Category: Uncategorized

  • 1. Монголчууд хүн төрөлхтөнд ашиг тустай юу хийсэн, ашиггүй юу хийсэн бэ? /ярилцлага/

    Ганц монголчууд ч бус ер хүн төрөлхтөн түүхэндээ огт хийж чадаагүй ганц юм бол- овог аймгууд улс үндэстнүүд бие биеэ өөрийн адил хайрлах бурханлиг сэтгэлийг олох дээд үйл юм. Бие биеэ хайрлах бурханлиг сэтгэлийг олж эс чадсаны харгайгаар тэд хоорондоо эв нэгдэлтэй амьдрах, нэгдмэл хүсэл, зорилгын түүх бүтээх үйл явцад хэзээ ч бүхлээрээ зангилагдаж чадсангүй. Миний бодлоор хүн төрөлхтөний түүхийн үнэний энэхүү философи утга агуулгын радиусаас монголчууд ч халиагүй.

          Монголчууд бидний өвөг дээдэс бусад ард түмэнд хор хөнөөл учруулж, үхэл гамшиг тарьсан цуст дайнаар уулгалсан нь хэдийгээр түүхэн логик шалтгаантай ч монголчууд бид бусдыг өөр шигээ адил санан хайрлах, энэрэх, эв найрт сэтгэлээр туслах бурханы ухамсар дутсаны уршиг, эзэд хаадын уур, цөс, ухваргүй зарим бодлогын нь үр дүн гэж би хувьдаа үздэг. Эцэст нь монголчууд бид өөрсдөө бусдын эзэрхийлэл, турэмгийлэл, дарлал, мөлжлөг, боолчлолын буулган дор гурван жарныг дамнан зүдэрсэн. 

         Бусдыг өөр шигээ санан хайрлах, туслах, тэгээд бурханлиг дээд хөгжилд нэгдмэлээр зорих явдлыг би хүн төрөлхтөний түүхийн гол үйл явц гэж үзэж буй тул энэ хувь үзлийнхээ өнцгөөс, хүн төрөлхтөний түүхийн философийг ойлгох ойлголтын үүднээс өөрийнхөө үндэстний түүхэнд болон тэдний бүтээсэн, бүрэлгэсэн үйл ажиллагааны өнгөрсөн явцад хандаад ингэж хэлж байна. Түүнээс биш монголчуудын түүхийг эд өлгийн үйлдвэрлэл, хүний материаллаг хэрэглээний эд агуурсын өгөө, аваа, арилжаа солилцоо, амжиргааны арга загварын талаас нь аваад үзвэл, хүн төрөлхтөний түүхийг нөхсөн болоод холтолсон зүйл бишгүй байлгүй дээ. Жишээ нь би энд хүмүүн оршихуйн нэг агуу “constant”-ын /”тогтмол”/ тухай сэтгэмжээ хэлмээр байна. Юу гэвэл монголчуудын экологи сэтгэхүй! Монголчуудын экологи сэтгэлгээ нь тэдний ертөнцийг үзэх үзлийн унаган “хөрс” бөө мөргөлийн философиос үүдэлтэй юм. Монголчуудын экологи сэтгэхүй дэхь “constant” гэж би юу хэлж байна гэвэл, төрсөн нутаг усандаа, бууц хондондоо, бас насан туршдаа хариулж, хайрлаж үржүүлсэн мал сүрэгтээ үргэлж сэтгэл “хадаатай” амьдарсаар үхэж чаддаг хорвоогийн хүрд мэт эвдэршгүй чанарыг хэлж байгаа юм. Монгол угсаатан өөрийнхөө генийн үйлдлээр байгалиас “зохиогдсон” язгуур шинж чанарынхаа “түлхэц”-ээр буй болгож түүхэн түүхэн амьдралынхаа явцаар хэвшүүлж тогтмолжуулсан энэ бодот үнэн бол монголчуудаас хүн төрөлхтөнд бүтээж өгсөн хамгийн их ашиг тустай “өв хөрөнгө” юм. Хүн төрөлхтөний цаашдын хөгжлийн орчилд энэ “constant” өнөөдрийн ямар ч их үнэ цэнэтэй эдийн засгийн өндөр үр ашигтай техник технологиос илүү ач тустай. Яагаад гэвэл, өнөөдөр хүн төрөлхтөн эх байгалиасаа өдрөөс өдөрт холдож, газар дэлхийгээ ч, амьтан юмсыг ч хайрлах чадвараа алдаж, хүний халуун сэтгэлээсээ ч хагацаж, “амьд хөргөгч” болж хувирах үйл явцад нэрвэгдсээр байна. Иймд эх дэлхийгээ гэх ухаан санаагаа байтугай төрсөн нутаг, газар шороогоо ч гэх элэг сэтгэлээ гээж буй хүн төрөлхтөнд монголчуудын энэ “өв хөрөнгө” л аврал болно.

       Далимд жич хэлэхэд манай түүхчид түүхэн үйл явдал баримтыг судлах судалгааны хэрэглэгдэхүүн талаас нь бөөгнүүлж, иж цогцоор нь бүрдүүлэх ажлыг амжилттай хийж байна. Судалгааны аргачлал, арга зүй ч сайн, өндөр түвшинд байх шиг байна. Гагцхүү монголчуудын түүхийн философи шинжилгээг буй болгох, туулсан он жилүүдэд болж өнгөрсөн түүхэн явцын дотоод утга агуулгыг философи сэтгэлгээ, сэтгэмжийн шатанд дүгнэх, чиг хандлагыг нь тодорхойлох ажил одоо болтол хийгдээгүй, нийгмийн сэтгэлгээний гадна хаягдсаар байгаа харагдана.

    “Эрх чөлөө ганцхан утгатай: Энэ нь- үүрэг ” /инженер Д.Бадарчтай хийсэн улс төр, шинжлэх ухааны ярилцлага/-аас 

    Үргэлжлэл бий…

  • Чавхны чулуу /өгүүллэг/

    Хос савхан модны дундаас байг товлон харж байхдаа чулуу чухам юу болох гэж байгааг сайн ойлгосонгүй. Зүгээр л газраар нэг хөглөрч байдаг тэрхүү үй олон чулуудын дундаас ганцаараа сонгогдсондоо л баяртай байсан юм. Чулуу толгойгоо бардам өргөөд тээр доор үлдсэн нэр нэгтнүүдээ дээрэлхэнгүй харж байхдаа тэдний шоолон инээлдэх дууг сонсоод чухам л “Та муу сайн азгүй хөх чулуунууд. Битгий атаарх” гэж цуурай татуулан хэлж амжив. Түүнийг чухал үгнийхээ сүүлчийн авиаг гаргаж дуусаагүй байтал чавх тасхийтэл тавигдаж чулуу агаарт дүүлэн нисэж эхэллээ.

    Чулуу нисэж байгаадаа итгэж ядан хязгааргүй баяр хөөрт автав. “Одоо тэр муусайн газрын хөх чулуунууд атаархсандаа шээс алдах дөхөж байгаа даа” гэж гялсхийн бодмогцоо,

    -Хахаха, та нар чулуу нисэж байхыг харсан уу? Үй түмээрээ, сая саяараа байдаг хэрнээс та нарын хэн ч над шиг тэнгэрт дүүлж чадаагүй биз дээ гэж бардамнан асуугаад зулай руу үлээх салхины чимээг дуурайн дуу аялах гэж оролдоно. Нисэж буй чулуунаас исгэрэх дуун гарсан нь тэр дуулах гээд л чармайгаад байгаа бололтой.

    -Азгүй юмнууд, та нар миний нэрийг түүхэнд алтан үсгээр тэмдэглэн үлдээх болно. Талын хөх чулуу би та нарын дундаас ганцаархнаа сонгогдож, цор ганцаархнаа зулай дээгүүр чинь хийсгэж байгааг харж байна уу? Гэтэл та нар хэдэн сая жилээр нэг л газраа гуниглан хэвтэж байна. Хэзээ төрсөн, хэзээ далд орохоо ч мэдэхгүй тийм гунигтайгаар ярайж байгаа та нарыг хараад өрөвдөж байна.

