Category: Uncategorized

  • ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ ЭХ ОРНОО ХАЙРЛАХ СЭТГЭЛЭЭС ТӨРНӨ …

    “UPTOWN сэтгүүлийн 38 дугаарын “Монгол бахархал” буланд сэтгүүлч, сурвалжлагч Ц.Бадмаарагтай эх оронч, үндэслийн үзлийн талаар ярилцсан нь/

    -Таны монгол хүн болж төрсний бахархал, омогшил юу вэ. Энэ бахархал, омогшлыг тань юу хурцалж өгдөг вэ?

    -Аль нэг үндэстний бүтээсэн чухам юу, ямар юм хүн төрөлхтний амьдралд дутагдаж байна, тэр дутагдаж байгаа юм л тэр үндэстний гол тодорхойлолт болж өгнө. Өнөөгийн хурц өрсөлдөөнт дэлхийд тухайн улс үндэстэн дэлхийд хэрэгтэй юм юу байна, тийм юмсын нь ач холбогдолд л тэр улс үндэстний ач холбогдол оршино. Үүнийг прагматик хэрэглээний бодит хэлбэрээр нь ойлговол, дэлхийн хэмжээний эрэлт хэрэгцээ болсон “брэнд” бүтээгдэхүүн; хүмүүсийн оюун санааны хэрэгцээний утгаар авч үзвэл, -хамгийн зөв, шудрага, ариун ёс суртахуунлаг хөгжлийн шинэ үзэл санаа, нээлт, сэтгэлгээний түүхэн үнэ цэн бүхий сонгодог бүтээл, туурвилууд!

    Монголд төрж монгол хүн болсон хэний ч бахархал, омогшил зөвхөн үүнд л байх ёстой гэж боддог. Монгол хүний бүтээх чадварын хөгжил, бусад их бага үндэстнүүдтэй эдийн засгаараа, соёл боловсролоороо өрсөлдөх өрсөлдөөнд амжилт олох, ялалт авчрах үр дүнд хүрэхүйц алив бүтээл маань бие биеэ хурцална. Монголчуудын түүхэндээ хийж байсан, ялан дийлж байсан дайн байлдааны үр дүнгээс нэг сонин зүйтогтол ажиглагддаг юм. Юу гэвэл, ямагт цөөн хүний хүчээр олны хүчийг ялж байсан байдаг. Ингэхээр, биеийн хүчнээсээ илүү суу заль, арга ухааны хүч, магадгүй, өөр ахуй ертөнцийн эрчим, ивээл агуулсан үндэстэн гэж дүгнэхээс аргагүйд хүргэдэг. Үүгээр би бахархдаг. Бахархах баримт бол бодит түүх. Харин омогшил бол бодит түүх болсон баримт, үр дүнгийн жишээгүй болохоор надад хийсвэр талдаа санагддаг. Гэхдээ омогшлыг сэтгэлзүйн үзэгдлийн хувьд нь сэтгэл дотроо, далдуураа дэмждэг. Омогшил хүнийг том зорилго, их үйл хэрэгт идэвхжүүлэх, сэтгэлийг нь хөглөх нөлөөтэй нэг хийсвэр хүчин зүйл тул ач холбогдлыг нь үгүйсгэх хэрэггүй юм. Омогшлыг үйл хэрэг болгох хүчтэй түлхэцийн шатанд хөгжүүлж ашиглавал эерэг үр дүн өгнө гэж боддог. Харин, дан сэтгэлийн хөөрлийн хэлбэр, түвшинд нь ашиглавал ач тус болохоосоо хор, уршиг болох нь ойр магадлалтай байж ч мэднэ. Бахархал, омогшил хоёрын гол ялгаа нь, -бахархлыг амаар гадагш гаргаж болох чанартай, харин, омогшлыг амаар, хоосон үгээр гадагш гаргаж үл болох чанартай мэт санагддаг. Энэ бол, миний л хувьд, надад л харагдаж байгаа ялгаа юм л даа, яахав!    

    -Дээхнэ үед эх оронч хүн гэж халуун амь бүлээн цусаараа эх орноо хамгаалж, дайтаж байсан хүмүүсийг хэлж байлаа. Харин одоо энэ энх цагт эх оронч, үндэсний үзэлтэй хүн гэж ямар хүнийг хэлэх вэ, эх орондоо хайртай, үндэсний үзэлтэй монгол хүнийг юугаар нь тодорхойлох вэ?

    -Эх оронч хүн гэж эх орондоо үнэн голоосоо хайртай хүнийг л хэлнэ шүү дээ. Энэ бол хамгийн энгийн ойлголт. Ийм ойлголт байхгүй хүн бол эхээсээ нүхэнд гарсан номин. Эх орноо хайрлах сэтгэл ямар ч цаг үед үл хувьсах мөн чанартай. Тэр сэтгэл өөрөө аяндаа ил гарах, эсвэл, эзэн нь заавал гаргах хэлбэрүүд нь тухайн цаг үеийн нөхцөл, шаардлагаар янз бүр байдаг. Хэрэв эх оронд нь дайсан халдан довтолбол эх орон, ард түмнээ хамгаалах ариун дайнд мордож, амиа золин эрсдэх, цусаа урсган тэмцэлдэх эр зориг, баатарлаг хүсэл, ухамсараар илэрнэ. Энх цагийн үед бол хөдөлмөр зүтгэлийн идэвхи, санаачлага, улс үндэстэндээ чухал ач тустай үр бүтээлээр илрэнэ. Дайн тулаанд цусаа урсгалан, амиа золисон хүмүүс энх цагт бол хөдөлмөр бүтээлд бас л биеэ үл харамлах элэг сэтгэлтэй, иргэний өндөр ухамсартай хүмүүс байдаг, энх цагт ажил хөдөлмөр, бүтээн байгуулалтанд биеэ үл харамлагч, хүний араар үл нуугдагч тэр хүмүүс дайн байлдааны цагт ч эх орноо хамгаалахаар хамгийн түрүүнд галын шугаманд очих сайхан, баатарлаг, гэгээн хүмүүс байдаг. Хүний амьдрал, амь нас хэдийгээр аугаа их үнэтэй ч, заавал ямар нэг үйл хэрэгт Бурхнаас зориулагдсан байдаг, тэр зориулагдсан үйл хэргийн нь үнэ цэнтэй харьцуулах юм бол, багахаан үнэтэй юм байдаг юм шүү.

