Category: media-content

  • Aйдсаа давах 5 арга зам

    ”Өдөр бүр хийхээсээ айдаг нэг зүйлийг хий.” –Eleanor Roosevelt


    Биднийг амжилтанд хүрэхэд саад болж, хойш татдаг зүйл бол айдас юм.  Хэрвээ энэ айдсаа давчих л юм бол хийж бүтээх зүйлээ бид хийж бүтээж чадна гэдгийг мэднэ.

    Энэ айдас гээд байгаа юмтай бид хаана учирдаг вэ гэвэл зөвхөн тархин дотроо учирдаг. Жишээлбэл: Ямар нэгэн юм хийе гэж бодоход бодит амьдрал дээр хийж эхлээ ч үгүй байж хийх явцад гарах саад бэрхшээлийг урьдчилан таамаглаж, түүнийгээ дахин дахин бодож, төсөөлж өөрийгөө айлгадаг гэсэн үг.

    Өөрөөр хэлбэл айдас бидний оюун ухаанд сөрөг бодлуудыг суулгаж байдаг.  ”Замд чинь ийм ийм бэрхшээлүүд байгаа учраас чи амжилтанд хүрч чадахгүй” гэдэг худал бодлыг бидэнд байнга хэлж, ятгаж байдаг. Улмаар энэ бодлын дагуу бидэнд итгэл үнэмшил суудаг гэсэн үг.

    Айдас бол бодит биш. Айдас бол худал мэдүүлэг. Айдас бол үл үзэгдэгч дайсан. Энэ дайсан танруу довтлох үед доорх 5 арга замыг хэрэглээрэй.

    Aйдсаа давах 5 арга зам

    1. Амжилтын тарни урь.

    Амжилтын тарнийг урьснаар зорьж буй зорилго тэнь чухал болохыг өөртөө сануулж чаддаг. Тиймээс юу хүсч байна, юу хийхийг хүсч байна түүнийгээ чангаар давтан хэл.

    Жишээ нь: Ном бичих хүсэлтэй бол “Би ном бичиж чадна!” гэж өөртөө давтан хэл. Хэрвээ гүйх хүсэлтэй бол “Би гүйж чадна!” гэж хэл.

    Эсвэл өөртөө хүч өгөх амжилтын тарни урьж болно.

    Жишээ нь: “Би айдсаа биш зүрх сэтгэлээ сонсож байна! Мөрөөдлөө биелүүлэхэд надад юу ч саад болохгүй! Миний зорилго айдсаас илүү хүчтэй! Айдас бол дайсан! Би дайснаа дарж байна!” г.м.

    2. Хандлагаа өөрчил.

    “Хэрэв би тэгвэл” гэдэг айдастай бодлоо “хэрэв би тэгвэл” гэдэг өөдрөг итгэлтэй бодлоор өөрчил.

    Жишээлбэл:

    “Хэрэв би ажлаасаа гарвал ажил олдохгүй байвал яана аа” гэхийн оронд “хэрэв би ажлаасаа гараад өөрийнхөө дуртай ажилд орвол яах вэ?”

    “Хэрэв би үүнийг хйивэл хүмүүс юу гэж бодох бол” гэхийн оронд “хэрэв би үүнийг хийгээд амжилтанд хүрвэл ямар байх вэ?”

    “Хэрэв би түүн рүү утасдвал утсаа авахгүй байвал яана аа”,  эсвэл “эргүүлж надруу залгахгүй байвал яана аа” гэж айхын оронд “хэрэв би түүн рүү залгаад сайхан дотно яриа өрнүүлбэл ямар байх вэ?” гэх мэтээр сониуч зангаа хөгжүүлж, түүнийгээ урьтал болгох хэрэгтэй. Ингэснээр айдастай таамаглалаа итгэл найдвараар дүүрэн бодлоор өөрчилнө.

    3. Өөртөө итгэ.

    Өөртөө итгэх итгэл нэг бол таныг сул дорой,  нэг бол хүчтэй хүн болгоно. Хэрвээ та энэ дэлхий дээр хаана ч байхгүй тийм бэлгийг өөртөө өгөхийг хүсвэл өөртөө итгэх итгэлийг бэлэглээрэй гэж хэлмээр байна. Учир нь таны ухаан, мөнгө, амьдарч байгаа газар г.м. зүйл тэр болгон танд амжилтыг авчрахгүй. Харин та юу бодож, юунд итгэж байгаагаас л таны амжилт шалтгаална. Та юу их бодно түүндээ итгэнэ. Та юунд их итгэнэ түүнийхээ дагуу үйлдэл хийнэ. Хийсэн үйлдлээс үр дүн тэнь тодорхойлогдоно.

    4.  Үйл хий.

    Амьдрал бол тэр чигээрээ хөдөлгөөн. Хэрвээ бид хөдлөхгүй бол хөгжихгүй. Хөдөлж л байвал бид хөгжинө. Харин айдаст автснаар бид нэг газраа зогсонги байна. Тиймээс өнөөдөр , яг одоо бид юу хийж байгаагаас бидний ирээдүй шалтгаална. Тиймээс үйлдлийг ар араас нь хийх хэрэгтэй.

    Амжилт зөвхөн итгэлээс бус харин итгэл дээр тулгуурласан үйлдлээс хамаардаг.

