Category: production

  • Данейгийн МАЙРА- Эсгий урлалын мастер

    Загвар зохион бүтээгч, БУГАТ эсгий брэндийг санаачлагч

    2000 онд Урлах Эрдмийн Дээд сургуулийг гутлын загвар зохион бүтээгч мэргэжилээр төгсөж, ШУТИС, Үйлдвэрлэл Технологийн Дээд Сургуулийг магистр цолтойгоор дүүргэсэн.

    2001- 2007 онд Норвегийн тусламжийн байгууллагын Ноосны Өрхийн Үйлдвэрлэл Маркетингийн төсөлд эсгийн багш дизайнераар ажиллаж 2000 гаруй хүнд эсгий урлалын чиглэлээр зааж сургасан. Сургалтаас 200 гаруй эсгий урлагийн багш бэлтгэгдэж тэд нутагтаа очоод эсгий урлалын сургалтыг уламжлуулан явуулж Монголын эсгий урлалын хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан. Төслийн хүрээнд төсөлд хамрагдсан үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүнийг борлуулах Цагаан алт дэлгүүр, үйлдвэрлэгчидийг нэгтгэсэн хоршоо, хоршоонуудыг нэгтгэсэн “Ноосон зангилаа” дундын хоршоо байгуулагдсан байдаг. Энэхүү төсөлд ажиллах хугацаандаа шаахай, ширмэл ширдэг, цүнх, малгай зэрэг эсгий бүтээгдэхүүний 300 орчим загвар гаргаж үйлдвэрлэлд нэвтрүүлж, Норвеги, Франц, Итали, Герман, Америк, Нидарланд гэх мэт дэлхийн олон оронд экспортлосон. 20 загвар, 2 технологид Оюуны өмчийн газрын Бүтээгдэхүүн загвар- патент эзэмшдэг.

    2010 оноос хойш Бугат эсгий урлалын урландаа торго, эсгий болон торго эсгийний хосолмол ороолт, эсгий гутал урладаг. Түүний ороолт, эсгий гутлын загвар нь монголчууд төдийгүй жуулчдын таашаалд маш их нийцдэг бөгөөд соёлын өвийг бүтээгдэхүүн болгож “Буган хөшөөг хүзүүндээ ороо” уриатай ажиллаж байна. Тэрээр эсгий бүтээглэхүүний загварыг сайжруулах, хэрэглээний чанарын шаардлага хангах, өнгө будгийн тогтворжилтын тал дээр түлхүү анхаарч, цэвэр органик бүтээгдэхүүн хийж байгаль дэлхийд хор хөнөөлгүй үйлдвэрлэл явуулахыг чухалчлан үздэг.

    2006-2007 онд ITC төслийн санхүүжилтээр Нэхмэлийн хүрээлэнгийн судлаач багш нартай хамтарч “Ноос боловсруулах технологи”, ,Ноос будах технологи”, “Уламжлалт аргаар утас ээрч сурцгаая”, “Эсгий эдлэл хийж сурцгаая”, “Эсгий урлал сургалтын модульжсан хөтөлбөр” гарын авлагуудыг боловсруулан хэвлүүлсэн.

    2004 онд Киргизэд болсон Олон улсын эсгийчдийн 3-р симпозиум, 2007 онд Их Британий Уэлсэд болсон Олон улсын эсгийчдийн конференсд тус тус оролцож байсан. 2007 онд Англи улсад “Монгол эсгий ширмэл ширдэг, казак эсгий ширдэг” сэдвээр, 2015 онд 10 сард Хөдөө аж ахуй төслийн хүрээнд Тажикстан улсын эмэгтэйчүүдэд эсгийний анхан шатны сургалтыг тус тус зохион байгуулсан.

    ҮЗЭСГЭЛЭН
    2006 он Тэрэлжид “Ширмэл ширдэг үзэсгэлэн, өдөрлөг”
    2006 он Улаанбаатарт “Зул сарын баяр буюу эсгий урлаг өнөөгийн хэрэгцээнд”
    2007 он Улаанбаатарт “ Хавар ба Байгаль”
    2011 он Улаанбаатарт “Эсгий-Онгод”
    2014 он Улаанбаатарт “ Бугат эсгий”
    2015 оны 10 сард Данид “Монголын нэг өдөр” хамтарсан үзэсгэлэн

    ШАГНАЛ
    2002 он Гоёл наадмын тусгай байрын шагнал
    2006 он “Үлэмжийн чанарын батламж” Монголын шилдэг 99 бүтээгдэхүүний нэг
    2006 он МХАҮТ-с зохион байгуулдаг хаврын үзэсгэлэнгээс экологийн цэвэр бүтээгдэхүүн
    2008 он Гоёл наадмын тусгай байрын шагнал
    2010 он Зүүн хойд Азийн ЮНЕСКО- н гар урлалын батламжит бүтээгдэхүүн

    http://www.feltmongolia.mn/
    https://www.facebook.com/BUGAT-felt-%D0%91%D0%A3%D…

    Ярилцлага унших

  • Х.АНХБАЯР- Уул уурхай, эрчим хүчийг блокчэйн технологитой хослуулсан хамгийн анхны аж үйлдвэр, эрчим хүчний цогц төсөл

    Эм Жи Эл Кейлум ХХК-ийн ТУЗ-ийн дарга, Гүйцэтгэх захирал

    Англи, орос хэлний орчуулагч, аялал жуулчлалын менежер.
    1997 оноос “Жуулчин” ХК-ийн Баруун европын зах зээл хариуцсан суурин төлөөлөгчөөр томилогдон ХБНГУ-ын Берлин хотноо ажиллаж, амьдарч эхэлсэн.

    Монгол Улсын эдийн засаг, бизнесийн тэргүүлэх салбарт 30 гаруй жил ажилласан бизнесийн арвин туршлагатай. 2007 онд Тэнгри Холдинг ХХК-ийг үүсгэн байгуулж, аялал жуулчлал, барилга, хөдөө аж ахуй, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байна. Өмнө нь Жуулчин ХК-нд Спорт ан агнуур, Хойд Америкийн зах зээл хариуцсан менежер, ХБНГУ дахь төлөөлөгчийн газар Европын Ерөнхий Төлөөлөгчөөр тус тус ажилласан. Австри улсын Зальцбург хотын Олон улсын аялал жуулчлал, зочид буудлын менежментийн дээд сургуульд суралцаж төгссөн. Монгол Улсын эдийн засаг, хувийн хэвшлийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хөдөлмөрийг үнэлж 2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгч “Алтан гадас” одонгоор, 2008 онд Аялал жуулчлалын яамнаас “Салбарын тэргүүний ажилтан” цолоор, 2011 онд Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамнаас ”Салбарын тэргүүний ажилтан” цолоор тус тус шагнасан.

  • Цэдэнгийн ШИНЭН- Монгол анхны мянгат тэмээчин, Тэрбумтан

    Монголын анхны мянгат тэмээчин, анхны алдарт тэмээний уяач. Бас Монголын тэрбумтан малчин хэмээх өргөмжлөлийг мянгат тэмээчин Цэдэнгийн Шинэнд Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас хүртээгээд удаагүй байна. Нэг тэмээнээс гарах ашиг шимийг мөнгөөр тооцож үзвэл нэг сая орчим төгрөг болдог. Мянга гаруй тэмээний зах зээлийн үнэлгээг нь тооцож үзэхэд л нэг сая гаруй ам.доллар болж буй учир малчин хүний нөр их хөдөлмөрийг магтахгүй байхын аргагүй. Цаг уурын хүнд хэцүү нөхцөлд таван хошуу малаа маллаж, өөрийн гэлтгүй өрөөлийн ахуй амьдралыг өөд нь татаж яваа тэрбумтан малчин бол Ц.Шинэн гуай.

    Баянхонгор аймгийн Баянлиг сум нийтдээ 14300 орчим тэмээтэйгээс, хамгийн олон тэмээтэй баг нь 6000-ыг тоолуулжээ. Эртнээс энэ нутагт Ламын гэгээний сүргийг маллаж ирсэн учир улаан тэмээгээрээ алдартай.

    “Сүү сааль ихтэй, ноос нь ноолуурлаг чанартай, махны гарц сайтай гээд тэмээ ашиг шим нь өндөртэй сайхан мал” гэж Монгол Улсын гавь­яат малчин Ц.Шинэн гуай ярьж сууна. Торомны ноос ноо­луурлаг чанар нь өндөр учир тэмээний тоо толгой өсө­хөд ч нөлөөлнө. Тэмээнээс ноос биш ноолуур авдаг бол­бол тоо толгой нь өснө гэж тэ­рээр тооцоолж, цусыг нь сэл­­бэж, эрлийзжүүлдэг гэлээ. Гэх­­дээ тэрээр тооны араас хөөцөлдөж биш чанарыг нь анхаарч иржээ. Ханын хэ­цээс гурван буур, Галбын го­­­­­­­­­­виос хоёр буур, Говь-Алтай аймгийн Дөхөм тунгалагийн хос зогдортой буур хоёрыг авч сү­рэгтээ цус сэлбэсэн байна. Түүний тэмээн сүрэгт хавтгайн үр төл ч нэлээн хэд бий гэсэн юм. 

    Тэрээр 1975 онд илгээлтээр мал дээр гарч, түүнээс хойш таван хошуу малаа 2000-д хүргэж, өсгөж яваа. Гэхдээ энэ хугацаанд хоёр жил цэргийн алба хааж, Худалдаа бэлтгэлийн ангид хэдэн жил ажиллаад эргээд мал дагажээ. 1990-ээд оноос хойш тасралтгүй мал маллаж, тэр дундаа тэмээн сүргийг мянга давуулан өсгөөд байна. Өдгөө Ц.Шинэн гуайн тэмээний тоо 1119 болжээ. Ингэ жил бүр ботголдоггүй ч тэмээн сүргийнх нь тоо жил бүр өсөн үржиж, үр шимийг нь үзэх сайхан байгаагаа тэрээр хуучилсан. Жилдээ 100 гаруй ингэ төллөдөг байсан бол сүүлийн жилүүдэд 200 орчим болж, улам л арвижин, өсч буй гэнэ. Түүний ганц хүү Хөдөө аж ахуйн сургууль төгсөөд аавынхаа дэргэд малч ухааныг нь өвлөн үлдэхээр болжээ. Бусад хүүхдүүд, дүү нар, тэдгээрийн хүүхдүүд гээд Ц.Шинэн гуайнх өнөр өтгөн, туслах хүмүүс ч мундахгүй. Тэднийхээ ажил хөдөлмөрийг үнэлж, цалин өгч урамшуулахаас гадна өсгөж, бойжуулсан төлийнхөө 40 хувиар малчдаа малжуулдаг гэнэ.   

