Category: аялал-жуулчлал

  • ​Сүхээгийн АЛДАРХИШИГ- Экстрим аялал хөгжүүлэгч

    Экстрим аялал хөгжүүлэгч

    Экстрим аяллын Алдараа гэдэг нэрээрээ аялал сонирхогчдын дунд танигдсан тэрээр 1999 онд аялал жуулчлалын салбарт орж ирснээс хойш өнөөг хүртэл тасралтгүй ажиллаж байна.

    Монголын адал явдалт аяллын бүтээгдэхүүнийг бий болгох, хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан. Уулын аялал, өндөр уулын явган аялал, уулын дугуйн аяллын бүтээгдэхүүний судалгааг өөрийн биеэр газар орон дээр нь хийж, зам маршрутыг бий болгон дэлхийн адал явдалт аялал сонирхогчдод танилцуулах ажлыг хийж ирсэн. Ялангуяа Монголын цаст оргилуудыг гадаадын уулчидад таниулж эдийн засгийн эргэлтэнд оруулах тал дээр ажиллан Монголын цаст оргилд авирах аяллыг зохион байгуулж ирсэн. Энэхүү бизнесийн үр өгөөж нь нутгийн иргэдийн амжиргаанд тодорхой эерэг нөлөөлөл үзүүлж байна. Сүүлийн жилүүдэд Монгол хүн гараагүй цаст оргилуудыг судлан авирах зам маршрут бий болгох тал дээр ажиллаж байна.

    MONGOLIA BIKE CHALLENGE олон улсын дугуйн уралдааныг зохион байгуулахад үнэт хувь нэмэр оруулж Монгол улсыг дэлхийн дугуйчдад танилцуулсан бөгөөд энэ уралдааны нөлөөгөөр Монгол орноор аялах дугуйчдын тоо өсч байна. Тус уралдаан ирэх жил 7 дахь удаагаа Монгол улсад зохион байгуулагдана.
    ICE CHALLENGE MONGOLIA мөсөнд авиралтын арга хэмжээг санаачлан зохион байгуулж хүүхэд залуусыг энэ спортод сонирхолтой болгох тал дээр ажиллаж байна.

    Өвлийн аяллыг Монголдоо хөгжүүлэхийн тулд сүүлийн 7 жил өвлийн дугуйн аяллуудыг зохион байгуулж байна. Хөвсгөл нуурын мөсөн замаар Ханх- Хатгал гэсэн маршрутаар өвлийн дугуйн аяллыг анх зохион байгуулсан.
    Монголчуудыг Монголдоо аялахад туслах зорилгоор 21 аймгийн хөтөч дотоод аялал жуулчлалын цуврал номнууд дээр ажиллаж байна. Өөрийн блогоороо дамжуулж монгол аялагчиддаа мэдээлэл хуваалцахын тулд http://mongoliaexpeditions.blogspot.com ажиллуулж түүн дээрээ аяллын тэмдэглэлээ хөтөлдөг.

    Адал явдалт, экстрим аялал хөгжүүлэх хүсэлтэй энэ чиглэлд мэргэших сонирхолтой залуусд зааж сургаж хамтран ажиллах боломжтой. Мөн Монгол орноороо аялах тэр дундаа ууланд дугуйгаар аялах сонирхолтой хүмүүст мэргэжлийн зөвлөгөө өгч хамтран ажиллах боломжтой.

    https://www.facebook.com/aldarkhishig.suhee

    Ярилцлага унших

  • Балганцэрэнгийн БАЯР- дэлхийн 31 орноор аяласан гэрэл зурагчин

    Аялагч, гэрэл зурагчин

    1962 онд Улаанбаатар хотод төрсөн. Эдийн засагч мэргэжлээр дээд боловсролтой. 2007 оноос дижитал гэрэл зураг авч эхлэсэн бөгөөд гэрэл зургийн мэдлэгт онлайн болон практикаар суралцсан. Байгаль орчин, ан амьтан, шувуу, Монгол ахуйн чиглэлээр төрөлжсөн зураг авдаг. Монгол орныхоо 92 хувьд нь, дэлхийн 31 орноор аялаж гэрэл зураг авсан. Япон, ОХУ, Итали улсад гэрэл зургийн бие даасан үзэсгэлэнгээ гаргахаас гадна Польш, Турк, Хятад улсад болсон үзэсгэлэнд тус тус оролцож Монгол Улсаа фото зургаар илэрхийлэн харуулахыг эрмэлздэг.

    “National Geographic TRAVELER”, “Гоодаль”, “Гайхамшигт амьдрал”, “Дээжис” “Mongolian PHOTO” зэрэг сэтгүүлүүдэд гэрэл зургийн бүтээл нь тогтмол нийтлэгддэг.
    NIKON, Olympus брэндын мэргэжлийн камер, дуран, хэрэгсэлтэй ажилладаг.

    УРАН БҮТЭЭЛ
    2013 он “Баярын Сэтгэгдэл” гэсэн гэрэл зургийн цомог ном;
    2014 оны 1 сард Улаанбаатар хотод гэрэл зургийн бие даасан тайлан үзэсгэлэн, “Blue Moon” галлерей;
    2014 оны 2 сард Японы Токио, Сайтамо, Ёокахамо хотуудад “Монголын үзэсгэлэнт байгаль” сэдэвт гэрэл зургийн бие даасан үзэсгэлэн;
    2015 оны 1 сард Оросын Холбооны Улсын Улаан-Үд хотод “Монголын үзэсгэлэнт байгаль” сэдэвт гэрэл зургийн бие даасан үзэсгэлэн;
    2015 оны 9 сард Итали улсад “Үзэсгэлэнт Монгол” гэрэл зургийн гэрэл зургийн бие даасан үзэсгэлэн;
    2015 он Beauty of Mongolia Монголын үзэсгэлэнт байгалийг гэрэл зургийн ном

    ШАГНАЛ
    2011 он Франци улсын CIS LLC компаниас зохиосон эх орноо сурталчлах гэрэл зургийн уралдаанд “Шилдэг бүтээл” шагнал;
    2012 он Монголын Үндэсний гэрэл зургийн танхимаас зарласан Express Photo- 2012 уралдаанд “Байгаль, Хүрээлэн буй орчин” номинациар Тэргүүн байр;
    2012 он Зэрлэг ан амьтан судлах хамгаалах төвөөс зохиосон “Монголын шувууны фото зураг”- ын уралдаанд 3-р байр;
    2012 он Изнис Айр компаниас зарласан “Миний сайхан эх орон” сэдэвт гэрэл зургийн уралдааны “Шилдэг оролцогч” өргөмжлөл;
    2012 он Монголын Фликэрчдын оны шилдэг 40 бүтээлийн өргөмжлөл;
    2013 он Японы Токио хотод болсон Монголын гэрэл зурагчдын хамтарсан үзэсгэлэнд “Говийн зураг” үзэгчдээс хамгийн их үзсэн үнэлгээ авсан зургаар шалгарсан;

    https://www.flickr.com/photos/bayars_photo_mongoli…
    https://www.facebook.com/tertbayar

