Уналтаасаа ололтыг хай
Уураасаа уучлалыг хай
Зүрхнээсээ зөвийг хай
Өөрөөсөө өөрийгөө хай
Өрөөл бусдаас харин алдааг битгий хай
Хардалтаасаа хайрыг хай
Харин тэгж чадвал
Амьдарлаас
Аз жаргалыг чи олно
Category: Uncategorized
-
Аз жаргалын эрэлд
-
Хэрвээ маргааш миний сүүлийн өдөр байсан бол
Хэрвээ маргааш миний сүүлийн өдөр байсан бол.. за ямар ч байсан далай үзнэ гэсэн хүслээ биелүүлнэ. Ганц өдрийн дотор Номхон далайруу ниснэ гэвэл цаг их шаардана, тэхээр ойрхоноор нь Хөвсгөл явна. Далай үнэхээр сайхан байх даа… Эхээс төрөхдөө бид чинь усан дотор нүв нүцгэн байж байгаад төрдөг шүү дээ… Тэрэн шиг хэн ч байхгүй далайн хэсгээр нүв нүцгэн алхана… Үнэндээ үхэхдээ энэ хорвоогоос нүв нүцгэн л буцна шүү дээ… Zara-гийн цамц, Gucci-гийн бүс, Swatch-ийн цаг, Mustang-ийн өмдөө гээд энэ бүхэнээ тайлаад л нүв нүцгэн алхана, тэр үед би хэнд ч таалагдах албагүй, хэн ч намайг таалах албагүй… тэртээ тэргүй надаа тэр бүхэн хэрэггүй болно шүү дээ…Энэ биеээ ч авсанд үлдээх болохоор сүнсээ л аваад явах байх…. Нүдээ анихгүйгээр бясалгал хийж болдог ….далайг хараад л бясалгал хийж суух байх…Бас яаж ийгээд нэг шүхрээр үсэрнэ…. Хэхэ юунаас ч айхгүй харин ч нэг сайхан үсрэнэ дээ…. Тэгээд… ээжийгээ тэврээд л уйлаад суугаад байна байх…. Мэдэхгүй юм… хамаг өнгөрсөн нүдний өмнүүр зурайж байна…. Хэний төлөө, юуны төлөө амьдрав? Буян хэр хийв? Нүгэл ч зөндөө хийсэн…Зөвхөн далайн эргээр нүцгэн алхах гэж, шүхрээр үсрэх гэж амьдарсиймуу Халиукаа?…. гэхдээ бусад хүмүүс юу гэх нь хамаагүйээ…Жаахан ч гэсэн өөртэйгөө байх гэсэн юм…..Азаар маргааш сүүлийх биш юм….Гэхдээ л хэн мэдэхэв… Юмыг яаж таахав… Бодох л хэрэгтэй…..Амжуулах л хэрэгтэй… Амьд байхдаа… Буян буян… энэ л хойд насанд минь хэрэг болно…
Харин маргааш таны сүүлийн өдөр байсан бол та яах байсан бэ?
-
Манлайлагч гэж од уу? мод уу?
Манлайлагч гэж хэн бэ?
Өнөөдөр техник технологийн хөгжил асар хурдацтай өсч бараг бүх л зүйл автоматчилагдан, хүний гараар хийгээгүй зүйл гэж бараг үгүй болжээ. Та биднийг ийм түвшинд хүрэхэд хэн тусласан бэ?
-Тиймээ, мэдээж үе үеийн агуу манлайлагчид, удирдагчидын хүчээр бид энд ,одоо амьдарч байна. Хамгийн ойрхоноор бодоход Чингис хаан байгаагүй бол Монгол гэж үндэстэн байхгүй байх байсан.
• Манай тооллын өмнөх тавдугаар зуунд амьдарч байсан Сократын тухай Алкивиад гэгч өгүүлэхдээ: Сократын яриаг сонсоход онгод нь орсон тайлгач нарынх шиг зүрх минь булгилан цохилж хоёр нүднээс минь нулимс асгардаг, бусад хүмүүс ч мөн л тэгдгийг би харсан, Перикл хийгээд уран илтгэгчид уран сайхан ярьдаг боловч тэгж уярч байсангүй, боолын амьдралдаа гутавч сэтгэл минь тэгж үймэрч бачимдаж байсангүй” гэж өгүүлжээ.
