Category: уран-бүтээлч

  • Энхбаатарын ЭМҮЖИН- Хийлч

    Консерваторийн Сонгодог хөгжмийн сургуулийн 10-ийн “А” ангийн сурагч. Мэргэжлийн багш Д.Галбадрах, БТА, СТА, докторант Д.Жаргал

    Э.Эмүжин ХБК-д 2011 онд элсэн орсон бөгөөд хийл хөгжмийн мэргэжлийн Д.Жаргал багшийнхаа удирдлагад амжилттай суралцаж, эх орондоо болон гадаад орнуудын тайзнаа удаа дараа амжилт гаргаж, багш нараа, ээж, ааваа баярлуулж ирсэн түүхтэй. Оросын холбооны Буриад улсад болсон “Найдал” олон улсын уралдааны 2,3 дугаар байр эзэлж байв.2014 онд БНЧУ-д болсон тус улсын алдарт хийлч Косианы нэрэмжит өсвөрийн хийлчдийн олон улсын уралдаанд III байр, ОХУ-д болсон “Новые имена” олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлсэн. Эдгээр болон бусад үзүүлэлтээр 2016 онд “ХБК-ийн шилдэг сурагч” болов. Дараа жил нь мөн БНЧУ-д болсон тус улсын алдарт хийлч Косианы нэрэмжит өсвөрийн хийлчдийн олон улсын уралдаанд дахин III байр эзэлсэн. Тухайн жилд сургуулийнхаа “Шилдэг уран бүтээлч сурагч” өргөмжлөл хүртсэн бөгөөд улмаар Монгол Улсын шилдэг хүүхдээр тодорсон юм.Казахстан улсад 2017 онд болсон П.И.Чайковскийн нэрэмжит залуу хөгжимчдийн X уралдаанд оролцохдоо Шүүгчдийн нэрэмжит шагнал хүртэж байлаа. Мөн тухайн жилд Ардын жүжигчин Ж.Чулууны нэрэмжит өсвөрийн хөгжимчдийн XI уралдааны ”Б” ангилалд тэргүүн байр эзэлсэн.Сурагч Э.Эмүжин эдүгээ хийл хөгжмийн мэргэжлийн багш Д.Галбадрахын удирдлага дор суралцаж байгаа бөгөөд 2019 онд Монгол Улсын Консерваторид болсон чавхдаст хөгжимчдийн “Талант” анхдугаар уралдаанд тэргүүн байр эзэлж, Гран при шагнал хүртсэн юм.

    2005 онд УБ хотод төрсөн.

    2011 онд ХБК-д элсэн орсон.

    • 2013 он АНУ – ын  Нью-Йорк хот “Crescendo competition-2013”  олон улсын уралдааны 2-р байрт шалгарч Carnegie hall театрт шилдгүүдийн хамт гала тоглолтонд оролцсон.
    • 2014 он ОХУ-н Буриад улс “Найдал-2014” олон улсын уралдааны 3-р байр
    • 2014 он Тайвань улсад зохиогдсон хөгжмийн их наадам
    • 2015 он БНЧех улс 57 дахь удаагийн “Kocian competition-2015” олон улсын уралдааны 3-р байр
    • 2016 он ОХУ-ын Новосибирск хот П.И.Чайковскийн нэрэмжит залуу хөгжимчдийн 9-р уралдаан
    • 2016 он ОХУ-ын Хабаровск хот “Новые Имена-2016” олон улсын уралдааны “Тэргүүн байр”
    • 2016 он БНЧех улс 58 дахь удаагийн “Kocian competition-2016” олон улсын уралдааны “В” ангилал Тусгай байр
    • 2016 он Хөгжим бүжгийн коллеж үүсч хөгжсөний 80 жил, Утсан хөгжмийн тэнхим үүсэн байгуулагдсаны 60 жилийн ойд зориулан “МӨРӨӨДЛИЙН ЗҮГ” бие даасан тоглолтоо амжилттай хийсэн.
    • 2016 он Гарамгай хөгжимчдийн “Virtuoso Gala Concert – 2016”-г нээж тоглосон.
    • 2017 он Төрийн шагналт Ардын жүжигчин Ж.Чулууны нэрэмжит өсвөрийн хөгжимчдийн 11-р уралдаан “В” ангилалд 1-р байр
    • 2017 он БНЧех улс 59 дахь удаагийн “Kocian competition-2017” олон улсын уралдааны “В”ангилал Тусгай байр
    • 2017 он БНКазакстан улс Астана хот П.И.Чайковскийн нэрэмжит залуу хөгжимчдийн 10-р уралдааны шүүгчдийн нэрэмжит “Надежда” шагнал
    • 2017 он МУ-ын “Төрийн хүндэтгэлийн концерт”-нд цохивор хөгжмийн чуулга болон симфони оркестртой хамтран Хэнтийн өндөр ууланд зохиолыг тоглосон
    • 2017 он Хөгжим бүжгийн сүлд дууны хийлийн гоцлол
    • 2017 он МУК-ийн 80 жилийн ойд зориулсан сонгодог урлагийн “Masterpiece” art & Classic Concert оролцон тоглов
    • 2017 он “Мөрөөдлийн зүг – 2”  тоглолтоо хийсэн.
    • 2017 он МУКонсерваторийн 80 жилийн ойн нэгдсэн тоглолтонд оролцон тоглов.
    • 2017 он Гарамгай уран бүтээлчдийн “Virtuoso Gala Concert-2017” оролцон тоглов.
    • 2017 он МХНайрамдал төвийн шинэ жилийн “Харшийн сүлд модны наадам”-д оролцон тоглов.
    • 2017 он “Crescendo competition-2017” олон улсын уралдаан 1-р байр
    • 2018 он ОХУ, Буриад улсад зохиогддог “Найдал-2018” олон улсын уралдаан 2-р байр
    • 2018 он БНЧех улс 60 дахь удаагийн “Kocian competition-2018” олон улсын уралдааны “С”ангилал 3-р байр
    • 2018 он Монголын хүүхдийн Анхдугаар урлагийн наадамд МУК-ийн үндэсний хөгжмийн оркестр, морин хууртай хоршин тоглов.
    • 2019 он “Талант- 2019” утсан хөгжимчдийн  фестиваль – ГРАНПРИ шагнал
    • 2017 он ХБНГУ-ын “Minguet quartet” хамтлагийн мастер класс
    • 2017 он ОХУ Москвагийн П.И.Чайковскийн нэрэмжит ХДС-ийн проффессор Э.Грачийн мастер класс
    • 2017 он П.И.Чайковскийн нэрэмжит 10-р уралдааны АНУ-ын шүүгч Э.Шмидерийн мастер класс
    • v 2015, 2016 он Сүхбаатар дүүрэг “Шилдэг сурагч”
    • v 2016 он Хөгжим Бүжгийн Коллежийн “Шилдэг сурагч”
    • v 2016 он “Нийслэлийн шилдэг авьяаслаг хүүхэд”
    • v 2017 он ОУХНайрамдал төвийн “Хүрэл” медаль
    • v 2017 МУК-ийн 80 жилийн ойн  “Шилдэг сурагч”
    • v 2018 он ОУХНайрамдал төвийн “Алтан” медаль
    • v 2017-2018 оны хичээлийн жилийн МУКонсерватори, ХБК-ийн “Шилдэг уран бүтээлч сурагч”
    • v 2017 он “Монгол улсын шилдэг хүүхэд” тус тус шагнагдсан.
  • Чинбатын ЭНХТҮВШИН- Арьсан хүүхэлдэй урлалын мастер, Монгол баатрын дүр хөгжүүлэгч

    Харахад амьд мэт, барихад аргал үнэртсэн өвөрмөц дүр төрхтэй, монгол ахуй соёлыг агуулсан “N’COOSH” брэндийг “Өөр мэдээ” онцлон танилцуулж байна. Оюуны өмчийн хуулиар баталгаажуулсан зохиогчийн эрхийн гэрчилгээтэй анхны монгол хүүхэлдэйнүүд гадаад улс орнуудын үзэсгэлэнг чимэх болжээ. Өвөг дээдсийн өв их уламжлалыг ахуйн соёлоор дамжуулан ирээдүй хойч үедээ үлдээх,дэлхийд монгол хүүхэлдэйн брэндийг тамгалж үлдээх хүсэл өвөрлөж яваа хүүхэлдэй урлаач Ч.Энхтүвшинтэй ярилцлаа.