    Өнөөдөр эхлүүлээгүй ажлыг маргааш дуусгана гэж байхгүй учраас өнөөдөр яг одоо айдсаа дарах үйлдэл хийж эхлэх нь зүйтэй.

    5. Алдаа гаргана гэдгээ мэд.

    “Амжилт гэж ялагдлаас ялагдлын хооронд урам зориг, хүсэл тэмүүллээ алдалгүй бүдчин явахыг хэлнэ.”–Winston Churchill

    Амжилтанд хүрэхийн тулд бид алдана, унана бас ялагдана. Ганц удаа биш олон удаа алдана, унана, ялагдана. Огт алдахгүйгээр, огт унаж бэртэхгүйгээр амжилтанд хүрэх боломжгүй.

    Алдснаар бид ялагдагч биш харин ч тэр хэмжээгээрээ хүчтэй ялагч болдог. Тиймээс бүү ай! Өнөөдрөөс эхэлж алдаа гарга, уна, ялагд!

    Санаж яв: Амжилтыг амжилтаас биш алдаанаас эхлүүлнэ.

    Эцэст нь хэлэхэд айдас биднийг зогсоохын тулд биш биднийг илүү хүчтэй болгохын тулд бас бидний хүсэл мөрөөдөл юунаас ч илүү чухал гэдгийг мэдүүлэхийн тулд үүсдэг.

    АМЖИЛТЫН ТАРНИ

    Би амжилтанд хүрэхийн тулд төрсөн учраас юунаас ч айхгүй!

    Танаас асуух миний асуулт: Өнөөдөр айдас таныг ямар амжилт гаргахаас хойш татаж байна вэ? Амжилтаас хойш татаж байгаа тэр айдас тэнь юу вэ? Энэ тухай доор ярилцья сэтгэгдлээ үлдээгээрэй.

     

    ХҮС. ХИЙ. ХҮР.

    ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ

    ©Ука Төмөр



  • Өдрөө хэрхэн үр бүтээлтэй эхлүүлэх вэ?

    Бид ихэвчлэн ашиггүй үр дүнгээ өгөхгүй зүйлүүдэд цагаа зарцуулдаг.

    Та өглөө орноосоо босоо ч үгүй байж удирдлага авч  ТВ асааж байна уу? Утсаа шалгаж байна уу?  Босонгуутаа компьютер асааж, интернэт дээр сууж байна уу? Тийм бол өдрөө үр бүтээлтэй өнгөрөөж чадахгүй байгаагийн нэг шалтгаан байж болно.

    Хүн өдөрт дунджаар 5 цагийг ТВ үзэж өнгөөрөөдөг гэж судалгаагаар гарсан. За бүүр больё, нэг цагийг нь хасаад өдөрт 4 цаг үзлээ гэж бодоход бид амьдралынхаа 13 жилийг зөвхөн ТВ үзэхэд зарцуулж байна гэсэн үг.

    Зарим хүмүүс “би ТВ огт үздэггүй” гэж боддог боловч  ажлаа төлөвлөөгүй, цагаа төлөвлөөгүй, хийх ажлаа цагийн хуваарьтаа оруулаагүй тохиолдолд ямар нэгэн байдлаар, өдөрт багаар бодоход 4 цагийг өөр ашиггүй зүйлд зарцуулдаг. Жишээ нь:  интернет, мэйл, утас, тоглоом гэх мэт. Тиймээс үр бүтээлтэй өнгөрөөхийн тулд өдрөө төлөвлөж, хийх ажлуудаа цагийн хуваарьтаа оруулах хэрэгтэй. Төлөвлөсөн ажлаа төлөвлөсөн ёсоороо хийх эсэх нь өдрөө хэрхэн эхлүүлж байгаагаас их шалтгаалдаг. Тиймээс өнөөдөр өдрөө үр бүтээлтэй эхлүүлэх зөвлөмжийг оруулж байна.

    Өдрөө хэрхэн үр бүтээлтэй эхлүүлэх вэ?

    Өглөө босонгуутаа хэд сайхан суниах, гадаа гарч 10 минут алхах, усанд орох, өдрөө сайхан өнгөрөөх, сэтгэл санаагаа сэргээх амжилтын тарни урих, цоо шинэ өдрийг цоо шинэ бодолтойгоор эхлүүлж байгаадаа талархах, өдрөө үр бүтээлтэй өнгөөрөөж байгаагаар төсөөлж, түүнийгээ мэдрэх, зорилгоо тодорхойлж бичих зэрэг өөрийгөө бүрэн сэргээх үйл хийхээс эхлүүлэх хэрэгтэй.

    Мөн өөрөөсөө доорх асуултыг асууж болно.

    – Өнөөдөр миний сэтгэл юунд хөдөлж байна вэ?

    – Би өнөөдөр сэтгэлээ хөдөлгөхөөр юу хийх вэ?

    – Өнөөдөр би юу юу хийж дуусгах вэ?

    – Саад бэрхшээл тулгарсан ч хамаагүй өнөөдөр би юу юу хийж дуусгасан байх ёстой вэ?

