Category: media-content

  • Таны сонсох дуртай үгс

    “Дэлхий дээр өдөр бүр 3 тэрбум хүн өлсгөлөн орондоо ордог байхад, 4 тэрбум хүн урмын үгээр дутмаг ордог.”- Cavett Robert

    Хэрвээ та урмын сайхан үгсийг хаанаас ч хайгаад олохгүй байвал өнөөдрийнхөө бичлэгийг танд зориулав.

    Эдгээр үгс таны дотор гүнээс гарч буй дуу хоолой гэж бодох нь зүйтэй. Харин би энд зөвхөн сануулах зорилготой байгаа юм.

    Эдгээр үгсийг уншаад, сонсоод, мэдэр.

    Ганцаардаж байгаа шаналж байгаа, айдастай байгаа, эргэлзээтэй байгаа тэр л үедээ дахин дахин уншиж, сонсож, өөртөө давтан хэлэхийг санал болгож байна.

    Эдгээр үгс таны гүнээс гарч буй үнэн үгс, таныг тайвшруулж, танд урам өгч, зориг оруулж, хайрыг өгнө гэдэгт итгэлтэй байна.

    Амжилтын тарни урих үедээ тухлан суугаад, нүдээ ань. Гүн амьсгаа ав.  Биеэ сул тавь. Бүх бодлоо орхи. Анхаарал сарних үедээ амьсгаан дэрээ анхаарлаа төвлөрүүлээрэй.

    Таны сонсох дуртай үгс

    Та ухаантай!

    Та чадварлаг!

    Та зоригтой!

    Та эрч хүчтэй!

    Та онцгой!

    Та аугаа!

    Та гайхамшигтай!

    Та үнэ цэнтэй!

    Та мундаг!

    Та амжилттай!

    Та чадна!

    Та бүхнийг чадна!

    Тийм ээ, та бүхнийг чадна!

     

    ХҮС. ХЙ. ХҮР.

    ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ

    ©Ука Төмөр

  • Ц.Балдандорж- Усны аж ахуйн салбарын үүсэл хөгжил, усны бодлого

    МУ-ын байгаль орчны гавъяат ажилтан, усны барилгын зөвлөх инженер, Доктор Ц.Балдандорж

  • Эмч, багш, дарга болно… гэхдээ ардын дуугаа дуулна

    Хүүхдийн инээд хөөр, дуу хуур цангинасан “Галбингаа” сургалтын төвийг зорин очлоо. Биднийг очиход тус сургалтын төвөөс төрөн гарсан “Яруу эгшиглэн” хүүхдийн хамтлагийн багачууд ардын бүжгийн бэлтгэл хийж байв.

    Ардын сайхан дуугаа өвлөн дуулж, томчуудын хайр хүндэтгэлийг хүлээж яваа “Яруу эгшиглэн” хамтлаг нь 5-9 насны найман гишүүнтэй, байгуулагдаад нэг жил болох гэж байгаа ажээ. Хүүхдүүд хичээлийнхээ хажуугаар тус төвд ардын дуу, бүжиг сурч үндэсний хөгжмөөр тоглож сурчээ. Тэд одоо урын сандаа 20 гаруй дуутай, анхны цомгоо гаргахаар ажиллаж байгаа гэнэ.

    Тус төвийн багш С. Дэлгэрцэцэгийн хэлснээр хүүхдүүд анх ирэхдээ монгол дуу, бүжиг, үндэсний хөгжмийн талаар мэдлэг, мэдээлэл маш бага байдаг аж. Гэхдээ хүүхдүүдтэй сар шахам ажиллахад аяндаа өөрсдөө дуу хөгжимдөө дуртай болдог гэв.

    -“Яруу эгшиглэн” хамтлагийн гишүүдийг танилцуулаач? 
    -Хамтлагийн ахлагч Энхбатын Энх-Амгалан 8 настай,  хамтлагийн гишүүд болох Баянмөнхийн Аззаяа 7 настай, Батбуяны Жавхлантөгс 6 настай, Баттулгын Ариунзул 6 настай, Мөнхбатын Амарбясгалан 6 настай, Мөнхбаатарын Уянга 5 настай, Нарандоржийн Азтүшиг 6 настай, Батмөнхийн Саруулсайхан 7 настай.

    -Хүүхдүүд яг одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна? 
     –Монгол ардын 20 дуутай “Монгол ардын дуугаа өвлөн дуулцгаая-2″ цомгоо гаргахаар бэлтгэл ажилдаа ороод байна. Одоогийн байдлаар бүх дуунуудынхаа хоолойн бичлэгийг хийчихсэн байгаа.

    Амжвал олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр цомгоо гаргахаар шуурхайлж байна. Энэ удаагийн цомогт багтсан дуунуудаа дүрсжүүлэхийг зорьж байна.

    “Монгол ардын дуугаа өвлөн дуулцгаая-I” цомгийг “Монгол эгшиглэн” хамтлаг гаргаж байсныг санаж байна. Та анх тус хамтлагийг үүсгэн байгуулсан гэж байсан. Тэр талаараа дурсаач?
    -Тийм. 2009 онд  нийслэлийн Чингэлтэй дүүргийн 74 дүгээр цэцэрлэгийн дуу хөгжмийн багшаар ажиллаж байхдаа 5-6 настай хүүхдүүдээс бүрдсэн “Монгол эгшиглэн” хамтлагийг анх үүсгэн байгуулсан. “Монгол эгшиглэн” хамтлаг маань өрх тусгаарлаад одоо ч уран бүтээлээ хийж яваа. Тэд энэ сарын 31-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүүхдийн төлөө За гэж хэлцгээе” уриатайгаар “Бид монгол хүүхдүүд-2012” нэртэй өөрсдийн бие даасан гурав дахь тоглолтыг Монгол бөхийн өргөөнд хийх гэж байгаа. Өнгөрсөн онд “Монгол эгшиглэн” хамтлагийн экс гишүүн Э.Энхнарангийн эцэг эхийн хамт “Галбингаа” сургалтын төвийг нээж, хүүхдүүдэд ардын дуу, бүжиг, хөгжим заах болсон. Тэгээд  суралцагч хүүхдүүдээсээ сонгон “Яруу эгшиглэн” хамтлагийг үүсгэн байгууллаа.  Хоёр хамтлагийн хүүхдүүд маань нэг талаар өрсөлдөгчид. Бид цөм нэг л зорилгын төлөө уран бүтээлээ хийж явна. Тийм болохоор хоорондоо өрсөлдөхөөс илүүтэй монгол ардын дуу хуурыг өвлөн авч, хойч үедээ үлдээж байгаа нь хамгийн чухал.

    -Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн арга хэмжээнүүдэд оролцох уу?  
    -Хэд хэдэн арга хэмжээнд оролцох урилгатай байгаа. Энэ сарын 30-нд  дэлхийн олон оронд болдог “World harmony run” гүйлтэд оролцогчид Улаанбаатар хотод ирнэ. Тэднийг угтах арга хэмжээний үеэр манай хамтлагийн хүүхдүүд эх орноо төлөөлөн ая дуугаа өргөж, даян дэлхийн энх тайвны төлөө үйлсэд нэгдэнэ.  Олон улсын хүүхдийн баярын өдөр “Goodboys” хамтлагийн UB Palaсе-д болох тоглолтонд  “Ерөөлөөр учирсан миний монгол”, “Mөрөөдлийн дуу” – аараа оролцож  бэлэг барина. Мөн ирэх сард жил бүр уламжлал болон зохиогддог олон улсын хөгжмийн Туурайн төвөргөөн наадамд оролцохоор болсон.
    -Ер нь бага насны хүүхдэд ардын дуу, хөгжим заахад хэцүү юу?
    – Хүүхэдтэй ажиллана гэдэг хэцүү гэж зарим багш нар боддог юм шиг санагддаг. Хамгийн гол нь хүүхдэд юу хэрэгтэй байгааг, яаж ажиллах вэ гэдэг заах арга барилаа зөв төлөвлөх хэрэгтэй. Миний хувьд зүгээр нэг дуу заагаад байдаггүй. Тухайн сонгосон дууныхаа түүх, домог, аль нутгаас гаралтай, үг нэг бүрийнх нь утгыг зөв ойлгуулахыг чухалчилдаг. Ингэж чадвал хүүхэд өөртөө илүү итгэлтэй, дуулж, бужиглэж, хөгжимдөж сурдаг. Нөгөө талаар энэ арга барил нь эцэг эхчүүдэд нь ч нөлөөлдөг. Учир нь хүүхдүүдээр дамжиж эцэг эх, ах дүүст нь ардын дуу, бүжиг, өв соёлоо өвлөхөд чухал үүрэг гүйцэтгэдэг.

