Category: гэгээрэл-боловсрол

  • Дашцэвэгийн НОННА

    Нэрт сурган хүмүүжүүлэгч

    Бага насны хүүхэд, сургуулийн өмнөх боловсролын асуудалд ухаан бодол, сэтгэл зүтгэл, бүх л амьдралаа зориулж яваа нэрт сурган хүмүүжүүлэгч. Тэрбээр Монгол улсад орчин цагийн хүүхдийн цэцэрлэгийг хөгжүүлэх, багшлах болон удирдах боловсон хүчин бэлтгэх, цэцэрлэгийн сургалтын хөтөлбөр боловсруулах, бага насны хүүхэд, эцэг эхэд зориулсан ном, гарын авлага бүтээх гээд өргөн хүрээний ажил хөдөлмөр эрхэлсээр ирсэн нөр их хөдөлмөрч бүтээлч хүн билээ.

    Д.Нонна багш 1935 оны 5 дугаар сарын 30-нд Дашзэвэгийн анхны охин болон Москва хотод төрсөн. 1942- 1951 онд Улаанбаатар хотын орос 1- р сургуулийн бага, бүрэн бус дунд сургуулийг төгсжээ.

    1953- 1957 онд Улсын багшийн институтыг орос хэлний багш мэргэжлээр төгсөж, 1957 оны 8 дугаар сарын 15- с Улаанбаатар хотын Багшийн сургуульд орос хэлний багшаар томилогдон ажиллахын сацуу 1959- 1962 онд цэцэрлэгийн мэргэжилтэн В.Ф.Максаковагийн орчуулагчаар хавсран ажилласан.

    1962-1963 оны хичээлийн жилд Цэцэрлэгийн багшийн сургууль Багшийн сургуулиас тусгаарлан гарахад Д.Нонна багш орос хэлний болон сургуулийн өмнөх насны хүүхдийн дүрслэх урлаг, байгаль заах арга зүй, гэр ахуйн хичээлийг давхар зааж байсан. Ингээд 1963-т1967 онд Эрхүү хотын Багшийн дээд сургуульд суралцан сургуулийн өмнөх сурган, сэтгэл судлал, арга зүйч мэргэжлээр төгсөж ирсэн.

    1967- 1970 онд Ардын Боловсролын яамны боловсон хүчний хэлтэс ба Хүүхдийн цэцэрлэгийн хэлтэст мэргэжилтэн, 1970-1981 онд СХУ-ны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1981-1990 онд Ардын Боловсролын яаманд хүүхдийн цэцэрлэгийн хэлтсийн даргаар тус тус томилогдон ажиллаж байгаад, 1990 онд өндөр насны тэтгэвэрт гарсан.

    1982 онд “Боловсролын хууль”-ийг боловсруулах үед хуулийн хоёрдугаар бүлэг болох “Сургуулийн өмнөх насны хүүхдийн хүмүүжил” гэсэн бүлгийг боловсруулан оруулсан нь сургуулийн өмнөх боловсролын эрх зүйн орчин бүрдэх чухал суурь болсон.

    1991- 1994 онд нийслэлийн 147 болон 122 дугаар цэцэрлэгүүдэд арга зүйч багш, Монген сургууль, Америкийн гэр цэцэрлэгт зөвлөх багшаар ажилласан байсан. Мөн “Өүлэн ээжийн төв” ТББ байгуулж, цэцэрлэгт хамрагдаагүй олон хүүхдийг сургуульд бэлтгэх буянт үйлсийг хийж ирсэн.

    ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ, БҮТЭЭЛ ТУУРВИЛ

    1970- 1981 онд Сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байхдаа сургуулийн өмнөх 0-6 настай хүүхэд дээр судалгаа хийж, түүн дээрээ тулгуурлан цэцэрлэгийн хүмүүжил, сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгон 1976 онд “Цэцэрлэгийн хүмүүжил сургалтын програм”, 1982 онд шинээр “Яслийн хүүхдийн хүмүүжил сургалтын програм”-ыг орон тооны бус эрдэм шинжилгээний ажилтнуудтай хамтарч боловсруулж гаргасан.

    1986 онд “Сургуулийн өмнөх 0-8 насны хүүхдийн хүмүүжил, сургалтын програм” бүтээлийг холбогдох хүмүүстэй хамтран гаргасан. Энэхүү хөтөлбөрт 3-7 насны монгол хүүхдийн үгийн санг нэмэгдүүлэх асуудлыг судалж тусган мөн сургуулийн өмнөх насны хүүхдийг мал аж ахуйтай танилцуулах агуулгыг 1-7 насны хүүхдэд ямар дэс дараатай эзэмшүүлэх аргыг судалж, боловсруулан оруулсан нь шинэлэг зүйл байв.

    1986 оны сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд багш нарт гарын авлагууд нэн хэрэгцээтэй байсан тул оросын эрдэмтдийн заах аргын гарын авлагаас зохиомжлон орчуулж, мөн өөрийн орны онцлог дээр тулгуурлан багш нарт зориулсан зарим гарын авлагыг боловсруулан гаргах ажил хийгдсэн. Тухайлбал, Д.Нонна, Ц.Удэрпил, Д.Пунцаг, Ванчиг нарын “Сургуулийн өмнөх насны хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх арга зүй”, Д.Нонна, П.Дулмаа нарын “Сургуулийн өмнөх насны хүүхдийг байгальтай танилцуулах арга зүй”, Д.Нонна, Га.Цэрэндорж нарын “Сургуулийн өмнөх насны хүүхдэд биеийн тамир заах арга зүй” гэсэн номуудыг дурдаж болох юм. Мөн Ж.Лхагвасүрэн, А.Батжаргал нарын “ Сургуулийн өмнөх насны хүүхдэд дуу хөгжим заах арга зүй”, Ш.Гандолгор, Ч.Түмэндэлгэр нарын “Сургуулийн өмнөх насны хүүхдэд дүрслэх урлагын хичээл заах арга зүй” гэсэн заах аргын анхны гарын авлагуудыг дурдаж болно.

    1970 оноос сургуулийн өмнөх насны хүүхдэд уншиж өгөх уран зохиолыг сонгон түүвэрлэж, зохиолуудын агуулга нь хүүхдэд хэр ойлгомжтой, хүмүүжлийн ач холбогдол, хэллэг, үгийн давтамж, хэмжээ, үгийн утга зэрэг нь энэ насныханд хэр зохицохыг судалсны үндсэн дээр 1-7 настай хүүхдэд зориулан “Багачууддаа уншиж өгөөрэй” 1, 2 ном гаргаж, түүнийгээ 2 удаа хэвлүүлэн цэцэрлэгийн багш, ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш, эцэг эхийн гарын авлага болгосон.

    НИЙГМИЙН ЗҮТГЭЛТЭН

    Д.Нонна багш 1994 оноос “Өүлэн ээжийн төв” төрийн бус байгуулага байгуулж, Английн хүүхдийг ивээх сан, Монголын хүүхдийн эрхийн төв, Хатагтай нийгэмлэг, Дэлхийн зөн зэрэг олон улсын байгууллага, Сонгинохайрхан дүүргийн Гэгээрэл төв, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул дүргийн зарим хороо, Дархан-Уул, Өвөрхангай, Архангай, Өмнөговь аймгийн зарим ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгтэй идэвхтэй хамтран ажилласаар ирсэн. Энэ байгууллагынхаа шугамаар цэцэрлэгт хамрагдах боломжгүй малчдын болон гэр хорооллын хүүхэд болон эцэг эх, явуулын багш нарт зориулсан 11 төрлийн гарын авлага боловсруулан холбогдох хүмүүс, хүүхдэд хэрэглүүлж ирсэн.

    Д.Нонна багш “Өүлэн эхийн оюуныг бадраах клуб”- тэй хамтран 2007 оноос одоог хүртэл дүүрэг, аймаг орон нутгийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчид, эцэг эх, эмээ өвөө, ахмадууд, хорооны хөдөлмөрчдийн дунд “Хүүхдийн хүмүүжилд гэр бүлийн оролцоо”, “Хүн болохын учир”, “Хүүхэдтэй хэрхэн яаж харьцах, гэр бүлийн гишүүдийн харьцаа”, “Эрүүл явахын учир” зэрэг “Гэр бүлийн зан байдал төлөвшилтийн цогц сургалт” сэдвээр нийт 150 байгуулага 25,000 хүнийг хамарсан сургалт хийсэн байна.

    http://xvvxed.blogspot.com

  • Булхарын ХАНДАА

    Сэтгүүлч мэргэжилтэй, урлагийн менежментийн чиглэлээр Австри Улсын Вена хотод ажиллаж амьдардаг.

    Австри Улс дахь Монгол оюутны холбооны үүсгэн байгуулагчдийн нэг.

    Австри дахь Монгол соёлын нийгэмлэгийн тэргүүн. Австри Улсад төрж өсөж буй Монгол хүүхдүүдээ монгол хэл, соёлоо мэддэг монгол хүн болгож хүмүүнжүүлэхийн тулд тууштай зүтгэж яваа нэгэн. Өөрийн санаачилгаар Вена хотод Монгол хэл соёлын сургуулийг байгуулан ажиллаж байна. Цаашид сонгодог урлагийн өлгий гэгддэг Австри улсад байгаа сонгодог урлагийн бизнесийн боломж, зах зээлд монгол авъяас чадварыг гаргахын тулд хоёр улсын соёлын харилцааны гүүр болох зорилго тавин ажиллаж байгаа. Энэ чиглэлээр хамтран ажиллах боломжтой.

    https://www.facebook.com/handa.bulkhar

  • З.Түмэн-Өлзий- Оюуны ухааныг музейг үүсгэн байгуулагч, оюуны тоглоом зохион бүтээгч

    З.Түмэн-Өлзий нь 1944 онд Завхан аймгийн Нөмрөг сумын нутаг “Агуйтын” өвөлжөөнд Зандраагийн 4-р хүү болж төрсөн. Аав ээжээсээ 11-үүлээ. Аав Зандраагийн эцэг Дашпунцаг, ээж Хушаан нар нь малчин ардууд байсан бөгөөд З.Түмэн-Өлзийн аав Зандраа, ээж Ханджав нар нь мөн мал маллаж байгаад 1956 онд Нөмрөг сумын анхны “Эх эхлэлт” нэгдэлд гишүүнээр элсэж, мал маллах, туслах бригадад мужаан зэрэг ажил хийж байгаад 1968 онд УБ хотод шилжин ирж Аж үйлдвэрийн Комбинатын хайрцагны цехэд ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарч, аав Зандраа нь 1986, ээж Ханджав нь 1994 онд тус тус ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн байна. Аав Зандраа нь 1938 онд Байтагбогдод хасгуудтай, 1939 онд Халх голд Япончуудтай байлдаж “Бид ялав” , “Халх голын” ойн медалуудаар удаа дараалан шагнагдаж байсан. З.Түмэн-Өлзийн өвөг дээдэс, аав ээж, ах дүү нар нь ямар нэгэн ял шийтгэл хүлээж байгаагүй.

    З.Түмэн-Өлзий нь 1967 онд Завхан аймгийн Идэр сумын харьяат Д.Сийлэгмаатай гэр бүл болж 4 хүүхэд төрүүлж өсгөсний дээр бүх хүүхдүүдээ гадаад орнуудад явуулж суралцуулан өндөр мэдлэг боловсрол эзэмшүүлж, хүүхдүүд нь одоо НҮБ болон бусад газруудад ажил алба хашиж улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж байна.

