Category: урлаачид

  • Дамдинсүрэнгийн ОДГЭРЭЛ- Лаан урлалын мастер

    Цаасан урлал, лаан урлал, ebru art. Монгол Улсад цаасан болон лаан урлалыг хөгжүүлэхэд үнэт хувь нэмэр оруулсан.
    1979 оны 2-р сарын 5-нд Улаанбаатар хотод төрсөн. 1986- 1996 онд Бүрэн дунд, 1996- 2000 онд Номын сангийн эрх зүйч мэргэжлээр баклавр дүүргэсэн. 2006- 2009 онд Солонгос Улсад ажиллаж амьдарч байсан. 2010 оноос Цаасан урлал, лаан урлал, ebru art- р бэлэг дурсгалын зүйлс урлаж, үзэсгэлэн, сургалт семинар зохион байгуулдаг. Цаасан урлалын багажны ком болон гарын авлага бүтээсэн. Лаан урлалын панент эзэмшдэг. 2012 онд Солонгос Улсын Цаасан урлалын холбооны сургалтанд сууж багшлах эрхийн гэрчилгээ, тус холбооны Гран При Шагнал хүртсэн. 2014 онд Монголд “Цаасаар урлахуй-1” үзэсгэлэн зохион байгуулсан. 2015 онд Турк улсад Ebru art аар сургалтанд суралцаж, Турк Улсад 350 уран бүтээлч оролцсон “Erguvan” үзэсгэлэнд оролцсон. 2012 онд Өрх толгойлсон, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэ төлбөргүй сургалтуудыг зохион байгуулж байсан. Англи, Солонгос, Турк хэлний дунд түвшиний мэдлэгтэй.

    https://www.facebook.com/odgerel.tcaasanurlal/

  • Чимэдцэрэнгийн ГЭРЭЛХҮҮ (АРЬСАН УРЛАЛ)

    Арьс ширэн дээр зураг урлаач

    1978 оны 1 сарын 13- нд Улаанбаатар хотод төрсөн. 1986- 1994 онд 10 жилийн 34-р дунд сургууль төгссөн. 1995 онд үсчин, 1996- 1998 онд 3-р цаxилгаан станцад засварчин, 1998- 2000 онд Польш улсад, 2000 онд Mоголжингоо, Бэст салонд үсчнээр тус тус ажиллаж байсан. 2001 онд Үсчдийн Гоёл наадмын тэргүүн байр эзэлж 1-р зэргийн үсчин болсон.
    2001- 2008 онд Гоёл салоныг эрхлэн ажиллуулсан.
    2008 оноос одоог хүртэл Франц улсад гэр бүлээрээ ажиллаж амьдарч байна.

    УРАН БҮТЭЭЛ
    Үxэр, адууны ширэн дээр уран бүтээл туурвих санааг дэлхийд анхлан гаргаж, бүтээлээ хийж байна. Их Эзэн Чингис Хаан, Зэв Жанжин, Ноён, Хатан, Францийн Жанна Д’Арк, Их Аварга Дагвадорж, Бетховен зэрэг бүтээлийг туурвисан. Цаашид энэхүү бүтээлээ 3D хэлбэрээр бүтээх зорилго тавин ажиллаж байна.

    https://facebook.com/ch.gerelhw
    https://www.facebook.com/Authentic-Skin-Design-And…

  • Гэндэндаржаагийн ЗАГДАА

    Зохион бүтээгч, нийгмийн зүтгэлтэн.

    Орон гэргүй, орц, траншейнд амьдардаг, архи мансууруулах бодисонд донтсон, засан хүмүүжүүлэх ангиас суллагдсан, өнчин ядуу бүх насны иргэдийг дахин нийгэмшүүлэх, ажил хөдөлмөр эхлүүлэх, сэтгэлзүйн сургалт олгож нийгэмд эзлэх байр сууриа дахин олоход нь тусалдаг “Зөв амьдрах ухаан” ТББ-ийн үүсгэн байгуулагч, тэргүүн, Итгэлт элч ХХК-ийн захирал.

