөгжлийг хангах болсон. Энэ бидний мэдэх БАГШ төвтэй сургалт буюу багш зааж, хүүхэд сонсох ёстой гэсэн хандлага юм.

    17 зууны сүүл үеэс шавь төвтэй сургалтын тогтолцоо бий болж, энэ явсаар өнөөгийн өндөр түвшинд хүрсэн. Шавь төвтэй сургалтын давуу тал нь багш хүүхдийн чадвар нөөц бололцоог илрүүлэх зорилготой сургалтыг явуулж, шавь өөрөө бие даан сонирхол сэдлийнхээ дагуу суралцана. Өөрөөр хэлбэл хүүхэд өөрөө хүссэн сонголтоор сурч хөгжин багшийн мэдлэг чадварыг давах хангалттай боломж бүрддэг явдал юм.

    Сүүлийн үед шавь төвтэй сургалтын тогтолцоог боловсронгуй болгох үүднээс “шавь төвтэй сургагч багш” сургалтын тогтолцоо руу аяндаа шилжиж байна. Энэ сургалтын онцлог нь хүүхэд сурч мэдсэн зүйлээ үе тэнгийнхэндээ зааж өгөх замаар өөрөө улам чадваржих, үүнийг сурсан хүүхэд дараагийн үедээ зааж өгөх замаар тасралттай хөгжиж төлөвших үйл явц юм. Яагаад энэ сургалт тийм үр дүнтэй гэж?

    Аливаа хүнд мэдээллийг хамгийн сайн дамжуулагч нь үе тэнгийнхэн нь байдаг. Энэ нь тухайн хүний наснаас дээш 5 нас, доош 5 насны хооронд буюу нас ойролцоо хүмүүс бие биенээ хөгжүүлэх нь их байдаг. Харин насаар нэлээн ахимаг хүмүүс, эцэг эх зэрэг нь тухайн хүнээс 20 орчим жилийн насны зөрүүтэй байдаг учир хүүхдийнхээ сэтгэл мэдрэмжийг ойлгодоггүй, мэддэггүй учир хүүхэддээ, тэр тусмаа балчир насны хүүхэдтэйгээ зөв харилцаж чаддаггүй.

    Тэр тусмаа сүүлийн жилүүдэд төрөөд байгаа шинэ үеийн хүүхдүүд аливаа юмыг сурахдаа хурдан, анхаарал сул, сэтгэн бодох чадвар өндөр, өөрийнхөөрөө гэх мэт зан авир илэрч байна. Харин энэ хүүхдүүдийг хүмүүжүүлэх аргаа эцэг эхчүүд олохгүй зөрүүд, муухай ааштай, өөрийнхөөрөө гэх мэт шинж чанарыг нь анзаарч хараад байна. Тэд хүүхдүүдийнхээ хүссэн бүх зүйлийг нь биелүүлээд, муухай ааш гаргахад нь аргадаад нэг үгээр урд нь бөхөлздөг. Энэ нь өөрийнхөөрөө байх гэсэн хандлагатай хүүхдүүдэд тааламжтай байдаг бөгөөд улам зөрүүдлэх, бусдыг даван гарах, бүгдийг өөрийнхөөрөө байлгах гэсэн хандлага бий болдог. Энэ өнөөгийн хэцүү хүүхэд гэгдэх хүүхдийн мөн чанар юм.

    Хүүхдийг хүмүүжүүлэх, төлөвшүүлэх хамгийн сайн арга нь үе тэнгийнхэн дунд нь хөгжүүлэх явдал юм. Өөрийнхөө мэдлэг чадварын хувьд ойролцоо хүмүүстэй хамт хөгжих нь тэдний дунд өрсөлдөөн бий болж, үүнээсээ өөр хоорондоо улам чадваржих, хамтаараа хөгжих, багаар ажиллах чадварт суралцах зэрэг олон давуу талыг эзэмшдэг.

    Орчин үеийн хүүхдийн оюуны чадвар, нөөц боломжийг тодорхойлох боломжгүй, тэднээс ямар ч авъяас чадвар гарч болох бөгөөд тэрхүү авъяас чадварыг нээж илрүүлэхийн тулд үе тэнгийнхэн дунд бүлэг, хамт олноор хөгжүүлж, эцэг эх, сурган хүмүүжүүлэгч нь хөндлөнгөөс ажиглан сургалт хөгжлийг нь чиглүүлэх явдал юм.