    З.Түмэн-Өлзий нь 1965 онд ЭЗДСургууль,1979 онд Намын дээд сургууль, 1989 онд Монгол Зөвлөлтийн хамтарсан Ардын их сургуулийг тус тус дүүргэсэн, нягтлан бодогч, эдийн засагч, Улс төрийн дээд боловсролтой. 1965 оноос 1988 онуудад Завхан аймгийн Тосонцэнгэл, УБ хотын мод боловсруулах үйлдвэрүүдэд ахлах, Ерөнхий ня-бо, санхүүгийн хэлтсийн дарга, орлогч дарга, Намын дарга зэрэг ажлуудыг хийж, ажилласан байгууллагуудынхаа ажлыг сайжруулж арга туршлага нь хэвлэл номонд гаран, сайшаал шагнал хүртэж хот, дүүргийн намын бага хуралд төлөөлөгчөөр байнга оролцон, хот, дүүргийн Намын хорооны гишүүнээр удаа дараалан сонгогдож байсан юм.

    З.Түмэн-Өлзий нь сурч боловсрох, ажиллах хугацаандаа 1955 оноос эхлэн өөрийнхөө багын авьяас сонирхлын дагуу одооны хийж буй Үндэсний тоглоомыг судлах сурталчлах, зохион бүтээж хөгжүүлэх, улмаар дэлхийн дэвжээнд гаргах нөр их ажлыг давхар хийж байгаад 1988 оноос дагнан хариуцаж, 1990 онд МО ТҮ ӨВ Компани болон Оюун ухааны олон улсын музейгээ үүсгэн байгуулан ажиллаад зохих амжилтанд хүрсэн юм. Түүний ажлын амжилтыг гадаад дотоодын ном, сэтгүүл, телевиз радио гээд хэвлэл мэдээллийн бүхий л хэрэгслээр байнга сурталчилж, олон түмний хүртээл болгосоор байна. З.Түмэн-Өлзий нь 5,6,7,8-р таван жилийн гавшгайч цол тэмдэг, Ардын хувьсгалын 60, 70, 80 жилийн ойн медаль, “ШБОС”, “Шинийг санаачлагч цол тэмдэг” Монголын Залуучуудын Холбоо, Нийслэлийн Хүүхэд залуучуудын газрын “алтан”медаль, МҮХАҮ-ын танхимын “Хийморын одон”, ХЭАХН-ий “Итгэлт бизнесмэн”, Монголын хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн “Хүүхдийн нөхөр буяны эзэн”, Монголын Ёс заншил судлалын олон улсын холбооны “ Буянт үйлстэн” шагналаар тус тус шагнагдаж Баянгол дүүргийн хүндэт дэвтэрт бичигдэн, Баянзүрх дүүргийн засаг даргын хүндэт өргөмжлөл хүртсэн болно. Мөн 1994 онд Монгол улсын шилдэг зохион бүтээгч, 1998 онд Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн цол тэмдэг, Нүүдлийн Соёл иргэншлийн олон улсын төвийн Эрдэнийн Очир мөнгөн одон, Дэлхийн шатрын холбоо, Халимагийн ерөнхийлөгчийн хүндэт жуух, олон улсын үзэсгэлэнгүүдийн тэргүүн шагналууд (Гран при) алт, хүрэл медалиар шагнагдсан Чингис Хааны Дэлхийн Академийн Академич хүн юм. З.Түмэн-Өлзий нь төрөл бүрийн оньсон тоглоом, оньсон хайрцагнууд, эвхдэг ширээ сандал, үртэсний зуух, өдөн цэцэг, түүний ваар сав гээд 5 шинэ бүтээл, 300-аад бүтээгдэхүүний загварт хамаарах 3000-аад зүйл зохион бүтээж, холбогдох 5000 гаруй хуудас тодорхойлолт, томъёолол, техникийн шугам зураг зурж эрхийг нь хамгаалан олон улсын хэмжээнд баталгаажуулж патентуудыг нь авсан. Энэ бүхний эх хувь нь Монгол улсын Оюуны Өмчийн газарын Алтан фондод хадгалагддаг болно.

    Тууж, уянгын болон шог хошин өгүүллэг, сурвалжлага, ниитлэлийн 4 ном туурвисан байна. Мөн 300-аад хөрөг болон уран зураг зурсан.

    З.Түмэн-Өлзий нь Монгол ардын 15 ангийн тоглоом наадам, өөрийн зохион бүтээсэн 3000 шахам хувилбар бүхий төрөл бүрийн оньсон бүтээл, уран зураг, дэлхийн улс орнуудын оюуны болон шинжлэх ухааны тоглоом наадам зэрэг арван мянга гаруй үзвэрийг багтаасан Оюун Ухааны Олон Улсын Музей болон МО ТҮ ӨВ Компанийг 1990 онд үүсгэн байгуулж өргөтгөн хөгжүүлсээр одоо музей нь гадаад дотоодын төлөөлөгч, жуулчид зорьж ирж үздэг хамгийн олон үзэгчидтэй музей болж, тус компанийн гадаад харилцаа өргөжсөөр байна.

    Иймээс ч музейн барилгын багтаамж хүрэлцэхээ больж үзмэрүүд нь багтахаа байсан тул тус компани 2004 онд маш өвөрмөц хэлбэр загвар бүхий шийдэлтэй 4 давхар барилга барьж музейгээ өргөтгөсөн нь гадаад дотоодын үзэгчдийн сонирхлыг улам илүүтэй татах болсон юм. Мо Тү Өв компани нь 1958 онд байгуулагдсан Оньслох Ухааны Олон Улсын Академтэй хамтран 2004 оны 8 дугаар сард 42 орны төлөөлөгч оролцсон Оньслох Ухааны Зохион Бүтээгч, цуглуулагчдын Чуулга уулзалтыг Оюун Ухааны Олон Улсын Музейгээ түшиглэн зохион байгуулсан нь Монгол орныг дэлхийд сурталчилсан том арга хэмжээ болсон юм.

    Мо Тү Өв компани нь 1990 онд оньсон тоглоом хийдэг модны цех байгуулан ажиллаж энэ хугацаанд 200000 гаруй тоглоом үйлдвэрлэн гадаад дотоодын хэрэгцээнд нийлүүлж, тоглоом үйлдвэрлэх нь гар ажиллагаа, чимхлүүр ажил ихтэй, ашгийн түвшин багатай ч гэсэн улсад орлогын ЭМ, НДШ зэрэгт 20 гаруй сая төгрөг төлсөн билээ. Мөн төрсөн нутаг Нөмрөг сумандаа 1998 онд 1 сая төгрөг, 2004 онд 3 сая төгрөгийн үнэ бүхий модны суурь машинууд хандив болгон өгч, Завхан аймгийн Улиастай хотын Соёлын төвд буй өөрийн нэрэмжит шатарын клубт 1 сая шахам төгрөгийн үнэ бүхий алт мөнгөн шатар болон тэмцээнд ашиглах шатаруудыг өгсөн гэх мэт тусламж үзүүлж, З.Түмэн-Өлзийн нэрэмжит шатарын тэмцээнийг жил болгон Завхан аймгийн хэмжээнд уламжлал болгон зохион байгуулж түүний бай шагналыг нь З.Түмэн-Өлзий гаргадаг болоод байна. Монголын хүүхдийн байгууллага байгуулагдсаны 75 жилийн ойгоор Монголын хүүхдүүдэд 1,5 сая төгрөгийн тоглоом наадам хандив болгон өгсөн болно. 1998 онд Халимагийн нийслэл Элистэй хотод болсон дэлхийн шатарын 33-р олимпод үзэсгэлэн гаргаж “ Аваргын Оньсон Шатар” хэмээх 1992 онд өөрийн бүтээсэн бодит дүрстэй оньсон шатрыг ширээ, сандлын хамт дэлхийн шатрын холбоонд бэлэглэхэд, Ерөнхийлөгч Кирсан Илюмжинов “ сая доллараар ч үнэлэхийн аргагүй оюун ухаан, соёл урлагийн бүтээл” хэмээн үнэлж, хүндэт жуухаар шагнасан билээ.

    Мо Тү Өв компани нь Монгол үндэсний тоглоом, гар урлалын ховор нандин бүтээлүүдийг сурталчлан дэлхийн 52 оронд зохион байгуулагдсан 80 шахам үзэсгэлэн яармагт оролцсоноос, 2000 онд Германы Хановерт болсон дэлхийн экспод амжилттай оролцож, одоо Японы Айчи 2005 дэлхийн экспод мөн оролцож Монголчууд оньслох ухаанаараа дэлхийн улс орнуудаас хол тасархай түрүүлжээ гэдэг нэгдсэн ойлголт, үнэлэлт дүгнэлтийг олон улсын мэргэжлийн байгууллагууд болон оньс сонирхогч, цуглуулагч, эрдэмтэн судлаачид, зорьж ирж үздэг гадаад орнуудын үзэгчдээр албан ёсоор хүлээн зөвшөөрүүлээд байгаа нь тус компанийн болон Оюун Ухааны Олон Улсын музейн сүүлийн 10 гаруй жилийн идэвхтэй үйл ажиллагааны үр дүн юм. Ииймээс компани болон оюун ухааны олон улсын музей, монгол оньсны талаар дэлхийн улс орнуудын тоглоомын каталогид байнга ордог болж, оньслох ухааны олон улсын академи энэ талаар баримтат кино хийн 2002 онд дэлхий даяар сурталчилсан бөгөөд одоо тусгай ном хийж байна. Мөн Музейн талаар хүүхэд залуучуудын нэвтэрхий тольд орж, З.Түмэн-Өлзий нь энэ нэвтэрхий толийн хамтарсан зохиогчоор ажиллаж, Монгол үндэстний тоглоомын төрөл ангиудаас хүүхэд залуучуудын нэвтэрхий тольд оруулж нийтийн хүртээл болгожээ.

    З.Түмэн-Өлзийг “Монголын алдарт хүмүүн 21 зуун” Алтан номынхоо анхны дугаарт, Монголын алтан номын редакцийн зөвлөл, Монголын соёлын сан оруулжээ. Мөн З.Түмэн-Өлзийг Монгол улсын хуулийн дагуу “Утга соёлын өвийг ур чадварын өндөр төвшинд өвлөсөн” Монголын билиг авьястнуудын улсын жагсаалтын 11-рт үндэсний тоглоомоор нь бүртгэсэн болно.

