Category: production

  • Д.Лхагважав- Янмал оймсны үйлдвэрийг үүсгэн байгуулагч, оймсны ноосон утас үйлдвэрлэгч

    Монголын анхны оймсны үйлдвэр Янмал брэндийг үүсгэн байгуулагч, оймсны ноосон утас үйлдвэрлэгч, удахгүй IPO гаргахаар бэлтгэж байна.
    Янмал брэндээр түүчээлсэн 10 гаруй үйлдвэрүүд Монгол улсын оймсны зах зээлийн 60 гаруй хувийг эзэлж байна.

    Монголчуудын хэрэглэж байгаа бараа бүтээгдэхүүний талаас илүү хувь нь гаднаас орж ирдэг.

    Импортын барааг орлох бүтээгдэхүүн Монголдоо үйлдвэрлэх талаар багагүй ажил хийж, уриалсны хүчинд бид чамлахааргүй олон зүйлийг эх орондоо үйлдвэрлэдэг болсон.

    Түүний нэг нь монгол хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ болсон монгол оймс юм.

    Энэ удаагийн “Бизнес, хөгжил” буландаа анхны монгол оймс үйлдвэрлэгч “Янмал” компанийн захирал Д.Лхагважавыг урилаа.

    -Анх оймс үйлдвэрлэх санаа хэрхэн төрсөн талаараа сонирхуулахгүй юу?

    -Би БНСУ-д найман жил ажиллаж амьдарсан. Тэнд байхдаа олон үйлдвэрийг сонирхож судалсан. Их хөрөнгө оруулалт босгож чадахгүй, бага мөнгөтэй хүний хувьд хамгийн түрүүнд хийж болохоор зүйл нь оймсны үйлдвэр байлаа. Тухайн үед оймс хямдхан бүтэх боломжтой юм гэдгийг олж харсан.

    Нэг өдрийг алдахад бусдаас 100 алхам хоцордог гэдгийг хүн бүхэн ойлгодог тэр цаг үе ирэхэд л Монголын нийгэм өөр болох байх.

     

    Хуримтлуулсан мөнгө маань 50 мянган ам.доллар байсан учир түүндээ тааруулж санаагаа олсон гэх үү дээ. Тэгээд эх орондоо ирэхдээ хоёр машин, дагалдах жижиг тоног төхөөрөмжийг 20 гаруй мянган ам.доллараар худалдаж авчирсан. Тоног төхөөрөмжөөс гадна газар авах, үйлдвэрээ барих гээд олон асуудалтай тулгарч байсан. Хэрэв хангалттай хөрөнгөтэй бол одоо ч гэсэн ашигтай үйлдвэрүүд олон байна. Тухайлбал, цементийн үйлдвэр байгуулахад их хөрөнгө зарцуулдаг. Хүн бүр хүссэнээрээ цементийн үйлдвэр байгуулна гэвэл чадахгүй. Үүнтэй адил хэмжээндээ таарсан бизнесээ эхлүүлж байсан түүхтэй.

    Үнэндээ анх Солонгос улсад очоод тэр улсыг тийм ч сайн ойлгоогүй. Ямартай ч их хөдөлмөрч хүмүүс байсан. Хэсэг хугацааны дараа тухайн улсын амьдрал ахуйтай нь танилцаад ирэхэд хатуу бодлого барьж байгааг нь ойлгосон.

    Хэрэв тэнд нэг л өдөр ажил хийхгүй бол маргааш нь дампуурах нийгэмд амьдарч байсан. Солонгос хүн бүр ийм нөхцөлд амьдардаг. Иймд хүн бүр хөдөлмөрлөхөөс өөр аргагүй. Солонгосын нийгэм бол сул зогсож болохгүй болтол нь ажиллуулдаг хатуу нийгэм. Харин манайд эсрэгээрээ. Монгол хүн нэг сар ажил хийхгүй байсан ч үнэтэй хувцас өмсч, инээмсэглэн гудмаар алхаж байна. Ингээд харьцуулахад манай нийгэм арай л болоогүй байгаа  юм шиг. Нэг өдрийг алдахад бусдаас 100 алхам хоцордог гэдгийг хүн бүхэн ойлгодог тэр цаг үе ирэхэд л Монголын нийгэм өөр болох байх.

    -Таны үзэж байгаагаар манай улсын хөгжил, түүнийг дагасан үйлдвэрлэлийн салбар муу байна гэсэн үг үү?

    -Бас ч  тэгж хэлж болохгүй л дээ. Нэг үеэ бодоход нийгэм маань маш хурдацтай хөгжиж байна. 2005 онд БНСУ-аас чингэлэг ачаад ирж байсан. Түүнийгээ буулгахдаа ах дүү, найз нөхдөө дуудахад 28 хүн ирж тусалж байсан юм. Өөрөөр хэлбэл, тухайн үед хүмүүс завтай, ажилгүй байж. Гэтэл өнөөдөр чингэлэг ирлээ гэхэд завтай хүн байна уу. Бүгд ажилтай, амжихгүй гэж байна. Энэ бол хүн бүр чадах чинээгээрээ ажиллаж, амьдрах гэж хичээдэг болсны илрэл юм.

    -Үйлдвэрлэл эрхэлж байгаа хүн бүр олон бэрхшээлтэй тулгардаг. Түүний нэг нь хүний нөөц. Хүний нөөцийн ямар бодлого барих ёстой юм бэ?

    -Хүний нөөцийн бодлогыг тодорхойлоход тухайн үйлдвэр эсвэл компанийн захирал гол асуудал нь гэж би боддог. Хүн бүхэн эхээс төрөхдөө тухайн ажил мэргэжилд мэргэшсэн, дадлагажсан байдаггүй. Тиймээс бид ажиллах хүчний асуудалд уян хатан хандах хэрэгтэй юм. Япон захирлуудын гол баримталдаг зүйл нь ямар ч ажилчнаа эхний зургаан сар дураар нь байлгадаг. Нэг ёсондоо эрхлүүлдэг. Энэ хугацаанд тухайн хүн дагалдан хийж, ажлаа тайван сурч авдаг. Энэ нь ажилчнаа аажмаар дасгаж байгаа хэрэг. Харин зургаан сарын дараа ажлаар шахаж эхэлдэг.

    Ингэснээр нэгэнт олж авсан ажлын арга барил, дадлагаа улам хөгжүүлж хурдан ажилладаг. Энэ бол энгийн боловч чухал арга юм. Үүний цаана хүний нөөцөө мэргэшүүлэх, чадваржуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах цогц бодлого явж байгаа юм. Сайн ажилтантай байхын тулд өөрөө араас нь уйгагүй хөөцөлддөг байх чанар бидэнд дутмаг байдаг. Миний хувьд зарим ажилчид маань ажлаа таслах, архи уух өөр бусад асуудал гаргах үе их гардаг байсан. Тэр бүхний араас шантралгүй, хаячихгүй явсны үр дүнд олон сайхан сэтгэлээрээ ажилладаг хүмүүстэй болсон.

    -Танайхаас хэдэн оймсны үйлдвэр сал­барласан гэсэн. Тэгэхээр монголчуудын хэдэн хувь нь монгол оймсоо хэрэглэж байгаа бол?

    -Өөрийн үйлдвэрээс салбарлуулж бие даасан үйлдвэрүүд бий болгож байгаа нь нарийн учиртай. Одоогоор “Монгол оймс”, “Тод оймс”, “Сор оймс” гэсэн үйлдвэр салбарлаж гарсан. Сайн дураараа үйлдвэрлэл эрхэлж буй оймсны үйлдвэрүүд байгалийнхаа шалгарлаар ямар нэг төлөвлөгөө, бодлого, чиглэлгүй байснаар монгол оймс гэсэн нэрийг газарт унаган, шаварт хутгаж хаяад хаалгаа хаагаад дампуураад явж байсан. Одоо ч байна. Зарим оймсны үйлдвэр хэсэг хугацаанд ажиллаж ашиг олсныхоо дараа хаагдаж байгаа нь ч цөөнгүй.

    Харин би өөрийн үйлдвэрээс салбарлан гарч байгаа үйлдвэрүүдэд 40, 50 жил оршин тогтнох, Монгол Улс одоо болон ирээдүйд оймсоо үйлдвэрлэдэг технологи бүхий улс болж хөгжихийн тулд бид оймсны нэр хүндийг унагаж болохгүй гэсэн бодлого барьдаг. Монгол Улс 100, зуун жил оймсоо үйлдвэрлэж чаддаг байх нь чухал. Өөрөөр хэлбэл, өөрийн бодлого, стандартыг хамтран хэрэгжүүлж явах түшиг үйлдвэрүүд байх ёстой гэснээр ийм ажил эхлүүлсэн. Чанаргүй оймс үйлдвэрлэхгүй, хэрэглэгчдийг хуурахгүй, ирээдүйгээ бодох нь үйлдвэрүүдийн бодлогод орсон байх ёстой. Монгочуудын хэрэглэж байгаа оймсны 50 хувь нь монгол оймс байдаг судалгаа гарсан байдаг.

    -Хэдий Монголдоо үйлдвэрлэж байгаа ч түүхий эдээ гаднаас авах нь элбэг. Танай салбарын хувьд түүхий эдээ эх орондоо хийх боломж бий юу?

    -Түүхий эдийнхээ 90 хувийг БНСУ, 10 хувийг БНХАУ-аас авч байна. Эх орондоо түүхий эд үйлдвэрлэх боломж бий. Юуны өмнө бид оймсондоо тохирсон утас үйлдвэрлэх зорилт тавьж байгаа. Үүнээс гадна Монголдоо тогтвор суурьшилтай ажиллаж байгаа утас үйлдвэрлэгч компаниудтай хамтран ажиллахаар ярьжбайна. Бид ноосоороо баялаг учир ноосон утас хийх бүрэн боломжтой.

    Харин хөвөн даавуун утасны хувьд БНСУ ч үйдвэрлэдэггүй. Үүн дээр нэг зүйл нэмж хэлэхэд манай компани ганцаараа түүхий эдээ гаднаас аваагүй. Гадны бусад улс ч гаднаас түүхий эдээ авч оймс үйлдвэрлэдэг. Үүний учир нь ямар ч улс орон түүхий эд болох утсаа эх орондоо үйлдвэрлэхэд өртөг өндөр байдагтай холбоотой.

    -Өнөөгийн бизнесийн хууль эрхзүйн орчин, тулгарч буй бэрхшээлийг ярьвал олон зүйлийг дурдах хэрэгтэй болох байх?

    -Үүнийг ярихын тулд олон талаас нь тайлбарлах хэрэгтэй болов уу. Юуны өмнө нийгэм маань төлөвшөөгүй байна. Төлөвшилт байхгүй учир жижиг, дунд үйлдвэрийн үйл ажиллагаанд саад болж байгаа. Түүнээс төр санаатайгаар саад болж байгаа юм биш гэж боддог. Тухайлбал, би өнөөдөр үйлдвэрийн барилгаа цахилгаанд холбох хэрэгтэй боллоо. Гэтэл цахилгаанд холбохын тулд олон байгууллагаар дамжиж, удаан хугацаанд хүлээх асуудлууд гардаг. Тэр дундаа жижиг, дунд үйлдвэр байгуулж байгаа хүмүүс 380 вольтын хүчдэлд холбогдох нь ямар хэцүү гэдгийг мэдэж байгаа.

    Төрийн байгууллагууд үйл ажиллагааны зөв зохион байгуулалтад ороогүйтэй холбоотой. Хэрэв жижиг, дунд үйлдвэр бичиг баримтаа хууль ёсны дагуу бүрдүүлж өгсөн тохиолдолд 380 вольтын хүчдэлтэй цахилгаанд холбож болно гэсэн журам, хууль гаргахад л болно. Энэ л иргэдээ дэмжиж байгаа хэлбэр юм. Харамсалтай нь 380 вольтын цахилгаанд холбогдох зөвшөөрөл авахын тулд нэг, хоёр жил хөөцөлдөж байгаа хүн олон бий. Зөвхөн цахилгааны асуудал гэхэд ийм байна.

    -Төр иймэрхүү жижиг мэт боловч ээдрээтэй асуудлыг хэрхэн шийдвэл зүгээр вэ?

    -Монголд олон иргэн өөрийн эзэмшлийн газар дээр үйлдвэрээ барьдаг. Гэтэл өөрийн эзэмшлийн газартаа үйлдвэрээ барих нь хуулиар хориотой. Өөрийн эзэмшлийн газар дээрээ үйлдвэр барьсан хүн бүхэн хуулиа зөрчсөн гэсэн үг. Уг нь эзэмшлийн газартаа үйлдвэрийн байшингаа барьж болно гэсэн зөвшөөрлийг нь олгочихвол хэн хэндээ амар юм. Төр эзэмшлийн газартаа үйлдвэр барьж, өөрчлөхөд л том дэмжлэг болох юм.

    -Тэгэхээр та хууль зөрчсөн гэсэн үг үү?

    -Тиймээ. Хувийн өмчлөлийн газар дээр үйлдвэр барьснаар хууль зөрчиж байгаа юм. Өмчлөлийн газраа зориулалтын бусаар ашигласан тул жил болгон хоёр сая төгрөгийн торгууль төлдөг. Ажил хийснээрээ буруудаж байна шүү дээ.

    -Гадны оронд томоохон үйлдвэрүүд байрласан төвлөрсөн газар байдаг. Манайд мөн энэ хэлбэрээр байж болохгүй юу?

    -Уг нь үйлдвэрээ барихдаа үйлдвэрийн районд барих ёстой гэдэг. Энэ нь манайд жаахан учир дутагдалтай. Хан-Уул дүүрэгт үйлдвэрээ байгуулаад ажиллая гэхэд ажиллах хүч асуудалтай болдог. Төвөөс алслагдсан газар тэр бүр хүн ирж ажиллах боломжгүй. Хэрэв Монголд метро эсвэл дэд бүтэц сайн хөгжсөн бол хол байсан ч хамаагүй 20-30 минут яваад ажилдаа ирнэ.

    Гэтэл өндөр хөгжилтэй орнуудын төвшинд хараахан очоогүй байгаа тул бодит нөхцөлдөө тааруулахаас өөр аргагүй. Тиймээс евро стандарт ярих нь манайд арай эрт байх шиг байна. Одоогийн Монголын нөхцөлд ажиллах хүч, хүний нөөц хаана байна түүнийгээ дагаж үйлдвэржилтээ явуулах болж байна.

    -Бизнес эрхлэгчид жил бүр улсад их хэмжээний татвар төвлөрүүлдэг ч эргээд төр нь бизнесмэнүүдээ харж үзэх нь бага байдаг гэдэг?

