Category: урлаачид

  • Д.Өлзийсайхан- Үе дамжсан Монгол гутал урлаач

    Архангай аймгийн Д.Өлзийсайхан 25 жилиийн 1,000 гаруй Монгол гутал урласан бүсгүй.

    32 угалзтай Монгол гутал урладаг.

    Холбоо барих: Монголын уран хатгамалчдыг дэмжих “Эгнэшгүй санаа” төв
    99038896

    Нэмэлт мэдээлэл: Монгол гос монгол гутлын урлан: 
    https://www.facebook.com/mongolgutalgos/

  • Задийн Цэнгэлсайхан- Нэрт уран хатгамалч

    БӨХ ЦООХОР ОВОГТ ЗАДИЙН ЦЭНГЭЛСАЙХАН

    Монгол хатан ухааны үндэс болсон үйл урлах болон уран хатгамлын урлалыг сэргээн хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан нэрт уран хатгамалч, Монголын Уран Хатгамалчдыг Дэмжих “Эгнэшгүй санаа” төв НҮТББ-ын тэргүүн.

    З.Цэнгэлсайхан нь Баянхонгор аймгийн Баянцагаан сумын уугуул, хүний их эмчийн мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн Хүүхдийн эмнэлэгт их эмч, Нэгдсэн эмнэлгийн Ерөнхий эмч, Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, Дархан-Уул аймгийн ИТХТ-ийн  нарийн бичгийн дарга, ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга, ЗДТГ-ын дарга зэрэг ажил албан тушаал эрхэлж байсан, Анагаах ухааны болон Төрийн удирдлагын магистр, Монголын Эмэгтэйчүүдийн Академийн академич, Монгол улсын уран хатгамалч цолтой. Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхий зөвлөлийн болон Удирдах зөвлөлийг гишүүний сонгуульт ажилтай.

    Тэр 1990 оноос эхлэн өөрийн сонирхол, авьяас дээрээ тулгуурлан Монгол үндэсний уран хатгамлын урлагийг хөгжүүлэх ажилд хүч хөдөлмөр, ур чадвар, оюун ухаанаа зориулан тууштай ажиллаж, зүү ороох болон загасан нуруу хатгах хатгамал, уламжлалт аргаар даалин урлах, зоос ширээний сүлжмэлийн урлалыг 3500 гаруй хүнд зааж сургаж, тэдгээрийн  уламжлалт урлах арга зүйг гүнзгийрүүлэн  судалж, шавь нартаа өвлүүлэн уламжлууж, урлах арга зүйн шинэ шийдлүүдийг нээж урлалдаа нэвтрүүлэх зэргээр олон жил тууштай ажилласны дүнд мартагдах шахсан Монгол хатгамлын урлалыг сэргээхэд онцгой хувь нэмрээ оруулсаар байна.

    Мөн зүү ороох оёдлоор чимэглэсэн орчин үеийн өргөн хэрэглээний 30 гаруй нэрийн бүтээгдэхүүний шинэ загвар зохион бүтээж 20 төрөлд нь Оюуны өмчийн патент авч, хэрэглээнд нэвтрүүлсэн байна. 

    Эдгээр загварууд, хийсэн бүтээлүүд нь олон үзэсгэлэн худалдаа, уралдаанаас шагнал хүртсэнээс заримыг нь дурдвал,

    ШАГНАЛ УРАМШУУЛАЛ

    2001 онд Япон улсад зохиогдсон “ Made in Mongolia” үзэсгэлэн худалдаанд оролцох эрх,
    2005 онд  НҮБ-аас зарласан Дэлхийн бичил бизнес эрхлэгчдийн шагнал хөтөлбөрийн уралдаанаас “Экспортлох боломж ихтэй бүтээгдэхүүн” номинацын Тэргүүн байрын шагнал,
    2010 онд Уран хатгамалчдын Улсын  уралдаанаас  Монгол Улсын уран хатгамалч цол,
    2011 онд Ардын урлагийн их наадмаас Хүрэл-Од медаль,
    2018 онд “Нүүдэлчин Монгол” Соёлын биет бус өвийн их наадмаас Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан цол тэмдэг, Соёлын биет бус өвийг өвлөн уламжлалч Батламж, “Хамгийн олон шавь сургасан Өвлөн уламжлалч ӨРГӨМЖЛӨЛ, Соёлын биет бус өвийн Их наадмын Алдаршуулах медаль тус тус хүртсэн байна.

    УРАН БҮТЭЭЛ, САНААЧИЛСАН АЖИЛ

    2005, 2010, 2018 онуудад өөрийн санаачлагаар БСШУЯ, бусад мэргэжлийн болон ТББ-уудтай хамтран Уран хатгамалчдын Улсын 1,2,3-р уралдаануудыг Дархан, Улаанбаатар хотуудад  амжилттай зохион байгуулж, уран хатгамлын урлалыг хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулж, тус уралдаануудаас тэргүүн байранд шалгарсан 36 хүнд “МОНГОЛ УЛСЫН УРАН ХАТГАМАЛЧ” цол олгуулж урамшуулсны    дээр “Уран хатгамал нэртэй номыг 2005, 2013 онуудад, “Уран хатгамлын гайхамшиг” нэртэй уран хатгамлын талаарх цогц мэдээллийг багтаасан ном болон “Урлах эрдмээс суралцаарай” номыг 2016 онд тус тус хэвлүүлэн гаргаж олны хүртээл болгосон.

