Category: media-content

  • Эх Оронд оо…

    Могой атирахаа хүнээр заалгаагүй шиг…

    Нохой хуцахаа хүнээр заалгаагүй шиг…

    Мойлын цэцэг үр түрж унахаа хүнээр заалгаагүй шиг…

    Сансарын хумхи дэлхий үүсгэж сарнихаа хүнээр заалгаагүй шиг 

    Эх орноо хайрлахаа хүнээр заалгаагүй ээ, Би!

    Номин нүхэнд орохоо хүнээр заалгаагүй шиг

    Хулан элсэнд хатирахаа хүнээр заалгаагүй шиг 

    Зулын гэгээ өөдөө зүмбэрлэхээ хүнээр заалгаагүй шиг 

    Гэрлийн хурд огторгуй туулахаа хүнээр заалгаагүй шиг 

    Эх орноо хайрлахаа хүнээр заалгаагүй ээ Би!

    Хилэнцэт аалз уурандаа биеэ хөнөөдөг шиг 

    Хэрэг тусгүй тэнэг үрсдээ уур хүрэхдээ

    Хэлнийхээ авъяасыг мартан, өчиггүй дүүжилмээр санагдавч 

    Үүрээ эргэх өл бүргэд 

    Үрээ өмөглөн, тэнгэрийн гүнээс шунгахын адил

    Үнэн голоосоо нулимстай бусдаас өмөөрч, 

    Муур баасаа нуун булдаг шиг

    Муухайг чинь бурханаас ч нуун,

    Дотроо хайрладаг аа Эх орон минь! 

     

    Гэрэл зургийн эх сурвалж The New Media Creative Studio http://www.facebook.com/NMCSteam?fref=ts

     

  • Оюунлаг хүн болж болох уу

    Хүмүүс бид эхээс төрөхдөө л эсвэл ухаалаг, эсвэл ухаан муутай заяагдсан байдаг гэж зарим хүмүүс ярьдаг. Нөгөө хэсэг нь болохоор “Хүмүүс өсөж бойжихийнхоо хэрээр, ялангуяа амьдралынхаа эхний хэдэн жилд, гол төлөв хүрээлэн байгаа орчин, аав ээж, багш нарынхаа нөлөөгөөр оюун ухааныг олж авдаг” гэж баталдаг. Гэтэл тун хачирхмаар нь философи сэтгэлгээ хөгжиж эхлээд хичнээн зуун жил өнгөрч, шинжлэх ухааны хэдэн арван дорвитой бүтээл энэ чиглэлээр хийгдсэн боловч хүмүүс бид одоо хүртэл хүний интеллект /оюун ухаан/ гэж чухам юуг хэлээд байгааг жинхэнээр нь ойлгож чадаагүй бөгөөд энэхүү нэр томъёог хангалттай түвшинд тодорхойлж ч амжаагүй. Тодруулж хэлбэл, интеллектийг ad nauseam /зайлшгүй шаардлагатай учраас гэсэн утгатай латин хэлний үг/ хэмээн тодорхойлж байгаа боловч эксперт шинжээчид болон сонирхогч судлаач нар энэ талаар бүрэн санал нэгдэж чадаагүй байна.

    Иймээс “оюунлиг” болохын тулд эхлээд “интелект” гэсэн нэр томъёог та юу гэж ойлгож байгаа, та өөрийгөө ямар чиглэлээр хөгжүүлэхийг хүсэж байгаагаас бүх зүйл шалтгаална. Интеллектийг оновчтой тодорхойлох, эсвэл хэмжих гэхээсээ түүний үндсэн ойлголттой холбоотой, эсвэл түүнийг тусган харуулж байгаа зарим тодорхойлолтууд болон хүний биеэ авч явах хэв шинжийн тухай тайлбарлах нь хавьгүй хялбар юм. Гэвч хүний интеллект хичнээн нарийн төвөгтэй, үгээр дүрслэн тодорхойлоход бэрхшээлтэй боловч та түүнийгээ ашиглан оюунлиг болох боломж хэзээд хадаглагдаж байгааг санах хэрэгтэй.

