Category: media-content

  • 60 жил мод ургаагүй хөсөрсөн газар төгөл байгуулсан нь буюу ээждээ зориулсан бидний зүрх сэтгэл

    Өнгөрсөн хавар “Ээждээ зориулсан бидний төгөл” буюу Эх нялхасын эрдэм шинжилгээний төвд /ЭНЭШТ/ эх үрсийн ногоон төгөл байгуулах хөтөлбөрийг хамтрагч, ивээн тэтгэгч байгууллагууд болон ээждээ мод тарихад зав гаргачих тэнхээтэй залуусын хүчээр амжилттай хэрэгжүүлсэн билээ. Хөтөлбөрийн үр дүнд энд мод ургахгүй гээд бүүр эвлэрчихсэн байсан Эх нялхасын ажилтнуудын нүдийг орой дээр гаргаж жилийн жилд шороогоор шуурч байдаг зэвэрсэн газар амь оржногоон төгөл цэцэглэж, эх үрсийн амарч тухлах орчин бүрдсэн. Бидний хамтран тарьж ургуулсан 2000 гаруй мод бутны 50% нь цэцэглэн ургасан бөгөөд 50% нь цэцэглэж ургаагүй биш харин хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас болж машинд дайрагдсан, гишгэгдэн хугарч гэмтсэн байдалтай байна.

    ЭНЭШТөв хайс барьна гэсэн амлалтаа биелүүлээгүйгээс бидний ээждээ зориулсан төгөл хугарсан байна. Ер нь ЭНЭШТ-ийн ажилтан удирдлагууд үнэхээр арчаагүй байдал гаргадаг. Хүний тариад өгсөн модыг услаад явчих сэтгэлгүй. Өнгөрсөн хавар тарьсан мод зүлгээ хүлээлгэн өгч, услах шланкийг хүртэл гардуулж өгөөд, олон мянган ажилчидаараа ээлжлээд услуулаад байна гэж дарга нь амласан. Бид итгэчихсэн хүмүүс 4 хоногийн дараа ирсэн чинь нэг ч услаагүй, өглөө, орой услах ёстой шинэ тарьсан зүлэг харлаад үхчихсэн байсан. Тарьсан мод зүлэг үхэж байхад, цонхоороо хараад тамхи татаад зогсоод байна. Нээрээ үнэн арчаагүй. Тэгээд арчилж тордохгүй байж, манай энэ газар барилгын хогтой болохоор мод тариад ч ургадаггүй гэж худлаа солиорно. Өөрсдийх нь өмнөх жилүүдэд тарьж байсан модных нь нүхийг харахад 20 см өнгөц зөөлөн хөрс ухаад л модоо булсан болоод орхисон байсан. Ингэж тарьсан мод ургах уу?! Бид өнгөрсөн хавар тарихдаа зөвхөн модны нүх ухахад л 7 хоног зарцуулж байсан, дагтаршсан улаан хөрш, цемент ухаж байгаа юм шиг л байсан. Бүр л өдөржин ухахад 2 модны нүхтэй салж байсан өдөр ч бий. 50см радиустай, 60см гүн ухаж байж, 40т хар шороогоор шинэ хөрс бий болгож байж, 100 гаруй хүний сэтгэл, 10 сая гаруй төгрөг зарцуулж байж энэ төгөлийг босгосон юм. Залуус бидний хүсэл мөрөөдлийг дэмжсэн “Монголын алт” корпорацид Эх нялхасд амаржих бүх ээжүүдийн өмнөө талархал илэрхийлье.

    Энэ жилийн нөхөн сэргээлтийн ажилд мөн л МАК, “Ногоон хонх” ТББ ивээн тэтгэж, “Дэльта” энтертаймент, “Ногоон хонх” ТББ /greenbell@groups.facebook.com/, “Сортоо” клубын залуус гардан гүйцэтгэх ажилд идэвхитэй оролцлоо. Миний бие хөтөлбөрийн ерөнхий зохицуулагч байсан гэдэг утгаараа сая амралтын өдөр очиж үйл ажиллагаанд нь туслаж нөхөн сэргээх ажилд оролцлоо. 

    Экологич, эдийн засагч, модчин, түлээчин, банкчин, барилгачин бай хамаагүй АМЬСГАЛДАГ ХҮН БҮР ЖИЛД НЭГ МОД тарьж, ургуулдаг байгаасай!

    2010 оны 6-р сар

  • Гэр бүлийн боловсролын тухайд

    Хүний амьдралд, хүний сэтгэлд, хүний ухаанд нөлөөлсөн хором мөчүүд байдаг гэж сонсож байсан. Бодоод байхад бие хүн бүрэлдэн бий болж төлөвшихөд маш олон хүчин зүйлүүд нөлөөлдөг. Тэр тусмаа хүчтэй нөлөө үзүүлсэн, нуруугаар тог, цахилгаан гүйх шиг болдог тийм нэг мөчүүд байдаг юм байна.