    Чулуу энэ үгээ дөнгөж хэлж дуусмагцаа ямархан нэгэн зөөлхөн халуун зүйлийг эрчтэйгээр мөргөөд газарт унажээ. Чулууны бие тэр чигээрээ улаан өнгөөр будагдаж, норсон бие нь талын салхинд даарах мэт жиндэж эхлэв. Талаар нэг хөглөрөн шаагилдаж байсан бусад чулууд түүний эрс өөрчлөгдсөн час улаан биеийг хараад цочирдон нам жимхэн болцгоов. Чулуу юу болоод байгаагаа сайн ойлгоогүй ч овоо хараанд нь орсон байгаа онож цохисондоо бардамнаж толгойгоо дээр өргөөд шороо манарган ойртож байгаа чавхаар харвагчийн зүг баяртайгаар инээмсэглэлээ.

    “Одоо намайг харвагч маань шагнаж урамшуулах төдийгүй тансаг хээнцэр өргөөндөө шилэнд хийгээд гялалзтал зүлгээд хадгалах болно” гэж баярлан бодсон чулуу дуулгавартайгаар чавхны эзний дахин гар дээрээ өргөж авах агшныг тэсэж ядан хүлээнэ.

    Ойртон ирсэн чавхаар харвагч түүнийг гартаа барихыг төвдсөнгүй. Сэжиглэсэн мэт гутлынхаа хоншоороор хажуу тийш нь этэн түлхсэнээ сул шороонуудыг яаран ухаад “хүүе” гэхийн завдалгүй нүх рүү чулуудаж орхив. Чулуу учрыг үл ойлгосон ч баярт агшныг хүлээсэн хэвээр итгэлтэйгээр тэнгэрийн цоорхойг ширтэн хүлээнэ. Гэнэт нүүрэн дээр нь сул шороо юу юугүй нөмрөн ирсэнээ орчин тойрон нь тас харанхуйд хучигдаж, цээжин дээр нь хажуу хавьд гэмгүйхэн хэвтэж байсан ахан дүүсийг нь хаман авчраад овоолчихов. Чулуу юу ч харж, юу ч сонсож, ямар нэгэн зүйл хэлж ч чадахгүй болсон байлаа. Тэр чулууг нүхэнд булж, далдалчихаад явж одсон чавхаар харвагч хийсэн хэргээ булж, нуучихаад үүрд мартаж орхисон юм

     

    2010.03.03

  • Усаар эмчлэхүй: Ус эрдэнэ эм

    Манай өвгөд дээдэс булгийн усыг тэргүүн, голын усыг дунд, нуурын усыг адаг гэж зэрэглэн хувааж бургилсан булгийн усаар ундаалж иржээ. Мөн худаг болон булгийн усыг хатуу, цас бороо, гол мөрний усыг зөөлөн гэж ангилан зарим усаар нь рашаан бие мах бодио эмчлэн сувилж байна.

    Булгийн ус амьд ус
    Бургилж байгаа амьд усыг ахмад үеийнхэн амьд ус хэмээн шүтэн хэрэглэж ундаасч цангах, ходоод өвдөх, шар хөөрөх зэрэг өвчнийг булгийн усаар засдаг. Өвөл ес эхэлснээс хойш өвөл хөлддөггүй ундармал булгийн уснаас 81 өдрийн өглөө бүр нэг аягыг ууж усан жилбэнгийн хорыг тайлж ходоодны бор шараа арилгадаг.
    Зуны адаг сарын сүүлч намрын эхэн сарын өдрүүдэд өглөө бүр булгийн хүйтэн усаар толгойгоо шавшвал цусны хөөрөлтөөс толгой өвдөх, тархины архаг үрэвслийг эдгээнэ.
    Хавар хүйтэн усанд жигнэгдэж өвчин олсон хүн цагаан сүүдэр бууснаас эхлэн 14 хоног булаг хийгээд харзны усаар биеэ угааж хаврын усны хорыг тайлдаг.

    Шүүдрийн ус рашаан
    Манай ард түмэн шүүдрийн усыг анагаах, хангах, дур бахыг төрүүлэх, сэтгэл сэргээх, шингэн тунгалаг, тодорхой амтгүй хөнгөн зэрэг найман зүйлийн эрдэм төгөлдөр рашаан хэмээн дээдлэн шүтэж иржээ.
    Шүүдрийн ус таван махбодийг тунгалагжуулж сэтгэл санааг тайвшруулах, нас уртасгадаг гэж эрхэмлэдэг. Ийм учраас ээжийн ачийг хариулахын тулд шүүдрийн усаар цай чанаж өгдөг уламжлалтай байжээ.
    Шүүдрийн усыг цуглуулахдаа үүрээр босч шинэ соргог өвс цэцэг жимстэй ууланд хүрч өвсний толгой дээгүүр цагаан даавуу хаяж шүүдрийн усыг шингээн авч даавуугаа мушгин усыг шүүрүүлж савлаад нар мандахаас өмнө эргэн ирж шүүдрийн усандаа цай чанадаг ажээ.
    Шүүдрийн усыг хэдэн жилээр ч үргэлжлүүлэн хэрэглэж болно. Цагаан шүүдэр болон хярууны усыг нар мандмагц өвөр ээвэр газраас дээрх маягаар хэрэглэхэд бүүр ч илүү сайн гэлцдэг.

    Цас борооны ус
    Манайхан цас борооны усыг ариухан хэмээн хоол ундандаа хэрэглэж цасны ус ид шидтэй урт наслуулна гэж өгүүлдэг. Тэгэхдээ намрын борооны усыг хавар зуны борооны уснаас, өндөр уулнаас урссан хүрхрээ үүсгэн чулуу даван бууж байгаа цасны хайл усыг нуурлан тогтсон уснаас илүүтэй сайн гэж өргөн хэрэглэдэг. Нуурлан тогтсон цасны хайл усыг чийг бам хийгээд зүрхний өвчнийг үүсгэнэ гээд хэрэглэдэггүй. Цасны хайл усыг шүүгээд буцалгаж бага зэрэг ширгээж хэрэглэнэ. Ингэж болгосон цасны хайл ус идээ ундааг шингээн илчийг үүсгэн бадгана өвчин, гэдэс дүүрэх, тагшуулан ханиалгахыг засдаг. Харин болгоогүй хайл ус гэдэс дүүргэхээс гадна хөлөрч байгаад энэ усыг уувал уушиг гэмтээдэг гэдгийг анхаарахад илүүдэхгүй бизээ.

    Халуун хүйтэн рашаан ус
    Байгаль эх элдэв өвчнийг анагаах ид шидтэй халуун хүйтэн рашаан усаа бидэндээ хайрладаг. Өвчтөн өөрт тохирсон рашаанаа шилэн сонгож нар буцсанаас хойш 7-21 хоногоор ууж 21-49 хоногийн гам хийж жилийн ядаргаа харшилтаа тайлж өвчин эмгэгээсээ салж биеэ сувилдаг. Рашаан уухдаа өглөө өлөн биен дээрээ өдөр хоолноосоо өмнө, оройн хоолныхоо дараа 3 удаа модон буюу мөнгө, шаазан аягаар нэг удаа уухдаа 1,2,3,4,3,2,1 гэж өсгөөд буулгаж уудаг. Рашаанд орохдоо мөн л өдөрт орох тоог 1 2,3,4,3,2 1 гэсэн маягаар өсгөөд буулгаж орж дуусгадаг. Рашаан ууж байх үедээ хоол ундандаа рашаанаасаа хэрэглэдэг. Рашаанаа ууж дууссаны дараа гам хийж байх хуггацаанд рашааныхаа усыг хоол ундандаа хэрэглэдэггүй рашаан уух болон гам хийж байгаа үед хонины шөл ууж амт чанартай хоол унд хэрэглэхээс гадна айраг архи уух, хурьцах бороо чийгэнд норох, сэрүүн чанартай идээ хэрэглэх өлөн унтахыг цээрлэдэг. Рашаан ууж цусаа шингэлж ялгасны дараа хануулж цус авахуулах сайн Рашааны ам сараас 3 сар үргэлжлэх бөгөөд 1 уугаад таарсан рашаанаа 3 жил дараалан уувал танд тустай.