    Ц.Шинэн гуай тэмээний анхны алдарт уяач цолтой. Тэмээн поло сүүлийн жилүүдэд хөгжиж, бүс, улсын чанартай тэмцээнүүд ч олон зохиогдох болсон. Эдгээр тэмцээнд гаргасан амжилтыг нь үнэлж, тэмээний алдарт уяач цолыг анх түүнд хүртээжээ. “Миний тэмээ сайн давхидаг. Тиймдээ ч хурдны чиглэлийн тэмээ өсгөж байгаа. Ер нь, тэмээний уяачдыг алдаршуулах зорилгоор уралдаанууд ч тогтмол зохион байгуулж байна. Тэмээн поло аялал жуулчлалын холбооноос надад тэмээний алдарт уяач цол олгосон. Цаашдаа төр засгийн хэмжээнд тэмээний уяачдыг алдаршуулах ажилд анхаарна гэж найддаг” хэмээн алдарт уяас маань итгэл төгс хэлэв.

    Тэмээ олонтой Баянлиг сумынхан аймгийнхаа хэмжээнд харьцангуй өндөр насалдаг нууц нь ингэний сүү, цагаан идээтэй холбоотой гэдэг. Жилийн дөрвөн улиралдаа сүү саалиа өгдөг, ашиг шимтэй тэмээн сүргийн тоог өсгөхөд Ц.Шинэн гуайн гавьяаг дурдахгүй өнгөрч боломгүй.

    Ц.Шинэн: Аав ээж минь анх гурван тэмээ тасалж өгсөн, мянган тэмээтэй болох гараа маань энэ байв

    Тэгэхээр Монголд байтугай дэлхийд ганцхан Ц.Шинэн гэж ойлгож болно. Удахгүй “Улаан ном”-онд бичигдэж мэдэхээр болтлоо тоо толгой нь цөөрсөн хоёр бөхт тэмээг өсгөхийн төлөө нойр хоолоо умартаж, эр биеэ элээж яваа түүний зүтгэлийг үнэлж Монгол Улсын гавьяат малчин цолоор шагнажээ.  

    Нутгийнхан түүнийг Шинэн гэхэсээ илүүтэй гавьяат хэмээн дуудах юм билээ.  Ц.Шинэн гавьяаттай  саяхан нутагт нь уулзаж, хөөрөлдснөө хүргэж байна. 

    -Өөрийг чинь харахаар барилдаж явсан болов уу гэж санагдаад байх юм. Барилддаг уу? 

    -Эр хүн болохоор эрх биш зүгээр байгаагүй. Сумын заан цолтой. 

    -Хол явж барилдаагүй сумын заан, Хот орж зодоглоогүй сумын заан юм байна… 

    -Тийм л болох байх даа. /инээв/ 

    -Мал маллаад удаж байна уу? 

    -Ер нь бол мал аж ахуй дээр төрсөн, өссөн.  Анхны илгээлтийн эздийн нэг юм уу даа. 1975 онд  улс даяар 75 мянган залуучуудыг МХЗЭ-ийн илгээлтээр мал аж ахуйн үйлдвэрлэл дээр гаргах уриа дуудлага улс даяар түгж байсан юм. Тэр 75 мянгын нэг нь болж сурагчийн үзгээ шилбүүрээр сольсон залуучуудын нэг нь би байлаа. 

    Дунд нь хэдэн жил завсардсан. Гурван жил цэргийн алба хааж халагдаж ирээд сумын худалдаа бэлтгэлийн ангид 10 шахам жил ажилласан. Бусад хугацаанд нь мал маллаж байна.  Бараг 30 шахам жил болох байх.  

    Баянхонгор аймгийн Баянлиг сумын малчин Ц.Шинэн

    -Танайх хэдэн хошуу малтай вэ? 

    -Манайх таван хошуу малтай. 

    -Хамгийн олон нь тэмээ юу? 

    -Тэмээ. Одоо мянга нэлээд гарчихаад байна. Энэ жилийн төлөөр бас тоо толгой нь нэмэгдэнэ. 

    -Энэ жил хичнээн ингэ ботголж байгаа вэ? 

    -Хоёр зуу гаруй ингэ ботголно оо. Өвөл хавар сайхан  байсан болохоор мал төл сайн л байна. Харин ойрдоо нэлээд гандуу байна. Тэмээ зуднаас илүү ганд хэврэг амьтан. Хэрэв тэнгэр хангай энэ янзаараа байвал бэлчээр  ус дагаж нүүж суух л болох байх даа. Малчин хүн гэдэг малынхаа аясаар шүү дээ. 

    -Хаашаа нүүх вэ? 

    -Хаана ногоо байна, тийшээ л явна даа.  Хол гэж хойргошихгүй. Уг нь манай энэ Баянлиг жинхэнэ тэмээний нутаг байгаа юм. Гэхдээ сүүлийн хоёр жил газрын гарц тийм ч сайн байсангүй. 

    -Бог хэр өсч байна? 

    -Өсгөе гэвэл өсөөд л байна. Одоо мянга гаруй бог мал байгаа. Гэхдээ мал маллана гэдэг бол амар хялбар ажил биш. Байгаль цаг агаар, тэнгэр хангайн араншингаас их хамааралтай. Үнэхээр сэтгэл зүтгэл гаргаж  байж л өсдөг. 

    -Мянган тэмээ  гэхээр бүгд хамтдаа нэг суурь уу, эсвэл хэсэг хэсгээр нь суурилж маллаж байна уу? 

    – Тэмээ мянга хүрээд ирэхээр учрыг нь олоход бэрх болдог юм байна. Тиймээс хэсэг хэсгээр нь суурилж байна.  Ботголсон ингээ бүгдийг нь нийлүүлье гэхээр эх ботгоо олох гэж хөл толгойгоо алдсан юм болно, тус тусад нь салгах гэхээр эх үрс нь салж төл нь үрэгдчих гээд асуудал бий.

    Тэгэхээр тэднийг чинь цөөн цөөнөөр маллаж, тал тал тийш нь бэлчээрлүүлж байна. Эрсдэлгүй талыг нь бодохоор ингэж маллахаас өөр аргагүй.

    Бууранд гарсан ингэнүүд тус тусдаа байна шүү дээ. Зарим буур нь гарсан байдаг зарим нь гараагүй байдаг, эр сувай тэмээнээс тусад нь байлгаж хээлийг нь хамгаална.

    Тэмээ олон болоод ирэхээр ерөнхийдөө нутгаар нь шахаж л маллаж байна. Тэгснээс орой болгон хотлуулаад, маллаад хариулаад байгаа юм бол бага байна.   

    -Туслах малчин байдаг биз дээ? 

    -Байгаа. Бог  дээр хоёр малчин байна. Бод мал дээр  манай нэг хүүгийнх өөр хоёр гурван ч хүн байна. Ерөнхийдөө бол гурван айл, өөр гурав дөрвөн хүн туслах малчнаар ажиллаж байна. 

    -Малчдаа хэдэн төгрөгөөр  цалинжуулж байна вэ?
     
    -Бог мал дээр ажиллаж байгаа хүмүүстээ тодорхой хэмжээний үндсэн цалин өгнө. Үүн дээр гарсан төлийнхөө 40 хувийг өгч байгаа. Гол нь малжуулах зорилготой. Жилдээ хэдэн зуун төл авна шүү дээ. Ингэхээр туслах малчдын хувьд ганц хоёрхон жилийн дотор малжих бүрэн боломжтой.  Бод малын тухайд голдуу өөрийн талын хүмүүс байгаа. Тэдэндээ бас л амьжиргаагаа аваад явахад хүрэлцэхүйц хэмжээний юм өгөлгүй яахав. 

    -Тэмээнээсээ жилд хэдэн тонн ноос авах вэ? 

    -Өнгөрсөн жил таван тонн ноос  авсан. Энэ жилийн тухайд ч бас үүнээсээ ахина уу гэхээс буурахгүй. Таван тонн нэлээд  гарах байх. 

    -Сүү сааль хэдийг авах вэ. Багцаалах боломж бий юу? 

    -Сүү саалийн тухайд багцаалах боломжгүй. Ингэ дөрвөн улирлын саальтай амьтан. Сүү саалийг нь өөрсдөө хэрэглэнэ. Нэг хэсгийг нь хүн амьтанд өгнө, заримыг нь борлуулна. Мөн уламжлалт аргаараа ааруул хурууд гэхчлэн цагаан идээгээ хийнэ. 

    -Анх хэдэн тэмээтэй байж байгаад ингэж  мянгат тэмээчин болов? 

    -Нэгдэл тарахад би хувьчлал гэж мал авсангүй. Миний өөрийн их гэр маань надад анх гурван тэмээ тасалж өгч байсан. Ингэж л би өөрийн гэсэн гурван тэмээтэй болж, түүнээсээ мянга хүрлээ. 

    -Мал, тэр дундаа тэмээ өсөх үндэс юу вэ? 

    -Би улсын байгууллагад ажиллаж байгаад ерээд оны эхээр малчин болсон хүн.  Жижиг сажиг ишиг борлон цуглуулж байгаад л мал дээр гарсан. Хүмүүс намайг ажлаа хийж байхгүй мал дээр гарч яадаг байнаа гэж зэмлэх сануулахын хооронд хэлж л байсан.    

    Мал эзэн хүнийхээ сэтгэлээр өсдөг гэж үг буй. Би энэ сумынхаа анхны мянгат малчны нэг шүү дээ. Тэгээд дараа нь тэмээгээ түлхүү өсгөе гэж зорьсон. Ингээд өөрийн хэдэн тэмээн дээрээ энд тэндээс тором ботго худалдаж авч нэмэрлэсээр гайгүй хэдэн ингэтэй болсон. Түүнийгээ өсгөсөөр  л мянган тэмээтэй болсон доо. 
      
    -Ингэж тэмээг түлхүү өсгөх шалтгаан юу байв. Ядахад л хариулж маллахаас эхлээд урт хөлийн амьтан хэцүү биш үү? 

    -Ер нь яахав, нэгэнт хүн болж төрснийх эх орондоо, нутаг нугадаа, аав ээждээ тустай амьдрах ёстой. Амьдралд зорилго гэж бас байх учиртай.  Нөгөө талаар дэлхийд хоёр бөхтэй тэмээ ховордож байна. Нэгэнт тэмээний нутагт төрж өссөнийх ховордож байгаа энэ буянаа  өсгөе л гэж зорьсон. Би ганцаараа тэмээ өсгөөд хоёр бөхт тэмээний тоо толгойн хорогдлыг зогсоож чадахгүй ч хамгийн гол нь хүмүүсийн тэмээгээ хайрладаг, өсгөж үржүүлэх гэсэн сонирхол хүслийг өдөөх болов уу гэж бодсон. 

    Намайг тэмээгүй шахам байхад  гаднаа 100 гаруй тэмээ хотлуулчихсан айл байж л байсан. Нэгдэл тарахад өөрийнхөө гарын малыг  аваад үлдчихсэн олон хүн байсан. Гэтэл өчнөөн жил өнгөрсөн ч тэд одоо хүртэл тэр хэмжээндээ л байна. Над шиг ингээд өсгөчихсөн хүн бол цөөхөн байх. Тэгэхээр би тэмээгээ ингэж өссөнийг өмнөө тавьсан зорилго, шаргуу хөдөлмөрийн үр дүн л гэж хардаг. Зүгээр байхад өөрөө аяндаа өсдөг мал гэж байхгүй шүү дээ. Бойжуулсан ботго бүрийн ард хүний хүч хөдөлмөр шингэсэн байдаг. 