     

    “ГЭР БҮЛИЙН ТУХАЙ” хэмээх Нэгэн зүйл

    Гэр бүлийн амьдралын талаар өнгөцхөн төсөөлөлтэй, азгүй юм шиг амьдарч байх үедээ, энэ хүний үгийг сонсож толгой дотор минь гэр бүлийн талаарх хувьсгал явагдаж билээ. Миний амьдрал сайхнаар өөрчилөгдөхөд нөлөөлсөн нэг хүн бол яах аргагүй Л.Нарантуяа багш гэж би боддог. Залуус бид гэр бүл, хайрын талаар мухар сохор төсөөлөлтэй яваад л байвал, амьдрал минь азгүй, аз жаргалгүй, хэрүүл, маргаанаар дүүрэн байсаар л байх болно.

    Яг үнэндээ бол залуус бидэнд гэр бүлийн талаар хэлж ойлгуулдаг байгууллага, хүн байдаггүй шүү дээ. Тэгээд та бүхнийг энэ лекцийг сонсоорой гэж зөвлөх байна. Гэр бүлийн талаар маш цэгцтэй, бодитой, амьдралтай зүйл хэлж өгдөгт би их баярладаг. Монголд минь аз жаргалтай, амар амгалан гэр бүлүүдийг маш олноор нь бэлдэх зорилготой агуу хүн дээ.

    Амьдралын минь өөрчилсөн нэг лекц нь энэ:

  • Маркетингийн ШИНЭ ЭРИН ҮЕ буюу ДЭВШИЛТЭТ МЕДИА МАРКЕТИНГийн өсөлт

    Таны хийж байгаа маркетингийн ажлууд хэр зэрэг үр дүнтэй байна вэ?
    Олон нийтрүү чиглэсэн реклам сурталчилгаагаар үнэнч тууштэй цөм хэрэглэгчидээ төлөвшүүлж, бөөцийлж чадаж байна уу?

    Мэдээллийн шинэ сувгууд санаанд багтамгүй хурдтайгаар өргөжин тэлж буй цахим эрин зуунд та хэрхэн амжилттай маркетинг хийх вэ?

    Маркетингдаа мэдээллийн технологийг хэрхэн ашиглах вэ?

    Маркетингийн санаануудаа үнэлэх, хэмжих, борлуулалтаа
    төлөвлөх хянах, хэрэглэгчтэйгээ харилцах,
    халамжлах үйл ажиллагааг нэг технологиос удирдаарай.

     https://erxes.mn/

  • Заваан РЕКЛАМ

    1. Энд тэнд наалгах гэж хэдэн оюутанд цагийн мөнгө төлнө. Тэд нар нь хөөрхий даарч, хөрч хараал урсгана. Наагчидад ээлгүй.
    2. Скоч, жонхуу, цавуугаар хана туурга завааруулна. Хотын соёлд ээлгүй.
    3. Баахан цаас гарзадна. Цааш наах бүрд ойд нэг мод унана. Байгаль орчинд ээлгүй.
    4. Тэглээ гээд хэн ч олж харж уншихгүй. Уншлаа ч сэтгэгдэл төрүүлэхгүй. Харин ч бүүр шал дордуулна. Хэрэглэгчид ээлгүй.
    5. Маргааш нь цэвэрлэгч эгч нар арилгах гэж хуруу хумсаа хугална. Баахан зовно. Цэвэрлэгч эгчид ээлгүй.
    6. Хэрвээ цэвэрлэхгүй бол ингээд заваараад байсаар л байна. Орчиндоо ч ээлгүй.
    7. Гражийнх нь хаалгыг завааруулсан байхыг харсан жолооч уураа бараад цэвэрлэж байхыг харлаа. Жолоочид ч ээлгүй.

    Заваан РЕКЛАМАА гэж!!!

  • Оюутнуудаа, чадварлаг мэргэжилтэн болмоор байна уу?

    Оюутан байхад сургуулиа төгсчихвөл бүх юм болчих юм шиг л боддог байж билээ. Улаан дипломаа гардаж аваад л, ромбоо зүүчихвэл чадалтай мэргэжилтэн болчихдог юм шиг төсөөлдөг байж.

     

    Амьдрал дээр гараад бүх зүйл эсрэгээрээ эргэсэн дээ. Сургуулийн диплом ч хэрэг болсонгүй, одоо хаана хийснээ ч мартсан байна. Айхтар үзүүлээд шалгуулаад байх ч шаардлага гарсангүй. Тэртээ тэргүй төгссөн төгсөөгүй ч худалдаад авчихаж болж байна, дүнг бол яаж ч янзалсан болдог болж. Гэх мэтээр үнэ цэний нь унагасаар диплом нь тухайн хүнийг бүрэн илэрхийлж чадахгүй болоод байна л даа. 