    Усан эмчилгээ
    Буцалгасан ус, хижиг ба амьсгаадах өвчнийг анагаана.
    Хүйтэн ус толгой эргэх, бөөлжих, ундаасах, цусны болон шар өвчинд сайн. Булгийн ус цусны өвчинг анагааж галын илч үүсгэнэ
    Худгийн ус шар ба цусны болон нүдний өвчнийг анагаана
    Хурын ус зүрхний халуун, цайвар хаван арилгана.
    Далайн ус бадгана, шар болон ясны халуунд тустай
    Урсгал ус хий үүсгэх боловч үл шингэх болон цанх өвчнийг арилгана.
    Хоол идэж байгаа үедээус уувал мах мариа тэнцүү болох хоол идсэний сүүлчээр ус уувал мариалуулах, хоол ундныхаа өмнө ус уувал хатингар болдог.
    Толгой гэмтэлтэй хүнийг тэгш газар завилуулан суулгаад толгой руу нь хүйтэн ус хийхэд сайн
    Биеэ чийрэгжүүлэхийн тулд 7 хоногт 1 удаа усанд орж байвал сайн төдийгүй онгоцондоо 1кг давс, эсвэл шилмүүсний ханд уусгаад орвол бүр ч сайн.
    Хатгаа авч халуурч байгаа хүнийг шагайгаар нь татахуйц хүйтэн усанд яг нэг минут зогсоож уснаас гарангуут ноосон оймс өмсгөн өрөөн дотроо 15 минут түргэн түргэн алхуулаад унтуулбал сайн. Хамгийн гол нь хугацааг сайн барих хэрэгтэй.
    Зүүдлэн босч явдаг өвчтэй хүний өмнө хүйтэн усаар сайн норгосон дэвсгэр дэвсвэл зүүдэлж босмогцоо гишгэн цочиж сэрдэг.
    Монголчууд унасан газар угаасан усаа хүндэтгэн жил бүр төрсөн газраа очиж унасан газраа хоноглон угаасан усаараа ундаалж, ордог заншил нь хүн байгалийн хүйн холбоог илэрхийлж байна.
    Элэгний халууныг усаар эмчлэх
    Элэгний халуун өвчтэй хүнийг голын урсгал усанд толгойг цухуйлган суулгаж толгойруу нь ус шүршиж цус хөөрөхөөс сэргийлдэг. Усанд удаан сууснаас даарвал уснаас түр гарч бүлээцэж болно. Усанд суух энэ эмчилгээг эхний өдөр нэг, хоёр дахь өдөр 2, гурав дахь өдрөөс 3 удаагаар 7-21 өдөр орно. Усан эмчилгээг хийж байхдаа биеийн өнгө хөхөрвөл зохиж байна. цайрвал тохирохгүй байгаагийн шинж болно. Биеийн усаа хатаагүй үед бие засаж болохгүй. Усанд орох энэ эмчилгээг нар буцсанаас хойш эхэлбэл зүгээр.

    Ус ууж занших
    – Өдөр бүр 2 л буцалгасан халуун ус ууж заншвал бие махбодид хуралдсан хорыг зайлуулж гэдэс дотрыг цэвэрлэнэ.
    – Өглөө босоод нэг аяг буцалгасан хүйтэн ус ууж заншигтун.
    – Бүхэн өдрийн турш цаг тутам ус ууж, цангах тоолондоо усаар цангаагаа тайлж байх.
    – Хуурай аргуу хоолноос холхон байж шорвог хоолыг заавал усаар даруулж байх.
    – Архи, дарс, ундаа, жимсний шүүсийг хүйтэн усаар даруулж байх нь эрүүл мэндэд тустайг сана.
    – Хүнд хүчир ажил, биеийн тамирын дасгал хийж хөлс асгарах үед аяга хүйтэн усаар л цангаагаа тайлж заншаарай.

    Цас мөс ч эм
    – Гэнэт ухаан алдаж солиорсон хүнийг маш хүйтэн усанд /рашаанд/ оруулж цочроож дааруулж, өвлийн хүйтэнд бол мөс цоолж хүйтэн усанд толгойг нь далд ортол дүрж хахаж цацтал нь байлгаад уснаас гаргамагц нь дулаан хувцас өмсгөвөл эдгэрэх явдал байдаг. Цасаар усанд орох онгоц хийж хэрэглэж болно. Үүний тулд эхлээд цасаар нүүр хүзүүгээ арчих. Дараа нь цээж, гэдэс, мөрөө хамгийн сүүлд гараа арчиж дасгах. Энэ бүхэнд 15 мин зарцуулах. Дээрхи дасгалыг 7-12 хоног хийж дасгалынхаа дараа гадаа нөмөр газар 2-3 долоо хоногийн дараа цасан онгоцондоо орох, орсныхоо дараа 2 минутын хугацаанд халуун дулаан өрөөнд орж болохгүй. Сайн дассаны дараа мөс цоолж орсон ч болно. Мөс цасны ус ахимаг насны хүний бие махбодийг залуужуулдаг чадалтай.
    – Цасны ус шидтэй, уусан хүн урт насална гэдэг үг оргүй худал бишээ.
    – Мөс хөвүүлсэн ус уух, мөстэй усаар гар нүүрээ угаах эрүүл мэндэд тустай.

  • Усаар чийрэгжих хөтөлбөр

    Хүйтэн сэрүүний улирал, хаврын тарчиг цагт даарч, хөрснөөс үүддэг элдэв өвчний тоо эрс нэмэгддэг. Ингээд л хүмүүс элдэв эмчид үзүүлж, эм тан авах гээд мөнгөө үрж эхэлдэг. Харин биеэ ус, агаараар чийрэгжүүлвэл даарч хөрөх тоолонд эмнэлгийн босго элээж, мөнгөө үрэх хэрэггүй болно.

    Хүйтэн усаар байнга биеэ чийрэгжүүлэхэд хэт даарснаас үүсдэг өвчин эмгэгээс хамгаалах хамгаалтын рефлекс бий болдог. Ингээд ч зогсохгүй хүйтэн ус нь зүрх судасны, цусны болон амьсгалын системийн үйл ажиллагааг маш сайн идэвхжүүлж өгдөг.

    1 -р шат

    Усаар чийрэгжүүлэх хөтөлбөр нь тун энгийн зүйлээс эхэлнэ. Юуны өмнө эхлээд өөрийгөө зөвхөн хүйтэн усаар нүүр гараа угаадаг болгож сургах хэрэгтэй. Энэ юухан байхав гэж санагдаж болно. Гэвч шууд мөс шиг хүйтэн усаар угаах нь хэт их цочроо үүсгэн, улмаар таны бие махбодь цаашид тийм гэнэтийн цочрол авахаас зайлсхийхэд хүргэдэг тул аажмаар эхлэх хэрэгтэй. Ус анхандаа тасалгааны дулаантай буюу 20-22 хэмтэй байна. Аажмаар усны дулааныг өдөр болгон нэг хэм, эсвэл 2-3 хоногт 2 хэмээр бууруулна. Ингэсээр аяндаа цэвэр хүйтэн усаар түүртэлгүй угаадаг болно.

    2-р шат

    Дараагийн шатанд хоолойгоо хүйтэн усаар зайлж сурна. Энд дээрхтэй мөн адилаар усны дулааны аажмаар бууруулсаар цэв хүйтэн усаар хоолойгоо өвдөнө гэж айлтгүйгээр зайлдаг болно.

    3-р шат

    Гурав дахь шатанд биеийг хүйтэн усанд норгосон алчуураар арчдаг болно. Ингэж сурахын тулд усны хэмийн мөн аажмаар бууруулах ёстой. Анхандаа усны хэм +25 градус байх бөгөөд өдөр болгон нэг градусаар бууруулсаар цэв хүйтэн болгоно. Ингэж арчсаныхаа дараа биеэ зузаан алчуураар хуурай болтол нь арчиж байх ёстой. Хүйтэн хүйтэн усаар арчих тусгай дараалалтай. Эхлээд гараа алганаасаа эхлэн арчаад хүзүү, цээж, нурууг арчаад хөлөө арчина.

    4-р шат

    Дөрөв дэх шатанд хөлөө хүйтэн усаар чийрэгжүүлнэ. Хөлийн хэд хэдэн аргаар чийрэгжүүлж болдог. Хамгийн энгийн арга нь унтахаас өмнө 1 минутын хугацаатайгаар хөлөө түмпэнтэй усанд дүрнэ. Усны дулааны мэдээж дээрхийн адил аажмаар бууруулах бөгөөд +25 градусаас эхлэн өдөр нэг градусаар бууруулах нь хамгийн тохиромжтой гэж үздэг. Ингэхдээ усны градус нэгээр буурахтай зэрэгцэн хөлөө дүрэх хугацааг нэг минутаар нэмнэ. Ингэсээр хөлөө гоожуур, эсвэл худгийн цэв хүйтэн усанд 10 минутын турш ямар нэг таагүй мэдрэмжгүйгээр дүрдэг болно. Хөлөө дүрсний дараа зузаан алчуураар хуурай болтол арчих ёстой.