• Күнз: Түүнийг 3 настайд эцэг нь, 17 настайд нь эх нь хорвоог орхиж амьдралын хүчир хатуу хяслан нөмөрсөн ажээ. Өнчин хөвүүн амьдрахын эрхээр амьтан хүний найр наадам, бэлэвсрэл гашуудлын үйл дээр очин бүрээ бишгүүр үлээж, язгууртан хэргэмтний гэрийн сангийн нярав хийж, данс хөтлөх, мал хариулах зэрэг хар бор ажилд нухлагдан амьдралыг туулах гараагаа үл шантран эхэлсэн юм. Күнзийн хамгийн хайртай шавь нарынх нь нэг Ян Хуй нэгэнтээ хэлэхдээ: “Өдөрт ганц сагс хоол, ганц тужрага усаар гол зогоон, бөглүү гудамжнаа суух нь бусад хүмүүн аваас түүний зовлонг үл тэвчилтэй” хэмээн халаглан өгүүлж, амьдралын бэрхийг даван туулах хүчийг нь бахдан өгүүлжээ. Күнз бүхий л амьдралаа уламжлалт соёлыг сэргээх, сайн ёс суртлыг номлох, түгээн дэлгэрүүлэх, хүн ардыг соён гэгээрүүлэхэд зориулсан байна.Тэд бол гайхамшигт хүмүүс
Тэд бол амьд түүх
Тэд бол амьд бурхад
Тэд бол мод.
Яагаад мод гэсэн бэ гэвэл мод хамаг бүхнийг тэжээгч хүчилтөрөгчийг үүсгэж бас усыг ялгаруулдаг. Тэр модыг ивээгч нар нь хайр, харин услах хур бороо нь урам зориг бас шүүмжлэл юм. Учир нь тэд бусдын хайр хүндэтгэлийг хүлээж тэдний урмын бас шүүмжлэлийн үгсээр улам бүр хурцлагдаж байдаг.
Үндэс нь тэдний сэтгэл зүрх ба мөчир нь эргэн тойрон хүрээлэгч хамт олон, ажилагсад юм. Үндэс сайтай мод сайн, өндөрт ургадаг. Тэр чинээгээрээ олон ч мөчиртэй болж түүнээс нь их үр жимс ургадаг. Өөрөөр хэлбэл сэтгэл сайтай удирдагчийн ажил ч бүтэмжтэй байдаг. Тэр ч утгаараа түүний ажилчид ч бусдаас сайн ажиллаж байгууллагаа амжилтанд хүргэдэг.
Үндэс хэдийгээр хамаг хүндийг үүрч модыг газартай бэхэлдэг ч, хэзээ ч “Би хамгийн хүнд ачааг үүрдэг” гэж гомдолдоггүй, тэр газар доор байдаг, хэнд ч харагдахгүй. Тэрээр чулуу ч таарсан тойроод гардаг уян шинж чанартай. Тэрэн шиг сайн манлайлагчид өөрийгөө дөвийлгөж магтдаггүй, тэд байгууллагын хувь заяаг шийддэг, хамаг ачааг үүрдэг атлаа гомдолдоггүй, тэвчээртэй.
Өндөрт ургасан модыг салхи ганхуулах гэж, унагаах гэж үздэг. Түүний адилаар хэрэв хүмүүс танаар оролдож, унагаах гээд байвал та том болсон байна гэсэн үг.
Хүн болгонд манлайлагч болох чадвар бий. Гагцхүү өөрийгөө нээж, юуг хүсч мөрөөддөгөө тодорхойлж, ямар ч зүйлд хүрнэ гэдэгтээ л итгэлтэй байх хэрэгтэй. Итгэл гэдэг бол манлайллын хамгийн гол зэвсэг юм. Учир нь та бусдын итгэлийг даадаг, бусдад итгэл хүлээлгэж чаддаг, хэнийг ч өөртөө итгүүлж бусдыг байлдан дагуулж чаддаг л бол та манлайлагч.
Та бол гайхамшигт хүн
Та бол амьд түүх
Та бол манлайллын мод
Та бол Монголын ирээдүй. -
Англи хэлний дүрэмийг эзэмших энгийн арга
Баяраа гэдэг англи хэлний дүрмүүдээ сайн мэддэг, тестүүд сайн хийдэг залуу байжээ. Хэдийгээр тэр PASTSIMPLE (энгийн өнгөрсөн), PRENSENT CONTINIUOUS( одоо үргэлжлэх), PRESENT PERFECT (төгс одоо ) гэх мэтчилэн бүх цагуудаа тайлбарлаж чаддаг, уншаад ойлгодог байсан ч яг англи хүнтэй ярих гэхээр аль цагаа хэрэглэхээ мэдээхгүй будилж, ярьж чадахгүй гацдаг байв. Тэр дүрмээ сайн сурсан боловч өөрийн болгож эзэмшиж чадаагүй байжээ.
Харин тэрээр нэгэн аргыг хэрэглэсний дараа дүрмүүдээ жинхэнэ утгаар нь ярианд хэрэглэж чаддаг болсон юм. Тэр нь юу вэ гэвэл :
Баяраа англи хэл дээр нэгэн түүхийг олон удаа давтан сонссон байна.