    Монгол бүсгүйн уран ухаанаар бүтээгдсэн уламжлалт соёлын өвүүдийн нэг болох Зүү ороох болон загасан нуруу хатгах хатгамлыг ЮНЕСКО-гийн дэлхийн хүн төрөлхтний биет бус соёлын өвийн төлөөллийн жагсаалтад нэр дэвшүүлэх ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж, 2010 онд баримт бичгийг боловсруулан ЮНЕСКО-д хүргүүлсэн.

     Цаашид Монгол үндэсний уламжлалт уран хатгамлын урлагийг улам хөгжүүлэх, охид бүсгүйчүүддээ өвлүүлэн уламжлуулах, Уран хатгамлын дагнасан музей байгуулах, Монгол хатгамлаа ЮНЕСКО-д бүртгүүлэх, Монгол даалин урлалаар дэлхийн дээд амжилт тогтоож, Гиннесийн номд мөнхлөх, Монгол хатан ухааны үндэс болсон үйл урлах болон уран хатгамлын урлалын нийгмийн хөгжилд нөлөөлж буй эерэг нөлөөлөл, ач холбогдлыг цаашид лавшруулан судалж, бүх шатны сургалтын төлөвлөгөөнд тусгуулах зэрэг зорилго тавин ажиллаж байна.

    https://www.facebook.com/tseng…

    Ярилцлага унших

  • Гомбын АЛТАНГЭРЭЛ- Зохион бүтээгч

    Зохион бүтээгч, зөвлөх инженер, багш.

    Робот, салхин цахилгаан станц, нарны халаагуур, лабораторийн тоног төхөөрөмж, шинэ загварын монгол гэр, хөгжим, яриа бичих систем, цахилгаан морин хуур, өнгө аялгууны цогц төхөөрөмж, электрон зоопарк зэрэг бүтээлийг зохион бүтээсэн.

    Боловсрол судлалын болон Техникийн ухааны магистр, Монгол улсын зөвлөх инженер. Тэрээр Дархан хотын З р сургуульд физикийн багш, Улаанбаатар хотын Залуу Техникчдийн Ордонд Бага оврын машин зохион бүтээх лаборатори,

    Автоматикийн лабораторийн эрхлэгч багшаар 10 гаруй жил багшилж хүүхэд залуучуудад техникийн сэтгэлгээг хөгжүүлэх тэдний зохион бүтээх авъяас чадварыг олгох,ирээдүйн инженер техникийн ажилтан бэлтгэхэд амжилт гарган ажиллаж байсан байна.

    Тэрээр нар, ус, салхины эрчим хүч ашиглах болон, автоматикийн чиглэлээр 20 гаруй техникийн бүтээл хийж ШБОС ,шинэ бүтээлийн гэрчилгээ авч байсны гадна ОХУ ын Москва, Болгар улсын Пловдив, БНАСУ ын Пьеханян хотуудад болсон олон улсын залуучуудын техникийн бүтээлийн үзэсгэлэнд техникийн бүтээл хийж оролцон шагналт байранд шалгарч байсан.

    Сүүлийн жилүүдэд инноваци, шинэ технологийг нийгмийн салбарт хэрэгжүүлэх зорилгоор ЦЕГ-ын холбооны хэлтэс, ЭМЯ-ны харьяа Эмнэлэгийн тусламжийн удирдах газартай хамтран хөдөө орон нутагт аймгуудын цагдаагийн хэлтэс ,Эрүүл мэндийн газруудын яаралтай дуудлага, мэдээллийн 102, 103 утсанд компьютерийн хяналтын систем, санах байгууламж санаачлан хийж гүйцэтгэсэн байна. 2000-2005 онуудад МУИС болон ШУТИС д сургалтын инженер багшаар, 2005 оноос “Залуу Зохион Бүтээгчдийн Нийгэмлэг”ийн захиралаар ажиллаж байсан.

    БҮТЭЭЛ

    “Тахь” авто картинг Залуу техникчдийн ордны бага оврын машин бүтээх лабораторт бүтээгдсэн

    Монголын анхны Робот “Сансар 102” бүтээл . Сургалт танин мэдэхүйн зориулалттай 1989 онд БНАСУ ын Пьехянан хотод болсон Олон улсын залуучуудын техникийн бүтээлийн үзэсгэлэнгээс шагнал хүртсэн

    1981 онд ОХУ Москва хотод болсон олон улсын залуучуудын техникийн бүтээлийн үзэсгэлэнгийн НТТМ үзэсгэлэнгийн тусгай шагнал.