    Хөлийг чийрэгжүүлэх өөр нэг арга байдаг. Үүнд нэг саванд ойролцоогоор 35 градус орчим дулаантай ус, өөр нэг саванд +15 градусаас дооргүй дулаантай ус хийнэ. Ингээд хөлөө энэ хоёр саванд ээлжлэн дүрнэ. Эхлээд халуун усанд, дараа нь хүйтэн усанд дүрэх бөгөөд халуун усанд 1 минут орчим, хүйтэн усанд 30 секунд орчим дүрнэ. Эхний үедээ нийтдээ 5 минутаас илүүгүй дүрнэ. Аажмаар хүйтэн усны дулааныг буруулах замаар температурын ялгааг ихэсгэнэ. Хүйтэн усны градус өдөрт бүр нэг градусаар буурсаар сүүлд нь +5 градустай усанд хөлөө элдэв таагүй мэдрэмжгүйгээр дүрдэг болох ёстой. Хүйтэн усны градус буурахыг дагалдан хөлөө дүрэх хугацааг нэмсээр сүүлдээ цэв хүйтэн усанд хөлөө 3 минут дүрдэг болгоно.Хөлөө дүрсний дараа заавал хуурай болтол нь арчих ёстойг мартаж болохгүй.

    5-р шат

    Ингээд хөлөө хүйтэн усанд дүрдэг болсны дараа бие дээрээ хүйтэн ус асгах чийрэгжилтийн тав дахь шатанд шилжинэ. Үүний тулд ванн дотор, эсвэл хашаандаа зогсож байгаад түмпэнтэй хүйтэн усыг зулайнаасаа эхлэн бүх бие рүүгээ цутгана. Эхний үед нэг удаад ганц удаа л ус асгах бол яваандаа нэг удаад асгах усны тоо нэмэгдэнэ.

    Дээрээс асгах усны дулааныг аажмаар багасгах замаар биеэ дасгах хэрэгтэй нь ойлгомжтой. Эхний үед +30 градус дулаантай ус байхад болно. Цаашид усны дулааныг өдөр болгон, эсвэл хоёр өдөр алгасаад 1 градусаар бууруулсаар +5 градус хүргэх ёстой. Дуусгасныхаа дараа биеэ зузаан алчуураар хуурай болтол нь арчих ёстой тогтоож аваарай. Ингэж ус асгасныхаа дараа цагийн дотор биеэ хат дааруулахаас зайлсхийх шаардлагатай. Ийм чийрэгжүүлэлтийг хийхэд үд дунд, эсвэл үдэш хамгийн тохиромжтой байдаг.

    6-р шат

    Ийм аргаар бүх биеэ хүйтэн усанд дасгасны дараа хүйтэн халуун ээлжилсэн шүршүүрт орж чийрэгжүүлэх зургадугаар шатанд шилжнэ. Энэ шатанд биеэ хүйтэн, халуун усаар ээлжлэн шүрших юм. Ийм аргаар чийрэгжихдээ эрүүл мэнддээ хор хүргэхгүй байхын тулд хэд хэдэн дүрмийг баримтлах хэрэгтэй байдаг.

    Юуны өмнө халуун усны дулаан нь хүний биеийн дулаантай адил байх ёстой. Дараа нь холигчийг эргүүлэн усны дулааныг бага зэрэг бууруулна. Ингэж бууруулсан хүйтэн усан дор 10 секунд зогсоод усыг ахиад халуун болгоно. Халуун усан дор зогсох хугацааг хязгаарлах шаардлагагүй. Бүрэн дулаацаж ахин хүйтэн усан дор зогсоход бэлэн болсон гэдгээ мэдрэх хүртлээ зогсоно. Дасгалын хамгийн сүүлд нь хүйтэн усанд орж дуусгаад биеэ зузаан алчуураар хуурай болтол нь арчих ёстой.

    2-3 өдөр тутам хүйтэн усны дулааныг 1-2 градусаар бууруулсаар биед эвгүй мэдрэмж төрүүлэхээргүй хамгийн доод градуст хүргэнэ. Улмаар хүйтэн шүршүүр дор зогсох хугацааг аажмаар нэмсээр 10 секундээс 2 минут хүртэл нэмнэ. Халуун усанд орох хугацаатай нийлээд шүршүүрт орох хугацаа ч 5 минутаас эхлээд 20-30 минут хүртэл нэмэгдэнэ.

    Хамгийн гол нь биедээ эвгүй мэдрэмж төрүүлэн барин богино хугацаанд усыг боломжтой хамгийн доод температур хүртэл хүйтэн болгох гэж яарч болохгүй. Чийрэгжих үед аажим, тайван биед эвтэйгээр гэсэн зарчмыг баримтлах хэрэгтэй байдаг. Мөн халуун, хүйтэн ээлжилсэн шүршүүрт орох гэж байгаа хүн ханиад гэх мэтийн өвчин тусаагүй байх ёстойг мартаж болохгүй. Эс бөгөөс өвчин хүндэрч болзошгүй.

    Ингэж халуун, хүйтэн ус ээлжилсэн шүршүүрт орох нь хүний биед ихээхэн сайн нөлөө үзүүлдэг. Юны өмнө бие тайвширч сулрах, зүрх судасны системийн зөв ажиллагааг сэргээж, мэдрэлийн системийг тогтворжуулан, дархлалын системийг бэхжүүлдэг. Шүршүүрт орох үед мөр, хүзүүн дээр буух усны дусал нь иллэгтэй адил нөлөө үзүүлснээр зүрх судасны системийн өвчнөөс урьдчилан сэргийлэх сайн арга болж өгдөг.

    Хоёрт гэвэл чийрэгжих энэ арга нь сэтгэл санааг сэргээх нөлөөтэй. Иймд нойрноос салж, биеэ, ухаанаа сэргээх хэрэгтэй байдаг өглөөд чийрэгжих дасгалыг хийх нь сайн үр дүнтэй байдаг.

    Гуравт нь халуун, хүйтэн ус ээлжилсэн шүршүүрт орох нь целлюлит, булчин унжихаас сэргийлэх маш сайн арга болдог нь таргалалт мэтийн асуудалтай эмэгтэйчүүдэд чухал юм.

    7-р шат

    Ингээд халуун хүйтэн ээлжилсэн усанд орж сурсныхаа дараа дан хүйтэн устай шүршүүрт орж сурах долдугаар шатанд орно. Хүйтэн усанд биеэ дасгах аргачлал нь халуун хүйтэн ээлжилсэн шүршүүрийнхтэй адил. +30 градустай уснаас эхлэн өдөр бүр 1 градусаар буулгасаар +5 градус хүргэнэ. Шүршүүр дор зогсох хугацааг ч 20 секундээс эхлээд 5-7 минут хүргэж сунгана.

    8-р шат

    Хүйтэн устай шүршүүрт орж сурсныхаа дараа хүйтэн устай онгоц буюу ваннд орж сурах наймдугаар шатанд шилжнэ. Энд бүх зүйл дээрх бүх үе шатуудын адил аажим, тайвнаар явагдах ёстой. Анхандаа ердийн үед ордог дулаантай усанд орж эхлээд өдөр болгон температурыг нь 1 градусаар бууруулна. Ваннд орох хугацааг анхлан өөрт тохиромжтой байдлаар сонгоод цаашид сунгах хэрэггүй. Хүйтэн устай ваннд орсны дараа биеэ зузаан алчуураар хуурай болтол нь арчих ёстойг мартаж болохгүй. Гэхдээ хүйтэн ус нь хир буртгийг арилгах, ариун цэвэр сахихад тийм ч тохиромжтой биш тул хүйтэн ваннд орсноос хойш хэсэг хугацааны дараа бүлээн устай шүршүүрт орж биеэ угаах хэрэгтэй.

    Хүйтэн устай ваннд ордог болж сурснаас хойш хүйтэн усаар биеэ норгох, хүйтэн усанд хөлөө дүрэх, биеэ хүйтэн усанд норгосон алчуураар арчих дасгалуудыг хасч болно. Учир нь эдгээр нь хүйтэн устай ваннд ордог болж сурахын өмнө бэлтгэл үе шатууд юм.