    Баянхонгор аймгийн Баян- Овоо суманд 1958 онд төрсөн. Дархан Уул, Сэлэнгэ аймагт тус тус ажиллаж амьдарч байсан. Сонгино хайрхан дүүрэг, Чингэлтэй дүүрэг, Сүхбаатар дүүрэг, Баянзүрх дүүрэг, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн газартай нийгмийн хэв журам сахиулах чиглэлд 8 жилийн турш хамтран ажиллаж байна. Ял эдлээд суллагдаж гарч ирсэн зарим иргэдийг дахин нийгэмшүүлэх чиглэлээр Шүүхийн шийдвэр биелүүлэх газар, хорих ангиудтай мөн хамтран ажиллаж байна. Нийгмийн сэтгэлзүйн чиглэлээр, эмзэг бүлгийн 400 гаруй хүнтэй 10 жил гаруй ажилласан туршлагатай.

    Орчин үеийн монгол гэрийн төрөл бүрийн загварыг зохион бүтээсэн. Залуу зохион бүтээгч нэвтрүүлгийн шилдэг оролцогч болж байсан.

    Бид үнэний эсрэг юуг ч хийж чадахгүй. Харин үнэний төлөө бүхнийг хийнэ.

    https://www.facebook.com/gendendarjaa.zagdaa

  • С.ТӨРБУРАМ- Хайчилбарын мастер, зураач

    Уран хайчилбарын мастер. зураач, барималч. 1960-70 –аад оны  номын чимэг зурагт  МУСГЗ агсан  Д.Сандагдоржийн  уран хайчилбраар  бүтээх болсоныг  хүү С.Төрбурам  өвлөн авч 1990 оны цагаан морин жил зарласан  “Монголын  нууц товчоо” номын чимэг зургийн уралдаанд   тэргүүн байр  эзлэж байжээ. Мөн “Эзэнт гүрний туульс” номын чимэглэл бүтээсэн. Өдгөө АНУ-д ажиллаж амьдардаг.

    Дэлгэрэнгүй намтар: https://www.tolgoilogch.mn/_zb8uo41bxe

    Ярилцлага унших

  • З.Түмэн-Өлзий- Оюуны ухааныг музейг үүсгэн байгуулагч, оюуны тоглоом зохион бүтээгч

    З.Түмэн-Өлзий нь 1944 онд Завхан аймгийн Нөмрөг сумын нутаг “Агуйтын” өвөлжөөнд Зандраагийн 4-р хүү болж төрсөн. Аав ээжээсээ 11-үүлээ. Аав Зандраагийн эцэг Дашпунцаг, ээж Хушаан нар нь малчин ардууд байсан бөгөөд З.Түмэн-Өлзийн аав Зандраа, ээж Ханджав нар нь мөн мал маллаж байгаад 1956 онд Нөмрөг сумын анхны “Эх эхлэлт” нэгдэлд гишүүнээр элсэж, мал маллах, туслах бригадад мужаан зэрэг ажил хийж байгаад 1968 онд УБ хотод шилжин ирж Аж үйлдвэрийн Комбинатын хайрцагны цехэд ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарч, аав Зандраа нь 1986, ээж Ханджав нь 1994 онд тус тус ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн байна. Аав Зандраа нь 1938 онд Байтагбогдод хасгуудтай, 1939 онд Халх голд Япончуудтай байлдаж “Бид ялав” , “Халх голын” ойн медалуудаар удаа дараалан шагнагдаж байсан. З.Түмэн-Өлзийн өвөг дээдэс, аав ээж, ах дүү нар нь ямар нэгэн ял шийтгэл хүлээж байгаагүй.

    З.Түмэн-Өлзий нь 1967 онд Завхан аймгийн Идэр сумын харьяат Д.Сийлэгмаатай гэр бүл болж 4 хүүхэд төрүүлж өсгөсний дээр бүх хүүхдүүдээ гадаад орнуудад явуулж суралцуулан өндөр мэдлэг боловсрол эзэмшүүлж, хүүхдүүд нь одоо НҮБ болон бусад газруудад ажил алба хашиж улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж байна.

