Category: professional-advisors

  • Гончигийн ГАН-ӨЛЗИЙ- Аялагч, гэрэл зурагчин

    Аялагч, гэрэл зурагчин

    Монгол орны байгаль, нүүдлийн соёл иргэншлийн фото зурагчин. Монгол орноо олон улсад сурталчилан танилцуулсан нэрт зурагчин.

    Хүмүүс өнгөнд татагддаг. Тиймдээ ч ногоон байгальд улаан даашинзтай авахуулсан эмэгтэйн зургийг  фэйсбүүкт оруулбал дорхноо маш олон хүн таалж, like-аар булах нь түгээмэл. Хүнгүй, үйл явдалгүй  зүгээр л байгалийн өнгөт зураг хүртэл сэтгэл татам харагддаг нь өнгөний шид юм. Тэгвэл Монголын байгаль, монгол хүмүүсийн аж амьдрал, түүх соёлын дурсгалын гэрэл зурагчин Г.Ган-Өлзий өнгөрсөн аравдугаар сард гаргасан “Нүүдэлчин Монгол” үзэсгэлэнгээ дан хар, цагаан зургуудаар гаргасан юм.   Хар,цагаан зургийг  зэрвэс хараад өнгөрвөл  юу ч мэдрэхгүй,мэдрэх нь байтугай магадгүй харахгүй. Харин   билгийн мэлмийдээ сайтар тольдож харахуй агуулга аяндаа тодроод ирэх аж. Г.Ган-Өлзий зургууддаа сэтгүүлчид хүртэл цөөн хэрэглэх болсон монгол үгээр тайлбар өгдөг нь бүр ч таалагдсан.

    “Нэгэн удаагийн аялалд гарахдаа хөхүүртэй айраг, айраг бүлж байгаа хүүхэд, айраг ууж байгаа хүний зураг авна гэсэн төлөвлөгөөтэй явлаа.Гэтэл хөхүүр гэдэг нүдний гэм болж. Айлууд урдаас хятад спиртний том хөх савыг л харуулах боллоо шүү” хэмээгээд Ховдын Мөнххайрханд нэгэн айлд ороод хөхүүртэй айраг  бүлж байгаа хүүхэдтэй таарч  хэрхэн баярласан тухайгаа  “Тоочин хүү” хэмээх айраг бүлж буй хүүхдийн зурагнаа тайлбарлажээ.  Эрж хайсан үзэгдлээ олсон зурагчны маань хамрын самсаа нь  шархирсан гэнэ.

    Үнэхээр л зорьсон зурагчны хувьд зол баяр болон “учирсан” айраг бүлж буй хүүхдийн төрх өнөөгийн залуусын хувьд цоо шинэ үзэгдэл аятай болжээ. Г.Ган-Өлзийн  аав Д.Гончиг гуай “Хүү минь зургуудаа монгол хэлээр, монгол ахуйгаар тайлбарлаад байгаад нь олзуурхдаг. Одооны залуучууд монгол хэлээ мэдэхээ байсан” гэв. Аавын анзаарснаар Г.Ган-Өлзий ботгыг “уяна” гэж бичихийг “зэллэнэ” гэж бичээд нэг л алдаа гаргажээ. Харин надад “Том уу, жижиг үү”, “Овооны орой” гэх хоёр зургийнх нь тайлбар илүү сэтгэгдэл үлдээсэн юм.  “…Хэдий мориноосоо хэд дахин жижигхэн биетэй ч түүний эмээл морины нуруун дээр байр сууриа олж, гарт нь цулбуур нь атгаастай байна” гэх тайлбарыг  мориныхоо цулбуураас барин зогсоо бяцхан хүүгийн “Том уу, жижиг үү” гэх зурагнаа зүүжээ. Харин овооны орой дээр гишгэлж гараад хадаг уяж буй эрийн зурагт “Хэн нэгний хүндэтгэл дээгүүр алхаж гараад өөрийн хүндэтгэлээ илэрхийлэх нь ямар харамсалтай харагддаг юм бэ…” гэжээ. Ах, дүү Соёлын гавьяатууд болох зохиолч, сэтгүүлч Долгорын Цэнджав, Долгорын Чулуунбаатар нар Ган-Өлзийн авга ах нар. “Ах нарын “юм” надад байх шиг, ямар ч байсан зургийн тайлбараа мэдрэмжтэй биччихдэг шиг байгаа юм” хэмээн Г.Ган-Өлзий “омгорхов”.

    Тэднийхэн Дундговь аймгийн Гурвансайхан сумын уугуул. Удам судар хөөвөл эрдэм номтой лам нарын үр сад ажээ. “Надаас бусад нь бичиг, соёлын ажилд сайн” гэж Д.Гончиг гуай гавьяат дүү нараараа бахархангуй өгүүлэв. Дөчин жил хилийн цэрэгт  алба хашсан аавыгаа дагаж, нүүдлийн шувуу мэт өнгөрсөн гэрэл зурагчны  бага нас өнөөдрийн хийж буй ажил, амьдралынх нь учгийг яах аргагүй хөврүүлж өгчээ гэж дүгнэхэд хүрсэн юм.

    Том уу, жижиг үү

    “Багадаа аавынхаа “Зорько” аппаратаар зураг авдаг байгаад  алга болгочихсон.Аппарат ч алга болсон, миний гэрэл зураг авах хүсэл ч тэгээд унтарсан” гэж   өгүүлэв. Харин Д.Гончиг гуай “Би зураг авах нээх дуртай биш байсан, “Чайка” аппараттай байгаад нүүдэл дунд л алга болсон байх” гэв. Аппаратны нэр хийгээд алга болсон түүхийг хайнгадуухан ярьсан   аавын хувьд л лав хүүгийнхээ гэрэл зургийн сонирхолд нөлөөлөөгүй бололтой.  Харин хилчин хүний эх орныхоо ширхэг өвсийг ч манаж, харж,  гярхай ажиглаж явдаг гайхам онцлог Г.Ган-Өлзийд гарцаагүй шингэж үлджээ. “Монголын хил гэдэг чинь ан гөрөөс нь сорлог, ус нь тунгалаг, ургамал нь соргог, хүн зон нь ч сайхан газар. Тийм газарт бага нас нь өнгөрсөн болохоор миний хүүгийн нүд нь нээгдэж, урам нь сэргэж өссөн байх” хэмээн Д.Гончиг гуай өгүүлсэн.

    Дундговь,Өмнөговь, Ховд, Сүхбаатарын хилийн отрядуудаар нүүдэллэж явсан тэднийхийг  Сулинхээрийн заставт байх 1972 онд хоёр дахь шинэ хүн мэндэлсэн нь  Г.Ган-Өлзий байжээ. Сулинхээрийн застав тэр үед адуу нь зэрлэгшсэн газар байж.  Тэр  газар нутгийнхаа шувууг хүртэл зүсэлчихдэг ажигч гярхай хилчний гэр бүл, ардын амьдрал дунд өссөн бага насны төлөвшил  түүнд нэг талаар аяллын хөтөч,нөгөө талаар гэрэл зураг авах билгийн мэлмий, хүсэл мөрөөдлийн харгуй  болдог ч юмуу гэж бодогдсон. “Манай гэр бүл  Монголынхоо бүх л сайхан газруудаар явсан, одоо ч хүү минь  өөрөө хаа сайгүй явдаг болж дээ” хэмээн аав хэлэв. Г.Ган-Өлзийд очоогүй сум гарын 10 хуруунд тоологдох тоотой үлджээ.

    “Цог” дээд сургуулийг эрх зүйч, хуульч мэргэжлээр төгссөн Г.Ган-Өлзий зах зээлд анхлан хөл тавьсан бусдын л  адил нэг үе наймаачин, таксины жолооч,  борлуулалтын менежэр гээд юм юм хийжээ.

    Зөв ч бай,буруу ч бай дандаа л урагшаа явж байсан гэж энэ тухайгаа хэлэв.

    2005 онд Монголын  урлагийн зөвлөлөөс хүүхэд багачуудын урлагийн боловсролыг дээшлүүлэх зорилготой “Хүүхэд ба дуран” төсөлд нэгэн англи хүний удирдлага дор ажиллах боломж олдсон нь хүүхэд насны мөнөөх нуугдмал хүслийг бодит болгох эхлэл болсон гэлтэй. 2007 онд БНСУ-д зургаан сарын урлагийн менежэрийн  тэтгэлэгт сургалтад очоод тэтгэлгээрээ зургийн аппарат авч. Улмаар гэрэл зургийн амт шимтэнд татагдан орж, www.agshin.mn гэх мэт гэрэл зургийн вэб сайтад зургаа тавьдаг болжээ. Тухайн үед Монголд дижитал төхөөрөмж анхлан нэвтэрч байсан учраас залуус гэрэл зураг олноор сонирхож эхэлсэн цаг үе байв. 2009 онд Англи улсад таван сар болохдоо тэндхийн гэрэл зурагчидтай аялалд хүртэл явж, 2010 онд Монголд ирээд л гэрэл зургийг ажил болгохоор зориг шулуудан “Студи-11” студиэ байгуулжээ. Тэрбээр  жилийн 365 хоногийн бараг 200-г нь зураг авахын тулд  Монгол орноороо аялж өнгөрүүлдэг.

