Category: professional-advisors

  • ДАРМЫН БАТБАЯР

    /1940-2020/

    Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч Дармын Батбаяр 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр орчлонт ертөнцийн жам ёсоор ертөнцийн мөнх бусыг үзүүлж, Монголын урлаг соёл, утга зохиолд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. Тэрбээр бүхий л ухамсарт амьдралаа ард түмнийхээ соёл гэгээрлийн төлөө зориулсан бичгийн их билгүүн суутан байсан юм. Монгол хэлт сонгодог уран зохиолын их өв санд хүүрнэл зохиол, яруу найраг, жүжиг, киноны зохиол, уран зохиол судлалын олон гайхамшигт бүтээл бичиж үлдээсэн ХХ-ХХI зууны Монголын орчин үеийн уран зохиолын туурвил зүйн сэтгэлгээний шинэчлэгч, уран сайхны үнэлэмжийн шинэ хэм хэмжээг тогтоогч байлаа. Тэрбээр өөрийн уран бүтээл, үйл хэргээрээ Монголын уран зохиолын бүхэл бүтэн 3 үеийг хүмүүжүүлэгч, үлгэрлэн дагуулагч, нэрт сурган хүмүүжүүлэгч багш байсан юм.

    Боржигон-Од овогт Дармын Батбаяр нь 1940 оны луу жил Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутагт “Их Номгоны үзүүр” хэмээх газар төржээ. Сурвалжит гэр бүлээс гаралтай тэрбээр бага наснаасаа эрдэм номонд шамдан суралцаж, уран зохиолд шимтэн дурлаж, авьяас билгээ хөгжүүлж иржээ. Тэрбээр бага дунд сургууль, Москва хотод Геологийн дээд сургууль, МУИС-ийн геологийн анги, 1977-1979 онд М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн дээд курс төгссөн ашигт малтмалын инженер, мэргэжлийн зохиолч байсан юм.

    Ажил хөдөлмөрийн гараагаа хайгуулын хээрийн ангид геологичоор эхэлж, 1970 онд Монгол Телевизид редактор, 1974 оноос Соёлын яаманд Жүжиг, киноны хэлтэст мэргэжилтэн, 1979 оноос МЗЭ-ийн “Утга зохиол, урлаг” сонины утга зохиолын ажилтан, 1980 оноос “Цог” сэтгүүлийн нарийн бичгийн дарга, 1986-1990 онд Соёлын яамны Мэргэжлийн зохиолч, жүжиг, киноны хэлтсийн дарга, 1990 оноос “Ил товчоо” сонины ажилтан, 1995 оноос Монгол мэдлэгийн дээд сургууль, 1998 оноос кино урлагийн “Бэрс” дээд сургуулийн багш, 2000 оноос ”Их Монгол” дээд сургуулийн тэнхмийн эрхлэгч, багш, 2016 оноос “Шинэ Монгол” сургуулийн зөвлөх багшаар ажиллаж байлаа.

    Д.Батбаяр сүүлийн хорь гаруй жил багшилж, уран зохиолын олон авьяастанг төрөн гаргаж, эрдэм судлалын бүтээл хийж, олон тооны илтгэл, хэлэлцүүлэг зохиож, улмаар профессор цол хүртсэн байна.

    Д.Батбаяр 1960 аад оны эхэн үеэс уран бүтээлээ эхэлж, 1965 онд “Гар”/хамтын/ нэртэй түүвэр нь хэвлэгдсэн бол түүнээс хойш “Жаргалын найман морь”, “Аниргүй эрвээхэй”, “Тэнгэрийн царай”, “Айсуй баярын зөн”, “Саахалтын нууранд ангир дуугарна”, ”Амрагийн тэнгэр”, “Чамд аз жаргал хүсье”, “Давалгаа бас дахин давалгаа”, “Навчисын хүүрнэл” зэрэг олон бүтээл хэвлүүлсэн нь орчин цагийн Монголын соёлын амьдралын содон үзэгдэл болжээ. Түүнээс гадна “Цахилж яваа гөрөөс”, “Мемонтог бүтээхүй”, “Ийнгаа миний хээр тал”, “Мөнхөөр савласан мөнх бус” зэрэг хүүрнэл зохиолын томоохон бүтээлүүд бичиж, “Шувуу бүхэн жаргалтай”, “Хайрыг хайрла” жүжгийн түүвэр, “Ирэх өдрүүдийн нар сар” яруу найргийн ном хэвлүүлжээ. Түүний сүүлийн үед бичсэн ”Бүтээхүйн зүй тогтол, сайханыг бүтээх нууц”, “Сайханыг бүтээхүйн нууц” зэрэг уран сайхны сэтгэлгээ, туурвилзүйн чиглэлийн бүтээлүүд нь олон уншигчдын бахдал талархлыг хүлээсэн юм.

    Зохиол бүтээлүүд нь Орос, Болгар, Япон, Хятад, Англи, Вьетнам, Латви зэрэг дэлхийн 10 орчим улсын хэлээр орчуулагдаж, монголын уран зохиолыг дэлхийд сурталчлахад ихээхэн хувь нэмэр оруулсан билээ. ХХ зууны монголын уран зохиолын сонгодог бүтээлийн нэг ” Цахилж яваа гөрөөс” туужаар бүтээсэн кино нь 1995 онд Азийн шилдэг киногоор шалгарч, Япон Улсын Токио хотод зохиогдсон кино наадамд амжилттай оролцож, 1996 онд Энэтхэгийн Дели хотод болсон Азийн шилдэг киноны наадамд шалгарсан байна. “Мартагдсан аялгуу” жүжиг нь 1987 онд Вьетнам хэлээр орчуулагдаж Ханой хотын Олон Улсын Их Театрын тайзнаа тоглогджээ. “Хөхэлдэй хүүгийн үлгэр” жүжиг нь 1990 онд ОХУ-ын Москва хотын хэд хэдэн театрт тоглогдож, Олон Улсын Театрын наадамд оролцож байжээ. Тэрбээр хүлээн зөвшөөрөгдсөн үндэстний хэмжээний сонгодог зохиолч төдийгүй Жан Батист Мольер, Морис Метерлинк, Жан Поль Сартр, Кобэ Абэ зэрэг дэлхийд алдартай зохиолчдын олон бүтээлийг эх хэлнээ орчуулжээ.

    Тэрбээр 1988 онд “Хайрыг хайрла”, “Мартагдсан аялгуу” жүжгийн зохиол бичсэн учир МЗЭ-ийн шагнал, 1998 онд “Цахилж яваа гөрөөс” тууж бичсэний учир Монгол Улсын Төрийн шагнал, 2008 онд шилдэг жүжгийн зохиолууд бичиж, орчин цагийн театрын урлагт үнэтэй хувь нэмэр оруулсны учир Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор тус тус шагнуулсан юм.

    Нэрт зохиолч, багш Дармын Батбаяр нь уран зохиолын бүхий л төрлөөр жигд туурвиж, Монгол хэл соёл, язгуур өв уламжлалыг хадгалах, түгээн дэлгэрүүлэхэд өөрийн уран бүтээлээрээ жинтэй хувь нэмэр оруулжээ. Монголчуудын оюун санааны амьдралд цогцлуулсан түүний бүтээлүүд цаг цагт улам гэрэлтэж, цаглашгүй цаг хугацааг туулах нь дамжиггүй. Үнэнч шударга чигч зан чанар, сурч мэдэхийн төлөөх насан туршийн тэмцэл, хүнийг хайрлах, хүний төлөөх чин сэтгэл бидний оюун ухаан, зүрх сэтгэлд өнө мөнхөд үлдэх болно.

    Пүрэвхүүгийн Батхуяг 
    https://www.facebook.com/purevkhuu.bathuyag

  • Гомбосүрэнгийн БАЯРБИЛЭГ- Чулууны дархан

    Шарайд Гомбосүрэнгийн Баярбилэг

    Үнэт чулууны дархан, “Монгол чулуу урлал” дугуйланг үүсгэн байгуулагч.

    Монголын үнэт чулууг дэлхийд чулуу болгож, чулууны өв соёл урлал, шавь сургалтыг өндөр түвшинд хөгжүүлэхээр ажиллаж байна.

    1973 онд Хэнтий аймгийн Батширээт суманд төрж өссөн. 1981- 1991 онд Хэнтий аймгийн Биндэр сумын сургуулийг дүүргэж бүрэн дунд боловсрол эзэмшсэн.

    12 наснаас эхлэн зуныхаа амралтаар Батширээт сумын Модны үйлдвэрийн мод үржүүлгийн цехэд ажиллаж үрсэлгээчин, услагч, суулгац таригч зэрэг ажлуудыг хийж эхлэсэн. Энэ үеэс экологи хүмүүнлэгийн чиглэлийн байгальтай ойрхон ажлуудыг хийсэн ба залуу байгальч бүлгэмийн идэвхитэн гишүүн байлаа.

    1990 онд Модны үйлдвэр гэж байхад байгалийг нөхөн сэргээх, байгальтай зөв харьцах талаар хэсэг нөхдийн хамт хоршоо байгуулж хүүхэд залууст байгаль орчноо хайрлан хамгаалах зөв харьцах талаар ухуулах хуудас, гарын авлага тараах зэрэг ажлыг хүүхэд байхдаа санаачлан зохион байгуулж байв.

    2000- 2005 онд хувиараа барималчин Д.Доржсүрэнгээр багшлуулан чулуун арслан хийж байгууллагуудад борлуулж байгаад 2005- 2009 онд АНУ-ын Вашингтон Диси, Сиатл зэрэг хотод чулуугаар хийх ажлыг мэргэжлийн хүнээр удирдуулан заалгаж тасралтгүй ажиллаж эхлэсэн. Энэ цагаас чулуу урлалын эрдэмд шамдан суралцаж Монголын уламжлалт ухааныг өвлөж өөрийнхөөрөө баяжуулан хөгжүүлж байгаа билээ.

    2009 оноос хойш Монгол орон даяар болон Европ, дундад азийн орнуудаар аялаж, үнэт чулууны судалгаа, чулуу урлалыг Монголдоо хөгжүүлэх, чулуу урлаачдыг сургаж бэлтгэх чиглэлээр ажиллаж байна.

    https://www.facebook.com/ChuluuUrlal/

  • Шархүүгийн ХИШИГСҮРЭН- Сэтгүүлч, соён гэгээрүүлэгч

    1976 оны гал луу жил төрсөн.

    Сэтгүүлч, Соён гэгээрүүлэгч ТВ-ийн захирал. Шинжлэх ухаан, өв соёл, танин мэдэхүйн телевиз, цуврал номуудаараа олон нийтийг соён гэгээрүүлэх их үйлсийг түүчээлэгч. “Бага хуралдай” эрдмийн чуулган нэвтрүүлэг болон цуврал номын зохиогч.

    “Соён гэгээрүүлэгч” телевизээрээ Монголын сор болсон олон олон эрдэмтэн, мэргэд, соён гэрээрүүлэгчдийг нэгтгэж, тэдний мэдлэг, туршлагыг ард түмэнд хүргэх их үйлсийн гол зангилаан дээр ажиллаж буй цогцтой нийгмийн зүтгэлтэн.

    Газар дээрхи хүмүүс нь ямар нийгэм бүтээн тоглож байх нь хамаагүй, дайн дажингүй, 4 улиралтай, энэ сайхан оронд төрсөн нь бурхны арын хаалга билээ. Харин ингэж арын хаалгадаж байхад “чацга царайлбал” миний, бидний хохь болох биз . Тиймээс л би ард түмнийхээ оюун санааг гэгээрүүлэх чин зоригт хөтлөгдөж, их үйлсийнхээ замаар эргэлт буцалтгүй урагшилж явна.

