Category: биеийн-тамир-эрүүл-мэнд

  • Балтавын ХҮСЭЛТҮВШИН- Бодибилдинг Фитнессийн дэлхийн аварга

    Бодибилдинг Фитнессийн дэлхийн аварга, Монгол Улсын Бодибилдинг Фитнессийн хөгжилд үнэт хувь нэмэр оруулсан тамирчин, нурууны бэртэл өвчтэй олон зуунд хүнд тусласан ачтан.

    Тамирчин байна гэдэг бол зөвхөн ялахын төлөөх тэмцэл биш юм. Спортоор дамжуулж тэсвэр тэвчээр, сахилга бат, хичээл зүтгэл, үүрэг хариуцлага зэргийг өөртөө суулгаж бусдыг үлгэрлэн дагуулах явдал юм.

    Яг үүний тод нэгэн сод жишээ бол Монголын Бодибилдинг Фитнессийн Холбооны шилдэг тамирчин Балтав овогтой Хүсэлтүвшин хэмээх эерэг энерги, инээмсэглэл цацруулсан залуу юм.

    Тэрээр тамирчин хүнд байх ёстой бүхий л сайн жишээг өөртөө агуулж сурч боловсрох, ажиллаж хөдөлмөрлөх, найзалж нөхөрлөх, зааж сургах гээд бүгдийг амжуулж явна.

    Түүний спортод үзүүлсэн амжилт нь дан ганц бодибилдинг фитнессээр тогтохгүй билээ.

    Түүний спортод үзүүлсэн амжилтыг дурьдвал:
    • 2006 оны ОУ-н Таеквондогийн ХУРД ХҮЧ тэмцээний Хүрэл медаль,
    • 2007 оны Үндэсний бие хамгаалах “Монгол-Зо” Спортын 3-р зэрэг,
    • 2007 оны Үндэсний бие хамгаалах “Монгол-Зо” Спортын 2-р зэрэг,
    • 2007 оны Үндэсний бие хамгаалах “Монгол-Зо” Спортын 1-р зэрэг,
    • 2010 оны Сонсогчийн Алдар тэмцээний 70 кг 3-р байр,
    • 2011 оны “Ирээдүйн Мистер 2011” тэмцээний Алтан медаль,
    • 2013 оны Голден Жим “Мисс Мистер” тэмцээний Алтан медаль,
    • 2013 оны Голден Жим “Мисс Мистер” тэмцээний Эрэгтэй шилдэг тамирчин,
    • 2014 оны “Ирээдүйн Мистер 2014” ХАШТэмцээний +75 кг Мөнгөн медаль,
    • 2014 оны “Ирээдүйн Мистер 2014” ХАШТэмцээнд Багийн төрлөөр Алтан медаль,
    • 2014 оны “Монголын Мистер 2014” УАШТэмцээний +80 кг Хүрэл медаль,
    • 2014 оны Азийн АШТ-ний Men’s fitness ангилалд Мөнгөн медаль,
    • 2014 оны Дэлхийн АШТ-ний Men’s fitness ангилалд Мөнгөн медаль,
    • 2017 оны УАШТ-ний Атлетик ангилалд Алтан Медаль,
    • 2017 оны Хөх хот Гран При тэмцээний Хүрэл медаль,
    • 2017 оны Дэлхийн АШТ-ний Men’s Athletic ангилалд Хүрэл медаль,
    • 2019 оны Дэлхийн АШТ-ний Men’s Athletic ангилалд Алтан медаль тус тус хүртсэн зэрэг олон арван гайхамшигтай амжилт үзүүлсээр иржээ.

    Мөн тэрбээр тамирчин хүнд тохиолддог эрсдэлийг даван гарсан түүхийг нь хуваалцмаар байна.
    Нуруундаа маш хүнд бэртэл авч мэсийн заалттай байсан ч тэсвэр тэвчээр, ухаалаг шаргуу бэлтгэл, дэглэмийн үр дүнгээр бэртлээ ялан дийлж тэмцээнд оролцсон явдал юм.

    Тэрээр өөрийнхөө энэхүү бэрхшээлийг давж гарсан туршлагаа бусдад хуваалцаж нурууны өвчтэй олон зуун хүмүүст сургалт семинар орж, дасгал хөдөлгөөн зааж олон хүнийг хөл дээр нь босгосон буянтан юм.

    Тэр бол бидний бахархал ГАВЬЯА БАЙГУУЛЖ ЯВАА ТАМИРЧИН юм.

    Ярилцлага унших

  • Энхбаярын СОДНОМПЭЛЖЭЭ- Паралимпын хүрэл медальт, дэлхийн аварга | Хоёрхон жилийн хугацаанд тив дэлхийн 12 рекорд тогтоосон

    Паралимпын хүрэл медальт, дэлхийн аварга, пара пауэрлифтингийн төрөлд найман удаагийн рекорд, IPF буюу энгийн /эрүүл/ пауэрлтифтингийн төрөлд дөрвөн удаагийнх, нийт тив дэлхийн 12 рекордыг эзэмшдэг. Хоёрхон жилийн хугацаанд тив дэлхийн 12 рекорд эзэмшиж, 14 медаль хүртсэн.