  • Цэрэндоржийн САНЧИР- Тархан суурьшсан монгол туургатны судлаач

    Соёл судлаач, “Тархан суурьшсан монголчууд” ТББ-ын тэргүүн

    Улаанбаатар хотод 1977 онд төрсөн. Урлаг, соёл судлаач, зургийн багш мэргэжилтэй.
    Монголын Эзэнт гүрний байлдан дагууллаас даяар тархан суурьшсан Монголчууд болон түүх соёлын дурсгалуудаа зорин 14 жил эзэнт гүрний өргөн нутагт судалгаа, зураг авалтаар ажиллаж байна. Монгол гүрний түүх соёлын төдийлөн судлагдаагүй бүс нутаг буюу өнөөгийн дотоодын мөргөлдөөнтэй, исламын улсууд, хаалттай хоригтой орнуудад устах аюулд буй Монгол соёлын дурсгалууд, уусах аюулд буй Монголчуудынхаа талаар

    TASAM 3 дугаар бүхий телевизийн баримтат цуврал, ТАРХАН СУУРЬШСАН МОНГОЛЧУУД 12 дугаар бүхий телевизийн баримтат цуврал, ЭЗЭНТ ГҮРНИЙ СОЁЛЫН ДУРСГАЛУУД 5 дугаар бүхий телевизийн баримтат цуврал, 5 төрлийн хэвлэлийн бүтээл, үндэсний болон олон улсын 5 удаагийн үзэсгэлэн, орон нутагт 14 үзэсгэлэн, үндэсний болон олон улсын 300 гаруй хэвлэлээр ярилцлага, нийтлэлээ хүргэжээ. Энэ л он жилүүдэд хилийн чанадад хийсэн судалгаа зураг авалтын болон нийтэд толилуулсан бүтээлүүдийн үндсэн зардлыг TASAM craft арьсан эдлэлийн урлангийнхаа дэмээр хийлээ. Эдүгээ бид ЭЗЭНТ ГҮРНИЙ НЭВТЭРХИЙ ТОЛЬ бүтээхээр төслийн хүрээнд ажиллаж дэлхийн 40 улсад 15 жил (2002- 2016) судалгаа, зураг авалт хийж гүрэн улсынхаа бахархалт үнэн түүхийг мэргэжлийн гэрэл зураг, бүрэн хэмжээний тайлбар танилцуулгатайгаар кирил үсэг, монгол бичиг, англи хэлнээ баринтаглан Агуу Монгол түүхийн нэгэн гэрэлт хөшөөг сүндэрлүүлэх үйлсэд зүтгэж байна.

    Энэхүү төслөөрөө Монголчуудын арвин баялаг өв уламжлал, дэлхий дахины түүхэнд бүтээсэн уран барилга, хот байгуулалт, соёл, шинжлэх ухааны шинэчлэлүүдийн талаар цогц мэдээллийг кирил үсэг, монгол бичиг, англи хэлнээ буулгаж, нэвтэрхий толь бичгийн олон улсын стандартыг хангасан хэвлэлийн технологийн өндөр төвшинд хүрсэн бүрэн хэмжээний бүтээлийг Их Монгол улс байгуулагдсаны 810 жилийн ойгоор нийтийн хүртээл болгох юм. Дэлхий дахинд Монголын эзэнт гүрний бахархалт үнэн түүх болоод дэлхийн энгээр тархан суурьшсан Монголчуудын соёл иргэншил ямар байсныг, бид ямар бахархалтай түүх бүтээснийг дэлхийд гаргаж ирэх болно.

    БҮТЭЭЛҮҮД
    2010 он “Тархан Суурьшсан Монголчууд” 12 дугаар бүхий телевизийн баримтат цуврал
    2012 он “TASAM” 3 дугаар бүхий телевизийн баримтат цуврал
    2010 он Гэрэл зургийн үзэсгэлэн, Монгол Улс 2010, 2011, ОХУ 2010
    2011 он “Монголын төлөөх зүрх бүхэнд” Монгол бичиг болон Монгол-Англи хэлээр 2 удаа хэвлэгдэж, “Grand book 2011” арга хэмжээний “Түүх нийгмийн шилдэг ном”-оор шалгарсан. (хамтын бүтээл)
    2011 он Монголын төлөөх зүрх бүхэнд найраглал

    https://facebook.com/sanchir.tasam
    http://www.tasam.mn/

    Ярилцлага унших

  • Минжингийн БОЛОРЦЭЦЭГ- Монголын үлэг гүрвэлийг дэлхийд таниулсан нэрт палеонтологич

    Нэрт палеонтологич, Монголын динозавр судлалын хүрээлэнгийн захирал

    Монгол Улсын үлэг гүрвэлийн судалгааг хийж олон улсад таниулах тал дээр үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд хулгайлагдсан Батаарыг Монголдоо авчрахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Тэрээр Монголын говьд Үлэг гүрвэлийн музей, парк байгуулж жуулчдыг татах, ирээдүйн дэлхийн хэмжээний Монгол палеонтологичдыг бэлдэх зорилготой ажилладаг.

    1996 онд ШУТИС, Геологийн сургуулийг Эрэл хайгуулын инженер мэргэжлээр бакалав;
    1997 онд ШУТИС, Геологийн сургуулийг Палеонтологийн магистр зэргийг Монголын эртний шүрийг судалж хамгаалсан;
    2005 онд Нью Иорк хотын их сургуулийн философийн магистр зэрэг;
    2007 онд Америкийн Байгалийн түүхийн музейд Монголын Цэрдийн галвын хөхтөн амьтдыг судалж докторын зэрэг тус тус хамгаалсан.
    2008 онд Монтана мужийн их сургуульд судлаач;
    2009 онд Өмнөд Жеоржийн их сургуульд профессор;
    2010 оноос Шинжлэх ухааны академийн Нью Иорк хот дахь суурин төлөөлөгч;
    2009 оны Wings WorldQuest олон улсын байгууллагын Тэргүүний эмэгтэй эрдэмтэн шагнал;
    2010 оны АНУ, Үндэсний газар зүйн нийгэмлэгийн залуу эрдэмтэн шагнал;
    2007 онд Монголын динозавр судлалын хүрээлэнг байгуулж, захиралаар нь ажиллаж байна.

    Монголын динозавр судлалын хүрээлэнгийн зорилго нь палеонтологийн шинжлэх ухааныг олон нийт, хүүхэд залуучуудад танин мэдүүлж, Монголын палеонтологийн олдворыг хамгаалах, ирээдүйн палеонтологчдыг бэлтгэхэд хувь нэмрээ оруулах, Монголдоо палеонтологийн музей байгуулахаар зорин ажиллаж байна.

    2009, 2010, 2012 онд тус хүрээлэн нь говийн хүүхдүүд, багш, Улаанбаатар хотын музейн ажилтнууд, багш, АНУ-д суугаа Монголчууддаа зориулж “Говийн динозавр”, Музейн динозаврууд” гэсэн танин мэдэхүйн сургалт, хээрийн болон музейн аялалууд зохион байгуулсан. Мөн магистрын тэтгэлэг 6 оюутанд өгч, 2 оюутныг АНУ-д сургаад байна.

