Category: хаа-байгаль-орчин

  • Шархүүгийн АЛТАНБАДРАЛТ- Бэлчээр судлаач, бүсчилсэн хөгжлийн бодлогын зөвлөх

    Агрономич, Ургамлын генийн инженерчлэлийн судлаач, профессор

    АНУ-ийн Purdue их сургуулийн доктор, Саудын арабын Абдулла хааны Шинжлэх Ухаан Технологийн их сургуулийн профессороор тус тус ажиллаж байсан.

    Тэрээр 2014 онд Замагнаас биотехнологийн аргаар үнэрт амин хүчил гаргаж авах нээлт хийж, бүтээл нь шинжлэх ухааны Plant сэтгүүл нь нийтлэгдсэн. Монгол улсынхаа эмийн ургамалын баялаг нөөцөд тулгуурлан хөгжилд нэмэр болох үүднээс эмийн ургамлаас генийн инженерчлэлийн аргаар химийн болон биологийн идэвхт бодис гаргаж авах судалгаа хийж дэлхийд тулгамдаад буй Чихрийн шижний эмчилгээний аргыг олох зорилготой судалгаа хийж байна.

    Мөн бэлчээр судлал, бэлчээрт суурилсан бүсчилсэн хөгжлийн чиглэлээр олон улсын төслүүдэд зөвлөхөөр ажиллаж байсан. Монгол Улсдаа Их сургуулиудын хотхон байгуулах, цаашлаад Шинжлэх ухааны чөлөөт бүс байгуулах зорилготой ажиллаж байна.

    Ярилцлага унших

  • Н.ЖАВЗМАА- Шилмүүст модны эфирийн тос үйлдвэрлэл

    Монгол Улсын ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, докторант

     Монгол орны шилмүүст модны эфирийн тос нь бактери мөөгөнцөр устгах, хорт хавдрыг дарангуйлах “хүчтэй”

    Н.Жавзмаа Нобелийн шагналтнуудтай хийх 70 дахь удаагийн уулзалтад оролцохоор сонгогдоод байна. Энэ оны 6 дугаар сарын 28-наас 7 дугаар сарын 3-нд ХБНГУ-ын Линдау хотод болох тус уулзалтад 35 хүртэлх насны дэлхийн 650 шилдэг залуу судлаач оролцох юм. 1951 оноос эхлэлтэй тус уулзалтад 2015 оноос хойш манай улсаас зургаан судлаач оролцсон бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс сонгогдсон залуу судлаачид санал бодлоо идэвхтэй солилцохоос гадна үндэстэн хоорондын “хил хязгааргүй уулзалт” болдгоороо онцлогтой.

    -Нобелийн шагналтнуудтай хийх тус уулзалтад 2015 оноос хойш оролцсон манай улсын долоо дахь судлаач та болох нь ээ. Шалгаруулалтад хэрхэн сонгогдов?

    -Энэ уулзалтад оролцох залуу судлаачдын материал саналыг манай хүрээлэнгээс ШУА-д хүргүүлсэн юм.  Aкадемиас ярилцлага авч сонгон шалгаруулсны дүнд нэг залуу судлаачийг тус уулзалтад явуулахаар тодорхойлох захидал илгээснээр судлаач онлайн өргөдөл бөглөх эрхтэй болдог. Онлайн өргөдлийг судлаач бөглөж илгээснээр уулзалт зохион байгуулах комисс сонгон шалгаруулж оролцогчдыг сонгодог. Өргөдөлд боловсрол, судалгааны ажил, судалгааны бүтээл, амжилт, бусад ур чадвар, олон нийтийн ажилд хэрхэн оролцдог талаарх мэдээллийг бөглөсөн. Эдгээр мэдээллийг тусгахын зэрэгцээ үйлдвэрлэлтэй холбож судалгаа хийдэг гэдгээ тодотгон бичсэн.

    Анх тус уулзалтын веб хуудас руу орж танилцуулга болон өмнөх жилүүдэд оролцсон залуу судлаачдын сэтгэгдэлтэй танилцаад нэлээд эмээсэн. Их мундаг залуучууд өндөр шалгуураар оролцсон байсан. Тиймээс сонгогдох эсэхдээ эргэлзсэн л дээ. Шалгаруулалтад тэнцсэн тухай захиа ирэхэд маш их баярласан ч Монгол Улсын ШУА гэсэн том байгууллагын химийн салбарыг төлөөлнө гэхэд маш их хариуцлага оногдож байгааг ойлгоод бас эмээж л байна. Тиймээс бэлтгэл сайн хийж, өөрийгөө хөгжүүлэх шаардлагатай байгаа.  

    Энэ ташрамд надад итгэл найдвар хүлээлгэн уулзалтад явуулахаар сонгосон Хими, химийн технологийн хүрээлэнгийн удирдлагууд болон ШУА-ийн тэргүүлэгчдэд талархсанаа илэрхийлье.

     -Энэ удаагийн уулзалтад өмнөх жилүүдээс харьцангуй олон буюу Нобелийн шагналт 70 эрдэмтэн оролцоно. Уулзалтаас ямар үр дүн хүлээж байгаа вэ?

    -Танилцуулгаас харахад уулзалтад оролцох судлаачдыг бүлэг болгон хуваагаад, судлаачид судалгааны ажлаа танилцуулдаг юм билээ. Энэхүү уулзалтад оролцсоноороо бусад олон орны судлаачидтай харилцаа холбоо тогтоох боломжтой. Мөн Нобелийн шагналтнуудын лекцийг сонссоноор залуу судлаачийн хувьд, судалгаа хийх эрч хүч нэмэгдэхийн хажуугаар олон улсын судалгааны чиг хандлагыг ойлгож, түүнийгээ цаашдын судалгаандаа ашиглах бололцоо бүрдэнэ гэж найдаж байна.

    -Өөрийн судалгааны ажлын талаар танилцуулна уу?

    -Сүүлийн жилүүдэд шилмүүст модны эфирийн тосны химийн бүрэлдэхүүн биологийн идэвхийг тодорхойлох судалгааг хийж байна. Эфирийн тосны үйлдвэрлэлийг Монголд бий болгохын тулд эхний ээлжинд мод бэлтгэлийн хаягдал шилмүүсний эфирийн тосны үйлдвэрлэлийг бий болгох нь хамгийн оновчтой гэж үзэж байгаа. Учир нь Монгол орны шилмүүст модны эфирийн тос нь бактер мөөгөнцөр устгах, хорт хавдрыг дарангуйлахад идэвхтэй үйлчлэлтэй болох нь эхний шатны судалгаагаар тодорхойлогдоод байгаа юм.

    Мөн шилмүүсний эфирийн тосны зонхилох нэгдлүүдийг изомержүүлэн олон өөр төрлийн дэгдэмхий нэгдлийн хольцуудыг гарган авах өргөн боломжтой. Ингэснээр Монголд эфирийн тос, түүнээс үүдэлтэй байгалийн гаралтай үнэрийн үнэт түүхий эдийг дотооддоо үйлдвэрлэх боломж нээгдэнэ. Тиймээс цаашид энэ төрлийн судалгааг илүү нарийвчлан, өргөн цар хүрээтэй  хийснээр экспортыг дэмжих дотоодын үйлдвэрлэл бий болоход чухал нөлөө үзүүлнэ.

    Миний хувьд, ШУА-иас зохион байгуулсан Энтрепренер судлаач (ЭС-21) хөтөлбөрт хамрагдсанаар судалгаагаа үйлдвэрлэлтэй холбох боломж нээгдсэн. Одоогоор шилмүүст модны цэвэр эфирийн тосыг бага хэмжээгээр зах зээлд нэвтрүүлээд байна. Мөн  инновацлаг судлаачдын судалгааны ажлын дүн, түүхий эдийн боловсруулалтын технологи Монголын жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд маш их хэрэгтэй байгаа өнөө үед залуу сулаачид бид дор бүрнээ судалгааныхаа ажлыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх талаар анхаарч ажиллах нь зүйтэй юм.


    Улаанбаатар /МОНЦАМЭ/ 
    bolor@montsame.mn | 2020-03-19 14:24:04

    Хими, хими технологийн хүрээлэн https://www.facebook.com/%D0%A…

  • Минжигдоржийн НАЙДАНХҮҮ- Хөгжлийн бодлого судлаач

    Зооинженер, хөгжлийн бодлого судлаач

    1969 онд Булган аймгийн Булган хотод төрсөн

    Булган хотын П. Е. Шетинкины нэрэмжит 1-р арван жилд суралцсан

    1996 онд Румын улсын Бухарест хотын Хөдөө Аж Ахуйн Шинжлэх Ухаан, Мал эмнэлгийн Их Сургуулийг (USAMVB) Зооинженер-статистикч мэргэжлээр бакалавр зэрэгтэй дүүргэсэн

    2014 онд Норвеги улсын Амьдралын Шинжлэх Ухааны Их Сургуульд (NMBU) ХААУ-ны (PhD) докторын зэргийг “Mongolian mare milk production” сэдвээр хамгаалсан. 

    2010 онд мөн МУИС-ийн ХЗС-ийг Эрхзүйч мэргэжлээр дүүргэсэн.

    2019 онд БСШУС-ын сайдын Шинжлэх ухаан, дээд боловсрол хариуцсан Зөвлөх

    “Ургадаг баялаг, Өсдөг баялаг” үндэсний хөтөлбөрийг боловсруулан ХАА-д суурилсан хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх зорилготой ажилладаг.

