Category: эрдэмтэн-судлаачид

  • Лхагвасүрэнгийн ГАЛБААТАР- Цахим эрхзүйн олон улсын хуульч


    Олон улсын эрх зүйч, хуульч

    Орчин үеийн нийгмийн чухал асуудал болох мэдээллийн аюулгүй байдал, мэдээллийн технологи, цахим орчны эрх зүйн асуудлаар мэргэшсэн Монгол Улсын цөөн хуульч, судлаачийн нэг юм. Монгол Улсын Их Сургуулийг олон улсын эрх зүйч мэргэжлээр, Дэлхийн оюуны өмчийн байгууллагын дэргэдэх академи болон Сингапур улсын Оюуны өмчийн академийг оюуны өмчийн эрх зүйн чиглэлээр тус тус төгссөн.

    2010 онд оюуны өмч, мэдээллийн технологийн эрх зүйн асуудлаар “Цахим эрх зүй” ном, 2015 онд кибер гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мөрдөн шалгах асуудлаар “Кибер гэмт хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх нь” ном бичиж хэвлүүлсэн. Мөн “Кибер аюулгүй байдлыг хангах тухай” болон “Өгөгдөл хамгаалах тухай” хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт гишүүнээр ажилласан туршлагатай. “Онлайн эрх чөлөө” олон улсын эвслийн 5 дугаар бага хуралд Монгол Улсыг төлөөлөн оролцож “Mongolian Legislation and Law Enforcement” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн бөгөөд дотоодод төдийгүй олон улсын хэмжээнд өгүүлэл, нийтлэлээ түгээж буй судлаач юм.

    Тэрээр Монгол Улсын Их сургуулийн хуулийн зөвлөх, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хуульч зэрэг хариуцлагатай ажлыг нэр төртэй гүйцэтгэсэн чадварлаг хуульчдын нэг юм. Өдгөө Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнд судлаачаар ажиллаж, хэд хэдэн бодлогын судалгааг амжилттай гүйцэтгэсэн бөгөөд шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад зориулсан олон тооны сургалтад сургагч багшаар ажиллаж шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагын чадавхийг бэхжүүлэхэд зохих хувь нэмэр оруулж буй судлаач юм.

    Түүний “Цахим эрх зүй” блог www.galbaatar.blogspot.com нь 2007 оноос эхлэн өнөөг хүртэл цахим орчны эрх зүйн асуудлаар сонирхон судлагч, тусламж хүсэгч хэн бүхний хувьд чухал, шинэлэг эх сурвалжид тооцогдож байна.

    Илтгэлүүд үзэх: http://www.slideshare.net/galbaatar1/
    https://www.facebook.com/galbaatar

  • Цэрэндоржийн САНЧИР- Тархан суурьшсан монгол туургатны судлаач

    Соёл судлаач, “Тархан суурьшсан монголчууд” ТББ-ын тэргүүн

    Улаанбаатар хотод 1977 онд төрсөн. Урлаг, соёл судлаач, зургийн багш мэргэжилтэй.
    Монголын Эзэнт гүрний байлдан дагууллаас даяар тархан суурьшсан Монголчууд болон түүх соёлын дурсгалуудаа зорин 14 жил эзэнт гүрний өргөн нутагт судалгаа, зураг авалтаар ажиллаж байна. Монгол гүрний түүх соёлын төдийлөн судлагдаагүй бүс нутаг буюу өнөөгийн дотоодын мөргөлдөөнтэй, исламын улсууд, хаалттай хоригтой орнуудад устах аюулд буй Монгол соёлын дурсгалууд, уусах аюулд буй Монголчуудынхаа талаар

    TASAM 3 дугаар бүхий телевизийн баримтат цуврал, ТАРХАН СУУРЬШСАН МОНГОЛЧУУД 12 дугаар бүхий телевизийн баримтат цуврал, ЭЗЭНТ ГҮРНИЙ СОЁЛЫН ДУРСГАЛУУД 5 дугаар бүхий телевизийн баримтат цуврал, 5 төрлийн хэвлэлийн бүтээл, үндэсний болон олон улсын 5 удаагийн үзэсгэлэн, орон нутагт 14 үзэсгэлэн, үндэсний болон олон улсын 300 гаруй хэвлэлээр ярилцлага, нийтлэлээ хүргэжээ. Энэ л он жилүүдэд хилийн чанадад хийсэн судалгаа зураг авалтын болон нийтэд толилуулсан бүтээлүүдийн үндсэн зардлыг TASAM craft арьсан эдлэлийн урлангийнхаа дэмээр хийлээ. Эдүгээ бид ЭЗЭНТ ГҮРНИЙ НЭВТЭРХИЙ ТОЛЬ бүтээхээр төслийн хүрээнд ажиллаж дэлхийн 40 улсад 15 жил (2002- 2016) судалгаа, зураг авалт хийж гүрэн улсынхаа бахархалт үнэн түүхийг мэргэжлийн гэрэл зураг, бүрэн хэмжээний тайлбар танилцуулгатайгаар кирил үсэг, монгол бичиг, англи хэлнээ баринтаглан Агуу Монгол түүхийн нэгэн гэрэлт хөшөөг сүндэрлүүлэх үйлсэд зүтгэж байна.

    Энэхүү төслөөрөө Монголчуудын арвин баялаг өв уламжлал, дэлхий дахины түүхэнд бүтээсэн уран барилга, хот байгуулалт, соёл, шинжлэх ухааны шинэчлэлүүдийн талаар цогц мэдээллийг кирил үсэг, монгол бичиг, англи хэлнээ буулгаж, нэвтэрхий толь бичгийн олон улсын стандартыг хангасан хэвлэлийн технологийн өндөр төвшинд хүрсэн бүрэн хэмжээний бүтээлийг Их Монгол улс байгуулагдсаны 810 жилийн ойгоор нийтийн хүртээл болгох юм. Дэлхий дахинд Монголын эзэнт гүрний бахархалт үнэн түүх болоод дэлхийн энгээр тархан суурьшсан Монголчуудын соёл иргэншил ямар байсныг, бид ямар бахархалтай түүх бүтээснийг дэлхийд гаргаж ирэх болно.

    БҮТЭЭЛҮҮД
    2010 он “Тархан Суурьшсан Монголчууд” 12 дугаар бүхий телевизийн баримтат цуврал
    2012 он “TASAM” 3 дугаар бүхий телевизийн баримтат цуврал
    2010 он Гэрэл зургийн үзэсгэлэн, Монгол Улс 2010, 2011, ОХУ 2010
    2011 он “Монголын төлөөх зүрх бүхэнд” Монгол бичиг болон Монгол-Англи хэлээр 2 удаа хэвлэгдэж, “Grand book 2011” арга хэмжээний “Түүх нийгмийн шилдэг ном”-оор шалгарсан. (хамтын бүтээл)
    2011 он Монголын төлөөх зүрх бүхэнд найраглал

    https://facebook.com/sanchir.tasam
    http://www.tasam.mn/

    Ярилцлага унших

  • Минжингийн БОЛОРЦЭЦЭГ- Монголын үлэг гүрвэлийг дэлхийд таниулсан нэрт палеонтологич

    Нэрт палеонтологич, Монголын динозавр судлалын хүрээлэнгийн захирал

    Монгол Улсын үлэг гүрвэлийн судалгааг хийж олон улсад таниулах тал дээр үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд хулгайлагдсан Батаарыг Монголдоо авчрахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Тэрээр Монголын говьд Үлэг гүрвэлийн музей, парк байгуулж жуулчдыг татах, ирээдүйн дэлхийн хэмжээний Монгол палеонтологичдыг бэлдэх зорилготой ажилладаг.

