Category: media-content

  • Хэрэглэгчид нийцсэн вэб

    Сая нэг ийм яриа болж өнгөрлөө. Та бүхэнд сайн вэбийн талаарх зарим нэг ойлголт өгөх зорилгоор энд нийтэллээ.

    YM: 4/28 at 3:12 PM

    Зочин: Танайх вэб хийдэг үү?

    Лувсандорж: Вэб хийдэг. Гэхдээ зөвхөн вэб хийдэг компани биш. Харин дизайны шийдэл, вэб технологийн шийдэл, интернэт маркетингийг нь цогцоор нь хийж гүйцэтгэдэг агент юм.

    Зочин: Web bhad hangaltgui u?

    Лувсандорж: Зөвхөн вэб хийлгэчихсэнээрээ интернэт мардетинг хийчихлээ гэж ойлгож болохгүй. Нэг боршуур хэвлээд хавтсанд хийгээд мартахтай л адил юм. Тиймээс вэбийг интернэт орчны хэрэглэгчидэд хүргэх, таниулах, тогтмол харилцаа үүсгэх гэх мэтээр олон талт цогц төлөвлөлт байх ёстой. Жишээ гэвэл дэлхийд тэргүүлэгч брэндүүд бүгд л сошиаль медиаг идэвхитэй ашигладаг болоод байна шүү дээ.

    Зочин: bid iim website hiilgemeer bna. template-g n hardaa .. yg enen shig zagvartai. http://www.templatehelp.com/preset/pr_preview.php?i=29223&pr_code=kQ1m4s5…

    Лувсандорж: Энэ талаар уулзаж ярилцах шаардлагатай гэж үзэж байна.

    Зочин: uulzah ymar shaardlaga bn?

    Лувсандорж: Та энэ видеог үзвэл яагаад гэдгийг нь ойлгох байх аа.http://www.youtube.com/watch?v=F0DhavW4L3Q

    Таны хүссэн бүрийг хийж болно. Гэхдээ, та зөв зүйлийг хүсэж байгаа эсэх нь хамгийн том асуудал юм. Жишээ нь дэлхийд тэргүүлэгч Google NEXUS утсандаа яагаад ийм энгийн вэб хийсэн бэ гэдгийг бодоод үзэж болно http://www.google.com/nexus/

    Зочин: aanhaa zuv zuv

    Лувсандорж: 100% флаш вэб хоцрогдоод удаж байна. Яагаад гэвэл хайлтын системд өтдөггүй, удаан ачаалладаг гэм мэт олон асуудал бий.

    Зочин: aanhaa.. neeeree ch udaan achaalaldag shuu..

    Лувсандорж: Жишээ нь технологиор тэргүүлэгч Apple компанифлаш, анимайшн вэб хийж болох л байсан. Гэтэл яагаад ийм энгийн хийв гээд бодоод үз дээ. http://www.apple.com/ Одоо вэбийн хөгжил бол хамгийн энгийн, ашиглахад хялбар, хайлтанд өртөхдөө сайн, гоё үзэмжтэй, хүнд ойлгомжтой л байх юм. Вэбийг ямар үүрэгтэй хийж байгаа вэ, тэр үүргээ сайн гүйцэтгэх ёстой. Бүтээгдэхүүн танилцуулж зарах ёстой бол түүнийгээ л хийх ёстой. Тэрнээс биш бөөн график, нүсэр юм гарч ирлээ гээд илүү оноо цуглуулж чадахгүй. Цахим орчиныг 30, 40 жил ашиглачихсан, мэдэрчихсэн компаниудын вэбийг үзээд суралцах хэрэгтэй гэж боддог.

    Зочин: ok ok mash unetei zuvulguu bn.. ern tanai web bolon online marketingiin uilchilgee niitdee hed bdg ve, dundjaar.

    Лувсандорж: Би энэ талаар, эхлээд уулзаж байж, нөхцөл байдлыг тодорхойлж байж үнийн санал гаргаж өгдөг.

    Зочин: ok

  • Залуус цахим нийгэм дэхь орон зайг ашиглан өөрсдийн хүсэл мөрөөдлийг дэлхийд тунхаглахаар мордлоо

    Өчигдөр 18:00 цагт МУБИС-ийн Төв байрны 312 тоотод цугларсан оюутан залуучуудад ЦАХИМ НИЙГЭМ ДЭХЬ ОРОН ЗАЙ сэдвээр лекцээ уншлаа. Лекцийг Монголын Оюутны Холбоо, The New Media Marketing Agency хамтран зохион байгуулсан билээ. Ямартай ч залуус лекцийг анхааралтай сонсож, 2.000.000.000 гишүүнтэй цахим улс гүрэнд өөрийн үзэл бодол, хүсэл мөрөөдлийг тунхаглах аянд мордоцгоолоо. Видео бичлэгийг хүргэж байна.

  • Час улаан сарнайн дэлбээ дэлбээлэхэд

    Час улаан сарнайн дэлбээ ДЭЛБЭЭЛЭХЭД

    Час улаан сарнайн ДЭЛБЭЭ

    Час улаан САРНАЙН

    Час УЛААН

    ЧАС …

  • Хөргөгчөө Үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээр дүүргэх нь миний нэг аз жаргал

    Манай гэрийн хөргөгч. Өчигдөр хөргөгчөө дүүргэлээ. “Зөвхөн үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээ хэрэглэх” энэ миний хэрэглээний зарчим. Үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүд сайхан харагдаж байна. Улам бүр л сайжраад байна даа.

  • МОНГОЛ ТУУРГАТНЫ ЦАГААН САР- 2013 арга хэмжээ шинийн 3-нд болно

    Монгол туургатан, үндэстэн ястануудын урлагийн тоглолт, өв соёл, хувцас, эд хэрэглэлийн гайхамшигт үзмэрүүд, эртний хөгжмийн зэмсэг, сонин содон үзүүлбэр, Монгол наадгай, Дэмбээ, Алаг мэлхий, Морь уралдах, Шагай шүүрэх, Сээр таших, Үйчүүр, Өлзий хорол гэх мэт. 32 ханатай дэлхийн хамгийн том монгол гэрт таван тансаг идээ, цагаа.
    Хазара Монгол, Өвөр Монгол, Шинжаан Уйгарын Монгол, Хөх нуурын Монгол, Халимаг, Тува, Буриад зонтой нэг дор уулзан золгож хөөрөлдөх боломж.