    Ямар нэгэн өвчин эмгэгтэй, эсвэл хүнд өвчний дараа илааршиж байгаа, эсвэл бие давхар хүн эдгээр дасгалуудыг хийхийн өмнө эмчлэгч эмчдээ үзүүлэн заавал зөвшөөрөл авах хэрэгтэй гэдгийг анхаараарай. Гол чийрэгжих хөтөлбөрийг шат дарааллын биеэ аажмаар дасгах замаар яаралгүй хийх хэрэгтэй. Ингээд чийрэгжсэн байхад огцом даарч, хөрснөөс болоод ханиад, томуу, хатгаа г.м. эмгэг тусах нь эрс багасна.

  • ХАМГИЙН САЙНААРАА АЖИЛЛАХ УХААН

    Компанийн ҮНЭТ ЗҮЙЛИЙН ӨДӨР. Бид хэрхэн хамгийн сайнаараа ажиллах вэ гэдэг талаар өөрийн үгээ хэлэв. 

  • Мөнгө – хүчирхэг хэрэгсэл мөн тул тоолж, тооцоолж хэрэглэдэг

    Ж.Бэгзсүрэнгийн 6 ам бүлтэй гэр бүлийн мөнгөн орлого, зарлага 2010 онд ямар байв

    Улаанбаатар хотын БЗД-ийн 21-р хороонд, гэрт 4-12 насны 4 хүүхэд, эхнэрийн хамт ам бүл 6-уулаа амьдардаг, Улаанбаатар хотын нийтийн төв номын сан буюу төсөвт байгууллагад 12 дахь жилдээ ажиллаж байгаа Ж.Бэгзсүрэнгийн гэр бүлийн 2010 оны туршид мөнгөн орлого, зарлага ямар байсныг энэ нийтлэлээр та бүхэнд жишээ татан толилуулж байна. Ингэснээр иргэн бүр мөнгө гэдэг эдийн засгийн чухал ойлголтыг удирдан залж сурахын тулд бүртгэл тооцоог хийж хэвших учиртайг энэхүү өрхийн жишээгээр харуулахыг хичээлээ.

    Өрхийн орлого зарлагаа компьютерийн “Өсөх өрх” програмд өдөр бүр бүртгэснээр, сар, улирал, жилээр тооцоо хийлгэж, нийлбэр дүнг бодуулах, харьцуулан жишихэд цаг хугацаа шаарддаггүй давуу талыг олгодог.

    Энэ өрхийн 2010 оны
    – нийт мөнгөн орлого 13 сая 687296 төгрөг,
    – нийт зарлага 11 сая 587886 төгрөг болж байгааг, мөн доорхи орлого, зарлагуудыг төрлөөр нь багцлан нийлбэр дүнг тооцуулахад Өсөх өрх програм 16 секундэнд гүйцэтгэж байв.

    Нийт орлогыг задлан харвал, Хотын нийтийн төв номын сангаас
    – цалин шагналд 8 сая 449718 төгрөг,
    – Монгол улсын Хүний хөгжлийн сангаас 720000 төгрөг,
    – хамт ажиллагсад, найз нөхдөөс 182200 төгрөгийг надад,
    – 69580 төгрөгийг хүүхдүүдэд тусламж, бэлэг болгон өгсөн байна,
    – Сүү зарж 239700 төгрөг,
    – Моби-ийн нэгж зарж 16000 төгрөг,
    – Хас банк дахь цалингийн картны үлдэгдэл мөнгөнд бодогдсон банкны хүү 6927 төгрөг тус тус орлого болон бүртгэгджээ.

    Нийт зарлагыг задлан харвал,
    – 5 сая 600000 төгрөгөөр портер машин худалдан авч Хадам аавдаа өгч хэрэглүүлж байгаа,
    – аж ахуйн бараа худалдаж авахад 1 сая 526580 төгрөг,
    – хүнсний бараа худалдаж авахад 1 сая 518500 төгрөг,
    – амьтан, ургамал тэжээх зардалд 719590 төгрөг,
    – Монголын Хүүхдийн ордоны болон бусад сургалтуудын төлбөрт 600000 төгрөг,
    – эрүүл мэндийн зардалд 253330 төгрөг тус тус зарцуулжээ.

    Зарим нэг сонирхол татахуйц зарлагуудыг нэгжлэн харвал,
    – 11302л ус хэрэглэж,
    – гурил гурилан бүтээгдэхүүнд 319610 төгрөг,
    – мах махан бүтээгдэхүүнд 263730 төгрөг,
    – хувцас худалдан авахад 319100 төгрөг,
    – 68 кг хонины махыг 199460 төгрөгөөр,
    – 650 кг 2-р гурил 194450 төгрөг,
    – 736 квт цахилгаанд 79600 төгрөг,
    – 39 кг гурилан боовонд 72040 төгрөг,
    – 49 кг элсэн чихэрт 70870 төгрөг,
    – 83 кг жимс жимсгэнэд 227850 төгрөг,
    – 460 удаагийн автобус унаанд 145300 төгрөг,
    – 328ш гоо сайхан ариун цэврийн бараанд 118350 төгрөг,
    – 17л ургамлын тосонд 35260 төгрөг, мөн

    хүмүүст нийт 23 удаад 249230 төгрөгийн тусламж,
    – 25 тоглоом, хөгжмийн зэмсэгт 235530 төгрөг,
    – 36 ш ном, сурах бичигт 71350 төгрөг,
    – 13 удаагийн нийт 57841 төгрөг юунд зарцуулсан нь мэдэгдэхгүй дутжээ гэх мэт тооцоог харж байна.

    Өрх гэрийн мөнгө санхүүгээ бүртгэж, тооцох, хэрэглээгээ мэдэх, улмаар амьдралын эрүүл, зөв хэв шинжийг таньж мэдэхийг хүсэж байгаа хүмүүст хандаж зөвлөхөд, заавал тэмдэглэлийн дэвтэр гэж өдөр хоног алдалгүйгээр автобусны билет дээрээ орлого зарлагаа бичиж эхлээрэй, мөн хамаатан садан, нөхдийн мөнгөгүйгээр өгч байгаа элдэв бараа бүтээгдэхүүнийг зах зээлийн дундаж ханшаар бодож орлого талдаа мөнгөн тусламж авсан юм шиг, зарлага талдаа уг бараа бүтээгдэхүүнийг хэрэглэсэн байдлаар бичихээ мартуузай. Ингэснээр хэрэглээний зардал үнэн зөв тооцоологдоно.

    Лавлаж асуух, Өрхийн төсвийн талаар ярилцах сар бүрийн уулзалт-ярилцлагад оролцохыг хүсвэл Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн үйл ажиллагааны хуваарьтай www.pl.ub.gov.mn вэбээр танилцах, мэдээллийн технологийн менежер Ж.Бэгзсүрэнтэй 99861326 утас, mcl_begee[et]yahoo.com имэйлээр холбоо барихыг хүсье.

    Баярлалаа

  • Делта констракшн “Байгууллагын соёл”-ын жишиг хөтөлбөр боловсруулах судалгаа (2011 он)

    Хувь хүний хөгжил, байгууллагын соёл, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх талаар ихээр ярих болсон өнөөгийн нийгэмд ажилтныг ажлын байранд хөгжих нөхцөл боломжийг байгууллага, хувь хүмүүс эрэлхийлэх болсон.

    Үүнээс үндэслээд байгууллагууд ажилтныг хөгжүүлэх сургалт семинар зохион байгуулж, энэ талын үйлчилгээ үзүүлдэг байгууллагаас сургалт авч байгаа хэдий ч тэр болгон үр дүнгээ өгөх нь бага байна. Учир нь түр хугацааны гал унтраах шинжтэй лекц, сургалт төдийгөөр аргалж байгаа нь байгууллагын тогтолцоонд соёл болон ажиллах бодлогыг бий болгож чадахгүй л байна. Иймээс аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагууд ажилтныг ажлын байранд хөгжих, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх зорилготой тусгай хөтөлбөр, менежментийн бодлого хэрэгцээтэй байгааг анзаарч, сургалт хөгжлийн шинэ бодлого, менежментийг хайж байна.