    Хайр, эх оронч үзэл илрэх хэлбэрүүд нь цаг үеийнхээ шаардлагатай холбоотойгоор урган гарч байгаа ч мөн чанар нь, эх үндэс нь хувь хүний үзэл бодол, элэг сэтгэл, зан төрх, бодгаль шинж, чанартай л холбоотой юм. Монгол ардын үгэнд их айхтар үг байдаг шүү дээ, “Сэтгэлд үгүй бол нүдэнд үгүй” гэж. Тэгэхээр, эх орноо, Монголоо хайрлах сэтгэлгүй хүний нүдэнд бол Монгол орон гэж байхгүй л байх нь. Монголоо хайрлах сэтгэл цээжинд нь байгаа хүнд бол амьдралд нь хэрэгтэй бүх сайн сайхан юм Монголд нь байгаа, эсрэгээр, Монголд хэрэгтэй, хэрэг тус болох бүх юм тэр хүнд байгаа. Тэдгээр юман дотор үндэсний үзэл ч багтана. Үндэсний үзэл гэдэг хэн нэгэн хүн өөрийнхөө үндэс гарвалийг өөрийнхөө амь бие шигээ хайрлах үзлийг хэлнэ. Үндэс гарваль гэдэгт өөрсдийг маань төрүүлсэн ижий аав, хүйг минь дарсан чулуутай нутаг ус, анх “ээж” гэж хэлж ижийгээ дуудсан хэл, биднийг хүн болгосон ахуй соёл, ёс заншил тэргүүтэн орно. Эднийгээ хайрлах сэтгэлээс л эх оронч үзэл төрж төлөвшинэ. Эднийгээ элэг сэтгэлээсээ хайрлахын “сайхан зовлон”-г эс эдэлсэн, эс мэдэх, эс мэдрэх хүнд үндэсний үзэл эс байна. Хүмүүнд үндэс язгуураа хайрлах хайр цээжинд нь асаад ирмэгц түүнийгээ /үндэс язгуураа/ хамгаалах, бататгах, тэр бүү хэл, мөнхлөх хэрэгцээ өөрөө үүснэ. Энэ хэрэгцээг ухаарч буй ухаарал, хүмүүжил, сэтгэлгээг л би үндэсний ухамсар гэж нэрлэмээр байна. Үндэсний үзэл, ухамсар нь хүнийг үндэс, язгуураа хамгаалах, бататгах, хөгжүүлэх, хэрэгцээгээ хангах үйл ажиллагаанд нь мэргэшүүлнэ. Өөрөөр хэлбэл, хүнийг тэмцэгч, хөдөлмөрлөгч, бүтээн байгуулагч иргэн болгон хөгжүүлдэг.    

    -Гадны өндөр хөгжилтэй олонхи оронд үндэсний баялаг нь “хүн” байхад Монголд “мал” гэж үздэг. Монгол Улсын үндэсний баялаг, үнэт зүйл нь юу вэ?

    -За, яах вэ, хөөрхий, мал минь ч мөн, ашигт малтмал маань ч мөн, тэр бүү хэл, эдийн засгийн ямар ч ашиггүй тоос шороо, хог хаягдал маань ч /хэрэв технологийг нь боловсруулж чадвал ашиглах боломжтой гэдэг утгаар/ манай үндэсний баялаг мөн. Харин хэзээ “үндэсний баялаг” гэж хийсвэрээр нэрлэгдэхээсээ илүү жинхэнэ бодитой “үндэсний баялаг” болж чадах вэ? гэвэл, тэднийг ухаалаг зөвөөр эзэмшиж чадах, эдийн засгийн эргэлтэнд үр өгөөжтэй нөхцлөөр оруулж агаар усандаа  хор балаггүй ашиглаж чадах хүмүүс байх цагт л сая нийгмийн “бодит баялаг” болж чадна. Тэгэхлээр, үндэсний болоод нийгмийн гол “хөдөлгөгч баялаг” бол Бурханаас бүтээж өгсөн байгалийн “бүтээгдэхүүн”  -бэлэн “өгөгдөхүүн”-ийг баялаг болгон хувиргаж чадах мэргэжилтэй, эрдэм мэдлэгтэй,  шударга ариун, хөдөлмөрч хүн л улс орны минь чухал дээд үнэт зүйл маань мөн. Харин хүн өөрөө нийгмийнхээ үнэт зүйл болохын тулд өндөр хөгжилтэй, гоо сайхан хүн байх ёстой. Юу гэсэн үг вэ? гэвэл, эрүүл сайхан бие бялдартай, төгс төгөлдөр мэдлэг боловсролтой, оюунлаг, бурханлаг, ариун гэгээн дотоод ертөнцтэй, хүчирхэг, бүтээлч бодгаль байх ёстой гэсэн үг.

    -Даяарчлагдаж байгаа дэлхийд бид хэрхэн Монголоороо үлдэх вэ?

    -Даяаршил бол техник-технологийн хөгжлийн өндөр түвшинд хүрсэн орнуудаас явуулж буй “халамж нь урдаа, хал нь хойноо” бодлого юм. Гадны эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааны хэлбэртэй эдийн засгийн бодлого мэт үзэгдэж, ойлгогдож, байгаа ч цаанаа бол АНУ, Англи, Европын Холбоо, Хятад, Япон, Өмнөд Солонгос, Канад мэтийн хүчирхэг орнууд бусад орнуудыг өөрийнхөө үйлдвэр-үйлчилгээний бараа, бүтээгдэхүүний хэрэглэгч болгон хувиргах зорилготой улс төр-геополитикийн нууцлагдмал бодлого юм. Энэ бодлого үл үзэгдэхүйцээр булагдаж чадсан “хавх”-тай адил. Энэ “хавх”-анд Монгол мэтийн дорой эдийн засагтай, сул төрийн бодлоготой улс үндэстэн хамгийн түрүүнд орж, хөл, гараа аяархан, зөөлхөн зуулгуулж эхлээд, удахгүй хүзүү, толгойгоо тас хавчуулна. Энэ үйл явц Монголын зах зээлд төдийгүй улс төрд хүчтэй хэрнээ маш далд, маш хурдтай явагдаж байгааг ард иргэд бид мэдмээр, сэрмээр байна. Даяаршлын дайралтын замд “Дангааршил” гэдэг үзэгдэл “хил” болж эсрэгцэж байгаа. Энэ бол үндэсний сэтгэлгээ!  Үүнд, эх хэл, үндэсний бичиг үсэг, түүхэн соёл-иргэншилийн өв уламжлал, ёс заншил!

    Эх хэл бол алив үндэстний оюуны амьдралд онцгой дархлагдах ёстой онцгoй үнэт зүйл. Эх хэлний баялаг бүрэн хадгалагдаж, утга илэрхийлэх боломж чадвар нь улам хөгжиж байхын сацуу сан хөмрөг нь улам баяжиж байх ёстой. Гэхдээ гадаад үг, ойлголтыг тэр чигээр нь оруулж, “тоть” мэт дуурайж, “толь” хуулбарлан буулгаж бус, монгол хэлнийхээ үгийн сангаас /800,000-аас 1,000,000 үгтэй гэдэг/ яг дүйх үгийг нь онож орлуулах, оновчтой орчуулах, ойлголт, ухагдахууныг нь монголоороо зөв, товч цохон буулгах аргаар монгол хүний сэтгэлгээ, үг ярианд хэвшүүлж, баяжуулах үүрэгтэй. Үндэсний сэхээтнүүд юу юуны түрүүнд эх хэлнийхээ “бохирдол”, “эрлийзжилт”-ийн эсрэг оюун ухааныхаан хамаг бүтээлч чадвараар тун оновчтой, хүчтэй тэмцэх хэрэгтэй. Гадаад хэлний үг, яриа, хэллэг эх хэлний маань авианы бүтэц, эс, цөм рүү шургалж эхэлвэл  л үндэсний хэлний “тусгаар тогтнол” алдагдана. Хэлний “тусгаар тогтнол” алдагдвал, үндэсний оюун сэтгэхүйн “тусгаар тотнол” шууд “хүчингүй”-д тооцогдоно. Цаашдаа улс үндэстэн эдийн засаг-улс төрийн амьдралаа биеэ даан хөгжүүлэх чадвараа бүрэн алдана. Тэгээд тухайн үндэстний өвөрмөц шинж чанар, төрх төлөв, амьдралын нь орь хэв загвар үтэр түргэнээ устаж эхлэнэ. Ийм шинж тэмдгүүдийн илрэл нь алив үндэстний Оршихуйн хувьд лавтайяа мөхөх аюулын дохио юм. Монголчууд бид монголоороо үлдэхийн тулд “Даяаршил”-д хэрхэвч нидрүүлж болохгүй “Дангааршил”-ын “хил”-ээ, эх орныхоо “дархан хил” мэт амь хайргүй хамгаалах хэрэгтэй. Монголчууд “Оюу толгой”-гоо, “Таван толгой”-гоо, алтаа, нүүрсээ, уранаа, жоншоо ухуулж болно, гагцхүү, мөрөн дээрхи толгойгоо л ухуулж болохгүй. Газар доорхи баялагаа алдаж болно, дүүрсэн хэрэг, дээрхи баялагаа алдаж болохгүй шиг монгол хүний мөрөн дээрхи толгойг ч, тэр толгой дотор байсан, байгаа, хэзээ ч байх эрдэнийг алдаж хэзээ ч болохгүй. Бид мөрөн дээрхи толгойгоо алдах бодит нөхцөл бол эх хэл маань эрлийзжиж, үндэсний оюун сэтгэлгээнд бусад улс үндэстний философи сэтгэлгээний ноёрхол тогтох явдал гэдэг нь хүн төрөлхтөний түүхээр нотлогдсон үнэн. Энэ ослыг эртээс сэргийлж, эх хэл, өв соёл, зан заншлынхаа түүхэн уламжлалын “хил”-ийг батлан сахиж чадвал Монгол маань эдийн засгийн хувьд буурай улс орон хэвээрээ байлаа ч монгол үндэстэнээрээ үлдэж чадна.

