Category: professional-advisors

  • Шархүүгийн МАНДАЛМАА- Дизайнер, имиж судлаач

    Үндэсний имиж судлаач

    Дизайн-Өнгө Судлалын Холбооны тэргүүн, имиж судлаач, дизайнер. Бүтээгдэхүүн, хувь хүн, байгууллагын имиж хөгжүүлэлтийн зөвлөх. Өнгө, дизайны сургалт /мэргэшүүлэх ба сонирхогчдын/, хэрэглэгчийн болон өнгө дизайны судалгаа, төсөл, бараа бүтээгдэхүүн, брэндийн өнгө, дизайн, имижийн хөгжүүлэлтийн зөвлөгөө сургалтыг зохион байгуулдаг. “Улсын өнгөний имижид соёлын нөлөө” сэдвээр Солонгос улсад магистр хамгаалсан бөгөөд одоогоор Монгол улсын имиж стратегийн чиглэлд судалгаа хийж байна.

  • Сэнгэмугаагийн ЭНЭБИШ- Морьны өв соёл, морин аялал

    Саарал адуу овогт Сэнгэмугаагийн Энэбиш

    Интерьер дизайнер, зураач, морьны өв соёл судлаач

    1979 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотод мэндэлсэн.

    1998 онд Цэцэрлэг хотын 1-р дунд сургууль

    2002 онд МУШУТИС, Үйлдвэрлэлийн дизайны тэнхимийг, Интерьер дизайнер мэргэжлээр дүүргэсэн.

    2002- 2008 онд Чөлөөт уран бүтээлч, дизайнераар ажиллаж байгаад

    2009- 2012 онд Барилга угсралт, зураг төслийн “Голден лайт” ХХК-ийн дизайнераар ажилласан.

    2013 оноос өнөөдрийг хүртэл аялал жуулчлалын салбарт хувийн бизнес эрхэлж, уран зураг болон бусад уран бүтээлээ туурвисаар ирсэн.

    Сүүлийн арваад жил монголчуудын адууны соёл уламжлалыг судалж, аялал жуулчлалд морин аялалыг хөгжүүлэх, морины тоног хэрэгслийн жижиг үйлдвэр байгуулах зорилгод анхаарал тавин ажиллаж байна.

    • – Морин спорт, сургалт, соёлын “Хийморь” цогцолбор төвийн төслийг санаачлан эхлүүлэв.
    • – Хурдны морьны унаач хүүхэд ба монгол адууны эргономикт тохирсон бөгөөд тав тух аюулгүй байдлыг хангах “100 жил” нэрт эмээлийн брэндийг санаачлан хөгжүүлж байна.
    • – Монгол улсад соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой “KHAN- V” төслийг санаачлан, төсөв төлөвлөгөөний шатаж хөгжүүлж байна.

    https://www.facebook.com/enebish

  • Дамдинжавын МӨНХБОЛД- Үндэсний морьт харвааны зүтгэлтэн

    Хими технологийн инженер, эрдэс баялгийн эдийн засагч мэргэжилтэй.

    1989 онд Улаанбаатар хотын 23-р сургууль, 1995 ондIvanovo State University of Chemistry and Chemical Technology, 2001 Colorado School of Mines сургуулийг тус тус дүүргэсэн.

    2003- 2009 онд Chevron корпорацид ажиллаж байсан.
    2010- 2019 Оюу толгой компанид ажилласан.

    Монгол үндэсний морьт харваа, Морьт харвааны спортыг хөгжүүлэгч, 
    Олон Улсын Морин харвааны холбооны Монгол Улсын тал дахь төлөөлөгч, “Хийморь” олон улсын морьт харвааны наадам, Дэлхийн морьтон олон өдрийн өртөөлчилсөн уралдааныг зохион байгуулагч.

    https://www.facebook.com/Munkhbold

    https://www.facebook.com/Mongolian-horseback-archery-association

  • Балдангомбын БААСАНЖАВ- Эсгий ширмэлийн мастер

    Эсгий ширмэл урлаач, өв тээгч, үе дамжсан урлаач

    Б.Баасанжав нь эсгий ширмэл урлалыг эдүгээ цагт өвлөн авчирж, урлалийг улам нарийвчлан хөгжүүлж эсгий ширмэлээс гадна эсгий зурагт аравч олныг урлан бүтээхээс гадна олон зуун шавь нарт өвлүүлэн сургажээ. Одоо ч гэсэн эсгий ширмэлийг урлалаа өвлүүлэн зааж сургасаар байна.