    -Энэ тал дээр миний бодол өөр байдаг юм. Монгол хүн бүр үйлдвэрлэл эрхлэх, компани байгуулах эрхтэй. Хэн нэгний дарамт шахалт алга. Тиймээс Засгийн газрын зүгээс хийх ёстой ажлаа хийж байгаа гэж боддог. Улсад их татвар төлж байна гэдэг чинь өөртөө цаанаа их мөнгө хуримтлуулж чадаж байна гэсэн үг. Тэгэхээр их хэмжээний татвар төлж байгаадаа гомдолтой байх шалтгаан байхгүй. Нөгөө талаараа манай үйлдвэр өнгөрсөн жил улсад 110 сая төгрөгийн татвар төвлөрүүлсэн. Мэдээж уул уурхайн том компаниудтай харьцуулахад энэ нь бага мөнгө. Гэхдээ хятад оймс манайд орж ирсээр л байсан бол хэн ч ийм хэмжээний татвар манай улсад төлөхгүй байсан. Монгол оймсны үйлдвэр байхгүй байсан бол 45 хүнийг ажлын байраар хангах боломжгүй. Яг энэ асуудал дээр яагаад жижиг, дунд үйлдвэрийг дэмжих шаардлагатай байгаагийн жишээ гарч байгаа юм.

    -Хятадууд оймсноос эхлээд алдартай брэндүүдийг хүртэл хуурамчаар үйлдвэрлэж байна. Жишээ нь танай оймсыг хуурамчаар үйлдвэрлэн худалдаж байгааг хянах боломж бий юу?

    -Монголчуудын амьд­­ралын 70 хувь нь хар захаас хамааралтай байна. Гар дээрээс наймаа хийж байгаа олон хүн бий. Үүнийгээ дагаад олон хүн бараан захаар үйлчлүүлж байна. Тиймээс Наран­туул зах байгаа цагт хуурамч бараанд хяналт тавих боломжгүй. Харин хүн бүр Нарантуул зах явах шаардлагагүй бол­сон тэр үед буюу олон хүн супермаркетаар үйлч­лүүлдэг болвол асуудал өөр болно гэж боддог.

    -Таны бодлоор ма­найхан оймсоо хэзээ бүрэн үйлдвэрлэдэг болох бол?

    -30-40 жилийн дараа Монгол Улс оймсоо бүрэн үйлдвэрлэдэг болно гэж үздэг. Манайд байгаа оймсны үйлдвэрүүд машиндаа гарсан жижиг эвдрэлийг л засварлаж  байна. Гэтэл том эвдрэл, оймсны дизайнер, хүний нөөцийн байдал гээд цааш нь авч явах урт удаан хугацааны бодлого байна.

    -Бизнес бол өрсөлдөөн. Ялангуяа урд хөршөөс бараа бүтээгдэхүүн их орж ирдэг. Ийм нөхцөлд маркетингийн бодлого, зар сурталчилгаа гол үүрэгтэй юу?

    -Бизнес гэдэг мэдээж өрсөлдөөн. Тиймээс бүтээгдэхүүний чанараараа өрсөлдөх нь чухал гэж боддог. Харин зар сурталчилгааны хувьд заавал рекламдах шаардлагагүй. Хэчнээн сайн гэж сурталчилсан ч монгол, хятад оймсыг хэрэглэж байж л ялгааг нь мэдэрнэ. Тиймээс чанартай бүтээгдэхүүн хийж байгаа бол юунд санаа зовж зар сурталчилгаа хийх хэрэгтэй гэж.

    Чанартай бүтээгдэхүүн хийж байгаа бол юунд санаа зовж зар сурталчилгаа хийх хэрэгтэй.

     

    -Мэдээж бизнес эрхлэхэд тодорхой хэмжээний эрсдэл гардаг. Тиймээс цаашид гарах эрсдэлийн талаар тооцоолж байсан уу?

    -Анх үйлдвэрээ байгуулахдаа энэ талаар тооцоолоогүй байсан. Үйлдвэртээ хэдэн цагийг өнгөрөөх, яг юу хийх, ар гэртээ хэдэн цаг зарцуулах, түүхий эд авахдаа яаж санхүүжилт хийж татан авах, санхүү зардлуудаа нарийн тооцох хэрэгтэй. Энэ бүгд эрсдэл юм. Харин бага зэрэг ху­римтлал үүссэний дараа тоног төхөөрөмжөө ши­нэч­лэх, хүний нөөцдөө анхаарах нь чухал байдаг. Монголын компанийн удирдлагын систем жижиг, дунд үйлд­вэрт таарахгүй. Үйлдвэрийн эзэн өөрөө нягтлан, нярав, харуул, тогооч, ажилчин гээд бүхнийг хийж байж бизнес босдог.

    -Бизнес хийх санаа хаанаас төрдөг юм бол?

    -Юуг дагаж санаа орж ирдэг нь сонин. Мөнгийг дагаж санаа орж ирдэг. Хүн өөртөө байгаа мөнгөнийхөө хэмжээнд юу хийх талаар хайж, бодож эхэлдэг юм билээ. Мөнгөтэй холбоотой нэг зүйл хэлэхэд 20-30 насанд хийсэн нэг цент болгон 40-өөс хойш насанд мянга мянган ам.доллар авчирна гэсэн үг бий. Тиймээс хуримтлал чухал. Хуримтлалтай хүн мөнгөнийхөө хэрээр сэтгэж чаддаг.

    https://www.facebook.com/yanmalmongolia/

  • Сүрэнжавын АРИУНАА- ARIUNAA SURI брэндийг үндэслэгч дизайнер

    Загвар зохион бүтээгч, ARIUNAA SURI брендийг үндэслэгч

    С.Ариунаа нь Герман улсын Бремен хотын урлагийн их сургуулийг загвар зохион бүтээгчээр магистр цолтой суралцаж төгсөөд, Германы тэргүүлэгч брэндүүдийн нэг болох “Evelin Brandt”-д бүтээлч дизайнераар 2 жил ажилласан. 2012 оноос хойш өөрийн ARIUNAA SURI брэндийг бий болгож, тус брендийг олон улсын хэмжээнд таниулан сурталчилж, компанийн үйл ажиллагааг амжилттай удирдан зохион байгуулж байна.

    ARIUNAA SURI брэнд нь байгальд ээлтэй олон улсын стандартыг хэрэгжүүлсэн зах зээлд өөрийн өвөрмөц чиг хандлагатайгаар танигдсан, мөн Монголын экологийн цэвэр түүхий эд болох ноос, ноолуур, савхи болон хонины нэхийг ашиглан урласан төрөл бүрийн хувцаснуудыг дээд зэргийн өндөр чанартайгаар урладаг “Монголын анхны дизайнер брэнд” билээ.

    Амьдралын хэв маяг, хэл, соёл урлаг, загварын үүсэл түүх гээд бүх талаараа эрс тэс өрнө дорнын хоёр ертөнцийн ХООРОНД нууцлаг оршигч, түүнийг суралцагч, ялгааг бүтээлдээ шингээгч – энэ бол ARIUNAA SURI. Үүнийг мэдрэгч түүнчилэн чанар болон дизайны өөр шийдэлийг Хүсэгч худалдан авагч хэн бүхэнд энэ брэнд зориулагдсан болно.

    Бид ARIUNAA SURI брэндийг зах зээлд хөгжүүлэх, таниулах чиглэлээр дэлхийн хэмжээний загварын шоу, PR, маркетингийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж дотоодын зах зээлд хөгжин цэцэглэхийн зэрэгцээ Азид Япон, Орос, Казакстан, Европт Герман, Австри болон Америкийн зах зээлд танигдсаар байна.

    2015/11/14 SNOW 2016 Fashion Show

    “Дархан Минж” ХХК-ийн Европ технологиор боловсруулсан зөөлөн, хөнгөн нэхий нь Монголын Загварын салбарт нэгээхэн шат ахисан үйл явдал болоод байна. ARIUNAA SURI брэнд уг нэхийгээр орчин үед нийцсэн шинэлэг загвар гарган хамтарсан шинэ брэнд бий болж дотоодын болон олон улсын зах зээлд нийлүүлэхээр зорин ажиллаж байна.

    2015/5/28-31-нд Австрийн Грац хотод “Assembly the Design Festival”-д уригдан “Мазаалай” коллекцоороо танилцуулсан.

    2015/4/5-нд ARIUNAA SURI брэндийн нэрийн дэлгүүр, урланг Улаанбаатар хотод нээсэн.

    2014 оны 6- 10 сард “Тютю“ киноны загвар хариуцаж ажилласан ба үзэгч, хэрэглэгч нарын магтаалыг чамгүй хүртсэн ажил болсон.

    2014/7/2-нд ARIUNAA SURI загварын шоуг Испани улсын Ибиза арал дээр зохион байгуулсан.

    Монголоосоо анх удаа 2013 онд Токио хотод “Mercedes Benz Fashion Week” загварын шоунд оролцож, 2014 онд дахин амжилтаа бататгалаа.

    2014 оны 1 сард Сочи Өвлийн Олимпын хувцасыг шинэчлэн гаргаж бэлтгэсэн ба уг ажил нь мөн дэлхийд Монголоо сурталчилсан томоохон ажил болсон юм.

    2013/7/13-нд ARIUNAA SURI 2015 хавар зуны коллекцын загварын шоуг анх удаа Монголд усан дээр тайз засч, мэргэжлийн түвшинд өргөн хэмжээний энтертайнмент шоуг өвөрмөц зохион байгуулсан.

    https://www.facebook.com/ariunaasuri

  • Хумжаагийн Балжинням- Алим нутагшуулагч, алимны аж ахуй эрхлэгч

    Алим нутагшуулагч, алимны аж ахуй эрхлэгч, “Алим” төслийг санаачилагч. Ховд аймаг, Булгам сумын “Жимсчдийн холбоо”-ны тэргүүнээр ажилладаг бөгөөд Монгол орон даяар алим жимс тариалах, дэлгэрүүлэх, цаашдаа Монгол орныг алим жимсээр хангах холын зорилготой ажиллаж байна.

    1960 онд төрсөн. Авто тээврийн инженер эдийн засагч мэргэжилтэй. 2011 оноос алим жимс тариалах ажилд эргэлт буцалтгүй орсон. 8 дахь жилдээ энэ чиглэлээр ажиллаж байна. 2016 онд “Булган голын алим” ХХК байгуулан захирлаар нь ажиллаж байна. Тус компани нь алимны төрлийн мод үржүүлэг, тариалалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Ямар нэгэн дэмжлэг олж чадаагүй бор зүрхээрээ явж байгаа учир үржүүлсэн модныхоо нэг хэсгийг худалдаалж, нэг хэсгийг тариалж, үйлдвэрлэлээ өргөтгөх бодлого барьж ажиллаж байна.
    Миний аав Булган сумын анхны ногоочдын нэг. Хүүхэд нас маань аавын ногооны талбай дээр өнгөрсөн болохоор бүр багаасаа л газартай харьцаж ирсэн нь энэ салбар руу ороход түлхэц болсон. Нөгөө талаар Увс аймгийн “Чацаргана хөтөлбөр”-тэй 2010 онд очиж танилцсан нь орон нутгийн онцлог, давуу талыг ашиглан хөгжиж болохыг харж мэдэрч авсан. Ингээд өөрийн сумын давуу байдлыг ашиглан алим тариалж, ард иргэдийн аж амьдралыг дээшлүүлэх, хот чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг зогсоож болох юм байна гэсэн үүднээс “Алим” хөтөлбөр, төсөл боловсруулан УИХ, Засгийн газар, аймаг орон нутгаар  хөөцөлдөн ажиллаж байна. Өөрөө ч алим жимсний эдийн засгийн үр өгөөжийг тооцож үзсэнээр  төрийн ажлаа орхин, алим тариалах, үржүүлэх, шинээр сорт гаргах, БНХАУ-ын шилдэг сортын алим нутагшуулах чиглэлээр дагнан ажиллаж байна.

    Утас: 99430327. 94140327
    АЛИМ ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА http://creativemongolia.com/mongoldoo-alim-tarialya/

    Ярилцлага унших

    https://www.facebook.com/baljinnyam.khumjaa
    https://www.facebook.com/%D0%91%D1%83%D0%BB%D0%B3%D0%B0%D0%BD-%D0%B3%D0%BE%D0%BB%D1%8B%D0%BD-%D0%B0%D0%BB%D0%B8%D0%BC-%D0%A5%D0%A5%D0%9A-1990572267924765/

  • Гомбын АЛТАНГЭРЭЛ- Зохион бүтээгч

    Зохион бүтээгч, зөвлөх инженер, багш.

    Робот, салхин цахилгаан станц, нарны халаагуур, лабораторийн тоног төхөөрөмж, шинэ загварын монгол гэр, хөгжим, яриа бичих систем, цахилгаан морин хуур, өнгө аялгууны цогц төхөөрөмж, электрон зоопарк зэрэг бүтээлийг зохион бүтээсэн.

    Боловсрол судлалын болон Техникийн ухааны магистр, Монгол улсын зөвлөх инженер. Тэрээр Дархан хотын З р сургуульд физикийн багш, Улаанбаатар хотын Залуу Техникчдийн Ордонд Бага оврын машин зохион бүтээх лаборатори,

    Автоматикийн лабораторийн эрхлэгч багшаар 10 гаруй жил багшилж хүүхэд залуучуудад техникийн сэтгэлгээг хөгжүүлэх тэдний зохион бүтээх авъяас чадварыг олгох,ирээдүйн инженер техникийн ажилтан бэлтгэхэд амжилт гарган ажиллаж байсан байна.

    Тэрээр нар, ус, салхины эрчим хүч ашиглах болон, автоматикийн чиглэлээр 20 гаруй техникийн бүтээл хийж ШБОС ,шинэ бүтээлийн гэрчилгээ авч байсны гадна ОХУ ын Москва, Болгар улсын Пловдив, БНАСУ ын Пьеханян хотуудад болсон олон улсын залуучуудын техникийн бүтээлийн үзэсгэлэнд техникийн бүтээл хийж оролцон шагналт байранд шалгарч байсан.

    Сүүлийн жилүүдэд инноваци, шинэ технологийг нийгмийн салбарт хэрэгжүүлэх зорилгоор ЦЕГ-ын холбооны хэлтэс, ЭМЯ-ны харьяа Эмнэлэгийн тусламжийн удирдах газартай хамтран хөдөө орон нутагт аймгуудын цагдаагийн хэлтэс ,Эрүүл мэндийн газруудын яаралтай дуудлага, мэдээллийн 102, 103 утсанд компьютерийн хяналтын систем, санах байгууламж санаачлан хийж гүйцэтгэсэн байна. 2000-2005 онуудад МУИС болон ШУТИС д сургалтын инженер багшаар, 2005 оноос “Залуу Зохион Бүтээгчдийн Нийгэмлэг”ийн захиралаар ажиллаж байсан.

    БҮТЭЭЛ

    “Тахь” авто картинг Залуу техникчдийн ордны бага оврын машин бүтээх лабораторт бүтээгдсэн

    Монголын анхны Робот “Сансар 102” бүтээл . Сургалт танин мэдэхүйн зориулалттай 1989 онд БНАСУ ын Пьехянан хотод болсон Олон улсын залуучуудын техникийн бүтээлийн үзэсгэлэнгээс шагнал хүртсэн

    1981 онд ОХУ Москва хотод болсон олон улсын залуучуудын техникийн бүтээлийн үзэсгэлэнгийн НТТМ үзэсгэлэнгийн тусгай шагнал.