    2004 онд Монгол улсын Оюуны өмчийн газраас Монгол улсын шилдэг зохион бүтээгч цол тэмдэг хүртсэн. Боловсролын тэргүүний ажилтан

    Ярилцлага унших

    https://www.facebook.com/altangerel.gombo

  • Пүрэвдаваагийн БАЙГАЛЖАВ- Хөгжмийн зэмсэг урлалын мастер

    Морин хуур, монгол хөгжмийн зэмсэг урлалын мастер, монгол өв соёлоо түгээн дэлгэрүүлэгч соёлын зүтгэлтэн. “Эгшиглэн магнай” хөгжмийн үйлдвэрийг үүсгэн байгуулагч.

    1991 оноос Эгшиглэн хөгжмийн зэмсэгийн урлангаа үндэслэн байгуулж, морин хуур, эвэр бүрээ, хийл, ятга, Алтай ятга гэх мэт монгол хөгжмийн зэмсэг урлах арга барилыг хөгжүүлэн олон мянган морин хуур хөгжим урлаж, олон зуун шавь нарыг төрүүлж, монгол хөгжим урлах, үйлдвэрлэн, өв соёлоо дэлгэрүүлэх их үйлсд үнэт хувь нэмэр оруулсан юм.

    Өмнөгөвь аймагт төрсөн. Адуучин айлын хүү. Зургадугаар ангиасаа сургуулиасаа гарч хөдөө адуунд явдаг байлаа. Манайн нутгийнхан их сайхан дуу хууртай хүмүүс байдаг. Олонхи нь морин хуур татдаг байв. Би морьтой ойрхон өссөн болохоор морин хуурыг их бэлгэшээдэг байсан юм. Модоор юм хийх гарын дүйтэй ч байсан. Тэр үеэс морин хуур сонирхож анх 16 насандаа хуур хийж байлаа. Удалгүй цэрэгт явсан. Халагдаж ирээд хөдөө биш төв газар руу орж ирсэн юм. Тэр үед морин хуур, гар урлалаа сонирхож байсан ч Шарын голын уурхайд долоон жил ажиллаж, гэр бүлтэй боллоо. Анхны хүүхэд маань төрөөд гэртээ долоо хоногийн чөлөөгөөр ирээд морин хуур хийсэн юм. Үүнээс хойш заваараа хуур хийдэг болсон. Тэгээд 1989 онд урлаачаараа ажиллахаар Улаанбаатар хотод ирж, Монголын анхны үлээвэр хөгжмийг орчин цагийн сонгодог хөгжим болох хүртэл нь хөгжүүлж ирсэн Монгол Улсын төрийн соёрхолт, нэрт хөгжмийн урлаач Д.Индрээ багшид шавь орж байсан юм. Ингээд эвэр бүрээ бишгүүрийн урлаач гэсэн мэргэжилтэй болсон доо.

    -“Эгшиглэн магнай” ХХК хэдийнээс эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна вэ?

    1991 онд гэр бүлийн хүнтэйгээ нийлж, “Эгшиглэн” хувиараа эрхлэх аж ахуй гэдэг үндэсний хөгжмийн зэмсгийн урлал, худалдааны чиглэлээр үйлдвэрлэл эрхэлж, эхэлсэн. Хувийн бизнесийн маань эхлэл байсан юм. 1990 онд зах зээлд шилжсэнийг дагаж өөрөө бие дааж чөлөөт зах зээлд хүчээ сорихоор шийдсэн. Мэдээж багшаасаа тусгаарлаж ажиллахаар том зориг гаргасан. Эхлээд хоёулхнаа ажиллаж байхад нэлээд хүнд байсан ч 1990 оны дундуур арав, 2000 оны эхээр 20 гаруй ажилтантай болсон. Одоо 50 гаруй урлаачтай ажиллаж байна даа.

    Хөгжмийн зэмсэг урлах хүн асар нарийн мэдрэмжтэй байх ёстой гэдэг?

    -Тэгэлгүй яахав, уйгагүй хөдөлмөрөөс гадна маш их сонирхол, ур ухаан, нарийн мэдрэмжийг харамгүй зарцуулах хэрэгтэй.

    -Танай бүтээлүүдийг голчлон ямар хүмүүс худалдаж авдаг вэ?

    -Ер нь хэрэглэгчид маань, уран бүтээлчид маань хөгжмийн шаардлага хангасан, ерөнхий стандартаар урласан, ур хийц сайтай хуурыг таашаадаг, бид ч захиалагчийн хүсэл сонирхлын дагуу хөгжмөө хийхийг эрмэлздэг. Түүнийгээ дагаад ч манай хуур улам шинэ шинэлэг болж, чанаржиж, хөгжиж байгаа болохоорхувь болон албан байгууллагуудын захиалгыг хамгийн их авдаг. Ялангуяа сүүлийн гурван жил захиалга нэмэгдэж бараг 2000-аад хуур хийсэн байна.