    1996 онд ШУТИС, Геологийн сургуулийг Эрэл хайгуулын инженер мэргэжлээр бакалав;
    1997 онд ШУТИС, Геологийн сургуулийг Палеонтологийн магистр зэргийг Монголын эртний шүрийг судалж хамгаалсан;
    2005 онд Нью Иорк хотын их сургуулийн философийн магистр зэрэг;
    2007 онд Америкийн Байгалийн түүхийн музейд Монголын Цэрдийн галвын хөхтөн амьтдыг судалж докторын зэрэг тус тус хамгаалсан.
    2008 онд Монтана мужийн их сургуульд судлаач;
    2009 онд Өмнөд Жеоржийн их сургуульд профессор;
    2010 оноос Шинжлэх ухааны академийн Нью Иорк хот дахь суурин төлөөлөгч;
    2009 оны Wings WorldQuest олон улсын байгууллагын Тэргүүний эмэгтэй эрдэмтэн шагнал;
    2010 оны АНУ, Үндэсний газар зүйн нийгэмлэгийн залуу эрдэмтэн шагнал;
    2007 онд Монголын динозавр судлалын хүрээлэнг байгуулж, захиралаар нь ажиллаж байна.

    Монголын динозавр судлалын хүрээлэнгийн зорилго нь палеонтологийн шинжлэх ухааныг олон нийт, хүүхэд залуучуудад танин мэдүүлж, Монголын палеонтологийн олдворыг хамгаалах, ирээдүйн палеонтологчдыг бэлтгэхэд хувь нэмрээ оруулах, Монголдоо палеонтологийн музей байгуулахаар зорин ажиллаж байна.

    2009, 2010, 2012 онд тус хүрээлэн нь говийн хүүхдүүд, багш, Улаанбаатар хотын музейн ажилтнууд, багш, АНУ-д суугаа Монголчууддаа зориулж “Говийн динозавр”, Музейн динозаврууд” гэсэн танин мэдэхүйн сургалт, хээрийн болон музейн аялалууд зохион байгуулсан. Мөн магистрын тэтгэлэг 6 оюутанд өгч, 2 оюутныг АНУ-д сургаад байна.

    Ярилцага унших

    https://www.facebook.com/bolortsetseg.minjin

  • Балжиннямын НАМИРАА

    Б.Намираа нь 12 настай байхдаа өвчний улмаас сонсголоо бүрэн алдсан. 2005 онд МУИС-ийг Эх бичиг судлаач, Төвдөч мэргэжлээр бакалавр зэрэгтэй, 2007 онд МУБИС-ийг Боловсрол судлаач мэргэжлээр магистр зэрэгтэй төгссөн. 2009- 2013 оны хооронд АНУ-ын Галлаудет их сургуульд суралцаж Тусгай хэрэгцээт боловсрол (нарийн мэргэжил нь сонсголгүй хүүхдийн ерөнхий боловсрол, заах аргазүй) болон Сонсголгүй хүүхдийн эрт оролцооны боловсролоор 2 мастер зэрэг хамгаалсан. Тэрээр сонсголгүй хүүхдийн хос хэл, соёлын боловсролын болон эрт оролцооны боловсролын Монгол Улсын хэмжээний цор ганц мэргэжилтэн юм.

    “Сонсголын бэрхшээлтэй хүүхэд, түүний боловсрол” номын зохиогч

    Тэрээр Үндэсний номын санд төслийн ажилтан, МУБИС-д тусгай хэрэгцээт боловсролын багшаар ажиллаж байсан. Тэрээр Монголын сонсголын бэрхшээлтэй хүүхдийн боловсролын түвшин дэлхийн чиг хандлагаас хэдэн арван жилээр хоцорч, тэр хэмжээгээр мянга мянган сонсголын бэрхшээлтэй иргэд, хүүхдүүд хохирч үлдэж байгааг сонсголгүй хүүхдийн тусгай 29-р сургуульд сурч байх үедээ ажиглан мэдэж тэрхүү хоцрогдмол байдлыг халж Сонсголгүй хүүхдийн боловсролыг шинэ шатанд гаргаж олон зуун сонсголгүй хүүхдүүдийг бүрэн чадамжаараа суралцаж мэдлэг чадвар, оюун сэтгэхүйн хувьд жирийн сонсголтой иргэдийн хэмжээнд хүртэл хөгжүүлэхийг хичээн ажиллаж байна.

    Тэрээр Галлаудет их сургуульд мастер хамгаалсан бүтээлээрээ төсөл боловсруулж “Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоо” ТББ- тай хамтран 2014 оны 9-р сараас Монголын анхны Сонсголгүй хүүхдийн эрт оролцооны боловсрол болон 29-р сургуулийн бага ангид “хос хэл, соёлын арга зүй”-н ангиудыг АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн (USAID) буцалтгүй тусламжаар нээн ажиллуулж байна. Төслийн хамт олон болон USAID байгууллага нь уг шинэ тутам боловч олон улсын жишиг, чиг хандлагад нийцсэн сонсголгүй хүүхдийн эрт оролцоо, хос хэл, соёлын арга зүйг цаашид нутагшуулан хөгжүүлж, улам өргөжүүлэн дэлгэрүүлэхээр хичээн ажиллаж байна.

    Ярилцлага унших

    https://www.facebook.com/Namiraausa

  • Доржсүрэнгийн БОЛДБААТАР- Хятад судлаач, нэрт орчуулагч

    Нэрт орчуулагч, доктор, профессор

    Д.Болдбаатар нь 1963 онд Улаанбаатар хотод төрсөн. 1986 онд МУИС-ийг хятад судлаач мэргэжлээр, 1992 онд БНХАУ-ын Шань Дуны их сургуулийг хятад хэлний орчуулагч мэргэжлээр тус тус төгссөн. Төгссөн жилдээ МУИС-д нэг жил ажиллаад 1987 онд Монголын Радиогийн хятад хэлний редакцид орчуулагч редактороор ажиллаж эхэлсэн.Боловсролын байгууллагад 16 жил ажиллаж байгаагаас энэ хамт олны дотор 12 жил ажиллаж байна.1998 онд Дорно Дахины дээд сургуулийн дэргэдэх гадаад хэлний тэнхимийг үүсгэн байгуулж, 2001 оноос тус сургуулийг бие даасан сургууль болгон үүсгэн байгуулж өнөөдрийг хүртэл зөвлөх багшаар ажиллаж байна.

    Д.Болдбаатар нь тус сургуулийг удирдах хугацаандаа түрээсийн байранд 2 жил хичээллүүлж, 2002 онд Баянзүрх дүүргийн 2-р хорооны нутагт одоо байрлаж байгаа барилгыг 27.000.000 /хорин долоон сая/ төгрөгөөр худалдан авч өөрийн байртай болгож, дээрх хөрөнгийн эх үүсвэрийг сургууль хөгжүүлэх үүсгэн байгуулагчийн сангаас болон сургуулийн үйл ажиллагааны ашгаас төлөх талаар санаачлагатай ажиллаж, богино хугацаанд төлбөрийг бүрэн барагдуулсан билээ. Үүний зэрэгцээ сургуулийн стратеги төлөвлөгөө, мастерт төлөвлөгөөнд тусгагдсан сургуулийн хөгжлийн төлөвлөгөөний дагуу сургуулийн эргэн тойрны 5700м2 газрыг Баянзүрх дүүргийн Засаг Даргын 2004 оны 05 сарын 27-ний өдрийн 113 дугаар захирамжаар өөрийн эзэмшилд авч, сургуулийн шинэ барилгын ажлын үндсийг тавиад байна.