    2004 онд Монгол улсын Оюуны өмчийн газраас Монгол улсын шилдэг зохион бүтээгч цол тэмдэг хүртсэн. Боловсролын тэргүүний ажилтан

    Ярилцлага унших

    https://www.facebook.com/altangerel.gombo

  • Пүрэвдаваагийн БАЙГАЛЖАВ- Хөгжмийн зэмсэг урлалын мастер

    Морин хуур, монгол хөгжмийн зэмсэг урлалын мастер, монгол өв соёлоо түгээн дэлгэрүүлэгч соёлын зүтгэлтэн. “Эгшиглэн магнай” хөгжмийн үйлдвэрийг үүсгэн байгуулагч.

    1991 оноос Эгшиглэн хөгжмийн зэмсэгийн урлангаа үндэслэн байгуулж, морин хуур, эвэр бүрээ, хийл, ятга, Алтай ятга гэх мэт монгол хөгжмийн зэмсэг урлах арга барилыг хөгжүүлэн олон мянган морин хуур хөгжим урлаж, олон зуун шавь нарыг төрүүлж, монгол хөгжим урлах, үйлдвэрлэн, өв соёлоо дэлгэрүүлэх их үйлсд үнэт хувь нэмэр оруулсан юм.

    Өмнөгөвь аймагт төрсөн. Адуучин айлын хүү. Зургадугаар ангиасаа сургуулиасаа гарч хөдөө адуунд явдаг байлаа. Манайн нутгийнхан их сайхан дуу хууртай хүмүүс байдаг. Олонхи нь морин хуур татдаг байв. Би морьтой ойрхон өссөн болохоор морин хуурыг их бэлгэшээдэг байсан юм. Модоор юм хийх гарын дүйтэй ч байсан. Тэр үеэс морин хуур сонирхож анх 16 насандаа хуур хийж байлаа. Удалгүй цэрэгт явсан. Халагдаж ирээд хөдөө биш төв газар руу орж ирсэн юм. Тэр үед морин хуур, гар урлалаа сонирхож байсан ч Шарын голын уурхайд долоон жил ажиллаж, гэр бүлтэй боллоо. Анхны хүүхэд маань төрөөд гэртээ долоо хоногийн чөлөөгөөр ирээд морин хуур хийсэн юм. Үүнээс хойш заваараа хуур хийдэг болсон. Тэгээд 1989 онд урлаачаараа ажиллахаар Улаанбаатар хотод ирж, Монголын анхны үлээвэр хөгжмийг орчин цагийн сонгодог хөгжим болох хүртэл нь хөгжүүлж ирсэн Монгол Улсын төрийн соёрхолт, нэрт хөгжмийн урлаач Д.Индрээ багшид шавь орж байсан юм. Ингээд эвэр бүрээ бишгүүрийн урлаач гэсэн мэргэжилтэй болсон доо.

    -“Эгшиглэн магнай” ХХК хэдийнээс эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна вэ?

    1991 онд гэр бүлийн хүнтэйгээ нийлж, “Эгшиглэн” хувиараа эрхлэх аж ахуй гэдэг үндэсний хөгжмийн зэмсгийн урлал, худалдааны чиглэлээр үйлдвэрлэл эрхэлж, эхэлсэн. Хувийн бизнесийн маань эхлэл байсан юм. 1990 онд зах зээлд шилжсэнийг дагаж өөрөө бие дааж чөлөөт зах зээлд хүчээ сорихоор шийдсэн. Мэдээж багшаасаа тусгаарлаж ажиллахаар том зориг гаргасан. Эхлээд хоёулхнаа ажиллаж байхад нэлээд хүнд байсан ч 1990 оны дундуур арав, 2000 оны эхээр 20 гаруй ажилтантай болсон. Одоо 50 гаруй урлаачтай ажиллаж байна даа.

    Хөгжмийн зэмсэг урлах хүн асар нарийн мэдрэмжтэй байх ёстой гэдэг?

    -Тэгэлгүй яахав, уйгагүй хөдөлмөрөөс гадна маш их сонирхол, ур ухаан, нарийн мэдрэмжийг харамгүй зарцуулах хэрэгтэй.

    -Танай бүтээлүүдийг голчлон ямар хүмүүс худалдаж авдаг вэ?

    -Ер нь хэрэглэгчид маань, уран бүтээлчид маань хөгжмийн шаардлага хангасан, ерөнхий стандартаар урласан, ур хийц сайтай хуурыг таашаадаг, бид ч захиалагчийн хүсэл сонирхлын дагуу хөгжмөө хийхийг эрмэлздэг. Түүнийгээ дагаад ч манай хуур улам шинэ шинэлэг болж, чанаржиж, хөгжиж байгаа болохоорхувь болон албан байгууллагуудын захиалгыг хамгийн их авдаг. Ялангуяа сүүлийн гурван жил захиалга нэмэгдэж бараг 2000-аад хуур хийсэн байна.

    -Таныг урлагийнхан морин хуурыг өөрчлөхөөсөө илүү уран хийцтэй болгоход анхаардаг гэлцдэг. “Алтан ураг хамтлагийнхны тоглодог “мангас хуур”-ыг таныг бүтээсэн гэдэг. Морин хуурын толгойг “Харийнхан” киноны гол баатрын дүрстэй төстэй болгож урласан гэх яриа бий. Энэ талаар?

    -Тэр жаахан ташаа ойлголт болсон юм. Учир нь “Алтан ураг” хамтлагийнхан харь гаригийн дүрстэй толгойтой морин хуур урлах санал надад тавьсан юм. Гэхдээ би зөвшөөрөөгүй. Учир нь эртнээс дээдэлж ирсэн молор эрдэнийг үл мэдэгдэх дүрсээр солихыг хүсээгүй. Харин би дуугардаг хайрцгийг нь хийж, сүүлд нь модыг нь эсгэж өгсөн. Өөрөөр хэлбэл толгойноос бусдыг нь би хийсэн гэсэн үг.

    -Ер нь хуурыг ямар модоор хийдэг вэ. Бүх мод хөгжим болж дуугарах уу. Таныг модны үндсээр бүтээлээ урладаг гэх юм?

    -Ер нь их гоё хар модны үндэснүүд байдаг л даа. Харин би нэг удаа гадаадаас айргийн хул хийдэг шиг оросоор бол кульон гэдэг европ хөгжим урладаг модны үндсийг авчирч хийсэн хуурыг хүмүүс их олзуурхаж байсан. Учир нь үндсээр хийсэн хуур их үнэ цэнэтэй, бат бөх сайхан хуур болдог. Гэхдээ бид хуураа модны үндсээр хийдэггүй. Яс ярих юм бол бүх мод хөгжим болж дуугардаггүй. Манай урлаачид хуурынхаа ихэнх хэсгийг хус модоор хийдэг юм. За тэгээд гол дуу гаргадаг мод бол мөнх ногоон гацуур мод байдаг ч ховор ургадаг. Харин нарс мод их сайхан дуугарна. Нарсаар дуугардаг хэсгийг урлаж, бусад эд ангийг цагаан хус модоор урлаж байна. Өөр бусад чанартай модыг онцгой тохиолдолд гадаадаас захиж авчирч урлах тохиолдол бас бий.

    Таныг болон танай байгууллагыг олон улсын болон уралдаан тэмцээнд их амжилттай оролцдог гэж сонссон. Тэр тухай ярина уу?

    -Манай улсад Морин хуур урлаачдын анхдугаар уралдаанд 1989 онд хот хөдөөгийн шилдэг 60 урлаач оролцож байлаа. Энэ уралдаанд миний хийсэн хуур анх тэргүүн байр эзэлж байлаа. Үүнээс хойш аж ахуй эрхэлж, шавь нартай болж бас л 2002 онд хоёрдугаар уралдаан, 2007 онд гуравдугаар улсын уралдаанаас удаа дарааллан тэргүүн байрт шалгарч байлаа. 2010 онд мөн шавь нар маань эхний таван байрыг эн зэрэгцэн эзэлж, 2014 онд ч арвин амжилттай байлаа.

    Таны хэчнээн хуур говьд очиж, хичнээн ингэ буйлуулсан бол?

    -Манай олон хуур олон ч ингэ буйлуулж байгаа даа. Яагаад гэвэл манай говь нутаг болон орон нутгуудад бидний хийсэн хуур ихээр залагддаг учраас олон ингэн тэмээг зөөллөж байгаа байх аа.

    -Ингэхэд та хэзээ нутгаасаа гарсан хүн бэ. Нутаг усандаа хэр очдог вэ?

    -Би нутгаасаа 1979 онд цэрэгт яваад л гарсан хүн дээ. Тэндээсээ уурхайчин болж долоон жил Шарын голын уурхайд ажиллаж гэр бүлтэй болж, 1989 онд хотод ирээд тэр цагаас хойш буюу хөгжимчин болсноосоо хойш үе үе нутагтаа очиж, уул усаа эргэж байна даа. Би Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын хойд талд Аягач сангийн далай, Аягач нүдэн гэх гурван усанд Замшанд бригадад бага насаа өнгөрүүлсэн дээ. Миний нутаг бүхий л зүйл нь бүрдсэн малын бэлчээртэй хойд талаараа адууны бэлчээртэй сайхан нутаг бий. Ёстой л өнөөх даага далантай, бяруу булчинтай гэдэг бэлчээр л манай нутагт байлаа даа. Би адуучин аавын хүү. Багадаа чулуун тоглоом тоглож, гоё хэлбэртэй тэмээ морин чулуугаар наадаж тэрийгээ өвөртлөөд л гүйдэг нүүдэг байлаа. Би багадаа хонио хариулна, аргал түүнэ ер нь хонь, тэмээний хүү байлаа. Өөртөө тохирсон жижигхэн ховоотой, худагт уначих гээл ховоо татаж цөөхөн хэдэн адуу байвал усалчихдаг байлаа. За тэгээд л 15, 16 хүрээд л адуунд явдаг, адуу хариулдаг том хүү болж, дүү нарт миний ажил очдог байлаа. Нутаг маань зундаа нууртай, хачин сайхан байсансан.

    -Таны хүүхдүүдээс ажлыг тань өвлөсөн хүн бий юу?

    -Миний хүүхдүүд бүгд л урландаа ажиллаж, аж ахуйн ажил хийж байна. Охин маань урлангийнхаа санхүүг хариуцаж ажилладаг. Харин хүү маань яг хөгжим бол барихгүй байна, аж ахуйн ажилд л оролцож байна.

    Та 20 гаран жил энэ салбарт ажиллажээ. Мэдээж олон шавьтай болсон байх. Та шавь болгож авахдаа ямар нэгэн шаардлага тавьдаг уу?

    -Шавь бол олон байна. Нутаг ус, хамаатан садангийн хүүхдүүд, газар газрын хүүхдүүд байна. Шавь нартаа уйгагүй хөдөлмөрч, нарийн ур ухаан, гярхай, ажилсаг, дээрээс маш хариуцлагатай байхыг л сургаж, зөвлөдөг. Шавь нар маань эхлээд багажаа давтаж л сурдаг даа. Одоогоор гарын 50, 60-аад шавьтай. Зарим нь урлаачийн ажлаа хийж, зарим нь хувийн бизнес хийж байна. Дурдвал, манай нутгийн шавь Д.Даваажав гэж нилээн гарын дүйтэй сайн урлаач маань хувийн компани эрхлэж байна гэх мэтчилэн нас, насны залуус манайд урлаач болохоор зэхэж байна даа. Ер нь шавь нартаа хөгжмөө сайн сонсох сонсголтой, цаашлаад тоглож чадах чадвартай байхыг л шаарддаг даа.

    -Монгол Улсын Ерөнхийлөгч “Монголын нууц товчоо, морин хуураа дээдлэх арлиг гаргасан. Тэрнээс үүдэн айл өрх, албан байгууллага морин хуураа хоймортоо дээдлэх залах болсон. Танайхаас морин хуур авахыг хүссэн хүн хэрхэн, яаж хандаж байх юм?

    -Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарснаас хойш морин хуурын аян, сургалт хаа сайгүй үргэлжилж байна. Манай компанийн хувьд Завхан аймгийн захиалсан 2000 хуурыг урласан нь их амжилт байлаа. Энэмэтчилэн морин хуурыг дээдлэх иргэдийн хандлага сайжирч байна. Аймаг сумдууд 90 жилээ тэмдэглэхдээ 90 хуур, Тавантолгой 50 жилээ тохиодуулж 50 хуур хийлгэнэ гэсэн. Булган аймаг гэхэд л 1000 хуурын аян зарласан байх жишээтэй. Энэ жил UBS телевиз “Хөхөө намжил” морин хуурчдын уралдаан зарлаж, шилдэг 15 хуурчаа үе шаттайгаар шалгаруулах гэж байна, ер нь манайхан нэг үеэ бодвол хуураа хүндэлж дээдлэн залах болсон байна.

    -Сүүлийн үед морин хуур урлаачид стандарттай болох хэрэгтэй хэмээн санал нэгдээд байгаа. Үндэсний өв соёлыг үргэлжлүүлж буй хүний хувьд таны бодол?

    -Ер нь бол өдгөө морин хуур хэрэглээний хувьд амьдралын явцдаа хэмжээ нь аяандаа тодорхой стандарттай болчихсон. Харин хуур яг тийм хэмжээтэй байх ёстой гэсэн хэмжээ заасан албан бичгээр баталсан стандарт бол байхгүй. Ялангуяа мэргэжлийн морин хуур урладаг урлаачдын хуур бол стандарт барьж байгаа. Харин сонирхогчдын буюу бэлэг дурсгалын урлаачдын хуур бол нарийн хэмжээ стандарт төдийлэн байхгүй байна. Ихэнх хөгжим хувирч өөрчлөгдсөөр амьдралын явцад хамгийн сонгодог хэмжээ стандарт дээрээ тогтсон гэдэг.

    -Сүүлийн хормыг танд үлдээе. Танд хойч үе болсон залуусдаа хандаж хэлэх үг байгаа байх?

    -Монгол хүнийг морьгүйгээр төсөөлөшгүй. Тиймээс монгол хүн бүр ялангуяа залуучууд маань морин хуурыг дээдэлж, эрхэмлэн залж, хуураа татаж, өрх гэртээ аялгуу эгшиглүүлж байгаасай гэж хүсч байна.

    Ж.ЭРДЭНЭ

    https://www.facebook.com/baigaljav

    http://www.egshiglen.mn/

    https://www.facebook.com/%D0%AD%D0%B3%D1%88%D0%B8%…

  • Банзрагчийн СУВД

    “Монгол костюмс” ХХК-ны захирал, доктор, профессор

    1963 онд төрсөн

    Намтар:

    Боловсрол :

    Доктор ( Ph.D)Профессор,Киев хотын Хөнгөн үйлдвэрийн Технологийн дээд сургуулийг Хувцасны загвар зохион бүтээгч инженер мэргэжлээр төгссөн.

