Category: media-content

  • Яаж хүүхэддээ багаас нь талархах дадлыг эзэмшүүлэх вэ?

    Аливаа зүйлийг талархалын нүдээр харж сурна гэдэг маш чухал. Tалархал илэрхийлдэг хүн амьдралдаа баярлаж талархах сайн сайхан юмыг үргэлж бий болгож байдаг.

    Тийм ч учраас би хүүдээ багаас нь талархах дадлыг эзэмшүүлье гэж шийдсэн. Талархах дадлыг эзэмшүүлэх нь миний хүүдээ өгөх хамгийн том бэлгүүдийн нэг болох юм байна гэж бодсон.

    Талархах дадал эзэмшснээр хүүхэд том болоод өөрийнхөө амьдралд сэтгэл хангалуун, аз жаргалтай амьдрана.

    Тиймээс доорх бичлэгээс би яаж хүүдээ таларахах дадлыг эзэмшүүлсэн бэ? Мөн талархах дадлыг эзэмшүүлэх явцад би юу юу мэдэж авсан бэ? Юун дээр анхаарах вэ? зэргийг ярьсан байгаа.

    Яаж хүүхэддээ багаас нь талархах дадлыг эзэмшүүлэх вэ?

     

    ХҮС. ХИЙ. ХҮР.

    ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ

    ©Ука Төмөр

  • Монгол улсын хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчидийг дэмжих төсөл хэрэгжиж эхэллээ

     

    2013 оны 10-р сарын 30-ны өдөр “Монгол улсын хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих” төслийн уулзалт, семинар амжилттай боллоо. Энэ семинарыг “Эвэридэй ферм” ХХК санаачлан зохион  байгуулсан бөгөөд уулзалтанд төслийн удирдагч Козай сан, “Эвэридэй ферм” ХХК-ын менежер Б.Зоригт, судалгааны ажилтан Яманэ сан, JICA Монгол дах төлөөлөгчийн газрын ахлах мэргэжилтэн Такэцүрү Эйко, Бридж группын ТУЗ-ын дарга Л.Даваажаргал, ШУТИС-ын ХИБС-ын багш Сэржмядаг нар болон төслийг дэмжин ажиллах байгууллагуудын төлөөллүүд  оролцсон юм. Семинарыг “Эвэридэй ферм” ХХК-ын захирал Д.Алтанцэцэг нээн үг хэлсэн. Тэрээр: манай байгууллага хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчидийн ашиг орлогыг нэмэгдүүлж дэмжлэг үзүүлэх зорилготойгоор ажилладаг. Өнөөдөр энэ зорилгынхоо хүрээнд ажиллах хүсэл эрмэлзэл, ур чадвартай хэдий ч ядуурлаас гарч чадахгүй байгаа иргэдээ дэмжихээр “Монгол улсын хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих” төслөө хэрэгжүүлж эхлээд байна. Бид энэ төслөө Япон улсын мэргэжилтнүүдтэй хамтран хийж байна. Өнө эртнээс хамтын ажиллагаатай байсаар ирсэн Япон улсын мэргэжилтнүүдтэй дахин хамтран ажиллах болсондоо баяртай байна. Төсөл амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

    Энэхүү төслийг  Япон улсын Жайка, Фермдо  байгууллагууд хамтран хэрэгжүүлэх юм байна. Жайка Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын мэргэжилтэн Такэцүрү Эйко хувийн хэвшлийн хөгжилд чиглэсэн дэмжлэгээ танилцуулсан бөгөөд ВОР (Base of the pyramid) төсөл амжилттай хэрэгжсэн жишээг ч дурдсан юм. Төслийн хүрээнд  олон  Монголчуудыг ажилтай, орлогтой болгохын зэрэгцээ  эрүүл аюулгүй бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэх боломжтой ажээ.  Уригдсан зочид 61-ын гармын тариалангийн талбайгаар явж ажлын явцтай танилцсан. Төслийн багийнхан 20 га талбайд уринш бэлтгэж, 3.3га- д чацаргана, үхрийн нүд  суулган, 10 хүлэмж байгуулан нэг хүлэмжиндээ амтат жимс гүзээлзгэний 4000 үрсэлгээ суулгаж 6000 гаруй төл бойжуулж авсан байна. 4 сарын дотор хийсэн эдгээр ажлуудыг богино хугацаанд ихийг амжуулжээ хэмээн уригдсан зочид ихэд үнэлж байлаа. Мөн төслийн багийнхан гүзээлзгэнэ хариуцсан мэргэжилтэн, ногоо хариуцсан мэргэжилтэн нар гүзээлзгэнэ тарих нь маш нарийн ажил бөгөөд их хөрөнгө, хүч шаарддагыг онцлон хэлж байсан  бөгөөд Японы мэргэжилтнүүдээс их зүйлийг сурч авлаа хэмээн хэлсэн юм. Ядуурлыг бууруулах зорилготойгоор ийнхүү хэрэгжиж эхэлсэн уг төсөл амжилттай хэрэгжсэнээр эх орны өнцөг булан бүрт суугаа иргэдийг эрүүл, амт чанартай, органик бүтээгдэхүүнээр хангах бүрэн боломжтойг төслийн мэргэжилтнүүд дурдаж байсан. Сонгинохайрхан, Налайх дүүрэгт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн энэ төсөлд ажиллах чин хүсэлтэй иргэдийг хамруулах юм байна. Мөн эх орондоо амтат гүзээлзгэнэ болон нарийн ногоог тарьж ургуулах хүсэл эрмэлзэлтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ч хамруулна гэдгээ мэргэжилтнүүд дурдаж байсан юм. Харин үнэхээр ажиллах хүсэл сонирхолтой иргэдийг хамруулах үүднээс ШУТИС-тай хамтран судалгаа хийж 2 үе шаттайгаар сонгон шалгаруулалтыг зохион байгуулснаар 2014 оны 4 сараас шалгарсан иргэдээ дадлага хийлгэх юм байна. Ийнхүү судалгаан дээр үндэслэн ажиллах иргэдээ сонгон шалгаруулж байгаа нь авууштай сайхан арга байна хэмээн иргэд сэтгэл хангалуун байлаа.