    -Таныг урлагийнхан морин хуурыг өөрчлөхөөсөө илүү уран хийцтэй болгоход анхаардаг гэлцдэг. “Алтан ураг хамтлагийнхны тоглодог “мангас хуур”-ыг таныг бүтээсэн гэдэг. Морин хуурын толгойг “Харийнхан” киноны гол баатрын дүрстэй төстэй болгож урласан гэх яриа бий. Энэ талаар?

    -Тэр жаахан ташаа ойлголт болсон юм. Учир нь “Алтан ураг” хамтлагийнхан харь гаригийн дүрстэй толгойтой морин хуур урлах санал надад тавьсан юм. Гэхдээ би зөвшөөрөөгүй. Учир нь эртнээс дээдэлж ирсэн молор эрдэнийг үл мэдэгдэх дүрсээр солихыг хүсээгүй. Харин би дуугардаг хайрцгийг нь хийж, сүүлд нь модыг нь эсгэж өгсөн. Өөрөөр хэлбэл толгойноос бусдыг нь би хийсэн гэсэн үг.

    -Ер нь хуурыг ямар модоор хийдэг вэ. Бүх мод хөгжим болж дуугарах уу. Таныг модны үндсээр бүтээлээ урладаг гэх юм?

    -Ер нь их гоё хар модны үндэснүүд байдаг л даа. Харин би нэг удаа гадаадаас айргийн хул хийдэг шиг оросоор бол кульон гэдэг европ хөгжим урладаг модны үндсийг авчирч хийсэн хуурыг хүмүүс их олзуурхаж байсан. Учир нь үндсээр хийсэн хуур их үнэ цэнэтэй, бат бөх сайхан хуур болдог. Гэхдээ бид хуураа модны үндсээр хийдэггүй. Яс ярих юм бол бүх мод хөгжим болж дуугардаггүй. Манай урлаачид хуурынхаа ихэнх хэсгийг хус модоор хийдэг юм. За тэгээд гол дуу гаргадаг мод бол мөнх ногоон гацуур мод байдаг ч ховор ургадаг. Харин нарс мод их сайхан дуугарна. Нарсаар дуугардаг хэсгийг урлаж, бусад эд ангийг цагаан хус модоор урлаж байна. Өөр бусад чанартай модыг онцгой тохиолдолд гадаадаас захиж авчирч урлах тохиолдол бас бий.

    Таныг болон танай байгууллагыг олон улсын болон уралдаан тэмцээнд их амжилттай оролцдог гэж сонссон. Тэр тухай ярина уу?

    -Манай улсад Морин хуур урлаачдын анхдугаар уралдаанд 1989 онд хот хөдөөгийн шилдэг 60 урлаач оролцож байлаа. Энэ уралдаанд миний хийсэн хуур анх тэргүүн байр эзэлж байлаа. Үүнээс хойш аж ахуй эрхэлж, шавь нартай болж бас л 2002 онд хоёрдугаар уралдаан, 2007 онд гуравдугаар улсын уралдаанаас удаа дарааллан тэргүүн байрт шалгарч байлаа. 2010 онд мөн шавь нар маань эхний таван байрыг эн зэрэгцэн эзэлж, 2014 онд ч арвин амжилттай байлаа.

    Таны хэчнээн хуур говьд очиж, хичнээн ингэ буйлуулсан бол?

    -Манай олон хуур олон ч ингэ буйлуулж байгаа даа. Яагаад гэвэл манай говь нутаг болон орон нутгуудад бидний хийсэн хуур ихээр залагддаг учраас олон ингэн тэмээг зөөллөж байгаа байх аа.

    -Ингэхэд та хэзээ нутгаасаа гарсан хүн бэ. Нутаг усандаа хэр очдог вэ?

    -Би нутгаасаа 1979 онд цэрэгт яваад л гарсан хүн дээ. Тэндээсээ уурхайчин болж долоон жил Шарын голын уурхайд ажиллаж гэр бүлтэй болж, 1989 онд хотод ирээд тэр цагаас хойш буюу хөгжимчин болсноосоо хойш үе үе нутагтаа очиж, уул усаа эргэж байна даа. Би Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын хойд талд Аягач сангийн далай, Аягач нүдэн гэх гурван усанд Замшанд бригадад бага насаа өнгөрүүлсэн дээ. Миний нутаг бүхий л зүйл нь бүрдсэн малын бэлчээртэй хойд талаараа адууны бэлчээртэй сайхан нутаг бий. Ёстой л өнөөх даага далантай, бяруу булчинтай гэдэг бэлчээр л манай нутагт байлаа даа. Би адуучин аавын хүү. Багадаа чулуун тоглоом тоглож, гоё хэлбэртэй тэмээ морин чулуугаар наадаж тэрийгээ өвөртлөөд л гүйдэг нүүдэг байлаа. Би багадаа хонио хариулна, аргал түүнэ ер нь хонь, тэмээний хүү байлаа. Өөртөө тохирсон жижигхэн ховоотой, худагт уначих гээл ховоо татаж цөөхөн хэдэн адуу байвал усалчихдаг байлаа. За тэгээд л 15, 16 хүрээд л адуунд явдаг, адуу хариулдаг том хүү болж, дүү нарт миний ажил очдог байлаа. Нутаг маань зундаа нууртай, хачин сайхан байсансан.