    З.Түмэн-Өлзий нь одоо өөрийн үүсгэн байгуулсан МО ТҮ ӨВ Компанийн ерөнхий захирал, зохион бүтээгчээр амжилттай ажиллаж Монгол үндэсний тоглоомын арвин баялаг өв сан, арван мянга гаруй дахин давтагдашгүй үзмэр бүхий “ Оюун ухааны олон улсын музейгээ” түшиглүүлэн хүүхдийн оюун ухааныг багаас нь системтэй хөгжүүлэх сургалт явуулах бүх бэлтгэлээ бүрэн хангаж энэ оны хүүхдийн баяр буюу 6 дугаар сарын нэгнээр нээж үйл ажиллагаагаа эхлэхээр болоод байна. Ер нь н.Түмэн-Өлзий нь өөрийн ухамсарт амьдралыг хүүхэд залуучуудын хүмүүжил төлөвшил, Монгол хүний оюун ухааныг дэлхийн түвшинд гаргах, түүнийг хөгжүүлэх нөр их үйлсэд зориулан Монголын ард түмэн оюунлаг гэдэг бодит үнэлэмжийг хүн төрөлхтөнд ойлгуулах гэсэг өөрийн мөрөөдлөө биелүүлж байгаа цуцалтгуй хөдөлмөрч бүтээлч хүн болохыг түүний ажил амьдрал, санаачлан байгуулсан “Оюун ухааны олон улсын музей” бэлхнээ батлан харуулж байна.

    http://www.iqmuseum.mn

  • Ж.НЯМСҮРЭН- НЯГТЛАН БОДОХЫН АМЬД ТҮҮХ

    Ж. Нямсүрэн- НЯГТЛАН БОДОХЫН АМЬД ТҮҮХ САНХҮҮГИЙН СУРГУУЛИЙН НАЙРААГҮЙ БАГШ

    /Монгол Улсын Ардын Багш, Мэргэшсэн Нягтлан Бодогч,

    СЭЗДС-ын професор, зөвлөх багш/ Нягтлан бодох бүртгэлийн салбараас төрсөн анхны Ардын багш Ж.Нямсүрэн

    Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын уултай, устай, өндөрлөг газар төрж өссөн хүн. 1951 онд Улаанбаатар хотын Санхүү эдийн засгийн техникумд сурахаар хотод орж ирж билээ. 1955 онд сургуулиа онц дүнтэй төгссөн. Тухайн үед багшийн мэргэжилтэй, дээд боловсролтой боловсон хүчин дутмаг байсан учир онц төгссөн гэдэг үзүүлэлтээр надад сургуульдаа багшлах санал тавьсан юм. Удалгүй Сангийн сайд тушаал гаргаж, 1955 оны намраас сургуульдаа нягтлан бодох бүртгэлийн багшаар томилогдон ажилласан. Түүнээс хойш тасралтгүй60 орчим жил сургуульдаа багш, хичээлийн эрхлэгч, тэнхимийн эрхлэгч, орлогч захирал зэрэг албан тушаал хашлаа. Боловсролын салбарт 60 жил ажиллаж 2016 онд тэтгэвэртээ гарсан.

    Үгүүлсэн нь: 

    Манай улс 1920- иод оны дунд үе хүртэл системтэй бүртгэл нэгдсэн тайлан балансгүй гар тэмдэглэл төдий бүртгэлтэй байснаас нягтлан бодогч гэдэг мэргэжлийн нэрийг ч хэрэглэдэггүй байжээ. 1921 оны ардын хувьсгалын дараах үеэс Зөвлөлт Холбоот улсын мэргэжилтнүүдийн туслалцаатайгаар бүртгэлийн материал- ордерийн системийг нэвтрүүлж, 1960- аад оны дунд үе хүртэл хэрэглэсэн билээ.

    Үйлдвэр хөдөө аж ахуй, барилга тээвэр зэрэг аж ахуйн салбарууд шинээр байгуулагдаж улс ардын аж ахуй эрчимтэй хөгжиж байсан 1960- аад оноос бүртгэлийн журнал, ордерийн систем шинээр нэвтэрч эхэлсэн үеэс миний бие санхүү бүртгэлийн ажилтай холбогдсон юм. Санхүү эдийн засгийн дээд сургуульд 50 гаруй жил, Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтыг үүсгэн байгуулалцаж 10 гаруй жил ажиллах хугацаанд нягтлан бодох бүртгэлийн шинэ системийг нэвтрүүлэх, боловсронгуй болгох үйл хэрэгт идэвхтэй ажиллаж ирсэн билээ. Аж ахуйн салбарууд өргөжин хөгжих тутам бүртгэлийн ажил улам нүсэр болж нягтлан бодогчид улирал, жилийн тайлангаа гаргахын тулд анхны баримт, журналуудаа ачиж авчран хотод сууж гаргах нь ердийн үзэгдэл болсон байлаа. Иймд нүсэр, хүнд байдлыг хөнгөвчлөх арга гол арга зам нь бүртгэлийг механикжуулах явдал гэж үзэж санхүү эдийн засгийн техникумд бүртгэл механикжуулах кабинет, сангийн яамны харьяанд бүртгэлийн машинт станц байгуулж салбарын яамд өөрсдийн шугамаар бололцоотой арга хэмжээ авч байсан билээ.

    1955 онд Санхүү- Эдийн засгийн техникумыг төгссөнөөс хойш 60 шахам жил нягтлан бодох бүтгэлийн салбартай ажил амьдралаа холбоод энэ салбарынхаа хөгжилд өчүүхэн хувь нэмрээ оруулахыг хичээн зүтгэсээр л байна.

    Энэ хугацаанд нягтлан бодох бүртгэлийн үндэс, аж үйлдвэрийн газрын нягтлан бодох бүртгэл, аж ахуйн үйл ажиллагааны шинжилгээ, санхүү зээл зэрэг хичээлийг зааж байлаа. Хичээл заасан шавь нар давхардсан тоогоор 10 шахам мянга болжээ.

    Эдийн засгийн коллеж 1997 онд Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль болж зохион байгуулагдсанаас хойш багш, зөвлөх багшаар одоо хүртэл ажиллаж байна. 1976 онд өөрийн хайрлаж хүндэлж явдаг, нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн анхны гавьяат багш, доцент Ч.Түмэнтэй хамтран аж үйлдвэрийн газрын нягтлан бүртгэлийн сурах бичиг, санхүү- эдийн засгийн дээд сургуулийн нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн ахлах багш, мэргэшсэн нягтлан бодогч охин Н.Шинэ- Өлзийтэй хамтран нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээлийн сурах бичгийг зохиож 2000- 2012 он хүртэл 3 удаа засварлан хэвлүүлэв. Мөн нягтлан бодох бүртгэлийн хуулийн төсөл боловсруулах, мэргэшсэн нягтлан бодогчдын үндэсний нийгэмлэгийг байгуулах, мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох, аудитын байгууллага бий болгох, Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтыг байгуулах зэрэг ажилд гар бие оролцож нягтлан бодох бүртгэлийн салбараа хөгжүүлэхийн төлөө сэтгэл зүрхээ зориулан явна.

    Монгол улс зах зээлд шилжсэн эхний үед 1993 онд нягтлан бодох бүртгэлийн хууль батлагдсанаар нягтлан бодох бүртгэлийг олон улсын стандартад нийцүүлэн хөтлөх эрх зүйн үндэс бүрдсэн юм. 1990-ээд оны дундаас эхлэн нягтлан бодох бүртгэлийн програм нэвтэрч одоо томоохон аж ахуйн нэгжүүд програм ашиглаж бүртгэл хөтөлж тайлан гаргадаг болсон нь нягтлан бодогчдын хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлсэн шинэ дэвшил болж байлаа.

    Харин мэдээллийн технологийн салбарын асар хурдан хөгжлийн үр дүнд бүртгэлийн програмын дараагийн үе онлайн програм гарч ирж байгаа нь нэн талархалтай зүйл юм. Энэ програмыг боловсруулж байгаа “Нью Медиа Технологи”-ийн багийн хамт олонд талархал илэрхийлье.

    Эрхэт Онлайн Санхүүгийн Програм нь өмнөх үеийн програмуудын адил худалдан авч суурилуулж, биет бус хөрөнгөнд бүртгэхгүй, компанитай байгуулсан гэрээний дагуу үйлчилгээний төлбөрөө төлж эрхээ нээлгээд програмаа шууд ашиглах боломжтой, нэгэнт компьютерт суурилуулаагүй тул эвдрэл саатал, мэдээллээ хулгайд алдах гэх мэт эрсдэлгүй байх зэрэг дэвшилтэй олон давуу талтай юм.

    Иймд энэхүү шинэ дэвшилттэй Эрхэт Онлайн Санхүүгийн Програмыг олон мянган мэргэшсэн нягтлан бодогчид хошуучлан, бололцоотой аж ахуйн нэгжүүд өргөнөөр авч хэрэглэхийг уриалж байна.

    Нягтлан бодох бүртгэлийн салбарт ажиллаж байгаа мэргэжил нэгт нөхдүүд, шавь нарийнхаа зовлонг мэдэхээс илүү мэдэхийн хувьд тэдэнд тулгардаг бэрхшээлийг нэг мөр шийдэхийг зорьж ЭРХЭТ програмыг бүтээхэд анхнаас нь зөвлөж, ажилласан юм. Энэ програм нь Ахмад санхүүчдийн туршлага- Шинэ үеийн дэвшилтэт технологийн шийдлийг хослуулан бүтээсэн учир та бүхний ажил амьдралд шинэ дэвшлүүдийг авчирна гэдэгт итгэлтэй байна.

    Тиймээс та бүхнийг ЭРХЭТ програмыг судалж, хэрэглээндээ нэвтрүүлээрэй гэж зөвлөж байна. Мөн та бүхэн  онлайн санхүүгийн програмыг хөгжүүлэхэд өөрсдийн санал бодлоо ирүүлж хамтран сайжруулахыг хүсье.

    Ж. Нямсүрэн /Монгол Улсын Ардын Багш, Мэргэшсэн Нягтлан Бодогч,

    СЭЗДС-ын професор, зөвлөх багш/


    ЯРИЛЦЛАГА УНШИХ: 

    Нягтлан бодох бүртгэлийн салбараас төрсөн анхны Ардын багш Ж.Нямсүрэнтэй ярилцлаа. Хүүхэд залуус мэргэжлээ сонгож буй энэ цагт түүний ярилцлага хэрэг болох биз ээ.

    -Та багш хэмээх эрхэм мэргэжлийг хэдэн онд эзэмшсэн бэ?

    -Би Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын уултай, устай, өндөрлөг газар төрж өссөн хүн. 1951 онд Улаанбаатар хотын Санхүү эдийн засгийн техникумд сурахаар хотод орж ирж билээ. 1955 онд сургуулиа онц дүнтэй төгссөн. Тухайн үед багшийн мэргэжилтэй, дээд боловсролтой боловсон хүчин дутмаг байсан учир онц төгссөн гэдэг үзүүлэлтээр надад сургуульдаа багшлах санал тавьсан юм. Удалгүй Сангийн сайд тушаал гаргаж, 1955 оны намраас сургуульдаа нягтлан бодох бүртгэлийн багшаар томилогдон ажилласан. Түүнээс хойш тасралтгүй60 орчим жил сургуульдаа багш, хичээлийн эрхлэгч, тэнхимийн эрхлэгч, орлогч захирал зэрэг албан тушаал хашлаа. Боловсролын салбарт 60 жил ажилласан би өнгөрсөн оны намар өндөр настны тэтгэвэртээ суусан.

    -Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр Ардын багш болсон анхны хүн нь та юм байна. Хэдэн онд энэхүү алдрын эзэн болов?

    -2014 онд Ардын хувьсгалын 93 жилийн ой, Санхүү эдийн засгийн дээд сургуулийн 90 жилийн ой давхацсан онцлог үед Ерөнхийлөгчийн зарлигаар Ардын багш цол хүртсэн. Нягтлан бодох бүртгэлийн салбараас Монгол Улсад анхны Ардын багш цол хүртсэнээрээ бахархаж явдаг.