    Манай сургууль нь хятад хэлний сургалтаар сүүлийн 5 жил дараалан амжилт олж, Улсын олимпиадад 3 удаа тэргүүн байр, 1 удаа 3-р байрны шагнал авч, Олон улсын хятад хэлний “Гүүр” олимпиадад 2 удаа Монгол улсаа төлөөлөн оролцсон, өөрийн сургалтын системийг бий болгож, дээд боловсролын системд байр сууриа олж чадсан сургууль билээ.

    Д.Болдбаатар нь сургуулийн сургалт хүмүүжлийн ажлыг зөв зохистой удирдлагаар хангаж, өөрийн гэсэн сурогалтын тогтсон арга барилтай болж ирлээ. Сургалтын ажлын хажуугаар эрдэм шинжилгээний болон орчуулгын олон бүтээл туурвиж байгаа билээ. Түүний сүүлийн уран бүтээл 2011 онд орчуулагдсан “Чонон сүлд” роман нь 2011, 2012 оны шилдэг бүтээл болж шалгарлаа. Мөн

    Түүнчлэн монголынхоо зохиолчдын зохиол бүтээлээс хятадын ард түмэнд танилцуулах зорилгоор Д.Нацагдоржийн “Ламбагуайн нулимс”, “Соѐлыг гайхав” зэрэг олон зохиолчдын өгүүллэгийг монголын радиогийн хятад хэлний нэвтрүүлгээр радио зохиомж болгон нэвтрүүлсэн байна. Мөн хятад хэлнээс Хуань Жу гэг 24 ангит телевизийн кино зэрэг олон арван киног орчуулан монгол түмэндээ танилцуулсан байна. Мөн эрдэм шинжилгээний бүтээл “Кино орчуулгын уран чадварын асуудал” сэдвээр хамгаалсан бүтээл нь олон арван залуу орчуулагч нарт үнэт гарын авлага болон хэрэглэгдэж байна. Мөн “Гадаад хэл төгс сурахуйн нууц” бүтээл нь гадаад хэл судлаж буй олон хүмүүсийн ширээний ном болжээ.

    Д.Болдбаатар нь гэр бүлтэй, ам бүл-3. Эхнэр С.Туяагэрэл нь тус сургуулийн захирал, охин Б.Билгүүн “Наматик” ХХК-д ахлах аудитаар ажиллаж байгаа. Ял шийтгэл хүлээж байгаагүй. 1995 онд Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдсан. Зан харьцааны өндөр соёлтой, өргөн мэдлэгтэй, бусдыгаа хүндэтгэж, өөрийгөө хөгжүүлэх монгол ухааныг дээдэлж, заах арга, сурган хүмүүжүүлэх ажилдаа ашиглаж чаддаг, оюунлаг сэхээтний нэг юм.

  • Д.БАТМӨНХ- Ус судлал, “Усны Ассоциаци” ТББ-ын тэргүүн

    Ус судлал, Техникийн ухааны доктор, “Усны Ассоциаци” ТББ-ын тэргүүн

    Д.БАТМӨНХ: МОНГОЛ УЛСАД УСНЫ НӨӨЦИЙГ БОДИТОЙ ТОГТООХ МАТЕМАТИК ТООН ЗАГВАРЫН АРГА ХЭРЭГТЭЙ 

     
    Манай улс байгаль дахь усны нөөцийг тогтоох хайгуул, судалгааны ажлыг Улсын төсвийн болон хувийн хөрөнгө оруулалтаар жил бүр их, бага хэмжээгээр хийдэг. Хэн хүний анзаараад байдаггүй хэрнээ Монгол Улсын амин чухал болсон усны хайгуул, судалгааны ажлыг хэн, хэрхэн баталгаажуулдаг, ажлын арга зүй, тогтоогдсон нөөц баталгаатай эсэх зэрэг олон асуудал өнөөдрийг хүртэл маш их эргэлзээ дагуулсаар байгаад миний бие анхаарал хандуулж байна.

    Байгалийн усны нөөцийг гадаргын ус ба газрын доорх усаар тооцож тогтоодог. Монгол орны байгалийн усны нөөцийн 90 гаруй хувь нь гадаргын ус, зөвхөн 2 хувь нь газар доорх ус гэж үздэг. Гадаргын усны 82 хувь нь нууран, 10.4 хувь нь мөстөл, мөсөн голд, 5.6 хувь нь гол, мөрөнд байдаг. Улсын хэмжээнд 2010 онд нийт хэрэглэсэн 553.0 сая. мЗ усны 80 гаруй хувь буюу 443.0 сая. мЗ усыг газар доорх уснаас ашигласан тооцоо бий.

    Монголын усны нөөц

    Энэ нь манай улс газар доорх усны нөөцөө үлэмж ихээр хэрэглэдэг болохыг харуулж буй бодит үзүүлэлт юм. Манай орны нийгэм, эдийн засгийн үндсэн хэрэглээ нь газар доорх цэнгэг усны нөөцийн олборлолтод суурилсан байна. Бид гадаргын усаар нийт хэрэглээнийхээ 20 хүрэхгүй хувийг, харин нийт нөөцийн хоёр хүрэхгүй хувийг эзэлдэг газар доорх усаар хэрэгцээнийхээ 80 гаруй хувийг хангадаг.

    Гэтэл байгалийн усны эргэлтээр маш удаан хугацаанд нөхөн сэргэдэг газар доорх усыг бид үлэмж хэмжээгээр ашиглаж байгаа нь эмгэнэлтэй явдал юм. Аль ч түвшинд бид газар доорх усныхаа нөөцийг үнэн зөв, баталгаатай, боломжит хугацаанд ашиглахаар тогтоох нь байгаль экологи, хүн ам, үйлдвэр, хөдөө аж ахуйн хөгжлийн бодлого, төлөвлөлт зэрэг улс орны амин чухал олон асуудалтай шууд холбоотой байдаг.

    Сүүлийн жилүүдэд уул уурхайн томоохон орд газрыг ашиглах, хүн амын төвлөрөл, хот суурин газрын өргөжилт, зам харилцаа зэрэг олон асуудалтай холбоотойгоор усны хайгуул, судалгааны ажлын тоо, хэмжээ ихээхэн өсч байна. Тухайлбал, баг, сум, аймгийн төвийн усны нөөцийг тогтоохоос эхлээд томоохон аж үйлдвэрийн цогцолборын усан хангамжийн эх үүсвэрийг тогтоох зорилт шинээр тавигдах боллоо.

    Ийм нөхцөлд бид газар доорх усны нөөцийг аль түвшинд судалж, ямар арга зүйгээр тогтоож байгаа, энэхүү арга, технологи бодит байдлыг бүрэн төсөөлж, илэрхийлж чадаж байна уу, үгүй юу гэдэг асуудлыг зайлшгүй хөндөх нөхцөл шалтгаан үүсээд байна. Ингээд газар доорх усны нөөцийг тооцох арга зүй ямар түвшинд байгааг та бүхэнд товч толилуулья.

    Энэ тухай БОАЖ-ын сайдын 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/28 дугаар тушаалаар “Газрын доорх усны нөөцийг хүлээн авах ангилал, зэрэглэл” -ийн аргачилсан заавар батлагдсан байдаг. Энэхүү зааврын дагуу “…Газар доорх усны нөөцийг хэмжээг зөвхөн баланс, гидравлик, гидродинамикийн /Аналитик/ аргаар А,В,С болон хэтийн төлөвийг Р зэргээр үнэлж тодорхойлохоор, харин нөөцийн үнэлгээнд нэмэлт тооцооны хэлбэрээр загварчлалын /Математик тоон загвар/ болон бусад хувилбарын аргыг хэрэглэж болно …” гэж заасан байдаг.