    ҮЗЭЛ БОДОЛ

    Монголчууд бид:

    1. Баялагтаа эзэн болцгоож, Баялгийн тэгш хуваарилалтыг бий болгоё, 

    2. Баялгын орлогоо Монгол банкиндаа төвлөрүүлье, 

    3. Нэг ам. доллартай тэнцэх төгрөгийн ханшаа 2 оронтой тоонд оруулая, 

    4. Монгол хүний нэг цагт хөдөлмөрлөөд авах цалин хөлсийг Норвегийн түвшинтэй адил хэмжээтэй болгоё, 

    5. Монгол хүнээ нэгд эрэмблэе, 

    6. Xөдөөдөө хотоос илүү амьдрал, хөгжил бий болгоё, 

    7. Гэр хорооллоо хаус хороолол болгон өөрчилье, 

    8. Бүгдээрээ өндөр татвар төрдөө төлцгөөе, 

    9. Эргүүлээд төрөөсөө өндөр халамж, хангамж шаардацгаая, 

    10. Авлига, хээл хахуулиас ангижрая, 

    11. Улс орныхоо эрх ашигт харшилсан, олон түмнийхээ хөрөнгө, мөнгөнд хүйтэн хандсан төрөөс төрсөн тэрбyмтнүүдад өндөр хариуцлага тооцоё, 

    12. Xулгайгүй, худалгүй, хуйвалдаангүй Монголыг босгоё!… гээд бүгд Эвийн мориндоо мордвол бидэнд хөгжил ойрхон байна даа.

    Хөгжил гэдэг ердөө иргэд амьдрах таатай орчин. Норвегид утаа, түгжрэл алга, уур уцаар алга, утгагүй улстөржилт алга.

    https://www.facebook.com/%D0%9…

  • Сумъяагийн ОЮУНСУВД- Бэлчээр судлаач

    Ургамал зүйч, багш, бэлчээр судлаач, докторантур

    БОЛОВСРОЛ

    2003- 2004 онд

    ХААИС, ХАА-н ухааны магистр

    1999- 2003 онд

    ХААИС, Ургамал зүйч- агрономи

    1989- 1999 онд

    Сүхбаатар аймгийн 10 жилийн 2-р сургууль, Бүрэн дунд

    Эрдмийн зэрэг, цол:  Хөдөө аж ахуйн ухааны магистр

    Эрдмийн зэрэг хамгаалсан бүтээл, он: 2004 онд “Дуслын усалгаатай нөхцөлд Эрдэнэшишийн өсөлт, хөгжилт, ургацанд нийлэг хар хучилга ба бууцан бордооны нөлөө” сэдвээр Хөдөө аж ахуйн ухааны магистрийн зэрэг хамгаалсан.                                                                  

    МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛСЭН БАЙДАЛ

          –    МУ-ын БСШУСЯ, nature research ACADEMIS-тай хамтран зохион байгуулсан олон          

               улсын сэтгүүлд өгүүлэл бичих талаархи сургалт, 2018 он

    • – ОХУ-ын Москва хотын Тимирязевийн нэрэмжит ХАА-н академид “Смарт- технологии исследований в экологии: детальный мониторинг, динамические модели, анализ и минимизация рисков” олон улсын сургалт, 2014 он
    • – БНХАУ-ын Куньмин хотод ”Эрдэнэшишийн тариалалт ба боловсруулалтын орчин үеийн арга барил” сэдэвт олон улсын сургалт, 2011 он
    • – ШУТИС-ийн Олон улсын дээд боловсролын төвийн багшлах эрхийн сургалт, 2008 он


    АЖИЛЛАСАН БАЙДАЛ    

    2005 оноос

    ХААИС-ийн Экосистемийн судалгааны төвд эрдэм шинжилгээний ажилтан, эрдэм шинжилгээний дэд ажилтан, багш

    2003- 2004 он

    ХААИС-ийн Агробиологийн сургууль, ХБНГУ-ын Вайнштефаны мэргэжлийн Дээд сургуулийн хамтарсан “Төмс, хүнсний ногоо” төсөлд дадлагажигч багш

    АЖЛЫН ТУРШЛАГА, МЭРГЭШСЭН ЧИГЛЭЛ

    Олон улсын болон бусад төсөл хөтөлбөрийн хүрээнд

    Ажлын туршлага, ур чадвар

    Нөхөн сэргээлтийн олон хувилбарт туршилт судалгааг гүйцэтгэх, сөөг, сөөглөг, олон наст өвслөг ургамал тарималжуулах, цөлийн хээр, хээрийн бүс, уулын хээрийн дэд бүслүүрийн экосистемийн судалгаа хийх, үнэлэх чадвартай

    Төслийн нэр: Монголын нүдэлчин малчдын уламжлалт мэдлэгт суурилсан тэжээлийн зэрлэг ургамал ашиглан бэлчээрийг нөхөн сэргээх нь сэдэвт Жайка, ЖСТ-ийн санхүүжилттэй САТРЕПС төсөл                                                                                   

    Хугацаа: 2020-2025 он                                                       

    Судалгааг гүйцэтгэж буй газар: Төв аймгийн Алтанбулаг, Архуст, Батсүмбэр сумд

    Төслийн онцлог:  Ган, хүйтэн, давсанд харьцангуй тэсвэртэй тэжээлийн ганц ба олон наст өвслөг ургамлуудыг тарималжуулж, улмаар үр үйлдвэрлэх, хамтарсан эрдэм шинжилгээний бүтээл туурьвих, лаборатори байгуулах, залуу судлаачдыг чадавхижуулахад оршино.                         

    Үйл ажиллагаа: Тэжээлийн шимт чанар сайтай, ганц ба олон наст ургамлуудыг тарималжуулж, үр үржүүлэн доройтсон бэлчээр, атаршсан талбайг нөхөн сэргээх

     Албан тушаал: Үндсэн судлаач   

    Төслийн нэр: Зарим биелэгтэн ургамлын нөхөн сэргэх чадавхи сэдэвт БСШУСЯамны Онолын суурь судалгааны төсөл                

    Хугацаа: 2019-2020 он                                                       

    Судалгааг гүйцэтгэж буй газар: Дундговь аймгийн Сайнцагаан сум, Өмнөговийн Булган сум

    Төслийн онцлог:  Хээр, цөлийн хээрийн бүсийн зонхилох биелэгтэн ургамлын нөхөн сэргэх чадавхийг илрүүлэх                                                                                                                

    Үйл ажиллагаа: Хээр, цөлийн хээрийн бүсийн бэлчээрийн зонхилох биелэгтэн ургамлын нөхөн сэргэх чадавхийг илрүүлж, улмаар биелэгтэн ургамлуудыг үрээр тарималжуулах судалгаа

    Албан тушаал: Үндсэн судлаач    

    Төслийн нэр: Доройсон бэлчээр ба эвдэрсэн газрын нөхөн сэргээлтэнд микориза ашиглах технологи боловсруулах сэдэвт БСШУСЯам, Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй Дээд боловсролын шинэчлэл төсөл                                        

    Хугацаа: 2016-2017 он                                                       

    Судалгааг гүйцэтгэсэн газар: Төв аймгийн Алтанбулаг сум

    Төслийн онцлог:  Нөхөн сэргээлтэнд микориза ашиглах                                                                                                            

    Үйл ажиллагаа: Доройтсон бэлчээрийн нөхөн сэргээлтэнд микориза ашиглах  судалгаа

    Албан тушаал: Үндсэн судлаач    

    Төслийн нэр: Бэлчээр сайжруулах замаар нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах боломжийг илрүүлэх           сэдэвт Английн Чарльз Дарвины сан, Лайсестерийн их сургуулийн хамтарсан төсөл

    Хугацаа: 2012-2014                                                            

    Судалгааг гүйцэтгэсэн газар: Архангай аймгийн Их тамир, Баянхонгор аймгийн Богд сум, Дундговь аймгийн Өлзийт, Төв аймгийн Өндөрширээт сум                                               

    Төслийн онцлог: Бэлчээр сайжруулах замаар нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах                                                                              

    Үйл ажиллагаа: Сум тус бүрийн бэлчээрийн ургамлын судалгаан дээр тулгуурлан нүүрсхүчлийн хийн ялгарлыг тогтоох

    Албан тушаал: Ургамал судлаач    

      

    Төслийн нэр: Монголын бэлчээрийн нөхөн сэргэх чадамж сэдэвт АНУ-ын Шинжлэх ухаан, технологийн сан, Колорадагийн их сургуультай хамтарсан төсөл  

    Хугацаа: 2012- 2013 он

    Судалгааг гүйцэтгэсэн газар: Сэлэнгэ аймгийн Баянгол, Сайхан сумд, Төв аймгийн Баян, Баянцагаан, Өндөрширээт, Эрдэнэсант сумд                                                                                     

    Төслийн онцлог: Бэлчээрийн ургамал, хөрс, малчдын нийгэм, эдийн засгийн хосолсон судалгаа хийгдсэн.                                     