    Олон улсын жишгээр бол байгууллага, корпорациуд ажилтны хувийн хөгжилд анхаарал хандуулж, сонирхол сэдэл, дотоод нөөц боломжийг нээн илрүүлж, тасралтгүй хөгжүүлэх бодлого менежментийг ашиглаж байна. Манай орны хувьд бусад орны туршлагыг шууд хуулбарлаж ажиллах гэж чармайж байгаа нь төдийлөн үр дүнд хүрэхгүй байгаа бөгөөд монгол хүний сэтгэлгээ, сэтгэл зүйд тохируулан нутагшуулах тал дээр дорвитой ажил хийгдэхгүй байна. Дээрх байдлыг харгалзан үзэж манай “Бүтээлч Монгол” баг монгол хүний сэтгэлгээний онцлогт тохирсон, ажлын орчин нөхцөлд тохирсон сургалт хөгжлийн болон байгууллагын соёлын хөтөлбөр хэрэгжүүлэхээр судалгааны ажилдаа ороод байна.

    Энэ ажлыг эхлүүлэхээр хамгийн түрүүнд хамтран ажиллаж байгаа байгууллага бол Барилга угсралтын “Делта Констракшн” ХХК билээ.

  • Темперамент ба ажил

    Темперамент бол хүний төрөлхийн онцлог, зан төлөв эх үндэс, нийгмийн харилцаанд илрэх хэв маяг, амьдрал үйл ажиллагааны тулгуур биологийн суурь үндэс юм. Темпераментыг анх эртний грекийн эрдэмтэн, анагаах ухааны эцэг гэгдэх Гиппократ анх хэрэглэсэн. Тэрээр хүний зан төрх, илэрч буй араншингаар 4 бүлэг болгон хувааж, түүний илрэл нь хүний шингэний зохицуулга юм гэсэн санааг гаргасан. Үүнд:
    1. Тархинаас ялгарах салс давамгайлсан Флегматик хэв шинжийн хүн.
    2. Зүрхнээс ялгарах цус давамгай Сангвеник хэв шинжийн хүн.
    3. Элэгнээс ялгарах шар цөс давамгайлсан Холерик хэв шинжийн хүн.
    4. Цөснөөс ялгарах хар цөс давамгайлсан Меланхолик хэв шинжийн хүн.

    Гиппократ хүний дөрвөн хэв шинжийг зөв тодорхойлсон боловч, түүний физиологи үндсийг буруу тайлбарласан. Сүүлд нэрт эрдэмтэн И.П.Павлов темпераментын физиологи үндсийг тархины хөөрөл саатлын процесстой холбон тайлбарласнаар өнөөг хүртэл хүчин төгөлдөр хэвээр байна.

    Өнөөдөр темпераментын үр нөлөө, түүний илрэх хэв шинжийг олон зүйлд ашиглаж байгаагийн жишээ нь хүний нөөцийн оновчтой сонгон шалгаруулалт, ажилтны ажил үүргийн хуваарь, удирдлага болон боловсролын салбарт өргөн хэрэглэж байна. Мөн түүний илрэлийг туршилтаар баталсаар байна. Жишээ нь:

    Нэгэн багш ангийнхаа хүүхдүүдээс шалгалт авжээ.  Авсан шалгалтаа засаад буцааж өгөхдөө зөв хийсэн буруу хийсэн эсэхийг харгалзахгүйгээр бүгдэд нь “МУУ” гэсэн үнэлгээ өгчээ.

    Тэгэхэд Сангвеник хэв шинжийн хүүхдүүд нь шалгалтын материалаа барин багш дээрээ очиж шалгааж, “би зөв хийсэн байна, та энийг буруу засаж” хэмээн хэл амыг сугалах шахсан байна.

    Харин холерик хэв шинжийн хүүхдүүд нь бусдаас доор орохгүй тулд гэсэн сэдэл нь төрж, бухимдан, гуниглаж зарим нь уйлж, зарим нь уурлаж байв.

    Флегматик хэв шинжийн хүүхдүүд нь “би зөв хийсэн байхад багш ягаад муу тавив. Би юун дээр алдав. Яагаад?” хэмээн эргэцүүлэн боддог байна.

    Меланхолик хэв шинжийн хүүхдүүд нь уг үнэлгээнд ач холбогдол өгдөггүй байна. Тэд өөрсдийн дотоод ертөнцдөө эргэцүүлэн бодох, эд юмсыг ажигладаг тул үүнийг бодох завгүй хүмүүс гэж хэлж болно.

    Темпераментэд сайн муу гэсэн шалгуур байхгүй, бүгд өөрсдийн давуу тал сул талтай байдаг. Зарим хүмүүсийн үзэж байгаагаар сангвеник эсвэл флегматик нь сайн хэв шинж, үлдсэн нь муу гэсэн ташаа ойлголт илэрч байгаа тал ажиглагддаг. Дэлхийн агуу эрдэмтэд,тэрбумтан хүмүүс гол төлөв меланхолик, олимпийн аваргууд холерик хэв шинжтэй байдаг тухай энд дурьдая. Мөн эдгээр 4 темперамент хүнд их бага хэмжээтэй хослон оршиж байдаг.

    Байгууллагын удирдагчид, хүний нөөцийн менежерүүд ажлын байранд ажилтныг сонгон шалгаруулахдаа темпераментыг харгалзан үздэг. Сангвеник, холерик хэв шинжийн хүмүүс нь гадагшаа чиглэсэн нээлттэй, хөдөлгөөнтэй хүмүүс нь олон нийтийн харилцаанд тулгуурласан ажил үүргийг санал болгодог бол флегматик, меланхолик хэв шинжийн хүмүүс дотогшоо байдаг тул оффисийн ажил, ганцаарчилсан ажлыг гол төлөв санал болгодог.

     

    Сангвеник хэв шинжтэй хүмүүс

    Сэтгэлгээний хурд өндөртэй, шинэ нөхцөлд дасан зохицох чадвартай, хүн амархан эв дүйгээ олдог хүмүүс. Тэдний сул тал нь туйлбаргүй. Сэтгэлд таарсан ажлаа олоогүй бол ажлыг солисоор байдаг. Тэд сайн ярьдаг, хүнийг өөртөө татаж чаддаг. Харин суурин, үр дүн удаан гардаг ажилд тохиромжгүй хүмүүс юм. Судалгаанаас үзэхэд энэ хэв шинжийн хүмүүс оффисийн ажилд алдаа гаргах нь элбэг, хайхрамжгүй, анхаарал тогтворгүй байдаг. Харин хүнтэй харилцах мэргэжил буюу хүний нөөцийн ажилтан, гадаад харилцааны менежер, борлуулалтын менежер, удирдан зохион байгуулах ажилд тэд илүү амжилт олдог байна.

     

    Холерик хэв шинжийн хүмүүс

                Тэд огцом хүрдан хөдөлгөөнтэй, гүйлгээ ухаантай, шартай, өөрийгөө дайчилж чаддаг, биеийн хөгжил сайтай хүмүүс юм. Тэд  төвөгтэй үйл ажиллагаанд тайвшрал олдог. Тэд аливаа үйл ажиллагаанд эрч хүчтэй орж, шантаршгүй шургуу дайчин зангаараа бусдыгаа манлайлж байдаг. Тэдний сул тал нь бусадтай эв дүйгээ олохдоо таарамж муутай, сөргөлдөхдөө хурдан хүмүүс юм. мөн мөн тэд сэтгэлийг хямралд өртөмтгий, энэ хямралд байхдаа буруу шийдвэр гаргах магадлал өндөр байдаг. Энэ хэв шинжийн хүмүүс биеийн хүчний бүхий л төрлийн ажил, үр дүн хурдан харагддаг, шургуу дайчин чанарыг шаардсан ажилд тохиромжтой байдаг. Энэ хэв шинжийг хүмүүсийг идэвхитэй ажилуулахын тулд удирдлага нь сэтгэлийн дэм урамын үгээр дэмжиж байвал тэдний гараас үр бүтээл гарж байдаг.