    Магадгүй энэ бүгд танд утгагүй,  мэдээжийн сонсогдож байж мэднэ. Гэхдээ би таныг өдрөө эрч хүчтэй эхлүүлээсэй, өдрөө үр бүтээлтэй өнгөрүүлээсэй гэдэг үүднээс үүнийг бичиж байна. Заримдаа иймэрхүү мэдээжийн зүйлүүдийг хэрэгжүүлж байж, биеэрээ амсаж байж амтанд нь ордог. Өөдрөг сэтгэл, эерэг бодол биднийг аз жаргалтай болгодог. Тиймээс өөрсдийгөө урагш алхуулахын тулд эрч хүч өгөөд байгаа тэр зүйлүүд юу вэ гэдгийг олж мэдэж, түүнийгээ хийх нь чухал.

    Тэгээд “өглөөнийхөө хоолыг өөртөө” гэдэг шиг өглөө сайн хооллож, ус сайн уух хэрэгтэй. Энэ бол өдрөө үр бүтээлтэй өнгөрөөх ЭХЛЭЛ мөн. Ингэж чадвал таны өдөр үр бүтээлээр дүүрэн байх болно.

    Эхлээд өөрийн бие, оюун ухаанд өгөх ёстой хоол, тэжээлийг нь өгч, дараа нь бусад зүйлээ эхлүүлэх нь зүйтэй.


     

    ХҮС. ХИЙ. ХҮР.

    ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ

    ©Ука Төмөр

  • МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих танин мэдэхүйн аялал #3

    МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих танин мэдэхүйн аялал iLoveMongolia төслийн баг, Яруу сэтгэгч нэгдэл хамтран үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зорилготой танин мэдэхүйн цуврал аялалыг зохион байгуулж байна. Аялал нь сэтгүүлчид, сошиал медиа идэвхитэй ашиглагч залуусд нээлттэй бөгөөд үндэсний үйлдвэрээр аялаж, үйл ажиллагаатай нь бүрэн танилцуулж, уулзалт ярилцлагыг зохион байгуулдаг. Монгол хүн бүр монгол хүнээ дэмжиж үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих сэтгэлгээг бид хамтдаа бий болгож чадна. Энэ удаа МИАТ, Гоёо үйлдвэрээр аялалаа.

    https://www.facebook.com/yaruusetgegch
    https://www.facebook.com/ilovemongolia.mn

  • Яруу сэтгэгч нэгдлийн анхдугаар уулзалт

    “Яруу сэтгэлгээний эрин” ТББ болон хүний хөгжлийн байгууллагуудын нэгдсэн сүлжээ “Яруу сэтгэгч” нэгдлийг шинээр зохион байгуулж байгаатай холбогдуулан, Хүний хөгжлийн байгууллагуудын нэгдэл- Үндэсний үйлдвэрлэгч компаниуд- Хэвлэл мэдээлэл- Төрийн байгууллагын 4 талт түншлэлийг бий болгох, хүний хөгжилд чиглэсэн үйл ажиллагаануудаа уялдуулж үндэсний том үйл хэрэг болгох стратегийн хамтын ажиллагааны хүрээнд ЯРУУ СЭТГЭГЧ НЭГДЛИЙН УУЛЗАЛТ боллоо.

    2013 оны 5-р сарын 18-ний өдөр

  • Амжилтанд хүрэх маш энгийн

    “Бид л түвэгтэй болгоод байдгаас биш аж амьдрал бол өөрөө маш энгийн.”- Күнз

    Бодоод байхад бид аливаа зүйлийг маш хэцүү болгодог.

    Амжилтанд хүрэхэд хэцүү, үүнийг хийхэд, түүнийг хийхэд хэцүү гээд л…

    Үнэндээ бол бид өөрөө хийх хэрэгтэй гэж үзэж байгаа, хийхэд амархан, их цаг зав, хүч хөдөлмөр зарцуулах шаардлагагүй зүйлүүдийг хийдэггүй. Тийм ч учраас амьдралыг  хэцүү төвөгтэй болгодог.

    Жишээ нь, Эрүүл холлох, ногоо сайн идэх, ус их уух хэрэгтэй гэдгийг бид бүгдээрээ л мэднэ.  Ногоо идэж, уус уух нь амархан уу? Амархан. Гэтэл бид мэдсээр байж тэр болгон ногоо идэж, ус уудаггүй.

    Дасгал хийх ёстой гэдгийг хүн бүр л мэддэг. Гэвч хийдэг үү? Үгүй! Ихэнх хүмүүс хийдэггүй.

    Яг үүний адил цагтаа ирэх, хэлсэн амандаа хүрэх, өглөө эрт  гучхан хувийн(минут) өмнө босох зэрэг нь хэцүү юу? Үгүй! Амархан! Гэвч бид ихэвчлэн хийдэггүй.

    Тиймээс бид амархан юмнуудыг хийдэггүй учраас амьдралаа хэцүү болгодог.

    Энэ амархан гээд байгаа зүйлүүдийг хийхэд амархан, бас хийхгүй байх ч амархан. Хэн хожих вэ? гэвэл “хийсэн хүн л хожино.”

    Санаж яв: Хийхэд амархан юмыг хийгээгүйгээс болж хэцүү болдог.

    Амжилтанд хүрэх маш амархан. Ердөө л мэддэг чаддаг юмаа хийхээс эхэлнэ. Мэддэг чаддаг юмаа хийж  эхлэх л юм бол та одоо байгаагаасаа илүү амжилттай болно.