    -Энэ салбарт ажиллах хугацаандаа олон шавьтай болсон байх. Тэднээс улс эх орондоо ихийг бүтээж яваа хүн олон байгаа болов уу?

    -Давхардсан тоогоор10 мянга орчим оюутанд хичээл заасан статистик мэдээ сургуулийн тайлангаар гарсан. Үүнд улс нийгэм, төрд мэргэжлээрээ зүтгэж алдрын зэрэгт хүрсэн олны танил хүн олон бий. Тухайлбал, УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан А.Базархүү, Д.Даваасамбуу, гавьяат эдийн засагч, доктор профессор Л.Дондог, гавьяат эдийн засагч Б.Осоргарав, Р.Батжаргал, дархан аварга, Хөдөлмөрийн баатар Ж.Мөнхбат, Улсын ерөнхий аудитор байсан Л.Жавзмаа гээд тоочоод баршгүй.

    -Хэдийгээр гавьяаны амралтад гарсан ч нягтлан бодох бүртгэлийн салбарынхан танаас зөвлөгөө авахаар ирдэг байх?

    -Мэргэжил нэгт нөхөд, шавь нар ирж зөвлөгөө авахаас гадна төрийн, төрийн бус байгууллагын шугамаар янз бүрийн ажилд оролцох л юм. Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт, Нягтлан бодох бүртгэлийн хүрээлэн гэсэн байгууллага байдаг л даа. Эдгээр байгууллага зохион байгуулж буй янз бүрийн арга хэмжээндээ намайг урьж оролцуулдаг. Үүнд нь би баяртай, сэтгэл өөдрөг явдаг юм. Манай аж ахуйн нэгжүүдийн дийлэнх нь жижиг байна. Тэдгээр байгууллага болгон нягтлан бодогчтой байх ёстой. Гэтэл байгуулагдаад удаагүй, санхүүгийн талаар бэхжиж чадаагүй жижиг аж ахуйн нэгж нягтлан бодох бүртгэл хөтлөхдөө мэргэжлийн бус хүнийг ажиллуулснаас татвараа зөв тооцож чадахгүй байх тохиолдол гардаг. Тэгэхээр эдгээр хүмүүст туслах зорилгоор бид нягтлан бодох бүртгэлийн анхан шатны мэдлэг эзэмшүүлэх сургалт явуулдаг. Түүнд нь би хичээл зааж байна.

    -Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийг олон хүн эзэмшдэг ч ажлын байр хомс, дээр нь боловсон хүчин ажил олгогчдын шаардлагыг хангадаггүй гэж ярих юм. Боловсролын салбарт олон жил ажилласан хүний хувьд энэ талаар ямар бодолтой явдгаа хуваалцана уу?

    -Монгол Улсад боловсон хүчин бэлтгэж буй 100 гаруй их, дээд сургуулийн ихэнх нь нягтлан бодох бүртгэлийн ангитай. Уг нь энэ мэргэжил хамгийн хүртээмжтэй. Энэ эрэлт хэрэгцээтэй байдлыг харгалзаад хувийн сургуулиуд ч гэсэн нягтлан бодох бүртгэлийн ангитай болсон. Цөөхөн оюутантай, ганц нэг мэргэжлийн ангитай сургуулиуд орон тооны хүрэлцээ нь төдий л сайн биш байна. Түүнээс шалтгаалаад тэндээс гарч байгаа төгсөгчид чанарын шаардлага хангахгүй байх тохиолдол амьдралд байна. Тийм учраас аж ахуйн нэгж байгууллагууд нягтлан бодогчийн орон тоо зарлахдаа тодорхой шаардлага тавьдаг болжээ. Нягтлан бодох мэргэжлээр МУИС, СЭЗДС, ХААИС, “Мандах бүртгэл” дээд сургууль гэх мэт айргийн тавд багтах сургууль нэрлэгдэж байгаа юм. Нягтлан бодогч мэргэжилтэй, дипломтой хүн олон бий. Арай чанартай сургууль гэдгийг нь харгалзаад нэр заах болж. Түүгээр ч барахгүй“Мэргэшсэн зэрэгтэй нягтлан бодогчийг ажилд авна” гэж зарладаг болсон байна. Энэ бол нийгмийн шаардлага. Аж ахуйн нэгж, байгууллага бэхжиж томрох тусам бүртгэл тооцооны ажил маш нарийн байх ёстой. Тэгэхээр энэ шаардлагад нийцүүлж сургалтын төлөвлөгөө гаргахдаа багш нарын заах арга зүй, ур чадварыг дээшлүүлэх тал дээр боловсролын болон энэ чиглэлийн төрийн бус байгууллага анхаарал хандуулах хэрэгтэй гэж боддог.

    -Та дээр хэд хэдэн сургууль нэрлэлээ. Тэгэхээр сургуулийг ямар үзүүлэлтээр чанартай гэж тодорхойлоод байна вэ?

    -Нягтлан бодох бүртгэлийн улсын олимпиад болдог. Энэ уралдаанд оролцож байгаа байдлаар сургуулийн чанарыг тандаж, мэдэж болно. Нягтлан бодогч бэлтгэдэг мөртлөө олимпиадад оюутан нь оролцохгүй байгаа сургууль асуудалтай. Нөгөө талаар ажил олгогчид сургуулийн нэр заана гэдэг нь ямар ч гэсэн тэдгээр сургуулийг төгссөн хүн мэдлэг чадвар сайтай гэдгийг мэдэж буй хэрэг. Энэ бол сургуулиудын чанарын үзүүлэлт шүү. Мэдээж сайн гэж нэр дурдсан сургуульд тааруухан оюутан байгаа. Эсрэгээрээ хувийн сургуульд сайн нягтлан бодогч болох хүн байгааг ч үгүйсгэх аргагүй.

    -Таны боловсрол эзэмшиж байсан үетэй харьцуулахад өнөөдрийн тогтолцоо өөр болсон. Гэхдээ тэр үеийн боловсролын тогтолцооноос авч, амьдралд хэрэгжүүлэх зүйл олон байдаг?

    -Аливаа зүйл хоёр талтай байдаг болохоор социализмын үеэс уламжлуулан хэрэгжүүлэх ёстой зүйл байна. Мөн амьдралын шаардлагаар нийгмийн хөгжлийн дагуу гээгдэх юм ч бий. Одоо шилжин орж байгаа зах зээлийн нийгэмд ч сайн, муу анхаарууштай зүйл байгааг алийг нь хэлж барах вэ дээ. Гэхдээ сайн тал нь илүү байлгүй яахав. Сургалтын чанарыг дээшлүүлэхэд юуны өмнө их, дээд сургуулийн мэргэжлийн багш нарын мэдлэг чадвар, дадлагыг дээшлүүлэх хэрэгтэй. Оюутнаасаа ялгарахгүй залуу багш нар ажиллах нь элбэг болжээ. Эдгээр багш нарын мэргэжлийн боловсролын онолын төвшин өндөр байгаа. Харин амьдралаас авсан дадлага дутмагаас залуу багш ярих онолын мэдлэгтэй ч дадлагын талаар учир дутагдалтай байна. Оюутны дадлагыг социализмын үед салбарын яам, газрын тушаал гаргаад харьяа байгууллагуудад нь хуваарилаад хийлгэдэг байсан. Одоо тийм зүйл алга. Ихэнх компани“нууц” гээд оюутнуудад нарийн зүйлээ үзүүлдэггүй болж. Үүнээс болоод оюутнууд сурч байх хугацаандаа амьдралд тохиолддог бодит зүйлийг нүдээр үзэж, мэдэрч дадлагажих явдал учир дутагдалтай байна. Нягтлан бодохын ажил маш нарийн шүү дээ. Нэг мөнгө зөрүүлэхгүй л хийх ёстой ажил. Гэтэл нягтлан бодогч мөртлөө нэг мөнгөний талаар ойлголтгүй байна. Ийм хүмүүс мэргэжлийнхээ мөн чанарыг ойлгоогүй л гэсэн үг. Энэ мэргэжлийн мөн чанар нь хүссэн хүсээгүй нэг мөнгөн дээр л тогтдог. Учир нь өнөө цагт улс орны нийгмийн нийт бүтээгдэхүүнийг бий болгож буй салбар нь хувийн аж ахуй гэх болж. Хувийн аж ахуй нэг мөнгийг өөд татаж хямгадаж байж л өсч өндийхгүй бол хөрөнгө санхүү арвижихгүй. Үүнээс болоод улсын хөрөнгө дээшлэхгүй шүү дээ. Улсын сан өсөхгүй бол улс нийгэм эрчимтэй хөгжиж чадахгүй гэсэн үг.

    -Сүүлийн үед хүүхдүүд эзэмшихээр сонгох гэж байгаа мэргэжлийнхээ мөн чанарыг ойлгохгүй байна гэх шүүмжлэл их гарах болж. Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэдэг хүний хувьд энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?

    -Хүн бүр нягтлан бодогч, эдийн засагч болж чадахгүй. Гэхдээ ямар ч хүн хүссэн хүсээгүй санхүүгийн тооцоонд орно шүү дээ. Ингэж бүх хүн тодорхой хэмжээнд тоо боддог бол санхүүгийн хүн тэднээс гишгүүр өндөр, илүү мэргэшсэн байх хэрэгтэй. Тэр утгаараа аж ахуй эрхлэн хөтлөх ажлыг гардан зохион байгуулагч нь эдийн засагч, нягтлан бодогч байдаг. Тийм учраас мэргэжлийн мөн чанарыг сайтар ойлгож байж сайн нягтлан бодогч, эдийн засагч болно. Оюутнуудыг ажиглахад нягтлан бодогч болно гэж дарвиж ороод жил хүрэхгүй ангиа сольдог нь олон байна. Тиймээс хүүхдүүдийг мэргэжлээ зөв сонгоход эцэг эхийн оролцоо чухал. Мэргэжил сонгоно гэдэг хувийн асуудал ч нийгмийн чухал үзүүлэлт шүү дээ. Мэргэжлээ зөв сонгосон хүн сайхан амьдарна, тэр хэмжээгээрээ улс нийгмийн ажилд бодитой хувь нэмэр оруулна.

    -Та ном сонин их уншдаг гэсэн. Ер нь чөлөөт цагаараа өөр юу хийдэг вэ?

    -Ном сонин л их унших юм даа. /инээв/ Өөрийгөө тэтгэвэрт гарлаа гэж сул тавилгүй нийгмийн хөгжилтэй зэрэгцэн юм үзэж сонсохсон гэсэн эрмэлзэл байсаар байна. Мөн амьдрал ахуйгаа өөд татаж эрүүл байхыг чухалчилж байна. Гэр бүлийн хүнтэйгээ хотоос зайдуу Бэлхэд амьдраад10 орчим жил боллоо. Бид жимсний голдуу 200 гаруй мод бут, 20 орчим нэр төрлийн хүнсний ногоо тарьж гэр бүлийн хэрэгцээгээ хангаж байна. Үүний зэрэгцээ мэргэжлийнхээ талаар ном гаргах бодолтой явна.

    -Энэ зун нутаг руугаа явах уу?