    -Таны тухай анх сонсоод эмэгтэй хүн гэж бодсон. Яагаад хүүхэлдэй урлах болов?

    -Би СУИС-ийн ДУС-ийг чимэглэх урлагийн ангийг Я.Эрдэнэчимэг багшийн удирдлагад сурч төгссөн. Бидэнд монгол гар урлал, эсгий урлал, нэхмэл, хатгамал, арьсан урлал гээд бүгдийг заасан. Уран бүтээлч хүний хувьд Монголын нүүдэлчин иргэншлийн ахуй, өв соёл устаж байгаад эмзэглэдэг. Тиймээс уран бүтээлээрээ дамжуулж монгол ахуйг яаж авч үлдэх вэ, хойч ирээдүйдээ ямар байдлаар дамжуулах вэ гэж боддог байлаа. Тэгээд хүүхэлдэйн урлагаар монгол ахуйн соёлыг харуулж болох юм гэж зориглон 2005 оноос хийж эхэлсэн.

    Одоо дэлхий дээр гар урлал хамгийн үнэ цэнэтэй урлаг болсон. Манайхаас бусад оронд маш өндөр үнэлэгддэг юм билээ. Монголчууд бусдын хийсэн брэнд гэх зүйлсэд хошуурч байдгаас өөрсдийн үнэ цэнэтэй зүйлсийг мэддэггүй.

    -Та гадаадад хэдэн хотод үзэсгэлэнгээ гаргав?

    -2006 онд National Geographic -ийн урилгаар Монголоо төлөөлж АНУ-д анхны үзэсгэлэнгээ гаргасан. Түүнээс хойш Атланта, Техас, Сан Франциско, Сингапур хотуудад гаргаж байлаа. Эх орондоо 2006 онд “Монгол костьюмс” компани дээр 208 ширхэг хүүхэлдэйн үзэсгэлэн дэлгэсэн. Хамгийн сүүлд хэд хоногийн өмнө Японд томоохон үзэсгэлэнд оролцоод ирлээ. Манайд хүүхэлдэйн урлагаар үзэсгэлэн гаргасан хүн байдаггүй. Миний хүүхэлдэйнүүд Монголын нүүдэлчин ахуйг харуулдаг. Энэ нь энгийн үндэсний хувцастай хүүхэлдэйнээс өөр юм.

    Өвөг дээдэс маань хүүхэлдэйн урлагаа маш баялаг уламжилж үлдээжээ. Нүүдэлчин иргэншлийн онцлог нь өв соёлоо бичиж үлдээдэггүй. Үгнээс үгэнд, сэтгэлээс сэтгэлд, оюун санаасаа оюун санаад дамжуулж ирсэн. Бидний цус генд энэ бүхэн унтаа байдалтай байна. Минийх 2005 онд сэрсэн юм байлгүй, гэнэт л хийж эхэлсэн. /инээв/

    -Нүүдэлчин ахуйг хүүхэлдэйгээр дамжуулж гаргахын тулд судалгаа их хийсэн үү?

    -Би Монгол Японы хамтарсан “Чингис хаан”, “Үхэж үл болно”, Якутын “Тайна Чингис” зэрэг түүхэн киноны хувцас хэрэглэл, гэр барааг хийсэн. “Хар хорин” захын н.Лхагвасүрэн гэдэг хүний захиалгаар 100 баатрын хувцсыг зэр зэвсэг, эмээл, морины хуяг, их хэнгэрэг зэрэг иж бүрдлээр нь хийж өгсөн. Энэ бүгдийг хийхийн тулд маш их судалсан. Археологийн олдворуудаар гарын авлага болгож XIII зуунд монголчууд юу өмсч, хэрэглэж байсан бол гэсэн бодолдоо тулгуурлаж нөгөө л эд эсэн дэх мэдээлэлдээ хөтлөгдөж, бодоод сэтгээд, нэг хэсэгтээ зүүд нойрондоо энэ зуунд амьдарч байсан.

    Нүүдэлчин ахуй, соёл иргэншил судалсан, энэ тухайярьдаг хүмүүс голдуу настай түүхч, судлаач,эрдэмтэд байдаг. Харин та залуу хүн хэр нь энэ талынмэдлэг сайтай байгаа нь сайшаалтай санагдаж байна?

    -Хэн ч байсан монгол ахуй, соёлоо мэдэх тусам бусдын соёлд автахгүй болно. Ирээдүйд зөв алхам хийж, зөв амьдарья гэвэл үүх түүх рүүгээ заавал эргэж харах ёстой. Учир нь өнгөрсөн цагт монголчууд хүчирхэг байсан. Ирээдүйд дахин хүчирхэгжих үндэс өнгөрсөн цагт байна. Одоо бол монголчууд бусдын оюун ухаанаар бүтээгдсэн технологийн хөгжлийг ашиглаж байна. Автомашин нисдэг болох нь цаг хугацааны асуудал болчихоод байхад магадгүй ирээдүйд эмч хүний оронд робот, техник хүнийг эмчилж, хагалгаа хийдэг болох биз.

    Монголын нүүдэлчин иргэншил дотор асар их баялаг бий. Гэхдээ дэлгүүрээр дүүрэн шүдэнз, асаагуур байхад галаа манаж чулуугаар асаая, зөвхөн дээлээ өмсье гээд байвал хэн ч хүлээж авахгүй, харин ч ад болно. Би бүгдийг хүлээн зөвшөөрдөг ч хэт туйлшрахгүй өнгөрснөөс юу авч ирээдүйд ашиглах боломж байгааг судлах ёстой гэж боддог. Тухайлбал, цавууг монголчууд ясаар, арьсаар, эврээр хийдэг байж. Энэ уламжилж ирсэн технологийг сэргээж орчин үеийн техникийг ашиглаад дэлхийд гайхуулах монгол брэндийн цавуу хийх боломжтой.

    -Бид өнгөрсөн үеэ хойч үетэйгээ холбох дамжуулагчийн үүргийг гүйцэтгэх ёстой. Үүнд таны уран бүтээлямар онцлогийг шингээж байна?

    -Би хүүхэлдэйгээ арьс, үс, яс, хумс гээд малын ашиг шимээр хийдэг. Гаднаас нэг ч түүхий эд, материал авдаггүй учраас Монголын эдийн засагт шууд хөрөнгө оруулалт болно. Нэг ёсондоо хоосон орон зайнаас бүтээсэн баялаг юм. Нүүдэлчин өвөг дээдсээс өвлөгдөж ирсэн ахуйн соёлд тулгуурлан зөвхөн монголд байгаа бүтээгдэхүүнээ ашиглаж хүүхэлдэй хийж байна. Энд эдийн гэхээс илүү өв соёл, ёс заншил гэсэн эдийн бус ашиг сонирхол их бий.

    Улс орон болгон өөрсдийн гэсэн хүүхэлдэйн брэндтэй. Оросыг матрёшка, Японыг Шоко, АНУ-ыг барби төлөөлөх жишээтэй. Дэлхий даяар хүүхэлдэйг Барби төлөөлж байна.

    Миний хийсэн хүүхэлдэйг хүлээн зөвшөөрч чадвал Монголын брэнд болох байх. Хамгийн гол нь хэн ч хийсэн бай Монголыг төлөөлөх хүүхэлдэй өнгөн талаас илүүтэй цаад гүн ухаан утга учир өв соёл уламжлалыг харуулдаг байгаасай гэж хүсдэг. Тиймээс “N’COOSH” нэртэй хүүхэлдэйн брэндийг гаргаж оюуны өмчөөр баталгаажуулсан.