    Амьдрал ч гэсэн амархан, хөнгөхөн болно.

    Маш энгийн!

    Хийхэд амархан зүйлийг өдөр бүр, удаан хугацааны турш хийж чадсан тохиолдолд үр дүнд хүрнэ.

    Жишээ нь: Амжилтанд хүрсэн хүмүүс “амжилтын тарнийг” өдөр бүр удаан хугацааны турш амьдралдаа хэрэгжүүлж чадсан учраас амжилтанд хүрсэн байдаг.

    Бид амжилтын тарнийг урих цагийг өдөр бүр өглөө 3 хувь(минут), орой 3 хувь гаргаж чадах уу? Чадна. Амархан уу? Амархан.

    Тэгээд түүнийгээ долоо хоног, 2 долоо хоногийн турш гаргалаа гэж бодоход бид өөрчлөгдөж эхэлнэ, сэтгэл санаа хүртэл өөдрөг, эерэг болж эхэлнэ. Гэвч 2 долоо хоног, 3 долоо хоног хангалттай хугацаа биш, харин бид 2, 3, 5, 10 жил хэрэглэж чадвал үр дүнгээ үзнэ гэсэн үг.

    Зөв хооллолт ч гэсэн мөн адилхан. Хэрвээ бид нэг талхыг нэг луувангаар орлууллаа гэж бодоход нэг сар, 2 сарын дотор үр дүнгээ үзэхгүй. Харин 2, 3, 4.. жил үргэлжлүүлэн орлуулсаар байх юм бол үр дүнгээ үзнэ.

    Хэлсэн амандаа  1, 2 сар хүрээд л больчих юм бол утгагүй. Харин 5, 10 жил хэлсэн амандаа хүрэх юм бол таны хэн бэ? гэдгийг хүмүүс ч мэдэх болно, та ч гэсэн өөрийнхөө хэн бэ? гэдгийг өөрчилж чадна.

    Өдөрт аравхан хувь(минут) дасгал хийх цагийг хүн бүр гаргаж чадна. Амархан уу? Амархан! Харин өдөр бүр 3-4 жилийн турш тууштай гаргаж чадвал бие бялдар, оюун ухаанаа өөрчилж чадна.

    Товчхон хэлэхэд амархан гэх зүйлүүдээ дор нь хийгээд, түүнийгээ өдөр бүр, удаан хугацааны турш, тууштай хийж чадвал амжилтанд хүрнэ.

    Дахин хэлье:

    “Хийхэд амархан гэж үзэж байгаа зүйлүүдээ өдөр бүр, тууштай хийж чадвал амжилтанд хүрнэ.”

    “АМЖИЛТ” бол маш энгийн: Ердөө л мэддэг чаддаг юмаа хийхээс эхэлнэ.

    ХҮС. ХИЙ. ХҮР.

    ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ

    ©Ука Төмөр



  • Амжилтанд хүрэхээс айдаг 4 шалтгаан

    Та амжилтанд хүрэхээс айдаг уу?

    Хэрвээ энэ асуултыг хэн нэгнээс асуувал  “үгүй” гэж хариулах байх. Магадгүй “Амжилтаас айдаг хүн байдаг юм уу?” гэж  гайхаж ч мэднэ.

    Гэвч харамсалтай нь их олон хүн амжилтанд хүрэхээс айдаг.

    Яагаад гэвэл амжилтанд хүрэхээс айдаг 4 шалтгаан бий.

    1. Амжилтанд хүрснээр үүрэг хариуцлага их хэмжээгээр нэмэгдвэл яана аа? -гэдэг айдас. Тодруулбал: Одоо ийм их ажил төрөлтэй байгаа юм чинь амжилтанд хүрчихвэл бүүр их ажилтай болж, үүрэг хариуцлага нэмэгдэнэ гэж боддог.

    Мэдээж амжилтанд хүрэхэд үүрэг хариуцлага нэмэгдэнэ. Тиймээс амжилтанд хүрснээр нэмэгдэх үүрэг хариуцлагуудыг тодорхой жагсааж бич. Хэрэв бичих зүйл огт олдохгүй байвал та дэмий хоосон зүйлд санаагаа зовоож байна гэсэн үг. Энэ бодлоо орхи. Харин хариуцлагууд ар араасаа бичигдэж байвал танд юу гэж хэлмээр байна вэ гэвэл: Aмжилтанд хүрч, үүрэг хариуцлагууд нэмэгдэх үед та аль хэдийн тэр хэмжээгээрээ өсөж, хөгжсөн байх учраас ирэх үүрэг хариуцлагууд одоо айж байгаатай адил хэмжээнд байхгүй байх болно. Та өдрөөс өдөрт өсөн хөгжиж, сайжирч байгаа. Тийм ч учраас амжилтанд хүрч байгаа билээ.

    Тиймээс амжилтанд хүрснээр гарах эерэг өөрчлөлтүүд дээр анхаарлааа төвлөрүүлэх нь зүйтэй.

    2. Амжилтанд хүрснээр бусад хүний хандлага өөрчлөгдвөл яана аа? Найз нөхөд, дотны хүмүүс холдчихвол яана аа? -гэдэг айдас.