    -Мал мянга хүрэхээр идэх хонь олддоггүй гэх үг бий. Тэмээ мянга хүрэхээр бас тийм үү? 

    -Ер нь бол хөгшин хөвөө, онд орохгүй тэмээгээ заазлалгүй яахав. Энэ ингэ төд ботголчихлоо, одоо дахиад төл өгч чадахгүй гэдэг ч юм уу эсвэл энэ жил онд ороход төвөгтэй гэхчлэн тухайн малчин хүний ажиглалт сонголтоор малаа үлдээхийг нь үлдээж, хэрэглэхийг нь хэрэглэж байхаас аргагүй.   

    Тэмээ бусад мал шиг жил бүр төллөөд байдаггүй, олон жилийн хүч хөдөлмөрийн үр дүнд тоо толгой нь өсдөг амьтан учраас  тэр бүр дээс хутга барьж мал руугаа дайрахыг  боддоггүй.   

    -Би өөрөө говьд  төрж өссөн тэмээтэй газрын хүн. Тэмээ маллана гэдэг амар ажил биш шиг санагддаг. 

    -Амар  хялбар ажил гэж юу байхав. Мал өсөх сайхан л юм. Гэхдээ ний нуугүй хэлэхэд  сүүлдээ өөрөө дийлэхээргүй юм болж байна. Өөрөө үр хүүхэдтэйгээ зүтгээд,  бүр малчин авч ажиллаад  ч хүч хүрэхгүй үе олон тохиолдох юм. Малчин авч ажиллуулж байна гээд бас найдах итгэх юм бага шүү дээ. Хүний мал маллаж байгаа хүн чинь эзэн нь чимээгүй байвал чимээгүй л байна.  Тэгснээс тэмээндээ явъя гээд малынхаа захад явж байдаг хүн ховорхон болжээ. 

    -Танайх хэдэн хүүхэдтэй вэ? 

    -Манайх таван хүүхэдтэй. Хүүхдүүд маань бүгд л их дээд сургууль төгслөө. Нэг нь  одоо сурч байна. Хүүгийнх маань манайхтай  хамт байна. Бусад  нь эзэмшсэн мэргэжлээрээ багш, Банкны салбарын эрхлэгч  гэхчлэн төв суурин газар  төвхнөсөн.  Гэхдээ энд байгаа хүүхдүүд өглөө оройдоо ингэ саалцаж, тором ботго уялцана  гэхчлэн малын ажилд бол байнга оролцоно. Ач зээ нар түрүүчээсээ тусад орж байна.   

    -Танайх ер нь хаагуур нутагладаг айл вэ? 

    -Өвөлдөө сумандаа ойртож өвөлждөг. Нэг буурны ингээ аваад төв суурин газраа бараадаж ирдэг.  Гол, устай идэштэй болохоор сумын ойролцоо өвөлжихэд хүндрэл гардаггүй.  Малаа төвөөсөө яваад эргүүлж  тойруулчихна. Ингэ ботголох болохоор хөдөөгөө гараад малаа төллүүлнэ. Залгуулаад ингэ ботгоо саалинд оруулж, ногоолуулж  тарга тэвээргийг нь авахуулж байгаад  өвөл болохоор сумандаа орж ирнэ дээ. Малын тухайд бол бэлчээр ногоо хаана байна, тэнд л нутаглана даа. 

    -Тэмээнийхээ тоо толгойг цаашид 2000 болгох бодол байна уу? 

    -Хоёр мянга болгох боломж байхгүй юм байна. Тэр битгий хэл мянга болгох боломж ч бараг бага. Няцалгүй, зоригтой байж л мянга болгоно шүү дээ.  Ер нь малын ажил, тэр дундаа тэмээний арчилгаа маллагаа гэдэг гарын үзүүрээр хийдэг ажил биш. Заавал биеийн хүчний хөдөлмөр ордог, хүч бяр шаарддаг. Бог малтай зүйрлэхийн аргагүй.  Тиймээс цаашид нэг хэсгийг нь эргэлтэнд оруулъя, үржлийн тодорхой сүргээ авч үлдэнэ гэсэн бодолтой байгаа. Цаашид тоо толгойг нь төд хүргэнэ гэж амлахад хэцүү. Тэгээд ч хүний нас хэд билээ, миний хувьд идэр нас маань эргэчихлээ. Тус тусдаа ажил албатай хүүхдүүдээ хэдий болтол малын ажилд  зүтгүүлэх билээ гэхчлэн асуудал байна. 

    -Санхүүгийн ямар нэг асуудал үүсдэг үү? 

    -Төгрөг мөнгө дутаад өр зээлэнд ороод явах юм юу байхав. Гэхдээ амьдрал юм болохоор асуудал үүсэх үе байлгүй яах вэ. Хэчнээн олон малтай байлаа гээд баячуудын зиндаа зэрэгт  очтолоо хаана ч юм. Малтай хүн байнга л зарлага гаргаж байдаг. Өвс тэжээл, арчилгаа маллагаа, ус хужир гээд  тэр бүгдэд мөнгө зарна.  Хэрэв олноор нь нядлаад борлуулбал орлогоо чамгүй нэмэгдүүлэх боломж байлгүй яахав. Гэхдээ өдөр шөнөгүй зүтгэж, хүмүүсийн хэлдгээр чөмгөө дундартал  хөдөлмөрлөж  байж  өсгөснийгөө зөвхөн ашиг орлогын нүдээр харж  үрж барж  болохгүй байна ш дээ. 

    -Тэмээ ер нь яавал өсөөд байх шиг байна? 

    -Зөв маллаж байж л өснө. Зөв маллана гэхээр нутгийг нь зөв сонгож, зөөлөн гараар  оролдох хэрэгтэй гэсэн үг. 

    -Танай тэмээ ямар омог угшилынх вэ? 

    -Би малынхаа тоо толгой гэхээс  илүүтэй  чанарт нь түлхүү анхаардаг.  Монголд тэмээний гурван ч омог угшил байна. Тэр бүгдээс нь буур авчирч тавилаа. Галбын говийн улаан, Ханын хэцийн хүрэн, Төхөмтунгалагийн хос зогдорт  гэхчлэн. Мөн нутгийнхаа шилмэл омгийн хээлтүүлэгчийг тавьж байна.  Би таван хошуу малаа бүгдийг нь тус тусад нь сайжруулж, энд тэндээс шилдэг омгийн хээлтүүлэгч авчирч тавьсан. 

    -Танай үүгээр хавтгайн угшилтай тэмээ хэр олон байна вэ? 

    -Манай  нутагт  бол цөөхөн дөө. Гэхдээ ганц хоёр бий. Шинэжинст, Баян-Өндөр талдаа хавтгайн төл цөөн бөр байдаг юм. Сонирхоод хавтгайн тайлаг гунж авчирч цус сэлбэж л байна. 

    -Тэмээ аль хэр үнэ хүрч байна? 

    -Дээд тал нь 10 сая төгрөг хүрчихлээ.
     
    -Ямар тэмээ тийм үнэ хүрэх вэ? 

    -Гол нь хурдан тэмээ л тийм үнэ хүрч байна. 

    -Танайд хурдан тэмээ хэр олон байгаа вэ? 

    -Хэд хэдэн тэмээ байна аа. Би чинь  улсдаа хурдан тэмээний анхны алдарт уяач  шүү дээ.  Улсын чанартай  тэмээний уралдаануудад удаа дараа оролцож олон айраг түрүү авч байсан. Ноднингоос эхэлж тэмээний уяачдад “Алдарт уяач” гэдэг цолыг өгч эхлэхэд анхныхыг нь надад өгсөн. 

    -Тэмээний уяа сойлго гэж байна биз? 

    -Байлгүй яахав. Тэмээний уяа морины уяа хоёр өдөр шөнө шиг өөр зүйл. Гэхдээ  мал сойж уралдуулах гэж байгаа болохоор тодорхой хэмжээний уяа сойлго байдаг. 

    -Танай тэмээ дээд тал нь хэдэн кг ноос өгч байсан бэ?
     
    -Хэдэн кг ноос өгч байна гэж ганцаарчлан үзэх боломж гарахгүй юм. Харин хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд  нэг сувай ингэний ноосыг тусад нь хэмжиж үзэхэд найман кг илүүтэй байсан. Хэрэв тэр ингэ боос ингэ /ботголох ингэ/  байсан бол бүр илүүг л өгөх байсан гэсэн үг. 

    -Мянган тэмээг ноослоно гэдэг хэцүү дээ? 

    -Хэцүү хэцүү. Ёстой л олны хүч оломгүй далай гэдэг шиг олны дэм тусаар бүтдэг ажил. 

    -Ярилцсанд баярлалаа.

    П.ЯДАМДОРЖ, ӨДРИЙН ШУУДАН

  • Cheese Republic Mongolia- Цэвэр агаар, цэнгэг усны Монгол бяслаг

    Монгол орны аймаг, орон нутгийн онцлогоос урган төрүүлж буй бяслаг.

    Cheese Republic Mongolia хөдөлгөөнийг Ядамсүрэнгийн Энхээ санаачилан өрнүүлж байна. Монгол бяслагуудын нэгдсэн брэндингийн бодлогоор хөгжүүлнэ.

    Бяслаг багадаа 3 сар өдөр болгон адууны сүүлэн шоткоор жамц давстай хандаар норгож эргүүлэн тогтмол температурт арчилсанаар идэхэд бэлэн болно. Зарим нь удах тусам улам амттай болно. Өндөр газрын ховор ургамал, цэвэр рашаан булаг, цэнгэг сийрэг агаар нь Тува яки бяслагийн бойжиж өссөн өлгий нутаг юм. Зуны 2 сард сарлаг 3000 м бэлчиж ховор ургамлаар хооллодог бас өдөрт 1 -хэн литр сүү өгөөд сүүний 10% нь бяслаг болдог тул бид энэ 2 сард бяслаг хийж амжин та бүхэнд хүргэхийг хичээж байна. Нутгийн нүүдэлчний бүтээгдэхүүнээ дэмжээрэй, баярлалаа та бүхэнд урам хайрласанд.

    https://www.facebook.com/cheeserep.mn/

    Өвөрхангай аймгийн Зүүнбаян Улаан, Уянга сумдуудын нутагт сэрүүн Хангайн ууланд бэлчдэг сарлагийн сүүгээр хийсэн энэ бяслагийн амт чанарыг нэр нь өөрөө илэрхийлнэ. Сарлагийн сүүний уураг тосны өндөр агууламж нь гайхшруулах боловч сонгодог аргуудаар бяслаг хийхэд тийм ч амар биш юм.
    Тослогт бяслаг нь зөөлөн чедар (mild cheddar) хийгээд морбье (morbier) мэтийн бяслагтай төстөй санагдах боловч чийгийн агууламж, бага зэргийн шинэ шар тосны амтны өнгө нь түүнийг давтагдашгүй ховор бяслаг болгодог. Бяслагийн ертөнцөд Монголыг төлөөлөх өвөрмөц бүтээгдэхүүн болж чадна гэдэгт
    итгэлтэй байна. Халуун хайрсан талх, хатаасан жимс, самар зөгийн балтай хослуулж үзээрэй.