    Бусдаасаа ялгаатай нь Г.Ган-Өлзий цор ганцаараа аялдаг. Машинаа өөрөө барьж, майхнаа ганцаар босгож,хоол унд,аян замын эрсдэл гэхчилэн туулах замын бартаа саад, жаргал зовлонг ганцаараа л үүрдэг.“Бясалгана гэхэд хаашаа юм,ганцаар явахад юм бодож, бодлоо цэгцэлж, тархи толгойдоо ажлаа төлөвлөж  л явна шүү дээ” хэмээн тэр  хэлсэн. Түүний хувьд өөрийгөө олох, дотоод ертөнцдөө нэвтрэх хамгийн сайхан боломж аяллын зам гэнэ.  Зураг авахын тулд аялах бол  ажил, бас амьдралынх нь салшгүй хэсэг. Жилийн гуравны хоёрыг ганцаар аялаад алга болоход ар гэрийнхэнд хэцүү л байдаг байхдаа гэсэн шүү юм  хөндлөнгийн хэнд ч бодогдоно. “Тэнээд явж байхад нь ар гэр,хэдэн хүүхдээ хэл амгүй аваад явна гэдэг хотын хүүхнүүдийн хувьд хэцүү л  байх. Нөхрийнхөө ажлыг эхлээд дэмжиж байсан юм байгаа биз,сүүлдээ ч  дассан юм байгаа биз” гэж Д.Гончиг гуай хэлэв. Харин  гэрэл зурагчны маань шавь  МҮИС-ийн аялал жуулчлалын ангийн оюутан Эрдэнэбулган ”Их л хүлээцтэй хүн байдаг байх” гэж багшийнхаа эхнэрийг дүгнэв. Г.Ган-Өлзийн том хүү Төгөлдөрийн хувьд  өдрөөс  өдөрт өөрчлөгдөж буй байгаль, хүмүүсийн амьдралыг зургаар үлдээж, байгаа бүхнээ хайрлах сэтгэлийг төрүүлдэг   ааваараа маш их бахархдаг аж.   Аавынх нь  ажил үр хойчдоо үлдээж буй өв соёлын маш том хөрөнгө учраас ээжтэйгээ элбэж орон гэр, дүү нараа авч явах нь аавыгаа дэмжиж буйн том илрэл ажээ.

    Г.Ган-Өлзий, түүний  эхнэр Өлзийхүү нар   оюутан байхын найзууд гэнэ. “Их л дотно санагддаг байсан, тэгээд л гэрлэсэн. Аялж, зураг авах бол миний амьдралын том хэсэг. Зөвхөн хообий биш, ажил. Үүнийг эхнэр маань ойлгодог учраас авдарлаад,цоожлоод байхыг хүсдэггүй байх. Хүнд сайхан сэтгэл 100 хувь байдаг бол манай эхнэрт тэр нь 100 дахин их байдаг. Хүнд ховор тохиох сайн хань” гэж Ган-Өлзий эхнэрийнхээ тухай хүүрнэхдээ харцанд нь хайр гэрэлтэж харагдсан.

    Ганцаар аялж яваа хүнд аян замд элдэв бэрхшээл учрах нь гарцаагүй. Нэг удаа уул өөд буруу замаар гараад буцаж буухдаа машин нь асга хадтай нураад буусан тухай нэгэн ярилцлагадаа өгүүлжээ. Арванхоёрдугаар сарын 20-доор машин нь эвдрээд 30 км алхаж айлын бараа харах гэхчилэн “үхэж ч мэдэх” эрсдэлүүдтэй “ганц дайчин” маань үе үе тулгардаг.

    Тэр бүхэнд дараагийнхаа аяллыг нарийн тооцоолох,төлөвлөх,бэлтгэх туршлага суудаг. “Заримдаа дарсан зургаа хараад аймшигтай санагдах үе ч бий” гэв. Гэвч  тэр ажлаа зогсолтгүй хийдэг.   Байнга явсаар ижий, ахай болсон хүмүүсийн тус дэмжлэг ч их, “эргэх холбоо” гэдэг шиг зургийг нь авсан, тусалж дэмжсэн хүмүүстэйгээ  эргээд л уулздаг хэмээн тэр ярилаа. Г.Ган-Өлзий  нийслэлд бие даасан үзэсгэлэнгээ гурван удаа, 21 аймгийн төвүүдэд тус бүр нэг удаа гаргаад байна. Гэрэл зургийг гэрлээр бичих урлаг гэдэг. Гэхдээ өдөр, шөнө ялгаагүй, бороотой шороотойд ч зураг авдаг учраас маш сайн төлөвлөх шаардлага тулгардаг гэнэ. Харин монгол амьдралын ахуй, соёлын зургийг хүмүүсийн дунд орж, амьдрал ахуй ярьсан шигээ энгийн сайхан орчинд авдагт сайн зурагны нууц нь оршдог ажээ.  Авсан зургаа хэрхэн яаж мөнгө болгодог, аяллын зардлаа яаж олдог  тухай асуухад зурагчин маань “Өөрөө л зөв байвал ивээн тэтгэх, хамтран ажиллах хүмүүс олддог. Байгууллага, компаниуд хувь хүнийг спонсорлодоггүй, уран бүтээл, хөдөлмөрт мөнгө өгдөг. Хариуд нь надад итгэж найдаж мөнгө өгсөн хүмүүсийн нэр төрийг эрхэмлэж явах үүрэг хүлээдэг”гэлээ. Баруун аймгуудаар нэг аялахад л зөвхөн  шатахуунд  гурван сая төгрөгийн зардал гардаг. Ганцаараа аялдаг учраас бусдын дэмжлэгтэй явахаар өөр аргагүй. Г.Ган-Өлзийн хийж буй ажлыг үнэлдэг, ойлгодог хүмүүс дэмжиж гурван удаагийн үзэсгэлэнгээ хүртэл ивээн тэтгэгчтэй гаргажээ. Саяхны “Нүүдэлчин Монгол” үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгчээр л гэхэд  “Монос” групп ажиллажээ.   Дэлхийд уран зураг лугаа хэдэн зуун сая ам.доллараар зарагдсан гэрэл зураг байдаг гэнэ. Харин Г.Ган-Өлзийгийн Шилийн Богдын наана азарга давхиж буй нэгэн зургийг МАН хоёр сая төгрөгөөр худалдаж авч байсан нь шаггүй үнэд хүрсэнд тооцогдох ажээ.

    Г.Ган-Өлзий нүүдэлчин өв соёлоо хадгалж үлдсэн хөдөөгийнхний  тухай “Бид өөрсдөө  “Вранглер жийп” уначихаад мотоциклоор хонио хариуллаа гэж тэднийг буруутгаж болохгүй, хөдөөнийхөн бусдын л адил хөгжиж дэвжих эрхтэй.Гагцхүү өв соёлоо хэрхэн авч үлдэх вэ гэдгээ л бүгдээрээ  бодох учиртай гэсэн юм. Шавь  Эрдэнэбулган нь Ган-Өлзий багшийнхаа тухай  “Монголын хамгийн их байгалийн гэрэл зургийн сантай хүн.Ганцаараа аялдаг учраас  зураг  бүхэн нь дахин давтагдашгүй” гэж хэллээ. Г.Ган-Өлзийн үзэсгэлэнг үзсэн хүмүүс зузаан гэгчийн дэвтэрт сэтгэгдлээ үлдээжээ.   “Монгол ахуйг “орчлон багтдаг” хар, цагаан өнгөнд багтааж дэлгэсэн сайхан үзэсгэлэн гаргажээ” гэж П.Баттулга бичсэн бол ШУТИС-ийн нэгэн оюутан монгол хүн юуг хүсч, зорьж буйг түүний гэрэл зургаас мэдэрснээ бичиж, “Урсах амьдрал өрнөсөөр..” хэмээжээ. Уншигч та түүний Gan-Ulzii Gonchig нэртэй фэйсбүүкээр зочилбол энэ мэт постууд олныг унших боломжтой. Дээрх оюутны бичсэн шиг урсах амьдрал өнгөрсөөр, монголчууд бид дэлхийтэй улам бүр нэгдэн нийлж, техник, технологийн эринд санамсаргүйгээр уламжлалт соёл,ахуйгаа гээж, шинэ бүхэнд татагдан орж байна.