    -Зарим хүмүүс Монгол ардын дууг томчуудад зориулсан үг хэллэгтэй хэмээн эсэргүүцэх нь бий. Энэ үнэн үү?
    -Тийм. Монгол ардын дуунууд хайр сэтгэлийн холбогдолтой үг утгатай байх нь цөөнгүй.  Гэхдээ монгол ардын дуунууд дотор хүүхдэд зориулсан, ахуй амьдралтай холбоотой дуунууд маш олон бий.

    – Хүүхдийн нэрээр үйл ажиллагаа явуулдаг хувийн болон улсын байгууллага цөөнгүй бий. Гэвч үр дүн нь хангалтгүй санагддаг. Таны хувьд хүүхдийн төлөө ажиллаж явахад туслаж дэмжих хүн хэр их байдаг вэ?
    -Ер нь хүүхдийн нэрээр үйл ажиллагаа явуулахад бэрхшээлтэй асуудал нэлээдгүй гардаг. Улсын байгууллагын хувьд төсөв мөнгөндөө баригддаг бол хувийнх нь юм бүхнээс ашиг харж асуудалд хандан хүүхдийн гэсэн бүхнийг үнэгүйдүүлдэгтэй холбоотой болов уу. Бидний хувьд ч гэсэн энэ мэт асуудал үйл ажиллагаагаа хэвийн үргэлжүүлэхэд нөлөөлдөг. Гэхдээ хүүхдийн төлөө сайн үйлс, хүсэл бүхэн биелдэг жамтай.  Бидний энэ удаагийн цомгийг гаргахад МХАҮТ-ийн хамт олон тусалж, дэмжиж байгаа. Энэ бол эхлэл. Монгол хүүхдийн төлөө, ирээдүйнхээ төлөө хүн бүр чадах бүхнээрээ хөрөнгө оруулалт хийж, хүүхэд бүрийг хийж бүтээхэд нь туслаж, дэмжиж, урамшуулж байгаасай гэж хүсдэг. Учир нь хүүхдийн төлөө хийж байгаа бүхэн ирээдүйдээ өгч буй хамгийн том хөрөнгө оруулалт гэдгийг хүн бүхэн ухаараасай.

    Биднийг ийн ярилцах зуур хүүхдүүд ардын бүжгийн бэлтгэлээ дуусч, тоглолтын гоёмсог даашинз, үндэсний хувцсаа өмсөж сонирхуулахаар яарцгаав. Хүүхдүүдийн өмсөж байгаа эдгээр хувцаснуудыг Дэлгэрцэцэг багшийн нэг шавийнх нь эмээ Отгоо гуай урладаг юм билээ. Отгоо гуай “Ач охин маань 74 дүгээр цэцэрлэгт хүмүүжиж байсан юм. Тэр үед Дээгий багш миний охиныг дуучин болох хүсэл сонирхлыг нь төрүүлж, тэмцээн уралдаанд оролцуулж эхэлсэн. Тэр үеэс ач охиндоо тоглолтын хувцас, гоёлыг нь урлаж өгч байсан юм. Одоо бүх л төрлийн тоглолтын хувцсыг хийж чаддаг болжээ. Хүүхэд баярлуулах сайхан шүү” гэлээ.

    Хүүхдүүдээс “Ардын дуу дуулах гоё байна уу?” гэж асуухад бүгд л монгол ардын дуу дуулах дуртай гэцгээж байв. Тэд том болоод эмч, багш, дарга болно. Гэхдээ монгол ардын дуугаа сайхан дуулдаг том хүн болно хэмээн хэлэх нь өхөөрдмөөр санагдаж, тэднээр бахархах сэтгэл төрсөн юм.

    Эх сурвалж: П.Наран shuud.mn

  • Диймаажав ЭРДЭНЭБААТАР- Хүрэл зэвсэг, хүннү судлаач нэрт археологич

    Археологич, түүхч, хүрэл зэвсэг, хүннү судлаач

    Түүхийн ухааны дэд доктор, профессор. Улаанбаатарын Их Сургуулийн Археологийн тэнхэмийн эрхлэгч. Монголын эртний хүрэл зэвсгийн үе ба Хүннүгийн археологийн судлаач.

    Хөдөлмөрийн хүндэт медаль, ШУ-ны тэргүүний ажилтан цол, тэмдэг, Боловсролын тэргүүний ажилтан цол, тэмдэг, Жак Уэтерфордын нэрэмжит дэд байрын шагналт;

    Тэрээр газрын хөрсөн дээр ба доор үлдсэн Монголчуудынхаа агуу их түүх, соёлыг хэн ч маргахын аргагүйгээр “Бидний өв соёл энэ шүү” гэж дэлхийд харуулахын тулд ерээд оноос хойш Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Эгийн голын нутагт Хүннүгийн булшийг малтах ажлаа эхэлж хүннүгийн үеийн бэхийн чулуун янтай, хүрэл дуулга, хүрэл морь зэрэг дэлхийд нэн ховор олдворуудыг олж илрүүлсэн. Цаашид Хүннүгийн бичиг үсэг, ном судрыг олох чин зорилготой ажилладаг.

    Мөн “Монгол нутаг дахь дөрвөлжин булш, хиргисүүрийн соёл”, “Монгол Алтайн хүн чулуун хөшөө”, “Эртний металлург боловсруулалтын түүх”, Монголын түүхийн I ботийг бүтээхэд хүрлийн үеийн тухай гэх мэт нэгэн сэдэвт бүтээл 5, Хамтын бүтээл 8, Эрдэм шинжилгээний өгүүлэл 160- ийг туурвин бүтээгээд байна.

    Түүний ахласан археологийн баг Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн нутаг Балгасын тал хэмээх газар орших Гол мод нэртэй Хүннүгийн хаадын булш бүхий газрыг шинээр илрүүлэн олж, Хүннүгийн хааны булш олсноо зарласан. Архангай аймгийн Хайрхан сумын Хүнүй голын хөндийд Гол модны Хүннүгийн хаадын булштай газартай ижил нэртэй, дурсгалын хувьд ч ижил байгааг анзаарч түүхэн дурсгалтай ижил газраас ялгахын тулд “Гол мод-2” хэмээн нэрлэжээ. Археологийн судалгааны үр дүн Монгол орны хүрэл зэвсгийн үеийн түүхийн он цагийг, өмнөх судалгааны үр дүнгээс 1000- 1500 жилээр урагшлуулан “Чемурчекийн соёл”, Мөнххайрханы соёл”, “Тэвшийн соёл” зэрэг монгол нутагт хүрэл зэвсгийн эрт болон дунд үед амьдарч байсан овог аймгуудын үлдээсэн дурсгалуудыг шинээр илрүүлэн олсон. Хүннүгийн их хааны булшны малтлага судалгааны үр дүн бол түүхэндээ анх удаа монголчууд гадны тусламжгүйгээр бие даан бүрэн цогцолбороор дагуул булш болон тахилын байгууламжийн хамт малтан шинжилсэн. Хүннүгийн их хааны булш хэмжээний хувьд ч тэр, малтлага судалгааны ажлын үргэлжилсэн цаг хугацаа, оруулсан хөрөнгө оруулалт, ажилласан хүний тоо, илрэн олдсон археологийн эд өлгийн дурсгал зэргээрээ олон дээд амжилтыг тогтоосон.

