Category: Uncategorized

  • Дугарсүрэнгийн БАТНЭГЭН- График дизайнер, хэвлэлийн үйлчилгээ

    Үндэсний бүтээгдэхүүн брэндүүдийн өнгө төрхийг дэлхийн хаана ч голдогдохооргүй болгох зорилготой ажиллаж байна. Дизайн, брэндинг, хэвлэлийн салбартаа 15 жилийн туршлагатай. 2008 оноос хэвлэл, график дизайны “Мөнгөн бул” ХХК-ийг үүсгэн байгуулж удирдан ажиллаж байна.

  • “ОЮУНЫ ТӨВ”-д оюунлаг тоглоомоор Тогло, Сэтгэ, Хөгж

    Алтай центрийн 5 давхарт байрлах ОЮУНЫ ТӨВөөр зочилонгоо гар утсаараа багахан бичлэг хийлээ. Энэ төвийг үүсгэн байгуулагч Ганбаатар ах хэдэн жилийн өмнө Хятадад явж байхдаа нэгэн хятад хүүхэд Пирамид гэдэг тоглоомоор маш чадварлаг тоглож байхыг хараад өөрөө тоглож үзсэн боловч хичнээн оролдоод 1 ч пирамид өрж чадаагүй гэнэ. Тэгээд энэ тоглоомоор монгол хүүхэд ч гэсэн тоглох ёстой гэж дотроо бодоод анхны тоглоомоо 100000₮- тэй дүйцэхүйц юуанаар худалдан авч ирээд хүүгээрээ тоглуулжээ. Удалгүй тоглоомын үр дүн гарч хүү нь математикын хичээлдээ эрс сайжирч, шатар тоглож сурчээ. Энэ үр дүндээ урамшиж дэлхийн оюуны тоглоомыг Монголд түгээн дэлгэрүүлэх зорилгоор ОЮУНЫ ТӨВийг нээн ажиллуулжээ. 

    Энд хүүхэд эцэг эхчүүд хүрэлцэн ирж оюуны тоглоомоор тоглож, заалгаж худалдан авах боломжтой юм байна. Блог дээрээ оюуны тоглоомуудаа цувралаар танилцуулсан байна билээ. http://oyunii888tuv.blogspot.com/

    Уг нь хүүхдийг багаас нь оюуны тоглоомоор тоглуулвал янз бүрийн сөрөг тогоомонд донтохгүйгээс гадна бодох чадвар сайжирна шүү дээ. Эдний төвтэй манай “Яруусал” хүүхдийн хөгжлийн төв тогтмол хамтран ажиллаж болмоор санагдлаа. Энэ төв дээр нь хүүхдийн зөвлөгөө, сургалт тогтмол хичээллэдэг, хажуугаар нь оюуны тоглоомын худалдаа энэ тэртэй хавсарсан байдлаар хийвэл гоё болох юм шиг санагдлаа. Ямартай ч санал тавиад үзнэ ээ.


  • Сүхбаатарынхаа залуустай уулзлаа

    Сүхбаатар аймгийн Оюутан залуучуудын хөгжлийн төвийн удирдах зөвлөлийн залуустай уулзаж хэрхэн чадварлаг мэргэжилтэн болох талаар болон монгол залуусын үнэт зүйлийн талаар ярилцлага хийлээ.

    Ярилцлагын зарим санааг илэрхийлвэл:
    1. Төгсөөд учраа олно доо гэж хойшлуулалгүйгээр одооноос бие дааж эхлэ. Ажлын гараагаа оюутан байхаасаа эхлэ. Ээж аавынхаа өврөөс гарч эхлэ.
    2. Мэргэжил дотроосоо өөрийн мэргэших нэг чиглэлийг эртнээс олж ав. Өөрийнгөө юуг хамгаас сайн хийж чадахаа одооноос тодорхойл. Тэр сонгосон чиглэлээ судалж мэдэхэд өдөр бүр 4-с багагүй цагийг зориул. Маш сайн судла, амьдрал дээр бодитоор хийж туршиж үз. Тэгэхгүй бол төгсөөд л ажилгүйчүүдийн эгнээнд шилжинэ. 
    3. Өөрийн хийж бүтээж, судалж байгаа чиглэлээр одооноос блог хөтлөж эртнээс өөрийн байр суурийг бэхжүүл, харилцаагаа тэл. Өөрийгөө зөвөөр таниулж эхлэ. Сошиаль медиа бол залуус өөрсдийгөө хөгжүүлэх нэг боломж юм.
    4. Нэгдэж нягтарч байгаа бол бодитой бүтээлч ажлуудыг хий. Бусад байгууллагуудын хийж байгаа ажлыг дууриаж битгий хий. Ялгар. г.м.