    -Таны хүүхдүүдээс ажлыг тань өвлөсөн хүн бий юу?

    -Миний хүүхдүүд бүгд л урландаа ажиллаж, аж ахуйн ажил хийж байна. Охин маань урлангийнхаа санхүүг хариуцаж ажилладаг. Харин хүү маань яг хөгжим бол барихгүй байна, аж ахуйн ажилд л оролцож байна.

    Та 20 гаран жил энэ салбарт ажиллажээ. Мэдээж олон шавьтай болсон байх. Та шавь болгож авахдаа ямар нэгэн шаардлага тавьдаг уу?

    -Шавь бол олон байна. Нутаг ус, хамаатан садангийн хүүхдүүд, газар газрын хүүхдүүд байна. Шавь нартаа уйгагүй хөдөлмөрч, нарийн ур ухаан, гярхай, ажилсаг, дээрээс маш хариуцлагатай байхыг л сургаж, зөвлөдөг. Шавь нар маань эхлээд багажаа давтаж л сурдаг даа. Одоогоор гарын 50, 60-аад шавьтай. Зарим нь урлаачийн ажлаа хийж, зарим нь хувийн бизнес хийж байна. Дурдвал, манай нутгийн шавь Д.Даваажав гэж нилээн гарын дүйтэй сайн урлаач маань хувийн компани эрхлэж байна гэх мэтчилэн нас, насны залуус манайд урлаач болохоор зэхэж байна даа. Ер нь шавь нартаа хөгжмөө сайн сонсох сонсголтой, цаашлаад тоглож чадах чадвартай байхыг л шаарддаг даа.

    -Монгол Улсын Ерөнхийлөгч “Монголын нууц товчоо, морин хуураа дээдлэх арлиг гаргасан. Тэрнээс үүдэн айл өрх, албан байгууллага морин хуураа хоймортоо дээдлэх залах болсон. Танайхаас морин хуур авахыг хүссэн хүн хэрхэн, яаж хандаж байх юм?

    -Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарснаас хойш морин хуурын аян, сургалт хаа сайгүй үргэлжилж байна. Манай компанийн хувьд Завхан аймгийн захиалсан 2000 хуурыг урласан нь их амжилт байлаа. Энэмэтчилэн морин хуурыг дээдлэх иргэдийн хандлага сайжирч байна. Аймаг сумдууд 90 жилээ тэмдэглэхдээ 90 хуур, Тавантолгой 50 жилээ тохиодуулж 50 хуур хийлгэнэ гэсэн. Булган аймаг гэхэд л 1000 хуурын аян зарласан байх жишээтэй. Энэ жил UBS телевиз “Хөхөө намжил” морин хуурчдын уралдаан зарлаж, шилдэг 15 хуурчаа үе шаттайгаар шалгаруулах гэж байна, ер нь манайхан нэг үеэ бодвол хуураа хүндэлж дээдлэн залах болсон байна.

    -Сүүлийн үед морин хуур урлаачид стандарттай болох хэрэгтэй хэмээн санал нэгдээд байгаа. Үндэсний өв соёлыг үргэлжлүүлж буй хүний хувьд таны бодол?

    -Ер нь бол өдгөө морин хуур хэрэглээний хувьд амьдралын явцдаа хэмжээ нь аяандаа тодорхой стандарттай болчихсон. Харин хуур яг тийм хэмжээтэй байх ёстой гэсэн хэмжээ заасан албан бичгээр баталсан стандарт бол байхгүй. Ялангуяа мэргэжлийн морин хуур урладаг урлаачдын хуур бол стандарт барьж байгаа. Харин сонирхогчдын буюу бэлэг дурсгалын урлаачдын хуур бол нарийн хэмжээ стандарт төдийлэн байхгүй байна. Ихэнх хөгжим хувирч өөрчлөгдсөөр амьдралын явцад хамгийн сонгодог хэмжээ стандарт дээрээ тогтсон гэдэг.

    -Сүүлийн хормыг танд үлдээе. Танд хойч үе болсон залуусдаа хандаж хэлэх үг байгаа байх?

    -Монгол хүнийг морьгүйгээр төсөөлөшгүй. Тиймээс монгол хүн бүр ялангуяа залуучууд маань морин хуурыг дээдэлж, эрхэмлэн залж, хуураа татаж, өрх гэртээ аялгуу эгшиглүүлж байгаасай гэж хүсч байна.

    Ж.ЭРДЭНЭ

    https://www.facebook.com/baigaljav

    http://www.egshiglen.mn/

    https://www.facebook.com/%D0%AD%D0%B3%D1%88%D0%B8%…

  • Намсрайжавын АМАРСАЙХАН- Зураач, өрөг, орчин үеийн урлаг

    1981 онд Сүхбаатар аймагт төрсөн. 1998- 2000 онд Сэтгэмж дизайны дээд сургууль, 2000- 2005 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийг зураач мэргэжлээр дүүргэсэн. 2006 оноос Монголын Урчуудын Эвлэлийн хорооны гишүүн, 2007 оноос “Шинэ Үе Урлаг” нийгэмлэгийн УЗГишүүн.

