Category: Uncategorized
-
Нүдгүй хүн гүйж байхад … !!!
За ямар ч байсан өглөө явж байгаад нүдгүй хүн гүйж байгааг харлаа. Үргэлжлэлийг нь өөрөө бодоорой.
-
Би МОНГОЛ ГУТАЛыг сонгож байна
Өвлийн ямар гутал авах вэ гэж нилээн бодсон. Хавар Түмэн плазад явж байхдаа монголчуудын хийсэн гутал, пүүзийг хараад таалагдаж байсан. Тэгээд Сансарт байдаг үйлдвэр дээр нь очиж зөвхөн өөртөө зориулсан цор ганц загварын гутал хийлгэнэ гэж бодож байсан боловч амжихгүй явсаар байгаад өвөл болчихлоо.
Тэгээд ямар гутал авдаг юм билээ гээд бодож яваад ахиад л Түмэн Плазаруу ороод явчихлаа. Эрэгтэй өвлийн гутал асуусан. Нэг ийм гутал байлаа. Хүмүүс голдуу Цагаан сараар өмсөөд байдаг үслэг дотортой монгол гутал байна. 85000₮ гэнэ. Боломжийн үнэтэй санагдлаа. Ер нь монгол гутлаа ганц удаа Цагаан сараар өмсөх биш өдөр тутам өмсөж байхад юу нь болохгүй байхав дээ гэж бодоод шууд л авчихлаа. Намайг үндэсний үйлдвэрээ дэмжиж блог бичдэг гээд 80000₮-өөр өгнө гэнэ ээ. Блог маань 5000₮ хэмнэхэд тус болдог л юм байна. Ингээд далий цагаан пүүзээ нүнжигтэй монгол гутлаар солилоо. Халуу дүүгээд нүнжигтэй сайхан байна. Одоо хаана ч явсан монгол гуталтайгаа шүү хүмүүсээ, өвөл дуустал. Амралт, зугаалга, хөдөө, гадаа, ажил, гэр гээд хаана ч өмсөж болмоор санагдлаа. Сайхан дулаахан монгол гутал хийж байгаа монголчууддаа баярлалаа.
За би аль болох монгол бүтээгдэхүүнээ хэрэглэдэг, үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг Монгол билээ. Би МОНГОЛ ГУТАЛыг сонгож байна.
Монголын гутлын онцлог гэвэл өмсөж тайлахад хурдан, томсгож багасгахыг ороолтоор шийдэж болдог, ээтэн ултай учраас хөл доорх ургамалыг тастдаггүй, засаж сэлбэж болдог гэх мэт олон давуу талтай байдаг.
-
2011 онд юу сэтгэж юу бүтээв? Хэний хүүтэй нөхөрлөв? Хэтийн зорилго хаана вэ?
2011 он ажил, амьдралын үсрэнгүй дэвшилтэй он боллоо. Олон шинэ зүйлүүдийг хийж туршсан, суралцсан он боллоо. Шинэ он гарч байгаа энэ мөчид өмнөх онд хийж санаачилсан ажлуудаа дүгнэж, цаашид хийх ажлуудаа төлөвлөж сууна. Зарим нэг онцлох ажлуудыг сараар нь харвал:
1-р сар
– Олон нийтийн цахим хуудсуудыг ашиглах цуврал хичээл бэлтгэлээ.2-р сар
– “LOVE LOCKS” хайрын тангарагуудыг цоожиллох арга хэмжээг зохион байгууллаа.
– Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих уриалга гаргаж, шторк бүтээж, энэ сэдвээр блог тогтмол бичиж эхлэв.3-р сар
– Fohow компаний санаачилгаар, нийгмийн зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч С.Удвал ахайтны 90 насны ойд зориулсан ЦАГИЙГ ЭЗЭЛСЭН ИХ ХАТАГТАЙ Яруу тансаг цэнгүүнийг хамтран зохион байгуулав.
– UBTwestival- 2011 арга хэмжээний зохион байгуулалтын багт ажиллаа.4-р сар
– “Өнөөдөр” сонинд манай гэр бүлийн тухай “Хүний хөгжлийн төлөө уриатай Гарын таван хуруу” нийтлэл гарлаа.
– МТЗ-ын Замын 3-р ангийн ажилтан ажилласадад зориулж Дорноговь аймгаар цуврал сургалт зохион байгууллаа.
– Уламжлал ёсоор “Миний 100 найз” нөхөрсөг уулзалтыг зохион байгуулав.5-р сар
– 2010 онд бүтээсэн “Ээждээ зориусан бидний төгөл“-өө сэргээн засварлалаа.
– Монголын оюутнуудын хөгжилд зориулж “Цахим нийгэм дэхь орон зай” сэдэвт лекцээ уншлаа.6-р сар
– The New Media Marketing Agency компанийн 1 жилийн ойн баярболлоо.
– Лого Арт-ыг санаачлан, The New Media Marketing Agency компанийн 1 жилийн ойд зориулж, тэдний хийж бүтээж байгаа ажил, үнэт зүйл, цаашдийн хүсэл тэмүүлэлийг багтаасан уран бүтээлээр бэлэг барих зорилгоор ЛОГО АРТ– ыг эхнэр В.Ундраатай хамтран бүтээв. Цаашид хэдэн логонуудаар бүтээл хийх төлөвлөгөөтэй байгаа.
– “Цөлжилт урлагт” үзэсгэлэнг дэмжиж хамтран зохион байгууллаа.7-р сар
– Таны өөртөө нэвтрэх хаалга www.yaruusetgegch.com г санаачлан нээв.
– “Урлагтай амьдрал” үзэсгэлэнг зохион байгуулав.