    Ярилцага унших

    https://www.facebook.com/bolortsetseg.minjin

  • Дагваны ГАНПҮРЭВ- Өв соёл судлал, язгуур урлаг

    Өв соёл судлаач, хөгжмийн зохиолч, продюсер
    Монголын хөгжмийн зохиолчдын холбооны Гүйцэтгэх захирал,
    Монгол Улсын Консерваторийн Язгуур урлагийн тэнхэмийн  эрхлэгч.

    Монгол Угсаатны Хөгжмийн Товчооны тэргүүн, Монгол Улсын Ятгын Холбооны ерөнхий менежер, соёл судлаач, хөгжмийн зохиолч, продюсер. Тэрээр урлаг соёлын салбарт 20 гаруй жил ажилласан, харийн нутагт 16 жил ажиллаж амьдарсан, олон улсын урлагийн зах зээл дээр өөрийн уран бүтээлүүдээ танилцуулсан, эртний нүүдэлчдийн өв соёлоор дагнасан “Алтай ятга”, “Аху их ятга”-ыг судлаж дахин нутагшуулсан, эртний нүүдэлчдийн “Тойром бүжиг” -ийн хөгжмийг дахин сэргээж бичсэн. Алтай хамтлагийг үүсгэн байгуулагч. Эгшиглэн, Уянга, Бөртэ хамтлагийг үүсгэн байгуулж Европ дахь аялан тоглолтуудыг тус тус зохион байгуулж байсан. Цаашид язгуурын өв соёлыг сэргээн нутагшуулах чиглэлээр төвлөрөн ажиллаж байна.
    Монгол Улсын Консерваторийн Сургалтын хөтөлбөрт зориулж, Язгуур урлагийн цогц сургалтын хөтөлбөрийг гардан боловсруулсан.

    Ярилцлага унших

  • Амай | Жамбалсүрэнгийн Золбаяр

    Аялагч, нийгмийн зүтгэлтэн, мөрөөдлөөрөө амьдрагч, 12 жилийн турш дэлхийн 86 улсаар аялаж судалгаа хийсэн.

    Намайг Бат овогт Жамбалсүрэнгийн Золбаяр гэдэг.

    Монголчууд маань намайг Амай гэдгээр сайн мэднэ.

    810 жилийн түүхт,

    Их Эзэн Чингис Хааны бүтээсэн,

    Нүүдэлчин овог аймгуудын Ураг нутгийг нэгтгэсэн,

    МОНГОЛ ҮНДЭСТЭН-ий,

    Ардчилсан Бүгд Найрамдах засаглалтай,

    Тусгаар Монгол Улсын иргэн миний бие

    1979 оны 6 сарын 28 нд

    БНМАУ-ын, Монголчуудын шинэ нийслэл Улаанбаатар хотод

    Их сургуулийн багш, сэхээтний гэр бүлд төрж өссөн билээ.

    Дунд сургуулийн 1-5 дугаар ангидаа олон үндэстний Зөвлөлт Холбоот Улсад гэр бүлтэйгээ амьдрахдаа орос хэл сурч, Европ, Зөвлөлтийн соёлтой танилцсан юм.

    1997 онд тухайн цаг үеийн Монголын хамгийн шилдэг гурван дунд сургуулийн нэг болох, гадаад хэл сургалтын 23 дугаар сургуулийг төгссөн.

    2003 онд МУИС-ийн Олон Улсын Харилцааны Дээд сургуулийг, Япон судлалаар төгссөн.

    2005 он гэхэд, Зөвлөлтийн нөлөө дууссаны 15 жилийн и Монголд, дэлхийн дөнгөж дэлгэрч эхэлсэн Электро хөгжмийн урсгалыг нэвтрүүлэх “Клуб21” гэх таван жилийн төслөө амжилттай хэрэгжүүлэв. Цөөн хэдэн уран бүтээлчтэй, хэдхэн төрлийн хөгжмийн урсгалыг мэдлэг, сонирхдог, хаалттай бүсээс чөлөөлөгдөөд удаагүй улсын иргэдэд шинэ хөгжмийн давалгааг мэдрүүлнэ гэдэг амаргүй байсан ч, тухайн үеийн Монгол залуусын олонхи нь Электро Транс хөгжмийг сонгосон юм.

    ОУХДС-ийг төгсөөд СУИС болон Удирдлагын Академид тус бүр бие даан, цагийн хичээлийн хөтөлбөрт хамрагдаж, мэргэжилээ дээшлүүлэв.

    2005 оны 11 сарын 4 ний өдөр “Монгол Бадарчин” төслөө эхлүүлж, шинэ нийслэлээс Дэлхий дахиныг танин мэдэж, туулахаар холын замд гарч, 10 гаруй жилийн хугацаанд

    Монголын,

    Төв, Баруун, Зүүн Өмнөд Азийн,

    Хойд, Баруун, Зүүн, Өмнөд Европын,

    Ойрхи Дорнодын Араб, Еврей, Бедуинуудын,

    Хойд, Зүүн, Өмнөд, Баруун Африк тивийн,

    Хойд болон Төв Америкийн

    төр улсын түүх, тогтолцоо, эдийн засаг, соёл уламжлал, нийгмийн төрөл бүрийн байгуулалттай 86 улсад бадарчилж,

    олон зуун мянган өөр өөр үүсэл гарал, дүр төрх, шашин шүтлэг, ажил мэргэжил, амьдралын хэв маягтай хүмүүстэй уулзан учирч, ярилцаж, Амьдралын тухай өөрийн гэсэн ойлголттой боллоо.

    XXI зууны эхэн үеийн Дэлхийн байгалийн гоо үэсгэлэн, Хүн Төрөлхтний аж амьдрал, Цаг хугацааны түүхэн баримтуудыг цуглуулж, амьдрал, хөгжлийн олон асуултын хариултыг олох нь “Монгол Бадарчин” төслийн гол зорилго байв.

    Зөвхөн Монгол Үндэстний төдийгүй,

    Манай өнө эртний Нүүдэлчдийн түүхэнд хамгийн хол нутагт мөрөө гаргаж,

    Тусгаар Монгол улсынхаа далбааг Дэлхийн алс хязгааруудад намируулан мандуулж,

    Гадаадын олон зуун мянган хүн ардад эх орон, Монголоо сурталчилж,

    Дэлхий дахин гэж юу байдаг, соёл иргэншлүүдийн харилцаанд яг юу болж байгаа, энэ цагийн хүмүүст юу хэрэгтэйг ойлгоод, Эх орондоо эргэн ирээд байна.

    “Монгол Бадарчин” төслийн хүрээнд бичигдсэн тэмдэглэлүүдийг Монголын ихэнх сонин хэвлэл, сэтгүүл, интернэт мэдээллийн сувгууд цаг тухайд нь олон нийтэд түгээж,

    өөрийн олж мэдсэн Дэлхийн мэдлэг, амьдралын ухаан, хөгжлийн онолоо ТВ-ийн бараг бүх сувгуудаар ярилцлага хэлбэрээр тайлагнаж,

    Энэ хугацаанд Монголын Төрийн болон Төрийн бус байгууллагууд, их, дээд, дунд сургууль, хувийн хэвшлийн нийт 300 гаруй албан газруудад уулзалт, ярилцлага зохион байгууллаа.