    Хүний оюун ухааны талаар бид тэр тухай мэдэхгүй байгаа зүйлтэйгээ харьцуулахад маш өчүүхэн бага зүйлийг мэдэж байдаг. Интеллект, сэтгэхүйн судлалтай холбоотой шинжлэх ухаанууд жинхэнэ ёсоор эрчимтэй хөгжиж эхэлсэн сүүлийн хэдэн жилийн дотор л бид тэрхүү мэдлэгийнхээ үндсэн хэсгийг олж авсан. Ийм болохоор мэргэжлийн бус хүмүүсийн хараахан эзэмшиж чадаагүй их хэмжээний мэдээлэл, мэдлэгийн  сан байсаар байгаа бөгөөд хэрэв мэргэжлийн бус тэр хүмүүс өөрийнхөө тархи оюуныг сайтар ашиглаж сурвал амьдралдаа өчнөөн олон амжилт гаргаж чадах байсан билээ. Харин өнөөдөр бидэнд хүн болгоныг ухаалаг болгох боломжтой мэдээлэл, арга технологиуд байгаа юм.

    Жишээлбэл, IQ- ийн үзэл санаа бол интеллектийн олон талт ертөнцийг хамарч чадахгүй байгаа нь мэдэгдэж байна. Энэ арга барилууд бол тодорхой зорилгоор, соёлын тодорхой орчинд оюуны чадваруудын тодорхой хэсгийг л хэмждэг. Хатуугаар хэлбэл, хэл, логик, анализ, академик боловсрол болон танин мэдэхүйн чадварууд гэж голдуу нэрлэгддэг интеллектийн тэр талтай бид холбодог тархины “зүүн тал бөмбөлгийн “ ажиллагаа функцийг тооцож дүгнэдэг. Тэгэхээр хүний ухааны ойлголт бол хавьгүй өргөн гэдэг нь илт юм.

    Интеллектийн олон төрлүүд байдаг бөгөөд тэдгээр нь янз бүрээр илэрдэг. IQ-ийн өндөр түвшинтэй “толгой сайтай” гэгддэг хүн нийгмийн утгаараа огт хөгжөөгүй, спорт, урлаг, хөгжим, улс төрийн сэтгэлгээний ямар ч дадалгүй г.м байж болдог. Тийм академик өндөр мэргэшилтэй, эрэгтэй, эмэгтэй ямар ч хүн өөр орчин хүрээнд “ухаанаа” огтхон ч гаргаж, бас ашиглаж чадахгүй үе цөөнгүй байдаг. IQ-ийн өндөр түвшинтэй, нас биенд хүрсэн том хүнээс гудамжинд тоглож яваа аравхан настай хүүхэд ч амьдралын өөр, тодорхой нөхцөлд илүү дадамгай, оновчтой байж болно. Тэд голдуу аливаа сургалтын үр дүнг хэмждэг IQ-ийн тестүүдийн дүн, боловсролынхоо түвшнээс үл хамааран “овсгоотой”, эсвэл “ухаантай” байдаг. Иймээс зөвхөн оюуны хөгжлийн төдийгүй, янз бүрийн бусад төрлүүд байдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Бид интеллектийн яг чухам ямар хэв шинжийг эзэмшсэнээрээ, тэр нь бидний амьдралд ямар ашиг авчирж байгаагаар ялгардаг.

    Олон сэтгэл судлаачид интеллектийг хүний биеийн өсөлт, нүдний өнгө шиг хэмжиж, урьдчилан таамаглаж болох, тодорхой хэмжээгээр удамшлын хүчин зүйл юм гэж үздэг. Гэвч тархины үйл ажиллагааг судалдаг орчин үеийн олон судлаачид ”Оюун ухааны хөгжилд саад болдог цорын ганц хязгаарлалт нь бидний өөрөө өөрсөддөө тавьдаг тэр хязгаарууд бөгөөд “боломжгүй зүйл”- ийнхээ хязгаарт хэр зэрэг итгэдгээс хамаардаг” хэмээн дүгнэж байна. Израилийн сэтгэл судлаач Ройвен фоейрштайн болон бусад олон тооны эрдэмтэд аливаа хүн ямар ч насандаа, оюуны хөгжлийн ямар ч доод түвшнээс эхлэн ухаанаа хөгжүүлэх боломжтой гэдгийг баталжээ. Өөрөөр хэлбэл, бид ухаалаг болж чадна гэсэн үг. Хэрэв бид интеллектийн янз бүрийн төрлийн бүх тодорхойлолтуудыг авч үзвэл оюуны хөгжлийн хязгаарын тухай хүмүүсийн санал бодол маш өөр байдгийг харж болно.