     


  • Монголын ирээдүй

    2010 оны 10 сарын 20-нд “Хүүхэд бүрийн төлөө” бүлгийхэнтэй хамт “Нийслэлийн хүүхдийн сургалт хүмүүжлийн тусгай төв”-д очлоо. Асрах газар хүмүүжидэг хүүхдүүдийн талаар сайн мэддэггүй очсон боловч хүүхдүүдийг хөдөлмөрт дурлуулж, авъяасыг нь нээн илрүүлж, өөрийн гараар хийж чадах бүхнийг хийлгэж бүтээлгэж байгааг нь хараад бас их баярлалаа. Хүүхдүүдийн авъяас чадварыг нээж, хийж бүтээх бололцоог олгож, өөрөө өөрийнхөө амьдралыг аваад явчих хэмжээнд хүүхдүүдийг хөгжүүлж байгаа энэ байгууллагаар бахархахгүй байхын аргагүй.
    Бас хүүхдүүд нь хадгаламжийн дэвтэртэй, өөрсдийнх нь бүтээгээд борлогдсон бүтээлийнх нь мөнгийг хадгаламжийн дэвтэр нь хийж өгдөг гэсэн.
    Энэ төвд авъяастай хүүхдүүд олон байсан бөгөөд өөрийн сурч мэдсэн зүйлээс хүүхдүүдтэй хуваалцана гэж бодож байгаа. Тэдгээр хүүхдүүдийн авъяасыг нь жаахан хөгжүүлэхэд л чадварлаг уран бүтээлчид болно гэдэгт итгэлтэй байна.
    Саяхан өөртөө байсан 10 гаруй зургийн жаазуудаа хүүхдүүд бүтээлээ жаазлаг гэж бодоод аваачиж өгөхөд багш нар болон хүүхдүүд маш их баяртай байсан.
    Хэдийгээр гэр бүлийн халуун дулаан уур амьсгалд өсөж торьниж чадаагүй ч гэсэн бидний хүүхдүүдтэй мөр зэрэгцэн амьдрах, эх орноо жолоодон авч явах ирээдүй болсон хүүхдүүд энд өсөж торьниж байна. Монголын ирээдүй гэрэл гэгээтэй байх болно оо.

    Энэхүү сайн дурын ажлын талаар Ц.Шийрэвийн бичсэн мэдээг мөн орууллаа.

    Залуусын онлайн нэгдэл Бизнетворк сайтын “Хүүхэд бүрийн төлөө хамтдаа” бүлгээс 10-р сарын 20-ны өдөр “Нийслэлийн хүүхдийн сургалт хүмүүжлийн тусгай төв”-ийн дүү нартаа туслах арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Энэ өдөр залуус өөрсдийн цуглуулсан хувцас, ном зэргийг хүүхдүүдэд хүлээлгэн өгсний зэрэгцээ 1-р ангид элсэн орсон боловч мөнгө төгрөгний бололцоогүйгээс дүрэмт хувцсаа авч чадахгүй байсан дүү нартаа мөнгөн тусламж үзүүллээ. Бидэнтэй цуг явсан “Mindfreedom” гадаад хэлний сургалтын төвийн гүйцэтгэх захирал Б.Халиун, 2 өнчин дүүтэйгээ тус төвд хүмүүждэг Улаанбаатар дээд сургуулийн оюутан Цэрэнд англи хэлний эрчимжүүлсэн курст суралцах эрхийн бичиг гардуулан өглөө. Мөн New Century Art Association байгууллагын гишүүн зураач В.Ундраа хүүхдүүдийн зургийн мэдлэгийг сайжруулахад туслахаар боллоо. “Тэрхийн орой” компанийн дэргэдэх “Ногоон тусламж” ТББ Жигд, Хайлаас, Долоогоно модны 900 ширхэг суулгац хандивласаныг хүүхдүүд төвийн гадаах талбайдаа тарьж сайтар арчилж тордохоо илэрхийлж байв. МАКомпани энэ удаа өөрийн тохилог автобусаар үйлчилсэнд баярлалаа.
    Тус төвийн захирал Нарандэлгэр хүүхдүүдийн төлөө өөрийгөө бүрэн зориулсан дайчин хүн гэдэг нь үйл ажиллагаатай танилцаж байх явцад анзаарагдаж байлаа.
    Төв дээр 4 төрлийн дугуйлан хичээллэдэг бөгөөд та бүхэн хүсвэл хүүхдүүдийн тарьсан тасалгааны цэцэг, уран зураг, шүрэн эдлэл, бэлэг дурсгалын зүйлсээс худалдан авч тус төвд хөрөнгө оруулалт хийх боломжтой юм байна лээ. Энд ирсэн хүмүүс төвийн хүүхдүүдийн хөдөлмөрч байдлыг нүдээр үзэж дахин ирэх сэтгэл өвөртлөн сэтгэл хангалуун буцацгаалаа.
    Та бүхэн бүлгийн талаархи тодорхой мэдээллийг www.biznetwork.mn/networks/1015 сайтаас болон 91174000 утаснаас лавлах боломжтой.