    Тав, арван жилийн дараа хөхүүр гээч эдийг магадгүй музейд, эсвэл Г.Ган-Өлзийн авсан зурагнаас л зөвхөн үзэж болох цагийн нүүдэлд аж төрж байна.

    Мэдээж  Г.Ган-Өлзий үүнийг хүссэндээ зураг авдаггүй, бодит өөрчлөлтийг мэдрүүлж, сануулах гэсэндээ энэ ажлыг хийдэг ч юм шиг…”Зураг авах үед миний амьсгал зогсдог” гэж тэр ярьсан.Түүнтэй адил байгалийн гэрэл зураг авдаг  Б.Баяр ийм сайхан эх орныхоо зургийг уйлж авдгаа хэлсэн. Эдгээр үгсийг сонссон,   ийм агуу үйл хэргийн зах зухаас мэдэж, танихыг хичээсэн би бээр тэднийг зүгээр л “эх орончид” гэж нэрлэхийг хүслээ. Эх орныг дурандаа мөнхлөх эх орончид.

    2015 он.#Түмэнбаатарын Бүдээхүү Gereg.mn

  • Чойгаалаагийн ЯНЖИНДУЛАМ, НЯМХАНД- Michel&Amazonka брэндийг үүсгэн байгуулагчид

    Загвар зохион бүтээгч, Michel&Amazonka брэндийг үндэслэгчид

    Michel&Amazonka брэндийг эгч дүү дизайнер Чойгаалаагийн Янжиндулам (Michel), Чойгаалаагийн Нямханд (Amazonka) нар 2013 онд үүсгэн байгуулсан.

    Брендийн онцлог нь уламжлалт хэв маягийг агуулсан европ загварын хувцаснуудыг Haute couture болон Prèt-a-Porter төрлөөр зөвхөн монголдоо зохион бүтээж үйлдвэрлэдэг. Тэдний бүтээлүүд нь чамин тансаг, эрхэмсэг байдлыг илэрхийлэхээс гадна тухайн захиалагчид зориулж цор ганц загварыг урладаг. Голчлон эмэгтэйчүүдэд зориулсан гоёлын даашинз, ёслолын хувцас, хуримын даашинз, чөлөөт хувцас хийж байгаа ба удахгүй эрэгтэйчүүддээ зориулсан хувцас хийхээр ажиллаж байна.

    Michel&Amazonka нь 2014 оныг Азийн Fashion Asia Awards-н шилдэг дизайнер шагнал хүртсэн.

    Чойгаалаагийн Янжиндулам буюу Michel нь 1986 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотноо инженер мэргэжилтэй Чойгаалаа, эмч мэргэжилтэй Д.Баярсайхан нарын 3 дахь хүүхэд болон мэндэлсэн. Michel 2003 онд 10 жилийн 75 дугаар сургуулийг, 2003-2007 онд Урлах эрдэм дээд сургуулийг хувцасны дизайнер мэргэжлээр төгссөн.

    Michel багадаа загвар өмсөгч болохоор шийдсэн ч 12 настайдаа загвар зохион бүтээгчээр тэмцээнд орсноор ажлын гараа нь эхэлсэн. Дизайнер мэргэжлийг сонгоход ээж нь ихээхэн нөлөөлсөн ба Мишел брендийнхээ бүхий л загварт гар бие оролцдог авьяаслаг дизайнер юм.

    Чойгаалаагийн Нямханд буюу Amazonka 1988 оны 7 дугаар сарын 31-ны өдөр Улаанбаатар хотноо айлын отгон хүүхэд болон мэндэлсэн. Amazonka 10 жилийн 18-р дунд сургуулийг төгссөний дараа, Урлах эрдэм дээд сургуулийг хувцасны дизайнер мэргэжлээр төгссөн. Хувцас урлахаас гадна дуулах авъяастай бөгөөд 2006- 2011 оны хооронд Star fish хамтлагийн дуучин байсан. Анх дизайнер болно гэж хэн ч боддоггүй байсан бөгөөд гэрийнхэн нь ээжийнхээ эмч мэргэжлийг өвлөж эмч болох байх гэж боддог байжээ. Гэвч дунд сургуулиа төгсөөд Хүмүүнлэгийн Их Сургуульд орж суралцаж байх хугацаандаа загвар зохион бүтээх ажилд илүү дуртайгаа ойлгож сургуулиасаа гарч, Урлах эрдмийн дээд сургуульд орсон.

    Амазонка өдөр тутмын болон үндэсний хэв маягийг агуулсан загваруудыг голчлон гаргадаг төдийгүй эко уутны загварыг гаргасан. Тэрээр хэрэглээний бүтээлүүдийг чадварлаг зохион бүтээдэг.


    УРАН БҮТЭЭЛ

    MICHEL

    Анхны уран бүтээл нь Smooth kiss коллекц байсан бөгөөд Гялбаа сэтгүүлд тавигдаж байсан;

    2006 он Хаврын Гоёл загварын долоо хоногт цэргийн загварт хувцасны коллекци;
    2007 он Garson зуны загварын долоо хоногт үдшийн даашинзны коллекци;
    2011 он Өвлийн цэцэг үдшийн даашинзны коллекци;
    2013 он Улаанбаатар загварын долоо хоногт Michel&Amazonka брэндийн анхны бие даасан коллекци;
    2014 он Сальвадор Дали пальтоны коллекци;
    2014 он Crystal Mind хувцасны коллекци;
    2014 он Азийн шилдэг топ 5 дизайнер (pret-a-porter ангилалд);
    2015 он Зуны үндэсний болон хурмын коллекци, хавар зуны 2016 оны коллекци;

    AMAZONKA
    2010 он RHODIA хувцас загварын шоунд оролцож гараагаа эхэлсэн;
    2011 он Хаврын гоёл хувцас загварын шоунд ажил хэрэгтэй эмэгтэй хувцасны коллекци;
    2012 он Зуны хувцас загварын шоунд Back to the Future коллекци;
    2013 он Улаанбаатар загварын долоо хоногт Michel&Amazonka брэндийн анхны бие даасан коллекци;
    2014 он Сальвадор Дали пальтоны коллекци;
    2014 он Crystal Mind хувцасны коллекци;
    2015 он Зуны үндэсний болон хурмын коллекци, Хавар зуны 2016 үндэсний хэв маягтай загварын коллекци;

    https://www.facebook.com/michelnzonka
    http://michelamazonka.com/

  • Дагвадоржийн УЛАМБАЯР- Монголын тэнгэр үзэлтнүүдийн нэгдсэн холбоо

    Багш, Монгол Үндэстний оюун санааны хөтөч үзэл санаа болгохоор ТЭНГЭР үзлийг сурталчилах судалгааны эргэлтэнд оруулах, эвлэлэн нэгдэх үнэт зүйл болгохоор зоригдож Монголын тэнгэр үзэлтнүүдийн нэгдсэн холбооны хамтран үүсгэн байгуулагч.

    Улс төр менежментийн академийн Ерөнхийлөгч. Монгол хүний хөгжил, төлөвшлийн “Дээд Ухаан” номын зохиогч.

    1971 онд Завхан аймгийн Цэцэн-Уул суманд төрсөн.
    1993 онд ХААИС төгссөн. Нягтлан бодогч, Эдийн засагч мэргэжилтэй.
    1993 оноос Завхан аймгийн Нийгмийн Даатгалын хэлтэст байцаагч,
    1998 оноос “Завханы мэдээ” сонины эрхлэгч,
    2001 оноос Завхан аймгийн Залуучуудын холбооны тэргүүн,
    2003 оноос Улаанбаатар хотод “Эм Ди Си аутсорсинг” ХХК-ны Захирал,
    2006 оноос Улс төр менежментийн академийн Ерөнхийлөгч, “Хамаг Монгол” МСҮТ-ийн Ерөнхий захирал зэрэг ажлуудыг хийж байна.
    Хувь хүний хөгжил, Монголын эзэнт гүрний үеэс уламжилж ирсэн удирдахуйн ухааныг судлах, хөгжүүлэх, сургалтын арга зүй боловсруулах чиглэлээр судалгааны ажил хийж байгаа. Өнгөрсөн хугацаанд аж ахуйн нэгж байгууллага, иргэд, хүүхэд залуучуудад зориулсан
    “Таны мөрөөдлийг хамтдаа бүтээе”,
    “Сая доллартай Монгол залуу”,
    “Өөрийгөө удирдагч, манлайлагч болгон хүмүүжүүл”,
    “Сайн ажилд орох солиотой зөвлөмж”,
    “Албан тушаал ахих төлөвлөгөө”,
    “Нөхрүүд яагаад хүүхэн хардаг вэ”,
    “Энэ дэлхийн хамгийн чухал хүн”,
    “Мөнгө ба бодол”,
    “Үхэр Монголын эрхэм зорилго”,
    “Хүчирхэгээр тэмүүлж амьдралаа өөрчлөх арга”
    “Бүтээлч сэтгэлгээний загварчлал хөгжлийн хурдасгуур болох нь” зэрэг 30 гаруй лекцүүдийг бэлтгэж 16 аймаг, 200 гаран байгууллага хамт олон нийтдээ 30,0 гаруй мянган хүнд сургалт зөвлөлгөө өгч гэгээрүүлэх ажил хийжээ.