    АЖЛЫН ТУРШЛАГА
    1979- 1980 онд Улаанбаатар хот дахь Зөвлөлтийн барилгын 2-р трест-д цахилгаан гагнуурчин;
    1980-1983 онд Хилийн цэрэгт хугацаат цэргийн албан хаагч;
    1983- 1984 онд УБ хотын Байшин Үйлдвэрлэх 2-р комбинат-д цахилгаан гагнуурчин, бригадын дарга;
    1988- 2007 онд ШУА-ийн Түүхийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, Эрдэмтэн нарийн бичгийн дарга, Эртний судлалын тасгийн эрхлэгч;
    1992 оноос Улаанбаатарын Их Сургуулийн Археологийн тэнхэмийн эрхлэгч;

    ШАГНАЛ
    2002 онд Шинжлэх Ухааны тэргүүний ажилтан цол тэмдэг;
    2006 онд Хөдөлмөрийн хүндэт медаль;
    2008 онд Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэг;
    2013 онд Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг;
    2014 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон;

    https://www.facebook.com/erdene.hatagin

    Ярилцлага унших

  • ГАНБОЛДЫН БАЯР: ӨӨРТӨӨ БАЙГАА ГЭРЭЛ ГЭГЭЭГ БУСДАД ТҮГЭЭЖ, БАЙГАЛЬ БОЛООД АЛИВАА ЗҮЙЛСИЙГ ТУЙЛЫН ГОО САЙХНААР ХАРЖ АМЬДРАЛЫГ УТГА УЧИРТАЙ ТУУЛАХЫН ТУЛ БИ ШҮЛЭГ БИЧДЭГ


    Хүний хөгжлийн Yaruusetgegch.com цахим хуудсын хамт олон МЗЭ-ийн гишүүн, Алтан өд шагналт яруу найрагч Ганболдын Баяртай уулзаж халуун яриа дэлгэснээ та бүхэнд хүргэж байна.

    _____________________________________________________

    ЯРУУ СЭТГЭГЧ: Сайн байна уу. Та өнгөрсөн онд уран бүтээлийн олз омог ихтэй байв уу?

    БАЯР: Оны эхээр “Эх орон тусгаар тогтнолын наадам”-д орж тусгай байр, “Хайрын цагаан уул” наадамд тусгай байр эзэлж, оноо тусгай байруудаар эхлэсэн. За тэгээд О.Дашбалбарын нэрэмжит “Эх орон- Оюун санаа- Яруу найраг” наадмын тэргүүн байр, Алтан өд шагнал хүртэж тэргүүн байруудаар оноо төгсгөлөө. “Танихгүй цэцгийн үр” номоороо Алтан өд шагнал хүртлээ. Бас хамгийн сайхан үйл явдал гэвэл МЗЭ-ны 85 жилийн ойгоор МЗЭ-ны гишүүн болсондоо бэлэгшээж байгаа.

    ЯРУУ СЭТГЭГЧ: “Хайрын цагаан уул” яруу найргийн наадамд энэ жил орох уу?

    БАЯР: Оролгүй яахав. Том жижиг тарган туранхай хардаггүй сайхан наадам шүү дээ. “Хайрын цагаан уул” наадамд 3 дах жил орох гэж байна. Г.Аюурзана, Л.Өлзийтөгс А.Эрдэнэ-Очир гээд олон сайхан хүмүүс хайрын шүлгээ уншиж байсан нэр хүндтэй наадам л даа.

    ЯРУУ СЭТГЭГЧ: Яруу найргийн төрлөөр шилдэг болж “Алтан Өд” шагнал хүртсэн “Танихгүй цэцгийн үр” ном ямар онцлогтой вэ?

    БАЯР: Их эрэл хайгуул хийсэн ном. Монгол сэтгэлгээ, орчин үеийн сэтгэлгээ хоёрыг хослуулж дундаас нь саарал юм гаргах гэж их хичээсэн ном л доо. Баяр гэдэг хүн өөрөөсөө өөрийгөө хайсан эрэл хайгуулын ном гэж хэлж болно.

    ЯРУУ СЭТГЭГЧ: Өөрөөсөө өөрийгөө хайна гэхээр өөрийгөө олох замдаа явж байна гэсэн үг үү?

    БАЯР: Ер нь хүн төрсөн цагаасаа эхэлж өөрийгөө хайдаг байх л даа. Ер нь олдог ч үгүй байх. Өөрийгөө олчихвол бас онцгүй л дээ. Оньсогыг таахаас нь өмнө хариуг нь хэлчихвэл тэр оньсого биш болчихно шүү дээ. Тэгэхээр өөрийгөө хайна гэдэг сайхан Өөрийгөө хайна гэдэг нь хүсэл мөрөөдөл л гэсэн үг. Өөрийгөө хайх тусам хүн улам зорилготой тэмүүлэлтэй болно. Энэ уулын цаана юу байгаа бол. Энэ уулыг давчихлаа одоо тэр уулын цаана юу байгаа бол гээд л тэмцээд байдаг байх. Хүн гэдэг амьтан өөрийгөө хайсаар байгаад төгсдөг юм болов уу даа.

    ЯРУУ СЭТГЭГЧ: Яруу найрагч хүний эцсийн зорилго нь юу байдаг юм бол?

    БАЯР: Миний хувьд бол би бичих л мөрөөдөлтэй. Өөрөө өөрийнхөө ертөнцөд өөрийнхөө хөг аялгуугаар хөгжимдөх шиг сайхан юм байхгүй. Яруу найрагч, урлагийн хүн бүхэн яруу сайхан хийгээд үнэнийг бүтээхийн төлөө л явдаг. Би ч мөн адил үнэнийг бичихийг хичээж явна. Урлаг бол үнэн байх ёстой. Жишээ нь, хүнд дурласан бол тэр дурласнаа л бичих хэрэгтэй. Тэгэхгүй хийсвэрээр дурлаад, хийсвэр ертөнц өөрөө өөртөө бий болгоод л байвал сайн бүтээл болж чадахгүй байх. Нэг бүсгүйд дурлах юм бол тэр бүсгүйнхээ өөдөөс харж сууж байгаад харцнаас нь ямар гэрэл гарч байна, гарт нь хүрч үзэхэд ямар мэдрэмж төрж байна тэрийгээ л бичвэл сайхан санагддаг. Тэгэхгүй нэг их гоё үг хөөгөөд байхаар шүншиггүй бурхан шиг юм болох гээд байдаг юм. Урлагт үнэн л хэрэгтэй. Үнэн өөрөө гоо сайханд хүргэх шат гэж би хувьдаа боддог.

    ЯРУУ СЭТГЭГЧ: Хамгийн анхны шүлгээ хэдэн онд бичсэн билээ?

    БАЯР: 2004 онд “Миний аавын цагаан овоо” гэдэг дууны шүлгийг бичсэн. Би чинь анх дууны үг бичдэг байлаа. Өвөө эмээ хоёр маань уртын дуу сайхан дуулахыг нь их сонсдог байлаа. Өвөөгийнд маань их сонин содон хүмүүс ирдэг байсан. Дэлэг гэдэг хүн ирнэ. Тэр хүн цахлай болж гуаглана, буга болж урамдана, амаараа буу шиг дуугардаг Хажууд яваа морь үргэтэл буу шиг дуугарч чаддаг элдэвтэй хүн байсан юм даг. Чойсүрэн гэж нэг хүн ирдэг байсан. Тэр хүн эмээгийн нэрмэлээс уугаад халж аваад уртын дууг нарийн лимбэний өнгөн дээр гайхамшигтай дуулна. Энэ хүний талаар сүүлд дуулахнээ

    Чойсүрэн гээд мундаг уртын дуучин хүн байсан юм байналээ. Энэ хүний дуунууд монголын радиогийн дууны санд байдаг юм. Би гэдэг хүн чинь багаасаа уртын дуу сонсч өссөн болохоор дууны үг бичмээр санагдаад бичиж эхэлсэн. Миний уран бүтээл ардын дуутай их холбоотой. Би Адарсүрэн гуайг их дууриаж дуулдаг байсан. Өглөө босоод л дуулна, өдөржин дуулдаг байсан. Нэг хэсэг миний хоолой Адарсүрэн гуайн хоолойтой их адилхан болж эхэлсэн шүү. \Инээв\

    ЯРУУ СЭТГЭГЧ: Та дуутай их ойр өссөн юм аа даа?

    БАЯР: Дээр үед намайг бага байхад манайх сумандаа хамгийн анх магнитофон авсан юм. Тэр магнитофонд манай сумын ихэнх хүмүүс дуугаа бичүүлж хураалгасан. Тэр үед магнитофон гэдэг зүйл анх гарч ирж байсан болохоор хүмүүс их сонирхож дуугаа бичүүлдэг байсан. Ээж аавын ажлын хүмүүс, хажуу хашааны хүүхдүүд гээд бөөн хүмүүс ирж дуугаа хураалгадаг хоббитой байсан. Тэр нь их гоё санагддаг байсан шиг байгаа юм. Тэгээд би ер нь дууг хүлхэж өссөн юм байна лээ. Ардын дуунд их хайртай. Бас радио их сонсдог байсан. Монголын үндэсний радиогоор явдаг дуунууд, ардын дууны домгуудыг их сонсдог байсан. Тэр дундаас их гоё санагдаж байсан дуу гэвэл Юндэн Гөөгөө. Энэ дуу Архангай аймгийн Тариат сум буюу миний нутгаас гаралтай дуу юм билээ. Далай вангийн Юндэн Гөөгөө гээд л цэнхэртүүлнэ шүү дээ.