    Хүүхдийн төлөө за гэж хэлцгээе

  • Миний аав Самбуугийн Вандангийн уран бүтээлүүд (Artist Vandan Sambuu)

    Миний аав Самбуугийн Вандан нь Баянхонгор аймгийн Заг суманд Самбуугийн отгон хүү болж төрсөн. Аав минь урлагийн сургуульд сураагүй хэдийч чулуун сийлбэр, модон сийлбэр, хайчилбар, уран зураг, монгол зураг, хар зураг, хөрөг зураг гэх зэрэг урлагийн олон төрлийг бие даан судалж уран бүтээлээ туурвиж байсан. 30 гаруй насандаа зургийн сургуульд орох гэсэн боловч нас нь хөгшин байна гээд сургууль нь оруулаагүй гэдэг. Миний аав ажилсаг, юм бүхэнд авъяаслаг, олон төрлийн бүтээлүүдийг байнга цуглуулж судалдаг, юмыг амархан сурдаг хүн байсан. Миний аав байгалиас заяасан урлагийн хүн байсан хэдий ч аав минь хүссэн зүйлээрээ эцэст нь хүртэл явж чадаагүйд би жаахан харамсдаг. Тухайн үед нь туслаж дэмжих, хамтрах хүмүүс ховор, хийж бүтээх нөхцөл бололцоо нь бүрдээгүй юм болов уу гэж боддог юм. Ер нь бол Румын хотод Цаасны технологийн чиглэлээр мэргэжил эзэмшиж, дэлхийн олон орноор аялж эх орондоо олон шинэ санааг нэвтрүүлэхийг зорьж байсан хүн. Жишээ нь, Монголд ариун цэврийн цаас болон лааны анхны үйлдвэрийг оруулж ирж байсан.

    Аав минь хамгийн сүүлд надтай уулзахдаа, “Аав нь хүний төлөө төрсөн хүн. Олон зүйлээ хүмүүст зориулж өгсөн. Тиймдээ ч амьдрал минь сайхан байна. Миний охин ч бас олон хүмүүст аз жаргал бэлэглэх сайн зураач болж чадна шүү” гэж хэлж байсан. Би ааваараа үргэлж бахархаж, хийж бүтээсэнээс нь суралцаж, урам зориг авч урагшилж явдаг. Аавынхаа гэгээн дурсгалд зориулж шүүгээнийх нь мухарт үлдсэн цөөхөн бүтээлээс нь энд оруулахаар шийдлээ.

  • Дүрслэх урлаг гэж юу вэ? [What is fine art?]

    “Зураг зурж сурахад гурван зүйлийн зам буй.
    Тэргүүнд: Өөрийн сэтгэлээс төөрөгдөж зурах
    Хоёрт: Багшийг даган ёсоор зурах
    Гуравт: Бодитойг барин адил зурах
    Энэ гурваас эрхэм нь санаанаасаа төөрөгдөж зурах нь эрхэм болой” В.Инжиннааш

    “Хүсэлтэй сонин утга уянга хэмээгч
    Хөх үүл салхинаа хөврөх мэт
    Хүмүүний сэтгэлийг хөдөлгөж эс чадваас
    Хөнгөн бийрийг хөшиж юун хиймүй” В.Инжиннааш

    “Бичих туурвих хүмүүний жаргалан гэвээс бийр бэхсийн үлдээх мөр бөлгөө” Дандам аграмба

    Нүүрнээ үзэгдэх гадны өнгө төрх хавар цагийн зэрэглээ мэт хуурамч гэлээ ч орчлонт ертөнцийн мөн чанар нуугдан, эрдэнэт хүмүүний ухааран бодохуй аясаар алгуур уудлагдан, улам бүр мэдрэгдэж зон олны сэтгэл зүрхэнд хүргэх учир нэгэн буй”
    (Эртний монгол сургаалиас)
     
    “Уран зураач хүмүүн ямагт байгальтай маргалдаж өрсөлдөж байдаг” Леонарда Да Винчи

    Уран зураачидад хандаж хэлэхэд хэн ч хэзээ ч бусдын онцлог маягийг дууриаж болохгүй. Байгалийн үзэгдэл юмсууд гайхамшигтай учир түүнээс сурсан мастерыг дууриасанаас байгалиас суралцсан нь дээр” Леонарда Да Винчи

