Category: professional-advisors

  • Одгэрэлийн ЦЭЦЭГЛЭН- Уран нугараач

    Одгэрэл овогтой Цэцэглэн

    Уран нугараач, МУСТА

    Одгэрэл овогтой Цэцэглэн нь 1990 оны 01 сарын 07-ны өдөр Дорно-Говь аймгийн Улаан-Уул суманд төрсөн.

    1998 онд анх уран нугаралтаар хичээллэж эхэлсэн. Түүнээс хойш тасралтгүй нугаралтаараа олон улсад Монгол улсынхаа  нэрийг гарган ажиллаж байна.

    2011 оны 11 дүгээр сард ҮУИТ-н хамт олонтойгоо НҮБ, Юнеско-н тайзнаа тоглож байсан.

    2012 оны 9 дүгээр сард МУСТА цолоор шагнагдсан.

    2013.07.09 –нд Монголын уран нугараачдын Монголжингоо холбоог байгуулсан.

    2014.7.4-нд Монгол улсдаа анх удаа Уран нугаралтын өөрийн бүрэн хэмжээний Могойн Чуулган
    тоглолтыг ҮУИТ-н тайзнаа тавьсан.

    2017 онд богино хэмжээний Уран нугаралтын Erotion тоглолтыг гурван удаа тавьсан. Энэхүү тоглолтоор  уламжлалт уран нугаралтын хэв маягыг эвдэн, уран нугаралтад өөр өнгө төрх оруулсан.

    Одоогийн байдлаар 22 жил уран нугаралтаар тасралтгүй хичээллэн Дэлхийн 30-аад орноор , Олон Улсын таван тэмцээнээс дөрвөн Хүрэл Цом, хоёр тусгай шагнал хүртээд байна.

    Олон улсын тэмцээнүүдээс авсан Шагнал урамшуулал

    2018.05   Бразил улсад зохиогддог 1st Cirque International Festival contest of Brazil Олон улсын циркийн фестивал-аас Хүрэл цом.

    2014.09                  ОХУ-д зохиогддог 2-дэх Idol  Олон улсын циркийн фестивал-аас тусгай  цом.

    2012.12-2013.01    Итали улсад зохиогддог 29-дэх Golden  Circus Festival-аас   Хүрэл цом.

    2010.10-2010.11   Хятад улсад зохиогддог 9–дэх Ухань Олон улсын циркийн фестивал-аас Хүрэл цом.

    2010.01                 Монакогын Вант улсад зохиогддог  34–дэх Monte-Carlo Олон улсын циркийн фестивал-аас Хүрэл алиалагч цом.

    https://www.facebook.com/tsets…

    Аялан тоглосон улс орнууд:

    Огноо

    Тоглосон газрууд

    Үзүүлбэр

    1

    2020.01.07

    Норвеги улсын Осло хотод Гала тоглолт

     Тэнцвэр уран нугаралтын ганцаарчилсан үзүүлбэрээр

    2

    2019.12.31

    ХБНГУ-н Берлин хотод шинэ жилийн Гала тоглолт

    Тэнцвэр уран нугаралтын ганцаарчилсан үзүүлбэрээр

    3

    2019.12.06,07

    Норвеги улсын Осло хотод Гала тоглолт

     Тэнцвэр уран нугаралтын ганцаарчилсан үзүүлбэрээр

    4

    2019.09.27-2019.11.17

    Спани улсын Аликантэ хотод La bouche шоу

    Уран нугаралтын ганцаарчилсан үзүүлбэрээр

    5

    2019.08.17

    Норвеги улсын Осло хотод Гала тоглолт

     Тэнцвэр уран нугаралтын ганцаарчилсан үзүүлбэрээр

    6

    2019.07.25, 26

    Австри улсын Лиенз хотод Olala street circus festival

    Тэнцвэр болон уран нугаралтын ганцаарчилсан үзүүлбэрээр

    7

    2018.08-2019.07

    ХБНГУ-н Берлин хотын Friedrichstadt-Palast,

     The Vivid Grand show

    4 хос уран нугаралтын үзүүлбэрээр

    8

    2018.06

    Сингапур улсад Гала тоглолт

    2 хос уран нугаралтын үзүүлбэрээр

    9

    2018.04

    ОХУ-н Москва хотод Гала тоглолт

    4 хос уран нугаралтын үзүүлбэрээр

    10

    2017.11-2018.03

    Итали улсад American circus Togni циркэд аялан тоглолтоор

    Тэнцвэр уран нугаралтын ганцаарчилсан үзүүлбэрээр

    11

    2017.07

    Сингапур улсад Гала тоглолт

    Тэнцвэр уран нугаралтын ганцаарчилсан үзүүлбэрээр

    12

    2009-2017

    Үндэсний Урлагийн Их Театр-т

    Уран нугаралтын ганцаарчилсан үзүүлбэрээр

    13

    2016.11

    Япон улсад аялан тоглолтоор

    Уран нугаралтын ганцаарчилсан үзүүлбэрээр

    14

    2015.07.04

    Могойн Чуулган уран нугаралтын тайлан тоглолт

    Solo contortion

    Duo acrobat

    Handbalance

    15

    2012.11

    Хонгконг-д дэлхийн алдарт цирк Cirque du soleil-н гала тоглолт

    3 хос уран нугаралтын үзүүлбэрээр

    16

    2012.10

    Япон улсад дэлхийн алдарт цирк Cirque du soleil-н гала тоглолт

    2 хос уран нугаралтын үзүүлбэрээр

    17

    2012.08

    Индонез улсад ҮУИТ-н хамт олонтой гала тоглолт

    Уран нугаралтын ганцаарчилсан үзүүлбэрээр

    18

    2012.07

    Солонгос  улсад ҮУИТ-н хамт олонтой гала тоглолт

    Уран нугаралтын ганцаарчилсан үзүүлбэрээр

    19

    2012.06

    хонгконгд ҮУИТ-н хамт олонтой гала тоглолт

    Уран нугаралтын ганцаарчилсан үзүүлбэрээр

    20

    2012.04

    Хятад улсад ҮУИТ-н хамт олонтой Монголын соёлын өдрүүдийн  тоглолт

    Уран нугаралтын ганцаарчилсан үзүүлбэрээр

    21

    2011.10-2011.11

    Франц улсад UNESCO-д, АНУ-д НҮБ-н тайзнаа ҮУИТ-н хамт олонтой

    Уран нугаралтын ганцаарчилсан үзүүлбэрээр

    22

    2010.11-2011.01

    Швейцарь улсын Цюрих хотноо Salto Natale циркэд

    Christmas show

    9 хос уран нугаралтын үзүүлбэрээр

    23

    2008.04

    Их Британийн Англи улсад гала тоглолт

    Уран нугаралтын ганцаарчилсан үзүүлбэрээр

    24

    2005.11-2006.12

    Турк улсад Монголын үндэсний циркийн хамт олонтой аялан тоглолтоор

    4 хос уран нугаралтын үзүүлбэрээр

    25

    2004.09-2004.10

    Япон улсад ҮУИТ-н хамт олонтой аялан тоглолтоор

    Уран нугаралтын ганцаарчилсан үзүүлбэрээр

    26

    2003.07

    Франц улсад МХО-ны урлагийн бүрэлдэхүүнтэй

    Уран нугаралтын ганцаарчилсан үзүүлбэрээр

    27

    2002

    БНХАУ-н Хөх хотод   Ардын дуу бүжгийн эрдмийн театрын                               уран бүтээлчидтэй хамт /ҮУИТ/

    Уран нугаралтын ганцаарчилсан үзүүлбэрээр

    28

    2000-2002

    Ардын дуу бүжгийн эрдмийн театрт / ҮУИТ/                  

    Уран нугаралтын ганцаарчилсан үзүүлбэрээр

        

  • Дугарын ЖАРГАЛСАЙХАН- Системийн инженер

    Уул уурхайн инженер, эдийн засагч, Монгол улсын хөгжил болон байгууллагын хөгжилд системийн инженерчлэлд суурилсан судалгаа, шийдлийг ашиглах талаар доривтой судалгаануудыг удирдан чиглүүлж ажиллаж байна.

    1990 онд Монголын Улсын Ашигт малтмалын газрын даргаар ажиллаж байсан. MIH группын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан.

    ШУТИС-ийн хүндэт профессор, ТУС солюшн ХХК-ийн гүйцэтгэх захирал, 

    “Залуу судлаачдыг дэмжих сан” ТББ-ийн тэргүүн, “Монголын бизнесийн зөвлөл” ТББ-ийн УЗ-ийн гишүүн, Системийн инженерчлэлийн олон улсын зөвлөл (INCOSE)-ийн гишүүн.

    “ТУС солюшн” ХХК-ийн түүх.

    Бид үйл ажиллагаагаа анх 1997 онд “Майн инфо” ХХК-ийг үүсгэн байгуулж геологи, уул уурхайн чиглэлээр гадаад, дотоодын компаниудад бизнесийн мэдээллийн үйлчилгээг үзүүлж эхлүүлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд цар хүрээгээ тэлж бизнесийн төрөл бүрийн салбарын 17 охин, хараат компанийг багтаасан “Эм Ай Эйч” групп болгон өргөжүүлсэн юм. 2016 онд группыг бүтцийн өөрчлөлтөнд оруулж “Гүнд Инвестмент” хөрөнгө оруулалтын холдинг компани болгон өөрчлөн зохион байгуулсан.

    Системийн инженерчлэлийн үйлчилгээний “ТУС солюшн” ХХК-ийг 2016 онд Холдингийн бүрэлдэхүүнд үүсгэн байгуулсан юм. Бид өөрсдийн олон жил хуримтлуулсан туршлага, системийн болон логик сэтгэлгээний онол, арга зүйд тулгуурлан байгууллагад тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх “ТУС шийдлийн үйлчилгээ”-г энэ компаниараа дамжуулан байгууллагуудад санал болгож байна.

    https://www.tussolution.mn/

    youngresearcher.org

  • Миеэгомбын АМБАГА- Уламжлалт ба европ анагаах ухааныг холбосон нээлт хийсэн нэрт эрдэмтэн

    Монгол улсын төрийн соёрхолт, Анагаахын шинжлэх ухааны гранд доктор, профессор. Уламжлалт ба европ анагаах ухааныг холбож, оношлогоо, эмчилгээний асуудлыг цогцоор шийдэх нээлт хийсэн нэрт эрдэмтэн. “Салимон, Дентамон, Биомон цуврал эм бэлдмэл” бүтээгдэхүүнүүдийг хамтран бүтээсний учир Монгол улсын Төрийн шагнал хүртсэн.

    Хэнтий аймгийн Баянмөнх сумын нутагт төрсөн. 1961-1965 онд Хэнтий аймгийн Баянмөнх сумын бага сургууль, 1965-1971 онд Өндөрхаан хотын төвийн 10 жилийн дунд сургууль, 1971-1976 онд Анагаах ухааны дээд сургуулийг төгссөн.

    1981-1984 онд Москва хот дахь Анагаах ухааны 1-р дээд сургуулийн аспирантурт суралцан “Туршилтын амьтдад үүсгэгдсэн зүрхний булчингийн тэжээлийн дутагдлын үед антиоксидант, бетта-блокатор эмийн хамгаалах үйлдлийг судалсан нь” сэдвээр анагаах ухааны дэд докторын, 1994 онд “Хий, шар, бадганы онол ба эсийн мембрант байгууламж” сэдвээр анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан.

    2000 онд Москва хотноо төвтэй Европын Холбооны Мэдээлэл зүйн Академид “Уламжлалт анагаах ухаан судлалын сүүлийн үеийн ололтууд” сэдвээр Grand doctor-ийн зэрэг хамгаалж, Full professor цол хүртсэн.

    Анагаахын шинжлэх ухааны доктор (Монгол улс), гранд доктор, профессор (Европын холбоо), ОХУ-ын анагаахын шинжлэх ухааны доктор, профессор.

    Эм зүйн салбарт эх орны эмийн ургамал, амьтны гаралтай түүхий эдээс гарган авсан “Салимон, Дентамон, Биомон цуврал эм бэлдмэл” бүтээгдэхүүнүүдийг хамтран бүтээсний учир Монгол улсын Төрийн шагнал хүртсэн.

    Анагаах ухааны чиглэлээр шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалуулах комисс, Эм судлал, уламжлалт анагаах ухаанаар дэд докторын зэрэг хамгаалуулах эрдмийн зөвлөл, ASTM буюу New letter of Asian Society for Medicine /Tailand/ сэтгүүлийн редакцийн гишүүн.

    1980 оноос хойш Монголын уламжлалт анагаах ухааны онолын судалгаа, уламжлалт анагаах ухаан судлал, эмт бодис, оношлогоо, эмчилгээний чиглэлээр 30 жил ажиллаж, 90 гаруй ном, сурах бичиг, 100 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл, 180 гаруй тезис хэвлүүлсэн, 16 шинэ эм бэлдмэл бүтээсэн.

    Шинжлэх ухааны доктор 5, дэд доктор 20, мөн 40 магистрын ажлыг удирдаж хамгаалуулсан.

    Уламжлалт анагаах ухааны эртний мэргэдүүд хүний биеийн бүтэц үйл ажиллагааны анхдагч эхлэл нэгж нь “хий”, “шар”, “бадган” гэсэн өөр хоорондоо нягт холбоотой, харилцан шилжимтгий эсрэг тэсрэг байдал бүхий 3 төлвөөс тогтдог гэж үздэг байсныг шинжлэх ухааны үүднээс гүнзгийрүүлэн судалж, эдгээр хийсвэрлэл билигдэл 3 төлвийн хүний биед оршдог жинхэнэ бодитой хэлбэр нь “мембраны α, β, γ” гэсэн 3 төлөв гэж үзсэний дээр “шар төлөв – α төлөв”, “хий төлөв – γ төлөв”, “бадган төлөв – β төлөв” гэсэн нарийн нягт тохирол нийцэл байдгийг илрүүлэн “Хий, шар, бадган-Эсийн мембрант байгууламж” онолыг үндэслэсэн бөгөөд энэ нь уламжлалт ба орчин үеийн гэсэн анагаах ухааны 2 том тогтолцооны онол, оношлогоо, эмчилгээний холбогдолтой бүх л мэдээллийг нэг субстанцийн хүрээнд мэдээлэл солилцооны цэгцэрсэн тогтолцоонд оруулах боломж олгож байгааг тогтоон “нэг субстанци – 2 анагаах ухаан” шинэ хандлага хэмээн томъёолж, энэ чиглэлээр “эрдэм шинжилгээ – үйлдвэрлэл – сургалтын гурамсан холбоо”-г бүрдүүлэх үндэслэлийг бий болгож, “х+g+s-NCM=амьд эсийн эрүүл оршихуйн үндэс, түүний эмгэг өөрчлөлтийн мөн чанар, тэдгээрийн оношлогоо, эмчилгээний төгс шийдэл” гэсэн тэгшитгэлийн хүрээнд 2 анагаах ухааныг холбож, оношлогоо, эмчилгээний асуудлыг цогцоор шийдэх боломжийг нээж олсон байна.