    Манай эцэг эхчүүдийн хүүхдээ хүмүүжүүлж буй хандлагыг ажиглахад, бага наснаас нь оюуны чадварыг хөгжүүлэх гэсэн, хичээлээ хийж байгаа хүүхдийг сайн хүүхэд гэж ойлгох тал байдаг. Энэ нь тухайн хүүхдийг үнэхээр чадварлаг, сайн хүүхэд болгон хүмүүжүүлж чадаж байна уу гэсэн асуултыг эцэг, эх асран хамгаалагчид болон багш сурган хүмүүжүүлэгч нар өөрсддөө тавьж үзэх хэрэгтэй байна.

    Хүүхэд хүмүүжүүлнэ, өсгөж төлөвшүүлнэ гэдэг хэн бүхэн тийм амар хийчих ажил биш гэдгийг та бүхэн сайн мэдэж байгаа. Мэдээж хэрэг хүүхдийг хүмүүжүүлэх хамгийн сайн арга гэж байхгүй, харин хүүхэд бүрийн онцлогт нь тохирсон хүмүүжүүлэх арга гэж байдаг. Хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг их өндөр байшин барьж байна гэсэн үг. Суурийг нь сайн тавьбал дээш нь хэдэн ч давхар барьж болно. Үүнтэй адил бага насанд нь ямар хүмүүжлээр ямар төлөвшил чадварыг суулгана, тухайн хүүхдийн ирээдүй тийм л байна. Хүүхэд сайн ном уншдаг, мэдлэгтэй байна гэдэг нь сайхан амьдрахын нэр биш, харин сайхан амьдрах арга ухаанаа ойлгосон, өөрийнхөө төлөө хичээж, тэмүүлж чаддаг байх нь сайхан амьдралын эх үндэс билээ.

    Нэгэн сургааль үг байдаг билээ:

    Авьяас дангаараа юу ч биш, авьяастай бүтэлгүйчүүд алийг тэр гэхэв

    Боловсрол дангаараа юу ч биш, боловсролтой тэнэгүүд хорвоогоор дүүрэн

    Суу ухаан дангаараа юу ч биш, хүлээн зөвшөөрөгдөөгүй суутнууд зөндөө л байсан

    Гагцхүү шургуу зүтгэл, шийдвэр төгс чармайлт бүхнээс хүчтэй.

    Хэрэв та хүүхдээ өөрөө сэдэлжиж хичээлээ хийдэг, өөрөө өөрийгөө хөгжүүлдэг, чадварлаг хүн болгон төлөвшүүлье гэвэл юун түрүүнд хүүхдийнхээ насны онцлог, түүнтэй холбоотой хэрхэн яаж хөгжүүлэх тухай анхан шатны мэдлэгийг эзэмшиж аваарай. Үүнд:

     

    Нас

    Онцлог

    Хөгжүүлэх арга, зарчим

     

    0-1

    Нярай нас

    Мэдрэхүйн эрхтний хөгжил сул, амьдралыг хүлээн авах суурь хандлага төлөвшдөг, хүрээлэн буй орчинтойгоо танилцаж яваа нас

    Хайраар хүмүүжүүлье: Халуун дулаан тэврэлтийг мэдрүүлж, хайр ийм байдаг, бас хал ийм байдаг гэдгийг мэдрүүлэх хэрэгтэй. Ээж аавын эелдэг харц хүүхдийн энэ насанд чухал.

     

    1-3

    балчир нас

    Мэдрэхүйн эрхтний хөгжил эрчимтэй сайжирч, хэл яриа хөгжинө. Булчингийн ажиллагаа сайжирч, харилцаа, хүний хандлагыг мэдэрдэг болно.

    Харилцаагаар хүмүүжүүлье: Энэ насанд орчны эд зүйлтэй сайн харьцуулж, хүрээлэн буй орчинтой танилцуулах. Өөрөөр нь юмыг хийлгэж байх нь чухал.

     

    3-6 сургуулийн өмнөх нас

    Хэл яриа эрчимтэй хөгжиж, аливааг хийсвэрлэн сэтгэж сурна. Энэ насанд хүүхдийн тархи сайн хөгжиж байгаагийн нэг илрэл нь худлаа ярих байдаг. Их хөдөлгөөнтэй, өөрөө оролдох дуртай, би ХААН гэсэн төвтэй байдаг.