    Монголынхоо соёл, ухаарлын ертөнцөд “Амай” гэх “Ам”ны тусламжтай “Ая” гаргах урлаг, Электро хөгжмийн урсгал, Диско Клубын соёл, “Монгол электро” хөгжмийн гурван цомог, Монгол улсын Засгийн газраар хүлээн зөвшөөрөгдөн, аймаг сум бүрт хүргэгдсэн, Дэлхийн хүмүүсийн амьдралын олон өнгийг харуулсан “Монгол Бадарчин” гурван боть ном, “Дэлхийн Нэг Өдөр” гэх Монголын экспортонд бэлдсэн, XXI зууны эхэн үеийн Дэлхийн амьдралыг үзүүлсэн хамгийн хэрэгтэй зурган мэдээлэлтэй, фото тэмдэглэлийн ном-альбом зэргийг бүтээж, хойч үедээ өвлүүлэн үлдээлээ.

    Дээрх ажлын хажуугаар Монголын хип хоп урсгалын хөгжил, FM радиогийн хөгжил, DJ урлагийн хөгжил, Графити урлагийн хөгжил, Бүжгийн урлагийн хөгжил, ТВ-ийн хөгжил, блог тэмдэглэлийн хөгжил, сэтгүүл зүйн хөгжил, аялал жуулчлалын хөгжилд тус бүр хувь нэмрээ оруулж,

    Залуусын юм үзэж нүд тайлах хүсэл эрмэлзлийг бадруулах, зоригжуулах, аялах замыг нээх зэрэг ажлуудад идэвхтэй оролцлоо.

    Миний мэргэжил бол олон улсын харилцаа, гэхдээ 90-ээд оны үед манайд дэлгэрсэн гурван улсыг дамнасан улс хоорондын наймааны ухаанд суралцаж, диско клубын менежер, FM радиогийн менежер, хөтлөгч, S.A studio гэх хөгжмийн болон видео студи байгуулж, хөгжмийн продюссер, фотошоп дизайнер, ТВ-ийн хөтлөгч, сэтгүүлч, фото сурвалжлагч, мэргэжлийн аялагч, зөвлөгч, амралтын газрын аниматор, ном хэвлүүлэгч, багш сургагч, түүх соёл судлаач, шашин судлаач, байгаль хамгаалагч зэрэг мэргэжлээр ажиллаж, амьдралынхаа туршлагыг өргөтгөсөөр ирлээ.

    Цахилгаан монтаж, фото зураг дарах болон боловсруулж хэвлэх, загвар өмсөх, хувцасны дизайн, оёдол, компьютер угсралтын сургалтуудыг тодорхой төвшинд гүйцээж,

    Word, Photoshop, Premier, Sound Forge, Fruity loops программын орчинд ажиллаж,

    интернэтийн Facebook, Twitter, instagram, Youtube гэх сошл орчинд хориод суваг нээн, олон нийтэд хүрч, мэдээллээ түгээсээр байна.

    Олон мянганыг туулсан манай Аугаа соёл иргэншлийн, энэ цаг үед амьдарч буй Монгол залуугийн нүдээр, XXI зууны эхэн үеийн Дэлхийн болон Монголын амьдрал ямар байсан тухай хойч үедээ дуурсгах зорилгоор бүтээгдсэн, хамгийн олон хүнд хүрч чадсан, 11 жил зогсолтгүй хөтөлж буй www.amai.mnблогоо ажиллуулсаар байна.

    2015 оноос эхлүүлсэн “Амай Илгээлтийн Эзэн” төслөөр, БНМАУ-д юм үзэж, нүд тайлсан залуу үеээ хөдөө, алс хязгаарт соёлын үр түгээлгэхээр илгээдэг байсан хөтөлбөрийг дахин сэргээж, Монголын залуус сайн дураараа хөдөөг хөгжүүлэхээр явдаг ажлыг өрнүүлэх зорилготой байна.

    Одоогийн байдлаар Аавын маань нутаг Увс аймгийн Давст сум, Ээжийн минь нутаг Архангай аймгийн Өлзийт суманд судалгааныхаа ажлаа хэрэгжүүлж эхэллээ.

    Миний бие хийсэн, бүтээсэн ажлуудаараа Шинжлэх Ухааны Академийн дээд шагнал болох Хубилай Хааны алтан медаль, ШУА-ийн Олон улс судлалын профессор цол, Монгол Улсын Засгийн Газрын “Аялал жуулчлалын тэргүүний ажилтан” цол тэмдэг, Энх Тайван Найрамдлын нийгэмлэгийн дээд шагнал “Найрамдлын алтан од”, Сэтгүүлчдийн холбооны дээд шагнал “Ган Үзэгтэн”, ТВ олон нийтийн санал асуулгаар шалгарсан “Энэ цагийн Эгэл Баатар” цол өргөмжлөл зэргийг хүртээд байна.

    http://www.amai.mn

    https://www.facebook.com/amai.mn

  • Гончигийн ГАН-ӨЛЗИЙ- Аялагч, гэрэл зурагчин

    Аялагч, гэрэл зурагчин

    Монгол орны байгаль, нүүдлийн соёл иргэншлийн фото зурагчин. Монгол орноо олон улсад сурталчилан танилцуулсан нэрт зурагчин.

    Хүмүүс өнгөнд татагддаг. Тиймдээ ч ногоон байгальд улаан даашинзтай авахуулсан эмэгтэйн зургийг  фэйсбүүкт оруулбал дорхноо маш олон хүн таалж, like-аар булах нь түгээмэл. Хүнгүй, үйл явдалгүй  зүгээр л байгалийн өнгөт зураг хүртэл сэтгэл татам харагддаг нь өнгөний шид юм. Тэгвэл Монголын байгаль, монгол хүмүүсийн аж амьдрал, түүх соёлын дурсгалын гэрэл зурагчин Г.Ган-Өлзий өнгөрсөн аравдугаар сард гаргасан “Нүүдэлчин Монгол” үзэсгэлэнгээ дан хар, цагаан зургуудаар гаргасан юм.   Хар,цагаан зургийг  зэрвэс хараад өнгөрвөл  юу ч мэдрэхгүй,мэдрэх нь байтугай магадгүй харахгүй. Харин   билгийн мэлмийдээ сайтар тольдож харахуй агуулга аяндаа тодроод ирэх аж. Г.Ган-Өлзий зургууддаа сэтгүүлчид хүртэл цөөн хэрэглэх болсон монгол үгээр тайлбар өгдөг нь бүр ч таалагдсан.