    -Би 2001 онд Монгол Улсын гавьяат багш болсон. Миний энэ амжилтыг үнэлж Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын ерөнхий боловсролын сургуулийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр миний нэрэмжит болгосон юм. Сургуулийн барилгын ажил энэ жил дуусна. Тиймээс энэ зун нутаг руугаа явна даа. Би сумандаа багшилж байгаагүй ч орон нутгийн удирдлагууд маань аймгийнхаа хүнийг хаана, юу хийж байгааг сайн мэддэг юм байна. Энэ дашрамд сумын удирдлага, сургуулийн хамт олон, нутгийн зон олондоо байнга баярлаж явдгаа хэлье.

    Б.Сэлэнгэ

      •  

      •  

      •  

      •  

      •  

      •  

      • Манай сайт таалагдсан бол лайк дараарай 

      АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

      СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

      ИЛГЭЭХ 

      СЭТГЭГДЭЛ (0)

      • Дуламсүрэнгийн СҮРЭНЧИМЭГ

        Менежментийн зөвлөх, сургагч багш
        Боловсрол:
        PhD. Удирдлагын Академи, Удирдахуйн ухааны доктор 2013 он
        М.А. МУИС, Олон улсын харилцааны дээд сургууль, Сэтгэц хэл шинжлэлийн ухааны Магистр, 1995-1997 он
        В.А. Отгонтэнгэр Их сургууль, Франц хэлний багш, орчуулагч, 1991-1995 он
        Суурь боловсрол. Нийслэлийн 12 дугаар дунд сургууль, Суурь боловсрол, 1979-1989 он

        Мэргэшсэн байдал:

        o Менежементийн мэргэшсэн зөвлөхийн сургалт – “Менежементийн мэргэшсэн зөвлөх” Монголын менежментийн зөвлөхүүдийн холбоо 2013 оны 3 сар
        o Сангийн яам, Засгийн газрын худалдан авах ажиллагааны сургагч багш бэлтгэх сургалт, “Худалдан авах ажиллагааны сургагч багш”, 2009 оны 6 сар
        o Словенийн BLED их сургууль, Удирдах ажилтны курс, 2009 оны 11 сар
        o Тайваны Минь Чуань Их сургууль, туршлага солилцох сарын сургалт, 2009 оны 7 сар
        o Сангийн яамны ХААБЗГ, “Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хэрэгжүүлэх сургалтын агууга боловсруулах сургалт, 2008 оны 7 сар
        o Япон улсад болсон ДЗҮТ-ын 18 дугаар Академи, “Global net worker” цол, 2005 оны 7 сар
        o Төрийн захиргаа Удирдлагын хөгжлийн Институт /Удирдлагын Академи/, Бизнеийн удирдлагын менежер, 2005 оны 3-5 сар
        o Төрийн захиргаа Удирдлагын хөгжлийн Институт /Удирдлагын Академи/, Англи хэлний түргэвчилсэн курс, 2005 оны 3-5 сар
        o Монголын “Залуу Үе” Танхимын “Манлайллын Академи” 2003 оны 11 сар
        o Монголын “Залуу Үе” Танхимын 2003 оны Ерөнхийлөгчийн нэрэмжит анхдугаар Академи, Насанд хүрэгчдийн сургалтын сургагч багш, 2003 оны 3 сар
        o Дэлхийн “Залуу Үе” Танхимын Сургалтын Институтын “Prime course”, PG зэрэглэлтэй сургагч, 2002 оны 3 сар
        o УБИС, Аялал жуулчлалын холбооноос зохион байгуулсан “Аялал жуулчлалын менежерийн курс”, Аялал жуулчлалын зохион байгуулагч, 1994 он 3-5 сар
        Ажлын туршлага:
        2002 оноос өнөөг хүртэл, “Өөрчлөлтийг чиглүүлэгч” төв, Захирал
        2005 оноос өнөөг хүртэл, “Саскабел” ХХК, Захирал
        2009-2011 Глобал Удирдагч дээд сургууль, Гүйцэтгэх захирал
        2006-2009 Хан Уул дүүргийн “Оргил” цэцэрлэг, Гүйцэтгэх захирал
        2003-2004 Миний дэлгүүр сүлжээ, Гүйцэтгэх захирал
        2002-2003 Миний дэлгүүр сүлжээ, Сургалтын албаны дарга
        2001-2002 Монгол Сингапурын хамтарсан “Лотс Инвест” ХХК, Гүйцэтгэх захирал
        1997-2001 Отгонтэнгэр Их сургууль, Хэл шинжлэл, Дорно дахины хэлний
        тэнхимийн эрхлэгч
        1995-1997 Отгонтэнгэр Их сургууль, Хэлний онолын хичээлүүдийн багш
        1994-1998 Аялал жуулчлалын “Eden tours“ компани, Франц, Швейцарийн
        жуулчидтай хийдэг морин аялалын менежер, орчуулагч
        1989-1991 П.Н.Шастины нэрэмжит Клиникийн III эмнэлэг, 6 дугаар тасагт асрагч
        Оролцсон сургалт, семинар /гадаадад/:
        2015 Дэлхийн хүний нөөцийн чуулга уулзалт /ATD Conference/, АНУ-ын Орландо
        2014 Дэлхийн хүний нөөцийн чуулга уулзалт /ASTD Conference/, АНУ-ын
        Вашингтон
        2012 Дэлхийн хүний нөөцийн чуулга уулзалт /ASTD Conference/, АНУ-ын Денвер
        2011 Дэлхийн хүний нөөцийн чуулга уулзалт /ASTD Conference/, АНУ-ын Атланта
        2010 Дэлхийн хүний нөөцийн чуулга уулзалт /ASTD Conference/, АНУ-ын Чикаго
        2009 Дэлхийн хүний нөөцийн чуулга уулзалт /ASTD Conference/, Польш улсын
        Варшав хот
        2008 ДЗҮТ-ын Ази номхон далайн бүсийн орнуудын 58 дугаар чуулга уулзалт
        /ASPAC/, Солонгос улсын Бусан хот
        2004 ДЗҮТ-ын 59 дүгээр чуулга уулзалт /WORLD Congress/, Япон улсын Фукуока
        хот
        2002 ДЗҮТ-ын 57 дугаар чуулга уулзалт /WORLD Congress/, АНУ-ын Лас Вегас хот
        2002 ДЗҮТ-ын Ази номхон далайн бүсийн орнуудын 52 дугаар чуулга уулзалт,
        /ASPAC/, Япон улсын Сендай хот
        2001 ДЗҮТ-ын 51 дүгээр чуулга уулзалт /WORLD Congress/, Франц улсын Канн хот
        Олон нийтийн байгууллагын сонгуульт ажил:
        2014 JCI Монгол байгууллагын Сенат клубын Удирдах зөвлөлийн гишүүн, Дэд
        Ерөнхийлөгч
        2007 JCI Монгол байгууллага, Дэлхийн сенатор
        2008 JCI Монгол байгууллага, Үндэсний байгууллагын Дэд Ерөнхийлөгч
        2006 JCI Монгол байгууллагын Улаанбаатар Централ ЛОМ, Зөвлөх
        2002-2004 Зүүн Азийн Бизнес зөвлөл, Тэргүүлэгч гишүүн
        2005 JCI Монгол байгууллагын Улаанбаатар Централ ЛОМ, Хяналтын зөвлөлийн
        дарга
        2004 JCI Монгол байгууллагын Улаанбаатар Централ ЛОМ, Үүсгэн байгуулагч, Дэд
        Ерөнхийлөгч
        2003 Монголын Залуу Үе Танхим, Үндэсний байгууллагын Санхүүч
        2002 Монголын Залуу Үе Танхим, Үндэсний байгууллагын Ерөнхий нарийн бичгийн
        дарга
        2001 Монголын Залуу Үе Танхим, Үндэсний байгууллагын Төсөл хариуцсан захирал
        2000 Монголын Залуу Үе Танхим, Үндэсний байгууллагын Сургалт хариуцсан
        захирал
        1997-2000 Монголын Хувийн Их Дээд сургуулиудын холбоо, Ерөнхий нарийн
        бичгийн дарга
        1989-1991 Улаанаатар хотын ХЗЭ-ийн хороо, Хорооны гишүүн
        Эрдэм шинжилгээ, судалгааны сэдэв:
        “Суралцагч байгууллагын үзэл баримтлалын хэрэгжилтийн судалгаа” Төрийн зарим байгууллагын жишээн дээр – сэдвээр Удирдлагын академид докторын зэрэг хамгаалсан.

        https://www.facebook.com/surenchimeg.dulamsuren

      • Сүрэнжавын ДЭЛГЭРЦЭЦЭГ

        Би бага цэцэрлэгт байхдаа мандалин тоглож сурсан. Анх цэцэрлэгийн багшаараа ”Нараа нараа нааш ир“ гэдэг дууг заалгаж тоглож сураад маш их баярлаж байж билээ. Цэцэрлэгт яваад ирэхэд аав маань миний төрсөн өдрөөр мандалин авч өгч байсан нь одоо миний мэргэжлийн гараа болсон болов уу гэж боддог. Сургуульд ороод янз бүрийн дугуйлан секцэнд хамрагддаг байлаа. Хөнгөн атлетик, уртын харайлт, дуу хөгжмийн дугуйланд суралцдаг байлаа. Багш нар маань намайг булаалцалдаад бөөн юм болдог байсан. Биеийн тамирын багш Батчулуун, дуу хөгжмийн багш Бадамгарав багш нар нэг өдөр миний нүүрэн дээр муудалцаад, “Чи аль нэгийг яг одоо сонго” гээд, тэгээд би Батчулуун багшийгаа орхисон доо. Түүнээс хойш багш маань бяцхан гомрохдогч гэсэн хэзээ хойно надад “Чи зөв сонголт хийсэн” гэж хэлж байсан. Увс аймгийн 10 жилийн 2-р дунд сургуульд сурч байхдаа сургуулийнхаа урлаг соёлын ажилд илэвхтэй оролцож, Тува Монголын харилцаагаар аялан тоглолт хийж явдаг байсан. Манай орос хэлний Ядмаа гэдэг багш маань биднийг удирдаж Тувад аялан тоглуулж биднийг Урлаг соёлын ажилд оролцуулдаг байлаа. 10-р ангиа төгсөөд Увс аймгийн Залуучуудын холбооны дэргэдэх “Цаг үе“ залуучуудын страд дууны хамтлагт 1 жил ажиллаж байх тэр үед УБ хотоос Соёлын коллежид элсэлт авахаар хүмүүс ирсэн. Хөгжмийн зохиолч С.Задгай багш /”Хүүгийн бодол“дууны ая зохиогч/ маань намайг шалгаруулж авч байж билээ. Энэ шалгаруулалтанд 100 гаруй хүүхэд уран сайханчид ганцхан хуваарь дээр өрсөлдөж байсан. Би 108 дахь хүн байлаа. Шалгалт дууссаны дараа 108 дахь хүүхэд ороод ир гэхэд итгэж ядаад сандарч байсан. Тэгээд нэг сонин уншуулаад “За юун тухай уншив. Утга санааг нь ярь” гэдэг байгаа. Би хөлс гараад “Өөрчлөн байгуулалт, шинэчлэлийн тухай” гэхээс өөр юу уншсанаа ч санадаггүй. Уран тод унших юм байна гээд хичээгээд л уншсан. Тэгээд за гараад байж бай гэсэн. Гадаа гараад сандраад тайвширч чаддаггүй. Манай найзууд чи лав тэнцсэн байхаа гээд л. Төд удалгүй 108 ороод ир гээд, миний гарыг үзээд л, за гэрлүүгээ маш хурдан яваад 1 хувь зураг аваад ир гэдэг байгаа. Би ч галзуу юм шиг гүйсээр амьсгаадаад орж ирэхэд, аав ээж сандраад юу болов солиотой юм шиг хүн цочоогоод гээд загнаад, сургуульд тэнцсэн гэдгээ хэлж, зургаа аваад аавыгаа дагуулаад очиж томилолт авч байсан юм. Ингээд намар УБ хот руу нисэж ирж байлаа. 1991- 1994 онд суралцаж төгссөн. Мэргэжилдээ маш дуртай.