    За бас оюутан залуучуудын байгууллагуудын үйл ажиллагааны талаар өөрийн санал бодлоо хуваалцаж Эрдэм шинжилгээний хурал, сагсан бөмбөгийн тэмцээнээс хальсан илүү бүтээлч ажлууд хийгээрэй, за бас нэг улстөрчийн суганд хавчуулагдаж нохойд барьдаг мод мэт явдаг байгууллагууд шиг битгий болоорой гэж бодож явдаг үгээ захьлаа.

    Оюутан залуучуудын байгууллагууд нутгийн брэнд бүтээгдэхүүнүүдээ сурталчилж борлуулах, нутгийнхаа бизнесийн байгууллагуудын хүмүүнлэгийн төслүүдийг хэрэгжүүлэх, нутагтаа чулуун хороо барих, хавар намрын ногоо, тарианы ажилд оролцох гэх мэт илүү бүтээлч ажлуудыг хийж болмоор санагдаад байдаг.

    Эцэст зөв, бүтээлч ажлуудыг хийж чадвал өөрийн боломжоор дэмжиж ажиллахаа илэрхийллээ. За нутгийн дүү нартаа амжилт, бүтээлийг хүсье.

  • МАРТ-аар Зэвсэгт хүчний 015-р ангийн дайчин бүсгүйчүүдийг баярлууллаа

    Зэвсэгт хүчний 015-р анги дээр очиж, анх удаа олон цэргийн хүүхнүүдийн МАРТ-д оролцож үзлээ. Blue Nun-ий нэрэмжит хөгжөөнт тэмцээн, уралдаан зохион байгуулж баяр дээр нь баяр нэмэхийг хичээлээ. Цэргийн хүүхдүүд гэдэг эршүүд, шулуухан зантай, яриа хөөрөөтэй хүмүүс байдаг юм байна. Тоглоно, хүн явуулна гэдэг бол ярилтгүй, мань мэт нь хөлд нь чирэгдэх юм билээ. Зах зухаас нь жишээ татахад, нэг эгч ингэж хэлж байгаан: “Жилдээ ганц удаа албан ёсоор уух эрх олддог өдрөө болвол босоогоор уугаад болохгүй бол хэвтээрээ ууна аа” гэх жишээтэй. Хэ хэ.

    Хандгайтын ардхан талд “Бага баян” цэргийн амралтын газар байдаг юм байна. Энхийн сахиулах ажилд оролцоод ирсэн дайчидад зориулж цоо шинэ амралтын цогцолбор баригдаж байгаа юм байна. Энд баяраа тэмдэглэлээ.

    Баяр дээр баяр нэмэх гэж энэ хэдэн хөгжөөнт, авхаалж самбаа шаардсан тэмцээн, багийн уур амьсгалыг нэгтгэж өгдөг хэдэн тоглоомыг тоглууллаа. МИЙН – Жинхэнэ цэрэг бүсгүйчүүдэд тохирсон тэмцээн дээ.

    ТЭСРЭХ БӨМБӨГ хамтрагчаа мэдэрч ойлгох чадварыг хөгжүүлэх багийн тоглоом эхлэж байна.

    НУУЦ МЭДЭЭ багийн ажиллагаа шаардсан хөгжөөнт тоглоом.

  • “Яруу эгшиглэн” хамтлаг Алтан цом улсын уралдаан орохоор бэлтгэж байна

    “Яруу эгшиглэн” хамтлаг Алтан цом улсын уралдаан орохоор бэлтгэж байна. Уг уралдаан нь 3-р сарын 26-ны 14:00 цагаас Хүүхэд залуучуудын ордонд болно.

  • “Яруу эгшиглэн” хүүхдийн хамтлаг байгуулагдлаа

    “Яруу эгшиглэн” хамтлаг нь Монголын ирээдүй болсон бяцхан хүүхдүүддээ ардын дуу, үндэсний хөгжим зэрэг язгуур урлагийн өв соёлыг таниулах зорилготой хүүхдийн хамтлаг юм. Байгуулагдсан цагаасаа хойш хөдөлмөрч, бүтээлч хүүхдүүд маань багагүй ажлуудыг амжуулаад байна.

    Удирдагч багш МУСТА С.Дэлгэрцэцэг ярьж байна.

    Хүүхдүүд “Галбингаа” сургалтын төв дээрх бэлтгэлийн үеэр.

    Цагаан сард зориулсан теле концерт хийлээ.

    Үндэсний өв соёлоо дээдлэгч байгууллага хамт олон, хувь хүмүүстэй хамтран ажиллана. Гэхдээ бид зүгээр юм гуйхгүй өөрсдийн авъяас чадвар, зүтгэлээрээ хамтран ажиллана.

    Блог: http://galbingaa.blogspot.com/
    Youtube суваг: http://youtube.com/GalbingaaCenter

  • УСГҮЙ УРСГАЛ орчин үеийн урлагийн үзэсгэлэн Уран зургийн галлерейд нээгдлээ

    Яруу сэтгэгчдийн нэгдэл байгууллага “Шинэ Үе Урлаг” нийгэмлэгээс жил бүр зохион байгуулдаг байгаль дэлхийтэйгээ нэгдэх аяны хүрээнд 2012 оны 03-р сарын 22 буюу “ ДЭЛХИЙН УСНЫ ӨДӨР”-ийг тохиолдуулан “УСГҮЙ УРСГАЛ” үзэсгэлэнг 3-р сарын 23-27-ны хооронд Уран зургийн галерейд олон нийтэд хүргэж байна.