Ямар нэгэн түүх гэдэг нь өөрөө бүх цагуудыг агуулсан байдаг. Жишээ нь: Romeo Juletta-гийн түүх өнгөрсөн цагт хосууд танилцаж, одоо цагт тэр 2-ын үйл явдал хэрхэн болж буйгаар үргэлжилж, ирээдүйд хэрхэн үйл явдал болж буйгаар өрнөдөг. Сонсголын дасгал гэдэг өөрөө аливаа хэлийг сурах хамгийн хүчирхэг арга юм. Баяраа өөр өөр цагуудыг агуулсан тэрхүү түүхийг сонссоноор одоо англи хүнтэй төвөггүй харилцдаг болсон юм. Учир нь тэр англи хэлний дүрмийн нууц буюу МЭДРЭМЖ гэдэг зүйлийг тэр эзэмшиж чадсан байна. Дүрмийн мэдрэмжтэй болсоноор ямар үед аль цагиийг хэрэглэх вэ? гэсэн мэдрэмжтэй болж харилцан яриан дээр гацахгүй яридаг болдог. Үүнийг гагцхүү сонсголын дасгалаар дамжуулан эзэмших боломжтой гэдгийг дахин сануулъя.СОНСОХ ТУСАМ та илүү сайн ойлгодог болно.
СОНСОХ ТУСАМ та илүү сайн ярьдаг болно.Таны англи хэл сурах их аянд амжилт хүсье.
-
Та баяжмаар байна уу
Уншвал ухаан баяжина
Уурлавал стресс баяжина
Хайрлавал сэтгэл баяжина
Хөдөлмөрлөвөл амьдрал баяжина
Зовлонг давахад тэвчээр баяжина
Зориглоод хийхэд амжилт баяжинаа -
Citizen of Mongolia
Миний нэр Номинсувд. Урд нь би зүгээр л Номинсувд л байлаа. Аав ээжийн охин, эгч, найз, оюутан, ажилтан гээд. Харин одоо нэг зүйлийг илүү их ойлгодог боллоо.
Oдоо бол би Монгол Улсын иргэн М. Номинсувд гэсэн тодотголтой байдаг болсон. Би эх орныхоо өмнө урд урдынхаас илүү хариуцлага хүлээж байгаа.
Заавал энэ талаар бодоод бичээд байх хэрэггүй л дээ. Гадаадад амьдардаг хүн бүхэн мэддэг биз. Гэхдээ гадаад улс орны хүмүүс бид нараар л дамжуулж бидний эх орон, түүх соёл, соёл уламжлалыг мэдэж авна. Өөрөөр хэлвэл Номинсувд эх орныхоо тухай юу ярина тэр бүгдийг хүмүүс яг тэр чигээр нь хүлээж аваад тийм ойлголттой л болно.
Нэр хугарахаар
Яс хугар гэж ардын мэргэн үг байдаг даа.
Би юу хийнэ Монгол хүмүүс бүгд ийм байдлаар хийдэг гэж бодно. Ингэж бодохоос аль болох эх орныхоо нэрийг сайнаар гаргах юмсан гэж илүү их хичээх болсон. Хичээл дээр ч тэр, бусад газар ч тэр. Энэ ч гэсэн эх орныхоо төлөө хийж чадах жижиг ч гэсэн зүйл минь юмуудаа. Яахав бодож магадгүй л дээ. Юун ч сүртэй юм. Ингэж ямар нэг юманд баригдаж болохгүй, өөрөөрөө бай гээд л. Гэхдээ л өөрийн эрхгүй эх орноо гэх сэтгэлтэй болчихдог юм билээ.
Нэгэн жишээ: Саяхан манай ангийн залуу (Монгол) анги дээр цамцаа индүүдэлгүй ирэв. Цамцных нь зах доошоо налмайж унаад байхаар нь шүдээрээ хазаж байгаа юм. (индүүний оронд шүдээ ашиглаж байгаа хэрэг.) Бид нарт инээдтэй л байсан л даа. Тэгсэн харин нэг Япон эмэгтэй Монгол хүн болгон индүү байхгүй бол шүдээрээ индүү орлуулдаг уу гэж асуудаг юм байна. Иймэрхүү жижиг зүйлсээс л эхэлж байгаа юм даа. Тэгээд л цаашаа Япон хүмүүстээ Монгол хүмүүс шүдээрээ цамцныхаа захыг хазаж индүүддэг гээд л яриад явчихна шүү дээ.
Зөвхөн энүүгээр ч зогсохгүй залуучууд бид нар эх орныхоо түүх соёл, аж амьдрал, байгаль экологийн талаар их мэдлэг дутуутай байдаг юм билээ. Ямар ч сэдвийн талаар хэлэлцүүлэг явагдаж байсан заавал орон орны хүмүүсээс танай улсад яадаг уу? Яг ямар байдаг уу гээд л бүгд асууна. Бид нар ч бас бусад хүмүүсээс асууна. Тэд нар юу гэж хэлнэ тийм байдаг гэж л ойлгож авна.