    Үйл ажиллагаа: Дээрх сумдын бэлчээрийн ургамал, хөрсний судалгаа, орон нутгийн мэргэжилтэнг сургах

    Албан тушаал: Ургамал судлаач    

         

    Төслийн нэр: Биологийн төрөл зүйл ба экосистемийн нөхөн сэргэлт сэдэвт Японы БСШУЯам, Токиогийн их сургуультай хамтарсан төсөл      

    Хугацаа: 2004-2008 он

    Судалгааг гүйцэтгэсэн газар: Дундговь аймгийн Сайнцагаан сум, Өмнөговь аймгийн Булган сум                                

    Төслийн онцлог: Монгол орны хээр, цөлийн хээрийн бүсийн цэнэлийн судалгааны эхлэл тавигдсан                                             

    Үйл ажиллагаа: Дээрх сумдын бэлчээрийн ургамлын цэнэлийн судалгаа

    Албан тушаал: Үндсэн судлаач    

    Байгаль орчны төлөв байдал, үнэлгээ, нөхөн сэргээлт, дүйцүүлэн хамгаалах ажлын хүрээнд

    Төслийн нэр: “Таван толгой” ХК-ийн IPO-ийн Байгаль орчны төлөв байдал, үнэлгээ, менежмент төлөвлөлтийн ажил                                       

    Судалгаа гүйцэтгэсэн газар: Дорноговь аймгийн Сайншанд, Мандах, Хатанбулаг, Хөвсгөл, Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Манлай, Ханбогд сумд                   

    Хугацаа: 2019- 2020 он   

    Албан тушаал: Ургамлын багийн зөвлөх                      

    Төслийн нэр: “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн Салхитын  мөнгөний  уурхайн
    Байгаль орчны төлөв байдал, нөлөөллийн үнэлгээ                    

    Судалгаа гүйцэтгэсэн газар: Дундговь аймгийн Гурвансайхан сум                                 

    Хугацаа: 2020 он   

    Албан тушаал: Ургамал судлаач

    Төслийн нэр: “Петрочайна Дачин Тамсаг” ХК-ийн XIX, XXI талбайн биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах судалгааны ажил        

    Судалгаа гүйцэтгэсэн газар: Дорнод аймгийн Матад, Халхгол сумд                              

    Хугацаа: 2016 он   

    Албан тушаал: Ургамлын багийн зөвлөх

    Төслийн нэр: “Саусгоби Сэндс” ХХК-ийн Овоот толгой нүүрсний уурхайн биологийн олон янз байдал, дүйцүүлэн хамгаалал, менежмент төлөвлөгөөний судалгаа               

    Судалгаа гүйцэтгэсэн газар: Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён, Сэврэй                    

    Хугацаа: 2014 он   

    Албан тушаал: Ургамлын багийн ахлагч

    Сум орон нутгийн мэргэжилтэн, малчдад зориулсан сургалт, семинар бүхий ажлын хүрээнд

    Сургалтын нэр: Мал аж ахуйн менежмент

    Зохион байгуулагч: Дэлхийн зөн олон улсын байгууллагын Хөвсгөл орон нутгийн хөтөлбөрийн Малжуулах төсөл, Хөдөө аж ахуйн дэвшилтэт технологи нэвтрүүлэх институт

    Сургалт явагдсан газар, хугацаа: Хөвсгөл аймгийн Мөрөн хотод 2020 оны 9-р сарын 7-14    

    Оролцсон хүмүүс: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Арбулаг, Баянзүрх, Бүрэнтогтох, Галт, Их-Уул, Мөрөн, Рашаант, Ренчинлхүмбэ, Тосонцэнгэл, Төмөрбулаг, Цагаан-Уул сумдын 220 малчид

    Сургалтанд оролцсон хэлбэр: Сургагч багш             

    Сургалтын нэр: Хустайн байгалийн цогцолборт газрын орчны бүсийн сумдын бэлчээрийн өнөөгийн төлөв байдал, ашиглалт

    Зохион байгуулагч: Хустайн байгалийн цогцолборт газар, ХААИС-ийн Экосистемийн судалгааны төв

    Сургалт явагдсан газар, хугацаа: ХБЦГазарт 2016 оны 9-р сарын 30    

    Оролцсон хүмүүс: Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянхангай сумдын малчид, мэргэжилтнүүд, ХБЦГ-ын орчны бүсийн байгаль хамгаалагч нар                                     

    Сургалтанд оролцсон хэлбэр: Сургагч багш, хамтран зохион байгуулагч         

    Сургалтын нэр: Бэлчээр, бэлчээрийн менежментийн сургалт

    Зохион байгуулагч: Монголын мал эмнэлгүүдийн дундын хоршоо

    Сургалт явагдсан газар, хугацаа: Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төв, Сайншанд сумын Зүүнбаян багийн төвд 2015 оны 10-р сарын 21-24    

    Оролцсон хүмүүс: Дорноговь аймгийн Улаанбадрах сум, Сайншанд сумын Зүүнбаян багийн малчид, иргэд

    Сургалтанд оролцсон хэлбэр: Сургагч багш         

    Сургалтын нэр: Аргалант сумын бэлчээрийн өнөөгийн төлөв байдал, ашиглалт

    Зохион байгуулагч: Аргалант сумын ЗДТГ, ХААИС-ийн Экосистемийн судалгааны төв

    Сургалт явагдсан газар, хугацаа: Төв аймгийн Аргалант суманд 2015 оны 12-р сарын 24    

    Оролцсон хүмүүс: Төв аймгийн Аргалант сумын малчид, мэргэжилтнүүд

    Сургалтанд оролцсон хэлбэр: Сургагч багш, хамтран зохион байгуулагч                   

    Сургалтын нэр: Говь-Алтай аймгийн сумдын бэлчээрийн менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийг чадавхижуулах сургалт

    Зохион байгуулж, дэмжсэн байгууллага: ХХААХҮЯ, ЗТБХБЯ, Мерси Кор, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар

    Сургалт явагдсан газар, хугацаа: Говь-Алтай аймгийн Алтай хотод 2012 оны 3-р сарын 7-18    

    Оролцсон хүмүүс: Говь-Алтай аймгийн 18 сум, Ховд аймгийн Дарви, Чандмань, Зэрэг, Манхан сумдын Байгаль орчны улсын байцаагч, Газрын даамал, Бэлчээр хариуцсан мэргэжилтэн                                                                       

    Сургалтанд оролцсон хэлбэр: Сургагч багш         

  • Ц.ГАНЧӨДӨР- Цөлжилтийн судалгаа

    Говь-Алтай аймгийн Цогт сумын уугуул.

    Шинжлэх ухааны академийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Цөлжилтийн судалгааны салбарын эрхлэгч, доктор

    ХААИС дүүргэсэн, 2019 онд Солонгос Улсын Dongguk University-д, Донггүкийн их сургуулийн профессор Hoduck Kang-ийн удирдлагад докторын зэрэг дүүргэсэн.

    Төв аймгийн Лүн сумын Хөгнө Тарнын цогцолбор газар, Элсэнтасархай дахь “Цөлжилтийг сааруулах туршилт судалгааны төв”-ийг шавыг тавилцаж ажлын гараагаа эхлэсэн.

    CУДАЛГААНЫ ЧИГЛЭЛ:

    • Бакалаврын ажлаа “Алтайн өвөр говийн ховор, ховордсон модлог ургамлыг тарималжуулах боломж” сэдвээр
    • Магистрын зэрэгээ “Цөлөрхөг хээрийн бүсэд байгуулсан хамгаалалтын ойн зурваснд тарималжуулсан мод, сөөгний өсөлт хөгжилт” сэдвээр
    • Докторын зэрэгээ “Төв Монголын хээрийн бүсийн доройтсон элсэрхэг хөрс бүхий газарт цөлжилтийг сааруулах ойн нөхөн сэргээлт” сэдвээр диплом бичиж, хамгаалаад, одоо судалгааны ажлаа үргэлжлүүлэн хийж байна. 

    ЯРИЛЦЛАГА УНШИХ

    Монгол орны газрын доройтол, цөлжилтийн талаар Цогт сумын уугуул, Шинжлэх ухааны академи, Газарзүй-геоэкологийн хүрээлэнгийн Цөлжилтийн судалгааны салбарын эрхлэгч, доктор Ц.Ганчөдөртэй ярилцсан ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.  

    -Та цөлжилтийн судалгааны салбарт ажилладаг юм байна. Салбарынхаа талаар болон өөрийн судалгааны ажлын талаар яриагаа эхэлье?
    Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Цөлжилтийн судалгааны салбар нь 2004 онд анх байгуулагдсан. Монгол орны хэмжээнд цөлжилт, газрын доройтлын төлөв байдлыг судлах, үнэлэх, түүнийг сааруулах туршилт явуулдаг, улсдаа ганц судалгааны төв юм.

    Манай салбарын эрхэм зорилго нь Монгол орны ялгавартай экосистемийн хүрээнд явагдаж буй цөлжилтийг үнэлэх онол, аргазүйн үндэслэл боловсруулах, цөлжилт, газрын доройтлын төлөв байдлыг тодорхойлох, зураглах, цөлжилттэй тэмцэх, газрын доройтлыг бууруулах арга хэмжээг төлөвлөх, технологийг нэвтрүүлэхэд чиглэгдэнэ. Эдгээр судалгааны ажлын хүрээнд ургамал, хөрс, ус, уур амьсгал, үнэлгээ, зураглал, нийгэм эдийн засгийн чиглэлийн мэргэжилтэй судлаачдын баг бүрдэж ажилладаг. Харин миний хувьд газрын доройтлыг бууруулах ойжуулалт, нөхөн сэргээлтийн чиглэлээр судалгааны ажлыг 2008 оноос хойш хийж гүйцэтгэж байна.

    -Цөлжилт, газрын доройтол гэсэн хоёр ойлголт байдаг. Юугаараа ялгаатай вэ?
    НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцид зааснаар “Цөлжилт нь хуурай, гандуу, чийг дутмаг газар нутагт байгалийн, тэр дундаа уур амьсгалын хувьсал өөрчлөлт болон хүний үйл ажиллагааны нөлөөн дор илрэх газрын доройтол юм” хэмээн үзсэн. Энгийнээр хэлвэл үржил шим бүхий хөрстэй, ус булагтай, ургамал жигдэрсэн газар нутаг хуурай цөл болон хувирах үйл явц юм. Харин газрын доройтол гэх ойлголтонд, тодорхой нэг газар нутагт, хүний үйл ажиллагааны бохирдол болон ус, салхины элэгдэл гэх мэт биофизик доройтлын хэлбэрүүдийг авч үзэж болно.