      Дэлхийн гадаргын 71 хувийг ус эзэлдгээс 97,5 хувь нь далай тэнгисийн шорвог ус, үлдсэн 2,5 хувь цэнгэг уснаас бүрддэг. Харин цэнгэг усны 68,7 хувь мөс хэлбэрээр байдаг байна. Одоогоор дэлхийн хүн ам цэвэр усны 54 хувийг хэрэглэж дууссан гэсэн эрдэмтдийн дүгнэлт гарчээ. Хүн амын усны хэрэглээ одоогийн түвшнээр үргэлжилвэл, 2025 онд цэвэр усны нөөцийн 70 хувийг хэрэглэнэ гэж НҮБ-ын Хүн амын сангаас гаргасан мэдээнд онцолсон бол 2025 онд 48 орны 3 тэрбум хүн усны гачигдалд нэрвэгдэнэ гэж үзэж байна. Газрын гадарга дээрх ус агаарт ууршин, үүл болон хуримтлагдаж хур тунадас буух замаар тэнцвэртэй оршиж байдаг бол хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэн удахгүй бид мөнгөөр биш усаар цалинжиж болзошгүй гашуун үнэн ойртсоор байгаа билээ

    Тэгвэл уран бүтээлчид ч өөрсдийн өвөрмөц өнгө аястай бүтээлээр хэрхэн нэгдэж, хүн төрөлхтөнд уриалж буйг энэхүү үзэсгэлэнгээс харж болох юм.

     Уг үзэсгэлэнд “Шинэ Үе Урлаг” нийгэмлэгийн тэргүүн Л.Энхбат, гишүүн Н.Амарсайхан, Н.Мөнхбаатар, Д.Баасансүрэн, С.Зэсээ, В.Ундраа, “Хөх нар” төвийн гишүүн Т.Энхболд, уран барималч Д.Батхолбоо, чөлөөт уран бүтээлч Б.Нандин-Эрдэнэ, Н.Насанбат, Г.Цолмон нарын уран бүтээлчдийн хийсэн орчин үеийн дүрслэх урлагийн Уран зураг, Видео арт, Инстоляци (өрөг урлаг), Баримал, Фото арт, Саунд арт чиглэлийн өвөрмөц шийдэл бүхий 20 гаруй бүтээлүүд дэлгэгдэнэ.

  • УСГҮЙ УРСГАЛ орчин үеийн урлагийн үзэсгэлэн

    Яруу сэтгэгчдийн нэгдэл байгууллага “Шинэ Үе Урлаг” нийгэмлэгээс жил бүр зохион байгуулдаг байгаль дэлхийтэйгээ нэгдэх аяны хүрээнд 2012 оны 03-р сарын 22 буюу “ ДЭЛХИЙН УСНЫ ӨДӨР”-ийг тохиолдуулан “УСГҮЙ УРСГАЛ” үзэсгэлэнг 3-р сарын 23-27-ны хооронд Уран зургийн галерейд олон нийтэд хүргэж байна.

         Дэлхийн гадаргын 71 хувийг ус эзэлдгээс 97,5 хувь нь далай тэнгисийн шорвог ус, үлдсэн 2,5 хувь цэнгэг уснаас бүрддэг. Харин цэнгэг усны 68,7 хувь мөс хэлбэрээр байдаг байна. Одоогоор дэлхийн хүн ам цэвэр усны 54 хувийг хэрэглэж дууссан гэсэн эрдэмтдийн дүгнэлт гарчээ. Хүн амын усны хэрэглээ одоогийн түвшнээр үргэлжилвэл, 2025 онд цэвэр усны нөөцийн 70 хувийг хэрэглэнэ гэж НҮБ-ын Хүн амын сангаас гаргасан мэдээнд онцолсон бол 2025 онд 48 орны 3 тэрбум хүн усны гачигдалд нэрвэгдэнэ гэж үзэж байна. Газрын гадарга дээрх ус агаарт ууршин, үүл болон хуримтлагдаж хур тунадас буух замаар тэнцвэртэй оршиж байдаг бол хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэн удахгүй бид мөнгөөр биш усаар цалинжиж болзошгүй гашуун үнэн ойртсоор байгаа билээ

    Тэгвэл уран бүтээлчид ч өөрсдийн өвөрмөц өнгө аястай бүтээлээр хэрхэн нэгдэж, хүн төрөлхтөнд уриалж буйг энэхүү үзэсгэлэнгээс харж болох юм.