    “Нэгэн удаагийн аялалд гарахдаа хөхүүртэй айраг, айраг бүлж байгаа хүүхэд, айраг ууж байгаа хүний зураг авна гэсэн төлөвлөгөөтэй явлаа.Гэтэл хөхүүр гэдэг нүдний гэм болж. Айлууд урдаас хятад спиртний том хөх савыг л харуулах боллоо шүү” хэмээгээд Ховдын Мөнххайрханд нэгэн айлд ороод хөхүүртэй айраг  бүлж байгаа хүүхэдтэй таарч  хэрхэн баярласан тухайгаа  “Тоочин хүү” хэмээх айраг бүлж буй хүүхдийн зурагнаа тайлбарлажээ.  Эрж хайсан үзэгдлээ олсон зурагчны маань хамрын самсаа нь  шархирсан гэнэ.

    Үнэхээр л зорьсон зурагчны хувьд зол баяр болон “учирсан” айраг бүлж буй хүүхдийн төрх өнөөгийн залуусын хувьд цоо шинэ үзэгдэл аятай болжээ. Г.Ган-Өлзийн  аав Д.Гончиг гуай “Хүү минь зургуудаа монгол хэлээр, монгол ахуйгаар тайлбарлаад байгаад нь олзуурхдаг. Одооны залуучууд монгол хэлээ мэдэхээ байсан” гэв. Аавын анзаарснаар Г.Ган-Өлзий ботгыг “уяна” гэж бичихийг “зэллэнэ” гэж бичээд нэг л алдаа гаргажээ. Харин надад “Том уу, жижиг үү”, “Овооны орой” гэх хоёр зургийнх нь тайлбар илүү сэтгэгдэл үлдээсэн юм.  “…Хэдий мориноосоо хэд дахин жижигхэн биетэй ч түүний эмээл морины нуруун дээр байр сууриа олж, гарт нь цулбуур нь атгаастай байна” гэх тайлбарыг  мориныхоо цулбуураас барин зогсоо бяцхан хүүгийн “Том уу, жижиг үү” гэх зурагнаа зүүжээ. Харин овооны орой дээр гишгэлж гараад хадаг уяж буй эрийн зурагт “Хэн нэгний хүндэтгэл дээгүүр алхаж гараад өөрийн хүндэтгэлээ илэрхийлэх нь ямар харамсалтай харагддаг юм бэ…” гэжээ. Ах, дүү Соёлын гавьяатууд болох зохиолч, сэтгүүлч Долгорын Цэнджав, Долгорын Чулуунбаатар нар Ган-Өлзийн авга ах нар. “Ах нарын “юм” надад байх шиг, ямар ч байсан зургийн тайлбараа мэдрэмжтэй биччихдэг шиг байгаа юм” хэмээн Г.Ган-Өлзий “омгорхов”.

    Тэднийхэн Дундговь аймгийн Гурвансайхан сумын уугуул. Удам судар хөөвөл эрдэм номтой лам нарын үр сад ажээ. “Надаас бусад нь бичиг, соёлын ажилд сайн” гэж Д.Гончиг гуай гавьяат дүү нараараа бахархангуй өгүүлэв. Дөчин жил хилийн цэрэгт  алба хашсан аавыгаа дагаж, нүүдлийн шувуу мэт өнгөрсөн гэрэл зурагчны  бага нас өнөөдрийн хийж буй ажил, амьдралынх нь учгийг яах аргагүй хөврүүлж өгчээ гэж дүгнэхэд хүрсэн юм.

    Том уу, жижиг үү

    “Багадаа аавынхаа “Зорько” аппаратаар зураг авдаг байгаад  алга болгочихсон.Аппарат ч алга болсон, миний гэрэл зураг авах хүсэл ч тэгээд унтарсан” гэж   өгүүлэв. Харин Д.Гончиг гуай “Би зураг авах нээх дуртай биш байсан, “Чайка” аппараттай байгаад нүүдэл дунд л алга болсон байх” гэв. Аппаратны нэр хийгээд алга болсон түүхийг хайнгадуухан ярьсан   аавын хувьд л лав хүүгийнхээ гэрэл зургийн сонирхолд нөлөөлөөгүй бололтой.  Харин хилчин хүний эх орныхоо ширхэг өвсийг ч манаж, харж,  гярхай ажиглаж явдаг гайхам онцлог Г.Ган-Өлзийд гарцаагүй шингэж үлджээ. “Монголын хил гэдэг чинь ан гөрөөс нь сорлог, ус нь тунгалаг, ургамал нь соргог, хүн зон нь ч сайхан газар. Тийм газарт бага нас нь өнгөрсөн болохоор миний хүүгийн нүд нь нээгдэж, урам нь сэргэж өссөн байх” хэмээн Д.Гончиг гуай өгүүлсэн.

    Дундговь,Өмнөговь, Ховд, Сүхбаатарын хилийн отрядуудаар нүүдэллэж явсан тэднийхийг  Сулинхээрийн заставт байх 1972 онд хоёр дахь шинэ хүн мэндэлсэн нь  Г.Ган-Өлзий байжээ. Сулинхээрийн застав тэр үед адуу нь зэрлэгшсэн газар байж.  Тэр  газар нутгийнхаа шувууг хүртэл зүсэлчихдэг ажигч гярхай хилчний гэр бүл, ардын амьдрал дунд өссөн бага насны төлөвшил  түүнд нэг талаар аяллын хөтөч,нөгөө талаар гэрэл зураг авах билгийн мэлмий, хүсэл мөрөөдлийн харгуй  болдог ч юмуу гэж бодогдсон. “Манай гэр бүл  Монголынхоо бүх л сайхан газруудаар явсан, одоо ч хүү минь  өөрөө хаа сайгүй явдаг болж дээ” хэмээн аав хэлэв. Г.Ган-Өлзийд очоогүй сум гарын 10 хуруунд тоологдох тоотой үлджээ.

    “Цог” дээд сургуулийг эрх зүйч, хуульч мэргэжлээр төгссөн Г.Ган-Өлзий зах зээлд анхлан хөл тавьсан бусдын л  адил нэг үе наймаачин, таксины жолооч,  борлуулалтын менежэр гээд юм юм хийжээ.

    Зөв ч бай,буруу ч бай дандаа л урагшаа явж байсан гэж энэ тухайгаа хэлэв.

    2005 онд Монголын  урлагийн зөвлөлөөс хүүхэд багачуудын урлагийн боловсролыг дээшлүүлэх зорилготой “Хүүхэд ба дуран” төсөлд нэгэн англи хүний удирдлага дор ажиллах боломж олдсон нь хүүхэд насны мөнөөх нуугдмал хүслийг бодит болгох эхлэл болсон гэлтэй. 2007 онд БНСУ-д зургаан сарын урлагийн менежэрийн  тэтгэлэгт сургалтад очоод тэтгэлгээрээ зургийн аппарат авч. Улмаар гэрэл зургийн амт шимтэнд татагдан орж, www.agshin.mn гэх мэт гэрэл зургийн вэб сайтад зургаа тавьдаг болжээ. Тухайн үед Монголд дижитал төхөөрөмж анхлан нэвтэрч байсан учраас залуус гэрэл зураг олноор сонирхож эхэлсэн цаг үе байв. 2009 онд Англи улсад таван сар болохдоо тэндхийн гэрэл зурагчидтай аялалд хүртэл явж, 2010 онд Монголд ирээд л гэрэл зургийг ажил болгохоор зориг шулуудан “Студи-11” студиэ байгуулжээ. Тэрбээр  жилийн 365 хоногийн бараг 200-г нь зураг авахын тулд  Монгол орноороо аялж өнгөрүүлдэг.

