Category: уран-бүтээлч

  • Чойгаалаагийн ЯНЖИНДУЛАМ, НЯМХАНД- Michel&Amazonka брэндийг үүсгэн байгуулагчид

    Загвар зохион бүтээгч, Michel&Amazonka брэндийг үндэслэгчид

    Michel&Amazonka брэндийг эгч дүү дизайнер Чойгаалаагийн Янжиндулам (Michel), Чойгаалаагийн Нямханд (Amazonka) нар 2013 онд үүсгэн байгуулсан.

    Брендийн онцлог нь уламжлалт хэв маягийг агуулсан европ загварын хувцаснуудыг Haute couture болон Prèt-a-Porter төрлөөр зөвхөн монголдоо зохион бүтээж үйлдвэрлэдэг. Тэдний бүтээлүүд нь чамин тансаг, эрхэмсэг байдлыг илэрхийлэхээс гадна тухайн захиалагчид зориулж цор ганц загварыг урладаг. Голчлон эмэгтэйчүүдэд зориулсан гоёлын даашинз, ёслолын хувцас, хуримын даашинз, чөлөөт хувцас хийж байгаа ба удахгүй эрэгтэйчүүддээ зориулсан хувцас хийхээр ажиллаж байна.

    Michel&Amazonka нь 2014 оныг Азийн Fashion Asia Awards-н шилдэг дизайнер шагнал хүртсэн.

    Чойгаалаагийн Янжиндулам буюу Michel нь 1986 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотноо инженер мэргэжилтэй Чойгаалаа, эмч мэргэжилтэй Д.Баярсайхан нарын 3 дахь хүүхэд болон мэндэлсэн. Michel 2003 онд 10 жилийн 75 дугаар сургуулийг, 2003-2007 онд Урлах эрдэм дээд сургуулийг хувцасны дизайнер мэргэжлээр төгссөн.

    Michel багадаа загвар өмсөгч болохоор шийдсэн ч 12 настайдаа загвар зохион бүтээгчээр тэмцээнд орсноор ажлын гараа нь эхэлсэн. Дизайнер мэргэжлийг сонгоход ээж нь ихээхэн нөлөөлсөн ба Мишел брендийнхээ бүхий л загварт гар бие оролцдог авьяаслаг дизайнер юм.

    Чойгаалаагийн Нямханд буюу Amazonka 1988 оны 7 дугаар сарын 31-ны өдөр Улаанбаатар хотноо айлын отгон хүүхэд болон мэндэлсэн. Amazonka 10 жилийн 18-р дунд сургуулийг төгссөний дараа, Урлах эрдэм дээд сургуулийг хувцасны дизайнер мэргэжлээр төгссөн. Хувцас урлахаас гадна дуулах авъяастай бөгөөд 2006- 2011 оны хооронд Star fish хамтлагийн дуучин байсан. Анх дизайнер болно гэж хэн ч боддоггүй байсан бөгөөд гэрийнхэн нь ээжийнхээ эмч мэргэжлийг өвлөж эмч болох байх гэж боддог байжээ. Гэвч дунд сургуулиа төгсөөд Хүмүүнлэгийн Их Сургуульд орж суралцаж байх хугацаандаа загвар зохион бүтээх ажилд илүү дуртайгаа ойлгож сургуулиасаа гарч, Урлах эрдмийн дээд сургуульд орсон.

    Амазонка өдөр тутмын болон үндэсний хэв маягийг агуулсан загваруудыг голчлон гаргадаг төдийгүй эко уутны загварыг гаргасан. Тэрээр хэрэглээний бүтээлүүдийг чадварлаг зохион бүтээдэг.


    УРАН БҮТЭЭЛ

    MICHEL

    Анхны уран бүтээл нь Smooth kiss коллекц байсан бөгөөд Гялбаа сэтгүүлд тавигдаж байсан;

    2006 он Хаврын Гоёл загварын долоо хоногт цэргийн загварт хувцасны коллекци;
    2007 он Garson зуны загварын долоо хоногт үдшийн даашинзны коллекци;
    2011 он Өвлийн цэцэг үдшийн даашинзны коллекци;
    2013 он Улаанбаатар загварын долоо хоногт Michel&Amazonka брэндийн анхны бие даасан коллекци;
    2014 он Сальвадор Дали пальтоны коллекци;
    2014 он Crystal Mind хувцасны коллекци;
    2014 он Азийн шилдэг топ 5 дизайнер (pret-a-porter ангилалд);
    2015 он Зуны үндэсний болон хурмын коллекци, хавар зуны 2016 оны коллекци;