    ДУРДАЖ БАРАМГҮЙ ТҮҮНИЙ АМЖИЛТУУДААС:

    МУГТ Э.Содномпилжээ 2022 оны 7 сард Казахстаны Нур-Султан хотод болсон пара пауэрлифтингийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн -107 кг-д 247 кг өргөн түрүүлэхдээ дэлхийн дээд амжилт шинэчилсэн. Тэгэхдээ тэрбээр өөрийнхөө өмнө нь эзэмшиж байсан дээд амжилтыг гурван кг-аар ахиулсан. Мөн таван өдрийн өмнө Монгол улсад зохиогдсон IPF төрлийн хэвтээ шахалтын Азийн АШТ-д түрүүлэхдээ 105 кг-д хүч сорьж 248 кг өргөн дэлхийн дээд амжилтыг ахин шинэчлэв.

    2017 оноос хойш олон улсаас нийт 14 медаль авснаас хоёр нь л мөнгө бусад нь алт байгаа нь түүний амжилтыг тодхон харуулна. Тухайлбал,

    -2017 оны Парагийн ДАШТ-ээс Азийн рекорд эвдэв. Мехико хотноо болж өнгөрсөн пауэрлифтингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 107 кг-д өрсөлдсөн Э.Содномпилжээ 235 кг-ыг өргөж мөнгөн медаль хүртэхдээ Ази тивийн рекордыг шинэчлэн тогтоов. Түүний жинд Мексикийн Кастилло 236 кг-аар алтан медаль хүртсэн.

    -2018 онд Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод хоёрдугаар сарын 21-ний өдөр болсон пара пауэрлифтингийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд -107 кг-ын жинд 220 кг-ыг түлхэж түрүүлж Алтан медаль.

    -2018 онд Финланд улсын Ванта хот Пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн хэвтээ шахалтын хэрэглэлгүй төрлийн ДАШТ-д аваргалав. -105 кг-ын жинд IPF- ээс стандарт рекордыг 2016 онд 235кг гэж заасан бөгөөд хэн ч энэ жинд хүрч чадаагүй байсан юм. Харин Э.Содномпилжээ 2018 онд IPF raw classic bench press ДАШТ нь орж -105кг жинд 1 дэх оролт 232.5кг, 2 дахь оролт 237.5 кг, 3 дахь оролтыг 242.5кг -ыг шахснаар алтан медаль хүртэж, дэлхийн аварга болж, дэлхийн рекорд эзэмшив.

    -Япон улсын Китакюүшюү хот Пара пауэрлифтингийн Азийн АШТ-д аваргалав. Уг тэмцээнд -107 кг-ын жинд өрсөлдөж 239кг өргөж /Түүний өмнө нь эзэмшиж байсан азийн рекорд 235кг/ өөрийн эзэмшдэг Ази тивийн рекордоо 4кг-р ахиулав. Алтан медаль хүртлээ.

    -2018 онд Жакартад Азийн наадамд Ирантай өрсөлдөж 244 кг өргөж Ази тивийн рекордыг 5 кг, дэлхийн рекордыг 1 кг, Азийн наадмын рекордыг 12.325  кг-аар эвдсэн. Азийн наадмын рекордыг олимп шиг дөрвөн жилд нэг удаа л эвдэх боломжтой байдаг.

    -2019 онд IPF-ийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэв.  Энэ тэмцээн дээр “IPF буюу энгийн төрөлд парагийн тамирчин орж ирээд байна, парагийн тамирчин бид нараас илүү, тэмцээн уралдаан ч илүү зохиогддог” гэх хэл ам гарч, холбооноос классик про тамирчин оруулснаар мөнгөн медаль хүртэж байв.

    -2019 онд парагийн ДАШТ-д оролцож алтан медаль /уг амжилтыг дээр дэлгэрэнгүй дурдсан/

    Түүний энэ амжилтуудыг энэ есдүгээр сард “Гиннесийн ном”-д албан ёсоор бүртгэж авлаа.

    ___________________

    Э.Содномпилжээ эх орныхоо нэрийг дуурсгахаар Испани улсыг зориод байна. Есдүгээр сарын 22-24-ний өдрүүдэд тус улсад болох  “Bench press” пауэрлифтингийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор, ААШТ-ээс шууд дараагийн тэмцээнээ зорьсон нь энэ.

    Зогсохгүй бэлдэж, тууштай хөдөлмөрлөж буй түүний амжилтыг өнөөдөр төр засаг нь “харахгүй” тийм харалган эсвэл хайхрахгүй тийм сэтгэлгүй юу, үнэлж харах цаг нь аргагүй болж. 2016 оны Риогийн олимпоос ирэхэд нь түүний энгэрийг бусад тамирчдын адил “Монгол улсын гавьяат тамирчин” цол тэмдгээр мялааж байв. Гэтэл үүнээс хойш гурван жилийн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд тэр Монгол улсаас хамгийн олон удаа олон улсын болоод дэлхийн чанартай тэмцээн уралдаанд оролцож, тэр бүртээ эх орондоо хоосонгүй ирсэн гэхэд буруудахгүй.