    Ард түмнийг соён гэгээрүүлэх үйлсийн тэргүүн шугаманд явдаг эрдэмтэн мэргэд, төр нийгмийн зүтгэлтнүүд, хамтран зүтгэгчид, нас хүйс, нам эвсэл гэсэн жижиг зүйлсийг үл тоомсорлон нэгдэж ажилладаг оюуны энергийн төвийнхөн: Нобелийн шагналт Боб Диланы дуунаас эхлээд олон сайхан уран бүтээл орчуулж өгсөн, “Сохрын орон” зэрэг шинэ номын нээлтүүдээрээ бэлэг барьдаг, бас сонирхолтой, даацтай лекцүүдийг нь манай үзэгчид дахин давтаж гаргуулдаг Монгол улсын 3 дахь ерөнхийлөгч Н.Энхбаяр, Мэргэдийн зөвлөлийн гишүүн ШУГЗ, доктор, профессор генетикч Ж.Батсуурь, зөвлөлийн хамгийн залуу гишүүн, профессор Д.Гүн-Үйлс, Уран сайхны удирдагч, Ардын жүжигчин Д.Ухнаа, Үзэгчдийн тэнхмийн дарга МУГБ, доктор, профессор Д.Баяндалай, мөн тэнхмийн дарга, супер нэгдлийн онолыг үндэслэгч Ч.Эрдэнэ, манай телевизийн шинжлэх ухааны хамтрагч “Монгол Улсын Эрдмийн Их Сургууль”-ийн ТУЗ-ийн дарга Үвэ Прискалла, захирал, ш/у доктор Ч.Зэгиймаа, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Ц.Жамбалсүрэн, миний журмын анд, лектор, өнгөрсөн он жилүүдэд олон сайхан цуврал лекц бэлдэж цацсан, улс төрч Ж.Ганбаатар, МҮАН-ын дарга, “Түмний 76” цуврал лекцийг санаачлагч Б.Цогтгэрэл, зуу зуун цуврал лекцээр ард түмнийг сэнхрүүлэгч, “Их эв” намын дарга, доктор З.Бат-Отгон, нэг нутгийн хамтрагч Монгол Улсын Шадар сайд асан Д.Оюунбаатар, Батлан хамгаалахын сайд асан, доктор, профессор Ц.Шаравдорж, хуульч, өмгөөлөгч Г.Батбаяр, манай телевизийн баримтат киноны дуу оруулагч, нэрт нэвтрүүлэгч СГЗ Г.Чулуунбат, продюссор, хутагч хувилгаадын ярилцлагыг санаачлагч У.Ундрах, “Бумбын эрин” ирээдүй судлалын нэвтрүүлгийн хөтлөгч-эксперт, МУГБ, доктор, профессор Ц.Дэмбэрэл, “Монгол анагаах ухаан” нэвтрүүлгийн хөтлөгч-эксперт, “Хасу манал” эмнэлгийн захирал Ц.Нарантөгс, “Цуглуулагч” нэвтрүүлгийн хөтлөгч-эксперт, “Эрдэнийн очир” нийгэмлэгийн тэргүүн, СТА С.Түвдэндорж, “Эрин цагийг оношлохуй” нэвтрүүлгийн хөтлөгч, эксперт, доктор Т.Баярхүү, “Дархан мэх” нэвтрүүлгийн эксперт, УГЗ, Улсын заан Л.Эрхэмбаяр, эксперт, доктор Б.Насанбаяр, “Аж үйлдвэрийн соён гэгээрэл” нэвтрүүлгийн хөтлөгч, МУ-ын зөвлөх инженер А.Энхцэцэг, хэл яриа, эфирийн соёлын багш, “Шанс” агентлагийн захирал Б.Нарантуяа, телевизийн олон сайхан ая аялгууг зохиогч Х.Бат-Очир, оюутнуудад зориулсан лекц, хурлыг санаачлагч, “Газарчин” дээд сургуулийн үүсгэн байгуулагч Д.Нарантуяа, хамтарсан лекц бэлтгэдэг доктор, хурандаа Ш.Чулуунаа гэх мэтээр цаашид үргэлжилнэ.

    https://www.facebook.com/profile.php?id=100009219196419

  • Эрдэнэцогтын БААТАРЖАВ- Туульч, цуурч

    Испаны хун тайжийн нэрэмжит “Маэстро” цол, Дэлхийн ардын урлагийн их наадмын Гранпри шагналт, Язгуур урлагийн ховор төрөл жанрыг тив дэлхийн олон оронд дуурсгаж яваа туульч, цуурч, хөөмийч, өв тээгч.

    ТУУЛЬЧ, ЦУУРЧ, ХӨӨМИЙЧ ЭРДЭНЭЦОГТЫН БААТАРЖАВЫН УДМЫН ТОВЧ НАМТАР

    1. УРИАНХАЙН НЭРТ ТУУЛЬЧ ХОО ЖИВЭРТИЙН МЭНГИТ

    Монгол Алтайн нурууны ноён их хайрхадын өр өврөөр Алтайн Таван Богдоос Ээвийн гол, Алдарт Эрчис мөрөн хүртэлх цагаан уулын нутагт Алтайн Урианхайчууд долоон хошуунд хуваагдан амьдарч иржээ. Алтайн их нуруу зөвхөн зуны дэлгэр цагт нээгдэж, энэ үед хоёр талаас ах дүү амраг садан уулзаж, уул овоогоо тахиж, үлгэр туульсаа сонсож, ан авдаа мордож, цуурын цагаан аянд, цуутай удган голоороо дамжуулж тэнгэр лусаа баясгадаг заншил энэ зууны 30-аад он хүртэл үргэлжилж ирсэн байна. Энэ олон зуунаар дамжиж ирсэн үйл явдлын чухал төлөөлөгчдийн нэг бол туульч ардын билэг зүйч Мэнгит айдаа яах аргагүй мөн билээ. Урианхайчууд эртнээс нааш сур харвах, ан гөрөө хийх, туульс хайлах, модон цуур үлээх, хоолойн цуур буюу хөөмийлөх урлаг, тэнгэр тахих зан үйлийг язгуур эхээр нь хадгалж ирсэн төдийгүй дээрх зан үйл соёлыг төрийн хэрэг болгож иржээ. XIX зууны эцсээс XX зууны дунд үе хүртэл Сэнхэрийн голоор нутаглаж явсан Мэнгит туульчид Алтайн магтаалын эртний хувилбар болон хэд хэдэн туульс өвлөж ирэхдээ тэр болгон хэлээд байдаггүй тодорхой цаг үед хайлдаг байжээ. Ялангуяа Алтай Чингэл Баатар, туулийг үе дамжуулан авч иржээ. Энэ туульд тэнгэр газрын савсалган дунд галав юүлдэгээрээ бусад туульсаас өвөрмөц юм. Туульч Мэнгит 1872 онд Ховд аймгийн Дуут сумын нутаг /Урианхайн Цэрвээ сум/ “Гурван цэнхэр” гэдэг газар төржээ. Энэ хүний өвөг дээдэс мөн л тууль хайлж, ан хийж, бөх барилддаг хүмүүс байсныг ахмад настан Д.Доноров, Т.Нанзад нар дурсан ярьдгаас гадна Дуут сумын сургуульд олон жил багшилсан үлгэрч Б.Дамдиндорж, ач Эрдэнэцогт нарт амаар болон бичгээр үлджээ.
    Туульч Мэнгит Алтайн магтаалыг Цагаан уулын магтаал буюу Алтай уулын магтаал нэрээр хайлдаг байлаа. Тэрээр цаг үргэлж “Баян буурал алтай минь”, “Цаст цагаан уул минь”, “Хүчирхэг мөнх тэнгэр минь”, “Атай таван тэнгэрэм” гэж залбирдаг байсан учраас тэнгэр шүтлэгийн тэр үгээр нь “Баян Алтай өвгөн” гэж авгайлан нэрлэх болжээ. Мэнгит гуай тууль хайлах бүрдээ тахилга хийдэг байжээ. Мэнгит туульч Баян цагаан өвгөн, Аргил цагаан өвгөн, Хаан цэцэн зурхайч, Галзуу хар хөхөл, Зул алдар хаан, Алтай Чингэл баатар, Талын хар бодон, Эзэн улаан бодон, Хүрэл алтан дөш, Хаан Чингэл гэсэн туульсыг ач Эрдэнэцогт болон үлгэрч Дамдиндоржид хуучин болон тод бичгээр үлдээжээ. Мөн туульч Мэнгит аргил сайхан хоолойтой хоржилж, шахаж хэлдэг хүн байснаас гадна Наран татлага, Ээвийн долгион, Долоон арал, Алтан нуурын урсгал, Уулын цуурай, Таван тэнгэр гэсэн эртний аялгууг цуурддаг байсныг Чингэл, Хандгайтын Урианхай настангууд батлан өгүүлж байна. Баян Алтай Мэнгит ганц хүүтэй байсан бөгөөд нэр нь Живэрлэг юм. Живэрлэг нь Цэрэн, Хорлоо, Эрдэнэцогт, Цагаанхүү, Бямбажав гэсэн таван хүүхэдтэй байв. Живэрлэг тууль хайлдаггүй малчин хүн байсан бөгөөд Живэрлэгийн дунд хүү Эрдэнэцогт өвгийнхөө туульс хайлах эрдмийг өвлөн авчээ.

    2. БААТАРЖАВЫН ЭЦЭГ ТУУЛЬЧ ЖИВЭРЛЭГИЙН ЭРДЭНЭ- ЦОГТ

    Эрдэнэцогт нь1941 онд Ховд Дуут сумын Цэнхэрийн голд төржээ. Түүний бага нас туульч, цуурчдын дунд өнгөрчээ. Тэрээр Мэнгит гуайн хайлдаг туульсаас гадна Чойсүрэн гуайн хайлдаг байсан зарим тууль, олон үлгэр мэддэг бас хошин үгээрээ бусдыг инээлгэж явдаг нэгэн байв. Тэрээр Дуутын сургууль дүүргээд цэргийн албыг Улаанбаатарт хааж ирээд, Дуут суманд мужаан, эмчилгээ тэжээлийн цэгт малчин, санитар хийж байжээ. Туульч Эрдэнэ-цогт ажлынхаа хажуугаар туулийн урлагаа хөгжүүлж чөлөөт цагаараа хайлж иржээ. Мөн есөн нүдтэй цацал, чандмань толгойтой товшуур, “үүчүүр” гэдэг тоглоом, цуур, икэл хөгжим урлахдаа сайн байлаа. 1968 онд Америкийн нэрт Монголч эрдэмтэн Хянганы Гомбожав “Гунан улаан Баатар”, “Баян цагаан өвгөн”, “Бөх алтан нудрам” туульсыг соронзон хальсанд бичиж авч, фото зургийг нь үлдээжээ. 1982 онд Хүү Баатаржавд туульс хайлах товшуур хөгжим хийж үлдээсэн нь одоо болтол хадгалагдаж байна. Мөн энэ үеэр багш Дамдиндорж өвөөгийнх нь хайлдаг Алтай-Чингэл баатар тууль, Алтан үг туулийн эхний бүлгийг Э. Баатаржавд өгчээ. Мөн Урианхайн нэрт туульч Чойсүрэнг өөрийн гэртээ залж авчирч тууль хайлуулдаг байлаа. Туульч Эрдэнэ-цогт нь ан гөрөөнд сайн бас улсын зэрэгтэй сайн тамирчин хүн байлаа. Эрдэнэ-цогтыг ид залуу байхад өвөг эцэг Мэнгит нь насан өөд болжээ. Эрдэнэ-цогтийн ярьдаг олон сайхан хуучин үлгэр, түүх хошин яриа өнөөгийн бидэнд үлджээ. Мөн Лха.Туяабаатарын соронзон хальсанд бичиж авсан “Алтай уулын магтаал”, “Бөх Алтан нудрам”, “Баян цагаан өвгөн”, “Алтай Чингэл баатар”,”Эзэн улаан бодон” зэрэг туулийнх нь бичлэгүүд үлджээ.