    https://www.facebook.com/ulambayar.d

  • С.ТӨРБУРАМ- Хайчилбарын мастер, зураач

    Уран хайчилбарын мастер. зураач, барималч. 1960-70 –аад оны  номын чимэг зурагт  МУСГЗ агсан  Д.Сандагдоржийн  уран хайчилбраар  бүтээх болсоныг  хүү С.Төрбурам  өвлөн авч 1990 оны цагаан морин жил зарласан  “Монголын  нууц товчоо” номын чимэг зургийн уралдаанд   тэргүүн байр  эзлэж байжээ. Мөн “Эзэнт гүрний туульс” номын чимэглэл бүтээсэн. Өдгөө АНУ-д ажиллаж амьдардаг.

    Дэлгэрэнгүй намтар: https://www.tolgoilogch.mn/_zb8uo41bxe

    Ярилцлага унших

  • Нармандахын Энхшүр, Нармандахын Мөнхшүр- Дэлхийн аварга, Гиннесийн дээд амжилтыг эзэмшигч

    Ой тогтоолтын насанд хүрэгчдийн дэлхийн аварга, Олон улсын Их Мастер, Монголын Оюун Ухааны Академийн ихэр тамирчид болох Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар Гиннессийн номд албан ёсоор бүртгэгдсэн сертификатаа авчээ.

    БНХАУ-ын Шенжень хотод болсон 100 мянган ам.долларын шагналын сантай ой тогтоолтын тэмцээнд Олон улсын хэмжээний их мастер Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар амжилттай оролцон дэлхийн рекордыг шинэчилж, Гиннесийн номонд бичигдэхээр болсон юм.

    Тодруулбал, Шведийн тамирчин 30 минутад 5040 цифр цээжлэн эзэмшиж дээд амжилтыг Н.Мөнхшүр 5325 цифр болгож, Н.Энхшүр 5445 цифр болгон дэлхийн рекордыг эзэмшихээр болсон билээ.

    Ихэр охид Бээжингийн их сургуулийн хэлний бэлтгэлд суралцаж байгаа бөгөөд Монголын оюун ухааны академийн ерөнхийлөгч өөрийн фэйсбүүк хуудаснаа, “Н.Мөнхшүрийн албан бус нэг дээд амжилтыг сонирхуулахад 4 минутад 80 ханз тогтоож, хэл сурахыг утгаар нь үзүүлж байна” хэмээн шавиараа бахархжээ.

    Мөн тэд ОХУ-ын “Гайхамшигт хүмүүс” шоунд урилгаар оролцжээ.

  • Дашцэвэгийн НОННА

    Нэрт сурган хүмүүжүүлэгч

    Бага насны хүүхэд, сургуулийн өмнөх боловсролын асуудалд ухаан бодол, сэтгэл зүтгэл, бүх л амьдралаа зориулж яваа нэрт сурган хүмүүжүүлэгч. Тэрбээр Монгол улсад орчин цагийн хүүхдийн цэцэрлэгийг хөгжүүлэх, багшлах болон удирдах боловсон хүчин бэлтгэх, цэцэрлэгийн сургалтын хөтөлбөр боловсруулах, бага насны хүүхэд, эцэг эхэд зориулсан ном, гарын авлага бүтээх гээд өргөн хүрээний ажил хөдөлмөр эрхэлсээр ирсэн нөр их хөдөлмөрч бүтээлч хүн билээ.

    Д.Нонна багш 1935 оны 5 дугаар сарын 30-нд Дашзэвэгийн анхны охин болон Москва хотод төрсөн. 1942- 1951 онд Улаанбаатар хотын орос 1- р сургуулийн бага, бүрэн бус дунд сургуулийг төгсжээ.

    1953- 1957 онд Улсын багшийн институтыг орос хэлний багш мэргэжлээр төгсөж, 1957 оны 8 дугаар сарын 15- с Улаанбаатар хотын Багшийн сургуульд орос хэлний багшаар томилогдон ажиллахын сацуу 1959- 1962 онд цэцэрлэгийн мэргэжилтэн В.Ф.Максаковагийн орчуулагчаар хавсран ажилласан.

    1962-1963 оны хичээлийн жилд Цэцэрлэгийн багшийн сургууль Багшийн сургуулиас тусгаарлан гарахад Д.Нонна багш орос хэлний болон сургуулийн өмнөх насны хүүхдийн дүрслэх урлаг, байгаль заах арга зүй, гэр ахуйн хичээлийг давхар зааж байсан. Ингээд 1963-т1967 онд Эрхүү хотын Багшийн дээд сургуульд суралцан сургуулийн өмнөх сурган, сэтгэл судлал, арга зүйч мэргэжлээр төгсөж ирсэн.

    1967- 1970 онд Ардын Боловсролын яамны боловсон хүчний хэлтэс ба Хүүхдийн цэцэрлэгийн хэлтэст мэргэжилтэн, 1970-1981 онд СХУ-ны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1981-1990 онд Ардын Боловсролын яаманд хүүхдийн цэцэрлэгийн хэлтсийн даргаар тус тус томилогдон ажиллаж байгаад, 1990 онд өндөр насны тэтгэвэрт гарсан.

    1982 онд “Боловсролын хууль”-ийг боловсруулах үед хуулийн хоёрдугаар бүлэг болох “Сургуулийн өмнөх насны хүүхдийн хүмүүжил” гэсэн бүлгийг боловсруулан оруулсан нь сургуулийн өмнөх боловсролын эрх зүйн орчин бүрдэх чухал суурь болсон.

    1991- 1994 онд нийслэлийн 147 болон 122 дугаар цэцэрлэгүүдэд арга зүйч багш, Монген сургууль, Америкийн гэр цэцэрлэгт зөвлөх багшаар ажилласан байсан. Мөн “Өүлэн ээжийн төв” ТББ байгуулж, цэцэрлэгт хамрагдаагүй олон хүүхдийг сургуульд бэлтгэх буянт үйлсийг хийж ирсэн.

    ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ, БҮТЭЭЛ ТУУРВИЛ

    1970- 1981 онд Сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байхдаа сургуулийн өмнөх 0-6 настай хүүхэд дээр судалгаа хийж, түүн дээрээ тулгуурлан цэцэрлэгийн хүмүүжил, сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгон 1976 онд “Цэцэрлэгийн хүмүүжил сургалтын програм”, 1982 онд шинээр “Яслийн хүүхдийн хүмүүжил сургалтын програм”-ыг орон тооны бус эрдэм шинжилгээний ажилтнуудтай хамтарч боловсруулж гаргасан.

    1986 онд “Сургуулийн өмнөх 0-8 насны хүүхдийн хүмүүжил, сургалтын програм” бүтээлийг холбогдох хүмүүстэй хамтран гаргасан. Энэхүү хөтөлбөрт 3-7 насны монгол хүүхдийн үгийн санг нэмэгдүүлэх асуудлыг судалж тусган мөн сургуулийн өмнөх насны хүүхдийг мал аж ахуйтай танилцуулах агуулгыг 1-7 насны хүүхдэд ямар дэс дараатай эзэмшүүлэх аргыг судалж, боловсруулан оруулсан нь шинэлэг зүйл байв.

    1986 оны сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд багш нарт гарын авлагууд нэн хэрэгцээтэй байсан тул оросын эрдэмтдийн заах аргын гарын авлагаас зохиомжлон орчуулж, мөн өөрийн орны онцлог дээр тулгуурлан багш нарт зориулсан зарим гарын авлагыг боловсруулан гаргах ажил хийгдсэн. Тухайлбал, Д.Нонна, Ц.Удэрпил, Д.Пунцаг, Ванчиг нарын “Сургуулийн өмнөх насны хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх арга зүй”, Д.Нонна, П.Дулмаа нарын “Сургуулийн өмнөх насны хүүхдийг байгальтай танилцуулах арга зүй”, Д.Нонна, Га.Цэрэндорж нарын “Сургуулийн өмнөх насны хүүхдэд биеийн тамир заах арга зүй” гэсэн номуудыг дурдаж болох юм. Мөн Ж.Лхагвасүрэн, А.Батжаргал нарын “ Сургуулийн өмнөх насны хүүхдэд дуу хөгжим заах арга зүй”, Ш.Гандолгор, Ч.Түмэндэлгэр нарын “Сургуулийн өмнөх насны хүүхдэд дүрслэх урлагын хичээл заах арга зүй” гэсэн заах аргын анхны гарын авлагуудыг дурдаж болно.