– “Яруу сэтгэгч” сэтгэлгээний урланг үүсгэн байгуулж нийгмийн рекламны ач холбогдолыг бизнесийн байгууллагуудад ойлгуулах зорилго тавьж, “Таны сайхан амьдрах гэр орон“, “Харамсах зүйлгүйгээр амьдрахын тулд” зэрэг нийгмийн рекламуудын зохиол дээр ажиллав. Цаашид энэ чиглэлээр бизнесийн байгууллагуудтай хамтран ажиллахаар төлөвлөж байна.8-р сар
– Монгол орноо дэлхийд шинээр нээж таниулах зорилготой “TEDxUlaanbaatar” арга хэмжээнд оролцлоо.
– “Интернэт маркетинг” онлайн нэвтрүүлгийг санаачлан эхлүүлэв.9-р сар
– Монгол соёлоороо бахархах сэтгэлгээг төлөвшүүлэх зорилгоор “Facebook-ийг Монгол хувцасаар дулаацуулъя” онлайн кампанит ажлыг санаачлан “Алтай кашмир” компани болон хамт олонтойгоо хамтран амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд энэ кампанит ажлаас санаа авч онлайн орчинд фото зургийн олон уралдаанд үргэлжилсэн нь сайшаалтай юм.
– Байгууллагын соёлыг төлөвшүүлж, хамт олныг тогтмол идэвхижүүлж байх зорилгоор “Үнэт зүйлийн өдрийг” санаачиллаа. Энэ өдөр компанийхаа үнэт зүйл, соёлын дахин нэг санацгааж, шинэ ажилтанууд хоорондоо танилцах, удирдлага, ажилтанууд зангиагүйгээр уулзаж, мэдлэг туршлагаа солилцох гэх мэтээр олон үр дүнтэй ажлыг нэг дор зохион байгуулж болох юм.
– “Байгууллагын соёл төлөвшүүлэх жишиг хөтөлбөр” боловсруулах зорилгоор судалгаа хийж эхлэв. Эхний судалгааг “Дельта констракшн” компанид хийв. Одоо ч гэсэн энэхүү жишиг хөтөлбөрийг боловруулахад хамтран ажиллах багийг бүрдүүлэхээр эрэлхийлж байна.10-р сар
– “Дээд эрүүл мэнд” номын уран сайхны зөвлөх, ариутган шүүгчээр ажиллаа.
– “Дээд эрүүл мэнд” төслийг орон даяар хэрэгжүүлэх ажлыг дэмжиж хамтран ажиллах компани, хувь хүмүүсд санал тавьж эхлэв.
– “Боловсролыг дэмжих хөтөлбөрийг” дэмжиж Хан Уул дүүргийн сургуулиудиар “Мэргэжлээ зөв сонгох” талаар лекц уншлаа.11-р сар
– Амьдралын утга учир гэр бүлээ зохиож, голомт залгах хүүтэйболов. Хүүдээ Яруу гэж нэр өгөв.
– SMUClub-ын уулзалт дээр “Хувь хүний брэнд” сэдвээр илтгэл тавив12-р сар
– “Монгол блогчид- 2011” наадмын зохион байгуулалтын багт ажиллаа.
– Үндэсний үйлдвэртэй танилцах аялалыг санаачлан хамгийн эхний аялал болгож “Амтат аялал БАГРО“-г зохион байгуулав. Цаашид үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зорилгоор үндэсний үйлдвэрлэгчтэй хамтран ажиллахаар төлөвлөж байна.Харин 2012 онд
- The New Media Marketing Agency-н нэр хүндийг улам бүр баталгаажуулна.
- “Яруу сэтгэгч” хүний хөгжлийн нийгэмлэгийн үйл ажиллагааг нийгмийн оюун санааны хөгжилрүү чиглүүлнэ.
- “Авъяас борлуулах төв” ажиллуулна.
- “Дэлхийн цэцэрлэгт хүрээлэн Монголд” төслийг дэмжиж ажиллана.
- Уран зургийн шинэ сонин содон үзэсгэлэнг 9 сард зохион байгуулна.
- Зөв зүйл сэтгэж хийж байгаа Монгол улсын төрийн түшээ болж чадах хүнийг сонгуульд дэмжиж ажиллах зэрэг ажлыг төлөвлөөд байна.
За ингээд санаа сайтын заяа сайн гэдэгчлэн санасан бодсон ажил минь сэтгэлчлэн бүтэх нь гарцаагүй ээ. Монгол хүн бүр далай лугаа дөлгөөн, хүчирхэг байх болтугай!
-
Санхүүгийн зохицуулах хороо (2012 он)
Шинэ оны анхны сургалтаа Санхүүгийн Зохицуулах хорооны Бичил санхүүгийн газрын хамт олноос эхэллээ. Шинэ оны эхлэл дээр хамт олондоо оюуны хөрөнгө оруулалт хийж 2 хоног семинарддаг уламжлалтай нь таалагдлаа. Төрийн байгууллагууд энэ хамт олноос суралцаасай. Миний хувьд “Өөрийгөө хөгжүүлэх нь” сэдвээр илтгэл тавьлаа. Агуулгын хувьд хүн хорвоод ирээд буцах хүртлэх явцад хүн хэрхэн өөрчилөгдөн хөгждөг тухай, хүн төлөвшин хөгжихөд юу нөлөөлдөг тухай, хүний зан араншин, үзэл бодол хэрхэн хөгжиж бий болдог тухай, утга учиртай зөв хөгжихийн тулд яах ёстой тухай ойлголтыг Мэдээллийн шинжлэх ухаанаар тайлбарлахыг хичээлээ. Ямартай ч шинэ ондоо эрч хүчтэй, бүтээлчээр ажиллах эрч хүчийг өгсөн гэж бодож байна.
Сургалт хийх боломж олгож, хамтрах санал тавьсан тус газрын хянан шалгагч Л.Цогцэнгэлд маш их баярлалаа.
Санхүүг зохицуулагч танай хамт олны ажил үйлс тэгш сайхан байхыг ерөөе. -
Koreatown Los Angeles
Зиа Лос Анжелес хотод амьдардаг Монголчуудын ихэнх нь Koreatown буюу Солонгос таунд амьдардаг аа. Мэдээж энэ нь олон шалтгаантай боловч миний бодлоор амьдрах зардал хямд байдаг учраас сонгодог болов уу гэж боддог. Миний хувьд ч бас бусдынхаа л адилаар энэ таунд амьдардаг.