    2003 онд тууль судлаач, доктор профессор Б.Катуу Эрдэнэцогт туульчийн хайлдаг “Алтай Чингэл баатар” туулийн гар бичмэлийг түүний хүү Баатаржавын хамт судлан шинжилж, ШУ-ны эргэлтэнд оруулжээ. Дараа нь энэ туульс 2011 онд “Монгол Урианхайн аман зохиол” номонд хэвлэгджээ. “Тэнгэрийн алтан үгт түүх“ хэмээх нэн эртний туульсыг эдний удмын туульчид дамжуулж иржээ.

    ТУУЛЬЧ, ЦУУРЧ, ХӨӨМИЙЧ Э.БААТАРЖАВЫН НАМТАР

    Э.Баатаржав нь 1972 онд Дуут сумын “Босгын эх” гэдэг газар мэндэлжээ. Удам дамжсан туульч, түүний бага нас Монголын сүүлчийн хэдэн нэрт туульчдын дунд өнгөрчээ. Тухайлбал их туульч С.Чойсүрэн, Б.Уртнасан, Б.Авирмэд, цуурч Я.Авирмэд, Б.Наранцогт, Ядмаа өөрийн эцэг Эрдэнэ-цогт нар нь түүний багш нар байлаа. Э.Баатаржав нь багаасаа урлаг соёлд дуртай хүүхэд байв.1980 онд Дуут сумын 8 жилийн дунд сургуульд орж, “Дуут нуур” хэмээх үлээвэр хөгжмийн хамтлагт “Тенор” хөгжим үлээдэг байжээ. Улмаар ОХУ-д дээд сургууль төгсжээ. Тэрээр их сургуульд суралцах хугацаандаа тууль, цуурын урлагаа орхиогүй бөгөөд харин ч урлагийн боловсролоо улам ахиулж Аркады хэмээх орос багшаар хөгжмийн онол заалгаж байжээ. Энэ нь ардын урлагийн баялаг өв дээр орчин цагийн хөгжмийн ололтуудыг хослуулан эзэмшихэд түлхэц болж, түүний цаашдын уран бүтээлд сайнаар нөлөөлжээ. 1994 онд ганц хүний “Монгол хөлгөн туульс” хамтлагийг үүсгэн байгуулсан байна. Э.Баатаржав нь энэ хугацаанд Хүннүгийн үеэс уламжилж ирсэн модон цуур хөгжмийг сурч, эртний хоолойн цуур буюу хөөмэйн урлаг, чашга, дудар, икэл,бүх төрлийн хэл хуур (яс,хулс, төмөр) нуман хуурыг сурч эзэмшиж ирсэн байна. Өөрөөр хэлбэл дав, давын мухарт нэг нэгээрэй өвлөж үлдсэн, зарим нь бараг устаж байсан хөгжмүүдийг цуглуулж хослуулан эзэмших анхны оролдлого хийсэн хүн юм. Баатаржавын эзэмшсэн язгуур соёлын олон төрлүүд нь нэг нэгэндээ харилцан нөлөөлсөн, их холын эх сурвалжтай нэгэн цогц том урлаг юмаа гэдгийг тэр өөрийн биеэр 1995- 2003 оны хооронд Монгол туургатнуудаар “Хамаг Монгол” тоглолт хийж явахдаа тэдний урлаг соёлуудтай харьцуулж олж мэджээ. Үүнд бас нэмж хэлэх ёстой нэг зүйл бол Баатаржавын өссөн орчин, угсаа гарвал, өөрийнх нь чармайлт их нөлөөлжээ. Язгуур Монголчуудын үеэс Бурхан Халдун уул, өндөр Алтайн ар өвөр шил, Сибирийн их тайга, сарьдаг уулсаар олон зуун, мянганыг дамжин амьдарч эцэг тэнгэрээ аргадаж ирсэн Урианхай түмэн, хэдийгээр Баатаржавд олон ховор соёлыг эзэмших нь хувь хүний хувьд хүнд хэцүү ч хуучин язгуур эхийг нь алдагдуулалгүй зэрэгцүүлэн сурах ажил руу зориглон орсонд гол нууц нь оршиж байгаа юм. Эхний үедээ их өгсүүр бартаатай байсан өв соёл тээгч хүмүүсийг амьд сэрүүн дээр нь амжин олж, тэдгээрт буй авьяас билгийг өвлөн, авч хоцорч, хойч үеийн багачуудад өвлүүлэн үлдээх гэсэн чин эрмэлзэл нь түүний зоригийг мохоосонгүй. Энэ цаг үед Баатаржав нь сум, баг, хөдөө малын бэлчээрт ардын авяьастануудтай уулзан учирч, тэднээс сурах судлах ажлыг хувийн идэвх оролдлогоор хийж байв. Энэ нь бусдадаа үлгэр дууриалтай, бас нэг хүн хэд хэдэн том урлагийг ажил амьдарлаа зохицуулан, сурч мэдэж болдгийг харуулсан билээ. Тэрээр 1995 онд тууль судлаач Лха.Туяабаатартай хамтран Горный Алтай, Тувагийн нутгаар, Ээвийн голоор нутагтай Хандгайт Ханасын Эрдэш цуурч, ОХУ-н ардын жүжигчин Тувагийн нэрт хөөмийч Ондар, Халимгийн туульч Цагаанзам, Буриад, ОХУ-ын урлагийн гавяьат зүтгэлтэн, хөдөлмөрийн баатар Петер Тимофеевич, Сахагийн авъяас билэгтэн туульч Валя Ивановна зэрэг хүмүүс бусад эрдэмтэн мэргэдтэй харилцаа тогтоон, өөрийн тоглолтоо дангаар буюу хамтарч хийсээр иржээ. Монгол Урианхайн язгуур хөөмэй болох хоолойн цуур, модон цуур, туульсын хоржин хоолойн эрдмийг харьцуулан туршиж уран бүтээлдээ хэрэгжүүлж иржээ. Монгол улсад сүүлийн үед зохион байгуулагдсан хөөмэй, цуурын холбогдолтой хуралд удаа дараа оролцож илтгэл тавьжээ.

    Туульч Э.Баатаржав нь хөөмэй, цуурын урлагийг “Дэлхийн соёлын байгууллага, ЮНЕСКО-д батлуулахад язгуур өвийн талаас нь материалжуулахад хувь нэмэрээ оруулж явна. Туульч Э.Баатаржав нь 2009 оны олон улсын хөөмийн наадмын нээлтийг Алтайн Монголчуудын “Балиг” тахилгаар, 2010 оны 500 ардын билиг авьяастнуудтай хамтарч “Их Хөгсүү” наадмын нээлт, Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ойн наадмыг 99 бөөтэй хамт, 2011 онд “Хөгсүү” чуулга, ”Аса” цирктэй хамтарсан “Монгол гайхамшиг” тоглолтын нээлтийг /АЖ/.Р.Самжид, /МУГЖ/ Х.Чапаевын хамт Монголчуудын эртний шүтлэг бөө мөргөлийн зан үйлээр хийж байжээ. 2013 онд АНУ-гийн Аризонад болсон бөө мөргөлийн хуралд “Алтан нуур”, “Атай таван тэнгэр” аялгуу нь эгшиглэжээ.

    Э.Баатаржав нь Монгол бөөгийн тамлага, Монгол туульсын өвөрмөц төстэй хэлц хэлэлгүүдийг харьцуулан судалж байна. Мөн тэрээр язгуур хөөмэй, туульс, цуурыг хуучин ёс заншилтай нь (уул овооны тахилгын ёс заншил, эзэд савдгийн ерөөл, ан авын дуудлага г.м) ёс жаягаар нь хөгжүүлж үлдээхэд анхаарч ажиллаж иржээ. 2009 онд Э.Баатаржав нь эртний Ром Италын угсаа залгамжилсан хун тайжид Монгол урлагаа тоглон сонирхуулжээ.

    Мөн 120 гаруй жил тасалдсан нэн ховордсон хөгжим болох чашга, дудар, нуман хуур хөгжмийг 10 гаруй жил эрин сурвалжилж эрдэм шинжилгээний болон, уран бүтээлийн эргэлтэнд оруулж, өнө эртний урлагаа дэлхийн хөгжмийн сан хөмрөгт оруулсан юм. 2011 онд угсаатны урлагийн дэлхийн хэмжээний шагнал, Испаны хун тайжийн нэрэмжит “Маэстро” цол хүртжээ. Одоогоор нэн ховордсон урлагийн олон төрлийг хослуулан эзэмшиж олны хүртээл болгож хөгжүүлсээр яваа хүмүүс тун цөөрсөн байхгүй гэж хэлж болохоор байна. Мөн Баатаржавын тухай олон чухал нэвтрүүлэг BCBC, CCVT, NHK, СИБТБ зэрэг нэр хүнд бүхий сувгуудаар гарч дэлхийн олон үзэгчдэд хүрчээ.

    Туульч, хөөмийч Э.Баатаржав нь аливаа цаг үед Монгол соёл урлагаа хөгжүүлэхийн төлөө зорилго нэгтэй нөхдийн хамт хошуучлан ажилсаар байна.

    БҮТЭЭЛҮҮД

    1996 онд “Арван гурван Алтай ханы аялгуу”

    2000 онд “Олон ястаны өлгий”

    2007 онд Америкийн судлаач Эндрю Колвелийн хамт “Хүннү аялгуу”

    2009 онд тууль, хөөмий, цуурын “Алтан язгуур” цомогоо гаргасан байна.

    2008 оны “Алтайн цуур” номыг Францын судлаач М.Санторо, бөө судлаач Ш.Сүхбатын “Алтайн аялгуу” номуудыг хамтарч бичжээ.

    2011 онд “Монгол Урианхайн Хөөмий” түүхэн баримтат киног Нүүдэлийн соёл иргэншлийг судлах хүрээлэнгийн эрдэмтэд болон Азийн бөөгийн холбоо, “Их хөгсүү” холбоотой хамтран хийсэн байна.

    2010 онд Ховд аймгийн Мөнххайрхан суманд ардын урлагийн 5 төрөл дээр 38 хүнд,

    2011 онд 10 сард Үндэсний дуу бүжгийн эрдэмийн чуулгын 30 гаруй уран бүтээлчдэд модон цуур хөгжмийн шавь сургалт

    2014 оноос Монгол туулийн уламжлалыг хадгалж хамгаалах, сэргээн амилуулах төслийн хүрээнд туулийн шавь сургалтыг амжилттай явуулж байна.

    2015 онд БСШУЯ-ны харьяа Соёлын өвийн төвөөс онд Э.Баатаржавын хайльсан арван гаруй туульсаас “Алтай уулын магтаал” болон Баян цагаан өвгөн, Зул Алдар хаан, Хаан Чингэл, Хүдэр мөнгөн тэвни туульсуудыг хамтран эмхэтгэж “Баян-Алтайн гуч Баатаржавын хайлсан туульс” номыг хэвлэж олны хүртээл болгож байна.