    З.Түмэн-Өлзий нь 1965 онд ЭЗДСургууль,1979 онд Намын дээд сургууль, 1989 онд Монгол Зөвлөлтийн хамтарсан Ардын их сургуулийг тус тус дүүргэсэн, нягтлан бодогч, эдийн засагч, Улс төрийн дээд боловсролтой. 1965 оноос 1988 онуудад Завхан аймгийн Тосонцэнгэл, УБ хотын мод боловсруулах үйлдвэрүүдэд ахлах, Ерөнхий ня-бо, санхүүгийн хэлтсийн дарга, орлогч дарга, Намын дарга зэрэг ажлуудыг хийж, ажилласан байгууллагуудынхаа ажлыг сайжруулж арга туршлага нь хэвлэл номонд гаран, сайшаал шагнал хүртэж хот, дүүргийн намын бага хуралд төлөөлөгчөөр байнга оролцон, хот, дүүргийн Намын хорооны гишүүнээр удаа дараалан сонгогдож байсан юм.

    З.Түмэн-Өлзий нь сурч боловсрох, ажиллах хугацаандаа 1955 оноос эхлэн өөрийнхөө багын авьяас сонирхлын дагуу одооны хийж буй Үндэсний тоглоомыг судлах сурталчлах, зохион бүтээж хөгжүүлэх, улмаар дэлхийн дэвжээнд гаргах нөр их ажлыг давхар хийж байгаад 1988 оноос дагнан хариуцаж, 1990 онд МО ТҮ ӨВ Компани болон Оюун ухааны олон улсын музейгээ үүсгэн байгуулан ажиллаад зохих амжилтанд хүрсэн юм. Түүний ажлын амжилтыг гадаад дотоодын ном, сэтгүүл, телевиз радио гээд хэвлэл мэдээллийн бүхий л хэрэгслээр байнга сурталчилж, олон түмний хүртээл болгосоор байна. З.Түмэн-Өлзий нь 5,6,7,8-р таван жилийн гавшгайч цол тэмдэг, Ардын хувьсгалын 60, 70, 80 жилийн ойн медаль, “ШБОС”, “Шинийг санаачлагч цол тэмдэг” Монголын Залуучуудын Холбоо, Нийслэлийн Хүүхэд залуучуудын газрын “алтан”медаль, МҮХАҮ-ын танхимын “Хийморын одон”, ХЭАХН-ий “Итгэлт бизнесмэн”, Монголын хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн “Хүүхдийн нөхөр буяны эзэн”, Монголын Ёс заншил судлалын олон улсын холбооны “ Буянт үйлстэн” шагналаар тус тус шагнагдаж Баянгол дүүргийн хүндэт дэвтэрт бичигдэн, Баянзүрх дүүргийн засаг даргын хүндэт өргөмжлөл хүртсэн болно. Мөн 1994 онд Монгол улсын шилдэг зохион бүтээгч, 1998 онд Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн цол тэмдэг, Нүүдлийн Соёл иргэншлийн олон улсын төвийн Эрдэнийн Очир мөнгөн одон, Дэлхийн шатрын холбоо, Халимагийн ерөнхийлөгчийн хүндэт жуух, олон улсын үзэсгэлэнгүүдийн тэргүүн шагналууд (Гран при) алт, хүрэл медалиар шагнагдсан Чингис Хааны Дэлхийн Академийн Академич хүн юм. З.Түмэн-Өлзий нь төрөл бүрийн оньсон тоглоом, оньсон хайрцагнууд, эвхдэг ширээ сандал, үртэсний зуух, өдөн цэцэг, түүний ваар сав гээд 5 шинэ бүтээл, 300-аад бүтээгдэхүүний загварт хамаарах 3000-аад зүйл зохион бүтээж, холбогдох 5000 гаруй хуудас тодорхойлолт, томъёолол, техникийн шугам зураг зурж эрхийг нь хамгаалан олон улсын хэмжээнд баталгаажуулж патентуудыг нь авсан. Энэ бүхний эх хувь нь Монгол улсын Оюуны Өмчийн газарын Алтан фондод хадгалагддаг болно.

    Тууж, уянгын болон шог хошин өгүүллэг, сурвалжлага, ниитлэлийн 4 ном туурвисан байна. Мөн 300-аад хөрөг болон уран зураг зурсан.

    З.Түмэн-Өлзий нь Монгол ардын 15 ангийн тоглоом наадам, өөрийн зохион бүтээсэн 3000 шахам хувилбар бүхий төрөл бүрийн оньсон бүтээл, уран зураг, дэлхийн улс орнуудын оюуны болон шинжлэх ухааны тоглоом наадам зэрэг арван мянга гаруй үзвэрийг багтаасан Оюун Ухааны Олон Улсын Музей болон МО ТҮ ӨВ Компанийг 1990 онд үүсгэн байгуулж өргөтгөн хөгжүүлсээр одоо музей нь гадаад дотоодын төлөөлөгч, жуулчид зорьж ирж үздэг хамгийн олон үзэгчидтэй музей болж, тус компанийн гадаад харилцаа өргөжсөөр байна.

