Category: гэгээрэл-боловсрол

  • Дашзэвэгийн МӨНХТУЛГА- Боловсролын шинэчлэл, STEAM боловсрол

    Дүдү Боловсролын сан, Дүдү шинжлэх ухааны музейг үүсгэн байгуулагч. Дүдү машин, Цаасан онгоц хөтөлбөрийг санаачлагч.

    Монголын Скаутын холбооны сургалтын дарга, Монголын зуслангуудын холбооны сургалт хөтөлбөр хариуцсан удирдах зөвлөлийн гишүүн. ASEM- ийн сайн дурынхныг штабыг удирдан ажилласан.

    Тэрээр “Teamwork&Teamplay” сургалтыг үндэслэгч Жим Кэйний 2011 онд Хонгконгд, 2014 онд Турк улсад зохион байгуулсан сургалтуудад оролцон сургагч багшийн гэрчилгээ авсан. 2015 оны 5 сард Доктор Жимтэй хамтран Монголд анх удаа “Teamwork&Teamplay” сургалтыг зохион байгуулж “Teamwork&Teamplay Mongolia” сургалтыг Монголд болон бүс нутгийн хэмжээнд зохион байгуулах албан ёсны эрхийг авсан.

    https://www.facebook.com/dudumongolia/

  • Наранцэцэгийн ОРЧЛОН- Олон улсын эрүүгийн шүүхийн ахлах өмгөөлөгч

    Олон улсын эрүүгийн шүүхийн ахлах өмгөөлөгч

    2006 оноос хойш Голландын Гааг хотноо Олон Улсын Эрүүгийн Шүүхэд ахлах өмгөөлөгчөөр ажиллаж байна. Өмнө Монголд олон улсын байгууллагуудад хуулийн зөвлөх, өмгөөлөгч, АНУ-д өмгөөлөгчийн туслах, Монгол Улсын цагдаагийн байгууллагад мөрдөн байцаагчаар тус тус ажиллаж байсан. Мэргэжлийн боловсролын хувьд АНУ-ын Миннесотагийн Их Сургуульд хууль зүйн магистрын зэрэг хамгаалсан. Мөн олон улсын хүний эрх, хүмүүнлэгийн эрх зүйн чиглэлээр Австри, АНУ, Бельги, Герман, Голланд, Франц, Итали, Швейцарь, Шинэ Зеланд зэрэг улсад мэргэжил дээшлүүлэх сургалтад тус тус хамрагдсан. Мөн Австрийн Зальцбургийн Их Сургууль, Ирландын Гальвэйн Их Сургууль, Кутафины нэрэмжит Москвагийн Хуулийн Их Сургуульд олон улсын эрүүгийн эрх зүйн чиглэлээр тус тус лекц уншиж байсан болно. Англи, франц хэлтэй.

    Тэрээр олон улсын түвшинд Уганда, Кени, Төв Африкийн БНУ, Ардчилсан Конго, Кот Дивуар улсуудад үйлдэгдсэн дайны болон хүн төрөлхтөний эсрэг гэмт хэргийн олон мянган хохирогч нарыг шүүхийн өмнө төлөөлж ажилладаг. 

    Мөн 1995 – 1999 онуудад хууль зүйн анхан шатны боловсролыг Монголд Цагдаагийн Академид эзэмшин цаашлаад 2001-2002 онуудад АНУ – д Миннесотагын Их Сургуулиас хууль зүйн магистрын зэрэг хүртсэн. 2015 онд Австрид Салзбургын Их Сургууль, 2016 онд Ирландад Гальвэйн Их Сургуульд олон улсын эрүүгийн хуулийн чиглэлээр лекц уншиж байсан болно. Н.Орчлон нь чөлөөт цагаараа шинэ хуульчдын “Орчлон Клуб” фэйсбүүк группыг хөтөлдөг.
    https://www.facebook.com/orchl…
    https://www.facebook.com/group…

    Ярилцлага унших

  • Сүхбаатарын Тунгалаг- Нэрт агрономич, сургагч багш

    Нэрт агрономич, хүлэмжийн аж ахуй, агротехнологийн сургагч багш, зөвлөх. High Garden органик цайны брэндийг үндэслэгч.

    Сүхбаатар аймгийн Баруун-урт суманд 1964 онд төрсөн.

    Тэрээр Монгол орны нэн ховор, ховор ургамлын үрийн генофондыг хамгаалах, баяжуулахад идэвхийлэн зүтгэж Урал чихэр өвсийг тарималжуулсан төдийгүй уул уурхайн нөхөн сэргээлт, аймгуудад мод ургамал үржүүлгийн бааз байгуулах ажилд үнэт хувь нэмэр оруулсан нэрт агрономич, хүлэмжийн аж ахуй, үрсэлгээ, агротехнологийн боловсролыг 5,000 гаруй хүнд олгож Монгол Улсад өрхийн аж ахуйг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж чадсан хөдөлмөрч багш юм. 
    “УРГАДАГ УУРХАЙ” санаачилгыг анхлан гаргасан.

    БОЛОВСРОЛ, МЭРГЭШСЭН БАЙДАЛ

    1972- 1982 он Сүхбаатар аймгийн 10 жилийн дунд сургууль

    1982- 1984 он ХААДС-ын малчин залуусын бэлтгэл анги

    1984- 1989 он ХААИС-д Агрономич

    1996 он ХААИС-д магистрийн зэрэг хамгаалсан

    2000 он ЮНЕСКО-гийн “Сурч амьдаръя” төслийн орон нутагт албан бус боловсролын багш бэлтгэх сургалт

    2000 он БСШУЯ-ны “Албан бус боловсролын төв”-д зайны сургалтын сургагч багш бэлтгэх сургалт

    2000- 2005 он Баянхонгор аймагт Албан бус боловсролын гэгээрлийн төвийг  бий болгоход албан бус боловсролын сумын арга зүйч багш, явуулын багш нарыг үе шаттайгаар бэлтгэх сургалтыг зохион байгуулсан.

    2005 он АДРА- Монгол ОУБ-ын “Хүнсний  аюулгүй байдлыг хангах нь” хөтөлбөрийн “Өрхийн тариалан” санаачлага төслийн сургагч багш бэлтгэх сургалт

    2013 он МСҮТ-ын ЧССХөтөлбөр боловсруулах сургагч багш бэлтгэх сургалт

    АЖЛЫН ТУРШЛАГА

    1989- 1990 онд Сүхбаатар аймгийн АДХГ Захиргаанд ерөнхий агрономич

    1990- 1994 онд  ШУА-ийн Ботаникийн хүрээлэнгийн харьяа Говийн Ашигт Ургамал Тарималжуулах Эрдэм шинжилгээний станцад Эрдэм шинжилгээний ажилтан

    1994- 1996 онд Баянхонгор аймгийн Ойн аж ахуйд ойн инженер

    1996- 2000 онд ШУА-ийн харьяа ГАУТЭШҮ-ийн станцад эрдэм шинжилгээний ажилтан

    2001- 2005 онд Баянхонгор аймгийн Боловсрол Соёлын төвд Албан бус боловсролын арга зүйч

    2004- 2009 онд Баян хонгор аймагт эрдэнэшишийн тариалан эрхэлж байсан.

    2005- 2009 онд Баянхонгор аймаг дахь АДРА- Монгол ОУБ-ын орон нутгийн ажилтан

    2009- 2017 онд “Хонгор Говь” ТББ-ын тэргүүн

    2011- 2017 онд “Асрал” ХХК-д Ерөнхий агрономич

    2018 оноос “Аз бут” ТББ-ийн тэргүүн

    ОЛОН УЛСЫН ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРТ ХАМТРАН АЖИЛЛАСАН ТУРШЛАГА

    2001- 2004 онд ЮНЕСКО- ийн хэрэгжүүлсэн “ Сурч амьдаръя” төслийн ажилтан

    2003 онд Английн хүүхдийг ивээх сангийн санхүүжилтээр “Хөдөлмөр- Боловсрол- Хүүхэд” төслийн удирдагч

    2008 онд НҮБ-ийн ДДБОС-гийн ЖТХ- ийн санхүүжилтээр “Урал чихэр өвсийг тарималжуулах” төслийн удирдагч

    2010 онд Байгаль Шинэчлэл төслийн уралдаанд оролцож “Урал чихэр өвсний тархац нөөцийг тогтоон нутгийн иргэдийн оролцоотойгоор хамгаалах” төслийн удирдагч

    2014- 2015 онд АНУ-ын Азийн сангийн “Байгаль орчныг хамгаалахад талуудын оролцоог нэмэгдүүлэх нь II” төслийн хүрээнд бичил уурхайгаар эвдэрсэн газрын техникийн болон биологийн нөхөн сэргээлийн аргачлал боловсруулахад биечлэн оролцож, нөхөн сэргээлтийн зөвлөх

    2014 онд Бичил уурхайгаар эвдэрсэн газрын техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг Баянхонгор аймгийн Жаргалант сум-5га, Галуут сум-5га, Баян-овоо сум-5га, Говь Алтай аймгийн Есөнбулаг сум- 30га, Сэлэнгэ аймгийн Мандал сум 3га, Дорноговь аймгийн Айраг суманд 10га-д хийлгэхэд биечлэн оролцсон.