Их үйлс бүтээж гийгүүлж чаддаггүй юмаа гэхэд ядаж биеэ зөв авч явж, ярих, үйлдэхээ цэгнэж байя.
-
Хөлсний үнэр
Өчигдөр зориуд зав гаргаж байгаад зааланд очиж бэлтгэл хийлээ. Ойрд зааланд бэлтгэл хийгээгүй, цуцаж байна шүү. Бүх биеийн хөлс урсаад биеийн хөшөө арилж сайхан боллоо.
Уламжлалт тулааны урлагийн холбоо залуучуудыг үнэгүй бэлтгэлд хамруулж, шалгаруулаад ажлаар хангаж байгаа нь их сайхан санагдлаа.
Ер нь тулааны урлаг нь хүнийг цогцоор нь буюу бие, сэтгэл, сэтгэхүйг хөгжүүлдэг арга зам гэж боддог. Бие бялбарын хувьд боловсорч сэтгэлзүйн хувьд хат тэнхээтэй болж оюун ухааныг хөгжүүлж төлөвшүүлдэг. Монголчууд эртнээсээ энэ урлагаар дамжуулан хүүхэд залуучуудаа ёс суртахууны болон бие бялдарын өв тэгш хүмүүжлийг олгодог байжээ. Тулааны урлаг нь монголчуудын хувьд хичээллэдэг эрдэм ч биш, амьдралынх нь өдөр тутмын хэв маяг, салшгүй нэг хэсэг нь байжээ. Дэлхийн олон олон тулааны спортууд Монголын уламжлалт тулааны урлагаас гаралтай гэдгийг батлах олон баримтууд байна. Байлдан дагуулалтын үед олзолсон цэргүүддээ тулааны урлаг зааж өгдөг байсан бөгөөд тэр нь хөгжсөөр олон төрлийн спортын төрлийг бий болгожээ.Хүүхэд байхдаа янз бүрийн кино үзэж, тэрийгээ дууриаж үсэрч цовхордог байлаа. Хожим нь оюутан болсон хойноо спортын клубт хичээллэдэг болсон юм. Эргээд бодоход тулааны урлаг надад маш олон зүйлийг өгчээ. Сэтгэлийн хат тэнхээ, өөрийгөө ялах, тэвчээрийн хязгаараа ялан дийлэх, өөрийнхөө нөөцийг бүрэн шавхах гэх мэт.
Хөлс урсаад л, багшийн дасгалуудыг тоогоор хийгээд л бүх бие цуцна. Тэгээд хөлийн сунгалтыг хүчээр шахна. Бие маш сайн халсан учир бэртэнэ гэж байхгүй, гэхдээ маш их өвдөлт ирнэ. Яг л энэ үед болъё оо гээд орилмоор санагдах үе олон байдагсан. Цуварсан олон дасгалууд тоогоор нь хийгээд бүх биеийн булчин гүйцэтгэлгүй болоод өөрийгөө хянаж чадахгүй үед, уналтын техникээ буруу хийгээд доргилт бэртэлт авах үед заалнаасаа гараад гүймээр санагдах үе олон бий. Гэхдээ энэ бүхнийг даван туулж байж хүнд ямар их нөөц хүч чадал байдгийг, сэтгэлээ удирдаж чадахгүй бол хүн ямар өчүүхэн амьтан болохыг мэдэрдэгсэн. Хүнд хэцүү бэлтгэл дууссаны дараа тамирчид бүгд чимээгүй суугаад өнөөдөр хийсэн бүх дасгалаа бодож, биеийн булчинг суллах үе. Энэ бол хүн зорьсондоо хүрсэний дараа мэдэрдэг тэр гайхалтай агшин. Энэ үе нь хамгийн их таалагддаг байсан.Ер нь өөрийгөө бүрэн дайчилж чадахгүй байна гэж хэлдэг залуусыг би спорт заалаар ороод яг бэлтгэл хийж буй заалруу ороод тамирчид хэрхэн бэлтгэл хийж буйг нь хараасай гэж боддог юм. 2004 онд байхаа, спотын төв ордоны 2 давхарт Чөлөөтийн заалруу орсон юм. Тэгээд тамирчидын бэлтгэл хийж байгааг хараад 1 цаг гаруй суусан. Тэнд Өсөхбаяр аварга, Сумъяабазар аварга, Пүрэвбаатар бүгд л бэлтгэлээ хийж байсан.
Хөлс зогсолтгүй асгарчихсан, нэг захаас нөгөө зах хүртэл хүнд хэцүү дасгал хөдөлгөөнийг хийж, минутад 100 гаруй суниаж, хүнд хэцүү мэхүүдийг тасралгүй давтаж байсан юм даг.