    Иймээс ч музейн барилгын багтаамж хүрэлцэхээ больж үзмэрүүд нь багтахаа байсан тул тус компани 2004 онд маш өвөрмөц хэлбэр загвар бүхий шийдэлтэй 4 давхар барилга барьж музейгээ өргөтгөсөн нь гадаад дотоодын үзэгчдийн сонирхлыг улам илүүтэй татах болсон юм. Мо Тү Өв компани нь 1958 онд байгуулагдсан Оньслох Ухааны Олон Улсын Академтэй хамтран 2004 оны 8 дугаар сард 42 орны төлөөлөгч оролцсон Оньслох Ухааны Зохион Бүтээгч, цуглуулагчдын Чуулга уулзалтыг Оюун Ухааны Олон Улсын Музейгээ түшиглэн зохион байгуулсан нь Монгол орныг дэлхийд сурталчилсан том арга хэмжээ болсон юм.

    Мо Тү Өв компани нь 1990 онд оньсон тоглоом хийдэг модны цех байгуулан ажиллаж энэ хугацаанд 200000 гаруй тоглоом үйлдвэрлэн гадаад дотоодын хэрэгцээнд нийлүүлж, тоглоом үйлдвэрлэх нь гар ажиллагаа, чимхлүүр ажил ихтэй, ашгийн түвшин багатай ч гэсэн улсад орлогын ЭМ, НДШ зэрэгт 20 гаруй сая төгрөг төлсөн билээ. Мөн төрсөн нутаг Нөмрөг сумандаа 1998 онд 1 сая төгрөг, 2004 онд 3 сая төгрөгийн үнэ бүхий модны суурь машинууд хандив болгон өгч, Завхан аймгийн Улиастай хотын Соёлын төвд буй өөрийн нэрэмжит шатарын клубт 1 сая шахам төгрөгийн үнэ бүхий алт мөнгөн шатар болон тэмцээнд ашиглах шатаруудыг өгсөн гэх мэт тусламж үзүүлж, З.Түмэн-Өлзийн нэрэмжит шатарын тэмцээнийг жил болгон Завхан аймгийн хэмжээнд уламжлал болгон зохион байгуулж түүний бай шагналыг нь З.Түмэн-Өлзий гаргадаг болоод байна. Монголын хүүхдийн байгууллага байгуулагдсаны 75 жилийн ойгоор Монголын хүүхдүүдэд 1,5 сая төгрөгийн тоглоом наадам хандив болгон өгсөн болно. 1998 онд Халимагийн нийслэл Элистэй хотод болсон дэлхийн шатарын 33-р олимпод үзэсгэлэн гаргаж “ Аваргын Оньсон Шатар” хэмээх 1992 онд өөрийн бүтээсэн бодит дүрстэй оньсон шатрыг ширээ, сандлын хамт дэлхийн шатрын холбоонд бэлэглэхэд, Ерөнхийлөгч Кирсан Илюмжинов “ сая доллараар ч үнэлэхийн аргагүй оюун ухаан, соёл урлагийн бүтээл” хэмээн үнэлж, хүндэт жуухаар шагнасан билээ.