    ДОТООД ГАДААД ХИЙСЭН ТОГЛОЛТ, ИЛТГЭЛҮҮД

    1995- 2003 онуудад нийт Монгол туургатнуудад “Хамаг Монгол”

    2001 онд Польш, ОХУ-д “Өрлөг Зэлмэ” тоглолт

    2002 онд Арабын Дубайд “Монгол хөөмий, цуурын гайхамшиг”

    2004 онд Үрэмч хотод “Хоолойн эрдэм”

    2005 онд Шанхайн “Эртний Ази” Фестиваль

    2005 онд Японы Токио, Осака хотуудад “Хүннү” аялан тоглолт

    2006 онд Ховдын Алтайн туульс, хөөмийн наадам

    2007 онд Японы 28 хотод хийсэн “Чингисийн үр сад” аялан тоглолт

    2008 онд Австралын хөгжмийн продюсер Жеймс Жекийн хамт Джиридоо, Хоолойн цуурыг хоршил тоглолт

    2010 оны намар Хельсингийн язгууртаны ордны хөгжим судлалын хурлын тоглолт,

    2011 оны ХБНГУ-д Хоолойн дуу хөөмийн олон улсын наадам болон Дундад зууны фестивальд оролцож, Европын Итали, Франц, Швецарь, Белги, Голланд гэх мэт улсад “Транс Монголиа” хамтлагтай болон дангаарай хийсэн тоглолт, Бад Эзинерийн фестиваль

    2011 онд Курилын арал, Индиан, Аляск, Якут, Сибирийн нүүдэлчдийн “Бараган” хурал симпозиумд

    2012 онд “Монгол туульчдын урын сан” улсын уралдаанд оролцож 3-р байр Диплом, мөнгөн шагнал

    2012 онд “Хөгсүү” чуулгын бүрэлдэхүүнд Европ тив болон Америк, Скандинавын орнууд, ОХУ, зэрэг олон улсын уран бүтээлчид оролцдог 30,000 үзэгчтэй “Суломино” фестивальд амжилттай оролцож, тэргүүн шагнал багаарай хүртэж, мөн онд Дундад Азийн орнуудаар 3 сарын тоглолт хийсний дотор Монгол улс Казакстан улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 10 жилийн ойн концертонд Астанагийн урлагийн их сургууль, Ханшатр театр ордон, Халимагийн төв театр, Дэлхийн шатрын хотхонд

    2012 онд Францын 20 хотын алдартай тайз, музейд

    2012 онд Швейцарт хийсэн “Гималай, Алтайн нуруу, Сибирийн ард түмнүүдийн уугуул соёл” урлагийн хамтарсан тоглолт

    2012 онд АНУ-гийн Ласвегас хотод олон улсын бөө мөргөлийн хуралд “Алтан нуур”, “Атай таван тэнгэр” аялгуу нь эгшиглэжээ

    2012- 2013 онд АНУ-ын 8 мужид тоглолтоо хийж, Бостоны Харвардын их сургуулийн археологийн музейд тоглож, дөрвөн үе дамжиж ирсэн зарим хөгжмүүд нь тавигдаж, Лосс Анжлес хотын Холливудын ууланд “Алтай уулын магтаал” бүрэн эхээр нь хайлж, Юниверсал студиогийн тайз, Нью Мексикогийн Индианчуудын соёлын ордонд тогложээ. Мөн ондоо Америкийн Албуqүрqү хотод нэрт жаз “Андерсан Трио” хамтлагтай хамтран тогложээ.

    2013 онд уугуул иргэдийн соёлын продюсер, анторпологч эрдэмтэн Гордон Броницкын хамт лекц уншжээ.

    2013 онд АНУ-ын Веслианы их сургуульд угсаатны хөгжим судлаач Андрю Колвелын урилгаар очиж хамтран ажиллажээ.

    2014 онд 1400 гаруй жилийн өмнөх “Чүрэ” хэмээгч туульчийн хадны оршуулгаас олдсон Алтай ятга хөгжмийг анх сэргээн нутагшуулах ажилд оролцож энэ хөгжим дээр “Бөх Алтан нудрам”, “Хаан цэцэн зурхайч”, “Талын хар бодон” туульсаа хайлж, “Бөртэ” хамтлагийн ахлагч хөгжмийн зохиолч Д.Ганпүрэв, яруу найрагч Бодонгууд Дөш хоёрын зохиосон “Дайны бурхан” бэсрэг туулийг Алтай хамтлагтай хамтарч хайлжээ.

    2014 онд Стайнфордын их сургуульд УДБЭ-ийн театр, “Домог” хамтлаг, Монголын урлагийн мастеруудтай хамт тоглосон “Монголын дуу хоолой” тоглолт, Санфранциско хотын захиргааны ордонд хийсэн тоглолт, “Пан Азийн фестиваль”, Олон үндэстэний ЭШ-ны хуралд оролцжээ.

    2014 онд Берклейгийн их сургуульд үзүүлэх тоглолт лекцын хамт тавьжээ.

    2014 онд Якутын соёлын сайдын урилгаар Монголын хөгжмийн товчоо, Алтай хамтлагийн хамт нүүдэлчдийн фестивальд оролцож тэргүүн байрыг нь хамтлагаараа авч, Нюрбай, Хангалас, Якутск хотуудаар тогложээ.

    2015 онд Бэй Айрагийн Монголчуудын “Монгол гэр” сургуульд тоглож өв соёлынхоо талаар лекц уншжээ.

    2015 онд АНУ-ын Хавайн Зүүн Ази судлалын соёлын хүрээлэн, ордны хаан хөшөөний цэцэрлэгт тогложээ. Мөн ондоо Сахагийн Мирный хотод “Олонхо Айхал” соёлын арга хэмжээнд оролцож цуур, чашга, хөөмийн хоршил мастер класс тоглолт хийжээ.

    2015 онд Ховд хотод зохион байгуулагдсан нэрт туульч Б.Авирмэд, цуурч П.Наранцогтын нэрэмжит наадмуудад хот хөдөөгийн шавь нарынхаа хамт оролцов. Дэлхийн хөөмийн холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдов.

    2013 оноос хэрэгжсэн Монгол туульс хөтөлбөрийн хүрээнд шавь сургалтыг үе шаттай явуулж, ирээдүйтэй шавь нарыг бэлдэж байна. Хот хөдөөгийн шавь нарыг товшуур хөгжимтэй туульс хайлуулж сургахаас гадна 2016 он гарснаар “LCN түмний телевиз”-тэй хамтран “ Монгол өв соёл, ёс заншил”, “Тэнгэрлэг Монгол хүмүүн” нэвтрүүлгүүдийг хөтлөж, 30 гаруй цуврал дугаарыг гаргаад байна.

    2016 онд ОХУ-ын Сибир,хойд зүгийн ард түмний “Хомус хөгжим болон тэнгэр шүтлэгийн холбоо” симпозиумд оролцов.

    2016 онд “Алтай” хамтлагийн уран бүтээлчдэд болон Улаанбаатар хотын шавь нартай Алтай ятга хөгжимтэй туульс, хөөмйи, цуурын сургалтыг эхлүүлж байна. Мөн судлаач Ш.Сүхбатын хамт “Монгол туульсын дотоод мөн чанар” номын язгуур эх бэлтгэлийн ажилд оролцож байна.

    2016 онд “Дэлхийг тойрох Монгол өв соёл” хэмээх томоохон хэмжээний аялан тоглолтоо Ази, Европ, Америк тивүүдийг дамжиж, 56 хотод 98 хоног үргэлжилсэн тоглолтоо амжилттай хийж ирлээ. Энэ удаад “Язгуур аялгуу” хэмээх хамтлагийн хос тоглолтыг үзүүлжээ. Тус хамтлагийн хувьд энэ удаагийн тоглолт нь өвөрмөц онцлогтой тоглолт байлаа. Улаанбаатараас 5 сарын эхээр бэлтгэлээ базааж ОХУ-ын зүүн Сибирээс гараагаа эхлэж, машин, вагон, усан онгоц гэх мэт бүх төрлийн тээврийн хэрэгслээр хотоос хот дамжиж олон мянган км замыг туулж ямар нэгэн ивээн тэтгэгч, хандив хайхгүйгээр Монгол өв соёлоо гаднын үзэгчид сонсогчдод хүргэж сурталчлах нэгэн зорилгын дор тоглолтоо эхэлжээ. Сибирийн хотууд, Челябинск, дундад Ази Самар, Уфа, Ставрополын край Кавказыг дамжин Халимагийн төв театр, “Ойраты” театруудтай хамтарч тогложээ. Волга/Ижил/ мөрний эргээр явж, хойд зүг Тамбов хотоор дайрч Оросын нийслэл Москвад тогложээ. Тэндээсээ олон улсын уран бүтээлч экипажтай нэгдэж, Минск, Варшавт тоглож, Европын холбооны улсын ХБНГУ, Бельгийн вант улс, Франц, Недерландын 50 гаруй хотод соёлын олон сайхан арга хэмжээнд оролцож, дэлхийн хэмжээний олон тайз, музей цэнгэлдэхэд олон мянган үзэгчдэд Монгол дуу хуураа хүргэжээ. Энэ арга хэмжээнүүдээс гадна дэлхийн боловсрол, соёлын байгууллага ЮНЕСКО, дэлхийн бүжгийн холбооноос зохион байгуулагддаг “Дэлхийн эртний язгуур хөгжмийн наадам”, “Сенгисляны ардын дуу бүжгийн наадам”, Францын Сан мало, эртний хот Реймс, Рочи молд зохион байгуулагддаг хөгжмийн наадмуудад амжилттай оролцоод тэндээсээ Амстердамыг зорьжээ. 2016 оны 6 сард Гронингийн фестивальд оролцож олон сая үзэгчтэй дэлхийн “Сибтв” телевизийн хөгжмийн сурталчилгаанд 9 сараас тоглох эрх болзлыг хангажээ. Мөн долоон сард Антиверпен хотод Ардын хувьсгалын 95 жилийн ойд Бельгийн элчин сайдын яам, тэндхийн Монголчуудын холбооноос зохион байгуулсан Европын Бельги, Голланд, Францад ажиллаж амьдарч Монголчуудынхаа баяр наадмын үйл ажиллагаанд дуу хуураа хүргэж дуусаад АНУ-ыг зорин Парисаас нисэж, “Дэлхийг тойрох Монгол өв соёл аялан тоглолт” Лос-Анжелес хотод иржээ. Тэндээсээ Ласбегас, Айдахо мужын Берлей хотуудад тогложээ.

    /Э.Баатаржав маань 2011онд АНУ-ын дэлхийн том сургуулиудын нэг Веслианы их сургуульд уригдаж, Харвардын их сургуульд тоглосноосоо хойш 7 удаа тус улсад очиж Нью-Йорк, Филадельфын Халимгууд, баруун Калифорны Берклей, Стайнфорд их сургууль, Хавай, Аризона, Нью Мексикод “Дэлхийн эсгий туургатны өв соёл” байгууллагаарай дамжуулан хоёр орны найрамдал, соёлын харилцаанд иргэн хүнийхээ хувь нэмрийг оруулж соёлын элч гүүр болохоор чармайн ажиллаж байсныг энд дурдах хэрэгтэй./

    Тун удалгүй “Дэлхийн ардын урлагийн 30-р их наадам” эхлэж 21 хоног үргэлжлэв. Ийнхүү тус наадмын хамгийн цөөхөн бүрэлдэхүүнтэй оролцсон “Язгуур аялгуу” хамтлаг маань хүрэх ёстой газраа хүрч мянган дамнасан их соёлынхоо чанарыг үзүүлж тоглосоор “Шилдгийн шилдэг” хэмээх гранпри хүндтэй цолыг хүртэж, мянга мянган үзэгчдийг бишрүүлж алтан соёмбот далбаагаа мандуулан дэлхийн хэмжээний дүнгээ тавиулж чадаад, эх орондоо ганзага дүүрэн буцаж ирлээ. Дээрхи ажлуудыг хийж гүйцэтгэснээс гадна таван тивийн олон улс оронд очиж тоглолт, үзүүлэн тоглолт, хуралд илтгэл тавьж, телевизын шууд болон хөгжмийн нэвтрүүлэгт оролцон олон арван алдартай том тайзнаа язгуур соёлоо хүргэжээ. Ардын урлагийн ховор төрөл жанрыг тив дэлхийн олон оронд Монгол гэсэн нэрээр дуурсган гаргаж яваа авьяаслаг уран бүтээлч, өв тээгч юм.