    Гавъяа шагнал:

    МУ-ын Шилдэг зохион бүтээгч ,Алтан гадас одон, МҮХАҮТ-ын “Шилдэг бизнесмен” хатагтай, “Хийморь” одон,СТХЗ,ССАЖЯ-ны Тэргүүний ажилтан

    https://www.facebook.com/suvd.banzragch

    Анх санаачлан хийсэн ажлууд

    1. Монголын загварын ертөнцийн томоохон наадам болох ГОЁЛ-ыг 1988 оны 12 сарын 5-нд анх санаачлан зохион байгуулсан.
    2. Монголын дизайнеруудын холбоог үүсгэн байгуулах санаачлага гарган анхдугаар их хурлыг 1990 оны 4 сарын 20нд зохион байгуулаж МДХ –г байгуулсан.
    3. Үндэстний хувцас судлалын Академи төрийн бус байгууллагыг 2003 онд байгуулсан.
    4. Монгол үндэсний хувцасны анхны хувцасны музей Монгол костюмс төв нэртэйгээр үндэсний хувцасны амьд загварын үзүүлбэртэйгээр 2004 онд байгуулсан..
    5. 2006 онд Ардынхувьсгалын 85 жил, ИхМонголулсбайгуулагдсаны 800 жилийнойнбаярнаадмыннээлтийн ёслолынаргахэмжээнданхудаа 150-иад хүнийбүрэлдэхүүнтэй Үндэснийхувцастайпарадзохионбайгуулсанньгадаадынтөлөөлөгчдөдмонгол үндэснийхувцасныгайхамшигийгхаруулжсурталчилж чадсанмаштомаргахэмжээболж чадсанюм.
    6. Монголын загварын ертөнцөд дизайнер зохион бүтээгдийн бүтээлч санааг уран тод харуулах Театр Мода загвар үзүүлбэрийг анх санаачлан 2004 онд Монголын олон үндэстэн ястан, 2005 онд Монгол хурим, 2006 онд Эзэнт гүрэн, 2007 онд Эжий бурхад, 2009 онд Үлэмжийн чанар, 2011 онд Монгол хувцасны нууц товчоо театрчилсан загвар үзүүлбэрүүдийг гадаадын олон хот аймгууд, олон нийтэд толилуулсан.
    7. Монгол хувцсаа зөвхөн дотооддоо төдийгүй дэлхийд тархсан монголчуудтай хамтран судлах, сурталчлах, түгээн дэлгүүрүүлэх зорилгоор Дэлхийн Монгол туургатны хувцасны холбоо олон улсын төрийн бус байгууллагыг 2005 онд байгуулж ОХУ-ын Буриад, Тува, Халимаг, БНХАУ-ын Өвөр Монголын уран бүтээлчид, судлаачдыг нэгтгэж чадсан томоохон байгууллага болсон. Жил бүр хамтарч Гайхамшигт монгол хувцас фестивалийг зохион байгуулж байна. 2004 онд ОХУ-ын Буриадад ,,Торгон зам,, 2006 онд Өвөр Монголд ,,Цагаан сүлд,, 2009 онд ОХУ Халимагт ,,Етно фестиваль,, 2010 онд ,,Тагна Урианхай,, нэртэйгээр хамтарсан загварын тоглолтуудыг амжилттай зохион байгуулсан.
    8. Монгол хувцасны түүхэн хөгжлийг харуулсан эрт эдүгээгийн хувцсыг түүх, археологийн судалгааны үндсэн дээр тулгуурлан бүтээж англи, монгол тайлбартайгаар 2006, 2011 Зохиогчийн эрхийн гэрчилгээ 2524 онуудад хэвлүүлсэн нь монгол хувцасны түүхийг дэлгэсэн уран бүтээл болж чадсан. Үүний зэрэгцээгээр Монголын үндэстэн ястануудын байршлыг дүрслэж харуулсан Монгол орны газрын зураг 2006 онд 2525 дугаартай зохиогчийн эрх авсан.
    9. Монгол хувцсаа аялал жуулчлалын гол нэрийн бүтээгдэхүүн болгох зорилгоор 2007 онд Дээлтэй Монгол фестивалийг анх санаачлан 7 сард баяр наадмын үеэр зохион байгуулсан нь өнөөдөр бүх нийтийг хамарсан өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалт наадам болсон. Барааны тэмдгийн гэрчилгээ 7330 онд авсан.
    10. Монгол костюмс төвөөс жил болгон гаргадаг монгол үндэсний хувцас бүхий цаг тооны хуанли, “Монголхувцас” илзахидлынбагццувралууд Бүтээгдэхүүний загварын патент 1494, Монгол хувцас хөзөр Зохиогчийн эрх 2523, “Хэнньхамгийн хөөрхөнбэ” хүүхдийн буддаг ном Зохиогчийн эрх Дугаар 2007131, зэрэг бүтээлүүд ньмонголынолон үндэстэнястаныхувцасыг хүүхэдбагачуудадтаниулах, монгол үндэснийхувцасныгайхамшигтбаялаг өв уламжлалыгзалуухойч үедээ өвлүүлэн үлдээх, дэлгэрүүлэхэд зохих хувь нэмрээ оруулснаас гадна монголчуудын соёлын өв болох монгол хувцсаа гадаадад сурталчилдаг брэнд бүтээгдэхүүн болсон.
    11. 2010-2012 онуудад ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвд монгол хувцасны соёлыг бүртгүүлэхээр бичиг баримтыг боловсруулж илгээж улмаар 2012 оны 6 сарын 4 нд Монгол улс ЮНЕСКО-д элссэний 50 жилийн ойн үеэр “Монгол хувцасны нууц товчоо” театрчилсан тоглолтыг өөрсдийн хүчээр амжилттай зохион байгуулсан.

  • Б.Даваажаргал

    baigalam брэндийг үндэслэгч, органик зөвлөх.

    Сүүлийн 3 жилийн хугацаанд органик хэрэглээ, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг судалж Korean aroma international designer сургуулииг дүүргэж сургагч багшийн гэрчилгээ авсан. Тэрээр органик хэрэглээг Монголдоо түгээх зорилгоор органик гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр сургалт, зөвлөгөө, байгалийн охь болох эфирийн тос ашиглан өөрт тохирсон ЦОРЫН ГАНЦ үнэртэнээ урлах, эфирын тосны үнэр, үйлчилгээ сэтгэл зүй, эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар сургалт тогтмол зохион байгуулдаг.
    Baigalam органик брэндийг үүсгэн байгуулсан. 2018 ондХан-Уул дүүргийн шилдэг 5 гарааны бизнесээр шалгарсан.
    Үндэсний онцлох брэндүүдийн нэгдэл Creative Gallery тай тогтмол хамтран ажиллаж байна.

  • Сүхбаатарын Тунгалаг- Нэрт агрономич, сургагч багш

    Нэрт агрономич, хүлэмжийн аж ахуй, агротехнологийн сургагч багш, зөвлөх. High Garden органик цайны брэндийг үндэслэгч.

    Сүхбаатар аймгийн Баруун-урт суманд 1964 онд төрсөн.

    Тэрээр Монгол орны нэн ховор, ховор ургамлын үрийн генофондыг хамгаалах, баяжуулахад идэвхийлэн зүтгэж Урал чихэр өвсийг тарималжуулсан төдийгүй уул уурхайн нөхөн сэргээлт, аймгуудад мод ургамал үржүүлгийн бааз байгуулах ажилд үнэт хувь нэмэр оруулсан нэрт агрономич, хүлэмжийн аж ахуй, үрсэлгээ, агротехнологийн боловсролыг 5,000 гаруй хүнд олгож Монгол Улсад өрхийн аж ахуйг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж чадсан хөдөлмөрч багш юм. 
    “УРГАДАГ УУРХАЙ” санаачилгыг анхлан гаргасан.

    БОЛОВСРОЛ, МЭРГЭШСЭН БАЙДАЛ

    1972- 1982 он Сүхбаатар аймгийн 10 жилийн дунд сургууль

    1982- 1984 он ХААДС-ын малчин залуусын бэлтгэл анги

    1984- 1989 он ХААИС-д Агрономич

    1996 он ХААИС-д магистрийн зэрэг хамгаалсан

    2000 он ЮНЕСКО-гийн “Сурч амьдаръя” төслийн орон нутагт албан бус боловсролын багш бэлтгэх сургалт

    2000 он БСШУЯ-ны “Албан бус боловсролын төв”-д зайны сургалтын сургагч багш бэлтгэх сургалт

    2000- 2005 он Баянхонгор аймагт Албан бус боловсролын гэгээрлийн төвийг  бий болгоход албан бус боловсролын сумын арга зүйч багш, явуулын багш нарыг үе шаттайгаар бэлтгэх сургалтыг зохион байгуулсан.

    2005 он АДРА- Монгол ОУБ-ын “Хүнсний  аюулгүй байдлыг хангах нь” хөтөлбөрийн “Өрхийн тариалан” санаачлага төслийн сургагч багш бэлтгэх сургалт

    2013 он МСҮТ-ын ЧССХөтөлбөр боловсруулах сургагч багш бэлтгэх сургалт

    АЖЛЫН ТУРШЛАГА

    1989- 1990 онд Сүхбаатар аймгийн АДХГ Захиргаанд ерөнхий агрономич

    1990- 1994 онд  ШУА-ийн Ботаникийн хүрээлэнгийн харьяа Говийн Ашигт Ургамал Тарималжуулах Эрдэм шинжилгээний станцад Эрдэм шинжилгээний ажилтан

    1994- 1996 онд Баянхонгор аймгийн Ойн аж ахуйд ойн инженер

    1996- 2000 онд ШУА-ийн харьяа ГАУТЭШҮ-ийн станцад эрдэм шинжилгээний ажилтан

    2001- 2005 онд Баянхонгор аймгийн Боловсрол Соёлын төвд Албан бус боловсролын арга зүйч

    2004- 2009 онд Баян хонгор аймагт эрдэнэшишийн тариалан эрхэлж байсан.

    2005- 2009 онд Баянхонгор аймаг дахь АДРА- Монгол ОУБ-ын орон нутгийн ажилтан

    2009- 2017 онд “Хонгор Говь” ТББ-ын тэргүүн

    2011- 2017 онд “Асрал” ХХК-д Ерөнхий агрономич

    2018 оноос “Аз бут” ТББ-ийн тэргүүн

    ОЛОН УЛСЫН ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРТ ХАМТРАН АЖИЛЛАСАН ТУРШЛАГА

    2001- 2004 онд ЮНЕСКО- ийн хэрэгжүүлсэн “ Сурч амьдаръя” төслийн ажилтан

    2003 онд Английн хүүхдийг ивээх сангийн санхүүжилтээр “Хөдөлмөр- Боловсрол- Хүүхэд” төслийн удирдагч

    2008 онд НҮБ-ийн ДДБОС-гийн ЖТХ- ийн санхүүжилтээр “Урал чихэр өвсийг тарималжуулах” төслийн удирдагч

    2010 онд Байгаль Шинэчлэл төслийн уралдаанд оролцож “Урал чихэр өвсний тархац нөөцийг тогтоон нутгийн иргэдийн оролцоотойгоор хамгаалах” төслийн удирдагч

    2014- 2015 онд АНУ-ын Азийн сангийн “Байгаль орчныг хамгаалахад талуудын оролцоог нэмэгдүүлэх нь II” төслийн хүрээнд бичил уурхайгаар эвдэрсэн газрын техникийн болон биологийн нөхөн сэргээлийн аргачлал боловсруулахад биечлэн оролцож, нөхөн сэргээлтийн зөвлөх

    2014 онд Бичил уурхайгаар эвдэрсэн газрын техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг Баянхонгор аймгийн Жаргалант сум-5га, Галуут сум-5га, Баян-овоо сум-5га, Говь Алтай аймгийн Есөнбулаг сум- 30га, Сэлэнгэ аймгийн Мандал сум 3га, Дорноговь аймгийн Айраг суманд 10га-д хийлгэхэд биечлэн оролцсон.

    2015 онд Бичил уурхайгаар эвдэрсэн газрын техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Нэмэхт ууланд 10га, Сэврэй суманд 10га талбайд аргачлалын дагуу гүйцэтгэсэн.

    2016 Азийн сангийн “Байгаль хамгаалахад талуудын оролцоог нэмэгдүүлэх нь II” төслийн хүрээнд Ногоон ажлын байр бий болгох төслийн зөвлөх. Төслийн хүрээнд, Ховд аймгийн Алтай суманд ”Нутгийн ургамлын үрийн бааз сан”-г 1га талбайд, Баянхонгор аймгийн Баянхонгор сум, Өмнө говь аймгийн Гурван тэс суман тус тус нутгийн ургамлын үржүүлгийн 1га талбай бий болгосон.

    СУДАЛГААНЫ АЖИЛ

    “Үнэгэн сүүлхэй лидрийн агро- биологийн үндэс “дэд сэдэвт “Урал чихэр өвсний үндэсний ургац нэмэгдүүлэх нь“ дэд сэдэвт судалгааны ажлыг амжилттай гүйцэтгэсэн. Монгол орны урал чихэр өвсний нөөцийг шинэчлэн тогтоосон. Монгол орны модлог ургамлын үрийн генофондыг хамгаалах, ховор ховордсон ургамлын үрийн генофондыг хамгаалах чиглэлээр судалгааны ажлыг 28 жил хийсэн.

    Эрдэм шинжилгээний өгүүлэл, бүтээл ном товхимол 10 гаруйг бичсэн. “Говийн ховор ховордсон ургамлыг нутагшуулан тарималжуулах“ дэд сэдэвт судалгааны ажлыг амжилттай гүйцэтгэн 58 ургамлын аргазүйг боловсруулан бичсэн.

    Баянхонгор аймгийн 2000- 2005 онд Албан бус боловсролын 6 хөтөлбөрийн судалгааг хийсэн.

    2014 онд Тэжээлийн ургамалын тариалан эрхлэх

    2016 онд Бичил уурхайн биологийн нөхөн сэргээлт хийх аргачлал боловсруулах

    2016 онд Монголын нөхцөлд хамгаалагдсан хөрсөнд жилийн дөрвөн улиралын турш тариалах боломжтой гүзээлзгэний сорт гаргах

    СУРГАЛТЫН ТУРШЛАГА

    Өвлийн хүлэмжний аж ахуй эрхлэх, барих, хүлэмжинд хүнсний ногоо тариалах арга аргачлалын талаар сургалт, экологийн боловсрол олгох телевизийн нэвтрүүлгүүдэд тогтмол оролцдог. Байгаль орчны чиглэлийн мэргэжлийн түр сургалт, зөвөлгөө тогтмол хийж ирсэн. Сүүлийн 1 жилийн хугацаанд мэргэшүүлэх болон түр сургалтанд оролцсон байгуулага, иргэдээс дурьдвал: JCS ОУБ, Дэлхийн зөн ОУБ, АДРА- Монгол ОУБ, НҮБ-ын дэргэдэх ЖТ хөтөлбөр, Оюу-толгой ХХК, Таван богд ХХК, Толгойт ТББ, Хан- уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, Өмнөговь аймаг, Баянхонгор аймаг, Сүхбаатар аймаг, Төв аймаг, Өвөрхангай аймаг, Дархан Уул аймаг, Баянгол дүүрэг, Налайх дүүргийн иргэд.

    2014 оны 4 сарын 10-с 5 сарын хугацаатайгаар ойжуулагч, цэцэрглэгч, хүлэмжийн аж ахуйн мэргэжил олгох сургалтыг явуулан 18 мэргэжилтэй ажилтан бэлтгэсэн.