  • Б.Цэгмэд- Монголын хүндийн өргөлтийн хоёр дахь мастер | Дэлхийд 66 рекорд эзэмшдэг

    Монголын хүндийн өргөлтийн хоёр дахь мастер, пауэрлифтингийн Дэлхийн мастеруудын аварга шалгаруулах тэмцээнээс зургаа, мастеруудын Дэлхийн цомоос найм, Азийн аварга шалгаруулах тэмцээнээс долоон алт хүртсэн Олон улсын шүүгч, Олон улсын хэмжээний мастер

    Тэрбээр наян нас хүрч яваа ч пауэрлифтингийн мастеруудын Дэлхийн рекордыг тогтоож Монголынхоо нэрийг дуурсгасаар яваа юм.

    -Та пауэрлифтинг буюу хүчний гурван төрлийн мастеруудын ангилалд дэлхийн 66 удаа рекорд эвджээ. Танд баяр хүргэе?

    -Би хүндийн өргөлтөөр 60 жил хичээллэсэн. Харин хүчний гурван төрлөөр 2010 оноос тууштай хичээллэж байна. Учир нь энэ төрлөөр мастеруудын зэрэгт рекорд тогтоох боломж их байсан юм. Миний хувьд энэ сарын 1-3-ны хооронд ОХУ-ын Челябинск хотод хүчний гурван төрлийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож 14 рекорд эвдсэн. Мөн энэ сарын 7-10-ны хооронд Новосибирскт болсон “Дэлхийн цом”-ын тэмцээнд оролцож 19 рекорд эвдлээ. Энэ жил манай Хүндийн өргөлтийн холбооны 60 жилийн ой тохойж байгаа юм. 76 настай ахмад тамирчны хувьд энэ ойгоо нийт 33 рекорд эвдсэн амжилтаар угтаж байна даа. 2013 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний амжилтыг оролцуулбал нийт 66 удаа рекорд эвдсэн байна.

    -Ямар тэмцээнүүдэд оролцож байсан бэ?

    -Монголд 2006 онд хүчний гурван төрлөөр улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулахдаа анх удаа мастер ангиллаар зохион байгуулсан юм. Тэр үед суулт, таталтаар хоёр мөнгөн медаль хүртсэн. Дараа нь 2010 онд Азийн аварга шалгаруулах тэмцээнд рекорд тогтоосон. Мөн 2013 оноос дэлхийн рекорд тогтоож эхэлсэн. 2013 оны арваннэгдүгээр сард АНУ-ын Флорида мужийн Вест Палм Бийч хотод зохион байгуулагдаж байсан Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон юм. Уг тэмцээнд хамгаалалтын дан хувцастай, бэхжүүлсэн хувцастай төрөлд 70-74 насны -75 кг-ын ангилалд гурван алтан медаль хүртсэн. Түүнчлэн дан хувцастай төрөлд шилдэг мастерын цом хүртэж байлаа. Дэлхийн аваргын тэмцээнд 20 гаруй орны 800 орчим тамирчин оролцсон. Үүнд Монгол Улсаас таван тамирчин оролцож найман алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж байсан түүхтэй.

    -Та хүчний гурван төрлөөрөө хэд, хэдэн кг өргөж рекорд тогтоосон бэ?

    -Би хүчний гурван төрлийн суултанд 220 кг өргөж дэлхийн мастеруудын дээд амжилт үзүүлсэн. Харин шахалтанд 105 кг, таталтанд 195 кг өргөсөн. Нийтдээ 520 кг өргөж байсан. Гэхдээ саяын хоёр тэмцээнд энэ амжилтдаа хүрч өргөөгүй, дээд тал нь 465 өргөсөн. Гэсэн ч мастерын зэрэглэлд буюу 40-өөс дээш насны ангилалд түрүүлсэн.

    -Яагаад хүндийн өргөлтийн спортыг сонгон хичээллэв. Анхны багшийнхаа тухай дурсаач?

    -Миний багш Аюурзанын Гунгаа гэж хүн байсан. Монголд хүндийн өргөлтийг үүсгэн байгуулсан хүмүүсийн нэг. Энэ спортоор хичээллэх болсон тухайд гэвэл, 1956 онд Улаанбаатарт дөрвөн ерөнхий боловсролын сургууль байсан юм. Тэр дөрвөн сургуулийн 1000-аад хүүхдээс бяртай, тэнхээтэйг нь шалгаруулж хүндийн өргөлтөөр хичээллүүлж эхэлсэн. Түүнд би шалгарч 16-тайгаасаа л энэ спортоор хичээллэж эхэлсэн дээ. Хамгийн анх Москвад тэмцээнд оролцож дөрөвдүгээр байранд орж байлаа. Би бага насандаа мал хариулж өссөн учраас хотын хүүхдүүдийг бодвол бяр тэнхээтэй байсан болов уу.

    -Та аль нутгийн хүн бэ?