     Уг үзэсгэлэнд “Шинэ Үе Урлаг” нийгэмлэгийн тэргүүн Л.Энхбат, гишүүн Н.Амарсайхан, Н.Мөнхбаатар, Д.Баасансүрэн, С.Зэсээ, В.Ундраа, “Хөх нар” төвийн гишүүн Т.Энхболд, уран барималч Д.Батхолбоо, чөлөөт уран бүтээлч Б.Нандин-Эрдэнэ, Н.Насанбат, Г.Цолмон нарын уран бүтээлчдийн хийсэн орчин үеийн дүрслэх урлагийн Уран зураг, Видео арт, Инстоляци (өрөг урлаг), Баримал, Фото арт, Саунд арт чиглэлийн өвөрмөц шийдэл бүхий 20 гаруй бүтээлүүд дэлгэгдэнэ.

     

    БАЙГАЛЬ ЭХИЙНХЭЭ ЭНГЭРТ НЬ НЭГДЭХ ХҮН БҮР ЦУГЛАГТУН.

        Дэлгэрэнгүй мэдээллийг 99144685, 99836162, 89006162, 96050474 дугаарын утсаар авна уу.

  • Амьдралд аз тохиолддог таарвал битгий алдаарай

    Ихэнхи хүмүүс тэр азтай залуу, тэр азгүй бүтэлгүй залуу гэж өөр хоорондоо ярилцаж суух нь элбэг тохиолддог. Тэгвэл тэр азтай, бүтэлгүй хүн гэж яг ямар хүнийг хэлдэг юм болоо гэж бодож суухдаа энэхүү нийтлэлээ бичих санааг олсон юм.

    Амьдралдаа бүтэлгүйтэж үзээгүй хүн гэж байдаггүй. Ихэнхи хүмүүс ямар нэг салбар дээр тодорхой хэмжээний бүтэлгүйтэл азгүйтэлтэй тулгарч гомдсон, цөхөрсөн, шантарсан байдаг. Тэгвэл энэ бүгдийн учир шалтгаан нь болгоомжлол, болохгүй бүтэхгүй гэсэн сөрөг бодлоос үүсдэг байна. Нийтлэг ажилгагдсан зүйл бол хамаг хүчээ шавхаж хөдөлмөрлөдөг боловч дотроо за хийгээд үзье дээ гэсэн эргэлзсэн бодолтойгоор хийдэгт байгаа юм. Та хаа нэгтэйгээс дэлхийн эд баялагийн 99%-ийг дэлхийн нийт хүн амын 1% нь эзэмшдэг гэж сонсож байсан байх. Тэгвэл энэ тоо баримт үнэн бодит зүйл юм. Хүн бүр  азтай байхыг маш ихээр хүсэж мөрөөдөж, надад аз тохиолдоосой ч гэж бодож явдаг гэхэд ч хэлсдэхгүй байх. Тэгвэл тэр аз гэдэг зүйл бидэнд бүтэлгүйтэл, бэрхшээл, асуудлаар дамжиж ирдэг байна. Тэгэхээр бид өөрсдөө бидэнд аз тохиолдоход зугтаадаг гэсэн үг юм. Таны амьдралд тохиолдож буй асуудал бол танд илүү сайн сайхныг өгөхийн тулд  ирдэг зүйл гэдэгт итгэх хэрэгтэй. Нэгэн сонирхолтой жишээ байдаг. Эрх чөлөөний хөшөөг сэргээн засварлахад маш их хэмжээний хог хаягдал гарсан бөгөөд маш их учираас тэр хогийг хаях газар олдохгүй байв. Энэ асуудлыг шийдэхийн тулд тус хогийн тэндерт оруулахад Америкт амьдарч байсан нэгэн еврэй хүн 350$-оор худалдаж авсан бөгөөд хогийг төрөл төрлөөр нь / шохой, төмөр, мод гэх мэт / ялгаж ангилуулж ачуулав. Тэрээр төмрийг нь хайлуулж жижиг эрх чөлөөний хөшөө хийж, модыг нь зорж суурийг нь хийгээд жинхэнэ эрх чөлөөний хэлтэрхийгээр хийсэн эрх чөлөөний хөшөөгөө аваарай хэмээн зарж эхэлсэн. Ингэхэд тэрээр маш их хэмжээний буюу 10000 дахин их ашиг олсон байна. Энэ жишээнээс хүмүүсийн хог гэж харсан зүйлийг аз гэж олж харж чадсанд байгаа юм. Тэрээр хогон дотроос өөрийн азаа олж авсан. Бидний амьдралд гэсэн аз тохиолддог боловч бид анзааралгүй, мэдэлгүй өнгөрөөдөг байна.