  • Чинбаатарын АНАР- Мэдээллийн технологийн салбарын эксперт, бизнес эрхлэгч

    Системийн инженер мэргэжилтэй

    “ЛэндМН” төслийг санаачлагч, үүсгэн байгуулагч, “Анд Глобал”, “Анд Системс”, M Lab-ийн компаниудын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал

    Монгол улсын үүрэн холбооны 4 дэхь оператор G-Mobile компанийг үүсгэн байгуулж байсан.

    ЯРИЛЦЛАГЫГ УНШИХ

    Энэ удаагийн зочин бол манай Unplug 2018 арга хэмжээний тайзнаа 800 залууст онц сонирхолтой, урам зориг бадраах түүхээ хуваалцсан, Анд Глобал, MLab компаниудын үүсгэн байгуулагч Чинбаатарын Анар юм. Түүнийг зарим хүмүүс Анд Глобалын харьяа компани LendMN-ээр мэдэх бол зарим нь 24 насандаа гар утасны оператор GMobile үүсгэн байгуулж явсан чадварлаг энтрепренер гэдгээр нь мэдэх байх. Анд Глобал компани л гэхэд гадаад дотоодын хөрөнгө оруулагчдаас 15 сая долларыг татан, өдгөө 80 сая долларын үнэлгээтэй болоод байгаа юм. Уламжлалт бус сэтгэлгээтэй, өндөр эрсдэл үүрэх чадамжтай Ч.Анарыг илэрхийлэх нэг том баримт бол, тэрээр дэлхийн авто, мото спортын хамгийн нэр хүндтэй, хамгийн хүнд хэцүү “Дакар Ралли” тэмцээнд оролцон, мэргэжлийн тамирчидтай 14 хоног 10,000 км газар уралдаж байсан түүхтэй билээ. Ингээд чадварлаг монгол залуучуудыг нэгтгэн, оюун бүтээлээр дэлхийг “дайлах” аянд мордоод буй түүнтэй хөөрөлдсөн яриагаа хүргэе.

    Байршил: Монгол, Сингапур, Малайз
    Эрхэлдэг ажил, албан тушаал: Анд Глобал компанийн үүсгэн байгуулагч, захирал; MLab-ийн үүсгэн байгуулагч, захирал; Математикийн Олимпиадын Холбооны Ерөнхийлөгч
    Хэрэглэдэг гар утас: iPhone
    Хэрэглэдэг компьютер: Macbook Pro
    Таны ажлын арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Багаар, нэгэн зэрэг
    Сошиал хуудсууд: TwitterFacebook

    ЮУНЫ ӨМНӨ ТА БИДЭНД ИХ СУРГУУЛЬД СУРСАН ҮЕ, БИЗНЕСИЙН ГАРААГАА ЭХЛҮҮЛСЭН ҮЕЭ ХУВААЛЦАХГҮЙ ЮУ? 

    Би 10 жилээ Өвөрхангайд төгсөөд 1998 онд МУИС-д орж байлаа. Намайг албан ёсоор их сургууль төгсөн диплом аваагүй болохоор зарим хүмүүс зарим алдартай энтрепренертэй зүйрлэх нь бий. Гэвч би их сургуульд сураагүй гэж хэлүүлэх дургүй. Их сургуульд хүн заавал сурах ёстой. Эндээс хүн төлөвшил хүмүүжлийг, олон мянган хүний хувь нэмрээ оруулсан нэгдмэл мэдлэгийг багцалж авдаг. Диплом аваагүй л болохоос ТИС-ийн Холбоо мэдээллийн технологийн сургууль, Берлинд Техникийн их сургууль, Орост бас нэг сургууль гээд 3 их сургуулийн бүх кредитийг тус тус нэг жилийн дотор үзэж дуусгаж байсан юм. Зүгээр л дипломыг чухалчилдаггүй байсантай холбоотой гэж болно. Би сурч байх үедээ цаг алдахгүй гэж өдөр шөнөгүй хичээлээ хийдэг байсан. Эргээд бодоход оюутан цагийн амьдралаа дэндүү дурсамжгүй өнгөрөөж дээ гэж харамсдаг юм. МУИС-ийн ангийнхан маань “Анар ТИС-ийн оюутнуудын физикийн бодлогыг 200 төгрөгөөр боддог байсан гэж” одоо хэлдэг. Энэ мэтчилэн хичээлийн хэнээтэй оюутан байлаа.

    Суралцсаныхаа дараа Монголын Цахилгаан Холбооны дэргэдэх “Миком” компанид орж байлаа. Захирлууд нь авахгүй гэхэд заавал ормоор байна гэж зүтгэсээр ороод, сайн инженерүүдийнх нь нэг болсон. 2001 онд одоо хүмүүсийн Никел Ганбаа нэрээр таньдаг болсон Дашнямтай хамтран “Нетсофт” хэмээх компанийг байгуулсан нь сүлжээний хамгаалалтын төхөөрөмж нийлүүлдэг Монелийн дараах монгол хардвер төхөөрөмжийн компани болж байв. Бид төхөөрөмжөө бага ашигтайгаар зарж байсан ч зуучилж буй компани маань маш их ашиг нэмж байгааг олж мэдээд би тухайн үед их бухимдсан. Энэ үед нэг захирал маань “Та нар төхөөрөмж зарж байна, нөгөөдүүл чинь шийдэл зарж байна шүү дээ” гэсэн. Яаж шийдэл хийдэг болох вэ гэж асуутал гар утасны гуравдагч оператор болох хэрэгтэй гэж хариулсан юм. Тухайн үед Мобиком, Скайтел хоёр л үйл ажиллагаа явуулж байв.
    Ингээд гуравдагч операторыг байгуулахаар, 2 сая доллар босгохоор зориглосон. Олон компани, хөрөнгө оруулагчтай уулзан дэмжлэг аваад тендерт орсон ч туршлага дутаж ялагдсан юм. Гэхдээ шантралгүй явсаар 24 настай хөдөөнөөс ирсэн инженер залуу дөрөвдөгч оператор буюу G Mobile-ийг байгуулж байлаа.

    ТАНЫ АЖЛАА ЯМАР АРГА БАРИЛААР ХИЙДЭГ? АЖЛЫН ДУНДАЖ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

    Би олон төслийг зэрэг явуулдаг арга барилтай. Олон юманд зэрэг анхаарал хандуулж чаддаг, мультитаск хийхдээ дажгүй сайн шиг байгаа юм. Одоогоор том жижиг 14 төсөл байна. Үүнээс Анд ГлобалMLab гэсэн хоёр компани дээрээ голлон ажиллаж байна. Мөн саяхан Математикийн Олимпиадын Холбооны ерөнхийлөгч гэдэг албатай болсон. Би багаасаа математик, физик, мэдээлэл зүйгээр явсан хүн л дээ. Аав маань бас математикч. Анд Глобал компаниа математикч найзуудтайгаа байгуулсан, бас шилдэг математикчдыг багтаа урьсан.
    Олон төслийг зэрэг явуулж байгаа нь авууштай мэт боловч их ядардаг. Би бусад бизнесмэн, энтрепренерүүдийг бодвол маш нарийн цагийн хуваарь хөтөлдөггүй. Гаднаас нь харахад ер нь замбараагүй, эмх цэгцгүй харагддаг байх. Олон хүнтэй уулзаж, санаа оноогоо ярилцаж байж ажлаа хийдэг. Ер нь уулзалтууд хийсээр л өдөр өнгөрнө дөө.

    Ажлын маань 50 хувь нь ажлаар гадаадад өнгөрч байна. Монголд, бас Малайзад гэр маань байдаг. Тэгэхээр Монголд байгаа нь томилолт ч юм шиг. Гэхдээ сүүлийн үед хүүхдүүдийнхээ сургуулийг тогтвортой байлгах үүднээс гэрийнхэн маань Монголдоо түлхүү байна.

    ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АППЛИКЭЙШН, ПРОГРАМУУДААСАА НЭРЛЭНЭ ҮҮ?

    Би өөрөө технологийн хүн ч гэсэн тийм ч их технологи хэрэглэдэггүй. Гар утасны апп гэвэл тун цөөхөн. Имэйл хэрэглэдэггүй буюу имэйлийг маань туслах маань шалгаж надад Viber-аар тайлан өгдөг. Би өөртөө зориулан мэдээ авах дата майнингийн X Data нэртэй нэг програм бичсэн юм. Түүгээрээ интернэтээс өөрт хэрэгцээт мэдээллүүдийг шүүн авч уншдаг даа.

    ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

    Зарим ажлыг чаддаг хүнээр нь хийлгэх гэж хэлж болно. Миний 2 цаг хийх ажлыг 5 минутанд хийх хүмүүс байгаа. Хүн бүр өөр өөрийн давуу талтай, чаддаг юмтай байдаг шүү дээ. Тэгэхээр ажлын үр дүнтэй хуваарилалт хийх нь чухал.

    За зарим талаар нэг зэрэг олон ажил явуулдаг маань цаг хождог гэж найдаж байна.

    ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

    Гар утасны Note апп-ийг сайн ашигладаг. Мөн Google Sheet дээр тэмдэглэх зүйлсээ оруулдаг. Календарь дээр бас уулзалтуудаа тэмдэглэдэг.

    ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

    Багаар ажиллахдаа гэж өөрийгөө сайн гэж итгэдэг. Гадаад, дотоодын, өөр өөр санаа зорилготой олон арван хүмүүсийг нэгтгэж, нэг зорилгын төлөө зангидаж чаддаг. Багаар ажиллах бол бүх л карьерынхаа турш хийсэн ажил маань шүү дээ. Багаар ажиллана гэдэг хэцүү мөртлөө сайхан зүйл.

    Зарим хүмүүс танай баг үнэхээр сайн, чадварлаг залуусыг элсүүлжээ гэдэг. Анд Глобалын хувьд мөнгөн ашиг олох нь бидний гол зорилго биш. Монгол залуучууд нэгдээд олон улсад өрсөлдөж чадна шүү, том зорилго тавиад түүндээ хүрч чадна гэдгийг харуулах хэтийн зорилготой. Энэ зорилгыг маань ч чадварлаг, авьяаслаг залуучууд дэмжин хүлээж авдаг, нэг баг болдог.

    ХИЙЖ БАЙГАА АЖЛЫН ОНЦЛОГ ТАНЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

    Бодит өөрчлөлтийг хийх, шинийг санаачлахын төлөө зорьж буй ажил, төслүүдээсээ, ажлынхаа үр дүнгээс их урамшдаг. Монгол гарааны компаниудаас анхлан гадаадын хөрөнгө оруулагчдаас мөнгө татаж, том зорилго тавин ажиллаж байгаа болохоор ч тэр үү, хүмүүс их дэмжиж байгаад баярладаг.

    Гадны хөрөнгө оруулалт татсанаас хойш харин өөртөө болон гэр бүлдээ гаргах цаг багасаад ирсэн. Миний нүүр царай, цаг хоёр бүтээж буй төслийнхөө өмч болчихоод байгаа учраас дуу хоолой болох ёстой байх. Уг нь би тайзан дээр гарч барих дургүй хүн юм шүү дээ.