    AMAZONKA
    2010 он RHODIA хувцас загварын шоунд оролцож гараагаа эхэлсэн;
    2011 он Хаврын гоёл хувцас загварын шоунд ажил хэрэгтэй эмэгтэй хувцасны коллекци;
    2012 он Зуны хувцас загварын шоунд Back to the Future коллекци;
    2013 он Улаанбаатар загварын долоо хоногт Michel&Amazonka брэндийн анхны бие даасан коллекци;
    2014 он Сальвадор Дали пальтоны коллекци;
    2014 он Crystal Mind хувцасны коллекци;
    2015 он Зуны үндэсний болон хурмын коллекци, Хавар зуны 2016 үндэсний хэв маягтай загварын коллекци;

    https://www.facebook.com/michelnzonka
    http://michelamazonka.com/

  • С.ТӨРБУРАМ- Хайчилбарын мастер, зураач

    Уран хайчилбарын мастер. зураач, барималч. 1960-70 –аад оны  номын чимэг зурагт  МУСГЗ агсан  Д.Сандагдоржийн  уран хайчилбраар  бүтээх болсоныг  хүү С.Төрбурам  өвлөн авч 1990 оны цагаан морин жил зарласан  “Монголын  нууц товчоо” номын чимэг зургийн уралдаанд   тэргүүн байр  эзлэж байжээ. Мөн “Эзэнт гүрний туульс” номын чимэглэл бүтээсэн. Өдгөө АНУ-д ажиллаж амьдардаг.

    Дэлгэрэнгүй намтар: https://www.tolgoilogch.mn/_zb8uo41bxe

    Ярилцлага унших

  • Үржнээгийн ЮМЖИР (YUMJIR FASHION)

    Загвар зохион бүтээгч, дизайнер

    Үржинээ Юмжир нь 1977 онд Улаанбаатар хотод төрсөн. Тэрээр Урлах Эрдмийн Дээд Сургуулийг хувцасны дизайнер зохион бүтээгчээр төгссөн. Оюутан байх хугацаандаа Гоел тэмцээнүүдэд өөрийн загваруудаараа тасралтгүй оролцож байсан. Удам дамжсан зураачдын гэр бүлд төрсөн тэрээр өвөө, аавынхаа ажил үйл хэргийг үргэлжлүүлэн үндэсний уламжлалаа хадгалж, сурталчлан хүргэхийг зорьж яваа. Тэрээр 2008 онд өөрийн бие даасан “Glamour Yumjir Fashion” шоуг зохион байгуулсан, 2009 онд АНУ-ын Вашингтон хотноо зохион байгуулагддаг “DC Fashion week”-т өөрийн үндэсний хэв маягийн коллекциор оролцсон. 2010 онд хувцас загвар сонирхогч нар болон оюутнуудад зориулсан “Хувцасны дизайн” гэдэг номоо гаргасан. Тэрээр мөн 2010 онд СЭЗДС-ийг санхүүгийн менежмент чиглэлээр төгссөн. 2011-2012 онд тэрээр Нью-Йорк хотод дизайнерын чиглэлээрээ ажиллаж байгаад ирээд өөрийн Yumjir Fashion нэрийн монгол хэв маягтай өдөр тутмын хувцасны брэндийг хөгжүүлэн Монголдоо болон дэлхийд гаргахаар ажиллаж байна.

    https://www.facebook.com/YumjirFashion
    www.mongolianstyle.blogspot.com
    www.fashiony.ru/user.php?id_u=94416
    www.more.blog.gogo.mn


  • Чулуунбатын МӨНХ-ЭРДЭНЭ- Нэрт ятгач

    Ятгачин, ятгын багш

    1975 онд төрсөн. 1988- 1994 онд Хөгжим Бүжгийн Дунд сургууль (одоогийн Хөгжим Бүжгийн Коллеж)-д ятгын мэргэжлээр суралцаж гоцлол хөгжимчин, ятгын багш мэргэжлээр төгссөн. 1993- 1996 онд Хөгжим Бүжгийн Дунд Сургуульд багш, 1992- 1996 онд Морин Хуурын Чуулга, 1994- 2001 онд Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулга, 1998- 2000 онд Уянга хамтлаг, 2000 оноос Бөртэ хамтлагт гоцлол хөгжимчин, 2010 оноос Хөгжим Бүжгийн Коллежид ятгын багшаар тус тус ажиллаж байна.

    Тэрээр монгол ятгадах урлагт 1998 онд шинэчлэл хийсэн. Дэлхийн нэр хүндтэй 7 симфони найрал хөгжимтэй хамтарч ажилласан. Монголын шилдэг хөгжмийн зохиолч, төрийн шагналт Ц.Чинзориг, Төрийн шагналт Ц.Нацагдорж, Төрийн шагналт Б.Мөнхболд, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл, Х.Мөнх-Ертөнц нар ятга, симфони найрал хөгжимд зориулсон том хэлбэрийн концертны бүтээлүүдээ нэрт ятгач Ч.Мөнх-Эрдэнэд зориулж зохиосон байдаг.Тэрээр 1400 жилийн тэртээх эртний нүүдэлчдийн “Алтай ятга”-ын тоглох арга барил, хөг хөглөгөөний судалгаан дээр ажиллаж тоглох дэгийг зохиосон. Аху их ятгыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж Монголын нэрийн хуудас болсон ховор авъяастан.