    Магадгүй аливаа хүн хүссэн бүхэндээ хүрч болно хэмээн баталдаг нь бага зэрэг хэтрүүлэг байж болох ч та өөрийн тархи оюуны ашиглагдахгүй байгаа асар их нөөц хүчин чадавхийг нээж эзэмших хэтийн боломжтой юм шүү. Үүнийг өөдрөг үзэл, дэвшилтэт сэтгэлгээ, эсвэл өөр янзаар нэрлэж болно л доо. Гол нь өөртөө, өөрийнхөө потенциал чадавхид итгэх нь хамгийн ухаалаг хэрэг билээ.

    Интеллектийн төрөл болгон нь соёл болон хүрээлэлтэй шууд холбоотой байхаас гадна өөрийн үнэ цэнэтэй байна. Тухайлбал ухаантай гэгддэг, ялангуяа эрэгтэй хүмүүст төдий л боломжгүй олон зорилгуудыг нэг зэрэг шийдэхэд хангалттай интеллектийг айл гэрийн олон эзэгтэй нар, олон хүүхэдтэй өрхийн ээжүүд эзэмшсэн байх нь цөөнгүй. Интеллектийн аль ч төрөл шинжийн үнэ цэнэ нь та юунд хүрэхийг хүсэж байгаа, таны амьдрал, таны өөрийн ертөнцөд ямар зорилго тавьж байгаагаас хамаарна. гол нь өөрийн сонгосон зорилгодоо хүрэх найдвартай хэрэгслийг олох бөгөөд тэгж чадвал оюун ухааны үйл ажиллагааныхаа зайлшгүй чухал төрлийг хөгжүүлэх боломж нээгдэнэ.

    Таны тархи бол та өөрөө төсөөлж ч чадахгүй олон зүйлийг хийх чадвартай байдаг. Ухаан тань хөгжих тусам таны бүхий л амьдралд үлэмж өөрчлөлтүүд гарч, мэдэгдэхүйц, томоохон үр дүн өгдөг. Бүрэн хөгжсөн интеллект бол амьдралын шинэ шинэ зорилгод хүрэх хаалганы шидэт түлхүүр юм. Та яг хэрэг дээрээ чухам юуг хүсэж байгаа, танд юу чухал байгаа, таныг юу аз жаргалтай болгодгийг мэдэж, өөрийгөө оновчтой дүгнэх нь ухаан хөгжсөний үндсэн шинжүүдийн нэг юм. 

    Амь зуух овсгоо

    “Ухаан гэдэг ойлголт бол хамгийн түрүүнд хүрээлж байгаа орчноос хамаардаг. Жишээ нь:Рио-де-Жанейро, эсвэл Калькутта хотын гудамжны хүүхэд бол өөрийн төрөлх орчин дотроо байхдаа гэнэн жуулчныг төвөггүй хуурч дөнгөх бөгөөд мөнөөх жуулчнаа “Мөн тэнэг хүн ээ” гэж дүгнэх нь олонтоо. Нөгөө талаас, дээд зэргийн ухаантай профессор хүн жирийн ямар ч хүн хялбархан чадах өдөр тутмын ахуй амьдралын ажил, нөхцөлд тун эв дүйгүй байх нь бий. Энд бол зарим үед академик интеллект шинжээс багагүй чухал болж ирдэг . “Овсгоо”, эсвэл интеллектийн нэг ч төрөл хэлбэр нь бидний ухамсарт “мэргэн”, “сэргэг ухаан”,”ухаж ойлгох чадвар”,”хүртэхүй”,”хурц ухаан” гэх мэт оюун ухаантай бүхэлдээ холбогдон ойлгогдож явдаг бусад олон ойлголт, нэр томъёоны бүрэн ижил хувилбар нь болж чаддаггүй. Энэ ойлголтуудын нэг нь ч туйлийн урьтал болж чадахгүй бөгөөд бидэнд төрөлхөөс заяагдаагүй юм. аль нь ч хөгжүүлэх шаардлагатай боломж л юм. Чухам ийм учраас яг ямар ухаан бидний өөрсдийн бодит амьдралд хэрэгтэй байгааг эхлээд таньж, сонгож авах нь туйлийн чухал.