    2015 онд Бичил уурхайгаар эвдэрсэн газрын техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Нэмэхт ууланд 10га, Сэврэй суманд 10га талбайд аргачлалын дагуу гүйцэтгэсэн.

    2016 Азийн сангийн “Байгаль хамгаалахад талуудын оролцоог нэмэгдүүлэх нь II” төслийн хүрээнд Ногоон ажлын байр бий болгох төслийн зөвлөх. Төслийн хүрээнд, Ховд аймгийн Алтай суманд ”Нутгийн ургамлын үрийн бааз сан”-г 1га талбайд, Баянхонгор аймгийн Баянхонгор сум, Өмнө говь аймгийн Гурван тэс суман тус тус нутгийн ургамлын үржүүлгийн 1га талбай бий болгосон.

    СУДАЛГААНЫ АЖИЛ

    “Үнэгэн сүүлхэй лидрийн агро- биологийн үндэс “дэд сэдэвт “Урал чихэр өвсний үндэсний ургац нэмэгдүүлэх нь“ дэд сэдэвт судалгааны ажлыг амжилттай гүйцэтгэсэн. Монгол орны урал чихэр өвсний нөөцийг шинэчлэн тогтоосон. Монгол орны модлог ургамлын үрийн генофондыг хамгаалах, ховор ховордсон ургамлын үрийн генофондыг хамгаалах чиглэлээр судалгааны ажлыг 28 жил хийсэн.

    Эрдэм шинжилгээний өгүүлэл, бүтээл ном товхимол 10 гаруйг бичсэн. “Говийн ховор ховордсон ургамлыг нутагшуулан тарималжуулах“ дэд сэдэвт судалгааны ажлыг амжилттай гүйцэтгэн 58 ургамлын аргазүйг боловсруулан бичсэн.

    Баянхонгор аймгийн 2000- 2005 онд Албан бус боловсролын 6 хөтөлбөрийн судалгааг хийсэн.

    2014 онд Тэжээлийн ургамалын тариалан эрхлэх

    2016 онд Бичил уурхайн биологийн нөхөн сэргээлт хийх аргачлал боловсруулах

    2016 онд Монголын нөхцөлд хамгаалагдсан хөрсөнд жилийн дөрвөн улиралын турш тариалах боломжтой гүзээлзгэний сорт гаргах

    СУРГАЛТЫН ТУРШЛАГА

    Өвлийн хүлэмжний аж ахуй эрхлэх, барих, хүлэмжинд хүнсний ногоо тариалах арга аргачлалын талаар сургалт, экологийн боловсрол олгох телевизийн нэвтрүүлгүүдэд тогтмол оролцдог. Байгаль орчны чиглэлийн мэргэжлийн түр сургалт, зөвөлгөө тогтмол хийж ирсэн. Сүүлийн 1 жилийн хугацаанд мэргэшүүлэх болон түр сургалтанд оролцсон байгуулага, иргэдээс дурьдвал: JCS ОУБ, Дэлхийн зөн ОУБ, АДРА- Монгол ОУБ, НҮБ-ын дэргэдэх ЖТ хөтөлбөр, Оюу-толгой ХХК, Таван богд ХХК, Толгойт ТББ, Хан- уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, Өмнөговь аймаг, Баянхонгор аймаг, Сүхбаатар аймаг, Төв аймаг, Өвөрхангай аймаг, Дархан Уул аймаг, Баянгол дүүрэг, Налайх дүүргийн иргэд.

    2014 оны 4 сарын 10-с 5 сарын хугацаатайгаар ойжуулагч, цэцэрглэгч, хүлэмжийн аж ахуйн мэргэжил олгох сургалтыг явуулан 18 мэргэжилтэй ажилтан бэлтгэсэн.

    НЭН ХОВОР, ХОВОР УРГАМАЛ ТАРИМАЛЖУУЛСАН ТУРШЛАГА

    1990 онд Баянхонгор аймгийн Богд сумын нутаг дахь ШУА-ийн Говийн ашигт ургамал тарималжуулах Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн станцын ЭША С.Тунгалаг нь анх удаа хайрган хөрсөн дээр 58 ургамлыг тарималжуулан нутагшуулах ажлыг хийсэн.

    1990 онд анх удаа Урал чихэр өвсийг 3 дэд сэдвийн хүрээнд туршлага судалгааны ажлыг хийсэн. Өнөөгийн байдлаар 120га талбайд таримал Урал чихэр өвс ургаж байна.

    ГАВЪЯА ШАГНАЛ

    2005 онд Монгол Улсын Байгаль орчны тэргүүний ажилтан цол, тэмдэг

    2007 онд НҮБ-ын Махатма  Гандигийн нэрэмжит хүмүүнлэгийн шагналтан шагнал хүртсэн. (Хөдөөгийн иргэдийг боловсоржуулан амьжиргааг дээшлүүлэхэд оруулсан хувь нэмрийг үндэслэн)

    2016 онд МБОИЗ-ийн дээд шагнал “Ногоон од” цол тэмдэг

    2017 онд Төрийн дээд “Алтан гадас” одонгоор шагнуулсан

    tungaa_khongorgobi@yahoo.com

    https://www.facebook.com/agron…

  • Мөнхбадрахын МӨНГӨНЦЭЦЭГ- Монгол бүжиг судлаач, бүжиг дэглээч

    Монгол үндэсний бүжиг, бий биелгээг судалгаа, сургалтын шинэ түвшинд гаргаж ирсэн нэрт судлаач, бүжиг дэглээч. Хадны сүг зургийн судалгааг үндэсний бүжгийн хөдөлгөөний дэглэлтэнд оруулж ирсэн.

    СУИС-ийн БУС-ийн ахлах багш, бүжиг дэглээч, МУСТА, докторант
    “Натурдаанс” ХХК-ий захирал

    1971 оны 5 сарын 30- нд Улаанбаатар хотод төрсөн. 1979-1989 онд 75-р сургууль, 1989-1991 онд СГДунд сургуулийн бүжгийн багшийн анги, 1993-1997 онд СУИС-ийн бүжиг дэглээч, багшийн ангийг тус тус төгссөн. 2007 онд “Хадны зураглал дахь бүжиг дүрсэлгээ” сэдвээр урлаг судлалын ухааны Магистр зэрэг хамгаалсан. 2010 оноос СУИС-д докторантурт сурч байна. 

    АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ

    1984-1991 онд МҮЭСТО-ы “Хараацай” чуулга, 1997-1998 онд ДБ-ийн “Эрдэнэт” чуулгад бүжиг дэглээч багшаар, 1998-2000 онд СУИС-ийн Бүжгийн тэнхимд багш, 2000-2010 онд Австри улсын Вена хотын Оттакринг дээд сургуульд Ази бүжгийн багш, 2010 оноос Үндэсний дуу бүжгийн “Түмэн Эх” чуулгад бүжиг дэглээч багшаар, 2010 оноос одоог хүртэл СУИС-ийн ТДУС-ийн БУНТ-д МУБ-ийн багшаар ажиллаж байна. 

    1990 онд Цэнгээнт бүжгийн “Улаан сарнай” хамтлагийг үүсгэн байгуулалцсан, 1995 онд ХААИС-ийн дэргэд Цэнгээнт бүжгийн “Хатантуул” хамтлагийг үүсгэн байгуулсан, 2004 онд “Naturdance” мэргэжлийн бүжгийн студийг үүсгэн байгуулсан. СУИС-ийн БУС-ийн Монгол бүжиг, Монгол бүжгийн заах арга зүй, Монгол бүжгийн зохиомж хичээлүүдийг заадаг. 

    ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ 

    2011 онд Голланд улсын Амстердам хотноо зохиогдсон “Beyond India” модерн бүжгийн сургалтанд оролцож “Хад, агуйн бүжиг дүрсэлгээ” сэдвээр постер илтгэл, – 2012 онд СУИС-ийн СИС-аас зохион байгуулсан “Соёл Судлалын Их Семинар”-т “Монголын соёлын түүх, онол, пратиктийн асуудал” сэдэвт семинарт “Хад агуйн зураглалаас бүжиг дүрсэлгээ” илтгэл, – 2013 онд ТДУС-иас зохион байгуулагдсан багш нарын эрдэм шинжилгээний хуралд “Тайзны монгол бүжгийг зөв хөгжүүлэх нь” илтгэл тавьж тусгай байр эзэлсэн, – 2015 онд БУС-иас зохион байгуулагдсан багш нарын эрдэм шинжилгээний хуралд “Монгол тойрон бүжиг” илтгэл,

    – 2013 онд АНУ-ийн элчин сайды яамтай хамтран “Хамтдаа бүжиглэе” орчин үеийн бүжгийн сургалтыг хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон мэргэжлийн бүжигчидэд дунд явуулав. Уран бүтээл.

    УРАН БҮТЭЭЛ
    Ажиллах хугацаандаа 5 бүрэн хэмжээний бүжгэн жүжиг, 4 бэсрэг бүжгэн жүжиг,150 гаруй уран бүтээл болон концертийн бүжгүүдийг дэглэн найруулсан нь СУИС, ҮДБЭЧ, ХЦДБЧ, “Түмэн Эх” чуулга, “Сүлд” чуулга болон Дундговь, Дорноговь, Өвөрхангай, Увс, Төв, Баянхонгор аймгуудын театрын урын санд орж тайзнаа тоглогдсоор байна. 
    

    ШАГНАЛ, УРАМШУУЛАЛ

    2004, 2011 онд Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит мэргэжлийн Бүжиг-дэглээчдийн 3-р уралдаанд амжилттай оролцож хоёрол бүжгээр Тэргүүн байр, гурвал бүжгээр Тэргүүн байр, бүжиг дэглээч номинацид Тэргүүн байр тус тус эзэлсэн. Улаан-Үд хотод зохиогдсон Ази Номхон далайн орнуудын шилдэг бүжигчдийн “Венок дружбы” уралдаанд 2010 онд бүжигчин Номгонмаа “Нэгэн хүний явдал” гоцлол бүжгээр Тэргүүн байр, 2011 онд бүжигчин Ариунболд, “Торгууд эр”, “Тал нутаг”, бүжигчин Мөнгөнчимэг “Эх биелгээ”, “Бүсгүй” зэрэг М.Мөнгөнцэцэг багшийн дэглэсэн бүжгүүдээр Тэргүүн байр эзэлсэн. 2011 онд МУУГЗ Б.Алтанцэцэгийн нэрэмжит II уралдаанд Шилдэгийн шилдэг бүжиг дэглээч, багшаар шалгарсан. 2012 оны 2-р сард Новосибирск хотноо болсон ЮНЕСКО-оос зохион байгуулсан Бүжиг дэглээчдийн Олон Улсын уралдаанд Хүүхдийн төрөлд IV, Орчин үеийн бүжгийн төрөлд III, Ардын бүжгийн төрөлд II байр тус тус эзлэн ерөнхий оноогоор II байранд шалгарч Мөнгөн Нефертит цом авчирсан. 2012 оны 9-р сард ӨМӨЗО-ы Ордос хотноо болсон олон улсын ардын бүжгийн 3-р уралдаанд “Сугсраан донж”,”Аврага зээрд” бүжгүүд нь 3-р байр Хүрэл цом,”Домог биелгээ” бүжиг 2-р байр Мөнгөн цом, Бүжиг дэглээч Алтан цом хүртсэн. 2014 оны 6-р сард ОХУ-ын Тува улсын Кызыл хотноо болсон “Сердце Азий”олон улсын бүжгийн уралдаанд “Сугсраан донж”, “Домог биелгээ” бүжгүүдээр оролцож 2-р байр Мөнгөн цом хүртсэн. 2015 оны 3-р сард ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотноо олон улсын бүжиг дэглээчдийн 7-р уралдаанд “Шонхор биелгээ”, ”Домог биелгээ” бүжгүүдээр оролцож Тэргүүн байр эзэлсэн.

    https://www.facebook.com/mungu.munkh

  • Цэдэн-иш БОЛДБААТАР- Монголын уламжлалт тулааны урлаг

    Тулааны урлагийн мастер, багш дасгалжуулагч

    Тулааны Урлагаар 1992 оноос эхлэн хичээллэж, тулааны урлагийн улсын аварга, тивийн болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тогтмол амжилттай оролцож улсын аварга, ази тивийн аварга, дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн мэргэжлийн тамирчин. Монгол Улсын спортын дэд мастер, Уламжлалт Тулааны Урлагийн мастер, Монгол-Зо урлагийн оргил цол, хар бүс 1-р дан, Солонгосын Тонгил Мүү До урлагийн хар бүс 3-р дантай.

    Тэрээр дэлхийд хөгжиж буй 1500 гаруй тулааны урлагийн философи, мөн чанар, тулааны урлагийн давуу болон дутагдалтай тал зэргийг судлан эдгээр тулааны урлагийн эсрэг тулалдах тулааны шинэ арга зүйг боловсруулан сургалтанд нэвтрүүлж чадсан.

    2005 оноос УТУХ-г хөгжүүлэх “Хөгжлийн таван алхам” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байна. 2007 онд “Хүүхэд залуучуудад бие бялдарын хөгжил олгох” хөтөлбөр зохион байгуулж, нийслэлийн ерөнхий боловсролын 10 жилийн зарим сургуулиудад секц хичээллүүлж 1800 гаруй сурагчид хамрагдсан. “Сургалтын арга зүйг боловсронгуй болгох”, Уламжлалт Тулааны Урлагийн “Сарны дасгал”, “Эрүүл мэндийг чийрэгжүүлэх цогц дасгал” зэрэг дасгал сургуулилтын арга зүйг боловсруулан, сургалтанд нэвтрүүлсэн.

    ГАРГАСАН АМЖИЛТ
    1998 он Монгол- Зо урлагийн УАШТ, “Дайчин” тамирчин шагнал;
    1999 он Монгол- Зо урлагийн УАШТ, алтан медаль;
    2000 он “Сонсогчын Алдар” гардан тулааны тэмцээний /69кг/ хүрэл медаль;
    2001 он Дэлхийн нэгдсэн бие хамгаалах холбооноос зохион байгуулсан олон улсын семинарт оролцон, олон улсын зааварлагч багш, хар бүс 1-р дан хамгаалсан;
    2002 он Дэлхийн нэгдсэн бие хамгаалах урлагийн холбооны урилгаар БНСУ-ын Сөүл хотод зохиогдсон Тонгил Мүү До урлагийн Азийн аварга;
    2003 он “Сонсогчын Алдар” гардан тулааны тэмцээний /75 кг/ хүрэл медаль;
    2003 он Кикбоксын УАШТ, /71 кг/ хүрэл медаль;
    2003 он Бие хамгаалах урлагийн төрлөөр Монгол Улсын спортын дэд мастер;
    2004 оноос МУТУХ- ны дасгалжуулагч багшаар ажиллаж, шавь тамирчид нь улсын чанартай тэмцээнүүдээс 9 алтан медаль, 13 мөнгө, хүрэл; дэлхийн аваргаас алт 4, мөнгө 2, хүрэл 1 медаль хүртсэн;
    2004 он МУТУХолбооны “Шилдэг тамирчин” цол өргөмжлөл;
    2008 он БНСУ-д Дэлхийн нэгдсэн бие хамгаалах урлагийн холбооноос зохион байгуулсан WORLD CUP- 2008 тулааны урлагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцон алт, мөнгөн медаль, багаараа 2 алт, 1 мөнгө;
    2008 он МУТУХолбооны 2008 оны Шилдэг дасгалжуулагч;
    2010 он БНСУ-д Дэлхийн нэгдсэн бие хамгаалах урлагийн холбооноос зохион байгуулсан WORLD CUP-2008 тулааны урлагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцон хүрэл медаль, багаараа 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл;