    AND GLOBAL КОМПАНИ ДЭЭРЭЭ ОДОО ЮУНД ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

    Би олон улсад ажиллаж байсан найзуудтайгаа улс төрд орохгүйгээр эх орноо яаж өөрчлөх вэ гэж их ярилцдаг байлаа. Мэдээж бизнес хийж таарна. Монголд бизнес хийнэ гэдэг амаргүй шүү дээ. Гэхдээ бид зөвхөн Монголыг зорилгоо болголгүй, олон улсад монгол залуучуудад юу хийж чаддагийг харуулъя гэж зорьсон. Олон улсад гарна гэдэг дааж давшгүй хүнд даалгавар биш шүү дээ. Олон улсын зах зээлд амжилттай компани байгуулж залуучуудынхаа сэтгэхүйг өөрчилье, энэ бүхэн боломжтой гэдгийг харуулъя гэж хүссэн. Өмнө нь бол биднийг хиймэл оюун, математик гээд ярихаар гадаадууд байтугай монголчууд маань итгэдэггүй байлаа шүү дээ.

    Бид бүгд математикийн чиглэлийн хүмүүс байсан учраас санхүүгийн технологийг сонгон авч финтек компани байгуулсан. Одоо Анд Глобал маань одоо 8 охин компанитай, 150, 160 орчим ажилтантай болсон байна. Эдгээрийн нэг нь хүмүүсийн сайн мэддэг болоод буй апп-аар зээл олгодог, мөнгө шилжүүлдэг LendMN юм.

    Анд Глобал 2020 онд 20 улсад нэвтрэхээр ажиллаж байна. Сингапурт компани байгуулагдсан манай компани тус улсын амжилттай яваа 8 дахь финтек компани гэгддэг. Сингапур, Филиппин, Мьянмар зэрэг хэд хэдэн улсад үйл ажиллагаа эхлүүлээд явж байна. Зарим улсад бүтэлгүйтсэн жишээ ч байгаа. Хэдийгээр компани нэг талаар амжилттай яваа харагдаж буй боловч бид нөр их хөдөлмөрлөж, маш их бэрхшээлийг туулж байгаа. Мэдээж энэ бүхэн амар биш. Дотоод, гадаадын том компаниудаас манайхыг худалдаж авъя гэсэн санал олон ирдэг. Харин бид том компанид залгиулалгүй, өөрсдөө шинэ юм бүтээхийг, өөрсдийн гараар бүтээсэн технологио дэлхийн тавцанд гаргахыг хүсэж байгаа.

    MLAB-ИЙН ТУХАЙ ДЭЛГЭРҮҮЛЖ ЯРИХГҮЙ ЮУ?

    Өнгөрсөн хугацаанд би 16 стартап байгуулсан юм билээ. Компаниуддаа нийт 80 сая долларын хөрөнгө оруулалт татсан тооцоо гарсан. Банкир хүмүүсийн хувьд их тоо биш байж магадгүй ч санаанаас өөр зүйлгүй стартапд хөрөнгө татна гэдэг амаргүй. Тэгэхээр энэ хэмжээний хөрөнгө оруулалт босгосноо бага гэж боддоггүй. Одоогоор Анд Глобал 15 сая доллар босгосон, үнэлгээ нь 80 сая доллар гэж тооцогдож байгаа.

    Хийж чадахаа батлан харуулаад, зөв хандлагатай, хичээл зүтгэлтэй гэдгээ харуулбал хөрөнгө оруулалт татах тийм ч хэцүү биш. Олон компани байгуулж, олон төсөл хэрэгжүүлж алдаж онож явсны хувьд MLab төслийг эхлүүлсэн. Санааны хувьд дэлхийд анхдагч болох MLab-д хөрөнгө оруулах сонирхлоо компаниуд ирүүлж байна. Товчхондоо блокчейнд суурилсан гарааны бизнесийн цахим экосистемийг бий болгох төсөл юм. Стартап компаниудыг элсүүлээд, хөрөнгө оруулалт, менежмент, байр оффис, хүний нөөц, тоног төхөөрөмж зэрэг бүх л шаардлагатай нөөцөөр хангах зорилготой. Төсөл, стартап болгонтой тулж ажиллан, шаардлагатай бол бүр бодлогыг нь гаргаж, захирлыг нь томилох зэргээр зөвхөн өрсөлдөх гол давуу талдаа анхаарах нөхцөлийг бүрдүүлж өгөх юм. Инкубатор, хурдасгуур хөтөлбөрүүд байдаг боловч эдгээр асуудлыг бүрэн цогцоор нь шийдэж байгаа нь ховор. Ингэж дэмжихгүй болохоор ирээдүйтэй стартапууд ямар нэг зүйл дээрээ заавал алдах гээд байдаг. МLab төслийн гүйцэтгэлийг Gravity Lab хэмээх, мөн Сингапурт байгуулагдсан компани хариуцан явж байгаа. Бид MLab-ийг анхнаасаа нөхөрлөл хэлбэртэйгээр, 10 гаруй партнертай байгуулсан. Уламжлалт компанийн бүтцийг эвдэн бүх л зүйл дээр цоо шинэ хэлбэрээр ажиллахыг эрмэлзэж байгаа. Би MLab-ийг 10 жил бодож, сүүлийн 2 жил блокчейн технологийн хөгжил дээр суурилан хэрэгжүүлж байна. Төслөө эхлүүлэх консалтинг дээр л гэхэд маш их анхаарч, дэлхийн менежментийн томоохон компаниудтай хамтран 500 мянган долларын зардал гаргасан. Удахгүй ирэх хоёрдугаар сард маш том мэдээг дуулгахаар бэлдэж байна.

    Саяхан Central Tower-д нээгдсэн M Space бол MLab хөрөнгө оруулалтаар нээгдэх газруудын эхнийх нь юм.

    ТА ХЭР ИХ УНШДАГ ВЭ? ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА?

    Түрүүнд дурдсан өөртөө зориулж хийсэн аппаараа л юм уншдаг даа. Баталгаат эх үүсвэрээс миний сонирхдог сэдэв, түлхүүр үгүүдээр мэдээллийг шүүн багцалж хүргэдэг. Өдөрт 2, 3 цаг зарцуулах нь энгийн үзэгдэл. Бүтэн ном унших нь сүүлийн үед ховор болоод байна. Уншъя гэвэл заавал унтах цагаасаа хомсолж таарах гээд байдаг юм.

    ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМД ДУРТАЙ ВЭ?

    Хөгжим огт мэдэхгүй шүү. Саяхан караокед бараг л 3 дахь удаагаа орсон байх. Дуу мэдэхгүй хүнд зүгээр суугаад хэцүү юм билээ. Lost on You, Despacito зэрэг мэддэг сүүлийн үеийн 3, 4-хэн дуутай.

    Харин кино үзэх дуртай. Дараагийн анги нь тодорхой хугацааны дараа хийгддэг хит кинонуудыг үзэхийн тулд заавал өмнөх ангиудыг нь үздэг заншилтай. Нэг кино үзээд хэсэг хугацааны дараа тэр чигт нь мартчихсан байдаг болохоор яг л шинэ кино үзэх шиг болдог. Тэрэн шиг хүнийг царайгаар нь биш, орчноор нь цээжилдэг. Өмнө нь уулзаж байсан зарим хүн таарчихаад танихгүй болохоор намайг пээдгэр, их зантай гэх нь бий. Уг нь санаатай биш юм.

    ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

    Хүнтэй харилцахдаа би маш нээлттэй хүн. Зорилго, бодлого, стратеги гээд бүх л юмаа хуваалцдаг. Энэ бүгдийг нууцлаад байх нь тийм ч үр дүнтэй биш гэдгийг туршлагаасаа мэдсэн учраас хурдтай ажиллахын тулд бусдад нээлттэй байдаг.

    ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

    Сүүлийн үед дунджаар 4 цаг унтаж байна. 2 цагийн нойртой, 2-3 өдөр нойргүй явах өдөр ч бий. Ер нь нойр гэдэг тансаг хэрэглээ болоод байгаа. Хэдэн жилийн өмнө 4, 5-хан цаг унтдаг гэх хүмүүсийг панаалтай юм гэж боддог байсан бол өөрөө ийм болчихдог юм байна. Дунджаар шөнө 01 цагт унтаад 05 цаг гээд босож байна. Сүүлийн үед жаахан эрт унтаад эрт сэрдэг болохыг хичээж л байна.

    Гэхдээ бага унтах нь мэдээж буруу л даа. Цагаа сайн зохицуулж чадахгүй байгаагийн шинж байх. Олон жил нойрны асуудалтай явсаар байгаад нүд маань хөхөрчихсөн. Ямар сайндаа найзуудаасаа панда гэсэн хоч авч байхав (инээв).

    ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

    Сүүлийн үед үнэндээ чөлөөт цаг байхгүй болоод байгаа. Би чинь авто спортын мэргэжлийн тамирчин, мото спортын сонирхогч хүн. Хөрөнгө оруулагчид маань намайг уралдахыг хориглосон. Амрахаараа буруу юм хийгээд байгаа шиг мэдрэмж төрөөд байдаг. Харин Окогийн “Амарч чаддаггүй хүн амжилттай яваа хүн биш” гэсэн хичээлийг сонссоноос хойш ажиллахдаа ч гэмшээд зовлонтой байна шүү (инээв).

    ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

    Экстрим юм хийж эрч хүч авдаг төрлийн хүн. Адреналинд донтогч гэж ярьдаг. Мэргэжлийн бус хүн байж Дакар Раллид уралдана гэхээр ойлгомжтой байх. Ер нь авто, мото уралдаанд хүн донтдог л доо. Эрсдэлтэй юм хийх тусмаа илүү кайф авдаг. Өөрөө нэг өмдөө 3, 4 жил өмсөж байж машиндаа 500 долларын сэлбэгийг хямдхан юм байна гээд аваад тавьчихдаг. Харин одоо энэ хобби маань хориглогдчихоод байгаа гэж сая хэлсэн дээ (инээв).

    Аль нэг хүнийг, алдартай хүмүүсийг шүтээд сүйд болдоггүй. Харин өглөөдөө Youtube дээр энгийн хүмүүсийн урам зориг өгөх түүхүүдүүдийг тавьчихдаг юм. Тэргэнцэр суудаг хүн хичээгээд хөл дээрээ боссон тухай, асар тарган хүн маш олон кг хаяж турсан тухай гэх мэт фантази маягийн түүхүүдийг сонсохоор зүгээр байдаг юм. Заримдаа яг бодит түүх эсэхийг нь нягтлахаар Wikipedia ухаад суучихна.

    ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

    Дакар Раллид оролцож өөрийгөө олсон түүхээ хуваалцъя. Тухайн үед миний санхүүгийн байдал маш хүнд байсан л даа. Олон төсөл бүтэлгүйтээд, их өртэй болсон байсан. Яаж ч доройтлоо гэсэн, хуушуур хийгээд л босоод ирнэ гэж өөртөө хэлдэг байсан хүнд хүссэн юм хүзүүгээр татах нь тэр. Хуушуур хийх процессийг автоматчилсан франчайз бизнес эхлүүлэх талаар судалж байснаа “За Анар аа, арай ч дээ, хуушуур хийх гэж үү дээ” гээд сэтгэлийн тэнхээ хүрээгүй. Хуушуур хийхгүй байгааг бодоход би бүр туйлдаа хүртэл уначихаагүй байгаа юм байна, унавал унасан шиг унана биз гээд найзуудаасаа мөнгө зээлээд багын мөрөөдлөө биелүүлэхээр Дакар Раллид уралдахаар явсан.

    Би автоспортын тамирчин ч уг уралдаанд машинаар оролцохын тулд баг бүрдүүлэх, 1 сая долларын зардал гаргах ёстой байсан тул мотоциклоор орохоор шийдсэн. Мотоциклоор ороход 100 мянган долларын зардалтай байсан юм. Ингээд 32 насандаа мотоцикл дээр, тэр дундаа уралдааны мотоцикл дээр анх мордож, нэг уралдаанд ороод шууд түрүүлсэн нь итгэл нэмж, бүр хөөргөж орхисон.

    Ингээд энгийн нэг сонирхогч мэргэжлийн тамирчидтай зэрэгцэн, зүгээр барианд барианд орох нь л асар өндөр амжилт гэгддэг Дакар Раллийн замд хөл тавьсан. Элсэн цөлд 40, 50 градусын халуунд 14 хоног 10 мянган км замыг туулаад барианд ороход гурван хавирга хугарч, 11 кг турсан байлаа. Энэ хугацаанд байнга өвчин намдаах эм хэрэглэн зомби шиг л хүн явсан даа. Хамт гарсан зарим тамирчид замын дундаас буцаж байв. Бие дийлэхгүй, болиход бэлэн болоод байсан үедээ 2 ч удаа сэргэлт авсан минь азтай хэрэг байлаа. Эхний хүч өгсөн зүйл нь эхнэрийн маань үг байсан юм. Богд уул шиг элсэн манхан байдаг гэдэгт итгэхгүй байсан хүн 30 км үргэлжилсэн тийм манхдыг туулах болж, дунд нь гацаад байх үедээ эхнэр уруугаа хиймэл дагуулын утсаар ярьдаг юм. Үнэндээ “одоо болно доо, амьд л хүрээд ир” гэсэн үг дуулах гэж хүлээж байтал манай хүн “За яваарай, хүүхдүүд чинь чамайг харж байгаа шүү” гэсэн. Уйлдаггүй хүн чинь нулимс зангираад л явчихсан. Ингэж нэг сэргэж аваад, яван явсаар 13 дахь хоног дээр Андын нуруун дээр эрүү зуураад, амнаас хөөс сахраад, ямар ч тэнхэлгүй болчихсон байлаа. Энэ үед намайг мотоцикл дээр өргөж мордуулсан 2 голландын нэг нь нуруун дээр алгадаад “Mongolians never stop” (Монголчууд хэзээ ч зогсдоггүй юм) гэсэн үг хэлсэн. Магадгүй өөрөөр яагаад ч сэхэхгүй болсон бие маань цэнэглэгдсэн батерей аятай болж, эрээлжилж байсан нүд нээгдээд л ирсэн дээ. Ингээд үлдсэн 189 км-ийг туулж бариандаа орж чадсан.

    Энэ туршлагаасаа би бидний зовлон зүдгүүр гэж боддог зүйлс зөвхөн тархинд л байдгийг ойлгосон. Уралдаанаас ирсний дараа тавьсан өр шир маань үнэхээр жижиг асуудал шиг санагдаж байлаа. Түүнээс өмнө би машин, утасны дугаартаа ач холбогдол өгдөг, хамгийн сүүлийн загварын машин унадаг, ер нь их онгироо нөхөр байсан. Дакар Раллид явснаар би энэ байдлаа өөрчилж, өөрийгөө сорьж, өөрийгөө олсон гэж боддог.

    ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ЮУ ГЭХ ВЭ?

    Өнөөгийн залуучуудын асар их боломж байна. Хямд, хурдтай интернэтийн ачаар юу хүссэнээ хийх боломж гарч ирсэн байна. Оюутан байхдаа би үнэгүй интернэтэд суух гэж хамаг юмаа золиосолдог байв. Одоо менторууд ч их болж. Нэг ментортой байгаад, нэг хэрэгтэй зөвлөгөө сонсоход л олон юмыг товчилж болж байна. Хүсэл зорилго байхад л өргөн мэдлэгийг хавтгай дэлхийн хаанаас ч авах боломж бүрдсэн цаг үед бид амьдарч байна.

    Залуучууд том мөрөөдөлтэй байх хэрэгтэй. Мөрөөдөлдөө хүрэхийн тулд зорилго тавьж, түүндээ шат шатаар дөх. Өөрийн хүсэж мөрөөдсөн зүйлийг хий. Эцэг эх, нийгмийн хүлээлтийг дагах албагүй. Манай үеийнхнээс нийгмийн хүлээлтийг даган өөрийгөө золиосолсон хүн олон байдаг. Материаллаг хэрэглээнд ач холбогдол өгөхөөс илүүтэй эрдэм мэдлэг, авьяас чадвартаа хөрөнгө оруулахыг эрмэлзээрэй.

    Эцэст нь, хоббитой бай, хобби бол аз жаргалын үндэс шүү гэж хэлье.

    Эх сурвалж: https://unread.today/

  • Цэмбэлийн ДАШЗЭВЭГ- Зохион бүтээгч, Тана үйлдвэрийг үндэслэгч


    Монгол Улсын Шилдэг зохион бүтээгч. “Тана” брэндийг үндэслэгч. “Монхими” ХХК-ны захирал.

    Говь-Алтай Халиун суманд төрсөн. МУИС-ийг Төсөвлөгч- Эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн. ХҮ-ийн Тэргүүний ажилтан, Эдийн засгийн ухааны дэд эрдэмтэн

    1990 онд “Монхими” ХХК-ийг байгуулан одоо болтол 24 жил ерөнхий захирлаар ажиллаж байна. Тус компани нь угаалгын нунтаг, саван, ноос ноолуур угаагч зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхлээд одоо савангийн бүх төрөл нунтаг, шингэн, хатуу саван, аяга таваг угаагч, ноос ноолуур угаагч-анионы саван зэргийг үйлдвэрлэж үйлдвэр аж ахуйн байгууллага болон хүн амын хэрэгцээнд нийлүүлж байна. Анх гар ажиллагаатай үйлдвэр байсан. Мөн эдгээр бүтээгдэхүүнүүдийг өөрийн боловсруулсан технологийн дагуу үйлдвэрлэсэн. Тухайлбал угаалгын нунтагийн жорыг ОХУ-ын эрдэмтдийн ном бүтээлүүдийг уншиж судлан түүхий эд материал болон техник төхөөрөмжиндөө тохируулан хийсэн.

    2000 онд банкны барьцаанд хураагдсан “Омо”-гийн гэсэн тодотголтой, таслаж огтлон хураалгаатай байсан тоног төхөөрөмжийг тус банктай гэрээ байгуулан авч бүтэн жил засварлан босгож өөрийн боловсруулсан технологид тохируулан хатаалга, урсац, ширхэглэлт, найруулагыг тохируулан зарим нэг өөрчлөлт (вакуум насосууд, циклон, хатаалгын вентеляторыг шинээр угсарч)хийн ажиллуулснаар өдөртөө 3-4тн 1-р зэрэглэлийн угаалгын нунтаг хийх хүчин чадалтай автомат шугамыг ашиглалтанд оруулж байнгын ажиллагаатай болгосон.
    Мөн эх орны нууруудын шүүнээс сульфат натри гарган авч угаалгын нунтаг хийхдээ ашигладаг. Анхлан “Тринатрифосфат”-ыг үйлдвэрлэн ТЭЦ-4-д 40тн-ыг нийлүүлж байв. Эдгээр ажлынхаа дүнд 2005 онд Монгол Улсын Шилдэг Зохион Бүтээгч Цолоор шагнуулсан.
    2009 онд хуучин савангийн үйлдвэрийн1970-аад оны үед ажиллаж байсан хатуу буюу эдийн болон гарын савангийн үйлдвэрийн үндсэн тоног төхөөрөмжийг авч хатуу савангийн 2 шугамтай болсон. Хуучин Оросын төхөөрөмжийг засч янзлахад харьцангуй амар байсан боловч нийтдээ 8 сарын хөдөлмөрөө зарцуулсан. Одоо манай компани Монголдоо байгаа түүхий эдээр савангийн бүх төрөл (Тана угаалгын нунтаг,Тана эдийн саван, гарын саван, гарын шингэн саван, аяга таваг угаагч саван, ноос угаагч- НУ-1, НУ-2, халгайтай саван- Соёолж)- ийг үйлдвэрлэж (импортыг орлон, экспортонд гаргаж) байна.
  • Дандарпэрэнлэйн ГАН-ОД- Электроник үйлдвэрлэл

    Электоникийн ODEL брэндийг үндэслэгч, Монголын Электрон Төхөөрөмж Үйлдвэрлэгчдийн Холбооны тэргүүн, Өндөр технологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх Hi Tech Park төслийг санаачлагч.

    1990- 1999 он хүртэл ОХУ-ын Санктпетербург хотын Технологийн Их Сургууль, ШУТИС- ХМТСургуулийг тус тус дүүргэсэн.

    1999- 2003 онд “Датаком” ХХК-ийн системийн инженер, 2003- 2006 онд Интер банкны мэдээлэл технологийн газрын дарга, 2006- 2007 онд БНСУ, EC Technology Co.,Ltd-ний сүлжээний инженер, 2007- 2008 онд БНЭУ, Micro Technologies Co.,Ltd-ний сервер администатор, 2008- 2009 онд АНУ, “Destron Fearing Co.,Ltd-ний системийн инженерээр тус тус ажилласан туршлагатай.

    2008 онд “Дүйнхэр Тэргүүн” ХХК-ийг програм хангамж, техник хангамж, компьютер тоног төхөөрөмжийн худалдаа, үйлчилгээ эрхлэх зорилгоор үүсгэн байгуулсан. 2012 оноос ODEL брэндийг шинээр буй болгож, электроникийн үйлдвэрлэлд шинэ технологи нэвтрүүлэн, өөрийн брэнд бүтээгдэхүүнүүдээ зах зээлд нэвтрүүлж эхэлсэн. 2012 оноос Япон улсын “KSJ” компанитай бизнесийн түншлэлээ өргөжүүлж, хамтран ажиллаж эхлэсэн.

    Тээврийн хэрэгслийн хяналтын систем, Мал, амьтны хяналтын систем, ODELхөтөч, ODELэлектрон тоолуур зураг бүтээгдэхүүний дизайн, програм хангамжийг зохион бүтээсэн.