За тэгээд бидний амьдардаг энэ газар их олон жилийн түүхтэй гэж байгаа. 2 жилийн өмнө анхны Солонгос хүн Америк улсад ирсэний 100 жилийн ой болсон юм билээ. Тэгэхээр Солонгосын ард түмэн энэ оронд бүтэн нэг зуун амьдарсаар ирсэн байгаа юм. Солонгос таун бол нэлээн том нутаг дэвсгэртэй, их олон төрлийн үйл ажиллагаа, бизнесийн төв болсон газар байгаа юм.
Түүхээс нь товч дурдвал: Wilshire boulevard- ын дагуу орших 7,8 км. кв нутаг дэвсгэртэй, хүн ам нь 120,000 /Korean American, Korean, Mongolian, Mexican, Indian гээд их олон үндэстэн амьдардаг/, анхны сууршилт нь 1870 оноос эхэлсэн. 1888 оноос Лос Анжелес хотын газрыг хувьчилж эхэлсэн байгаа юм. Тэр үед Henry Gaylord Wilshire гэдэг нөхөр гэр бүлийн хамт одоогийн энэ Солонгос тауны орчмын газрыг худалдаж аваад хожим нь хотын парк байгуулахаар газрыг нь худалдаж аваад энэ хүний нэрээр Wilshire boulevard гэж нэрлэгдсэн гудамж бий болсон байгаа юм.
Анх харин Солонгос хүн яаж явж байгаад энэ газар суурьшив аа? 1970 оны үеэс Солонгосууд анх Wilshire center хэсгээр амьдарч эхэлсэн бөгөөд, 1974 онд Солонгосын залуучуудын холбоо анх байгуулагдаж тэр үед 70 000 Солонгосын цагаачид Солонгос таунд амьдарч байжээ.
Өнөөдөр бол Лос Анжелес хотод нэлээн том нутаг дэвсгэрийг эзлэн орших энэ таунд олон үндэстэнүүд холилдон аж төрж байна. Мөн Роберт Ф Кеннидийгийн (АНУ- н ерөнхийлөгч асан Жон Ф Кеннидийгийн төрсөн дүү ) дурсгалт зориулсан Inspiration Park болон олон арван сургууль цэцэрлэг, бизнесийн байгууллагууд үйл ажиллагаагаа явуулдаг томоохон хотхон болон хөгжсөөр байна.
Энд тэгээд Солонгосын юм бүхэн байна. Бүх л зүйлсээ нутгаасаа зөөгөөд, тээвэрлээд аваад ирнэ дээ. Хаашаа л харна дандаа Солонгос хүмүүс байх учраас бараг Хангуг сарантай байхад амьдраад байж болохоор. Тийм болоод ч тэр үү Солонгосууд англи хэлэндээ жаахан тааруу талдаа (Гэхдээ мэдээж энд төрж өссөн гарууд бол хэлэндээ ус цас, мөс л гэсэн үг. ) насаараа энд амьдарчихаад нэг зөв өгүүлбэр хэлж чадахгүй хүн ч байх жишээтэй.
Олон жил амьдарчихсан Солонгос ардууд нь бол их чинээлэг амьдарнаа. Бүгд өөрсдийн хувийн бизнестэй дор бүрдээ хөлөө олчихсон. Бас Монголчуудын ажилладаг ихэнх газрын эзэд нь Солонгосууд байдаг. (Энэ улсад амьдарч байгаа хэн ч болов цагийн ажил хийж халаасны мөнгө, байр хоолны мөнгөө ар гэрээсээ нэхээд хэвтээд байлгүй өөрийнхөө бор толгойг дааж амьдрахын тулд цагийн ажил хийдэг ээ. Хэдий харийн нутагт ирж залуу нас, хүч хөдөлмөрөө харийн хүний төлөө урсгаж байгаа мэт боловч сурахынхаа хажуугаар гэдсээ илээд хэвтэлгүй ажил хийж амьдралаа авч яваа залуусыг буруутгах аргагүй ээ. Саяхан би нэг иймэрхүү утгатай зүйл олж уншсан юм. Харийн хүний төлөө зүтгэж байгаа Монгол залуус ичээсэй, болиосой гэсэн утгатай байсан санагдаж байна. Яахав дээ хөгжиж яваа улсын иргэд бид чинь хачин баян аав ээжийн л хүүхэд биш бол гэрээсээ байнга мөнгө татаад байна гэж байхгүй. Амьд л хүн болсон хойно биеэ даах гэж ийм ажил хийж байгаа юм. )
Тэгээд энэ ард түмнийг ажиглаад байхад их махруу, хөдөлмөрч, бас эрүүл мэндээ их бодно. 60 70 насан аль хэдий нь хүрчихээд 40 50 настай юм шиг харагдана. 20 30 настай юм шиг л ажлаа хийгээд дэгдээд байна. Буруу хооллож хагартлаа таргалсан Солонгос хүн лав би хараагүй. Бүгд л хөнгөн шингэн, түргэн хөдөлгөөнтэй оворгүй хүмүүс, ер нь унтаж амардаг юмуу гэмээр л ажиллана. Энэ хүмүүсээс бас авах сайн тал зөндөө байна аа байна.
Монголд ардын хувьсгал дөнгөж ялж байхад л анхны цагаач Солонгос АНУ- д хөл тавьж байсан байгаа юм. Ингээд бодохоор манай орон нас залуу, цус шингэн, хөгжиж буй орон яах аргагүй мөн юм даа гэж бодогддог юм. Одоо хэдийгээр болохгүй бүтэхгүй зүйлс түм түмээрээ байгаа ч аяндаа цэгцэрхийн хуулиар бүх зүйлс байрандаа очно гэдэгт би итгэлтэй байдаг. Бас эх орныхоо ирээдүйд үнэтэй хувь нэмэр оруулдаггүй юмаа гэхэд хөгжил цэцэглэлтээс нь хойш татчихааргүй боловсорсон, хөгжсөн иргэн болохын төлөө би өдөр бүр хөдөлмөрлөж явна.