    2011.01.12-14 Хүн чулууны хөндий.

  • Ижий аав хоёрын минь хайр

    Алаг хорвоо дээр хүн болж төрөөд, хайрт ижий аав хоёрынхоо хайр халамжинд бөмбөрч явсаар насанд хүрсэн том хүн боллоо. Хүн болж төрсөн юм болохоор бусдын л адил амьдралд хөл тавьж, залуу хүний омголон зангаар бүхнийг өөрийнхөө бодож санаж байгаагаар хийхийг хичээж, өөрийн хийж бүтээсэн бага ч болов зүйлээ харан урамшиж, цаг хугацааг зорилгогүй өнгөрүүлбэл бухимдах сэтгэл төрж, хүний туулах ёстой амьдралын замд ороод явж байна.

    Болохгүй бүтэхгүй зүйлүүд гарах бүр амьдралын хүнд хэцүүд бууж өгөлгүй, итгэл найдвараа алдалгүй, өөдрөгөөр тэмүүлж амьдрах хэрэгтэй гэж өөрийгөө зоригжуулан, тэр хэрээрээ амьдралыг ойлгож, ухаан, тэвчээр хатуужил сууж байна.

    Оюутан болсон цагаас хойш сонирхолдоо хөтлөгдөн амьдралын мөн чанар, хүний мөн чанар, аз жаргалтай амьдралын талаар бага боловч уншиж, судалж, олж мэдсэн зүйлээ бясалган боддог байсан. Өдөр тутмын амьдралд болоод өөрт тохиолдсон бэрхшээлүүдийг амжилттай даван туулахын тулд уншиж мэдсэн зүйлээ хэрэгжүүлэх гэж, өөрийн сэтгэл зүйгээ удирдаж сурах гэж хичээдэг байсан.

    Үүний ачаар би амьдралдаа тохиолдсон жаахан ч гэсэн бэрхшээлүүдийг өвдөг сөхрөлгүй даван туулж чадсан. Хойшид амьдралд маань тохиолдох ямар ч бэрхшээлийн өмнө бууж өгөлгүй давж гараад, цааш өөртөө итгэлтэйгээр, сэтгэл өөдрөг амьдарч болдог юм байна гэдгийг ойлгож мэдэрсэн.

    “Кунфу панда” гэдэг кинон дээр их багш мэлхий “Өнгөрсөн зүйл ул болж, ирэх цаг хаагдана. Тиймээс одоо цаг бол хишиг юм. Одоо цаг бол жинхэнэ цаг.” гэж хэлдэг. Тиймээ өнгөрсөн зүйлийн сайн сайхныг нь дурсамж болгон хадгалж, болохгүй бүтээгүйгээс нь сургамж аваад өнгөрсөн цагт нь орхих хэрэгтэй. Өнгөрсөн зүйлийг сэтгэлдээ тээн одоогийн болон ирээдүйн амьдралаа сүүдэрлэх хэрэггүй.

    Яг одоо та сэтгэлээ санаа зовнил, айдас түгшүүр, бухимдал, гомдол хорсол, үзэн ядалтаар дүүргэж өвчлүүлэлгүй, хүүхдийнх шиг гэгээхэн хөнгөн байлгаж, таны нүд аз жаргалтайгаар гэрэлтэж, нүүрэндээ сэтгэлийн угаас инээмсэглэл тодруулан амьдрах хэрэгтэй.

    Ингэж амьдрахын тулд амьдралдаа зоригтойгоор ухаалаг шийдвэрүүд гаргаж, бүхнийг уучилж өршөөж, хайрлаж, өөрийгөө болоод амьдралыг танин мэдэж, өөртөө итгэлтэйгээр, өөдрөгөөр, ажиллаж хөдөлмөрлөх хэрэгтэй. 

    Амьдралын замаар явж байгаад хүн бүрийн хайр  ижий аавын минь хайртай адилгүйг мэдрээд, ижий аав хоёрынхоо дуусашгүй агуу их хайрыг гэнэт санан, ухаарч, та хоёрыгоо илүү ихээр хайрлах сэтгэл төрөв.

    Хүү нь та хоёрынхоо хайрыг мэдэрч өссөн болохоор аз жаргалтай амьдрах нь гарцаагүй.

  • Та хэн бэ? Таны сэтгэлд юу, юу байна вэ?

    Үүнийг таны үг, үйлдэл, харц хэлээд л өгнө. Харин түүнийг уншдаг хүн нь харьцангуй цөөн. Өөрөөр хэлбэл ийм хүмүүсийг хүн  танихдаа сайн гэлцдэг.

    Та яагаад бухимдаад байна вэ?Босмоор, суумаар, гармаар, уумаар, шоудмаар,бусадтай зөрж маргамаар, хараалын  үгийг хамгийн муу муухайгаас нь чанга чанга хэлмээр, бүх зүйл нь болохгүй бүтэхгүй утгагүй санагдаж,  гутарч, муу зүйлийг харахаар баясаж нэг л тогтворгүй. Эрүүл хүний нүдээр харвал аймаар!!!

    Тиймээ бидний монголчууд  дунд ийм хүмүүс сүүлийн үед олон болсон.  Дээрх зүйлүүд бидэнд тохиолддог. Зарим үйлдлийг нь бид бахдалтайгаар, сүрийг үзүүлж  үйлддэг шүү дээ. Эд бол бидний эргэн тойронд өдөр бүр болж байдаг, энгийн зүйл болтлоо хөгжсөн үзэгдлүүд.

                    Биднийг юу ийм болгочихвоо? Бидний амьдарч буй нийгэм яагаад ийм айдас түгшүүртэй, тогтворгүй, бохир харилцаатай болчихвоо? Учир шалтгаан нь юу вэ? гэвэл бидний дотроо агуулж байгаа бодол санаанууд, хэлж байгаа үгүүд, авч байгаа мэдээллүүд, биднийг тойрон хүрээлж байгаа орчин, бидний харилцаж байгаа хүмүүс, задарч тэлж аливаа зүйлийн мөн чанарыг, нууцыг  танин мэдээгүй тарчигхан ухаан, ядуу сэтгэлгээтэй холбоотой.