    ЗОРИЛГО
    Монгол туургатан ард түмний уламжлал, соёлын өв, ёс заншлыг сэргээх, түгээн дэлгэрүүлэх, Монгол улсад өвлийн аялал жуулчлалыг нэмэгдүүлнэ.

    ЗОРИЛТ
    – Монгол туургатан ард түмэн болон үндэстэн ястанууд өөрсдийн өв соёл, уламжлал, соёл урлаг, ёс заншлыг хойч үедээ танилцуулна.
    – Устаж үгүй болж байгаа Монгол үндэстний хувцас хэрэглэл, ёс заншил, дуу, хөгжим, бүжиг зэрэг соёлын өвийг таниулна.
    – Монгол түмний соёл, ёс заншлыг дэлхий нийтэд сурталчилна.
    – Монгол туургатнууд найзалж нөхөрлөдөг Монгол түмний их баяр болгоно.

    ХЭЗЭЭ: 2013 оны 02-р сарын 13 буюу билгийн тооллын шинийн 3-ны өдөр 11:30 цагаас.
    ХААНА: “Чингисийн хүрээ” жуулчны бааз цогцолборт

    САНААЧЛАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
    “Нэр төр эрхэмсэг амьдрал” ТББ, “Очир фильм” студи

    ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
    Соёл, спорт, аялал жуулчлалын яам, New Media Grouphttps://facebook.com/NMGteam, Хан-Уул дүүргийн Соёлын Төв, Монголын Хүүхдийн Ордон

    ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГА
    Аялал Жуулчлалын Үндэсний Төв, “Аялал жуулчлалын холбоо

    ОРОЛЦОГЧИД
    21 аймгийн Засаг даргын тамгын газар, Нутгийн зөвлөл, Монгол туургатан ард түмэн, Монгол улсад суугаа гадаадын элчин сайдууд

    ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ 
    BBC, Bloomberg, AIST, NHK, National Geographic, МҮОНРТВ, Боловсрол суваг ТВ, UBS, MN25, TV5, http://goy.mn/, мөн баримтат кино бүтээгдэнэ.

    ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
    Монгол туургатнууддаа болон жуулчдад үйлдвэрлэсэн брэнд бараа бүтээгдэхүүнээ таниулахыг хүссэн Үндэсний үйлдвэрлэгч компаниудыг хамтран ажиллахыг урьж байна.

    ХОЛБОО БАРИХ
    Ц-шуудан: akhaa_d@yahoo.com
    Утас: 8805-5023; 8806-5023; 9908-2654; 9912-7190
    https://facebook.com/MongolTuurgatanTsagaanSar

  • Бид зорилгоо зураглан харж чадсанаараа амьдралдаа томоохон өөрчлөлтүүдийг авчрах болно

    Хүн болгон өөрийн гэсэн хүсэл мөрөөдөлтэй бөгөөд тэрхүү хүсэл мөрөөдлөөс нь амьдралын зорилго нь ундарч урган гардаг. Хугацаа тавьсан хүсэл мөрөөдөл бол зорилго юм. Энэхүү зорилгоо бид зураглан харж чадсанаараа өөрийн амьдралдаа томоохон өөрчлөлтүүдийг авчирдаг билээ.

    Хурдтайгаар өргөжин тэлж байгаа пүүс компаниудын гол нууц нь алсын хараагаа гол зорилгоо болгосонд байгаа юм. Энэ бүгдээс үзэхэд зорилго тавьсан хүнрүү амжилт татагддаг ажээ. Судалгаанаас аваад үзэхэд судалгаанд оролцсон хүмүүсийн 3 хувь нь л өөрийн зорилгыг цаасан дээр бичиж тэмдэглэсэн,10 хувь нь тодорхой зорилго төлөвлөгөөтэй боловч бичиж үлдээгээгүй, 60 хувь нь зорилгоо жаахан бодож үзсэн, үлдсэн 27 хувь нь ойрын ирээдүйн, зорилго төлөвлөгөөний талаар онцгой авч үзсэн удаагүй байсан.

    Эдгээрээс 3 хувь нь өөрийн зорилгоо бичсэн хүмүүс байсан бөгөөд тэд маш их эд хөрөнгө нэр хүнд, эрх мэдэлтэй байв. Харин 10 хувь нь харьцангуй сайн амьдралтай, 60 хувь нь жирийн амьдралтай ба үлдсэн хувь нь бусдын тусламжийг аван арай ядан амиа зогоожамьдарч байгаа хүмүүс байлаа.

    Хамгийн гол үнэн гэвэл 2 дахь хүмүүс болох 10 хувь нь дээрх 3 хувь хүмүүсээс мэдлэг, авъяас чадварын талаар ямар ч ялгаагүй байсан юм. Тэд нар ч гэсэн өөрийн гэсэн алсын хараатай одоогийн байдал ба хүрэх газраа мэддэг хүмүүс юм. Гагцхүү энэ 2 хэсэг хүмүүсийн ганцхан ялгаа нь 3 хувь нь өөрсдийн зорилгоо бичиж тэмдэглэсэн, 10 хувь нь бичиж тэмдэглээгүй гэдэгт л байгаа юм.