Нийлж суугаад нэг нэгэндээ бурууг тохох биш, дор бүрдээ өөрсдийн биеэ хичээвэл хэд дахин дээр биз дээ.
-
Нэрийг нь ч мэдэхгүй танилууд…
Зарим нэг хүн амьдралын бүх цаг үед мартагддаггүй юм шиг санагддаг. Нэрийг нь ч мэдэхгүй хэрнээ тэр хүмүүс байн байн санагдаад байдаг нь эсвэл сэтгэлд их л сайхнаар хадагдаж үлдсэнийх, эсвэл их л эвгүйгээр хадгалагдсаных биз. Тийм хүмүүсийн тухай дурсмаар санагдав. Магадгүй тэдний нэг нь та ч байсан байж мэднэ.
Таксины жолооч…
Машинд асуудал гарсан тул хэд хоног таксигаар шогших юм болов. Өдөр болгон такси барих гэж зам дээр гар даллан зогсоно. Заримдаа салж унах дөхсөн машинтай, сайр даг болсон яхир хар нөхдүүд ч давхиж ирнэ. Тийм хүмүүст дайгдаад явахад амь нас дээсэн дөрөөн дээр дэнжигнэнэ биз дээ. Галзуурсан мэт хаа хамаагүй сүлжин давхихад нь хамаг биеэ хурааж сэм хий тоормос гишгэсээр байгаад хөл өвдчихсөн хүн арай гэж зорьсон газраа ирнэ. Ингээд байнгын үйлчлүүлэгчтэй болох бодолд автан явах болов. Хүн царайчилсан тавь дахь хоног дээрээ сүрхий гоёж чимэглэсэн хар тэргийг зогсоолоо. Бага дүүгээс маань хоёр гурав дүү болов уу гэмээр шавилхан жаал жолоо мушгиж байгаа харагдав. Машин тэрэг гэж шил толь. Үнэтэй ганганыг нь унаагүй ч байгаа зүйлээ арчилж торддог нь илт. Хэсэг явах замдаа хэлж ярихыг нь сонсоод дотроо овоо тоолоо. Даруухан хэрнээ, час часхийсэн ухаалаг үг унагаж, гэм сэрэггүй инээд алдах нь сэтгэлд дотно.
Эрэгтэй дүүтэй байж үзсэн биш хөвгүүдийг ер нь нэг их сайн ойлгодоггүй болохоор жаахан бэргэшүүхэн ханддаг байлаа. Гэтэл тэр жаалтай овоо хэл ам нийлэх шинжтэй. Муу ч үгүй бас эхнэр хүүхэдтэй гэнэ. Инээд хүрэв. “Чи чинь өөрөө хүүхэд байж бас хүүхэд төрүүлнэ гэнэ ээ” гэж жаахан цаашлуулахад гэмгүйхэн л инээж сууна. Ингээд хувийн тэргээрээ халтуур хийдэг жаалтай эгч дүүс боллоо. Хэзээ дуудсан цагт хаа ч, ямар ч ажилтай явж байсан товхийтэл давхиад ирнэ. Өдөржин аваад давхичихсан ч юм хэлэхгүй цагаахнаар инээд алдсаар л сууна. Элдэв маяг заль байхгүй, эзэмшсэн амьдралдаа чухам л эвдрээгүй сэтгэлээр хандаж байгаа тэр жаалд хайр хүрдэг болсон юм. “Аниа” гэж ирээд л амьдралын тухай аар саархан яриа өрнүүлэхдээ амнаас минь унах үг бүрийг хүндэтгэлтэйгээр хүлээн авч, маргааш нь л гэхэд хэрэгжүүлчихсэн гүйж явна. Урамтай гэж. Аниад тусламж хэрэгтэй үед төрсөнөөс ялгалгүй гүйгээд ирдэг тэр жаалыг хориод хоног унаж давхисан хэрнээ нэрийг нь асуулгүй явуулчихсан байгаа юм даа. Хархүүг гадагшаа явсан хойгуур бие өвдөж, аптек ороод өгөх хүн олдохгүй болохоор нь мань дүү рүү утас цохиод тусламж хүстэл тэр дороо багц багцаар нь эм ганзгалаад гүйгээд ирж байсан нь мартахын аргагүй сайхан санагдаж билээ. Дараахан нь би гар утсаа алдчихсан тул дугаар нь ч байдаггүй. Намайг утасдахгүй болохоор хэрэг нь дууссан биз гэж бодоод тэгсгээд чимээгүй болоо биз. Одоо бодохоор харамсаад л суудаг юм. Ганц нэр асуучихаж болно оо доо, би? Гэмгүй даруухан бор дүү минь хаана явдаг юм бол доо.
Хөрөө рамны жаал…
Байшингаа засах гэж хоёр зуныг дамнасан их ажил болов. Цонхоо томруулж, хаалгаа өөрчлөх гэтэл хана тээглээд болдоггүй. Тэгээд Дэнжийн 1000 орчимд ажилладаг хөрөө рамнуудаар жаал гүйлээ. Амралтын өдөр тул нэг ч ажилладаг хүн байсангүй. Буцъя юу гээд зогсож байтал бас л 18 орчим насны нэг их нүдэнд дулаахан жаалхүү гүйгээд ирлээ. “Эгч ээ, та цахилгаан хөрөө хайж байгаа юм уу? Би явъя” гэж байна. Дагуулаад явлаа. Хувцас хунар гэж авахын тамтаггүй ядуу аж. Гэсэн ч цэвэрхэн зүс царай, эвдрээгүй ааш аяг нь дулаахан санагдана. Дүү 11 дүгээр ангиа онц дүүргэсэн гэнэ. Гэсэн ч амьдралын боломжгүйгээс болоод дуртай сургуульдаа төлбөр төлөөд орж болохгүй байгаа гэж дуулаад жаал өрөвдлөө. Физик, химийн хичээлдээ сонирхолтой тул ТИС-д сурахыг мөрөөддөг гэнэ. Харамсалтай нь ээж нь эрт нас барж, архинд дурласан аавтайгаа хоёулаа үлдчихэж. Тэгээд өдрийн од шиг мөнгө олоод ирдэг аавдаа дэм болж, сургуулийн төлбөрөө олохоор хөрөө рам ажиллуулах болсон гэнэ.