Тэр үед бодож байсан. Хөөрхий, бидний өөрийгөө дайчлана гэж яриад байдаг маань, эдний хажууд бол юу ч биш юм байна аа, хүн ингэж л өөрийгөө дайчилж байж, юманд хүрдэг юм байна гэдгийг яс махандаа шингэтэл мэдэрсэн дээ.Өөрийнхөө бүх л ажилд яг л энэ тамирчид шиг өөрсдийгөө дайчлах ёстой юм байна гэж бодож байсан. Хэрвээ та өөрийгөө дайчилж, өөрийгөө ялан дийлж чадахгүй байгаа бол аваргууд хэрхэн бэлтгэлээ хийж, өвдөлт, ядралтыг хэрхэн даван туулж байгааг мэдрэхийн тулд спорт зааланд заавал очоорой.
Тэд ингэж л бэлддэг юм…
-
Завгүй амьдрал !!!
“Сортоо” клубээс санаачилсан “Ээждээ зориулж мод тарьцгаая” уриалгыг дэмжиж, өөрөө ч уриалж хүмүүсийг хэрхэн хүлээн авах нь вэ? гэж ажиглалаа. Ихэнхи хүмүүс таатай сайхнаар хүлээн авч байна. Баглаа цэцэгний мөнгөөр ээждээ зориулан мод тарьж, гарын бэлэг авч, дурсгалын самбар босгуулж, тоглолт үзүүлж ээжийгээ баярлуулах боломж энэ хөтөлбөрөөс өөр үгүй биз. Хүмүүсийн тарьсан мод нь нийлээд Эх нялхасын төвийн гадаа төгөл болно. Ингээд л боллоо. Хэн нэгнийг хийсэнгүй гэж орилж хашгирч энергээ барахын оронд хамтын хүчээр хийчихэж болж байна.За тэр дунд завгүй гэж байгаа хүн ч багагүй байна.
… Тэгээд асуулаа …
Та, төрүүлсэн ганц ижийдээ л… зориулаад ядаж 1 мод ч гэсэн тарихгүй юм уу ?! Та яагаад завгүй байгаа юм бэ? Төрүүлсэн ганц ээждээ хэзээ зав гаргах вэ? Ижийдээ зориулах 30 минут танд байхгүй гэж үү? Завтай болох тэр өдөр чинь нэгэнт оройтсон байх вий дээ? гэж асуусаны дараа ганц нэг хүн юм бодож л байх шиг байна.
… Тэгээд бодлоо …
Завгүй амьдралын хэмнэл дунд бид юуны төлөө өдөр шөнөгүй гүйлдэнэ вэ?
– Ээжрүүгээ утсаар ярьсан уу?
– Би завгүй
– Аав аа, надтай хамт тоглооч
– Би завгүй
– Ээжээ, надтай ярилцаач
– Би завгүй
– Уулзаж, нэг сайхан ярилцах уу?
– Би завгүй
– Сайхан хоол хамт хийж идэх үү?
– Би завгүй
– Хамтраад хийнэ гэсэн юу болсон бэ?
– Би завгүй
– Би завгүй, БИ ЗАВГҮЙ, ЗАВГҮЙ ЭЭЭ,… завгүй, … зав байхгүй,… зав болохгүй байна, уг нь зав байсан бол, завтай ч болоосой, ЗАв, зав, ЗАВ… АЙМААР ЗАВГҮЙ… Зав чөлөөгүй амьдрал…
Аз жаргалын төлөө гэсэн атлаа, хажууханд минь аз жаргалаа, баяр баясгалангаа анзаарах ч завгүй амьдраад л… хамгийн үнэ цэнэтэй зүйлээ орхиод,… Юуны төлөө амьдраад байгаагаа ч анзаарах сөхөөгүй… АМЬДРАХ Ч ЗАВГҮЙ АМЬДРАЛ.Гэр бүлээ жаргаана гээд л гүйгээд байсан. Нэг сэхээ орсон чинь, хүүхэд нь ч танихаа байчихсан байвал яах уу? Гэр бүлийнхэн нь нэг оройг ч болов халуун ам бүлээрээ хамт сууцгаахыг хүсэж, тэр нь гэр бүлийн аз жаргал нь байсан байвал яах уу? Хүүхэдтэйгэээ хамт хичээл давтах нь нөгөө бүтээх гээд байсан аз жаргал нь байсан бол яах уу?
Хамгийн чухал зүйлдээ цаг гаргахаа мартчихдаг завгүй хүмүүс л гүйлдээд байгаа юм биш биз дээ!!!.. Өнгөрсөн хойно эргээд харсан чинь хамгийн чухал зүйлсдээ зав гаргалгүй өнгөрөөсөн байх вий дээ!!!