    “Туурвиж үлдээх бүтээл минь өв залгах үр хүүхэд минь буюу” Микеланджелло

    “Нэг сайхан эмэгтэйг зурахын тулд зуун сайхан бүсгүйг харах хэрэгтэй” Рафаэль

    “Гагцхүү дотоод сэтгэлийн үнэн илэрсэн газар л урлаг төрнө” О.Роден

    “Байгалийн бүх юмс бөөрөнхий, шовх, гонзгой хэлбэртэй байдаг. Чухамхүү энэ энгийн хэлбэрүүдийг зурж сурах хэрэгтэй. Хэрэв та нар эдгээр хэлбэрийг зурж чаддаг болвол юу хүссэнээ сурж чаддаг болно” Сезанн

    “Орчин үеийн урлаг нь бидэнд орчин үеийн бөгөөд бидний өөрсний маань буй болгосон бидний юу чаддагийг илэрхийлсэн, бидний амьдралыг харуулсан хэлбэрийг бэлэглэж өгөх ёстой юм” Отто Вагнер

    “Өнгө хэлбэр нэг нэгнийгээ хөнөж нэг нэгнийгээ илэрхийлж чаддаг салшгүй холбоотой бөгөөд хэлбэр өөрчлөгдвөл өнгө өөрчлөгдөж өнгө хувирвал хэлбэр дагаж хувирч байдаг юм” Петров Водкин

    Арга ажиллагаа бол зураач хүний хэл нь юм. Иймээс техникээ цуцалтгүй сайжруулж төгс төгөлдөр болгогтун. Та нар ингэхгүйгээр өөрсдийн мөрөөдөл, бодол, үзсэн харсан сайхан зүйлийг бусдад илэрхийлэн гаргаж хэзээ ч чадахгүй” П.П.Чистяков

    “Өнөөдөр урлагт гэрэл зурагч шиг буулгагч хэрэггүй гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой. Үнэн амьдрал бодит байдаль нь урлагийн амин гол зүйл. Гэхдээ бодит байдлын гаднах дүр төрхийг хуулбарлах биш мөн чанарыг гагцхүү тэдгээрийг хувиран өөрчлөгдөх шинэ хэлбэрээр нь илэрхийлэх ёстой” Теннеси Уильямс

    Орчин үеийн уран зургийн тухай ярих бүрдээ чухам яагаад “эрэл” хэмээх үгийг тодотгох болсныг би ер ойлгодоггүй. Минийхээр бол уран зурагт эрэл гэдэг ямар ч ач холбогдолгүй юм. Ганц олз л хэрэгтэй. Би бээр зургаа зурахдаа юу эрж байгаагаа бус юу олсоноо л үзүүлэхийг хүсдэг. Папло Пикассо

    “Урлаггүйгээр амьдрагч бол хагас зэрэмдэг нэгэн” Ж.Лувсандорж

    Зураач болохыг хүсэгч бүхэнд зориулсан 10 сургамж:

    1.    Зураач хүн ядуу байснаас баян байх нь дээр бийрний чинь үзүүр хүрсэн газраас алт эрдэнэсийн чулуу буй болдог болтол нь зурж сур.
    2.    Чи хэзээ ч төгс төгөлдөрт үл хүрэх учир төгс төгөлдөрөөс бүү ай.
    3.    Хамгийн түрүүнд эртний зураачид шиг бичиж зурж сур. Дараа нь чи зураараа дургисан ч бүгд чамайг хүндлэх болно.
    4.    Нүд, гар тэр дундаа толгойгоо бүү гээ. Хэрэв чи зураач болох гэж байгаа бол тэд чамд хэрэг болно.
    5.    Хэрэв орчин үеийн урлаг Вермер, Рафаэлийн зургаас илүү гарсан хэмээн үзэгсэд шиг үздэг бол энэ номыг бүү ав. Эргүү тэнэгийнхээ ертөнцрүү бүү оч.
    6.    Уран зургийг бүү басамжил. Эс чингвээс үхсэн хойно чинь уран зураг чамайг басамжлах болно.
    7.    Залхуурлаас суут бүтээл үл төрнө.
    8.    Зураач аа! зур!
    9.    Зураач хүн архи бүү уу, бүхий л амьдралынхаа турш тамхи бүү тат.
    10.    Хэрэв уран зураг чамд дурлахгүй л юм бол түүнд дурлах бүхий л дурлал чинь үр дүнгүй.
    С.Дали “Ид шидийн 50 нууц” номноос

  • Монголын бүсгүйчүүд гоо сайхнаа бүү хорлоосой

    Бүсгүйчүүдээ өөрийгөө хайрлаж яваасай гэсэн үүднээс нэг жижигхээн таталбар татсан юм. Жаахан охидууд хүртэл тамхи татаж байгаад маш их эмзэглэдэг. Тамхи татаж байгаадаа өөрийгөө гоё харагдаж байгаа даа, би сак бүсгүй шиг харагдаж байгаа даа гэж боддог бол та үнэндээ ой гутам муухай харагдаж байдаг. Монголын гоо бүсгүйчүүдийн гарын салаанд янжуур бүү байгаасай. Та нар минь дэлхийн хамгийн гоо сайхан шүү дээ. Гоо сайхан ертөнцийг аварна.