                    Бид хоорондоо БИ БИ БИ БИ БИ гэж ярьдаг. Би л чухал, өөр бусад нь хамаагүй. Би ялах ёстой. Би дийлэх ёстой. Би хэнд ч ялагдах ёсгүй гэж бодож сэтгэдэг. Эдгээр үгийг хичээл ном, ажил хөдөлмөр хийхдээ биш, хэрүүл маргаан бусадтай харилцах харьцаандаа хэрэгжүүлдэг нь харамсалтай. Үүний үр дүнд бид бие биедээ бууж өгөхгүйн тулд бие биенээ үзэн ядалт, хардалт, доромжлол, гомдол, өшөө хорсол, уур хилэн, хатуу ширүүн үгс, аль болохгүй бүтэхгүй муу муухай  үг, үйлдэл,бодол санаагаар  бөмбөгддөг.

                    Яг одоо Улаанбаатар хотод маань хоёр найзын дунд, хоёр хосын дунд, ах дүү нарын хооронд, гэр бүл дотор эсвэл хоёр гэр бүлийн хооронд, бие биенээ танихгүй хүмүүсийн хооронд гэх мэт олон хүрээг хамарсан  дээрх шиг жижиг нэртэй боловч асар хортой, аз жаргалтай амьдралын үндсийг гэмтээж  амийг нь тасалдаг  дайнууд олон болж байгаа.  

                    Дайн дууссаны дараа хосуудын хувьд гэрт нь дутуу эд зүйлс нэгээхэн ч байхгүй, цэвэрхэн, дулаахан хэрнээ сэтгэл нь нэг  л хүйт дааж, ганцаардлыг мэдэрч,  зүрх нь салганан чичирч, цээжин дотор нь уур хилэн, гомдол хорсол,үзэн ядалт багтаж ядан оволзож, босмоор, суумаар, гармаар, бүр үхмээр амьдрал нь утгагүй санагдана.

    Хүмүүсээ  та бүхэн эндээс хүн хүний хайр халамжаар, хүнээр л  дутдаг гэдгийг, бас элэгсэг найрсаг харилцаа, сайхан үгс, сайхан бодол, зөв үйлдлээр  бид өөрсдөө болон бидний хүн сүрэг  дутагддаг гэдгийг ойлгосон биз.

    Хүний дотроо бодож байгаа бодол санаа, хэлж байгаа үг, авч байгаа мэдээлэл бидэнд нөлөөлж,  цаг хугацааны явцад бүгд биежиж матери болдог, мөн түүнийг бясалгал хийж мэдрэмжээрээ дамжуулж  хий төлөвт оруулан устгаж болдог гэдгийг олон зүйлээс уншиж, хүнээс сонсож байсан.

    Үүний нэг баталгааг  “Монголын  “Оточ Одь” эмнэлэг  хүмүүсийн   бие доторх янз бүрийн хэмжээтэй хорт хавдруудыг /матери/ ардын уламжлалт эмчилгээг дасгал, бясалгалын аргатай хослуулж хорт хавдрыг нь ямарч ор мөргүй арилган эмчилсэн олон олон бодит туршлагууд”-тай  холбон ойлгож болох юм.

    Тэгэхээр бид  сайн сайхан зүйлийг бодож, сайхан үгс хэлэлцэж, эвтэй найртай байж, өөрт хэрэгтэй гэрэл гэгээтэй зүйлүүдийг үзэж, сонс, бие биенээ уучилж, бие биедээ буулт хийж байх хэрэгтэй. Энэ нь эцэстээ өөрийгөө л хайрлаж байгаа хэрэг байх юу. Бас сэтгэлдээ үргэлж сайхан зүйлийг агуулж байгаарай. Тэгвэл таны сэтгэлд агуулагдаж байгаа сайхан бүхэн цаг хугацааны явцад биелэлээ олж та аз жаргалтай амьдрах болно. Эс тэгвэл таны сэтгэлд агуулагдаж байгаа муу муухай бүхэн биелэлээ олно.

     Үүнийг уншиж дуусаад уртаар сайхан амьсгалаа аваад,  өөрийн сэтгэлийн хаалгыг онгойлгож сайн онгичоорой. Муу муухай зүйлсийг нь аваад хогийн сав руу шидээд бай.

    Та хэн бэ? Одоо таны сэтгэлд юу юу байна вэ? Гарах үр дүнг нь ойлгосон биз.         

    Жич: Энэ тухай илүү ихийг мэдэхийг хүсвэл “Дээд эрүүл мэнд” –ийн тухай судлаарай.

  • Сэтгэлгээний загвараа өөрчилье

    Бид яаж сэтгэдэг вэ?

    Таван мэдрэхүйгээрээ хүртээд-ойлгоод-итгээд-үйл болгоод-үр дүнд хүрдэг. Дотроо маш олон зөрчилтэй ч энэ загварын сэтгэлгээ чамлахааргүй үр дүн авч ирсэн энэ тухай хойно ярилцъя.

    Одоо сэтгэлгээний зөрчлийн тухай хэдэн баримт дурьдая.

    Энэ нь муулахын тулд бус сэтгэлгээний загвараа өөрчилөхөд тус болохын үүднээс юм. Бид бага сургуулиас дөрвөн аргын тоо заалгасан. Түүнийгээ туйлын, ямарч маргаангүй зөв гэдэгт итгэсэн. Үүнээс өөрөөр байх боломжийг харах мэлмийг сохолж, тунгаах ухааныг ширгээсэн. Тийм болохоор бид тэр жаахан зөрчлийг олж шийдэх нөхцөл бололцоогоо алдчихжээ. Тийм болохоор жаран настай доктор профессор ч гэсэн нэгэн нэгийн гэдэгтээ харанхуй итгэсээр л явдаг. Энгийн математикт халзан хонь нь баруун гар талд нь байна уу? Хар хүзүүт нь баруун гар талд нь гарчихна уу? Ялгаагүй хоёр л хонь байна гэх мэт.

    Нэмэгдэхүүний байрыг сольсноос нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэх мэт. Хөөрхөн тодорхойлолт, тодотголууд бий. Гэхдээ зарим зөрчилтэй. Нэмэхээс үржүүлэх нь тоог идэвхитэй, хязгааргүй олноор нэмэгдүүлдэг гэдэг. Энэ нь нэгийн хүрдний эхнээс л зөрчилдөг. Жишээ нь: 1*1=1, 1+1=2 энэ тохиолдолд нэмэх нь үржүүлэхээс илүү олшруулж байна. 2*1=2, 2+2=4, 3*1=3, 3+3=6 гэх мэт нэгийн хүрд бүхэлдээ зөрчилтэй юм. Хоёрын хүрдийг аваад үзэе 2*1=2, 2+2=4 дээрх баримт батлагдаж байна. Нэмэх үржүүлэх 2 үйлдлийн адил байгаа биздээ. Багш бидэнд эдгээрийн учир шалтгааныг хэлж өгөөгүй яагаад гэвэл багшийн багш өөрт нь хэлж өгөөгүй. Зүгээр л зөв гээд мухар сохороор цээжлүүлчихсэн. Бид өөрсдийгөө сохор итгэлийн сэтгэлгээтэй гэж үзэж болох нь ээ. Уул нь бид, ойлгоод, итгээд… гэсэн дарааллаар сэтгэдэг биш билүү. Тийм болохоор бид буруу ойлголтын, дутуу ухаарлын сэтгэлгээтэй юм.