    Зааварт газар доорх усны нөөцийг тооцох орчин үеийн математик тоон загварыг үндсэн бус гэж үзсэн байна. Усны нөөцийн тооцоонд одоо ашиглаж байгаа аналитик аргууд нь математик талаасаа энгийн, нарийвчлал багатай байдгаас хэрэглэхэд учир дутагдалтай байдаг. Тухайлбал, тухайн ай савд орж буй хур тунадас, усны ууршилт, шүүрэлт, динамик нөхөн бүрдүүлэлт, газар доорх үндсэн урсац, голын ай сав дахь усны хуримтлалын өөрчлөлт зэргийг сайтар судлан тогтоож, тооцон гаргах боломжгүй юм.

    Байгаль орчин, Ногоон хөгжлийн яамны дэргэдэх Усны нөөцийн зөвлөлийн зарим нэг гишүүн тухайлбал, доктор Р.Баттөмөр орос сурах бичигт байдаг газар доорх усны нөөцийн 50 хүртэл хувийг 25 жил ашиглана гэсэн арга зүйг мөрддөг. Тухайн нутгийн газар доорх усны 50 хүртэл хувийг ашиглах арга зүй нь байгаль орчинд, ялангуяа говийн бүсэд хуурайшил, доройтол бий болгох харгис гэхэд хатуудахгүй арга, технологи болох юм.

    Усны хэрэглээний хэтийн төлөв

    Аливаа зүйл заавал эзэн холбогдогчтой байдаг бол доктор Р.Баттөмөр нь “Усны нөөцийн зөвлөл”-ийн гишүүнийхээ нэрийг овжиноор ашиглан олон жил усны компаниудыг дарамтлах, зөвхөн түүний зөвшөөрснөөр усны нөөц баталдаг цаасан дээр бичигдээгүй дүрмийг биечлэн үйлдэн түүндээ баясан төрийн байгууллагын ажилтнуудыг гүтгэн доромжлох, матах ажлыг ёс зүйгүй хийсээр байна.

    Бид бүхэн ирээдүйгээ л боддог бол Монгол Улсын эрх ашиг нэгдүгээрт бичигдэх, тавигдах ёстой. Өнөөдөр газар доорх усны нөөцийн 50 хүртэлх хувийг 25 жилийн хугацаанд ашиглах боломжтой хэмээн баталгаажуулж байгаа нь Усны тухай хууль, Төр болон хувийн хэвшлийн ус ашиглах санал болон байгаль орчны өөрчлөлтийг сайтар харгалзаагүй, зарим талаар саналыг боогдуулсан тоо болоод байна.

    Энэ талаар судлаач миний бие өөрийн саналыг одоо л хэлэхгүй бол оройтож мэднэ. Тухайлбал, Сайншанд аж үйлдвэрийн цогцолборт барихаар төлөвлөж буй Кокс-химийн үйлдвэр нь тасралтгүй 30 жил ажиллах технологийн горимтой бол 25 жилээр усны нөөцийг өгөх ямар ч боломжгүй юм.

    Тооцоонд одоо мрдөж буй 25 жил гэдэг тоо бол байгалийн усны эргэлттэй огт хамааралгүй, социализмын үеэс мөрдөж ирсэн өрөмдмөл худгийн ашиглалтын хугацаатай холбоотой буюу эдийн засгийн утга агуулга илэрхийлдэг. Энэ мэт буруу хандлага, тоо, зарчим Монгол Улсын усны нөөцийг тогтоох маш хариуцлагатай ажилд одоо болтол амь бөхтэй оршиж байгаа нь цаашид усны нөөцийг бодитой тогтоох, хөгжлийн бодлого, төлөвлөлтийг ханган хэрэгжүүлэхэд маш их тээг саад болоод байна.

    Дэлхийн хуурай болон хагас хуурай бүс дэх улс орнууд газар доорх усны нөөцийнхөө 10 хувиас хэтрүүлэхгүй ашиглахаар төлөвлөдөг. Ийм бүс дэх ус хэрэглээг гол төлөв, хур борооны усыг хуримтлуулах болон усны нөөцийг өөр бүс нутгаас тээвэрлэн хангахаар шийдвэрлэдэг. Харин хур тунадас элбэгтэй Европын орнуудад газар доорх усны нөөцийг бараг ашигладаггүй зөвхөн ил задгай усны эх үүсвэрийг хуримтлуулан хэрэглээгээ хангадаг.

    Миний бие байгалийн усны нөөцийн тооцоонд орчин үеийн арга зүйг яагаад ашиглахгүй, цааргалаад байгааг гайхдаг ч, цаанаа ямар нэгэн шалтгаантай учраас арга зүй, тэр битгий хэл Усны тухай хуульд  “2012 оны 05 дугаар сарын 17-нд томоохон өөрчлөлт орсон байх магадлалтай. Тухайлбал, Усны тухай хуулийн 21.1-д “…Усны нөөцийн хайгуул, судалгааны ажил эрхлэх мэргэжлийн байгууллагын эрхийг зөвхөн дотоодын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид олгоно …” гэсэн заалтыг оруулсан байдаг.

    Энэхүү заалт нь Монголд усны хайгуулын ажил эрхэлж байсан гадны аж ахуйн нэгжүүдэд цохилт болж, харин үндэсний аж ахуйн нэгжүүдийг дэмжиж өгсөн юм. Хуулийн энэхүү өөрчлөлтөөс өмнө Монголд усны хайгуул хийдэг гадны хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд газар доорх усны нөөцийн тооцоондоо математик тоон загварыг нэвтрүүлж, тооцоог усны нөөцийн зөвлөлд танилцуулж байжээ.

    Харин Усны нөөцийн зөвлөлд ажиллаж байсан нэр бүхий гишүүд математик загвар манайд таарахгүй, хэрэглэх шаардлагагүй гэж үзэн БОАЖ-ын сайдын 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/28 дугаар тушаалаар “Газрын доорх усны нөөцийг хүлээн авах ангилал, зэрэглэл”-ийн аргачилсан зааврыг мөрдөхөөр зааж усны тухай хуульд өөрчлөлт оруулах санал гаргасан байдаг. Санал ч дэмжигдсэн.

    УСНЫ НӨӨЦИЙН ТОО, ХЭМЖЭЭГЭЭ ЗӨВ ТОГТООХЫГ ЗӨВХӨН БИ БИШ ОЛОН УЛС ШААРДААД БАЙГААГ АНЗААРЧ, ОРЧИН ҮЕИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН АРГА ЗҮЙД ШИЛЖИХ НЬ ЗӨВ ЮМ.

    Дээрх зааврыг аль ч утгаар нь аваад үзсэн газар доорх усны нөөцийг социализмын үеэс хэрэглэж ирсэн арга, аргачлалаар тооцохоор боловсруулжээ. Уг нь хуулинд өөрчлөлт оруулахын өмнө бид загварын мэргэжилтнүүдийг бэлтгэж, гадны мэргэжилтнүүдийн хийж байсан математик тоон загварыг эзэмшсэн бол дэвшил болох байлаа.

    Гэтэл яг өнөөдрийн байдлаар боловсон хүчний болон бодлогын хувьд харин ч ухарсан түвшинд очсон нь маш харамсалтай. Тэр битгий хэл энэ заалттай холбоотой гадаадын хөрөнгө оруулалт буурсан байх өндөр магадлалтай. Хамгийн энгийн жишээ бол үйлдвэр, уул уурхайн гадаад хөрөнгө оруулагчид усны нөөцийн тоо хэмжээнд эргэлзэж эхэлсэн байдаг.