    Зоригоор хүмүүжүүлье:Энэ наснаас эхлэн үлгэр домог, ертөнцийн сонин хачин ярьж өгөх, хүнтэй харилцах арга барил зэргийг зааж өгнө. Болохгүй болно гэдгийг ойлгуулж миний хүү МУНДАГ гэсэн ойлголтыг төрүүлэх хэрэгтэй.

     

    Дээр дурьдсан 0-6 насны хүүхдэд чиглэсэн хүмүүжүүлэх арга барилд эрдэм мэдлэг, сууж сурах зэрэг арга барил байхгүй байгааг анзаарч байна уу. Хүүхдийг өсвөр нас хүртэл нь эрдэм мэдлэгээр бөмбөгдөх бус, харин амьдралыг ойлгуулах, амьдрах ухаан суулгах, харилцааны ур чадвар, өөрийгөө илэрхийлэх чадварт суралцуулах нь хүүхэд өөрөө сэдэлжин хөгжил төлөвшлөө олж авах чадвартай болгодог.

    Харин өсвөр наснаас эхлэн сууж сургах, хичээл зүтгэлийн талаар ойлголт өгөх нь хүүхдийг мэдлэг чадвартай болгон хөгжүүлэх сайн талтайгаас гадна сэтгэлийн тэнхээтэй болгон төлөвшүүлдэг. Хүүхдийг ямар ч үед зөв шийдвэр гаргаж сургахын тулд багаас нь хичээл, эрдэм мэдлэг, оюун ухааны сургалтаар шахах бус харилцааны арга хэлбэрээр төлөвшүүлэх, байгаль дэлхийн онцлог, хүний амьдралыг ойлгуулах нь багаас эрдэм мэдлэгт дуртай, зөв шийдвэр гаргадаг сэтгэлийн хаттай хүн болгодог.

    Та хүүхдээ хүмүүжүүлэхдээ дээр дурдсан насны онцлогийг харгалзан үзэх хэрэгтэй боловч түүнээс илүүтэйгээр чухалчлан үзэх зүйл бол хүүхдийнхээ дахин давтагдашгүй төрөлх онцогийг олж мэдэх явдал юм шүү. Тэгж байж бид хүүхдийнхээ онцлогт тохирсон, ирээдүйд нь тустай хүмүүжлийн арга хэрэгслийг сонгон ашиглаж чадна. Тиймд та доорх хэдэн асуултын хариултыг олохыг эрмэлзээрэй! Үүнд:

    Таны хүүхэд ямар онцлогтой вэ?

    Таны хүүхэд хэдэн настай вэ?

    Таны хүүхэд ямар зан авиртай вэ?

    Таны хүүхэд юунд дуртай вэ?

    Таны хүүхэд ямар авьяастай вэ?

    Харин та эдгээр асуултанд бүрэн хариулт олж авч чадахгүй байгаа бол, хариултыг нь мэдэж байгаа боловч хэрхэн яаж харьцах аргаа олохгүй байгаа бол манай төвд хандаарай. Бид таны хүүхдийн онцлогийг зан авир, оюун ухаан, сэтгэлгээний онцлог гэх мэт олон талаас нь цогц байдлаар оношилж, хүүхдийн төрөлх онцлогтой холбоотойгоор хэрхэн яаж харьцах, ямар арга барилаар хүмүүжүүлэх талаар зөвлөгөө өгч байна.

  • ХҮҮХДҮҮДЭЭ ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ ХҮН БОЛГОЖ ӨСГӨЦГӨӨЕ

    Өөртөө итгэх итгэл, өөртөө итгэж хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэмцэж чадах тэмүүлэл,  өөрийгөө үнэлэх үнэлэмж…

    Энэ бүгд хэр зэрэг үнэтэй вэ? Хүмүүний энэ амьдралд хамгийн чухал, хамгийн үнэ цэнэтэй чадварууд. Эдгээр чадвар дутсанаас их дээд сургууль, академи, хэд хэдэн хэлний курсыг давхар давхар төгсчихөөд ажилгүйчүүд ийн эгнээнд явж байгаа хүмүүс маш олон….