    Бидний амьдралд бүтэлгүй явдал тохиолдсон ч тэр зүйлийг ос тас мартаж, харин ч би азтай хүн гэж тунхаглан хэлдэг байх хэрэгтэй. Үгийн сангаасаа азгүй бүтэлгүй гэдэг үгийг бүр мөсөн авч хая, тэгээд юу ч тохиолдсон инээ, инээж байгаа хүнд Аз ирдэг. Танд жаргалтай л байвал, таны сэтгэлд хүрч л байвал та хүссэнээ хий хүнээс битгий хамаар. Ямарч зүйлийг сайн сайхнаар хардаг эерэг сэтгэлгээтэй бай, өөрийгөө байгаа чигээр нь хүлээн зөвшөөрч өөрийгөө маш их үнэлдэг бай, зорилгоосоо ухардаггүй, стресст ордоггүй өөрийгөө удирдаж чаддаг бай, хайрлаж чаддаг хайрлуулж чаддаг уриалагхан найрсаг нээлттэй бай. Аз бүтэлгүйтэл 2 ээлжилж байдаг хорвоод та сөхөрч унасан ч шороогоо гөвөөд бос, хүнээр өрөвдүүлж биш бахархуулж амьдар.

    Танд амжилт хүсье.

    Т.Чимэддагва

  • Mухар сүсэг – Олон нийтийн сэтгэл зүй – Сэтгүүл зүй

    “Дөрөв дэх засаглал” хэмээн өөрсдийгөө өргөмжлөн нэрлэдэг Хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүд олон нийтийн оюун ухаанд хүргэж байгаа мэдээллүүдээрээ нийгмийн сэтгэл зүйд нөлөөлж чаддаг. 

    Социализмын үед цорын ганц “ҮНЭН” гэж нотолж, олон нийтийн сэтгэл зүйг “удирдан жолоодож” байсан үе нэгэнт өнгөрч, хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдийн “эрх чөлөө” мандан бадарсан энэ цаг үеүдэд олон ч зүйл өөрчлөгдөж буй. Мэдээллийн технологи асар хурдацтай хөгжиж байгаа өнөө үед, мэдээллийн асар их бөөм дундаас мэдээллүүдийг өөр хооронд нь харьцуулан дүгнэх боломжтой болжээ.

    Гадаадад ажиллаж амьдарч байгаа Монголчууд бид Монгол оронд болж буй олон ч үйл явдлын мэдээллийг интернэтээр авдаг. Сайн сайхан зүйл олон байдаг хэдий ч санаа зовоосон зүйл мундахгүй. Сүүлийн үед шашны болон мухар сүсгийн хандлагатай мэдээллүүд нилээд гарч, энэ байдал нь Монголын олон нийтийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлж байгааг анзаарлаа.

    Нэг. АРГО багшийн “ДААХИЙ” бурхан

    …Нэгэн том танхимд маш олон хүн хуран цуглаж, Арго багшийн цоо шинээр бүтээсэн “Даахий” бурханыг худалдан авахын тулд дугаарлан зогсчээ. Нэг бурханы үнэ нь 33.500 төгрөг гэнэ. “Ард түмний багш” гэж өөрийгөө нэрлэдэг, 25 хэл мэддэг төдийгүй энэ талаар маш олон ном сурах бичиг зохиож, амжилттай худалдан борлуулж “баяжиж”, энэ мөнгөөрөө Чингис хааны хар болон цагаан “Сүлд”-ийг “цэнгүүлэн тахиж” байгаа энэ эрхмийг даган баясаж, шүтэн бишрэгчид цөөнгүй. 

    Хэнийг юуг тахин шүтэх нь хувь хүний асуудал мөн л дөө. Энэ хүний тухай хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр их хэмжээтэй сурталчлах тусам, хүмүүсийн хандах хандлага нь нэмэгддэг бололтой. Энэ хүний хувьд олон нийтийн сэтгэл зүйд нөлөөлж, энэ боломжоо бизнес болгон хувиргаж чадаж байгааг харахдаа “чадаж байгаа юманд арга байхгүй” гэдэг үг санаанд ороод байдаг юм. 

    Гэхдээ л ямар нэгэн юм, хэмжээгээ алдахаар утга учраа алддаг. Зүйрлэвээс “хувин дүүрэн усан дээр ус нэмж хийгээд байх тусам ус нь гадагш халин асгарч бохир хаягдалтай хамтад урсах” мэт. Энэ бичлэгийг харж байхдаа “энэ л мухар сүсэгт автсан олон хүмүүс яг л энэ сэтгэхүйгээрээ сонгуульд санал өгнө шүү дээ” гэж бодоход гунигтай санагдаж байлаа. 

    Хэдийгээр дараа жил “мөнгөний сонгууль болохгүй” гэж өнөөгийн эрх баригчид амлаж байгаа ч, хийж бүтээх, өөрчлөн сайжруулж чадах нэгэнд бус, их мөнгө өгсөн нөгөөд нь сонгуулийн саналаа “худалдах” нийт массууд байж л байна. Олон нийт ийм мунхаг байх нь Монголчууд бидэнд бус, улстөрөөр луйвар хийж гаршсан эрхмүүдэд хэрэгтэй. Тийм болоод тэд энэ байдалд огтхон ч санаа зовж шаналахгүй байгаа бололтой.