    Хий, шар, бадган – мембрант байгууламж (1995), Дорно дахины анагаах ухааны онолын гүн ухаан, танин мэдэхүй, шинжлэх ухааны үндэслэл (1996), Дорно дахины анагаах ухааны онолуудын харьцуулсан судалгаа (1997), Антиоксидант – өөхний хэт исэлдэлт тогтолцоо (1999), Дан ба нийлмэл уламжлалт эмийн жагсаалт, тэдгээрийн зохистой хэрэглээ (1999), Монгол туургатны уламжлалт анагаах ухааны алдарт эмч, маарамбуудын намтар, бүтээл (1999), The membrane mechanism of some theoretical problems on Traditional medicine (1999), Курс лекций по теории традиционной медицины (1999), Уламжлалт анагаах ухаан судлалын үндэс (2001), Уламжлалт анагаах ухааны онолын асуудлыг эс, мембран, молекул, рецепторын түвшинд тайлбарлах нь (2002), Түвд, Монголын уламжлалт анагаах ухааны Язгуурын үндэс, Номлолын үндэсний агуулгыг эмчийн өдөр дутмын үйл ажиллагаанд нэвтрүүлэх нь (2002), Язгуурын үндэс бүтээлд хийх эс, мембран, молекулын түвшингийн тайлал (2002), One substance – two medicines” (2003, 28 х.х. англи хэлээр), Уламжлалт анагаах ухаан судлалын 100 асуулт хариулт (2005), Уламжлалт ба орчин үеийн анагаах ухааны оношлогоо, эмчилгээний нэгдмэл хэлхээ боловсруулах онол арга зүйн үндэс (2005), Уламжлалт ба орчин үеийн анагаах ухааны кодын шилжилт (2005) зэрэг 90 гаруй ном, эрдэм шинжилгээний 100 гаруй өгүүлэл, 180 гаруй тезис хэвлүүлж, Астрадин, Асваргал, Силодин, Барбадин, Нефромон, Салимон, Салсамон, Ортуузин, Салорид, Дентамон, Эллипин, Хиазасол, Тонзилмон, Гепамон зэрэг дархлал сэргээх, элэг хамгаалах, зүрх хамгаалах, бөөр хамгаалах, хорт хавдрын эсрэг үйлдэлтэй 16 шинэ эм бүтээж, 5 патентын гэрчилгээ авснаас гадна эрдэм шинжилгээний 30 орчим өгүүлэл нь Бюллетень экспериментальной биологии и медицины, Кардиология, Фармакология и токсикология, New letter of Asian Society for medicine, A materials of I congress of Tibetian medicine зэрэг гадаадын томоохон сэтгүүлүүдэд хэвлэгдсэн ба түүний сүүлийн үед (1991 оноос хойш) хэвлүүлсэн 300 орчим ном, эрдэм шинжилгээний өгүүлэл, тезис нь уламжлалт анагаах ухаан судлалын чиглэлээр нээсэн “Хий, шар, бадган – Эсийн мембрант байгууламж” онолын дагууд бичигдсэн байна. Уламжлалт анагаах ухаан судлал, эм зүйн “Монос” дээд сургуулийг 2000 онд санаачлан байгуулсан нь эдүгээ 1000 гаруй оюутан, 50 гаруй багштай, дэлхийн түвшинд хүрсэн сургалтын технологитой сургууль болсон байна. Уламжлалт ба орчин үеийн анагаах ухааны онол, оношлогоо, эмчилгээний аргын нийцлийг “мембран” гэсэн нэг субстанцийн түвшинд анх удаа шинжлэх ухааны үндэстэй нэгтгэн зангидаж, “нэг сургууль – хоёр хандлага, хосмол мэргэжил” гэсэн шинэ хандлагын дагууд уламжлалт ба орчин үеийн анагаах ухааны аргаар оношлогоо, эмчилгээний нэгдмэл нэг хувилбарыг нэгэн зэрэг гаргаж чадах мэдлэг дадлага, хандлага бүхий эмч, эм зүйч мэргэжилтэн бэлдэх “шавь сургууль” бий болгох, анагаахын салбарт “эрдэм шинжилгээ-сургалт – үйлдвэрлэл”-ийн гурамсан холбоо бүрдүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсан эрдэмтэн бөгөөд уг сургуулийн сургалтын хөтөлбөрт “Уламжлалт ба орчин үеийн анагаах ухааны цэгцэрсэн тогтолцоо”, “Уламжлалт анагаах ухаан судлал”, “Эмийн хоёр үйлдвэр” гэсэн хоёр хичээлийн стандарт, хөтөлбөрийг шинээр боловсруулан оруулсан нь манай улсад төдийгүй өөр аль ч улс орны сургалтад өнөөг хүртэл байгаагүй цоо шинэ агуулга бүхий хичээлүүд юм.

    http://www.ambaga.mn/
    https://www.facebook.com/%D0%9C%D0%B8%D0%B5%D1%8D%…

  • Т.БАТТУЛГА- Арьсан авдар урлал

    Арьсан урлал бол Монголчуудын уламжлалт урлагийн нэг төрөл юм. Ингээд арьсан урлалын талаар Монголын Урчуудын эвлэлийн гишүүн, Арьсан урлагийг хөгжүүлэх холбооны тэргүүн, Соёлын тэргүүний ажилтан Т.Баттулгатай ярилцлаа.

    -Та өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?

    -1967 онд Налайх дүүрэгт төрсөн. Налайхын ерөнхий боловсролын нэгдүгээр арван жилийн сургууль төгсч Дүрслэх урлагийн дунд сургуульд элсэн орсон. Ингээд Доржсүрэн багшийн удирдлага дор Арьсан урлагийн чимэглэгч, зураач мэргэжлээр төгссөн. 20 гаруй жил арьсан урлалаар уран бүтээлээ туурвиж явна даа.

    -Арьсан урлалын гол түүхий эд нь мальн арьс, шир. Арьсаа өөрсдөө бэлддэг үү эсвэл боловсруулсан бэлэн арьс хэрэглэдэг үү?

    -Манай улс мал аж ахуйн орон учраас арьсан урлал хөгжих бүрэн боломжтой. Арьс, ширний маш өргөн сонголттой. Хуучин нийгмийн үед Арьс ширний үйлдвэрийн нэгдэл гэж байсан. Тухайн үед боловсруулсан арьс худалдан авах боломж хомс. 1990 оноос чөлөөт зах зээлд шилжсэнээр Арьс ширний үйлдвэр хувьчлагдан хувийн жижиг үйлдвэрүүд бий болсон. Одоогийн байдлаар 20 гаруй арьс ширний хувийн үйлдвэр ажиллаж байна. Эдгээр үйлдвэрт захиалга өгч боловсруулсан арьс худалдан авдаг.

    -Манай арьс ширний үйлдвэрүүдийн боловсруулалтын чанарыг гадаад улсынхтай харьцуулбал хэр байдаг вэ?

    -Боловсруулалтын хувьд муу биш, болхи түвшинд байгаа. Болхи тусмаа л чанартай байдаг. Гадаадад арьсыг сайн боловсруулснаар нимгэрч чанар мууддаг. Арьсыг зүйж залган томоохон бүтээл хийхийн тулд маш их хөдөлмөрлөх шаардлагатай. Ер нь, арьсан урлагт том хэмжээтэй бүтээл хийнэ гэдэг хэцүү л дээ. Манай холбооны уран бүтээлчид цэвэр Монгол малын арьсыг уран бүтээлдээ ашигладаг. БНСУ, Хятадад боловсруулсан арьс хэчнээн гоё байсан ч Монгол арьсны чанарыг гүйцэхгүй. Хамгийн гол нь уран бүтээлийг боловсруулсан арьсаар хийх нь чухал. Түүхий арьсаар уран бүтээл хийж, чийглэг оронд үзэсгэлэнгээ гаргахад үнэр танар ороод юун хүн үзэх манатай болдог юм. Сүүлийн үед түүхий арьсаар хүүхэлдэй хийж байна. Түүхий арьсаар хийсэн эд дурсгалын зүйлс чийглэг оронд очвол үнэр ордог учраас уран бүтээл хийх нь сайн зүйл биш.
    Би 2007 онд БНСУ-ын Чэжү аралд зургаан сарын турш уран бүтээлийн үзэсгэлэнгээ далайн эрэг дээр гаргасан. Боловсруулсан арьсаар хийсэн учраас ямар нэгэн асуудал гараагүй.

    -Та уран бүтээлдээ голдуу ямар малын арьс, шир ашигладаг вэ. Харж байхад ихэвчлэн үхрийн зооны арьсан дээр Чингис хаан болон хөлөг баатруудыг дүрсэлсэн байх нь элбэг тааралддаг?

    -Таван хошуу мал болон зээрийн арьсыг ч ашиглаж болно. Ямар нэгэн бүтээл хийхийн тулд эхлээд зохиомж буюу санаагаа буулган зургаа зурдаг. Зургийн дагуу хонь болон ямааны арьс хэрэглэх үү, эсвэл үхрийн ширэн дээр зурах уу гэдэг сонголтоо хийнэ. Тухайн бүтээлийн онцлогоос шалтгаалж, нимгэн болон зузаан арьс үйлдвэрээс захиалан авдаг. Үхрийн ширэн дээр Чингис хааны хөрөг болон баатрууд зурдаг. Миний хувьд энэ чиг хандлагаас татгалздаг. Арьсыг өөрөөр нь л урлаг болгох ёстой байхгүй юу. Тэгж гэмээнэ л жинхэнэ арьсан урлаг болно.
    Би “Та нар чулуун дээр зураг зурчихаад чулуун урлаг гэвэл хүн хүлээж авах уу” гэж хүмүүсээс асуудаг юм. Миний хувьд олон жилийн турш хөдөлмөрлөж байж арьсан урлагийн шинэ төрлийг бий болгосон.

    -Тодруулбал?

    -Манай судаачид судлаад яг ямар төрөл болох талаар нэгдсэн байр сууринд хүрээгүй байна. Зарим нь арьсан баримлын арга гэхэд нөгөө хэсэг нь ямар арга гэдгээ чи өөрөө л тодорхойл гэдэг. Би арьсыг өөрөөр нь нугалж 3D шиг харагддаг аргыг санаачилсан юм. Энэ шинэ бүтээлийн аргаа Монголын Оюуны өмчийн газарт бүртгүүлж баталгаажуулсан.

    -Хэдэн төрлийн аргаар арьсан дээр бүтээл урладаг юм бэ?

    -Хөөмлийн болон релефийн арга гэж бий. Релефийн арга гэдэг нь арьсан дээр дүрс гарган зураад хурц багажаар ухаж сийлэхийг хэлнэ. Арьсыг релефдээд дараа нь хөмийлдөж нааш нь төвийлгөдөг.

    -Манай уран бүтээлчид арьсан урлалаар бэлэг дурсгалын болон гоёл чимэглэлийн зүйлс хийхдээ хуучны монгол технологоор хийдэг үү. Эсвэл шинэ техник технологи нэвтрүүлж байна уу?

    -Ер нь арьсан урлаг бол бүх урлагийн анхдагч гэж би хувьдаа боддог юм. Хүй нэгдлийн үеийн хүмүүс ан амьтан агнаж арьс ширээр хувцас хийж өмссөн үеэс л арьсан урлаг хөгжсөн. Өвгөд дээдсээс уламжлан ирсэн ардын технологи гэж бий. Арьсаа яаж хатаах, сураа хэрхэн элдэх гээд л. Манай урлан уламжлалаа хадгалсан технологи дээр суурилж орчин үеийн бүтээлээ туурвидаг. Чөлөөт уран бүтээлчийн хувьд сюрреализм (бодит мэт харагдах боловч бодит байж боломгүй хийсвэр дүрслэлийн арга) чиглэлээр арьсан бүтээл урладаг. Нөгөөтэйгүүр, өвгөд дээдсээс уламжлагдан ирсэн авдарыг уламжлалт технологийн дагуу хээ хуар гаргасан малын арьсаар бүрдэг юм. Жишээлбэл, Монгол гутал оёдог аргыг малын арьсаар авдар бүрэхэд хэрэглэж байна. Мөн арьсан хөөмлийн аргыг ч давхар ашигладаг.

    -Та бас арьсан авдар хийдэг. Захиалагчид ямар хээ угалзыг голлож байна вэ. Хуучин цагт авдар бүрийн нүүрэнд арслан зурсан байдаг. Арслантай авдар гэдэг дуу ч бий?