    Өөртөө итгэх итгэлийг судалсан судалгаагаар 3-5-н настнуудын 95% нь өөртөө итгэдэг байхад харин  25-28-н настнуудын 25% нь л өөртөө итгэдэг болох нь тогтоогджээ. Үүнийг хэр зэрэг бодитой судалгаа болохыг ганц хялбархан асуултаар бататгаж болно. Тухайлбал: Их дээд сургуулийн нэг ангийн оюутнууд, эсвэл нэгэн албан газрын ажилтнуудаас “Ерөнхийлөгч болохыг хүсч байгаа хүн байна уу?” гэж асуувал ганц, хоёр нь л гараа өргөж магадгүй. Харин цэцэрлэгийн нэг ангийн хүүхдүүдээс тэр асуултыг асуух юм бол бараг бүгд нэгэн дуугаар “багш аа би, багш аа би, би ерөнхийлөгч болно” гэж чангаар хашгирцгаах болно.  

    Тэгвэл бид бага насны хүүхдүүдийн өөртөө итгэх итгэлийг хэрхэн насан туршийнх нь эерэг дадал зуршил, хандлага болгон төлөвшүүлэх вэ?  

    Аливаа хүн ямар нэгэн зүйлийг хийж үзээгүй үедээ өөртөө ихэнхдээ итгэдэггүй, харин хийх тутмаа улам бүр туршлагажин, өөртөө итгэлтэй болдог. Нэг зүйлийг хийж чадсан хүн, нөгөө зүйлийг хийж чадах байх гэсэн итгэлтэй болдог. Түүнтэй адил юм хийж үзсэн хүүхэд л өөртөө итгэдэг, харин юу ч хийж үзээгүй, хийдэггүй хүүхдүүд өөртөө хэзээ ч итгэдэггүй бөгөөд “би чадахгүй”, “би мэдэхгүй” гэсэн айдас нуугдаж байдаг. Жишээлбэл: таван настай “Г” гэдэг хүү анхандаа “би чадахгүй” гээд аливаа нэг зүйлийг хийхээс байнга зугтдаг байснаа, ганц хоёр бүтээл хийхэд оролцоод л түүнд дуртай болж, бүр “багш аа бүтээлээ хийхгүй юм уу?”, өнөөдөр юу хийх вэ? “өө, би чадна ш дээ” гэсэн хандлагатай болчихсон байсан билээ. Үүнээс харахад хүүхэд бүхэнд ямар нэгэн шинэ соргог зүйлд өөрийн эрхгүй татагдах, хийж үзэхийг хүссэн далд хүсэл байдаг.

    Тэгвэл “ИНДИГО” хүүхдийн хөгжлийн төв нь “Би чадна” хөтөлбөрөөрөө тэрхүү хүсэл эрмэлзэл дээр нь тулгуурлан өөртөө итгэх итгэлийг гүн бат суулгаж төлөвшүүлэх ажлыг зохион байгуулаад байна. Тус хөтөлбөрөөр цаасан урлал, утсан урлал, наамал, баримлын шавар зэрэг хүүхдийн сонирхол татахуйц олон төрлийн  “Бүтээл” хийлгэх замаар “би хийсэн, би чадна” гэсэн “өөртөө итгэх итгэл” ийг нь хөгжүүлэхээс гадна, “өөрөөрөө бахархах, өөрийгөө үнэлэх” үнэлэмжийг нь нэмэгдүүлж байна.

    Та хүүхдээ хавтас дүүрэн бүтээлтэй, хэний ч өмнө чөлөөтэй ярьж чаддаг, хүсэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, өөртөө итгэлтэй, өөрөөрөө бахархдаг болгохыг хүсч буй бол “ИНДИГО” хүүхдийн хөгжлийн төвд хандаарай.

    “БИ ЧАДНА” хөтөлбөрийн цаг:

    Даваагаас Баасан гараг бүрийн 13:00 – 14:00

  • Болзоо

    Гэнэт цагаа харав. Болзсон цагт хэдхэн минут дутуу. Яарах хэрэгтэй. Яаръя. Хоцорч магадгүй. Хувцаслъя. Гэтэл хувцас олдохгүй. Яарах л хэрэгтэй. Яаръя. Яг л саадтай харайлт хийх гэж байгаа морь шиг түгших хэрнээ яарах. Гэрт нэг л бүрэнхий. Гэвч яарах л хэрэгтэй. Би болзсон. Өдөр бүр хүчтэй санагдах болсон тэр зэвүүн төрхтэй залуутай болзсон. Болзоо. Хуучирсан жинс, хорссон харц. Юу нь тэгтлээ намайг татаад байгааг мэдэхгүй.
    Хаанаас ч юм бүү мэд нэг онцгүй даашинз олж өмсөөд болзоондоо явав. Уйтгартай урт саарал гудамж. Хүмүүс, байшин. “Ямар дуусдаггүй урт гудамж вэ?” Яарна. Бүдэрнэ. Дахиад л гудамжны эхэнд ирлээ. Дахиад л гүйлээ. Болзсон цаг бараг өнгөрчихөж. Тэр хүлээх дургүй. “Далавчтай ч болоосой.” Цааш гүйв. Тэгсээр барааны газарт өнөөх модон сандал. Тэврэлдсэн хосын чулуун хөшөө. Бүрэлзэнэ. Бүр ойртоно. Яг тэнд, яг тийм залуутай болзохсон гэсэн багын мөрөөдөл урд, хойно минь орон жирэлзэнэ. Дурласан залуу ирчихэж. Зөвхөн л дурласан. Тамхи татан ууртайгаар нааш цааш холхино. Холгүйхэн гудамжны эхэнд түүн рүү би очиж явна. Тэр хүлээх дургүй. “Түр хүлээгээч! Ганцхан минут. Би очиж явна.” Гэнэт тэр тамхиа шидээд огцом эргэн цааш алхав. Дурласан залуу. Хуучирсан жинс. Хорссон харц. Би хашгирлаа. Гүйлээ. “Хүлээгээч дээ. Тэр ээ!”
    Тэр цаашилна. Хэзээ ч эргэж хардаггүй хүн. Тэгсээр ямар нэг булан тойрон алга болов. Өмнөхөн талд өнөөх л модон сандал. Тэврэлдсэн хосын ой гутам хөшөө. Энд хоёр эрэгтэй хүнийг дүрсэлжээ. “Шал тэнэг юм. Өмнө нь яагаад анзаараагүй юм бол?”
    Унтарч амжаагүй тамхины иш. Утаанд нь гараа ээхийг тэсгэлгүй хүсэв. Хажууд өнөөх л модон сандал. Тэврэлдсэн хосын ой гутам хөшөө. “Тэр дахин ирэхгүй.” Хорссон харц, хуучирсан жинс. Улам зэвүү, улам дотно. Шарлхуу нулимс урсах эсэхээ шийдэж чадсангүй. Сая л хөл нүцгэнээ анзаарав. Тийм ч ичмээр биш байлаа. Хаа нэгтэйгээс эмэгтэй хүн нэрээр минь дуудна. Ээжийн цангинасан хоолой. “Чи босохгүй юм уу?” Босоод цагаа харав. Болзсон цагт хэдхэн минут дутуу. Тэр хүлээх дургүй. “Ээж ээ, миний гутал хаана байна?” ээж чимээгүй. Харанхуй тасалгаа. Ганц төмөр ор. Тэнд би ганцаараа. “Ээж саяхан л байсан юмсан. Юу болоод байна аа?” Зовиуртай ганцаардал.
    Хаа нэгтэйгээс намайг дахин дуудаж, гараас минь хүчтэй дугтарлаа. “Ээж ээ, босохгүй юм уу?” босоод цагаа харав. Өгөршиж, үрчийсэн гарт цаг алга. Цаг зүүх ч эрхгүй болтлоо өтөлсөн хатингар эмгэн болзоондоо яарна. “Ээж нь босмооргүй байна.”