    Эсгий ширмэл нь эсгий туургатны маш эртний урлал бөгөөд цор ганц Монголын урлал юм. Элдэв харшил, тоосжилтгүй, эдэлгээ маш сайтай, байгаа орчиндоо халуун дулаан байгалийн мэдрэмжийг бий болгодог.
    Турк хивс, араб нэхмэл, хятад торготой адил дэлхийд танигдаж хэрэглээ болох боломжтой бүтээгдэхүүн.



    https://www.facebook.com/baldangombo.baasanjaw

  • Дэлэгийн ТӨМӨРБААТАР- Орчуулагч, япон судлал

    Япон судлаач, орчуулагч

    Д.Төмөрбаатар нь социализмын үед олж авсан япон хэл болон утга зохиолын гүнзгий мэдлэгээ ашиглан Ардчиллын хөдөлгөөн ид өрнөсөн 1989 оноос Монголын радиогоор анх япон хэлээр Монголын тухайн үеийн байдлыг Японд түгээж япон хүмүүсийн Монголын тухай ойлголтыг гүнзгийрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Мөн япон хэлний багшаар ажиллахын хамт Япон судлаач, орчуулагч хүний хувиар япон хэл, соёл, утга зохиолын олон ном зохиолыг орчуулан хэвлүүлсэн. Мөн Монгол-Японы соёл, утга зохиолын төвийг байгуулж, Монголын Го даамын холбоо, Шёоги шатрын холбоо болон Соробангийн холбоог үүсгэн байгуулж Японы үндэсний соёлыг дэлгэрүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг идэвхитэй явуулж ирсэн. Үүний дээр Монголын үндэсний телевизээр Японы мэргэжлийн сумо бөхийг тайлбарлах болон Улаанбаатар телевизээр Япон улсыг таниулах “Төмөрбаатартай хамт Япон орноор” хэмээх нэвтрүүлгээрээ дамжуулан өнөөг хүртэл хоёр орны харилцан ойлголцлолыг нэмэгдүүлэхэд ихээхэн хүчин зүтгэсэн билээ.

      Энэ мэт өргөн хүрээний үйл ажиллагаагаар дамжуулан Япон, Монголын найрамдалт харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Д.Төмөрбаатарын хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж Япон улсын Эзэн хааны одонг 2015 оны 12 сарын 22-нд гардуулсан билээ. Тэрбээр энэхүү одонгоор шагнуулсан 11 дэх монгол хүн болсон.

    https://www.facebook.com/JapanSudlaachTumurbaatar

  • Баярсайханы ХАНДМАА- Эрхзүйч, өмгөөлөгч

    Ажиндай овогт Баярсайханы Хандмаа

    Хуулийн зөвлөх

    1988 онд Завхан аймгийн Баянхайрхан суманд төрсөн.

    1996- 2006 онд Сэлэнгэ аймаг Мандал сум ЕБ-ын 4-р сургууль, 2006- 2011 онд МУИС- Хууль зүйн сургуулийг хууль мэргэжлээр дүүргэсэн. 

    2011- 2013 онд Нью Медиа групп-т хуулийн зөвлөх, төслийн мененер

    2016- 2018 онд Хууль зүйн туслалцааны төвд, Улсын өмгөөлөгч

    2018 оноос Монголын хуульчдын холбооны гишүүн, бие даасан өмгөөллийн үйлчилгээ эрхэлсэн.

    Захиргааны эрх зүйн чиглэлээр мэргэшсэн. Өвөрхангай аймагт хуульч өмгөөлөгчөөр ажиллаж байна. Шатар, даам, граунд гольфийн спортоор хичээллэдэг. Хуулийн салбараас гадна хүний хөгжил, амжилтанд хүрсэн хүмүүсийн намтар, амьдралын зөв маягийн талаар сонирхон судалдаг.