-
Imagination vs Reality
Энд ирэхээс өмнө энэ орны тухай киноноос, нэвтрүүлгээс, хүмүүсийн зурагнаас гээд их л олон төрлийн мэдээллийн хэрэгсэл дээрээс харж байлаа. Анх ирэхдээ яг л тэр төсөөллөөрөө (өндөр өндөр барилгууд, цэвэрхэн сайхан гудамж талбай, үргэлж инээсэн мишээсэн хүмүүс, үйлчилгээний өндөр соёл гэх мэтчилэн бичээд байвал зөндөө) байв. Харин анх буугаад л нисч явсанаа газардах шиг болсон доо. Нисэх онгоцны буудлаас буугаад амьдрах газар хүртлээ эргэн тойрноо ажиглан явбал хоорондоо ялгаатай тэс өөр өөр орчинг хэдхэн метрийн зайнд (хоорондын зай) л харж байлаа.
Ер нь бол Америк орон бол сайн сайхан, муу муухайгийн бүх л туйлууд холилдон оршдог асар том гүрэн юм билээ. Тэр чинээгээрээ энд юм юм л байна. Гэхдээ би мууг нь дурдах гэсэнгүй ээ. Зүгээр л зарим хүмүүсийн ярьж байхыг (манай эх орон л заваан муухай хогтой, амьдрахад тохиромжгүй байна, гадаадад л очиж амьдарвал болчих гээд байна гэх мэтчилэн. Бид л өөрсдийнхөө амьдарч байгаа орчиноо бүрэлдүүлж, гэрэлтүүлж, бүтээж байдаг шүү дээ. Та ямар байна таны байгаа орчин тийм л байна. ) зөндөө сонсож байсан болохоор аль ч газар, аль ч соёлтой оронд ч бас адилхан л сайн, муу бүгд байдаг гэж хэлэхийг хүссэн юм.
За олон юм нурших яахав. Энэ орон 308,745,538 хүн амтай (2010 оны тооллогоор), 9,826,675 km2 газар нутагтай, July 4 (Independence Day, энэ өдөр зөвшөөрөгдсөн бүх л газар ёслолын буудлага хийж баяраа тэмдэглэдэг. Талархлын баяр, Кристмасын баяр, Тусгаар тогтнолын баярууд бол хамгийн их SALE зарлагддаг том баярууд юм. Хүмүүс хар өглөөнөөс эхлээд хонон өнжин дэлгүүрүүдийн гадаа дугаарлаж зогссон харагддаг юм билээ. Хямдрал ч жинхэнэ утгаараа байдаг даа. ), 1776- нд Их Британий Хаант улсаас салан тусгаарлаж тусгаар тогтнолоо зарласан, Барак Обама ерөнхийлөгчтэй, Вашингтон ДС нийслэлтэй, Номхон далай, Атлантын далайгаар хүрээлүүлэн оршдог. Хоёр дахь албан ёсны хэл нь Спайн. Ер нь бүх л газарт нь Англи болон Спайнаар тайлбар хийсэн байдаг. Мексиктэй хил залгаа оршдог болохоор Мексикүүд их амьдарна. За тэгээд ер нь шар, хар (хар хүмүүс гэснээс бидний сайн мэдэх Мартин Лютер Кинг хар хүмүүсийн эрхийн төлөө жагсаал хийж, “Би мөрөөдөж байна” хэмээх алдарт илтгэлээ тавьж байсан. Тэр үеэс хойш хар хүмүүсийн эрх ашиг зөрчигдөх нь багассан ч гэсэн бас л арьс өнгөний үзэл, ялгаварлан гадуурхах асуудал байсаар л байдаг юм байна лээ. Би хэдэн цэвэр Америк хүмүүсээс асууж үзсэн. Түүхтэйгээ холбож тайлбарладаг юм билээ. Анхнаасаа л хар хүмүүс боол байсан болохоор шар хүмүүс тэднийг бүрэн хүлээн зөвшөөрөхөд илүү их хугацаа шаардана гэсэн. Одоо бол хар, шар хүмүүс хамтдаа ажиллаж сурсан, харин хамтдаа чөлөөт цагаа өнгөрөөж, найз байж чаддаггүй гэсэн. Хар хүмүүс бол бас их сонин сэтгэхүйтэй, өвөрмөц хүмүүс юм билээ. Бүх л талаараа. Эдний талаар тусд нь бичих болно.), улаан гээд л төрөл төрлийн хүмүүс аж төрөн сууна даа. Тэдний нэг нь би өөрөө. Ази хүн. Гадаад оронд удаан хугацаагаар амьдарч сурна гэдэг хүний амьдралын бас нэг гоё туршлага юм билээ. Их олон олон асуудлууд, ололтууд, боломжуудтай би өдөр бүр нүүр тулсаар… давсаар… ашигласаар… амьдарсаар. Одоо харин ажигласнаа бичиж эхэлсээн.
Нэмэлт: Америкийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл авангаа хэлээ сайжруулахыг хүсвэл зочлоорой.
http://en.wikipedia.org/wiki/The_united_states_of_america
Зам зурайсаар би алхсаар.