        2005 онд Баянхонгор аймгийн ЗДТГ, НБХэлтэс Хүүхдийн төлөө төв, “Хүүхдийн Тэмүүжин Театраас “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил“- ийн ажлын хүрээнд зохиогдсон Монгол Улсын Урлагийн гавъяат зүтгэлтэн Төрийн Соёрхолт хөгжмийн зохиолч Г.Бирваагийн нэрэмжит “Яруу эгшиг“ өсвөрийн гоцлол хөгжимчдийн улсын уралдаанд Увс аймгаас төлөөлж сурагчдаа оролцуулж байлаа.

        Монгол ардын дуугаа өвлүүлэх ажил маань 2008 оноос өнөөг хүртэл тасралтгүй үргэлжилж байна. Миний шавь Энхболдын Энхманлай, Энхболдын Энхнаран нарын маань ээж Р.Дэлгэржаргал бид цагийн аясаар сайн найз, сайхан нөхөрлөлтэй болж үзэл бодлоороо нэгдэж 2010 онд Галбингаа ардын дуу хуурын сургалтын төвөө нээн ажиллуулж байна.

        2009 онд “Монгол ардын дуугаа өвлөн дуулцгаая” анхны бие даасан тоглолтонд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирж дэмжсэн нь маш бахархалтай. Ийнхүү “Монгол эгшиглэн” хамтлаг маань Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл доорх хамтлаг болж чадсан юм. 74-р цэцэрлэгийн хүүхэд багачууд 2009 оны сар шинийн 2-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн гэрт зочилж шинэлсэн юм. Тэр үед “Дээлтэй монгол” хөдөлгөөн өрнөж биднийг дэмжиж хамтарч ажиллаж байлаа. Учир нь хүүхдүүд маань үндэснийхээ хувцасыг өмсөж гоёж ардынхаа дуугаа гайхалтай сайхан дуулж байлаа. Энэ үеэс цэцэрлэг, сургуулийн хүүхдүүд үндэсний хувцасаа өмсөх сонирхолтой болсон. Ардын сайхан дуугаа гайхалтай сайхан дуулж үеийн хүүхдүүдэд үлгэр дууриал болж байлаа.

        Би 2010- 2011 онд ажлаа түр орхиод цомгийнхоо уран бүтээл дээр ажилласан. Учир нь ажлаа хийнгээ уран бүтээл хийхэд дарга маш их хавчиж, дарамталдаг байсан аргаа бараад 1 жил гаран ажлаа орхисон. Сайн ажилласаныхаа төлөө маш их гадуурхагдаж байлаа. 74-р цэцэрлэгийн эрхлэгч байсан Б.Баянмягмар арга зүйч Л.Нэргүй ажлын үнэлгээг байнга дарж цэвэрлэгчээс дор үнэлдэг байсан баримт ч бий. Энэ 2012- 2013 оны хичээлийн жилд СБД-ийн 16-р сургуульд хөгжмийн багшаар ажиллаж байна.

        2013 онд СБД-ийн 16-р сургуулийн нээлттэй хичээлийн Ур чадварын уралдаанд 2-р байр

        2013 онд Нийслэлийн 373 жилийн ойн хүрээнд ”Найрал дуу- 20“ улсын урлагийн наадамд “Ерөөлөөр учирсан миний монгол” 70 хүүхдийн хор дууг дуулуулж “Шилдгийн шилдэг” найрал дуугаар шалгарлаа;

        https://www.facebook.com/YaruuEgshiglen/
        https://www.facebook.com/delgertsetseg.surenjav

      • Төрмөнхийн КАРМА

        Өгүүлэхүйн урлагийн мастер, жүжигчин
        [СТА, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугын одонт]

        Соёл урлагийн их сургуул, Радио телевизийн дээд сургуулийн багш.

        1978 оноос кино үйлдвэрээс уран бүтээлийн гараагаа эхэлж алтан үеийн уран бүтээлчдээс суралцаж кинонд дуу оруулах чиглэлээр мэргэшсэн.

        Сахиул уу сахиус уу, Ховор хүмүүс, Хачин хүн, Намайг уучил, Хоньчин найдан, Нар гарнаа аз жаргал минь, Зүрх зогсохгүй зэрэг 50 гаруй уран сайхны кинонд гол болон туслах дүр бүтээсэн. Монголын болон гадаадын 2000 орчим бүтээлд дуу оруулсан. “Сумын атаман” киноны зохиолыг бичиж найруулсан.

        Сүүлийн жилүүдэд олон нийтийн харилцааны ур чадварыг хөгжүүлэх чиглэлээр харилцааны соёл, харилцааны урлаг, өөрийгөө зөв сайхан илэрхийлэх ур чадварын сургалт, хэл ярианы дутагдалтай хүүхдийг засах, хэл ярианы ур чадвар олгох чиглэлээр танхимын болон ганцаарчилсан сургалт зөвлөгөөг удирдан явуулж байна.

        Facebook |

      • Цогдовын Лувсандорж- Боловсрол судлаач, Боловсролын шинэчлэлийн төлөө зүтгэлтэн

        Математикч, боловсрол судлаач, Боловсролын шинэчлэл, багш нарын эрх ашгийн төлөө тууштай тэмцэгч, 
        Монголын багш нарын нэгдэл ТББ-ын удирдах зөвлөлийн дарга, доктор, дэд профессор

        Цогдовын Лувсандорж 1966 онд Завхан аймгийн Баянтэс суманд төрсөн. Ерөнхий боловсролыг тус аймгийн Нөмрөг суманд, дээд боловсролыг Монгол улсын их сургуульд тус тус эзэмшсэн. Математикч, боловсрол судлаач, доктор, дэд профессор, төрийн албан хаагч асан.

        Ажил амьдралын гарааг Улсын багшийн их сургуульд багш, тэнхмийн эрхлэгчээр эхэлж, улмаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд мэргэжилтэн, газрын дарга зэрэг албыг тус тус хашиж байсан. Одоогоор бие даасан судлаачийн ажилладаг. Ажил бүтээнэ, ажил хийнэ.

        Эрдэм номын мөрийг хөөж, Японы улсын Засгийн газрын уралдаан тэтгэлгээр Япон улсад, Австрали улсын Засгийн газрын уралдаант тэтгэлгээр Австрали улсын их дээд сургуульд удаан хугацаагаар тус тус суралцаж эрдэм номын зэрэг цолыг хүртсэн.

        Хобби: Үзэл бодол уралдуулах, сэтгэх, унших, эргэцүүлэх, бичих

        Хэлэх дуртай үг: Зөвхөн зөв бодлогоор л зон олонд их тусалж чадна. Харин буруугаар нь тэднийг зөвхөн их зовоох болно.

        Итгэл үнэмшил, баримталдаг зарчим: Хөдөлмөрч байх, хүмүүнлэг байх. Аливаа “изм” гэдэг хар тамхи лугаа хортой, хорлонтой. “Изм”-ээр бус харин зөвхөн хөдөлмөрөөр л аятай амьдарч, хүмүүнлэг үзлээр амар амгаланд хүрч болно.

        Туршлага: Багш, төрийн албан хаагч, бодлого боловсруулагч, төсөл хэрэгжүүлэгч, төсөл боловсруулагч, судлаач, нийтлэл, өгүүлэл бичигч, илтгэгч, сурган хүмүүжүүлэгч.

        Боловсролын шинэлчлэл, багшийн хөгжлийн бодлогын чиглэлээр тогтмол нийтлэл бичиж нийтлэдэг. 

        https://undesniibolovsrol.blogspot.com
        https://www.facebook.com/luvsandorjts

        Ярилцлага унших

      • ДАРМЫН БАТБАЯР

        /1940-2020/

        Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч Дармын Батбаяр 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр орчлонт ертөнцийн жам ёсоор ертөнцийн мөнх бусыг үзүүлж, Монголын урлаг соёл, утга зохиолд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. Тэрбээр бүхий л ухамсарт амьдралаа ард түмнийхээ соёл гэгээрлийн төлөө зориулсан бичгийн их билгүүн суутан байсан юм. Монгол хэлт сонгодог уран зохиолын их өв санд хүүрнэл зохиол, яруу найраг, жүжиг, киноны зохиол, уран зохиол судлалын олон гайхамшигт бүтээл бичиж үлдээсэн ХХ-ХХI зууны Монголын орчин үеийн уран зохиолын туурвил зүйн сэтгэлгээний шинэчлэгч, уран сайхны үнэлэмжийн шинэ хэм хэмжээг тогтоогч байлаа. Тэрбээр өөрийн уран бүтээл, үйл хэргээрээ Монголын уран зохиолын бүхэл бүтэн 3 үеийг хүмүүжүүлэгч, үлгэрлэн дагуулагч, нэрт сурган хүмүүжүүлэгч багш байсан юм.

        Боржигон-Од овогт Дармын Батбаяр нь 1940 оны луу жил Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутагт “Их Номгоны үзүүр” хэмээх газар төржээ. Сурвалжит гэр бүлээс гаралтай тэрбээр бага наснаасаа эрдэм номонд шамдан суралцаж, уран зохиолд шимтэн дурлаж, авьяас билгээ хөгжүүлж иржээ. Тэрбээр бага дунд сургууль, Москва хотод Геологийн дээд сургууль, МУИС-ийн геологийн анги, 1977-1979 онд М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн дээд курс төгссөн ашигт малтмалын инженер, мэргэжлийн зохиолч байсан юм.

        Ажил хөдөлмөрийн гараагаа хайгуулын хээрийн ангид геологичоор эхэлж, 1970 онд Монгол Телевизид редактор, 1974 оноос Соёлын яаманд Жүжиг, киноны хэлтэст мэргэжилтэн, 1979 оноос МЗЭ-ийн “Утга зохиол, урлаг” сонины утга зохиолын ажилтан, 1980 оноос “Цог” сэтгүүлийн нарийн бичгийн дарга, 1986-1990 онд Соёлын яамны Мэргэжлийн зохиолч, жүжиг, киноны хэлтсийн дарга, 1990 оноос “Ил товчоо” сонины ажилтан, 1995 оноос Монгол мэдлэгийн дээд сургууль, 1998 оноос кино урлагийн “Бэрс” дээд сургуулийн багш, 2000 оноос ”Их Монгол” дээд сургуулийн тэнхмийн эрхлэгч, багш, 2016 оноос “Шинэ Монгол” сургуулийн зөвлөх багшаар ажиллаж байлаа.

        Д.Батбаяр сүүлийн хорь гаруй жил багшилж, уран зохиолын олон авьяастанг төрөн гаргаж, эрдэм судлалын бүтээл хийж, олон тооны илтгэл, хэлэлцүүлэг зохиож, улмаар профессор цол хүртсэн байна.