    Математик тоон загварын программ хангамж нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга зүй бөгөөд бидний уламжлалт аргаар бодсон усны нөөцийн тоо хэмжээнд гадны хөрөнгө оруулагч нар эргэлзэж л таарна. Тиймээс гадныхан усны нөөцийн тооцоонд орчин үеийн арга зүй хэрэглээгүй л бол хүлээн зөвшөөрдөггүй. Цаашлаад дотоодын хөрөнгө оруулагчдад олон улсын санхүүгийн байгууллагаас мөнгө зээлэх боломж олдохгүй.

    Олон улсын ямар ч банк томоохон үйлдвэр эрхлэгчдээс усны нөөцийн баталгаа шаарддаг. Үүний тод жишээ бол Үйлдвэр, Хөдөө аж ахуйн яамнаас 2014 оны 04 дүгээр сарын 21-ны өдөр “Өдрийн сонин”-д нийтлэгдсэн нэгэн зөвлөх үйлчилгээний тухай зарлал юм. Зарлалд, Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор төслийн гүний усны нөөцийн тайланг олон улсын стандартад нийцүүлэн батагаажуулах зөвлөх үйлчилгээ авахаар заажээ.

    Эндээс нэг зүйл ажиглагдаж буй нь БОНХЯ-ны дэргэдэх “Усны нөөцийн зөвлөл” Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын усны нөөцийн тайланг хэлэлцэж мэргэжлийн дүгнэлт гаргах эрх бүхий зөвлөл мөн. Гэтэл зөвлөлийн баталгаажуулсан тайланг хэн нэгэн дахин баталгаажуулах шаардлагатай болж байгаа нь тун ойлгомжгүй болчихлоо.

    Эндээс “Усны мэргэжлийн зөвлөл”- ийн баталсан арга зүй олон улсад хүлээн зөвшөөрөгдөхгүй байна гэсэн дүгнэлт гарахаар байна. Бид яах ёстой юм бэ. Хэний бодлого зөв, хэн тайланг эцсийн эцэст баталгаажуулах вэ. Хэрэв бид арга зүйдээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарт бүхий математик тоон загвар ашиглахаар заасан бол асуудал огт үүсэхгүй байлаа.

    Харин одоо усны нөөц бодох математик загвар ашигласан тайланг “Усны нөөцийн зөвлөл”-өөс баталгаажуулах болов уу, арга зүйд таарах уу, эсвэл уламжлалт аргаар бодсон нь зөв гэж үзэх үү. Олон асуудал үүсч байна. Мэдээж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргад тулгуурлах нь маргаангүй зөв гэдэгтэй хүн бүхэн санал нийлнэ.

    Дээр дурдсан томоохон уул уурхай, аж үйлдвэрийн цогцолбор зэрэг ихээхэн ус хэрэглэгчийн эх үүсвэрийн усны нөөцийг зөвхөн математик тоон загвар ашиглан бодохоос өөр гарц, боломжгүйг хөгжлийн чиг хандлага харуулаад байна. Математик тоон загвар хэрэглэх цаг нь ч болсон, ер нь ч оройтох хандлагатай байна.

    Тоон загварын арга нь байгалийн нөхцөлийг / өрөмдлөг, геофизик, геологи, гидрогеологи, геоморфологийн судалгааны өгөгдөхүүн дээр үндэслэн/ загварт адилтган оруулж, загварын талбайн дотоод, гадаад хил хязгаарыг тогтоож, гадаргын ба агаарын мандлын усны харилцан хамаарлыг тооцож, хил заагаар орж ирэх усны хэмжээ, ус шүүрэлтийг орон зайн гурван хэмжээсийн дагуу тогтоож, улирал, жил гэсэн цаг хугацааны өөрчлөлтийг тооцон дөрвөн хэмжээст математик тоон загвар боловсруулах программ хангамж ашиглахад оршиж байгаа юм.

    Доктор Д.Батмөнх усны асуудлаар дагнан судалгаа явуулж, нийтлэл бичдэг.

    Загвар нь усны нөөцийг тогтоосон хугацаанаас хойш улирал, жилээр сайжруулах олон давуу талыг агуулж байдаг. Загварын тусламжтайгаар тухайн ордын ус ашиглалтаас үүсэх байгаль орчны (орчны хуурайшилт, өвс ургамлын гарц, гар худгуудын усны түвшин) болон газар доорх усны түвшингийн еөрчлөлтийг тогтоох, усны динамик нөхөн бүрдүүлэлтийг тооцох, ажиглах, ордын усны нөөц хомсдохоос урьдчилан сэргийлэх олон давуу талтай.

    Эл сэдвийн дор үлдээж, дуугүй өнгөрч болохгүй бас нэг чухал сэдэв бол газар доорх усны хайгуул судалгааны ажлын техникийн даалгавар боловсруулах ажилд ноцтой дутагдал оршиж байна.

    Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгддэг ихэнх газар доорх усны хайгуулын техникийн даалгаварт ажлын тоо, хэмжээг тодорхой заадаггүй /газар нутгийн хэмжээ, цооногийн гүн, эхний болон эцсийн голч гэх мэт/ нь ажлыг олон жил дамжуулан хийх, эцсийн үр дүнг тодорхой бус болгох, хөрөнгө мөнгө үрэгдүүлэх боломж нээлттэй хэвээр байна.

    Байгаль орчин, Аялал жуулчлалын яамны “Усны газар”-аас 2012 оны 03 дугаар сарын 28-ны өдөр боловсруулагдсан Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг Бор хөөвөрийн говьд “Сайншанд аж үйлдвэрийн паркийн усан хангамжид зориулсан газрын доорх усны нарийвчилсан хайгуулын гидро-геологийн судалгаа”-ны ажлын техникийн даалгавар байдаг.

    Энэхүү даалгаварт Бор хөөвөрийн говьд судалгааны ажил хийнэ гэж заасан байтал “Сайн усны говьд” судалгаа хийгдсэн тухай тайлан “Усны нөөцийн зөвлөл”-д орж ирж байх жишээтэй. Даалгаварт анхнаасаа ажлыг тодорхой зааж өгөөгүй, хяналт сайн тавиагүйн балаг энэ юм. Зөвлөлийн гишүүд ч ямар даалгавартай байсныг сайн ойлгоогүй байдаг.

    Хэрэв Аудитын байгууллага сүүлийн хоёр жилд хийгдсэн усны хайгуул, судалгааны ажлуудын техникийн даалгавар, ажлын эцсийн үр дүнг харьцуулан үзвэл ихээхэн сонирхол татах биз ээ. Уг нь техникийн даалгаварт заасан ажлыг төсөв зохиох дүрмийн дагуу үнэлэх, тооцох боломж байх ёстой.

    Гэтэл яагаад ч үнэлэх боломжгүй техникийн даалгаварууд одоо ч боловсруулагдсаар байгаа нь анхаарал татдаг. Хайгуулын шатны аль ч ажил байсан геофизикийн хайгуулын ажлын хэмжээ, өрөмдөх цооногийн гүн, голч зэрэг бодитой хэмжээг тусгаж оруулах боломжтой юм.

    Техникийн даалгаварт байх ёстой наад захын үзүүлэлтүүдийг оруулж өгөөгүйн улмаас хөрөнгө оруулалт дутагдах, ажил зогсох, он дамжин санхүүжих гэх мэт сөрөг үр дагаварууд үүсгэдэг. Судлаачийн анхаарлыг татаад байгаа асуудлын гол нь, хэн энэ бүхнийг зохион байгуулалтад оруулж, хууль дүрэм, нөхцөл байдлыг тодорхойгүй болгоод байгаад усны салбарынхан, Төр захиргааны байгууллагууд анхаарал хандуулах цаг нь болжээ.