    Бусдаасаа ялгаатай нь Г.Ган-Өлзий цор ганцаараа аялдаг. Машинаа өөрөө барьж, майхнаа ганцаар босгож,хоол унд,аян замын эрсдэл гэхчилэн туулах замын бартаа саад, жаргал зовлонг ганцаараа л үүрдэг.“Бясалгана гэхэд хаашаа юм,ганцаар явахад юм бодож, бодлоо цэгцэлж, тархи толгойдоо ажлаа төлөвлөж  л явна шүү дээ” хэмээн тэр  хэлсэн. Түүний хувьд өөрийгөө олох, дотоод ертөнцдөө нэвтрэх хамгийн сайхан боломж аяллын зам гэнэ.  Зураг авахын тулд аялах бол  ажил, бас амьдралынх нь салшгүй хэсэг. Жилийн гуравны хоёрыг ганцаар аялаад алга болоход ар гэрийнхэнд хэцүү л байдаг байхдаа гэсэн шүү юм  хөндлөнгийн хэнд ч бодогдоно. “Тэнээд явж байхад нь ар гэр,хэдэн хүүхдээ хэл амгүй аваад явна гэдэг хотын хүүхнүүдийн хувьд хэцүү л  байх. Нөхрийнхөө ажлыг эхлээд дэмжиж байсан юм байгаа биз,сүүлдээ ч  дассан юм байгаа биз” гэж Д.Гончиг гуай хэлэв. Харин  гэрэл зурагчны маань шавь  МҮИС-ийн аялал жуулчлалын ангийн оюутан Эрдэнэбулган ”Их л хүлээцтэй хүн байдаг байх” гэж багшийнхаа эхнэрийг дүгнэв. Г.Ган-Өлзийн том хүү Төгөлдөрийн хувьд  өдрөөс  өдөрт өөрчлөгдөж буй байгаль, хүмүүсийн амьдралыг зургаар үлдээж, байгаа бүхнээ хайрлах сэтгэлийг төрүүлдэг   ааваараа маш их бахархдаг аж.   Аавынх нь  ажил үр хойчдоо үлдээж буй өв соёлын маш том хөрөнгө учраас ээжтэйгээ элбэж орон гэр, дүү нараа авч явах нь аавыгаа дэмжиж буйн том илрэл ажээ.

    Г.Ган-Өлзий, түүний  эхнэр Өлзийхүү нар   оюутан байхын найзууд гэнэ. “Их л дотно санагддаг байсан, тэгээд л гэрлэсэн. Аялж, зураг авах бол миний амьдралын том хэсэг. Зөвхөн хообий биш, ажил. Үүнийг эхнэр маань ойлгодог учраас авдарлаад,цоожлоод байхыг хүсдэггүй байх. Хүнд сайхан сэтгэл 100 хувь байдаг бол манай эхнэрт тэр нь 100 дахин их байдаг. Хүнд ховор тохиох сайн хань” гэж Ган-Өлзий эхнэрийнхээ тухай хүүрнэхдээ харцанд нь хайр гэрэлтэж харагдсан.

    Ганцаар аялж яваа хүнд аян замд элдэв бэрхшээл учрах нь гарцаагүй. Нэг удаа уул өөд буруу замаар гараад буцаж буухдаа машин нь асга хадтай нураад буусан тухай нэгэн ярилцлагадаа өгүүлжээ. Арванхоёрдугаар сарын 20-доор машин нь эвдрээд 30 км алхаж айлын бараа харах гэхчилэн “үхэж ч мэдэх” эрсдэлүүдтэй “ганц дайчин” маань үе үе тулгардаг.

    Тэр бүхэнд дараагийнхаа аяллыг нарийн тооцоолох,төлөвлөх,бэлтгэх туршлага суудаг. “Заримдаа дарсан зургаа хараад аймшигтай санагдах үе ч бий” гэв. Гэвч  тэр ажлаа зогсолтгүй хийдэг.   Байнга явсаар ижий, ахай болсон хүмүүсийн тус дэмжлэг ч их, “эргэх холбоо” гэдэг шиг зургийг нь авсан, тусалж дэмжсэн хүмүүстэйгээ  эргээд л уулздаг хэмээн тэр ярилаа. Г.Ган-Өлзий  нийслэлд бие даасан үзэсгэлэнгээ гурван удаа, 21 аймгийн төвүүдэд тус бүр нэг удаа гаргаад байна. Гэрэл зургийг гэрлээр бичих урлаг гэдэг. Гэхдээ өдөр, шөнө ялгаагүй, бороотой шороотойд ч зураг авдаг учраас маш сайн төлөвлөх шаардлага тулгардаг гэнэ. Харин монгол амьдралын ахуй, соёлын зургийг хүмүүсийн дунд орж, амьдрал ахуй ярьсан шигээ энгийн сайхан орчинд авдагт сайн зурагны нууц нь оршдог ажээ.  Авсан зургаа хэрхэн яаж мөнгө болгодог, аяллын зардлаа яаж олдог  тухай асуухад зурагчин маань “Өөрөө л зөв байвал ивээн тэтгэх, хамтран ажиллах хүмүүс олддог. Байгууллага, компаниуд хувь хүнийг спонсорлодоггүй, уран бүтээл, хөдөлмөрт мөнгө өгдөг. Хариуд нь надад итгэж найдаж мөнгө өгсөн хүмүүсийн нэр төрийг эрхэмлэж явах үүрэг хүлээдэг”гэлээ. Баруун аймгуудаар нэг аялахад л зөвхөн  шатахуунд  гурван сая төгрөгийн зардал гардаг. Ганцаараа аялдаг учраас бусдын дэмжлэгтэй явахаар өөр аргагүй. Г.Ган-Өлзийн хийж буй ажлыг үнэлдэг, ойлгодог хүмүүс дэмжиж гурван удаагийн үзэсгэлэнгээ хүртэл ивээн тэтгэгчтэй гаргажээ. Саяхны “Нүүдэлчин Монгол” үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгчээр л гэхэд  “Монос” групп ажиллажээ.   Дэлхийд уран зураг лугаа хэдэн зуун сая ам.доллараар зарагдсан гэрэл зураг байдаг гэнэ. Харин Г.Ган-Өлзийгийн Шилийн Богдын наана азарга давхиж буй нэгэн зургийг МАН хоёр сая төгрөгөөр худалдаж авч байсан нь шаггүй үнэд хүрсэнд тооцогдох ажээ.