    ШАГНАЛ

    2008 он Боловсролын яамны хүндэт жуух

    2009 он Нэрт хөөмэйч Сундуйн Нэрэмжит шагнал цом

    2010 он Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол

    2010 он “Алтан гадас” одон

    2011 он Угсаатны урлагийн дэлхийн хэмжээний шагнал, Испаны хун тайжийн нэрэмжит “Маэстро” цол

    2012 он “Монгол туульчдын урын сан” улсын уралдаанд оролцож 3-р байр

    2014 он Якутын соёлын сайдын урилгаар Монголын хөгжмийн товчоо, Алтай хамтлагийн хамт нүүдэлчдийн фестивальд оролцож тэргүүн байрыг нь хамтлагаараа хүртсэн.

    2016 он “Дэлхийн ардын урлагийн 30-р их наадамд, “Язгуур аялгуу” хамтлагаараа Гранпри шагнал

    Тодорхойлолтыг бичсэн:
    “Дэлхийн эсгий туургатны язгуур өв соёл, ёс заншлын
    төв”-ийн дэд тэргүүн Ө.Төмөрхуяг

    Ярилцлага унших

  • Л.Дэмчиггарав- Монгол эртний хөгжмийн зэмсэг урлаач, мастер

    Хөгжмийн зэмсэг урлаач, Монгол улсын шилдэг зохион бүтээгч, МУСТА
    Төрийн ятга, ахуйн ятга, нумт ятга, хүннү ятга, биба, хун хуур, луун хуур, молор хуур, шанаган хуур, икэл хуур, дөрвөн чихтэй аралт хуур, шоор хуур, матар хуур, үелэгч, хуучир зэрэг олон төрлийн хөгжмийн зэмсэг сэргээн урласан мастер урлаач. 

    Архангай аймгийн Соёлын ордонд 20 гаруй жил бүжигчин хийсэн. Аав маань Аймгийн клубт 1952 онд хөгжимчнөөр орж, дараа нь даргаар нь хүртэл ажиллаж явсан. Урлагийн салбарт 40 шахам жил ажилласан хүн дээ. Аав маань эртний хөгжмийн зэмсэг судалж урладаг хүн байсан. 
    Намайг энэ сайхан хөгжмийн ертөнцөд хөтлөн оруулж балыг нь амтлуулсан хүн бол миний аав, Ж.Бадраа багш хоёр минь юм аа. Судалгаа хийлгүй яахав. 30 гаруй жилийн хөдөлмөрөө судалгааны ажилд зориулсан даа. Багшийнхаа хийсэн  судалгааны материал дээр тулгуурлан нутаг нутгийн онцлог, зан заншлыг нь шингээж дуу дуурьсал, хэв шинж, загвар хийцийг нь гарган урладаг.
    Тэтгэвэрт гарахынхаа өмнө сийлбэрийн урлал сурсан. Архангай аймгийн Хотонт сумын уран Л.Санжаа гэж алдартай хүн байсан. Тэр л хүний гарын шавь. Мөн Л.Чуваамэд багш минь бий. Одоо бодоход багш нараасаа олон зүйл сурч авч үлджээ. Тэр бүхэн минь намайг энэ цаг үед хийж бүтээх зүйлтэй сайхан амьдруулж байна.  Энэ бүх хүний хичээл зүтгэлээр л би хуур урлаач болсон.

    Эрт дээр үеэс Монголчууд тухайлбал 13 дугаар зууны үеэс  / Хубилай хааны үе / төрийн ордон, өргөөндөө 412 хүний бүрэлдэхүүнтэй найрал хөгжим эгшиглүүлж байсан  баялаг өв соёлтой ард түмэн. Миний хийсэн хөгжмийн зэмсэгүүд хийсвэр уран санаа биш түүхэнд  тэмдэглэгдэн үлдсэн  өв соёлоо судлан сурвалжилж сэргээн амьдруулах гэсэн хүсэл мөрөөдөл минь юм.

    Ярилцлага унших
    Видео нэвтрүүлэг үзэх

  • Т.Лхагвасүмбэрэл- Нэрт байгаль хамгаалагч, ирвэс хамгаалагч, экологийн зүтгэлтэн агсан 1988- 2015

    Биологич, байгаль орчны нэрт зүтгэлтэн. Байгаль орчны төлөө, дэлхийд нэн ховордсон Цоохор ирвэс ба түүний амьдрах орчин Тост, тосон бумбын нурууг хамгаалах үйлсд өөрийн амь биеэ зориулсан цогтой эх оронч хүү.

    1988 онд төрсөн. Тэрбээр  Архангай аймгийн Их Тамир сумын нутагт Төмөрсүхийн ууган хүү болон мэндэлсэн бөгөөд 1996 онд Хөвсгөл аймгийн Хатгал сумын бага сургуульд элсэн 2006 онд арван жилийн сургуулиа дүүргэж улмаар МУИС-ийн Биологийн ангид элсэн оржээ. 2010 онд их сургуулиа төгсөж “Ирвэс” хамгаалах санд биологич, ирвэс судлаачаар ажилд орсон байна. Тэрээр ажиллах хугацаандаа Өмнөговь аймгийн Тост, Тосонбумбын нурууны цоохор ирвэсний урт хугацааны судалгааны төвийн менежерийн ажлыг гарамгай сайн гүйцэтгэж байжээ. Түүнчлэн нутгийн иргэдийн дунд байгаль орчны боловсрол олгох, нутаг усаа хамгаалахын ач тусыг сурталчлан, ирвэс хүн хоорондын зөрчлийг зөөлрүүлэх зорилготой амьтнаас малаа хамгаалах хашаа хорооны ажлыг эхлүүлэн ажиллаж байсан аж.
    Тост, Тосонбумбын нуруунд уул уурхайн компаниудын өрөм тавиулахгүй гэж тэмцэж яваад 2015 онд зуурдаар бусдын гарт хорлогдсон.
    Тэрбээр нас барахаасаа өмнөө өөрийн зорилгоо нэгэн хэвлэлд “Тостын нурууг улсын тусгай хамгаа­лалтад оруулахыг хүсдэг. Мөн энэ газар уул уурхай оруулахгүй, биологийн байдлыг нь хамгаалж  үлдэ­хийн төлөө ажиллана. Ирвэсийн судалгаагаа ч үргэлжлүүлж, тоо толгойг нарийн тогтооход хувь нэмрээ оруулахыг хүсч байна” хэмээн ярьж байжээ. 

    Ирвэс хамгаалах санд биологич, ирвэс судлаачаар ажиллаж байсан Т.Лхагвасүмбэрэл агсанд “Helen Freeman Awards 2015” шагналыг олгохоор болжээ. Өнөөдөр түүний гэр бүл, найз нөхөд, хамтран ажиллаж байсан хүмүүсийнх нь хамтаар талийгчийн аавд шагналыг нь гардууллаа.  Энэ шагналыг дэлхийн ирвэс судлаачдын шилдгүүдэд олгодог.

    Ирвэсийг автомат камераар тоолох, тэдний амьдрал ахуй, идэш тэжээлийн судалгаанд талийгаач маш их хувь нэмэр оруулсан. Өөрийн сонгосон мэргэжилдээ сэтгэл зүрхээ зориулсан нэгэн байсан.

  • Батжаргалын Мядагмаа

    1. Овог:  Батжаргал

    2. Нэр:  Мядагмаа

    3. Төрсөн он. 1940.11.13

    4. Хүйс: эмэгтэй

    5. Төрсөн аймаг, сум, хот: Сүхбаатар аймгийн Халзан сум

    6. Одоогийн харьяалал: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум VII баг

    7. Нийгмийн байдал: Сэхээтэн

    8. Регистр ЛЮ40111365

    9. Боловсрол:  Тусгай дунд

    10. Ажилладаг салбар: Боловсролын салбарт

    11. Мэргэжил: Бага ангийн багш

    12. Урьд болон одоо ажиллаж байгаа газар:

    Ажлын газрын нэр

    хугацаа

    Эрхэлсэн ажил

    1

    Сүхбаатар аймгийн Бүрэнцогт-Өлзийт сумын бага сургууль

    1959-1960

    Бага ангийн багш

    2

    Сүхбаатар аймгийн Хонгор сумын сургууль

    1961-1963

    Бага ангийн багш

    3

    Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 10 жилийн дунд сургууль

    1964-1990

    Бага ангийн багш

    4

    Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 жилийн II дунд сургууль

    1991-1996

    Бага ангийн багш

    13. Урьд нь шагнагдаж байсан шагналууд: /Монгол улсын цол, одон, медаль/

    Шагналын нэр

    Хэдэн онд

    1

    Хөдөлмөрийн хүндэт медаль

    1976

    2

    Ардын боловсролын тэргүүний ажилтан

    1984

    3

    АХ-ын 60, 70, 80 жилийн ойн медаль

    1981, 1991, 2001

    4.

    Засгийн газрын хүндэт жуух

    1992

    5

    Суу билэг сангийн шагнал

    2000

    6

    Багшийн гавьяаны одон

    2006

    7

    Алтан гадас одон

    2007

    8

    Гарын шавь, гэрийн багш

    2012

    9

    Эрдмийн Алтан Од

    2013

    10

    Аймгийн Засаг даргын жуух бичиг

    2013 он

    11

    Ахмад зүтгэлтэн багш

    2014

    14. АЖЛЫН ҮР ДҮН

    • ✓ Гучин есөн жил бага ангийн багшаар ажилласан хугацаандаа 1280 гаруй хүүхдэд анхан шатны боловсрол олгож, сурагчдын сурлагын амжилтыг 100%, чанарыг 64,6- 85%-д хүргэж сургаж байсан;
    • ✓ Бага ангийн сурганы шинэ арга барил нэвтрүүлж ажилласан;
    • ✓ Бага ангийн сурагчдыг зөвхөн сурлагаар хэмжихээс гадна, зөв хүмүүжил төлөвшилрүү чиглэсэн арга барилыг нэвтрүүлсэн;
    • ✓ Салбарын удаа дараагийн шалгалтанд даасан ангийн амжилт, чанарын хувь буурч байгаагүй, даасан ангиудаа сурлагын хоцрогдол, засвардалгүй сургасан;
    • ✓ Ангийн сурагчдыг улс, аймгийн уралдаан тэмцээн, олимпиадад тогтмол оролцуулж сурагчид, анги нь тэргүүн болон 2-5 дугаар байруудыг эзэлж байсан;
    • ✓ Багшийг хөгжүүлэхэд өөрийн туршлага, арга зүй, тэргүүн туршлага нь аймаг улсад дэлгэрч байсан бүтээлч багш;
    • ✓ Олон нийтийн байгууллагыг чадварлаг удирдаж үр дүнд хүрсэн;
    • ✓ Шавь нараас нь улс орны тэргүүлэгч салбаруудад үр бүтээлтэй ажиллаж байна;

    ТОДОРХОЙЛОЛТ

        Ахмад багш Цэнгэлт овогт Осорын Батжаргалын Мядагмаа нь 1940 онд Сүхбаатар аймгийн Халзан сумын нутаг “Ар булаг” хэмээх газар малчин ард Батжаргалын гэр бүлд мэндэлсэн. Эмэгтэй, нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг.

            Багш Б.Мядагмаа нь бага ангийн сурагчдыг сургаж, хүмүүжүүлэх ажилд 39 жил тасралтгүй ажиллахдаа IV ангийн 4 удаа, I-III ангийг 7 удаа дааж төгсгөсөн, давхардсан тоогоор 1280 хүүхдэд анхан шатны боловсрол эзэмшүүлсэн байна.

                Тэрээр ажиллах хугацаандаа нэг ч хүүхдийг хоцроохгүй сургах, хоцрогдлоос урьдчилан сэргийлэх, сурагчдын дэвтрийн үйл ажиллагаа, бичгийн хэлбэрт тавих шаардлагыг эрс дээшлүүлж, хүүхэд бүрийг нэгдүгээр ангиас эхлэн санаагаа утга төгөлдөр, яруу тод илэрхийлж ярьж чаддаг болгоход онцгой анхаарч ажилласан төдийгүй энэ талаар өөрийн гэсэн арга барилтай болж, арга туршлагаа аймаг, улсдаа түгээн дэлгэрүүлсэн.