    1970 оноос сургуулийн өмнөх насны хүүхдэд уншиж өгөх уран зохиолыг сонгон түүвэрлэж, зохиолуудын агуулга нь хүүхдэд хэр ойлгомжтой, хүмүүжлийн ач холбогдол, хэллэг, үгийн давтамж, хэмжээ, үгийн утга зэрэг нь энэ насныханд хэр зохицохыг судалсны үндсэн дээр 1-7 настай хүүхдэд зориулан “Багачууддаа уншиж өгөөрэй” 1, 2 ном гаргаж, түүнийгээ 2 удаа хэвлүүлэн цэцэрлэгийн багш, ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш, эцэг эхийн гарын авлага болгосон.

    НИЙГМИЙН ЗҮТГЭЛТЭН

    Д.Нонна багш 1994 оноос “Өүлэн ээжийн төв” төрийн бус байгуулага байгуулж, Английн хүүхдийг ивээх сан, Монголын хүүхдийн эрхийн төв, Хатагтай нийгэмлэг, Дэлхийн зөн зэрэг олон улсын байгууллага, Сонгинохайрхан дүүргийн Гэгээрэл төв, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул дүргийн зарим хороо, Дархан-Уул, Өвөрхангай, Архангай, Өмнөговь аймгийн зарим ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгтэй идэвхтэй хамтран ажилласаар ирсэн. Энэ байгууллагынхаа шугамаар цэцэрлэгт хамрагдах боломжгүй малчдын болон гэр хорооллын хүүхэд болон эцэг эх, явуулын багш нарт зориулсан 11 төрлийн гарын авлага боловсруулан холбогдох хүмүүс, хүүхдэд хэрэглүүлж ирсэн.

    Д.Нонна багш “Өүлэн эхийн оюуныг бадраах клуб”- тэй хамтран 2007 оноос одоог хүртэл дүүрэг, аймаг орон нутгийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчид, эцэг эх, эмээ өвөө, ахмадууд, хорооны хөдөлмөрчдийн дунд “Хүүхдийн хүмүүжилд гэр бүлийн оролцоо”, “Хүн болохын учир”, “Хүүхэдтэй хэрхэн яаж харьцах, гэр бүлийн гишүүдийн харьцаа”, “Эрүүл явахын учир” зэрэг “Гэр бүлийн зан байдал төлөвшилтийн цогц сургалт” сэдвээр нийт 150 байгуулага 25,000 хүнийг хамарсан сургалт хийсэн байна.

    http://xvvxed.blogspot.com

  • Үржнээгийн ЮМЖИР (YUMJIR FASHION)

    Загвар зохион бүтээгч, дизайнер

    Үржинээ Юмжир нь 1977 онд Улаанбаатар хотод төрсөн. Тэрээр Урлах Эрдмийн Дээд Сургуулийг хувцасны дизайнер зохион бүтээгчээр төгссөн. Оюутан байх хугацаандаа Гоел тэмцээнүүдэд өөрийн загваруудаараа тасралтгүй оролцож байсан. Удам дамжсан зураачдын гэр бүлд төрсөн тэрээр өвөө, аавынхаа ажил үйл хэргийг үргэлжлүүлэн үндэсний уламжлалаа хадгалж, сурталчлан хүргэхийг зорьж яваа. Тэрээр 2008 онд өөрийн бие даасан “Glamour Yumjir Fashion” шоуг зохион байгуулсан, 2009 онд АНУ-ын Вашингтон хотноо зохион байгуулагддаг “DC Fashion week”-т өөрийн үндэсний хэв маягийн коллекциор оролцсон. 2010 онд хувцас загвар сонирхогч нар болон оюутнуудад зориулсан “Хувцасны дизайн” гэдэг номоо гаргасан. Тэрээр мөн 2010 онд СЭЗДС-ийг санхүүгийн менежмент чиглэлээр төгссөн. 2011-2012 онд тэрээр Нью-Йорк хотод дизайнерын чиглэлээрээ ажиллаж байгаад ирээд өөрийн Yumjir Fashion нэрийн монгол хэв маягтай өдөр тутмын хувцасны брэндийг хөгжүүлэн Монголдоо болон дэлхийд гаргахаар ажиллаж байна.

    https://www.facebook.com/YumjirFashion
    www.mongolianstyle.blogspot.com
    www.fashiony.ru/user.php?id_u=94416
    www.more.blog.gogo.mn


  • Чулуунбатын МӨНХ-ЭРДЭНЭ- Нэрт ятгач

    Ятгачин, ятгын багш

    1975 онд төрсөн. 1988- 1994 онд Хөгжим Бүжгийн Дунд сургууль (одоогийн Хөгжим Бүжгийн Коллеж)-д ятгын мэргэжлээр суралцаж гоцлол хөгжимчин, ятгын багш мэргэжлээр төгссөн. 1993- 1996 онд Хөгжим Бүжгийн Дунд Сургуульд багш, 1992- 1996 онд Морин Хуурын Чуулга, 1994- 2001 онд Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулга, 1998- 2000 онд Уянга хамтлаг, 2000 оноос Бөртэ хамтлагт гоцлол хөгжимчин, 2010 оноос Хөгжим Бүжгийн Коллежид ятгын багшаар тус тус ажиллаж байна.

    Тэрээр монгол ятгадах урлагт 1998 онд шинэчлэл хийсэн. Дэлхийн нэр хүндтэй 7 симфони найрал хөгжимтэй хамтарч ажилласан. Монголын шилдэг хөгжмийн зохиолч, төрийн шагналт Ц.Чинзориг, Төрийн шагналт Ц.Нацагдорж, Төрийн шагналт Б.Мөнхболд, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл, Х.Мөнх-Ертөнц нар ятга, симфони найрал хөгжимд зориулсон том хэлбэрийн концертны бүтээлүүдээ нэрт ятгач Ч.Мөнх-Эрдэнэд зориулж зохиосон байдаг.Тэрээр 1400 жилийн тэртээх эртний нүүдэлчдийн “Алтай ятга”-ын тоглох арга барил, хөг хөглөгөөний судалгаан дээр ажиллаж тоглох дэгийг зохиосон. Аху их ятгыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж Монголын нэрийн хуудас болсон ховор авъяастан.

    Монгол улсын Филармони, ДБЭТ, Герман, Чех, Орос, Хятад, Америк зэрэг олон орны нэр хүндтэй симфони найрал хөгжмүүдтэй хамтран ажиллаж бие даасан тоглолтоо амжилттай зохион байгуулсан.

    2001 онд “Алтайд хөглөгдсөн уянга”, 2002 онд “Мөрөөдлийн салхи”, 2004 онд “Хос эрвээхэй” зэрэг бие даасан уран бүтээлийн тоглолтоо эх орондоо тавьж олон нийтэд тайлагнасан. Хөгжимдсөн шилдэг бүтээлүүдээсээ дээжлэн “Хос эрвээхэй”, “Дурсамж” зэрэг цомог хэвлүүлсэн.

    2004 онд “Алтан Намар” хөгжмийн наадмын “Шилдэгийн шилдэг хөгжимчин” өргөмжлөл, 2008 онд Л.Мөрдоржийн нэрэмжит үндэсний хөгжимчдийн улсын анхдугаар уралдааны тэргүүн байрын шагнал, 2008 онд Узбейкстан улсад болсон олон улсын Шарк-транолари наадмын ЮНЕСКО-ын нэрэмжит шагнал, 2010 онд Бүх урлагийн тэргүүн дээд шагнал (Бөртэ хамтлаг) “Гоо Марал”-ыг тус тус хүртэж байсан.

    Тэр 2011 оны 1 сард University of California, University of Stanford- ын симфони найрал хөгжмүүдтэй хамсран тоглож, 3 сард олон улсын урлагийн зах зээл дээр ажиллаж байсан ажлын туршлага дээрээ үндэслэн монгол ятгадах урлагийн түүхэнд анх удаа ятгадах тэмдэг тэмдэглэгээг шинээр зохиож, 4 сард Франц улсын UNESCO-ын төв танхимд Чех улсын симфони найрал хөгжимтэй хамсран тоглож, 10 сард Вьетнам ардын Дан Транг хэмээх 17 чавхдаст ятгыг судалсны үндсэн дээр монгол ятгадах урлагийн олон талын давуу боломж дээр тулгуурлан анх удаа Римский Корсаковын “Хэдгэнийн нисэлт” бүтээлийг гайхамшигтай уран чадварлаг тоглосон нь ятгын түүхэнд бас нэг онцлох үр дүнг бий болгосон.