Дүүд хэлсэн ханшнаас нь арай илүүхэн мөнгө өгөөд хэд хоног гэртээ ажиллуулав. Үнэхээр аливаад сэтгэлээсээ хандаж, хийж байгаагаа үнэнчээр дуусгаж байгааг нь бахдаж суулаа. Эзгүй байх хойгуур дүүгийн хийх ажил ч дуусаж гэртээ буцчихсан байв. Харамсалтай нь тэр хэдэн өдөр хэтэрхий олон газарлуу утасдаж, хэтэрхий олон хүнтэй харилцсан тул ямар утсаар холбогдож байснаа мартаж орхиж. Даруухан хүүхэд болохоор нүүр өгсөн хүн бүхэн лүү үсэрч наалдаж сураагүй бололтой. Тэгээд л чимээгүй болчихсон юм. Одоо ч санаанаас гардаггүй юм. Хүссэн сургуульдаа ороо болов уу, эсвэл архичин аавынхаа нөлөөд автаад алт шиг сайхан чанараа алдаа болов уу гэж. Ямартай ч танихгүй эгч нь эндээс ерөөл дэлгээд л сууж байя даа.
Хөхөрсөн хүзүү…
Дунд сургуулийн төгсөх ангид шиг санагдаж байна. Нэг удаа автобусанд суугаад явж байхдаа урд талынхаа суудал дээр суусан бүсгүйн хүзүүг сүрхий ажиглаж явсан юм. Үнэхээр гоолиг цагаахан, дур булаам сайхан хүзүү. Өргөж шуусан хүрэн бор үс нь цонхны гэрэлд гялтганаж, ар шил рүүгээ мушгиралдан буусан ганц нэг үс нь гогцоороод хараа булаам. Гэвч тэр сайхан хун цагаан хүзүүн дээр догшин хөх мөр зурайх нь хөөрхий хүзүү урд шөнө нь гэмт халдлагад өртсөн бололтой. Эсвэл эр нөхөр нь бүсгүйд халдан довтолсон ч юм бил үү. Тийм сайхан хүзүүний эзэн нь ямар хүн байх бол гэсэн бодлоо барьж дийлэлгүй суудлаасаа босож хажууд нь очоод хулгайн харц шидэв. Үнэхээр сайхан бүсгүй байлаа. Хорь гаран л настай болов уу. Гэсэн ч уйлснаасаа болоод улайж хавдсан нүдээ нарны гэрлээс нуух гэсэн мэт газар шагайн бодлогоширно. Тэвэртээ тас наасан баадантай улаан хүүхэд нүүрээ үрчигнүүлэн уйлмаглах аядана.
Хөлийнх нь дэргэд томоор баадагнасан ногоон алчууртай ачаа тавьсан харагдана. Миний таамаг үнэн бололтой. Бүсгүй амьдралын бартааг дөнгөж амсаад анхны хайр, аз жаргал мөрөөдсөн харалган залуугаас зугтаж яваа юм шиг санагдав. Дотроо хэн нэгэнд гомдож, бүсгүйг учиргүй өрөвдөж орхилоо. Гэнэт нэгийг санасан янзтай цонхоор харсанаа баадантайгаа аваад өндийв. Яагаад ч юм дагаад буучихав. Араас нь хэсэг алхаж байгаад “Эгч ээ, би наад ачааг чинь бариад өгье” гэж зориг гарган дуугарвал эргэж нэг харчихаад юм хэлэлгүй цааш алхлаа. Түүнийг эмгэнэл, гомдол нь хүнд жингээр дарж байгаа бололтой. Гэсэн ч би тусламаар байгаагаа хэлээд дахин дөхөж очвол нулимстай нүдээр эргэн нэг харсанаа уруулаа өрөвдөлтэйгээр өмөлзүүлээд “Эгч нь зүгээр ээ, гэхдээ чамд баярлалаа” гэж хэлээд цааш зугтах мэт хурдан хурдан алхаж одсон юм. Тэр бүсгүйн гоо сайхан хүзүү, түүн дээр бий болсон муухай хөх ногоон толбо одоо хүртэл нүдэнд харагддаг хэвээр. Тэр жаахан хүү нь хэдийнэ хорь гарчихсан, ээж хүү хоёр аз жаргалтай сайхан амьдралыг энэ хугацаанд туулсан биз ээ хэмээн найдаж явдаг даа.
Үнээ мал биш дээ…
Дөнгөж төрчихсөн ээж би сүү сааль арвинтай гэж жигтэйхэн. Төрөх эмнэлгийнхэн хавийн хүүхдийг хамж авчираад л хөхүүлнэ. Заримдаа бүр энэ хөх минийх биш эмнэлгийн дансных аятай унтаж байхад хүртэл хэн нэг нь дураараа цамц сөхөж, сөөсгөр улаануудыг хөхүүлчихээд алга болно. Хэнийг нь ч тоохоо байсаан, сүүлдээ. Инкубаторын жижигхэн хорхой шиг амьтадыг ч авчирч хөхүүлэх нь энүүхэнд. Нүд хальтираад харж ч чадах юм биш, тэр жижигхэн хүмүүсийг. Гурван шөнө, гурван өдөр хажуугийн өрөөнд нэг нярай зогсолтгүй уйлна. Уйлаад л байна. Ам нь хатаж, дуу нь суларсан ч гэсэн ээж нь түүнийг аргадах гэж оролдохгүй байгааг нь гайхсаар суудаг байлаа. Сүүлчийн шөнө тэсгэлгүй орноосоо босоод хажуу өрөөгөөр шагайв. Сунайсан урт хар гэзэгтэй гоолиг сайхан охин уйлж байгаа хүүхдийн дэргэд залхсан янзтай гараараа нүүрээ таглан хэвтэнэ. Хүүхэд нь сөөнгөтөн бахирсаар л байв. “Хөх нь л сүүгүй болчихож дээ” гэж өрөвдөн бодоод дөхөн очив. Хүүхдийн амны орчим хөөс сахарч, шүлсэндээ халтартсан өрөвдмөөр юм харагдана.