    -N’COOSH брэнд хэдэн төрөлтэй вэ?

    -Айл гэрт хэдэн гишүүн байдаг билээ тэр бүгдийг урласан. Гэхдээ бүгд өөр өөрийн онцлогтой, дахин давтагдашгүй. Яг л хүн шиг. Би баян биш ч хүүхэлдэйгээ худалдаалах зорилгоор хийдэггүй. Хамгийн гол нь Монголыг дэлхийд төлөөлөх брэнд болж үлдээсэй гэж хүсдэг.

    Сонирхолтой нь хүүхэлдэйг бид хүн төрөлхтөний сүүлийн үеийн бүтээл гэж боддог. Гэтэл Хүннүгийн үеийн булшнаас 108 ширхэг жижигхэн хүүхэлдэй гарч ирсэн байдаг. Торгон даавуун хувцастай, нүүрийг нь цагаанаар будаж, нүд хөмсгийг нь зурчихсан, үсийг нь дээш нь овоолж хөндлөн чагт хийсэн маш нарийн хийцтэй хүүхэлдэй байсан. Модоор урласан мориных нь хөл хөдөлдөг байх жишээтэй. Энэ олдворуудыг огт дэлгэж үзүүлэхгүй байгаа юм. Гадагшаа гаргачихсан юм болов уу. Тэгэхээр хүүхэлдэй гэдэг зүйл хүн үүссэн цагаас байсан юм бишүү гэж бодож байна.

    -Өнөөдрийг хүртэл хэчнээн хүүхэлдэй урлаад байна. Таны хүүхэлдэйнүүдээс аргалын утаа үнэртэх юмбилээ?

    -Ойролцоогоор 2000 гаруй хүүхэлдэй үйлдвэрлэсэн байх. Нарийн тоо байхгүй. Брэнд болгохын тулд загвар хийц төдийгүй эд материалын хувьд хөгжиж байх ёстой. Миний хүүхэлдэйг тэврээд тоглохоос илүүтэй тавьчихаад харж харьцаж байх оюун санааны тоглоом болно. Би сая Японы үзэсгэлэнд оролцохдоо бүх хүүхэлдэйгээ аргалаар утаж авч явсан. Энэ нь нэг төрлийн нянгийн ариутгал юм. Япончууд манай аргалыг судлаад агаарт дэгдэж буй 380 төрлийн бактерийг устгадаг болохыг нь тогтоосон байна. Монголоос нэг кг аргал 35 ам.доллараар авахаар ярилцсан ч Хятадын хилээр гаргахгүй гэсэн юм билээ.

    Нөгөө талаас арьсыг амьтай гэж үздэг учраас чийгтэй газар очоод хэвээ алдах аюултай. Монголчууд дашмагаа хийхдээ шөрмөсөөр оёчихоод, элс чихэж хатаан хус модны нойтон шилмүүс болон аргалаар утдаг байж. Тэгэхээр аргал ямар хэрэгтэй, үнэ цэнэтэйг мэдээд өвөг дээдэс маань хэрэглэж иржээ. Уламжлал гэдэг ямар их зүйл хадгалж байдгийг зөвхөн энэ жишээнээс харж болно.

    -Хүүхэлдэйгээ хаагуур борлуулдаг вэ. Гадагшаа чиглэсэн менежмент хийж байна уу?

    -Би залуу хүн гэхэд орчин үеийн хэрэглээнд муу. Утас, интернэт нэг их ашиглаад байдаггүй. Хамгийн гол нь хийсэн уран бүтээлээ хүмүүст зөв хүргэх л чухал байна. Тухайлбал, хөхүүр барьсан хүүхэлдэй хийчихээд түүнийгээ тайлбарлахдаа хөхүүр яаж хийдэг, бүлүүр модны онцлог, айрагны тухай гээд бүгдийг судалж, зөв тайлбарлах ёстой.

    Шагай гэх малын энэ жижигхэн яс ямар их утга учир ёс заншил агуулдаг юм бэ гэж боддог. Монголчууд адууны хомоолоор гурван төрлийн цаас хийж, хар өнгийн будаг гарган авч сураа буддаг байсан гээд олон сайхан уламжлал байна. Би өвөө, эмээ нартай их найзална. Тэд монгол ахуй соёлыг тэр чигтээ агуулж байдаг. Тэднийг байгаа дээр уулзаж, гэр хотонд нь очиж хонох юмсан гэж боддог. Монголоо гурав бүтэн тойрчих хүсэл бий. Мэдээж мөнгө их орох байх. Би хотын хүн хэр нь яагаад ийм зүйл сонирхож хүсээд байдгаа миний өвөг дээдсээс ирсэн эд эстэй холбоотой болов уу гэж боддог юм.

    Энэ маягаар хойч үедээ монгол ахуй соёлоо үлдээж чадвал миний уран бүтээл хийж буйн хэрэг бүтнэ. Одоогоор уран бүтээлдээ анхаарч байгаагаас бизнес болгож амжихгүй явна. Уг нь бизнес болгоод олноор нь хийгээд, хайрцаг савтай болгоод, бараа тэмдэгтийн дугаарлалт авдаг болчихвол гадаад зах зээлд гаргаж болох.

    -Уран бүтээл бүр өөрийн төрөх цаг хугацаатай байдаг гэдэг байх аа?

    -Тиймээ, хүүхэлдэй бүрийг урлахад янз бүрийн хугацаа шаарддаг. Нэг хүүхэлдэйг сар хийж байхад, заримдаа гурав хоногт амьдруулах нь ч бий. Хамгийн анхны хүүхэлдэй маань бөө байсан. Би хүүхэлдэйнхээ хэвийг гаргаж бэлдчихээд “өнөөдөр хоёулаа төрхөө олноо, чи яамаар байна” гээд хүүхэлдэйтэйгээ ярьж суудаг юм. Энэ нь нэг ёсондоо сэтгэлээсээ сэтгэл тасалж өгч буй хэрэг юм. Хүүхэлдэй өөрийнхөө донжийг өөрөө л олдог.

    Уран бүтээл эхлэхдээ өөрийгөө хоосолж бэлдэж байгаад санаануудаар дүүрээд ирэхээр нь хийдэг. Нэг төрсөн санаа дахин давтагддаггүй. Сэтгэлээсээ сэтгэл тасалж хийдэг учраас хүүхэлдэйгээ зарж чаддаггүй. Нэг удаа үзэсгэлэнгээ гаргачихаад хүүхэлдэйнүүдээ заруулахаар шавь нартаа өгсөн юм. Гэтэл “Сувинер хауст” тавьчихсан байсныг хараад их хэцүү болсон. Мөнгөтэй бол буцаагаад авчих юмсан гэж бодогдсон шүү. Өөрийн бүх сэтгэлээ шингээж хийдэг учраас миний хүүхэлдэйнүүд өөр өөрийн онцлог араншинтай, амьд болдог.

    -Гадныхан хэрхэн хүлээж авдаг вэ?

    -Тэдний үзээгүй юмыг үзүүлж байгаа юм чинь ангайна шүү дээ. Японд болсон үзэсгэлэнд Осом Бошо гэдэг япон брэнд хүүхэлдэй хийдэг 80 настай хөгшин бий. Би тэр хүнтэй танилцаад хүүхэлдэйгээ үзүүлсэн чинь “Хүүхэлдэй чинь амьтай юм байна” гэж намайг үнэлсэн. Би тэр хүнийг багшаа гэдэг юм. Тэгээд төлөвлөж байгаад сая хамтарч үзэсгэлэнгээ гаргалаа. Япончууд миний хүүхэлдэйг маш их сонирхсон. Японы сонинд миний тухай гарсан. /инээв.сур/

    Тэнд хүүхэлдэй маш үнэтэй. Жирийн худалдаан европ хүүхэлдэй 7-8 сая төгрөгөөр зарагдаж байна. Осом Бошо багшид хоёр тэрбум төгрөгөөр үнэлсэн хүүхэлдэй ч байна лээ. Японы гүнж нарын кимоног хийдэг гараар нэхсэн даавуугаар 30 жилийн өмнө хийсэн юм билээ. Түүнийгээ зарахгүй, хэр баргийн үзэсгэлэнд гаргадаггүй. Сая хамтарсан үзэсгэлэнд гаргасан.