    Монгол улсын Филармони, ДБЭТ, Герман, Чех, Орос, Хятад, Америк зэрэг олон орны нэр хүндтэй симфони найрал хөгжмүүдтэй хамтран ажиллаж бие даасан тоглолтоо амжилттай зохион байгуулсан.

    2001 онд “Алтайд хөглөгдсөн уянга”, 2002 онд “Мөрөөдлийн салхи”, 2004 онд “Хос эрвээхэй” зэрэг бие даасан уран бүтээлийн тоглолтоо эх орондоо тавьж олон нийтэд тайлагнасан. Хөгжимдсөн шилдэг бүтээлүүдээсээ дээжлэн “Хос эрвээхэй”, “Дурсамж” зэрэг цомог хэвлүүлсэн.

    2004 онд “Алтан Намар” хөгжмийн наадмын “Шилдэгийн шилдэг хөгжимчин” өргөмжлөл, 2008 онд Л.Мөрдоржийн нэрэмжит үндэсний хөгжимчдийн улсын анхдугаар уралдааны тэргүүн байрын шагнал, 2008 онд Узбейкстан улсад болсон олон улсын Шарк-транолари наадмын ЮНЕСКО-ын нэрэмжит шагнал, 2010 онд Бүх урлагийн тэргүүн дээд шагнал (Бөртэ хамтлаг) “Гоо Марал”-ыг тус тус хүртэж байсан.

    Тэр 2011 оны 1 сард University of California, University of Stanford- ын симфони найрал хөгжмүүдтэй хамсран тоглож, 3 сард олон улсын урлагийн зах зээл дээр ажиллаж байсан ажлын туршлага дээрээ үндэслэн монгол ятгадах урлагийн түүхэнд анх удаа ятгадах тэмдэг тэмдэглэгээг шинээр зохиож, 4 сард Франц улсын UNESCO-ын төв танхимд Чех улсын симфони найрал хөгжимтэй хамсран тоглож, 10 сард Вьетнам ардын Дан Транг хэмээх 17 чавхдаст ятгыг судалсны үндсэн дээр монгол ятгадах урлагийн олон талын давуу боломж дээр тулгуурлан анх удаа Римский Корсаковын “Хэдгэнийн нисэлт” бүтээлийг гайхамшигтай уран чадварлаг тоглосон нь ятгын түүхэнд бас нэг онцлох үр дүнг бий болгосон.

    Мэргэжлийн ятгачдыг бэлтгэж эхэлсэний 50 жилийн ойн арга хэмжээний хүрээнд гоцлол хөгжимчин Ч. Мөнх-Эрдэнэ нь хөгжмийн зохиолч Х.Мөнх-Ертөнц, Алтангэрэл нарын хос ятганд зоориулсан “Концертны Рапсоди”, “Ятга хөгжимд зориулсан 3 ангит Концерт”- уудыг гоцлон тоглож ятга хөгжимд зориулсан шилдэг бүтээлийн уралдааны Тэргүүн болон Гутгаар байруудад орж байсан. Мөн мэргэжлийн дунд ангилалд өөрийн шавь нараа амжилттай бэлдэж Тэргүүн байрыг эзлүүлсэн.

    Ч. Мөнх-Эрдэнэ нь монголын ятгын урлагийг өөрийн оронд төдийгүй дэлхий дахинд түгээн хүргэсэн, орчин цагийн ятгачны авъяас билэг, уран чадварын бүхий л ололтыг цогцлоосон, ятгадах урлагийг шинэчлэгч, гарамгай хөгжимчин, чадварлаг сурган хүмүүжүүлэгч болохыг мэргэжлийн хүрээнд хүлээн зөвшөөрдөг юм. Тэрээр өөрөө үлгэрлэн хөгжимдөхийн зэрэгцээ ирээдүй хойчийн ятгачдыг бэлтгэхэд хүч авъяасаа зориулж яваа хөгжмийн урлагийн нэрт зүтгэлтэн юм.

  • Магсаржав / DJ Maxsar

    DJ Maxsar нь Post-rock, Dream pop болон shoegaze урсгалаар уран бүтээлээ хийдэг амьд хөгжмийн “Unicorn” хамтлагт 2010-2013 онуудад аргил гитарчинаар тоглож, хамтлагаараа олон арга хэмжээнд оролцож байжээ. Үүний дараагаар Unicore хамтлаг тарснаар 2013 оноос эхлэн SIRIUS нэрээр өөрийн хөгжмүүдээ хийж эхэлсэн бөгөөд тухайн үеэс цахилгаан хөгжимд хүчтэй татагджээ. Төд удалгүй 2015 оноос албан ёсоор DJ хийж эхлэн Temple, Cue, Gandan live house болон The basement гэх клубүүдтэй хамтран ажиллаж мөн урилгаар тоглож байлаа. Тэрээр SIRIUS нэрээ MAXSAR болгон өөрчилж MAJESTY crew-д DJ болон хөгжмийн продюсераар 2017 оноос харьяалагдаж эхэлсэн байдаг.