    Мэргэжлийн ятгачдыг бэлтгэж эхэлсэний 50 жилийн ойн арга хэмжээний хүрээнд гоцлол хөгжимчин Ч. Мөнх-Эрдэнэ нь хөгжмийн зохиолч Х.Мөнх-Ертөнц, Алтангэрэл нарын хос ятганд зоориулсан “Концертны Рапсоди”, “Ятга хөгжимд зориулсан 3 ангит Концерт”- уудыг гоцлон тоглож ятга хөгжимд зориулсан шилдэг бүтээлийн уралдааны Тэргүүн болон Гутгаар байруудад орж байсан. Мөн мэргэжлийн дунд ангилалд өөрийн шавь нараа амжилттай бэлдэж Тэргүүн байрыг эзлүүлсэн.

    Ч. Мөнх-Эрдэнэ нь монголын ятгын урлагийг өөрийн оронд төдийгүй дэлхий дахинд түгээн хүргэсэн, орчин цагийн ятгачны авъяас билэг, уран чадварын бүхий л ололтыг цогцлоосон, ятгадах урлагийг шинэчлэгч, гарамгай хөгжимчин, чадварлаг сурган хүмүүжүүлэгч болохыг мэргэжлийн хүрээнд хүлээн зөвшөөрдөг юм. Тэрээр өөрөө үлгэрлэн хөгжимдөхийн зэрэгцээ ирээдүй хойчийн ятгачдыг бэлтгэхэд хүч авъяасаа зориулж яваа хөгжмийн урлагийн нэрт зүтгэлтэн юм.

  • Намжилын ДАШДАВАА- Үндэсний сэрэлтийн цаг ирсэн

    Эдийн засагч. Монголын хөгжлийн гарц шийдэл болсон 

    QQskyempire #Shambalaproject #Shamanproject #WMCongress

    олон улсын хэмжээний төслийг санаачилан ажиллаж байна.

    Ургийн овог: Гурван хулд

    Эцэг: Намхайн Намжил

    Овог нэр: Намжилын Дашдаваа

    Төрсөн он,сар,өдөр: 1980.01.10  

    Гэр бүл: Эхнэр, хүү, охин

    БОЛОВСРОЛ

    • 1997 онд Нийслэлийн Ерөнхий боловсролын 72 дугаар дунд сургууль
    • 2001 онд Монгол Бизнес дээд сургуулийг эдийн засагч мэргэжилээр
    • 2010 онд Улс төрийн боловсролын академийг Улс төр судлалаар
    • 2011 онд ХБНГУ-ын Эдийн засгийн академийг Бизнесийн удирдлагаар (ОУ-ын хөтөлбөр)
    • 2017 оноос СЭЗДС-ийн Эдийн засгийн ухааны магистрант

    ХӨТӨЛБӨРТ СУРГАЛТУУД

    • 1998 он Соросын сангийн дэмжлэгтэй Оюутны парламентийн мэтгэлцээний хөтөлбөр
    • 2001 он Сангийн яамны “Монгол улсын тогтвортой хөгжил” “Рио+10” хөгжлийн хөтөлбөр
    • 2007 он Монголын Маркетингийн Холбооны “Дэлхийн маркетингийн чиг хандлага” хөтөлбөр
    • 2009 онд Лидершип институтийн Улс төрийн манлайллын хөтөлбөр
    • 2009 он JCI Монгол Үндэсний Ерөнхийлөгчийн 7-р Академийн “Эерэг иргэн” сургалт
    • 2010 он Өөрчлөлтийг чиглүүлэгч төвийн “Оргил өөд хамтдаа” хөтөлбөр

    АЖЛЫН ТУРШЛАГА 

    • 2001 оноос 2004 он хүртэл “Ханбүргэдэй ХХК”-ийн Маркетинги, Борлуулалтын албаны Дарга
    • 2004 оноос 2010 он хүртэл “Парадайз Консалтинг” ХХК-ийн Ерөнхий захирал
    • 2009 оноос одоог хүртэл “Алтан зах” ХХК-ын Захирал
    • 2010 оноос 2012 он Нийслэлийн Ардчилсан намын Удирдлагын асуудал хариуцсан УТА
    • 2012 оноос одоог хүртэл Монгол Консерватив намын Дарга
    • 2017 оноос одоог хүртэл “Алттай Бөнжгөр” ХХК-ийн үүсгэн байгуулагч

    СОНГУУЛЬТ АЖИЛТУРШЛАГА          

    • 1999 оноос 2001 он МБДС-ын “Бизнес спикер” мэтгэлцээний клубын Тэргүүн
    • 2005 оноос 2012 он СХД-ын АН-ын ДНХ-ны гишүүн, ДЗЗ гишүүн, НАНХ-ны гишүүн
    • 2007 оноос 2012 он СХД-ын АЗХ-ны тэргүүн, НАЗХ-ны УЗ гишүүн, АЗХ-ны УЗ-ын гишүүн
    • 2008 оноос 2012 он “Мэдлэгийн Нийгмийг Хөгжүүлэх” холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн
    • 2009 оноос 2013 он СХД-ын 1-р хорооны ИНХ-ын дарга, ГХУСДЗ дарга
    • 2010 оноос 2012 он “Шинэ Улаанбаатар” ТББ-ын Удирдах Зөвлөлийн гишүүн
    • 2017 оноос одоог хүртэл “Цагаан өвгөний цэцэрлэгт хүрээлэн” ТББ-ын үүсгэн байгуулагч

    СОНГУУЛЬ

    • 2016 онд Улсын Их хурлын ээлжит сонгуулийн Сонгинохайрхан дүүргийн 75 дугаарт тойрогт нэр дэвшсэн.

    БҮТЭЭЛ

    • “ЭДИЙН ЗАСГИЙН ЗОХИЦУУЛАХ БҮСЛҮҮР” НОМ 2000 ОН
    • “МОНГОЛ БАРУУНЫ УЛС ТӨРИЙН ОНОЛ” НОМ 2012 ОН
    • “ДЭЛХИЙН ХАРААТАЙ МОНГОЛ-2050” НОМ 2014 ОН

    СУДАЛГААНЫ АЖЛУУД

    • Нейро Маркетингийн шинжлэх ухааны хөгжлийн чиг хандлага 2019 он
    • Хөгжиж буй орнуудын хөгжлийн загварын судалгаа 2018 он
    • Монгол улсын үндэсний олон талт нөөцийн судалгаа 2017 он
    • Дэлхийн Консерватив намуудын харьцуулсан судалгаа 2014 он
    • Монгол Улсын үндсэн хуулийг бусад улсын үндсэн хуультай харьцуулсан судалгаа 2012 он
    • Монголын макро эдийн засгийн шинэчлэлийн судалгаа 2012 он
    • Монголуудын тархалт, түүний хэлмэгдэлт 2012 он
    • Нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлэхэд олон нийтийн оролцооны үүрэг 2010 он

    ЯРИЛЦЛАГА УНШИХ

    Энэ удаагийн “Би Монголоо ингэж хөгжүүлнэ” буландаа “Монгол Консерватив” намын дарга Н.Дашдавааг урьж ярилцлаа.

    ДЭЛХИЙН ХАРААТАЙ МОНГОЛ. 

    -Монгол Улсыг хөгжүүлэхийн тулд юу хийх ёстой вэ, хамгийн түрүүнд ямар өөрчлөлт хийх ёстой талаар ярилцлагаа эхлэх үү?

    -Монголын хөгжлийг харж байхад бодлогын их том алдаанууд бүх салбарт гараад байгаа. Тухайлбал, Эрүүл мэндийн, боловсролын, эдийн засгийн, банкны салбарт алдаа их байна. Тиймээс одоо бодлогоо өөрчлөх цаг нь болсон. Гэхдээ би 1990-ээд онд орж ирсэн либерал үзэл, ёс суртахуунтай санал нийлдэггүй хүн. Учир нь бүхнийг өөрчил, задал, бүгдийг либрал байдал руу шилжүүл, эрх чөлөө мандтугай гээд явдаг. Ийм дүрэм сахилга баттай, шударга ёс суртахууныг эрхэмлэдэг ард түмэнд зохицохгүй байгаа юм. Тиймээс бид хамгийн түрүүнд Монгол Улсад тохирсон бодлогуудыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага байна.

    -Энэхүү бодлогын алдааны гол эх сурвалж нь хэн юм бэ?