    АЖЛЫН ТУРШЛАГА
    2016- 2020 Төв аймгийн Өндөр ширээт сумын засаг дарга.
    2000- 2002 он “Монгол нударга” сургуулийн дасгалжуулагч багш;
    2000- 2002 он Биеийн тамирын дээд сургуулийн тулааны урлагийн багш;
    2002- 2003 он “Монгол нударга” сургуулийн захирал;
    2004- 2008 он Уламжлалт тулааны урлагийн сургалтын төвийн дасгалжуулагч;
    2008- 2014 он УТУХ-ны мэргэжлийн тамирчдын “Хангарьд” клубд ёсзүйн дэг сургууль;
    2015 оноос Тулааны урлагийн сургуулийн захирал;

    https://www.facebook.com/%D0%A3%D0%BB%D0%B0%D0%BC%…

  • Өлзийбаярын ГАНЗОРИГ- Эдийн засагч, Шинэчлэгч, Боловсролын Реформ хөдөлгөөнийг санаачлагч

    Хас Банк, Худалдаа Хөгжлийн Банк, Тэнгэр Даатгал, Улаанбаатар Хотын Банканд удирдах алба, Санхүүгийн зах зээлийн холбооны Ерөнхийлөгч, Монголын банкуудын холбооны Ерөнхийлөгч, Монголын даатгагчдын холбооны Дэд ерөнхийлөгч, Голомт банкны Гүйцэтгэх захирлын албыг хашиж ирсэн туршлагатай эдийн засагч юм. Тэрээр Мандал даатгалын үүсгэн байгуулагч бөгөөд ТУЗ-ын даргын албыг хашиж байна.

    Намтар

    Эдийн засагч Өлзийбаярын ГАНЗОРИГ нь нягтлан бодогч, дилер, санхүүч мэргэжилтэйгээс гадна мэргэшсэн менежер юм. Өлзийбаярын ГАНЗОРИГ 2011 онд Мандал Даатгалыг үүсгэн байгуулсан бөгөөд Мандал өдгөө Монголын хамгийн том даатгалын компани болжээ. Мөн Ганзориг 2015 оноос 2019 онуудын хооронд Голомт Банкийг удирдаж, менежментийн реформ хийснээр ашгийг нь 4 дахин, хадгаламжийг нь 2.5 дахин өсгөж, зах зээлд эзлэх байр суурийг нь үлэмж хэмжээгээр нэмэгдүүлсэн туршлагатай менежер юм.

    Өлзийбаярын ГАНЗОРИГ өмнө нь Хас Банк, Худалдаа Хөгжлийн Банк, Тэнгэр Даатгал, Улаанбаатар Хотын Банканд тус тус удирдах алба хашсан. Монголын Хөрөнгийн Биржийн Аудитын хорооны дарга, Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүн, Санхүүгийн Зохицуулах Хорооны Бодлогын зөвлөлийн гишүүн, Татварын Ерөнхий Газрын Бодлогын зөвлөлийн гишүүн, Ерөнхий Сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн гишүүнээр тус тус сонгогдон ажиллаж ирсэн.

    Тэрээр Санхүүгийн зах зээлийн холбооны Ерөнхийлөгч, Монголын банкуудын холбооны Ерөнхийлөгч, Монголын даатгагчдын холбооны Дэд ерөнхийлөгчөөр мөн томилогдон ажиллаж ирлээ.

    Ө.Ганзориг нягтлан бодох бүртгэлийн бакалавр, бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй бөгөөд, санхүүгийн диплом, дилерийн сертификатыг тус тус эзэмшдэг. Ганзориг 2016 онд Дэлхийн эдийн засгийн форумаас Дэлхийн шилдэг 100 залуу лидерийн нэгээр нэрлэгдсэн юм. Чөлөөт цагаараа философи, психологийн ухааныг шимтэн судалдаг.[2]

    Иргэдийн Санхүүгийн Боловсролд

    Өлзийбаярын ГАНЗОРИГ 2003 оноос эхлэн иргэдийн санхүү, эдийн засгийн боловсролыг дээшлүүлэхэд анхаарч ажиллаж эхэлжээ. Энэ хугацаанд тэрээр олон мянган иргэдэд лекц уншиж, 400 гаруй нийтлэл, хэдэн арван боловсролын контент бэлтгэсэн юм. Ө.Ганзоригийн 2017 онд бичсэн “Санхүүгийн Философи” ном нь өндөр эрэлттэй санхүү, эдийн засгийн номуудын нэг болж чадсан билээ. Тэрээр иргэдийн санхүү, эдийн засгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор “Дэлхийн Санхүүгийн Түүхийн Музей”-г Улаанбаатар хотноо байгуулсан нь хүмүүсийн очих дуртай газар болоод байна. Мөн тэрээр эдийн засгийн олон тооны судалгаа хийж бодлого тодорхойлогч байгууллагуудад хүргүүлэн ажиллаж ирсэн юм.

    Дэлхийн Санхүүгийн Түүхийн Музей

    Дэлхийн санхүүгийн түүхийн музей нь Олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгын хүрээнд 2019 оны 10 сарын 23-ны өдөр албан ёсоор нээлтээ хийж, олон нийтэд үйлчилж эхэлсэн болно. Нээлтээ хийсэн өдрөөс хойш 1,500 гаруй хүн музейг үзсэн бөгөөд хувь хүмүүс, албан байгууллага, олон нийтийн зочлох дуртай музей болоод байна. Тус музей нь 2019 оны 11 сард Монгол улсаа төлөөлөн Олон улсын санхүүгийн музейнүүдийн холбооны(IFFM) 13 гишүүн улсын нэг болсон билээ. [3]

    Санхүүгийн Музейн Тухай

    Музейд нийт 1,000 гаруй эх хувилбар бүхий түүхийн хосгүй үзмэрүүд толилуулагдаж байна. Бид Дэлхийн санхүүгийн түүх, санхүүгийн системийг бүхэлд нь Мөнгө, Банк, Даатгал, Төлбөрийн хэрэгсэл, Хөрөнгийн зах ба Эдийн засаг гэсэн хоорондоо уялдаа холбоо бүхий 6 хэсэгт хуваан харуулдаг. Мөн музейд эртний Ромын шилэн эдлэл, Грекийн ваар зэрэг соёл урлагийн түүхийг илтгэх үзмэрүүд байрлаж байна.

    Одоогоор Дэлхийн санхүүгийн түүхийг бүхэлд нь ийнхүү харуулсан музей Дэлхийд өөр байхгүй бөгөөд зөвхөн Улаанбаатар хотод оршин байгаа нь та бидний бахархал юм. Музейн үзмэрүүдийг олон улсын дуудлага худалдаанд оролцох, нэр хүндтэй цуглуулагч нараас худалдан авах замаар ертөнцийн өнцөг булан бүрээс 10 гаруй жилийн турш цуглуулан бүрдүүлсэн билээ.

    Дэлхийн Санхүүгийн Музейг байгуулах үйл хэрэг нь нөр их судалгаа, уйгагүй хайгуул, санхүүгийн золиос, цаг хугацаа шаардсан нүсэр үйл ажил байлаа. Үзмэрүүдийг судлах, цуглуулах нь музейн ажлын зөвхөн эхний хэсэг болдог. Үзмэрүүдийн тайлбаруудыг түүхийн судалгаан дээр үндэслэж үнэн зөв бичих, үзмэрүүдийг үзэгч нарт зөв төсөөлөл, ойлголт өгөхүйцээр байрлуулах ажлууд нь цаг хугацаа, уран сэтгэмж шаардаж байв. Мөн музейн дизайныг гаргахдаа галын, хулгайн, усны эрсдлүүдийг тооцохоос гадна үзэгч нарт тухтай бөгөөд сонирхолтой эргономик шийдэл гаргах шаардлага тулгарч байв.

    Онцлох үзмэрүүдийн тухай

    Анхны, анхны, анхны– Манай музей Дэлхийн анхны зоосон мөнгө, Дэлхийн анхны фиат цаасан мөнгө, анхны төв банкнаас гаргасан цаасан мөнгө, анхны евробонд, анхны амьдралын даатгалын компанийн баримт, анхны даатгалын сурах бичиг, анхны хувьцаа, анхны төлбөрийн карт, анхны актуарчийн бичсэн ном, анхны хөрөнгө оруулалтын банкны бонд зэрэг санхүүгийн нэн чухал үйл явдлуудтай холбогдсон, эх хувилбар бүхий үзмэрүүд толилуулагдаж байна.

    Түүхэн суутнууд– Манай музейд Чингис хаан, Хубилай хаан, Македонийн Александр, Юлий Цезарь, Адам Смит, Карл Маркс зэрэг Дэлхийн түүхэн суут хүмүүсийн амьд ахуй үетэй нь холбоотой бүтээл болон үзмэрүүд хадгалагдаж байна.