    Тиймээс бид өөрсдийн зорилгоо тодорхойлох зайлшгүй шаардлагатай бөгөөд аливаа зүйл энгийнээс эхэлдэг.
    АНУ-ын нэгэн баян залуугийн тухай түүх:
    Тэр энгийн адуучны хүүхэд байсан ба дунд сургуульд байхад багш нь мөрөөдөл болон ирээдүйн зорилгоо тодорхойлсон зохион бичлэг хийх даалгавар өгчээ. Тэрээр бүх л шөнийн турш зохион бичлэгээ бичээд маргааш нь багшдаа долоон хуудас зохион бичлэг аваачиж өгсөн байна. Тэрээр зохион бичлэгтээ, “Би 200 га газартай, 1000 м2 эдлэнтэй адууны жүчээ барина гэж бичээд жүчээнийхээ зургийг хүртэл зурсан” байжээ. Харамсалтай нь тэр хичээл дээрээ 0 авсан. Тэгээд их гайхаж багшаасаа асуухад, “Энэ мөрөөдөл чамд дэндүү томдох юм байна” гэж хэлсэн. Багш нь зүгээр л адуучны хүүхэд байж яаж 200 га газар, 1000 м2 эдлэнтэй болох юм бэ гэж бодсон байна. Хүү гэртээ ирээд аавдаа хэлэхэд, “Энэ бол чиний хувьд хамгийн том сонголт, миний хүү өөрөө сонго” гэж хэлжээ. Маргааш нь нөгөө хүү зохион бичлэгээ багш дээрээ дахин авч очоод, “Багшаа та дүнгээ битгий өөрчлөөрэй. Би ч гэсэн зорилгоо өөрчлөхгүй” гэж хэлсэн гэдэг. Одоо тэрээр АНУ-д 1000 м2 эдлэнтэй, 200 га адууны жүчээтэй нэлээн баян нэгэн болсон.

    Тэгэхээр зорилго, тэмүүлэл гэдэг бол чухал зүйл бөгөөд ирээдүй рүү тэмүүлэн харсан зорилгоо тодорхойлж, өөрийнхөө чаддаг бүхэнд зориулалтаа нэмэгдүүлж, бүхнийг чаддаг болохын тулд өөрийгөө 99% ашиглах хэрэгтэй юм. Та юу хүсч байна түүнийгээ зорин тодорхой алхам хий. Ингэхийн тулд төлөвлөсөн зорилгоо бичиж тэмдэглээд өдөр бүр нүдэнд харагдах газар тавих хэрэгтэй бөгөөд хүн бодлоо бичгээр илэрхийлэх үед бодол бодитоор тодорхой ухаалаг болдог. Бүх зорилгодоо хамгийн эцсийн хүсэл цаг хугацааг төлөвлөхөөс гадна таамаглагдаж буй саад тотгор түүнийг шийдэх арга замыг хүртэлтооцоолон тэр даруй шийдэж болохоор хийх нь чухал.

    Төлөвлөсөн хугацааны дараа нэг бүрчлэн шалгаж, шалгасны үр дүнд улам илүү батжуулж байгаарай. Зорилгынхоо тухай зургийг толгой дотроо байнга зурж бодож байх хэрэгтэй бөгөөд та зорилго тавьсан цагаасаа дахин төрж зорилготойгоо нас чацуу байдаг. Хэрвээ хүн зорилгогүй бол амьдрал нь хоосон яриа, хов үг, хумхай шунал болж хувирдаг.
    Зорилгогүй хүн гэдэг бол үндэсгүй модтой адил.
    Хатуухан хэлэхэд зорилготой хүний хоолны шавхруугаар зорилгогүй хүн хооллож амьдардаг. Зорилготой хүн таваг дүүрэн боломжийг олж хардаг бол зорилгогүй хүн таваг дүүрэн бэрхшээлийг олж хардаг. Залуус бид улс эх орныхоо хөгжлийн түлхүүрүүд мөнөөс мөн. Тиймээс өнөөдөр хийж чадах зүйлээ маргааш гэж хойшлуулалгүй өнөөдөртөө амьдарчгаая. Маргааш хураахыг хүсэж буй зүйлээ өнөөдөр тарья. Өнөөдөр бол тарих цаг хэрэв бид шантрахгүй байвал цаг нь болхоор хурааж авна.

    Танд амжилт хүсье!

  • Хүүхдүүдийн хайрын хэлний тухай

    Бидний амьдралыг энхрий бяцхан үрсгүйгээр төсөөлөхийн аргагүй. Хайртай хосууд бие биетэйгээ учирч өөрсдийн хайран дундаасаа хамгийн нандин бэлэг болох үр хүүхдээ баяр хөөртэйгөөр угтаж авдаг билээ. Тэгвэл тэрхүү бяцхан үрсийнхээ төрөлхийн хайрын хэлийг нь мэдээгүйгээс болоод багахан асуудлуудтай учирдаг. Миний бие ирээдүйн эцэг эхчүүддээ жаахан ч гэсэн нэмэр болоосой гэсэн үүднээс өөрийн сурч мэдсэн зүйлээсээ та бүхэнтэйгээ хуваалцаж байна.

    Хайрын 5 хэл байдаг бөгөөд энэхүү 5 төрлийн хэлтэй хүүхдүүдийн тухайд:

    1. Магтаалын хайрын хэлтэй хүүхдийг багаас нь загнаад, дараад, шүүмжлээд байвал хайрын сав нь хоосорч өөртөө итгэлгүй, өөрийгөө үнэлдэггүй нэгэн болж өсдөг. Харин үүний оронд өглөө бүхэн хүүхдүүдээ чин сэтгэлээсээ магтаж, хайрлах хэрэгтэй. 
    2. Бэлэг өгөх, авах хайрын хэлтэй хүүхдүүд багадаа бэлэг бага авдаг байсан бол дутуу авсан хайраа нөхөх гэж бусдад бэлэг өгөх дуртай нэгэн болдог. Багадаа бэлэг огт авч байгаагүй хүүхэд том болоод хэн нэгэнд бэлэг сонгоход маш хэцүү байдаг. Хүн өөрийнхөө хөрөнгө зиндаанд тааруулж бэлэг өгдөг хэдий ч, бэлэг сонгохдоо сэтгэлээ шингээж байх нь чухал. Бэлэг гэдэг бол хайрын үзэгдэхүйц тэмдэг юм. Зөв сонгоогүй бэлэг хүний сэтгэлд шарх үлдээдэг учираас үр хүүхэддээ бэлэг өгөх гэж байгаа бол өмнө нь ямар бэлэг аваад баярлаж байсаныг нь сана, найз нөхөдөөс нь асууж тодруулсан ч болно. Зарим ажил ихтэй эцэг эхчүүд хайрлах цаг зав гаргаж чадахгүй байгаадаа гэмшиж хүүхэддээ бэлэг авч өгдөг бол нөгөө хэсэг эцэг эхчүүд өөрсдөө багадаа бэлэг авч байгаагүй учираас үр хүүхэддээ бэлэг авч өгөхийг маш ихээр хичээдэг байна.