    Тоглодог урсгал: Techno, Acid techno, Progressive House, Minimal

    Soundcloud: https://soundcloud.com/butterflycaughtt

    facebook: https://www.facebook.com/maxrjav

  • Окуяама ЮМИ- Дуурийн дуучин, хөгжмийн заах арга зүйн багш

    Япон улсын дуурийн дуучин, хөгжмийн заах арга зүйн багш, Art of Ulaanbaatar төвийн хөгжмийн багш.

    Окуяама Юми нь Япон улсын Токио хотын Хөгжмийн их сургуулийг төгссөн мэргэжлийн дуурийн дуучин бөгөөд дуурын дуучид бэлтгэх мэргэжлийн заах арга зүйн багш билээ. 1999 онд Монгол-Япон хоёр орны соёлын харилцааны хүрээнд Япон улсын гадаад харилцааны яамны урилгаар Монгол улсад ирж Дуурь бүжгийн эрдмийн театрт ажилласан ба “Учиртай гурван толгой” дуурьт Нансалмаагийн дүрийг бүтээн дуулсан анхны гадаад дуучин болж байсан. Түүнээс хойш “Чингис хаан дуурь” болон В.А.Моцартын “Донжуан”, “Шидэт лимбэ” зэрэг олон бүтээлд Монголын дуучид уран бүтээлчидтэй хамтран дуулан ажиллаж ирсэн. 

    Түүнээс хойш 2011-2013 онд хуучнаар Хөгжим бүжгийн коллежийн сургуульд дуулаачийн багшаар ажиллаж, 2014-2018 онд Citi их сургуульд ажиллаж мэргэжлийн дуучин, уран бүтээлчдийг бэлтгэх ажилд өөрийн хувь нэмрийг оруулж байна. Миний туйлийн хүсэл бол Монгол оронд мэргэжлийн дуурийн дуучдыг өндөр түвшинд бэлтгэх, тэрхүү дуучдыг олон улсын түвшинд амжилт гарахад нь туслан өөрийн мэдлэг чадвараа харамгүй зориулахад оршиж байгаа бөгөөд Монгол орныг олон улсад сонгодог урлагаар таниулах чиглэж байгаа болно. Монгол улсын засгийн газар миний хөдөлмөрийг үнэлэн 2005 онд МУСТА цол тэмдэгээр шагнаж улмаар 2007 онд Монгол улсын Ерөнхийлөгч соёл урлагт оруулсан хувь нэмрийг минь үнэлж Найрамдал одонгоор тус тус шагнасан.

    Эх сурвалж: Art of Ulaanbaatar

  • Нацагийн ЖАНЦАННОРОВ- Нэрт хөгжмийн зохиолч, нийгмийн зүтгэлтэн

    Хөгжмийн зохиолч, нийгмийн зүтгэлтэн, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар

    Гарчиг

    Товч намтар

    Н.Жанцанноров нь XVII жарны шороон үхэр жилийн хаврын тэргүүн сар буюу 1949 оны 3 сарын 25-­нд одоогийн Өвөрхангай аймгийн Өлзийт сумын нутагт Цагаан хөтлийн “Хондлой” гэдэг газар төрсөн.

    Боловсрол

    1957-­1961 онд Өвөрхангай аймгийн Өлзийт сумын бага сургууль
    1961­-1967 онд Хужирт сумын дунд сургууль
    1967-­1971 онд Улаанбаатар хотын Багш нарыг бэлтгэх сургуульд Хөгжмийн багшийн мэргэжлээр
    1974­-1979 онд Украин улсын Киев хотын П.И.Чайковскийн нэрэмжит хөгжмийн Консерваторид суралцаж хөгжмийн зохиолч, хөгжим судлаач мэргэжил эзэмшсэн.

    Ажлын түүх

    1971-­1973 онд Багшийн сургуульд хөгжмийн онолын багш
    1979-­1981 онд Соёлын Яаманд хөгжмийн уран бүтээлийн асуудал эрхэлсэн мэргэжилтэн
    1981-­1985 онд МАХН­ын Төв хороонд Урлаг, уран бүтээлийн асуудал эрхэлсэн зааварлагч
    1983-­1990 онд Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбооны даргаар сонгогдон ажилласан
    1990 онд Соёлын Яаманд орлогч, нэгдүгээр орлогч сайд
    1992-­1993 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
    1993-­1995 онд Холбооны Бүгд Найрамдах Герман улсын “Салтарино” циркэд хөгжмийн зохиолч
    1996-­2000 онд Гэгээрлийн Яаманд Соёл, урлагийн бодлогын багийн ахлагч, газрын орлогч дарга