    НЭН ХОВОР, ХОВОР УРГАМАЛ ТАРИМАЛЖУУЛСАН ТУРШЛАГА

    1990 онд Баянхонгор аймгийн Богд сумын нутаг дахь ШУА-ийн Говийн ашигт ургамал тарималжуулах Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн станцын ЭША С.Тунгалаг нь анх удаа хайрган хөрсөн дээр 58 ургамлыг тарималжуулан нутагшуулах ажлыг хийсэн.

    1990 онд анх удаа Урал чихэр өвсийг 3 дэд сэдвийн хүрээнд туршлага судалгааны ажлыг хийсэн. Өнөөгийн байдлаар 120га талбайд таримал Урал чихэр өвс ургаж байна.

    ГАВЪЯА ШАГНАЛ

    2005 онд Монгол Улсын Байгаль орчны тэргүүний ажилтан цол, тэмдэг

    2007 онд НҮБ-ын Махатма  Гандигийн нэрэмжит хүмүүнлэгийн шагналтан шагнал хүртсэн. (Хөдөөгийн иргэдийг боловсоржуулан амьжиргааг дээшлүүлэхэд оруулсан хувь нэмрийг үндэслэн)

    2016 онд МБОИЗ-ийн дээд шагнал “Ногоон од” цол тэмдэг

    2017 онд Төрийн дээд “Алтан гадас” одонгоор шагнуулсан

    tungaa_khongorgobi@yahoo.com

    https://www.facebook.com/agron…

  • А.Чимэд-Очир- Monline спорт хувцасны үйлдвэрийг үүсгэн байгуулагч

    Monline брэнд 21 аймгийн салбартайгаа нийлээд сард ойролцоогоор 800-­900 сая төгрөгийн орлого олж байна. Гэхдээ энэ бол бага тоо. Үүний цаана илүү том зах зээл байгаа юм.

    Хуульч, орчуулагч, менежер, эдийн засагч, нягтлан бодогч, маркетингийн мэргэжилтэй хүн монголоор дүүрэн болчихож. Тэгсэн хэрнээ юм бүтээдэг хүн алга. Жишээ нь оёдолчин ажилд авъя гэхээр олддоггүй. Эсгүүрчин бол бүр олдохгүй. 

    Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн биеийн тамирын хувцасны зах зээл тэр чигээрээ нээлттэй байна. Тиймээс монгол хүний хувиа бодсон, арчаагүй зангаа хойш тавьж, энэ зах зээлийг хятадуудаас булаах л ёстой байхгүй юу.

    Monline компанийн захирал А.Чимэд-Очиртой спортын хувцас үйлдвэрлэлийн зах зээлийн талаар ярилцлаа. Нэг үеэ бодвол дотоодын үйлдвэрүүд энэ зах зээлд хүч түрэн орж ирсэн ч ихэнх мөнгө урд хөрш рүү урссан хэвээр байгааг тэрбээр ярилцлагадаа онцолсон. Нэг ёсондоо спорт хувцасны зах зээлд боломж нээлттэй байгааг А.Чимэд-Очир захирал хэлэхийг хүссэн юм.

    МОНГОЛЧУУД СПОРТЫН ХУВЦАС ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН 50 ХУВИЙГ Л ДӨНГӨЖ ЭЗЛЭЭД БАЙНА

    -Та энэ салбарт хөл тавиад найман жил болжээ. Тухайн үед спорт хувцасны зах зээлийн нөхцөл байдал, өрсөлдөөн ямархуу байв?

    -Би уг нь тэс өөр мэргэжлийн хүн. Өмнө нь 14 өөр салбарт бизнес хийж үзсэн. Анх намайг энэ салбарт орж ирэхэд Монгол дахь оёдлын үйлдвэрүүдийн ихэнх нь татан буугдсан, мэргэжилтнүүд нь өөр чиглэлээр ажилладаг, зарим нэг нь байрны хонгилд өмдний түрий хасах гэх мэт жижиг хэмжээнд үйл ажиллагаа явуулсан байдалтай л байлаа. Гэтэл зах зээл нь Монголд байгаад байдаг. Тиймээс энэ салбарт хүчээ сориод үзье гэж шийдсэн юм. Ер нь талх сайн барьдаг хүн талхны цехийн захирал байх албагүй. Харин талх сайн барьдаг хүнийг ажиллуулж чаддаг хүн талхны цехийн захирал байх ёстой юм. Зах зээлийн өнөөгийн хэллэгээр энтрепрёнер гэх юм уу даа. Ер нь 11 жилийн өмнөөс төлөвлөж, хоёр, гурван жилийн турш судалгаа хийж байгаад орсон. Хувцас бол хүний байнгын хэрэглээ. Гэвч энэ хэрэгцээг Монголын үйлдвэрүүд огт хангаж чаддаггүй, ихэнхийг нь Хятадын зах зээл эзэлчихсэн байна. Ингээд эхний ээлжинд спорт хувцас үйлдвэрлэж үзэхээр шийдсэн. Учир нь байгууллага бүр дотроо тэмцээн зохион байгуулдаг. Энэ бүгдэд нэгэн ижил өмсгөлөөр жигдрэх шаардлагатай. Сүүлийн үед монголчууд Эрээнээс авчирсан чанар муутай өмсгөлийг голох хандлагатай болсон шүү дээ. Тэр ч утгаараа зах зээл нь байгаа юм. Мэдээж спорт хувцас ноосон биш, дөрвөн тийшээ сунадаг байх ёстой. Тиймээс дэлхий нийтээрээ спорт хувцсыг нийлэг эдээр хийдэг юм байна гэх мэтийг судалгаа хийх явцдаа олж мэдсэн. Өмнө нь дөрвөн тийшээ сунадаг материал гаргаж аваагүй үед спортын хувцас том, хэлхгэр байж. Харин одоо материалын “ааш” зөөлөрч, үүнийгээ дагаад бие барьсан, загварлаг хувцас үйлдэрлэх боломж бүрдсэн. Нийлэг материал гэхээр манайхан элдэв хуванцар ашиглаж хийсэн, хүний биед хортой эд гэж ойлгодог. Үнэ хямд тийм материал байх нь байна. Харин Adidas, Nike-ийн ашиглаад байгаа тийм материалыг Гуанжоуд үйлдвэрлэж байна. Хүн спорт хувцас өмсөөд идэвхтэй хөдөлгөөн хийхээр хөлөрдөг. Хөлөрснөөс болоод арьсны нүхнүүд онгойно. Түүнд нь ямар нэгэн химийн бодис орчихвол маажуур загатнаа үүсэхээс эхлээд янз бүрийн сөрөг үр дагавартай. Тиймээс дэлхий нийтээрээ спортын хувцасны материалд шинжлэх ухааны үндэстэй хандаж, хүний биед сөргөөр нөлөөлөхгүй байх тал дээр маш их анхаардаг болсон. Энэ мэт шат давааг туулсаар үйлдвэрээс нь /Гуанжоу/ бараагаа татаж, хувцсаа үйлдвэрлэж эхэллээ. Тухайн үед Монголд “Төмөр трейд”, “Сомо” зэрэг хэдхэн үйлдвэр ажиллаж байв. Энэ хэд нь өмнөх ажлаа барддаггүй. Тэд нийт зах зээлийнхээ тавхан хувийг л хангаж байсан. Ингээд ажиллаад эхэлтэл манайх бас ачааллаа дийлэхээ болилоо. Манайх орж ирээд бүрэн хүчин чадлаараа ажиллаад ч нийт зах зээл дэх монголчуудын эзлэх хувь 10 л болж байгаа юм. Үлдсэн 90 хувь нь бас л хятадуудад үлдсэн. 

    -21 аймагт салбар нээх санаа эндээс төрсөн үү?

    -Тийм ээ. Үйлдвэрүүд байгуу-лагдаж байгаа ч ачааллаа дийлэхгүй болохоор ийм том зах зээлийг монголчууд хуваан эзэлж, хятадуудын эзлэх хувийг багасгаж болохгүй гэж үү хэмээн бодох болсон. Ингээд 21 аймгийн төлөөллийг урьж, өөрийнхөө зардлаар долоо хоногийн сургалт зохион байгуулж, энэ үеэрээ техник тоног төхөөрөмжөө хэрхэн ажиллуулахаас авахуулаад спорт хувцас яаж үйлдвэрлэх бүх процессоо зааж өгсөн. 21 аймагт салбартай болно гэхээр “Энэ нөхөр баахан газарт салбар нээгээд уул овоо шиг ашиг олох нь” гэж хүмүүс боддог. Гэтэл би эднээс нэг ч төгрөгийн ашиг аваагүй. Зүгээр л монголчууд нийлж хятадуудад алдаад байгаа 90 хувийн зах зээлийнхээ нэг хэсгийг ч атугай эзэлж явъя гэж бодсон юм. Энэ нь манай үйлдвэрт ч ашигтай байлаа. Учир нь бараа таталтын хэмжээ бага болохоор шууд авч чадахгүй, хүнээр дамжуулдаг байв. Дунд нь ченж ороод ирнэ гэдэг төлбөр нэмэгдэнэ гэсэн үг. Ингээд 21 аймаг бүгд нийлээд материалаа татахаар ченжээр дамжуулах шаардлагагүй болсон. Нэг кг даавуунаас таван юань хэмнэнэ гэдэг асар их хэмнэлт байхгүй юу. Ингэснээр Monline нэрийн үйлдвэрүүд бүгд нэг стандартаар, нэг материалаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх боломж бүрдсэн. Тэгсэн хэрнээ дөнгөж 30 хувиа л базаж эхэлж байгаа юм. “Төмөр трейд” зэрэг бусад үйлдвэртэйгээ нийлээд шүү дээ. Үлдсэн 70 хувь нь бас л хятадуудын мэдэлд хэвээрээ. Бид гаднынхнаас зах зээлээ харамлаагүй байж бие биедээ боломж олгохоос татгалзах ёсгүй биз дээ. Тиймээс бусдадаа боломж олгох үүднээс сошиал, хэвлэл мэдээллээр спорт болон чөлөөт хувцасны зах зээл, үйлдвэрлэлийн горим, арга барил бүхнээ харамгүй зааж, сурталчилж эхэлсэн. “Зах зээл нь байна, боломж байна. Та нар хүрээд ирвэл дэмжиж туслахад бэлэн байна, арга замыг нь заагаад өгье” гэх зэргээр их сурталчилсан. Нэг ёсондоо загас барих аргыг бусдадаа зааж өгөөд байна шүү дээ. Үүний үр дүнд манайхаас зөвлөгөө авч, салаалсан долоон компани бий болсон. Эндээс цааш салбарласан, өмнө байсантайгаа нийлээд зөвхөн Улаанбаатар хотод 30 шахам спортын хувцас үйлдвэрлэлийн компани бий болоод байна.

    -Ингэж салбарлаад зах зээлийнхээ хэдэн хувийг эзэлдэг болов?

    -21 аймаг, гурван хот, Улаанбаатарт 30-аад үйлдвэртэй болсон хэрнээ манай ажил багасаагүй. Бид бүгд нийлээд зах зээлийнхээ дөнгөж 50 хувийг л эзэлж аваад байна. Яахав, нэг үеэ бодвол байгууллагуудын спорт арга хэмжээний хувцсыг манайхан дотооддоо үйлдвэрлээд байна. Гэтэл үүний цаана ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн биеийн тамирын хувцасны зах зээл тэр чигээрээ онгорхой байна. Миний ажлыг булаачих вий гэсэн монгол хүний хувиа бодсон, арчаагүй зангаа хойш тавьж, энэ зах зээлийг хятадуудаас булаах л ёстой байхгүй юу.

    МИНИЙ ЗОРИЛГО ТОМ ҮЙЛДВЭРТЭЙ БОЛОХ БИШ

    -Энэ зах зээлд төчнөөн төгрөг эргэлддэг гэсэн багцаа тоо гаргах боломжтой юу?

    -Би энэ тоог гаргадаг хүн биш, зүгээр л бусдадаа боломж олгосон оёдлын үйлдвэрийн захирал. Ямар ч байсан ажлын ачааллаа дийлэхгүй болохоор зах зээл байна гэдгийг л мэдээд байгаа юм. Харин Monline брэнд 21 аймгийн салбартайгаа нийлээд сард ойролцоогоор 800-900 сая төгрөгийн орлого олж байна. Сард бараг тэрбум төгрөг гэсэн үг. Гэхдээ энэ бол бага тоо шүү. Үүний цаана илүү том зах зээл байгаа юм. Сагсны эрэгтэй, эмэгтэй баг хувцас захиалахад 12 өмсгөлөөр бодоход 660,000 төгрөг болно. Гэтэл манай нэг үйлдвэр өдөрт 4-5 багийн хувцас гаргаж байна.

    -Нэгэнт ачааллаа дийлэхгүй байгаа юм чинь үйлдвэрээ өргөжүүлье гэж боддог уу?

    -Хүн хүний мөрөөдөл, зорилго өөр байдаг байх. Миний зорилго бол том үйлдвэртэй болох биш. Хүнд мөнгөөр худалдаж авдаггүй аз жаргал зөндөө байдаг юм. Тиймээс би орлогын хязгаараа тогтоочихсон. Манай Улаанбаатар дахь салбар 15 ажилчинтай. Тэднийхээ цалинг тавьж, бусад бүх зардлаа хасаад сардаа 3-5 сая төгрөгийн ашиг олж байвал надад хангалттай. Ажлаа дарамт багатай хийж, чөлөөт цагаараа фитнесст явж, гэр бүлтэйгээ аз жаргалтай амьдармаар байна шүү дээ. Зарим нэг нь “Би тэдэн хүний ажлын байр бий болголоо. Ингэж хөдөлмөрлөж байхад улсаас дэмжсэнгүй” гэж ирээд л гомдоллодог. Яг үнэндээ улсаас дэмжлэг горьдох биш, дор бүрнээ хичээгээд явахад Монголд сайхан амьдарч, бизнес хийж болж байна шүү дээ. Бизнес хийж, үйлдвэрлэл эрхлэхэд Монгол шиг сайхан газар хаа байна. Социализмын үед, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаар хүмүүжсэн хүмүүс улсаас янз бүрийн юм нэхээд байдаг. Гэтэл зах зээл чинь тэс өөр нийгэм шүү дээ. Одоо бүх бурууг төр засагт үүрүүлчихээд ажил хийхгүй, гомдсон хүмүүс олшроод байх шиг санагдах юм. Эцсийн эцэст хэн амьдрах гээд байгаа юм бэ гэдгээ бодолцох ёстой. Аль ч нийгмийн үед ажилсаг хүн л сайхан амьдардаг юм.

    -Одоо 21 аймгийн салбар бас л ачааллаа дийлэхгүй байна уу?

    -Бас л ялгаагүй. Бид дотоод сүлжээтэй, түүгээрээ долоо хоногт хоёр удаа хуралддаг юм. Гэтэл “манай ажлыг танайх хийгээд өгөөч, бид амжихгүй байна” гэсэн үгс дотоод сүлжээнд хамгийн их байдаг юм.

    -Хэн нэгэн хүн энэ зах зээл рүү зориглоод орохоор бол юунд анхаарах ёстой вэ. Үйл ажиллагаагаа эхлүүлэхэд хэдий хэр хөрөнгө шаардлагатай бол?