    Оюуны чадварын IQ төв 

  • Facebook хуудас нээгээд олон нийтэд хүрч ажиллах гэж байгаа бол

    Товч зөвлөгөө:

    Facebook хуудас нээгээд олон нийтэд хүрч ажиллах гэж байгаа бол мэдээлэлээ илүү тодорхой бичиж, хүний асуултанд бүрэн дүүрэн хариулж байна уу. Үйл ажиллагааг нь дэмжиж олон нийтэд хүргэх зорилгоор мэдээлэл асуухаар утасруу залга гээд байх юм. Би тантай утсаар ярихад 3 минутанд та зөвхөн 1 хүнд л мэдээлэл өгнө. Тэр бүр утсаар яриад байх зав хүн бүрт байхгүй. Залгалаач бүгд зэрэг холбогдож чадахгүй. Хүн 1-ээс илүү залгахгүй шүү дээ. Харин та энд бүрэн мэдээлэлээ бичээд, зөв харилцаж чадвал 40000 хүн-д мэдээлэлээ хүргэж болно. Олон нийтийн сүлжээ байдагийн шалтгаан нь энэ.

  • МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ АЯЛАЛ #2 “Тавин Ус” эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний үйлдвэр

    Нью Медиа Маркетинг Компанийн санаачилгаар МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ танин мэдэхүй, нөхөрлөлийн цуврал аялалыг зохион байгуулдаг. 2 дахь удаагийн аялал “Тавин Ус” эм, амин дэмийн үйлдвэр дээр боллоо. Аялал нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж олон нийтэд танилцуулах зорилгоор зохион байгуулагддаг бөгөөд хамгийн анхны аялалыг Багро үйлдвэрт болж байсан. “Тавин ус” үйлдвэр нь Монголын эмийн ургамалаар аминд дэм, биологийн амин дэм үйлдвэрлэгч компани юм. Та бүхэн бидний аялалын нэвтрүүлгийг үзэж үйлдвэрийн технологи болон дамжлагуудтай бүрэн танилцаарай.

    Залуус бид амралтын өдрөө идэвхитэй өнгөрүүлж, танин мэдэхүйн мэдээлэлүүдээ олж авч хоорондоо танилцаж хамтран ажиллах үүд хаалгаа нээж авлаа. Монголд ийм үйлдвэр байдаг гэж бодоогүй, нүдээр үзэж байж л итгэлээ. Удахгүй нанотехнологийн үйлдвэр хөгжихөд гайхах зүйлгүй. Үйлдвэрээс харахад эм, аминдэмийн үйлдвэрлэл улам бүр хөгжиж байгаа бөгөөд Монгол орон нь эмийн ургамалаараа дэлхийд өрдөлдөхүйц бүтээгдэхүүн хийх цаг ойрхон байгаа нь харагдаж байсан.

    Аяласан залуусаас твиттер ашигладаг нь эдгээр оролцогчид байв. @Luvsandorj @Ochbayare @bulgankhangai @Boldbaatar @ertnee @UlziisaihanA @KhandmaaB @jamuh999 @Narangargal @TavinUs

    Жич: Эрхэм үндэсний үйлдвэрлэгч та залуус биднийг үйлдвэртээ урьж аялал зохион байгуулж болох бөгөөд мөн үндэсний үйлдвэрлэлээ дэмжигч монгол хүн та бидний аялалд хамрагдах боломжтой.

    Вэбээс илүү мэдээлэл аваарай. http://tavin-us.mn

  • Цахим хуудасны технологийн дэвшлүүд

    Өөрийн туршлага, мэдлэгийг та бүхэнтэй хуваалцаж байх үүднээс энэхүү цуврал зөвлөгөөг хүргэж байна. Техологи, маркетинг, хувь хүний хөгжил, байгууллагын соёлтой холбоотой зөвлөгөөнүүд голчлон хүргэх болно.

    СЭДЭВ №1 Цахим хуудасны технологийн дэвшлүүд

  • Р.Чойном Бяцхан сургаал

    Р.Чойном 

     Булаг усны цутгалан сөргөж ордог жамгvй,

     Буунаас гарсан сум сөөргөө ирдэг замгvй,

     Булт олны ёсыг ганц бие зогсоохгvй,

     Буруу зөв хоёрыг нэгэн дор шийдэхгvй.

      Бузрын нvх уруу өөрийгөө өөрөө тvлхэх хэрэггvй,

      Буян завшаан хоёроос мэдсээр зугтах хэрэггvй!

       Алт алт гэвч алт хэвээрээ ургадаггvй,

       Арслан, заан гэвч хvчтэн хэвээр төрдөггvй,

        Амьд байгалийн хуулийг хvний хvv тэрсэхгvй,

         Алс одоо хоёрыг ганцхан орой шийдэхгvй,

        Алдаа ослоос айж биеэ тамлах хэрэггvй,

     Алдсан хойноо харин тvvнээ давтах хэрэггvй.