    -Цаашид ямар мөрөөдөл төлөвлөгөөтэй байна.Монгол брэнд болгохын тулд юу хийх вэ?

    -108 цамын хүүхэлдэй хийх бодол байна. Хатгамал, нэхмэл, сийлбэр, баримал, шуумал, дархан гээд олон төрөл нийлж байж бүтнэ. Шарын шашин хөгжих үед 108 цамыг хийхдээ уг үндэс нь бөөгийн филисофи байсан юм билээ. Дамдиндорлигийг замбуулинд буулгахын тулд 108 цам зохиогдсон. Дамдиндорлиг бол эрлэг номун хаан. Нарны бурхан бол хатан нь гэж үздэг. Энэ талаар нэлээд судалсан. 70 см орчим өндөртэй 108 цамын хүүхэлдэй хийхэд надаас маш их ур чадвар, хөдөлмөр шаардана. Алт, мөнгө, шүр, сувд гээд хэрэгтэй бүх зүйлийг ашиглана.

    Хэрэв 108 цамаа хийж чадвал дэлхийн улс орнуудын төв талбай дээр дэг ёсных нь дагуу цамлуулах хүсэл байна. Энэ нь дэлхийн бүх хүн амьтан эрүүл энх, сайн сайхан байгаасай гэсэн зорилготой. Улс орнуудаар явж ирсэн 108 цам маань эх орныхоо төв талбайд дэлхийн сайн сайхан энерги бүгдийг авчирна. Тэгээд жижигхэн музей байгуулж үлдээе гэсэн том хүсэлтэй байна. Биелүүлэхийг хичээх болно.

    https://www.facebook.com/enkht…

    Эх сурвалж: Зууны мэдээ

    Монгол гар урлалын нэгдсэн цомог үзэх

  • Бадамсүрэнгийн БАЯРСАЙХАН- Морин хуурын мастер урлаач

    Мэргэжлийн морин хуур урлаач, мастер, PEGASUS брэндийг үүсгэн байгуулагч, “Bayar & Brothers” ХХК-ий захирал.

    1992 онд “Авьяас цогцолбор” нэртэй Нийслэлийн 93-р сургуульд суралцаж байхдаа Монголын нэрт хөгжмийн мастер  н.Жүгдэр багшийн шавь болж морин хуур урлалд суралцах гараагаа эхлэсэн. 1993 оноос Улсын Үндэсний Хөгжмийн үйлдвэрт Б.Энхболд мастерийн дагалдангаар орж ажилласан. 2002-2004 онд Их Британийн Дурхам хотод алдарт хийлийн мастер Таркюнь Болтоны удирдлаган дор хийл урлал, альто хийл урлалын чиглэлээр сертификат хамгаалсан.

    “2003 онд “Bayar & Brothers” ХХК, 2010 онд Мэргэжлийн Морин Хуур Урлаачдын Холбоо (ММХУХ) зэргийг байгуулан өөрийн урлангийн бүтээлүүдээрээ 2001 онд БНУАУ-д “Олон Улсын Урлаачдын Их Наадам”, 2001 онд Хөх хотод болсон “1000 Морин Хуурчдын Наадам, 2002 онд “Мэргэжлийн Морин Хуур Урлаачдын Уралдаан”-ы дэд байр, 2001, 2002 онд Японд “Made in Mongolia” үзэсгэлэн худалдаа, 2002 он Лондонд “Made in Mongolia” үзэсгэлэн, 2005 он Японд 132 орон оролцсон “Aichi- Expo 2005” үзэсгэлэн яармагт тус тус оролцож 2002 онд ардын урлагийн “Этүгэн” хамтлагийг байгуулан 2001 онд БНХАУ, 2003, 2005, 2006, 2007, 2008 онуудад Япон, 2004 онд АНУ, 2008 онд АНУ-д “ hicago, Lotus World Music” фестивальд Монголоо төлөөлөн оролцож байсан. 

    2009 онд “Төгөлдөр” хийл, морин хуурын сургалт, 2010 онд “PEGASUS” үндэсний амьд хөгжмийн студийг байгуулан урлагийн тоглолт үзүүлбэрүүдээр тогтмол үйлчилгээ үзүүлж байна. Мөн түүний урласан морин хуур АНУ-ын Нью-Йорк дахь дэлхийн хамгийн олон жилийн түүхтэй “SHUBERT CLUB” хөгжмийн түүхийн музейд, 2010 онд АНУ-ын Аризона мужийн Феникс дэх дэлхийн хамгийн том хөгжмийн зэмсгийн музей “MIM-The World’s First Global Musical Instrument Museum”-д тавигдаж дэлхийн улс үндэстний мэлмийн өмнө таашаагдаж байна.

    Ярилцлага унших 

    Нүүр

  • Цэдэнбалжирын АЛТАНХУЯГ- Морин хуурын багш, морин хуур судлал

    Хөгжмийн зохиолч, морин хуурын багш, удирдаач, Морин хуурын багш нарын холбооны УЗ-ийн гишүүн.
    “Хүннү аялгуу” морин хуурын сургалтын төвийн захирал, багш.

    Алтанхуяг (Алтан Аялгуут Мөрөн Хан) нь морин хуурын заах арга зүйн судалгаа, морин хуурын өв соёлын судалгаа, хөгжүүлэлтээр мэргэшиэ ажиллаж буй уран бүтээлч. Ардын язгуур урлагийг орчин үеийн хэрэгцээ шаардлагат нийцүүлэн, орчин цагийн өнгө аясаар хөгжүүлж буй уран бүтээлч юм.

    Хотхиад ястай Цэдэнбалжирын Алтанхуяг 1977 онд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд мэндэлсэн. 

    Мэргэжил: Хөгжмийн багш, Соёл урлагийн менежер.

    БОЛОВСРОЛ
    Эрдэнэт хотын 3-р сургууль, 2000 – 2004 онд Соёлын колледжийг хөгжмийн багш, морин хуурын багшаар дүүргэсэн. 2014 – 2016 онд 2016 онд СУИС-т Соёл урлагийн удирдахуйн ухааны магистрын зэрэг /Хөгжмийн сургалтын төвийг хөгжүүлэх арга зам сэдвээр “Хүннү аялгуу” хөгжмийн сургалтын төвийн жишээн дээр бичиж/ хамгаалсан. 

    Магистрын бүтээлээ хамгаалсан жилээ буюу 2016 оноос эхлэн, уг сэдвийнхээ дагуу хувиараа “Хүннү аялгуу” хөгжмийн сургалтын төв-/ХСТ/-ийг үүсгэн байгуулсан ба байгууллага хэд хэдэн салбар,щт, туслах багш нартайгаар үйл ажиллагаа явуулж байна. Тус төв нь Морин хуур хөгжмийг Хөгжмийн онол, соноршуулга, ерөнхий төгөлдөр хуур, нотны программ зэрэг мэргэшүүлэх хичээлүүдтэй уялдуулан, мэргэжлийн түвшинд чанартай зааж сургадгаараа бусдаас ялгагдах онцлогтой юм. Манай төв хөгжмийн сургалтын төвийн жишгийг тогтоож, цаашлаад хөгжмийн академи болох зорилт тавин ажиллаж байна. Сүүлийн 20 орчим жилийн турш хөгжмийн боловсролын төлөө, тэр дундаа Р.Батбаяр багшаасаа өвлөн авсан төгөлдөр хуураар хөгжимдөх болон Морин хуураар хөгжимдөх арга барилыг СТА маниар Ч.Баатархүү багшаасаа өвлөн авч, түгээн дэлгэрүүлэх үйлст тэргүүлэх байр суурьтайгаар ажиллаж ирсэн бөгөөд энэ хугацаанд Морин хуур хөгжим нь Монгол угсаатны зан үйл, ёс заншилтай хэрхэн холбогддог талаар судалгаа хийж, түүнийхээ мөрөөр уйгагүй үр бүтээлтэй ажилласаар ирсэн.