    ЯРУУ СЭТГЭГЧ: Таны удамд дуулдаг хүмүүс бий юу?

    БАЯР: Миний мэдэхээр байхгүй. Надад цагаан нуурын давалгаа их нөлөөлсөн л дөө. Цагаан нуур чинь намар харахад их гунигтай. Яах аргагүй юм бичмээр санагддаг юм. Шуугиад л, шувууд буцаад л… Хавар эрт Тэрхийн цагаан нуурын дэргэд ганц гэрээрээ байх бас л эвгүй шүү. Нэг л их ус. Хүн амьтан ч ирэхгүй. Ганц гэр их эвгүй шүү. Ус хараад л суугаад байна. Өөрийн эрхгүй гуниг төрнө шүү дээ. Тэгээд шүлгийн мөртүүд орж ирнэ дээ. Нэг агуу хүний хэлсэн байдаг ш тээ. Далайг хараад гуниг төрөхгүй бол чамд ямар ч найдвар алга гэж.

    ЯРУУ СЭТГЭГЧ: Хүүхэд байхдаа өөр юу хийдэг байв?

    БАЯР: Юм сийлэх гэж оролддог байсан. Хөдөө жижиг гэртэйгээ ээж, ах хоёртойгоо хамт мал маллаж байсан. Ах маань өглөө үүрлээд л малаа туугаад явна. Би ихэвчлэн гэртээ өнждөг байсан. Гэрт өдөржин байхаар уйдаад модоор янз бүрийн зүйл сийлдэг байлаа. Дараа нь радио телевизийн засварын дамжаанд 1 сар суугаад засварчин болоод нэг хэсэг гэрээрээ дүүрэн эвдэрхий зурагт овоолоод суудаг байлаа. /Инээв/ Нэг өдөр гар хальт хөдөлснөөс болж мааслаад хүний зурагт шатаагаад, тэр хүндээ баахан хараалгуулж загнуулаад, тэгээд л за ер нь засварчин надад тохирохгүй ажил байна гэж бодоод яруу найрагруу эргэлт буцалтгүй орж Гүларанс, Инжинаши, Нямсүрэн гуай, Дашбалбар гуайн шүлгүүдийг уншиж эхэлсэн.

    ЯРУУ СЭТГЭГЧ: Сургуулиа орхисон билүү?

    БАЯР: Би чинь 3-р анги л төгссөн хүн шүү дээ. Бие бага байхаас муудсан л даа. 3-р ангид байхад хөл бүр их өвдөөд доголж явдаг болсон. Доголж явдаг болсноос хойш хүүхдүүд хаа тааралдсан газраа “доголон, Баяраа, доголон Баяраа” гэж шоолоод явуулдаггүй байсан. Тэгээд сэтгэл зүйн хувьд аймаар дарамттай байсан болохоор хичээлдээ явахгүй гэж уурлаад сургуулиасаа гарсан. Хүүхдүүд юм болохоор, хөөрхий тэр үедээ надад хэцүү байгаа гэдгийг мэдэхгүй л дээ. Тэгээд бас лам болох гэж үзсэн. Манай өвөө чинь лам байсан юм. Би нутгийнхаа ганданд хоёр долоо хоног суусан. Нэг өдөр тарж явтал нутгийн хүүхдүүд таараад малгай авч гүйгээд “лам лам” гэж шоолоод толгой дээр гэр зураад. /Инээв/. Тэгээд би лам болохоо больсон. Одоо энэ бүгдийгээ эргээд бодохоор их урт насалсан юм шиг санагдаад байх юм. Ная гараад явж байгаа юм шиг. Ер нь хүн гуч гарчихаар амьдрал их богинохон санагддаг юм байна. Амьдралыг эргэцүүлж бодвол их богинохон эд юм байна. Зүгээр суух эрхгүй. Цаг минут бүртэй л уралдан сурч боловсорч хийж бүтээж аз жаргалыг амталж авахгүй бол Д.Намдаг гуайн хэлдэгээр залуудаа тархиа зулгааж идэхгүй бол хөгшрөөд махаа зулгааж иднэ гэдэг л болно.

    Хүмүүс маргааш маргааш гээд л маргааш амьдрал сайхан болно гэж ажлаа, аз жаргалаа хойш тавьдаг. Яг гашуун үнэн бол маргааш чинь үхэл шүү дээ. Бид чинь үхэл рүүгээ л яваад байгаа юм шүү дээ. Тийм болохоор өнөөдөртөө бие биенээ хайрлаж өөртөө болон бусдад аз жаргалыг харамгүй өгөх хэрэгтэй. Ажиглаад байхад хүмүүс маргаашийг бодож шаналаад их стресст орж байна. Маргааш өглөө босоод яаж ажилдаа явна, яаж автобусны мөнгө олно, замын түгжрээ яана гэж бодож шаналаад л… Тэгж бодсон бодоогүй өглөө болдогоороо л болно шүү дээ. Болоогүй байгаа зовлонг өөр дээрээ овоолох хэрэгтэй гэж үү? Ямар ачааны машин биш дээ. Тэнэгийн дотор уужуу гэгчээр би чинь их сонин хүн шүү дээ. /Инээв/

    ЯРУУ СЭТГЭГЧ: Ямар номнууд уншиж байна?

    БАЯР: Ошогийн номуудыг их уншдаг. Бас бурхан багшийн сургаал уншина. Манайд чинь бурхан багшаас дутахгүй мундаг хүмүүс их байсан юм билээ. Занабазар гуай, Данзанравжаа хутагт гээд. Бид нар үндэсний өв соёлыг сэргээж өөд нь татаж байх хэрэгтэй. Даяаршил гэж яриад үндэсний өв соёлоо урсгалд нь алдаад байна. Үндэсний өв соёлоо авч үлдэх хэрэгтэй гэж боддог. Яруу найргийн ном уншихгүй байгаа. Уншиж байгаа зохиолчийн бүтээлтэй адилхан болдог гээд байдаг талтай. Дрма Батбаяр гуайн номнуудаас уншиж байна. Дрма Батбаяр гуай бол гайхамшиг.

    ЯРУУ СЭТГЭГЧ: Та “Болор цом” наадамд орж байсан уу?

    БАЯР: “Болор цом”-д хоёр удаа орж байсан. Энэ наадамд шагнал авах гэхээсээ илүү ард түмнээ хүндэтгэж ордог. Тэр их өндөр тайз дээрээс монголын ард түмэндээ хандаж шүлгээ унших гоё байдаг. Энэ тайзан дээрээс Д.Нямсүрэн гуай, О.Дашбалбар гуай, Ж.Болд-Эрдэнэ гуай гээд олон сайхан хүмүүс шүлгээ уншиж байсан. Тэр алтан тайз дээр тэр сайхан хүмүүсийн хөлийн ором байгаа. Тэр оромтой хөлийн мөрөө нийлүүлэх гэж гардаг.

    ЯРУУ СЭТГЭГЧ: Ойрд таны сэтгэл санаа ямар байна?

    БАЯР: Их сайхан байгаа. Нэг бүсгүйд дурласан. Тэр бүсгүйдээ зориулж шүлэг бичээд л. Үүн шиг сайхан зүйл байхгүй шүү дээ. Энэ дууны шүлэг юм.