    Мо Тү Өв компани нь Монгол үндэсний тоглоом, гар урлалын ховор нандин бүтээлүүдийг сурталчлан дэлхийн 52 оронд зохион байгуулагдсан 80 шахам үзэсгэлэн яармагт оролцсоноос, 2000 онд Германы Хановерт болсон дэлхийн экспод амжилттай оролцож, одоо Японы Айчи 2005 дэлхийн экспод мөн оролцож Монголчууд оньслох ухаанаараа дэлхийн улс орнуудаас хол тасархай түрүүлжээ гэдэг нэгдсэн ойлголт, үнэлэлт дүгнэлтийг олон улсын мэргэжлийн байгууллагууд болон оньс сонирхогч, цуглуулагч, эрдэмтэн судлаачид, зорьж ирж үздэг гадаад орнуудын үзэгчдээр албан ёсоор хүлээн зөвшөөрүүлээд байгаа нь тус компанийн болон Оюун Ухааны Олон Улсын музейн сүүлийн 10 гаруй жилийн идэвхтэй үйл ажиллагааны үр дүн юм. Ииймээс компани болон оюун ухааны олон улсын музей, монгол оньсны талаар дэлхийн улс орнуудын тоглоомын каталогид байнга ордог болж, оньслох ухааны олон улсын академи энэ талаар баримтат кино хийн 2002 онд дэлхий даяар сурталчилсан бөгөөд одоо тусгай ном хийж байна. Мөн Музейн талаар хүүхэд залуучуудын нэвтэрхий тольд орж, З.Түмэн-Өлзий нь энэ нэвтэрхий толийн хамтарсан зохиогчоор ажиллаж, Монгол үндэстний тоглоомын төрөл ангиудаас хүүхэд залуучуудын нэвтэрхий тольд оруулж нийтийн хүртээл болгожээ.

    З.Түмэн-Өлзийг “Монголын алдарт хүмүүн 21 зуун” Алтан номынхоо анхны дугаарт, Монголын алтан номын редакцийн зөвлөл, Монголын соёлын сан оруулжээ. Мөн З.Түмэн-Өлзийг Монгол улсын хуулийн дагуу “Утга соёлын өвийг ур чадварын өндөр төвшинд өвлөсөн” Монголын билиг авьястнуудын улсын жагсаалтын 11-рт үндэсний тоглоомоор нь бүртгэсэн болно.

    З.Түмэн-Өлзий нь одоо өөрийн үүсгэн байгуулсан МО ТҮ ӨВ Компанийн ерөнхий захирал, зохион бүтээгчээр амжилттай ажиллаж Монгол үндэсний тоглоомын арвин баялаг өв сан, арван мянга гаруй дахин давтагдашгүй үзмэр бүхий “ Оюун ухааны олон улсын музейгээ” түшиглүүлэн хүүхдийн оюун ухааныг багаас нь системтэй хөгжүүлэх сургалт явуулах бүх бэлтгэлээ бүрэн хангаж энэ оны хүүхдийн баяр буюу 6 дугаар сарын нэгнээр нээж үйл ажиллагаагаа эхлэхээр болоод байна. Ер нь н.Түмэн-Өлзий нь өөрийн ухамсарт амьдралыг хүүхэд залуучуудын хүмүүжил төлөвшил, Монгол хүний оюун ухааныг дэлхийн түвшинд гаргах, түүнийг хөгжүүлэх нөр их үйлсэд зориулан Монголын ард түмэн оюунлаг гэдэг бодит үнэлэмжийг хүн төрөлхтөнд ойлгуулах гэсэг өөрийн мөрөөдлөө биелүүлж байгаа цуцалтгуй хөдөлмөрч бүтээлч хүн болохыг түүний ажил амьдрал, санаачлан байгуулсан “Оюун ухааны олон улсын музей” бэлхнээ батлан харуулж байна.

    http://www.iqmuseum.mn

  • Гомбосүрэнгийн БАЯРБИЛЭГ- Чулууны дархан

    Шарайд Гомбосүрэнгийн Баярбилэг

    Үнэт чулууны дархан, “Монгол чулуу урлал” дугуйланг үүсгэн байгуулагч.

    Монголын үнэт чулууг дэлхийд чулуу болгож, чулууны өв соёл урлал, шавь сургалтыг өндөр түвшинд хөгжүүлэхээр ажиллаж байна.

    1973 онд Хэнтий аймгийн Батширээт суманд төрж өссөн. 1981- 1991 онд Хэнтий аймгийн Биндэр сумын сургуулийг дүүргэж бүрэн дунд боловсрол эзэмшсэн.

    12 наснаас эхлэн зуныхаа амралтаар Батширээт сумын Модны үйлдвэрийн мод үржүүлгийн цехэд ажиллаж үрсэлгээчин, услагч, суулгац таригч зэрэг ажлуудыг хийж эхлэсэн. Энэ үеэс экологи хүмүүнлэгийн чиглэлийн байгальтай ойрхон ажлуудыг хийсэн ба залуу байгальч бүлгэмийн идэвхитэн гишүүн байлаа.