    Байгууллагууд чадварлаг мэргэжилтнийг шалгаруулахдаа эхлээд Си Ви бөглүүдээд, бичгийн соёл, ерөнхий суурь чадваруудыг хараад, эссэ бичүүлээд хувь хүний зорилго, тэмүүлэл, бичиж найруулах чадварыг хараад, ярилцлагад урьж өөрийгөө илэрхийлэх байдал, сэтгэлгээний чадвар зэргийг дүгнэсний үндсэн дээр боломж олгодог. Шалгуурт дипломын дүн, төгссөн сургууль зэрэг нь маш бага хувь эзлэнэ.

    Оюутнууд юуны өмнө үзэж байгаа хичээлүүд чинь чамайг чадварлаг мэргэжилтэн болгох жорын ердөө 10% нь гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэр тусмаа их дээд сургуулиудын хичээлийн агуулга маш их хоцрогдолд орсон байна. Жишээ нь, интернэт бизнесийн анги гэсэн атлаа 4 төгстлөө интернэт ашигласан хичээл орж үзээгүй байх жишээтэй. Ха ха. Харин багш нарын хэлж байсан үг бол амьдралд их хэрэг болдог шүү.

    Мэргэжлийн чадварыг бол яг бизнесийн байгууллагуудын халуун тогоон дотор орж байж, хийж дадлагажиж байж, илүү их ном уншиж, интернэт ашиглаж байж л олж авахаар байгаа юм. Оюутнууд бол багшийн заасныг өөрт нь хариулаад онц аваад байхад сайн мэргэжилтэн болно гэж бодоод байх шиг байгаа юм. Энэ бол андуурал шүү. Бас зарим оюутнууд сургуулиа төгсөж байгаад л учраа олно доо гэж боддог. Энэ бодол бол бүүр ч буруу. Та оюутан болмогцоо л хийх ажилдаа санаа зовж эхлэх юм бол жинхэнэ мэргэжилтэн болно.

    Тиймээс чадварлаг мэргэжилтэн болохын тулд:

    1. Сургуулиас зааж байгаа хичээлүүд – 10%
    2. Багшийн сургааль, ахмад хүмүүсийн үг – 10%
    3. Салбарын мэргэжилтэнүүдийн лекц, сургалт – 10%
    4. Оролцоо буюу сайн дурын ажилд оролцох нийгмийн идэвхитэй байдал. Төгсөөд л өндөр цалинтай ажил хийнэ гэж мөрөөдөхийн оронд оюутан байхдаа цалингүй ажил хийж байсан хүн төгссөн хойноо үнэлэгддэг, маш өндөр цалинтай тэнцэхүйц чадварыг үнэ төлбөргүйгээр олж авдаг гэдгийг ухаарах.- 10%
    5. Сорих буюу мэргэжилтэй холбоотой уралдаан тэмцээн, арга хэмжээнд тогтмол оролцох – 10%
    6. Салбарын хамгийн сайн номнууд – 10%
    7. Мэдлэгээ гүнзгийрүүлж судлах, интернэт ухах – 10%
    8. Туршлагажих буюу 1-р курсээсээ эхлээд өөрийнхөө мэргэжилтэй холбоотой бодит ажил төрөл хийж өөртөө туршлага хуримтлуулах хэрэгтэй. Жишээ нь маркетингийн ангийн оюутан бол бараа бүтээгдэхүүнд маркетинг хийж үзэх хэрэгтэй. Ядаж өөртөө маркетинг хийж үзэх хэрэгтэй. Сэтгүүлч бол нийтлэл бичиж, нэвтрүүлэг хийж, ямар нэг асуудлыг эрэн сурвалжилж үзэх хэрэгтэй. Бизнесийн удирдлага бол ядаж нэг бизнес хийгээд үзчих хэрэгтэй. Туршлага бол маш чухал. Уншаад л байдаг, онолдоод л байдаг. Яг амьдрал дээр гарахаараа чадвар байдаггүй ээ. Зарим оюутнууд тухайн мэргэжлийн хүн юу хийдэгийг ч мэдэхгүй төгсөж байх жишээтэй. Тиймээс л өөрийгөө чадваржуулах талын хийж турших зүйлүүдийг эртхэнээс эхлэх нь зөв юм. – 20%
    9. Салбараасаа нэг чиглэлээр маш сайн мэргэших нь хамгийн чухал болоод байна аа. Одоо төгсөж байгаа оюутнууд юм бүхнийг чадна, бас юм бүхнийг чадахгүй байна. Чаддаг юм уу гэхээр яг мэргэшсэн, төгс эзэмшсэн зүйл байхгүй байна. – 10%

    За энэ 9 зүйл нийлж байж чадварлаг мэргэжилтэн болох нөхцөл шалтгаан бүрдэнэ дээ.