    Дахиад хэдэн жишээ дурдъя: Энгийн математикийн нэмэх арга ч гэсэн зөрчилтэй хоёр шилэн аяганд дүв дүүрэн ус хийгээд ширээн дээр тавь, нэгэнд нь 0,5 см куб сахар нөгөөд нь сахарын ширхэгтэй том жижгээрээ адил элс хоёрыг ширхэг ширхэгээр авч зөөлөн хийж дуусга. Ус шилэн аяга дүүрэн бялхам учраас давж асгарсаар 0.5см куб ус аяганаас асгарах ёстой. Элс хийсэн аяганаас яг ийм хэмжээний ус асгардаг. Дээрх таамаглал буюу нэмэх аргын үр дүн зөв гарч байна. Гэтэл сахар хийсэн аяганаас молекул ус ч асгардаггүй яагаад вэ? Нэмэх аргын энэ зөрчилийг багшаасаа асууцгаая. Бас нэг жишээ: Нэг литр усыг, нэг литр спирттэй хольвол 2 литр болох ёстой. Гэтэл тэгдэггүй. 1990 гаруй мл холимог болдог. Яагаад вэ? Бас л багшаас асууя эсвэл өөрөө бодож тунгааж олоё.

    Биологид бол бүрч их зөрчилтэй. Бид маш олон Яагаадыг тойрч гарсан, эсвэл үзээгүй хүн болж алхаж гардаг байснаас бараг бүх шинжлэх ухаан түр зогсолтонд орж онол сургааль нь дампуурлаа. Матерлизм, коммунизмтайгаа хоёул худлаа боллоо. Физикийн шинжлэх ухаан бөөмөн долгио, долгио бөөм хүрээд судлагдахуунаа алдлаа. Анагаах ухаан эсийн хашаанаас гарвал төөрөхөө мэдээд алмайран зогслоо. Биологи молекулын түвшин хүрээд зам ерөөсөө төөрөв. Сурган хүмүүжүүлэх ухаанд боловсролын хэсэг бусагхан мананд зүг чигээ алдаад мөн чанараа гээлээ. Хүн төрөлхтөн эд мөнгө, эрх тушаалын төлөө тэмцэлд орохын тулд хүн чанараасаа татгалзлаа. Орчин үе товчдоо иймэрхүү төрхтэй болжээ.

    Бидний сэтгэлгээний загвар салаа салбар бүхэндээ уналтанд орсоор байхад, салж салгаж бутаргасаар л байна. Анагаах ухаан хүнийг хаа гуяар нь салгаад нэг нэг мэргэжил болгоод барьчихсан. Одоо цаашдаа эсээр, молекулаар нь салгах л үлджээ. Бид тасархай үзэлтэн болжээ. Одоо яах вэ гэсэн асуултын хариулт нь сэтгэлгээний буруу загвараа өөрчил гэсэн ганцхан дүгнэлт гарна.

    Харин яаж өөрчилөх вэ? гэсэн асуултанд хариулт өгөхийн тулд хүн бүр тунгаан бодож шүүн ярилцах хэрэгтэй. Ухаан төгс өвөг дээдсийн мартагдсан гүн ухаан, арга билэгийг ч судлах хэрэгтэй. Яагаад заавал арга билэг байдаг билээ. Монголын уламжлалт гүн ухаан орчлонгийн үүсэх, хувьсах жам ёс шиг өөрөө төрж төгөлдөржсөн юм. Арга билэгийн номлолоор бол бүх юм 2 юмнаас бүтдэг. Орон зай- дүрс, амьгүй- амьтай, эр-эм, нэмэх- хасах гэх мэт. Тийм болохоор хоёр юм ч гэж бас үгүй. Шүтэн барилдсан гуравдагчаар илэрнэ. Н2О-ус болохоос биш устөрөгч, хүчилтөрөгч 2 биш, бие-сүнс нь хүн гэсэн амьд оргинал дүрс юм. Арга билигийн ухаан Монголд үүсч онол үзэл нь төгс боловсрогдоод өрнө дорно руу хэрхэн зөөгдсөн тухай нууцын хураангуй номд баримт түшиглэн өгүүлсэн буй. Арга билигийн ухааны давуу тал нь аливааг танихын тулд арга талаас билэгийг нэвт, эсвэл билэг талаас нь аргыг мөрдөн судлах боломжтой. Гэхдээ энэ ч бүрэн дүүрэн хангалттай бус яагаад хэмээвээс аргыг таньсан ч билэгт төөрдөг, билэгийг оновч аргад нь будилдаг хоёуланг хослон ухааравч барилдлагад нь бүдэрдэг. Тэгэхлээр арга билэг хоёрыг судлахдаа шүтэн барилдлагад тулгуурлах нь ойлгомжтой байгаа биз дээ. Сэтгэлгээний загвараа өөрчилье гэж бодонгуут, хэлэнгүүт өөрчлөгдөхгүй их хичээл зүтгэл ч хангалттай биш. Нарийн дэс дараалалтай зөв үйл ажиллагаа маш чухал.

    Мэдлэг эзэмших үндсэн гурван арга байдаг. Нэгдэх нь таван мэдрэхүйгээр хүлээн авах. Хүүхэд эхээс унангуут энэ 5 сувгаар мэдээлэл мэдлэг хуримтлуулж эхлэдэг. Хоёр дахь нь туршил зүйн арга. В.И.Ленин танин мэдэхүйн шалгарсан арга гэх утгаар хэлсэн байдаг. Үндсэн энэ 2 арга нь өнөөдрийн шинжлэх ухаануудын тулгуур болж байна. Гэтэл шинжлэх ухаан хөгжсөөр тулгуураа алдчихлаа шүү дээ. Эгэл бөөмсийг задалсаар байтал үзэгдэхээ болилоо. Туршил хийх боломжгүй тулчихлаа. Одоо яах вэ? Эрэл хайгуул хийхээс өөр арга зам үгүйг ойлголоо. Шинжлэх ухаанууд улам нарийсч нэгдэн нягтарч хосолж байна. Нано технологийн шинжлэх ухаан, нейроквант физик, психо- гео- физик гэх мэт тоочоод барашгүй. Шинжлэх ухааны төрөлжиж нарийссан салбарууд ойртон хавсарсан нь санамсаргүй хэрэг бус. Цаад судлагдахуун нь тодорхой түвшин хүрээд, мөн чанараараа нэгдэн нийлснээс болж байгаа юм. Тэглээ ч олигтой үр дүнгүй байна. Учир нь урьдах шинжлэх ухааны арга туршлагад тулгуурладаг учраас тэр юм. Ийм болохоор танин мэдэхүйн гурав дахь үндсэн аргад шилжин орох нь зайлшгүйг бидэнд ухааруулж байна. Танин мэдэхүйн буюу мэдлэг эзэмдэхүйн туйлын дээд арга нь одоохондоо “Туулах” арга юм. Энэ талаар эрэл хайгуул хийсээр Германы эрдэмтэн Хаккен Синергетика шинжлэх ухаануудын ерөнхий зүй тогтлыг илрүүлэх зорилгоор ийм салбар чиг санаачилжээ. Дүрст оршихуйн нийтлэг чанар нь загварчлалын нэг хуулинд захирагддаг.