    -Захиалсан хүний захиалгын дагуу авдарыг арьсаар бүрж өгдөг. Тогтсон хэв маягаар заавал арслан зурна гэхгүй. Арьс бол их гоё материал юм. Арьсаар авдрыг бүрж хээ хаур гаргахаар маш өвөрмөц, чамин эд болдог. Би нийтдээ 1000 гаруй авдар захиалгаар хийсэн. Захиалагч нар өөрсдийнхөө төрсөн жилийг авдартаа зуруулахыг хүсдэг. Хос авдар бүрүүлэхэд нэгэнд нь өөрийнхөө төрсөн жилийг, нөгөөд нь гэр бүлийн хүнийхээ төрсөн жилийг зуруулах жишээтэй. Зарим хүн хүүхдүүдийнхээ жилийг захиалж байхад нөгөө хэсэг нь үндэсний хээгээр зуруулъя гэдэг. Мөн эртний Хүннүгийн үеийн дүрсээр хийлгэе ч гэдэг. Захиалагчийн сонголт маш өргөн болсон. Говийн догшин хутагт Данзанравжаагийн эдэлж хэрэглэж байсан эд зүйлсийг тахилч Түдэв гуай 1930-аад онд модон авдарт хийж гадна талыг арьсаар ширлэж газарт нууж булсан байдаг. Үүнээс үүдээд авдарыг арьсаар бүрж ширлэх санааг олсон юм. Олон жилийн дараа авдарыг гаргаж ирэхэд дотор нь байсан эд зүйлс огтхон ч муудаагүй байсан. Учир нь, арьс чийг авангуутаа модонд дамжуулдаг. Хуурай үед мод чийгээ гадагшлуулахад арьс чийгийг нь өөртөө шингээдэг байна. Ингэж мод, арьс хоёр харилцан “Амьсгалдаг” юм. Тийм учраас дотор нь байсан зүйлс мууддаггүй. Авдар гэдэг нь “Аваад дар” гэсэн утгатай. Дээдсийн маань хойморт заларч байсан орчин үеийнхээр бол сейф гэсэн үг. Айлд авдар хосоороо байх учиртай гэж найстайчуул хэлдэг байсан.

    -Та Монголын Арьсан урлагийг хөгжүүлэх холбооны тэргүүн хүн. Ер нь ямар зорилгоор холбоо байгуулах болсон болон ирээдүйд холбооны зүгээс юу хийх гэж буй талаар ярьж өгөхгүй юү?

    -Арьсан урлагийн чиглэлээр мэргэжлийн сургууль төгссөн хүмүүс нийлж 2007 онд Монголын Арьсан урлагийг хөгжүүлэх холбоог байгуулсан юм. Манай холбоо эгнээндээ 20 гаруй гишүүнтэй. Бүгд мэргэжлийн хүмүүс, сонирхогч байхгүй. Манай холбооны гишүүдийн нэг онцлог нь үйлдвэрлэлийн аргыг чухалчилдаггүй. Нэг цүнх хийсэн ч урлагийн бүтээл талаас нь ханддаг. Мөн ганц хувь л хийнэ. Хэзээ ч нэг загвараар олон цүнх хийхгүй. Ийм л зорилготойгоор манай холбооны гишүүд ажилладаг. Холбооны дэргэд “Уламжлал” нэртэй арьсан урлагийн сургалтын төв хичээллэдэг байсан. Багш нарын хоорондын үл ойлголцлоос болж жил хэртэй ажиллаад хаалгаа барьсан. Арьсан урлагт суралцахад хүний нас хамаагүй. Ялангуяа сурах гэсэн хүсэл эрмэлзлэлтэй хүнд. Багш нар маань сургалтын төлөвлөгөөгөө гаргасан байгаа. Арьсан урлалыг хүмүүс маш их сонирхдог болсон учраас сургалтын төвөө удахгүй нээнэ. Байгууллага, аж ахуйн нэгжийн нийгмийн хариуцлагын хүрээнд үнэхээр авьяас чадвартай хүүхдийг үнэ төлбөргүй сургах бодолтой байна.

    -Арьсан урлалаар хийсэн бэлэг дурсгалын зүйлсийн гол худалдан авагч гадаадын жуулчид гэсэн ойлголт бий. Та түрүүн хэлсэн. Дотоодын иргэд маань арьсан урлалыг сонирхдог болсон гэж. Ер нь манай иргэд арьсан урлагийн бүтээл хэр зэрэг сонирхож байна вэ?

    -Нэг үеэ бодвол, Монголчууд маань урлагийн үнэ цэнийг ойлгож мэдэрдэг болсон байна. Арьсан урлалаар хийсэн бүтээлийн 70 гаруй хувийг Монголчууд худалдан авч байна.

    -АСЕМ-ын уулзалтын үеэр олон жуулчин ирнэ. Тэд голдуу л арьсаар хийсэн бэлэг дурсгалын зүйлс худалдан авах байх. Жуулчдын сонирхлыг татах ямар бүтээгдэхүүн хийж байна вэ?

    -АСЕМ-ын жуулчдад зориулан худалдах эд зүйлсийн шалгаруулалт болно гэсэн. Хамтран ажиллагч маань жуулчдад бэлгэнд өгөх зорилгоор ногоолин гэдэг чулуугаар “Гэрэгэ” хийсэн юм. Энэ гэрэгний ширэн гэрийг биднээр хийлгэсэн. Шалгаруулалтад тэнцвэл олноор хийнэ.

    -Танай холбоо гадаад харилцаандаа хэр анхаарал хандуулж ажилладаг вэ. Жишээлбэл, гадаадын жуулчдын компанийн сайтад хаягаа байршуулсан уу?

    -Миний хийсэн бүтээлийн танилцуулга Азийн Арьсан урлагийн холбоо, Европын Арьсан урлагийн холбооны сайтад бий. Удахгүй Монголын арьсан урлагийг хөгжүүлэх холбоог Азийн арьсан урлагийн холбооны гишүүн байгууллагаар элсүүлнэ. Манай уран бүтээлчдийн ур чадвар бол Ази, Европын уран бүтээлчдээс огтхон ч дутахгүй. АНУ-ын арьсан урлагийн хоёр мастер хүнтэй хамтран ажиллах гэрээг байгуулсан. Тэднийг Монголд хамтарсан үзэсгэлэн гаргахаар урьсан, удахгүй ирнэ.

    -Ер нь, арьсан урлаг бусад оронд хэр хөгжсөн байдаг юм бол. Азийн, Европын гээд хийц дизайн нь өөр байх уу. Энэ талаар хэлбэл уншигчдад сонин байх?

    -Юугаар баян, түүгээр дайлна гэдэг үг байдаг. Монголчууд малын арьс, ширээр “Тоглодог” улс. Гадаадын уран бүтээлчид бүс, цагны оосор хийсэн ч “Art” буюу урлаг гэж үздэг. Монголчууд бол бүс, цагны оосорт хэрэглээ талаас ханддаг. Болгар улс нэг хэсэг арьсан урлалаар Европт тэргүүлж явсан үе бий. Болгарын уран бүтээлчид бол арьсыг чимэглэх талаас урладаг. Жишээ нь, түрийвчин дээрх дүрсийг релефийн аргаар хийдэгээрээ онцлог. Европ болон Азийн улс орнуудад гар аргаар хийсэн гэдгээрээ арьсан эдлэлийн үнэ өндөр. Голдуу үхрийн ширэн дээр релефийн аргаар хийдэг юм байна лээ. Намайг оюутан байхад энэ аргыг ханын чимэглэл хийхэд ашигладаг байсан юм. Гадаадын уран бүтээлчдийн дийлэнх нь байгаль, ан амьтны зургийг уран бүтээлдээ ашигладаг.
    Австралийн арьсан урлагийн уран бүтээлч эмэгтэйтэй интернэтээр харилцаж ганц нэг бүтээлээ солилцдог байсан. Тэр уран бүтээлч урт нь нэг метр 50 см, өргөн нь нэг метртэй үхрийн ширэн дээр бугын зураг зурсан бүтээлээ 30 мянган еврогоор үнэлсэн байсан. Миний хийсэн урт нь хоёр метр, өргөн нь нэг метр 50 см үхрийн ширэн бүтээл 10 гаруй сая төгрөгийн үнэтэй. Ам.доллараар бол 5-6 мянга болно. Ийм үнээр гадаадын ганц нэг иргэн худалдан авчихдаг юм. Мөн манайхан ч гэсэн худалдан авдаг. Миний хийсэн арьсан динозавр Байгалийн түүхийн музейд бий. Энэ динозавр 2007 оны Азийн арьсан урлагийн хамгийн том бүтээлээр шалгарсан. 20 гаруй хонь, ямааны арьс болон есөн адууны шир орсон юм. Уг арьсан динозавр өндрөөрөө хоёр метр, уртаашаа гурван метр гаруй хэмжээтэй.

    -Сүүлийн үед маш олон сургууль арьсан урлалын чиглэлээр мэргэжилтэн бэлдэж байна. Шинэ үеийн төгсөгчдийн ур чадвар хэр байна вэ?

    -Монголд арьсан урлал хөгжихөд шаардлагатай бүх зүйл бий. Гагцхүү хийх л хэрэгтэй . Миний үед цөөхөн хүн арьсан урлалын чиглэлээр төгсдөг байсан. Шинэ залуу уран бүтээлчдийг ажиглахад шинэ санаа олчихоод уран бүтээл болгож чаддаггүй. Учир нь “Зарагдахгүй бол яана” гэж эмээдэг. Уран бүтээл хийх гэж авсан арьсаараа түлхүүрийн оосор хийвэл хурдан зарагдана гэсэн зах зээлийн сэтгэхүйтэй байна. Би шавь нартаа “Толгойд буусан санаагаа цаасан дээр хуулж, чөлөөтэй хий” гэж захидаг. Бусад улсаас Монголын маань нэг ялгарах онцлог нь арьсан урлаг байгаасай гэж би боддог юм. Энэ чиглэлд хувь нэмрээ оруулж явна.

  • Энхбаатарын ЭМҮЖИН- Хийлч

    Консерваторийн Сонгодог хөгжмийн сургуулийн 10-ийн “А” ангийн сурагч. Мэргэжлийн багш Д.Галбадрах, БТА, СТА, докторант Д.Жаргал

    Э.Эмүжин ХБК-д 2011 онд элсэн орсон бөгөөд хийл хөгжмийн мэргэжлийн Д.Жаргал багшийнхаа удирдлагад амжилттай суралцаж, эх орондоо болон гадаад орнуудын тайзнаа удаа дараа амжилт гаргаж, багш нараа, ээж, ааваа баярлуулж ирсэн түүхтэй. Оросын холбооны Буриад улсад болсон “Найдал” олон улсын уралдааны 2,3 дугаар байр эзэлж байв.2014 онд БНЧУ-д болсон тус улсын алдарт хийлч Косианы нэрэмжит өсвөрийн хийлчдийн олон улсын уралдаанд III байр, ОХУ-д болсон “Новые имена” олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлсэн. Эдгээр болон бусад үзүүлэлтээр 2016 онд “ХБК-ийн шилдэг сурагч” болов. Дараа жил нь мөн БНЧУ-д болсон тус улсын алдарт хийлч Косианы нэрэмжит өсвөрийн хийлчдийн олон улсын уралдаанд дахин III байр эзэлсэн. Тухайн жилд сургуулийнхаа “Шилдэг уран бүтээлч сурагч” өргөмжлөл хүртсэн бөгөөд улмаар Монгол Улсын шилдэг хүүхдээр тодорсон юм.Казахстан улсад 2017 онд болсон П.И.Чайковскийн нэрэмжит залуу хөгжимчдийн X уралдаанд оролцохдоо Шүүгчдийн нэрэмжит шагнал хүртэж байлаа. Мөн тухайн жилд Ардын жүжигчин Ж.Чулууны нэрэмжит өсвөрийн хөгжимчдийн XI уралдааны ”Б” ангилалд тэргүүн байр эзэлсэн.Сурагч Э.Эмүжин эдүгээ хийл хөгжмийн мэргэжлийн багш Д.Галбадрахын удирдлага дор суралцаж байгаа бөгөөд 2019 онд Монгол Улсын Консерваторид болсон чавхдаст хөгжимчдийн “Талант” анхдугаар уралдаанд тэргүүн байр эзэлж, Гран при шагнал хүртсэн юм.

    2005 онд УБ хотод төрсөн.

    2011 онд ХБК-д элсэн орсон.

    • 2013 он АНУ – ын  Нью-Йорк хот “Crescendo competition-2013”  олон улсын уралдааны 2-р байрт шалгарч Carnegie hall театрт шилдгүүдийн хамт гала тоглолтонд оролцсон.
    • 2014 он ОХУ-н Буриад улс “Найдал-2014” олон улсын уралдааны 3-р байр
    • 2014 он Тайвань улсад зохиогдсон хөгжмийн их наадам
    • 2015 он БНЧех улс 57 дахь удаагийн “Kocian competition-2015” олон улсын уралдааны 3-р байр
    • 2016 он ОХУ-ын Новосибирск хот П.И.Чайковскийн нэрэмжит залуу хөгжимчдийн 9-р уралдаан
    • 2016 он ОХУ-ын Хабаровск хот “Новые Имена-2016” олон улсын уралдааны “Тэргүүн байр”
    • 2016 он БНЧех улс 58 дахь удаагийн “Kocian competition-2016” олон улсын уралдааны “В” ангилал Тусгай байр
    • 2016 он Хөгжим бүжгийн коллеж үүсч хөгжсөний 80 жил, Утсан хөгжмийн тэнхим үүсэн байгуулагдсаны 60 жилийн ойд зориулан “МӨРӨӨДЛИЙН ЗҮГ” бие даасан тоглолтоо амжилттай хийсэн.
    • 2016 он Гарамгай хөгжимчдийн “Virtuoso Gala Concert – 2016”-г нээж тоглосон.
    • 2017 он Төрийн шагналт Ардын жүжигчин Ж.Чулууны нэрэмжит өсвөрийн хөгжимчдийн 11-р уралдаан “В” ангилалд 1-р байр
    • 2017 он БНЧех улс 59 дахь удаагийн “Kocian competition-2017” олон улсын уралдааны “В”ангилал Тусгай байр
    • 2017 он БНКазакстан улс Астана хот П.И.Чайковскийн нэрэмжит залуу хөгжимчдийн 10-р уралдааны шүүгчдийн нэрэмжит “Надежда” шагнал
    • 2017 он МУ-ын “Төрийн хүндэтгэлийн концерт”-нд цохивор хөгжмийн чуулга болон симфони оркестртой хамтран Хэнтийн өндөр ууланд зохиолыг тоглосон
    • 2017 он Хөгжим бүжгийн сүлд дууны хийлийн гоцлол
    • 2017 он МУК-ийн 80 жилийн ойд зориулсан сонгодог урлагийн “Masterpiece” art & Classic Concert оролцон тоглов
    • 2017 он “Мөрөөдлийн зүг – 2”  тоглолтоо хийсэн.
    • 2017 он МУКонсерваторийн 80 жилийн ойн нэгдсэн тоглолтонд оролцон тоглов.
    • 2017 он Гарамгай уран бүтээлчдийн “Virtuoso Gala Concert-2017” оролцон тоглов.
    • 2017 он МХНайрамдал төвийн шинэ жилийн “Харшийн сүлд модны наадам”-д оролцон тоглов.
    • 2017 он “Crescendo competition-2017” олон улсын уралдаан 1-р байр
    • 2018 он ОХУ, Буриад улсад зохиогддог “Найдал-2018” олон улсын уралдаан 2-р байр
    • 2018 он БНЧех улс 60 дахь удаагийн “Kocian competition-2018” олон улсын уралдааны “С”ангилал 3-р байр
    • 2018 он Монголын хүүхдийн Анхдугаар урлагийн наадамд МУК-ийн үндэсний хөгжмийн оркестр, морин хууртай хоршин тоглов.
    • 2019 он “Талант- 2019” утсан хөгжимчдийн  фестиваль – ГРАНПРИ шагнал
    • 2017 он ХБНГУ-ын “Minguet quartet” хамтлагийн мастер класс
    • 2017 он ОХУ Москвагийн П.И.Чайковскийн нэрэмжит ХДС-ийн проффессор Э.Грачийн мастер класс
    • 2017 он П.И.Чайковскийн нэрэмжит 10-р уралдааны АНУ-ын шүүгч Э.Шмидерийн мастер класс
    • v 2015, 2016 он Сүхбаатар дүүрэг “Шилдэг сурагч”
    • v 2016 он Хөгжим Бүжгийн Коллежийн “Шилдэг сурагч”
    • v 2016 он “Нийслэлийн шилдэг авьяаслаг хүүхэд”
    • v 2017 он ОУХНайрамдал төвийн “Хүрэл” медаль
    • v 2017 МУК-ийн 80 жилийн ойн  “Шилдэг сурагч”
    • v 2018 он ОУХНайрамдал төвийн “Алтан” медаль
    • v 2017-2018 оны хичээлийн жилийн МУКонсерватори, ХБК-ийн “Шилдэг уран бүтээлч сурагч”
    • v 2017 он “Монгол улсын шилдэг хүүхэд” тус тус шагнагдсан.
  • Чинбатын ЭНХТҮВШИН- Арьсан хүүхэлдэй урлалын мастер, Монгол баатрын дүр хөгжүүлэгч