                  Би л айдаггvй хvн гэж сармагчин мэт загнасаар

                                                            Бие амьдрал хоёроо дэмий сvйтгээд ч яахав.

                                                            Алдаж буруутах вий гэж юм бvхнээс айсаар

                                                                   Ахиж олдохгvй насаа аргамжиж хvлээд ч яахав

                                                        Наргих ёстой газраа наргисан шиг нарги!

                                                                    Найман настай балчир шиг бодох юмгvй жарга!

                                                       Сэргэх ёстой газраа сэргэсэн шиг сэргэ!

                                                          Сэхээ муутай юмсыг ниргэсэн шиг ниргэ!

                                                           Хvсэл бvтээл хоёртоо эзэн нь болж сур!

                                                                         Хvн урьд нь бvтээснийг заавал давуулахыг зорь!

                                                                      Мэдлэг бvхнээс амсаж, мэдэхийн дайтай мэд.

                                                                            Мэдсэн хvний дэргэд ч мэргэдийн дайтай зэрэгц!

                                                                        Өөрөө тамхи татдаг бол бусдаас битгий гал гуй!

                                                                          Өрөөл чинь хэрэв гуйвал ялихгvй битгий харамла

                                                                                Өвөр тvрий хоосон бол шалигийн зvйлс бvv шохоорх!

                                                    Өр зээл ихтэй бол нэгэн газар бvv суу!

                                                                            Архинд хэрвээ дуртай бол уухын эрдмийг бас сур!

                                                                        Амьтан бvхний тvрvvнд унахын эрдмийг бvv vзvvл!

                                                                            Аяган дахиа хоословч л лонхон дахиа хоослолгvй

                                                                Ахиад маргааш өглөө нь дотор засахаа бод!

                                                                                   Эхнэрт хэрэв дуртай бол энхрийлэхийн эрдмийг сур!

                                                                          Эрэгчин адгуустай адилхан зайдагнахаа бvv яар!

                                                                       Энэ шөнө өнгөрөвч ертөнцийн маргааш олон,

                                                                  Эргээд хэзээ ч магадгvй уулзана гэдгээ бод!

                                                                   Ав! гэсний нь зоргоор хvнээс юм авахдаа чи

                                                                                 Авдар савыг иь хоослоод бvгдийг нь авахгvйн учир

                                                                        Аль! гэсний нь зоргоор хvнд юмаа өгөхдөө чи

                                                       Ар талд нь бас өөрт vлдээхээн бод!

                                                                         Өөрийн нутагт явахдаа хvний хvнийг хайрла!

                                                                       Хvний газар явахдаа нутгийн нэрийг хайрла!

                                                                     Эцэг нь vгvй хvvхэд эхээс төрөх ёсон байвч

                                                                      Нутаг нь vгvй хvн хорвоод байдаг учиргvй!

                                                                    Өөрөө цадах тусмаа өлөн хvнийг өрөвд!

                                                                          Өлсөх цагтаа харин цатгаланд бvv хонзогно!

                                                                          Өнгөтэй хувцас өмсөөд тостоос холуур яв!

                                                                            Өөрөө тостой бол харин өнгөтөөс бvv дөл!

                Нэг идэх хоол бол хугас өдрийн хань,

                        Нэг өмсөх хувцас бол хагас жилийн хань,

                Нэг олдох нэр бол хамаг насны хань

              Нэр vлдэж, бие vхдэгийг бvv март!

                      1975— VIII—18                

    Гэрэл зургийг: http://2.bp.blogspot.com/_TOxVQynJPk4/TJ8f9c__kBI/AAAAAAAAAHI/xpsUEvL8U0M/s1600/choinomR.jpg

  • Ухаалаг компаниуд 2 хүний цалингаар 20 хүнтэй маркетингийн агентлаг хөлсөлж байна