    -Оёдлын салбарын нэг гоё юм байдаг юм. Учир нь оёдлын үйлдвэр ямар ч стрессгүй, тоног төхөөрөмжөө нэг л удаа авна. Мэдээж машин, тоног төхөөрөмжүүд шинэчлэгдэж байдаг л даа. Гэхдээ оёдлын машины үндсэн үйлдэл өөрчлөгддөггүй юм. Тиймээс техник, тоног төхөөрөмж хоцрогдчихно гэж санаа зоволтгүй. Намайг компьютерийн худалдаа эрхэлдэг байхад аль болох хурдхан зарж дуусгахгүй л бол үзүүлэлтүүд нь хоцрогдож, үнэ цэн нь багасаад бүр хэнд ч хэрэггүй болох ч үе байсан. Харин оёдлын салбарт даавуугаа оруулаад ирсэн байхад 10 жил болсон ч үнэ цэнтэй хөрөнгө хэвээрээ байдаг. 15 хүнтэй спортын хувцасны үйлдвэр байгууллаа гэж бодъё. Үйлдвэрийн байрны үнэ өртгийг хэлэх боломжгүй. Тухайн хүн хотын аль хэсэгт, хэчнээн метр квадрат байр түрээслэх нь тодорхойгүй шүү дээ. Харин тоног төхөөрөмж, бараа материал авах 10 сая төгрөгтэй байхад энэ бизнес рүү орчихно. Ер нь хийе, бүтээе гэвэл эрэлт, худалдан авагч нь байна. Манайхны зарим нь сургуулийн хүүхдийн спорт хувцас руу орж эхэллээ. Зарим сургууль үндэсний үйлдвэрлэлээ дэмжих нь зөв гээд маш сайхнаар хүлээн авч байна. Гэвч зарим нь хүчээр хувцас шахах нь гэх мэтээр эсэргүүцдэг.

    -Бид зах зээлээ тэлэхийн тулд яах ёстой вэ?

    -Ажилла, хөдөлмөрлө гэж л хэлмээр байна. Ажилд хүн авъя гэхээр ирэх хүн байдаггүй. Тэгсэн хэрнээ ажилгүйчүүдийн тоо их хэвээр. Дандаа дээд сургуулийн дипломтой ажилгүй залуус. Ялангуяа монголчууд “агаарын” мэргэжил маш их эзэмшиж байна. Хуульч, орчуулагч, менежер, эдийн засагч, нягтлан бодогч, маркетингийн мэргэжилтэй хүн Монголоор дүүрэн болчихож. Тэгсэн хэрнээ юм бүтээдэг хүн алга. 15 ажилчинтай манай үйлдвэрт гэхэд би өөрөө нягтлангаа хийчихдэг. Манайд маркетингийн менежерийн хэрэг алга. Эдийн засагч, хуульч хэрэггүй. Шаардлагатай бол хуулийн зөвлөгөө өгдөг газарт хандчихаж болж байна. Тэгсэн хэрнээ оёдолчин олддоггүй. Эсгүүрчин бол бүр олдохгүй. Энэ бүхнийг улс бодлогоор зохицуулах ёстой байх. Гэхдээ улсын бодлого гээч зүйл бүх юман дээр гажчихаад байна даа. Анх оёдлын үйлдвэрээ байгуулахдаа 45-аас дээш насны хүмүүсийг ажилд авна гэж зар тавсан юм. Угаасаа хүний нөөцөө ингэж бүрдүүлнэ гэж төлөвлөж байлаа. Яагаад гэвэл бэлдсэн залуучууд алга. Харин социализмын үед бэлтгэгдсэн мундаг хүмүүс насаараа гадуурхагдаад ихэнх нь ажилгүй, зарим нь манаач, үйлчлэгч хийсэн байдалтай байна. Тиймээс 45-аас дээш насны хүнийг ажилд авна гэсэн зар тавьсны дараа маш олон хүн утасдаж, долоохон хоногийн дотор багаа бүрдүүлсэн.

    МИНИЙ МӨНГӨ ГУАНЖОУД ОЧИХ БИШ, МОНГОЛДОО ҮЛДЭЭСЭЙ ГЭЖ ХҮСЭЖ БАЙНА

    -Жижиг, дунд бизнес эрхлэхэд төрийн зүгээс зөвшөөрөл, бичиг цаас, татварын дарамт их үзүүлдэг гэж ярьдаг. Таны бизнест ийм зүйл мэдрэгдэж байна уу?

    -Хүмүүс ингэж яриад байдаг юм, ямар юмных нь дарамт байх вэ дээ. Хийх хүнд боломж их байдаг, хийхгүй хүнд шалтаг мундахгүй гэсэн үг байдаг даа. Яг үүнтэй адилхан. Мэдээж зарим нэг салбарт татвар, зөвшөөрөл, лиценз гээд янз бүрийн дарамт ирдэг л байх. Харин манай оёдлын салбарт харьцангуй гайгүй шүү. Нийгмийн даатгал, мэргэжлийн хяналтаас шалгалт орж ирэлгүй яахав. Гэхдээ харьцангуй наанатай цаанатай харьцана. “Танай энэ чинь болохгүй байна, тэд хоногийн хугацаа өгье. Шийдсэн байгаарай” гэх мэтээр уян хатан болсон байна лээ. Би өөрөө Оёдлын холбооны Удирдах зөвлөлд багтдаг юм. Энэ холбоог байгуулсан цагаас хойш ганц л зүйлийг хэлсээр ирсэн. “Манай холбоо төр засгаас ямар нэг зүйл нэхэх биш харин бүх оёдолчдод тулгараад байгаа асуудлыг төр засаг, харьяа яаман-даа гаргаж тавья, ажиллах хөр-сөө эрүүлжүүлэх боломжийг бий болгодог болмоор байна” л гэдэг. Жишээ нь мэргэжилтэн бэлдэх хүний нөөцийн асуудал байна. Мөн Хятадын зах зээлд их хэмжээгээр хийсэн ижил төрлийн бүтээгдэхүүн Монголын хилээр ямар ч татваргүй ороод ирдэг. Харин энд бараа материалаа авахаас эхлээд байрны түрээс, цахилгаан, нийгмийн даатгал, татвар гээд дагалдаж гарах зардал асар их. Гэтэл иргэн Дорж Хятадаас 1000 ширхэг хувцас ямар ч татваргүй оруулж ирээд зарахаар өрсөлдөх чадвар харилцан адилгүй болчихоод байгаа юм. Тиймээс Монголдоо үйлдвэрлэж байгаа ижил төстэй бараанаас гаалийн татвар бүрэн авдаг болооч ээ гэсэн хүсэлт тавиад байгаа юм.

    -Та нарын хийж чадахгүй зүйл байна уу?

    -Энэ салбарт материал буюу даавуугаа л хийх үйлдвэр хомс байна. Бусад бүх юмаа өөрсдөө хийнэ. Нэг үеэ бодвол сурагчийн формын ачаар даавууны үйлд-вэрүүд өндийгөөд эхэлсэн. Гэтэл дотооддоо үйлдвэрлэсэн даавуугаар формоо хийхгүй, урдаас оруулж ирээд байна. Үнэн арчаагүй байгаа биз. Уг нь тэдэнд захиалга өгч, ачаалал нь нэмэгдэх тусам ашигтай ажиллаж, үнэ нь хямдарна шүү дээ. Сурагчийн форм хийж буй бүх үйлдвэр дотоодын үйлдвэртээ даавуугаа захиалчихвал хэн хэндээ ашигтай байгаа юм. Манайх даавууны утас хийж байгаа үйлдвэрүүдэд “Надад манай энэ материалтай дүйцэхүйц материалтай даавуу хийгээд өгөөч. Тэгвэл би өөрийн үйлдвэр, 21 аймгийн бүх салбартайгаа нийлээд захиалья” гэсэн санал тавьчихаад байгаа. Хэрэв ингэвэл миний мөнгө Гуанжоуд очих шаардлагагүй болж, Монголдоо үлдэх юм. Ийм байдлаар бид нэг нэгнээ бага гэлтгүй дэмжиж байж үндэсний үйлдвэрлэл хөгжих учиртай. Хэрэв манайх бусдадаа бо-ломж олгоогүй бол спорт хув-цасны үйлдвэрлэл Монголд ингэж хөгжих байсан эсэхийг хэлж мэдэхгүй юм. Монголчууд энэ зах зээлийнхээ ядаж 40-50 хувийг эзэлж, энэ олон хүн ажил, орло готой болгож байна гэдэг бидний хамгийн том шагнал юм.

    http://www.monline.mn/
    https://www.facebook.com/Monline-%D1%81%D0%BF%D0%BE%D1%80%D1%82-%D1%85%D1%83%D0%B2%D1%86%D0%B0%D1%81-141091039396932/

    Эх сурвалж: Засгийн газрын мэдээ

  • Цэвээн-Очирын САНЖЖАВ

    БльюМон группын үүсгэн байгуулагч, Ерөнхийлөгч. Монгол Улсад зочилох үйлчилгээний салбарт шинэ жишиг тогтоох, монгол менежментийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан.

    http://bluemon.mn/

    ЯРИЛЦЛАГА УНШИХ

    Ц.Санжжав: Бид эх орноороо овоглочихоод муу явж болохгүй

    Хөх монголын нэгэн үр сад өнөөдөр үл үзэгдэгч гараар зохицуулагдаж байдаг уудам Монголын уужим зах зээлд өөрийн бизнесийн орон зайгаа хэдийнэ олчихжээ. Энэ бол  миний л ойлголт шүү. “BlueMon” группийн захирал, 1000 орчим ажилтантай олон салбар компанийг удирдаж буй захирал Ц.Санжжавын амьдралын хүрдэнд зочиллоо. Түүний хэвлэлд өгсөн ярилцлага, мэдээллийг ойрмогхон лав би олж үзээгүй. Нууцлаг хүн мэт санагдавч нүүр тулж уулзаад илэн, далангүй яриатай монгол эрчүүдийн нэг шиг санагдлаа. Улаанбаатар хотын зүрхэнд сүндэрлэсэн “BlueMon” шилэн урлангаар өдөртөө олон хүн орж, гардаг байх. Энэ бүтээл, бүтээгдэхүүний эзний бизнесээ босгосон түүх заримд нь хичээл, заримд нь шинэ санаа, хүүхэд, багачуудад ирээдүйгээ төсөөлөх жишээ ч болохыг үгүйсгэхгүй болов уу. Монголчууд аливаад авч гээхийн ухаанаар хандаж, юм үзсэн хүнээс үг дуулж, ном үзсэн хүнээс үнэн мөнийг лавлаж, өөрийн хийгээд өрөөлийн аж байдлаас аятай сайхныг нь амьдрал ахуйдаа шингээж биеэ засч суралцдаг. Ц.Санжжавын “Амьдралын тойрог”-т та бүхэн морилон саатна уу.  

     -Сайн байна уу та. Сар шинэ сайхан болов уу? 

    -Сайхан даа. Дэлгэр Монголын маань Цагаан сар айл бүрийн хойморт баяр, жаргалыг дуудаж, хүн бүрийн сэтгэлийг тэнийлгэдэг, энх мэндийн хадгаар мэндчилж золгодог сайхан уламжлалтай. Сар шинэ өргөн дэлгэр сайхан боллоо. 

    -Таныг нэг л нууцлаг эрхэм шиг санадаг, би. Учир нь би тэгсэн, манай бизнес ингэж боссон гэх мэтээр ярьж хэвлэл, мэдээллийн хэрэгслээр  нэг их гарч байсныг санахгүй байна. Тиймээс нууцаасаа жаахан дэлгээч, болох уу? 

    -Би өөрийгөө нууцлаг хүн гэж бодохгүй байна. Би хэнээс ч нуугдаагүй. Байдгаараа л байгаа. 

    -Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонины урилгыг хүлээн авсанд  баярлалаа. Ажаад байхад, Монголоор овоглосон компаниуд салбартаа одтой яваад байх шиг ээ. Нэрэнд учир байна уу, эсвэл ямар нэг шалтгаан бий юу, таны хувьд? 

    -Өвөг, дээдэс маань Монгол гэсэн нэрийг санамсаргүйгээр бидэнд үлдээгээгүй байх. Монголоор овоглосон бол компани сайн явах учиртай. Нэрийн үнэ цэнэ, ач холбогдлыг бодохоор өндөр хариуцлага үүрэх учиртай. Хэнийг ч гэсэн хүсэл тэмүүлэл нь өндөр хариуцлагад хөтөлдөг байх. Монголчууд маань эртнээс нааш хөх тэнгэрийг шүтдэг. Хөх монгол, тэнгэрийн монгол, далай шиг монгол гэх мэтээр өргөн утгаар нь ойлгож болно. Мон гэдэг нь монгол хэл бүрддэг эхний үе. Үгийн язгуурын агуулга нь эв нэгдэл, нягтрал гэсэн утгатай тул товчлоод тэгж нэрлэсэн  хэрэг. Бид эх орноороо овоглочихоод муу явж болохгүй, сайн, сайхны төлөө тэмүүлэх ёстой. Эх орныхоо төрийн далбааг Монголын маань алдартнууд тэнгэрт мандуулдагтай ижил их хүндлэл гэж ойлгодог. 

    -Бүжигчин хүн бизнес эрхлээд өнөөдрийн энэ өндөрлөгт яаж, хэрхэн хүрэв. Таны бизнесийн зам дардан байгаагүй байх. Бүгд л унаж босч, зовж, жаргаж байж хүссэн зүйлийнхээ үзүүрээс атгадаг байх? 

    – Хөгжим бүжгийн дунд сургуульд суралцаж монгол ардын бүжгийн ангийг дүүргээд Ардын дуу бүжгийн чуулгад бүжигчнээр орж амьдралын гараагаа эхлэж байлаа.Миний амьдралын мөч бүр биеээ таньсан түүх байх гэж би боддог. Биеэ танивал хүн, бэлчээрээ мэдвэл мал гэж монголчууд ярьдаг. “Өөрийгөө таньсан хүнд амьдрал юуны даваа вэ. Өдөн дэвлэгээт шувуунд өндөр нь юуны даваа вэ” гэж үг бий. Надад урлагийн айхтар авьяас, байгалиас заяасан онцгой өгөгдөл байгаагүй. Бүжигчний цалингаар амьдрал маань босохгүй, би гэр бүлээ тэжээж чадахгүй байхад хэчнээн алт, мөнгөн тайзан дээр бүжээд хэрэг байна уу. Хагас сарынхаа цалинг хүүхдийнхээ долоо хоногийн сүүнд өгчихдөг байлаа. Цагаан сараар гурван шил архи аваад л дуусдаг цалинтай. Дан ганц надад ч бус тухайн үеийн зах зээлийн нийгэм маань олон хүний аж амьдралыг өгсүүлж, уруудуулж сануулга өгч байсан биз ээ. Хажуугаар нь манай мэргэжлийн онцлог эрт, ёстой л цэл залуугаараа тэтгэвэрт гардаг. Тэр үед намайг ямархуу ирээдүй хүлээж байгаа вэ гэж бодогдсон. Насандаа суулаа гэхэд үсрээд л нэг газрын жижүүр, манаачийн ажил олдоно. Их сайн явлаа гэхэд нэг газрын дуу, хөгжмийн багш болох ирээдүй хүлээж байсан. Урлагт хайртай хэдий ч “баяртай” гэж хэлээд явсан хүн тэр үед мөн ч олон байх шүү. Би ажилдаа очихоо больсон. Аав маань намайг огт загнаагүй. Юу ч дуугараагүй. Би айлын том хүүхэд шүү дээ. 