“Эгч нь хөхүүлээд өгөх үү? Хүүхэд чинь бүр тамирдчихсан байна шүү дээ” гэж аргадангуй хэлбэл бүсгүй ууртайгаар толгойгоо өндийлгөн харсанаа,
-Заа, яршиг даа. Ямар үнээ мал биш дээ. Төрүүлсэн хүүхдээ цангааж алах уу, тэжээж өсгөх үү гэдгээ би өөрөө мэдчихье гэж уцаарлан хэлээд цаашаа хараад хэвтчихэв.
Гол өөд өгсөн ирсэн гомдол одоо ч хүртэл тасардаггүй юм. Яагаад гэдгийг үр хүүхэд төрүүлсэн эмэгтэй хүн бүр ойлгох байх. Аль арав гаруй жилийн өмнөх явдал ч гэлээ мартагдахгүй л байгаа юм даа. Хүсээгүй юм бол яах гэж тэр бяцхан амьтаныг төрүүлж, амьдын тамд унагаж байгаа юм бол доо, хөөрхий.
Ганцаардсан хүн…
Хүүгээ салхилуулахаар үдшээр тэврэн гараад хорооллын гудамжаар зөөлөн зөөлөн алхлан явж байлаа. Хажуу дахь орцны дэргэдэх модон сандал дээр хэсэг суун хүүгийнхээ нүд сормуусыг ажиглан байтал хажууд нэг залуу дөхөн ирсэнээ сандал ирмэгдэн чимээгүйхэн суув. Бид хоёрыг харж байснаа уртаар санаа алдах нь дуулдав. Гэнэт дотор хөнгөхөн гуниг төрөөд ирлээ. Тэр залуугаас над руу урсан орж ирж байгаа гунигт урсгалын нөлөө гэдгийг ч ойлгов. Хүү бид хоёрын тухай элдвийг хүүрнэж байснаа дээш өлийн аль нэг цонх руу удтал ширтэв.
“Би ч энэ хаалгаар дахиж орох эрхгүй л болж байгаа юм дагуу даа” гэж хэлээд тэр дахин санаа алдав. Учрыг лавлахад дөнгөж төрсөн хүүгээ, бас эхнэрийгээ орхиод явж байгаа гэнэ. “Яагаад буцаад орж болохгүй гэж?” хэмээн гайхан асуувал эхнэрийнхээ аавыг нас барах үед дэргэд нь сахиж байгаад унтаж орхиж. Амьсгал хурааснаас нь нэлээд хойно аваарын товчийг дарсан нь түүнийг хадам эцгээ хөнөөсөн хэмээх хардлагад өртүүлж орхиж. Үл ойлголцол гааран гаарсаар ийнхүү үдшээр гэрээсээ хөөгдөн гарахад хүргэжээ. Залуугийн эхнэр ч түүнийг сонсохыг хүсэхгүй байгаа гэнэ. Түүний тийм гунигтай байгааг хараад би лав итгэсэн. Үнэхээр хөнөөж орхисон бол тэр үдшийн бүрийгээр орцныхоо гадаа удтал эргэлдэж, огт танихгүй ээж, хүү хоёрыг хараад тийнхүү уртаар санаа алдаж суухгүй байсан биз. Бид гурав нэлээд удаан хөөрөлдсөний дараа тэр залуу толгойгоо ганзгалсаар харанхуйд уусан одсон юм. Тэр гэр бүл эргээд эвлэрсэн байх хэмээн найдаж л явдаг даа.
-
Хүүгийн минь дурлах бүсгүйд илгээх захидал
Уул сүүдэрлэж, тэнгэр баганадсан том эр хажууд чинь суугаад өөртөө баймгүй намуухан дуугаар чамд эв хавгүйхэн бүүвэйн дуу дуулж өгч байна уу? Тэр чинь миний хүү. Ийм том эрийг төрүүлсэн ээж нь одоо эрхийхэн чинээ жижигхэн хүн болчихсон гэвэл чи итгэх үү? Үрийнхээ даахьтай зулайг үнэрлэнхэн энхрийлж, өөдсийн чинээхэн хөлийг нь төөлөн сууж байсан тэр л ээжээс бүсгүй чамд ийм нэгэн зурвас илгээхээр шийдлээ.
Ханхар том мөрийг нь налаад, хажууд нь эрхлэнхэн суугаа чи хүссэн бүхнийг чинь гүйцээх ийм нэгэн залуу дэргэд чинь мөнх амьдарна гэж итгэдэг үү? Итгэж болно оо. Гэхдээ тийм удаанаар хайрлуулж чадах ухааныг ганцхан бүсгүй хүн л олж чаддаг юм шүү. Наад мөрийг чинь ийм том болсныг, чи хүртэл бүтнээрээ багтчих шахам тийм ханхар болсныг харин ганц л хүн хүлээн зөвшөөрч чаддаггүй юм. Тэр бол ээж би. Тэр том мөр төө хүрэхгүй жижигхэн байхад, энэ том эр тохой хүрэмгүй бяцхан байхад ээж нь ургийн сүүгээрээ нүүрийг нь арчиж, уртын дуугаар бүүвэйлэн хурайлсан юм.Үр минь нэгэн цагт өсөж том болно. Өөр нэгэн бүсгүйг ижийгээсээ илүү хайрлана гэдгийг тэгэхэд л би ойлгосон. Гэвч чамаас харамлаж байсан удаа нэгээхэн ч үгүй. Надаас авсан тэр их хайраар чамайг л гагц бүтэн хайрлаасай гэж, надтай өнгөрүүлсэнээс илүү жаргалтай цаг хугацааг чамтай л гагц элээгээсэй гэж хоног өдрийн уртад зальбиран зальбиран хурайлсан юм. Хол ойрын зайд санан санан ерөөсөн юм.