    ГАВЪЯА ШАГНАЛ

    2018 онд Өвөрхангай аймгийн шилдэг өмгөөлөгч

    100 буудалт даамны аймгийн аварга

    Граунд гольф Улсын аваргын тусгай шагналь

    Twitter | Facebook

  • Буянзын МЯГМАРЖАВ- Нүүдлийн соёл иргэншлийн дэлхийн хөгжилд оруулсан өөрчлөлт

    Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор

    Завхан аймгийн Улиастай хотын уугуул. 1961 онд ХААДС-ийг төгсөж агрономич мэргэжилтэй болсон. Төгсүүтээ ХААЯ болон ХААЯ-ны шууд харьяа Хэрлэнбаян-Улааны отор тэжээлийн станцад ерөнхий агрономичоор ажиллаж байгаад ШУА-д эрдэм шинжилгээний ажилтнаар ажилласан. 1972 онд хуучнаар ЗХУ-ын Москва хотноо дэд эрдэмтний зэрэг хамгаалсан. 1999 онд “Монгол болон Ази, Африкийн нүүдлийн мал аж ахуйтай орнуудыг харьцуулан судалсан нь” сэдвээр шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. Энэ сэдэвтээ дэлхийн 40 орон, 40 сая нүүдэлчдийн аж ахуй эрхлэх ухааныг судлан багтаасан юм. Энэ хугацаанд ХААИС, МУИС-д багшлан олон эрдэмтэн шавьтай болсон бөгөөд тэдгээрийн дунд хоёроос гурван шинжлэх ухааны доктор, 10 гаруй дэд доктор бий. Түүнээс гадна ШУА-ийн Эдийн засгийн хүрээлэн, Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнд тус тус ажиллаж, олон улсын хурал, зөвлөлгөөнд илтгэл тавьж, залуу эрдэмтдийн эрдэм шинжилгээний ажлыг удирдаж байсан.

    ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуульд доктор / Ph.D /, Агро экологийн сургуульд  шинжлэх ухааны доктор /Sc.D/ хамгаалуулах зөвлөл, МУИС-ийн Газар зүйн шинжлэх ухааны доктор /Sc.D/-ын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүнээр тус тус ажиллаж байна.

    ЯРИЛЦЛАГА УНШИХ

    Б.Мягмаржав:Орчин үеийн дэлхийн эдийн засгийн хөгжлийн үүдийг Монголын их Юань гүрэн нээсэн

    Буянзын Мягмаржав МОНЦАМЭ агентлагт ном бүтээлийнхээ дээж 15 ботийг өнөөдөр бэлэглэлээ. Тэрбээр эдгээр ном бүтээлдээ дэлхийн эдийн засаг, нүүдлийн аж ахуй, өнөөгийн эколог, бизнес жуулчлалын асуудлыг хөндөн бичсэн аж.

    – Эрдэмтэн багш та манай агентлагт бэлэглэж буй ном бүтээлийнхээ талаар сонирхуулна уу ?

    – Миний бүтээлүүд олон улсын чиглэлтэй учраас өнөөгийн дэлхий, Ази, Африкийн орнуудын нүүдлийн мал аж ахуй болоод Монголын хаадын түүх бол дэлхий ба Евроазийн түүхтэй салшгүй холбоотой учраас манай улсын үндэсний агентлаг МОНЦАМЭ-дээ бэлэглэх сэтгэл төрсөн юм. Учир нь, МОНЦАМЭ агентлаг дэлхийн олон орны мэдээллийн сүлжээтэй ойр, өөрийн дэргэд англи, орос, хятад, япон зэрэг хэлээр сонин гаргаж түгээдэг учраас бүтээлээ бэлэглэх нь зөв гэж бодсон.