    -Бодлого тодорхойлдог гол байгууллага нь өөрөө улс төрийн нам. Харин манай улс төрийн намууд бодлогын асуудал дээр их дутуу, дулимаг байна. Өөрийн үзэл баримтлал, итгэл үнэмшил апга. Түүндээ тулгуурласан мөрийн хөтөлбөр, бодлогоо гаргаж тавихгүй байна. Тиймээс бодлогын апдааны гол эх сурвалж нь улс төрийн намууд гэсэн үг.

    Социалдемократ, консерватив,  либрал зэрэг үзэл баримтлалуудаа гаргаад, түүгээрээ улс орноо хөгжүүлэх ялгаатай оролдлогуудыг хийх ёстой. Гэтэл намууд ижил төстэй, бараг хоорондоо ялгаагүй мөрийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Харин тэр нь монгол хунд зохицохгуй байх ханддага сүүлийн үед их ажиглагдаж байгаа. Тиймээс улс төрийн намуудынхаа бодлогын хуулийг батлах хэрэгтэй.

    Намуудад ард түмэн, төрийн эрх бүхий байгууллагууд буюу Сонгуулийн ерөнхий хороо, Дээд шүүх нь хяналт хязгаараа тавьж, боддогын байгууллага байх нөхцөл байдал руу явуулах шаарддагатай гэж харж байгаа. Хэрвээ боддогын нам болоод ирвэл аль нам нь ямар бодлого дэвшүүлж байна вэ гэдгээр нь ард түмэн ялгаж, салгаж хардаг болно. Харж чадаж байгаа учир сонголтоо зөв хийх боломж бүрдэнэ. Тэгэж чадвал ард түмний хүсээд байгаа бодлого хэрэгжих бололцоотой. Тухайлбал, Манай улсын боловсролын салбар гэхэд л бидний Монгол уламжлалаар хүүхдийг хүмүүжүүлдэг арга бараг байхгүй болчихлоо. Өөрөөр хэлбэл, одоо хүүхдийн боловсрол, хүмүүжилд Монголын уламжлал бүрэн алдагдсан. Тиймээс Монголын уламжлалыг орчин үеийн бодлоготой хэрхэн уялдуулж явуулах уу, монгол хүнийг монгол  хүнээр нь хэрхэн хүмүүжүүлэх үү, яаж боловсролтой болгох уу гэдэг цаг үеийн асуудал тулгамдаад байна.

    Монголчуудын хувьд энэ жил нэлээд хариуцлагатай сонголтыг  хийх цаг хугацаа ойртож байна. Танай намын хувьд энэ удаагийн сонгуульд ямар байдлаар оролцохоор бэлтгээд байгаа вэ?

    -Манай “Монгол Консерватив” нам “Хөгжлийн хөтөлбөр” гэдэг намтай хамтраад “Үндэсний сэрэлт” гэх эвсэл байгуулсан. Энэ асуудлыг бид хоёр намынхаа бага хурлаар хэлэлцээд, хуулийн дагуу өнгөрсөн гуравдугаар сарын 31-нд олон нийтэд зарласан. Тиймээс одоо нам гэхээсээ илүү “Үндэсний сэрэлт” эвслийн тухай ярих нь зөв байх. Энэхүү эвсэл Монголын ард түмэн сэрэх цаг нь болсон гэдгийг сануулахыг зорьж буй. Энэ харийн бодлого Монгол оронд нөлөөлдөг, дотоодын амиа бодох үзэл дээр тулгуурлаж зөвхөн өөрийгөө, бүлгээ, фракц, бизнесээ, бүлэглэлээ боддог хүмүүс төрийн толгойд гарч ирсэнээс болж монголд маш олон зүйл хямарч байна. Тиймээс Монголын ард түмний сонголтод сэрэлт хэрэгтэй байгаа юм. Хэрвээ ард түмний сонголт сэрж чадвал хүсээд байгаа шударга,зарчимтай төрөө байгуулж чадна.

    Тэгэхгүй бол одоо улсын төсөв мөнгөөр хийсэн зүйлээ өөрөө хийгээд  бүтээчихсэн юм шиг ард иргэдийн тархийг нь угааж, оноо авах энэ мэт бүдүүлэг байдлаар өөрийнхөө төлөөх иргэдийн саналыг бараг луйвардаад, авч байгаа. Энэ тогтолцооноос салах цаг нь болсон. Хэрвээ сонголтын сэрэлтийг хийж чадвал энэ бүхнээс хүссэн, хүсээгүй бид салах болно. Монгол хүмүүсийн амьдрал дээшлэх бололцоо байна. Хамгийн түрүүнд  энэ хулгайч, авлигчдаас л салах  хэрэгтэй. Тэгэхгүй бол Монгол Улс хэчнээн их мөнгөтэй болоод  ч ёс суртахуун байхгүй хүмүүс төрийн толгойд байвал түүнийгдор нь зөөгөөд л дуусгах болно.  “Хөгжлийн хөтөлбөр” намын хөгжлийн долоон бодлого, манай  намын “Дэлхий хараатай Монгол- 2050” гэх баримт бичгүүдээс эвслийн мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж байгаа гарсан. Хөтөлбөрөө сурталчлах боломжтой хуулийн хугацаа нь болохоор бид олон нийтэд танилцуулаад явна.

    -“Үндэсний сэрэлт” гээд нэрнээсээ сүртэй юм. Дээр нь таныг өвдөг сөгдөөд л сонгуулийн шоу хийлээ гэж харах хүмүүс их байна. Та үүндээ тайлбар хийх үү?

    -Би    “Үндэсний сэрэлт” эвслийн талаар л ярина. Сөгдсөн талаараа ярихгүй. Монголын өнөөгийн байдал буюу нийгэм өөрөө сэрэлтийг шаардаж байна. Монголчууд түүхэндээ хэд хэдэн удаа хувьсгал хийсэн, хэд хэдэн удаагийн сэргэн мандалт явсан. Дэлхийн жишээ гэвэл Францчууд биднээс ялгаа байхгүй малчин, тариачин байсан, Англи, Амеркчууд ихэнх нь ойд л амьдарч байсан хүмүүс. Эд нар хувьсгал хийсэн байдаг. Тэр хувьсгалаараа ард түмэн нь сэрсэн байдаг.

    Үүний нэгэн адил сэрэх үзэгдэл монголд хэрэгтэй байна. Залуу хүний хувьд яагаад ийм зүйлийг бодоод байна вэ гэхээр үнэхээр манай улсын түүхийн,  байгалийн баялагийн, оюун санааны өгөгдөлүүд ийм өндөр  ийм боломжтой байгаад байхад энэ хүмүүсийг яагаад харц доогуур, нулимсанд дунд нь амьдруулаад байгааг ойлгохгүй байгаа. Одоо ард түмэн аргаа барж байна. Тэгвэл ямар бодлого явуулаад, хэрэгжүүлэхээрээ  ингэж гайхалтай муугаар улс эх орныг удирдаад байгааг гайхдаг. Тиймээс Монголын ард түмэн ийм арчаагүй, сул дорой төртэй байж болохгүй.

    Бид ингэж амьдрах, ёстой ард түмэн биш. Одоо сэрэх цаг нь болсон. Өөрөөр хэлбэл, бид хонхны дуунд 1990 онд сэрсэн байж болно. Гэхдээ хонхны дуундаа эргээд 25 жил унтчихлаа. Хэн биднийг унтуулаад байгаа юм бэ. Сүүлийн үед сугалаатай худалдаа, мөнгө дуудах хурал зэрэг зүйлд олноороо цуглардаг болж. Гэтэл яг бидний хамгийн үнэ цэнэтэй  зүйлийг хамгаалах гээд эх орноо д аврах,сэрэх тухай жагсаал хийхээр очих хүн байдаггүй. Тэгвэл хэн ийм байдалд хүргээд байна гэдэг учир гогцоог залуучууд маань олох шаардлагтай байна. Би ч улс төрд орохдоо энэ тухай л бодож орсон.

    -Тэгвэл энэ бүгдийн учрыг олчиж чадахгүй байгаа өнөөгийн залуус маань чадварлаг биш байна гэж ойлгож болох уу?

    -Яахав 5-6 хэлтэй чадварлаг мундаг залуус байна. Гэтэл тэдний ихэнх нь зөвхөн өөрийгөө, гэр бүлээ, бизнесээ бодож байгаа. Бүгд л өөрийн хүсэл эрмэлзлэл нь өөр, өөр байна. Гэхдээ би монголын залуусын  эх орон нь ийм болчихсон энэ цаг үед монголын төлөө боддог, сэтгэдэг нь их байгаасай гэж боддог. Хувь хүн хэчнээн амиа бодоод сайхан баян чинээлэг байлаа ч эх орон байхгүй бол хэн ч биш. Цагаачилж яваа хүн шиг л байна. Тиймээс залуус зөвхөн өөрийгөө бодохоос илүүтэй улс эрх орноо боддог байх ёстой.