    Хэрэв бид цаашид цеөн хүний одоогийн арга барил, ёс суртахуун, зохион байгуулалтад автах аваас нийгэм, олон нийтэд маш том эрсдэл авчрах аюултай үзэгдэл үргэлжилсээр байх болно. Усны асуудал бол улс орны хэмжээний чухал асуудал гэдэгтэй хүн бүр санал нэгдэнэ гэдэгт миний бие судлаач, эрдэмтэн хүний хувьд итгэлтэй байна.

    Бид хариуцлагагүй байдал гэдгийн ард нуугддаг хэсэг бүлэг хүмүүсийн жижигхэн эрх ашгийг анзаарч, эх орныхоо хөгжил, ирээдүйг нэгдүгээрт тавимаар байна. Өөрийн гэсэн толгойгүй утсан хүүхалдэйнүүд олширвол улсын хөгжил уруудахын шинж энэ яах аргагүй мөн юм.

    Монгол улсад усны нөөцийг бодитой тогтоох олон улсад зөвшөөрөгдсөн математик тоон загварын аргыг хэрэглэж эхлэхийг өнөөгийн бодит байдал буюу ирээдүй шаардаад байна. Орших уу, эс орших уу гэдэг чинь явж явж устай холбоотой асуудал юм шүү дээ. Тэгээд ч усны НӨӨЦИЙН TOO, хэмжээгээ зөв тогтоохыг зөвхөн би биш олон улс шаардаад байгааг анзаарч, орчин үеийн стандартад нийцсэн арга зүйд шилжих нь зөв юм.

    Эх сурвалж:  2014.06.02 | Vip76.mn

  • Дашцэвэгийн НОННА

    Нэрт сурган хүмүүжүүлэгч

    Бага насны хүүхэд, сургуулийн өмнөх боловсролын асуудалд ухаан бодол, сэтгэл зүтгэл, бүх л амьдралаа зориулж яваа нэрт сурган хүмүүжүүлэгч. Тэрбээр Монгол улсад орчин цагийн хүүхдийн цэцэрлэгийг хөгжүүлэх, багшлах болон удирдах боловсон хүчин бэлтгэх, цэцэрлэгийн сургалтын хөтөлбөр боловсруулах, бага насны хүүхэд, эцэг эхэд зориулсан ном, гарын авлага бүтээх гээд өргөн хүрээний ажил хөдөлмөр эрхэлсээр ирсэн нөр их хөдөлмөрч бүтээлч хүн билээ.

    Д.Нонна багш 1935 оны 5 дугаар сарын 30-нд Дашзэвэгийн анхны охин болон Москва хотод төрсөн. 1942- 1951 онд Улаанбаатар хотын орос 1- р сургуулийн бага, бүрэн бус дунд сургуулийг төгсжээ.

    1953- 1957 онд Улсын багшийн институтыг орос хэлний багш мэргэжлээр төгсөж, 1957 оны 8 дугаар сарын 15- с Улаанбаатар хотын Багшийн сургуульд орос хэлний багшаар томилогдон ажиллахын сацуу 1959- 1962 онд цэцэрлэгийн мэргэжилтэн В.Ф.Максаковагийн орчуулагчаар хавсран ажилласан.

    1962-1963 оны хичээлийн жилд Цэцэрлэгийн багшийн сургууль Багшийн сургуулиас тусгаарлан гарахад Д.Нонна багш орос хэлний болон сургуулийн өмнөх насны хүүхдийн дүрслэх урлаг, байгаль заах арга зүй, гэр ахуйн хичээлийг давхар зааж байсан. Ингээд 1963-т1967 онд Эрхүү хотын Багшийн дээд сургуульд суралцан сургуулийн өмнөх сурган, сэтгэл судлал, арга зүйч мэргэжлээр төгсөж ирсэн.

    1967- 1970 онд Ардын Боловсролын яамны боловсон хүчний хэлтэс ба Хүүхдийн цэцэрлэгийн хэлтэст мэргэжилтэн, 1970-1981 онд СХУ-ны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1981-1990 онд Ардын Боловсролын яаманд хүүхдийн цэцэрлэгийн хэлтсийн даргаар тус тус томилогдон ажиллаж байгаад, 1990 онд өндөр насны тэтгэвэрт гарсан.

    1982 онд “Боловсролын хууль”-ийг боловсруулах үед хуулийн хоёрдугаар бүлэг болох “Сургуулийн өмнөх насны хүүхдийн хүмүүжил” гэсэн бүлгийг боловсруулан оруулсан нь сургуулийн өмнөх боловсролын эрх зүйн орчин бүрдэх чухал суурь болсон.

    1991- 1994 онд нийслэлийн 147 болон 122 дугаар цэцэрлэгүүдэд арга зүйч багш, Монген сургууль, Америкийн гэр цэцэрлэгт зөвлөх багшаар ажилласан байсан. Мөн “Өүлэн ээжийн төв” ТББ байгуулж, цэцэрлэгт хамрагдаагүй олон хүүхдийг сургуульд бэлтгэх буянт үйлсийг хийж ирсэн.

    ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ, БҮТЭЭЛ ТУУРВИЛ

    1970- 1981 онд Сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байхдаа сургуулийн өмнөх 0-6 настай хүүхэд дээр судалгаа хийж, түүн дээрээ тулгуурлан цэцэрлэгийн хүмүүжил, сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгон 1976 онд “Цэцэрлэгийн хүмүүжил сургалтын програм”, 1982 онд шинээр “Яслийн хүүхдийн хүмүүжил сургалтын програм”-ыг орон тооны бус эрдэм шинжилгээний ажилтнуудтай хамтарч боловсруулж гаргасан.

    1986 онд “Сургуулийн өмнөх 0-8 насны хүүхдийн хүмүүжил, сургалтын програм” бүтээлийг холбогдох хүмүүстэй хамтран гаргасан. Энэхүү хөтөлбөрт 3-7 насны монгол хүүхдийн үгийн санг нэмэгдүүлэх асуудлыг судалж тусган мөн сургуулийн өмнөх насны хүүхдийг мал аж ахуйтай танилцуулах агуулгыг 1-7 насны хүүхдэд ямар дэс дараатай эзэмшүүлэх аргыг судалж, боловсруулан оруулсан нь шинэлэг зүйл байв.

    1986 оны сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд багш нарт гарын авлагууд нэн хэрэгцээтэй байсан тул оросын эрдэмтдийн заах аргын гарын авлагаас зохиомжлон орчуулж, мөн өөрийн орны онцлог дээр тулгуурлан багш нарт зориулсан зарим гарын авлагыг боловсруулан гаргах ажил хийгдсэн. Тухайлбал, Д.Нонна, Ц.Удэрпил, Д.Пунцаг, Ванчиг нарын “Сургуулийн өмнөх насны хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх арга зүй”, Д.Нонна, П.Дулмаа нарын “Сургуулийн өмнөх насны хүүхдийг байгальтай танилцуулах арга зүй”, Д.Нонна, Га.Цэрэндорж нарын “Сургуулийн өмнөх насны хүүхдэд биеийн тамир заах арга зүй” гэсэн номуудыг дурдаж болох юм. Мөн Ж.Лхагвасүрэн, А.Батжаргал нарын “ Сургуулийн өмнөх насны хүүхдэд дуу хөгжим заах арга зүй”, Ш.Гандолгор, Ч.Түмэндэлгэр нарын “Сургуулийн өмнөх насны хүүхдэд дүрслэх урлагын хичээл заах арга зүй” гэсэн заах аргын анхны гарын авлагуудыг дурдаж болно.