    АЖЛЫН ТУРШЛАГА
    Өмнөговь аймгийн Ханхонгор суман дахь Мэргэжлийн сургалттай Чандмань цогцолборт Хөгжмийн онол, соноршуулга, ерөнхий төгөлдөр хуурын багшаар ажлын гараагаа эхэлснээс хойш Нийслэлийн СӨБ, ЕБС, МУБИС гэх мэт олон байгууллагуудад багшаар ажилласан.
    “Хүннү аялгуу” хөгжмийн сургалтын төвийг үүсгэн байгуулагч /багш/, “Морин хуураа тоглож сурцгаая” төслийн удирдагч, Монголын морин хуурын багш нарын холбооны ТУЗ-ын гишүүн, Их Монгол Язгууртан ИНБ-ын үндэсний онолын Дэмч багш зэрэг нийхэм рүү чиглэсэн олон талт үйлийг мөрлөж байна. Үндэсний төслийн удирдлагын хүрээлэнд өв соёл морин хуурын судлаач, 

    1997 оноос Эрдэнэт хотноо Хурмаст, Хүрд, The color`s зэрэг хамтлагуудад дуучин

    2002 – 2004 онуудад Өмнөговь аймгийн Хан-хонгор суман дахь мэргэжлийн сургалттай Чандмань цогцолбор сургуульд ерөнхий төгөлдөр хуур, морин хуур, хөгжмийн онол, соноршуулгын багш

    2004 – 2009 СХД – ийн “Ирээдүйн эгшиглэн” морин хуурын чуулгын удирдаач

    2009 – 2016 ЧД – ийн Хүннү аялгуу морин хуурын чуулгын удирдаач

    2016 оноос эхлэн ХУД дахь “Хүннү аялгуу” морин хуурын сургалтын төвийн захирал

    2021 оноос Их Монгол Язгууртан ИНБ-ийн гишүүн, Алтан Дээд ГэрИЭ-ний үндэсний онлын дэмч багш зэрэгтэй. Үндэсний Төслийн Удирдлагын Хүрээлэнгийн Өв соёлын судлаач.

    ОЛОН НИЙТИЙН АЖИЛ

    2000 – 2004 Соёлын колледжийн дотуур байрны оюутны зөвлөлийн дарга

    2000 – 2004 Соёлын колледжийн оюутны зөвлөлийн дэд дарга

    2012 – Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн

    2014 – Нийслэлийн сургагч багш

    АЖИЛЛАСАН ТӨСЛҮҮД

    2006 Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулсан морин хуурын тоглолтонд СХД-ийн морин хуурч уртын дуучдыг бэлтгэсэн багш

    2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн наадмын хүндэтгэлийн тоглолтонд 800 морин хуурчдын бүрэлдэхүүнд 50 суралцагч оролцуулав.

    2010 Төв аймгийн Угтаал цайдам сумын 90 жилийн ойн концертын найруулагч

    https://www.facebook.com/tsedenbaljir.altankhuyag
    https://www.facebook.com/HunnuMusic/

    Морин хуураа тоглож сурцгаая

    Эрхэм зорилго: Монгол орны бүхий л сум багт, цаашлаад Монгол туургатны хэмжээнд үйл ажиллагаа явуулах, морин хуураар дамжуулан үндэсний зан үйл, ёс заншил, язгуур урлагийн олон төрлүүдийг өвлүүлэн, түгээн дэлгэрүүлэх, сурталчилхад бидний эрхэм зорилго оршино.

  • Даши НАМДАКОВ- Дэлхийн нэрт уран барималч, зураач

    Уран барималч, зураач Даш Намдаков буюу Намдагийн Дашням нь Буриадын Чита хотын ойролцоо орших Укурик тосгонд төржээ. Түүний ээж Бүдханд найман хүүхэд төрүүлсний зургаа дахь нь энэ ярилцлагын гол баатар. Тэд удам дамжсан дархан хүмүүс юм билээ. Тэрбээр ихэвчлэн нүүдэлчид, морьтон дайчид, зөвхөн үлгэрт гарч, зүүдэнд нь л үзэгддэг болов уу гэмээр хүн амьтны дүрс зэргийг ихэвчлэн урладаг онцлогтой. Даш Намдаков анх Улаан-Үд хотноо Г.Г.Васильевын урланд ажиллаж эхлээд тэндээсээ Красноярскийн уран зургийн дээд сургууль төгсчээ.

    Энэ барималч анхны үзэсгэлэнгээ Эрхүү хотноо 2000 онд анх гаргаснаар алдаршиж эхэлсэн байдаг. Тэрбээр хүрэл цутгамал хийхээс гадна алт, мөнгө, зэс, гууль, үнэт чулуу, зааны яс, тэр ч бүү хэл адуу малын арьс үс зэргээр бүтээлээ туурвина. Түүний бүтээлүүд Санкт-Петербургийн Эрмитаж, Дорно зүгийн ард түмнүүдийн урлагийн музей, Москвагийн Орчин үеийн урлагийн музей, Нью-Йоркийн “Тибет-Хаус”, Хятадын Гуанжоу хотын Урлагийн музей гээд дэлхийн олон орны музейд хадгалагдахын зэрэгцээ Оросын Ерөнхийлөгч В.Путин, Татарстаны Ерөнхийлөгч асан М.Шаймиев, Москва хотын дарга асан Ю.Лужков, тэрбумтан Р.Абрамович, Германы канцлер асан Герхард Шредер, жүжигчин Ума Турман, кантри хөгжмийн од Вилли Нельсон зэрэг нэр нөлөө бүхий маш олон алдартай хүмүүсийн хувийн цуглуулгад бий. Ер нь түүний бүтээлүүд Герман, Франц, Бельги, Швейцарь, Финланд, Япон, Америк, Тайвань зэрэг олон орны цуглуулагчдийн санд хүндтэй байрыг эзэлдэг. 2002, 2003 онд түүний “Багнууд”, “Жүжигчин” зэрэг бүтээл нь Вампиловын нэрэмжит орчин үеийн урлагийн их наадмын шагнал хүртэж, “Эзэн” хэмээх бүтээл нь Оросын урлагийн академийн мөнгөн медаль хүртэж байв. Мөн Сергей Бодровын “Монгол” киноны зураачаар ажиллаж, үүгээрээ “Ника-2008” кино фестивалиас шилдэг зураачийн шагнал болон “Цагаан заан” шагналын эзэн болжээ. Тэрбээр 2003 онд ОХУ-ын Урлагийн академийн сурвалжлагч гишүүн болж, 2009 онд цуврал үзэсгэлэнгээрээ ОХУ-ын Засгийн газрын урлагийн салбарт олгодог шагналыг хүртжээ.. Түүний үзэсгэлэн эдүгээ ОХУ, БНХАУ, АНУ, Итали, Их Британи, Финланд, Чех, Япон, Франц, Тайвань, Сингапур, Хонгконг, Швейцарь зэрэг оронд тогтмол гарч байна. Даш Намдаков 2014 оноос Лондон хотноо амьдран уран бүтээлээ хийж байгаа билээ.

    https://dashi-art.com/

  • Бадамгаравын БАТ-ӨЛЗИЙ- Урлагийн боловсрол, урлагийн менежмент

    Төгөлдөр хуурч, урлагийн менежмент

    “Эгшиглэн классикал мюзик” ХХК-ийн захирал, Япон улсын хөгмжийн нэрт брэнд болох Kawai корпорацийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч.