    Мэдээлэл технологийн салбарт ажилласан 18 жилийн мэдлэг, дадлага туршлагадаа тулгуурлан өндөр технологийн PCB үйлдвэрийг Монголд байгуулах зорилгоор ажиллаж байна.

    https://www.facebook.com/profile.php?id=1000089585…

  • Лхагважавын АРИУНБОЛД- Базальт чулуун хөвөн зохион бүтээгч, инженер

    Базальт чулуун хөвөн зохион бүтээгч, инженер

    Говь-Алтай аймагт төрсөн.

    Монгол базальт ХК-ийн ТУЗ-ийн дарга Л.Ариунболд нь ЗХУ-н Свердловскийн Уралын Политехникийн Дээд сургуулийг Цахиурын эрдсийн ислийн хайлах хими технологийн Инженер мэргэжлээр төгссөн бөгөөд мэргэжлийнхээ дагуу базальт чулуу ашиглан чулуун хөвөн дулаан тусгаарлагч бүтээгдэхүүний үйлдвэр байгуулах санааг гаргаж Дани, ОХУ, БНХАУ болон Европын улс орнуудын туршлагыг судалсны үндсэн дээр эрдэст чулуун хөвөн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төслийг 2000 онд боловсруулснаар бизнесийнхээ суурийг тавьжээ.

    2000 оноос Базальт эрдэс чулуунд суурилсан дулаан тусгаарлагч материалын үйлдвэрлэлийн технологи хөгжүүлэх Эрдэм шинжилгээ судалгаа, сорил туршилтын ажлууд дээр Орос, Герман, Дани, Япон, Хятад зэрэг улсуудын Технологи хөгжүүлэлтийн Эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллаж туршилтын үйлдвэрлэлийг амжилттай хэрэгжүүлж, Дэлхийд аравхан улс эзэмшдэг энэхүү өндөр технологийн “НОУ ХАУ”-г Монгол эх орныхоо эрдэст түүхий эд болох базальт чулуунд түшиглэн боловсруулж, өөрийн өвөрмөц орц шийдлийг гарган Монгол улсын Оюуны Өмчийн Газраар баталгаажуулан патент авч 2007 онд үйлдвэрээ ашиглалтанд оруулан “BASALTWOOL” брэнд нэрээр Монгол улсын Барилга, Аж Үйлдвэрийн салбарын зах зээл, иргэд хэрэглэгчиддээ нийлүүлээд даруй 11 жил болсон байна.
    Өнөөдөр Монгол Базальт ХК дэлхийн аж үйлдвэрлэлийн 4 дэх хувьсгал, хөгжилд оролцож эдийн засгийн үр өгөөжөөс нь хүртэх ирээдүйг ойртуулах дараагийн шатанд гарах технологи инновацийн шийдэл бүхий алхам хийж байна.
    Дэлхийн хүн төрөлхтний өмнө тулгамдсан асуудал болоод байгаа дэлхийн дулаарал, хүлэмжийн хийг бууруулах хамгийн хялбар арга зам бол барилгын эрчим хүчний зардал, дулааны алдагдлыг 40% бууруулах юм. Бидний үйлдвэрлэж буй базальвүүл чулуун хөвөн тусгаарлагч материалаар барилга, орон сууцаа дулаалснаар нийслэлийн агаарын бохирдлыг 65%, дуу чимээний дарамтыг 40%, галын аюулгүй байдлын эрсдэлийг 100% бууруулж байгаа нь бидний өмнө тулгараад буй агаарын бохирдол, галын аюулын гамшгийг шийдвэрлэхэд хамгийн хялбар шийдэл болох бүтээгдэхүүн болж байна.
    Дэлхий дахинд базальт чулуун мяндсан утасны композит шинэ материалын эрин зуун эхэлж байна. Базальт мяндсан утсаар базальтан арматур, труба, даацын геосетка, сүлжмэл базальтан даавуу, бетон цутгамал хийц, асфалтан замын хүчитгэгч хялгасан базальт болон автомашин, нисэх, усан онгоц хүнд, хөнгөн аж үйлдвэрлэлийн салбарт өргөн ашиглах ирээдүй ирж байна. Энэ бүх технологи “НОУ ХАУ”-г Монгол Базальт ХК 20 гаруй жилийн туршид хөгжүүлж туршилт, сорил судалгааны үр дүнд гарган авч үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд бэлэн болголоо.
    Галт уулын магмын халуун хайлмагын царцдасаас тогтсон базальт чулууг олборлож Basaltwool үйлдвэрийн түүхий эдийг бэлтгэх; Basaltwool брэнд нэрээр барилга, эрчим хүч, хөдөө аж ахуй, аялал жуулчлалтын салбарт дулаан тусгаарлах, дуу чимээ тусгаарлах буюу тохируулах зориулалттай rockwool чулуун хөвөн дулаан тусгаарлагч материал үйлдвэрлэх, борлуулах; Basaltwool материал болон базальт чулуунд үндэслэсэн бусад төрлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх төсөл боловсруулах, хэрэгжүүлэх Эрчим хүчний хэмнэлт, дулааны алдагдлыг бууруулах чулуун хөвөн бүтээгдэхүүнийг хэрэглээнд өргөн нэвтрүүлэх аргаар дэлхийн дулаарлыг бууруулах, агаар мандалд ялгарах нүүрсхүчлийн хийг бууруулах, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад дорвитой хувь нэмэр оруулах. Үүний тулд улс, орны бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын томоохон төслүүдтэй хамтран ажиллах. Компани нь стратеги зорилтыг хэрэгжүүлэхдээ компанийн засаглалын зарчмыг удирдлага болгон зохион байгуулалтын хэлбэрээ сонгосон.Түүнчлэн, хүний нөөцийг хөгжүүлэх, үйлдвэрийн аюулгүй байдлыг хангах, бүтээмжийг нэмэгдүүлэх, цэвэр үйлдвэрлэл явуулах, нийгмийн хариуцлагатай бизнесийг хөгжүүлэх бодлогыг баримтлан ажиллана. 

    Ярилцлага унших
    Видео үзэх


    href=”https://www.facebook.com/BasaltAriunbld/”>https://www.facebook.com/BasaltAriunbld/

  • Даньдайгийн ЖАРГАЛСАЙХАН- Зохион бүтээгч инженер

    Аж үйлдвэрийн гавъяат ажилтан, Монгол Улсын зөвлөх инженер, Монголын Төмөрлөг, Машин үйлдвэрлэлийн үндэсний холбооны дэд ерөнхийлөгч, Монголын зохион бүтээгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга, Аж үйлдвэржилийг дэмжих ард түмний хөдөлгөөний тэргүүн. “JEA-800” троллейбус, “JEA-800M” электробус, “JEA-800F” дуобус, “JEA-800D” монбусны угсралт үйлдвэрлэлийн технологийг боловсруулсан.

    Даньдайгийн Жаргалсайхан нь Ховд аймгийн Булган суманд төрсөн. Ам бүл 7, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Тэрээр 1973- 1983 онд Ховд аймгийн Булган сумын 10 жилийн дунд сургууль, 1983- 1988 онд Чехословак улсын Жилина хотын Тээвэр Харилцааны Дээд Сургуулийг Нийтийн тээврийн хэрэгслийн засвар ашиглалтын инженерээр, 1996 онд Англи улсад удирдлагын менежментийн курсийг тус тус төгссөн. Тэрээр 1988 оноос Цахилгаан Тээвэр компанид график маршрутын техникч, график маршрутын инженер, төв диспетчер, засварын мастер, засварын депогийн дарга, засвар ашиглалт хариуцсан дэд захирал, ерөнхий инженер, ерөнхий захирлаар дэвшин ажиллажээ.

    1980-1990 онд хуучнаар ЗХУ-д сургаж авсан олон инженер техникийн ажилтан ажилчид ажлаа хаяж наймаа бизнес хийж эхэлснээр Цахилгаан тээвэр компани мэргэжлийн ИТА, ажилчдаар дутагдаж эхэлсэн ба тухайн үед троллейбусны засвар үйлчилгээний инженер, засварчдыг шинээр элсүүлэн сургах дадлагажуулах ажлыг зохион байгуулах замаар троллейбусны техник ашиглалт аюулгүй ажиллагааг хангажээ. ЗХУ-с хамааралтай байсан троллейбусны сэлбэг эд анги эрс хомсдож нийт паркийн 50 хувь нь сэлбэг эд ангигүй зогсох үед троллейбусны зарим нэр төрлийн эд ангийг троллейбусны депогийн тоног төхөөрөмж болон Төмөр Замын Засварын Депо, Эрдэнэтийн Уулын Баяжуулах Үйлдвэрийн засвар механикийн заводтой хамтран үйлдвэрлэснээр хүнд байдлаас гарч чаджээ. Энэ үед бүх төрлийн резин сальник, тусгаарлагч материал башмак, башмакны тусгаарлагч, хацар втулкнууд ДК-210, ДК-408, ДК-661 хөдөлгүүрүүдийн статор, якорыг бүрэн ороох, хийн системийн тунгаар үл хөлдөөгч, троллейбусны хойд тэнхлэгийг ЛИАЗ автобусны төв редуктор тохируулан тавих гэх мэт олон шинэ санаачлага гарган үйлдвэрлэлд нэвтрүүлснээр троллейбусны техникийн бэлэн байдлыг шугамын графикт үйлчилгээг хангах түвшинд хүргэж байсан.

    Троллейбусны засвар, техникийн үйлчилгээг графикийн дагуу, технологийн өндөр шаардлага тавин хангуулж ирснээр троллейбусны насжилтыг уртасгаж нийт хөдлөх бүрэлдэхүүний гүйлтийн нормыг 2-4 дахин давуулан явуулж. улс орны хөрөнгө хомс, троллейбусны паркийг шинэчлэх чадамжгүй үед цахилгаан тээврийн үйлчилгээг тасалдуулахгүй байх техник технологийн олон талт ажлыг амжилттай зохион байгуулж парк шинэчлэх хөрөнгө оруулалтыг хэмнэснээр эдийн засгийн ихээхэн үр ашгийг улс орондоо оруулсан инженер билээ. Д.Жаргалсайхан нь 2004 онд Цахилгаан тээвэр тус компаний захирлаар томилогдон нийтийн тээврийн салбарт алдагдалтай ажиллаж байсан компанийг алдагдалгүй болгож 2006 онд JEA-800 загварын троллейбусыг дотооддоо угсрах ажлыг зохион байгуулжээ.

    Дотооддоо троллейбус угсрахын сацуу ашиглалтанд байсан ЗИУ-683 маркын троллейбуснуудад техник технологийн шинэчлэлийг хийж засвар ашиглалтын зардлыг бууруулж компаниа санхүү эдийн засгийн хүндрэлээс гарган троллейбусны гүйлт, насжилтыг уртасгаж чадсан.

    Монголд үйлдвэрлэсэн Троллейбус үйлчилгээнд гарлаа

    Энэ ажлын хүрээнд ЗиУ-683 маркын орос троллейбусны өндөр болон нам хүчдэлийн хэлхээний электро механик удирдлагатай хоцрогдсон системийг транзисторын удирдлагын систем рүү бүрэн шилжүүлсэн ба троллейбусны хий системд ашигт үйлийн коефцент өндөртэй бага оврын тоног төхөөрөмжүүд суурилуулах замаар ОХУ-аас авдаг өндөр үнэтэй олон нэр төрлийн сэлбэгийн зардлыг хэмнэж чадсан.