    Эхний 9 боть нь дэлхийн 40 гаруй орныг хамарсан 40 сая нүүдэлчдийн амьдралыг тусгасан нүүдлийн мал аж ахуйн сэдэвтэй юм. Дараагийнх нь 6 боть Монголын эзэнт гүрэн, Монголын их Юань улсын түүх болон “Монголын нууц товчоо”-г дэлхийн эдийн засаг, олон улсын эдийн засгийн харилцаа, маркетингийн үүднээс судалж Хубилай, Өгөөдэй, Бат, Зүч, Гүюг зэрэг их хаадад зориулан бичсэн бүтээлүүд юм. 

    – Эдгээр ботийг эрдэмтэн нөхөдтэйгөө хамтран бичив үү, аль эсвэл дан ганц таны бүтээлүүд үү?

    – Хоёр ботийг нь баг болж хамтран бичсэн. Бусад бүх ботийг би өөрийнхөө олон жилийн судалгаа, ажиглалт, эрдмийн бүтээлийнхээ шим дор бүтээсэн гэх үү дээ. 

    – Та эдийн засгаас гадна түүхийн чиглэлээр нэлээд судалгаа хийжээ дээ?

    – Миний бие Завхан аймгийн Улиастай хотын уугуул. 1961 онд ХААДС-ийг төгсөж агрономич мэргэжилтэй болсон. Төгсүүтээ ХААЯ болон ХААЯ-ны шууд харьяа Хэрлэнбаян-Улааны отор тэжээлийн станцад ерөнхий агрономичоор ажиллаж байгаад ШУА-д эрдэм шинжилгээний ажилтнаар ажилласан. 1972 онд хуучнаар ЗХУ-ын Москва хотноо дэд эрдэмтний зэрэг хамгаалсан. 1999 онд “Монгол болон Ази, Африкийн нүүдлийн мал аж ахуйтай орнуудыг харьцуулан судалсан нь” сэдвээр шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. Энэ сэдэвтээ дэлхийн 40 орон, 40 сая нүүдэлчдийн аж ахуй эрхлэх ухааныг судлан багтаасан юм. 

    -Хэд хэдэн их, дээд сургуульд багшилж байсныг тань дуулсан?

    – Энэ хугацаанд ХААИС, МУИС-д багшлан олон эрдэмтэн шавьтай болсон бөгөөд тэдгээрийн дунд хоёроос гурван шинжлэх ухааны доктор, 10 гаруй дэд доктор бий. Түүнээс гадна ШУА-ийн Эдийн засгийн хүрээлэн, Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнд тус тус ажиллаж, олон улсын хурал, зөвлөлгөөнд илтгэл тавьж, залуу эрдэмтдийн эрдэм шинжилгээний ажлыг удирдаж байсан.

    ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуульд доктор / Ph.D /, Агро экологийн сургуульд  шинжлэх ухааны доктор /Sc.D/ хамгаалуулах зөвлөл, МУИС-ийн Газар зүйн шинжлэх ухааны доктор /Sc.D/-ын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүнээр тус тус ажиллаж байна.

    – Та одоо яг ямар бүтээл хийж байна вэ?

    – 15 боть дээрээ нэмээд 3 боть шинээр бичиж байна. Эдгээрийгээ хэвлүүлчихвэл 18 боть болох юм. Бичиж байгаа бүтээлээсээ иш татвал, “Олон улсын интеграц-Монголын эзэнт гүрэнд” гэсэн бүтээл дээрээ ид сууж байна. Энэ бүтээлдээ Мөнх хааны тухай өгүүлэх юм.

    – “Дэлхийн эдийн засагт Монголын их Юань улсын оруулсан хувь нэмэр” боть тань сонирхол татаж байна. Энэ ботийн онцлог нь юу вэ?