    Томъёолвол: 
    Хичээл /10%/ +Сургааль/10%/ +Сургалт/10%/ +Оролцоо/10%/ +Сорилт/10%/ +Ном/10%/ +Судалгаа/10%/ +Туршлага/20%/ +Мэргэшил/10%/ = ЧАДВАРЛАГ МЭРГЭЖИЛТЭН/100%/

  • СЭТГЭЛГЭЭГЭЭ булчинлаг болгох нь

    “Яруу сэтгэгч” сонины нийтлэлүүд цувралаар…

    ЭССо: Эерэг, Сөрөг, Сонирхолтой /санаанд хандах хандлага/

    ЭССо бол бодол санааг нээлттэй болгон ухамсартай жолоодох зорилгоор сэтгэлгээнд хэвшил болгох шаардлагатай арга хэрэгсэл юм. Энэхүү сэтгэлгээний хэрэгсэл нь тухайн санаа танд таалагдаж байгаа эсэхээс хамаарахгүйгээр уг санааны эерэг талыг /Э=Эерэг/, муу талыг /С=Сөрөг/, мөн сонирхолтой талыг /Со=Сонирхолтой/ олох чармайлт гаргахад тусална. Сонирхолтой тал гэдэг нь сайн ч биш муу ч биш гэхдээ авч үзүүштэй талууд юм.

    ЭССо бол дэвшигдсэн санаа, санал, зөвлөлгөөг хэлэлцэх арга зам юм. Санааны хариу үйлдэл нь түүнийг таашаах, эс таашаах, дэмжин сайшаах эсвэл шүүмжлэн буруушаах байж болно. Хэн хүнд тухайн санаа таашаагдаж байвал түүний сөрөг талыг олж харахад түвэгтэй, харин санаа таалагдахгүй байвал түүний эерэг талыг олж харахад түвэгтэй байх нь олонтой. Мөн санааны ховорхон сонирхолтой талыг илрүүлэхэд түвэгтэй байдаг.

    ЭССо-г зориудын үйл ажиллагаа болгон хэрэглэх нь санаанд сэтгэл хөдлөлгүйгээр хариу үйлдэл үзүүлж, илэрхийлэх боломжийг олгодог. Үүний гол зорилго нь сэтгэл хөдлөлийн хариу үйлдлээс ухамсартайгаар зориудын үйлдэл хийх чадвар руу шилжүүлэх явдал юм.

    ЭССо нь хэзээ ч шийдвэр ба үүрэг даалгаврыг хөндөх гэсэн оролдлого хийдэггүй харин аливаа юмыг олон талаас нь авч үзсэний дараагаар хийх хэрэгтэй гэсэн үнэмшлийг бий болгодог.       

    Энгийн томъёоллоор бол ЭССо ажиллагаа нь нөхцөл байдлыг авч үзэх өргөн боломжийг олгоно. Үүнгүйгээр санаанд өгөх сэтгэл хөдлөлийн хариу үйлдэл нь түүнд хандах арга замыг улам явцууруулдаг.

    Э=Эерэг “Санааны талаарх сайн зүйлс” ямар учраас танд энэ таалагдаж байна вэ?

    С=Сөрөг “Санааны талаарх муу зүйлс” ямар учраас танд энэ таалагдахгүй байна вэ?

    Со=Сонирхолтой “Санаанд байгаа сонирхолтой талууд”, сайн муугийн алинд ч хамаарахгүй боловч байж болох санаанууд

    Энэ санаа надад таалагдаж байна эсвэл санаа таалагдахгүй байна гэж хэлэхийн оронд та ЭССо-г хэрэглэж болно. Та ЭССо-г хэн нэгний дэвшүүлсэн санаа, санал, зөвлөлгөөг хэлэлцэх арга зам болгон хэрэглэж болно.

    Жишээ:

    Санаа: Автобусны бүх суудлыг аваад хаячих хэрэгтэй.

    Э: Автобусанд илүү олон хүн багтах болно.

    Сууж буухад амар болно.

    Автобусыг үйлдвэрлэх болон засварлахад хялбар болно.

    С: Автобус гэнэт тоормослоход зорчигчид давхралдан унах болно.

    Настай болоод тахир дутуу хүмүүс ийм автобусанд зорчиход хэцүү байх болно.

    Сав тортой зүйл болон хүүхдээ авч явахад хүндрэлтэй болно.

    Со: Суудалгүй мөн суудалтай гэсэн хоёр төрлийн автобус байж болохгүй юу?

    Ийм автобусаар илүү их ажил хийх юм биш үү?

    Автобусанд тохь тухтай байдал бол тийм ч чухал биш.

    Бусад жишээ: Цонхыг шилээр биш харин тунгалаг пластикаар хийх хэрэгтэй.

    Э: Хагарах нь гайгүй.