    Мөн сурлагаас гадна хүүхдийн зөв хүмүүжил, төлөвшилрүү анхаарсан сургалтын арга барилыг боловсруулсан.

                Сурагчдаар математикийн төрөл бүрийн бодлого бодуулж сургах ажлыг 1 дүгээр ангиас нь эхэлдэг бөгөөд юуны өмнө тухайн бодлогын асуултыг сурагч бүр бүрэн ойлгосон цагт бодлогыг бодох дэс дараалсан төлөвлөгөөг гаргуулж ажилладаг багш юм.

                Мөн салбарын удаа дараагийн үзлэг шалгалтанд амжилттай дүн үзүүлж, сургалт хүмүүжлийн ажил нь тогтворжсоноо шалгалтын дүнгээр баталж байлаа.

    Сурлагын амжилт 5 жилээр:

    Хичээлийн жил

    Анги

    Хүүхэд

    Онц

    Сайн

    Дунд

    Амжилт

    Чанар

    1

    1990-1991

    37

    16

    9

    12

    100%

    67,5%

    2

    1991-1992

    35

    9

    17

    9

    100%

    47,2%

    3

    1992-1993

    39

    11

    14

    14

    100%

    64,4%

    4

    1993-1994

    39

    7

    23

    9

    100%

    76,9%

    5

    1994-1995

    40

    17

    16

    7

    100%

    80,2%

    Багш Б.Мядагмаа нь өөрийнхөө хөдөлмөрч уйгагүй үлгэр жишээгээр шавь нараа хүмүүжүүлсэн, даасан ангийнх нь сурагчдаас 26 нь багшийн мэргэжлээр мэргэжил эзэмшиж багш болсон төдийгүй дааж төгсгөсөн сурагчдын 70 гаруй хувь нь гадаад, дотоодын их дээд сургуулийг амжилттай төгссөнөөс одоо хүний их эмч 10, эдийн засагч 18, бизнес эрхлэгч 35, тооцоолон бодох техник технологийн мэргэжлээр 4, малын их эмч 6 зэрэг улс эх орондоо үр бүтээлтэй ажиллаж байгаа малчин, жолооч, тариаланчид олон төрсөн байна.

    Ахмад багш Б.Мядагмаагийн төгсгөсөн сурагчдаас Ж.Бат-Эрдэнэ 1986 онд улсын олимпиадад оролцож тэргүүн байр, 1982 онд Д.Цогтсэргэлэн улсын аварга малчин, 1984 онд шавь Дэнсмаа улсын аварга, шавь М.Алтаннавч нь 1995 онд цэцэрлэгийн багш нарын улсын ур чадварын уралдаанд гутгаар байр, 1996 онд монгол бичгийн олимпиадад сурагч Б.Шинэжаргал улсад тэргүүн байр эзэлж байсан байна.

    Түүний удирдсан 2а анги нь 1993 онд аймгийн хэмжээнд зохион байгуулагдсан монгол хэлний олимпиадад тэргүүн байр, 1996 онд аймгийн монгол бичгийн олимпиадад 3а анги 2-р байр, улсын уралдаанд сайн оролцсон зэрэг амжилтууд байна. Багш өөрөө багш нарын аттестатчилалд 100 оноо авч аймгийн хэмжээнд тэргүүн байранд шалгарсан төдийгүй үлгэр жишээч ажиллагаатай багш болсон, мэргэжлийн заах аргач зэрэгтэй юм.

    Монгол бичигт сургах ажлыг үр дүнтэй зохион байгуулж бүх нийтийг монгол бичигтэн болгох, монгол бичгийн үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх ажилд өөрийн мэдлэг боловсрол, хүч оюунаа дайчлаан эцэг эхчүүдийн дунд монгол бичгийн дугйулан хичээллүүлж 120 гаруй хүний монгол бичгийн анхан шатны мэдлэгтэй болгохын сацуу даасан анги нь Аймгийн олимпиадын дэд аварга анги болж байсан.

    Аймгийн болон сургуулийн хүндэт самбарт зураг нь 2-4 удаа тавигдсан ба ажил үйлсийн тухай 1970 онд нэг цагийн хичээл, 1976 онд их хурлын төлөөлөгч ярьж байна нэвтрүүлэг, 1978, 1981 ондуудад сурган хүмүүжүүлэх сэтгүүлд Сурагчдыг хоцрогдолгүй хугацаанд нь уншуулдаг, анги удирдсан багшийн нэгдлийг удирдаж байгаа нь тэргүүн туршлага, ажлын арга барил нь Монгол улсын хэмжээнд сурталчилагдсан юм. С.Ганзориг ахлагчтай анги нь нүдлэн хамгаалагч тэргүүний ангиар шалгарч улсын хэмжээнд туршлагыг нь нэвтрүүлэх жагсаалтанд орж байлаа.

    Мөн ахмад багш Б.Мядагмаа нь сургуулийн олон нийтийн сонгуульт ажлыг чадварлаг зохион байгуулж монголын эмэгтэйчүүдийн, монголын үйлдвэрчний эвлэл, монгол ардын хувьсгалт намын дарга, тэргүүлэгчээр ажиллахдаа дээд шатны байгууллагын үзлэг шалгалтаар өндөр үнэлгээ авч байв. МАХН-ын 17-р их хурлын төлөөлөгчөөр сонгогдон оролцож байв. Аймгийн залуучуудын спартакададсумаа төлөөлөн оролцож 800, 100мд тэргүүн, зээрэгцэгт 3-р байр эзэлж байв.

    Зуны амралтаараа Дарьганга пионерийн зуслангийн пионерийн ахлах удирдагчаар, ахлах ангийн сурагчдыг хариуцан тариа бригадын Яргуй зусланд ажиллах, Уулбаян суманд ахлах ангийн эмэгтэй сурагчтай тариа хураа, хонь ямаа сааж аймгийн сүү тосны төлөвлөгөөг биелүүлэхэд хувь нэмрээ оруулсан. Ноос, дэл, сүүл, хөөвөр бэлтгэх, малын хашаа, мал угаалгын онгоц барих зэрэгт гар бие оролцсон ёстой л тариаланч, саальчин, барилгачин, тамирчин, зохион байгуулагч багш байлаа.

    Тэрээр өндөр насны тэтгэвэрт гараад мал аж ахуй эрхлэн цагаан идээ боловсруулах арга барилд залуучуудыг дагалдуулан сургаснаар Ш.Оюун, Д.Алтанцэцэг, Н.Оюунзул нар 2012, 2013 онуудад үзэсгэлэн худалдаанд оролцож цагаан идээ худалдаж 850,0-1680,0мянга гаруй төгрөгийн орлого олсон байна.

    Гэрээр болон хөдөлмөр халамж үйлчилгээний газрын өдөр өнжүүлэх бүлгийн багшаар 3 жил ажиллаж 100 гаруй сурагчдад суралцах арга барилд нь туслаж, олимпиадад бэлтгэсэн сурагчид нь мөнгө, хүрэл медаль, тусгай байр эзэлж байсныг үнэлж түүнийг Гарын шавь, гэрийн багш цол тэмдгээр шагнасан.

    Б.Мядагмаа багшид ажил хөдөлмөрт үнэнч ханддаг, түүнийг хийж дуусгахын төлөө хүчээ дайчлан ажилладаг нандин чанар байдгийг хамт ажиллагчид нь өндрөөр үнэлдэг. Багш нар, хамт олны дунд нэр хүндтэй, залуу багш нарт тусалж тэднийг цаг ямагт дэмжиж ажилладаг, ажил үйлсээрээ манлайлан хошуучилж байсан ахмад багш Батжаргалын Мядагмаагийн ажлын олон жилийн уйгагуй хөдөлмөр зүтгэлийг үнэлэн монгол улсын төрийн дээд шагнал “Монгол Улсын Гавъяат багш”-гоор шагнуулахаар тодорхойлж байна.

  • Жанживын Оюунгэрэл

    1955- 2020

    Петровис ХХК-ийн ТУЗ-ийн дарга, Улаанбаатар хотын Худалдааны Танхимын Ерөнхийлөгч, Улаанбаатар дахь Бритиш Сургуулийн ТУЗ-ийн дарга, Петроматад ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн, Ард Санхүүгийн Нэгдлийн ТУЗ-ийн гишүүн, Mongolian Mining Corporation-ий ТУЗ-ийн гишүүн.

    Тэрээр үндэсний үнэт зүйл, үндэсний эрх ашигт нийцтэй, өргөн цар хүрээнд сэтгэсэн шинэ санал, санаачилга, төсөл, бизнесийг өргөн хүрээнд дэмжиж ажилладаг байсан бөгөөд шинэ залуу үеийн бизнес эрхлэгчдийг халамжлан хүмүүжүүлэг байсан билээ. Тэрээр зөвхөн бизнес эрхлэгч байсан төдийгүй ХӨГЖЛИЙН ЗҮТГЭЛТЭН, НИЙГМИЙГ ШИНЭЧЛЭГЧ байсан билээ.

    Орчин цагийн Монгол Улсын зах зээлийн эдийн засгийг бүтээлцэхэд асар их хувь нэмэр оруулж, өөрийн гэсэн нөхөшгүй орон зайг үлдээсэн билээ. Олон мянган хүнийг ажлын байраар хангаж, Монгол орны өнцөг бүрт бүтээгдэхүүнээ түгээсэн үндэсний манлайлагч групп компанийг тэрээр хамтран зүтгэгчдийн хамт хорь гаруйхан жилийн дотор байгуулж чадсан шаргуу хөдөлмөрч, хүчирхэг, ухаалаг бизнес эрхлэгч.

    Үргэлж шинийг эрэлхийлдэг байсан тэрээр газрын  тосны бүтээгдэхүүний салбараас гадна технологи, боловсрол, санхүү, уул уурхай, шатдаг хийн түгээлт зэрэг маш олон салбарт олон төслүүдийг санаачилж, амжилттай удирдаж, залуу шинэлэг бизнесүүдэд хөрөнгө оруулж, шинэ залуу боловсон хүчнийг дэмжиж, цаг үеэ байнга урьдчилж харах чадвартай авъяаслаг бизнес хатагтай байсан. Түүний хөрөнгө оруулсан бизнесүүд нь салбартаа дандаа шинэ стандарт тогтоогч болж чадсан юм.

    Монгол Улсын чөлөөт эдийн засаг, ардчилсан нийгмийг хөгжүүлэхэд тэрээр онцгой анхаарч Улаанбаатар хотын Худалдааны танхимын Ерөнхийлөгч, Монголын CEO клубийн үүсгэн байгуулагч, “Хүрээ ротари” клубийн үүсгэн байгуулагч зэрэг олон байгууллагыг үүсгэн байгуулахад оролцон нэр төртэй удирдаж, үе үеийн бизнес эрхлэгч, залууст үлгэр дуурайл болсон билээ.

    Түүний хөдөлмөрч, бүтээлч зан чанар, улс орныхоо сайн сайхны төлөө зүтгэсэн хичээл зүтгэл нь үлгэр дуурайлал болж бидний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдах болно.

    АЖЛЫН АРГА БАРИЛ: Би хэрхэн ажилладаг вэ

  • Бямбасүрэнгийн ШАРАВ

    Нэрт хөгжмийн зохиолч

    Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Төрийн шагналт, Урлагийн гавъяат зүтгэлтэн, Чингис хаан одонт

    1952 оны 11-р сарын 13-нд Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд төрсөн. 1983 онд ОХУ-ын Екатеринбург хотын Уралын хөгжмийн их сургуулийг хөгжмийн зохиолч мэргэжлээр төгссөн. 1992 онд Төрийн шагнал, 2002 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртсэн.