    Хэрвээ та үргэлж өөрөөрөө байж, өнгө, дүрсээ өөрчлөөгүй тохиолдолд ийм байдалд орохгүй гэж бодож байна. Найзуудтайгаа сард 2 удаа уулздаг байсан бол уулздагаараа л уулз. Гэр бүл, хайртай хүмүүстэйгээ хагас сайн болгонд хамтдаа кино үздэг байсан бол үздэгээрээ үз. Бусдад тусалдаг байсан бол тусалдгаараа тусал.  Ингэж чадвал энэ айдастай нүүр учрахгүй болов уу гэж бодож байна.

    3. Амжилт хүнийг эвддэг –гэдэг айдас.

    Амжилтанд хүрсэн хүний ааш зан нь эвдэрдэг, их зантай, сэхүүн, дээрэлхүү, харамч, амиа хичээсэн зантай болохоос гадна гэр бүл, хайртай хүмүүстээ тавих анхаарал нь багасдаг гэж боддог.

    Их олон хүмүүс амжилтыг шууд мөнгөтэй холбож боддог. Амжилтруу тэмүүлж байгаа хүнийг мөнгөний араас явж байгаа хүн гэдэг нүдээр ч бас харах нь их. Өөрөөр хэлбэл амжилтын тухай дутуу ойлголттой байдаг.

    Амжилт гэдэг нь зөвхөн баяжих гэсэн үг биш. Тэгэхээр өнөөдөр цаг гаргаж байгаад “таны хувьд амжилт гэж яг юуг хэлээд байна вэ?” гэдгийг өөрийнхөөрөө гаргаад үзээрэй.

    Амжилт гэдэг нь миний хувьд амьдралынхаа бүх л талбарыг сайжруулж хөгжүүлэхийг хэлдэг. Хэрвээ ааш занд нөлөөлдөг, ааш занг  эвддэг гэдэг бодолтой байгаа бол санхүүгийн зорилго гаргахын хажуугаар сэтгэлийн боловсролоо дээшлүүлэх зорилго гаргах хэрэгтэй. Хэрвээ гэр бүл хайртай хүмүүсээсээ хөндийрөх вий гэж айж байгаа бол хайртай хүмүүстэйгээ, найз нөхөдтэйгээ өнгөрөөх цагаа хэрхэн яаж хуваарилах тал дээр бас давхар төлөвлөгөө гаргаж түүн дээрээ анхаарах хэрэгтэй. Хэрвээ харамч бас өгөөмөр биш болчихвол гэж айж байгаа бол бусдад яаж туслах тухай зорилго тавьж болно шүү дээ.

    4. Амжилтанд хүрсний дараа хүмүүс наймайг тийм гоц авьястай биш, тийм мундаг ухаантай биш,  амжилтанд хүрэх хэмжээний хүн биш  гэвэл яана аа? гэж айж байгаа бол -энэ бол зөвхөн таны  бодол, таны өөртөө хэлдэг үгс. Хэрвээ та иймэрхүү үгийг өөртөө хэлж, түүнийгээ сонсоод, дагаад байх юм бол амжилтанд хүрч чадахгүй.

    Амжилтын тухай сөрөг бодлууд амжилтанд хүрэхэд хамгийн том хаалт болдог.

    Дахин сануулж хэлэхэд бидний бодол бодит амьдралыг маань бүтээдэг. Тиймээс энэ сөрөг бодлоо өөрчлөх хэрэгтэй.

     

     

    АМЖИЛТЫН ТАРНИ

    Би амжилттай учраас араасаа амжилтыг дагуулж байна!

    Би өдрөөс өдөрт __________илүү их амжилт гаргаж байна!

    (ажил, сургууль, бизнес юунд амжилт гаргаж байна түүнийгээ хэл)

    Би амжилттай учраас амжилттай яваа хүмүүсээр хүрээлүүлж байна!

     

    Танаас асуух миний асуулт:

    Танд өнөөдөр амжилтын тухай ямар сөрөг бодлууд байна вэ? Хэрвээ та амжилтын тухай сөрөг бодлоо устгаж чадсан бол “Яаж устгасан бэ?” тухайгаа надтай доор хуваалцана уу.

     

    ХҮС.  ХИЙ.  ХҮР.

    ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ

    ©Ука төмөр

  • KAWAI МОНГОЛД ТӨСӨЛ

    Япон улсын KAWAI компани нь төгөлдөр хуурын үйлдвэрлэлээрээ дэлхийд №1-д бичигддэг 88 жилийн түүхтэй компани юм. Компанийн үүсгэн байгуулагч Койчи Кавайн туйлын хүсэл эрмэлзэл нь “Kawai” хэмээх энэхүү нэрийг төгс шинэчлэлт гэсэн үгтэй утга нэг байлгахад оршиж байлаа. Тийм ч учраас үргэлжид шинэ дуугаралт, шинэ технологи, чанартай материалыг эрэлхийлсээр ирсэн. KAWAI компанийн мастерууд “төгс төгөлдөр ур хийцтэй мэргэжлийн төгөлдөр хуурыг бүтээгээд зогсохгүй ирээдүйн төгөлдөр хуурыг бүтээнэ” гэсэн зорилгынхоо дагуу модон материалаас 50 дахин бат бөх ABS болон карбон, Polyacetal зэрэг материалуудыг гарган авч, шилэн төгөлдөр хуур, анхны CD бичлэгийн төхөөрөмжтэй төгөлдөр хуурыг бүтээгээд байна.