    Бэлэглэх хайрын хэлтэй хүмүүст бэлэг өгөхөд маш ихээр баярладаг бөгөөд бэлэг өгч хайртай гэдгээ илэрхийлдэг. Буруу зүйл хийхээрээ бэлэг авч өгч уучлал гуйдаг. Ам хэлээрээ уучлал гуйж чаддаггүй байна.

    Та өөр хэн нэгэнд бэлэг өгөх гэж байгаа бол тэр хүнийхээ тухай сайтар бодож, ямар зүйл сонирхдог юунд дуртай эсэхийг нь сайтар судалж байж бэлэг авч өгөх хэрэгтэй. Бэлэг бэлэглэхийг хүсч байвал заавал онцгой тэмдэглэлт өдрийг хүлээх ч хэрэггүй.

    Өгвөл бүү үглэ Үглэвэл бүү өгөөрэй дөө? ккк

    1. Тусламж авах (халамжлан туслах) хайрын хэлтэй хүүхдэд сонирхоод байгаа хэрэгтэй зүйлийг нь авч өгөхөд бэлэг гэж бодолгүй халамжлан туслаж байна гэж боддог. Ийм хэлтэй хүмүүс хийж байгаа зүйлээс нь хамтран хийхгүй бол уурлаж бухимддаг ч хамтран хийх хүслээ гуйх биш шахаж шаардах аялгаар хэлдэг нь хамгийн том алдаа болдог.
    2. Бусдаар энхрийлүүлэх (энхрийлэх) хайрын хэлтэй хүүхдүүд барилдаж тоглох гэх мэт бие биедээ хүрэлцэж тоглох дуртай байдаг. Энхрийлэнэ гэдэг нь бие махбодиороо хүрэлцэхийг хэлнэ. Бид хүүхдээ том болохын хирээр энхрийлэх нь (үнсэх, илэх, өхөөрдөх нь) багасдаг. Эмэгтэй хүүхэд багадаа ээж аавдаа энхрийлүүлж байгаагүй бол том болоод багахаан энхрийлэлийг агуу их хайр хэмээн хүлээн авч хууртаад амьдралдаа алдах тохиолдол цөөнгүй гардаг.
    3. Хамт байх хайрын хэлтэй хүүхэд томрох тусам өөрийгөө хайрлуулахын тулд эцэг эхийнхээ анхаарлыг татах гэж янз бүрийн үйлдэл хийж эхэлдэг. Иймд эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ хийж байгаа зүйлийг нь анхаарч, хүүхэд тань марк цуглуулдаг бол нэг марк авчраад өгөх хэрэгтэй. Хамт байх хайрын хэл гэж яг бие биендээ цаг гаргах, анхаарах, сэтгэл зүрхээрээ хамт байж, өөрийгөө  бүтэн зориулахыг хэлнэ. Гэвч бид хүүхдээ том болох тусам нь хүүхдээсээ холдож байдаг нь харамсалтай. Хамт байх хайрын хэлтэй хүүхдүүд амьны яриа өрнүүлэх их дуртай байдаг учираас амьны яриа өрнүүлэхийг тулд найзууд болох хэрэгтэй. Мөн амьны яриаг нь шимтэн сонсдог байхын тулд сонсож сурах хэрэгтэй.

    Таван төрлийн сонсолт байдаг:

    1. Үл тоож сонсох (хүүхэд нь хамгийн ихээр баярласан зүйлээ хэлэхэд нь  ТВ үзэнгээ аанхан аанхан гэдэг) 
    2. Дүр эсгэж сонсох (ном уншингаа үгийг нь сонсож байгаа дүр эсгэдэг) 
    3. Сонгож сонсох (хэрэгтэй зүйлийг нь сонсоод хэрэггүй зүйлийг нь ийм юм яриад байхдаа яахав дээ гэж боддог)
    4. Анхаарч сонсох (ярьж байгаа зүйлийг нь өөртэйгөө холбож сонсох)
    5. Ойлгож сонсох (та ойлгохгүй нь хамаагүй, түүнийг ойлгож өгөх хэрэгтэй). Хамт байх хайрын хэлтэй хүүхдүүд ярьж байгаа яриаг нь сонсохгүй бол маш их гомддог учираас хүүхдээ аль ойлгож сонсохыг хичээх хэрэгтэй.

    Ойлгож сонсох арга зам:

    • Нүдрүү нь харж сонс. Нүд бол сэтгэлийн толь. Нүдрүү харж сонсоход би чамайг чин сэтгэлээсээ сонсож байгаа шүү гэсэн мессэж өгдөг.
    • Сонсож байх үедээ хажуугаар нь хэзээ ч өөр зүйл битгий хий. (таныг яг бууз гаргаж байх үед ярих гээд байвал уучлаарай эхлээд ажилаа дуусгаадахъя тэгээд тухтай ярилцъя, сонсьё гэж хэлээрэй)
    • Сонсож байх үедээ сэтгэлийн хөдөлгөөнийг нь анзаараарай.
    •  Биеийн хэлэмжийн нь харж сонсоорой.
    • Сонсож байх үедээ яриаг нь битгий таслаарай.

    Таны хүүхэд цэцэрлэг эсвэл сургууль дээрээ тохиолдсон зүйлээ гэртээ ирээд ярихад нь сайн сонсогч байж сайн ярилцаж байгаарай. Хамт байх гэдэг бол орон зайн хувьд хамт байх биш сэтгэл санаагаараа хамт байхыг хэлдэг юм шүү.

    Та бүхэнд амжилт хүсье!

  • “Алтан цом” улсын уралдаанд “Яруу эгшиглэн” хамтлаг түрүүллээ

    Хүүхдүүд маань дуулахын өмнө багш СТА С.Дэлгэрцэцэгийн хамт.