    Орчин цагийн Монголын сонгодог хөгжмийн ноён оргилуудын нэг Шаравын бүтээл нь Дэлхийн хөлбөмбөгийн аваргын нээлт, Нобелийн шагнал гардуулах ёслол болон АНУ- ын Корнеги холл, Британын Альберт холл, Японы Сантори холл зэрэг дэлхийн нэгдүгээр зэрэглэлийн тайзуудад тоглогдсон бөгөөд АЖ Ж.Чулуун гуайн “Ардын дуунуудын найруулга”-ын хамт ЮНЕСКО- ийн дэлхийн соёлын өвд Монгол Улсаас бүртгэгдсэн 3 сонгодог хөгжмийн бүтээлийн нэг юм. Тэрээр Монгол үндэстэн дэлхийн хөгжмийн сан хөмрөгт юу бүтээснийг л илэрхийлэх гэж тэмүүлж үндэсний онцлогтой Монголын хөгжмийн урлагийг дэлхийн түвшинд хүргэж чадсан юм.

    Тэрээр “Чингис хаан” дуурь, “Зуурдын орон” балет, “Ононд хатаагдсан илд” дуулалт жүжиг, 1, 2-р симфони, “Замбуу тивийн наран” магтуу, Эх орон, Сэтгэлийн эгшиг, Баярын уянга, Аав ээж хоёр минь, Бөртэ хатан зэрэг дан хөгжмийн 70 гаруй бүтээл, 300 гаруй дуу, романс, “Сэрсэн тал” үндэсний найрал хөгжмийн удиртгал, “Ард Аюуш”, “Байлдааны даалгавар”, “Илүү сартай зун” зэрэг 20 гаруй киноны хөгжим бичжээ.

    Алдарт удирдаач Валерий Гергиевийн хэлсэнчлэн “Тэнгэрийн Симфони” буюу “Хоёрдугаар Симфони”- г 1984 онд Санкт Петербургийн Сонгодог хөгжмийн их наадмын үед Бүх Оросын симфони найрал хөгжим, найрал дуучид дуулж бичүүлсэн байдаг. 21 минут 40 сек үргэлжилдэг уг симфони нь Бетховены “Есдүгээр Симифони”- той эн зэрэгцэхүйц, тэнгэр газар нийлэн үйлсэх байгал ертөнцийн агуу их хүчийг хөгжмийн ба хүмүүний дуу хоолойгоор хосгүй гарамгай эгшиглүүлсэн нь өдгөө хүртэл дэлхийн урлаг соёлын модернист үзэлтнүүдийг бишрүүлсээр байгаа дэлхийн хэмжээний бүтээл билээ. Шаравын “Хоёрдугаар Симфони” сэдвээр Япон ба АНУ-ын зураачид “Тэнгэрийн Аялгуу” нэртэй зургуудыг зурсан байдаг.

    ЦОМОГ
    “Сүхийн цагаан морь” цомог татах: http://hi-fi.mn/?p=19128
    “Түмний эх” цомог татах: http://hi-fi.mn/?p=18031
    “Үлэмжийн ертөнц” цомог татах: http://hi-fi.mn/?p=10599
    “Үхэж үл болно” цомог татах: http://hi-fi.mn/?p=10929
    “Монголын тал нутаг” цомог татах: http://hi-fi.mn/?p=7159
    “Дуулъю” цомог татах: http://hi-fi.mn/?p=7114
    “Чингисийн эх орон” цомог татах: http://hi-fi.mn/?p=19137

    www.facebook.com/byambasuren.sharav
    https://www.youtube.com/channel/UC7EBSmTlIScxGyxMQ…
    www.sharav.mn

  • Пүрэвдоржийн ЦЭРЭНДАГВА- Ардын жүжигчин, нийгмийн зүтгэлтэн

    1948 онд Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд төрсөн. 
    1976 он УБДС-ийн Кино драмын ангийн Жүжигчний мэргэжлээр төгссөн.
    1968 оноос одоог хүртэл тус театрын жүжигчнээр ажиллаж байна.

    Монголын тайз, дэлгэцийн нэрт жүжигчин. Тэрээр 1948 оны 5-р сарын 18-нд Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд мэндэлсэн.

    1976 онд УБДС-ийн Кино драмын ангийн жүжигчний мэргэжлээр төгссөнөөс хойш Улсын Драмын Эрдмийн Театрт жүжигчнээр ажиллаж байна. “Хаан түүх” жүжгийн Хаан, “Жамуха” жүжгийн Чингис, “Тамгагүй төр” жүжгийн Эгрэгэ өрлөг, “Хүйтэн сэнтий” жүжгийн Богд хаан, “Атга нөж” жүжгийн Хөхөчү гэх мэт түүхэн жүжгийн дүрүүд болон “Мандухай сэцэн хатан” түүхэн киноны Ибрай тайш зэрэг олон жүжиг, кинонд дүр бүтээсэн юм.

    Тэрээр уран бүтээл болон ярилцлагуудаа үндэсний үнэт зүйл, монгол хүний ёс жудагийг хойч үедээ өвлүүлэн үлдээх чин зорилготой нэрт уран бүтээлч, багш, нийгмийн зүтгэлтэн.

      БҮТЭЭСЭН ДҮР, УРАН БҮТЭЭЛҮҮД

      “Гарын таван хуруу” жүжгийн Баяр
       “Ээдрээ” жүжгийн Галдан жонон ван 
      “Хаан түүх”
       жүжгийн Хаан 
      “Жамух” жүжгийн Чингис 
      “Тамгагүй төр” жүжгийн Эгрэгэ өрлөг 
      “Хүйтэн сэнтий”
       жүжгийн Богд хаан 
      “Атга нөж”
       жүжгийн Хөхөчү 
      “Саран хөхөө” жүжгийн Ямши 
      “Нора” жүжгийн Хельмер 
      Ричард III” жүжгийн Бекингем, Ричард 
      “Ромео Жульетта”
       жүжгийн Капульетта Хотын захирагч 
      “Цахлай” жүжгийн Сорин 
      “Парисын дарь эхийн сүм”
       жүжгийн Фролло 
      “Тэнгэрийн хүү”
       жүжгийн Лүсү ван 
      “Гамлет” 
      жүжгийн Клавди

      АМЖИЛТ, ШАГНАЛ

      1991 онд МУ-ын Гавъяат жүжигчин
      2001 онд МУ-ын Ардын жүжигчин 
      1995 онд “Ричар III” жүжгийн Бекингемийн дүрээр Соёлын яамны “Оны шилдэг дүр”-ийн шагнал, 
      2003 онд “Шөнө дундын бүжиг” жүжгийн Амегогийн дүрээр “Гэгээн Муза” наадмын “Шилдэг эрэгтэй туслах дүр”-ийн шагнал, 
      2004 онд бүтээсэн “Саран хөхөө” жүжгийн Ямши ноёны дүрээр “Гэгээн Муза” наадмын “Шилдэг эрэгтэй гол дүр”-ийн шагнал
      2008 онд “Эдип” жүжгийн Трессийн дүрээр “Гэгээн Муза” наадмын “Шилдэг эрэгтэй туслах дүр”-ийн шагнал
      2009 онд “Парисын дарь эхийн сүм” жүжгийн Фрологийн дүрээр “Гэгээн Муза” наадмын “Шилдэг эрэгтэй гол дүр”-ийн шагнал 

      ЯРИЛЦЛАГА УНШИХ

      П.Цэрэндагва: “Би, би” гэдэг өвчнөөр билэг танхай болох гэж шуурсны, маш товчхон хэлбэл зээлдмэл ухаан, эшлэлийн онолоор явсныхаа горыг амсаж байна гэхээс биш хэлэх үг олддоггүй юм. Бид чинь монголчуудад өөрийн гэх ухаан гэж юм байдаг бол түүнийгээ гээчихсэн хүмүүс шүү дээ. Тэгээд бусдын гял цал юманд нүдээ унагаснаа соёл гэж эндүүрсэн. Тэрэнд өөрөө юмгүй юм шиг уулгалан дайрсныхаа горыг одоо амсаж явна даа.

      Монгол Улсын Ардын жүжигчин П.Цэрэндагватай уулзаж ярилцлаа.

      -Соёлын тэргүүний ажилтан, дуучин Д.Отгонжаргалын дуулсан “Миний ээж тэмээчин” дууны клипэнд та ханьтайгаа тоглосон нь үзэгчдийг уйлуулж уяруулсан. Та сүүлийн үед ямар уран бүтээл хийж байна?

      -Сүүлийн үеийн уран бүтээл гэвэл төлөвлөсөн уран бүтээлүүддээ ороод явж байна. Удахгүй үзэгчидтэйгээ “Говийн домог” хэмээх бүрэн хэмжээний уран сайхны киногоороо уулзана. “UBS” телевизийн хамт олны хийж буй энэ кино л одоохондоо томоохон уран бүтээл маань юм уу даа. Отгонжаргалын “Миний ээж тэмээчин” дуунд ханьтайгаа оролцон тоглосон. Ер нь эхийгээ хайрлаж, хүндэлж, дээдэлж явна гэдэг хүмүүн болж заяасны шинж гэж ойлгодог учраас энэ дууны клипэнд орооч гэсэн саналыг бид хүлээж авсан. Хамгийн гол нь бүтэц нь их сонин санагдсан. Юу вэ гэхээр зүгээр нэг дууг дүрсжүүлэх биш богино хэмжээний кино ч байж болохоор хэмжээнд сэтгэж хийсэн учраас тоглосон гэхэд болно. Дуучин маань ямар сайхан дуулсныг үзэгч, сонсогчид маань таашаан хүлээж авч байгаа нь сайшаалтай.

      -Удахгүй олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу манайхны хэлж заншсанаар Мартын 8-ны баяр болох гэж байна. Та ханиа яаж баярлуулдаг вэ?

      -Хүн ханиа яаж баярлуулдаг билээ, тэр жишгээс хазайгаад байх нь хаашаа юм. Би олноос онцгойрох юм уу, олонд чирэгдэх гэдэг хоёр туйлшралыг тэгтлээ нэг их ойшоодоггүй. Ер нь хүн өөрийнхөө үүрэх ёстой ачааг үүрсэн шиг үүрэх ёстой л гэж боддог. Тийм л өрхийн тэргүүн байгаа юм. Ханийнхаа тухай ярина аа гэдэг чинь Цэрэндагва төрдөө үнэлэгдэж, түмэндээ хүндлэгдэж яваагийн цаад талд хатан ухаан сүлсэн ханийн минь нөмөр нөөлөг дэндүү их байдаг юм аа гэдгийг би хэний ч өмнө хэлэхээсээ тэгтлээ нэг их ичдэггүй. “Авгайгаа магтсан хүн адгийн тэнэг” гэлцдэг юм билээ. Ингээд хэлчихсэнийхээ төлөө тэнэг гэж дуудуулахаасаа нэг их эмээгээд байдаг хүн би биш. Юу үнэн гэвэл хань минь надад өнөөг хүртэл нөмөр нөөлөг болж яваа нь орчлонгийн ганц үнэн. Тийм учраас хань бидэн хоёр бие биеэ хүндлэн дээдэлж, учирлан хүлцэх минь уудам хорвоод улам их болж байх шив дээ. Бид хоёр уран бүтээлийн ажилд том жижиг гэлтгүй оролцох ёстой ажилдаа оролцоод явж л байна. Аливаа уран бүтээлд жижиг сажиг гэсэн ойлголт байдаггүй. Гагцхүү тэнд сэтгэл, итгэл, зүтгэл байж л ажил болдог.

      -Эмэгтэйчүүдийн баярын дараа Монгол цэргийн өдөр гээд л баяр үргэлжилдэг дээ?