        Д.Батбаяр 1960 аад оны эхэн үеэс уран бүтээлээ эхэлж, 1965 онд “Гар”/хамтын/ нэртэй түүвэр нь хэвлэгдсэн бол түүнээс хойш “Жаргалын найман морь”, “Аниргүй эрвээхэй”, “Тэнгэрийн царай”, “Айсуй баярын зөн”, “Саахалтын нууранд ангир дуугарна”, ”Амрагийн тэнгэр”, “Чамд аз жаргал хүсье”, “Давалгаа бас дахин давалгаа”, “Навчисын хүүрнэл” зэрэг олон бүтээл хэвлүүлсэн нь орчин цагийн Монголын соёлын амьдралын содон үзэгдэл болжээ. Түүнээс гадна “Цахилж яваа гөрөөс”, “Мемонтог бүтээхүй”, “Ийнгаа миний хээр тал”, “Мөнхөөр савласан мөнх бус” зэрэг хүүрнэл зохиолын томоохон бүтээлүүд бичиж, “Шувуу бүхэн жаргалтай”, “Хайрыг хайрла” жүжгийн түүвэр, “Ирэх өдрүүдийн нар сар” яруу найргийн ном хэвлүүлжээ. Түүний сүүлийн үед бичсэн ”Бүтээхүйн зүй тогтол, сайханыг бүтээх нууц”, “Сайханыг бүтээхүйн нууц” зэрэг уран сайхны сэтгэлгээ, туурвилзүйн чиглэлийн бүтээлүүд нь олон уншигчдын бахдал талархлыг хүлээсэн юм.

        Зохиол бүтээлүүд нь Орос, Болгар, Япон, Хятад, Англи, Вьетнам, Латви зэрэг дэлхийн 10 орчим улсын хэлээр орчуулагдаж, монголын уран зохиолыг дэлхийд сурталчлахад ихээхэн хувь нэмэр оруулсан билээ. ХХ зууны монголын уран зохиолын сонгодог бүтээлийн нэг ” Цахилж яваа гөрөөс” туужаар бүтээсэн кино нь 1995 онд Азийн шилдэг киногоор шалгарч, Япон Улсын Токио хотод зохиогдсон кино наадамд амжилттай оролцож, 1996 онд Энэтхэгийн Дели хотод болсон Азийн шилдэг киноны наадамд шалгарсан байна. “Мартагдсан аялгуу” жүжиг нь 1987 онд Вьетнам хэлээр орчуулагдаж Ханой хотын Олон Улсын Их Театрын тайзнаа тоглогджээ. “Хөхэлдэй хүүгийн үлгэр” жүжиг нь 1990 онд ОХУ-ын Москва хотын хэд хэдэн театрт тоглогдож, Олон Улсын Театрын наадамд оролцож байжээ. Тэрбээр хүлээн зөвшөөрөгдсөн үндэстний хэмжээний сонгодог зохиолч төдийгүй Жан Батист Мольер, Морис Метерлинк, Жан Поль Сартр, Кобэ Абэ зэрэг дэлхийд алдартай зохиолчдын олон бүтээлийг эх хэлнээ орчуулжээ.

        Тэрбээр 1988 онд “Хайрыг хайрла”, “Мартагдсан аялгуу” жүжгийн зохиол бичсэн учир МЗЭ-ийн шагнал, 1998 онд “Цахилж яваа гөрөөс” тууж бичсэний учир Монгол Улсын Төрийн шагнал, 2008 онд шилдэг жүжгийн зохиолууд бичиж, орчин цагийн театрын урлагт үнэтэй хувь нэмэр оруулсны учир Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор тус тус шагнуулсан юм.

        Нэрт зохиолч, багш Дармын Батбаяр нь уран зохиолын бүхий л төрлөөр жигд туурвиж, Монгол хэл соёл, язгуур өв уламжлалыг хадгалах, түгээн дэлгэрүүлэхэд өөрийн уран бүтээлээрээ жинтэй хувь нэмэр оруулжээ. Монголчуудын оюун санааны амьдралд цогцлуулсан түүний бүтээлүүд цаг цагт улам гэрэлтэж, цаглашгүй цаг хугацааг туулах нь дамжиггүй. Үнэнч шударга чигч зан чанар, сурч мэдэхийн төлөөх насан туршийн тэмцэл, хүнийг хайрлах, хүний төлөөх чин сэтгэл бидний оюун ухаан, зүрх сэтгэлд өнө мөнхөд үлдэх болно.

        Пүрэвхүүгийн Батхуяг 
        https://www.facebook.com/purevkhuu.bathuyag

      • Дархадын Дамдин зайран нүдэн дээр ор мөргүй алга болж чаддаг

        Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын дархад “зайран” Жамбын Дамдингийн адал явдлыг нутаг усныхан нь төдийгүй нийслэлчүүд, ялангуяа тэр үеийн төр, засгийн томчууд андахгүй. Тэр үеийн гэдэг нь өнгөрсөн зууны 70-аад оныхон юм. Мэргэ төлөг, хараал жатгын хэргээр халхын хамаг шоронг дамжин, гучаад жилийг торны цаана өнгөрөөжээ. Тэрбээр нэг хэсэг Салхитын гэх шоронд төрсөн гэртээ юм шиг амьдарч байжээ. Шоронгийн хулгайчууд болон атаманууд, хуяг, дарга нарын хувь заяаг хэлж, заримынх нь ар талыг бүрэн даах тул бараг дархлагдсан нэгэн байжээ. Мөнгө төгрөг, идэж уух, өмсч зүүхээр ёстой тасардаггүй байж. Мөнгөө нааран дээр ил тавьчихдаг, хэн ч авдаггүй байсан гэх. Харин нэг өдөр мөнгөнөөс нь алга болжээ.

        Түүнийг мэдсэн хоригдлууд бужигнаад явчихсан гэнэ. Энэ тухай яриа тэрүүгээр нисэх адил тарсан бөгөөд бүгд сонссон нь ойлгомжтой. Салхитын шоронгийн атаман Дашийн Ядмаа бүх овгорыг цуглуулаад “За, эцгийн мөнгөнд гар дүрсэн хулгайчийн гэдэс энэ шөнө дүүрч үхнэ дээ” гээд тараажээ. Төдөлгүй нөгөө мөнгийг “зайран” Дамдингийн нааран дээр ганцыг ч дутаалгүй авчираад тавьчихсан байсан гэдэг. Тэрхүү шоронд “Ардын багш” хочтой нэрд гарсан хоригдол Пэрэнлэйн Найдан гэж байжээ. Тэр үе үе “зайран”-гаас “Би оргомоор байна. Надад нэг туслаач” гэдэг байж. “Баригдахаас хойш оргож ял нэмээд яадаг юм” гээд хөдөлдөггүй байсан аж. “Хорвоогийн нарыг байгаагаар нь хэд хоног харчихаад буцаад орвол хэдэн жил нэмүүлсэн ч яадаг юм” гээд болохгүй болохоор нь “Би чамд ганц л тусална. Хэнд ч бүү хэл. Хэзээг удахгүй хэлнэ.

        Өдөр болгон уулзаж бай” хэмээсэн байна. Найдан өдөр бүр уулзаж, боломжит өдрийг хүлээсээр байв гэнэ. Уулзах болгонд нь мэргэлээд “Өнөөдөр хэрэггүй” гэдэг байжээ. Яг 21 дэх өдрийн орой “Одоо яв даа” гэсэн гэдэг. Тэр бараг зүгээр шахуу гараад явчихсаныг үзээд хоригдлууд ихэд гайхсан гэнэ билээ. Шоронд байхдаа яг үүн шиг биш ч бусдаар хоригдлуудад үргэлж тусалж байжээ. Тиймээс тэд бурханчлан тахисан байдаг. Завханы Тосонцэнгэлийн “модны” шорон татан буугдаж, “Гөлөөн” Цэрэндондог, Дашийн Ядмаа, “зайран” Дамдинг Улаанбаатарын Улаанбайшинтын шоронд шилжүүлэхэд шоронгийнхон ёстой үзээгүйгээ үзэж, үхэр цам харайна гэгч болжээ. Дамдингийн пүүгээ, дэвсгэр, шашны эд зүйл, бийд хөрөнгийг нь Тосонцэнгэлийн шоронгийн гурван атаман барьж, үүрчихсэн, мань хүн шилүүсэн дотортой, дугуй хээтэй цэнхэр торгон дээлтэй, хэт хутга зүүчихсэн морилж байсныг хотын шоронгийн хулгаруудаас авахуулаад хуяг, удирдлагууд нь хараад алмайрсан ч юуг нь ч хурааж оролдоогүй байдаг. Тэд түүний талаар мэдээлэл сайтай байснаас тэгээ биз.

        Яльгүй юмаар өөрт лай хураахыг хэн хүсэх билээ. Ийм л жаатай эр явжээ. Түүний төрсөн охин Д.Батчулуун эцгийн талаар ийн дурссан байна. “Миний аав Жамбын Дамдин 1908 онд Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд төрсөн. Эцэг, эхийн гар дээр өсч, дүү нартайгаа бужигнаж бусдын адил л хүмүүжсэн хүн дээ. Аавын маань эмээ, ээж нь удам дамжсан хүч чадалтай, нэр төртэй удганууд байсан юм. Тэдний тэнгэрийн зараалын дагуу бөөгийн эрдмийг нь есөн настайдаа өвлөн “хуягласан” гэдэг юм. Нутгийн Эвдийн хийдэд ч шавилан сууж байсан удаатай.Монгол, түвд бичигтэй, тооны ухаанд жинхэнэ гаргууд хүн байлаа. Би сургуульд байхдаа аавын чадлыг сонирхон сорьдог байв. Тоогоор мэргэлдэг учраас тэгсэн хэрэг л дээ. Хэдэн ч оронтой тоог квадрат зэрэгт дэвшүүлж, хариуг нь алдаа мадаггүй гаргадаг, шууд хэлдэг байлаа. Математикийн ямар ч багш тэгж цээжээр шууд хэлээд байхгүй шүү дээ.

        Бичгийн их хүн, эрдэмтэн Б.Ренчин, Угсаатны зүй судлаач, доктор Бадамхатантай их дотно харьцаатай, байнга уулзаж, учирдаг байсан юм. Шоронд байхад нь ч энэ хоёр том хүн хувийн болон бусдын хүсэлтээр эргэж тойрч, уулзаж учирч явсан байна лээ. Тэр бүхнийг надаас гадна төрийн томчууд бүгд мэднэ дээ. 1938-1968 оны хооронд халхын хамаг шоронг дамжсан байдаг юм. Хилс хэргээр хүний амьдралын гучин жилийг шоронд үрдэг байсан хэлмэгдлийн үеийн хар он жилүүдийг яалтай билээ. Тухайн үеийн улс төр, нийгмийн нөхцөл байдал нь тийм байсан юмыг бид яахав.