    1997 оноос Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Соёл урлагийн асуудал эрхэлсэн шинжээч
    1998 оноос “Их Урлаг” товчооны ерөнхий захирал
    1999 оноос ЮНЕСКО-­ийн Утга соёлын өвийн Монгол үндэсний төвийн тэргүүн
    2000 ­оноос Монгол Улсын Филармонид хөгжмийн зохиолч
    2002 оноос “Морин Хуур” нийгэмлэгийн тэргүүн, Монголын Урлагийн Зөвлөлийн Тэргүүн
    2002 оноос Монгол-­Хятадын найрамдлын нийгэмлэгийн ерөнхийлөгч
    2004 оноос БСШУ-­ы сайдын зөвлөлийн гишүүн, Соёл урлагийн асуудал хариуцсан зөвлөх
    2004 оноос ЮНЕСКО-­ийн Монголын үндэсний комиссын гишүүн
    2007 оноос Монгол Туургатны соёл, эрдэм шинжилгээний сангийн ерөнхийлөгч
    2008 оноос Батлан хамгаалахын Сайдын дэргэдэх Иргэний зөвлөлийн гишүүн
    2010 оноос СУИС-­ийн тэргүүлэх профессор, Хөгжмийн урлагийн сургуулийн профессорын багийн ахлагч, Эрдмийн зөвлөлийн даргаар сонгогдон ажиллаж байна.

    Санаачлан зохион байгуулсан ажлын тойм

    1982 он Ардын язгуур урлагийн дэлхийн анхдугаар үзлэг
    1982 он “Алтан намар” хөгжмийн наадам
    1985 он Азийн хөгжмийн VII индэр, симпозиум, фестиваль
    1989 он Морин хуурын анхдугаар наадам
    1991 он Монгол туургатны уртын дууны анхдугаар уралдаан
    1997 он Төв Азийн тууль олон улсын симпозиум, фестиваль
    2000 он АНУ-­д зохиогдсон Монголын соёлын ѳдрүүд
    2008 он Морин хуурын олон улсын анхдугаар наадам, уралдаан, симпозиум
    2011 он ЮНЕСКО­-ийн төв байр, НҮБ-­ын төв байранд (Нью­-Йорк хот) болсон Морин хуурын чуулгын концерт

    Уран бүтээлийн тойм

    Цомог, DVD

    • “Бурхан Халдун өршөөг” морин хуурт зориулсан бүтээлүүд
    • “Мандухай сэцэн хатан” киноны хөгжим
    • “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны хөгжим
    • “Хутагтын сахиус” морин хуурт зориулсан бүтээлүүд
    • “Үдшийн бяцхан дуунууд” морин хуур, ятга, вибрафонд зориулсан аязууд
    • “Симфонетта” морин хуурын чуулгад зориулсан бүтээлүүд
    • “Байн байн санаа алдахад минь” зохиолын дуунууд
    • “Хайрлан дуулмаар байна” уянгын поп дуунууд
    • “Эгшиглэхүй, өгүүлэхүй” морин хуурын чуулгын концерт
    • “Тайвшрал” зураглал хөгжим
    • “Дорнодын цэнхэр аялгуу”
    • “Оюу эрдэнийн говь”

    Нот

    • “Хүний заяа 1” дууны түүвэр (40 дуу), 2000 он
    • “Хүний заяа 2” дууны түүвэр (41 дуу), 2000 он
    • “Талын харгуй” 24 хүүрнэл дуу, 2007 он

    Бүтээлүүд

    • Хийл төгөлдөр хуурын сонат, 1977 он
    • Чавхдаст хөгжмийн дөрвөл, 1978 он
    • Симфони №1, 1979 он
    • Баясгалант удиртгал, 1987 он
    • “Гурван төрийн нүүр” симфони зураглал, 1988 он
    • “Торой Бандийн дууль” дуулалт бүжгэн жүжиг, 1988 он
    • “Хүслийн төвөргөөн” симфони удиртгал, 1990 он
    • Шударга, төгөлдөр хуурын сонат, 1996 он
    • Хуучир, төгөлдөр хуурын сонат, 1998 он
    • “Их тэнгэрийн ивээл” симфони найрал, морин хуурын чуулгад зориулсан удиртгал, 2002 он
    • “Мэргэнд буусан чоно” үндэсний модерн бүжгийн жүжиг, 2004 он
    • Морин хуур, төгөлдөр хуурын сонат, 2009 он