    Г.Ган-Өлзий нүүдэлчин өв соёлоо хадгалж үлдсэн хөдөөгийнхний  тухай “Бид өөрсдөө  “Вранглер жийп” уначихаад мотоциклоор хонио хариуллаа гэж тэднийг буруутгаж болохгүй, хөдөөнийхөн бусдын л адил хөгжиж дэвжих эрхтэй.Гагцхүү өв соёлоо хэрхэн авч үлдэх вэ гэдгээ л бүгдээрээ  бодох учиртай гэсэн юм. Шавь  Эрдэнэбулган нь Ган-Өлзий багшийнхаа тухай  “Монголын хамгийн их байгалийн гэрэл зургийн сантай хүн.Ганцаараа аялдаг учраас  зураг  бүхэн нь дахин давтагдашгүй” гэж хэллээ. Г.Ган-Өлзийн үзэсгэлэнг үзсэн хүмүүс зузаан гэгчийн дэвтэрт сэтгэгдлээ үлдээжээ.   “Монгол ахуйг “орчлон багтдаг” хар, цагаан өнгөнд багтааж дэлгэсэн сайхан үзэсгэлэн гаргажээ” гэж П.Баттулга бичсэн бол ШУТИС-ийн нэгэн оюутан монгол хүн юуг хүсч, зорьж буйг түүний гэрэл зургаас мэдэрснээ бичиж, “Урсах амьдрал өрнөсөөр..” хэмээжээ. Уншигч та түүний Gan-Ulzii Gonchig нэртэй фэйсбүүкээр зочилбол энэ мэт постууд олныг унших боломжтой. Дээрх оюутны бичсэн шиг урсах амьдрал өнгөрсөөр, монголчууд бид дэлхийтэй улам бүр нэгдэн нийлж, техник, технологийн эринд санамсаргүйгээр уламжлалт соёл,ахуйгаа гээж, шинэ бүхэнд татагдан орж байна.

    Тав, арван жилийн дараа хөхүүр гээч эдийг магадгүй музейд, эсвэл Г.Ган-Өлзийн авсан зурагнаас л зөвхөн үзэж болох цагийн нүүдэлд аж төрж байна.

    Мэдээж  Г.Ган-Өлзий үүнийг хүссэндээ зураг авдаггүй, бодит өөрчлөлтийг мэдрүүлж, сануулах гэсэндээ энэ ажлыг хийдэг ч юм шиг…”Зураг авах үед миний амьсгал зогсдог” гэж тэр ярьсан.Түүнтэй адил байгалийн гэрэл зураг авдаг  Б.Баяр ийм сайхан эх орныхоо зургийг уйлж авдгаа хэлсэн. Эдгээр үгсийг сонссон,   ийм агуу үйл хэргийн зах зухаас мэдэж, танихыг хичээсэн би бээр тэднийг зүгээр л “эх орончид” гэж нэрлэхийг хүслээ. Эх орныг дурандаа мөнхлөх эх орончид.

    2015 он.#Түмэнбаатарын Бүдээхүү Gereg.mn

  • Диймаажав ЭРДЭНЭБААТАР- Хүрэл зэвсэг, хүннү судлаач нэрт археологич

    Археологич, түүхч, хүрэл зэвсэг, хүннү судлаач

    Түүхийн ухааны дэд доктор, профессор. Улаанбаатарын Их Сургуулийн Археологийн тэнхэмийн эрхлэгч. Монголын эртний хүрэл зэвсгийн үе ба Хүннүгийн археологийн судлаач.

    Хөдөлмөрийн хүндэт медаль, ШУ-ны тэргүүний ажилтан цол, тэмдэг, Боловсролын тэргүүний ажилтан цол, тэмдэг, Жак Уэтерфордын нэрэмжит дэд байрын шагналт;

    Тэрээр газрын хөрсөн дээр ба доор үлдсэн Монголчуудынхаа агуу их түүх, соёлыг хэн ч маргахын аргагүйгээр “Бидний өв соёл энэ шүү” гэж дэлхийд харуулахын тулд ерээд оноос хойш Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Эгийн голын нутагт Хүннүгийн булшийг малтах ажлаа эхэлж хүннүгийн үеийн бэхийн чулуун янтай, хүрэл дуулга, хүрэл морь зэрэг дэлхийд нэн ховор олдворуудыг олж илрүүлсэн. Цаашид Хүннүгийн бичиг үсэг, ном судрыг олох чин зорилготой ажилладаг.

    Мөн “Монгол нутаг дахь дөрвөлжин булш, хиргисүүрийн соёл”, “Монгол Алтайн хүн чулуун хөшөө”, “Эртний металлург боловсруулалтын түүх”, Монголын түүхийн I ботийг бүтээхэд хүрлийн үеийн тухай гэх мэт нэгэн сэдэвт бүтээл 5, Хамтын бүтээл 8, Эрдэм шинжилгээний өгүүлэл 160- ийг туурвин бүтээгээд байна.

    Түүний ахласан археологийн баг Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн нутаг Балгасын тал хэмээх газар орших Гол мод нэртэй Хүннүгийн хаадын булш бүхий газрыг шинээр илрүүлэн олж, Хүннүгийн хааны булш олсноо зарласан. Архангай аймгийн Хайрхан сумын Хүнүй голын хөндийд Гол модны Хүннүгийн хаадын булштай газартай ижил нэртэй, дурсгалын хувьд ч ижил байгааг анзаарч түүхэн дурсгалтай ижил газраас ялгахын тулд “Гол мод-2” хэмээн нэрлэжээ. Археологийн судалгааны үр дүн Монгол орны хүрэл зэвсгийн үеийн түүхийн он цагийг, өмнөх судалгааны үр дүнгээс 1000- 1500 жилээр урагшлуулан “Чемурчекийн соёл”, Мөнххайрханы соёл”, “Тэвшийн соёл” зэрэг монгол нутагт хүрэл зэвсгийн эрт болон дунд үед амьдарч байсан овог аймгуудын үлдээсэн дурсгалуудыг шинээр илрүүлэн олсон. Хүннүгийн их хааны булшны малтлага судалгааны үр дүн бол түүхэндээ анх удаа монголчууд гадны тусламжгүйгээр бие даан бүрэн цогцолбороор дагуул булш болон тахилын байгууламжийн хамт малтан шинжилсэн. Хүннүгийн их хааны булш хэмжээний хувьд ч тэр, малтлага судалгааны ажлын үргэлжилсэн цаг хугацаа, оруулсан хөрөнгө оруулалт, ажилласан хүний тоо, илрэн олдсон археологийн эд өлгийн дурсгал зэргээрээ олон дээд амжилтыг тогтоосон.