    Тус компанийн үйлдвэрлэлийн технологи, материалыг бусад хөгжмийн брэндүүд болон Toyota, Lexus зэрэг автомашин үйлдвэрлэгчид үйлдвэрлэлдээ ашиглаж байгаа нь тэдний бүхний түрүүнд алхдагийн 1 жишээ юм.

    KAWAI төгөлдөр хуур нь дэлхийд нэр хүндтэй теартууд, урлагийн их дээд сургуулиуд, дэлхийн шилдэг төгөлдөр хуурчидын сонголт болж яруу тансаг дуугаралтаараа хүний зүрх сэтгэлийн нандин утсыг хөндөн эгшиглэсээр байна.

    KAWAI брэнд Монгол улсад албан ёсоор нээгдсэнээр манай орны хөгжмийн зах зээлд шинэ уур амьсгалыг бий болгож, нийгмийн гоо зүйн боловсролд томоохон хөрөнгө оруулалт болох юм. Мөн төгөлдөр хуур тоглоочидод мэргэжлийн хөгжмөөр уран бүтээлээ туурвих, Монголын ирээдүй хойч үед дэлхийн шилдэг төгөлдөр хуураар хичээллэх боломжийг нээж байна. Үүний зэрэгцээ 50 жилийн туршлагатай, дэлхий даяар 5700 салбартай KAWAI хөгжмийн сургуулийн салбарыг Монголдоо нээх эхлэлийг тавьж, энэхүү төгөлдөр хуурын сургалтын стандартыг нэвтрүүлснээр хүүхдэд 6 сартайгаас нь эхлэн хөгжмийн боловсрол олгож, дэлхийд өрсөлдөх төгөлдөр хуурчдыг сургаж хөгжүүлэх боломж бүрдэх юм.

    KAWAI брэнд нь 2014 оны 11 дүгээр сарын 07- нд Монгол удсад албан ёсны нээлтээ хийж, KAWAI компанийн ерөнхийлөгч Hirotaka Kawai хүрэлцэн ирж оролцсон билээ.

    Нээлтэнд урилгаар Оросын алдарт төгөлдөр хуурч Элмар Гасанов болон Японы нэрт төгөлдөр хуурч Нанако Курита нар хүрэлцэн ирж 2 тивийн төгөлдөр хуурчид нэг тайзан дээрээс тоглолтоо хүргэсэн юм.

    KAWAI МОНГОЛД by YARU

    Одоогоор KAWAI брэндийн төгөлдөр хуурыг албан ёсоор оруулж ирээд байгаа бөгөөд цаашид KAWAI төгөлдөр хуурийн сургууль болон урлагийн сургуулийн стандартыг Монгол улсад нэвтрүүлэхээр бид зорин ажиллаж байна.

    Монгол дахь албан ёсны төлөөлөгч
    Эгшиглэн төгөлдөр хуурийн сургууль
    https://facebook.com/EgshiglenPianoSchool
    https://www.facebook.com/KAWAIMongolia

  • СЭТГЭЛИЙН ЗУРАГ хандивын үзэсгэлэн (2013 он)

    Зураач В.Ундраа нь Ариунтунгалаг охинд зориулан хандивын үзэсгэлэн зохион байгуулж байна. Таны сэтгэлийн зураг Ариунтунгалагт АМЬДРАЛ БЭЛЭГЛЭНЭ!

    БҮХ БҮТЭЭЛ ИЖИЛ ҮНЭЭР

    Хэзээ: 2013 оны 7-р сарын 9-ны 13:00 цагт
    Хаана: Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музей
    Жич: Ариунтунгалаг охины тухай мэдээлэл http://yaruusetgegch.com/post/806/

    Холбоо барих http://facebook.com/UndraaV


    Хэвлэлийн мэдээ

    Зураач В.Ундраа нь 2005 онд Дүрслэх Урлагийн Дээд Сургуулийг төгсөж уран бүтээлийн гараагаа эхлэсэн цагаас 300 гаруй бүтээл туурвиж, хамтарсан болон бие даасан 10 гаруй үзэсгэлэн зохион байгуулсан байна. Тэрээр хүн бүр хүүхэд үеийнхээ хүсэл мөрөөдлийг орхихгүй, хүүхэд үеийнхээ гэгээн сайхан сэтгэлийг зэврээхгүй байгаасай гэж хүсдэг бөгөөд тэр л орхигдсон, зэвэрсэн сэрэхүй, мэдрэмжүүдийг нь дахин хөглөхийг хичээж уран бүтээлээ туурвидаг байна. Мөн хүмүүнлэгийн олон үйл ажиллагааг дэмжиж ажилладаг бөгөөд энэ удаа эмчийн алдаанаас болж Солонгос улсад хагалгаанд орохоор болоод байгаа Ариунтунгалаг охинд хандив цуглуулах зорилгоор “Сэтгэлийн зураг” үзэсгэлэнгээ зохион байгуулж байна.

    Уг үзэсгэлэнг Зураач В.Ундраа санаачлан, “Яруу сэтгэгч” хүний хөгжлийн нэгдэл, Ариунтунгалаг охины ар гэрийнхэн хамтран зохион байгуулж байна.