    Даньдайгийн Жаргалсайхан нь 2006 оноос эхлэн троллейбусны техник ашиглалт аюулгүй ажиллагаа болон зорчигчдийн тав тух аюулгүй байдлыг хангах, техник технологийн шинэчлэлт хийхийн зэрэгцээ хэдийгээр санхүүгийн хүнд нөхцөлд ажиллаж байсан ч 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг угтаж Монгол улсын MN55773:2007 Стандартын шаардлага хангасан JEA-800 маркийн транзисторны удирдлагатай анхны троллейбусыг Монгол улсдаа угсран үйлдвэрлэж чадсан нь ард иргэдийн болон төр засгийн байгууллагуудын халуун дэмжлэгийг хүлээсэн юм.

    2007 онд JEA-800М загварын электробусыг угсран үйлдвэрлэж иргэдийн үйлчилгээнд гаргаснаар тус компаний хамт олон цаашид цахилгаан тээврийн хэрэгслийг Монгол улсдаа угсран үйлдвэрлэх техник технологийн мэдлэг, чадвартай гэдгээ батлан харуулсан.

    Цахилгаан тээвэр компаний хамт олны уйгагүй хөдөлмөр зүтгэл, мэргэжлийн ур чадвараар бий болсон JEA-800 загварын троллейбус, JEA-800M загварын электробуснууд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг дарга нарын дэмжлэгийг хүлээж 2008 оноос анхны хөрөнгө оруулалт хийж эхэлсэн билээ.

    ОХУ-ын Москва хотын “Мосгортранс” үйлдвэрийн газар болон Улаанбаатар хотын хоорондын гэрээний дагуу Москва хотын Троллейбусны заводаас нийлүүлэгдсэн 12 ширхэг троллейбусны каркасан дээр троллейбусны цахилгаан болон механик эд анги, тоноглол, агрегат, кузовын дотор салоны угсралтын ажлуудыг амжилттай гүйцэтгэн 2008, 2009 онд ашиглалтанд оруулсан. Мөн Нийслэлийн төсвөөс 2008, 2009 онд нийт 1,0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн бөгөөд энэхүү мөнгөөр 12 ширхэг UBMOS загварын троллейбусыг ОХУ-ын Москва хотын Троллейбусны Заводтай хамтран угсран үйлдвэрлэж үйлчилгээнд гаргасан.

    Компаний санхүүгийн дотоод нөөц боломжийг шавхан дайчлах замаар 2008 онд Солонгос улсын Huyndai фирмийн “Huyndai Aero City-540” маркийн автобусанд реконструкци хийж “JEA-800Т” загварын троллейбус угсран үйлдвэрлэж нийслэлчүүдийн үйлчилгээнд гаргасан нь мөн дэмжлэгийг хүлээж 2009 онд Улаанбаатар хотын Агаарын Бохирдлыг Бууруулах төслийн хүрээнд 500,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг авснаар 2009 онд “JEA-800Т” загварын 15 троллейбус угсран шугамын үйлчилгээнд гаргав.

    2007 оноос “JEA-800F” загварын дуобус угсран үйлдвэрлэх техникийн зураг, тооцооллыг хийж дуусган 2008 онд хосолмол хөдөлгүүртэй “JEA-800F” загварын дуобусыг анх удаа нийслэлчүүдийн үйлчилгээнд гаргаж чадсан нь цахилгаан тээврээр үйлчилгээ эрхэлдэг мэргэжлийн олон хүмүүсийн анхаарлыг зүй ёсоор татсан.

    2009 онд Казакстан улсын захиалгаар “JEA-800F” загварын 2 ширхэг дуобусыг экспортонд гаргасан нь Монгол хүний ур чадвар, мэдлэг оюун, нарийн технологи шингэсэн тээврийн хэрэгсэл харь орон руу зорьсон анхны тохиолдол болсон юм.

    Мөн БНХАУ-ын Ченду хотын Цахилгаан тээврийн компаний тээврийн хэрэгслүүд дээр “JEA-800F” маркийн дуобусны хөдөлгүүрийн хосолмол систем нэвтэрсэн.

    2010 онд нийтийн тээврийн цахилгаан машины 5 дахь загварыг гарган авч тэжээлийн 3 эх үүсвэртэй “JEA-800D” загварын Монбус 1-ийг, “JEA-800” маркийн троллейбус 4 ширхэгийг үйлдвэрлэж нийслэлчүүдийн үйлчилгээнд гаргасан юм. Мөн тус онд Японы суудлын автомашин дээр технологийн шинэ шийдэл гаргаж агаар орчин бохирдуулдаггүй цахилгаан машин болгох туршилтыг амжилттай гүйцэтгэжээ.

    БҮТЭЭЛ

    “JEA-800” троллейбус, “JEA-800M” электробус, “JEA-800F” дуобус, “JEA-800D” монбусны угсралт үйлдвэрлэлийн технологи

    Өндөр болон нам хүчдэлийн хэлхээний ачааллын тооцоолол.

    Д.Жаргалсайхан. Дуобус пассажирский двухосный модифакция JEA-800F, руководство по эксплуатаций (ном).

    “JEA-800” троллейбус угсрах MN:5773:2007 стандарт.

    “JEA-800” маркын троллейбус, дуобус, монбус угсрах үйлдвэрийн байрны стандарт.

    “JEA-800” загварын троллейбус, дуобус, монбус “J-800” загварын автобусны угсралт үйлдвэрлэлийн технологи

    боловсруулах ажлыг гардан зохион байгуулжээ.

    Үүнээс гадна том оврын дизель хөдөлгүүртэй автобусыг байгалийн хий /CNG/ түлшинд шилжүүлэх техник технологийн судалгааны ажлыг хийж, цахилгаан таксины бааз байгуулах төсөл зэрэг Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад ач холбогдол бүхий төслүүдийг боловсруулжээ. Тэрээр МОН-900 маркийн үтрэмийн будаа ачигч, Япон улсын Хонда фирмийн Honda Dazu маркын суудлын автомашинд суурилсан суудлын цахилгаан машин угсрах техникийн зураг баримт бичгүүдийг боловсруулж үйлдвэрлэн гаргажээ. Монгол улсын Төмөрлөг Машин Үйлдвэрлэлийн Үндэсний Холбоог санаачлан байгуулагчийн нэг бөгөөд энэ холбооны шугамаар улс орны Төмөрлөг машин үйлдвэрлэл, өндөр технологийн үйлдвэрлэлийн салбарыг сэргээн босгох үйлсэд хувь нэмрийг оруулж байна.

    Ярилцлага унших

    https://www.facebook.com/jak.xoshuud/
    https://twitter.com/d_jargalsaixan

  • ​Рэнцэнлхүндэв МЯДАГМАА- Нанотехнологич, нано даавуу зохион бүтээгч

    Нанотехнологич, нано даавуу зохион бүтээгч

    Дэд профессор, доктор (Ph.D) Р.Мядагмаа 1995 онд ТИС-ийг Сүлжмэлийн технологич мэргэжлээр төгссөн. 2000 онд ШУТИС, 2004 онд Германы Дрездений Техникийн Их сургуульд магистрын зэрэг хамгаалсан. 2007 онд Германы Штутгардын их сургуульд “Нано жижиг хэсэг үүсгэх, түүгээрээ нэхмэл материал боловсруулаад өвөрмөц, давуу шинж чанартай материал үйлдвэрлэх” сэдвээр докторын зэрэг хамгаалсан.

    Доктороо хамгаалсны дараа Германд 4 жил нано технологийн чиглэлээр ажилласан. Герман Улсад 10 гаруй жил ажиллаж, сурч, судалгааны ажил хийхдээ нано технологийн аргаар даавуу боловсруулах патент авч, үйлдвэрлэлд нэвтрүүлэх зөвшөөрөл авсан. Энэ нь Герман болон Европын холбооны хэд хэдэн улсад үр дүнгээ өгсөн.

    Монголдоо ирээд 2015 онд “Эрдэнэт текс” компанийн ноос угаах үйлдвэр, “Эрдэнэт кашмер”, МУШУТИС хамтран нано даавууны үйлдвэр байгуулсан.

    Нано даавуу нь бохирддоггүй, шороо тоос нэвтрэхгүй, ус, тос болон шингэний гаралтай бохирдол дотогш нэвчихгүй, хүчил, шүлт зэрэг химийн бодисонд түлэгдэж элэгдэхгүй, гандахгүй гэдгээрээ онцгой давуу талуу талтай. Нано даавуугаар уул уурхай, үйлдвэрийн ажилчдын хувцас, сурагчдийн дүрэмт хувцас, гэрийн бүрээс гэх мэт олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой. Нано даавууг хэрэглээнд нэвтрүүлснээр эдийн засаг, эрүүл мэнд, байгаль экологид ээлтэй юм.

    АЖЛЫН ТУРШЛАГА

    1998- 2001 он Техникийн их сургуулийн багш;

    2001- 2003 он ХБНГУ-ын Дрезден хотын Их Сургуульд судлаач;

    2004- 2007 он ХБНГУ-ын Штутгард хотын Их Сургуульд ЭША, багш;

    2007- 2010 он ХБНГУ-ын Dolan GmbH-д инноваци хариуцсан менежер;

    2010 оноос МУШУТИС-ийн дэд профессор;

    БОЛОВСРОЛ

    1995 онд Техникийн их сургуулийн Хөнгөн үйлдвэрийн технололгич, Бакалавр (B.Sc);

    2000 онд Монгол Улсын Техникийн их сургуульд Магистр;

    2003 онд ХБНГУ, Дрезден хотын Их Сургуульд Техникийн ухааны Мастер;

    2007 онд ХБНГУ, Штуттгард хотын Их сургуульд “Preparation and Application of Nanoparticles finishing on Textiles” сэдвээр Байгалийн Шинжлэх Ухааны Доктор (Dr.rer.nat);

    АЖИЛЛАСАН ТӨСӨЛ

    Дотоодын төсөл

    2011- 2013 он “Нанотехнологийн аргаар ус, хир үл нэвтрэх даавууны үйлдвэрлэл” сэдэвт инновацийн төсөл;

    2010- 2012 он “Монгол хонины ноосны гүн боловсруулалтын түвшинг дээшлүүлэх шинэ арга технологи” төсөл;

    2009- 2011 он “Ноос ноолууран бүтээгдэхүүний чийглэг орчинд үнэр өгдөг шинж чанарыг нанохэмжээсийн түвшинд судлах” суурь судалгааны төсөл;

    2008- 2010 он “Биоцид идэвхитэй бодис бүхий ургамлаар нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүнийг боловсруулж бичил биетний хөнөөлөөс хамгаалах технологи” төсөл;

    Гадаадын төсөл

    2011 он Herstellung der wasserabweisenden Textilien mit Nanopartikeln und Anwendung fuer die Jurte;

    2012 он Untersuchung des Waschvorgangs von Rohwolle und deren Waschmittel und Hilfsmittel;

    2013 он Mongolia- Korea Textile Technology Cooperation Program;

    2014 он Inspriring Felt;