    Хоёр. “АПУ-гийн Батсайхан нүгэлтэн үү?”

    …Ийм гарчигтай дүрс бичлэгүүд интернэтэд тавигджээ. 4 жил гаран бясалгал хийсэн Осгонбаяр гэдэг лам бясалгалаа дуусган “бодит ертөнцөд” морилон ирж буйг харуулсан мэдээ юм. Бясалгал гэдэг буддын шашны нэгэн том үйл төдийгүй, гэгээрэл болон “нинж” сэтгэлийн том сургууль гэдэг. 

    Мэдээж бясалгал хийсэн Осгонбаяр ламтны айлдах айлдвар болон үйл хөдлөл олон хүний сонирхлыг татсан байх. Харин мэдээг тайлбарлаж байгаа сэтгүүлч залуу маш их баяр бахдалтайгаар энэ хүний тухай “Өнгө мөнгөнөөс ангид, өнөөгийн нийгэмд цоо шинэ үзэгдэл авчирч болох тухай” өөрийн дүгнэлтээ хэлж байх юм. Бодвоос Монголын өнөөгийн нийгэмд шинэчлэлийг бясалгал хийсэн хүмүүс авчирч болох тухай санаа юм уу даа. 

    Нэг бодлын аргаа барсан сэтгэлийн “гаслалт” гэлтэй. Нөгөө талаас олон нийтэд ийм итгэл үнэмшил төрүүлэх гэсэн оролдлого бололтой. Дээр нь мэдээтэйгээ авцалдахгүй гарчиг нь хувь хүнийг олон нийтэд эвгүй байдлаар ойлгуулж болзошгүй мэт.

    Энэ бичлэгийг харж байхад өнөөгийн Монголын бизнесменүүд болон улстөрчид “өөр өөрийн арыг нь даадаг ламтай” байж, тэднийгээ ивээн тэтгэн “дэм дэмэндээ” явдаг тухай яриа санаанд орж байлаа. Шударга хөдөлмөр, чин зүтгэлээр бус хууль бус аргаар, заль мэх луйвраар “баяжиж” байгаа хүмүүс ямагт сэтгэлдээ “айдастай” явдаг. Хэзээ нэгэн цагт илчлэгдэн хуулийн хариуцлага хүлээхгүйн төлөө тэд ийм арга замыг л сонгодог. 

    Энэ байдлыг мэддэг олон нийт ч бас л өөр өөрийн “авран хамгаалагч”-тай байхыг хүснэ. Аргагүй шүү дээ. Хууль бус байдлаар баяжиж энэ үйлдэл нь ил хэрнээ илчлэгдэхгүй байгаа нь олон нийтэд  ийм бодлыг төрүүлэх аж.

    Гурав. “Далай ламын хойд дүрээр тодорсон Ү.Мөнхсүх хүүгийн сонирхолтой яриа”

    …Ийм гарчигтай мэдээлэл нилээд олон сайтууд дээр тавигджээ. Бурханы шашинтай орнуудын хувьд Дээрхийн Гэгээн Далай ламын “хойд дүр”-ийн асуудал нилээд төвөгтэй байдалд байгаа. Гэтэл Монголын хэвлэлүүдэд Далай ламын хойд дүр Монголоос тодорсон тухай мэдээллүүд цацагдаж эхэлжээ. 

    Хэдийгээр мэдээллийг үндсэн байгууллага нь албан ёсоор няцаасан ч, энэ талаарх шуугиан намжихгүй байгаа бололтой. Яг үнэндээ Өмнөговь аймгийн харьяат Ү.Мөнхсүх хүүг Бари Ёнзон Дамцагдорж гэдэг хүний хойд дүрээр Далай лам тодруулсан юм билээ. Гэтэл энэ мэдээллийг Далай ламын “хойд дүр” болгон дэврүүлэх нь хэнд хэрэгтэй юм бол? Үүний цаана “Далай ламын хойд дүр Монголд тодорсноор Монгол орон өөдлөн дэвжих болно” гэж олон нийтийн сэтгэл зүйд итгүүлэх оролдлого байж болох.

    Дөрөв. Өвдвөл бөө болно
    …Сүүлийн үед Монголд бөө мөргөл хүчээ авч, “айл болгон бөөтэй болох” хөдөлгөөн өрнөж байгаа юм гэнэ. Бараг сүлжээний бизнес болон хувирсан энэ хөдөлгөөн олон нийтийн сэтгэл зүйгээр тоглоод зогсохгүй “оюун сэтгэлгээний дарамт” болон хувирч байна. Хэн нэгэн ямар нэгэн өвчнөөр өвчилбөл “Онгод тэнгэр нь дуудаад байгаа юм байна. Хэрэв онгод сахиусаа авахгүй юм бол үхнэ” гэж “айлгаад” зогсохгүй, хэдийд хаанаас ямар ханштайгаар авч болохыг ч хэлж өгдөг гэнэ.  