    М.Ариунтунгалаг нь 2008 онд олгойн хагалгааг буруу хийсэн эмчийн алдаанаас болж 5 удаа мэс засалд орж, 5 жилийн турш хэвтэрт байна. Одоо Солонгос улсад мэс засалд орохоор олон нийтээс хандив цуглуулахаас гадна эмчийн алдаанаас ирээдүйгээ хохироосон бүх хүүхдүүдийн дуу хоолой болж “Хүүхдүүдийг алдаатай эмчилдэггүй эмч болохыг мөрөөдөж байна” хэмээн өгүүлсэн байдаг.

    Уг үзэсгэлэнд Зураач В.Ундраагийн сүүлийн үеийн 30 бүтээл тавигдах бөгөөд хандивын үзэсгэлэн гэдэг утгаараа бүх бүтээлийг хамгийн доод үнэлгээтэйгээр ижил үнэтэй болгож гаргаж байна. Нэг талаас Ариунтунгалаг охины мөрөөдлийг биелүүлэх, нөгөө талаас уран зурагтай болохыг хүсдэг хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх, зураачийн хувьд уран бүтээлээрээ хүний амьдралыг аврах сэтгэл энэ 3 сэтгэл нийлж байгаа учир “Сэтгэлийн зураг” хэмээн үзэсгэлэнгээ нэрлэсэн.

    Уг үзэсгэлэн нь 2013 оны 7-р сарын 9- 20-ныг дуустал үргэлжилнэ. Цагийн хуваарь нь өдөр бүр 09:00- 18:00 цаг.

    http://facebook.com/UndraaV
    http://twitter.com/UndraaV

    ҮЗЭСГЭЛЭНГИЙН ҮР ДҮН

    Ариунтунгалаг охинд үзэсгэлэнгийн орлого болох 270,000 төгрөг болон Хамаарал-2 (100х100, Oil in canvas) бүтээлээ мөн хандивлалаа. Хандивласан зурагаа ах Билэгсайханд нь гардуулан өглөө. Уг зургийг авч Ариунтунгалаг охинд туслахыг хүсвэл Билэгсайханд хандаарай. https://www.facebook.com/biligsaikhan.sereenen

    Мөн миний 3 бүтээлийн сонгож авсан Мөнхтайвны Ундраадаа маш их баярлалаа. Таны сайн үйлс зуу зуун жил арвижин дэлгэрэх болно оо.

  • Яагаад аз жаргалтай, амжилттай хүмүүс аз жаргалтай, амжилттай байна вэ?

    Яагаад аз жаргалтай амжилттай хүмүүс аз жаргалтай амжилттай байна вэ?  Яагаад гэвэл тэд дуртай юмаа хийж чадаж байгаа учраас аз жаргалтай, амжилттай байдаг билээ.

    Сэтгэлээ сонсож, хүсэл сонирхлоо дагасан хүн цөм баяр хөөрөөр дүүрэн байж, явж, ярьж, хийж байгаа үйл бүхэн нь өөдрөг, хийморилог, өөртөө итгэлтэй, галт цогтой байдаг бөгөөд ийм хүний дэргэд очиход л өөрийн эрхгүй сэргэмээр эрч хүчтэй эерэг энергитэй болдог.  Харин дуртай юмаа хийж чадахгүй байгаа хүмүүс цаанаа л гунигтай байдаг.

    Амжилтанд хүрэхийн тулд  аж амьдралаа 100 хувь хариуцаж, гартаа бүрэн авахаар зориглон шийдэж, өөрийгөө танин мэдэж, хүссэн дурласан юмаа олж авах маш чухал бөгөөд нэгэнт олоод авчихсан тохиолдолд цаг алдалгүй ямар нэгэн аргаар шууд хэрэгжүүлж эхлэх  бүр ч чухал юм. Юунд дуртайгаа мэдэж байгаа бол яг одооноос цаг заваа зориулж хэрэгжүүлж эхлэх нь зүйтэй.

    Дуртай юмаа хийж байгаа тохиолдолд ядарч туйлдахыг ч, гутарч гуниглахыг ч хүртэл анзаарахгүй.

    Дуртай ажлаа хийж байгаа эсэхээ яаж мэдэх вэ?

    1. Хэрвээ бүтэн сайн өдрийн орой танд 5 дахь өдрийн орой шиг ижил мэдрэмж төрөхгүй байгаа бол та дуртай ажлаа хийгээгүй байна гэж бодох хэрэгтэй.
    2. Хэрвээ та ажлаа хийж байхдаа үдийн завсарлага, ажил тарах цаг, мөн 5 дахь өдрийг тэсэн ядан хүлээдэг бол мөн ялгаагүй дуртай ажлаа хийгээгүй байна гэсэн үг. Ажилдаа дургүй хүмүүс ажлаасаа хоцрох, ажлаасаа эрт тарах, худлаа чөлөө авах зэрэг үзэгдлүүдийг их хэмжээгээр гаргадаг.
    3. Хэрвээ та гэв гэнэт их хэмжээний мөнгөтэй боллоо гэж бодоход яг одоо хийж байгаа ажлаа үргэлжлүүлэн хийх үү? Үгүй бол та буруу ажил дээрээ байна гэж бодох хэрэгтэй.