     

    Флегматик хэв шинжтэй хүмүүс

    Энэ хэв шинжийн хүмүүс түгшүүр, хямралд хамгийн байдаг. Тэдний сэтгэхүй нь гол төлөв өөр лүүгээ чиглэсэн байдаг. Тэд бодлогошронгуй, учир шалтгааныг хайж түүнийгээ өөртэйгөө харьцуулж явдаг хүмүүс учир бодлого төлөвлөлт, удирдан зохион байгуулах, хянан шалгагч ажилд илүү тохиромжтой байдаг. Тэдэнд бодох төлөвлөх ажил олдохгүй бол тэд залхуурч эхэлдэг. Тэд сөргөлдөөнөөс зайлсхийж явдаг. Хүнийг хамгийн сайн таньдаг боловч, тэдэнтэй зөв харьцаж чаддаггүй сул талтай. Тэд сайн зөвлөгч нар боловч өөрсдөө шийдвэр дагах, бусдын саналыг хүлээж авахдаа сул хүмүүс юм.

     

    Меланхолик хэв шинжтэй хүмүүс

    Хөдөлгөөн удаан биеэ барьсан, дотогшоо чиглэсэн, ертөнцийг эргэцүүлэн бодож явдаг хүмүүс. Нэг үгээр тэд бясалгагчид. Тэд удаан, шийдвэр гаргахдаа эргэлздэг, сайн нягталж долоо хэмжиж нэг огтолдог хянуур хүмүүс юм. энэ хэв шинжийн гол төлөв нягтлан бодогч, оффис менежер, архив бүртгэл, хянан шүүгш ажилд илүү тохиромжтой. Тэдний хүний арга эвийг ол, хөгжилтэй гэж хичнээн хэлсэн ч тэд бүрэг байсаар л байна. Тэд өнөөг хүртэл хамгийн гайхалтай саналыг гаргагчид байсаар ирсэн.

  • Сэтгэлгээ

    Сэтгэлгээ
    Хүмүүсийг сэтгэлгээгээр нь 4-н хэсэг болгон авч үздэг.
    1. Мэддэг, мэддэгийгээ мэддэг хүн. Түүнийг цэцэн хүн гэх бөгөөд түүнээс суралцах хэрэгтэй.
    2. Мэддэг, мэддэгийгээ мэддэггүй хүн. Түүнийг хэнэггүй хүн гэх бөгөөд түүнийг сэргээх хэрэгтэй.
    3. Мэддэггүй, мэддэггүйгээ мэддэг хүн. Түүнийг юм сурах хүн гээд түүнд юм зааж өгөх хэрэгтэй.
    4. Мэддэггүй, мэддэггүйгээ мэддэггүй хүн. Түүнийг “илжиг” гэх бөгөөд хөөн явуулбаас зохино. (Арабын цэцэн үг)

    Сэтгэлгээгээ ухамсарлахуй
    Хүн амьтнаас юугаараа ялгагддаг вэ? гэж асуувал бүгд л “сэтгэдгээрээ” хэмээн хариулах биз. Үгүй дээ, сэтгэдгээрээ биш, “сэтгэж байгаагаа ухамсарладгаараа” гэж хэлбэл хамгийн зөв хариулт болох юм. Сэтгэдгийн хувьд шизофренитэй хүн ч хурц сэтгэдэг. Харамсалтай нь хурц сэтгэж байна гэдгээ ухамсарладаггүй. Компьютер маш нарийн “оюуны” үйлдэл хийнэ, мөн түүнийгээ ухамсарлахгүй. Амьтан ч гэсэн багахан хэмжээнд сэтгэнэ, мөн л муухан сэтгэж байгаагаа ухамсарлахгүй. Аль аль нь хүн биш учраас тэр. Тэгвэл эрүүл хүн муу сэтгэсэн ч муу сэтгэж байна гэдгээ ухамсарладаг.

    Мэдлэг сэтгэх чадварт нөлөөлөх үү?
    Шинжлэх ухаан, тоглоомын уг чанар нь хүний сэтгэлгээг бүтээлч (creatiүe), шүүмжлэлтэй (сritical), өөрийгөө хянадаг (reflectife) болгодог. Гэтэл үнэний шалгуур нь тодорхойгүй, худал зүйлийг тодорхой хугацаанд өөртөө агуулах боломж олгодог ухаанууд ч байдаг. Нийгэм, хүмүүнлэгийн ухаануудад ийм “хийдэл” нэлээд их байх бөгөөд энэ замаар явсан хүмүүс (мэдээж бүгд биш л дээ) оюун ухаандаа гэхээс илүү хүсэл зоригтоо хөтлөгддөг дадал зуршилтай болох нь олонтаа. Ажиглаад байхад, өөрийгөө юм мэдэж байна хэмээн боддог хүн ихэвчлэн юмыг цээжилж, тогтоон, мартаагүй байвал л өөрийгөө мэдэж байна гэж боддог. Энд каузаль (үүнийг шалтгаант холбоогоор нь сэтгэх гэж орчуулж болно) сэтгэлгээтэй охин, тогтоох ой дээрээ тулгуурладаг ээж хоёрын яриаг та бүхэнд сонирхуулъя л даа. Охин асууж байна: “Нийгмийг гэж бичихэд яагаад г,м хоёрын дундах э үсэг алга болчихдог юм бэ?”. Ээж нь гээгдэх эгшигийн хоёрдугаар дүрэм гэгчээ хэлж байна . Охин ойлгосонгүй дахиад асуулаа. Ээж уцаарлаж байнаа: Хэлээд байхад чинь яасан ойлгодоггүй юм бэ гэж. Үнэндээ тэнд ойлгоод байх юм алга: Тогтоогоод, цээжлэх асуудал байна. Гэтэл охин шалтгаант холбоогоор сэтгэж сурч эхэлж байгаа учир “яагаад тиим дүрэм гарсан юм бол, “э”-г нь гээхгүй бичихэд болохгүй юм юу байна, бид ойлгодгоороо л ойлгоно шүү дээ, “э” байхад ямар утга илэрхийлж байна, “э” нь гээгдсэн үед ямар утга илэрхийлж байна” гэхчилэн олон асуулт шаардаж байгаа учраас асуусан хэрэг. Охины хувьд хэл болон түүний дүрэм бол конвенциаль (хүмүүс зохиогоод тохирчихсон) тэмдэг, түүнд каузаль зүйл байдаггүй гэдэг нь ойлгомжгүй зүйл. Тиим ч учраас тэр асуултыг тавих нь яах аргагүй зөв байсан. Харин ээж цээжилсэн зүйлээ хэлснээр шалтгааныг нь хэлчихлээ гэж андуураад байна. Шалтгаант холбоогоор сэтгэдэг хүн, цээжилдэг хүн хоёр бие биенээ ойлгоход хэцүү л дээ. 