    Концерт

    • Морин хуур найрал хөгжмийн концерт, 1989 он
    • Ятга найрал хөгжмийн концерт №1, 1992 он
    • Хуучир найрал хөгжмийн концертино “Эргэцүүлэл”, 1992 он
    • Шудрага найрал хөгжмийн концерт, 1992 он
    • Төгөлдөр хуур найрал хөгжмийн концерт, 1999 он
    • “Гэгээн тал” аратори, 2002 он
    • Бяцхан дууль, Ятга хѳгжимд зориулсан рапсодия, 2007
    • Морин хуур, виолончeль, тѳгѳлдѳр хуурын гурвал, 2008 он
    • Ёочин найрал хөгжмийн концерт №1, 2012 он
    • Дорнодын цэнхэр аялгуу чуулбар, 2012 он
    • Ятга найрал хѳгжмийн концeрт №2, 2013 он
    • Алтан намар хөгжмийн концерт 2013 он
    • Лимбэний концерт, 2013 он
    • Морин хуур найрал хөгжмийн концерт №2, (Хэрлэн барсын дууль), 2012 он
    • “Оюу эрдэнийн говь” чуулбар 2013 он
    • Морин хуурын чуулгад зориулсан 30 орчим бүтээл

    Драмын жүжгийн хөгжим

    • “Гэгээ”, 1980 он
    • “Арын албаныхан”, 1981 он
    • “Задын чулуу”, 1981 он
    • “Найрын ширээний ууц”, 1981 он
    • “Сэргэлт”, 1982 он
    • “Хөхөлдэй хүүгийн үлгэр”, 1986 он
    • “Ээдрээ”, 1989 он
    • “Бооцоо”, 2000 он
    • “Саран хөхөө”, 2004 он

    Киноны хөгжим

    Баримтат киноны хөгжим

    • “Ялалтын дуун” бүрэн хэмжээний баримтат кино, 1984 он
    • “Эхийн алдар”, 1981 он
    • “Тайгын эзэд”, 1983 он

    Ном

    • “Монголын хөгжмийн арван хоёр хөрөг” сонатын аллегро, 1996 он
    • Хөгжмийн онолын нэр томъёоны хураангуй тайлбар толь, 1996 он
    • “Сэрэх ухаанаа дууд…” ярилцлагын цоморлиг, 2004 он
    • “Их дуучны яриа. /Ж.Бадраагийн нэрээр/” алдарт дуучин Ж.Дорждагвын яриа, 2005 он
    • “Монгол хөгжмийн таван эгшигтийн онолын асуудлууд” судалгааны бүтээл, 2006 он
    • “Хөгжим, цаг үе” илтгэл, өгүүлэл, 2006 он
    • Уртын дууны уламжлалт зарим нэр томъёоны гаргалгаа, 2006 он
    • “Монгол хөгжмийн эгшиг – сэтгэлгээний онолын утга тайлал” судалгааны нэг сэдэвт бүтээл, 2009 он

    Гавьяа, шагнал

    1989 онд “Мандухай сэцэн хатан” киноны хөгжмөөр Монгол Улсын Төрийн шагнал
    1996 онд “Гоо марал” урлагийн дээд шагнал
    1997 онд Монголын Хөгжмийн Зохиолчдын Эвлэлийн шагнал
    2000 онд “Морин хуур яруу найрал хөгжмийн концерт”, “Сэтгэлд шингэсэн говь” зураглал, “Монгол аялгуу”, “Нутаг минь хүлэг минь” уран сэтгэмж зэрэг морин хуурт зориулсан бүтээлүүдээр Монгол Улсын Төрийн шагналыг хоёр дахь удаагаа хүртсэн
    2000 онд Энхтайвны зүтгэлтний “Мөнгөн од” шагнал
    2005 онд Энхтайвны зүтгэлтний “Алтан од” шагнал
    2005 онд Өвөрхангай аймгийн “Хүндэт Иргэн” цол
    2005 онд Монгол Улсын Ардын Жүжигчин
    2007 онд Урлаг судлаач, билиг зүйч “Жамцын Бадраа” сангийн Дээд шагнал
    2010 онд Батлан хамгаалахын дээд шагнал “Эх орны тѳлѳѳ”
    2011 онд “Занабазарын одон”
    2012 онд Япон улсын эзэн хааны “Мандах наран одон”
    2012 онд Кино авардс “Киноны шилдэг хөгжим”
    2019 онд Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар

  • Рэнцэнгийн БАТЦЭНГЭЛ- Зураач

    Зураач

    Монголы нууц товчоог дэлхийд түгээе” сангийн тэргүүн. “Чингис Хаан бүрэн хэмжээний анимейшн кино” төслийн санаачлагч. Түүхэн зурагийн төрлөөр уран бүтээлээ туурвидаг. Монголын нууц товчоог 28 дахь жилдээ зурж байна. “Монголын нууц товчоо түгээмэл эх” 3 цуврал номыг бүтээж цаашид анимайшн кино бүтээхээр зорилго тавин ажиллаж байна. 1995 онд Дүрслэх урлагийн Соёл сургуулийг зураачийн мэргэжлээр төгсөж нууц товчоо, Алтан ургийн түүх, домогоос сэдэвлэсэн уран бүтээлээ туурвиж эхлэсэн. 2002 онд Чингис хаан мэндэлсний 840 жилийн ойн хүрээнд “Алтан ургийн домгийн чуулган” нэртэй анхны үзэсгэлэнгээ гаргаж байсан. Мөн групп хөрөг зурагийн чиглэлээр “Тусгаар тогтнолын төлөө 70 жил”, “Ардчиллын түүчээ- МоАх” зэрэг бүтээлийг туурвисан.