  • Уран зураг болон зургийн хэрэгсэлийн дэлгүүрүүд

    Уран зураг сонирхогч эрхэм танд уран зураг болон зургийн хэрэгсэл худалдаалдаг дэлгүүрүүдийн талаарх мэдээллийг мөн хүргэж байна.

    1. Урт цагааны урд талд “Үхэр тэрэг” зургийн дэлгүүр.
    2. Их дэлгүүрийн хажууд “Гандирс” төвийн баруун талд, Уран зургийн хэрэгсэлийн дэлгүүр
    3. СУИС-ийн өөдөөс харсан Чингэлтэй дүүргийн эмнэлгийн хажууд “Маrrise” уран зургийн хэрэгсэлийн дэлгүүр.
    4. Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимийн нэг давхарт “Энакурэ” жааз, уран зургийн хэрэгсэлийн дэлгүүр.
    5. Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимийн 2 давхарт Art house уран зургийн хэрэгсэлийн дэлгүүр.
    6. www.bizmarket.mn дахь Уран зургийн онлайн дэлгүүр
    7. “Мишээл экспо” төвд байрлах Artgallery, Утас: 99240550

  • Хүүхдүүд болон иргэдэд урлаг, уран зургийн мэдлэг боловсрол олгодог байгууллагууд

    Уран зураг хүнийг мэдрэмжтэй болгож өгдөг. Зураач биш ч гэсэн зургийг үздэг, мэдэрдэг, сэтгэлийн таашаал авдаг байгаасай. Амьдралын гоё сайхан мэдрэмжийг зургаас авдаг байгаасай гэж боддог. Магадгүй та болон таны хүүхэд уран зураг сонирхдог бол өөрийнхөө авъяас чадварыг хөгжүүлж эсвэл чөлөөт цагаа ухаалагаар өнгөрөөхийг хүсдэг эрхэм танд хэрэг болох болов уу гээд Улаанбаатар хот дахь өөрийн мэдэх дугуйлан, сургуулийн мэдээллийг орууллаа. Та ч бас нэмж бичиж болно шүү.

    Ceramic Art Studio
    https://www.facebook.com/ceramicstudio 

    Цаасан урлал
    https://www.facebook.com/TsaasanUrlal 

    “Сант асар” дахь уран Зургийн дугуйлан
    Чиглэл: Бүх насныханд зориулсан 
    Багш: Мөнхцэцэг 
    Утас: 99122103

    100 айл дахь зураачдын урлан
    Чиглэл: Бүх насныханд зориулсан
    Багш: Содоо /профессор/
    Утас: 99954044

    Төмөр замын 6-р сургуулийн Зургийн дугуйлан
    Чиглэл: Сонирхсон хүүхэд бүрт
    Багш: Сонинбаяр
    Утас: 99249200

    “Art cour” дахь Зургийн дугуйлан байдаг. 
    Чиглэл: Бүх насныханд зориулсан 
    Багш: Жааханхүү
    Утас: 99144121
    https://www.facebook.com/ArtiCourArtGallery 

    Хүүхдийн урлан бүтээх төвийн Зургийн дугуйлан
    Чиглэл: Хүүхдүүд
    Утас: 325703

    Монголын хүүхдийн ордоны Зургийн дугуйлан 
    Багш: Батбаяр
    Утас: 318274, 324603

    Уран зургийн тусгай сургалттай 86-р сургууль
    Утас: 683419

    Анима уран зургийн дунд сургууль
    Хаяг:
    Улаанбаатар хот Гандангийн дэнж, Туулын 2 дугаар гудамж, 2 тоот  (“Их хүрээ” зурхайн дацантай гудамж)
    Анима сургууль нь 2- р байр. Хаяг: Баянзүрх дүүрэг, Кино Үйлдвэр, Жуковын гудамж, 55-А, кино үйлдвэрийн автобусны буудлын хажууд Гэгээн Тройцкий сүмийн хашаа, 2 давхар цагаан байр. https://www.facebook.com/AnimaArtDesignSchoolAnimaDuDus

     

  • Хар зураг гэж юу вэ?

    Харьцаа:

    Юмсын хэсгүүдийг ерөнхий хэмжээнд нь буюу нэг юмыг нөгөөд нь жишиж үзэхийг харьцаа гэнэ. Хүүхэд ба том хүнийг зураг дээр нүүр хувцсаар нь бус харьцаа хэмжээгээр нь шууд таньж болно. Бид хүрээлэн байгаа юмсыг харьцаагаар нь ялгаж танина. Дүрс харьцаа байгуулалт нь тэр юмын зориулалтаас хамаарна. Юмсын хэлбэрийн гоё сайхан гэдэг нь түүний хэсэг тус бүр нь хоорондоо зөв харьцаатай хийсэн буюу зохицсонд оршино. Биет зүйлээс харах буюу сэдэвт зураг, чимэглэлийн зургийн алинд ч дүрслэгдэх юмсын харьцааг зөв гарган дүрслэх нь чухал. Юмсын ерөнхий хэлбэр ба түүний хэсгүүдийн харьцааг дүрслэн гаргах тухай Ерөнхий харьцаа хэлбэр нь юмсын өндөр,өргөн, зузаанаас хамаарна. Юмсыг биет байдлаас хараад буюу санаагаар мөн төсөөллийн алинаар нь ч зурахдаа тэдгээр юмын харьцааг зөв дүрслэх нь чухал. Юм тус бүрийн хэлбэрийн онцлогуудыг зураг дээр зөв гаргах хэрэгтэй. 