    “Алтан цом” хүүхдийн улсын уралдаан жил бүр болдог юм байна. 3-р сарын 26-ний өдөр Улаанбаатар дуу бүжгийн чуулгын байранд өглөө 10:00 цагаас 23:00 хүртэл бүтэн өдрийн турш наадлаа. Наадмаас ажиглаж байхад хүүхдийн дууны урын сан багатай нь харагдаж байлаа. Хүүхдийн уран бүтээлийг дэмжих тал дээр ажилламаар санагдлаа. Бизнесийн байгууллагуудын хувьд хүүхдэд зориулсан бүтээгдэхүүнээрээ хүүхдийн уран бүтээл болон авъяаслаг бүтээлч хүүхдүүдийг дэмжиж ажиллавал олон авъяаслаг монголчууд төрнө гэдэгт итгэлтэй байна.

     Манайхан наадмын дүн гарахыг хүлээж 23:00 цаг хүртэл суусан нь 5 настай хүүхдүүдийн хувьд их тэвчээр шүү. “Яруу эгшиглэн” хамтлаг маань хамтлаг дууны бага насны ангилалд тэргүүн байрын шагнал эзэллээ. Наадмын үеэр маш олон авъяаслаг хүүхдүүдийн бичлэгийг хийлээ. Та бүхэн орж үзээрэй.

     

  • Аз жаргал инээмсэглэлээс эхэлдэг

    Бидний амьдрал үргэлж аз жаргалтай байдаггүй, харин аз жаргалтай мөчүүдтэй байдаг гэдгийг надаар хэлүүлэлтгүй та бүхэн сайн мэдэж байгаа байх.
    Тэгвэл тэр аз жаргал гэгч зүйлийг бид өөрсдөө хэрхэн бүтээх, аз жаргал юунаас эхэлдэг юм бэ гэсэн асуулт урган гарна. Энэ бүхний хариулт нь маш энгийн. Аз жаргал инээмсэглэлээс эхэлдэг бөгөөд тэр таны амьдралд маш олон өөрчлөлтийг авчирдаг. Мөн таны эрүүл мэнд болон гоо сайханд ч ашиг тустай.

    Тэгвэл инээд гэж юу вэ?

    Хоёр хүйснийхэн цугласан үед эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол 1.5 дахин их инээдэг ажээ. Тэгэхдээ эрчүүд нь голдуу инээх шалтгаан болдог байна. Бага насанд, цэцэглэг, сургуульд эсвэл гэрт алиалагч юм уу инээлгэх хүчин зүйлд хөвгүүд голдуу оролцсоор ирсэн тийм ч учраас эрчүүдийг бодвол эмэгтэйчүүд арай илүү урт насалдаг байна. 

    Инээдэнд давуу тал олон бий:

    Юуны өмнө хумүүсийг нэгтгэн  сэтгэл санаагаа ойлголцоход нь туслана. Хөгжилтэй, хошин шогийг мэдэрдэг хүмүүс өөдрөг, сэтгэл хангалуун явдаг.

    Хүний тархинд инээд хариуцдаг, түүнд үйлчилдэг эд эс байх бөгөөд дөнгөж хүртэхэд л шууд ажиллаж эхэлдэг байна. Тиймээс инээх үед хүний тархинаас биологийн антибиотик ялгарч энэ нь ямар ч хурц өвдөлтыг багасгадаг аж. Мөн витаминтай адил бодис дотоод эрхтэнд ялгарснаар дотоод эрхтэнүүдийн витамины хэрэгцээний зарим хэсгийг хангаж дархлааг, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн, цусны эргэлтийг сайжируулж даралт хэвийн болж сэтгэн бодох  чадварыг дээшлүүлдэг аж.

    Калифорнийн нэг эмнэлэгт ийм нэгэн туршилт хийжээ. Өглөө бүр сувилагч өвчтөнүүддээ хэдэн хошин шог ярьж өгөөд дараа нь хошин шогийн нэвтрүүлэг үзүүлдэг байв. Бусад тасгийнхныг бодвол энэ тасгийн өвчтөнүүдийн бие хурдан тэнхэрч байжээ.

    Харин хүний сэтгэл хөдлөлтэй холбоотой янз бүрийн шархлаа, бүдүүн гэдэсний үрэвсэл, багтраа өвчнүүдийг инээдмийн эмчилгээгээр эмнэхэд үр дүнтэй. Тэр ч байтугай хавдрын өвчнүүд тогтмол инээлгэхэд эдгэрдэг байна. Хоргүй хавдрыг инээдээр эмчилсэн хэд хэдэн тохиолдол Австралид гарсан бөгөөд Немцийн нэг судлаачийнхаар инээхэд хүний 80 гаруй булчин ажилладаг байна. Цээжний булчингууд ажиллан, нүдний булчин агшиж зүрхний цохилт түргэсэн, даралт нэмэгдэн, амьсгаа түргэсэхэд цусанд орох хүчилтөрөгч нэмэгддэг аж.

    Бидний амьдралд асуудал, үзэн ядалт, бухимдах үе олонтаа гарч байдаг. Тэгвэл нулимсаа гартал инээхэд сэтгэлийн ямар ч бараан үүл арилдаг бөгөөд энэ бүгд инээх үед мартагддаг учир стресс алга болж, стресс тайлагдаж зүрхний гажиг болон зүрхний өвчнөөс хамгаалдаг байна. Инээд  нь амьсгалын дасгал ч болдог. Инээх үед гүн амьсгаа авдаг учираас хүний уушгинд сайнаар нөлөөлдөг байна.

    Таны хоромхон  зуурын инээд таны эрүүл мэндэд тустайгаас гадна хэн нэгэнд насан туршийн мөр үлдээдэг. Таны инээд ядарсан хүнд амралт болдог, гуньсан хүнд гэрэл гэгээг бэлэглэдэг, ажил хэрэгт тус дөхөм өгч амжилтыг авчирдаг билээ. Таны инээд бол үнэ төлбөргүй, хулгайлагдахгүй, худалдагдахгүй, үерхэл нөхөрлөлийг  бэхжүүлж орон гэрт аз жаргалыг авчирдаг билээ.

    Инээдэг хүнд аз ирдэг бөгөөд амжилтанд хүрэх хамгийн дөт зам юм. Инээмсэглэл бол амжилттай хүний имиж, тэрээр бидэнд ялалтын үрийг суулгаж өгч байдаг.