    1970 оноос сургуулийн өмнөх насны хүүхдэд уншиж өгөх уран зохиолыг сонгон түүвэрлэж, зохиолуудын агуулга нь хүүхдэд хэр ойлгомжтой, хүмүүжлийн ач холбогдол, хэллэг, үгийн давтамж, хэмжээ, үгийн утга зэрэг нь энэ насныханд хэр зохицохыг судалсны үндсэн дээр 1-7 настай хүүхдэд зориулан “Багачууддаа уншиж өгөөрэй” 1, 2 ном гаргаж, түүнийгээ 2 удаа хэвлүүлэн цэцэрлэгийн багш, ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш, эцэг эхийн гарын авлага болгосон.

    НИЙГМИЙН ЗҮТГЭЛТЭН

    Д.Нонна багш 1994 оноос “Өүлэн ээжийн төв” төрийн бус байгуулага байгуулж, Английн хүүхдийг ивээх сан, Монголын хүүхдийн эрхийн төв, Хатагтай нийгэмлэг, Дэлхийн зөн зэрэг олон улсын байгууллага, Сонгинохайрхан дүүргийн Гэгээрэл төв, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул дүргийн зарим хороо, Дархан-Уул, Өвөрхангай, Архангай, Өмнөговь аймгийн зарим ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгтэй идэвхтэй хамтран ажилласаар ирсэн. Энэ байгууллагынхаа шугамаар цэцэрлэгт хамрагдах боломжгүй малчдын болон гэр хорооллын хүүхэд болон эцэг эх, явуулын багш нарт зориулсан 11 төрлийн гарын авлага боловсруулан холбогдох хүмүүс, хүүхдэд хэрэглүүлж ирсэн.

    Д.Нонна багш “Өүлэн эхийн оюуныг бадраах клуб”- тэй хамтран 2007 оноос одоог хүртэл дүүрэг, аймаг орон нутгийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчид, эцэг эх, эмээ өвөө, ахмадууд, хорооны хөдөлмөрчдийн дунд “Хүүхдийн хүмүүжилд гэр бүлийн оролцоо”, “Хүн болохын учир”, “Хүүхэдтэй хэрхэн яаж харьцах, гэр бүлийн гишүүдийн харьцаа”, “Эрүүл явахын учир” зэрэг “Гэр бүлийн зан байдал төлөвшилтийн цогц сургалт” сэдвээр нийт 150 байгуулага 25,000 хүнийг хамарсан сургалт хийсэн байна.

    http://xvvxed.blogspot.com

  • Ц.Балдандорж- Усны аж ахуйн салбарын үүсэл хөгжил, усны бодлого

    МУ-ын байгаль орчны гавъяат ажилтан, усны барилгын зөвлөх инженер, Доктор Ц.Балдандорж

  • Диймаажав ЭРДЭНЭБААТАР- Хүрэл зэвсэг, хүннү судлаач нэрт археологич

    Археологич, түүхч, хүрэл зэвсэг, хүннү судлаач

    Түүхийн ухааны дэд доктор, профессор. Улаанбаатарын Их Сургуулийн Археологийн тэнхэмийн эрхлэгч. Монголын эртний хүрэл зэвсгийн үе ба Хүннүгийн археологийн судлаач.

    Хөдөлмөрийн хүндэт медаль, ШУ-ны тэргүүний ажилтан цол, тэмдэг, Боловсролын тэргүүний ажилтан цол, тэмдэг, Жак Уэтерфордын нэрэмжит дэд байрын шагналт;

    Тэрээр газрын хөрсөн дээр ба доор үлдсэн Монголчуудынхаа агуу их түүх, соёлыг хэн ч маргахын аргагүйгээр “Бидний өв соёл энэ шүү” гэж дэлхийд харуулахын тулд ерээд оноос хойш Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Эгийн голын нутагт Хүннүгийн булшийг малтах ажлаа эхэлж хүннүгийн үеийн бэхийн чулуун янтай, хүрэл дуулга, хүрэл морь зэрэг дэлхийд нэн ховор олдворуудыг олж илрүүлсэн. Цаашид Хүннүгийн бичиг үсэг, ном судрыг олох чин зорилготой ажилладаг.

    Мөн “Монгол нутаг дахь дөрвөлжин булш, хиргисүүрийн соёл”, “Монгол Алтайн хүн чулуун хөшөө”, “Эртний металлург боловсруулалтын түүх”, Монголын түүхийн I ботийг бүтээхэд хүрлийн үеийн тухай гэх мэт нэгэн сэдэвт бүтээл 5, Хамтын бүтээл 8, Эрдэм шинжилгээний өгүүлэл 160- ийг туурвин бүтээгээд байна.

    Түүний ахласан археологийн баг Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн нутаг Балгасын тал хэмээх газар орших Гол мод нэртэй Хүннүгийн хаадын булш бүхий газрыг шинээр илрүүлэн олж, Хүннүгийн хааны булш олсноо зарласан. Архангай аймгийн Хайрхан сумын Хүнүй голын хөндийд Гол модны Хүннүгийн хаадын булштай газартай ижил нэртэй, дурсгалын хувьд ч ижил байгааг анзаарч түүхэн дурсгалтай ижил газраас ялгахын тулд “Гол мод-2” хэмээн нэрлэжээ. Археологийн судалгааны үр дүн Монгол орны хүрэл зэвсгийн үеийн түүхийн он цагийг, өмнөх судалгааны үр дүнгээс 1000- 1500 жилээр урагшлуулан “Чемурчекийн соёл”, Мөнххайрханы соёл”, “Тэвшийн соёл” зэрэг монгол нутагт хүрэл зэвсгийн эрт болон дунд үед амьдарч байсан овог аймгуудын үлдээсэн дурсгалуудыг шинээр илрүүлэн олсон. Хүннүгийн их хааны булшны малтлага судалгааны үр дүн бол түүхэндээ анх удаа монголчууд гадны тусламжгүйгээр бие даан бүрэн цогцолбороор дагуул булш болон тахилын байгууламжийн хамт малтан шинжилсэн. Хүннүгийн их хааны булш хэмжээний хувьд ч тэр, малтлага судалгааны ажлын үргэлжилсэн цаг хугацаа, оруулсан хөрөнгө оруулалт, ажилласан хүний тоо, илрэн олдсон археологийн эд өлгийн дурсгал зэргээрээ олон дээд амжилтыг тогтоосон.

    АЖЛЫН ТУРШЛАГА
    1979- 1980 онд Улаанбаатар хот дахь Зөвлөлтийн барилгын 2-р трест-д цахилгаан гагнуурчин;
    1980-1983 онд Хилийн цэрэгт хугацаат цэргийн албан хаагч;
    1983- 1984 онд УБ хотын Байшин Үйлдвэрлэх 2-р комбинат-д цахилгаан гагнуурчин, бригадын дарга;
    1988- 2007 онд ШУА-ийн Түүхийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, Эрдэмтэн нарийн бичгийн дарга, Эртний судлалын тасгийн эрхлэгч;
    1992 оноос Улаанбаатарын Их Сургуулийн Археологийн тэнхэмийн эрхлэгч;