     2008 оноос эхлэн бүх нийтийн урлагийн боловсролын чиглэлээр олон төсөл хөтөлбөрүүдийг санаачлан удирдаж байснаас гадна Монголын хүүхэд, залуучуудад зориулсан төгөлдөр хуурын анхны цуврал сурах бичгүүд болох PIANO I, PIANO II болон “Болор төгөлдөр хуурын домог”, “Эгэл ертөнц”, “Зуныг мөрөөдсөн гөлөг” зэрэг номын зохиогч.

    2018 онд Монголын нийт хүүхэд залуучуудад зориулан C channel Education TV буюу Монголын анхны реклам сурталчилгаагүй, улс төргүй, 100 хувь боловсролын телевизийг үүсгэн байгуусан.

    2021 онд “Монгол авъяасыг дэлхийд” гаргах зорилготой Art of Ulaanbaatar төвөө үүсгэн байгуулсан.

    Никитон хамтлаг, дуучин Наран, Hotspot хамтлаг, 3 охин хамтлаг зэрэг рок попын үе үеийн шилдэг уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байснаас гадна “Бид нэг мөрөөдөлтэй” өөрийн бие даасан цомгийг Монголын өнөө цагийн хамгийн шилдэг хөгжимчид, уран бүтээлчидтэй хамтран бүтээсэн.

    АЖЛЫН ТУРШЛАГА
    2002- 2006 он Урлаг гоо сайхны төв ТББ-ын гүйцэтгэх захирал;
    2006- 2007 он Улаанбаатар хотын банкны гадаад харилцаа маркетингийн албаны ахлах мэргэжилтэн;
    2007- 2009 он Капитал банкны маркетингийн албаны захирал, Капитал банкнаас Засгийн газрын 40,000 орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн ахлах;
    2009 оноос UP music production-ийн продюсер;
    2009 оноос Эгшиглэн төгөлдөр хуурын сургуулийн захирал;
    2014 оноос Япон улсын Kawai корпорацийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч;
    2019 оноос C Channel TV-ийн үүсгэн байгуулагч
    2021 оноос Art of Ulaanbaatar төвийн үүсгэн байгуулагч, захирал

    УРАН БҮТЭЭЛ
    2002 онд “Монголын хүүхдийн төлөө үндэсний газар”-ын сүлд дуу болох “Хүүхдэд ээлтэй дэлхий” дууг зохиосон бөгөөд энэхүү дуу нь Монгол орны 21 аймаг, Ази номхон далайн олон улсын хүүхдийн чуулганд Монгол орныг төлөөлөн дуулагдсан.
    2011 онд “PIANO 1” төгөлдөр хуурын сурах бичгийн зохиолч. Дэлхийн шилдэг 21 бүтээлийг найруулан, хөгжмийн онол, түүхийн үечлэлийг багтаасан энэхүү сурах бичиг нь Монголын төгөлдөр хуурын нийтэд зориулсан анхны сурах бичиг юм. Мэргэжлийн сургалтын төвүүд, мэргэжлийн багш нар уг номыг ашиглан сургалтаа явуулдаг ба өнөөг хүртэл Монголын нийтэд зориулсан цор ганц сурах бичиг юм.
    2014 он “PIANO 2” мэргэжлийн түвшиний сурах бичгийн эмхтгэлийг бүтээсэн. Дэлхийн шилдэг хөгжмийн зохиолчдын шилмэл бүтээлүүдийн эмхтгэл ном.
    2014 он “Бид нэг мөрөөдөлтэй” бие даасан цомгоо гаргасан. Цомгийн “Бид нэг мөрөөдөлтэй”, “Бүсгүй”, “Хайр” зэрэг дуунууд нь 2011, 2012, 2013 онуудад ХИТ дуунууд болсон.

  • Чулуунбаатарын ЦОГБАЯР- Түүхэн сэдэвт уран зураач

    Монголын түүхийн сэдвээр уран бүтээлээ туурвидаг Ч.Цогбаяр нь 1975 онд төрсөн.
    1994 онд 10 жилийн 22-р дунд сургууль, 1997 онд “Соёл” коллежийг зураач мэргэжлээр дүүргэсэн. 2002 – 2004 онд БНСУ-д Урлаг, Гүн ухаан судлалаар мэргэжил дээшлүүлсэн. 2005 – 2006 онд АНУ-д зураач мэргэжлээр сурч ажилласан. 2013 – 2017 онууд Адмон, Азхур зэрэг хэвлэлийн компаниудад хүүхдийн номын зураачаар ажиллаж байсан.  2010 оноос өөрийн уран бүтээлүүдээ хийж эхэлсэн ба 2019 оноос чөлөөт уран бүтээлчээр ажиллаж байна.

    1994-1997 онд Дүрслэх Урлагийн “Соёл” коллежийг зураач мэргэжлээр
    2002-2004 АНУ-д урлаг судлалын ажил
    2017-оос чөлөөт уран бүтээлч
    2014-2017 “Адмон” хэвлэлийн компанид хүүхдийн номын зураач
    2010-2013 онд чөлөөт уран бүтээлч.
    2015 онд BLue Moon арт галерейд реалист зураачдын үзэсгэлэн
    2021 он “Түүхийг өртөөлсөн Монгол эрчүүд” анхны бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн

    Уран бүтээлийн үндсэн төрөл: Реалист

    Үндсэн сэдэв: Монголын түүх

    https://www.facebook.com/chuluunbaatar.tsogbayar

    “Түүхийг өртөөлсөн Монгол Эрчүүд”

    Анхны бие даасан үзэсгэлэнгийн тухай:

    Монголын түүхийн эзэд болсон монгол эр хүний үнэт зүйл, мөн чанарыг түүхийн тодорхой цаг үеүүдийн онцлог хэв маягаар гаргаж ирж харуулахыг зорьсон билээ. Өнөө үед Монголын түүх гэхээр сүрлэг баатрууд, дайн байлдаан төдийхнөөр харж бид агуу үндэстэн гэж хоосон цээжээ дэлдэх нь элбэг болжээ. Харин дэлхийн давцанд Монголыг таниулсан агуу түүхийг бүтээж ирсэн агуу хаадаас эхлээд энгийн Монгол хүний хүсэл эрмэлзэл, уужуу ухаан, мөс чанарыг илүү таниулснаар өнөө үеийн залуучуудаа амьдралын зөв хандлага, хүн байх ухааныг ойлгуулах нь уран бүтээлийн маань гол зорилго оршиж байна.

    Энэхүү анхны бие даасан үзэсгэлэнд маань нийт 20 бүтээл тавигдсан. 10 орчим бүтээл нь эртний Киданаас 13-р зууны Монголчуудын амьдралын хэв маягийг харуулсан ба үлдсэн 10 бүтээлийн 19-р зуунд улс орныхоо тусгаар тогтнолын төлөө тэмцэж байсан шилийн сайн эрчүүдийн амьдрал тэмцлийг харуулсан бүтээлүүд орсон байгаа. Уг үзэсгэлэнгээ Монгол Арт Галерейд 2021/03.27 – 04.05-д толилуулсан.

  • Балганы ГАНЗОРИГ- 14 дэх үеийн өв тээгч бий-биелээч, икэл хуурч

    Хотон ястан Шаавай овогт Балганы ГАНЗОРИГ

    14 дэхь үеийн соёлын биет бус өв тээгч, бий-биелээч, икэл хуурч. Хүн байгалийн уялдаа холбоо болсон, нүүдлийн соёлын эрүүл мэнд, энергийн дасгал болсон бий-биелээг түгээн дэлгэрүүлэх үйлсд зорин ажиллаж байна.