    -Би Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын харьяат. Миний аавыг Паламын Магсаржав гэдэг, их бяр тэнхээтэй хүн байсан. Нутгийн олон их малтай учраас баян Магсар гэдэг байсан. Би зургаан настайгаасаа л өвлийн хүйтэнд хонио хариулдаг байсан юмдаг. Ээж минь надад нэг хонины нэхийгээр дээл хийж өгөхөд яг таарсан гэж сүүлд ярьж байсан. Нэг түүх ярихад урьд манай нутгийг Пүрэв гүний хошуу гэдэг байж. Нэг удаа Пүрэв ноён нүүж нутгийн бөхчүүд, бяр тэнхээтэй залуус тусалж гэнэ. Гэтэл буух газар нь их том чулуу байсан бөгөөд нөгөө хүчтэнүүд өргөж дийлэхгүй байж л дээ. Тиймд Пүрэв ноён “Энэ чулууг өргөсөн хүнд байдас өгнө” гэж л дээ. Харин тэр чулууг аав минь “Ямар ч хүнд зүйлийг хөлөндөө хүчээ тааруулж өргөдөг юм” гээд ганцхан өргөөд холдуулчихсан гэдэг. Аав минь бага залуу учир Пүрэв ноён байдас ч өгсөнгүй, харин таван литрийн гуулин данхаар дүүрэн мөсөн чихрээр шагнасан юм гэнэ лээ. Би 1958 онд нийгэмлэгүүдийн аварга шалгаруулах тэмцээнд ороод түрүүлсэн юм. Тэр тэмцээнийг аав минь үзчихээд “Би залуудаа өргөчих л байсан юм байна” гэж билээ.

    -Хүчний гурван төрлөөр хичээллэдэг таны үеийн тамирчин хэр их байдаг бол?

    -Миний үеийн болоод надаас ахмад тамирчин байдаггүй. Харин надаас хэд дүү тамирчид бий. Олон улсын чанартай тэмцээн уралдаанд явахад хүмүүс “Ийм насны хүн ингэж амжилт үзүүлнэ гэж байдаг юм байх даа” гээд их гайхаж, бас зургаа даруулахыг хүсдэг. Зарим хүмүүс “Манай аав, ээж танаас дүү мөртлөө явж чаддаггүй” гэхийг их л сонсож байсан. 2011 онд тэмцээнд оролцоод жингээ үзүүлж байх үед хоёр шүүгч нь “Энэ хүнийг 70 хүрсэн гэхэд үнэмшмээргүй” юм гэж байсан. Би энэ бяр чадалтай, эрүүл чийрэг байдлыг монгол хүний гентэй л холбоотой гэж боддог. Тиймээс өөрийнхөө хэмжээнд монгол хүний генийг дэлхийд таниулж байгаа гэж ойлгож байна. Намайг тэмцээнд явах тухай УБТЗ-ын нэгдүгээр орлогч А.В.Ушаков сонсоод л надад туслахаар болж “Монголын спортыг дэлхийд сурталчлахад хоёулаа хувь нэмрээ оруулах болно“ гэсэн юм. Тиймээс цаашид амжилт үзүүлэхийн тулд хариуцлагатай байж бэлтгэлээ таслахгүй, тууштай байхыг хичээж байна.

    -Та ямар албан тушаал хашиж байсан бэ. Ажлынхаа хажуугаар бэлтгэл сургуулилтаа хэрхэн зохицуулдаг байв?

    -Би төмөр замын инженер мэргэжлээр Москвад сургууль төгссөн. Төмөр замын удирдах газар 20-иод жил ажиллаад одоо гавьяаны амралтандаа амарч байгаа. Тэгсэн ч зүгээр сууж чадахгүй спортоороо хичээллэсээр л байна. Мөн ажлын хамт олон минь олон улсын тэмцээн уралдаанд явахад минь их тусалдаг. Саяхан Төмөр замын гадаад харилцааны гадаад алба байгуулагдсаны 50 жилийн ой болсон. Би гадаад харилцааны албанд ажиллаж байх үедээ Москва-Улаанбаатар, Москва-Бээжингийн суудлын галт тэрэгний бэлтгэлийг хангаж явуулж байсан. Энэ бол миний хөдөлмөр, санаачилга, бүтээсэн том зүйлийн минь нэг юм. Тэр үед хүндийн өргөлтийн шигшээ багийн тамирчин байсан учраас Спортын төв ордон дээр бэлтгэлээ хийдэг байлаа. Бас томилолтоор явах үедээ Сэлэнгэ аймгийн Сүхбаатарт мөн Чойрын арван жилийн сургуулиудад очиж штанг дээр нь бэлтгэлээ хийдэг байсан. Харин Сайншандад очвол орос цэргийн ангийн штанг дээр бэлтгэл хийн аль болох тасалдаггүй байлаа. Одоо “Алагтай цэцэн” клубт бэлтгэлээ базааж байгаа.

    -Танд бэлтгэл сургуулилт хийхэд хүндрэлтэй зүйл байдаг уу?