    Европын комисс, Хамтарсан судалгааны Төвийн 2018 онд гаргасан “Дэлхийн цөлжилтийн атлас”-д, манай гарагийн хуурай газрын 75 гаруй хувь нь хэдийнэ доройтсон бөгөөд, 2050 он гэхэд 90 агруй хувь нь доройтно. Энэхүү газрын доройтлын асуудлаас болж 700 сая хүртлэх хүнийг нүүлгэн шилжүүлнэ гэсэн тооцоо гаргасан байгаа юм. Харин манай орны хувьд цөлжилтөнд өртөмтгий буюу хуурай, гандуу бүс нутаг 90 орчим хувийг хамардаг. Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 77.8% нь их, бага хэмжээгээр цөлжилт, газрын доройтолд өртөөд байгааг манай судлаачид тогтоогоод байна. Иймд хөрсний үржил шимийг сайжруулах, газрын доройтлыг бууруулах ажлыг нийгмийн хөгжилтэйгээ уялдуулан, цаг алдалгүй хийж байх ёстой болов уу гэж боддог.

    -Цөлжилттэй тэмцэх, газрын доройтлыг бууруулах судалгааг яагаад сонирхож, хийх болсон бэ?

    Хүүхэд байхаас л ургамал тарьж ургуулах сонирхолтой байсан учраас энэ ажлыг хийх суурь болсон болов уу. Анх их сургууль төгсөөд ахмад эрдэстэн А.Хауленбек багшийнхаа удирдлага доор Элсэнтасархай дахь “Цөлжилтийг сааруулах туршилт судалгааны төв”-ийн анхны шонг зоосноор ажлын гараа маань эхэлж байлаа.

    Бакалаврын ажлаа “Алтайн өвөр говийн ховор, ховордсон модлог ургамлыг тарималжуулах боломж”, магистрт “Цөлөрхөг хээрийн бүсэд байгуулсан хамгаалалтын ойн зурваснд тарималжуулсан мод, сөөгний өсөлт хөгжилт”, докторт “Төв Монголын хээрийн бүсийн доройтсон элсэрхэг хөрс бүхий газарт цөлжилтийг сааруулах ойн нөхөн сэргээлт” сэдвээр диплом бичиж, хамгаалаад, одоо судалгааны ажлаа үргэлжлүүлэн хийж байна. Улс орныхоо тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд өөрийн сурсан мэдсэн бүхнээ зориулж, өчүүхэн ч гэсэн хувь нэмрээ оруулна гэдэг судлаач хүн бүрийн чин хүсэл байдаг.

    Цөлжилт, газрын доройтлыг бууруулах чиглэлээр хамгийн сүүлд гарсан судалгааныхаа үр дүнгүүдээс  танилцуулаач?
    Хамгийн сүүлд гарсан үр дүнгүүдээс танилцуулахад, “Байгалийн эрсдэлээс хамгаалах ойн зурвас байгуулах мониторинг”, “Орон нутгийн ховор, ховордсон модлог ургамлыг тарималжуулах”, “Доройтсон элсэрхэг хөрс бүхий газарт байгалийн нөхөн сэргээлт явуулж, ургамлан нөмрөгийн өөрчлөлт ба салхиар үүсэх хөрсний элэгдэлд нөлөөлөх нөлөөллийг бэлчээрийн газартай харьцуулсан судалгаа”, “Элсэнтасархай орчны бичил уур амьсгалын мониторинг” зэрэг судалгааны ажлуудыг дурьдаж болох юм.

    Хамгаалалтын ойн зурвас байгуулах судалгааны үр дүнгээс дурьдвал, Элсэнтасархай орчмын элсэрхэг хөрс бүхий газарт хайлаас, улиас, харгана хамгийн илүү дасан зохицож, амьдрах чадвар болон жилийн өсөлтийн эрчим өндөр байна. Ойн зурвас нь 5-30 дахин алслах зайд салхины хурдыг бууруулж, хамгаалах нөлөөлөл нь 24.58-193.35м зайд илэрсэн дүнтэй байна. Хамгаалагдсан талбайд салхины зонхилох чиглэлээс элсний хуримтлал 0.2-0.8м хуримтлагда, 5-30м алслагдах зайд элсний нүүлт хөдөлгөөн бүрэн зогсож, олон наст бэлчээрийн ургамал түрэн ургаж байна.

    Орон нутгийн ховор, ховордсон модлог ургамлыг тарималжуулах судалгааны ажлын хүрээнд Монгол орны улаан номонд орсон, эмийн болон аж ахуйн ач холбогдолтой 10 овгийн 17 төрлийн 21 зүйл мод, сөөгийг тарьж ургуулах туршилт явуулав. Эдгээр ургамлууд  дотор орчны бүс нутагт тархалттай гандигар, яшил, тэхийн шээг, монос, арц, бүйлс зэрэг мод, сөөг багтаж байна.

    Доройтсон газарт байгалийн нөхөн сэргээлт хийсэн судалгааны дүнгээс үзвэл 10 жилийн дараа бэлчээрт олон настай, үр нь малын хөл болон салхиар тархдаг нэг наст, хөл газрын ургамлын төрөл зүйлүүд  давамгайлсан. Харин хамгаалсан талбайд чийглэг, олон наст ургамлын төрөл зүйлүүд илүү давамгайлан ургаж байна. Ургамлын зйүлийн баялаг, олон янз байдал нь бэлчээрт илүү, харин эсрэгээр ургамлын тусгаг бүрхэц хамгаалсан талбайд илүү буюу хамгаалсан талбайд хөрс элээгч салхины босго хурд нэмэгдсэн, хөрсний салхиар элэгдэх эрчим буурсан дүнтэй байна. Энэ бүхнээс үзэхэд бэлчээрийг хашиж хамгаалах нь ургамлын тусгаг бүрхэц, биомассыг нэмэгдүүлж, улмаар хөрсний элэгдлийг бууруулах эерэг  талтай.

    Гэхдээ бэлчээрт  ургамлын зүйлийн олон янз байдал, баялаг байгаа явдал нь зөвхөн хашиж хамгаалах биш, харин жилийн 4 улиралд сэлгэн ашиглах, бэлчээрийн мал аж ахуй, ой, газар тариалан хосолсон аж ахуйг хамтад нь хөгжүүлэх (Силвопасторализмын цогц систем) зэрэг газрын доройтлыг сааруулахад чиглэгдсэн уламжлалт болон дэвшилтэд арга технологиудыг санал болгон, илүү зөв менежменттэй ашиглах арга замыг эрэлхийлэх шаардлагатай илтгэж байна.

    Элсэн тасархай орчмын бичил уур амьсгалын мониторинг судалгаанд HOBO U30 маркийн автомат уур амьсгалын мэдээ цуглуулагч суурилуулан, хөрсний өнгөн болон гүний температур, агаарын температур, харьцангуй чийгшил, нарны цацрагийн гийгүүлэлт, салхины хурд болон чиглэл зэрэг мэдээллийг гурван секунд тутамд бүртгэж, нэг цагийн нарийвчлалтайгаар тоон мэдээлэлд хөрвүүлэн судалгаанд ашиглаж байна.

    Нэг анхаарал татсан зүйл бол манай орны нөхцөлд баруун зүгийн салхи зонхилдог. Харин тус суурин автомат станцын мэдээнд тулгуурлан боловсруулсан үр дүнгээс үзэхэд зөвхөн 5-10м/с болон түүнээс  дээш хурдтай, бидэнд шууд мэдрэгддэг, элсний нүүлт хөдөлгөөнийг нөхцөлдүүлэгч хүчтэй салхи л баруун болон зүүн хойд зүгээс салхилж, нийт салхины дийлэнхи хувь нь зүүн урд зүгээс салхилж байгаа явдал юм. Иймд бидний судалгаа явуулж буй нутагт цөлийн хуурай уур амьсгалын нөлөө илүү давамгайлж байна хэмээн ойлгож болохоор байна. Салхины хурд нь элсний нүүлт хөдөлгөөнийг нөхцөлдүүлж, хөрсний гадаргын усны ууршилт эрчимтэй явагдахад илүү нөлөө үзүүлдэг бол, харин аль чиглэлээс илүү давамгайлж байгаа явдал нь түүний сөрөг нөлөөллийг бууруулах хамгаалалтын ойн зурвас төлөвлөхөд чухал ач холбогдолтой.

    -Монгол улсын Засгийн газраас 2019 онд “Хөрс хамгаалах, газрын доройтлыг бууруулах” үндэсний хөтөлбөр баталсан. Мөн 2020 онд “Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг орон даяар зарлаж байна. Энэ бүхэнд судлаач хүнийхээ хувьд ямар санал бодол хэлэх вэ?
    Газрын доройтлыг бууруулах туршилт, судалгааны ажлыг хийж гүйцэтгэхэд урт хугацаа шаардагддаг бөгөөд ганц хоёр жилийн дотор үр дүн нь гарчихдаг ажил биш юм. Иймээс “Хөрс хамгаалах, газрын доройтлыг бууруулах” үндэсний хөтөлбөр (2019-2023)-ийн хүрээнд Монгол орны байгалийн бүс, бүслүүрт урт хугацааны туршилт, судалгааны төвүүдийг байгуулах ажлуудыг дэмжиж, нягт хамтран ажиллаасай хэмээн хүсэж байна. Манай Газарзүй, Геоэкологийн хүрээлэн нь Булган аймгийн Рашаант сумын Элсэнтасархай, Говьсүмбэр аймгийн Чойр сум, Дархан-Уул аймгийн Орхон сумын Бүрэнтолгой хэмээх газруудад “Цөлжилт, газрын доройтлыг бууруулах технологи туршилт, хяналт, мониторинг” явуулах суурин судалгааны станц байгуулан урт хугацаанд судалгаан явуулах эхлэлийг тавиад байна.