    14 үеийн соёлын биет бус өв тээгч Шаавай овогт Балганы Ганзориг нь 1994 онд Увс аймгийн Тариалан суманд Балганы 5 дахь хүү болон мэндэлсэн. Бага наснаасаа аав Балганаар бий биелгээ икэл хуур заалган ардын урлагаа өвлөн тээж явна. 2011 онд ЕБС-иа төгсөн 2012 онд Жигжидын нэрэмжит кино урлагын сургуульд кино найруулагч мэргэжлээр суралцаж 2016 онд төгссөн. 2011 оноос Ардын язгуур урлагын “Алтай ”хамтлагт Биелээч икэл хуурч хөгжимчнөөр ажиллаж байна. 2016 ОНД Идэр Их Сургуульд Аялал жуулчлалын менежер мэргэжлээр элсэн суралцаж байна.

    Дээд үе: Аавын талаас

    1. Бартуун 2. Аккурам 3. Чаак 4. Өрдөг 5. Дуваан 6. Улаанхүү 7. Омбо 8. Цэнд 9. Аюурзана 10. Балжин 11. Дүүдээ 12. Дурмаг 13.Балган 14. Гүрбазар

    Ээжийн талаас:

    1. Хожуу 2. Содном 3.Кукаа буюу Хөх-Аман 4. Түвдэн 5. Сэтэн 6. Гүрбазар

    12-р үе
    Дурмаг нь 1940 онд Увс аймгийн Тариалан суманд Дүүдэйн 2 дахь хүү болон мэндэлжээ. Бага наснаасаа аав Дүүдэйгээр икэл хуур, бий биелгээ заалгажээ. Тэрээр цэргийн алба хааж байхдаа барилгын ажил хийдэг байсан ба тухайн үеийн нийгмийн хөгжлийн бодлогоор Монгол орныхоо барилгын салбарт үр бүтээлтэй ажиллаж улсын тэргүүний барилгачин болж байжээ.

    13-р үе
    Балган нь 1960 онд Увс аймгийн Улаангом суманд Дурмагийн ууган хүү болон мэндэлжээ. Бага наснаасаа аав Дурмагаар икэл хуур, бий биелгээ заалгаж тэрээр бага наснаасаа ардын урлагын наадмуудад оролцож олон тэргүүн байрнуудын эзэн болсон билээ. Эцэг эхээсээ өвлөж авсан авъяасаа үр хүүхдүүддээ өвлүүлэн өгч одоог хүртэл ардын урлагтаа зүтгэж байна. 2008 ардын урлагын наадмаас МУТА цол 2011 онд СТА цол 2012 ЮНЕСКО шилдэг зуун өв тээгчээр батламжлав. 2018 онд зохиогдсон “Нүүдэлчин Монгол” соёлын биет бус өвийн наадмаас Соёлын Биет Бус Өвийг Уламжлагчдыг Алдаршуулах медалиар шагнагдсан.

    Алтай хамтлагын оролцсон төсөл, хамтын ажил

    • – 2014 оны 4-р сарын 9-д “Талын дайчдын өв соёл” үзэсгэлэнд анх удаа Алтай ятгыг эгшиглүүлсэн.
    • – 2014 оны 5 сарын 16-д “Алтай ятгыг дуурьсуулах их ёслол”-д амжилттай оролцсон.
    • – 2014 оны 6 сарын 16-д МУ-ын Ерөнхийлөгч өргөөндөө хүлээн авч уулзсан.
    • – 2014 онд Якут улсын Соёлын яамны сайд Борисовын урилгаар Якут улсын филармонид бие даасан тоглолтоо хийсэн.
    • – 2014 онд Якут улсад болсон “Олонхо” олон улсын язгуур урлагийн наадамд амжилттай оролцсон.
    • – 2014 онд Орсын Холбооны Буриад улсад болсон “Нүүдэлчдийн дуу хоолой” олон улсын наадамд ажилттай оролцсон.
    • – 2015 онд Америкийн “Old Grey Goose” хамтлагтай хамтран тоглосон.
    • – 2015 онд Герман улсад аялан тоглолт хийж байсан.
    • – 2015 онд Парисын “ЮНЕСКО”-ын төв танхимд уран бүтээлээ танилцуулсан.
    • – 2015 онд Турк улсын ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганд зориулсан тусгай арга хэмжээнд урилгаар оролцсон
    • – 2015 оны өвөл Сэлэнгэ аймгийн бүх сумдаар язгуур урлагийг сурталчилж бүтэн сарын аялан тоглолт хийсэн.
    • – 2015 онд Шотландын уран бүтээлчидтэй хамтарч тоглосон.
    • – 2016 онд нэрт ятгач Ч. Мөнх-Эрдэний Буриад улсад зохион байгуулагдсан “Королёва Ятка” тоглолтонд амжилттай оролцсон
    • – 2016 оны хавар МУ-ын шилдэг зохион бүтээгч, хөгжим урлаач Л. Дэмчиггаравын уран бүтээлийг дэмжиж Архангай аймгийн төв болон сумуудаар язгуур урлагаа сурталчилан аялан тоглолт хийсэн.
    • – 2015 – 2016 онуудад олон улсын жазз хөгжмийн GMUB төслийн үйл ажиллагаанд амжилттай оролцож дэлхийн нэр хүндтэй профессор багш нарт Монголын язгуур өв соёлыг танилцуулж байсан.
    • – 2016 оноос Домогт нүүдэлчид – эртний нүүдэлчдийн дуу хуурын асар өргөөг байгуулж Алтай ятга, Аху ятга, Тойром бүжиг зэрэг эртний өв соёлуудыг танилцуулж байна.

     Гавъяа шагнал:

    • – 2010 онд “Биеэр Мэтгэсэн Угалз” бий-биелгээний анхдугаарих наадамд гэр бүлээрээ оролцож тэргүүн байр
    • – 2012 онд Монголын Сурагчдын Холбооноос “Авьяаслаг сурагч” алтан медалиар шагнадсан.
    • – 2017 онд Аялал Жуулчлалын Боловсрол Хөгжлийн Нийгэмлэгээс зохион байгуулсан Монголын аялал жуулчлалын салбарын шилдэг оюутан шалгаруулах арга хэмжээнд оролцож шилдэг 3 оюутаны нэгээр шалгарсан.
    • – 2018 онд ОХУ-ын Халимаг улсад зохиогдсон “Ойрд Түмэн-2018” язгуур урлагийн наадмаас үндэсний шилдэг бүжгийн номинацид тэргүүн байр эзлэсэн.
    • – 2018 онд Монголын Ногоон Уламжлал Сангаас зохион байгуулсан “Ногоон Уламжлалаа Хамтдаа Хөгжүүлье” аяны хүрээнд эрдэм шинжилгээний хуралд оролцож 4-р байранд шалгарсан.
    • – 2018 онд МЗХ-оос 24 дэх жилдээ зохион байгуулсан “Эврика-2018” эрдэм шинжилгээний их хуралд оюутан судлаачийн ангилалд “Бий-биелгээ хүн байгалийн уялдаа холбоо болох нь” хэмээх сэдвээр илтгэл тавьж Монгол Улсын шилдэг 3 оюутаны нэгээр шалгарсан

    Алтай хамтлагт:

    • – 2012 оны UBS телевизийн “Ногоон ирээдүй” төслийн Эко элч хамтлаг
    • – 2014 онд Якут улсад болсон “Олонхо” олон улсын язгуур урлагийн наадамд амжилттай оролцож Шилдэг уран бүтээл, шилдэг хамтлаг, шилдэг хөгжимчний шагналыг авсан. Мөн Якут улсын соёлын яамны “Талархал” авсан.
    • – 2014 онд Орсын Холбооны Буриад улсад болсон “Нүүдэлчдийн дуу хоолой” олон улсын наадмын олны талархал хүлээсэн хамтлагаар шалгарсан.
    • – 2014 онд Монгол улс дахь АНУ-ын элчин сайдын яамны “Талархал” 
    • – 2015 онд Дэлхийн Хөөмэйн Нэгдсэн Холбооны “Оны шилдэг хөөмэйн хамтлаг” – аар шалгарсан.
    • – 2016 онд “Авъяаслаг Монголчууд” шоуны шилдэг хамтлаг
    • – ӨМӨЗО, Тайвань, ОХУ, БНТУ-ын засгийн газрын урилгаар тусгай арга хэмжээнд бие даан оролцож байсан.
    • – 2018 онд ОХУ-ын Халимаг улсад зохиогдсон “Ойрд Түмэн-2018” язгуур урлагийн наадмаас үндэсний шилдэг хөгжмийн номинацийн шагнал хүртсэн.