    Ярилцлага унших

  • Халтарын БОЛОР-ЭРДЭНЭ

    Зохиолч

    1975 оны 8-р сарын 15- нд Улаанбаатар хотод төрсөн. 1995 онд монгол хэл бичгийн дээд сургууль, 2000 онд Утга зохиолын дээд сургуулийн сэтгүүлчийн ангийг дүүргэсэн. 2005 онд “Зүрхэнд үйлдвэрлэв” номоороо Сэр-Одын нэрэмжит шагнал, 2010 онд “Би, бид хоёр” номоороо Алтан өд шагнал тус тус хүртсэн. МЗЭ-ийн гишүүн.

    Хүн чанар, амьдралын үнэ цэн, утга учрын тухайд, хүний дотоод сэтгэлд гүн нэвтэрсэн сэтгэлгээний уран бүтээл туурвидаг.

    “Охин минь битгий уйл”, “Цэцэрлэгт учирсан хоёр”,” Үл таних эмэгтэй”, “Би эр хүнд хайртай”, “Хайр ийм өнгөтэй”, “Дурласан цас”, “Хайр” жүжгийн дуу зэрэг дууны шүлэг, “Хишигт”, “Хорин жилийн дараа”, “Муу залуу” зэрэг тууж, “Охины минь дурлах залууд илгээх захидал”, “Хүүгийн минь дурлах бүсгүйд илгээх захидал” өгүүллэг, “Би чамд хайртай-2”, “Ми-15”, “Нарны өнгө”, “Хамтран амьдрагч” кино зохиол зэрэг 100 гаруй өгүүллэг, тууж, кино зохиол туурвисан.

    БҮТЭЭЛҮҮД

    2002 он “Нүцгэн шөнө”
    2004 он “Зүрхэнд үйлдвэрлэв”
    2009 он “Диваажингийн хоригдлууд”
    2013 он “Би бид хоёр”
    2013 он “Болор туужууд” сэтгэлгээний богино өгүүллэг, туужийн түүврүүдээ тус тус хэвлүүлсэн.

    https://www.facebook.com/bolorerdene.writer

  • Сүрэнжавын ДЭЛГЭРЦЭЦЭГ

    Би бага цэцэрлэгт байхдаа мандалин тоглож сурсан. Анх цэцэрлэгийн багшаараа ”Нараа нараа нааш ир“ гэдэг дууг заалгаж тоглож сураад маш их баярлаж байж билээ. Цэцэрлэгт яваад ирэхэд аав маань миний төрсөн өдрөөр мандалин авч өгч байсан нь одоо миний мэргэжлийн гараа болсон болов уу гэж боддог. Сургуульд ороод янз бүрийн дугуйлан секцэнд хамрагддаг байлаа. Хөнгөн атлетик, уртын харайлт, дуу хөгжмийн дугуйланд суралцдаг байлаа. Багш нар маань намайг булаалцалдаад бөөн юм болдог байсан. Биеийн тамирын багш Батчулуун, дуу хөгжмийн багш Бадамгарав багш нар нэг өдөр миний нүүрэн дээр муудалцаад, “Чи аль нэгийг яг одоо сонго” гээд, тэгээд би Батчулуун багшийгаа орхисон доо. Түүнээс хойш багш маань бяцхан гомрохдогч гэсэн хэзээ хойно надад “Чи зөв сонголт хийсэн” гэж хэлж байсан. Увс аймгийн 10 жилийн 2-р дунд сургуульд сурч байхдаа сургуулийнхаа урлаг соёлын ажилд илэвхтэй оролцож, Тува Монголын харилцаагаар аялан тоглолт хийж явдаг байсан. Манай орос хэлний Ядмаа гэдэг багш маань биднийг удирдаж Тувад аялан тоглуулж биднийг Урлаг соёлын ажилд оролцуулдаг байлаа. 10-р ангиа төгсөөд Увс аймгийн Залуучуудын холбооны дэргэдэх “Цаг үе“ залуучуудын страд дууны хамтлагт 1 жил ажиллаж байх тэр үед УБ хотоос Соёлын коллежид элсэлт авахаар хүмүүс ирсэн. Хөгжмийн зохиолч С.Задгай багш /”Хүүгийн бодол“дууны ая зохиогч/ маань намайг шалгаруулж авч байж билээ. Энэ шалгаруулалтанд 100 гаруй хүүхэд уран сайханчид ганцхан хуваарь дээр өрсөлдөж байсан. Би 108 дахь хүн байлаа. Шалгалт дууссаны дараа 108 дахь хүүхэд ороод ир гэхэд итгэж ядаад сандарч байсан. Тэгээд нэг сонин уншуулаад “За юун тухай уншив. Утга санааг нь ярь” гэдэг байгаа. Би хөлс гараад “Өөрчлөн байгуулалт, шинэчлэлийн тухай” гэхээс өөр юу уншсанаа ч санадаггүй. Уран тод унших юм байна гээд хичээгээд л уншсан. Тэгээд за гараад байж бай гэсэн. Гадаа гараад сандраад тайвширч чаддаггүй. Манай найзууд чи лав тэнцсэн байхаа гээд л. Төд удалгүй 108 ороод ир гээд, миний гарыг үзээд л, за гэрлүүгээ маш хурдан яваад 1 хувь зураг аваад ир гэдэг байгаа. Би ч галзуу юм шиг гүйсээр амьсгаадаад орж ирэхэд, аав ээж сандраад юу болов солиотой юм шиг хүн цочоогоод гээд загнаад, сургуульд тэнцсэн гэдгээ хэлж, зургаа аваад аавыгаа дагуулаад очиж томилолт авч байсан юм. Ингээд намар УБ хот руу нисэж ирж байлаа. 1991- 1994 онд суралцаж төгссөн. Мэргэжилдээ маш дуртай.