    “Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы хүрээнд тариалангийн талбайн хамгаалалтын ойн зурвас байгуулах хөдөлгөөн өрнүүлж, төр засгийн бодлого шийдвэрт тусган, дэмжиж ажиллаасай хэмээн хүсэж явдаг. Харин бүх тариалангийн талбайг ойн зурвастай болгох боломжгүй бөгөөд , юуны түрүүнд усалгаатай газар тариалан болон хуурай гандуу бүс нутгийн жижиг тариалангийн газруудад хамгаалалтын ойн зурвасыг байгуулах нь зүйтэй. Яагаад гэвэл хуурай гандуу бүс нутгийн тариаланчид байгалийн эрсдэлд илүү өртөмтгий байдаг. Улмаар ойн зурваст тарьж ургуулсан мод, сөөг ургамлыг эхний 3-5 жил найдвартай услах шаардлагатай байдаг.

      Мэдээллийн эх сурвалж: Г.Жаргал / Zaag.mn

    СУДАЛГААНЫ АЖИЛТАЙ ТАНИЛЦАХ:

    1. “ХУУРАЙ ГАНДУУ БҮС НУТГИЙН ЗАРИМ ТӨВ СУУРИН ГАЗРУУДЫН ЦӨЛЖИЛТ, ТҮҮНТЭЙ ТЭМЦЭХ, СААРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ МЕНЕЖМЕНТ” Шинжлэх ухаан, технологийн төслийн эрдэмшинжилгээний тайлан (2008-2010 он) http://portal.igg.ac.mn/datase…
    2. “ТӨВ МОНГОЛЫН ХЭЭРИЙН БҮСИЙН ЗАГВАР НУТГИЙН ХҮРЭЭН ДЭХЬ МОНИТОРИНГИЙН СУДАЛГАА” сэдэвт суурь судалгааны ажлын эрдэм шинжилгээний тайлан (2013- 2015 он) http://data.stf.mn/Project/Pro…
  • Авирмэдийн ЦЭЭНОРОВ- Ой, ойжуулалт

    1983 онд Говь- Алтай аймагт төрсөн. Байгаль орчин, ойжуулалтын чиглэлээр ажилладаг.

    БОЛОВСРОЛ МЭРГЭЖИЛ

    2018 оноос

    ХААИС-ын Агроэкологийн сургуульд ойн аж ахуйн инженер магистрантур

    2003-2006

    “Эко-Ази” байгаль орчны дээд сургууль – Экологич /Бакалавр/

    2001-2002

    “Оточ Манрамба” уламжлалт анагаах ухааны дээд сургууль

    1991-2001

    Нийслэлийн тэргүүний 33-р дунд сургууль – Ерөнхий боловсрол

    АЖИЛЛАСАН БАЙДАЛ

    2006-2008 он

    БНСУ-аас хэрэгжүүлж буй “Ногоон хэрэм” төслийн Лүн сумын ойжуулалтын талбайн инженер

    2008-2010 он

    “Байгалийн нөөцийн менежмент, судалгааны хүрээлэн” ТББ-д судлаач

    2010-2013 он

    Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд инженер

    2012-2013 он

    “Энержи ресурс” ХХК-д байгаль орчны хэлтэс, зохицуулагч

    2013 оноос одоог хүртэл

    “Баян айраг” ХХК-д мод үржүүлэг, биологийн нөхөн сэргээлт хариуцсан ахлах мэргэжилтэн

    СУРГАЛТАД ХАМРАГДСАН БАЙДАЛ

    • БНСУ-ын Ойн судалгааны хүрээлэнгээс зохион байгуулсан танилцах аялал, сургалт 2007.10.07-13-ны хооронд
    • Монгол Үйлдвэрчний Худалдаа аж үйлдвэрийн танхимын Гүйцэтгэх захирал нарт мэдлэг олгох сургалт 2010.01.02-09-ны хооронд
    • “Эйч Си Эс” ХХК-аас зохион байгуулсан Эрүүл мэндийн аюулгүй байдал, хүрээлэн буй орчны хамгаалал сэдэвт сургалт 2012.10.15-19-ны хооронд

    ШАГНАГДСАН БАЙДАЛ

    • 2017 он     Баян Айраг ХХК-ны Тэргүүний ажилтан
    • 2016 он     Тэргүүний залуу алтан медаль
    • 2015 он        Уул уурхайн тэргүүний ажилтан

    Nooyoavirmed@gmail.com

  • Мягмарсүрэнгийн БҮЖИН- Хоггүй Монгол хөдөлгөөн, хог хаягдалын менежмент

    Хоггүй Монгол ТББ-ын тэргүүн, Гялгар уутгүй Монгол хөдөлгөөнийг санаачилагч, Хог хаягдалын менежменийн чиглэлд төвлөрөн ажилладаг. СУИС-ийг дүүргэсэн.

    АЖЛЫН ТУРШЛАГА

    2017.10 сараас “Хоггүй Монгол” ТББ-ын үүсгэн байгуулагч, тэргүүн

    2018 оноос “Interview Mongolia” сэтгүүл, сэтгүүлч

    2013.01-2014.01 “Имерж Медиа” ХХК ЕТВ Мэдээллийн албаны редактор

    2008.03-2012.12 “Медиа Холдинг” ХХК ТВ9 Мэдээллийн албаны редактор

    2007.09-2008.03 ТВ5 Мэдээллийн албаны сэтгүүлч

    НОМ БҮТЭЭЛ

    2018 он Зүрхнээс ину
    2020 он “Хогон мангас” хүүхдийн зурагт ном

    ГИШҮҮНЧЛЭЛ, САЙН ДУРЫН АЖЛУУД

     Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны гишүүн, 2018

     Фижи улсын “Blue bird” Institute Англи хэлний сургалт, 2014

    ХОЛБООС

    https://www.ecobujin.com/

    https://www.facebook.com/36580…

    https://www.youtube.com/channe…

  • Т.ТӨРМАНДАХ- Агрономич, Монгол төмс, Монгол ногоо төслийн зохицуулагч

    “Монгол Төмс”, “Монгол ногоо” үндэсний хөтөлбөрийн Зохицуулагч, Монголын Хөдөөг Шинэчлэхийн Төлөө Фермерүүдийн Холбооны Гүйцэтгэх Захирал, агрономич

    Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих, иргэдийн эрүүл, аюулгүй хүнс хэрэглэх эрх ашгийг хамгаалах зорилготойгоор 2004 онд байгуулагдсан “Монголын хөдөөг шинэчлэхийн төлөө фермерүүдийн холбоо” ТББ өдгөө нийт 36 салбар, 1,380 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

    Тус байгууллага 2004-2015 оны хооронд “Монгол төмс” хөтөлбөрийг гурван үе шаттайгаар хэрэгжүүлж, манай улс дотооддоо төмснийхөө үйлдвэрлэлийг 100 хувь хангаж, нутагшсан шинэ сортынхоо үрийг үржүүлэн, сайн чанарын төмсний үрээр тариаланчдаа хангадаг болсон билээ.

    Үүгээр зогсохгүй 2016 оны дөрөвдүгээр сараас эхлэн ХХААХҮЯ-ны хүсэлтээр, Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Монгол ногоо ” төслийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд хүнсний ногооны дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж, иргэдийн эрүүл, аюулгүй хүнсний хэрэглээнд дэвшилт гаргах зорилгоор дотооддоо тариалсан төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлд “Хөдөө аж ахуйн зохистой дадал”-ыг /ХААЗД/ нэвтрүүлэхээр ажиллаж байна.

    https://www.facebook.com/MFARD.MN

    Т.Төрмандах:  ХААЗД (GAP)- ыг нэвтрүүлэх нь иргэдэд эрүүл, аюулгүй хүнс хэрэглэхийн баталгаа, ногоочдод зах зээлд өрсөлдөх боломж

    Иймд Хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлэх ач холбогдлын талаар “Монгол ногоо” төслийн зохицуулагч Т.Төрмандахтай ярилцлаа.

    – Сайн байна уу. “Монгол ногоо” төслийн хүрээнд хэрэгжүүлж буй  Хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлэх ажлыг эхлүүлэх болсон шалтгаан юу байсан талаар хуваалцахгүй юу?

    – Монгол Улс Хятадаас жилд 40-60 мянган тонн хүнсний ногоо импортоор оруулж ирдэг бөгөөд үүний 60-70 хувийг байцаа, сонгинолог ургамал эзэлдэг. Тэр утгаараа “Монгол ногоо” төсөл нь хүнсний ногооны дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, импортоор орж ирдэг ногоог дотооддоо тариалдаг болоход дэмжлэг үзүүлэн  ажилладаг. Гадаадаас хүнсний бүтээгдэхүүн хяналтгүйгээр импортлогдож орж ирэх нь хүнсний эрүүл, аюулгүй байдлын баталгааг хангаж чадахгүй тул дотоодын үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй. Ингэхдээ дотоодын төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлд “Хөдөө аж ахуйн зохистой дадал”-ыг /ХААЗД/ нэвтрүүлэх нь чухал.

    ХААЗД гэдэг нь товчоор газар тариалангийн үйлдвэрлэлийн аливаа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх явцад эрүүл, аюулгүй байдлыг хангах зохистой арга хэмжээнүүдийг хэрхэн мөрдөж байгааг итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллагын мэргэжилтэн баталгаажуулж, баримтжуулах цогц арга хэмжээ юм.

    Уг дадлыг хүнсний чиглэлийн үйлдвэрлэл эрхлэгч өөрийн үйл ажиллагааны төрлөөс хамааруулан нэвтрүүлнэ гэж “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуульд 2015 онд заасан. 2019 онд “Жимс, хүнсний ногооны үйлдвэрлэлд хөдөө аж ахуйн зохистой дадлыг хялбаршуулан нэвтрүүлэх заавар”-ыг баталснаар хуулийг хэрэгжүүлэх боломж бүрдсэн.