    -Би орос телевиз, сонин сэтгүүлд гарсан эрүүл мэндэд тустай, амжилт үзүүлэхэд хэрэг болохуйц бүхий л зөвлөгөөг уншиж, судалдаг. Зөв хооллож биеийн хүч тэнхээ сайжруулах эм бэлдмэл тогтмол хэрэглэж мөн бэлтгэл сургуулилт тогтмол хийдэг болохоор даралт ихэснэ гэсэн зүйл байдаггүй. Харин хүчний спорт учраас өвдөгний гэмтэл авах тохиолдол байдаг.

    -Манай хүндийн өргөлтийн тамирчдын амжилт сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Энэ талаар таны бодол?

    -Манай хүндийн өргөлтийн тамирчид сүүлийн жилүүдэд амжилттай байна. Удахгүй олимп болох гэж байна. Ази тивийн аварга болсон М.Анхцэцэг маань их юм дуулгана гэдэгт итгэлтэй байгаа. Би медаль авах бүртээ урам аваад илүү хичээгээсэй гэсэндээ залуучууддаа очиж үзүүлдэг юм. Энэ бол миний хариуцлага гэж боддог. Мөн Монголын пауэрлифтингийн “Алагтай цэцэн” клуб олон улсын хэд хэдэн холбоодтой харилцаа холбоо тогтоож, энэ спортыг хөгжүүлэхэд их хувь нэмэр оруулж, тамирчдын амжилт ч сайжирч байна. Манай тамирчид олон улсын чанартай тэмцээнд явахад алтан медальгүй буцаж ирдэггүй.

    О.Ариунцэцэг (Өдрийн сонин 2016/8/2)


  • Пунцагийн БААТАР- 9 үе дамжсан маарамба, хүний их эмч

    9 үе дамжсан маарамба, хүний их эмч, Монгол Улсын Гавъяат эмч.

    “Одь тан” эм, биологийн нэмэлт бүтээгдэхүүний үйлдвэр болон Dr Baatar брэндийг үндэслэгч. “Дээд эрүүл мэнд” онол, номын хамтран бүтээгч.

    Пунцагийн Баатар 1959 онд Дорноговь аймгийн Сайншанд хотод Эцэг Пунцаг, эх Лхагвагийн хүү болж төржээ.Бага насандаа эцэг эхийн гар дээр бойжиж, 1967 онд аймгийн 10 жилийн сургуульд элсэн орж, 1977 онд төгсчээ.Улсын Багшийн дээд сургуулийг 1986 онд дүүргэжээ.

    Тэжээхүйн ухааны мөрд

    1984 онд Дэлгэрэх сумын Одь хэмээх Дорж оточид шавь болжээ. Гэрээр төвд хэл, судалж, түшиж оношлохүй арга барил, монголын тэжээхүйн ухааны онол заалгаж, Ишданзанваанжилын “Манаггаржаам” /Увдисын нуух тэмдэгт/, “Онцоргаадан” /Маш гайхамшигт хурмын сан/, Ютигёндонгомбын “Анагаах Ухааны Дөрвөн Үндэс” Ишбалжирын “Дөрвөн рашаан”, Жамбал маарамбын “Манагренчинжунай” /Увдисын зэндмэнь эрдэнэ/, Дэсрид Санжаажамцын “Манаг Лхантав” /Увдисын үндэсний нэмсэн арга/, “Бидэр онбо” /Хөх Биндэръяа/, “Дотрын өвчнийг анагаахуй”, Жамбаа маарамбын “Цацлаган бичиг” зэрэг эх зохиолуудыг заалган судалж, ном тус бүрээр шүүлэг өгчээ. Эмийн ургамлыг 4 улиралд таних, түүх, хадгалах, номхотгох, боловсруулах, эм тан найруулах ёсыг заалгаж сурчээ.

    Багшийнхаа дэргэд 12 жил тэжээхүйн ухаан, төвд хэл үзэж суралцахын зэрэгцээ зүүн бүсийн ба говийн аймгуудад үзлэг хийж дадлага туршлага олж авчээ. П.Баатар 2002 онд Дорноговь аймагт АУК-ийг хүний их эмч бакалавр мэргэжлээр төгсчээ.

    Сүүлийн таван жилийн  ажлын үзүүлэлт

    2006 оноос хойш Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Ховд, Дундговь, Өмнөговь, Увс, Архангай, Сэлэнгэ, Говь-Алтай,  зэрэг 10 гаруй аймагт 100 гаруй суманд урилгаар очиж 40.1 мянган хүнд үзлэг эмчилгээ хийжээ. 2006 оноос Хорт хавдар өвчтэй хүмүүсээс эдгэрээд 3-с дээш жил  амьдарч байгаа 7 хувь, 3 хүртэл жил 11.4 хувь, нэг жилээс дээш 21,9 хувь байна .

    2008 онд Уламжлалт Эмч нарын эрдэм шинжилгээний бага хуралд “Хорт хавдар эдгэрч байна” гэсэн илтгэл хэлэлцүүллээ. ЭХО, рентгэн, дуран авиан шинжилгээ, эс судлалын шинжилгээгээр оношлогдсон 36 өвчтний материалд тулгуурласан илтгэл олны анхаарлыг татаж, маргаан тарьж, шуугиан дэгдээсэн юм. Гэхдээ эрүүлжсэн эд, эрхтэн, хавдар нь арилсан, эв эрүүл болсон хүмүүс хөдлөшгүй баталгаа нотолгоо болж итгэл төрүүлсэн билээ.