    Агиймаа

    Зүүд нойронд сүүмэлзээд байх нь
    Зүүн уулын солонгоо
    Нүдний салхи нь хиртээгүй
    Нялх зүүдэн Агиймаа

    Нар унасан сормуусны чинь дэвээнд
    Намрын будан ч үргэнэ шүү дээ
    Зүүд үймүүлсэн тэрлэгнийхээ хормойгоор
    Зүрхийг минь битгий шүргээч Агиймаа

    Согоон жимээр шүхэрлэх нь
    Сэтгэл тайгийн улаалзай
    Цамцаа гэрэлтүүлэн инээхэд нь
    Цэцэг ханхалдаг Агиймаа

    Нар унасан сормуусны чинь дэвээнд
    Намрын будан ч үргэнэ шүү дээ
    Зүүд үймүүлсэн тэрлэгнийхээ хормойгоор
    Зүрхийг минь битгий шүргээч Агиймаа

    Гэхдээ би өвөл бол ичээний байдалтай амьдардаг. Намар, хаврын улиралд дуртай. Өвөлд дургүй. Өвөл бүх зүйл бүдэг саарал өнгөтэй. Сүүдэрт хургасан юм шиг санагддаг. Хавар бол сэнгэнээд л эхлэнэ шүү дээ. Зуны улирлыг амралтын байдалтай зугаалаад л өнгөрөөнө. Хэдэн сайхан найзуудынхаа буянд би чинь эрүүл юм шиг л явдагдаа . Бие гэдэг сэтгэлтэй холбоотой гэж боддог. Сэтгэл өвдвөл бие дагаж өвдөнө. Хүн биедээ согогтой байж болно. Харин хүн чанар оюун санаандаа согогтой байна гэдэг эмэгнэл.

    ЯРУУ СЭТГЭГЧ: Таны өвчин ямар оноштой гэдэг билээ?

    БАЯР: Булчингийн сулрал буюу саажилт гэсэн оноштой. Бүх булчин нь зогсоод ажиллагаагүй болсон. Мэдрэлийн систем судас шөрмөс бол зүгээр хэвийн. Булчин нь л байвал би босоод ирнэ. Хүний биед булчин их чухал эрхтэн. Хэлэнд нүдэнд хүртэл булчин байгаа. Уул нь булчин хийлгэж болмоор санагдаад байгаа. Элэг зүрхийг хүртэл сольж суулгаад байхад булчин болмоор санагдаад байгаа. Уг нь бол найдвар байгаа. Анх 5 настай байхад бие өвдөөд онош нь тодорхойгүй миненгит, коор гээд. Хэвтэрт жил гаран болоод бие арай дээрдээд босоод алхах гэтэл пүршин дээр явж байгаа юм шиг мэдрэгдэж байсан. Тэр үеэс л булчингийн сулрал эхэлсэн. Яваандаа булчин бага багаар суларсаар 16 настайдаа явж чадахгүй болоод суусан даа.

    ЯРУУ СЭТГЭГЧ: Яруу найраг сонирхдоггүй хүмүүст хандаж юу гэж хэлэх вэ?

    БАЯР: Тийм хүмүүс бол цонхгүй байшин л гэсэн үг. Би яруу найргаас урлаг үүсэлтэй гэж боддог юм. Хэл авиа үүссэн цагаас яруу найраг үүссэн байх.

    ЯРУУ СЭТГЭГЧ: Та facebook ашиглаад байна уу? Олон найзтай болж байна уу?

    БАЯР: Ашиглаж байгаа. Овоо олон дэмжигч, уншигч, найзуудтай болсон. Зарим өдөр интернэтэд өнжинө шүү дээ. Саяхан https://facebook.com/YaruusahuinDuuch хуудас нээсэн. Дуу, уншигдсан шүлгүүдээ https://soundcloud.com/bayar-gan рүү оруулж байгаа. Миний шүлгээр бүтсэн дууны клипүүдээ http://youtube.com/emvjins руу оруулж байгаа. Та бүхэн миний уран бүтээлийг сонирхоод үзээрэй цахим хуудсууддаа урьж байна. Танай хамт олны соён гэгээрлийн зам дардан байхын ерөөл өргөе.

    2014 оны 1-р сарын 25

    Эх сурвалж: www.yaruusetgegch.com

    _____________________________________________________________

    ТОВЧ НАМТАР

    Ганболдын Баяр нь 1982 онд Архангай аймгийн Тариат суманд төрсөн. 2004 оноос уран бүтээлийн гараа эхэлсэн. 3-р ангид байхдаа өвчин нь хүндэрсний булчингийн сулралтай болсны улмаас байнгийн суунга болсон хэдий ч амьдралын яруу сайхан бүхнийг дуулсан яруусахуйн дууч болж чадсан билээ. 2006 онд “Би хэмээх” шүлгийн түүвэр, 2008 онд “Дөрвөн нүдтэй дэлхий” шүлгийн түүвэр, 2010 онд “Азиза” шүлгийн түүвэр, 2013 онд “Танихгүй цэцгийн үр” яруу найргийн түүврээ тус тус хэвлүүлсэн.

    2010, 2011 онд Хангай цом яруу найргийн наадамын тэргүүн байр, 2011 онд Алтан үзэг наадмын тэргүүн байр, 2011 онд Хайрын цагаан уул наадмын дэд байр, 2012 онд Чөлөөт сэтгэлгээний дуулал наадмын тэгүүн байр, 2013 онд О.Дашбалбарын нэрэмжит Эрх чөлөө, Оюун санаа, Яруу найраг наадмын тэргүүн байр, Алтан өд шагнал тус тус хүртсэн. Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн. Мөн МУАЖ Д.Самбуу, МУГЖ Г.Батбаяр, МУГЖ С.Жавхлан, МУГЖ Ч.Бат-Эрдэнэ, Ноён Бондгор, Э.Төрмандах, Эрдэнэдалай, Идэржавхлан, Буянжаргал зэрэг дуучидтай хамтран хорь гаруй дууны уран бүтээл хийсэн.

  • Төвдийн залуужуулах 5 дасгал

    Энэхүү дасгалыг энергийн нүх сүв буюу чакраг нээдэг гэдэг ба эхний дасгал нь нээгээд дараагийн дасгалууд нь идэвхжүүлж өгдөг. Энэ дасгалыг хийхийн ач холбогдол нь өдөр тутмынхаа хөдөлгөөнгүй амьдралд хөдөлгөөнөө нөхөх, нурууны муруйлтаас сэргийлэх, нугалам хоорондынхоо зайг хадгалах, уян хатан чанараа сайжруулах, бүх булчингуудаа сулруулж стрессээ тайлах юм. Дасгалыг хийхэд сэтгэл санаа хөнгөхөн сайхан болж, маш сайхан амарч ундтаг бөгөөд өдөржин эрч хүчтэй байж чаддаг. Дасгал хийхийн өмнө хоосон ходоодтой, нүүр гараа (өглөөд шүдээ) угааж цэвэрлэсэн байвал зохистой. Дасгалыг анх эхлэхдээ сондгой тоогоор эхэлж /7, 9 гм/ долоо хоног бүр 2-оор ахиулж хийгээд 21 хүргэж хийх ёстой. Өглөөд өлөн байхдаа хийвэл бүр сайн. Таны биед олон эерэг өөрчлөлт гарна /өтгөн хатахгүй, арьс сайхан болно, жин нэмэхгүй гм/. Дасгалаа хийгээд ус сайн уугаарай. Усаа сайхан энергиэр, сайхан бодол сэтгэлээр цэнэглэж уухыг бодоорой.

    Төвдийн залуужуулах 5-н дасгал 

     Таван дасгал тус бүрийг 21 удаа хийдэг. Шинээр эхлэгсэд хийхэд хэцүү байдаг тул сэтгэлээр уналгүй хичээгээд хийгээд байгаарай, бараг нэг сарын турш хийж байж амархан хийдэг болно. Тогтмол хийгээд сурчихвал өдөрт та нийт 15 минутыг л уг дасгалд зарцуулна. 

     1-р дасгал

    Цэх зогсоод зурган дээрх шиг гараа алдал. Алга доош харсан, дэлгээстэй,  хуруунууд хамтдаа. Гарынхаа байрлалыг өөрчлөлгүйгээр цагийн зүүний дагуу биеэрээ бүтэн эргэлт хий (ө. х. баруун тийш). Завсарлалтгүй 21 удаа эргээрэй. Эхэлж хийж байгаа хүн 7-с эхэлж болно.