  • Нэвтрэх бүс

    Хүмүүст таалагдах хэрэгтэй юу? Тэгэх албатай гэж үү?. Ийм бодолтой явдаг тул надад найз нөхөд гээд байх юм үгүй. Эхэндээ хэнээс ч хамаарахгүй, хэнтэй ч орооцолдохгүй амар л байлаа. Яваад л байлаа. Амьдраад л байлаа.
    Нэг мэдсэн чинь биш ээ. Бүх зүйл нэг л биш. “Хэнэггүй, их зантай, хүйтэн, тэнэг, хөлдүү” юу юу гэнэ вэ? Ёстой бурж өгдөг сурагтай, тэд. Ингээд бодлоо. “Хүмүүст таалагдахыг хичээж эхлэх хэрэгтэй юм байна даа” гэж. Таалагдах тухай хичээлт мэрийлт. Угаасаа сураагүй юм гэдэг бусдыг залхааж орхидог юм билээ. Уг нь чамгүй зүтгэсэн шүү. Нэг сонссон чинь “Балай, утгагүй, залхмаар, хэлбэрдэгч, эв дүйгүй, итгэл үнэшилгүй” гэсэн тодорхойлолтыг зүүчихэж. Зарим нэг нь уйдахаараа миний утгагүй яриаг сонсож, инээд доог хийх гэж урьж залдаг байсан гэнэ.
    “Үгүй ер, гайгүй байлгүй. Ер нь тэд надад ямар хамаатай юм бэ. Би өөрийнхөөрөө болоод л байсан”. Ингэж бодоод дахиад л өөрийнхөө бусдаас хамаардаггүй амьдралдаа буцаж ирлээ. Өглөө эртийн сэрүүнд толгой нүцгэн зугаалж, шар ороолт, шар малгай, шар оймсыг хар шубан дээр өмсөөд хэний ч ойлгодоггүй гаж араншингаараа өөрийгөө хэсэг зугаацуулав. Нэг дуулсан чинь “Ёстой балай хүүхэн, тэр одоо юу вэ? Шар оймс байхдаа яахав дээ” гэлцэн доог тохуу хийж, бүр ам дамжуулан муулцгааж, үдийн зоогон дээр муугүй десерт болон хачирлагддаг сурагтай.
    Дахиад л зогслоо. Тэгсгээд яваад байж болох ч энэ бүхэн ажил амьдрал, хувийн харьцаа, амжилт дэвшил гээд олон зүйлд саад тотгор болох шинжтэй. Шар ороолт, малгай, гутал, оймсоо гал руу хийчихэв. Тэгээд хүмүүсийн ойлгомжгүй ертөнцөд дахиад л явж орчихлоо. Тэнэглэхээс эмээж эхлээд нэлээд сонслоо. Юу ч ярьсан сонсоод л байлаа. Уйлсан ч сонсоод, инээсэн ч сонсоод, муулсан ч, магтсан ч сонсоод л байлаа. Сүүлдээ зарим нь хэлж байна шүү. “Ухаантай, тэвчээртэй, ярилцахад сонирхолтой, цаанаа л нэг ер бусын тайван, түшигтэй, гэм нь хэтэрхий даруу”. Үгүй ээ, болоо ш дээ. Би өмнөхөөсөө шат ахисан л байна. Ийм бодлоор нэлээд явав. Болоод л байлаа. Хүмүүс ч овоо ойртов. Өөрийн гэсэн дэмий донгосогчидтой ч боллоо.
    Гэтэл би дахиад л тэдний дунд ганцаардаж эхэлдэг юм байна. Хүмүүс яриад л би сонсоод л… ”Хаашаа юм бэ, би одоо дуу хураагч, амныхаа хийг гаргадаг, агаар юм уу?”.
    -Би ч бас яримаар байна шүү дээ. Хүмүүст өөрийгөө хэн болохыг хэлмээр байна.
    Тэгээд би бага багаар ярианд оролцох болов. Тэд тийм ч таатай хүлээж авсангүй. “Энэ чинь одоо юу гээд байна аа” гэсэн гайхсан харцнууд миний амыг дагуулан мэлэрнэ. Миний хэлээд, яриад байгааг ойлгож байгаа шинж ч алга. Бараг л надаас “Чамд бас зовлон жаргал байдаг юм уу” гэж асуух нь халаг.
    Бодоод байсан чинь надад нэг хүсэл байж шүү. Гэхдээ өөрөө ч тэрнийгээ олж харахааргүй маш нууц газар байж. Арай гэж тэрнийгээ олсон боловч “Хэрхэн, яаж?” гэсэн асуулт гараад ирлээ. Асуултыг асуултаар хариулав. “Чи үнэнээ ярьдаг бил үү?”. Энэ асуултыг өөрөөсөө асуучихаад бодсон чинь “Тийм” гэсэн хариулт дуулдаж байна, хаа нэгтэйгээс. “Тэгвэл хүмүүс үнэнд дуртай бил үү?”. Үүний хариултыг харин “тойрон хүрээлэгчдээсээ” олох гэж нэлээд цагийг барлаа. Эхлээд чин үнэн түүхийг ярив. Сонирхол нь нэлээд буурч байна аа, тэдний. Дараахан нь жаахан хүч оруулсан худлаа баахан түүх ярилаа. Анзаарч байна шүү. “Тийм үү” гэж ирээд л нүд нь том болцгоон амаа ангайлдана. /хэ хэ хэ/ Хөөрхийс, гэж.
    За, ингээд залж эхэллээ дээ. Ёстой санаандаа орсныг жинхэнэ юм шиг л залж гарлаа. Би гэдэг амьтан хойморт залагдаж, эгэл жирийн гэхэд дэндүү эгэл биш амьдарсныхаа төлөө /худлаа ярьж чадсаныхаа төлөө гэх үү дээ/ жинхэнэ сонирхол татсан хүн болж хувирлаа. Гар барих гэж, мэндлэх гэж, надтай найз байх гэж өрсөлдөн дайтах болов, нөгөөдүүл чинь. Зарим нэг нь гар даллан гүйж ирээд, хүзүүдэн авч шовхийтэл үнсэх нь энүүхэнд.
    “Хөөрхийд туслахсан, нэг сайхан ярилцахсан, хамт байхад салмааргүй гээч…”
    Зорьсондоо хүрчээ. Болж. “Олонтойгоо явах чинь дажгүй ч юм уу?”. Амьдралаас их зүйл сурчээ. Сайхан худлаа ярих ч сайхан шүү. Гэтэл…гэтэл…гэтэл… Яасан гээч? Өөрийнхөө жинхэнэ амьдралыг мартчихаж. Бүр таг мартаж орхижээ. Санах гэж хичнээн ч хичээвч зарим нэгийг нь мундаг хүн болох гэж уйлж байгаад ярьдаг байсан зохиомол амьдралтайгаа хольж хутгаад болдоггүй ээ. Хэтэрхий худлаа ярьснаасаа болоод хүмүүсийн чин сэтгэлд чамгүй том байр эзэлсэн ч харин өөрөө өөрийнхөө дотор байсангүй. Бүүр сүүлд бодсон чинь өөрөөсөө өөрийгөө хайх чинь л хамгийн нэвтэршгүй бүс байсан юм билээ.