    ТИЙМЭЭС ТА ИНЭЭМСЭГЛЭ…

    Инээд  таны өгөөмөр сэтгэлээс, бусдыг хайрлах хайраас амьдралд талархах сэтгэлээс  тань ундарч урган гардаг. Та хаана ч явсан инээдээр өөрийгөө чимэж яваарай. Яагаад гэвэл инээдийг дагаж сайхан зүйлүүд татагдаж ирдэг.

    Та хошин шогийн тоглолт тогтмол үзэж чадахгүй бол өөрийн амьдралд тохиолдсон инээдтэй зүйлээ ойр ойрхон эргэн санаж байхад гэмгүй. Инээдтэй санагддаг эд юмсаа хуучирсан ч гэсэн хаялгүй цуглуул. Тэгээд сэтгэл чинь тавгүй, түгшүүртэй үедээ тэр зүйлээ үзэхэд таны сэтгэл хөнгөрөөд л явчихна.

    Эцэст нь энгийн хэдэн зөвлөгөө өгье.

    Та өглөө эрт сэржээ. Гэрийнхэн чинь унтаж байна. Нөхөр чинь юм уу эхнэр чинь хажууд хурхирна. Та нүдээ нээхээс өмнө дотроо чимээгүй инээ. Элдэв инээдтэй тохиолдол, шог яриаг эргэн санаж инээ. Өглөө босохдоо инээж бос. Өглөөнийй цайгаа ууж байхдаа аав ээж үр хүүхэд хань ижил хандаж 3 удаа инээ, оройн хоолоо идэж байхдаа бас инээ / онигоо ярих ч юм уу /, ажил дээрээ ирээд 10 удаа инээ, орой ажилаа тараад явахдаа үлдсэн нэг хүнтэйгээ сайхан инээлдэж аваад гар, орондоо орохдоо ч инээ.

    Магадгүй таныг инээж эхлэхэд хэн нэгэн хэрэг тарьж дээ ч гэж бодох байх. Таныг тэнэг гэж бүх л өдөржин буруутгасан ч битгий ухраарай. Та энэхүү нийтлэлийг уншиж байгаа бол дотны хэдэн найздаа уншуул тэгээд тэр найз нартайгаа , эсвэл хамт олноороо зорилт тавиад өдөрт 20 удаа инээ, бүр болохгүй бол ядаж инээмсэглэ. Дараа нь  ямар ямар сайхан эсвэл хөгжилтэй зүйл тохиолдсоноо бие биетэйгээ хуваалцаарай. Удахгүй таны ажил төрөл бүтэмжтэй болж та баяр баясгалантай явах болно. Иймд та инээмсэглэж амьдраарай.

    БИ АЗ ЖАРГАЛТАЙ УЧРААС ИНЭЭЖ БАЙГАА БИШ 
    ИНЭЭЖ БАЙГАА БОЛХООР Л АЗ ЖАРГАЛТАЙ БАЙДАГ

  • “ГУУЛЬ” ХУУЛЬТАЙ СОНГУУЛИАР БҮРДСЭН “ПАРЛАМЕНТЦАР” ХУУЛЬ БУС ИНСТИТУЦИ БӨГӨӨД ТӨР БАРИХ ЭРХГҮЙ /Бодь сэтгэл, эв хамт ёс-Ганцаарчилсан хөдөлгөөний мэдэгдэл/

    Ард иргэд ээ: Эх оронд маань улс төрийн ер бусын байдал үүсэв. Сэтгэл машид зовном! Өнөөгийн “ёс бус” нөхцөлийн үндсэн шалтгаан нь 2004 оны зохион байгуулалт муутай, хараа хяналт султай, хариуцлагагүй сонгуул юм. Энэхүү сонгуул олон тойрогт хууль зөрчсөн үйлдлээр дүүрэн, “Эх орон-Ардчилал” эвслээс хэрэглэсэн гадаадын турхиралттай, их хэмжээний валютын /3 сая ам.доллар/ амь тариатай, бохир технологит сонгуул байсан нь огт нууц биш, зүйрлэвэл “Эрэл” компанийн явуулсан “алтны дайн”-д цөлмөгдөн сүйрсэн газар нутгийн маань “аймшиг” шиг нүдэнд ил!

                Ардчилал, шудрага ёсонд илэрхий харж “технологи”-ооролон тойрогт санал хулгайлсан будлиантай сонгуулийн үр дүнг Ерөнхийлөгч Н.Багабандийн “хүчиндэлт”-ээр яаран баталгаажуулж, сүүлийн үес улам бүр монголын төрийн “хутгуур” болж хувирч буй энэ хүний “хачирхалтай” зарлигаар “ухасхийн” хуралдсан “хурланцар”-аар байгуулагдсан 2004 оны УИХ нь дэлхийн парламентуудын түүхэнд инээдтэй “шинэ хуудас” хавчуулах ер бусын “парламентцар” болов. Учир нь энэ “парламентцар”-т 34 суудал /урьдчилсан дүнгээр/  “хумсалсан” “Эх орон –Ардчилал” хэмээх “шармал” нэртэй шаараг “Эвсэл”-ээс нэр дэвшигчидийн ихэнхи нь, нарийндаа, нийгэм улс төрийн мэдлэг, чадварын хэлтэрхий ч үгүй, чадах ганц ажил “мэргэжил” нь гэвэл, – өнөөгийн Монгол Улсын “сийрсэн” хуулиудын “ас”-аар хулгай, луйвар, хар захын наймааны л “багш” нар байхаар ажил мэргэжилтэй хүмүүс бөгөөд Хятадын Эрээн, Хөххотын хогийн барааны “гахай” зөөвөрлөж хөлжсөн, дамчид л юм. Хэрэв Монголын хууль, ард олны ярьдагаар “гууль” бус “очир алмас” хууль байсансан бол “Эвсэл”-ээс сонгуулд нэр дэвшиж УИХ-ын “эрхэм гишүүн”-ий тангараг өргөгчид нь бараг бүгдээрээ шахам “эрүүгийн элемент”-үүд, мөн бидний гэр гэртээ ярьдагаар “өрний бөөснүүд”, нам намаас “экспортлогч” улс төрийн эр, эм “янхан”-ууд, “хувьчлал” нэртэй хулгайнхаа”унац”-аар гулгигчид л байх тул өдийд “жип” унаж, “наранд” тарвалзаж явах бус, зээтүү жоотуу хөлөргөн “нарсанд” хөдөлмөрлөж суух ёстой улс юм!