    Орчлон ертөнцийн 1011 галактикууд төвөө тойрон эргэлддэг. Тэдний бүтэц хэсэг бүлэг ба нэг од, атом молекул ч төвөө тойрон эргэлддэг. Манай галактик, манай нарны ертөнц, манай дэлхий, электрон, бөөм бүгд төвөө тойрдог. Тэр ч байтугай хүний эрхтэн, эрхтэн бүрийн эс төвөө тойрон эргэлддэг. Өнөөдөр эрдэмтэд дүрсийн дуализм гэж ярьж бичиж байна. Бөөмөн долгиог материаллаг чанартай, долгио бөөмсийг хоосон чанартай гэж үзэж байна. Уул нь тийм бус юм. Харин дүрс бүхэн хоосон чанартай. Хоосон орон дүрс чанартай гэж үзэх ёстой биш ерөөсөө тийм юм. Орчлон ертөнцөд гурван орон байгаа юм. Дүрст орон, зааг буюу тэг орон, хоосон орон гурав шүү дээ. Дүрс хосолмол гурвал чанар байгаа гэдэг нь танд илэрхий боллоо. Бөөмөн долгио зөвхөн материаллаг чанартай бус бас хоосон чанартай. Хоёр чанарыг агуулсан учир зааг чанарч бас түүнд байгаа. Сэдвээсээ баахан хазайчихлаа гэж та бодож байна уу. Үгүй шүү. Орчлонт ертөнцийн тогтцын бүтэц бүрэлдэхүүн, тэдгээрийн барилдлагыг ойлгохгүйгээр, сэтгэлгээний загвараа өөрчлөх эрмэлзлэл, зорилго хүч бүрэлддэггүй юм. Тийм учир энэ тухай жаахан тайлбар бичлээ. Бидний сэтгэлгээний загвар мэдрэхүйн эрхтэнээр хүртээд ухаарч ойлгоод, ажил болгоод үр дүнд хүрдэг. Энэ арга өнгөрсөн 2000 гаруй жилийн хугацаанд дүрсийг танин мэдэхэд, нэг л хэсэгтээ боломжтой байжээ. Бүх шинжлэх ухаан судлагдахуун дүрсээ алдахаараа өөрийгөө ч мөн алдаж байна. Дэлхийн шилдэг эрдэмтэд гарц хайж байна. Шинжлэх ухаан ч байр сууринаас шинэ арга зам олвол сайн хэрэг үүнийг хүлээгээд бид зүгээр суух гэж үү. Өвөг дээдэс арга билэгийн ухаан, тарнийн ухааны онол арга зүйг олж бидэнд өвлүүлсэн “Билэг зүй” танин мэдэхүйн аргыг эзэмдэх хэрэгтэй гэж боддог. Энэ түвшиний сэтгэлгээний загвар нь бишрээд- итгээд- үйл болгоод- үр дүнд хүрч- ойлгох юм. Бидний хүлэгдсэн сэтгэлгээний загварын торноос үнэлэлт дүгнэлт өгвөл үүн шиг солиотой юм орчлонд үгүй мэт санагдана. Танд ингэж бодогдож байгаа биз гэхдээ ийм л байгаа юм. Энэ тухай хойшид арай дэлгэрэнгүй өгүүлье.

    Хандын Цэрэндорж “ДЭЭД ЭРҮҮЛ МЭНД” номоос

  • Уучлаарай та хэрхэн амьдрах гэж байна? Би ингэж амьдрана. Саналаа хуваалцаарай.

    20-иод жилийн өмнө би энэ дэлхий дээр хүн болж мэндэлсэн. Аав ээжийн хайр халамжинд бөмбөрч, бага насаа монголын баруун хязгаарт сайхан байгаль, ажилсаг хөдөлмөрч, эвтэй найртай,  сайхан сэтгэлтэй  хүмүүс дунд өөрийн үүргийг гүйцэтгэж аз жаргалтайгаар өнгөрүүлсөн. Өөрийн үүрэг гэхээр хурга тугалдаа явж, гэрийн ажилдаа тусалж, сургуульдаа сурч, өвгөд хөгшдөд туслана. Чөлөөт цагаараа үеийн багачуудтай хамт  ой мод, булаг шанд, гол горхи, дэрс  харгана, хад чулуу, уул овоо, мал сүрэг, хулгана зурам, цэцэг навч, тал хээр гээд байгаль ээжийнхээ эс ширхэг бүрээр хань хийж тоглон наадна.  Дэс дараалан үргэлжлүүлээд  ярьвал сонирхолтой түүхүүд их байгаа ч одоо гол зүйл рүүгээ оръё. 

                    …2006 он. Дунд сургуулиа төгслөө.  Энэ үед өөрийгөө олох, хүсэл мөрөөдөл, амьдралын утга учир, мэргэжил сонголт зэрэг ойлголтоос эхлээд олон ойлголт  надаас хол хөндий, зарим нь сургийг нь ч дуулаагүй үгүүд байлаа. Сургийг нь дуулаагүй гэж бодохоор ойлголтын тухай яриад ч хэрэггүй байх. Хэ хэ.

                    Оноо тэнцээд нэр нь гоё сонсогдоод бас олонхийн саналаар, өөрөө ч дуртай зөвшөөрч монгол улсын их сургуулийн нэг ангид элсээд орчлоо. Оюутан гэдэг статустай болж амьдралын өөр хэв маягт шилжив. Азаар миний сонгосон сургууль алт эрдэнэсээр дүүрэн байсан юм. Тэр нь гадаад дотоодод сурч  олон зүйлийг  таньж мэдсэн , өөрийгөө олсон, хөдөлмөрч, ёс зүйтэй, эрдэм боловсролтой дэлхийн хүн гэж хэлэгдэх багш нар маань байсан юм. Бас тэвчээртэй,  хариуцлагатай, чадварлаг, дайчин,  эвсэг  үеийн нөхөд маань байсан юм. Тэднээс  олон зүйлийг сурсан.

                    2011 он. Сургуулиа төгслөө. Цагийг үр дүнгүй өнгөрүүлэхгүйн тулд ажил хийлээ. Оюутан болсон цагаасаа өөрийгөө хайж, амьдралын утга учрыг хайж, их сургуулиа төгсөөд ажил хийж байхдаа ч үргэлжлүүлэн хайсаар байлаа. Олз омог ихтэй.

                    Олсон зүйлээсээ заримыг нь хуваалцая. Би энэ хорвоод хүн болж төрсөн юм чинь одоо амьдралынхаа хором мөч бүрээс яаж аз жаргалыг мэдэрч, амьдралдаа сэтгэл хангалуун амьдрах вэ? Үхэх гээд хэвтэж байхдаа өнгөрүүлсэн амьдралдаа яаж сэтгэл хангалуун байж, харамсахгүйгээр нөгөө ертөнц рүү явах вэ? Зэрэг асуултын хариуг хайсан. Одоогоор олсон хариултандаа итгэж, сэтгэл хангалуун байгаа. Магадгүй хүн бүр өөр өөр хариулт олохыг үгүйсгэхгүй.  

    Олз  1. Гэр бүлтэй болно.

    Олз 2.  Өөрийн дур сонирхолтой, хийж чаддаг ямар нэг ажлыг маш сайн хийж, өөрийн үнэ цэнээ бий болгож,  амьдрана. Хүн өөрийн хийсэн зүйлээ харж өөрөөрөө бахархдаг. Хүмүүс хүний хийсэн зүйлийг харж тэр хүнээр бахархдаг. Тэгэхээр аз жаргалтай амьдралын салшгүй нэг хэсэг нь ажил хөдөлмөр гэдэг маргашгүй үнэн.