  • …Үргэлжлэхгүй (өгүүллэг)

    Айдас. Түгшүүр. Цагаа олоогүй зочин хэвлийд нь сэржээ. Ижий итгэхийг хүссэнгүй. Бие нозоорч дотор муухайрна. Тэр бодно. Бодол өдөржин хөвөрч биеэ чагнана.
    Хаа нэгтэй түгшүүр нуугдана. Түгшүүр ижийг хэзээ хэзээгүй базаж авах гээд байх шиг. Шиг дуусаагүй байтал дотроос хэн нэг нь гэнэт тийрэв. Зэрэгцээд танил эмчийн дүр. Үр хөврөл устгадаг бүсгүй.

    Утас. Хаяг. Эрэл. Түгшүүр. Аврал болсон хаяг. Оллоо. Тэмдэглэлийн дэвтрийн тасархай хуудас. Салгалсан гар. Утас залгав. Харилцуурын цаанаас ялдам хоолой.
    “Байна уу?…Өө тэгсэн үү?” Тэр бохь зажилж байна. “Хүрээд ир. Үзье.” Ижий уртаар амьсгаа авахыг оролдоно. “Жаахан хүүхэд хөөрхөн л дөө. Гэхдээ одоо л биш шүү.”

    Эмнэлэг. Эм тарианы эхүүн үнэр. Хиртэй гар хүрэмгүй цагаан халаадтай танил эмч. Дандаа л ийм байдаг. Цовоо цолгин яриа. Дуу шуу, ажил төрөл. “За яадгийм, яадгийм. Энэ орон дээр гар даа.” Төмөр толь. Шохойдсон цагаан адар. “Өнөөдөр ачаалал ихтэй байлаа. Тэгсэн чинь чи…Санаа зоволтгүй дээ.”