    Аргаа барсан олон хүн энэ замаар орж, хамаг мөнгөө бөө болоход зориулснаар “онгодтой, онгодгүй” олон бөөний орон болон хувирч буй бололтой. Яг л тэр жилийн “Хадгаламж зээлийн хоршоо” шиг. Түүгээр ч үл барам зарим хүмүүс Монгол орны хөгжлийн “тэнгэрт тэтгэгдсэн цаг хугацааны” тухай ч номлох болж байна. 

    Хэрэв энэ бүхэнд үнэмших аваас “Айл болгон бөөтэй болж, тэнгэрийн ивээлийг авснаар, монголчууд бид юу ч хийхгүй хэрнээ үсрэнгүй хөгжих” нигууртай гэнэ. Гэхдээ бөөгийн уламжлалт арга билгийг бусдыг дарамтлан айлгах хэрэгслэл болгож байгаад хамаг учир нь байгаа бололтой. Хэн нэгэн бөөгийн хараал хүрч “муугаа үзэхгүйн тулд” амаа хамхицгааж, буруу муу бүхнийг “мэдсэн ч мэдээгүй, харсан ч хараагүй” өнгөрөөх болж дээ.

    МУХАР СҮСЭГ ба ШИНЖЛЭХ УХААН

    …Энэ бол 21-р зуун. Шинжлэх ухаан Техникийн, Мэдээллийн гайхамшигт нээлтүүд дээр тулгуурласан асар хурдацтай хөгжлийн эрин үед бид амьдарцгааж байна. Энэ нээлтүүдийн ачаар бид хамгийн сүүлийн үеийн хялбар хэрэглээ бүхий гар утас барьж, интернэтээр хүссэн мэдээллээ хязгааргүй орон зайн дундаас олж авч, сүүлийн үеийн загвар бүхий автомашин унаж, өвөрмөц дизайн бүхий тохилог орон сууцанд амьдрах боломжтой болж байгаа. Бидний өдөр тутмын амьдралд ШУ-ны ололтууд нэвтэрч байдаг.

    Шашин бол хүмүүсийн итгэл үнэмшил бас сүсэг бишрэл. Адил итгэл үнэмшил болон үзэл бодлоороо хүмүүс нэгддэг, бас бие биедээ чин сэтгэлээсээ хандаж тусалж дэмжиж, хамтдаа сайн үйлсүүдийг бүтээдэг болохоор шашин хүмүүст сайнаар нөлөөлөх нь бий. Харин эсрэг үзэл бодлоосоо болж зөрчилдөж, энэ байдал нь хүмүүст таагүй байдлыг авчрах тохиолдол ч бий. “Хүний бодол санаа болон хүсэл зоригийг олсоор хүлж болдоггүй”-тэй адил хүний итгэл үнэмшил, сүсэг бишрэлийг албадаж болдоггүй. Мэдээж шашин болгон өөр өөрийн сургааль номлол болон ёс суртахуунтай.

    Харин өнөөгийн Монголчууд бид арай л хэт мухар сүсэгт автаад байх шиг. Хүмүүс ямар нэгэн зүйлд хүчин мөхөсдөж аргаа барахдаа мухар сүсэгт автдаг. Алив зүйлийг уншиж судлан танин мэдэхээс “залхуурахдаа” аль болох хялбар арга замыг хайна. Амьдралд өөрийгөө зовоолгүй, аль болох амар хялбар аргаар сайхан амьдрахыг хүсэх хүсэл нь мухар сүсэгт хөтлөх ч тохиолдол бий. 

    Бурханы сургаалийг уншиж судлан, учрыг нь олохын оронд хэн нэгэн лам дээр очоод мэдэх мэдэхгүй хэлээр ном уншуулахдаа “итгэж” тайвширна. Амьдралаа дээшлүүлэх гэж, ажлаа сайжруулах гэж, бизнес хийх гэж, биеэ эмчлүүлэх гэж, ханиа сонгох гэж, хангалттай дүн авах гэж лам дээр очих тусам өөртөө итгэх итгэлээсээ алслагдана. 

    Энэ л мухар сүсэг нь, ямар нэгэн үйлдлийн буруугаа өөрөөсөө биш бусдаас хайж, гомдож хорссон сэтгэлдээ бусдад муу үйл хийх арчаагүйдэл руу хөтөлдөг. Олон нийтийн арчаагаа барсан энэ сэтгэхүй дээр маш олон хүмүүс “тоглож”, бизнес хийн “баяжиж” байна. Харин хэн энэ асуудалд санаа зовж байгаа юм бол? Монголчууд бид ийм мунхаг, хийрхүү байх нь хэнд хэрэгтэй юм бол?
                                                              
    ТӨГСГӨЛ

    1. ТӨР бол олон нийтийг сэтгэлгээний бүдүүлэг “дарангуйлал” аас хамгаалах үүрэгтэй. Хууль бус үйл ажиллагаагаар олон нийтийн сэтгэл зүйд муугаар нөлөөлөх аваас буруутай этгээдийг илрүүлэн хариуцлага хүлээлгэх нь төрийн хийх ёстой ажил. Хэдийгээр сүсэг бишрэл хувь хүний асуудал хэдий ч, мухар сүсгийг дагалдан гарч байгаа хууль бус “бохир бизнес”, олон нийтийг хохироож байгаа үйлдлүүдийг өнөөгийн Монголын төр яагаад хайхрахгүй байгаа юм бол? “Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олдоггүй” гэдэг үг бий. “Төр өөрөө бохир байгаад энэ ажилд санаа тавихгүй байна” хэмээн би хардаж байна.