    Эргэлзэж гайхах үзэгдэл мэдлэгээс гардаг юм уу аль эсвэл үл мэдэхээс гардаг юм уу?
    Шалтгаант холбоогоор сэтгэж сурах нь үнэхээр сайн дадал мөн. Ийм хүн юмыг хоосон цээжилнэ гэж байхгүй бөгөөд “яагаад” гэсэн асуултаа байнга тавьж түүндээ тохирох хариулт авч байж л уг зүйлд итгэнэ. Тэр хүн “танай авдранд нэг шар өнгөтэй эд байгаа учраас хүүхэд чинь өвдөөд байна” гэсэн айлдалд хэзээ ч шууд итгэхгүй. Итгэх, мэдэх гэдэг нь оюуны эрс өөр үзэгдлүүд. Шашин “чи эхлээд Бурханд итгэ, итгэсэн цагт түүнийг мэдэх болно” гэдэг бол шинжлэх ухаан “чи эхлээд мэд, мэдсэн юмандаа итгэ” хэмээн оюуны эрс өөр хүмүүжил олгох хандлагатай байдаг. Эргэлзэж гайхах гэсэн энэ үзэгдэл үл мэдэхээс гардаг гэж хүмүүс боддог. Гэтэл энэ үзэгдэл мэдлэгээс гардаг аж. Хүн өөрийн мэдлэгт тохирохгүй, мэдлэгээс нь хальсан юмс үзэгдэлд эргэлзэж гайхдаг бөгөөд энэ эргэлзээгээ тайлснаар шинэ мэдлэгтэй болдог. Абеляр энэ утгаар нь “эргэлзээ бол танин мэдэхүйн үндэс” гэсэн. Юу ч мэдэхгүй хүн юунд ч эргэлзэж гайхдаггүй. Тийм хүн бороо, цас яагаад ордог, тэнгэр яагаад улайдаг, яагаад урт богино өдөр байдаг гээд өдөр тутам өөрт нь тохиолддог зүйлийн учрыг үл мэдэх атлаа гайхна эргэлзэнэ гэж байхгүй. Угаасаа тийм байх ёстой юм шиг бодно. Тийм учраас тэр хүнээс юмны учир шалтгааныг олох гэсэн асуулт хэзээ ч гардаггүй. Зөв сэтгэж сураагүй ийм хүн юмсын мөн чанартай харьцаж сураагүй байдаг тул өнгөний зүйлд их анхаарал тавьдаг. Хамгийн сайхан хувцас, хамгийн үнэтэй машин, хамгийн тансаг хоол унд гээд л. Аристотелийн хэлснээр, тэд амьдрахын тулд иддэггүй, идэхийн тулд амьдарч байдаг. Тэдний толгойд хувцас бол хувцас шүү дээ, хүн ямар ч гоё хувцас өмслөө гээд байгаагаасаа илүү сэтгэнэ, байгаагаасаа илүү сайн хүн болчихно гэж байхгүй гэсэн бодол хэзээ ч орж ирдэггүй. Сонин бөгөөд инээдтэй хүн бидний дунд их байдаг. Юмны учрыг олохгүй явж явчихаад түүнийх нь учрыг тайлбарлаад өгчихөөр хэзээний мэдэж байсан юм шиг “тэгээд яагаав, үүнийг тайлбарлаад байхдаа яах вэ дээ” гэсэн байдал гаргана. Иймэрхүү хүнд оюун ухааны хөдөлмөрийг хүндэтгэнэ, ухаантай зүйлд баярлана гэсэн ойлголт байхгүй. Мэдэхгүйгээ мэдэхгүй байгаа учраас тэр л дээ. Ер бусын ажигч, гярхай, нямбай оюун ухаан хамгийн энгийн зүйлд ч хүний олж хараагүй өч төчнөөн нарийн утга байгааг олж хардаг. Ийм хүн хэзээ ч “тийм ш дээ, тэгээд яагаав” гэж хэлдэггүй. Оюун ухааны зөв хүмүүжилтэй тиймэрхүү хүнд “миний энэ бодол зөв үү, эндээс ийм дүгнэлт гарах нь баараггүй байгаа даа” гэсэн бодол байнга байдаг. 

    Сайхан ярьдаг хүн бүр сайн сэтгэдэг гэж үү?
    Гоё, уран сайхан ярьж байгаа хүнийг сонсоод “ямар ухаантай хүн бэ?” хэмээн шүүрс алдагчдыг мөн ч олон харлаа. Хүнийг ярьж байгаа шигээ сэтгэдэг хэмээн ойлгож огт болохгүй. Үг, сэтгэлгээ хоёр адил зүйлс биш. Тийм учраас хүмүүсийг үгний түвшинд хийгээд ойлголтын түвшинд харилцдаг хэмээн хоёр хувааж болно. Ухаалаг хүмүүс ихэвчлэн ойлголтын түвшинд харилцах бөгөөд тэдэнд бодол санаагаа тэр бүр үгээр илэрхийлэх шаардлага гардаггүй байна. XIX зууны Германы сэтгэгч Дюринг үгээр илэрч буй сэтгэлгээг хамгийн бүдүүлэг сэтгэлгээ гэсэн. Энэ нь хүн сэтгэлгээнийхээ бүдүүлэгдүү хэсгийг үгээр илэрхийлээд хамгийн нарийн хэсгийг илэрхийлж чадахгүй үлдээдэг гэсэн үг л дээ. Үнэхээр гүнзгий сэтгэсэн зүйлийг үгээр илэрхийлэхэд хэцүү байдаг. Ямар сайндаа л Хадамэр философийг “үгний эрэлд хатаж шаналсан оюун ухаан” гэж байх вэ дээ. Гэтэл амьдрал дээр ямагт үгээр жонглёрдож байдаг хүмүүс ч байх юм. Бодож сэтгэснээ байтугай ойлгоогүй зүйлээ хүртэл уран сайхан хэлчих жишээтэй. Ийм нэг үг байдаг “үг сэтгэлгээг алж байдаг”. Ухаантай хуний урт удаан хугацааны турш бодож, ширгээж байж хэлсэн үгийг нөгөө уран илтгэгч маань өдөр тутмын яриандаа зуунтаа хэрэглэж, тэр үгийн үнэ энэ, ханшийг аль хэдийнээ бууруулсан байх ч үе бий.

  • ЭНЕРГИЭР ЦЭНЭГЛЭГДЭН ЭХ ОРНООРОО АЯЛААРАЙ

    NMMAteam-ийн намар бүрийн уламжлалт аялал болж өнгөрлөө. Машины цонхоор эрх чөлөөг мэдрүүлэн үлээх салхиар үсээ сэнстүүлэн давхиж “Ертөнцийн агуй” спорт тоглоомын амралтын газарт ирлээ.
    Айдсыг хүчин зүйлээ даван туулж, 8 метрийн өндөрт олсон дээр болжмор шиг сууж, чөлөөт уналт хийж, уулчин аятай хаднаас олсоор буулт хийж үзлээ. Энэ тоглоомуудаар айдас бол тийм ч аймшигтай зүйл биш, харин хүн өөрийнхөө төсөөллөөр л улам аймшигтай болгож байдаг тархин доторхи төсөөлөл төдий гэдгийг улам баталгаажууллаа. Яагаад гэвэл энэ үнэхээр аймаар, яанаа, унаад үхчихгүй байгаа даа, унавал аймшигтай байх даа гэсэн төсөөлөл хөлийг минь тушиж, биеийг царцааж байсан хэдий ч, ямартай ч хийгээд үзье, туршаад үзье, даваад үзье гэсэн итгэл бий болсоны дараа айдас замхран алга болж илүү эрч хүч бий болж байлаа.
    Оройны галын наадам, түүдэг галын дэргэд одтой тэнгэрийг ширтэн хэн ч хараагүй мэт эрх чөлөөг мэдрэн бүжих үнэхээр төгс төгөлдөр ажээ. Ийм гайхалтай мөчүүдэд цаг хугацаа зогсож, амьдралд илүү дурлах, амьдралаа илүү хайрлах тийм мэдрэмжийг төрүүлдэг. Ийм мөчүүдийг би амьдралын алтан хором гэж нэрлэдэг.
    Зүлгэн дээгүүр зүгээр л нэг хөл нүцгэн гүйгээд, дураараа хашгираад, ертөнцийн хязгаарт ирсэн юм шиг л тоглож наадлаа. Хүүхэд нас санаанд ороод, өглөө шүүдрээр хөлөө угаан гүйж, үхрийн халуун баасан дээр хөлөө дулаацуулж, хөлийн салаандаа таанын цагаан цэцгийг хавчуулж чимдэгсэн. Шүүдрийн дуслаар хөлөө угааж анхны цаснаар хөл нүцгэн гүйж эх дэлхийтэйгээ ойр амьдарсаных эрүүл чийрэг амьдарч яваа ч юм билүү?
    Өвөө, эмээ, ээж, аавын хэлдэгээр хүн байгальтай ойр байснаар энерги, эрч хүч авдаг гэснийг дахин дахин баталж БАЙГАЛЬ ЭЭЖИЙНХЭЭ ХЭВЛИЙГЭЭС дахин дахин төрөөд ирлээ. Хөдөө ирээгүй ямар их удаав дээ.
    Сэлэнгийн энгүй их тариан талбайд хараа билчээн, Хараа холын хэвлийд сэлж, эрэг дээр нь тууцалдаж байгаад ирлээ. Эх орондоо амар тайван амьдрах сайхан юм аа.
    Хамгийн гоё хэсэг нь мешокоо дэлгээд уулын бэлд тэнгэрийн доор унтсан нь байлаа. Өглөөн нар сормуусыг чинь шүргээд, шумуулын шунгинаараар нойрноос сэрээд алсын уулсын оройг ширтэж, морь тургилахыг сонслоо.
    Хөл нүцгэн хээрийн эрүүл хөрс, ус, агаар дундуур туучсан аялал. Ямартай ч энэ өвөл ханиуд хүрэхгүй, өвдөхгүй гэдэгт итгэлтэй байна. Байгаль ээжтэйгээ уулзаж, айдсын хүчин зүйлээ даван туулсан аялалаа өндөрлөе.

    Эх орноо танин мэдэж, байгаль ээжтэйгээ хамт аялаарай, Найзуудаа!

    Зураг үзэх