    Тиймээс бид өнгөрсөн жилээс эхлэн Хөдөө аж ахуйн зохистой дадлыг газар тариалангийн салбарт тэр дундаа төмс, хүнсний ногооны салбарт нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр болж, олон улсын ISO стандартаар баталгаажуулдаг хувийн компанитай “Монгол ногоо” төсөл хамтран нэвтрүүлэх ажлыг баталгаажуулах үйл явцыг туршиж эхэлсэн.

    Төрөл бүрийн сургалт явуулж, сургалтын үр дүнгээрээ баталгаажуулалтын ажилд оролцох аудитууд, зөвлөхүүдийг бэлтгэх сургалт зохион байгуулсан. Ногоочдод Хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлэх зайлшгүй шаардлагын талаар танин мэдэхүйн сургалт зэргийг зохион байгуулсан. Үр дүнд нь энэ онд Хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлэх ажил эрчимтэй эхлэхээр байна.

    – Худалдан авч буй хүнсний бүтээгдэхүүнийхээ аюулгүй байдалд иргэд маань ихээхэн анхаарал хандуулдаг болсон гэж боддог. Энэ нь магадгүй Хөдөө аж ахуйн зохистой дадлыг нутагшуулах хамгийн том шалтгаан байх. Өнгөрсөн жил туршилт явуулсан гэж та хэллээ. Туршилтаар ямар үр дүн гарсан бэ?

    – Монгол оронд ургуулдаг төмс, хүнсний ногоо нь  бусад хөгжингүй улс орнуудтай /олон жил газар тариалан хөгжсөн орнууд/ харьцуулахад харьцангуй эрүүл технологиор үйлдвэрлэгддэг. Өөрөөр хэлбэл, дээрх улс орнууд ургацаа нэмэхийн тулд эрдэс бордоог их хэрэглэдэг байхад монгол оронд бордооны хэрэглээ харьцангуй бага. Мөн бусад оронд жилдээ 3-6 удаа ургамал хамгааллын бодисыг цацаж хэрэглэдэг бол манайд 1-2 удаа хэрэглэдэг.

    Үүнээс харвал, Хөдөө аж ахуйн зохистой дадлыг манай тэргүүний тариаланчид амьдрал дээрээ хэрэгжүүлж яваа боловч бүртгэлжүүлэн баталгаажуулаагүй болохоор бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэхэд хүндрэлтэй байдаг.

    Тиймээс Хөдөө аж ахуйн зохистой дадлыг албан ёсоор нэвтрүүлж, ногооны үйлдвэрлэл эрхэлдэг ногоочдод эрдэс бордоо, ургамал хамгааллын бодис, технологийг зөв  хэрэглэх, зах зээлд хүчтэй өрсөлдөх боломжийг олгох нь зөв гэж үзсэн.

    Монгол оронд зөвшөөрөгдсөн бодисыг технологийн дагуу, цаг хугацаанд нь зөв нормоор хэрэглэвэл эрүүл, аюулгүй хүнс үйлдвэрлэж байна гэсэн үг.

    – Ногоочдод ямар давуу талыг олгох вэ гэж хүмүүс бодож байгаа байх?

    – Дэлхийн хүн ам хурдтай өсөж, байгаль цаг уурын эрсдэл буюу цаг агаарын дулаарал бий болж байгаатай холбоотойгоор төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлд ургамал хамгааллын бордоог улс орнууд ихээр хэрэглэх болсон тул эрүүл, аюулгүй байдал маш чухал болчихсон.

    Хүмүүс  аль болох эрүүл, аюулгүй хүнсийг худалдан авах чиг хандлага нэмэгдэж байна. Нөгөө талаар эрүүл, аюулгүй буюу Хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлсэн төмс, хүнсний ногоог зах зээлд нийлүүлэхгүй бол ногоочин хүн тариалсан хүнсний ногоогоо борлуулахад төвөгтэй болно.

    Магадгүй хоёр жилийн дараа гэхэд бүх дэлгүүр, супер маркетууд Хөдөө аж ахуйн зохистой дадал нэвтрүүлсэн гэрчилгээ, лого бүхий төмс хүнсний ногоог авдаг болчихвол эхнээсээ зах зээл нь хумигдана. Энэ үед харин дадлаа нэвтрүүлсэн ногоочдод давуу байдал үүсэж, зах зээлд өрсөлдөх чадвартай болох юм.  

    Ногоочид өөрийнхөө үйлдвэрлэлд Хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлэх зайлшгүй шаардлага үүссэн гэдгийг ойлгох үедээ хүсэлтээ гаргавал бид баталгаажуулах байгууллагатай нь холбож өгөх юм.

    – Хөдөө аж ахуйн зохистой дадлаар баталгаажуулах ажлыг энэ жил хэрхэн зохион байгуулах вэ?

    – ISO баталгаажуулалт хийдэг компанитайгаа 2019 онд хамтран ажиллах явцдаа баталгаажуулах үйл явц, гарах өртөг зардлынхаа зураглалыг гаргасан. Өнгөрсөн оны төгсгөлд хүлэмжийн хүнсний ногоо тариалдаг хоёр аж ахуйн нэгжид баталгаажуулалтын гэрчилгээг нь олгосон.

    2020 онд хамгийн багадаа төмс, хүнсний ногоо нийлүүлдэг 20 орчим иргэн, аж ахуйн нэгжид ХААЗД нэвтрүүлсэн баталгаажуулалтын гэрчилгээ олгохыг зорьж, өмнөх бэлтгэл ажлыг хангаж байна.

    – Баталгаажуулах байгууллагад холбож өгөөд гэрээ хийнэ гэлээ. Ингээд л гэрчилгээгээ авах уу?

    – Гэрчилгээ олгоно гээд хүссэн  болгонд нь өгнө гэсэн үг биш. Шалгуур үзүүлэлтийг давж чадсан аж ахуйн нэгжүүдэд л олгоно. Туршилтын баталгаажуулалтын явцаас харахад нийт зургаа долоон чиглэлээр 83 шалгуур үзүүлэлтийг хангасан байх ёстой.

    Гэхдээ зохистой дадал нэвтрүүлэх гэж байгаа аж ахуйн нэгжүүд эхний ээлжинд эдгээр шалгуур үзүүлэлтүүдээр өөрийгөө үнэлээд 50%-иас дээш хангаж байгаа бол манай төсөлд хандан хүсэлтээ гаргаснаар дараагийн шат дараалсан арга хэмжээнд хамрагдах боломжтой.

    Баталгаажуулах байгууллага тарилтын өмнө нэг удаа аудит хийж, шалгуур үзүүлэлтүүдээс хэдэн хувийг хангаж байгааг нь дүгнэж гаргадаг. Хэрвээ уг шалгалтаар шаардлагад нийцээгүй зүйл байвал зөвлөхүүд тухайн ногоочинд зөвлөгөө өгөөд, засч сайжруулах хугацаа өгч наймдугаар сард буюу ургац хураалтын өмнө хоёр дахь аудитаар орно.

    Энэ үед шалгуур үзүүлэлтийг хангасан гэж үзвэл Хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлсэн гэх гэрчилгээг олгож, ногоочин зах зээлд нэвтрүүлж буй хүнснийхээ сав, баглаа боодол дээр нэвтрүүлсэн гэх тэмдгийг тавьж, борлуулах боломжтой.

     – Органик хүнс, Хөдөө аж ахуйн зохистой дадал нэвтрүүлсэн хүнсний ногооны ялгааг тайлбарлаж өгөхгүй юу. Энэ хоёр нь хоорондоо ялгаатай юу?

    – Органик болон Хөдөө аж ахуйн зохистой дадал нэвтрүүлсэн төмс, хүнсний ногоо нь хоёр өөр ойлголт. Үүнийг хольж ойлгож болохгүй.

    Органик төмс, хүнсний ногоо гэдэг нь тухайн хүнсний ногоог үйлдвэрлэхдээ  ямар нэгэн химийн гаралтай бордоо, ургамал хамгааллын бодис огт хэрэглээгүй гэсэн үг.

    Харин Хөдөө аж ахуйн зохистой дадал гэдэг нь тухайн улс оронд хэрэглэхийг зөвшөөрсөн эрдэс бордоо, ургамал хамгааллын бодисыг технологийн дагуу зөв хэрэглэсэн байхыг хэлнэ. Ургамал хамгааллын бодис буюу пестицидыг хамгийн сүүлд ургац хураахаас 28 хоногийн өмнө хэрэглэсэн байх ёстой. Ингэвэл ургамал хамгааллын бодис нь бүрэн задраад хөрс болон ургамалдаа пестицидийн үлдэгдэл үүсгэдэггүй. Мөн хүний эрүүл мэндэд аюул учруулдаггүй.

    Органик хүнс, хүнсний ногооны үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэж байгаа ч гэлээ аль ч өндөр хөгжилтэй оронд нийт үйлдвэрлэж байгаа төмс, хүнсний ногооны таван хувиас илүү гарч чадаагүй. Учир нь ургац нь бага байдаг тул зах зээл дээр ч өндөр үнэтэй гардаг.

    Тэгэхээр заавал органик хүнс идэж байж эрүүл байна гэвэл үгүй юм. Аливаа ургамал, төмс хүнсний ногоог ургуулахад ногоочин хүн өндөр ургац авч байж ашиг олно. Дээрээс нь өвчин, хортон гарвал устгаж тэмцэх шаардлага гарах учраас ургамал хамгаалах бодис ашиглана. Гол нь үүнийг ашиглахдаа хүний эрүүл мэндэд аюул учруулахгүй байхаар гэх ойлголт юм. Мөн органик ногоог бодвол үнийн хувьд ч бага.