    Одоо П.Баатарын хяналтанд хавдар өвчтэй 614 хүмүүс байгаа бөгөөд 40.3 хувь нь эдгэрэн сайжирч байна.

    Эх орондоо танигдсан нь

     “Оточ Одь” хувийн жижигхэн эмнэлгийг анх 2002 онд Дорноговь аймагт П.Баатар өөрийн багш, шавь хоёртойгоо байгуулсан юм. Удалгүй эмнэлгийн нэр зар аймгаас аймаг дамжин тарж, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотууд хүртэл Баатар эмчийг урин залах болжээ. Хөдөө суурингийн эмч оточ улсын нийслэлийн танил төдийгүй, хүсэн хүлээсэн эмч нь болж, учирч уулзсан хүн бүхэн өвчин зовлонгоосоо салж эдгэрч П.Баатар  монгол даяар танигдсан байна.

    Монгол оточ Дэлхий дахинд уригдав

    Анх 1992 онд  Монголын Ардын эмнэлгийн хүрээлэнгийн урилгаар Польш улсын Торун, Видогоши хотод 3 жил амьдрахдаа уламжлалт анагаах ёсны тус хүргэжээ.

    Тэрээр  2002 онд дэлхийн кино  урлагийн нэрт жүжигчин  Стивен Сигалын урилгаар кино зураг  авч байгаа орнуудад  нь хамт  явж эмчилж байсан бөгөөд  Стивен Сигал П.Баатараар эмчлүүлснийхээ дараа “Би эв эрүүл боллоо” гэж бахархалтайгаар хэлсэн байжээ. Буриадын Улаан-Үүд хотод урилгаар 3 удаа очиж, эмчилгээ сувилгаа үзүүлжээ. Америкийн иргэн Марк Фрэнкийн урилгаар 2010 онд Денвер, Сан-франциско, Нью-Йорк, Вашигтон, Лос-Анжелос, Чикаго  хотуудад очиж 20 хүнд эмчилгээ үзүүлжээ

    Үүнээс гадна Франц, Казакстан, Оросны холбооны улс, Японд уригдаж, тэдгээр орнуудын ард иргэдэд Монгол Уламжлалт Эмчилгээний аргаар олон арван хүнийг эрүүлжүүлж, хүндэтгэл  хүлээсэн байдаг юм. Одоо Улаанбаатар хотод байгаа “Оточ-Одь” гэдэг хувийн жижигхэн эмнэлэгт гадаадын 10 гаруй орны ард иргэд ирж үзүүлж байна.

    Энэ бол зөвхөн  эмч оточ П.Баатарын нэр хүнд төдий биш, Монголын Уламжлалт Тэжээхүйн ухааны арга, засал эмчилгээг дэлхийн олон улс, ард иргэд хүртэн хүлээн зөвшөөрсний баталгаа мөн. Бишрэлтэйеэ. Үүнд өөрсдийгөө их 7 гүрэн хэмээн нэрлэдэг улс орнууд ч багтаж байгаа нь Монголын Дээд өвгөдийн оюун ухааныг П.Баатар 9 дэх үе нь болон үргэлжлүүлж яваагий нь гэгээ гэрэл, хүч чадал, ач буян мөн. П.Баатарын “Оточ Одь” эмнэлэг 464 жил Маналын бясалгал, тахилга тасраагүй Жингэр Тэмээт уулын даяанчаас эхлэлтэйг дурьдахад хангалттай юм.

    Сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх ажлууд

    “Оточ Одь” эмнэлэг бол ард иргэдийг өвчингүй байлгах, мэдлэг дадлага, хэвшил эзэмшүүлэх монголын хоёрхон хувийн эмнэлгийн нэг юм. Товчоор хэлбэл урьдчилан сэргийлэх эмнэлэг юм.

    ”Дээд эрүүл мэнд гэж юу вэ?” сэдэвт сургалт лекцийг \152  цаг\  Дорноговь, Говьсүмбэр, Өмнөговь, Дундговь, Сүхбаатар,Улаанбаатар, Багануур хотуудад зохион байгуулжээ.

    Мөн “ Мөнхөд бадамлах зул”, “Тулгын гурван чулуу”, “ Эргэлзээ, эрэл, үнэн“ , “ Цэцэг  инээдэг“ зэрэг  түүхэн үе, онол  арга зүйг харуулсан бүрэн хэмжээний баримтат кино, “Найман  маналын  гэгээ“  ном, 8 үеийн  багш  нарынхаа  бясалгаж  гэгээрсэн Жингэр  тэмээтийн агуйн  дэргэд “Найман маналын суварга“ бүтээсэн нь нутгийн ард олон, эмч  нарын  сайшаал  хүлээсэн гэгээлэг  үйл  явдал болсон.

    Дорноговийн Дэлгэрэх  сумын  2-р багийн нутаг Жингэр Тэмээт бясалгалын уулан дээр 8 багшдаа зориулж, 8 маналын чулуун суврага бүтээлгээд жил бүр тэндээ маналын бясалгал заадаг  болжээ.   