    Гарын үсэг– Музейд маань сэргэн мандалтын банкны хөгжлийн түүчээ болох Жиованни де Медичи, хөрөнгө оруулалтын банкны хаан Ротшилд, монополийн эцэг Джон Дэвисон Рокфеллер, эдийн засагч Милтон Фридман зэрэг санхүүгийн түүхэнд нэн чухал нэрнүүдийн эх хувь гарын үсэг бүхий баримтууд тус тус хадгалагдаж байна.

    Төсөл-хөтөлбөр

    Одоо Ө.Ганзориг нь Боловсролын Реформ, Тэтгэврийн Реформ, Эрүүл мэндийн даатгалын Реформ, Санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх төслүүдийг тус тус санаачлан баг бүрдүүлэн ажиллаж байна.

    Ярилцлага унших

    Эх сурвалж:  https://mn.wikipedia.org/wiki/%D3%A8%D0%BB%D0%B7%D0%B8%D0%B9%D0%B1%D0%B0%D1%8F%D1%80%D1%8B%D0%BD_%D0%93%D0%B0%D0%BD%D0%B7%D0%BE%D1%80%D0%B8%D0%B3
    Цахим холбоос: https://www.facebook.com/ganzorig.u/

  • Дамдинсүрэнгийн УРИАНХАЙ- Соён гэгээрүүлэгч, сод туурвигч

    Дэлхийн урлаг соёлын академийн байнгын гишүүн, утга зохиолын доктор, Ардын уран зохиолч, “Азийн тэргүүн найрагч” шагналт.

    Еөншөөбүү Улаан Ямаат Дамдинсүрэнгийн Урианхай нь 1940 оны 7 сарын 29нд Булган аймгийн Уньт суманд төрсөн.

    ЗХУ-д Г.В.Плехановын нэрэмжит Улс ардын аж ахуйн дээд сургууль, М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн дэргэдэх Утга зохиолын дээд курсыг тус тус төгссөн. Уран зохиолынхоо гарааг 1968 оноос эхэлж, тун удалгүй утга зохиолд халгиа цалгиа үүсгэсэн яруу найраг, дууль, арван дөрөвтийн эрхи, найраглал, өгүүлэл, эссэ, тууж, жүжиг, туурь, бодрол, нийтлэл, уран зохиолын онолын өгүүлэл, роман зэрэг олон арван зохиол бүтээл туурвиж ихээхэн шуугиан тарьсан төдийгүй Монголын уран зохиолын Бишүби урсгалын онолыг боловсруулцжээ. 1970-1980 оны Монголын шинэхэн үеийн уран зохиолын хөгжилд болон нийгмийн царцанга сэтгэл зүйд дотоод эрчим хүч үүсгэгч болж байсан гүн сэтгэлгээний яруу найраг, цаг үеэсээ хол түрүүлсэн гэмээр эргэцүүлэл нь давтагдашгүй байдлаараа уншигчид, шүүмжлэгчид, судлаачдыг байлдан дагуулж байсан ажээ. О.Дашбалбар нэгэнтээ “Өнөөгийн зохиолчдоос хожим хойтод ганцхан Урианхайн яруу найраг үлдэнэ” хэмээн зөгнөх мэт хэлсэн байдаг.

    ДАМДИНСҮРЭНГИЙН УРИАНХАЙ- НҮҮДЭЛЧДИЙН ГҮН УХААНТАН

    1940-өөд оны үед Булганд нэг буянтай хүн байжээ. Тэр хүний нэрийг Дамдинсүрэн гэнэ.. Дамдинсүрэнгийн Мандахсан, Дамдинсүрэнгийн Урианхай, Дамдинсүрэнгийн Баянтунгалаг хүүхдүүд нь гэж бодож явсан үе надад бий. Тохиол гэдэг сонин зүйл. “Монголын уран зохиол” номыг Цэндийн Дамдинсүрэн, Дамдинсүрэнгийн Цэнд нар зохиожээ гэхээр хичнээн сайхан сонсогддог билээ. Энэ ч яахав. Харин өчигдөр солонгосын уншигчдад зориулж Д.Урианхай ахын талаар ийм нэг товч тэмдэглэл бичив. Энэ хүнд бид их өртэйДАМДИНСҮРЭНГИЙН УРИАНХАЙ Монголын орчин үеийн уран зохиолын томоохон төлөөлөгчдийн нэг болох Дамдинсүрэнгийн Урианхай өнгөрсөн ХХ зууны 60-аад оноос уран бүтээлээ яруу найргаар эхэлжээ. Оюун санааны хувьд хүчтэй хувь-бодгаль шинжтэй энэхүү зохиолчийн уран бүтээлийг гурван үед хуваан авч үздэг. 1980-1990 он буюу үзэл санаа, туурвилзүйн эрэлхийллийн үе, 1990-2000 он буюу уран бүтээлийн шинэчлэлийн үе, 2000-2010 он буюу чөлөөт сэтгэлгээ, оршихуйн философи хандлагатай өөрийн үзэл санааг тунхаглалын үе гэж тодорхойлдог. Яруу найраг, эсээ, хүүрнэл зохиол, жүжгийн зохиолын төрлөөр харьцангуй жигд түвшинд бичдэг, орчин үеийн монголын нийгэм, оюун санааны амьдралын хүлээн зөвшөөрөгдсөн манлайлагчдын нэг юм. Түүний үзэл санаа, ертөнцийн чиг хандлага төлөвшихөд нөлөөлсөн хэд хэдэн хүчин зүйлс буй. Тэрээр уран зохиолоос гадна нийгэм-улс төр, эдийн засгийн өндөр боловсрол эзэмшиж, Дорно, Өрнийн шашин, гүн ухааныг нилээд ул суурьтай судалжээ. Нөгөө талаар хэт техникжсэн хийгээд түүнийхээ өмнө хүчин мөхөстсөн хүмүүсийн сэтгэл зүйн хямрал, иргэншлийн бууран доройтол, хүний мөн чанарын “хүйтрэл”-ийг илчлэн харуулахад чиглэсэн байдаг. Монголын уран зохиолын хүчтэй уламжлалаас зайлсхийж, уран зохиолын тогтсон чиг хандлагаас ангид өөрийн оюун санааны үр-дархлааг бий болгосон юм. Туурвил зүйн хувьд Д.Урианхай нь бүтээлүүд зөн совин, ёр билэгдэл, нууцлаг ахуй, цаг хугацааны ба цаг хугацааны бус мэдрэмжүүдэд төвлөрч байдаг. Хүн нийгмийн хэт хөгжил эцэстээ хүнд өөрт нь хортой зүйл болж хувирсан, өөрийн дотоод чинадын дуу хоолойг эс сонсох нь хүнийг зөвхөн гадна талаа хэт шүтэх хандлагыг бий болгож байна. Ёс суртахууны доройтол, аливаад үл ханах шунал сэтгэл, түүнээс үүдэн гарах үйлийн үрийн тухай түүний зохиолууд, тэртусмаа жүжгийн зохиолууд нь хүчтэй илэрхийлдэг. Гоо сайхны ямар ч цэнгэл таашаалгүй, зөвхөн махан биеийн жаргалд автсан хүмүүсийн жигшмээр дүр түүний зохиолуудын нийтлэг хэв шинжийг илтгэнэ. Гэвч хүнийг үзэх хэт гутранга үзэл санаанаас тэр татгалздаг. Эрх чөлөө хамгийн дээд үнэт зүйлс, харин хүн бол энэрэл нигүүлсэхүйг бүтээгч хэмээн үзснээрээ тэр экзистенциализмын үзэл санаанаас ялгарч байгаа юм. Ахуй бол зөвхөн гял цал өнгө гэрэл, тэр хэзээд тийм шинжтэй байсан, түүнээс сайн сайхныг хүлээх нь ХҮНИЙГ улам арга мухардуулна. Оршихуй бол дарамт. Энэ бүхнээс ангижрах хүч хүнд өөрт нь буй. Тиймээс өөрийгөө мэдрэх, өөрийгөө чагнах бол ирээдүйн ганц боломж гэж тэр тунхаглаж байна. Хүн-нийгмийн зөрчил туйлдаа хүрч, хүн өөрийнхөө бүтээсэн зүйлийнхээ араа шүдэнд өртөж, сэтгэл оюунаар улам жижгэрч, бутлагдаж байгааг зохиолч өнөөгийн хамгийн том эмгэнэл гэж үздэг. Хүнийг гэгээрүүлэх цаг барсан үйл хэрэг, туйлын зорилго ч бус харин хүний гэгээрэл өөрт нь байдаг тухай түүний зохиолууд өгүүлдэг. Гол онцлог нь тэр дотоод гэгээрлийг зовлон зүдгүүр л өдөөнө. Жаргах тусмаа хүн мунхардаг гэж үзсэн нь Д.Урианхайн философи үзэл санааны шинэлэг тал зөвхөн түүнд илүү хамаатай “ нээлт” гэж үзэх үндэстэй. Хэдийгээр түүний уран бүтээлийг ХХ зууны эхээр Өрнө дахинд дэлгэрсэн философийн зарим урсгал чиглэлд хамааруулж болох ч Д.Урианхайд нүүдэлчдийн оюун санааны давтагдашгүй шинж, байгалийн үзэгдэл , яруу сайхны гайхалтай дүрслэл, юунд ч үл хашигдахыг хүсэх нүүдэлчдийн эрх чөлөөний мэдрэмж цогцлон бүрэлдсэн. Түүний яруу найргийн бүтээлүүд бүхэлдээ чөлөөт задгай хэлбэрээр бичигдэж, туйлын үнэн- яруу найрагт оршдог хэмээх гүн ухааных нь үзлийг илэрхийлж байдаг. Гоо сайханг эгэл энгийнээс нээж олох, түүндээ догдлох, түүндээ эмзэглэх эсвэл түүндээ энэлэн шаналах хүчтэй “дуу хоолой”- г түүний шүлгүүд цуурайтуулан давтдаг. Энэ л өвөрмөц “буй” байдлаараа Д.Урианхай Монголчуудын төдийгүй, хүн төрөлхтөний илүү “сэхээлэг” цөөнхийн анхаарлыг татаж байна. Тиймээс сүүлийн 10- аад жилийн хугацаанд Д.Урианхай нь бүтээлүүд дэлхийн олон улсын хэлээр орчуулагдаж, Монголчуудын оюун санааны нүүр царай болж байна.