    -Дурлаж сонгосон ажил, мэргэжил эсвэл зүйлээ хүн тийм хялбар орхихгүй байх. Урлагийнхан өвөрмөц сэтгэлгээтэй, их л дэврүүн улс. Та “Баяртай тайз минь” гэж хэлээд шууд явчихаж чадсан уу? 

    -Яалаа гэж. Хоёр жил хэртэй шаналж, дотор хүнтэйгээ нэлээн тэмцэлдсэн, ухаан бодлоосоо урлагаа арчиж хаяж чадахгүй явсан. Ажилдаа алаг цоог ирэн, очин явсаар түр мартагнасан байх. 

    -Та ажилгүй болчихлоо. Юу хийе гэж бодов? -Удаан бодлоо. Хүмүүс наймаа хийгээд байна. Найз нөхөд, ах, дүү нараасаа гайгүй наймаа хийдгийг нь хайж, дагалдаж сурахаар явсан. 

    -Тэр үед бүгд Эрээн рүү явж гахай үүрдэг байсан. Та хаашаа явж наймаа хийв? -Хятад-Оросын хооронд бараа зөөсөн. Наймаа хийж Орост явж байхдаа буудуулж үзлээ. Гааздуулж, дээрэмдүүлж явлаа. Тэр үед хоёр хөрш маань зах зээлийн нийгэмтэй тулгараад бас л хөл, толгой нь олдохгүй явсан. Наймаанд явахаар их юм болно. Нэг удаа галт тэргэнд гэнэт том, том биетэй залуус орж ирээд хажуугийн купейг нь дээрэмдээд эхэлсэн. Дөрвөн хархүү дээр хэн орж ирэх вэ гэж бодсон. Тэгсэн хэрнээ юмыг яаж мэдэх вэ гээд хаалганы бариулыг боогоод сэрээгээр хөшиж эргүүлээд байтал гэнэт тас гээд л биеэр сум нэвт гарчих шиг болсон. Буудуулаад ойчих гэтэл сум биеэр ороогүй ч юм шиг. Тэрхэн зуурт амьсгаа авч болохгүй хоолой боогдоод л. Цонх онгойлгоод толгойгоо гаргатал агаарт улам цохиулдаг юм байна. Газан буугаар буудуулаад үхэх гэж байгаа хэрнээ бас хэдэн төгрөгөө хөнжил дотроо нуугаад  байгаа шүү. /Хөхрөв/ Хүнтэй ч харилцах чадваргүй болчихсон хэвтэж байтал азаар дээрэмчид яваад өгсөн. Хоёр жил орчим ингэж явсны эцэст хоёр мянган ам.доллартай болчихжээ. Тэр үеийнхээр гурван өрөө байрны мөнгө гэсэн үг. Дахин наймаагаа хийсээр таван мянган ам.доллартай болоод “би энэ замаар явах хэрэггүй юм байна” гэж шийдээд өнөөдрийн эрхэлж байгаа бизнесийнхээ эх суурийг тавьсан. 

    -Таны эрхэлж буй бизнесийг харж байхад нийтийн хоол үйлдвэрлэлээр түлхүү ажиллаж байна. Танай сүлжээ ресторанууд энэ зах зээлд нэлээн амжилттай ажиллаж байх шиг. “Шөлөндө” гэхэд л ямар ч зар сурталчилгаа цацахгүй хэрнээ үйлчлүүлэгчээ татсан хэвээр байна. Хүмүүсийн дуртай тэр шөлний амтыг гаргаж ирэх санааг яаж ургуулав? -Шөлөөр цадаж, төлөөр баяждаг гэж монголчууд маань хэлэлцдэг. Би өөрөө шөлөнд дуртай. Будаатай, гурилтай шөл идчихмээр байдаг. Гэтэл тийм хоол гуанз, ресторанд алга. Манайх тэр үед “The Bull”-ийг нээчихсэн байсан. Дунджаас дээш орлоготой хүмүүс нэлээн ордог. Хүн бүр үйлчлүүлээд байдаггүй нь анзаарагдсан. 2008 онд байхаа, бяцхан хямрал гэгч болсон юм. Хүмүүс гуанзны хоол авах чадваргүй нь харагдаж, хоол ер нь үнэтэйдээд байсан. Тухайн үед хүмүүсийг хараад би нэг зүйлийг мэдэрсэн. Амттай хэрнээ гэдэс нь цадчихдаг, бас хямдхан шөлтэй хоол байвал болох юм байна гэж бодогдсон. Дээр нь монгол хүмүүс ер нь л шөлтэй хоолонд, тухайлбал гурилтай, будаатай шөлөнд илүү дуртай. Монголд хүйтний улирал удаан үргэлжилдэг. Тиймээс хүмүүст шөлтэй хоол санал болгоё. 4-5 төрлийн шөл байна. Түүнийг дагалдсан хэдэн төрлийн хоол, хачир байлгая. Тухайн үеийн гуанзнуудаас үнэ нь хямд байх зарчмыг барьсан. 

    -Таны энэ төсөл хэр амжилтанд хүрэв. Төсөөллөө биелүүлж чадсан уу? -Анх төсөөлж байсан амжилтаас илүү гарсан. Одоо байгаа боломжийг 100 хувь гэж үзвэл бид 20 орчим хувийг нь ашиглаж байсан. Бид өөр олон төсөл хэрэгжүүлж түүндээ сатаараад боломжийг жаахан орхигдуулсан тал бий. 

    -Сүлжээ хоолны ресторан, бусад охин компани гэх мэтээр танайх олон айл, олон өрхийн аж амьдралд их, бага гэлтгүй нэмэр болдог. Ажлын байраа цаашдаа нэмэгдүүлэх тооцоо, санаа байна уу? -Манайх 850 гаруй ажилтантай. Манай ажилтнуудын цэцэрлэгээс сургуулийн насны 400 гаруй хүүхэд бий. 850 айл, гэр бүлийн ирээдүйд манай компани бага ч болов эерэг нөлөө үзүүлж ирлээ. Энэ тоо бага хэдий ч цаашдаа улам өсөх байх. Ирээдүйн Монголын иргэнийг бий болгоход бид өөрийнхөө зохих хувь нэмрийг оруулж байгаа гэж санаж, дотроо бяцхан өег явдаг. Гэргий маань намайг бизнес хийхэд хурцалж өгсөн. 

    ГЭРГИЙ МААНЬ НАМАЙГ БИЗНЕС ХИЙХЭД ХУРЦАЛЖ ӨГСӨН

      -Бизнес нь амжилттай яваа, хүчирхэг эрчүүдийн цаана түүнээс ч илүү хатан ухаантай бүсгүй байдаг гэж хүмүүс ярьдаг. Таны бизнесийг цэцэглэхэд услаж, тордон хөгжүүлэхэд гэр бүлийнхэн тань багагүй хувь нэмэр оруулсан байх. Тэднийг танилцуулахгүй юу? -Манай гэр бүлийн хүнийг Н.Оюундарь гэдэг. Гэргий маань намайг бизнес хийхэд хурцалж өгсөн хүний нэг дээ. Бид арван жилийн сурагч байхдаа анх танилцаж, үерхэж байгаад гэрлэсэн. Бид эрт амьдрал зохиож, залуухан аав, ээж болж байлаа. 

    -Залуухан аав, ээжид алдаа, оноотой зүйл бий биз. Амьдралд бэлэн биш. Дээр нь зах зээлийн нийгэм эхэлчихсэн. Дутагдах, гачигдах зүйл гардаг байв уу? -Манай хүн угийн элдэв маяггүй, амар хүн шүү дээ. Будаг шунх, хувцас хунарт сэтгэл алдарч түүртэж яваагүй. Амьдралд бөхийхгүйг хичээж, бусадтай адилхан хөдөлмөрлөж, заримдаа үеийнхнээсээ илүү чөлөө, завгүй ажиллаж энэ амьдралыг босгосон. Энэ чанар  нь ар гэрээ арай ядан авч яваа надад зөндөө тус нэмэр болсон шүү. Дөнгөж бизнес эрхлээд хэдэн төгрөгтэй болж байхад ч мөнгө нэхэж, элдвийг надаас хүсдэггүй байсан, хөөрхий. Эргээд харж байхад эмэгтэй хүн, эхнэр хүн ямархуу байх ёстойг өөрийнхөө амьдралаас олж харж байх жишээтэй. Тийм даруухан байсан ч юмуу эсвэл тэр нь гэр бүлийн хүмүүжилтэй холбоотой ч байж мэднэ. Ийм түшигтэй, ухаантай, хүлээцтэй эхнэртэй байхад би мөнгийг босголгүй яахав дээ. Зарим хүнийг харж байхад олсноосоо илүү ихийг зарах гэдэг. Энэ хорвоо дээр есөн шидийн зан ааш, үйлдэлтэй хүн байдаг ч бие биедээ хэрэгтэй цагт түшиг тулгуур болж, харц, ухаан, амьдралын үнэн мөнөөрөө нэгнийгээ нөхдөг болов уу. Адгийн тэнэг эхнэрээ магтдаг гэдэг үг өнөө цагт тохиромжгүй болсон юм шиг. Биеэ даасан ертөнцийг үзэх үзэлтэй, амьдралын аливаа ажилд туршлагатай, чадалтай Монгол эмэгтэйчүүдийг магтаж, урамшуулж, зүлгэж өнгө оруулж байх ёстой.  

    -Мөнгийг олсноороо үрэх биш хэмнэж, гамнаж, үржүүлж, хуримтлуулж байж  хөрөнгөтэй болдог гэдэг. Таны хувьд мөнгөн хуримтлалаа хэрхэн өсөгсөн бэ?   -Бид нэг удаа урд хөршид явж байлаа. Тэр үед Бээжинд 1-2 юанийн үнэтэй автобус явдаг байв. Хоёр юанийн автобус ирэхээр нь би суух гээд ухасхийтэл манай эхнэр намайг сугадан хойш татаад “Хоёулаа нэг юанийнхад сууя л даа” гэсэн. Сонсоход жижигхэн жишээ боловч айл, гэр бүлд өдөр бүр тохиолддог, байдаг л зүйл. Нэг юанийн автобус хүлээгээд зогсоход нь тухайн үед би дургүйцэж л байсан. Мөнгөө ингэж хэмнэсэн хэрнээ өөртөө юу ч авахгүй. Тэр нь хань, ижлээ дэмжиж байгаа нэг хэлбэр юм. Оюундарь тав тухыг сонгоогүй ч эргээд бидэнд жижиг гэлтгүй хуримтлалын үндсийг ингэж тавьсан байх.  Өөрийнхөө  ухаан, өвгөдийнхөө сургаалиар зөв чиглэж яваа гэргийгээ би хүслээр нь л байлгадаг. Тэр л бидний жаргал юм даа. Гэр бүлийн хоёр хэчнээн их хайр сэтгэлд шатаж байлаа ч нэгнийхээ орон зайг мэдэрч, “Би” гэсэн ертөнцийг нь ойлгож, үзэл бодлыг нь хүндэтгэдэг байгаасай. Би санаснаа сэтгүүрдэж ажил хэрэг болгож, эхнэр маань хүслээрээ ажиллаж, өмнөө том зорилго тавин ажиллаж, амьдарч байна. Хүссэнээрээ байж, дуртай зүйлээ саадгүй хийхээс өөр жаргал, эрх чөлөө хүнд байгаа гэж үү. 

    -Ер нь эмэгтэйчүүд нөхрөөсөө хайр халамж нэхэж, тэгсэнгүй ингэсэнгүй гэж урваганах амьдралд байдаг л зүйл. Таны хувьд яаж хандаж байсан бэ? – Чи тэгэх ёстой, намайг ингэх хэрэгтэй, чи тэгсэнгүй, тэр тэгчихлээ гэж манай хань гомдоллодоггүй. Ар гэрийн амьдралыг нуруундаа түүртэлгүй чимээгүй үүрчихнэ. 

    ЭНЭ БОЛ ЗӨВХӨН ЭХЛЭЛ 

    -Эрхэлж байгаа ажил чинь амжилттай болж, бизнес санаанууд чинь хүссэн үр дүндээ хүрчээ. Хүсч байсан өндөрлөг, оргилдоо хүрсэн үү? -Энэ бол өндөрлөг биш. Зөвхөн эхлэл. Томоохон бизнесмэнүүдэд миний одоогийн нөхцөл байдал “хөөрхий дөө дөнгөж эхэлж байна” гэж харагдана. Харин дөнгөж гарааны бизнесээ эхлүүлж байгаа улсад өндөрлөг мэт харагдаж мэднэ. Амьдрал өдөр бүр шинээр эхэлдэг, бизнест хүрэх оргил гэж байхгүй. Хүний, ялангуяа их хотын хэрэгцээ гэдэг хязгааргүй. Түм түжигнэж бум бужигнасан зах зээлийн нийгэмд олон хүний өмнө хариуцлага хүлээж байгаа гэж бодохоор өндөрлөг өөд биш, харин урагшаа тэмүүлж явах учиртай. 

    -Бизнес санааг баяжуулж, биежүүлж бүтээгдэхүүн болгоход “сайн монгол толгой” хэрэгтэй байх. Та толгойтой залуусыг компанидаа хэр уруу татдаг вэ? -Аль алинаас нь шалтгаална. Ялангуяа би өөрөө номер нэг байхын тулд толгойгоо цэнэглэх хэрэгтэй. Тэгэхгүй бол тэр залууст гологдоно. Нийгэм маань ямар хурдтай хөгжиж байгаа билээ. Удирдагч хүн л мундаг залуусыг ойлгож эргэж хариу урвал үзүүлж нэгдэн ажиллах байх шүү. 

    – Өөрийгөө бизнесийн ухаанд яаж сургав. Зарим хүн их мундаг сургуулийн нэр хэлсэн, олон диплом цуглуулсан хэрнээ шальтай ажил хийдэггүй. Таны хувьд ? -Амьдрал намайг сургаж байна. Янз бүрийн чадалтай хүмүүсийн байр суурь, гүйцэтгэх үүрэг бүгд өөр л дөө. Эрхий хурууны үүргийг чигчий хуруу хийж чаддаггүйтэй адилхан. Долоовор хурууны үүргийг эрхий хуруу гүйцэтгэж чадахгүй байна гээд тайраад хаяж болохгүй биз дээ. Хаана ч харилцан биенийхээ ажил, үүргийг нөхдөг механизм хэрэгтэй. Манай ажилтнууд тэр нь мундаг, энэ нь муу гэхээс илүүтэй бүгдээрээ чухал. Дарга, захирал нь манлайлагч, сайн байж гэмээ нь ажилчид нь ч дутахааргүй гялалзаж, сайжрах ёстой. Хэн нэгнийхээ чаддаггүй зүйлийг нөгөөх нь нөхөөд хийчихдэг байя. Чиний, миний чадахгүйг тэр чаддаг байвал, өө болж байна, энэ л өнөөдрийн ажлын бүтэмж шүү. 