                Тэдний дунд бүрэн дунд сургуулийн боловсрол ч эзэмшиж чадаагүй “недоросль” сугавчилагдаж суухын дээр анкетын асуулт бөглөх хоромд л ийм тийм дээд сургууль төгссөн гэж нүүр тахлан бичих албан “хавтас”-тайгаас биш, ачир нидэр дээрээ бол амьдралдаа ганц ном ч бүтнээр нь уншсанд нь үнэмшихэд бэрхтэй “оюуны одой”-чууд олноороо цугларчээ.Ийм “оготгорууд”-аас бүрдсэн УИХ Монголын төрийн эрх барих хийгээд хойшдоо өөрсдийн батлан гаргах “суррогат” хуулиудаа амьдралд хэрэгжүүлэх, нийцүүлэхийг ард түмнээс шаардах эрхгүй гэж “Бодь сэтгэл, эв хамт ёс-Ганцаарчилсан хөдөлгөөн” үзэж байна. Яагаад гэвэл, тал хувь нь Монгол улсын олон хууль зөрчин, гэмт хэргийн бүрдэлтэй үйлдлүүдээр сонгогчдын санал суйлсан бохир ёс суртахуунт, дорд ухамсарт “гишүүд” –ийн сэтгэхүйгээс цэвэр, зөв, хууль боловсроно гэдгийг улс төрийн, шинжлэх ухааны логик ч, практик ч хамтдаа үгүйсгэх бөгөөд үл хүлээн зөвшөөрнө!

                “Бодь сэтгэл, эв хамт ёс”-Ганцаарчилсан хөдөлгөөн бол унах унаагүй “явган” хөдөлгөөн, өөрөөр хэлбэл хоёр хөлөөрөө газар хороож, заримдаа нийтийн тээврээр “цаг“ хожиж, “газар дээр”, “ард түмэн дундаа” эв хамтын ёсоор амьдарч, ажиглалт хийж, онол-сэтгэлгээний түвшинд амьдралын үнэний зарц болж ажилладаг Хөдөлгөөн юм.

                Ард түмэн хийгээд сонгогчид гудамжинд явгаар холхихдоо, эсвэл, унаа хүлээж буудалд зогсох зуураа, эсвэл автобус, “микро”-нд хөл дүүжлэн гэр орноо бараадах зуураа өөр хоорондоо юу хүүрнэлдэн жиг-жуг шивнэлдэнэ вэ? гэвэл, “Гадаадаас нууцаар, ямар сувгаар орж ирснийг нь илрүүлэх аргагүй “сүв”-ээр “Эх орон-Ардчилал” эвсэл 3 сая ам.доллар /доллар, төгрөгийн одоогийн ханшаар 3 тэрбум төгрөг/  2004 оны сонгуулийг өнөө “шалгарсан” технологиороо молигодоход нь зориулагдан орж иржээ. ”Эвсэл”-ийн нэр дэвшигч бүр өөрийнхөө тойрогт тус бүр 40 сая төгрөг банкаар шилжүүлж аваад гарчээ! Үгүй ер, муухай залины хөрөнгөнүүд ээ, хөөе! Монгол орон ч энэ 4 жилд худалдагдаж дуусах нь ээ! Бид ч, үр хүүхэд маань ч амьдралынхаа эцэст хаанах улсын ямар хийцтэй авсанд таглагддаг юм бол доо, бүү мэд!… гэж ярилцах нь олонтой дуулдана. Монгол түмний ам ч, зүүд ч, аймаар зөнтэй байдаг шүү! Сэрэмжлэгтүн!