    – Энэ ботио Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойд зориулан бичсэн юм. Гол онцлог нь орчин үеийн дэлхийн эдийн засгийн хөгжлийн үүдийг Монголын их Юань гүрний эдийн засаг нээж өгсөн гэдгийг өнөө үеийнхэнд ойлгуулах гэж хичээсэн юм. Жишээлэхэд, Юань гүрэн дэлхийд усан замын харилцааг хөгжүүлсэн, ялангуяа Энэтхэг, Солонгос, Япон, Зүүн өмнөд Азид усан харилцааг хөгжүүлэхэд ихээхэн нөлөөлснийг энэ ботьдоо онцлон дурдсан байгаа. Мөн өнөөдрийн яриад байгаа дэлхийчлэл болон дэлхийн эдийн засагт Монголын их Юань гүрний оруулсан хувь нэмэр их байсныг ч тодруулж өгөхийг хичээсэн. Мөн Өгөөдэй хааны 830 жилийн ойд зориулсан “Олон улсын маркетингийн орчин-Монголын нууц товчоонд” хэмээх 12 дугаар ботио охин М.Халиуныхаа /доктор/ хамт бичсэн. Энэ ном их хөдөлмөр, хөлс шингэсэн бүтээл болсон л доо. Энэ бүхнийгээ нэгтгээд дүгнэхэд, монгол хаадын тухай болоод дэлхийн нүүдлийн аж ахуйг өнөөдрийн эколог, бизнес, жуулчлалаас салгах аргагүй юм шиг бодогддог юм.

    – Таны эрдмийн ажлыг охин чинь үргэлжлүүлж байгаа юм аа даа, бүтээлээс нь дурдвал…?

    – Миний охин МУИС-ийг  Олон улсын худалдааны мэргэжлээр төгсөөд эрдэм судалгааны ажил хийж байна. 1997 онд Олон улсын худалдааны чиглэлээр дэд докторын зэрэг хамгаалсан. Одоогоор СЭЗИС-д багшилж байна. Хамгийн сүүлд  “Монголын ноос ноолууран бүтээгдэхүүн, тэдгээрийн брэнд-Олон улсын зах зээлд” номоо хэвлүүлээд байна.

    Улаанбаатар /МОНЦАМЭ/ Батсайхан.Ж  183@montsame.mn  | 2020-01-28 16:11:19

  • Жигжидийн СОСОРЖАВ- Мах махан бүтээгдэхүүний технологич, инженер

    Мах, махан бүтээгдэхүүний технологич, инженер

    МАЛЫН ХИШИГ: Мах, махан бүтээгдэхүүний гарын авлага уншиж танилцах: https://www.usp2030.org/gimi/R…

    Бага насны дурсамж содон санагдана.
    Аав минь УБ яваад ирэхдээ хиам авчирч анх хиам идэж үзэж байж билээ. Амттай ч юм шиг дахиад идээд баймаар ч юм шиг. Ээжээсээ асуулаа
    – Ээжээ ийм хиамыг гэртээ хийж болох уу?
    Ээж минь инээмсэглэн “Том болоод хиам хийдэг хүн болоод ханатлаа идэхгүй юу” гэж билээ. Хиам хийдэг инженер болно гэж би тэр үед яахан төсөөлөх билээ. Мартжээ.
    Олон жилийн дараа 10–р анги төгсөх боллоо.
    Төгсөх шалгалтуудаа амжилттай өгч цаашид ямар мэргэжил эзэмших тухай ярилцлаа .
    Том ах Ж.Нямжав “Чи ерөөсөө Германд суралцах хуваарь ав, хүнсний инженер болооч” гэж билээ.
    Хойтон жил нь алдартай Гумбольдтын их сургуулийн хуваарь авч “Мах, махан бүтээгдэхүүний технологич инженер” мэргэжлээр сурч эхэллээ.
    Германчуудаас ихийг сурч ер нь л бол “Хувьсан өөрчлөгдсөндөө’’
    Сургуулиа төгслөө…
    1989 оны 09-р сарын 13 Мартах аргагүй өдөр
    Онгоцонд суугаад нутгийн зүг нисэж байлаа. Шинэхэн инженер. Эхлээд ажилчнаас эхэлдэг гэсэн, дараа нь ажлын үр дүнг харгалзан дэвшүүлдэг гэсэн. Ажиллана даа, зүтгэнэ дээ гэж бодож явлаа. Монголдоо ирлээ. Мах комбинатад хуваарилагдан очлоо. Хар бор ажил ч зөндөө хийлээ. Толгой шийр ч хуйхалж үзлээ. Удаж төдөлгүй инженерийн байранд очлоо. Ажлын төлөө зүтгэж явсаар … Цаг хугацаа харвасан сум шиг түргэн өнгөрчээ.
    Хагас жарны ажлын туршлагатай, бас нэг сонин нь “ БАГШАА” гэж дууддаг олон шавьтай болжээ. Залуу байхдаа “Багш” гэж дуудуулна гэж үнэндээ бодоогүй цэл залуугаараа байх юм шиг бодож явж дээ. Яг энэ агшинд би өөрөөрөө, хамт олноороо бахархаж байна.
    Ард түмэндээ эрүүл хүнс хүргэх гэж зүтгэсэн 30 гаруй жилийн хугацаанд би өөрөөрөө овоглосон хамт олонтойгоо хийсэн зүйлсээс цөөн хэдийг бичвэл:
    – Монгол аргаар мах эвдэж, ангилсан мах гаргав.
    – Мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх анхны “Махны сургалтын төв“-ийг нээж олон хүнд сургалт хийжээ.
    – Махны салбарт хүнсний аюулгүй байдлын тогтолцоог нэвтрүүлэх ажлыг мал төхөөрөх болон мах боловсруулах үйлдвэрт хийж амжилттай хэрэгжүүлсэн
    – Монгол улсын хүчний байгууллагуудад зориулан хөнгөн цагаан саванд нөөшилсөн төрөл бүрийн будаатай хуурга, ногоотой махан хуурга, шууз, өөхний агууламж багатай хиамнууд зэргийг дурдаж болно.
    Өглөө бүр ажил уруугаа яарч, орой бүр ажлаа дүгнэж гэрийн зүг урамтай явдаг жирийн инженер би жаргалтай хүн.
    Багын дурсамж амьдралд биеллээ олж хиамаа өөрөө хийдэг хүн боллоо сонин юм.
    ‘’БИ’’ –гээс ‘’ БИД ‘’үнэн шүү