    Харахад амьд мэт, барихад аргал үнэртсэн өвөрмөц дүр төрхтэй, монгол ахуй соёлыг агуулсан “N’COOSH” брэндийг “Өөр мэдээ” онцлон танилцуулж байна. Оюуны өмчийн хуулиар баталгаажуулсан зохиогчийн эрхийн гэрчилгээтэй анхны монгол хүүхэлдэйнүүд гадаад улс орнуудын үзэсгэлэнг чимэх болжээ. Өвөг дээдсийн өв их уламжлалыг ахуйн соёлоор дамжуулан ирээдүй хойч үедээ үлдээх,дэлхийд монгол хүүхэлдэйн брэндийг тамгалж үлдээх хүсэл өвөрлөж яваа хүүхэлдэй урлаач Ч.Энхтүвшинтэй ярилцлаа.

    -Таны тухай анх сонсоод эмэгтэй хүн гэж бодсон. Яагаад хүүхэлдэй урлах болов?

    -Би СУИС-ийн ДУС-ийг чимэглэх урлагийн ангийг Я.Эрдэнэчимэг багшийн удирдлагад сурч төгссөн. Бидэнд монгол гар урлал, эсгий урлал, нэхмэл, хатгамал, арьсан урлал гээд бүгдийг заасан. Уран бүтээлч хүний хувьд Монголын нүүдэлчин иргэншлийн ахуй, өв соёл устаж байгаад эмзэглэдэг. Тиймээс уран бүтээлээрээ дамжуулж монгол ахуйг яаж авч үлдэх вэ, хойч ирээдүйдээ ямар байдлаар дамжуулах вэ гэж боддог байлаа. Тэгээд хүүхэлдэйн урлагаар монгол ахуйн соёлыг харуулж болох юм гэж зориглон 2005 оноос хийж эхэлсэн.

    Одоо дэлхий дээр гар урлал хамгийн үнэ цэнэтэй урлаг болсон. Манайхаас бусад оронд маш өндөр үнэлэгддэг юм билээ. Монголчууд бусдын хийсэн брэнд гэх зүйлсэд хошуурч байдгаас өөрсдийн үнэ цэнэтэй зүйлсийг мэддэггүй.

    -Та гадаадад хэдэн хотод үзэсгэлэнгээ гаргав?

    -2006 онд National Geographic -ийн урилгаар Монголоо төлөөлж АНУ-д анхны үзэсгэлэнгээ гаргасан. Түүнээс хойш Атланта, Техас, Сан Франциско, Сингапур хотуудад гаргаж байлаа. Эх орондоо 2006 онд “Монгол костьюмс” компани дээр 208 ширхэг хүүхэлдэйн үзэсгэлэн дэлгэсэн. Хамгийн сүүлд хэд хоногийн өмнө Японд томоохон үзэсгэлэнд оролцоод ирлээ. Манайд хүүхэлдэйн урлагаар үзэсгэлэн гаргасан хүн байдаггүй. Миний хүүхэлдэйнүүд Монголын нүүдэлчин ахуйг харуулдаг. Энэ нь энгийн үндэсний хувцастай хүүхэлдэйнээс өөр юм.

    Өвөг дээдэс маань хүүхэлдэйн урлагаа маш баялаг уламжилж үлдээжээ. Нүүдэлчин иргэншлийн онцлог нь өв соёлоо бичиж үлдээдэггүй. Үгнээс үгэнд, сэтгэлээс сэтгэлд, оюун санаасаа оюун санаад дамжуулж ирсэн. Бидний цус генд энэ бүхэн унтаа байдалтай байна. Минийх 2005 онд сэрсэн юм байлгүй, гэнэт л хийж эхэлсэн. /инээв/

    -Нүүдэлчин ахуйг хүүхэлдэйгээр дамжуулж гаргахын тулд судалгаа их хийсэн үү?

    -Би Монгол Японы хамтарсан “Чингис хаан”, “Үхэж үл болно”, Якутын “Тайна Чингис” зэрэг түүхэн киноны хувцас хэрэглэл, гэр барааг хийсэн. “Хар хорин” захын н.Лхагвасүрэн гэдэг хүний захиалгаар 100 баатрын хувцсыг зэр зэвсэг, эмээл, морины хуяг, их хэнгэрэг зэрэг иж бүрдлээр нь хийж өгсөн. Энэ бүгдийг хийхийн тулд маш их судалсан. Археологийн олдворуудаар гарын авлага болгож XIII зуунд монголчууд юу өмсч, хэрэглэж байсан бол гэсэн бодолдоо тулгуурлаж нөгөө л эд эсэн дэх мэдээлэлдээ хөтлөгдөж, бодоод сэтгээд, нэг хэсэгтээ зүүд нойрондоо энэ зуунд амьдарч байсан.

    Нүүдэлчин ахуй, соёл иргэншил судалсан, энэ тухайярьдаг хүмүүс голдуу настай түүхч, судлаач,эрдэмтэд байдаг. Харин та залуу хүн хэр нь энэ талынмэдлэг сайтай байгаа нь сайшаалтай санагдаж байна?

    -Хэн ч байсан монгол ахуй, соёлоо мэдэх тусам бусдын соёлд автахгүй болно. Ирээдүйд зөв алхам хийж, зөв амьдарья гэвэл үүх түүх рүүгээ заавал эргэж харах ёстой. Учир нь өнгөрсөн цагт монголчууд хүчирхэг байсан. Ирээдүйд дахин хүчирхэгжих үндэс өнгөрсөн цагт байна. Одоо бол монголчууд бусдын оюун ухаанаар бүтээгдсэн технологийн хөгжлийг ашиглаж байна. Автомашин нисдэг болох нь цаг хугацааны асуудал болчихоод байхад магадгүй ирээдүйд эмч хүний оронд робот, техник хүнийг эмчилж, хагалгаа хийдэг болох биз.

    Монголын нүүдэлчин иргэншил дотор асар их баялаг бий. Гэхдээ дэлгүүрээр дүүрэн шүдэнз, асаагуур байхад галаа манаж чулуугаар асаая, зөвхөн дээлээ өмсье гээд байвал хэн ч хүлээж авахгүй, харин ч ад болно. Би бүгдийг хүлээн зөвшөөрдөг ч хэт туйлшрахгүй өнгөрснөөс юу авч ирээдүйд ашиглах боломж байгааг судлах ёстой гэж боддог. Тухайлбал, цавууг монголчууд ясаар, арьсаар, эврээр хийдэг байж. Энэ уламжилж ирсэн технологийг сэргээж орчин үеийн техникийг ашиглаад дэлхийд гайхуулах монгол брэндийн цавуу хийх боломжтой.

    -Бид өнгөрсөн үеэ хойч үетэйгээ холбох дамжуулагчийн үүргийг гүйцэтгэх ёстой. Үүнд таны уран бүтээлямар онцлогийг шингээж байна?

    -Би хүүхэлдэйгээ арьс, үс, яс, хумс гээд малын ашиг шимээр хийдэг. Гаднаас нэг ч түүхий эд, материал авдаггүй учраас Монголын эдийн засагт шууд хөрөнгө оруулалт болно. Нэг ёсондоо хоосон орон зайнаас бүтээсэн баялаг юм. Нүүдэлчин өвөг дээдсээс өвлөгдөж ирсэн ахуйн соёлд тулгуурлан зөвхөн монголд байгаа бүтээгдэхүүнээ ашиглаж хүүхэлдэй хийж байна. Энд эдийн гэхээс илүү өв соёл, ёс заншил гэсэн эдийн бус ашиг сонирхол их бий.

    Улс орон болгон өөрсдийн гэсэн хүүхэлдэйн брэндтэй. Оросыг матрёшка, Японыг Шоко, АНУ-ыг барби төлөөлөх жишээтэй. Дэлхий даяар хүүхэлдэйг Барби төлөөлж байна.

    Миний хийсэн хүүхэлдэйг хүлээн зөвшөөрч чадвал Монголын брэнд болох байх. Хамгийн гол нь хэн ч хийсэн бай Монголыг төлөөлөх хүүхэлдэй өнгөн талаас илүүтэй цаад гүн ухаан утга учир өв соёл уламжлалыг харуулдаг байгаасай гэж хүсдэг. Тиймээс “N’COOSH” нэртэй хүүхэлдэйн брэндийг гаргаж оюуны өмчөөр баталгаажуулсан.

    -N’COOSH брэнд хэдэн төрөлтэй вэ?

    -Айл гэрт хэдэн гишүүн байдаг билээ тэр бүгдийг урласан. Гэхдээ бүгд өөр өөрийн онцлогтой, дахин давтагдашгүй. Яг л хүн шиг. Би баян биш ч хүүхэлдэйгээ худалдаалах зорилгоор хийдэггүй. Хамгийн гол нь Монголыг дэлхийд төлөөлөх брэнд болж үлдээсэй гэж хүсдэг.

    Сонирхолтой нь хүүхэлдэйг бид хүн төрөлхтөний сүүлийн үеийн бүтээл гэж боддог. Гэтэл Хүннүгийн үеийн булшнаас 108 ширхэг жижигхэн хүүхэлдэй гарч ирсэн байдаг. Торгон даавуун хувцастай, нүүрийг нь цагаанаар будаж, нүд хөмсгийг нь зурчихсан, үсийг нь дээш нь овоолж хөндлөн чагт хийсэн маш нарийн хийцтэй хүүхэлдэй байсан. Модоор урласан мориных нь хөл хөдөлдөг байх жишээтэй. Энэ олдворуудыг огт дэлгэж үзүүлэхгүй байгаа юм. Гадагшаа гаргачихсан юм болов уу. Тэгэхээр хүүхэлдэй гэдэг зүйл хүн үүссэн цагаас байсан юм бишүү гэж бодож байна.

    -Өнөөдрийг хүртэл хэчнээн хүүхэлдэй урлаад байна. Таны хүүхэлдэйнүүдээс аргалын утаа үнэртэх юмбилээ?

    -Ойролцоогоор 2000 гаруй хүүхэлдэй үйлдвэрлэсэн байх. Нарийн тоо байхгүй. Брэнд болгохын тулд загвар хийц төдийгүй эд материалын хувьд хөгжиж байх ёстой. Миний хүүхэлдэйг тэврээд тоглохоос илүүтэй тавьчихаад харж харьцаж байх оюун санааны тоглоом болно. Би сая Японы үзэсгэлэнд оролцохдоо бүх хүүхэлдэйгээ аргалаар утаж авч явсан. Энэ нь нэг төрлийн нянгийн ариутгал юм. Япончууд манай аргалыг судлаад агаарт дэгдэж буй 380 төрлийн бактерийг устгадаг болохыг нь тогтоосон байна. Монголоос нэг кг аргал 35 ам.доллараар авахаар ярилцсан ч Хятадын хилээр гаргахгүй гэсэн юм билээ.

    Нөгөө талаас арьсыг амьтай гэж үздэг учраас чийгтэй газар очоод хэвээ алдах аюултай. Монголчууд дашмагаа хийхдээ шөрмөсөөр оёчихоод, элс чихэж хатаан хус модны нойтон шилмүүс болон аргалаар утдаг байж. Тэгэхээр аргал ямар хэрэгтэй, үнэ цэнэтэйг мэдээд өвөг дээдэс маань хэрэглэж иржээ. Уламжлал гэдэг ямар их зүйл хадгалж байдгийг зөвхөн энэ жишээнээс харж болно.

    -Хүүхэлдэйгээ хаагуур борлуулдаг вэ. Гадагшаа чиглэсэн менежмент хийж байна уу?