    Дуусгаад хөлөө нийлүүлэн цэх зогсоод, гараа ташаан дээрээ тавьна. Амьсгалаа хамраараа гүнзгий аваарай. Уруулаа”О” үсэг болгоод амаараа амьсгалаа гаргаарай. Дараагийн дасгалд шилжтэл 2 удаа ийм байдлаар амьсгал авч гаргаарай.(энэ нь дасгал болгоны дунд хийгдэх ёстой)

    Та энэхүү дасгалыг анх удаа хийж байгаа бол толгой эргэж магадгүй. Тиймээс унахаас болгоомжлоорой. Энэ дасгал нь тэнцвэрийн тогтолцоог сайжруулдаг. Дасгалаа тогтмол хийснээр толгой эргэхээ болих ба маш хурдан хийсэн ч төвөггүй хийдэг болно. 

                     

    2-р дасгал

    Хивс юм уу гудсан дээр дээш харан хэвт. Хөлөө жийн шагайгаар нь нийлүүлнэ. Гарын алгануудаа газар луу харуулаад биеийнхээ дагуу байрлуулна.Хамраараа амьсгал авангаа хөлнүүдээ 90-с ялимгүй их өнцгөөр дээш өргөнө. Үүнтэй зэрэг эрүүгээ цээжиндээ хүртэл нь толгойгоо өргөнө.Аядуухан зөөлөн хөдлөөрэй. Хэвтэж байхад хөлийн хурууд ээтийсэн, бүсэлхий газраас хөндийрөхгүй байх хэрэгтэй.  

    Толгой хөлөө газар буцаахдаа амьсгалаа ам юм уу хамраараа гаргаарай. Биеэ бүрэн сулла. Хөл толгойгоо өргөхдөө амьсгалаа аваад буулгахдаа гаргаад тасралтгүй нийт 21 удаа хийнэ.

    Дуусгаад босч, хөлөө нийлүүлэн зогсоод, гараа ташаан дээрээ авна.  2 удаа гүнзгий амьсгал авч гаргаарай. Амьсгал авахдаа хамраараа, гаргахдаа уруулаа “О” үсэг үүсгэн амаараа гаргаарай. 

     

     3-р дасгал

    Хөлийн хуруунуудын өндгүүдээрээ газар тулан өвдөг дээрээ зогс. Өвдөг хоорондын зай 10-11 см. 2 гар өгзөгний дор. Нуруу цэх, эрүү цээжинд.

    Хамраараа амьсгалаа аваад бүсэлхийгээрээ нумран гэдий. Толгойгоо аль болох хойш гэдийгээрэй. Хойш гэдийхэд өгзөг гарт чинь тулгуур болно. Ам юм уу хамраараа амьсгалаа гаргаж эхний байрлалдаа очно. Нэгэн хэмээр 21 удаа тасралтгүй хийгээрэй.

    Дуусгаад босч, хөлөө нийлүүлэн зогсоод, гараа ташаан дээрээ авна.  2 удаа гүнзгий амьсгал авч гаргаарай. Амьсгал авахдаа хамраараа, гаргахдаа уруулаа “О” үсэг үүсгэн амаараа гаргаарай.

     

    4-р дасгал

    Хөлөө жийн суугаад алгаараа өгзөгний харалдаа газар тул. Гарын байрлал маш чухал ба алгаа биеийн дагуу чиглүүлсэн байх хэрэгтэй. Эрүү цээжинд.

    Хамраараа амьсгал авангаа өгзгөө дээш өргөн өвдгөөрөө нугарна. Толгойгоо хойш нь бүрэн гэдийлгэ. Гар хөл газарт перпендикуляр, их бие газарт параллел байна. Эхний байрлалд буцаж орохдоо ам юм уу хамраараа амьсгалаа гаргаарай. Уг дасгалыг 21 удаа нэг хэмээр тасралтгүй хийнэ. Хөл гулгахгүй байвал зүгээр. Хөлийн ул дасгал дуустал нэг байрлалдаа байна. Гар нугарахгүй ба зөвхөн мөрөөрөө хөдөлнө.

    Дуусгаад босч, хөлөө нийлүүлэн зогсоод, гараа ташаан дээрээ авна.  2 удаа гүнзгий амьсгал авч гаргаарай. Амьсгал авахдаа хамраараа, гаргахдаа уруулаа “О” үсэг үүсгэн амаараа гаргаарай.

     

    5-р дасгал

    Эхний байрлал – тулах цэг гарын алга, хөлийн хуруудын өндөгнүүд. Хөл гарын хоорон дахь зай 60-70см. Толгой дээш гэдийсэн байдалтай. Гар хөлөө нугалалгүйгээр амьсгал авангаа өгзгөө дээш өргөн эрүүгээ цээжиндээ хүргэ. Таны бие адил талт гурвалжин үүсгэнэ. Ам юм уу хамраараа амьсгалаа гаргаад эхний байрлалдаа орно. Газартай зөвхөн алга болон хөлийн хурууны өндгөөрөө хүрэлцэнэ. Дасгалыг 21 удаа тогтмол хэмнэлээр хийгээрэй.

    Дуусгаад босч, хөлөө нийлүүлэн зогсоод, гараа ташаан дээрээ авна.  2 удаа гүнзгий амьсгал авч гаргаарай. Амьсгал авахдаа хамраараа, гаргахдаа уруулаа “О” үсэг үүсгэн амаараа гаргаарай.

  • Сонирхолтой бүтээлч төслүүдтэй та хамтран ажиллаарай

    Эх орныхоо үзэсгэлэнт байгаль, өв соёл, өвгөдийн сургаалийг хойч үед өвлүүлэн үлдээх МИНИЙ МОНГОЛ төсөл http://www.mymongol.mn/

  • “САЙН МУУГ ЯЛГАЯ” ХҮҮХДИЙГ ЗӨВ ХҮН БОЛОХОД ТУСЛАХ 60 ДАДАЛ НОМ БИЧИХ БОЛСОН ШАЛТГААН

    Би 2008 оноос зан байдал болон сэтгэлзүйн өвөрмөц онцлогтой  “индиго хүүхэд” хэмээх нэр томъёог анхаарч, сүүлийн үеийн хүүхдүүдийн зан байдлыг судлах болсон. 2010-2012 онд “Индиго” хүүхдийн хөгжлийн төвийг удирдан цэцэрлэгт явах дургүй, өвөрмөц зан араншинтай, эцэг эх нь ихэвчлэн “индиго” хэмээн томъёолсон бага насны хүүхдүүдийг сурган хүмүүжүүлэх явцдаа судалж, тэдгээр 50 орчим хүүхдэд  буй зан байдлын түгээмэл хандлагыг илрүүлсэн. 2009- 2011 онд боловсрол судлалын магистрын ажлын судалгаагаа “4 настай хүүхдийн зан төлөв дэх хандлага” сэдвээр хийхдээ нийслэлийн 6 дүүргийн 12 цэцэрлэгийн 300 гаруй хүүхдийг хамруулан  судалж, “индиго” хүүхдэд ажиглагддаг гэх зан байдлын онцлог шинжүүд тэдэнд ч мөн түгээмэл байгааг илрүүлсэн. Үүнд:

    • Өөртөө маш итгэлтэй, эрс шийдэмгий.
    • Хэнийг ч туйлшран шүтдэггүй, даган дуурайдаггүй, өөрийгөө нэгд тавьдаг. Би л мундаг, би чадна гэсэн хандлагатай.
    • Бусдын дүрмийг дагадаггүй, өөрсдөө дүрмээ зохиох, батлах дуртай. Өөрсдийн гаргасан дүрмээ хэзээ ч мартдаггүй, түүнийгээ ягштал биелүүлдэг. Дүрмийн сэтгэлгээ маш сайн хөгжсөн.
    • Хэн нэгэн асуудлыг нь шийдвэрлэхэд дургүй, эцсийн шийдвэрийг өөрсдөө гаргах дуртай.
    • Сонголтыг зөвхөн өөрсдөө хийдэг. Хэн нэгэн сонголтонд нь халдахад дургүй.
    • Бусдын анхаарлын төвд байж бусадтай чөлөөтэй, илэн далангүй харилцах, ярилцах дуртай.
    • Бусдаар магтуулж, сайшаалгах дуртай.
    • Гүн гүнзгий сэтгэдэг. Ямар нэг зүйлийн талаар ярихад шууд итгэж үнэмшдэггүй, яагаад, ямар учраас гэж заавал тодруулдаг.
    • Бусдаар заалгах бус заах дуртай. Багш, эцэг эх хэн байх нь хамаагүй.
    • Тун зөрүүд. Өөрсдийг нь сонсохгүй бол таныг ч сонсохгүй. г.м зан байдлууд хамаарна.