    – Хөдөө аж ахуйн зохистой дадлаар баталгаажсан лого тэмдгийг хэрхэн таних билээ?

    – Дэлхий нийтээр Хөдөө аж ахуйн зохистой дадал гэдгийг GAP гэсэн тэмдэглэгээгээр илэрхийлдэг.  Ийм тэмдэг миний худалдан авсан төмс, хүнсний ногоон дээр байвал итгэл төгс худалдан авалт хийж болно.

    Тэмдэглэгээ тавигдсанаар зах зээл дээр борлуулагдах төмс, хүнсний ногоо чанараараа ялгарч, эрүүл, аюулгүй хүнсний ногооны баталгаа бий болж буй хэрэг. Борлуулалтын газар, сүлжээ дэлгүүрүүд ч борлуулалтаа бодоод GAP тэмдэг тавигдсан ногоог л ногоочдоос авч эхэлнэ. Магадгүй 2-3 жилийн дараа төмс, хүнсний ногооны төрийн худалдан авалтаар Хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлсэн лого тэмдэглэгээтэй /GAP/ байна гэх шаардлагыг тавих байх.

    – Ярилцсанд баярлалаа.


    МОНГОЛ НОГОО ТӨСЛИЙН ТУХАЙД
    Монгол ногоо төсөл нь 2016 оноос 2023 оныг дуустал нийт 7 жил хэрэгжих болно.

    Төслийн зорилго: Төсөл нь “хүртээмжтэй, хүйсийн тэгш байдлыг хангасан хүнсний ногооны салбарыг тогтвортой хөгжүүлэх замаар Монгол улсад амьжиргааг дэмжих” зорилгыг хэрэгжүүлнэ.

    Захиалагч: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам  

    Санхүүжүүлэгч: Швейцарын хөгжлийн агентлаг

    ​Хэрэгжүүлэгч: “Монголын хөдөөг шинэчлэхийн төлөө фермерүүдийн холбоо” ТББ

    ​Хамрах хүрээ

    • ХҮНСНИЙ НОГООНЫ ҮЙЛДВЭРЛЭЛ
      1. Сэлэнгэ: 5 сум 
      2. Төв: 3 сум 
      3. Дархан-Уул: 1 сум
      4. Орхон: 1 сум
      5. Ховд: 1 сум
      6. Дорнод: 1 сум
      7. Хэнтий: 1 сум
      8. Хөвсгөл: 1 сум 
      9. Өмнөговь: 1 сум 
      10. Улаанбаатар, 4 дүүрэг  
    • ҮР ҮЙЛДВЭРЛЭГЧИД
      1. Увс: 1 сум 
      2. Завхан: 1 сум
      3. Баянхонгор: 1 сум
      4. Дархан-Уул 1 сум
    • ХҮНСНИЙ НОГООНЫ МАРКЕТИНГ, БОЛОВСРУУЛАЛТ 
      1. Үйлдэвэрлэлийн төв бүс (дээр дурьдагдсан) мөн Улаанбаатарын зах зээл болон бусад төвийн болон бүсийн зах зээл
    • ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧИН:
      1. Үндэсний хэмжээнд
  • Хөхөөгийн ОТГОНБИЛЭГ- Ховор ургамал, эмийн ургамал судлал

    Завхан /МОНЦАМЭ/. Сүүлийн дөчөөд жил зөгийн аж ахуй, ургамлын ертөнцийг судалж үржүүлж яваа эрдэмтний нэг, зөгийн аж ахуй, эмийн ашигт ургамлын талаар олон арван өгүүлэл бүтээл бичин нийтийн хүртээл болгож, цөөнгүй аймаг суманд зөгий үржүүлэх, ховор ургамлыг сэргээн нутагшуулах ажил хийж байгаа “Ховор ургамал сан” ТББ-ыг үүсгэн байгуулагч, биологийн ухааны доктор Хөхөөгийн Отгонбилэгтэй уулзаж нэн ховор ургамлын нэг болох арцны талаар цөөн хором ярилцлаа.

    -Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Таныг мод ургамал, амьтны талаарх судалгаа шинжилгээний ажил хийдэг болохоор Завхан нутгийн арцны талаарх мэдээллийг тодруулж асуух гэсэн юм? Отгонтэнгэрийн арц гээд зах зээлд эрэлт ч их байх юм?

    -Өдрийн мэнд хүргэе. Манай Монгол орон ургамлын баялгаар арвин шүү дээ. Тухайлбал 3160-аад зүйлийн гуурст дээд ургамалтай гэдэг. Эдгээрээс эмийн ач холбогдолтой 1100 зүйл, малын тэжээлийн 1000, хүнсний 208, жимс жимсгэнэт 70, элс тогтоох хөрс бэхжүүлэх 70 гаруй төрлийн ургамал байна. Мөн балт 547, амин дэмтэй 1150, эфирийн тостой 230-аад төрөл зүйл гээд олон чиглэлийн ач холбогдолтой ургамлууд  цөөнгүй байна.

    Тэгэхээр бидний хөл дор эм, хүнсний ургамал хөглөрч байгаа гэсэн үг л дээ. Эдгээрээс таны асууснаар зөвхөн арцны талаар хариулъя. Завхан бол яах аргагүй арцны нутаг. Сүүлийн үед манай аймгийн иргэдийн дунд арцны талаар үл ойлголцох асуудлууд нэлээд гарч байна. Энэ нь иргэд  арцаа танихгүй. Өөр өөрийн ам дамжсан нэрээр нэрлэж байгаатай холбоотой гэж харж байгаа. Арц нь Агарууны (Cupressaceae) овогт хамаарах 60-аад зүйл ургамал тархсан байдаг. Эдгээрийг 50 сая жилийн өмнө үүссэн гэж үздэг. Дулаан оронд 30 метр орчим өндөр ургах мод ч бий. Харин манай оронд сөөг хэлбэрийн хонин арц (Juniperus sabina), дагуур арц (Juniperus dahurica), хуурамч хонин арц  (Juniperus peudossabinа), ямаан арц (Juniperus sibirica) гэсэн дөрвөн зүйл голдуу Хангай, Хэнтий, Хөвсгөл, Алтай, Говь-Алтай зэрэг уулархаг нутгийн өндөр уулсаар тархан ургадаг.

    Арц нь эфирийн тос бүхий анхилам үнэр ялгаруулан орчноо ариутган байдаг амьд байгалийг ариутгагч юм. Мөн цөөнгүй тооны эмийн найрлагад ордог гайхамшигт ургамал учраас монголчууд эрт цагаас ашиглаж ирсэн байна. Өндөр ууланд тархсан нь эфирийн тосны агууламж илүү учраас бусад ургамлаас үнэр илүү байдгаас голдуу ариутгал, утлагад ашигладаг. Ялангуяа хонин арцыг хэрэглэх нь илүүтэй.

    Тэгэхээр Завхан нутгийн буюу Хангайн нурууны Отгонтэнгэр орчимд ургах хонин арц анхилам сайхан үнэртэй учраас их алдартай илүү хэрэглээтэй байна. Түүний сайхан үнэртэй ариутгах чанарыг түшиглэн сүм хийдийнхэн, ихэс дээдэс  ариутгалд ашиглаж ирсэн уламжлалтай.

    -Арцыг нутгийнхан их түүж ашигладаг. Сүүлийн жилүүдэд хүмүүс их хэмжээгээр түүж зах зээлд борлуулж байгаа. Энэ ургамлыг түүх хугацаа гэж бий юу? Нөхөн ургалт хэр уддаг юм бол?

    -Монголчууд аливаа байгалийн ургамлыг авч ашиглахдаа тодорхой хугацаанд өдөр гарагаа тохируулан байгаль ээжээсээ гуйж хүндэтгэл үзүүлэн тухайн орчноос бага хэмжээгээр авч хэрэглэдэг байж.

    Одоогийнх шиг аль дайралдсан газраасаа  замбараагүй авч ашиглахыг хатуу хориглодог байсан байна. Монголчууд арцыг тусгайлан үржүүлж ургуулж байгаагүй ч ашиглалтын нарийн горимтой байснаас байгалийн  унаган төрхийг хэзээ ч алдагдуулж байгаагүй. Арцны ид төлжин ургах үед авах хориотой байсан байна. Дээр дурдсан арцны зүйлүүдээс хонин арц Монголын “Улаан ном”-д,  дагуур арц, хуурамч хонин арц нь ховор ургамлын бүртгэлд орсныг онцлон анхаарах ёстой. Үүнийг иргэд мэддэг байх ёстой. Холбогдох мэргэжлийн байгууллагууд нь иргэдэд мэдээлэл өгч хамгаалах хэрэгтэй юм.

    -Иргэдийн хонин арц гэж зараад байгаа нь нэн ховор ургамал юм байна шүү дээ. Ямаан арц нь элбэг ургамлын жагсаалтад ордог юм байна. Иргэд ховор ургамлаа элбэг ямаан арцтай андууран их хэмжээгээр түүгээд байна уу?

    -Ямаан арц үнэрийн хувьд хонин арцандаа хүрдэггүй. Тархац нөөцийн хувьд бусад арцтайгаа төстэй ч хэрэглээ багатай. Гэхдээ бас л зохистой ашиглах ёстой. Ер нь сүүлийн гучаад жил бид дэндүү бэлэнчлэх сэтгэлгээнд дасаж хэдэн бор төгрөгийн төлөө байгаль руу дайрах болсныг таслан зогсоох нь чухал байна. Сум, орон нутгийн мэргэжлийн байгууллагууд, байгаль хамгаалагч нар хатуу шаардлага тавьж хамгаалах, хянах ёстой юм.

    -Тэгвэл арцыг хэрхэн яаж таних ёстой юм бол?