     

    Зурах арга:

    Зурах юмаа харааны талбайд багтаасны дараа: 1) Түүний өндрийгөргөнтэй нь харьцуулан аль нь илүү байгааг тодорхойлно. 2)Өндөр нь өргөнөөсөө хичнээн илүү буюу өргөн нь өндрийн хэмжээнд хичнээн дахин багтаж байгааг тодорхойлно. Үүний тулд юмыг харангуут өргөн нь өндөртөө хэд дахин багтаж байгааг санаандаа баримжаалан үзнэ. Зурж буй юмынхаа харьцааг тодорхойлоод цаасан дээр тэмдэглэнэ. 3) Юмын бүрэлдэхүүн хэсгийг зөв гаргахын тулд тэдгээрийг ерөнхий дүрс хэлбэрт нь хамааруулан өөр хооронд нь харьцуулан дүрсэлж гаргана. Хэсэг бүхнийг ерөнхий дүрс хэлбэрийн адилаар өндөр ба өргөнийг нь харцуулан гаргана. Юмын харьцааг хэрхэн харагдаж буй байдлаар нь зураг дээр гаргах хэрэгтэй. Юмсын харьцааг зөв зурж буйгаа шалгахын тулд өөрийн сууж буй байрнаас харандаагаараа хэмжиж болно. Биет юмнаас хараад буюу сэдэвт зургаар, мөн ажиглалт, төсөөллийн аль нэгээр хэд хэдэн юмыг өөр хооронд нь харьцуулах нь Байгалийн хэсгийн болон түүнд байгаа юмсын харьцааг зөв гаргавал энэ бүхэн нь үнэмшмээр болно. Хүн, амьтан ба юмсын цаана наана байгаа буюу зэрэгцэн байгаа өөр хоорондын болон, юмс тус бүрийн харьцааг зөв гаргаж чадсанаар аятайхан харагдана. Байгалийн өнгө, гэрэл, алслалт, юм тус бүрийн онцгой шинжийг гаргаж чадсан тохиолдолд бодит үнэн байдалтай болно. Хэд хэдэн юмыг хамтатган зурахдаа юмс тус бүрийн хэсгүүдийн харьцаа төдийгүй юмсыг өөр хооронд нь харьцуулах нь чухал. Ингэснээр зургийг бодит үнэнтэй ойртуулан адил төсөөтэй утга төгөлдөр болгож чадна.

     

    Бүлэг юмсыг зурах арга:

    Хамтатган тавьсан хэд хэдэн юмыг бүлэг гэнэ. Эдгээрийг зурахдаа хэмжээ хэлбэр ба байрлалыг бие биенд нь харцуулна. 

    Сэдэвт зургийг зурах журам: Сэдэвт орсон юмсыг зурагт үзүүлэхдээ түүний байрлалын орон зай, хэмжээг бие биед нь зөв дүрсэлсэн байх ёстой.

    Хүний биеийн харьцаа
    Хүний биеийн харьцааны нэгж нь толгойн өндрийн хэмжээ мөн. Бидний чухалчлан анхаарах зүйл: 

    1) Толгойн өндөр нь биеийн бүх өндөрт 7-8 дахин багтана. 

    2) Биеийн бүх өндрийн дундаж нь дунд чөмөг, аарцаг, сүүжинд зааглагдсан цэг мөн. 

    3) Цээжний хэсэг нь 2 нэгж 

    4) Доош унжуулсан гарын хурууны үзүүр нь дунд чөмөгний дунд хэсэгт тохирч байна.

    5) Цээжний өргөн нь 2 нэгжтэй тэнцүү байна. Эрэгтэй хүний аарцаг, сүүжний хэсгийнөргөн нь 1,5; эмэгтэй хүнийх 1,75 нэгжтэй тус тус тэнцүү байна. Хүүхдийн биеийн харьцаа нь насанд хүрэгчдийнхээс өөр байдаг юм. Нярай хүүхдийн толгойн өндөр 4 дахин, 6 настай хүүхдийн бүх биеийн уртад 5-6 дахин багтана. 