-
Амжилтанд хүрсэн эрэгтэй хүн бүрийн ард гайхалтай бүсгүй хүн байдаг
Хүн бүхэн сайхан гэр бүлийг хүсэж мөрөөддөг боловч сүүлийн үед гэр бүл маш их ганхаж, эрчүүд маань гэр бүлдээ анхаарал хандуулах нь багасаж байна.
Сайн сайхан гэр бүл гэдэг тэнгэрээс унаад ирдэггүй, зүгээр өөрөө бий болчихдоггүй гэдгийг эхнэр нөхрийн хэн хэн нь сайтар анхаарах хэрэгтэй. Энэ нь асар их хүчин чармайлт, ур чадвар шаарддаг зүйл. Ялангуяа бүсгүй хүнээс бүр ч илүү ур ухаан шаардах болно. Сайхан гэр бүлтэй болохын тулд бас чамгүй хөдөлмөрлөх хэрэгтэй.
Иймд та бүхэн доорх зүйлийг гэр бүлдээ мөрдлөгө болговол танай гэр бүл дэх уур амьсгал жаахан ч гэсэн халуун дулаан болох болов уу гэж бодлоо.
1. Гэр бүлийг чинь юу ч орлохгүй
Энэ дүрмийг эрчүүд сайн ойлгох хэрэгтэй. Мэргэжил, албан тушаал, нийгмийн байр суурь тань гэр бүл үр хүүхдийг чинь орлоно гэж байдаггүй. Ямар ч хэцүү байсан энэ хоёрыг аль алиныг нь хослуулан амьдарч сурах хэрэгтэй. Албан тушаал дэвшиж, нийгэмд өөрийн байр суурьтай байхын тулд бас таныг хайрладаг гэр бүлтэй байх хэрэгтэй шүү дээ. Нөхрөө ингэж өндөрт байлгахын тулд эхнэр нь гадаад төрх хийгээд ил харагдах, үл харагдах бүх л байдалдаа анхаарч өөрийн бүсгүй хүн гэсэн дүр төрхөө дээд зэргээр хайрлах хэрэгтэй.
2. Санал зөрөлдөх, маргаан гарахад эхнэр хүн бурууг нь эхлээд өөрөөсөө эрж хайх хэрэгтэй
Гэр бүлийн хоёр маргалдахад нэг нь буулт хийдэг байх нь зөв. Үүнд мөн л бүсгүй хүний ухаан илүү чухал. Эхнэр хүн урьтаж баахан тайлбар тавихаасаа өмнө нөхрийнхөө яриаг гүйцэт сайн сонсож бүх байдлын бурууг эхлээд өөрөөсөө эрж хайдаг байх хэрэгтэй. Нөхрийнхөө хийсэн ажил, хэлсэн үгэнд яаж ч уурлаж, гомдож байсан өөрийнхөө гомдол бухимдлыг нөхөртөө бүгдийг нь гаргах гэж яарах хэрэггүй эхлээд өөрөө тайвшрахыг оролдох нь чухал, дараа нь зохих арга хэмжээг авч болно шүү дээ.
3. Ханийнхаа зан төрхөөс сайн зүйлийг нь олж харахыг хичээ
Ямар ч эр хүн магтуулах дуртай шүү дээ. Нөхрийнхөө сайн талыг олж харж, бололцооны хэрээр түүнийг нь ил гаргаж хэлж байх хэрэгтэй. Өөрийнхөө сайн талын тухай сонссон, олж мэдсэн хүн түүнийгээ аль болох хөгжүүлж, тордож илүү сайжрахыг хичээдэг. Түүнтэй хамт байхад танд ямар сайхан байдгийг боломж олдох бүрд хэлж байгаарай. Эр хүний ханьдаа хайртай сэтгэлийг нь магтсанаар та түүнийг өөртөө улам ойртуулах болно. Тэгээд ч ийм магтаал сонссон эр хүн илүү эрч хүчтэй болдог.
4. Бүх юманд битгий сэтгэл дундуур загнаж бай
Энэ бол эзэгтэйд ихээхэн хамаатай. Бүх юманд сэтгэл дундуур, хямсгануур эмэгтэйд эрчүүд дургүй байдаг. Зарим эмэгтэйчүүд ихэмсэг загнах гээд ямар ч шалтгаангүй үед ч бүх юманд л сэтгэл дундуур загнаж үглэж дуулж байдаг. Энэ бол гэр бүлээ “сөнөөх” нэг шалтгаан юм. Зөвхөн бүсгүйчүүд л гэр орны болон гоо сайхны бусад асуудлаар дүүрэн байдаггүй. Эрчүүдэд ч гэр бүлийн, эр хүний, ажил хэргийн түм буман асуудал байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс та өөрийг чинь эргүүлж байсан олон эрчүүдээс бүх зүйлээрээ таарч тохирно гээд түүнийг амьдралын ханиа болгон сонгосон өдрөө эргэн санаарай.