    Бид бахархах зүйлтэй хүмүүс

    Хүнсчин миний бахархал –ХҮНСЧИД

  • Яндагийн ГАНБОЛД- Малын их эмч, мал эмнэлэгийн холбоо

    Хөдөө Аж Ахуйн Шинжлэх Ухааны Академийн гишүүн / Академич/, Мал эмнэлгийн шинжлэх ухааны доктор/ ScD/, профессор, Монголын үндэсний мал эмнэлгийн холбооны дэд ерөнхийлөгч, Монголын үндэсний жороо морин спортын холбооны тэргүүлэгч гишүүн 
    Малын их эмч, Мал эмнэлгийн хүрээлэн, ХААИС (Ph.D), 1993 он, ШУА (Sc.D), 2009 он
    Украины ХАА-н академи

    Шинжлэх ухааны доктор, профессор, ШУАкадемийн гишүүн

    • Монгол улсын зөвлөх малын эмч, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан
    • Украйны Хөдөө Аж Ахуйн Академийн малын их эмч
    • Малын их эмч, орос хэлний багш, орчуулагч, сэтгүүлч мэргэжилтэй
    • Мэргэшсэн чиглэл: Мал эмнэлгийн эм зүй, эм судлал, хор судлал, эмийн технологи, эмнэл зүй. 
    • Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, Мал эмнэлгийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, удирдах албан тушаалд ажиллаж байсан.
    • “Мал эмнэлгийн эм судлалын хүрээлэн” ТББ-ын захирал, “Монголын хувийн мал эмнэлгүүдийн дундын хоршоо”-ны зөвлөх, “Монголын үндэсний мал эмнэлгийн холбоо”-ны дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байна.