     

    Хүний зөвхөн толгойн хэсгийг авч үзье: 

    Толгойг дээд ба доод гэсэн 2 хэсэгт хуваан ойлгож болно. Эгц нааш харсан хүний зулайнаас хамрын яс хүртэл дээд хэсэг, нүдний цөцгийнөөс ирүү хүртэл доод хэсэг нь юм. Хэрэв доод хэсгийг дундуур нь хуваавал хамрын урт, хамраас эрүүний хоорондох зайг 3-н тэнцүү хэсэгт хуваавал түүний дээд хуваарь дээр амны байрлал тодорхойлогдоно. Нүүрийн тэгш хэмийн шугам дагуу эрүүнээс хамрын үзүүр хүртэлх хэмжээг дээш нь тавьсан хуваарь дээр хөмсөг тэмдэглэгдэнэ, толгойн хэлбэрт тохируулан татсан хөмсөг ба амны шугам нь толгойн элдэв хөдөлгөөн, тэдгээрийн орон зайн байрлалыг зөв гаргахад ихээхэн үүрэгтэй байдаг. Бие ба нүүрийн харьцаанууд нь хүн бүр дээр адилгүй зөрүүтэй талууд амьдрал дээр тохиолддог учир хөдөлшгүй хэв загвар болгон ойлгож болохгүй. Харин энэ мэдлэг нь зураг дээр бүдүүлэг алдаа гаргахаас зайлсхийхэд тусална. Байгуулалтын зураас ба туслах шулуунуудыг биеийн үндсэн дүрсийн зураасанд саад болохгүй бүдэг зурж тэмдэглэх хэрэгтэй. 

     

    Алслалт: 

    Алслалтын мэдлэг нь хар зурагт маш чухал юм. Энэ мэдлэггүйгээр зурагт амжилттай суралцаж чадахгүй. Алсад байгаа юмс жижигхэн юм шиг харагддагийг одоогоос 2500 жилийн тэртээгээс Грект мэдэх болжээ. Гэвч юмны багасах ба өөрчлөгдөх хуулийг 500 орчим жилийн үеэс Италийн зураачид нээжээ. Тэд алслалтын тухай бодлогуудыг шийдвэрлэхээр уйгагүй ажиллаж алслалтыг судлах янз бүрийн багаж хэрэгсэл хийсэн байна. Алслалтын ухаан нь зургийн хавтгай дээр ч өргөн уудам орон зайг багтаан үзүүлэх бололцоог зураачдад олгоно. Харааны түвшин, шугаман алслалтын холбогдлыг ойлгож, хойшид сэдэвт зураг бүхэн дээр санаж тусгахыг эрхэмлэх хэрэгтэй. Үүнд: 

    а) Харааны түвшин нь зургийн хавтгай дунд 

    б) Харааны түвшин зургийн хавтгайн дундаас дээш 

    в) Харааны түвшин нь зургийн хавтгайн дундаас доор байгаагаар тус тус дүрслэгджээ. Зургийн талбай Бидний хараа ба харагдаж байгаа юм 2-ын хооронд оршиж байгаа янз бүрийн босоо хавтгайг зургийн хавтгай гэнэ. Зузаан цаасанд жижиг хэмжээний цонх шиг тэгш өнцөгт нүх гаргаж тэр нүхээр зурах зүйлээ ажиглах үед энэ нь зургийн хавтгайн үүргийг гүйцэтгэж байгаа юм. Бид юмыг аль хэсгээс таслан зургийн цаасанд ямар байдалтай байрлуулан зурахаа энэ цонхоор харна. 

     

    Зурах арга 

    Харааны талбай ба зургийн хуудсан дээрээ дүрс зураг байрлуулах тохиромжтой байдлыг тодорхойлохын тулд нүдний өмнө ажиглах цонхоо босоо тэгш байдлаар бариарай. Түүнийгээ баруун зүүн, дээш доош болгон нүхээр нь харж зурагт дүрслэх юмын тохиромжтой байдлыг хайх хэрэгтэй. 

     

    Гэрэл сүүдэр: 

    Аливаа биетийн хэлбэр дүрсийг зөвхөн харьцаа төдийгүй эзэлхүүнт байдал, гэрэл сүүдрийн хамтаар ялган зурж болно. Гэрэл сүүдэр нь юмыг ямраар харагдаж байгаа үнэн бодит байдлаар нь дүрслэхэд чухал хэрэглүүр мөн. Гэрэлтүүлгийн нэг ба хэд хэдэн цэг, өөрийн ба унасан сүүдэр Янз бүрийн чиглэлээр янз бүрийн юмс дээр хол, ойр зайнаас гэрлийн туяа тусна. Гэрлийн туяа юман дээр янз бүрийн хэмжээгээр хуваагдан тусна. Цонхны гэрэлд ойр байгаа нь сайн, хол байгаа юмс муу гэрэлтүүлэгдэнэ. Гэрэлтүүлгийн цэг хэд хэд байж болно. Юмсын бие дээрх сүүдрийг өөрийнх, түүнээс суурь дээрээ туссан сүүдрийг унасан сүүдэр гэж тус тус нэрлэнэ. Юмсын дүрс хэлбэр ба гэрлийн туяаны чиглэлээс гэрэл сүүдрийн хамаарах нь: Хэрэв юман дээр гэрэлтүүлгийн ганц цэгээс туяа тусгавал тэр нь юмны сүүдэртсэн хэсгийн болон унасан сүүдрийн нарийн зааг, тэдгээрийн тодорхой хэлбэрийг харуулна. Сүүдэр нь гэрлийн цэгийн эсрэг талд байдгийг мэднэ. Гэрэл ба сүүдрийн хооронд хагас сүүдэр байна. Гэрэлтүүлгийн цэг нь хажуугаас буюу шууд байвал хажуугийн буюу шууд гэрэлтүүлэг гэж нэрлэдэг. Гэрэлтүүлгийн цэг нь юмны цаана байх тохиолдолд зураачдад бүрэн сүүдэртэй тал нь харагдаж байна. Гэрэлтүүлсэн тал нь сүүдэртэй талдаа халхлагдаж байна. 