    -Танай намаас авхуулаад энэ сонгуульд намууд эвсэж, нэгдэж орох бэлтгэл базаагаад эхэлчихлээ. Ер нь ингэж нэгдэж, нийлэх нь зөв юм болов уу?

    -Одоо Монголын бүх хүн “нэгдээсэй, эвсээсэй” гэж хэлнэ. Нэгдсэн үедээ л хүчтэй байдаг гэдгийг бид бүгд яриад байгаа шүү дээ. Миний хувьд 2013 оноос хойш намуудын эвсэл, нэгдлийн тухай яриа, хэлцэлд оролцож явсан. Гэтэл үнэхээр болдоггүй юм билээ. Бүгд л дор бүрнээ ашиг сонирхол, амбиц гаргаад бие биеийнхээ дээр, доор гарах гээд л үзээд байдаг юм билээ.

    Би бол залуу хүний хувьд 10- 20 нам, хувиараа улс төр хийгээд яваад байгаа хүмүүс, талбай дээр жагсаад байгаа иргэний олон хөдөлгөөнүүд нь нэгдээсэй гэж хүсдэг. Тэгээд болохгүй, бүтэхгүй байгаа зүйлийн төлөө хөддөөсэй гэж боддог. “Хөгжлийн хөтөлбөр” намтай нэгдэхээсээ өмнө маш олон намтай уулзаж үзсэн. Зарим үед нь бүр уурлаж үзсэн. Иргэний хөдөлгөөнүүд дээр очоод “та нар нэгдээд нэг шугаманд ороод Монголын төлөө яваач. Ямар эрх ашиг байгаа болоод нэгдэж чаддаггүй юм” гэж хэлсэн. Уг нь бүгдийнх нь хийж байгаа үйлдэл, зорьж байгаа зүйл нь нэг байгаа.

    Тиймээс ч Монголд энэ олон намын хэрэг байхгүй гэж боддог. Цөөн хэдэн намтай. Тэдгээр намуудын үзэл баримтлал ньдавхцаагүй байх шаардлагатай. Олон ногоон нам, олон консерватив нам Монголд хэрэггүй. Үнэхээр л Монголын төлөө байгаа юм бол хүчээ нэгтгэх хэрэгтэй.

    -Танай намын хувьд өнгөрсөн дөрвөн жилийи хугацаанд хэр төлөвшиж чадсан гэж бодож байна вэ?

    Ер нь консерватив нам гэхээсээ илүү, консерватив үзэл , монголд хэрэгтэй байгаа. Учир нь консерватив үзлийн гол амин сүнс ньүнэ цэнэтэй зүйлийг хамгаалахын төлөө л явдаг. Тухайлбал, таны үнэ цэнэтэй зүйл юу вэ гэж хувь хүнээс асуувал үр хүүхэд, эцэг, эхээсээ эхлээд л хэлэх болно. Харин улс үндэстнээр ярихаар тусгаар тогтнол, газар шороо, хил хязгаар, үндэсний хэл, соёл гээд асар олон зүйл гарч ирнэ. Тэгвэл яагаад консерватив Монгол Улсад хэрэгтэй вэ гэхээр Монголын үнэ цэнэтэй зүйлийг чинь хадгалаж, хамгаалахгүй шаардлагатай байгаа болохоор тэр.

    Үнэ цэнэтэй бүхнээ хайрлаж, хамгаалаагүй байдлаасаа болоод уусаад алга болчихсон улс, үндэстэн цөөнгүй байна. Тиймээс одоо л монголчууд үнэтэй бүхнээ хамгаалах ёстой. Консерватив үзэл хэрэгтэй байгаа юм. Яахав өнгөрсөн хугацаанд манай намын залуус өөрсдийн итгэл үнэмшлээр намаа байгуулсан, “Дэлхийн хараатай Монгол-2050” мөрийн хөтөлбөрөө гаргалаа, эдгээрийг сурталчлах, олон нийтэд хүргэх ажиллууддаа хийсэн гээд олон зүйлийг амжуулсан байна. Манай нам цаг үеийн асуудлаар байнга байр сууриа илэрхийлсээр ирсэн. Тухайлбал, Оюу толгой, Таван тогой, Ноён уул, Сонгуулийн тухай, Улс төрийн намуудын тухай, Үндсэн хуулийн тухай гээд бүх зүйл дээр дугарч байсан. Залуус өөрсдийнхөө хэмжээнд бүх л зүйлээ хийж байгаа. Хэн нэгэн биднийг юу ч хийгээгүй гэж хэлэхгүй байх гэж бодож байна. Одоо сонгуульдаа бэлтгэж, Монголын төлөө хүмүүсийг нэгтгэж, үндэстнээ сэрээх үйлсэд зүтгэхээр залуусаа уриалж байгаа.

    -Сэрэлт гэснээс сонгуулийн үеэр буруу сэрапт болж, долдугаар сарын 01 шиг зүйл болох вий гэх болгоомжлол их байна. Түүнчлэн ирц бүрдэхгүй байх гэцгээх юм. Та энэ удаагийн сонгуулийг юу гэж харж байгаа вэ?

    -Энэ жил ард түмний сонголт өөрчлөгдөнө. Аливаа үйл явц болох эсэх нь сонгуулийн үр дүнгээс л хамаарах байх. Үнэхээр бохир сонгууль болвол асуудал ямар ч байдал руу шилжиж магадгүй. Үнэнч шударгаараа яваад, гараад ирэх бол ямар нэгэн айдас байхгүй байж болно. Монголын ард түмэн шударга үнэн, зөв зүйтэйг л хүсч байгаа. Тэр хүний сонгосон сонголтыг хүссэнээр нь гаргадаг тийм л сонгуулийг хэрэгтэй. Зохион байгуулж байгаа төр өөрөө хариуцпагатай, сахилга баттай байх шаардаагатай гэж харж байгаа. Үнэн юм унэн зөв гараад ирвэл ямар ч асуудал гарахгүй. Сонгуулийг ирц бол хүрнэ. Өмнөх сонгуулиудыг бодвол энэ жил монголчууд олон сонголтоос сонголт хийх гэж байна. Нөгөө л хоёр биш. Олон сонголт гарч ирэх  шинжтэй байгаа.

    -Та АН-д байсан хүний хувьд энэ намд сүүлийн үед үүсээд байгаа нөхцөл байддыг юу гэж харж байгаа вэ. Та яагаад намаасаа гарч өөр нам байгуулах болсон юм бэ?

    -Би АН-д байсан. Залуу хүний хувьд хүн төрөлхтний нээсэн ардчилал гэх сайхан нийгэм байдаг юм байна. Түүнийг жинхэнэ утгаар нь бий болгох үйлсэд зүтгэе гэдэг үүднээс АН-д орж байсан. Гэтэл АН-ын бодаого маш буруу байсан. Ер нь буруу зүйлийн дэргэд суугаад байна гэдэг бол өөрөө гэмт хэрэг. Тиймээс намаасаа гараад, итгэл үнэмшил нийцдэг залуустай хамтраад, Монгол Улсаа шинэ замаар хөгжүүлэхээр зүтгэсэн. Одоо ч тэр зорилгодоо үнэнч явж байна.

    Эх сурвалж: https://vip76.mn/content/39897

    Огноо: 2016 оны 4 сарын 13 Монголын мэдээ

  • Булхарын ХАНДАА

    Сэтгүүлч мэргэжилтэй, урлагийн менежментийн чиглэлээр Австри Улсын Вена хотод ажиллаж амьдардаг.

    Австри Улс дахь Монгол оюутны холбооны үүсгэн байгуулагчдийн нэг.

    Австри дахь Монгол соёлын нийгэмлэгийн тэргүүн. Австри Улсад төрж өсөж буй Монгол хүүхдүүдээ монгол хэл, соёлоо мэддэг монгол хүн болгож хүмүүнжүүлэхийн тулд тууштай зүтгэж яваа нэгэн. Өөрийн санаачилгаар Вена хотод Монгол хэл соёлын сургуулийг байгуулан ажиллаж байна. Цаашид сонгодог урлагийн өлгий гэгддэг Австри улсад байгаа сонгодог урлагийн бизнесийн боломж, зах зээлд монгол авъяас чадварыг гаргахын тулд хоёр улсын соёлын харилцааны гүүр болох зорилго тавин ажиллаж байгаа. Энэ чиглэлээр хамтран ажиллах боломжтой.

    https://www.facebook.com/handa.bulkhar