    Ажилдаа дуртай хүн үдийн завсарлагаанаас өмнө, ажил тарахаас өмнө, амралтын өдөр болохоос өмнө аль болох их зүйлийг амжуулахыг хүсдэг. Мөн шинэ ажлын өдөр болох Даваа гарагийг сэтгэл догдлон угтан авдаг. Их хэмжээний мөнгөтэй болсон ч гэсэн хийж байгаагаа улам ихээр хөгжүүлж, түүндээ хөрөнгө оруулах хүсэлтэй байдаг.

    Таны амьдрал их үнэ цэнтэй учраас цаг хувь бүрт аль болохоор өөрийн сонирхдог, өөрийгөө баяр баясгалантай болгох зүйлүүдийг хийх хэрэгтэй.

    Сонирхсон талбар дээрээ дуртай юмаа хийснээр амьдрал алба шиг санагдахаан больж, харин ч ажил хамгийн дуртай мөнгөний хобби болдог. Яагаад гэвэл дуртай юмаа хийгээд тууштай явсан хүний араас мөнгө дагадаг.

    Хүсэл сонирхлынхоо дагуу олж авсан ажил мэргэжилдээ бүхий л  сэтгэл санаа, авьяас чадвараа зориулж, ингэж зүтгэснийхээ эцэст их амжилтанд хүрэх бол хүн болж төрсний нэгэн баяр баясгалан юм.

     

    Харин яг одоо би танаас, энэхүү асуултыг асуумаар байна? Та өнөөдөр дуртай ажлаа хийж байна уу? Энэ тухай доор ярилцья. Сэтгэгдлээ үлдээгээрэй!

     

    ХҮС ХИЙ ХҮР

    ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ

    ©Ука Төмөр

  • Амжилтанд хүргэх дадал

    “Эрүүл мэнд бол агуу баялаг юм.”-Virgil

    Бидэнд байгаа цорын ганц зүйл бол бидний бие махбодь. Тиймээс  энэ биеэ маш сайн тордон, авч явах хэрэгтэй.

    Оюун ухаан маань хаана хүрэхийг хүснэ бие махбодь маань тэнд аваачиж чадах тэр хэмжээний эрч хүчтэй, эрүүл чийрэг, бат бөх байх ёстой. Үгүй бол оюун ухаан хүсээд л байдаг бие дийлэхгүй бол маш харамсалтай билээ.

    Тиймээс одооноос эхлэж биеийн тамираар хичээллэх нь зүйтэй. Бидний амьдралд зайлшгүй байх дадлуудын нэг бол биеийн тамир.

    Өөртөө үнэхээр хайртай хүн л биеийн тамираар хичээллэдэг.

    Биеийн тамирын аль ч дасгалуудыг хийж болно. Өөрийнхөө хийж чадах дасгалаа л хий. Хэрвээ гүйхэд үе мөч өвддөг бол сэлэх, сэлж чадахгүй бол дугуй унах, эсвэл аэробикийн дасгалууд  хий. Дасгал хийх хүсэлгүй байгаа бол тоглоом тогло. Жишээ нь: Сагс, хөл бөмбөг, волейбол, теннис тогло. Мөн бүжиглэж ч болно шүү дээ. Тоглох дургүй бол дэлгүүр орохдоо алхах, цахилгаан шатны оронд зүгээр шатаар өгсөх г.м.

    Яагаад гэвэл энэ биеээ эрч хүчтэй, сэргэг байлгаж, зорилгодоо хүрэхийн тулд ямар нэгэн хэмжээгээр заавал хөдөлж байх хэрэгтэй.

    Нийт дасгалуудыг ерөнхийд нь 3 ангилж болох юм.

    1. Хүч тамир нэмэх дасгал – штанг, туухай өргөх, бөх барилдах гэх мэт хүчний дасгалууд

    2. Уян налархай болгох дасгал- сунгалт, амьсгалын болон йогийн дасгалууд гэх мэт

    3. Тэсвэр тэвчээр, хурд шалгах дасгал – гүйх, дугуй унах, усанд сэлэх, алхах гэх мэт  аэробик дасгалууд

    Үр дүнгээ хурдан үзэхийн тулд долоо хоногт 3 удаа 20-30 хувь тасралтгүй хийх хэрэгтэй. Учир нь: 20-оос дээш хичээллэсэн хувь  тутамд

    1. Биедээ хуримтлагдсан илүүдэл илчлэгийг шатаадаг

    2. Хүний тархинаас эндорфин буюу аз жаргал, баяр баясгалангийн даавар гардаг. Энэ нь байгалиас заяасан шидэт даавар бөгөөд биеийн тамираар хичээллэж, дасгал хөдөлгөөн хийхийн сайхныг нэг удаа мэдэрсэн хүн дахин биеийн тамир, дасгал хөдөлгөөн хиймээр болдгийг тайлбарлаж байгаа юм.

    Хэрвээ та өнөөдөр амжилтаа яг юунаас, хаанаас  эхлүүлэхээ мэдэхгүй байвал биеийн тамир спортоор хичээллэхийг санал болгож байна.

    ХҮС. ХИЙ. ХҮР.

    УКА ТӨМӨР