    Маркетингийн менежер хайсан зар хамгийн их байна. Энэ чиглэлийн туршлагатай мэргэжилтэн ховор, нөгөө талаас компаниуд олон төрлийн мэргэжилтнээр маркетингийн багаа бүрдүүлж чадахгүй учир супер мэргэжилтэн хайгаад байгаагаас асуудал үүсэж байна. 
    Маркетинг нь сурталчилгаа цацахаас илүү өргөн хүрээтэй, нийлэг маягийн, бүтээлч сэтгэлгээ шаардсан ажил болж эхэлж байна. Тиймээс маркетингийн багаа сайн бүрдүүлэхийн тулд маркетингийн мэргэжилтэн, дизайнер, сошиаль медиа маркетер, эвэнт менежер, вэб мастер, вэб админ гэх мэт мэргэжилтнүүдээр багаа бүрдүүлэх шаардлага гарна. Хэрвээ ингэж бүрдүүлэхгүй гэвэл энэ бүхнийг чаддаг супер хүн олох хэрэг гарна. 
    Ингээд хүн олохын тулд 1 сар болно. Аваад ажлаа ойлгоод жигдрэх гэсээр 2 сар болно. Тэгээд хоорондоо баг болж чадалгүй зарим нь гарна. 
    Энэ бүх хугацаанд гаргасан зардал нь мэргэшсэн багтай хамтран ажиллах зардлаас давна. Тэгсэн атлаа үр дүн нь ноль. Олон хүн солигдсоор маркетингийн бодлогоо хэрэгжүүлж чадахүйд хүрч амараар нь сурталчилгаа л цацдаг хүмүүс болно. Маркетингийнхан мөнгө үрэхээс цаашгүй гэсэн муу нэр зүүнэ дээ.

     

    Бизнесийн өрсөлдөөн улам хурдтай болж, мэргэжилтнүүд ховордох тусам дээрх асуудал улам бүр хурцдана. Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор маркетингийн агентлагууд хөгжиж байна. Мэргэжлийн багаар өөрсдийн бодлогыг гүйцэлдүүлэх нь үр ашигтай байгааг ухаалаг бизнесменүүд хүлээн зөвшөөрч эхэллээ.
    Компаниуд маркетингийн багаа цомхон бүрдүүлээдМАРКЕТИНГИЙН АГЕНТЛАГтай хамтран ажиллахыг илүүд үздэг болж байгаа нь үүнтэй холбоотой юм.

     

    Ухаалаг компаниуд 2 хүнд өгөх цалингаар 20 хүнтэй агентлагхөлсөлж байна.

  • ҮНДЭС бол НАВЧ биш!!!

    “Энэ царс ургахын тулд хэдэн зууныг туулах юм. Энэ бизнес босохын тулд хэдэн үеийг элээх юм”

    Ж.Лувсандорж
    CEO NMMAteam

    1000 жилийн настай аварга том Царсны түүхээр аялцгаая. Царс бол нэг настай ганган цэцэг биш. Тиймээс түүнд үндэс хамгаас чухал. Нэг настай цэцэгт жижиг үндэсхэн байхад л хангалттай. Цэцэглэнэ, хагдарна. Гүйцээ. Харин Царс бол өөр. 
    Тэр 1000 жил ургахыг хүснэ. Тиймээс тэр маш сайн үндэслэх хэрэгтэй. Бяцхан царсны жижигхэн үндэс шууд л газрын гүнд нэвтрээд л бөх бат үндэслэчихгүй. Тэр газрын гүнд улам бат шигдэхийн тулд бүх чадлаараа их удаан хичээх хэрэгтэй. Бороонд норсон ч шолбойх ёсгүй, наранд халсан ч хатах эрхгүй. Хад чулуу таарлаа гээд нугарч хугарах ёсгүй. Нэвт гарч улам л цааш үндэслэх ёстой. Бяцхан үндэс хичээсний эцэст хад чулууг ч үйрүүлж улам цааш үндэслэнэ. Үер ч түүнийг зүгээр орхихгүй ширүүн урсгалаараа шоглоод өнгөрөх гэнэ. Тэр шоглоомыг давахын тулд эцсийн хүчээ дуустал газраас зуурна. Тэсгим хүйтэн бас л хөлдөөх гэж оролдоно. Түүнд зорилго байгаа учраас эцсийн амин халуунаа дуустал хүйтэнтэй тэмцэнэ. 
    Энэ бүх бэрхшээл энэ хорвоогийн царсханы тоог нэгээр хасах шалтаг биш, харин хорвоогийн хамгийн том царс мод болохын төлөө улам гүн, улам бат бөх үндэслэх шалтгаан болно.
    Хэрвээ үндэс газарт гүн үндэслэж чадвал одоо түүнээс иш ургана. Ишнээс салаа мөчир ургана. Салаа мөчирөөс навч нахиа нахиална. 
    Ингээд аварга том царс зуу зуун жил ургана. Үр жимс хийсэж хорвоогоор нэг ургана.