    Олз 3. Хайр. Байгаа орчноо тордож, засаж, янзалж өөрийгөө тойрон хүрээлж байгаа, харилцаж байгаа хүмүүсээ хайрлаж, хүндэлж, уучилж, ойлгож амьдрана. Зарим хүмүүс үүнтэй санал нийлэхгүй байж магадгүй. Санал нийлсэн ч үүнийг хэрэгжүүлж чадахгүй бол хүн төрөөд эцэст нь үхдэг. Тиймээс амьдрал хоосон чанартай гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүмүүс “од шүүрнэ” гэж ярьдаг. Түүн шиг хоосон чанартай амьдралын од нь хайр гэж боддог. Тэр одыг шүүрч чадах юм бол хоосон чанартай  амьдралыг утга учиртай болгож чадна гэж боддог. Хаа нэгтээ “Хүн үхэх гээд хэвтэж байхдаа  энэ амьдралдаа бусдыг хэр их хайрласан бэ? Бусдаас хэр их хайр хүндлэл хүлээж авсан бэ?” гэдгээр өөрийн амьдралын үнэ цэнээ дүгнэдэг гэж бичсэн байсан. Тэгээд ч бусдыг хайрлахаар хүн аз жаргалтай болдог. Бас бидний хайрыг  хүртсэн хүмүүс  эргээд биднийг хайрлахаар бид аз жаргалтай болдог шүү дээ.

    Олз 4. Гэгээрэл-далд ухамсарын талаар судлах. Хэн нэгэн “Гэгээрэл бол өөрийгөө танихаас өөр юу ч биш” гэж хэлсэн байдаг. Тэгэхээр гэгээрэл гэдэг зүйлийг өөрөөсөө хол хөндий гэж бодох хэрэггүй юм шиг байгаа юм.

    Энэ бүх олзыг маань хайр утга учиртай, үнэ цэнэтэй  болгоно. 

     

     

     

     

                      

  • Хачин бүтэц … (verslivre)

    Сэтгэл минь шороо шиг тархдаг.

    Цас шиг будардаг.

    Бие минь заг шиг хатдаг.

    Будаа шиг ургадаг.

    Тиймдээ,

    Бие минь улирал шиг солигддог.

    Тиймдээ,

    Сэтгэл минь салхи шиг уйлдаг,

    Хоёулаа ив ижил,

                            ихэр хүүхэд шиг,

    Тэнгэртээ тэврүүлж,

                            нарандаа үнсүүлж,

    Хоёулаа ав адил,

                            хүмүүс, сармагчид шиг,

    Шуурганд нүдүүлж,

                            шаварт хайруулж,

    Хад шиг хагардаг.

    Мөс шиг хайлдаг.

    Уул нуруу болж ч

                            тал өндөрлөдөг.

    Ус мөрөн болж ч

                            зам болдог!

    Мушгий,

    Шулуун,

    Ороомог,

    Огторгуйлаг,-

    Хачин эст бие,

    Хачин урсгалт сэтгэл,

    Хачин бүтэц! …

    Тиймдээ,

    Намайг шувуунаас хурдан

                            нисгэж сургасан,

    Тээрэмд няцрах будуутай цуг

                            хэмх үйрүүлж сургасан,

     

     

    Тэртээ өндрийн, төрийн далбаа шиг сэтгэлээ

    Гурилнаас зөөлөн, цаснаас цагаан

                            дэлбээлүүлж сургасан!

    Тиймдээ,

    Намайг цагаас удаан мөлхүүлж,

    Тиймдээ,

    Намайг Эйнштейнээс хол сэтгүүлж,

    Газар дороосоо ч Нарыг өргөж даах

    Шидийг олуулсан! …

    Хачин бие!

    Хачин сэтгэл!

    Хачин бүтэц! …

     

    2006.07.06.    Алтан тэвшийн хөндий

                                                    (39г байр, 13-р өрөө)

    2006.09.25.    Алтан тэвшийн хөндий

                                                    (39г байр, 13-р өрөө)

     

  • “НИССЭН ШУВУУ …”, “Шувуу биш шувуу …” хэмээх Экспромт

                I

    Ниссэн шувуу

    Хаашаа ч нисч буй бус,

    Хаа ч хүрч буй бус,

    Ирсэн зайгаа л эргээж эвхдэг,

    Ирээгүй зайгаа хороож буцдаг!

                II

    Ниссэн шувуу

    Хаана ч очдоггүй,

    Хараанаас бараа тасран ариллаа ч

    Хаа ч хүрдэггүй!

    Зөвхөн,

    Миний нүдэн дотор л дэвж,

    Зүрхний минь лугшилтын

    Удаан түргэнийг хэмждэг!

    (“Тоолдог” ч гэж хэлж болно!”).

                III

    Ниссэн шувуу

    Хаашаа ч нисдэггүй,

    Хаачихаа ч мэддэггүй,

    Зөвхөн,

    Миний цээжин дотор л эргэлдэж,

    Үгний минь үнэнийг

    Насыг тоолдог!

    (“Урт, богиныг хэмждэг!” ч гэж болно!)

                IV

    Тэртээ гүнд тэнгэр цэнхэртэнэ …

    Тэнд,

    Цэнхэр харагдах юу ч байхгүй!

    Хоосноос бусад нь

                            бүгд байдаг ч

    Хоосон нь байхгүй,

                            эсвэл, олдохгүй мэт,

    Тэнд,

    Юу ч тааралдахгүй!

    Харин … !

                V

    Харин,

    Би тийшээ очдог!

    Харахгүй бодлогоширч яваад,

                            цаад руу нь,

    Ниссэн шувуу шиг унадаг!

    Тэхдээ,

    Би шувуу биш шувуу!

    Элэн галаваас,

    Тэндээс наашаа ниссэн,

    Эргээд бас,

    Эндээс тийшээ ниссэн,

    Эргэлдэн оргилдсоор

    Хүрд шигдугуй далавч ургасан

    Шувуу биш шувуу! …

                VI

    “Тийм”, “Үгүй”-г батлахад ч хэцүү,

    Тэмдэг дохиог нь дамжуулахад ч хэцүү,

    Хачин зүд минь өдөр ч үргэлжилдэг!…

    Харамсалтай нь ,-

    Тэр зүүд хүний хэлэнд тайлалгүй!

    Тэнд,

    Эндээс ялгаатай нь,-

    Хамгийн ойлгомжтой нь

                            хамгийн сүүлд ойлгогддог,

    Хамгийн ойрхондоо

                            хамгийн сүүлд хүрдэг;

    Хамгийн хол нь

                            хөл дор гишгэгдэж,

    Хүний “түүхий”-н нууцыг задалдаг нь

    Намайг үхтэл ичээдэг! …

     

    2006.02.15.    Алтан тэвшийн хөндий

    2006.05.20.    (Бурхан багшийн дүйчэн өдөр)

    2006.06.11.    Алтан тэвшийн хөндий

    2006.09.25      Алтан тэвшийн хөндий

                                                    (39г байр, 13-р өрөө)

     

  • ХОЛХИВЧ (элегий –дууль)

    Холхивч холхино…

    Хойшоо–Урагшаа,

    Урагшаа- хойшоо…

    Барууншаа-зvvншээ,

                            Зvvншээ-барууншаа…,

    Холхивч холхино!

    Бахим бєх хоног дотор

    Бахь давчуу хэмжээ зайнаасаа

    Хялгасны тєдий ч хэтийлгvй,

    Хярсан бvжингийн нvд мэт эргэлдэн,

    Холхивч холхино!

    Хойшоо-урагшаа…,

                            Урагшаа-хойшоо…,

    Барууншаа-зvvншээ…,

                            Зvvншээ-барууншаа…

    II

    Холхивч холхино…

    Хорон-элэн холхино…

    Эргvvлгэнд эргэх хомоол мэт,

    Хvйнд хуйлрах хоргол мэт,

    Хурдсан-удаашран,     

                            Ухран-урагшлан,

    Бахь давчуу хэмжээ зайндаа

    Барууншаа-зvvншээ…,

                            Зvvншээ –барууншаа

    Хойшоо-урагшаа…,

                            Урагшаа–хойшоо…,

    Хорон-элэн холхино!

