Арван сар тээж, ангир шар уургаа шимүүлэн өсгөсөн ээж нар шиг ачтан хорвоод үгүй. Ээж, эх, эхнэр, хань, гэргий хэмээх богинохон мөртөө гүн утга асар их хүндэтгэл, энэрэл хайр, бахархал шингэсэн энэ үгс хэний ч чихэнд сонсголтой. Энэ сайхан нэр алдрыг эмэгтэй хүн болгон эдлэх хувьтай бөгөөд эх хүн эмэгтэй хүнийг эрхэмд үзэж, сайн сайхны бахархал болгосоор ирсэн түүхтэй. Монголын ард түмэн эрт үеэс эхнэр хүний ямар байх ёстойг заан сургаж зөвлөж ирсэн уламжлалтай.
Монгол эмэгтэйчүүд эхчүүд гэрийн ёсоо ихэд эрхэмлэн сүсэглэн дагаж ирсэн уламжлалтай. Тэгээд ч эхнэр хүний баримтлах ёс зарчмыг томъёолж ямар эхнэрийг сайн гэх вэ? гэдгийг тодорхойлжээ.
-буруу явдлаар үл явагч
-санаа сэтгэл нь цэцэн дөлгөөн
-эсгэх, оёход уран
-самбаа санаачлага ихтэй
-ачит эцэг эхээ машид хайрлан хүндэлдэг
-аль зан сайхантай, эелдэг
-гэр орноо цэвэрлэж, гийчин зочин ирвээс найрсгаар зочлогч
-гэнэдэж буруу үл чалчигч
-хов жив үл хөөцөлдөгч
-ахас, ихэсийн үгийг сонсогч
-үүр цайхын өмнө эртлэн босдог
-үйлийг хичээн үдэш орой унтагч эхнэр сайн гэжээ.
Энэ бол өрх гэрийн эзэгтэй нарын эрхэмлэн дагах сайхан ёс журам юм. Энэ нь одоо ч утга агуулгаа огт алдаагүй нь мэдээж. Ухааран ойлгож даган соёрхох нь эх таны нэгэн эрдэм юм шүү.
Бас эмэгтэй хүн, эх хүн гэдэг гэрийн сайн сайхны бэлэгдэл, айл гэрийн түвшин амьдралын уг сурвалж, үр хүүхдийг жинхэнэ хүн болгохын үлгэр хэмээн үздэг. Бүсгүй та ээжтэй хүн, та өөрөө ээж, та үр хүүхэдтэй хүн. Тэр ч байтугай ээж болох охин үртэй хүн.
Тэгэхээр та өвлөх, залгамжлах, уламжлуулах гурван цагийн хэлхээнд амьдарч байгаа эх. Та гавъяатай хүн. Та их хариуцлага, хүндэтгэл, үүрэг хүлээсэн хүн. Ийм болохоор та бодох, санах, сэрэх, санаачлах, ухааран бодох, үйлдэн хийх асар их олон үйл таны өмнө бий.
Аав, эцэг, гэрийн эзэн, нөхөр, хань өрхийн тэргүүн хэмээх алдар нэр эр хүнд ноогддог. Сонсоход сонсголонтой нэр хүндтэй энэ нэрийн эзэн байна гэдэг эр хүний нэг бахархал гэж үздэг. Бас том хариуцлага юм. Биеэ засад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэсэн гүн утгатай үгийг та бид бүгд мэднэ. Энэ нь эр хүн эхлээд биеэ засах буюу амьдарч чадах чадвартай зөв сэтгэлтэй болсон байна гэсэн үг 
Хүүхэд бол гэр бүлийн аз жаргал, эх орны ирээдүй, хүн төрөлхтний залгамж үе юм. Сэвлэгэн даахьтай үрээ үнэрлэн суугаа аав, ээж хоёр, өдөр өдрөөр өсөн төлжиж, өнгө зүс орон яваа нялх балчир үр хүүхдээрээ бахархан баярлаж, өнөр айлын жаргал эдэлж байгаа тэр хоёр юутай сайхан. Хүүхэд хэмээх ариухан сайхан ертөнц. Хиргүй тунгалаг сэтгэл, гуниггүй тормогор нүд, болцойсон божгор бор гар…, үргэлж асуун лавлан шулганах шингэн дуу хоолой, ер нь ариун сайхан болгон хүүхдэд цогцолсон байдаг шүү дээ.
Хүүхэд өөрийн амьдаръя гэж хүссэн ертөнцдөө амьдрах нөхцөл бололцоог томчуудаас хүсч, нийгэм хүүхдийн хувьд ээлтэй болох, тэдний хүсэл эрмэлзэл, мөрөөдөл дээр тулгуурласан байдал руу тэмүүлдэг. Энэ бол насанд хүрэгчид хүүхэдтэй ардчилсан үзэл баримтлалын хүрээнд хамтран аж төрөхийг хэлж байгаа юм.
Хүүхдийн оролцоо: Оролцоо бол байгалиас хүнд заяасан салшгүй нэг зүйл юм. Хүн хорвоод мэндэлснээс хойш шууд оролцож эхэлдэг. Нялх хүүхэд анх төрөөд уйлж эх, эцэг асран хамгаалагчаас үйлчилгээ авч эхэлдэг. Хүүхэд инээж баясч эцэг, эх ойр орчноосоо хайр халамж хүртэж эхэлдэг. Хүрээлэн байгаа орчинтойгоо холбогдох буюу харилцах үүднээс тэд оролцоонд ордог. Хүүхэд өсөхийн хэрээр хувь хүний болон нийгмийн идэвхитэй гишүүн болохын тулд нийгмийн аливаа харилцаанд оролцдог юм. Хүүхэд оролцоогоор дамжуулан өөрсдийн амьдралын утга учраа тодорхойлдог. Хүүхэд өөрийн оролцоогоор дамжуулан бага багаар хүрээлэн байгаа орчиндоо нөлөөлж эхэлдэг.
Хүүхэд өөрийгөө хувь хүн хэмээн ойлгосноор тэд хүрээлэн байгаа орчиндоо өөрсдийнхөө давуу болон сул талыг олж харах, боломж ба бэрхшээлүүдээ тодорхойлж эхэлдэг. Ихэнх тохиолдолд эдгээр сул тал буюу бэрхшээлүүдийг хүрээлэн буй орчноос гаралтай гэж үзээд эдгээр бэрхшээлүүдийг даван туулахад хүүхдэд маш их дэмжлэг туслалцаа шаарддаг.
Хүүхдийг насанд хүрэгчдийн үйл ажиллагаанд татан оролцуулахад бид гурван чухал хандлагыг маш сайн ойлгосон байх ёстой. Бид хүүхдийг хувь хүний хувьд хүндэтгэх, хүүхдийн хөгжлийн талаар мэдлэгтэй байх, хүүхдийн эрхийн талаар маш сайн ойлголтыг олж авсан байх нь чухал юм.