    2009 оноос Нүүдэлчдийн байгальтайгаа шүтэлцэн, зохицон амьдарсаар ирсэн соёлоор дамжуулж, цаашид бид дэлхий эхтэйгээ хэрхэн харилцаж, зохицож амьдарч болохыг илэрхийлэх, байгальд ээлтэй амьдралын хэв маягийг дэлгэрүүлэх зорилготой санаачлан эхлүүлсэн “Нүүдэл” төсөл нь Өрөг урлаг /Инстоляци/, Газрын урлаг /Ланд арт/, Уран зураг гэсэн төрлөөр Монголын болон олон улсад амжилттай хэрэгжисээр байна.

    БИЕ ДААСАН ҮЗЭСГЭЛЭН

    2014 он “Монгол” Сувд Арт галерей, Улаанбаатар

    2011 он “Үндэс” Red Mill галерей Vermont Studio Center, USA

    2008 он “Өнгө ба Аялгуу” Урчуудын Эвлэлийн Хорооны Галерей

    2006 он “Миний Ертөнц” Xanadu Art Gallery, Улаанбаатар

    БИННЕАЛ

    2017 он “Cheongju Biennale-2017” Чонжу хот, Солонгос

    2016 он “Land Art – 360” Монгол Биннеал- 2016, Дарьганга Сүхбаатар аймаг

    2010 он “Busan Biennale-2010” Бусан хот, Солонгос

    ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР

    2016 он “ChengLong Wetlands” олон улсын байгаль орчны урлаг хөтөлбөр

    2014- 2016 он “Gangwon international Environmental Installation Art” олон улсын хөтөлбөр, Солонгос Сэүл

    2015 он “Nord Art-2015” олон улсын симпозиум, Büdelsdorf in Germany

    2014 он Art Omi international Artists residency New York City in USA

    2011 он “Vermont Studio Center” олон улсын хөтөлбөр, Johnson, Vermont Studio Center, USA

    2010 он “Open To You” Open space Bae олон улсын хөтөлбөр, Ilwang Busan, in Korea

    2010 он “Jara Island International Baggat Art Exhibition- 2010” Gapyeong Солонгос Сэөл

    2009 он “Time &Space” олон улсын нүүдлийн соёлын хөтөлбөр, Өмнөговь аймаг

    ХАМТАРСАН ҮЗЭСГЭЛЭН

    2016 он “Nord Art-2016” олон улсын үзэсгэлэн Büdelsdorf in Germany

    2014, 2016 он “Оны шилдэг бүтээл”Урчуудын Эвлэлийн Хорооны Галерей

    2016 он “Амгалан ертөнц” Хөх хот Хятад, Үндэстний ордон

    2013- 2014 он “Хөх Дорно” Өвөр Монгол, БНХУ зураачдын хамтарсан

    2012 он “Urban Narratives” Монголын орчин үеийн урлаг, Schoeni Main Gallery, Hongkong

    2012 он “Монголын Соёлын Өдрүүд ” үзэсгэлэн, Хятад Шанхай

    2012 он “Элсэн Цунами” Дэлхийн цөлжилтийн өдөрт төсөл, ШҮУрлаг Нийгэмлэг

    2012 он “Art Camp” Хөх Нар урлагийн төв, Өлзийт хороолол

    2012 он “Усгүй Урсгал” төслийн үзэсгэлэн, Уран зургийн галерэй ШҮУрлаг Нийгэмлэг

    2011 он “Asia and Rise” олон улсын үзэсгэлэн, Sori Art Center, Seoul in Korea

    2010 он “Busan Biennale- 2010” on the beach, Busan, in Korea

    2009- 2011 он “Оны Шилдэг Бүтээл” Уран Зургийн галерей

    2008 он “Монголын Дүрслэх Урлаг” at the Som Art Gallery, San Francisco, USA

    ШАГНАЛ

    2011 он “Хөх толбот ахан дүүс” Монгол Солонгосын хамтарсан үзэсгэлэн 3-р байр

    2008 он “Tiger Translate” төслийн үзэсгэлэн 3-р байр

    INSTALLATION ART

    PAINTINGS

    ХОЛБОО БАРИХ

    Post Office Box-2645

    Ulaanbaatar 15160, Mongolia

    Tel: 976-99150315, amar_artmn@yahoo.com

    https://www.facebook.com/AmarN-art-studio-1746054875707854/

    www.art-amar.blogspot.com

  • Д.ЧУЛУУНБААТАР- монгол үндэсний тоглоом наадгай цуглуулагч

    Улс, үндэстэн бүрт өөрийн гэсэн тоглоом наадгай, түүнийг дагасан ёс заншил бий. Монгол үндэсний тоглоом наадгайг судлах, сурталчлах, байнгын хэрэглээг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулж буй хүмүүсийн нэг бол Ховд аймгийн Жаргалант сумын иргэн Д.Чулуунбаатар юм.