Хүү минь хүний бүсгүй үрийг хожим нэг гомдоох вий гэхдээ ээж нь өдөр бүр заан сургаж, эндэгдэл бүрт нь эмнэж өгдөг байлаа. Хүзүүнийх нь хонхорхойд хэлээ дүрэн гижигдэж, хөлийнх нь улыг өхөөрдөн илж суухдаа бүсгүй чамайг нэг бус удаа санаж л суусан юм. Үр минь өлсөж чадна, бас өвдөж ч мэднэ. Хад чулуугаар хийгээгүй юм шүү гэж хайртай ээж нь чамд сануулъя. Хат суух яагаа ч үгүй байна. Хааяа ч гэсэн аргадаж байгаарай. Бүсгүй хүн омголон доо омголон. Би өөрөө ч тийм л байсан. Уурлаж тунирхаж бололгүй яахав, эрчүүд гэдэг мартамхай улс даа. Уулзах цагаасаа хоцорч, ууж наргиж ганц нэгхэн явж мэднэ. Уучилж нэг л удаа өнгөрүүлээрэй. Урьдчилж заавал тэрнийгээ сануулаарай.
Ход ход инээн үнэгчилж, хоёрхон сартайдаа ижийгээ нэг их баярлуулж билээ. Тэр өдрийг хүртэл хүү минь нүдээ ч бүтэн нээлгүй, өсөж хурдхан том болох гэж өдөр шөнийн уртыг унтаж бардаг байсан юм. Ганганаж ганц нэгхэн үг хэлдэг байхдаа гараа өхөөрдмөөр тосож ирээд “Надаа” гэж гуйж байсныг нь мартаж яаж ч чадах билээ. Энэ орчлонгоос, бас ээжээсээ амьдрал гуйж тийнхүү алгаа тосож байхад нь би хожмын гэрэлт өдөр учрах бүсгүй чамайг бас л санаж билээ. Алгаа тосон хайр гуйж байгаа хүүд минь хэн нэг нь хатуурхаж бүү хараагаасай гэж, шоолж битгий элэглээсэй гэж ээж нь тэгэхэд зальбирч байсан юм. Ирээдүйг нь гэрэлтэй сайхнаар төсөөлж суусан юм. Харин чи тэгж чадаж байна уу?
Хүү минь хэрвээ алгаа тийнхүү тосож байвал хүүхэн үр минь чи гараа бүү харамлаарай. Хайраа бүү нуугаарай. Ганцхан л удаа гуйдаг юм шүү, эр хүн чинь. Ганц л бүсгүйг мартахгүй санаж явдаг юм шүү. Тэр нь чи байгаасай. Чамайг би гэрэл гэж нэрлэе. Миний л хүү чамайг хайрласан юм чинь чи энэ орчлонгийн хамгийн сайхан нь байж таарна. Миний л хүү чамайг сонгосон юм чинь чи надаас ч илүү үнэтэй байж таарна. Тийм үнэт эрдэнэ хүүд минь олдож, тийм сайхан гэрэл хүүг минь гэрэлтүүлж байвал би ч бас жаргалтай явах болно.
Харин тэр их гэрэл үргэлж асан дүрэлзсээр байвал түймэр болон дэгдэнэ. Тэр түймэрт хажууд чинь хамгийн ойрхон суугаа хүүгий минь зүрх ч бас хорсож түлэгдэх нь гарцаагүй. Нэг л удаа түлэгдэж орхивол зүрхэнд нь үрчлээ суучихна шүү. Үрчлээтэж, нэгэнт түлэгдсэн зүрх дахин чамайг урьдынх шигээ хайрлаж чадна гэж би бодохгүй байна. Тиймээс өргөс шиг үгээр дандаа бүү шив, өрвөлзөж өөлсөн нүдээр үргэлж бүү ширвээрэй. Тэвчиж бүр болмооргүй шиг байвал эхлэл дээр нь орхиорой. Эргэж битгий хараарай. Эмзэг залуу зүрх нэг л удаа дурлана биз, яадаг юм. Энэ яваа насандаа чамайг л ганц бодно биз, яахав дээ.
Хүүгээ би уул гэж нэрлэе. Хамгийн өндөр ууланд ч сүүдэртэй тал байдаг юм даа. Хаана нь удаан зогсохоо чи өөрөө л шийднэ. Даараад байвал нар туссан энгэр дээр нь оч. Цэцэгс найгаж, эрвээхэй хөөцөлдсөн тийм сайхан нугыг хүү минь чамд үзүүлнэ. Ширхэг үндэс бүрийг нь ээж нь тарьж өгсөн юм шүү. Шинэхнээрээ байгаа дээр нь амжиж эрхэлж ав. Үүнийг чамд л зөвшөөрч чадна.
Халууцаж бахардаад байвал сүүдэрт нь түрхэн зогс. Хааяа нэгхэн үлээсэн сэрүүхэн салхийг мэдэр. Тэр салхи заримдаа их ухаарлыг үлдээдэг юм. Тэгж бас үзсэн болоод л би бүсгүй хүнийхээ хувьд чамд үүнийг тэрлэж сууна. Онголж тахисан тэр нарлаг уулын орой нь дэндүү өндөр дөө, дээр нь бүү зайдла. Бүсгүй хүн уулыг зайдалдаггүй юм. Арга билгийн орчлонд аядуухан л байсан хожино доо. Аальхан хонгор зан аль л хатууг зөөллөнө дөө.