    Хагарсан үед учруулах аюул нь гайгүй.

    С: Пластик нь шилнээс илүү үнэтэй.

    Пластик нь маш амархан зурагддаг.

    Со: Хэрвээ цонхыг пластикаар хийвэл түүнийг янз бүрийн өнгөөр будаж болно.

    Бид шилийг хэрэглээд дасчихсан болохоор шил илүү сайн нь гэж үзэж магадгүй юм.

    Дасгал 1: Бүх автомашин шар өнгөтэй байх ёстой гэсэн хууль гаргая.

    Энд бүх бүлгүүд ЭССо-г 3-5 минутын хугацаанд гүйцэтгэнэ. Нэг бүлэг өөрсдийн Эерэг талыг нэрлэх ба бусад бүлгүүд үүн дээр нэмэлт хийж болно. Өөр бүлэг Сөрөг талыг нэрлэх ба цааш нь дараагийн бүлэг Сонирхолтой талуудыг нэрлэнэ.

    Зөвлөмж:

    Э: Шар өнгийн машин шөнө болоод манантай үед сайн харагдах тул замын осол багасна.

    Та хүссэн өнгөө гаргах гэж хүлээхгүй болж таны машиныг шууд л будаад өгчихнө.

    Автомашин нь зэрэг дэв, зиндаа байдал зэргийг илэрхийлэх тэмдэг болохоосоо илүүгээр тээврийн хэрэгсэл болно.

    С: Амьдрал уйтгартай болно.

    Будгийн үйлдвэрлэгчид болон сурталчлагчид хүндрэлтэй тулгарна.

    Цагдаагийнханд хулгайлагдсан машиныг мөрдөж мөшгихөд хүндрэлтэй болно.

    Со: Эзэмшигч болоод бусдад машины өнгө шар байх нь ямар ашигтай бол?

    Машиныхаа өнгөнөөс хамаараад хүмүүсийн жолоодлого ялгаатай байдаг болов уу?

    Дасгал 2: Хүмүүс тухайн өдрийн санаа сэтгэл ямар байгааг илтгэсэн тэмдэг зүүх ёстой.

    Энд бүлэг бүр ЭССо-г бүтнээр хийж гүйцэтгэх бөгөөд гэхдээ тэдний гол зорилго нь багшийн нууцалсан 2 Эерэг тал, 2 Сөрөг тал ба 2 Сонирхолтой талыг бодож олоход оршино. 3-5 минут бэлтгэсний дараа бүлэг бүр нэг нэг Э, С, Со талуудыг санал болгоно. Дараа нь аль ч тал дээр санал нэмэгдэхгүй болсон үед багш өөрт байгаа нууцалсан зүйлсээ задлана.

    Нууцлах талууд:

    Э: Та ааш зан муутай байгаа хүнээс холуурхан байж чадна.

    Хүмүүс ааш зангаа сайн байлгахыг илүү их хичээх болно.

    С: Хүмүүс үнэнчээр тэмдгээ зүүхгүй.

    Сэтгэлээ сэргээх шаардлагатай, бусад хүмүүсээс сэтгэлийн дэмжлэг авах шаардлагатай хүмүүст сөргөөр нөлөөлнө.

    Со: Тэдний нүүрнээс хараад та зарим хүмүүстэй санаа сэтгэлийн талаар нь ярилцаж болно.

    Хүмүүс өөрсдийн сэтгэл санааны байдлыг бусдад мэдрүүлэхийг илүүд үздэг болов уу эсвэл нуухыг оролддог болов уу?

     

     

    Зарчмууд

    А. ЭССо бол маш чухал. Яагаад гэвэл түүнгүйгээр та эхлээд харахад муу мэт санагдсан боловч ихээхэн үнэ цэнэтэй санаанаас татгалзаж болзошгүй.

    Б. ЭССо-гүйгээр та өөртөө маш их таалагдсан санааны сул талыг олж харахгүй байж магад.

    В. ЭССо-г хийх нь тухайн санаа нь сайн муу талуудаараа чухал биш боловч өөр санаанд хөтөлж хүргэж байгаагаараа сонирхолтой гэдгийг харуулж чадна.

    Г. ЭССо-гүйгээр асуудлыг шинжлэн үзэх нь санааны үнэ цэнэ дээр биш таны тухайн цаг үеийн сэтгэл хөдлөл дээр суурилдаг.

    Д. Нэгэнт ЭССо хийсэн учраас тухайн санаа танд таалагдаж байгаа эсэхийгээ шийдэх болно.

     

    Та дараах санаанууд дээр ЭССо хийж сэтгэлгээгээ булчинжуулаарай. Бас ямар нэгэн хүн дээр ЭССо хийж туршаарай.

    ·   Насанд хүрсэн хүн бүр жилд нэг долоо хоногийг цагдаагийн байгууллагад зүтгэх хэрэгтэй.