    -Арцыг түүний шилмүүс, мөчир үр, үндэс зэрэг олон шинжээр ялгана. Хонин арцны шилмүүс хайрсархуу, найлзуур буюу залуу мөчир дээр нь бие биеэ нягт дэрлэн байрласан эсвэл найлзуурын зарим хэсэг нь зуурхуу нарийхан, бүх шилмүүс нь хайрсархуу боргоцой жимсгэнэ дотроо хоёроос зургаан ширхэг үртэй байдаг. Харин ямаан арцны бүх шилмүүс нь зуурхуу гурваараа тойрч байрласан байдаг байх жишээтэй.

    -Манай аймгийн иргэд Богдын гол, Төмөртийн гол дагуух ам, судгаар их хэмжээгээр арц түүж байна. Энэ хэсгээр ургаж байгаа арц нь ямар зүйлийн арц байна вэ? Танд судалгаа бий юу?

    -Таны дурдсан газруудад голдуу хонин арц тархсан байдаг. Гэхдээ би нарийвчлан судалгаа хийгээгүй. Арц дээр дурдсан уулархаг нутгаар тархалттай. Түүний тархалтын иж бүрэн судалгаа хараахан гараагүй байгаа.

    Харин шинжлэх ухааны доктор, профессор Ц.Цэндээхүү (Завхан аймгийн Яруу сумын уугуул) багш Хангайн нуруу, Отгонтэнгэр орчмын ургамалжилт ургамлын аймаг. Завхан Борхын голын чацарганын судалгааг нэлээд хийж бүтээлдээ цөөнгүй тусгасан нь бий.

    -Арц нөхөн төлжиж, сэргэж ургахдаа хэр вэ? Арцыг хайрлаж ургуулдаг монгол уламжлалт технологи арга бий юу? 

    -Ер нь хуулийн заалтаа мөрдөх, хяналт шалгалтыг байгаль орчны байгууллагууд хууль тогтоомжийн дагуу сайн хийх хэрэгтэй. Хүмүүсийн зохисгүй хэрэглээ тухайн орчны ургамал амьтныг нөхөн өсөх, төлжих боломжгүй болтол устгадаг. Өнөөдөр Хангайн нурууны арцыг нөхөн төлжих боломжгүй болгож, эмх замбараагүй түүж байгаа нь үнэн юм.  

    1950-аад оны эхээр Улиастай хотын баруун талын Баян-Улаан уул орчимд элбэг тархацтай ургамлын нэг нь зэрлэг сонгино байсан. Гэтэл одоо үндсэндээ устсан. Хар борын элсэнд орших баруун зүүн Монгол уул орчимд зэрлэг сонгино зулаастай. Яг тарьсан мэт ургадаг байсныг зэргэлдээ сумдынхан өрсөлдөн түүсээр одоо зарим орчинд үзэгдэх төдий болсон гэдэг. Тэгэхээр өргөн хэрэглээтэй бусад ургамлыг ч ийм хар тавилан хүлээж байгааг бодоход харамсал төрдөг юм.

    Арцыг мөчир, үрээр нь үржүүлэх боломжтой. Судлаач миний бие хонин арцыг үржүүлэх оролдлогыг хийж байсан. Тухайлбал Хэнтий аймгийн Хэрлэн баян Улааны Хөдөө арал, нийслэлийн Ар согоот, Төв аймгийн Жаргалант сумын Мэндийн үзүүр, Баянчандмань сум, Борнуур суманд Г.Пүрэвбат ламын Бүтээлийн сүм зэрэг газруудад арцыг мөчрөөр нь тарьж туршсан, үр дүнтэй байсан юм.

    БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот, тус улсын Бээжин, Нанчон зэрэг олон газар арцыг үржүүлж хот сууриныхаа чимэглэлд тарьсныг нүдээр үзэж, байгаль руугаа дайрах биш, үржүүлж олшруулж ашиглах боломжтойг харж байсан. Монгол  Улсын   хуульд   арцыг   хэрхэн   ямар   журмаар   түүж   ашиглахыг зөвшөөрсөн дүрэм,журам бий. Тиймээс иргэд, ялангуяа нутгийн иргэд хуулиа дээдэлж, байгаль-ээжээ хүндэтгэн, аливаа баялгийг хамгаалах, зохистой ашиглах. Ялангуяа өргөн хэрэглээтэй арц мэтийн ургамлыг түүж ашиглахаасаа илүүтэй, үржүүлж олшруулан ашиглах талаар их анхаармаар байна. Арц нь амьд байгалийг ариутгагч, монголчуудын шүтээн ургамал гэдгийг онцлон анхаараасай гэж хүсэх байна. 

    Эх сурвалж: Мягмарсүрэн.Б myagmarsuren@montsame.mn 2020-05-27 14:57:01

  • Батзоригийн ЭРДЭНЭ- Хог хаягдалын менежмент

    Байгаль орчны тандан судлаач, хог хаягдалын менежмент, доктор.
    Монголын тандан судлаачдын холбооны гүйцэтгэх захирал, Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөлийн тэргүүн, Орчны бохирдлын үндэсний хорооны гишүүн.

    Батзоригийн Эрдэнэ нь багш, байгаль орчны тандан судлаач мэргэжилтэй, Монголын тандан судлаачдын холбооны гүйцэтгэх захирал, Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөлийн тэргүүнээр 2016 оноос ажиллаж байна. 2010 онд Японы Чибагийн Их Сургуулийн Байгаль орчны тандан судалгааны төвд Байгалийн Ухааны докторын зэрэг хамгаалсан. Байгалийн нөөцийн менежмент, тогтвортой хөгжлийн боловсрол, газрын бүрхүүлийн өөрчлөлт, байгаль орчин, уул уурхайн хууль журамд мониторинг хийх, нийгмийн хариуцлага-олон талын оролцоо, иргэний нийгмийн байгууллагын төлөвшилийн чиглэлүүдээр судалгааны ажил хийж байна.

    https://www.facebook.com/erden…

    ХОГ ХАЯГДАЛЫН МЕНЕЖМЕНТ НОМЫН ТУХАЙ

    Номын хамтран зохиогч Дашбалжирын Ичинхорлоо агрономич мэргэжилтэй. 2004 онд Австри Улсын байгалийн нөөц, хэрэглээний амьдралын ухааны их сургуульд байгалийн ухааны докторын зэрэг хамгаалсан, англи, герман, орос хэлтэй. 1999-2011 онд ХААИС-д багш, 2012-2014 онд Мянганы сорилтын сангийн хот орчмын бэлчээрийн төсөлд судлаая, 2014-2016 онд Монголын жимс жимсгэний үндэсний холбооны гүйцэтгэх захирал, 2015 оноос НҮБ-ийн ХХААБ-ын төслийн үндэсний зөвлөхөөр ажиллаж ирсэн туршлагатай.

    Монголын хүн амын өсөлт, амьдралын хэвшил, дадал хандлага, хэрэглээ, хотжилт, үйлдвэржилтийн нөлөөгөөр энгийн хог хаягдал төдийгүй хүнд металл, химийн хорт бодис агуулсан хаягдал, электроникийн хог хаягдал (Е-хог хаягдал), чанарын шаардлага хангахгүй болсон химийн бодис, пестицид, тэдгээрийн сав, баглаа боодол, тээврийн хэрэгсэлийн дугуй, эд ангиуд, ашигласан тос, зай хураагуур, мөнгөн ус агуулсан хэмжлийн багаж, хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжийн лаг зэрэг үйлдвэрлэл, ахуйгаас гарах аюултай хог хаягдлын хэмжээ ч жил бүр нэмэгдэж, аюултай хог хаягдлын хур хуримтлал бий болсоор байгаа.

    Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн төв байгууллага 2007 оноос эхлэн 21 аймгийн төвийн хог хаягдлын төвлөрсөн цэгийг ландфилл технологийн дагуу засч тохижуулах ажлыг, үе шаттайгаар хийх шаардлагыг орон нутагт тавьж, эрх зүйн зохицуулалтыг үе шаттай боловсронгуй болгон тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийсээр байгаа боловч өнөөг хүртэл технологийн дагуу бүрэн хийгдэж чадахгүй, хог хаягдлаа ил задгай зайлуулж хаясан хэвээр байна. Ийм учраас хог хаягдлын талаархи нэгдсэн зөв ойлголтыг бий болгож, хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, ангилах, тээврлэх, боловсруулах, устгах менежментийн тогтолцоо, технологийн зөв шийдлүүдийн уялдааг үндэслэн хог боловсруулах үйлдвэр, парк, тээвэрлэлт ложистикийг бий болгох нь үндэсний хэмжээнд тулгамдсан хэрэгцээ шаардлага бий болсон.

    Хог хаягдал үүсэхээс урьдчилан сэргийлдэг, эх үүсвэр дээр нь багасгадаг сайн дадал хандлага төлөвшиж, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх замаар олон талын оролцоотой хог хаягдлын тогтвортой зөв менежмент бий болно. Хог хаягдлын тогтвортой зөв менежмент, үйлдвэр парк байгуулж, ложистикийн үйлчилгээ бий болгохдоо шинжлэх ухаанчаар хандаж, монголын хогны бүтцэд тохирсон зөв технологи шийдлүүдийг бүтээлчээр хэрэгжүүлэх шаардлагатай байгааг уг номонд чухалчилж авч үзжээ.

    “Хогийг хогийн саванд хийж хэвшицгээе, жижигхэн боловч хүн бүхний өдөр тутам заавал хийж занших ёстой эерэг дадал хандлага, эерэг дадал хандлага том өөрчлөлтийн эхлэл, бидний эерэг, зөв дадал хандлага хоггүй цэмцгэр орчныг бий болгоно” Б.Эрдэнэ, Д.Ичинхорлоо

    ЦУВРАЛ ЛЕКЦ