    Айсан бvжингийн нvд мэт

    Анисхийх хоромгvй эргэлдэн,

    Аянд тоосрох-тvvх “хєдєєлvvлэг”–ийн

    Yл зогсох дугуйд

    Yл гацах…

                            vл гажих

    Yргэлжийн холхионт

    ”Тулах цэг”–ээр гагнадана!..

    Холхивч холхино…

    Хойшоо-урагшаа…,

                            Урагшаа-хойшоо…,

    Барууншаа-зvvншээ…,

                            Зvvншээ-барууншаа…

     

    III

    Бахим…

                цул…

                            ган хоногонд

    Бахь…

                давчуу…

                            хэмжээст зайндаа

    Хярсан бvжингийн

    Айсан нvд шиг эргэлдэх-

    Хясал, Хvслийн холхивч

    Барууншаа-зvvншээ холхино,

    Ган хоногын

    Хана мєргєєд буцна!

    Хойшоо-урагшаа холхино,

    Хохь байдгаараа л, –

    Ган хоногийн

    Хана мєргєєд буцна!..

    Холхивч холхино…

    Хохь байдгаараа л,-

    Хойшоо-урагшаа…

                            урдаасаа хойшоо…,

    Бахь байдгаараа л, –

    Барууншаа-зvvншээ…,

                            зvvнээсээ-барууншаа!

    IV

    Єрєвдєм холхивч

    Єдєр ч…

                шєнє ч…

    Єнхєрч ч…

                хийсч ч холхино.

    Барууншаа…

     хойшоо холхино.

    Байхгvйтэй адил зай

    Хонхойлмоор аядаад,

    Бахь хуучнаараа…-

    Ган хоногын

    Хана мєргєєд ухрана!

    Ухартал,

    Ард vлдсэн зай

    Урдаасаа…

                зvvнээсээ…

    Yзсээр байтал

    Улайм цайм хорно!

    Зvvншээ…

                урагшаа… холхино.

    Зvvний сvвэгчийн зай

    Хонхойлмоор аядаад,

    Хохь хуучнаараа…

    Ган хоногийн хана мєргєєд ухрана

    Ухартал,

    Ард vлдсэн зай

    Хойноосоо…

    Баруунаасаа…

    Харсаар байтал

    Ханх ёнх хорно

    Хаашаа ч зай хонхойл

    Хайлж буй

    Тосны хэлтэрхий шиг

    Холхивчны

    Ард vлдэх зай

    Хонхойлсны нь хэрээр

    Хором зуур битvvрнэ…

     

    Єрєвдєм Холхивч

    Єдєр ч…

    Шєнє ч…

    Холхидогоороо л холхино.

    5

    Нулимс дvvрэн

    Нvд шиг,

    Нуугдах зай–

    Хуурай эрэггvй,

    Хорго–

    Хоногонд

    Хорон–элэн эргэлдэх

    Холхивч–Эх орон минь

    Холхидогоороо л холхино.

    Хойшоо–

    Урагшаа–

    Урагшаа–

    Хойшоо….,

    Барууншаа–

    Зvvншээ…,

    Зvvншээ…,

    Барууншаа…

     

  • Эцсийн “үнэгүй” хүн

    Би,-

    Эцсийн,

    “Үнэгүй” хүн!

    Элэг хөшим инээдэмтэй

    Эцсийн ганц,

    Бүхнээ зүгээр “алдагч”!

    Алдах, хохирохын хохь

    Хоолойд тугалга мэт бөглөрдөг ч

    Хонсимбодисадын тунгалаг нулимс

                                        хайлуулж      

    Цээжний минь хөндүүрийг

    Хумхи мэт хөнгөлж,

    Орчлонгийн оргилоор

    Нар мэт хөөргөдөг!…

     

    Өглөг намайг

    Үргэлж нүцгэлдэг!…

    Нүцгэрэх минь

    Ичгүүр нимгэлж

    Сэтгэлийн минь тортогыг

    Загасны хайрс мэт зулгалдаг!…

     

    Аргадангуй хорвоогийн

    Алаг жамын тэнцэтгэл,-

    Авлага, Өглөгийн зөрүүнээс

    Үнэн үндэсээ нэмдэг!…

     

    Би,-

    Бүтэн нойртой шөнө ганц ч үгүй

                                        амьдралаараа,

    Хөлдүү голын ёроолд ч

    Халуунаараа … хуурайгаараа улалзах

                                        хайраараа,

    Зуурдын амьсгаа холбоотой амьтан

                                        бүгдэд

     

    Зул, тахил өргөөд,

    Хүнийг хайрлахуйн эмгэнэл лүгээ нэг,

    Хүч, сэтгэлээ газарт шороодохуйн ялагдал

                                        лугаа хоёр  

    Үл ойлгогдохуйн шарх лугаа гурав,

    Үзэн ядагдахуйн баатарлаг лугаа дөрөв,

    Эмзэг сэтгэлийн тосгуур руу

    Элэг доогоор нулимагдахуйн гуниг лугаа тав,-

    Нулимаст дурьдатгал л тэврэн үлддэг!…

     

    Би,-

    Цэг!

    Битүү хар хананд

    Шигүү үсгээр шавсан

    Зайгүй хар өгүүлбэрийн эцэст

    Занантайгаар,

    Үргэлжлэл дуусган “цовдолсон”

    Цав цагаан цэг!

    Надаас хойш,

                                        энэ Цэгээс цааш

    Нарт ертөнцийн энгээр

    Хахь өөр өгүүлбэр

    Сохор номин ч уншихаар

                                        гэрэлтэн,

    Цоо шинээр дурайна!…

     

    Би,-

    Эцсийн,

    “Амьд” үлэг гүрвэл!

    Эргэх цагийн гольдрол

    Намайг яаж хэрчлээ ч

    Эргэндээ хэзээ ч “чацуулахгүй”!

    Алиа салбадай – өнөө цагийн

    Янхан үнэний “үер”-ийг би

    Аав, ээжийнхээ “бэлэг” –

    Ариун биедээ байтугай

                                        хүүрэндээ ч хавьтуулахгүй!…

     

    Би,-

    Хүн төрөлхтөний

                                        Эцсийн хүн!

    Би,-

    Хүслэнт цагийн

                                        Эхний “хүүр”!…

     

    1997.12.11      Хүн чулууны хонхор

    1998.08.12      Мэдээллийн төв

    1998.12.22      Мэдээллийн төв

    2006.10.2-3   Алтан тэвшийн хөндий

     

  • МИНИЙ ЛЭЭ ИЖИЙ

    Хан хурмастад гэгээ тусуут

    Хас нүдээ хуулан босоод,

    өдөржин босоо  миний лээ ижий,

    Харанхуй шөнийн одод тоонондоо хотолтол

    Ханцуй тайлалгүй түлгээд,

    өнжин зогсоо  миний лээ ижий.

    Хацар сайртай үрээ уйлуут

    Харцгайн далиар дэвэн ирээд,

    үргэлж дэргэд миний лээ ижий,

    Хаан бууралын алдарт эн зэрэгцтэл

    Хайраа дуугаралгүй сахиад,

    үүрд дэргэд миний лээ ижий.

    Жил үнэрлээгүй хүүгээ  зүүдлүүт

    Жиндүү дэрээ тэврэн сэрээд,

    даамай уйлсан миний лээ ижий,

    Жин буяны аянд Шигээмунид золготлоо

    Жижиг харагдалгүй танигдаад,

    дандаа цугтаа миний лээ ижий.