    ·   Зөвхөн хүүхдэд зориулсан телевизийн тусгай суваг байх хэрэгтэй.

    ·   Хотын төвд бүх төрлийн автомашины хөдөлгөөнийг хориглох хэрэгтэй.

    ·   Залуу хүн бүр нэг хөгшин хүнийг асрах үүрэг хүлээх хэрэгтэй.

    ·   Хүмүүс өдөрт 8 цагаар 5 өдөр ажиллахын оронд өдөрт 10 цагаар 4 өдрөөр ажиллаад долоо хоногийн үлдсэн өдрийг амрах хэрэгтэй.

    Эдвард Де Боно “Сэтгэлгээний курс CORT”

  • Маргааш Social Media Club Ulaanbaatar залуусын хамтын ажиллагааны уулзалт болно

    Сайн байцгаана уу, цахим залуусаа, та бүхэндээ бас нэгэн таатай мэдээг дуулгах болсондоо баяртай байна. Дэлхийн аль ч өнцөг булан бүрээс хайртай дотны хүмүүс, найз нөхөдтэйгээ холбогдож баяр гунигаа хуваалцаж, нийгэмд үзэл бодлоо хүргэх боломжтой болсон энэ сайхан цаг үед амьдарч байгаа бид Сошиал медиа хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулж байгаа билээ. Хэрэгтэй, ашигтай мэдээллүүд болон нийгэмд хэлхийг хүссэн үгээ, үзэл бодлоо хуваалцан байгаа эрхэм таний өөрийгөө болон бусдыг ахиулан хөгжүүлж байгаа үйлсийг тань дэмжин өргөжүүлэх, сайн туршлагыг хуваалцах, медиачуудыг холбох Хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготойгоор зохиогддог Social media Club Ulaanbaatar клубын ээлжит уулзалт болох гэж байна. Бид SMCUB арга хэмжээгээ 2013 оны 3 сараас зорилго чиглэлийг нь шинэчлэн зохион байгуулж  сар бүрийн сүүлийн Бямба гарагт хийхээр боллоо. Уг арга хэмжээг сошиал орчны групп, нэгдэлүүдийн хамтын ажиллагааны уулзалт хэлбэрээр зохион байгуулж байхаар болсон бөгөөд уулзалтанд  хүндтэй зочин урьж илтгэлийг нь сонсож үзэл бодлоо солилцохоор болоод байна. 

    Оролцогч: Хүн бүхэнд нээлттэй /Та уулзалтанд оролцсоноор, цахим орчинд санаачлан хэрэгжүүлж байгаа санал санаачлага, ажил үйлсээ бусдад танилцуулж хамтран ажиллах боломжтой. Мөн цахим орчины групп, нэгдэл, клубээ танилцуулан сурталчилж, бусадтай хамтын ажиллагаа өрнүүлэх боломжтой

    ЗОЧИН ИЛТГЭГЧ: Сэтгэгч Сант  

    Сэтгэгч Сант 20 гаруй жилийн сэтгэлгээний ажлын үр дүнгээ толилуулна. https://twitter.com/iiniitensant

    ИЛТГЭЛИЙН СЭДЭВ: “ИХ ОРЧЛОНГИЙН ИХ ҮНДСЭН ХУУЛЬ” буюу Шинэ мэдлэг нээгдэхэд шинэ боломжууд нээгддэг.

    ХЭЗЭЭ: 3 сарын 30-ны 16:00 цагт;
    ХААНА: Д.Нацагдоржийн нэрэмжит Хотын Нийтийн Төв Номын санд байрлах Америкийн Соёл Мэдээллийн төвийн зааланд
    Холбоо барих: 88841277; 70115703
    http://youtube.com/SMCUlaanbaatar 
    http://facebook.com/SMCUlaanbaatar
    http://twitter.com/SMCUlaanbaatar

    ЗОХИОН БАЙГУУЛАГЧ
    Нью Медиа Групп
    Яруу сэтгэгч хүний хөгжлийн нийгэмлэг http://yaruusetgegch.com/
    http://facebook.com/yaruusetgegch

  • Аялгуу- Би

    Би аялгууны эх булаг. Намайг инээмсэглэхэд уянгалаг намуухан аялгуу ундарна. Намайг хэн нэгнийг хайрлах үед би өөрөө симфони болон хувирдаг. Хэн нэгэнд баярлаж талархах үед Сарны сонат уянгалдаг. Уужуу сэтгэл гаргах үед уртын дуу эгшиглэдэг. Уурлаж бухимдах үед чийртэй аялгуу болон хувирна. 