    2005 онд Баянхонгор аймгийн ЗДТГ, НБХэлтэс Хүүхдийн төлөө төв, “Хүүхдийн Тэмүүжин Театраас “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил“- ийн ажлын хүрээнд зохиогдсон Монгол Улсын Урлагийн гавъяат зүтгэлтэн Төрийн Соёрхолт хөгжмийн зохиолч Г.Бирваагийн нэрэмжит “Яруу эгшиг“ өсвөрийн гоцлол хөгжимчдийн улсын уралдаанд Увс аймгаас төлөөлж сурагчдаа оролцуулж байлаа.

    Монгол ардын дуугаа өвлүүлэх ажил маань 2008 оноос өнөөг хүртэл тасралтгүй үргэлжилж байна. Миний шавь Энхболдын Энхманлай, Энхболдын Энхнаран нарын маань ээж Р.Дэлгэржаргал бид цагийн аясаар сайн найз, сайхан нөхөрлөлтэй болж үзэл бодлоороо нэгдэж 2010 онд Галбингаа ардын дуу хуурын сургалтын төвөө нээн ажиллуулж байна.

    2009 онд “Монгол ардын дуугаа өвлөн дуулцгаая” анхны бие даасан тоглолтонд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирж дэмжсэн нь маш бахархалтай. Ийнхүү “Монгол эгшиглэн” хамтлаг маань Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл доорх хамтлаг болж чадсан юм. 74-р цэцэрлэгийн хүүхэд багачууд 2009 оны сар шинийн 2-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн гэрт зочилж шинэлсэн юм. Тэр үед “Дээлтэй монгол” хөдөлгөөн өрнөж биднийг дэмжиж хамтарч ажиллаж байлаа. Учир нь хүүхдүүд маань үндэснийхээ хувцасыг өмсөж гоёж ардынхаа дуугаа гайхалтай сайхан дуулж байлаа. Энэ үеэс цэцэрлэг, сургуулийн хүүхдүүд үндэсний хувцасаа өмсөх сонирхолтой болсон. Ардын сайхан дуугаа гайхалтай сайхан дуулж үеийн хүүхдүүдэд үлгэр дууриал болж байлаа.

    Би 2010- 2011 онд ажлаа түр орхиод цомгийнхоо уран бүтээл дээр ажилласан. Учир нь ажлаа хийнгээ уран бүтээл хийхэд дарга маш их хавчиж, дарамталдаг байсан аргаа бараад 1 жил гаран ажлаа орхисон. Сайн ажилласаныхаа төлөө маш их гадуурхагдаж байлаа. 74-р цэцэрлэгийн эрхлэгч байсан Б.Баянмягмар арга зүйч Л.Нэргүй ажлын үнэлгээг байнга дарж цэвэрлэгчээс дор үнэлдэг байсан баримт ч бий. Энэ 2012- 2013 оны хичээлийн жилд СБД-ийн 16-р сургуульд хөгжмийн багшаар ажиллаж байна.

    2013 онд СБД-ийн 16-р сургуулийн нээлттэй хичээлийн Ур чадварын уралдаанд 2-р байр

    2013 онд Нийслэлийн 373 жилийн ойн хүрээнд ”Найрал дуу- 20“ улсын урлагийн наадамд “Ерөөлөөр учирсан миний монгол” 70 хүүхдийн хор дууг дуулуулж “Шилдгийн шилдэг” найрал дуугаар шалгарлаа;

    https://www.facebook.com/YaruuEgshiglen/
    https://www.facebook.com/delgertsetseg.surenjav