     Түүнээс гадна “Индиго” хүүхдийн хөгжлийн төвд явж байсан хүүхдүүдээс ажиглагдсан сэтгэл зовоосон асуудал бол тэдгээр хүүхдүүдтэй зөв харьцаагүй, тэднийг сонсоогүй, ойлгож дэмжээгүй, анхаарал тавьж өсгөөгүйн улмаас тэдний зан байдлыг уур уцаартай, гөжүүд, бусдыг сонсдоггүй, гэр бүлийн гишүүдээ дийлж сурсан, түрэмгий, бусадтай нийлдэггүй, зожиг, уур уцаараар асуудлыг шийдэж сурсан зэрэг олон сөрөг хандлагаруу түлхсэн нь сэтгэл зовоож байлаа.

    Энэ бүхнээс үүдэн сүүлийн үеийн хүүхдүүдтэй хэрхэн яаж харьцаж, харилцан ярилцах талаар эцэг эхчүүдэд мэдлэг олгохын сацуу, шинэ үеийн хүүхдүүдийн өөрөө өөрийнхөө дагаж мөрдөх дүрмийг батлах, шийдвэр гаргах, сонголт хийх дуртай зан байдлын онцлог шинжүүд дээр нь түшиглэн сайн муу, зөв бурууг өөрсдөөр нь ялган салгуулж, багаас нь өөрсдийн гэсэн үзэл санааг төлөвшүүлж, амьдралын зөв дадал хэвшүүлэх, эерэг сайн сайхан зан чанарыг эзэмшүүлэх зорилгоор энэхүү номыг гаргах болсон.

    Эцэг эхчүүд та бүхэн 0- 5 насны хүүхдийнхээ зан байдалтай холбоотой мэдээллийг horloo_j@yahoo.com хаягаар илгээж, хүүхдийнхээ насны онцлогтой холбоотой зөвлөгөөг үнэ төлбөргүй авах боломжтой!

     ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ ТӨЛӨВШИЛ СУДЛААЧ
    ЖАМСРАНЖАВЫН ХОРЛОО

    (САЙН МУУГ ЯЛГАЯ номын хэсгээс) 

  • Яагаад шинэ жилийн зорилт ихэвчлэн талаар болдог вэ?

    Танд шинэ оны мэнд хүргэе! 

    Яагаад шинэ жилийн зорилт ихэвчлэн талаар болдог вэ?

    Би өнөөдөр шинэ жилийн зорилт яагаад талаар болдог тухай бичих хүсэлтэй байна.

    Ричард Уайзмэний судалгаагаар шинэ жилийн зорилт гаргасан нийт хүмүүсийн 88% нь зорилтоо биелүүлж чаддаггүй гэжээ. Яагаад?

    Яагаад вэ гэдгийг би энд маш энгийнээр тайлбарлахыг хичээв.

    Гаргасан зорилтоо биелүүлэхийн тулд эхлээд зорьсондоо хүрдэг тодорхой дадалтай болох хэрэгтэй. Амжилт олохын тулд түүнд хүрэх дадал эзэмшсэн байх ёстой.

    За энэ юу гэсэн үг вэ гэвэл: Булчингаа хөгжүүлэхийн тулд туухай өргөж эхлэх зорилт тавьжээ гэж бодьё. Хүнд туухайг шууд өргөвөл даахгүй алдана. Яг үүнчлэн өөрийгөө их ажлаар гэнэт дарвал давж гарахад хэцүү.  Хүнд туухайг өргөж сурахын тулд хөнгөнөөс нь эхлэх ёстой. Тэгээд аажим аажмаар хүндрүүлбэл булчин хөгжиж, хамгийн хүнд туухайг ч өргөж чаддаг болно. Зорьсондоо хүрэхэд ч ийнхүү бага багаар ахин ахисаар эцэст хүссэн “туухайгаа өргөж даадаг” болно гэсэн үг. 

    Жин хасах зорилт тавилаа гэж бодьё. Ихэнх хүмүүс гэв гэнэт учиргүй хоолоо хасаад л, учиргуй янз бүрийн дасгал хийж эхлээд л, янз бүрийн хүч оруулах амин дэм худалдан авч хэрэглэн, тун эрчимтэй эхэлдэг боловч нэг л мэдэхэд аль хэдийнээ буугаад өгчихсөн, яг урьд өмнөх байдалдаа эргэн орчихсон байдаг. Хэрвээ тухайн хүн анхнаасаа л биеийн тамираар хичээллэх дадалгүй бол 7 хоногийн 7 өдөр эсвэл 7 хоногийн 5 өдөр хичээллэж, жин хасна гэж бодож байлаа ч гэсэн ихэвчлэн замын дундаас буцдаг. Яагаад гэвэл тухайн хүний бие тэр шинэ үйлдлийг хүлээн авч, дасан зохицтолоо нэлээд ажил болдог ба гэнэтийн их ачаа дарамтанд түүртэж, шантарч, явцын дунд, хийхэд амархан юм уу, өмнө нь эзэмшчихсэн, аль хэдийнээ дадал болчихсон юмандаа татагдан дийлдэж, дадал болж амжаагүй байгаа шинэ үйлдэл болох биеийн тамир, спортоо орхидог байна.

    Тиймээс юуны түрүүнд зорилгоо биелүүлэх дадлыг үүсгэх хэрэгтэй. Үүний тулд гэнэт том өөрчлөлт хийх хэргэггүй.  Forbes.com дээр гарсан нийтлэлийн дагуу “Сүүлийн 10 жилд мэргэжилтэнгүүдийн үзэж байгаагаар шинэ дадал үүсгэхийн тулд хуучин зуршлаа шууд орхиж болохгүй. Харин түүний оронд муу зуршлаа сайн дадлаар бага багаар орлуулах хэрэгтэй” гэжээ.

    Жишээ нь: Тамхинаас гарах зорилт тавиад шууд тамхи татахаа зогсоосон тохиолдолд эргээд тамхи татах магадлал их байдаг. Хэрвээ та тамхинаас гарахыг урьд нь оролдож байсан бол энэ талаар сайн мэдэж байгаа байх. Тэгэхээр өдөрт 5 тамхи татдаг байсан бол 4 тамхи болгох. Яаж вэ гэвэл өглөө босонгуутаа татдаг нэг  тамхийг зогсоож оронд нь зөгийн балтай усаар орлуулах жишээтэй. Тэгээд энэ нь дадал болсон тохиолдолд дараагийн нэг тамхийг хасаж оронд нь бохь зажлах ч юм уу өөр юмаар орлуулах зэргээр цааш үргэлжлүүлсээр, эцэст зорьсондоо хүрч чадна.

    Хоолны дэглэм барих зорилт гаргасан бол шууд идэх хоолоо огцом өөрчлөхийн оронд өглөө иддэг байсан 3 зүсэм талхныхаа 1-2 зүсмийг нэг алимаар орлуулах. Цагаан будааг бор будаагаар орлуулах зэрэг жижиг өөрчлөлт оруулах.

    Сэтгэл санаагаа сайхан байлгах зорилт тавьсан бол өглөө болгон сэрээд, орноосоо босохоосоо өмнө 2-3 минут талархалаа илэрхийлэх. Эсвэл өдрөө сайхан болж өнгөрч байгааг 2-3хан мин төсөөлж, мэдрэх зэрэг жижиг өөрчлөлт оруулах жишээтэй.

    Хэрэв бид хэд хэдэн удаа зорилт гаргаад түүнийгээ биелүүлж чадаагүй тохиолдолд бид өөртөө итгэлгүй болж, дахиад зорилт тавихаасаа эргэлзэж, би чадах болов уу?  Дахиад талаар болбол яанаа? ямар хүмүүс зорилтоо биелүүлдэг юм бол оо? би ер нь зорилтоо биелүүлэхдээ их муу юм байна гэдэг дүгнэлтэнд хүрдэг. Ийм дүгнэлтэнд хүрснээр сэтгэл санаагаар унадаг. Сэтгэл санаагаар унасан тохиолдолд онцгүй мэдрэмж төрдөг.  Онцгүй мэдрэмжнээс мэдээж онцгүй бодол үүснэ, онцгүй бодлоос онцгүй үйлдэл гарна. Тийм ч учраас бидний амьдрал санасан хэмжээнд хүрч чаддаггүй байх жишээтэй.  Тиймээс энэ бүгдээс өөрийгөө сэргийлэхийн тулд

    Нэгдүгээрт: Өөрийнхөө нийт гаргасан зорилтуудаас зөвхөн хэрэгтэй гэж үзэх 1-2 зорилтыг сонгож аваад бусдыг нь орхи. Бүгдээрэнгий нь биелүүлж чадахгүй байснаас ганц хоёрыг нь хийсэн нь дээр биз дээ, тийм ээ?