    Зураг: Зураач В.Ундраа “Дотоод байгаль” 

  • Хүний нөөцийн мэргэжилтнүүдийн хөгжлийн шинэ үе эхэллээ

    2011 оны 10-р сарын 12-нд МҮХАҮТанхимын Үзэсгэлэнгийн их танхимд “Global HR Forum 2011” боллоо. Манай улсын эдийн засаг эрчимтэй хөгжлийн эрин үеийн босгонд тулж ирээд буй энэ үед мэргэжсэн чадварлаг боловсон хүчний эрэлт улам бүр нэмэгдэж байгаа билээ. Өсөн нэмэгдэж буй энэ хэрэгцээг хангах ур чадвартай ажилтануудыг бэлтгэхэд хүний нөөцийн удирдлага, боловсролын болон бизнесийн байгууллагуудын хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх шаардлага  гарч ирж байна. Тиймээс зөвлөлгөөнийг “Хүний нөөцийн менежерүүдийн шилдэг арга барилыг харилцан солилцох, дэлгэрүүлэх, орчин үеийн бизнесийн байгууллагын хүний нөөцийн менежментийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх, мэдээллийн сан, сүлжээг үүсгэн хөгжүүлэх” зорилгоор “Менежментийн шилдэг арга барилын эрэлд” уриан доор явагдлаа. 

     

    Ихэнхи илтгэлүүдийн гол санаа нь бол хүний нөөцийн бодлогыг шинэ түвшинд гаргах цаг үеийн шаардлага ирсэн бөгөөд хувь хүний авъяас ур чадварт чиглэсэн урт хугацааны хөгжүүлэх хөтөлбөр,байгууллагын соёл, үнэт зүйлийг төлөвшил нь чухал байна гэж үзэж байсан.

    Зөвлөгөөний үеэр “Хүний нөөцийн цахим сүлжээ” /http://hrnetwork.mn/ албан ёсоор нээгдсэн нь салбарын мэргэжилтнүүдийн хөгжлийн нэгэн шинэ хуудсыг нээлээ. Ингээд менежерүүд жилдээ ганц удаа биш өдөр бүр зөвлөлдөх боломжтой боллоо. Бас нэг сонирхолтой зүйл гэвэл зөвлөгөөний сүүлрүү тог тасарсан хэдий ч илтгэгчид микрофонгүй ярьж, сонсогчид тэвчээртэйгээр 1 цаг орчим үргэлжлүүлэн сонссоор байлаа. Ингээд яг дуусаж байхад тог ирсэн бөгөөд хүмүүс ингэж тэвчээртэйгээр сууж чадсан нь хүний нөөцийн мэргэжилтнүүдийн өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзэлийг харуулж байлаа. Мөн 10 сарын 15 нь Хүний нөөцийн менежерүүдийн өдөр гэдгийг мэдэж авлаа.

     

    Зөвлөлгөөний үеэр дэвшүүлэгдсэн түлхүүр санаануудыг тэмдэглэж авснаа хүргэж байна

    1. Ямар ч насны, амьдралын аль ч үедээ явж байж болох хувь хүнд сурч боловсрох, хөгжихөд туслаж ажил мэргэжлийн чиг баримжаа олгох нь чухал.

    2. Үр дүн бүхий манлайлал чухал байна.

    3. Тухайн ажилд шаардагдах суурь ур чадвараа хамгийн түрүүнд тодорхойлох нь чухал.

    4. Нэг удаагийн биш ажлын байран дахь тасралтгүй сургалт чухал.

    5. Монголынхоо талаар ямар ч төсөөлөлгүй, эх орондоо ирэх хүсэлтэй мэргэжилтнүүдийг дасан зохицуулах асуудал маш чухал.

    6. ЛИДЕРИЙН ШИНЖ: Өөртөө итгэлтэй, бусадтай нийцэхүйц байдал, итгэн нийцэж болохуйц байдал, дасан зохицох байдал, суралцах байдал

    7. Мэдлэгийг бүтээлч болгохын тулд мэдлэгүүдээ холбох хэрэгтэй. 35 үсгээр 200 мянган үг, 7 нотоор тоолшгүй ая зохиодог шиг мэдлэгүүдийг холбо.

    8. Бичих, унших, ярих чадварыг сургаж байгаа боловч Сонсох чадварыг сургах хэрэгтэй.

    9. Нүдэнд харагдахгүй өрсөлдөх чадвар нь Байгууллагын соёл юм.

    10. Лидерийн шалгуур: Дагалдагчидийн үнэнч байдал.

    11. Монгол бизнес кэйсүүдэд тулгуурласан сургалт чухал.

    12. Хүнийг үр дүнгээр тооцохоос гадна турайн үр дүнг хэрхэн авчирсан бэ гэдгээр дүгнэх нь чухал.

    13. Ур чадавхийн удирдлага /talent managment/ чухал.

    14. Нүүдэлчин сэтгэлгээтэй хүнийг сандал дээрээ хөдөлгөөнгүй суу гэвэл тохирохгүй. Хөдөлгөөнтэй байж сэтгэдэг хүнийг хорьж болохгүй.