    -Би залуу хүн гэхэд орчин үеийн хэрэглээнд муу. Утас, интернэт нэг их ашиглаад байдаггүй. Хамгийн гол нь хийсэн уран бүтээлээ хүмүүст зөв хүргэх л чухал байна. Тухайлбал, хөхүүр барьсан хүүхэлдэй хийчихээд түүнийгээ тайлбарлахдаа хөхүүр яаж хийдэг, бүлүүр модны онцлог, айрагны тухай гээд бүгдийг судалж, зөв тайлбарлах ёстой.

    Шагай гэх малын энэ жижигхэн яс ямар их утга учир ёс заншил агуулдаг юм бэ гэж боддог. Монголчууд адууны хомоолоор гурван төрлийн цаас хийж, хар өнгийн будаг гарган авч сураа буддаг байсан гээд олон сайхан уламжлал байна. Би өвөө, эмээ нартай их найзална. Тэд монгол ахуй соёлыг тэр чигтээ агуулж байдаг. Тэднийг байгаа дээр уулзаж, гэр хотонд нь очиж хонох юмсан гэж боддог. Монголоо гурав бүтэн тойрчих хүсэл бий. Мэдээж мөнгө их орох байх. Би хотын хүн хэр нь яагаад ийм зүйл сонирхож хүсээд байдгаа миний өвөг дээдсээс ирсэн эд эстэй холбоотой болов уу гэж боддог юм.

    Энэ маягаар хойч үедээ монгол ахуй соёлоо үлдээж чадвал миний уран бүтээл хийж буйн хэрэг бүтнэ. Одоогоор уран бүтээлдээ анхаарч байгаагаас бизнес болгож амжихгүй явна. Уг нь бизнес болгоод олноор нь хийгээд, хайрцаг савтай болгоод, бараа тэмдэгтийн дугаарлалт авдаг болчихвол гадаад зах зээлд гаргаж болох.

    -Уран бүтээл бүр өөрийн төрөх цаг хугацаатай байдаг гэдэг байх аа?

    -Тиймээ, хүүхэлдэй бүрийг урлахад янз бүрийн хугацаа шаарддаг. Нэг хүүхэлдэйг сар хийж байхад, заримдаа гурав хоногт амьдруулах нь ч бий. Хамгийн анхны хүүхэлдэй маань бөө байсан. Би хүүхэлдэйнхээ хэвийг гаргаж бэлдчихээд “өнөөдөр хоёулаа төрхөө олноо, чи яамаар байна” гээд хүүхэлдэйтэйгээ ярьж суудаг юм. Энэ нь нэг ёсондоо сэтгэлээсээ сэтгэл тасалж өгч буй хэрэг юм. Хүүхэлдэй өөрийнхөө донжийг өөрөө л олдог.

    Уран бүтээл эхлэхдээ өөрийгөө хоосолж бэлдэж байгаад санаануудаар дүүрээд ирэхээр нь хийдэг. Нэг төрсөн санаа дахин давтагддаггүй. Сэтгэлээсээ сэтгэл тасалж хийдэг учраас хүүхэлдэйгээ зарж чаддаггүй. Нэг удаа үзэсгэлэнгээ гаргачихаад хүүхэлдэйнүүдээ заруулахаар шавь нартаа өгсөн юм. Гэтэл “Сувинер хауст” тавьчихсан байсныг хараад их хэцүү болсон. Мөнгөтэй бол буцаагаад авчих юмсан гэж бодогдсон шүү. Өөрийн бүх сэтгэлээ шингээж хийдэг учраас миний хүүхэлдэйнүүд өөр өөрийн онцлог араншинтай, амьд болдог.

    -Гадныхан хэрхэн хүлээж авдаг вэ?

    -Тэдний үзээгүй юмыг үзүүлж байгаа юм чинь ангайна шүү дээ. Японд болсон үзэсгэлэнд Осом Бошо гэдэг япон брэнд хүүхэлдэй хийдэг 80 настай хөгшин бий. Би тэр хүнтэй танилцаад хүүхэлдэйгээ үзүүлсэн чинь “Хүүхэлдэй чинь амьтай юм байна” гэж намайг үнэлсэн. Би тэр хүнийг багшаа гэдэг юм. Тэгээд төлөвлөж байгаад сая хамтарч үзэсгэлэнгээ гаргалаа. Япончууд миний хүүхэлдэйг маш их сонирхсон. Японы сонинд миний тухай гарсан. /инээв.сур/

    Тэнд хүүхэлдэй маш үнэтэй. Жирийн худалдаан европ хүүхэлдэй 7-8 сая төгрөгөөр зарагдаж байна. Осом Бошо багшид хоёр тэрбум төгрөгөөр үнэлсэн хүүхэлдэй ч байна лээ. Японы гүнж нарын кимоног хийдэг гараар нэхсэн даавуугаар 30 жилийн өмнө хийсэн юм билээ. Түүнийгээ зарахгүй, хэр баргийн үзэсгэлэнд гаргадаггүй. Сая хамтарсан үзэсгэлэнд гаргасан.

    -Цаашид ямар мөрөөдөл төлөвлөгөөтэй байна.Монгол брэнд болгохын тулд юу хийх вэ?

    -108 цамын хүүхэлдэй хийх бодол байна. Хатгамал, нэхмэл, сийлбэр, баримал, шуумал, дархан гээд олон төрөл нийлж байж бүтнэ. Шарын шашин хөгжих үед 108 цамыг хийхдээ уг үндэс нь бөөгийн филисофи байсан юм билээ. Дамдиндорлигийг замбуулинд буулгахын тулд 108 цам зохиогдсон. Дамдиндорлиг бол эрлэг номун хаан. Нарны бурхан бол хатан нь гэж үздэг. Энэ талаар нэлээд судалсан. 70 см орчим өндөртэй 108 цамын хүүхэлдэй хийхэд надаас маш их ур чадвар, хөдөлмөр шаардана. Алт, мөнгө, шүр, сувд гээд хэрэгтэй бүх зүйлийг ашиглана.

    Хэрэв 108 цамаа хийж чадвал дэлхийн улс орнуудын төв талбай дээр дэг ёсных нь дагуу цамлуулах хүсэл байна. Энэ нь дэлхийн бүх хүн амьтан эрүүл энх, сайн сайхан байгаасай гэсэн зорилготой. Улс орнуудаар явж ирсэн 108 цам маань эх орныхоо төв талбайд дэлхийн сайн сайхан энерги бүгдийг авчирна. Тэгээд жижигхэн музей байгуулж үлдээе гэсэн том хүсэлтэй байна. Биелүүлэхийг хичээх болно.

    https://www.facebook.com/enkht…

    Эх сурвалж: Зууны мэдээ

    Монгол гар урлалын нэгдсэн цомог үзэх

  • Агваандоржийн САРУУЛ- Удам дамжсан нийгмийн түүчээ, ТЭРСЛҮҮ ХАТАГТАЙ

    Салбартаа үлгэрлэн манлайлагч эрхэмүүдийг цувралаар танилцуулдаг “БҮТЭЭЛЧ МОНГОЛ” буландаа, Удам дамжсан нийгмийн түүчээ, бохир улс төр, нам бүлэглэлийн эсрэг үнэний дуу хоолой болж чаддаг, ГЭРЭЭРЛИЙН САЙДЫН АЧ ОХИН “ТЭРСЛҮҮ ХАТАГТАЙ” АГВААНДОРЖИЙН САРУУЛЫГ ОНЦОЛЖ БАЙНА.

    Багш, улс төр судлаач, улс төрийн ухааны доктор.
    Герман, орос, англи хэлтэй.

    1964 онд Улаанбаатар хотод 5 хүүхэдтэй айлын отгон охин болж төрсөн. Нэгдүгээр 40 мянгатад төрж, өссөн.

    Ил тод байдал, ардчилал, намуудын хязгааргүй эрхийг халах, иргэдийн оролцоог хуульчлах, түүх соёлоо хамгаалах, байгаль орчин, экологийн асуудлаар судалгаа хийж, нийтлэл бичиж, олон нийтийг соён гэрээрүүлэх, дуу хоолой болох ажилд түүчээлсээр ирсэн.

    Герман- Монгол болон олон улсын харилцааны хурал зөвлөгөөнийг тогтмол удирдан хөтөлж, орчуулж гүүр болсоор байна.

    Философи, улс төр судлал, герман хэлний салбарт олон зуун шавь нарыг сургаж, зөвлөж, Монгол улсдаа чадварлаг, тулхтай боловсон хүчинг бэлтгэхэд хувь нэмэр оруулан ажиллаж байна.

    2008 оны 7-р сарын 1-ний сонгуулийн луйврыг эсэргүүцсэн тэр шөнө манай улс ардчилалгүй болсон., зөрчилдөөнийг цус урсган дарсан. Ардчилсан улсад улс төрийн хоригдол гэж байх ёсгүй хэмээн хэдэн нөхдийн хамт эсэргүүцлийн суултыг санаачлан, 7 хоногийн турш амандаа хаалт хийн сууж байгаад Г.Арслангийн хамт  баривчлагдан 14 хоног Дэнжийн мянгын хориход сууж, шүүх хурал ямар худлаа, зохиомол хэрэг яаж үүсгэдэгийг биеэрээ мэдэрч тэр цагаас ардчилалыг мөн чанараар нь авч үлдэхэд дуу хоолой болсоор ирсэн.

    БОЛОВСРОЛ

    1971- 1981 он Улсын лаборатори 1-р бүрэн дунд сургууль;

    1983- 1988 он ХБНГУ, Шиллерийн Их сургуульд философийн бакалавр;

    1994- 1999 он ХБНГУ, Филлипсийн их сургуульд философи, улс төрийн ухааны доктор “Монгол улс дахь ардчиллын шанс” сэдвээр доктор цол хамгаалсан;

    2004 он Австрийн Вена хотын их сургуулийн Улс төр судлалын институтэд докторын дараах сургалт;

    2010- 2011 он ХБНГУ, Гүмбольдын сангийн Дэлхийн уур амьсгалын дасан зохицох хөтөлбөрийн тэтгэлэгт, сэргээгдэх эрчим хүч сэдвээр суралцсан;

    АЖЛЫН ТУРШЛАГА

    1988-1990 он Монгол Улсын Барилгын зургийн институтийн социологич;

    1991- 1999 он МУИС, Герман хэлний тэнхимийн багш;

    2000- 2001 он Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн сургалтын менежер;

    2001- 2005 он ШУТИС, Хүмүүнлэгийн ухааны сургуулийн философийн багш, профессорын багийн ахлагч;

    2011- 2013 АНУ-ын Азийн сангийн “Төвлөрлийг сааруулах, иргэдийн оролцоог дэмжих” төслийн менежер;

    ОЛОН НИЙТИЙН СОНГУУЛЬТ АЖИЛ

    2007- 2011 онд Монголын үндэсний ногоон хөдөлгөөний тэргүүн

    2011- 2016 онд “Шууд ардчилал хүрээлэн” ТББ-ийн захирал

    2017 оноос АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүн

    НОМ БҮТЭЭЛ

    1999 он “Demokratisierungschancen in der Mongolei” (герман хэлээр)

    2000 он “Ардчилал, нээлттэй нийгмийн тайлбар толь” (хамтарсан бүтээл)

    2001 он “Хөтлөх урлаг: Олон нийтийн хурал, хэлэлцүүлэг арга”

    2006 он “Монголын тулгар төрийн 800 жилийн ойд зориулсан герман эрдэмтдийн бүтээл” (хамтарсан бүтээл)

    2009 он “Pons” герман-монгол словарь (хамтарсан бүтээл)

    2017 он “Долоон жил Төвдөд” 1-р дэвтэр, “Төвд оронтой эргэн золгосон нь: 30 жилийн дараа” 2-р дэвтэр (орчуулгын бүтээл)

    2020 он Тео Шиллэр “Шууд ардчилал” (орчуулгын бүтээл)

    ЯРИЛЦЛАГА ҮЗЭХ "Нам бол ТӨРийг худалдаж авдаг хувьцаат компани болсон"

    БАХАРХАЛТ ӨВӨГ ДЭЭДСИЙНХЭЭ ҮЙЛ ХЭРГИЙН ҮРГЭЛЖЛЭЛ

    Өвөө ЭРДЭНЭБАТХААН

    Өвөө Эрдэнэбатхаан 1921 оны 3 дугаар сарын 24-нд Монгол Улсын Засгийн газрын нарын бичгийн анхны дарга, 1924 онд Ардыг гэгээрүүлэх яамны сайдаар ажиллаж байв. Ардын засгийн анхны дунд сургуулиудыг байгуулах, сурах бичиг зохиохоос гадна сурагчдыг Герман, Франц улсад явуулж сургах ажлыг санаачилан хэрэгжүүлж байв. Мөн Берлинд хэсэг хугацаанд ажиллахдаа Монголын газрын зураг хэвлүүлэх, сурах бичиг, хэвлэлийн үйлдвэр, бичгийн машин захиалах, киноны тоног төхөөрөмж, цахилгаан дизель станц авчрах зэрэг ажлуудыг гардан зохион байгуулж байжээ.

    Авга эгч
    Эрдэнэбатын ОЮУН

    БНМАУ-ын Ардын Жүжигчин, анхны Маршал Чойбалсангийн нэрэмжит шагналт, УГЗ, зохиолч, найруулагч, урлаг судлаач, орчуулагч. “Буурал бүсгүй” хөгжимт драм, 1951 онд “Жаргалын зам” дуурийг найруулан тавьсан бөгөөд, “Евгений Онегин”, “Лусын дагина”, “Чио Чио Сан”, “Травиата”, “Богема”, “Октябрь”, “Игорь Ван” зэрэг 30 гаруй дуурийн цомнол, ном орчуулж, 50 гаруй жүжгийн болон үргэлжилсэн үгийн бүтээл туурвижээ.

    1936 онд Гэгээрлийн яаманд орчуулагч, 1936 оноос Улсын төв театрт найруулагч, зохиолч, орчуулагч, 1962 оноос Монгол кино нэгтгэлд уран сайхны удирдагч, 1968 оноос Улсын Драмын эрдмийн театрт уран сайхны удирдагч, 1985 оноос Монголын Урлагийн ажилтны холбоог үүсгэн байгуулж, даргаар ажиллаж байсан. Монгол Улсын театр, тайзны урлагийг хөгжүүлэхэд бүх амьдралаа зориулжээ.