5. Нөхөртөө итгэл найдвар өгч бай
Эр хүн аав ээжээсээ биш эхнэрээсээ урам зориг авахыг хүсдэг. Нөхөртөө итгэл найдвар өгөх хүч чадал эмэгтэй хүнд бий. Эхнэр нөхөр хоёрын зүрхэнд сайхан амьдрана гэсэн итгэл найдвар байх ёстой.
6. Нөхрөө өөрийн бие мэт хайрла
Чи ямар ч буруу зүйл хийсэн өөрийгөө өө чи одоо гээд ялладаггүй шүү дээ үүнтэй ижил нөхрөө өөрийн бие мэт хайрлаж ямар ч тохиолдолд түүний талд байх хэрэгтэй. Бие биенээ яллахгүйгээр байгаагаар нь хүлээн авч хайрла. Уулыг нүүлгэх хүч чадал, чадвар байгаад энэ дэлхийг эзэгнэж авлаач хайр байхгүй бол юу ч бишээ. Зүрхнээсээ хайрла. Зүрхэнд өөрчлөлт ирэхэд амьдралд өөрчлөлт ирдэг.
7. Хүүхдүүдээ зөв сурга
Хүүхдүүдээ аавыгаа хүндэлж, хайрладаг болгон сурга. Хүүхдүүдийнхээ хайрыг өөртөө татахын тулд нөхөртэйгөө тэмцэлдэх хэрэггүй. Өгөөмөр сэтгэлтэй эелдэг даруу, дөлгөөхөн, байх хэрэгтэй. Хадмуудынхаа ч сайн муу талыг нь тэвчиж, хүндэлж, сайнаар хандаж сурахыг оролд. Хадмуудаа хүүхдүүддээ дайсан мэт ойлгуулах нь бүр буруу. Энэ үг нөхөрт ч хамаатай. Хэдийгээр ил гаргахгүй байгаа ч эцэг эхэд нь сайнаар хандаж байгааг хань чинь ойлгож ухаарч, таны сайхан сэтгэл, тэсвэр тэвчээрийг ойлгож байгаа гэдэгт итгэх хэрэгтэй. Боловсрол гэр бүлээс эхэлдэг учираас үр хүүхэддээ муу муухайг бүү харуул. Тэвчээртэй байцгаагаарай.
8. Чухал асуудлыг битгий ганцаараа, бие дааж шийдвэрлэ
Гэр бүлтэй шууд холбоотой томоохон чухал асуудлыг ганцаараа толгой мэдэн шийдвэрлэх гэсний хэрэггүй. Харилцан ярилцаж, тохиролцох хэрэгтэй. Хэдийгээр эцсийн эцэст таныхаар шийдвэрлэлээ ч гэсэн нөхөр /эхнэр/ тань өөрийгөө энэ асуудалд оролцсон, хэлэлцсэн, хүлээн зөвшөөрсөн, та түүнийг санал бодлыг хүндэтгэн үзэж байна гэдгийг ойлгох нь чухал. Өөрийгөө хүндэлдэг ямар ч нөхөр эхнэр нь гэр бүлийн чухал асуудлыг өөрөөс нь хамааралгүйгээр шийдвэрлэхэд дургүй. Хэдийгээр нийгэмд эр хүн илүү нэр хүндтэй, илүү үүрэг гүйцэтгэдэг боловч яг гэр бүл дотор эрчүүд эмэгтэйчүүдээс хавьгүй их хүндрэлтэй тулгардаг байна. “Аман хуур” киног та санаж байгаа биз дээ?
9. Хардлагаа битгий хэтрүүл
Харгүй бүсгүй, тэр тусмаа харгүй эхнэр гэж байдаггүй гэдэг. Харин ямар хэмжээнд илэрч байна гэдэг нь л хамгийн чухал. Хардсанаасаа болоод гэр бүлээ бутраахад хүрдэг тохиолдол цөөнгүй. Гэвч нөхрөө харддаггүй хүн болох гээд огт хамаагүй мэт загнах нь мөн ижил үр дагаварт хүргэдэг.
10. Бүх юм хэмжээтэй
Дээр өгүүлсэн бүхнийг эмэгтэйчүүд маань эмзэг хүлээн авч магадгүй л юм. Гэхдээ эдгээрийг хүлээн зөвшөөрлөө, магадгүй мөрдлөгө болголоо гээд эмэгтэйчүүд боол болдоггүй шүү дээ. Ямар ч зүйлд хэмжээ хязгаар гэж байдаг. Эцсийн эцэст юу ч хийсэн тэр чинь ханиа, гэр бүлээ гэсэн их хайранд л үндэслэсэн байх ёстой юм шүү.