    2. Монголд Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам гэж бий. Бас ШУ-ны Академи ч гэж бий. Эдгээр Яам болон Академи нь олон нийтийн боловсрол соёлын бодлогыг хариуцдаг. Байн байн “сарын болон нэрэмжит” маягийн ажил зохион байгуулдаг ийм байгууллагууд энэ асуудалд анхаарлаа хандуулан олон нийтэд тайлбар өгч яагаад болдоггүй юм бол? Түүнчлэн өнөөгийн залуу үед болон монгол хүний хөгжилд хэрэгтэй бодлого үнэхээр үгүйлэгдэж байна. Энэ байдал нь “Эцэггүй хүүхдийн цээж том, эхгүй хүүхдийн бөгс том” гэдэг хэллэгийг санагдуулах аж.

    3. Олон нийтийн сэтгэл зүйг зөв тийш нь хөтлөхөд хэвлэл мэдээллийн хэрэгслэл болон сэтгүүл зүй маш ихээр нөлөөлдөг. Мөнгө болон сенсаац хөөлгүйгээр ёс зүйгээ бодоод аль болох буруу муу зүйлийг сурталчлан олон нийтэд хүргэхгүй байвал сайн сан. Арго багштай болон мэрэгч төлөгч, бөө нартай хийж байгаа ярилцлага болон бичлэг нэвтрүүлэг бүхэн олон нийтийн сэтгэл зүйд сайн муугаар нөлөөлж л байгаа. Учрыг нь ялгаж сайн ойлгохгүй байгаа зарим хүмүүс та нарын мэдээллээс “тэнд нэг сайн хүн байгаа юм байна, тэр хүн дээр л очъё” гэдэг бодлыг авч байгаа. Монголчуудын сэтгэхүйд, хэн нэгнийг муулах тусам “энэ ч зүгээргүй байх” гэсэн сэтгэгдэл илүүтэй төрдгийг мартаж боломгүй.

    4. Нөгөө талаас нь харах юм бол монголчууд бид өөрсдөө буруутай. “Овоо босгоогүй бол шаазгай юунд суух билээ” гэдэгчлэн энэ бүх муу үйлдлийг бид өөрсдөө л бий болгон, дэмжиж хөгжүүлж байна. Хэрэв бид өөртөө итгэж, өөрсдийгөө хөгжүүлж, шударга бус муу үйлдлийг эсэргүүцэн дуу хоолойгоо нэгтгэж чаддаг байсан бол ийм байдал газар авахгүй л байсан болов уу? Дээр нь өнөөгийн Монголын нийгэмд бий болсон “Зоволгүй мөнгө олж, зогсолтгүй жаргах” хүсэл мөрөөдөл энэ бүхний үндэс нь болж байгаа. Бид лам дээр очиж хувь заяагаа даатган, бөө дээр очиж “тэнгэрт тэтгүүлж” байж ажил амьдралаа сайнаар авч явна гэж үгүй ээ. Бид өөрсдөө зүтгэж хөдөлмөрлөж, зовж шаналж байж л амжилтад хүрч сайхан амьдарна. Өөр сонголт үгүй.

    …Монголчууд бид ШУ техникийн болон мэдээллийн хүчирхэг зуунд амьдарч байна. Алийн болгон мухар сүсэг болон мунхаглалтайгаа зууралдах билээ. Монголчууд бидний хөгжил дэвшил өөр хэнээс ч биш зөвхөн биднээс өөрсдөөс л хамаарна. Хэрэв бид бүдүүлэг, мунхаг харанхуй байх аваас хэн ч биднийг өрөвдөхгүй харин шоолж инээх болно. Бид мунхаг харанхуй байх аваас өөрсдөө хохирч, бусад хүмүүс хожих болно. Энэ бол гашуун үнэн. Бид харанхуй мунхаг байдлаасаа болж өөрсдийгөө төдийгүй эх орон газар нутгаа ч алдаж болзошгүй.

    Энэ цаг дор бид, эргэн тойрноо харьцуулан харж, эргэцүүлэн ухаарах цаг болжээ. Хэн нэгний хэлж зааснаар бус өөртөө итгэж, өөрсдөө хичээн зүтгэж байж л амжилтад хүрч хөгжих болно. 

    “ЭЗЭН ХИЧЭЭВЭЛ ЗАЯА ХИЧЭЭНЭ” гэдэг дээ.