    -Хүн бүрт ажлын хийгээд бизнесийн өөрийн гэсэн жор, зарчим бий. Таны хувьд бизнесийн алтан зарчим юу бол? -Эрдмийн дээд нь эв. Эрхмийн дээд нь эх гэж нэг үг бий. Яагаад эрдмийн дээд нь эв юм бэ гэхээр таны, миний, тэр хүний чаддаг зүйл эвлээд ирэхээр эрдмийн дээд болдог. Дан ганц нэг талын мэдлэгт суурилж явбал өрөөсгөл, дутуу ажил болно биз. 

    -Та урлагт хайртай гэдэг нь “Bluemoon art” уран зургийн галлерейгаас харагддаг. “BlueMon” шилтгээнд тун аятайхнаар галлерейг шигтгэсэн. Үүдээр ороод ирэхээр цаанаа нэг л өөр. Эрхэмсэг, тухтай, содон аялгуутай. Амсхиймээр, гайхалтай зургуудад уусмаар аятайхан орчин цогцолсон байдаг. Урлагийн мэдрэмж энд яваад байх шиг? -Урлаг миний амьдралд тохиолдсон, таарсан, хийсэн бүх ажилд хэрэг болж улам өөр өнгө аясаар хөглөдөг. Энэ чинь л хүмүүний амьдралын туулаад өнгөрсөн эерэг зүйл эргээд, бидний аж амьдралд сайн сайхнаар хэрэгжүүлж, хэлбэржүүлж болдгийн илрэл. Энэ галлерейг 2012 оны арванхоёрдугаар сард анх байгуулсан. Өнгөрсөн хугацаанд уран зургийн үзэсгэлэн хийгээд урлагийн чанартай 170 гаруй арга хэмжээг манай галлерей зохион байгуулсан. Хэдийгээр өөрийнхөө таашаалын дагуу хийсэн ажил хэдий ч бусдын хүндлэл, сонирхолд нийцэж олон түмэнд тоогдож байвал сайн хэрэг. 

    -Таны өрөөнд хүндтэй байр эзэлсэн морин хуур, төгөлдөр хуур зэргийг хараад урлагаас бүр мөсөн явчихаагүй нь анзаарагдаж байна. Эдгээрийг та өөрөө тоглодог уу? -Ажлын зав, чөлөө­гөөр багшаараа морин хуур заалгадаг юм. Бас төгөлдөр хуур заалгадаг.   

    -Аав тань таны хүсэл мөрөөдөл, амьдралын сонголтыг тань хүндэтгэсэн харагддаг.  Та харин хэр аав бэ. Хүүгээ ямар хүн болох, ямар мэргэжил эзэмших талаар сургааль айлддаг уу? -Миний хүү бусдын адил аав, ээжийн амьдралын үргэлжлэл, бидний хайртай үр удам. Бид хүүдээ тэг, ингэ гэж зааж, бодлоо тулгадаггүй. Би өөрийнхөө аав шиг хүүдээ хандсан. Сонголт хийх боломжийг нь өөрт нь үлдээсэн. Чиний удам ямархуу юм бэ. Ямар чадвартай хүмүүс байна сайтар бод. Тэр олж авсан бодлоосоо чи өөрийн дуртай зүйлээ хий гэсэн. Би хүүгээ заавал тийм хүн бол гэж албадахгүй. Өөрийн чадвараа мэдэхгүй хэрнээ хүсэлдээ хөтлөгдөөд буруу тийш хазайгаад явчих тохиолдол байдаг. Хүслээ нэгдүгээр тавьж болохгүй. Чи өөрөө ямар удам угсаатай хүн бэ гэдгээ бодож үзээд сонголтоо  сайн торд гэдэг. Өөрийн дуртай, зөв гэж бодсон зүйлээ хий. Энэ бизнесийг чи заавал авч явах албагүй гэдэг. Би бол миний хүү амьдралаас сургуулиа ол гэдэг. Би өөрөө тэр замыг туулаад ирсэн учраас хүүдээ амарчилж, дөтлөх ухаан зааж байгаа нь тэр. Харин ээж нь өндөр боловсрол олгодог сургуульд явуулмаар байна гэдэг юм. -Хүү тань ямар сонголт хийв? -Энэ бизнесийг цааш нь авч явахаар шийдэж байх шиг байна. Бизнесийн эдийн засаг, менежмэнтээр их сургууль төгссөн. Хүү маань миний замаар явах сонирхолтой харагддаг. 

    -Бизнесийн чиглэлээр мэргэшсэн хүүгээ хэр тоож байгаа вэ? -Залуу хүн учраас надаас давуу тал олон бий. Ажил, амьдралын туршлага бага учраас  зарим дутагдалтай зүйл бий. -Таныг хараад байхад ажлаас ховхордоггүй хүн шиг. Гэр бүлийхэндээ хэр цаг гаргадаг вэ? -Би Оюундарьд нэг их цаг гаргаад байдаггүй юм байна. Хоёр биенээ ойлгодог учраас хаа сайгүй, утга учиргүй хэлхэлдээд явдаг ч нас өнгөрчихөж. Би хамаг байдгаа Оюундарьд зо­риулж ирсэн. Гэр бүлээ тэжээх, бизнесээ өргөжүүлэх гэдэг маань нэг талаараа түүний төлөө хийж байгаа ажил юм. Би биеэ засаад гэрээ засчихлаа. Одоо Монгол Улсынхаа хөгжлийн төлөө өөрийгөө зориулах ёстой. Эргээд харж байхад сүүлийн жилүүдэд улсынхаа бүтээн байгуулалтын төлөө ар амьдралаа зориулчихсан л явна. Иймээс л надад эхнэр маань гомдол хэлдэггүй байх. Энэ бүхэн эцэстээ эхнэр, гэр бүлээ дэмжсэн ажил болж байгаа учраас толинд харж байгаа мэт нэгнийгээ ширтээд суух цаг, зөв алга. Би юу хүсч мөрөөддийг хань маань мэдэж байгаа. Намайг ямар мөрөөдөлтэйг Оюундарь мэдэж байгаа. 

    БИЕ БИЕНИЙХЭЭ ЕРТӨНЦИЙГ ХҮНДЭТГЭДЭГ

    1989 он  -Хамтын амьдралын тухай хүмүүсийн ойлголт их өөр.  Өнгө, мөнгө, элдэв арга, саамаар амьдралын нэг өдрийг худал чамирхлаар дүүргээд байх шиг. Таны хувьд хамтын амьдралыг юу гэж тодорхойлох вэ? -Хамтын амьдрал миний хувьд өөр зүйл байдаг. Өөрийн хүслээ нөхөртөө тулгадаггүй. Та нөхөртөө хайртай бол хүслээр нь байлга. Би эхнэртээ хайртай учраас үзэл, бодлыг нь хүндэт­гэдэг. Түүнээс би ингэх гээд байна, чи тийм байх ёстой гээд байвал тэс хоёр өөр бие яаж нэгдэн уусах билээ. Минийхээр бол, гэр бүлийн хоёр нийлж байгаа ертөнцөөрөө нийлээд, ангид санаагаа өөртөө хадгалж, сонир­хол, хүслээрээ байх ёстой. Оюундарийнхаа хүслийг би дэмжих ёстой.  Миний хүслийг тэр ойлгож, дэмжээд ирсэн. Ойлголцлын нэг суваг байхад тусгаарлах олон сэжим, санаа байж болно. Бид ямар нэг хэв­энд цутгасан дүрс биш шүү дээ. Бие биенийхээ ертөнцийг хүндлээд амьдрах учиртай. 

    -Дээр асууя гэж байгаад таны яриаг таслаад яахав гээд өнгөрөөчихлөө. Би Санжжавтай ярилцах гэж иртэл хүмүүс таныг Чингис захирал гэж дуудах юм. Хоёр нэртэй хүн үү? -Хоёулаа миний нэр мөн. Зарим хүн энэ одоо өөрийгөө Чингис гэж төсөөлж, тэгж дуудуулдаг гэсэн яриа сонсогдож байлаа. Аав минь намайг энэ хорвоод мэндлэхэд өгсөн нэр нь Чингис. Юу бодож ингэж нэрлэснийг ааваасаа асуух ухаан байсангүй. Урлагийн сургуульд ороход Хөгжим бүжгийн сургуулийн захирал, багш нар маань аавд зөвлөсөн юм гэнэ лээ. Чингис гэдэг цуст яргачин, харгис хүний нэрээр танай хүүхэд тайзан дээр бүжиглэнэ гэдэг болохгүй. Манай сургуульд суралцуулмаар байвал нэрийг нь соль гэж шууд тулгасан. Энэ бол тэр хүмүүсийн буруу биш. Тухайн цаг үе, нийгмийн байдлаас болсон хэрэг л дээ. Манай ээжийн нэг лам ах надад Санжжав гэдэг нэр хайрласан юм билээ. Өнөөдрийг хүртэл би шинэ нэрэндээ дасаагүй. Чингэс гэж дуудуулж явна. Тэр үед нэр солих нь асуудалгүй шууд бүтсэн гэнэ лээ. Сургуульд Санжжав гэж нэрээр дуудаад бүрт­гэхээр “юу билээ гээд хэзээ хойно, өө энэ чинь нээрээ би шүү дээ” гэдэг байсан. Одоо хүртэл би Санжжав нэрэндээ дасаагүй шүү. Бичиг барим­тан дээр Санжжав нэрийг хэрэглэдэг. Агуу хүний цолыг би яаж дахин авч зүрхлэх билээ. Надад ахдах байх. Зүгээр л Чингисээ гэж дуудсан нь дээр байх. 

    -Ер нь монгол эмэгтэйчүүд гадаа гарч эр болж, гэрт орж эм болсоор айлын амьдралын ихээхэн хэсгийг үүрдэг. Танай гэргий хэр ачаа үүрэлцдэг вэ? -Бодит байдлыг ярихаар эхнэрээ магтсан болох байх. Би эхнэрээ муухан 10 эртэй тэнцэхээр дайны эмэгтэй гэж үнэлдэг. Амьдралд хандах хандлага нь өөр. Ажилч хичээнгүй, хүнд тусархуу. 

    -Яагаад заавал мундаг эмэгтэй муухан 10 эртэй эн тэнцэх ёстой гэж. Энэ арай дэндэнэ ээ. Эмэгтэйчүүдээ өмөөрч байгаа ч юм биш? -Монголчууд угаасаа буруу ярьж зөв ойлгодог гэдгээ мэддэг хүмүүс. Арван ердийн эртэй тэнцэхүйц хүч, ухаантай гэж хэлэх гээд л тэр. Би тэр хоёр чемоданыг өргөе гэж бодоод сажилж байтал манай хүн хэдийнэ очоод сэв хийтэл өргөөд явчих жишээний. Ачааллыг өөр дээрээ авдаг төрөлхийн зантай хүн. Манайх гэдэг айл аз жаргалтай, сайхан байгаа нь миний эхнэрийг гавъяа их шүү. Миний хийж чадаагүй ажлыг хэдийнэ олж хараад өөрөө сэтгээд хийчихсэн л байдаг. 

    -Гэр бүл ер нь хувь заяаны бэлэг юм уу, эсвэл хувь хүний аз, од уу. Та хоёр залуудаа гэр бүл болсон гэдэг. Өнөөдөр танайхаас бусад хүн үлгэр авмаар, зарим нь бахархмаар бат бөх гэр бүл болсныг харж байна. Гэр бүл болж байсан дурсамжаа хуваалцаач?   -Унаган багын дурсамж юм даа. Тэр үед бид хүүхэд байж, ахмад хүмүүсийн үгнээс гардаггүй, хууль мэт дагадаг байсан. “Энэ хүү их зүгээр хүн. Чи энэ хүүтэй заавал найзал” гэж шахдаг байсан гэсэн. Эмээ маань их хөөрхөн. Бидний урдуур, хойгуур орж гүйгээд. Янз бүрийн ажил сэдээд намайг дуудна. Тусгай уулздаг өрөө хүртэл гаргаж өгөөд, хоол, цайгаар дайлна. Надад хувцас оёж өгнө. Манай хүн чинь эмээгийнхээ үгэнд ордог нь надтай суухад нөлөөлсөн байх. Тухайн үед үе тэнгийн олон хөвгүүн Оюундарийг эргүүлж, үерхэе гээд л гуйдаг байсан. Би азтай л байхгүй юу. 

    -Та Оюундарийн эмээд яаж яваад таалагдчихав. Танайх аль нутгийнх билээ? -Таалагдаад л намайг сонгосон биз. Би хотод төрж өссөн ч урианхай гэдгээ саяхан олж мэдлээ. Одоогийн нутаг усаар бол Ховд аймгийн Мөст сумынх. Аав Мөстийнх, Ээж Цэцэг сумынх. Өвөг дээдэс маань Сутай хайрханы баруун бийд аж төрж байсан юм билээ. Миний өвөг дээдэс хэдэн үеэрээ тэнд нутаглаж ирсэн юм байна. 

    -Хүн өөрөө, гэр бүлээ сайхан аваад явахаар дараа нь нутгаа гэсэн сэтгэл гардаг байх. Таны хувьд нутаг руугаа гүйгээд байх юм уу, эсвэл хөгжүүлэх гээд олон ажил сэдэж сууна уу? -Сүүлийн үед удам судраа нэлээн судлаж, нутаг усаа гэдэг болсон. Боломжийнхоо хэрээр орон нутгаа хөгжүүлэх санаа, ажлыг дэмжээд явж байгаа. Мөст сумын дуу, клипийг хийх ажлыг дэмжсэн. Монголд хамгийн анхны ган хөшөөг Мөстөд хийж өгөх жишээтэй. Нутгархаж байгаа юм биш. Миний өвөг дээдэс хэдэн үеэр тэндхийн усаар ундаалж, байгаль дэлхийд нь мөрөө гаргаж, ан амьтан, мал ахуйгаар нь хүнс хийж агаараар нь амьсгалж өнөөдөр биднийг төрүүлж өсөгжээ. Тиймээс тэдний үргэлжлэл болсон бид нутаг орноо хөгжүүлж, хүн зоных нь аж амьдралд хэрэгтэй зүйл хийе гэж хүн бүр л боддог байх. Би тэдний л нэг.   

    …Бидний яриа цааш үргэлжилсээр. Олон сайхан санааг бичигч надад өгсөн юм. Хүн байхын утга учир, сайн хань, сайхан гэр бүлийн мөн чанар юу байх. Хийж буй ажилдаа дор, дор нь дүгнэлт хийж, чадах зүйлээ амжилттай болтол нь зүтгэх. Болохоос нь эхлээд болохгүй хүртэл нь махруу ажиллах, аливаа ажил, бизнесийн тунг тааруулах, мэдрэмжийг хэрэгтэй цагт нь гаргаж байх зэргээр түүний энгийн яриаг нэмэр, хачиргүй хүргэлээ.  

    Эх сурвалж:  Д.Мягмар “Зууны мэдээ” сонин 2016.2.22