    Пүрэвхүүгийн Батхуяг (2017 оны 9 сарын 19)

    ДАМДИНСҮРЭНГИЙН УРИАНХАЙ “АЗИЙН ТЭРГҮҮН НАЙРАГЧ”-ИЙН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ

    Дэлхийн урлаг соёлын академийн байнгын гишүүн, утга зохиолын доктор, бичгийн сод туурвигч Дамдинсүрэнгийн Урианхай нь Монголын нэрт соён гэгээрүүлэгч, зохиолч, яруу найрагч хүн билээ. Тэрээр “Эдүгээ цагийн Азийн тэргүүн найрагч” хэмээх эрхэм хүндтэй шагналын анхны эзнээр тодорчээ. БНСУ-ын Сөүл хотод төвтэй Азийн соёлын сангаас энэхүү шагналыг санаачилсан бөгөөд Азид тэргүүлэх яруу найрагтай гэж үзсэн Хятад, Япон, Монгол, Иран гэсэн дөрвөн орны найрагчдаас тус бүр нэг хүнийг сонгон өрсөлдүүлсэн байна. Тэд манайхаас Д.Урианхай зохиолчийг сонгож, мэргэжлийн судлаач шүүмжлэгчдээр зохиол бүтээлийнх нь талаар өгүүлэл, шүүмж бичүүлэн хүлээж аваад тухай бүрт нь англи, солонгосоор орчуулан, шүүгчдэд хүргүүлж байсан аж. Ингээд сонгогдсон дөрвөн яруу найрагчаас англи, франц, солонгос шүүгчдийн 100 хувийн саналаар Монголын зохиолч шалгарчээ.

    “Асар хурдацтай хувиран өөрчлөгдөж буй дэлхий ертөнц, хүний амьдралын элдэв үзэгдлийг уламжлал, шинэчлэлийнх нь харьцаанд яруу найргийн хэлээр төгс илэрхийлсний учир…” хэмээн энэхүү нэр хүндтэй шагналыг түүнд олгох болсон үндэслэлээ тодорхойлсон байна. Д.Урианхай зохиолч шагналаа Гвоньжоу хотноо зохиогдож буй олон улсын яруу найргийн чуулганы үеэр гардан авчээ. Тэрээр орчин цагийн хүмүүсийн сэтгэл зүй хийгээд яруу найргийн тухай лекц уншсан аж.

    “Эдүгээ цагийн Азийн тэргүүн найрагч” хэмээх энэхүү шагнал нь шүүлт, зохион байгуулалт, тухайн зохиолчид олгох мөнгөн дүн гээд бүхий л талаараа Нобелийн шагнал-тай дүйцэхүйц гэдгийг Солонгос дахь “Азийн утга зохиол” сэтгүүлийн редакцийн зөвлөлийн гишүүн П.Батхуяг доктор онцолсон.

    Эдүгээгээс хэдэн жилийн өмнө Д.Урианхайн бүтээл “Дэлхийн нэг шүлгийн ном”-д багтаж байсан түүхтэй. Түүний “Инээд шиг хуучин хүний амьдралд” хэмээх зохиолчийн өөрийнх нь тодотгосноор постмодерн, авангард чиглэлийн шүлэг нь хэвлэгдсэн байдаг. “Дэлхийн нэг шүлгийн ном”-ыг Францын нэртэй эрдэмтэн судлаачдын баг эрхэлдэг бөгөөд хүн төрөлхтний оюун сэтгэлгээ мэдрэмжийн охь дээж болсон бүтээлүүдийг маш нарийн шалгуурын дор хэвлэхээр сонгодог. Шалгарсан бүтээлээ хоёр жилийн туршид уншиж судалсны эцэст ганцхан шүлгээр ном бүтээнэ. Ингэж Урианхай Ази тивээс анх удаагаа “Дэлхийн нэг шүлгийн ном”-д бүтээл нь хэвлэгдсэн зохиолч болж байв. Нэр хүнд бүхий уг номыг ердөө тавин ширхэг хэвлэж олон улсад элит хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн хаадын номын сангуудад тусгайлан дурсгадаг юм гэсэн. Сонирхуулахад, нэрт найрагчийн “Модод” шүлэг нь анх Марк Пэссан тэргүүтэй Францын эрдэмтэн мэргэдэд таалагдсан байдаг. Гэвч “Модод” бус “Инээд шиг хуучин хүний амьдрал”-д шүлэг нь хэвлэгдсэн нь бас сонин. “Модод” шүлгийг бүрэн эхээр нь хэвлэхийг найрагч санал болгожээ. Уг бүтээл олон бүлгээс бүрдсэн урт шүлэг юм. Нэг бүлгийг нь л Г.Аюурзана сонгож “Монголын сонгомол яруу найраг ном”-нд оруулсан байдаг. Гэвч найрагчийн хүсэлтийг хүлээн авч “Модод”-ыг бүтнээр нь хэвлэх боломжгүй учир өөр бүтээлүүдээс сонгосон нь тэр юм билээ.

    “Урианхай Монголын утга зохиолд дуулиантай орж ирсэн нь 60-аад оны сүүл үе. Тэр багаасаа уран зохиол гэгч амар хялбар эд бус чухамхүү чөмгөөн дундалж жинхэнэ зохиолыг бичнэ. Эсвэл үгүй гэж хатуу батаар бодсон. Эл бодолдоо цаг хугацаа ахих бүр улам итгэж үг мөр бүхнээ чадал заан урладаг нь шүлэг, найраглал, өгүүллэг, тууж, жүжиг, романы нь утга уянга хийц далайц юм бүхнээс илэрхий” гэж ардын уран зохиолч Д.Цоодол бичсэн бол “Найргийн наадамд чуулсан морины хүүхэд шиг миний үеийнхэн бид “Дотоод шаталтын хөдөлгүүр” найраглал уншин толгой сэгсэрч эх орны бодолд автан гайхаж явсан цаг. Таны шинэ танил тууж хийгээд Саарал тэмээний тухай яриан дунд миний үеийнхэн их утга зохиолын босго алхсан юм. “Халуун зуны сүүдэр” тууж шуугиан тарьж “Өвлийн шувуу анир гүмхэн нисэж ахуйд бид яруу найргийн галд ойртож суусан. Тэр л цагаас Урианхай гэдэг нэр шинэчлэл гэдэг үг болон сонсдох болсон” гэж төрийн шагналт Дамбын Төрбат бичсэн.