    https://www.facebook.com/ireed…

    Царцааны бэлдмэлийн зохион бүтээгч


    ЖОРОО АДУУНЫ ГЕНИЙН СУДАЛГАА НЭН ЧУХАЛ

    Монгол зан заншил, урлаг, соёлын уламжлагдан ирсэн, мал сүргээ адгуулан маллаж уналга, эдэлгээнд сургаж, тэр ч бүү хэл баяр цэнгэлийн үед “гангараа” болгон хэрэглэж, малч ухаан, малчин хүний эрдэм соёлыг гайхуулж байдаг нэгэн өвөрмөц үйлдэл нь Монголчуудын хөлөг мориндоо жороо явдал сургах, нэгэнт сурсан жороо явдлыг уран гоё болгож, урлаг мэт хөгжүүлж ирсэн нь сайхан зан заншил, ур чадвар юм. Жороо адууг газар нутгийн онцлогтой холбоотойгоор төрж, удам дамждаг хэмээн нутгийн нэрээр нь тэр нутгийн жороо морь гэж нэрлэж ирсэн түүхтэй билээ. Манай ард тумний дунд нилээд түгээмэл болсон ойлголт нь жороо адууны гарал Ховог сайрын нутгаас гаралтай гэж үздэг боловч, үүнийг шинжлэх ухааны болон уг гарвлын үүднээс баталсан нотолгоо өнөөдөр хүртэл байхгүй ба газар, газрын жороо олон үеэр дамжиж ирсэн нь нэг нутаг уснаас биш, нилээд олон газраас, өөрөөр хэлвэл нийтлэг байдлаар жороо морины явдал үүсч, хөгжсөн байж болох талтай юм.

    Биологийн шинжлэх ухааны үүднээс авч үзвэл гарал үүслийн хувьд хаа нэгтэй газар жороо адууны анхлан бий болсон гарал үүслийг батлах баримт нотолгоо байх ёстой бөгөөд энэ нь орчин үеийн ойлголтоор тухайн сүрэг, омог, магадгүй үүлдрийн генийн илрэц болох нь нэн сонирхол татаж байгаа юм.

    Өнөөгийн байдлаар манай орны хувьд адуу мал яагаад жороо явдал сурдаг, эсвэл жороо төрдөг, тэр чадвар нь удамшдаг эсэх, удамшдаг бол жороо удмын сүрэг бий болгох боломжтой эсэх зэргийг судлан тогтоох нь нэн чухал байна. Энд би ардын сонгон шалгаруулалт, шилэн өсгөлт, өөрөөр хэлвэл малч ухаанаар бий болгодог жороо сургах арга туршлагыг огт үгүйсгэхгүй байна. Дэлхийн шинжлэх ухааны ололтоос авч үзвэл Америк болон Европын орны судлаачид адууны алхаа, гишгээг тодорхойлогч DMRT3 нэртэй генийг жороо моринд илрүүлсэн байна. Гэхдээ эдгээр орны жороо гээд байгаа морьдууд нь хатирч гэдгээрээ илүү алдартайг уншигч та мэдэх байх аа. Ийм адууг өсгөн, үржүүлж, уралдаан, тэмцээнд оруулж байдаг Исланд улсад гэхэд л дээрхи ген илэрдэг болох нь мэдээлэгдсэн байна.Иймээс адуунд жороо явдал бий болоход энэ ген нөлөөлдөг эсэхийг нотлон судлах ажлыг өргөн цар хүрээтэй эхлүүлэхээр бидний хэдэн судлаачид Монголын үндэсний жороо морин спортын холбооны дэмжлэгтэйгээр зорин ажиллаж байна.

    Хэрвээ бид энэхүү генийг монгол жороо моринд илрүүлж чадах аваас нэг талаас /том утгаараа/ жороо морь дэлхийд өөр хаана байгааг ижилдүүлэн судлах, эсвэл зөвхөн Монголоос гаралтай гэдгийг нотлон дэлхий дахинаа зарлах, нөгөө талаас монгол жороо морины явдал удамшдаг эсэхийг тогтоох, моринд жороо явдал сургадаг арга, туршлага, ур чадвар бүхий цогц мэдлэгийг инноваци болгох, цаашилвал нутаг, нутгийн жороо адууны генийн сан бүрдүүлж, хамгаалах, улмаар уран жороо явдалтай сүрэг үржүүлэх ажлыг нэн даруй эхлүүлэх боловсрол, нийгэм, соёл, зан заншил, эдийн засгийн ихээхэн ач холбогдолтой ажил болох юм.