    АЖЛЫН ТУРШЛАГА
    1979- 1980 онд Улаанбаатар хот дахь Зөвлөлтийн барилгын 2-р трест-д цахилгаан гагнуурчин;
    1980-1983 онд Хилийн цэрэгт хугацаат цэргийн албан хаагч;
    1983- 1984 онд УБ хотын Байшин Үйлдвэрлэх 2-р комбинат-д цахилгаан гагнуурчин, бригадын дарга;
    1988- 2007 онд ШУА-ийн Түүхийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, Эрдэмтэн нарийн бичгийн дарга, Эртний судлалын тасгийн эрхлэгч;
    1992 оноос Улаанбаатарын Их Сургуулийн Археологийн тэнхэмийн эрхлэгч;

    ШАГНАЛ
    2002 онд Шинжлэх Ухааны тэргүүний ажилтан цол тэмдэг;
    2006 онд Хөдөлмөрийн хүндэт медаль;
    2008 онд Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэг;
    2013 онд Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг;
    2014 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон;

    https://www.facebook.com/erdene.hatagin

    Ярилцлага унших

  • Чойбалсан БУЯНБАДРАХ- Аялал жуулчлалын зөвлөх

    Аялал жуулчлалын зөвлөх, Монголын аялал жуулчлалын салбарын шинэ хөгжлийг түүчээлэгч, багш, “Монгол орны лавлах”, “Аялал жуулчлалын лавлах” номын зохиогч.
    “Монголиан гайд тур” компаний захирал;

    Монголын аялал жуулчлалын салбарт 2000 оноос хойш ажилласан 20 жилийн баялаг туршлагатай. Аяллын хөтөч, менежер бэлтгэх, хөдөө орон нутагт аялал жуулчлал хөгжүүлэх маркетинг, аялал жуулчлалын боловсрол олгох чиглэлээр 100 орчим сургалтыг амжилттай зохион байгуулсан.

    МЗХ, Next stop клуб, Хүннү-Атилла судлалын сан зэрэг ТББ-д нарийн бичгийн дарга, ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал гэх мэт албан тушаалыг хашиж ирсэн бөгөөд аливаа хамт олныг удирдан зохион байгуулах чадвар нь эдүгээ тус компанийг урагшлуулах хүч болдог.

    Аялал жуулчлалын салбарт анх удаа хувийн хэвшлийн “жуулчны мэдээллийн төв”-ийг байгуулан төр засгийн дэмжлэггүйгээр 10 жил удирдан ажиллаж Монгол оронд зочилсон 200 мянга орчим жуулчинд Монголын тухай, Монголд хэрхэн аялах тухай зөвлөгөө мэдээллийг хүргэсэн ба тус үйлчилгээний чиглэлээр олон арван залуучуудыг туршлагажуулж чадваржуулсан.

    Гадаадын жуулчдыг Монгол орноор аялуулах үйл ажиллагааг 14 жил зохион байгуулсан бөгөөд жуулчдын зан чанар, Монголд юуг зорилго болгон аялдаг, ямар сэтгэл ханамж авдаг, юунд гомдоллодог гэх мэт олон асуудалд мэдлэг туршлага хуримтлуулсан байдаг нь аялал жуулчлалын бизнес, аялал жуулчлалын сургалтыг амжилттай зохион байгуулахад томоохон тулгуур болдог.

    Мөн Япон, Тайланд, Солонгос, Тайвань, Вьетнам, Камбожи, Хонконг, Улаан-Үд, Манжуур, Утай, Гүмбэн, Ордос, Бээжин, Жанжиажэ, Индонез, Сингапур, Малайз, Макао гэх мэт аялал жуулчлалыг амжилттай хөгжүүлж буй улс орон, бүс нутгуудаар аялах, хурал зөвлөгөөнд оролцох, сургалт зохион байгуулах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, монгол жуулчдад газарчлах гэх мэтээр идэвхтэй ажиллаж ирсэн нь Монголын аялал жуулчлалын салбарын хүний нөөцийг сургах, орон нутагт аялал жуулчлалын зөвлөхөөр ажиллахад чухал мэдлэг туршлага болдог. Эдүгээ Японы их сургуульд нэмэлт зэрэг олгох хөтөлбөрт онлайнаар суралцаж байна. Мөн Дорнод аймгийн “Дорнод Аялал Жуулчлалын Нэгдэл”-ийн зөвлөхөөр ажиллаж байна.

      • Аялал жуулчлалын багш 
      • Япон хэлний орчуулагч
      • Тур лидер 
      • Аялал жуулчлалын зөвлөх 
      • Судлаач, нийтлэлч
      • Веб хөгжүүлэгч
      • Төсөл, хөтөлбөрийн зохион байгуулагч 
      • Хэл шинжлэлийн магистр 
      • Аялал жуулчлалын докторант

    Холбоо барих мэдээлэл
    https://www.mongolianguideschool.com
    http://www.touristinfocenter.mn

    ХЭРЭГЖҮҮЛСЭН ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТОВЧ

      • 2020 он 7 сар,  Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын “Бурхан бумын орон” энергийн төв, аялал жуулчлалын мастер төлөвлөгөө
      • 2020 он 1 сар, Дорнод аймгийн аялал жуулчлалын үндсэн маршрутыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө 
      • 2019 он, Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, “Дорнод-Аялал жуулчлалын нэгдэл”-тэй хамтран  “Дорнод аймгийн Аялал жуулчлалын маршрут ба аялал жуулчлалын бүтээн байгуулалт” хээрийн судалгаа ба дүгнэлт
      • 2018 он, “Хэнтий аймгийн Аялал жуулчлалын мастер төлөвлөгөө боловсруулах” төсөл
      • 2018 он, Орос – Монгол – Хятадын ХАҮТ-ын хурал, “Монголын зүүн бүсийн аялал жуулчлалын нөхцөл байдал” илтгэл хэлэлцүүлэг
      • 2018 он, “Wonder travel – 2018” дотоод, гадаад аялал жуулчлалын үзэсгэлэн
      • 2017 он, Улаанбаатар хотын аялал жуулчлалын газрын зураг боловсруулах төсөл
      • 2017 он, “Монгол орны лавлах” номын 3 дахь хэвлэлт
      • 2017 он, БНИУ дахь Монголын ЭСЯ-тай хамтран Жакарта хотод “Монголын аялал жуулчлалын мэдээллийн төв” байгуулах төслийн ерөнхий зөвлөх, хамтран гүйцэтгэгч
      • 2015 он, МӨАУМХ-той хамтран “Тайпэй – ОУ-ын өрхийн эмч нарын чуулга уулзалт”-д оролцох Монголын төлөөлөгчдийн аялал
      • 2014 он, “ӨМӨЗО, Авга хошуу, Шилийн гол аймаг, Шулуун хөх хошуу, Хөх хот, Ордос дахь Чингис хааны түүх, XIII – XY зууны монголчуудын түүхэнд холбогдох газар”  судалгааны аялал
      • 2013 он, МЗХ, БНАСАУ-ын Аялал жуулчлалын газрын төлөөлөгч E & A ХХК-тай хамтран “Монгол улс ба БНАСАУ-тай дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой”-д зориулсан  Хүннү Айр-ын чартер нислэгтэй аяллын баг зохион байгуулах төсөл
      • 2012 он, Монгол орны баруун бүсийн аяллын маршрутын судалгаа (4600 км)
      • 2010, 2009, 2008 он, “Аялал жуулчлалын бүсийн орчны хог хаягдлыг цэвэрлэх аян”
      • 2009 он, Монголын зүүн өмнөд ба өмнөд бүсийн аялал жуулчлалын маршрутын судалгаа (2450 км)
      • 2008 он, Монгол орны төв болон хойд бүсийн аяллын маршрутын судалгаа  (2100 км)
      • 2007 он, Монгол орны зүүн бүсийн аяллын маршрутын судалгаа  (920 км)