Хүүгий минь тэргүүнд чи гараа хүргэж болно. Хөмсөг нүдийг нь үнсээд эрхлэн жаргаж болно. Хүзүүн дээр нь л бүү зайдлаарай, нүгэл гэлцдэг юм билээ. Хийморь юуг нь гамнаарай, хожим чамд л хэрэг болно. Өрх гэрийнхээ тоонон дээр нохой ч гаргахыг цээрлэдэг өвгөд минь тэгж захисан юм шүү, учир байж л таарна.
Энэ бүхний эцэст би уул шиг том болсон хүүгээ чамд өгье. Ээжийгээ санан бэтгэрч, энгэрт минь нүүрээ нуудаг байсан жаахан хүү минь одоо бүхлээрээ чинийх боллоо. Үзэсгэлэнт нугад нь өөр шигээ олон олон цэцэгсийг ургуулаарай. Сүүдэрт нь суугаад өөрийнхөө их гэрлээс жаахныг ч болсон тусгаж бүлээцүүлээрэй. Тэр гэрэлд чинь би ч бас бүлээцэн жаргая. Тэмүүлэл мөрөөдөл бүхнийг чинь хүүтэйгээ хамт биелүүлье.
/”Охины минь дурлах залууд илгээх захидал” өгүүллэгийн уншигч эрчүүдийн хүсэлтээр…/
2011.10.11
-
Хүний амьдралын хоёр зам
Олон хүн юуны төлөө амьдарч байгаа ухаарах завгүй, хаашаа явж, хаана хүрэхээ төсөөлөхгүйгээр урд хойноо орон, манарч харанхуйлсан тоосон дунд зүг чиггүй эргэж хуйлран, пижигнэлдэн давхих хүн сүргийн дунд бусдын ард орохгүй санаатай, заримд нь дэгээдүүлж, заримыг нь дэгээдэлцэж, шургаж унаж, зуурч босож байгаад л, олсон юмаа голж чамлан үүрч тэврээд, дүүрэхээ үздэггүй том, баахан хүүдий сав чирэн, амь тэмцэн цухалдаж, олсноо алдчихвий, дурласнаа авахгүй өнгөрөхвий гэсэн айдас түгшүүртэй, уралдан тэмцэлдсээр явтал нэг өдөр өмнө нь гүнзгий ангал гэнэт гарч ирж, биеэ татаж авах гээд ч амжилгүйгээр унахдаа ганцхан удаа л уралдах боломж олдсон юмсан, бариа хаана байсныг ч мэдэж амжсангүй, тэрнээс энэнээс л боллоо, тэгдэг ч ингэдэг ч байж гэх мэтээр хэмжээлшгүй ихээр харамсан хоргодсоор сэтгэл дундуур одох юм даа.
Гэтэл эргэн тойрноо тайван ажиглаж, цэцэгсийн анхилуун үнэр, байгалийн сайхныг мэдрэн, тааралдсан болгонд талархан баярлаж яваа аялагч шиг илүүд шунахгүй, хэрэгтэйгээ дутаахгүй, үүрсэн ачаандаа түүртэхгүй, өөрийн болон хүний мөр дээр саад овоолохгүй, таарсан жалга, даваа, ус, гал, шуурга, мөндөр бүрийг тэнцвэр алдахгүйгээр туулан гарч, аргад суралцан, тэр бүгдийг араас яваадаа гэтлэх аргатай нь зааж үзүүлж, хэрэггүй тээшээ хог дээр орхиж, хүрэх оргилоо нүдэндээ харж, замын зургаа барин, өртөө буудлаа төлөвлөж, тэрхүү гэрэлт оргил руу няцалтгүй шударгаар, адгаж яаралгүй урагшлан өгсөж яваа аз жаргалтай аянчид ч байдаг юм байна.
Энэ хоёр замын хөдөлгөөн нэг чигт биш эсрэг урсгалтай учир огтлолцдоггүй.
Зовлонд унах замыг орхин, жинхэнэ жаргалд хүргэх замд орж болдог атал зүүсэн нөлөөтэй шилээ аваагүйд нь тэр сайн зам харагдахгүй. Харин жаргалын замаар замнагчид зовлонгийн замыг тод хардаг тул тийшээ очихыг хэн нь ч хүсдэггүй. Зарим нь тэр замаас ирсэн байдаг. Тэд зовлонгийн замаар зорчигчдыг хайрлаж, зөв зам руу гаргасан мөрөө зааж үзүүлсээр байдаг учир цөөн ч гэсэн зарим нь тэдэн рүү ирж нийлдэг. Зовлонгийн замаас гарахыг оролддог хүн тасардаггүй.
Асуудал хоолойд тулаад ирэхэд хоолоо хасах, дургүйгээ идэх, тураах төвд хичээллэх гэх мэт салаа замд ордог ч, тэр нь хол явалгүй эргээд зовлонгийн дардан замдаа нийлчихнэ. Энэ замыг орхиж яваад эргэж ирээгүй хүмүүсийн мөр тодоос тод гарсныг харсан ч “төөрөөд бүр муу зам руу орсон гэсэн” гээд дагахгүй.
Эцсийн буудал дээр хүлээж байдаг жаргал, зовлон байхгүй. Эсвэл өнгөрсөн буудал дээр тэднийг анзааралгүй дэргэдүүр нь өнгөрөх ч гэж байхгүй. Харин хүн амьсгалж байгаа агшин бүрдээ жаргал зовлонгийн аль нэгийг нь үүсгэх үр тарьж, өмнө нь тарьсныхаа жимсийг одоо цагт л хүртдэг.
Иймээс хүний зам жаргал, зовлонгийнх бөгөөд аль аль нь үүсээд устдаг нь жам учир араас нь алийг нь шинээр үүсгэхээ ч одоо цагт л сонгодог ажээ.