    Аав Эрдэнэбатын АГВААНДОРЖ

    Монгол Улсын эрчим хүчний ууган инженер, орон даяар эрчим хүчний сүлжээг байгуулах төслүүдийг удирдаж,  3-р цахилгаан станцын даргаар олон жил ажиллаж байсан.

    Ээж Сономдоржийн ИЧИНХОРЛОО

    Монгол Улсын агрономын салбарын ууган эрдэмтэн, ХААИС-д насаараа багшилсан, олон мянган шавьтай буурай, одоо 90 настай. Охин Саруултайгаа хамт амьдарч байна.

    Цахим холбоос https://www.facebook.com/saruula

  • Даваагийн БАСАНДОРЖ- Усны зүтгэлтэн, усны нөөцийн инженер

    Ус хангамж, ариутгах татуургын инженер, Дэд профессор, Техникийн ухааны доктор (Ph.D), Монгол Улсын зөвлөх инженер. Усны судалгааны төвийн захирал.
    Усны төлөө зүтгэлтэн, усны хангамж, бохир усыг цэвэршүүлэх чиглэлд голчлон судалдаг.

    1. Боловсрол дээд, орос, англи хэлтэй, 2003 онд Орхон-Сэлэнгийн ай савын усны нөөцийн бохирдлын үнэлгээ сэдвээр ОХУ -ын Санкт-Петербург хотод докторын зэрэг хамгаалсан

    2. 1984 онд ОХУ -ын Уралын Политехникийн дээд сургууль төгссөн. Ус хангамжийн инженер

    3. 1984 оноос ШУТИС -д багш, тэнхимийн эрхлэгч, профессор

    4. 1996 – 2000 онд Байгаль орчны Төрийн нарийн бичгийн дарга

    5. 2000-2002 онд Засгийн газрын Усны үндэсний хорооны дарга

    6. 2002 оноос ШУТИС -ийн профессор, Усны нэгдсэн менежментийн сургалт, судалгааны төвийн захирал

    7. Иргэний нийгмийн хөгжил ТББ -ын оролцоо 1990 оноос Монголын ногоон намын дарга, үүсгэн байгуулагч. 1997 оноос Байгаль орчин хөгжил нийгэмлэгийн ерөнхийлөгч

    8. 2011 оноос “Ариун цэврийн шийдэл” ТББ -ын тэргүүн

    Ярилцлага унших: 

    Д.Басандорж: Ямар ч бохирдолтой усыг цэвэршүүлж ашиглавал Улаанбаатар усны гачигдалд орохгүй

    Д.Басандорж: Туул голыг бүрэн цэвэрлэх технологийг 2012 онд нэвтрүүлчихсэн

    Эх сурвалж: 

    https://www.facebook.com/davaa.basandorj

  • Жамбалын ТҮВШИНЖАРГАЛ- Сийлбэрч, боржин чулуун урлалын мастер

    Сийлбэрч, боржин чулуун урлалын мастер. “Боржин суварга” ХХК-ийн захирал.

    Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул. 1996-2001 онд СУИС-ийн Сийлбэрийн ангийг дүүргэсэн. Тэрнээс хойш чөлөөт уран бүтээлчээр ажиллаад, сүүлийн 5-6 жил чулуун баримлаар дагнан ажиллаж байна. АНУ-д чулууны үйлдвэрт ажиллаж байсан.

    https://borjinsuvarga.com/

    ЯРИЛЦЛАГА УНШИХ

    Сийлбэрчдийн хувьд чулуугаар бүтээл туурвина гэдэг хамгийн хэцүү байдаг гэдэг. Тэгвэл чулуу, тэр дундаа боржин чулуугаар соёлын үнэт өвийг үлдээдэг эрхмийг өнөөдрийн “Редакцийн зочин” булангийнхаа хойморт урилаа.

    -“Редакцийн зочин” буланд маань уригдсан анхны сийлбэрчин та боллоо. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
    -Намайг Ж.Түвшинжаргал гэдэг. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул. Аав, ээж минь тэр нутгийн хүмүүс. Би 1996-2001 онд СУИС-ийн Сийлбэрийн ангийг дүүргэсэн. Тэрнээс хойш чөлөөт уран бүтээлчээр ажиллаад, сүүлийн 5-6 жил чулуун баримлаар дагнан ажиллаж байна.

    -Сийлбэрчин гэхээр л модоор юм хийдэг хүмүүс санаанд ордог. Тэгэхээр та чулуун сийлбэрийг дагнан хийхээсээ өмнө юугаар сийлбэр хийж байв?
    -Мод, яс гэх мэт бусад зүйлсээр сийлбэр хийдэг байсан. Гэхдээ оюутан байхдаа чулуугаар юм хийх гэж үзнэ. Тэрнээсээ болоод багшдаа “Ямар том зантай юм” гэх зэргээр зэмлүүлж л явлаа. Тэгээд Америкт 2-3 жил болохдоо чулуугаар сийлбэр хийж үзээд эргэлт буцалтгүй амтанд нь орчихсон. Чулуу гэдэг үнэхээр хэцүү л дээ. Хэр баргийн хүн шууд чулуун сийлбэр хийнэ гээд бариад авдаггүй. Миний хувьд бол чулуугаар баримал хийнэ гэдэг бол мөрөөдөл, хүсэл минь байсан гэж хэлж болно. Аливаа зүйлийн эх загварыг чулуугаар гаргахдаа тэрийгээ хэд дахин томруулж дотроо төсөөлнө, том баримал бүтээнэ гэж мөрөөднө…

    Урлагийн түүхүүдийг харж байхад бүхий л чулуун бүтээлүүд үлдсэн байна. Чулуу гэдэг бол байгалийн өвөрмөц бүтээл шүү дээ. Тийм болоод ч тэрүү чулуугаар бүтээл хийхээр илүү амьд болдог шиг санагддаг. Тэгээд л чулуунд дурласан байж магадгүй. Бүр тэгээд цаанаасаа намайг чулуу руу урва гэж байгаа юм шиг хүний газарт яваад очсон чинь чулууны үйлдвэрт ажилд орж таарсан. Газар газраас ирсэн олон өнгийн чулууг хараад дуу алддаг байлаа. Гадаадад байхдаа бол баар, рестораны интерьер дизайны чимэглэлийн зүйлүүдийг ихэвчлэн хийдэг байсан. Яг баримлыг бол Монголдоо ирээд л хийж эхэлсэн дээ.

    -Хэдэн оноос хойш чулуугаар уран бүтээл хийсэн юм бэ?
    -2006 оноос хойш өдийг хүртэл гэхээр есөн жил болсон байна.

    -Чулуугаар хийсэн томоохон бүтээлээсээ нэрлээч?
    -Томоохон 40-50 бүтээл байгаа. Үүн дээр бүтээсэн суварга, шүтээний тоог оруулах юм бол бараг 200-300-д хүрсэн байх.

    -Чулуугаа ер нь яаж сонгож байна?
    -Манай улсад хэд, хэдэн төрлийн боржин чулуу байдаг. Монголын боржин чулууг дэлхий нийт хүртэл судалчихсан байдаг юм билээ. Монгол боржин бол боржин чулуулаг дундаа залууд тооцогддог. Нарийн зүйлийг хийхэд ур гоё гардаг, урт настай, хатуу гэх мэт олон давуу талтай.

    Бид чулуугаа олборлохын тулд газрын өнгөн дээрээс биш, ухаж авдаг. Учир нь өнгөн дээрх чулуунууд цаг хугацааны эрхээр өгөршилт ихтэй болсон байдаг. Тиймээс ухаж авч байгаа. Гэхдээ одоо техник харьцангуй хөгжөөд, том чулуунуудыг олборлоход саадгүй болсон. 3 метр хүртэлх өндөр чулууг хүртэл өргөөд гаргаад ирдэг болсон учраас тэр хэмжээний чулуунаас нэг баримал гаргачих тохиолдол байна. Тэрнээс том болчихвол суурь наагаад, дүрс нь нэг том чулуу байдаг ч юм уу, янз бүр л дээ.

    Том чулуу нэг бүтээл болдог гэсэн. Нэг том чулуугаар бүтээл хийсэн жишээ дурдаач?
    -Хөвсгөл аймагт боссон Ширэндэв гуайн баримал байна. Энэ баримал сууринаасаа дээш 2.7 метр, “Глобал центр”-ийн хашаанд байгаа ирвэс л гэхэд ямар ч наалтгүй нэг чулуунаас гарсан, 3.45 метр өндөр байх жишээтэй.

    -Наалтгүй хийж байгаа чулуугаар бүтээл хийхэд хэцүү юу?
    -Сайн тоног төхөөрөмж байхад гайгүй ээ. Цаг л их ордог. Ирвэсийг л гэхэд нэг жил хийсэн байх.

    -Чулуунуудаа ихэвчлэн ухаж авдаг гэлээ. Байгаль дэлхийтэй харьцаж байгаагийн хувьд тодорхой ёс жаяг үйлддэг үү?
    -Манайхны хувьд социализмын үеэс чулуугаар барилга байгууламж, баримал зэргийг хийж байсан учраас хуучны чулуу олборлож байсан газар нэлээд байдаг. Тэдгээрээс авдаг. Мэдээж хэн дуртай нь харсан газраасаа чулуу аваад байна гэсэн ойлголт байхгүй. Тусгай боржин чулууны нөөцтэй газраас авна. Тэгэхийн тулд орон нутгийн байгаль орчны газар, Засаг захиргаанаас зөвшөөрөл авах зэргээр их ажил болно. Түүнийхээ дараа ухсан газраа нөхөн сэргээх гэж асуудал бий.

    -Яг хаанаас чулуугаа авч байна?
    -Монгол орон тэр чигээрээ боржин чулууны нөөцтэй. Бидний хувьд Төв аймгийн Эрдэнэ сумаас голчилж авдаг. Гэхдээ газар болгоноос чулуу авч болдоггүй. Манайхан их сүсэг бишрэлтэй болоод тэр үү, эсвэл газар нутаг минь их догшин болоод тэр юм уу чулуугаа өгдөг, өгдөггүй газар гэж бий. Өгдөг газраасаа аргадаж авна. Аргадаж авахаар аливаа ажил саадгүй, сайхан бүтдэг.

    -Баримлыг өөр чулуугаар хийж болох уу. Та хийж байв уу?
    -4-5 төрлийн боржин чулуунаас гадна гантигаар баримал хийж байсан. Монгол орны цаг уурын нөхцөл байдал нөлөөлөөд ч тэр юм уу гантиг чулуугаар бүтээл хийхээр цав их гардаг юм билээ. Боржин чулууг техник технологи нь дааж, гаргаж чадвал цав байдаггүй. Тэр нь агуу шүү…

    -Сийлбэр, баримлуудаа хүнтэй хамтарч хийдэг үү?
    -Энэ чулууг чинь ганцаараа хөдөлгөж, баримал болгоно гэж байхгүй л дээ. Өөрөө их загвараа гаргаад ажилчидтайгаа хийнэ. Том зүйл хийлээ гэхэд хувааж аваад л ажилдаа ордог. Тэгээд нийлээд нарийн зүйлүүдийг хийхдээ өөрөө гардан ажиллах тал бий.

    -Боржин чулуу ур сайн гаргадаг гэдэг юм билээ. Үүнийг тайлбарлаач…?
    -Чулуу бүрт онцлог байдаг. Нэг чулуу сонгож аваад үнэхээр гайхалтай бүтээл болгоод гадаа байршуулахаар өөрөөсөө хэтэрхий их гэрэлтдэг чулуунууд мэлийгээд, хаана нь юу байгаа нь мэдэгдэхгүй болчихдог. Тэгэхэд зарим чулуу байгалийн нарыг өөртэй шингээгээд, гэрэл сүүдэр нь тохироод хийсэн бүх чимэглэл тодроод сайхан харагдах нь бий. Авдрантын ногоон боржин, Замтын шар боржин бол гоё биш, Эрдэнэ сумын саарал боржин, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнийн улаан боржин, Өвөржанчивлангийн цайвар ногоон боржин зэргийн ур их гоё гардаг. Ер нь чулууг ухаад авч байхад л чанар нь танигддаг. Тухайн авч очсон краныхаа даацаар чулууг цуулахад цууралтаасаа эхлээд сайн, мууг нь мэдчихдэг. Чулуу чинь ширхэгтэй эд.

    -Хүний захиалгаар баримал хийж байна уу. Эсвэл өөрийн зохиомжоор бүтээл туурвиж байна уу?
    -Ихэвчлэн захиалгаар хийдэг. Түүний хажуугаар бас уран бүтээл хийнэ ээ. Ажлынхаа хажуугаар баримал хийж байгаад 15-20 болгоод хотынхоо төвд ч юм уу, Туулынхаа эрэг дээр ч юм уу үзэсгэлэн гаргая гэж боддог юм. Гэтэл бэлэн болсон бүтээлүүдийг маань хүмүүс авчихаад одоохондоо нэг л болохгүй байна.

    -Захиалгын дийлэнхийг ямар бүтээл эзэлдэг вэ?
    -Сүүлийн үед хүмүүс суварга их хийлгэж байна. Үүнээс гадна хамгийн гол нь тухайн хүний барималд хандах үнэлэмж захиалгад шууд нөлөөлж байна  л даа. Хүн юм үзэж нүд тайлаад ирэхээрээ юмыг огт өөрөөр хараад, үнэлээд эхэлдэг юм байна.

    -Нэг бүтээлийг дахиж хийхэд хэзээ ч эхнийх шигээ болдоггүй-

    -Таны уран бүтээл дунд Сонгинохайрханы савдаг байна л даа. Савдаг гэдэг бол манайхны оюун ухаанд л байдаг зүйл шүү дээ. Түүнийг урлан бүтээх хэцүү байв уу?
    -Уулын савдаг, лус зэргийг нүдэнд харагдтал биччихсэн зүйл Буддын сударт нь байдаг юм билээ. Тэр уулын савдаг бол тийм сахалтай, таягтай, үхэр, морь унасан зэргийг нь биччихсэн байдаг. Тэрийг нь харж байгаад зураг, скезийг нь гаргана. Тэгээд захиалагч нь зөвшөөрвөл хийнэ дээ.