    Үндэсний түүх бол энэ. Харин навчны түүх бол өөр. Тэр бол навч. Навч дээр нар тусна, бороо шивэрнэ. Хавар нахиална, намар гандана. Энэ бол навч. Тэр хад чулууг бутлаагүй, хар шуургыг сөрөөгүй.

    Бид навч байж болох байсан. Навч болох амархан байсан. Монголд биш хаа нэгтээ ургасан модны навч нь байж илүү амар, илүү санаа зовох зүйлгүй амьдарч болох л байсан. Гэхдээ бид тэгээгүй. Бид том модны навч нь байж баясаж амьдрах биш, өөрсдөө том модыг үндэслүүлэхийг зорьсон.
    Бидний бизнес дөнгөж үндэслэж байна. Бид бол навч биш үндэс. БИД БОЛ ҮНДЭСЛЭГЧИД. Үндэс байх зохиол навч бүрд олдохгүй.ГэрэгэЭрхэтЗарлигийг бид үндэслүүлсэн.

    Үндэс байхын тулд үндэсний шинж чанарыг өөртөө агуулах хэрэгтэй. Үндэс байхын тулд хүчирхэг үндэсийг удаан ажиглаж түүнээс суралц. Энэ мод мянган жил ургаж олон монгол хүн үр жимсийг нь идэх болно. Үндэслэгчдээ!!!

    ҮНДЭС бол НАВЧ биш!!!

  • МОНГОЛООС ҮНДЭСЛЭСЭН МОД

    Зарим нэг таньдаг хүмүүс маань эрүүл сайхан амьдарна бас ашиг олно гэж үзээд сүлжээний бизнесүүд хийж байсан. Зарим нь хийх гэж эхлэж байна. Эрүүл байна л гэнэ. Мөнгөтэй болно л гэнэ. Зөв. Гэхдээ эрүүл байх, мөнгөтэй болох арга нь цор ганц энэ мэтээр толгойгоо угаалгаж болохгүй. Би энэ компаниудыг бараг бүгдийг нь сонирхож судалж байлаа. Лекц сургалтанд нь сууж, өөрөө ч хичээл сургалт хийж явлаа. Миний найз нөхөд, миний хуурай дүү нар, ойр дотны хүмүүс ч энэ бизнесийг хийж байсан. 

    Сүүлд нь би нэг зүйлийн тухай бодож эхлэсэн. Үндэсийн тухай. Хаанаас үндэслэсэн бэ гэж. Хятадууд өвс ургамалаа хүртэл ид шидтэй гэдэгт итгүүлж, сүлжээний бизнес болгож тэрбумаар нь эргэлдүүлж байна. 
    Энд хэдэн монгол тэрийг нь нэг нэгэндээ зараад баяжиж байна гэх. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй. Тэр хятад өвс ногооноос нь илүү өвс ногоо монголчууд бидэнд байж л байна.

    Удаан бодсоны эцэст өөр газраас үндэслэсэн модны навч нахиаг нэгэндээ зарж ашиг олохоос илүүтэйгээр өөрсдөө монголдоо ямар нэг бизнесийг үндэслүүлэх эсвэл монголд үндэслэсэн модыг улам бүр тордож ургуулж илүү олон монгол хүнийг ажилтай амьдралтай болгох нь үнэ цэнэтэй, утга учиртай ажил гэдгийг ойлгосон. Үндэслүүлж ургуулж чадах модоо бид өөрсдөө үндэслүүлэх ёстой. Үндэслэх боломжгүй, үндэслүүлж чадахгүй модныхоо навч нь байх ёстой гэдгийг л ойлгосон. Монголчууд бидний хийж чаддаг зүйлийг биднээс суралцаж үйлвэрлээд буцаад бидэнд зарж байна шүү дээ. Монгол дээл гутал, авдар сав, ааруул ээзгий, бяслаг сүүгээ хүртэл гаднаас авах шахаж байна. Ер нь хийж чадах хэдэн үйлдвэрлэлийн салбараа хөгжүүлэх хэрэгтэй. Гар урлал, цагаан идээ, зөгийн бал, хүнсний ногоо, тариа буудай, мах бол экспортолж болохуйц салбар. За бас програмчилж болох бүхнийг програмчилж буй эрин зуунд програм хангамжийн салбар бол маш ирээдүйтэй салбар. Бид цөөхүүлээ учир оюуны үнэлэмж өндөртэй бүтээгдэхүүн хийх тусам олон Монгол хүнийг тэжээж чадна.
    Энэ бодол минь биелэж хэдэн монгол залуус технологийн бизнес эхлүүлж, технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дэлхий дамнасан хүчирхэг модыг үндэслүүлэх гэж байгаатай нь хувь заяагаар холбогдсон юм. Бид өндөр ашиг олох гэж өөр хаа нэгтээ цэцэглэсэн аварга модны салаа мөчир, навч нь болж амьдрахыг хүссэнгүй. Харин аварга том модыг үндэслүүлж ургуулах гэж зорьсон юм. Бид одоогоор хүнд гайгуулахаар ашиг олоогүй ч гэсэн БИД бол ҮНДЭСЛЭГЧИД.