    ШАГНАЛ
    2002 онд Шинжлэх Ухааны тэргүүний ажилтан цол тэмдэг;
    2006 онд Хөдөлмөрийн хүндэт медаль;
    2008 онд Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэг;
    2013 онд Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг;
    2014 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон;

    https://www.facebook.com/erdene.hatagin

    Ярилцлага унших

  • Дуламсүрэнгийн СҮРЭНЧИМЭГ

    Менежментийн зөвлөх, сургагч багш
    Боловсрол:
    PhD. Удирдлагын Академи, Удирдахуйн ухааны доктор 2013 он
    М.А. МУИС, Олон улсын харилцааны дээд сургууль, Сэтгэц хэл шинжлэлийн ухааны Магистр, 1995-1997 он
    В.А. Отгонтэнгэр Их сургууль, Франц хэлний багш, орчуулагч, 1991-1995 он
    Суурь боловсрол. Нийслэлийн 12 дугаар дунд сургууль, Суурь боловсрол, 1979-1989 он

    Мэргэшсэн байдал:

    o Менежементийн мэргэшсэн зөвлөхийн сургалт – “Менежементийн мэргэшсэн зөвлөх” Монголын менежментийн зөвлөхүүдийн холбоо 2013 оны 3 сар
    o Сангийн яам, Засгийн газрын худалдан авах ажиллагааны сургагч багш бэлтгэх сургалт, “Худалдан авах ажиллагааны сургагч багш”, 2009 оны 6 сар
    o Словенийн BLED их сургууль, Удирдах ажилтны курс, 2009 оны 11 сар
    o Тайваны Минь Чуань Их сургууль, туршлага солилцох сарын сургалт, 2009 оны 7 сар
    o Сангийн яамны ХААБЗГ, “Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хэрэгжүүлэх сургалтын агууга боловсруулах сургалт, 2008 оны 7 сар
    o Япон улсад болсон ДЗҮТ-ын 18 дугаар Академи, “Global net worker” цол, 2005 оны 7 сар
    o Төрийн захиргаа Удирдлагын хөгжлийн Институт /Удирдлагын Академи/, Бизнеийн удирдлагын менежер, 2005 оны 3-5 сар
    o Төрийн захиргаа Удирдлагын хөгжлийн Институт /Удирдлагын Академи/, Англи хэлний түргэвчилсэн курс, 2005 оны 3-5 сар
    o Монголын “Залуу Үе” Танхимын “Манлайллын Академи” 2003 оны 11 сар
    o Монголын “Залуу Үе” Танхимын 2003 оны Ерөнхийлөгчийн нэрэмжит анхдугаар Академи, Насанд хүрэгчдийн сургалтын сургагч багш, 2003 оны 3 сар
    o Дэлхийн “Залуу Үе” Танхимын Сургалтын Институтын “Prime course”, PG зэрэглэлтэй сургагч, 2002 оны 3 сар
    o УБИС, Аялал жуулчлалын холбооноос зохион байгуулсан “Аялал жуулчлалын менежерийн курс”, Аялал жуулчлалын зохион байгуулагч, 1994 он 3-5 сар
    Ажлын туршлага:
    2002 оноос өнөөг хүртэл, “Өөрчлөлтийг чиглүүлэгч” төв, Захирал
    2005 оноос өнөөг хүртэл, “Саскабел” ХХК, Захирал
    2009-2011 Глобал Удирдагч дээд сургууль, Гүйцэтгэх захирал
    2006-2009 Хан Уул дүүргийн “Оргил” цэцэрлэг, Гүйцэтгэх захирал
    2003-2004 Миний дэлгүүр сүлжээ, Гүйцэтгэх захирал
    2002-2003 Миний дэлгүүр сүлжээ, Сургалтын албаны дарга
    2001-2002 Монгол Сингапурын хамтарсан “Лотс Инвест” ХХК, Гүйцэтгэх захирал
    1997-2001 Отгонтэнгэр Их сургууль, Хэл шинжлэл, Дорно дахины хэлний
    тэнхимийн эрхлэгч
    1995-1997 Отгонтэнгэр Их сургууль, Хэлний онолын хичээлүүдийн багш
    1994-1998 Аялал жуулчлалын “Eden tours“ компани, Франц, Швейцарийн
    жуулчидтай хийдэг морин аялалын менежер, орчуулагч
    1989-1991 П.Н.Шастины нэрэмжит Клиникийн III эмнэлэг, 6 дугаар тасагт асрагч
    Оролцсон сургалт, семинар /гадаадад/:
    2015 Дэлхийн хүний нөөцийн чуулга уулзалт /ATD Conference/, АНУ-ын Орландо
    2014 Дэлхийн хүний нөөцийн чуулга уулзалт /ASTD Conference/, АНУ-ын
    Вашингтон
    2012 Дэлхийн хүний нөөцийн чуулга уулзалт /ASTD Conference/, АНУ-ын Денвер
    2011 Дэлхийн хүний нөөцийн чуулга уулзалт /ASTD Conference/, АНУ-ын Атланта
    2010 Дэлхийн хүний нөөцийн чуулга уулзалт /ASTD Conference/, АНУ-ын Чикаго
    2009 Дэлхийн хүний нөөцийн чуулга уулзалт /ASTD Conference/, Польш улсын
    Варшав хот
    2008 ДЗҮТ-ын Ази номхон далайн бүсийн орнуудын 58 дугаар чуулга уулзалт
    /ASPAC/, Солонгос улсын Бусан хот
    2004 ДЗҮТ-ын 59 дүгээр чуулга уулзалт /WORLD Congress/, Япон улсын Фукуока
    хот
    2002 ДЗҮТ-ын 57 дугаар чуулга уулзалт /WORLD Congress/, АНУ-ын Лас Вегас хот
    2002 ДЗҮТ-ын Ази номхон далайн бүсийн орнуудын 52 дугаар чуулга уулзалт,
    /ASPAC/, Япон улсын Сендай хот
    2001 ДЗҮТ-ын 51 дүгээр чуулга уулзалт /WORLD Congress/, Франц улсын Канн хот
    Олон нийтийн байгууллагын сонгуульт ажил:
    2014 JCI Монгол байгууллагын Сенат клубын Удирдах зөвлөлийн гишүүн, Дэд
    Ерөнхийлөгч
    2007 JCI Монгол байгууллага, Дэлхийн сенатор
    2008 JCI Монгол байгууллага, Үндэсний байгууллагын Дэд Ерөнхийлөгч
    2006 JCI Монгол байгууллагын Улаанбаатар Централ ЛОМ, Зөвлөх
    2002-2004 Зүүн Азийн Бизнес зөвлөл, Тэргүүлэгч гишүүн
    2005 JCI Монгол байгууллагын Улаанбаатар Централ ЛОМ, Хяналтын зөвлөлийн
    дарга
    2004 JCI Монгол байгууллагын Улаанбаатар Централ ЛОМ, Үүсгэн байгуулагч, Дэд
    Ерөнхийлөгч
    2003 Монголын Залуу Үе Танхим, Үндэсний байгууллагын Санхүүч
    2002 Монголын Залуу Үе Танхим, Үндэсний байгууллагын Ерөнхий нарийн бичгийн
    дарга
    2001 Монголын Залуу Үе Танхим, Үндэсний байгууллагын Төсөл хариуцсан захирал
    2000 Монголын Залуу Үе Танхим, Үндэсний байгууллагын Сургалт хариуцсан
    захирал
    1997-2000 Монголын Хувийн Их Дээд сургуулиудын холбоо, Ерөнхий нарийн
    бичгийн дарга
    1989-1991 Улаанаатар хотын ХЗЭ-ийн хороо, Хорооны гишүүн
    Эрдэм шинжилгээ, судалгааны сэдэв:
    “Суралцагч байгууллагын үзэл баримтлалын хэрэгжилтийн судалгаа” Төрийн зарим байгууллагын жишээн дээр – сэдвээр Удирдлагын академид докторын зэрэг хамгаалсан.

    https://www.facebook.com/surenchimeg.dulamsuren