    “Монголын яруу найрагт Дамдинсүрэнгийн Урианхай хэмээх нэгэн ертөнц бий. Тэр ертөнцийн гүн рүү өнгийж үзэх амаргүй. Гэвч тийш өнгийх нэгэн үүд-өрх бий. Тэр бол яруу найраг.

    Аглаг шугуйн салхи үнэрээ гээж,

    Амраг шувууд уйлалдсан намрын орой…

    Навч унахын тоогоор хагацалд элэх моддоос

    Эцсийн нь навч салхинд харвахуй

    Нар тэмтрэн бүлээцэх голын ус

    Эгшин зуур урсахаа зогсохыг сэрнэ…“ Салхи үнэрээ гээж, шувууд уйлалдсан намрын” тухай, төсөөлөхөөс халшрам энэ үгс бол дээд яруу найргийн өнгө аялгуу. “Навч унахын тоогоор мод хагацалд элнэ” гэдэг, “Нар тэмтэрч бүлээцээд голын урсгал зогсоно” гэдэг дээд яруу найргийн сэрэл мэдрэмж. Ийм өнгө аялгуу, ийм мэдрэмж сүлэлдсэн ертөнц” хэмээн Г.Аюурзана зохиолч бичсэн нь бий. Ингээд “Азийн тэргүүн найрагч”-ийн шүлгүүдээс уншигч олондоо хүргэе.

    Инээд шиг хуучин хүний амьдралд…

    Инээд шиг хуучин хүний амьдралд

    Нулимс шиг халуун байх

    Маргааш шиг ойрхон байх

    Магад ирэх үхэл шиг

    Давтагдахгүй байх

    Нулимс шиг хуучин хүний амьдралд

    Мөрөөдөл шиг гэгээн байх

    Хайргүй хүндээ ч хайр шагнах

    Харагдахгүй бурхны хутаг олох

    Мартагдахгүй гомдолдоо

    Уйлахгүй тэсэхээр цайлган байх

    Гомдол шиг хуучин хүний амьдралд

    Харагдахгүй бурхан шиг ил байх

    Өнөөдрийнх шиг уйтай өдрийг

    Дахиад яасан ч тэвчихээргүй

    Тэсрэмтгий байх

    Өчигдрийнх шиг,

    Уржигдрынх шиг,

    Утгагүй тарчилгах удаан өдрөөс

    Яасан ч дахиад амьд үлдэхээргүй

    Тэрсүүд байх

    Тэнэг шүлэг бичихээр

    Дахин төрөхгүй байх

    Инээд шиг хуучин…

    Нулимс шиг хуучин…

    Гомдол шиг хуучин..,

    Харагдахгүй бурхан шиг

    Хүний амьдралд

    “Байхгүй юм” шиг нь

    Үргэлж шинэ байх

    Байгаа бүгдээс нь

    Мөнхөд өөр байх

    Өчиг

    Oрчлoнд би олон ч биш, ганц ч биш

    Огторгуй дор үүрд ч биш, зуурд ч биш!

    Хүн байтгуай чулуу бууралтдаг хорвоод

    Хүслээ нөмөрч л жавар хаадаг нүцгэн хөөрхий!

    Нyyсан хайр минь хийсэн алдаа шигээ ил ээ

    Нулимс, инээд хоёр минь ч үнэн болохоор ил ээ!

    Манан бүсэлсэн хангай шиг хааяа дүнсийдэг ч

    Магнайн гурван үрчлээндээ нар хонуулан дүнхийдэг ээ

    Өд сөдөө ч зулах жигүүртэн сэтгэлд минь

    Өрөвдөхийн халуун л шатан, нойргүй хонуулдагаа

    Ганихрах гунихрахын цагт нөхөр үгүйлэх сүүрс

    Гарааны мoрьд шиг цанхаалан цээжинд цамнадаг аа

    Олон дунд өнчрөөд, мөрөөссөний урам хугаравч

    Орой намрын навчистай адилыг нь бодон нөмөрлөдөг өө

    Загийн үндэс шиг хайр минь чулуу мөргөвч

    Зам муруйлгүй зүтгэсээр ард түмнээ зорьдог оо

    Нүд хужирлах өнгөнд хөл алдахад нь зовниж

    Нүцгэн биенд нь гал зурснаар дулаацахгүйд энэлж

    Нүргээн дунд замхрах өнчин хонхон дуу

    Нүүдэл удмын болор шүлгэндээ гунигаа юүлдэг ээ

    Салхи шиг хуугиа бага наснаасаа би

    Сайранд ургасан шарилж, бутаа ч эвийлэн харж

    Санахын зовлонд дэвтcэн эгшиглэнт бясалгалаар

    Санчиг, зулайгаа агийн толгой шиг цайлгасаан…

    Орчлонд би олон ч биш, ганц ч биш

    Огторгуй дор үүрд ч биш, зуурд ч биш!

    Амьд байтгугай үхснийг элээдэг хорвоод

    Аз заяагаар туйгаагүй минь хохь ч биш, зол ч биш ээ!

    Н.ТУЛГАА (Өдрийн сонин 2017 оны 11 сарын 19)

    https://www.facebook.com/%D0%9…

  • Дашцэрэнгийн Эрдэнэбаатар- Сэтгэл судлаач

    Сэтгэл судлаач, “Ариусахуйн ертөнц” сэтгэлзүйн төвийн сэтгэл засалч эмч, ерөнхий эмч.

    https://www.facebook.com/erden…

  • Хандсүрэнгийн ХАТАНБААТАР- Оюуны спортыг Монгол улсад хөгжүүлэгч

    Монголын Оюун Ухааны Академийг үүсгэн байгуулагч, оюун ухааны спортын ОУ-ын шүүгч, Боловсролын тэргүүний ажилтан.

    Хатанбаатар нь 1982 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод Хандсүрэнгийн том хүү болон мэндэлсэн. Ээж Цэцэгмаа нь эмч мэргэжилтэй. Нэг эмэгтэй дүүтэй. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын 10 жилийн сургуульд 8-р анги төгсөтлөө сурч байгаад Дархан-Уул аймгийн Монгол-Туркийн хамтарсан дунд сургуульд суралцаж 2000 онд төгсөөд МУИС-ийн улс төр судлалын ангид элсэн орж хоёр жил суралцаж байгаад засгийн газар хоорондын тэтгэлгээр 2002-2008 онд  Турк улсын Газ Их Сургуульд эрх зүйч мэргэжлээр сурч төгсөн, 2008-2009 онд Турк улсын Анкара их сургуульд Хууль зүйн магистр хамгаалсан. Эрхзүйч мэргэжилтэй. 
    Турк улсад суралцаж байх хугацаандаа буюу 2007 оноос ой тогтоолт хөгжүүлэх талаарх мэдээллийг сонирхон судалж, өөрийн хичээл ном, амьдралдаа хэрэглэж эхэлснээр одоогийн Оюун ухааны академийг үүсгэн байгуулах эхлэл нь тавигдсан байна. Тэрээр 2009 онд сургуулиа төгсөж ирмэгцээ өөрийн судалж суралцсан ой тогтоолт хөгжүүлэх мэдлэг дээрээ тулгуурлан Монголын Оюун Ухааны академийг үүсгэн байгуулсан. Уг академи нь анх 2009 оны 10 сард “Оюуны хөгжил-Оюуны спортын төв” нэртэйгээр үүсгэн байгуулагдаж улмаар 2010 оны 9 сард академи болон өргөжиж нэрээ өөрчилсөн байна. Тус байгууллага нь үйл ажиллагааныхаа хүрээнд хувь хүний хөгжил тал дээр илүү анхаарч, хувьсан өөрчлөгдөж буй өөрчлөлтийн шинэ эрин зуунд дасан зохицож, манлайлах чадвар бүхий иргэдийг бэлтгэх үүднээс оюуны хөгжил, оюуны спортын олон талт сургалт, судалгааг түлхүү явуулдаг. Үүнд: Ой тогтоолт хөгжүүлэх аргачлалын цогц сургалт, цээжээр тоо бодох аргачлалын цогц сургалт, хурдан уншлага, рубик шоо, судоку, соробан сампин, англи хэлний өргөн хэрэглээний 2500 үг цээжлэх мөн оюуны зураглал гэх мэт олон төрлийн сургалт явуулдаг байна.