    2001 оны 8 сарын 8-нд Хөх  хотод  болсон олон улсын  уламжлалт  анагаах  ухааны эмч  нарын  хуралд, 2009 оны 7 сарын 19-нд Өвөр  монголын өөртөө  засах орны Ордос   хотод болсон 4 дэхь удаагийн  олон  улсын уламжлалт эм ба  шинэ эмийн үндэс бүтээх эрдэм шинжилгээний ярилцах хуралд урилгаар  оролцов.

    П.Баатарын тухай хэвлэлүүдэд

     “Нутгийн амьдрал” сонины 2002 оны №20 дугаарт “Барын сүүлийг барьж болдоггүй баривал тавьж болдоггүй”,

    “Зиндаа”  сонины 2006 оны №15 дугаарт “Холливудын од Стивен Сигалыг эмчилсэн монгол эмч дэлхийн түүхэнд эмчлэгдэж байгаагүй өвчнийг бүрэн эдгээжээ”,

    “Дорноговийн  мэдээ” сонины 2007 оны 007 дугаарт  “Хэрвээ энэхүү эрдэмд сайн суралцваас бор гэрээсээ ертөнцийг таньж чадна”,

    “Өдрийн сонин” сонины 2008 оны №142 дугаарт “Хорт хавдрыг уламжлалт аргаар эдгэрүүлж болно”,  №15 дугаарт “Түмнийг анагаагч “Тулгын гурван чулуу”,

    “Зууны мэдээ” сонины 2008 оны  №81 дугаарт “Хорт хавдартай 22 хүнийг бүрэн эмчилсэн”,   Тус сонины 2009 оны №95 дугаарт “Мянган тохиолдлоос 2 буюу уламжлалт анагаах ухаан хорт хавдрыг эмчилж байна”,

    “Үндэсний шуудан ” сонины 2009 оны № 104 дугаарт “Таны хавдрыг эмчилнэ гэсэн. Тэгээд эдгээсэн”, 

    “Буриадын үнэн” сонины №46 дугаарт “Отошо-Одь гэжэ нэрэтэй эмнэлэгэй дорнод медицины врач Пүнсэгийн Баатар хорон хабдарые \рак\ бусад үбшэнтэй адилхан эмшэлэгддэг үбшин гэжэ хэлэжэ байна”

    2010  онд Оросын  Холбооны Улсын “Жизнь“ сонинд “Бүддийский  лама излечивает рак с помощью молитв и трав\ ,  

    “Зууны мэдээ” сонины 2010 оны  №306 дугаарт “Эмчилгээгүй гэсэн үг сонсч, цөхрөнгөө барсан хүмүүс манайд ирдэг”,

    “Үндэсний шуудан” сонины 2011 оны №30 дугаарт “Амьд явахын нууц буюу бодь оточийн оньсон судас”,

    “Sunny Mongolia Today” сэтгүүлийн 2010 оны дугаарт “Амьд явахын нууц буюу “Оточ Одь” эмнэлгийн бодь оточийн оносон судас”,

    “Хань” сонины 2010 оны 17 дугаарт хавдартай өвчинтнүүдийн эдгэрч илааршсан тухай талархал гарсан. “Хань” сонины 2010 оны 10 гаруй дугаарт уламжлалт эмчилгээний зарчмын талаар бичсэн билээ.

    Medeelel.com сайтаар “Үгүйлэн санана”  видеогоор Америкт очоод  ярилцлага өгсөн нь 17.5 мянган  уншигчдын сайшаал  талархал хүлээв

    Энэ олон хэвлэл, энэ олон арван сэтгүүлчид, олон зуун ард иргэд Баатарыг зүгээр л магтаагүй юм. Энд магтаалын илүү үг, илүү тодотгол нэг ч байхгүй. Харин магтаал мэт үнэн бичигдсэн байна. П.Баатар үүнээс олон мянган хүнийг эдгээж, тэдний төлөө эрүүл бищ, саруул ухаанаа хоёргүй сэтгэлээр зориулж явааг нь цөөн хэсэг нь илэрхийлсэн нь энэ юм.

    Гавъяа шагнал

    2005-02-18 /№5548/ П.Баатарын  хөдөлмөрийг өндрөөр  үнэлж Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан

    /№ 29464/ Их Монгол Улс байгуулагдсаны 800  жилийн  ойн медаль

    2007-12-07 /№1722/ Эрх чөлөөний одон 

    2009 онд Ардын хувьсгалын 20  жилийн ойн медаль, ”Мөнх тэнгэрийн одон”

    2010-07-9 /№38682/ Алтангадас одонгоор  тус тус хүртсэн.

    2013 онд Монгол Улсын Гавъяат эмч

    Эртний монголын анагаах ухааны Дэлгэрэхийн уламжлалт сургуулийг эдүгээгийн дэлхийн тавцанд сэргээн  алдаршуулсан  минь бүтээлээрээ Чингис хааны дэлхийн Академийн жинхэнэ гишүүн /Академич/ цол  өргөмжлөлөөр шагнуулсан.
    Ертөнц дахины Энхтайвны холбооноос “Энхийн элчин сайд“ өргөмжлөл авсан байна.