      -Цэргийн баярыг манайхан цэргийн хугацаат албанд зүтгэж байгаа хүмүүсийн баяр мэт ойлгодог тал байдаг байх. Гэхдээ эр хүн бүхний бодож, сэдэж, сэрж явах ёстой баярын нэг нь энэ. Ер нь баяр гэдэг юманд нэг их хөвсөлзөн хөөрөөд байдаг хүн би биш. Баяр тэмдэглэснээрээ улс орон хөгждөг цэцэглэдэг бол Монгол орон хөгжил цэцэглэлтийн туйлд хүрэхээр болчихоод байна. Аливаа баярын үлдээцтэй зүйл, хүртээмжтэй хандлага нь ямар юм бэ гэдгийг бодож хийвээс баяр бүхнийг тэмдэглэж болно. Гагцхүү баярыг тэмдэглэснээр нийгмийн хөгжилд ямар түлхэц өгч байгаа юм бэ гэдэг тал нь илүү байваас баярын утга учир тодорхой болно.

      -Таны ах Пүрэвжавын Сандуйжав гэж Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч, авьяаслаг яруу найрагч хүн байлаа. Ахынхаа тухай яриач?

      -Ахыгаа маш их үгүйлж байна. (Нүдний шилнийх нь цаана нулимс нь цийлэгнээд ирэв. сур) Маш их санаж явдаг зүйлийн маань нэг ах минь юм. Миний ах нэг их олон юм яриад цээжээ дэлдээд, хашгичаад гуугачаад явдаг хүн биш. Монгол эр хүний амин ухаан гэж ямар юм байдаг юм бол тэр хэмжээнд амьдрал ахуйгаа авч явсан хүн. Зөвхөн өөрийнхөө амьдралыг ч биш өнчин үлдсэн хэдэн дүү нараа өргөж тээж хоолонд нь хүргэсэн, ханьтай болсноосоо хойш ханиа хүндлэх, ханиа хайрлах, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх бүх зүйлд өрхийн тэргүүн шиг явсан ийм хүн. Олонтой, найз нөхөдтэй, тэднийхээ итгэл сэтгэлийг үүрч дүүрч явж чадсан хүн байсан гэж би боддог юм. Намайг жүжигчний мэргэжил сонгоход хамгийн их эсэргүүцэж дургүйцэж байсан хүн бол миний ах. Ээж маань ахад “Юу гэх вэ, цаадахаа дураар нь орхи” гэж хэлснээр ах маань буулт хийсэн. Би амьдралдаа ахаасаа зөрсөн ганц тохиолдол энэ байх. Миний ах надад “За, хүү минь чи, насаараа хүний хэлээр ярих мэргэжил сонголоо доо. Энэ хүний хэлийг өөрийн хэл болгох гэж мөн ч их зовох байх даа. Буянаараа болог дээ” гэж хэлсэн. Тэр үедээ энэ үгийг би сайн ухаараагүй. Би энэ үгийг одоо санах сэрэх болгондоо хүний хэлээр ярьж яваа гэдгээ ойлгодог. Хүний хэлийг өөрийн болгох гэж тавь гаруй жилийг жүжигчний ажилд үрчихэж дээ. Тэр үг нэг зорьсноосоо буцахгүй байхын ташуур, чигээрээ зөрүүдэлсэнийхээ хэрээр бодож явах бодлыг тархинд нэвт шингээж өгсөн нь миний ахын ухааны цараагийн нэг илрэл юм даа. Ахыгаа хүндэлж хайрлаж явсан.

      -Хүндлэл хайраа яаж илэрхийлж байв?

      -Ахыгаа баярлуулах гэж хичээж байсан. Тэр нь юу вэ гэхээр бурхан болтол нь дэргэд нь архи уух битгий хэл, тамхи татахыг ч цээрлэнэ. Тамхийг нууж татаж явсаар ахыгаа үдэж өгсөн дөө. Тэрийг маань ах мэдээгүй биш мэдрэхийн дээдээр мэдэрсэн байх. Дүүгээ эмээж байхыг хараад баярлаж байсан болов уу.

      -Ахтайгаа хэдэн насны зөрүүтэй билээ?

      -Бид хоёр арваад насны зөрүүтэй.

      -Орчин үед “хүн ахтай, дээл захтай” байх нь алдагдсан юм шиг санагддаг. Танд ийм зүйл анзаарагдах юм уу?

      -Анзаарлаа гээд яахав дээ. Бидний сонгоод авчихсан нийгэм чинь л энэ шүү дээ. Яг нийгмийнхээ мөн чанарыг таниад ирэхээр “Би, би” гэдэг өвчнөөр билэг танхай болох гэж шуурсны, маш товчхон хэлбэл зээлдмэл ухаан, эшлэлийн онолоор явсныхаа горыг амсаж байна гэхээс биш хэлэх үг олддоггүй юм. Бид чинь монголчуудад өөрийн гэх ухаан гэж юм байдаг бол түүнийгээ гээчихсэн хүмүүс шүү дээ. Тэгээд бусдын гял цал юманд нүдээ унагаснаа соёл гэж эндүүрсэн. Тэрэнд өөрөө юмгүй юм шиг уулгалан дайрсныхаа горыг одоо амсаж явна даа. (Тэрээр яг л жүжгийн галзуу хүний дүр бүтээж буй мэт авзаатай зэвүүнээр чанга хөхрөн инээв. сур)

      -“Монголоо алдмар” гэж өвгөдийн нэг муухай хараал байдаг даа. Тэр үг биеллээ олж байна гэж хэлж болох уу?

      -За, тэгж амны алдас хийгээд яах вэ. Одоо цагт ярьж байгаа юм бол амны алдас. Ер нь бодох л ёстой үг. Энэ байтугай юмыг саналгүй, сэрэлгүй орхисныхоо гайг амсаж байна гэж товчхондоо хэлээд байгаа юм шүү дээ. Тэрнээс биш ийм нэг амны алдас болсон зүйлийг яриад байвал улс орны хөгжилд нэмэр болохоос нэрмээс болох нь их болов уу даа. Чиний наад хэлж байгаа үг чинь яг үнэн. Биеллээ олж байна гэж хэлж болно. Бид хэзээ ухаарч, гэгээрч, сэхээрэх юм бэ гэдэг л их бодууштай юм даа.

      -Улсын драмын эрдмийн театрт ажиллаж байсан алтан үеийнхний олон тэгш ой энэ жил тохиож байгаа. Зуун жилийн ой нь тохиож буй төрийн шагналт, ардын жүжигчин Э.Оюун гуайтай та хэр ойр байв?

      -Театр гэж буянтай айлын босгоор давж орсноо би өөрийнхөө авьяас билэгтэйдээ бус Монголын тайзны урлагийн ахмадууд, алтан үеийнхэн гэж түүхэнд тэмдэглэгдсэн хүмүүсийн билгийн хараатай холбон бодож явдаг. Тэр хүмүүсийн нэг Оюун багшийнхаа шавь нь болж явлаа. Тэнд Оюун багшийн дуу гарахад энд миний тавхай гялалзаад зугтаж явсан болохоос ойртож ярьж хөөрч байх тийм боломж байсангүй л дээ. Айж эмээхээс гадна тэр агуу хүнийг хүндэлж бишрэхтэй холбоотой. Ганцхан Оюун гуай ч биш бүхий л ахмадуудынхаа үгийг нь сонсож явсан хүн л дээ, би. Энэ жил манай театрын их олон хүний тэгш ой тохиож байгаа. Тэднийхээ талаар бид л ярихгүй бол хэн ярихсан билээ. Бид л хийхгүй бол хэн хийхсэн билээ гэдэгчлэн багшийн зуун жилийн ойг тохиолдуулж УДЭТ-ын удирдлага санаачилж “Би эндээс явахгүй” жүжгийг нь залуу зохиолч Мэндсайханы шинэтгэснээр алтан тайзнаа тавьж үзэгчдэдээ өргөн барьж байгаа юм. Бүтээлч хүн гэдэг бүтээлээрээ мөнхөрдөг юм байна гэдгийг олон түмэндээ хэлээд зогсохгүй энэ бүхнээс авах, гээхийн ухаанаар бодох юм их байна шүү гэдгийг хэлье.

      -Бид ер нь юугаа гээгээд байгаа бол?

      -Монгол ёс заншил, монгол соёл, монголтой холбоотой бүхнийг мартагнуулах гээд байна уу даа гэж би их халагладаг. Үүнийг төр засаг руу чичлэхээсээ өмнө хувь хүн би Монгол байхын тулд, Монголоо мэдрэхийн тулд, Монгол гэж ярихын тулд юу хийсэн юм бэ гэдгээ иргэн бүр санаж, сэдэж, ухаарах цаг нь болсон.

      -Ардын жүжигчин Мэндбаяр гуай та хоёр зохиолч А.Шартолгойн “Ренчиний Чойном” жүжигт тоглосон. Одоо яруу найрагч Намжимын Очирбат агсны “Хөх дэвтэр” номын хуримд уригдан ирж. Яруу найрагчидтай их дотно байв уу?

      -Миний яриад байгаа монгол хүн байхын жинхэнэ утга учир нь Намжимын Очирбат гэж энэ сайхан яруу найрагч байлаа. Энэ хүн надаас ахмад. Миний ах П.Сандуйжавын МУИС-ийн оюутан ангийн анд. Н.Очирбат найрагч хүнийг хөгшин залуу, хөрөв нялх гэж ялгалгүй хэнийг ч бай хүнтэй хүнийх нь хувьд харьцаж чаддаг нь намайг татдаг байсан. Энд бас мэргэд цуглаж байна. Үгийн урлагийн мастеруудынхаа үгийг сонсохоор би ирлээ. Яагаад бид яруу найрагчдыг хайрлаж хүндэтгэдэг юм бэ. Өнөөдөр монгол хэлнийхээ төлөө бүгд анхаарахгүй бол устаж мөхөх аюулын харанга дэлдэх цаг тулаад ирчихсэн байна шүү гэдгийг санаж сэрэх хэрэгтэй. Зохиол бичдэг хүмүүс ч анхаарах хэрэгтэй. Монгол хэлний эгшиглэнт чанар алдагдаад байна. Эгшиглэнт чанар алдагдана гэдэг ярианы хэлэнд яруу сайхан монгол хэл маань уусаж мөхөж байгаа юм шүү. Эзээгүй унших хүн цөөрчихсөн учраас тайвшраад байх шиг байна. Уншдаг хүн ихдээд ирэхээр нэхэгдэхээс өөр гарцаагүй ажил болж байна гэж би мунхаглаж явдаг юм даа.

      -Муусайн яруу найрагч, зохиолчид, жүжигчид, дуучид нийгэмд юу ч хийж бүтээдэггүй амьтас гэж дорд үзэх хүмүүс олширлоо…

      -Ярилгүй яах вэ, наадах чинь монгол эр хүнийг хүчгүйдүүлэх, монгол хүмүүсийг хооронд нь яавал эвтэй найртай байлгахгүй байх вэ гэсэн гаднын хорт бодлого яваад байгаа юм биш байгаа гэж би их эмзэглэдэг. Уран бүтээлчид хийж байгаа бүхнээ илүү их бодож хийх хэрэгтэй болж байна.

      -Цагаан сар саяхан болж өнгөрлөө. Танд хацраа үнэрлүүлэх дүү нар, шавь нар жилээс жилд олшроод байгаа биз?

      -Сэтгүүлч та нар ч бас асуух юмаа асууж л байж санаа амардаг улс л даа. Маш товчхон хариулахад миний үнсүүлэх хүний тоо цөөрөөд, үнсэх хүний тоо нэмэгдэж байгааг нуугаад яахав. Насны хувьд ч, элээсэн он жилүүдийнхээ хувьд ч ийм жамтай учирдаг юм байна. Ингэх тусмаа өнгөрсөн үеийг дурсаж, бодож санахдаа “Үлдээх юм маань юусан билээ” гэдгийг эргэцүүлэх цаг гарцаагүй ирж байна даа.

      Л.Батцэнгэл (Өдрийн сонин) 2018.03.09