    https://www.facebook.com/balga…

    https://www.facebook.com/Altai…

  • Лхагвасүрэнгийн ЭНХМӨНХ (Desimoogn)- График дизайнер, брэнд хөгжүүлэлт


    Дизайнер, урлаач, бүтээгдэхүүний дизайнер

    Энхмөнх буюу Desimoogn нь үе дамжсан уран дархан, уран бүтээлч бөгөөд график дизайн тэр дундаа брэнд, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн томоохон төслүүдэд ажилласан туршлагатай. Мөн үе дамжсан урлалаа хөгжүүлэн орчин үеийн хэрэгцээ шаардлагат нийцүүлэн ган сийлбэртэй хөөмөл арслантай авдар, цутгамал шатар зэрэг бүтээгдэхүүнийг урлан бүтээсэн юм.

    1984 оны 4 сарын 24-нд төрсөн. Нийслэлийн 48-р сургууль, 1997- 1999 онд Гандийн нэрэмжит үйлдвэрлэл урлалын сургуулийг График дизайнер, 2000- 2004 онд СУИС, Дүрслэх урлагийн сургуулийг Чимэглэх зураач мэргэжлээр төгссөн.

    АЖЛЫН ТУРШЛАГА

    2016 оноос Marshall entertainment Зураач, дизайнер

    2015- 2016 Mongol ID LLC Дизайнер

    2008- 2012 Grafx design studio Дизайнер

    2005- 2008 Gem international LLC Дизайнер

    2004- 2005 Dazzle design studio Дизайнер

    2003- 2004 Cordinat LLC Дизайнер

    АЖИЛЛАСАН ТӨСЛҮҮД

    2016 Steppe Cashmere брэндинг хөгжүүлэлт

    2016 Гацуурт брэндинг хөгжүүлэлт

    2015 он Монгол хатгамал бүтээгдэхүүний эх загварын зураач

    2015 он Эльмар Гасанов Монголд төслийн цогц дизайн

    2014 он KAWAI МОНГОЛ төслийн цогц дизайн

    БҮТЭЭЛҮҮД

    Moog Design by CREATIVE MONGOLIA on Scribd

  • Доржийн Золбаяр- Нэрт кино найруулагч

    “Ээждээ л үнсүүлэхсэн”, “Үхэж үл болно- Чингис хаан”, “Аравт” , “Чингисийн хүүхдүүд” зэрэг монгол ахуй, зан заншил, өв соёл, монгол дархлаа, үнэт зүйлээ чиг шугам болгож уран бүтээлээ туурвидаг нэрт найруулагч. Монгол кино урлагийг олон улсын тавцанд хөгжүүлэн гаргахад үнэт хувь нэмэр оруулж яваа Монголын кино урлагийн энэ үеийн зүтгэлтэн.

    1972 оны 7 сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг.

    БОЛОВСРОЛЫН МЭДЭЭЛЭЛ

    1990-1994 он Цагдаагийн Дээд Сургууль. /Хуульч, Командын офицер/

    1994-1998 он Кино Урлагийн Дээд Сургууль. /Кино найруулагч/

    УРАН БҮТЭЭЛ

    1996 он. “Амур” уран сайхны кино. Найруулагч.

    1998 он. “Нэгэн шөнийн явдал” уран сайхны кино. Найруулагч.

    1999 он. “Алуурчин бэлтгэх дамжаа” уран сайхны кино. Продюссер.

    2001 он. “Янаг дурлалын дууль” уран сайхны кино. Найруулагч, эвлүүлэгч.

    2001 он. “Шар хэвлэл, нөхөд ба дайсан” баримтат кино. Оператор.

    2002 он. “Ээждээ л үнсүүлэхсэн” уран сайхны кино. Найруулагч, оператор, эвлүүлэгч.

    2002 он. “Шөнө шөнөөсөө ялгаатай юу” уран сайхны кино. Оператор.

    2002 он. “Сэргээш-1” хошин кино мюзикл. Оператор. Эвлүүлэгч.

    2003 он. “Сэргээш-2” хошин кино мюзикл. Оператор. Эвлүүлэгч.

    2003 он. “Мөргөлийн замд” Монгол-Германы хамтарсан баримтат кино. Оператор.

    2005 он. “Сэргээш-3” хошин кино мюзикл. Оператор. Эвлүүлэгч.

    2005 он. “Усны үнэр” уран сайхны кино. Зохиолч, найруулагч, оператор.

    2006 он. “Ийм нэгэн дурлал” уран сайхны кино. Оператор.

    2007 он. “Надтай гэрлээч” уран сайхны кино. Оператор.

    2008 он. “Үхэж үл болно- Чингис хаан” уран сайхны киноны 1-р найруулагч.

    2011 он. “Учиртай гурав” уран сайхны кино. Найруулагч.

    2012 он. “Аравт” БНХАУ-ын ӨМӨЗО-ны хамтарсан уран сайхны кино. Найруулагч. Продюссер  (англи, франц, герман хэлээр орчуулагдсан)
    2016 он. “Хайрын клуб” уран сайхны кино. Зөвлөх найруулагч.

    2017 он. “Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино. Зохиолч, найруулагч, продюссерээр  тус тус ажилласан.

    АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ

    1997 онд найруулагч Р.Батсайханы хамт “Nirun film studio” үүсгэн байгуулж найруулагчаар ажиллаж байсан.

    2002 онд “Mongol film studio” үүсгэн байгуулж захирал, найруулагч.

    2009 онд “Mongol film group” ХХК-ийн захирал, найруулагч.

    2009 онд Монголын Урлагийн Ажилчдын Холбооны Киноны нийгэмлэгийн тэргүүнээр сонгогдсон.

    2012-1016  он. СУИС-ийн ТДУС-ийн кино найруулагчийн ангийн багш.

    2012 онд Монголын Кино Урлагийн Зөвлөлийг үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн гишүүн.

    2012 онд “Mongol film group” ХХК-ийн ТУЗ-ийн дарга.

    2016 он. “Монгол фильм хөгжлийн сан хөмрөг” ТББ-ын ТУЗ-ын дарга

    ШАГНАЛ

    2005 он. “Усны үнэр” кино зохиолоор “Шинэ алхам” кино зохиолын уралдаанд тэргүүн байр эзэлсэн.

    2007 он. “Соёлын тэргүүний ажилтан” цол, тэмдэгээр шагнуулсан.

    2013 он. “Аcademy avards 2013” наадмын “Шилдэг найруулагч”, “Шилдэг кино” шагналыг хүртсэн.

    НОМ

    2006 он. “Шоу бизнесийн хаан- КИНО” шүүмж, нийтлэлийн номыг бичиж хэвлүүлсэн.

    2008 он. “Үхэж үл болно- Чингис хаан” уран сайхны киноны “Түүхэн кино- кино түүх” номын редактор.

    2017 он. “Кино яръя” нийтлэл, кино боловсролын номыг бичин хэвлэлтэнд өгөхөөр бэлтгэж байна. Энэхүү номныхоо агуулга мэдээлэлээс цувралаар цахим орчинд түгээж олон нийтэд хүргэдэг.

    Ярилцлага унших

    https://www.facebook.com/dzolb…
    https://www.facebook.com/Child…