    “Оточ-Одь” эмнэлгийн эмч оточ П.Баатар нь Монголын тэжээхүйн ухаан хийгээд Брүгэгажиддүвийн 500 жил тасраагүй жүд, дамжилгын 9 дэх үе нь болон авч яваа монгол эмч мөн. Бас өөрийн нэр хүнд эмнэлгийнхээ төлөө бус монголын анагаах ухааны алдар сууг дэлхийн дээд түвшинд авч яваа эгэл жирийн эгэлгүй монгол эмч оточ билээ.

    Одоо тэрбээр эмнэлэг болон Дээд эрүүл мэндийн хүрээлэнгийн хамт олонтойгоо хамтран дээд эрүүл мэндийг дэлхий дахинаа түгээн дэлгэрүүлэх, хорт хавдарыг анагаах арга барилыг Монголын эмнэлэгийн байгууллагын ажилчид болон монгол хүн бүрт сургах талаар “ДЭЭД ЭРҮҮЛ МЭНД” төслийг эхлүүлээд байна.

    Ярилцлага унших

  • Хандын ЦЭРЭНДОРЖ- Дээд эрүүл мэндийг үндэслэгч, соён гэгээрүүлэгч

    Дээд эрүүл мэндийг үндэслэгч

    Хүний их эмч, Дээд эрүүл мэндийн хүрээлэнг үндэслэгч. Оточ Одь дээд эрүүл мэндийн эмнэлэгийн зөвлөх.

    Эрүүл мэндийн шинжлэх ухааны салбарт 60 гаруй жил ажилласан туршлага, судалгаа болон 300тгаруй жилийн яндашгүй арвин түүхтэй говийн алдарт зургаан их манрамбын эмнэлэгийн ариун голомт- тэжээхүй ухааны өв сангаас улбаалсан Дээд эрүүл мэндийн үзэл баримтлал, онолыг боловсруулахаас гадна хавдар, архаг өвчнүүдийг дээд эрүүл мэндийн эмчилгээний олон аргаар эмчилж амжилт олсон.

    “Судлаар онож танихуйн 108 шид оршив” (1993), “Нууцын маш гайхамшигт сангийн хураангуй” (2008) “Найман маналын гэгээ”, “Дээд эрүүл мэнд” (2010) номын зохиогч.

    Монгол Улсын Гавъяат Эмч














  • Д.ГАНСҮРЭН- Тулааны урлагийн багш, мастер

    Тулааны урлагийн мастер, Олон Улсын Таэквон-Догийн хар бүс VI данн, Монгол тулааны урлагийн VII данн
    Монгол Улсын тулааны урлагийн хөгжилд үнэт хувь нэмэр оруулсан багш, дасгалжуулагч, нийгмийн зүтгэлтэн, Хөх Монгол бүлгэмийн тэргүүн

    “ӨӨРИЙНХӨӨ СУЛ ТАЛЫГ ЯЛСАН ХҮНД ӨРСӨЛДӨГЧ ҮГҮЙ”

    Дэлхийн аваргын хүрэл медальт, Ази тивийн 2 удаагийн аварга, 5 удаагийн мөнгөн медальт, ДБХУрлагуудын нээлттэй тэмцээний 2 удаагийн мөнгөн медальт Д.ГАНСҮРЭН багшийн ЭРЧИС клуб хичээллэж эхэллээ.

    Тулааны урлагий зорилго нь зодолддог хүмүүсийг бэлтгэх БИШ харин үндэстний дайчин чанараа амьдралдаа ашиглаж чаддаг тэсвэр хатуужилтай, сэтгэлийн хаттай, эрүүл чийрэг бие бялдартай, өөртөө итгэлтэй, өөдрөг сэтгэлгээтэй, зорьсондоо тууштай ёс суртахуунт өв тэгш МОНГОЛ ХҮНийг төлөвшүүлэхийн төлөө зорьж ажилладаг.

     ГАНСҮРЭН багш бол Монгол Улсын тулааны урлагийн хөгжилд үнэт хувь нэмэр оруулсан, Монгол Улсын шигшээ багийн дасгалжуулагч, Ким Чен Ирийн нэрэмжит Таэквон-До сургуулийн дасгалжуулагч, Улаан- Үд хотын шигшээ багийн дасгалжуулагч, Япон улсын шигшээ багийн дасгалжуулагч, “Ханс”, “Их гарьд” клубын дасгалжуулагчаар тус тус ажиллаж байсан туршлагатай багш билээ.

    Багш 3000 гаруй шавьтайгаас шарь нарын амжилтуудаа дурьдвал: Дэлхийн аваргын тэмцээнээс алт 3, мөнгө 2, хүрэл 9, Ази тивийн аваргаас Алт 4, мөнгө 8, хүрэл 11, Пан Америкийн аварга 1, Олон улсын хэмжээний мастер 17, Спортын мастер 35 тус тус төрсөн.

    https://www.facebook.com/huhmo…
    Утас: 9955-7631

    2010 он. “Эх орны залуус” нэвтрүүлэгийн ярилцлага