    Цонх. Цэнхэр хөшиг. Цэнхэр тэнгэр. Тэнгэрийн доор хүүхдийн цовоо дуун. Нэг нь ээжийгээ дуудан уйлагнана. Улаанаар будаж үзүүрлэсэн урт чамин хумснууд хэвлийг цоортол дарна. Хэвлийд нь нэгэн амь атиралдав.
    Хүсээгүй мэдээ. “Найзаа дэндүү томорчихож. Чи эртхэн ирэхгүй дээ.” Тэртэй тэргүй болж бүтэхгүй байгаа өдөр хоногуудын саарал зургууд… ”Яаж ийж байгаад тус бол л доо. Үнэ хөлсийг нь гомдоохгүй.” Өрөөн дэх утас хангинав. Үзүүрлэсэн урт улаан хумстай гуалиг цагаан хуруунууд. Гялтгасанан хар харилцуур. Ер бусын зохицол. Танил бүсгүйн баяртай яриа. Хэн нэгэнтэй уулзахаар болзоно. Бүсгүй утсаа тавиад дахин хэвлий орчимд дарж, тогшино. Түүний нүдэнд ямар ч гуниг алга. “Уг нь болохгүй л дээ. Гэхдээ яахав. Чамд л гэж…Орой ажил тарахаар хүрээд ир.” Ёох… Тэр уужирлаа. Бяцхан зочин урьдынхаасаа ч хүчтэй тийчигнэв. Ижий анзаарахгүйг хичээнэ.

    Автобусны буудал. Хүмүүс. Нэг хаалгаар таван хүн орохоор зүтгэнэ. “Тавуулаа нэг хаалгаар зэрэг ордоггүй.” Сандал. Түүн дээр суусан хүүхэд ижийд суудал тавьж өглөө. Дараагийн буудал. Хүмүүс. Нэг хаалгаар таван хүн буухaар зүтгэнэ. Кондуктор. “Жирэмсэн эхэд суудал тавьж өгөөрэй”. 

    Жирэмсэн бүсгүй түүний дэргэд суув. Хоёр ээж. Одоохондоо амьд амь дөрөв. Ажил тарахад нэг нь байхгүй болно. Үүрд. Зүүний үзүүр дээр тогтож үлдсэн тарианы ганц ширхэг үр.

    …Ажил тарах цаг. Ээж. Эмнэлэг. Эмч “За орон дээр гар даа”. Хажууд зэрэгцүүлэн өрсөн төмөр багаж. Цустай хувин. “Жаахан өвдөх байх” Өвдөлт ижийн зүрхийг базлахад хэвлий дэх бяцхан зочин алавхийн хөдлөв.
    -Хүн болчихсон байна.
    -Тэгээд яахав?
    -Мөчлөхөөс…
    Шургуулсан төмөр үл мэдэг хөдөлнө. Тэр амьсгалж байна. Бичил амь-бичил амьсгал. Амьдралд түүний илэрхийлсэн сүүлчийн хөдөлгөөн. Эмч хэвлийг төнхөж эхлэхэд үр өрцнөөс нь амь тэмцэн зууралдахыг ижий мэдэрлээ. Төдөлгүй ертөнцийн дуу чимээ эх, үр хоёроос нэгэн зэрэг дайжив… Сэрэхэд эмч саяхан ээж байсан бүсгүйн дээрээс инээмсэглэн тонгойгоод цустай бээлийгээ тайлахыг оролдоно.

    Цус. Инээмсэглэл. Цустай хувинд тэнгэрээс илгээгдэж хэвлийдээ устгагдсан үр. Дэргэд нь үрээ булшилсан хэвлий.

  • Сайхан гэр бүлийн зарчим

    Манай Индиго төвийн хамт олон монгол гэр бүлийн аз жаргалтай амьдрахуйд зориулсан өдөр бүрийн санамжийг боловсруулж гаргалаа. Өдөр бүр гэр бүлээрээ сонсвол өдөр бүр жаргалтай байх болно оо.

    Шууд сонсох

  • МЭРГЭЖЛЭЭ ХЭРХЭН ЗӨВ СОНГОХ ВЭ буюу ИРЭЭДҮЙТЭЙ МЭРГЭЖЛҮҮД

    Star телевизийн мэдээнд зочноор оролцож, мэргэжлээ сонгож байгаа хүүхдүүд болон мэргэжил сонголтод нөлөөлж буй эцэг эхчүүд, багш нарт зориулж “Ямар мэргэжлүүд ирээдүйтэй вэ, мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ” сэдвээр шууд ярилцлага өглөө.