    1990 онд Модны үйлдвэр гэж байхад байгалийг нөхөн сэргээх, байгальтай зөв харьцах талаар хэсэг нөхдийн хамт хоршоо байгуулж хүүхэд залууст байгаль орчноо хайрлан хамгаалах зөв харьцах талаар ухуулах хуудас, гарын авлага тараах зэрэг ажлыг хүүхэд байхдаа санаачлан зохион байгуулж байв.

    2000- 2005 онд хувиараа барималчин Д.Доржсүрэнгээр багшлуулан чулуун арслан хийж байгууллагуудад борлуулж байгаад 2005- 2009 онд АНУ-ын Вашингтон Диси, Сиатл зэрэг хотод чулуугаар хийх ажлыг мэргэжлийн хүнээр удирдуулан заалгаж тасралтгүй ажиллаж эхлэсэн. Энэ цагаас чулуу урлалын эрдэмд шамдан суралцаж Монголын уламжлалт ухааныг өвлөж өөрийнхөөрөө баяжуулан хөгжүүлж байгаа билээ.

    2009 оноос хойш Монгол орон даяар болон Европ, дундад азийн орнуудаар аялаж, үнэт чулууны судалгаа, чулуу урлалыг Монголдоо хөгжүүлэх, чулуу урлаачдыг сургаж бэлтгэх чиглэлээр ажиллаж байна.

    https://www.facebook.com/ChuluuUrlal/

  • Л.Дэмчиггарав- Монгол эртний хөгжмийн зэмсэг урлаач, мастер

    Хөгжмийн зэмсэг урлаач, Монгол улсын шилдэг зохион бүтээгч, МУСТА
    Төрийн ятга, ахуйн ятга, нумт ятга, хүннү ятга, биба, хун хуур, луун хуур, молор хуур, шанаган хуур, икэл хуур, дөрвөн чихтэй аралт хуур, шоор хуур, матар хуур, үелэгч, хуучир зэрэг олон төрлийн хөгжмийн зэмсэг сэргээн урласан мастер урлаач. 

    Архангай аймгийн Соёлын ордонд 20 гаруй жил бүжигчин хийсэн. Аав маань Аймгийн клубт 1952 онд хөгжимчнөөр орж, дараа нь даргаар нь хүртэл ажиллаж явсан. Урлагийн салбарт 40 шахам жил ажилласан хүн дээ. Аав маань эртний хөгжмийн зэмсэг судалж урладаг хүн байсан. 
    Намайг энэ сайхан хөгжмийн ертөнцөд хөтлөн оруулж балыг нь амтлуулсан хүн бол миний аав, Ж.Бадраа багш хоёр минь юм аа. Судалгаа хийлгүй яахав. 30 гаруй жилийн хөдөлмөрөө судалгааны ажилд зориулсан даа. Багшийнхаа хийсэн  судалгааны материал дээр тулгуурлан нутаг нутгийн онцлог, зан заншлыг нь шингээж дуу дуурьсал, хэв шинж, загвар хийцийг нь гарган урладаг.
    Тэтгэвэрт гарахынхаа өмнө сийлбэрийн урлал сурсан. Архангай аймгийн Хотонт сумын уран Л.Санжаа гэж алдартай хүн байсан. Тэр л хүний гарын шавь. Мөн Л.Чуваамэд багш минь бий. Одоо бодоход багш нараасаа олон зүйл сурч авч үлджээ. Тэр бүхэн минь намайг энэ цаг үед хийж бүтээх зүйлтэй сайхан амьдруулж байна.  Энэ бүх хүний хичээл зүтгэлээр л би хуур урлаач болсон.

    Эрт дээр үеэс Монголчууд тухайлбал 13 дугаар зууны үеэс  / Хубилай хааны үе / төрийн ордон, өргөөндөө 412 хүний бүрэлдэхүүнтэй найрал хөгжим эгшиглүүлж байсан  баялаг өв соёлтой ард түмэн. Миний хийсэн хөгжмийн зэмсэгүүд хийсвэр уран санаа биш түүхэнд  тэмдэглэгдэн үлдсэн  өв соёлоо судлан сурвалжилж сэргээн амьдруулах гэсэн хүсэл мөрөөдөл минь юм.

    Ярилцлага унших
    Видео нэвтрүүлэг үзэх