    -Хэмжээ алдаж  байсан тохиолдол бий юу?
    -Зөндөө. Нэг бүтээл хийж байтал хөрөө багажны ир арай их ороод буруудаж байсан тохиолдол бий. Тэгээд дахиад шинээр эхэлж байсан. 1.60-тай хүний хөргийг хийж байснаа энэ буруу болчихлоо, 1.50-тай хийчихъе гэхгүй шүү дээ. Тийм учраас дахиад л хийхээс өөр аргагүй.

    -Буруу хийсэн бүтээлээ тэгээд шууд хаячих уу?
    -Жижиглээд өөр юм хийнэ.

    -Ер нь баримал тухайн эх бүтээлтэйгээ, хүнтэйгээ ижил хэмжээтэй байх ёстой байдаг гэсэн үг үү?
    -Тухайн захиалагчийн бодол л доо. Би дураараа томруулж, жижгэрүүлэх аргагүй. Баримлын бас нэг давуу тал нь нэг байсан бүтээл нэг л байна. Нэг бүтээлийг дахиж хийлээ гэхэд хэзээ ч эхнийх шигээ болдоггүй.

    -Оюутан байхдаа чулуугаар юм хийх тэмүүлэлтэй, хүсэлтэй байжээ. Тэгвэл тэрийгээ биелүүлээд ирэхээр бас өөр зүйлийг хүсч мөрөөдөж эхэлсэн байх?
    -Оюутан байхаас одоог хүртэл хүсч, бодож ирсэн нэг зүйл бий. Тэрэлжийн уулсыг ажиглаад байхад их өвөрмөц, сонин содон, гайхалтай сэдлийг төрүүлдэг. Ирээдүйд яг л тэр уулсыг цогцоор нь бүтээл болгочихсон, тэрийг монгол төдийгүй дэлхийн хүмүүс зорьж ирж үздэг, нэг үгээр хэлбэл, Байгаль арт галерей ч гэх юм уу тийм зүйлийг л хийхийг мөрөөддөг дөө. Энэхүү ажилтай маань төстэй ажлыг бурханч лам Г.Пүрэвбат эхлүүлсэн гэж ойлгож болно. “Аглаг бүтээлийн хийд”-ийг анх зураг төслийг нь гаргахаас эхлээд би гар бие оролцсон. Анх сүмийн суурийг тавих гээд ухаж байхад том том чулуу гарч, үүнийг холдуулмаар байна гэж хандаж байсан. Бид очоод тэр том чулууг ашиглаад өөр зүйл болгоё гэх санал тавьсан. Тэр үед Г.Пүрэвбат лам ч гэсэн “Зүүдэнд ингэж чулуу гарч ирнэ гэж” орж ирж байсан. Тиймээс үүнийг холдуулалгүй бүтээл болгоё гэж ярилцаад сэнтий болгож байлаа. Дараа нь үүдэнд нь байгаа найман арсланг мөн л тэндээс гарсан чулуугаар хийсэн. Тэгээд ер нь энд тэндээс нь чулуу гарч ирвэл л бүтээл болгож байсан даа.

    -Та бүтээлээсээ хамгийн өвөрмөцийг нь нэрлээч?
    -Уран бүтээлч хүн хийсэн бүтээл болгондоо хайртай байдаг юм. Үнэхээр тэндээс нэрлэ гэвэл сүүлд хийсэн тэмүүлж буй азаргаа хэлье. Үүнийг би их бодож байж хийсэн. Тийм хэмжээний азарганы баримал Монголд төдийгүй дэлхийд байхгүй болов уу.

    -Ер нь монголчууд адууны баримал, тэр дундаа ахуйн соёлтойгоо холбоотой бүтээл их туурвидаг юм шиг ээ…?

    -Би уяач өвөг дээдэстэй, уяач айлын хүүхэд. Бага байхаасаа л хурдан морь унаж, найр наадамд уралддаг байлаа. Тиймдээ ч адуунд их дуртай, хайртай… Цэцэрлэгт байхдаа дан морины зураг зурж, үзэсгэлэн гаргаж байсан. Дөрөвдүгээр ангидаа бас бие даасан үзэсгэлэн гаргаж байсан. Монголд байгаа адууны баримлууд болхи, гүйцэтгэл муутай, нэг л дутмаг санагддаг. Социализын үеийн өвгөн мастеруудын маань хийсэн бүтээлүүд л байдгаас сүүлийн үеийн сайн баримал гэж байхгүй болсон юм шиг санагддаг. Тэгээд л тэр азаргаа хийсэн. Зохиомжийг нь гаргахдаа усан давалгаан дундаас, бугуйлаа чирэн цойлж  гарч ирж байгаагаар гаргасан.  Энэ нь хүн аливаа салбарт ажиллахдаа алтан дундаж биш, цойлж, тэргүүлж байх ёстой шүү гэх утгыг илэрхийлсэн. Би яг ингэж боддог хүн л дээ. Аливаа ажлыг бусдаас илүү, тэргүүлж хийж чадахгүй бол ажиллаад хэрэггүй гэж… Модон тавилга хийхдээ хүртэл дэлгүүр бүрт байгаа шиг биш, арай өөр хийх ёстой гэх санаа. Тэрийг л хүмүүст ойлгуулах гэж баримлаа хийж байлаа.

    -Тэр азарга одоо хаана байна?
    -“Ажнай”  корпорацийн Ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ авсан. Нүхтийн аманд байршуулах байх. Нүхтийн аманд том цогцолбор байгуулж байгаа юм билээ.

    -Уран бүтээлч хүний хувьд ур ухаанаа гаргаж хийсэн бүтээлийг тань нэг уулын мухарт аваачаад тавьчихаар харамсалтай байдаг болов уу?
    -Миний хувьд хотын төвд ч юм уу, эсвэл байнгын хүн явж, хөлхөлдөж байдаг гудамжинд бүтээлээ тавих юмсан л гэж боддог. Гэхдээ манай монголчууд чинь юмыг өмчлөх дуртай ш дээ. Худалдаад авчихсан юм чинь би энийг дуртай газраа тавина гэдэг… Тэгээд л нэг уулын дээр, амралтын газартаа аваачаад тавьчихдаг.

    -Чулуугаар юм хийдэг хүмүүсийн уушиг нь мууддаг гэж ярьдаг юм билээ?
    -Аливаа юмны тоос шороо гэдэг муу нь муу л байх. Гэхдээ миний хувьд боржин чулуугаар юм хийдэг болоод ч тэр үү жаахан өмөөрмөөр санагдаад байдаг юм. Хүмүүсийн яриад байдаг шиг уушгинд нөлөөлөөд өвчлүүлээд байгаа юм алга л байна. Мэдэхгүй, сураглахгүйдээ биш, би хүмүүсээс асуугаад л байдаг юм. Ийм чулуутай ажилладаг хүмүүс 5-6 жил болоод шинжилгээнд ордог. Тэгэхэд бүхэл бүтэн 15 жил Авдрантын хориход ял эдэлж, боржин чулуугаар баримал хийж  байсан хүний уушги эрүүл гарсан. Хориход бол маск гэх мэт хөдөлмөр хамгааллын зүйлс байхгүй ш дээ. Америкт л гэхэд боржин чулууг маш их дээдэлдэг. Айлууд нь чадвал цонхныхоо тавцанг, бүр чадахгүй бол унтлагынхаа өрөөний орны хажуудах шкаф дээр ч юм уу нэг жижиг боржин чулуун сувинер тавьдаг. Энэ чулуу их энерги өөртөө татаж, хүнийг сайхан амраадаг гэдэг. Үүнээс гадна Занабазарын Төвхөн хийд, Өмнөговийн Дэмчигийн хийд гэх мэт бол цул боржин тогтоц шүү дээ. Тийм газруудад бурхад, номын мэргэд шавилан сууж, гэгээрсэн байдаг. Дундговийн Чойрын хийд ч цул боржин шүү дээ.

    -Таны бүтээлд хүүхэдтэй холбоотой хөшөө хэр их вэ?
    -Нэлээд бий. Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Төрөх эмнэлгийн үүдэнд, Сүхбаатар аймагт хэд хэд байна. Хэнтий аймгаас Тэмүүжингийн бага насыг хийж өгөөчээ гэх захиалга орж ирсэн. Хийж байгаа. Хүүхдийн баримал хийхэд  гэгээлэг их сайхан мэдрэмж төрдөг.

    -Та хөөрөг хийдэг үү?
    -Хөөрөг хийж болно л доо. Гэхдээ одоо уран бүтээл тал руугаа дагнан хийж байгаа. Одоо цагт хүн бүрийн хийж байгааг хийгээд баймааргүй байна.

    -Та бүтээлээ хаана хийж байна. Орон нутгаас захиалга ирлээ гэхэд очиж хийх үү?
    -Ихэнхдээ хотод хийчихээд орон нутаг руу тээвэрлэдэг. Зарим газар нутгийнхаа чулуугаар бүтээл хийлгэе гэвэл очоод хийчихдэг. Тийм тохиолдол маш цөөхөн.

    -Зарим газарт хайран зүйлээр арай л дэндүү муухай зүйл хийчихсэн тааралддаг. Мэргэжлийн хүн тийм зүйлийг бүр хянамгай харна биз?
    -Тийм зүйл тааралдана. Цаадах захиалагч тал нь яаж хүлээж авсан юм бол гэмээр, өмнөөс нь санаа зовмоор зүйлтэй таарч л байлаа. Энэ бол хаана, хаанаа л байх ёстой хариуцлага. Ийм байдал одоо байгууллага болгонд харагдаж байна. Одоо бол яахав нэг нь хийсэн, нөгөөх нь хийлгэсэн нэртэй. Харин дараа нь хойч үе минь хараад шоолно ш дээ. Тэрнээс л  ичих хэрэгтэй. Ер нь дэлхий нийт аливаа улс орныг хөшөө дурсгал, хийсэн бүтээснээр нь үнэлдэг. Гэтэл манайд ирсэн чинь хүүхдээр хийлгэсэн юм шиг хөшөөнүүд байвал муухай биз дээ.

    -Дотооддоо төдийгүй дэлхийд чанартай гэж харж байсан уран бүтээл байна уу?
    -Жанрайсаг, Цонжинболдогийн Чингисийн морьт хөшөөнөөс эхлээд сайхан, сайхан бүтээл байна. Дэлхийд бол Ромын тэр барилга байгууламж, хөшөө дурсгал үнэхээр гайхалтай.

    -Монголдоо хамгийн томд тооцогдох “Ногоон дарь эх”-ийн хөшөөг босгосон-

    -Төрийн ордны өмнө байрлах Чингисийн хөшөөг толгой жижигтэй гэж шүүмжилдэг?
    -Хажуунаас нь харахад порпорц нь зөв байдаг. Уг баримлыг хийж байгаа хүн нь өөрөө тооцоолох хэрэгтэй л дээ. Жанрайсаг бурханы хувьд доороос нь харахад зөв харагддаг. Гэтэл яг хажуунаас нь харахад маш том толгойтой. Яг тэрэн шиг алслал зэргийг бодох хэрэгтэй. Чингисийн хувьд сууж байдаг, хүмүүс яг өмнөөс нь хардаг. Тэгэхээр толгой нь жижигхэн харагдах нь ойлгомжтой.

    -Хотын төвд таны бүтээлээс тавигдсан байна уу?
    -“Саруул” төвийн хашаанд, “Өнөр хотхон”-ы үүдэн дэх хос заан байна.

    -Хүмүүс хөшөөн дээр элдэв юм их бичдэг. Танд ямар санагддаг вэ?
    -Тэр зохимжгүй. Гэхдээ 10 жилийн дараа гэхэд засарчих байх. Хаа газар байж байгаад аяндаа алга болчихдог юм билээ.

    -Та Өүлэн эхийн цогцолбор хөшөөг хийсэн. Энэ талаараа яриач?
    -Өүлэн эхийн цогцолбор хөшөө бол Монголд байгаа чулуун баримлын хамгийн том бүтээл. Суурьтайгаа нийлээд 13.6 метрийн өндөртэй, цул чулуун баримал. Наахан талд нь алдартай хатдын хөшөө бий. Цогцолборын хаалгыг цул чулуугаар хийсэн. Өндөр нь 7 метр, урт нь 14.5 см. Монголдоо хамгийн томд тооцогдох хаалга. Цогцолборыг 20 гаруй хүн хоёр гаруй жилийн хугацаанд бүтээсэн. Эх загварыг нь би гаргаад бусдыг нь ажилчидтайгаа хамтарч хийсэн.

    -Энэхүү хөшөөнөөс өөр цогцолбор бүтээлүүдээ нэрлээч гэвэл?
    -Өөрийн “Боржин чулуу” ХХК-аа байгуулахаасаа өмнө “Үүдэн чулуу” компанитай зургаан жилийн турш хамтарч ажиллаж байсан. Тэнд байхдаа Сүхбаатар аймагт цогцоор нь баримал хийсэн. Хөвсгөл аймагт Ширэндэв гуайн талбайг мөн цогцоор нь хийсэн.  

    -Өнгөрсөн зун “Ногоон дарь эх”-ийн хөшөөг бүтээсэн?
    -Боржин чулуугаар хийгдсэн хамгийн анхны, хамгийн том “Ногоон дарь эх” гэж ойлгож болно. Суурьтайгаа нийлээд 6 метр өндөр. Үүнийг хийхдээ хүнээс хандив, мөнгө цуглуулаагүй. Өөрсдийн хөрөнгөөр, хүч хөдөлмөрөөрөө дэлхий нийт, Монголынхоо нийт сайхан ээж, эмэгтэйчүүдэд зориулж бүтээсэн. Анх хөшөөг бүтээх санаа төрсөн түүхээ яривал, аав маань эхээс гурвуулаа. Хамгийн том ах нь Хаянхярваа гэж уран дархан хүн байсан. Тэр хүн Дундговь аймгаас Сүхбаатар аймагт цэрэгт татагдаж ирээд, тэндээ суурьшиж гэр бүлтэй болсон юм билээ. Тэр хүн их залуудаа бурхан болсон. Тэр ахын маань эхнэр биднийг их эрхлүүлнэ. Миний ухаан орсон цагаас хойш эмээ гэж өссөн хүн маань тэр хүн л дээ. Тэр хөгшин маань бурхан болоод 10 жил болж байна. Уран дархан байсан ахдаа, эмээдээ зориулж энэхүү бүтээлийг хийсэн гэж ойлгож болно. Одоо хүмүүс маш их очдог болсон гэсэн.