  • Сүрэнжавын АРИУНАА- ARIUNAA SURI брэндийг үндэслэгч дизайнер

    Загвар зохион бүтээгч, ARIUNAA SURI брендийг үндэслэгч

    С.Ариунаа нь Герман улсын Бремен хотын урлагийн их сургуулийг загвар зохион бүтээгчээр магистр цолтой суралцаж төгсөөд, Германы тэргүүлэгч брэндүүдийн нэг болох “Evelin Brandt”-д бүтээлч дизайнераар 2 жил ажилласан. 2012 оноос хойш өөрийн ARIUNAA SURI брэндийг бий болгож, тус брендийг олон улсын хэмжээнд таниулан сурталчилж, компанийн үйл ажиллагааг амжилттай удирдан зохион байгуулж байна.

    ARIUNAA SURI брэнд нь байгальд ээлтэй олон улсын стандартыг хэрэгжүүлсэн зах зээлд өөрийн өвөрмөц чиг хандлагатайгаар танигдсан, мөн Монголын экологийн цэвэр түүхий эд болох ноос, ноолуур, савхи болон хонины нэхийг ашиглан урласан төрөл бүрийн хувцаснуудыг дээд зэргийн өндөр чанартайгаар урладаг “Монголын анхны дизайнер брэнд” билээ.

    Амьдралын хэв маяг, хэл, соёл урлаг, загварын үүсэл түүх гээд бүх талаараа эрс тэс өрнө дорнын хоёр ертөнцийн ХООРОНД нууцлаг оршигч, түүнийг суралцагч, ялгааг бүтээлдээ шингээгч – энэ бол ARIUNAA SURI. Үүнийг мэдрэгч түүнчилэн чанар болон дизайны өөр шийдэлийг Хүсэгч худалдан авагч хэн бүхэнд энэ брэнд зориулагдсан болно.

    Бид ARIUNAA SURI брэндийг зах зээлд хөгжүүлэх, таниулах чиглэлээр дэлхийн хэмжээний загварын шоу, PR, маркетингийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж дотоодын зах зээлд хөгжин цэцэглэхийн зэрэгцээ Азид Япон, Орос, Казакстан, Европт Герман, Австри болон Америкийн зах зээлд танигдсаар байна.

    2015/11/14 SNOW 2016 Fashion Show

    “Дархан Минж” ХХК-ийн Европ технологиор боловсруулсан зөөлөн, хөнгөн нэхий нь Монголын Загварын салбарт нэгээхэн шат ахисан үйл явдал болоод байна. ARIUNAA SURI брэнд уг нэхийгээр орчин үед нийцсэн шинэлэг загвар гарган хамтарсан шинэ брэнд бий болж дотоодын болон олон улсын зах зээлд нийлүүлэхээр зорин ажиллаж байна.

    2015/5/28-31-нд Австрийн Грац хотод “Assembly the Design Festival”-д уригдан “Мазаалай” коллекцоороо танилцуулсан.

    2015/4/5-нд ARIUNAA SURI брэндийн нэрийн дэлгүүр, урланг Улаанбаатар хотод нээсэн.

    2014 оны 6- 10 сард “Тютю“ киноны загвар хариуцаж ажилласан ба үзэгч, хэрэглэгч нарын магтаалыг чамгүй хүртсэн ажил болсон.

    2014/7/2-нд ARIUNAA SURI загварын шоуг Испани улсын Ибиза арал дээр зохион байгуулсан.

    Монголоосоо анх удаа 2013 онд Токио хотод “Mercedes Benz Fashion Week” загварын шоунд оролцож, 2014 онд дахин амжилтаа бататгалаа.

    2014 оны 1 сард Сочи Өвлийн Олимпын хувцасыг шинэчлэн гаргаж бэлтгэсэн ба уг ажил нь мөн дэлхийд Монголоо сурталчилсан томоохон ажил болсон юм.

    2013/7/13-нд ARIUNAA SURI 2015 хавар зуны коллекцын загварын шоуг анх удаа Монголд усан дээр тайз засч, мэргэжлийн түвшинд өргөн хэмжээний энтертайнмент шоуг өвөрмөц зохион байгуулсан.

    https://www.facebook.com/ariunaasuri