        1969 оноос хойш баригдаж бариагүй ч Улаанбаатарыг эргэж тойрон нүүж, нуугдаж, мөрдөгдөж хавчигдаж явсаар насыг барсан даа. Нутаг руугаа явж эгч, дүүстэйгээ уулзаад буцаж явахдаа 1972 онд Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ суманд нас барсан билээ. Алаг-Эрдэнэ аавд ер нь таардаггүй газар байсан санагддаг. Тэндээс л дандаа баригдсан байдаг нь сонин. Түүх төөрөг нь тийм байсан юм уу, хэн мэдлээ. “Үзэл бодол, итгэл үнэмшилдээ үнэнч байж, хүнд тус болж явбал бүх зүйл бүтдэг хорвоо” гэж үр хүүхэд бидэндээ ихэд захидаг байсан даа. Бид ааваасаа өвлөж авсан юм бараг байхгүй дээ. Харин манайхан бүгд шулуун, шударга талдаа нь аавын араншин байж магадгүй. Түүнээс эд хөрөнгө, энэ тэрээс нь үлдээгүй.

        Өөрөө л аргыг нь хайсан бололтой. тэгээд ч ухаантай хүн ондоо шүү дээ. Үр хүүхдэд минь гай болно гэж бодсон юм байлгүй дээ. Авдар, авдраар л юмтай байсан санагддаг. Тэрийг нь бид онгичиж үзэх биш. Чухам юу байсныг нь үнэндээ мэдэхгүй. Тэр бүгд нь нэг мэдэхэд л үгүй болсон юм даа” гэж ярьжээ. Монголын шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч асан Базарын Ширэндэв их сонин түүх ярьдаг. “Нэг өдөр Ю.Цэдэнбал дарга намайг дуудав. Дарга намайг барагтай юманд дуудахгүй л дээ. Амин чухал ажил гарсны тэмдэг байлаа. Уг нь улс орны гол асуудлыг нэлээд нухацтай ярих тул би ч дотроо бодолтой очлоо. Тэгтэл шал өөр юм яриад эхэлсэн. Эхэндээ би бүр алмайрч орхилоо. Шинжлэх ухааны хүнтэй шинжлэх ухааны бус зүйл ярьсан гэхэд болно л доо. Өмнө нь надтай лав энэ сэдвээр нэг ч удаа бага боловч хөөрөлдөөгүй билээ.

        Тэгээд ингэж ярив. Дархадын “зайран” Дамдин гэдэг хүний талаар ард түмнээс олон захиа занаа миний нэр дээр ирлээ. Эхэндээ би нэг их ач холбогдол өгөөгүй. Ойрноос хэсэг бодлоо. Ер нь тэр хүнийг судалж үзүүштэй санагдав. Угсаатны зүй судлаач Ренчингийн хамт чи өөрийн биеэр тэр хүнтэй уулзаж учир байдлыг нь тодруулаад ир гэв. Нэг боодолтой зүйлийг түүний гарт нь өгөөрэй гэсэн. Би задлаагүй. Тэгээд Ренчинтэй уулзлаа. Бид хоёр хөөцөлдөж байж Дамдинг шоронгоос авчруулан Монгол кино үйлдвэрийн нэг багашаархан зааланд уулзав. Уулзахаар барахгүй түүний бөөлөхийг кино хальсанд буулгаж авсан.

        Тэгтэл харин тэр хоёр бүр эртний танилууд байсан юм билээ. Кино зураг авах зуур би Ренчингээс бөөгийн талаар бага сага юм асууж, тодруулж авсан. Ренчин тэр талаар намайг дагуулахгүй л дээ. Мэргэжил, сонирхол нь ч тийм юм билээ. Дамдин хуяг хөөгөө өмсөөд ид бөөлж байхдаа газраас хөндийрч, таазны тэхий голд их л өндөрт хөөрч тогтосхийхийг би нүдээр үзсэн юм даа. Тэр гайхамшигт агшныг одоо хүртэл санаж явдаг. Баргийн юм мартагдчихдаг шүү дээ. Тийм онцгой үйл явдал хэзээ ч үл мартагддаг нь жам юм.Тэгээд бөөлсний дараа хэсэг ярьж суутал тэр нэг мэдсэн чинь ор сураггүй алга болсон байлаа. Би даргын өг гэсэн юмыг өгч чадаагүйдээ бантаад Ренчингээс “Нөгөө хүн хаачихав аа?” гэвэл “Хаалгаар л лав гараагүй” гэж билээ. Энэ тухай Ю.Цэдэнбалд танилцуулаад, нөгөө юмыг нь өгч амжаагүйгээ үнэнээр нь хэлэв. Тэгэхээс ч аргагүй байсан юм. Түүнд худал хэлэлтэй биш. Дарга миний үгийг тун хянамгай сонсоод, “Би нэг уулзах юмсан. Даанч боломжгүй юмдаа” гэж билээ.

        Тэрбээр чухам юу бодож тэгж хэлсэн нь нууц хоцорсон доо” гэжээ. Авсан кино зураг сэлтээ Монгол кино үйлдвэрийн архивт хадгалуулсан. Үүнийг дэлхийн улс, орнуудад үзүүлж таниулбал Монгол хүний чадварыг гайхуулна гэж бодоод ерээд оны эхээр нөгөө зураг, сэлтийг хайж үзэв. Гэтэл хариуцлагагүй нөхөд аль хэдийнэ устгасан байсан даа гэж нэмж хэлсэн байна. Угсаатны зүй судлаач Бадамхатан бас нэг сонин зүйл ярьдаг байжээ. Тэрбээр “”Зайран Дамдинг анх удаа би өөрөө Б.Ренчин багштай танилцуулсан юм. Дамдин “зайран” Мөрөнгийн мөрдөнд байсан үе нь л дээ.

        Аймгийн намын хорооныхонтой ярилцаад мөрдөнгөөс түр гаргаж, буудлын жижиг өрөөнд Ренчин багш Дамдинтай уулзангуутаа бөөлж өгөхийг хүссэн. Тэгтэл Дамдин “Үүнээс чинь болоод энд сууж байгааг та мэдэх билээ” гээд татгалзсан. Гэвч эвийг нь олоод бөөлүүлсэн. “Ренчин багш “Бид хоёрын тавиланг айлдаж хайрла” гэвэл “За” гээд хуураа татаж онгодоо оруулаад Ренчин багшид, “Та санаж сэдсэн зүйлээ бүрэн хийж, гүйцээж чадалгүй байсаар энэ ертөнцөөс явах юм байна. Харин энэ Бадамхатан санаснаа гүйцээгээд нэг их наслахгүй одох нь гэв. Мэдээж л дээ, миний зорилго бага, Ри багшийнх агуу нь ойлгомжтой ш дээ” хэмээжээ.

        Бас нэгэн сонирхолтой баримтыг одоо хүргэе. Унгарын бөө судлаач В.Диосеги Монголд судалгааны ажлаар ирээд Б.Ренчин гуайтай уулзаж, монгол бөөгийн чадлыг ганц ч болов харахсан гэжээ. Ренчин гуай “Тэр бололгүй яахав” гээд шоронгоос гараад Хайлаастад амьдарч байсан Дамдинтай уулзуулжээ. Учир явдлаа ярьсны дараа “зайран” Дамдин бөөлөх болсон байна. Тэр эрдэмтэн В.Диосегид хандан, “Холоос ирсэн танд би нэг бэлэг барья. Хулгайн онгодоор зүүн өмнө зүгийн нэг айлаас мөнгөн аяга авчруулан танд өгьё” гэсэн байна. Ингээд баахан бөөлж, бөөлж өврөөсөө нэгэн мөнгөн аяга гаргаж ирээд түүнд өгчээ. Хоёр эрдэмтэн мэл гайхаж, цэл хөхөрчээ. Маргааш нь Ренчин гуай “Үүнийг газар дээр нь шалгая.

        Хаанаас хэрхэн авч вэ? Тэр газар нь очиж нүдээр үзье” гэжээ. Ингээд нэгэн машин хөлөглөн В.Диосеги, Дамдин хоёрыг дагуулаад гарч өгчээ. Тэгээд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нэг айлд очсон байна. Сонин сайхан яриа дэлгэж байх зуураа Б.Ренчин гуай “Танайх ойрын үед ямар нэгэн эд зүйлээ алдаагүй биз?” гээд асууж орхиж. “Бид ам бүл гурвуулхнаа байдаг. Авдранд байсан мөнгөн аягаа өчигдөр, уржигдархан алдаад гурван биеэ хулгайд хардаж сууна даа” гэжээ. Тэгтэл Ренчин гуай цүнхнээсээ нөгөө мөнгөн аягыг гаргаж ирээд үзүүлтэл “Ямар сонин юм бэ? Яг мөн байна шүү дээ” гээд дуу алдан гайхжээ. Өнөө үед бол гар утсаар бие биедээ хэл дамжуулаад тохирчихож гэхсэн. Эрдэмтэн В.Диосеги энэ байдалд итгэж ядан “Эд нар хуйвалдсан байж магадгүй” гэж бодоод “Та хөөргөө надад бэлэглээч” гэсэн байна. Дамдин “Халхын нутгаас аваад гарч чадвал хамаагүй ээ, ав” гээд гарын хөөргөө өгч орхижээ. В.Диосеги маргааш нь нисэхийн гаалиар орохдоо зайрангийн өгсөн хөөргийг цүнхнээсээ гаргаж үзэх гэтэл тэр нь алга байжээ. В.Диосеги цүнхээ гараасаа салгаагүй байгаа юм.

        Ингээд ихэд сүсэглэж, “Монгол бөөгийн хүч чадлыг нүдээр үзэж давхар шалган биеэр мэдэрлээ” гээд нутаг буцсан гэдэг. Дамдин “зайран” Дархад бөөгийн өвөрмөц дуудлагыг Б.Ренчин гуайд өөрөө хэлж өгч бичүүлсэн нь Францад хэвлэгдсэн “Монгол бөөгийн судалгааны хэрэглэгдэхүүн” хэмээх номонд сар, өдрөөр нь тэмдэглэсэн байдаг гэнэ билээ. “Зайран” Дамдин онгод нь орсон үедээ жаахан хар талын юм хийчихдэг нь цөөнгүй хүнд тусч, ам дамжин яригдсаар цагдаа, шүүхийнхний чихэнд очдогоос ийнхүү олон жил хэлмэгдэн, хилс хэргээр шорон оронд орж байсан бололтой.

        Түүнээс биш бусад талаар бөө, лам нар байсан ч 60-70 онд тэгж нэг их сүр дуулиан болон орон шоронгоор шийдэгдээд байдаггүй байжээ. Зарим нэг зүйл гардаг ч тэгж ингэсхийгээд анхааруулга, донгодуулга хэлбэрээр өнгөрдөг байсныг өгүүлэхэд илүүдэхгүй болов уу. Тэр үед хамаг юм далд байхад энэ мэт явдал тохиодог байсан нь нэг талаас аргагүй бөө мөргөлийн ид шид байсных юм. Хоосон юмнаас хүн гөрддөг хөг өнгөрчихсөн цаг үе гэхэд хилсдэхгүй. Сум, хороо, баг бүрт шахуу нэг тиймэрхүү юм мэддэг, үздэг хардаг хүн байсан юм билээ. Өнөөгийнх шиг чөлөөт нийгэм биш учраас баахан битүү хатуу байсан гэхэд болно л доо. Тэгээд ч ардууд тийм хүнээ нууж хаагаад, хайцайлаад явдаг байснаас тэгтлээ ч шорон орон болоод байдаггүй байсан юм шиг санагддаг юм.