    Тэрбээр 2009 оноос эхлэн Монголын уламжлалт тоглоом наадгайг цуглуулж, судалж байна. Түүний цуглуулга, цаашдын зорилтын талаар тодрууллаа.

    Иргэн Д.Чулуунбаатар нь “Өв соёл, монгол тоглоом наадгай” төвийг үүсгэн байгуулсан. Тухайн төвийг түшиглэн Монголын уламжлалт тоглоом наадгайг судлахаас гадна цаашид үйлдвэрлэл бий болгох замаар хойч үедээ өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилготой ажиллаж байна гэж ярилаа.

    Д.Чулуунбаатарын цуглуулгад одоогийн байдлаар урианхай ястны “Үүчүүр”, халх үндэсний “Панжига”, торгууд үндэсний “Шагайгаар цахдах”, мянгад ястны ”Таван хошуу малыг үнэлэх”, өөлд ястны “Хүлтэгжинэ”,  тува үндэсний ”Дөрт бэргээ”  зэрэг 100 гаруй тоглоом наадгай байна.

    Эдгээр тоглоом наадгайг эсгий, мод, төмөр ашиглан хийсэн бөгөөд шагай, байгалийн чулуу оролцуулан тоглодог аж. 

    Тухайлбал, Наран сүмбэр гэх тоглоомыг зэс, төмөр ашиглан хийжээ. Энэхүү тоглоом цагираг, шилбэ, сээр, ул, бариул гэсэн таван хэсгээс бүрдэнэ. Цагираг нь ихэвчлэн 9 эсвэл 12 байдаг.  Улмаар цагирагийг буулгах, мордуулах зарчмаар тоглодог аж. Ингэснээр нүдний хараа сайжруулах, гарын хөдөлгөөн, булчингийн үйл ажиллагааг идэвхжүүлэх давуу талтай гэнэ. Энэ тоглоом наадгайг  Монголчууд өргөнөөр ашиглаж байна. Харин сүүлийн үед “Буга нохой”, “Тулга” гэх мэт хөлөгт тоглоом наадгайгаар  хүмүүс  тоглох нь тун ховор болжээ.  Энэ “Буга нохой” гэдэг тоглоом надад  долоон төрөл байна. Би энэ тоглоом наадгайг хүүхдүүдэд заах их дуртай. Хүүхдийн сэтгэн бодох чадварыг хөгжүүлдэгээрээ онцлогтой гэж Д.Чулуунбаатар хэлэв.

    Мөн  Монгол тоглоом наадгайгаар дамжуулан хүүхдийн оюун санааг хөгжүүлэх, улмаар тогтвортой сууж сургах, зөв дадал зуршилтай болгох боломж бололцоо нээлттэй байна. Тийм учраас хүүхдийг шагай, хөлөгт тоглоомоор тоглож сураасай гэж би хүсдэг.  Тоглоом гэдэг бол зөвхөн хүүхдүүд л тоглоод байдаг зүйл биш, харин гэр бүлээрээ тоглох нь маш их ач холбогдолтой.

    Нэгдүгээрт, эцэг эх, эмээ өвөөтэйгөө хамт тоглосноор тухайн гэр бүлийн харилцаа сайхан болдог. Хоёрдугаарт, хүүхдийн хүмүүжилд эерэг нөлөөтэй. Гуравдугаарт,  эрүүл мэндийн хувьд тоглоомд оролцогч бүрт сайн үр дүнг авчирна.

    Мөн хүний гарын алганд 150 гаруй мэдрэлийн цэг байдаг. Тэр бүгдийг шагайгаар тоглон сэргээж, эрүүлжүүлэх боломжтой. Гучин минут шагайгаар тоглох нь эмнэлэгт нэг цаг дөчин минутын хугацаанд бариа засал хийлгэсэнтэй тэнцэхүйц алжаал тайлдаг гэж тэрбээр онцоллоо.

    Монголчуудын соёлын үнэт өвийн нэг болох тоглоом наадгайг хүн бүр тоглож, гэр бүлдээ эрүүл мэнд, баяр хөөр нэмэхийг  хүсэж явдгаа иргэн Д.Чулуунбаатар хэлж байв.

    Эх сурвалж: Ховд /МОНЦАМЭ/ https://www.montsame.mn/

  • Бадарчийн БАТБААТАР- Арьсан урлалын бүтээгдэхүүн

    Гар урлаач, Арьсан урлалын BATU бүтээгдэхүүнийг үүсгэн байгуулсан.