    15. Хүнийг удирдах монгол ухааныг сайн судлах шаардлагатай байна. Энд тэндээс янз бүрийн чимэг зүүлт наах алиалагч мэт бүү бай.

    16. Даяаршлагддаггүй зүйл гэж байдаг. Тиймээс монгол хүнээ сайн судлаж онцлогт тохирсон хүнийг хөгжүүлдэг тогтолцоог бий болгох хэрэгтэй.

    17. Монгол хүний сэтгэлгээнд тохирсон удирдлагын арга барилаа боловсруулах шаардлага тулгарч байна.

    18. Нүүдэлчин соёл иргэншлийн сэтгэлгээ одоо хүртэл байна. Тиймээс монгол хүнээ судлахгүйгээр гадны зүйлүүдийг хуулбарлаад үр дүнгүй.

    19. Шившигтэйгээр шагнагдсанаас чимээгүй үхсэн дээр гэсэн нөхцлийг бий болгохгүйн тулд үзэмжээрээ бүү шагна.

    20. Бага хүсэл эрмэлзэлтэй өндөр ур чадвартай хүнд дотоод мотиваци өг

    21. Бага хүсэл эрмэлзэлтэй ур чадвар муу хүнд нэг бүрчлэн тайлбарлаж өг

    22. Зарим газарт “Хэрхэн сайн мэргэжилтэн бэлдэх вэ” гэж ярьж байхад зарим нь “Хэрхэн сайн мэргэжилтэнг сугалах вэ” гэсэн сургалт явагдаж байгаа нь өрсөлдөөнийг харуулж байна.

    23. Одоогийн бодовсролын систем өнгөрсөний боловсрол олгож ирээдүйг төлөвлөх, тооцоолох чадвары бага олгож байна.

    24. Тухайн асуудлыг яаж тодорхойлж байгаагаас асуудлын шийдэл хамаарна.

    25. Хэсэг хугацааны дараа техник хуучирдаг бол ХҮН-г үргэлж хөгжүүлж болдог.

    26. Ямар ч асуудалд бүтээлч шийдэл байдаг.

    27. Засгийн газар ирэх онд төсвийн байгууллагын цалинг 53% нэмэхээр болсон нь хувийн секторт хэрхэн нөлөөлөх нь маш төвөгтэй асуудал юм. Төсвийн байгууллага нь хувийн хэвшилийн татвараар цалингаа нэмдэг 

    28. Хүн бүр давтагдашгүй. Түүнийг хүлээн зөвшөөрч чиглүүлж, дэмжиж чадвал хүн бүрт төсөөлөөгүй их нөөц бий. 

    29. Удирдлагууд өөртөө таалагдах, өөртэйгээ адилхан ажилтнуудыг хайдаг нь ижил загвараар хэвлэгдсэн зомбинуудаар хүрээлүүлэх ёр болдог.

    30. ESOP буюу ажилтнуудаа хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөрийг Голомт банк хэрэгжүүлж эхлэсэн.

    31. Өөрчилж чадах зүйлээ өөрчилөх гар, өөрчилж чадах зүйлээ хүлээн зөвшөөрөх уужуу сэтгэл, энэ 2 зүйлийг ялгах ухаан хэрэгтэй.

    32. Ажилтан сонгохдоо өөрөөсөө ч илүү хөгжих боломжтой, таныг шүүмжилж чадах ажилтан сонгоорой.

    33. Удирдах ажилтан хүнд яг өөрт нь л таарсан хүн олддог.

    34. Удирдах ажилтаныхаа хүссэн зүйлийг хийдэг, тохируулагдсан робот мэт ажилтан танд хэрэгтэй гэж үү.

    35. Та ажилтнууддаа итгэдэг үү. Итгэдэггүй бол хянах хэрэгтэй болно. Удирдах гэдэг бол хянах биш хөгжүүлэх юм. Хянах шаардлага байгаа бол та буруу ажилтан сонгосон байна.

    36. Би бүх ажилтанууддаа адилхан ханддаг гэж ярьдаг нь буруу юм. Хүн бүр давтагдашгүй учир харилцаа ч давтагдашгүй өөр өөр байх естой.

    /Тавигдсан нийт илтгэлүүд http://hrnetwork.mn д тавигдана/

  • SMCU 11.11 дээр ХУВЬ ХҮНИЙ БРЭНД сэдвээр илтгэл тавьлаа

    Бусад илтгэгчдийн лекцийг эндээс үзнэ үү. http://www.youtube.com/SMCUlaanbaatar

    Ялангуяа УИХ-ын гишүүн Д.Энхбатын ЦАХИМ НИЙГМИЙНхөгжлийн хандлага, Монгол залуусын оролцоо, Монгол хүний үнэт зүйл, Монголын хөгжлийн тухай бодууштай яриаг сонсоорой гэж хүсэж байна.