    Х.Хатанбаатар нь Турк улсын Гази их сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгссөн. Нийтийн удирдлагын магистр зэрэгтэй. Тэрээр 2006 оноос хурдан уншлага, ой тогтоолт, цээж бодолт зэрэг оюуны спортын олон төрлөөр хичээллэж олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байсан Монголын анхны тамирчин юм.

    2008 онд Турк улсын хурдан уншлагын аварга шалгаруулах анхны тэмцээндээ оролцож мөнгөн медалийн эзэн болсноос хойш оюуны спортын тэмцээнүүдээс нийт 12 медаль хүртжээ. Түүний гаргасан томоохон амжилтаас нь дурдвал 2011 оны Ой тогтоолтын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож мөнгөн медалийн болзол хангасан юм.

    Х.Хатанбаатар нь Монгол хүний оюуны потенциалыг дэлхийд таниулах хүсэл мөрөөдөлтэйгөөр академиа 2010 онд байгуулсан ба өнөөдөр гар нийлсэн хамт олны хичээл зүтгэл, мэриймтгий суралцагчид болон тэдний гэр бүлийн дэмжлэгээр Монгол Улс оюуны спортын зарим төрлөөр дэлхийд чанараараа нэгдүгээрт бичигдэж эх орноо олон улсад амжилттайгаар сурталчилсаар байна.

    Гаргасан амжилтууд
    • 2008 оны Турк улсын “Ой Тогтоолт болон Түргэн Уншлагын Аварга Шалгаруулах Тэмцээн”-д мөнгөн медаль
    • 2008 оны Цээж бодолтын ДАШТэмцээнд 8-р байр
    • 2010 оны Цээж бодолтын ДАШТэмцээнд 11-р байр
    • 2011 оны 20 дахь удаагийн дэлхийн аваргын ой тогтоолтын тэмцээнд “Хөзрийн дараалал цээжлэх” төрөлд 4-р байр, “Дуут цифр”-ийн төрөлд 7-р байр
    • 2012 оны 9-р сарын 30-наас 10-р сарын 1-ний  хооронд ХБНГУ-ын Гизен хотод “Цээж бодолт”-ын Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээнд 6-р байр
    • “MEMORIAD 2012” Оюуны олимпийн “Нэр зүс, царай цээжлэх” төрөлд 8-р байр
    • 2012 оны Спортын салбарын оны шилдэг “Алтан сарнай-2012”-ын эзэн
    • “MEMORIAD 2013” тэмцээний “Нэр зүс, царай цээжлэх” төрөлд 5-р байр
    • Турк улсад зохион байгуулагдсан “Хөзөр цээжлэх” төрөлд 5-р байр
    • Турк улсад зохион байгуулагдсан “Фото уншлага” төрөлд мөнгөн медаль

    Монголын Оюун Ухааны Академи

    Монгол эх орны маань ирээдүй болсон хүүхэд бүр оюунлаг, ёс суртахуунтай, эх оронч, бүтээлч сэтгэлгээтэй болж төлөвшинө гэдэгт Монголын Оюун Ухааны Академийн хамт олон бид бат итгэлтэй байдаг. Тиймээс Монгол хүний оюуны чадамжийг хөгжүүлэх замаар Монгол улсын хөгжил дэвшилд иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, оюуны спортыг эх орондоо хөгжүүлж дэлхийд үнэлэгдэх оюуны спортын тамирчдыг бэлтгэнэ гэсэн эрхэм зорилготойгоор 2010 оноос эрчимтэй үйл ажиллагаагаа явуулсаар ирлээ.

    Сургалтыг мэргэжлийн өндөр чадвартай, мэдлэгээ бусдад хуваалцах мэдрэмжтэй шилдэг залуу багш нараар шинжлэх ухааны үндэслэлтэй, онол практикийг хослуулсан суралцагч төвтэй сургалтыг чанарын өндөр түвшинд зохион байгуулж оюуны онцгой чадваруудыг эзэмшүүлж байна. 

    Бид эрхэм зорилгынхоо хүрээнд дотооддоо оюуны спортын 94 тэмцээнийг амжилттай зохион байгуулж давтагдсан тоогоор 11,000 гаруй тамирчдыг хамруулан Америк, Англи, Герман, Хятад, Хонг Конг, Тайван, Малайз, Турк, Энэтхэг, Филиппин, Швед, Сингапур, Австри, Япон, Солонгос, Казакстан, Киргиз, Индонези зэрэг дэлхийн 20 гаруй улсад зохиогдсон 55 тэмцээнд тамирчдаа бэлтгэн оролцуулж ой тогтоолт, цээж бодолт, рубик шоо, хурдан уншлага, спорт өрөлтөөр олон улсын, дэлхийн, оюуны олимп зэрэг томоохон тэмцээний аваргуудтай болж нийтдээ 78 цом, 1004 медалийг хүртэн эх орноо олон улсад амжилттай сурталчлан оюуны спортын дэлхийн чансаанд Монголын баг тамирчид тэргүүлсээр байна. Тухайлбал, дэлхийн ой тогтоолтын спортын нас насны ангилалын 54 дээд амжилтын 30-ыг нь манай тамирчид эзэмшиж байна. Мөн 2018 оны Геннисийн номонд 3 тамирчин маань бүртгэгдээд байгаа бөгөөд Саяхан Индонези улсын Бали аралд зохион байгуулагдсан Ази тивийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд манай баг тамирчид Ази тивийн 3 дахь удаагийн аварга болж чадсан бахархам амжилтуудыг нэрлэмээр байна.

    Ярилцлага унших
    https://mastermind.mn/

  • Балжиннямын НАМИРАА

    Б.Намираа нь 12 настай байхдаа өвчний улмаас сонсголоо бүрэн алдсан. 2005 онд МУИС-ийг Эх бичиг судлаач, Төвдөч мэргэжлээр бакалавр зэрэгтэй, 2007 онд МУБИС-ийг Боловсрол судлаач мэргэжлээр магистр зэрэгтэй төгссөн. 2009- 2013 оны хооронд АНУ-ын Галлаудет их сургуульд суралцаж Тусгай хэрэгцээт боловсрол (нарийн мэргэжил нь сонсголгүй хүүхдийн ерөнхий боловсрол, заах аргазүй) болон Сонсголгүй хүүхдийн эрт оролцооны боловсролоор 2 мастер зэрэг хамгаалсан. Тэрээр сонсголгүй хүүхдийн хос хэл, соёлын боловсролын болон эрт оролцооны боловсролын Монгол Улсын хэмжээний цор ганц мэргэжилтэн юм.

    “Сонсголын бэрхшээлтэй хүүхэд, түүний боловсрол” номын зохиогч

    Тэрээр Үндэсний номын санд төслийн ажилтан, МУБИС-д тусгай хэрэгцээт боловсролын багшаар ажиллаж байсан. Тэрээр Монголын сонсголын бэрхшээлтэй хүүхдийн боловсролын түвшин дэлхийн чиг хандлагаас хэдэн арван жилээр хоцорч, тэр хэмжээгээр мянга мянган сонсголын бэрхшээлтэй иргэд, хүүхдүүд хохирч үлдэж байгааг сонсголгүй хүүхдийн тусгай 29-р сургуульд сурч байх үедээ ажиглан мэдэж тэрхүү хоцрогдмол байдлыг халж Сонсголгүй хүүхдийн боловсролыг шинэ шатанд гаргаж олон зуун сонсголгүй хүүхдүүдийг бүрэн чадамжаараа суралцаж мэдлэг чадвар, оюун сэтгэхүйн хувьд жирийн сонсголтой иргэдийн хэмжээнд хүртэл хөгжүүлэхийг хичээн ажиллаж байна.

    Тэрээр Галлаудет их сургуульд мастер хамгаалсан бүтээлээрээ төсөл боловсруулж “Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоо” ТББ- тай хамтран 2014 оны 9-р сараас Монголын анхны Сонсголгүй хүүхдийн эрт оролцооны боловсрол болон 29-р сургуулийн бага ангид “хос хэл, соёлын арга зүй”-н ангиудыг АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн (USAID) буцалтгүй тусламжаар нээн ажиллуулж байна. Төслийн хамт олон болон USAID байгууллага нь уг шинэ тутам боловч олон улсын жишиг, чиг хандлагад нийцсэн сонсголгүй хүүхдийн эрт оролцоо, хос хэл, соёлын арга зүйг цаашид нутагшуулан хөгжүүлж, улам өргөжүүлэн дэлгэрүүлэхээр хичээн ажиллаж байна.

    Ярилцлага унших

    https://www.facebook.com/Namiraausa