    -Хаана байдаг билээ?
    -Сүхбаатар аймгийн Төрөх эмнэлгийн үүдэнд. Төрөх гэж байгаа, хүүхдээ төрүүлээд гарч байгаа ээжүүд мөргөж, шүтдэг гол шүтээн болсон.

    -Хүмүүсээс өвөрмөц сонин захиалга хэр их ирдэг вэ?
    -“Бэлэг эрхтэн хийлгэе” гэж орж ирж байсан. Тухайн үед надад их сонин л санагдсан. Тийм захиалга өгсөн хүн яагаад ийм зүйл хийлгэх болсон сэдлээ ярьж өгсөн л дөө. Өвөрхангай аймгийн Эрдэнэзуу хийдийн урдхан талд хугарчихсан жижиг бэлэг эрхтэний хөшөө байдаг юм. Тэр хөшөөний хавиар мань эр хэдэн Япон дагуулаад явж л дээ. Өөрөө Японд байсан, тэнд аялал жуулчлалын чиглэлээр ажил эрхэлдэг. Тэр шугамаараа хэдэн Японд Монголоо сурталчилж яваад тэр хөшөөтэй таарсан гэж байгаа. Японд 3 м өндөр бэлэг эрхтэний хөшөө байдаг иргэдэд нь хүүхэд гуйж, мөргөж сүсэглэдэг юм байна.

    Тэгсэн нөгөө Япончууд манай тэр хөшөөг харчихаад “Өө монголчуудынх ийм жаахан юм байхдаа”, “Энийгээ янзалчихаж чаддаггүй юм байхдаа” гэх зэргээр хоорондоо ярилцсан гэж байгаа юм. Тэгэнгүүт мань эр шаралхаад Японд чинь 3 метр байдаг бол Монголдоо би 3.5 метрийг хийлгэнэ ээ гэж омогшоод  над дээр орж ирсэн. Би ч хийж өгсөн. Хийлгээд нөгөө хугархайныхаа оронд байрлуулаад, байрлуулсан жил нь Өвөрхангайд маш их цас ороод ард иргэд нь “Энэ ёстой буруу юм ирлээ” гээд эзнийг нь буцааж ав гэж. Тэгээд нөгөө залуу Төв аймагт байх өөрийн амралтын газартаа байрлуулсан гэсэн.

    -Энэ хөшөөний мөнгө улсын төсвөөс гарсан гэх мэт яриа гарч байсан санагдаж байна?
    -Энэ хөшөөг хоёр найз хийлгэсэн юм. Нэг найз нь төрийн байгууллагад ажилладаг байж таараад тэгээд тиймэрхүү яриа гарч байсан. Мөнгө яг хаанаас гарсныг бол би мэдэхгүй. Манайхан ч тэгээд их хардамтгай шүү дээ.

    -Томоохон хөшөө дурсгалын зүйлийг жижгэрүүлж хийлгээд, өөрийн ширээн дээр тавих сонирхолтой хүмүүс байх уу?
    -Одоо хүмүүс өөрсдийнхөө жилийг хийлгэдэг болсон байна лээ. Ихэвчлэн тэргүүлэх зиндааны нөхдүүд хаш чулуу зэрэг үнэт чулуугаар тамганыхаа дээд талын дүрсийг өөрийнхөө жилээр хийлгэх сонирхол ч их болсон.

    -Боржинг өөр чулуутай хольж хөшөө хийж байсан уу?
    -Болох нь болно. Жижиг хэмжээний зүйлд жижиг металл оруулж байгаа. Зарим үед өнгийн чулуунуудтай хольж байна. Яваандаа том бүтээлүүдийг хольж бүтээх санаа байгаа.

    -Бүтээлүүд дотор чинь тооно туших уяагаар хөшөө хийсэн харагдсан…?
    -Ер нь урлагийн бүхий л нарийн нандин зүйлс Монголд байгаа мэт санагддаг юм. Зөвхөн уяаг л бодоод байхад олон төрлийн янз бүр атлаа, бүгд утга учиртай, хурдан тайлагддаг ч гэх юм уу сонин шүү дээ. Чөдөр, тушааны зангилааг л хараад байхад гурван хөл рүү явуулсан тэр зангилаа сонин. Хүчээр бус ивээр явуулчихсан. Уран зангилаа гэдэг бол тэр чигээрээ урлаг. Тиймээс тэрийг яагаад чулуугаар хийж болдоггүй юм гэж бодсон. Орчин үеийн хүмүүс ч энэ уяа, зангилаагаа мартчихаж байна. Тиймээс сануулах, биет болгож өвлүүлж үлдээх зорилгоор цувралаар хийж байгаа. Хүмүүс их сонирхдог. Гэхдээ зараагүй.

    Энэ зангилаануудыг хийхдээ зүгээр нэг хийчихээгүй. Эмэгтэй хүний донж оруулж хийсэн. Өндөр нь 3-4 метрийн хооронд 5-6 бүтээл хийгээд хотынхоо гудамжинд, тодорхой тайлбартай, явган хүнийх нь зам сүлжсэн юм шиг, хажууд нь байх сандал нь хүртэл монгол төрх, зангилааг илэрхийлсэн бүтээл болгоод тавимаар санагддаг юм.

    -Чулуун хөшөөнүүдийг нийлүүлээд үзэсгэлэн гаргаж мэдээж болохгүй. Тэгвэл өөрийн хийсэн тэрхүү бүтээлүүдийнхээ жижгэрүүлсэн хувилбараар, скез зургаар ч юм уу үзэсгэлэн гаргах бодол байна уу?
    -Хамгийн эхний том зорилго тэр байна. Байгалийн юмыг байгальд нь бүтээгээд үзэсгэлэн гаргах. Тэр үед улсаас зөвшөөрөл өгөх байлгүй дээ. Туул голын бургастай, сайртай нэг тохой дээр, гүехэн устай хэсэгт нь зарим бүтээлээ тавиад заримыг нь бургасан дунд байрлуулаад л олон хүн түүнийг сонирхон үзэх хэмжээний үзэсгэлэн гаргахыг хүсдэг. Зориуд нэг завь гаргаад завиар явж үзэсгэлэнгээ үзвэл сайхан гэж мөрөөддөг.

    -Талд давхиж яваа цагаан зээрийн хөшөө хаана байдаг юм бэ?
    -Сүхбаатар аймагт байдаг. Тус аймгийн хувьд цагаан зээр нэг брэнд нь гэж хэлж болно. Сүүлийн үед нутгийн иргэд зээрээ маш ихээр агнаж, устгаж эхэлсэн байгаа юм. Тэрийг нь болиулах үүднээс аймгийн Засаг дарга нь ийм цогцолбор байгуулах гэсэн юм аа хийгээд өгөөч ээ гэх хүсэлтийг гаргасан.

    -Туулынхаа эрэг дээр томоохон чулуун баримлын үзэсгэлэн гаргахыг мөрөөддөг – 

    -Хөшөө ихтэй газар хөгжил багатай гэж ярьдаг юм билээ. Үүнтэй та санал нийлэх үү?
    -Худлаа. Манай ард иргэдийн соёлтой л холбоотой ийм яриа гарч байгаа юм. Гадны улсуудад явж байхад онгоцны гарах хаалганаас эхлээд хаа явсан газар гоё, гоё хөшөө байдаг. Тэндээс харахад хөшөө харин ч их байх ёстой. Гэхдээ чанартай. Урам зориг авч, сэтгэлгээ өөрчлөгдмөөр байх ёстой.

    -Аливаа зүйлийг яг ижилхэн хийх онцгүй байдаг гэдэг. Жишээлбэл, морин хуур шиг барилга барина гэдэг утгагүй гэх архитектурын яриаг сонсож байсан?
    -Манай монголчууд аливаа зүйлийг яг л байгаагаар нь хийлгэх бодолтой байдаг. Тэр хүмүүстэй зөрье гэхээр бид бас чадахгүй байна. Учир нь бид л мөнгө төлж байгаа юм чинь яг тэрүүгээрээ хийлгэнэ гэдэг. Бидний хувьд болохоор арай өвөрмөц өөр санаа оруулчихмаар байдаг. Гэтэл нөгөө захиалагч үгүй ээ тийм юм байхгүй гээд зүтгэчихдэг.

    -Тэгвэл яг тэр хөшөөг дуурайлгаад хийгээд өгөөч ээ гэх хүсэлт ирж байв уу?
    -Нэг ирсэн шүү. Дундговь аймгийн Чүлтэм аваргын хөшөөг хийгээд байрлуулсны дараа жил Завхан аймгийн Тосонцэнгэл сумын хэсэг нөхөд яг өнөө Чүлтэм аваргын хөшөөний зургийг барьчихсан намайг хайж ирсэн.  Ирээд огт өөр хүнийг яг тэр зураг шигээ хийлгэе гэсэн. Уран бүтээлч хүний хувьд нэг хийсэн бүтээлээ дахиж хийнэ гэдэг хэзээ ч өмнөх шигээ болдоггүй. Тэгээд өөр хүнийг огт өөр хүнтэй ижилхэн хийлгэе гээд байх чинь утгагүй биз дээ. Миний бие дээр чиний толгойг залгая гэж байгаатай л ижил зүйл шүү дээ. Тэгээд би хийхгүй гээд явуулчихсан. Тэгсэн надтай хамт ажиллаж байсан нэг хүнээр яг яриад байснаараа хийлгэсэн байсан. Дуурайхдаа илүү гаргаж дуурайхгүй бүр хачин болгочихсон. Одоо нэг тийм сонин юм байдаг л юм билээ.

    -Ингээд ярихаар зохиогчийн эрх гэж их чухал байгаа юм. Хөшөө дурсгалдаа зохиогчийн эрх авч байна уу?
    -Нэг их зохиогчийн эрх гээд хөөцөлдөөд байдаггүй. Хуучин мод, хүрэл цутгуур зэргээр юм хийхдээ зохиогчийн эрх гэж авч байсан. Гадаадад хэдэн жил ажиллаад явж байхад Монголд хийж байсан бүтээлийг маань нэг хүн өөрийнхөө нэр дээр хувилаад зарж байсан тохиолдол гарч байсан учраас авч байсан. Энэ мэтийн том зүйл дээр бол зохиогчийн эрх авч байгаагүй ээ.

    -Гадаадаас хэр захиалга авч байна?
    -Орос руу гурван баатрын цээж баримал хийж явуулсан. Оросоос Өүлэн эх болоод таван хөвгүүнийх нь баримлыг хийгээд өгөөч гэх санал ирсэн. Загвар дээр нь ажиллаж байна. Өүлэн эхийн төрсөн газар Буриадад байдаг юм байна. Хятадаас мөн захиалга ирж байна. Нэг том сүм хийд барих гэж байгаа юм байх. Тэгээд надад хандсан. Энэ мэтээр ирж л байна.

    -Ярилцсанд баярлалаа.

  • Бадамсүрэнгийн БАЯРСАЙХАН- Морин хуурын мастер урлаач

    Мэргэжлийн морин хуур урлаач, мастер, PEGASUS брэндийг үүсгэн байгуулагч, “Bayar & Brothers” ХХК-ий захирал.

    1992 онд “Авьяас цогцолбор” нэртэй Нийслэлийн 93-р сургуульд суралцаж байхдаа Монголын нэрт хөгжмийн мастер  н.Жүгдэр багшийн шавь болж морин хуур урлалд суралцах гараагаа эхлэсэн. 1993 оноос Улсын Үндэсний Хөгжмийн үйлдвэрт Б.Энхболд мастерийн дагалдангаар орж ажилласан. 2002-2004 онд Их Британийн Дурхам хотод алдарт хийлийн мастер Таркюнь Болтоны удирдлаган дор хийл урлал, альто хийл урлалын чиглэлээр сертификат хамгаалсан.

    “2003 онд “Bayar & Brothers” ХХК, 2010 онд Мэргэжлийн Морин Хуур Урлаачдын Холбоо (ММХУХ) зэргийг байгуулан өөрийн урлангийн бүтээлүүдээрээ 2001 онд БНУАУ-д “Олон Улсын Урлаачдын Их Наадам”, 2001 онд Хөх хотод болсон “1000 Морин Хуурчдын Наадам, 2002 онд “Мэргэжлийн Морин Хуур Урлаачдын Уралдаан”-ы дэд байр, 2001, 2002 онд Японд “Made in Mongolia” үзэсгэлэн худалдаа, 2002 он Лондонд “Made in Mongolia” үзэсгэлэн, 2005 он Японд 132 орон оролцсон “Aichi- Expo 2005” үзэсгэлэн яармагт тус тус оролцож 2002 онд ардын урлагийн “Этүгэн” хамтлагийг байгуулан 2001 онд БНХАУ, 2003, 2005, 2006, 2007, 2008 онуудад Япон, 2004 онд АНУ, 2008 онд АНУ-д “ hicago, Lotus World Music” фестивальд Монголоо төлөөлөн оролцож байсан. 

    2009 онд “Төгөлдөр” хийл, морин хуурын сургалт, 2010 онд “PEGASUS” үндэсний амьд хөгжмийн студийг байгуулан урлагийн тоглолт үзүүлбэрүүдээр тогтмол үйлчилгээ үзүүлж байна. Мөн түүний урласан морин хуур АНУ-ын Нью-Йорк дахь дэлхийн хамгийн олон жилийн түүхтэй “SHUBERT CLUB” хөгжмийн түүхийн музейд, 2010 онд АНУ-ын Аризона мужийн Феникс дэх дэлхийн хамгийн том хөгжмийн зэмсгийн музей “MIM-The World’s First Global Musical Instrument Museum”-д тавигдаж дэлхийн улс үндэстний мэлмийн өмнө таашаагдаж байна.

    Ярилцлага унших 

    Нүүр