    МОНГОЛООС ҮНДЭСЛЭСЭН МОД ДЭЛХИЙ ДАМНАН УРГАНА АА

  • ЗАРДАЛДАА ҮРЭГДСЭН АМЬДРАЛ УУ! БАЯЛАГ БҮТЭЭСЭН АМЬДРАЛ УУ?

    (Хувийн ажиглалт)

     

    Зарим залуус өөртөө баахан зардал бэлдэж амьдарч байна. Салбартаа сайн мэргэжилтэн болох, өөрийгөө бүрэн нээхийн тулд хичээхийн оронд гоё ганган хувцас, машин тэрэг, шоу цэнгээн, хоосон зиндаархсан үргүй хэрэглээ болсон бөөн зардалыг л өөртөө бэлдэх юм. Тэгээд зардалаа олох гэж юу таарснаа хийж амьдарч байна. Өөрийнхөө хэрэглээг хэт их зардалтай болгож түүнийгээ олохын төлөө зардалтайгаа хөөцөлдсөөр байтал ЗАРДАЛ- ЗАРДАЛАА ОЛОХ- ЮУ Ч ХАМААГҮЙ ХИЙХ- ЗАРДАЛ гэсэн хархны тойрогт орж амьдарсаар хийж бүтээсэн зүйлгүй хорвоог орхиж байгаа юм. Энэ амьдралыг ЗАРДАЛДАА ҮРЭГДСЭН АМЬДРАЛ гэж би томъёолсон.

    Үүний оронд миний санал болгож байгаа хувилбар бол эхлээд өөрийгөө баялаг болгоход зардалаа зориулах хэрэгтэй. Тэгээд чи өөрөө баялаг бүтээх ёстой. Баялаг бүтээнэ гэдгийн гол санаа нь чи өөрийнхөө авъяас чадварыг олж нээж ЧИ ӨӨРӨӨ БАЯЛАГ (капитал) болох ёстой. Өөрийн гэсэн баялагтай болох хэрэгтэй. Чиний хийж хэрэгжүүлж байгаа үйлдэл амьдралд чинь эерэг өөрчлөлтийг авчирж, хийж бүтээсэн зүйлээр чи өөрөө болон үр хойчис, хүмүүс бахархаж байвал энэ бүтээлч амьдрал. ӨӨРИЙГӨӨ ТАНИХ- БАЯЛАГ БҮТЭЭХ- УТГА УЧИРТАЙ ЗҮЙЛ ХИЙХ- ӨӨРИЙГӨӨ ОЛОХ гэсэн бүтээлч хэмнэлтэй энэхүү амьдралыг БАЯЛАГ БҮТЭЭСЭН АМЬДРАЛ гэж би томъёолсон.

    За эндээс мөнгө чухал, эсвэл мөнгө хэрэггүй эсэх талаар маргааны хариулт олдоно. Чи өөрөө баялагын үүсгүүр болоод юм хийж бүтээгээд мөнгө олж байвал утга учиртай мөнгө. Ингэж олсон мөнгө илүү утга учиртай зүйлд зориулагдана. Харин хийж бүтээхгүйгээр зардал үйлдвэрлэж, ямар ч хамаагүй аргаар мөнгө олох гэж улайрч яваа бол утга учиргүй мөнгө. Энэ мөнгө амьдралыг улам бүр үрнэ. Хүн бүр агуу ихийг хийх албагүй ч хүн бүр өөртөө тохирсон хийж бүтээх зүйлтэй энэ хорвоо дээр ирсэн. Түүнийгээ л олж хийх хэрэгтэй. 

    Эцэст нь танд тавих нэг асуулт: 
    Та ЗАРДАЛДАА ҮРЭГДЭЖ АМЬДАРЧ БАЙНА УУ? БАЯЛАГ БҮТЭЭЖ АМЬДАРЧ БАЙНА УУ? 

    Ж.Лувсандорж
    2012.09.17