    1989 оны 3-р сарын 10 нд мэндэлсэн. 2009 онд ОХУ-д сурч байхдаа гар урлалын арьсан эдлэл хийх санаагаа олсон. Төсөөлөлөөс эхэлсэн арьсан урлалаа техникийн хүчээр бус төв Азийн нүүдэлчдийн уламжлалт арьс, суран эдлэл хийх өв ухаанаар баяжуулсаар байна. Шавхах тутам ундардаг булаг мэт Монгол ухааныг бишрэн судалдагийн хувьд дэлхийд гайхагдах Монгол брэнд бий болгох мөрөөдөл бий. Монгол гар урлалын гөрмөл, шүлжмэл, үдэх аргаар бүх төрлийн арьсан цүрх, богц, үүргэвч, бэлэг дурсгалын зүйлс урлан бүтээж, урлалаа зааж сурган, түгээн дэлгэрүүлж байна.

    https://www.facebook.com/TheBATUbrand

  • Адъяабаатар ЭНХСАЙХАН- PIPO nomadic wooden jewelry

    PIPO nomadic wooden jewelry дизайнер

    2010- 2011 онд Японд сүлжмэл бүтээгдэхүүний принтийн дизайнаар мэргэшсэн. Алтай кашмер, Говь компанид загвар зохион бүтээгч, принтийн дизайнераар ажиллаж байхдаа анх өөрийн өвөрмөц аксессуар чимэглэлийг хийх санааг хөгжүүлж 2015 оноос PIPO nomadic wooden jewelry бүтээгдэхүүнүүд дээрээ ажиллаж байна.“Монголоороо гоёцгооё 2009” наадам, “Vision 2011”, “Гоёл 2015” наадмын шилдэгээр тус тус шалгарсан.
    PIPO маань худалдаанд гараад жил гарны хугацааг ардаа үджээ. PIPO nomadic wooden jewelry нь арцны үндэс, хотир, агар, шөрмөсөн чулуу, уулын болор зэрэг цэвэр байгалийн түүхий эдээр хийгдэж байгаа ба Монгол ахуй амьдралаас өвлөгдөн ирсэн энгийн, этгээд сонин ур хийцийг хадгалсан гоёл чимэглэлийн эд зүйлс юм. Бүтээгдэхүүнйи нэр төрөлд, хүзүүний зүүлт, ээмэг, бөгж, бугуйвч, үсний хатгуур, клаш цүнхнүүд байгаа бөгөөд нэг загвар цор ганц хийгддэгээрээ онцлогтой.
    PIPO nomadic wooden jewelry-ийн органик эко бүтээгдэхүүн нь хүний биед харшил өгөхгүй, хөнгөн, бат бөх, байгалийн зөөлөн энерги тээж өөр хаана ч харагдаагүй “нүүдэлчин Монгол” ур хийцийг шингээн хийхийг зорьж байна.

    https://www.facebook.com/PIPOjewellery/

  • Өлзийхишигийн ОРГИЛБОЛД- Ясан сийлбэрчин


    Ясан сийлбэрч

    1992 оны 7 сарын 11-нд Увс аймгийн Улаангом хотод төрсөн. ШУТИС Үйлдвэрлэлийн технологийн сургуульд Интерьер дизайны мэргэжлээр сурдаг. Ясан сийлбэр хийж эхлээд 7 жил болж байна. Дүү Ө.Бат-Оргилын хамт уран бүтээлээ хийдэг. Үхэр, тэмээ, чоно, зааны яс, буга, аргал, янгирын байгалийн жамаар унасан ясан эвэрээр зүүлт чимэглэл, сийлбэр, шатар, морин хуур, интерьер чимэглэлийн бүтээл урладаг. 2016 оны хавар бие даасан үзэсгэлэнгээ гаргах төлөвлөгөөтэй хөдөлмөрлөж байна. Ясан урлал нь натурал, байгальлаг мэдрэмжийг хүнд өгөхөөс гадна үе дамжуулан өвлүүлэн нандигнадаг эдэлгээтэй бүтээл болдог. Мөн байгальд ээлтэй урлал юм. Эртний өвөг Монгол, Хүннүгийн үеэс үүсэлтэй ясан урлал өв соёлоо хойч үеийнхэндээ уламжлуулж дэлхий дахинд таниулах зорилготой.

    https://www.facebook.com/Ясан-…

  • Яндагийн НЯМБАЯР- Уран дархан


    Уран дархан

    1984 онд Улаанбаатар хотод төрсөн. 1991- 2001 онд БЗД-ын 10 жилийн 44-р бүрэн дунд сургуулийг дүүргэсэн. 2000 оноос үе дамжсан уран дархан аавыгаа дагаж уламжлалт уран дархан болох гараагаа эхэлжээ. Монголын уламжлалт хийц болох утсан сүлжмэл, дарьганга хийцээр мөнгөн хэт хутга, эмээл, эртний хатадын шүрэн чимэглэлтэй толгойн гоёл зэрэг бүтээлүүдийг урладаг. Уран дарханы уламжлалыг хөгжүүлж, үр хүүхдүүддээ өвлүүлэн түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор өөрийн шинэ санаа, сонин содон нарийн хийцээр баяжуулан дахин давтагдашгүйгээр урлаж байна.

    https://www.facebook.com/nyambayar.yandag