                Бодь сэтгэл, эв хамт ёс – Ганцаарчилсан хөдөлгөөн сонгуулийн сурталчилгааны өдрүүдэд МАХН-ын ухамсартайгаар дэмжиж, 6 сарын 27-нд ухамсартайгаар сонголтоо хийж, МАХН-д саналаа өгсөн. МАХН-ын макро эдийн засгийн бодлого, зөв холч хараатай үйл ажиллагааны нь цар хүрээг дүгнээд, яруу найрагчийнхаа сэрэхүйгээр МАХН-ыг монголын улс төрийн тавцан дахь эртний удамт сайхан хүлэг морин – цагаан ажнайгаар төсөөлөн бодож байсан бөгөөд харин “Эх орон – Ардчилал” Эвсэлийн үйл ажиллагааг Монголын “Дөрөв дэх засаглал”-ын мэдээлэлүүдээс авсан ойлголтоороо дүгнээд, шавар шавхайд тийчлэн буй халтар гахайн дүрээр төслөн бодохоос өөр зүйлгүй байв. Гэтэл МАХН сонгуулийн эцэст “Эх орон – Ардчилал” эвсэлтэй “зөвшилцөл” зарлаж эхэллээ. Яаж байгаа нь энэ вэ, Та минь? Юу гэгч болж байна гэж ойлгох вэ?! Илт шудрага бус, бохир, башир үйлдлийн ичгүүргүй эзэдтэй “зөвшил”, “хэлцэл” тохиролцоно гэдэг чинь, логикоор, өнөө, урьд өмнө нь жигтэйхэн муулаад, өглөө үдэшгүй эсэргүүцэн тэмцээд байсан булайтайгаа, буруу зөрүүтэйгээ одоо эвлэрнэ./ Хэдийгээр, “ард түмний сонголтыг хүндлэх ёстой гэж тал талаасаа “саймширч” байгааг хүлцүүштэй ч, ард түмнээ “хүндлэнэ гэдэгийн утга агуулга нь ард түмний үг,үйлдлийн зөв, бурууг нягтлалгүй хар сохроор дагах учиртай догма бус, харин ард түмний үг, үйлдлийг шинжлэх ухаанчаар шинжилж, мөн чанар, үр дагаварыг нь ул үндэстэйгээр тайлбарлан таниулах, танин мэдүүлэх, алдаа мадагийг нь ойлгуулан засах үйл ажиллагаанд оршино. Ард түмэн ухаантай, мэргэн ч алдаа гаргадаг тохиол байнга давтагддагийн жишээ хүн төрлөгтний түүхэнд түм бумаараа бий!/, хүлээн зөвшөөрөхөд хүрч хүлцэнэ гэсэн үг шүү дээ! Цаашлаад, тийм бохир, буруу үйлдлийн намаг балчигтай нийгмийн сэтгэлзүйг эвлэрүүлнэ, түүнд дасгана, тэгээд хойшдоо нийгмийг тийм үл бүтэх гашуудлын ангал руу чирж оруулах хорын үрийг тарина гэсэн үг! Ингэж болох уу?! Эхнээсээ баримталж байсан үзэл, чиг хандлагынхаа эсрэг ийм хөлбөргөн үйл ажиллагаа явуулна гэдэг, бас, хэдхэн хоногийн өмнө “байдаг дуу хоолойгоороо” бульхай зальхайг нь илчилж эргэлзээ төрөхөөргүй тоо мэдээ, эд мөрийн баримтаар нь булайг нь дэлгэж байсан “зөрчилийн үүр” улс төрийн сөрөг этгээдтэйгээ өнөөдөр нам сэм “зөвшилцөн” албан тушаалын ашиг хонжоо хуваалцах үе шатандаа тулахаар “нүд ирмэлцэн” тэврэлдэнэ гэдэг өөрийнхөө сонгогчидоос, анхныхаа үгнээс, үйл ажиллагааныхаа луужин болгосон үнэнээс, хатуугаар хэлэхэд, урвалаа, зөөлнөөр хэлэхэд, нүүр бурууллаа гэсэн үг! Энэ бол, энүүхэн “өнгөлөн далдлалт”-ын цаад руу өнгийгөөд харчих сэхээтэн, малчин, тариаланчин, оюунтан, эгэл ард энэ Монгол оронд, “Ард” тодотголыг нь хэдэн жилийн өмнө монгол хэлний үгийн давхар, дам утга агуулгыг үл сэнхрэгч, харанхуйчуул, албан мугуйдлалаар “баллуурдсан” энэ Монгол улсад цөөнгүй амьд явааг сохроор огоорсон, балраар тохуу хийсэн хэрэг! Ингэснээрээ МАХН монголын улс төрийн удамт сайн “цагаан ажнай” бус, “Эвсэл” хэмээх / “Эх орон – Ардчилал” Эвсэл хэдийгээр 34 санал /урьдчилсан дүнгээр/  “авсан”, түүнийгээ хуулиар “баталгаажуулж”, амжсан ч эдгээр санал бол, чухамдаа, тэдний сонгогчид өөрсдийн чин хүсэл, ухамсараар өгсөн санал огт бус, амьдрал ахуй нь үнэнхүү ядуугийн уршигаар, “эвсэл”-ээс наашаа харж малийж, цаашаа харж ярвайн  байж  амалж буй 10 мянган төгрөгөнд “худалдсан” санал юм./ “халтар гахайн”-н ууж, туучиж буй шавхай шалбааганд хамтдаа орогнон тэлчлэгч “салтар гахай” болж хувирлаа.

                2004 оны ил, далд маапаантай сонгуулиар байгуулагдаж буй Монгол Улсын УИХ бол мөнөө “Халтар”,”Салтар” хоёр гахайс эрх мэдэл, эд мөнгөний ашиг хонжооны “хурьцал”-ынхаа “дур тавилт”-аар “үр тогтоосон”, арай ядан 4 жил амьдрах чадвартай /чадваргүй ч байх өндөр магадлалтай, шулуухан үнэнийг хэлэхэд, ард түмэнд минь ач буян болох чадварын илэрхий “хомсдол”-той нэг муу зэгэл торой юм. “Торой”-ноос өөр амьтан байж ч яаж чадах вэ, яагаад гэвэл, хоёр гахайнд шинжлэх ухааны ямар ч дэвшилтэт аргаар “зохиомол хээлтүүлэг” хийгээд, яаж ч нийлэгжүүлээд торой л төрөхөөс хэзээ ч унага төрөхгүй нь байгалийн хууль, цэвэр жам юм.

                Ард иргэд ээ, Яавал зөв бэ?

    1. XXI зууны дэлхийн түүхэнд Монголоос өөр аль ч оронд явагдахгүй байж мэдэх энэ “түүхэн бохир” сонгуулийг хүчингүй болгох эсэх талаар нийт ард түмний санал асуулга – реферондиум яаралтай зарлан явуулах
    2. Төрд үүссэн улс төрийн хурцадмал, ер бус, хямралт нөхцөл, төрийн “эзэнгүйдэл”-ийн хугацаанд төр засгийн эрхийг “Улсын Аюулгүй байдлын зөвлөл”-д түр шилжүүлэх
    3. Референдумаар өнгөрсөн сонгуулийг хүчингүй болгосон тохиолд улс төр, иргэнийг өндөр ухамсар хариуцлагатай жинхэнэ “шинэ сонголт” хийх “дахин сонгуул”-ийг шудрага зарчимаар, хуулийн чанд хатуу дэнстэйгээр, гадаадын ганц ч валютын оролцоо “шургалаагүй”, дотоодын ганц ч зоосны зардал, сурталчилаагүй, амралтын өдөр бус, ажлын өдөр маш шуурхай, ажил хэрэгчээр явуулах

    Энэхүү саналыг ард түмэндээ яаравчлан өргөн мэдүүлж, Та юүндээн амгалан жаргалтай амьдрал ерөөж, эх орондоо эдийн засгийн түргэн өмөлт, хурдацтай хөгжлийг хичээн хүсэж мэдэгдэл минь олон даяар сааргүй түгээсэй билээ! хэмээх сэтгэл барин илгээв.

    2004.07.29 – 2004.07.30

    Д.Урианхай “Зэндмэнэ онол: Монголын нийгмийн хөгжлийн философи асуудлууд” номоос