     

    Зурах арга:

    Зурж буй юмсынхаа гэрэл сүүдрийг гаргахын өмнө тухайн юмны гэрэлтлэгийн чиг, гэрэлтүүлгийн нэг буюу хэдэн цэг байгаа болон аль талдаа хамгийн хурц гэрэл, хүнд бараан сүүдэр (өөрийн нь ба унасан)-тэй, түүний хэлбэр ямар байгаа зэргийг ажиглан оновчтой тодорхойлох хэрэгтэй. Тэгш өнцөгт ба дугуй хэлбэртэй юмсын гэрэл сүүдрийг гаргах нь Эзэлхүүний дүрс хэлбэрийг итгэн үнэмшмээр дүрслэх нь зөвхөн зургийн шугамын байгуулалт түүний орон зай дахь байрлал, харьцааг зөв гаргах төдийгүй мөн сүүдэр, хагас сүүдрийг зөв гаргахаас ихээхэн шалтгаална. Гэрэл сүүдрийн толбо, тэдгээрийн өөрчлөлт нь гэрэлтүүлгийн онцлогоос хамаарна. Иймд зураг дээр гэрэл сүүдрийг зөв гаргахын тул юмсын гэрэлтүүлэгдсэн талыг сүүдэртсэн талтай нь анхааралтай харьцуулан үзэх, түүнийг гэрэлтүүлгийн цэгээр шалгах хэрэгтэй. Тэгш өнцөгт хэлбэртэй юмсын гэрэл, сүүдэр нь эрс тэс заагтай байна. Бөөрөнхий хэлбэртэй юмсын гэрэл хагас сүүдэр болон сүүдэртээ зөөлөн шилжинэ. Зурж буй юмсын гадаргуу дээрх гэрэл сүүдрийн зөөлөн шилжилт холболтыг харандааны янз бүрийн чиглэл, хэлбэрийн зурааслалаар, эсхүл будгийн хүнд хөнгөн өнгөөр ялган үзүүлэх хэрэгтэй.

     

    Ойсон гэрэл ба юмсын ойсон дүрсийн тухай 

    Юмны орчинд туссан гэрэл ойж түүний өөрийн сүүдэр дотор эргэж туссаныг ойсон гэрэл (рефлекс) гэнэ. Ойсон гэрлийн хүч нь юмсын гадаргуугийн гэрлээс хүнд (үндсэн өнгөнөөс сул) байдаг боловч ерөнхий сүүдэр дотор цайвардуу хөнгөн болгож харагдуулна. Энэ нь хар ба өнгөт зургийн алинд ч хамаарна. Юмсын гэрлийн хэсгийг түүний өөрийн сүүдэртэй нь харьцуулбал түүний сүүдэр дотор ойсон гэрэл өнгийн хувьд өөр болох ёстой. Юмны дүрс суурийн гадаргуу дээр харагдаж байдаг үзэгдэл бий.

     

    Сэдэвт зураг дээр гэрэл сүүдэр гаргах нь 

    Зурагтаа гэрэл сүүдрийг сайн гаргаж чадвал аль цаг үе, ямар орчин, хэдий үеийн процессийг мэдэж болно. Сэдэвт зургийг гүйцэтгэхдээ гэрлийн тухай зайлшгүй санах ёстой. 

     

    Зурах арга. 

    Сэдэвт зургийн тухай бодохдоо, хамгийн урьдаар өөрөө санавал зохих зүйл байдаг. Энэ нь өдрийн ямар цаг үе, түүний гэрлийн тодорхой онцлогийг дүрслэх зорилго тавина. Хуудас цаасан дээр дүрсэлсэн юмны гэрэл сүүдрийн зааг ялгааг шууд тэмдэглэж гэрэл, сүүдэр, тэдгээрээс унасан сүүдрийн хэсгүүдийг харьцуулан зохицуулах хэрэгтэй. 

     

    Юмсын байгуулалт 

    Юм бүхэн олон хэлбэрт хэсгүүдээс нийлж тогтсон янз бүрийн дүрстэй байдаг юм. Эдгээр хэсгүүдийн хоорондоо тодорхой дарааллаар нэгдэж холбогдсоныг юмын байгуулалт гэнэ.

  • Хүүхэд байхдаа зурсан “Дэвтэрийн нүүр”

    Энэ зургаа харсан чинь хөөрхөн санагдаад та бүхэндээ үзүүлэхээр шийдлээ. Зургийн дэвтэрийн нүүр хийе гэж бодоод зурж байсан юм. Хүүхэд байхад “Бадарчингийн үлгэрүүд” гээд хөгтэй юмнуудыг зөндөөн уншдаг байсан даа. Тэгээд хаана ч явсан аз жаргалтай, авхаалжтай байдаг нь гоё санагдаад зурсан юм. Энэ зургийг зургийн дэвтэрний нүүр болгохыг би зөвшөөрч байгаа шүү. Хэ хэ