    Үүний тулд өөрөөсөө дараах асуултуудыг асуухыг санал болгож байна.

    –      Эдгээр зорилтуудаас аль нь миний сэтгэл санаанд тустай вэ? Альныг нь хийвэл миний сэтгэл хөдөлж, би илүү их баяр баясгалантай байх вэ? Түүнийгээ сонго.

    –      Эдгээр зорилтуудаас аль нь миний санхүүд тустай вэ? Алийг нь биелүүлбэл миний санхүүгийн байдал сайжрахаар байна? Эсвэл сайжрахад нөлөөлөхөөр байна? Түүнийгээ сонго.

    Хоёрдугаарт: Сонгосон 2 зорилтуудын дагуу хийж эхлэх ажлуудаа ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТДАНД оруул. Тэгэхгүй бол бөөн хоосон амлалтууд, юунаас эхлэхээ мэдэхгүй байсаар байтал нэг л мэдэхэд шинэ жилийн зорилтууд маань талаар болж өнгөрдөг.

    АМЖИЛТЫН ТАРНИ

    Миний хувьд энэ жил амьдралаа илүү сайхан болгох боломж дахин гарч ирж байна!

     


     

    ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ

    ХҮС. ХИЙ. ХҮР.

     


     

  • Гүржавын БАТПҮРЭВ

    Аймгийн арслан, бөхийн чөлөөт барилдааны ОУХМ
    Тэрээр элдэв найраа, допингтой холилдон, ёс жудаг нь алдарч буй Монгол бөхийн өв соёлыг язгуур үнэт зүйл, уламжлалаар нь бүрэн бүтэн сэргээж өвлүүлэхийн төлөө хичээн ажилладаг нэгэн билээ.
    Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын уугуул, үндэсний бөхийн аймгийн арслан цолтой бөх. ” Хөвсгөлийн хүчтэн ” дэвжээнд багш, дасгалжуулагчаар ажилладаг. Сар шинийн барилдааны үеэр олгодог УИХ-ын гишүүн Л.Гүндалайн “Улсын цолд ойрхон бөх ” шагналыг анх хүртсэн бөх. 
    2001 онд Орхон аймгийн баяр наадамд Завхан аймгийн харъяат Л.Нямсүрэнгээр долоо даван түрүүлж “Аймгийн арслан” цол хүртсэн. Тэрээр ээжийн талаас бөхийн удамтай. Төрсөн ах Г.Цогтоо нь сумын заан цолтой.

    Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын харъяат аймгийн арслан, бөхийн чөлөөт барилдааны ОУХМ Гүржавын Батпүрэв гэж хүн 2000-аад оны эхээр Монголд зартайхан л залуу явлаа. Тухайн үедээ бол биеийн хийц галбир зурмал юм шиг л маягийн амьтан байсныг мэдэх юм. Орхоны суугуул байх. Лав л тэнд цөөнгүй жил Хангарьд СХ-нд харъяалалтай хүчийг үзэж явсан санагдана. Ер нь Г. Батпүрэв гэж ямархан бөх явсаныг үеийнх нь сайчууд надтай надгүй хүүрнэн өгүүлэх бизээ. Түүний тухай өөрийн мэдэх багахаан зүйлсийг доор сийрүүлэе. 

    Тэрээр:

    2001 он. Орхон аймгийн баяр наадамд уртай, ураатай Завханы Лувсанрагчаагийн Нямсүрэнгээр 7 даван түрүүлж аймгийн арслан цолонд хүрч байв. Тухайн үеийн Л. Нямсүрэн гэдэг чинь бас л гайхамшиг байсым шүү. Орхонд “Заан” болж анх тодорч байсан.

    2004 он. Бага наадам буюу ХҮII жарны модон бичин жилийн цагаан сарын барилдаанд аймгийн арслан Г. Батпүрэв 4 давж 5-н даваанд Өсөхөө аваргын аманд гарч барилдан “Улсын цолонд ойрхон бөхийн шагнал” гардав.

    2006 он. Их Монгол 800 их ойн баяр наадамд төрийн наадмын начны даваанд шилдэг харцага Түмэнсанжаагийн Мөнгөнцоожтой хүчийг үзээд тахим буулгав.

    2006 он. Бөхийн Чөлөөт барилдааны ААШТ-ээс 96кг-д хүрэл медаль хүртэв. Мөн УАШТ болон дотоодын уралдаан тэмцээнүүдэд чөлөөт бөхөөр үзүүлсэн амжилт нь багагүй шиг санагдана.

    Мөн 2007 оноос эхлэн МУГТ, МУ-н заан Сарангэрэлийн Хүрэлбаатарын хамтаар Хөвсгөлийн хүчтэн дэвжээг байгуулалцан багш дасгалжуулагчаар ажиллаж явна. Жич: Бөө мөргөл, мөнх тэнгэр шүтлэгтэй тэрээр өөрийн шавь нар болох Аймгийн арслан Чинчулууны Батчулууныг ХӨХЧИРЭНГЭР болгож, залуу бөх Мөнхбатын Цэрэнг ИРТТӨМӨР болгож нэрийг нь солиход хамгийн их нөлөөлсөн хүн байх. Тэр цагаас хойш Хөхчирэнгэр нь улсад начин болж, начнаа батлаад зогсохгүй ДАНШГИЙН АРСЛАН цолонд хүрэв. Харин Ирттөмөр нь өчигдөрийн сумын заануудын барилдаанд шуугиулсан юмдаг уудаа. Дараагийн шавь нь бас хэн гээч “супер” нэртэн тодрохыг цаг хугацаа харуулах биздээ.

    МОНГОЛ БӨХИЙН ХӨГЖИЛ 

    Илтгэгч: ОУХМ, аймгийн арслан Г.Батпүрэв

    “Монгол бөхийн хөгжил” чуулганд тавьсан илтгэл.

    Эв эеийг хичээж, өвөр зуураа хүндлэл барин үнэн мөнөө олдог Монгол ёс жудаг ховордсон энэ цагт үндэсний соёл зан заншил, үндэсний бахархал, үндэсний түүхээ нэхэн санаж, их Монгол сайхан заншлаараа ерөөл өргөн хуран чуулж буй эрдэмтэн мэргэд, ихэс ахас, элэг нэгт ахан дүүс, үйл нэгт анд нөхөддөө чин сэтгэлийн хүндлэл өргөе.Хүлээж авна уу.Үнэнийг эрхэмлэж, хуран чуулсан бүхэнд энэ сайхан орд өргөөний ерөөл билиг орших болтугай.Их түүхийн минь бахархал, Их Монгол хүмүүн заяатны сүр хүч болсон МОНГОЛ БӨХ, МОНГОЛ БӨХИЙН ХӨГЖИЛ-өөр бүтсэн Их түүхийг нэхэн сэрээж, ёс талбин хэлэлцэж буйдаа өчүүхэн миний бие сэтгэл дүүрэн байна.Бас эмээж байна.Учир юун хэмээвээс мянга мянган жилээр баттай хөгжин ирж, өнөө бидний үнэтэй бүхний баталгаа болсон эцэг өвгөдийн агуу их эрдэм мэдлэгийн санг дутуу тайлж, дундуур айлтган ём төрдөө алдас хийх вий хэмээн эмээчихүй.Гэвч өвгөдийн үлдээсэн буяныг өнөө эдэлж байхуйн хувиар эргэн хариу барьж, ирээдүй хойчдоо үнэний мөр дор үе уламжлуулан залгах үүргийг ухаж, өнөө та бүхэндээ ийнхүү итгэл сэтгэлээ дэлгэн байна.Хүлээн авна уу.Өчүүхэн миний ухсанаар МОНГОЛ БӨХИЙН ХӨГЖИЛ хэмээх энэ агуу үнэнийг тайлахуйн мөр дор гурван зүйл дээр хүч өгч, ёс тайлан хэлэлцвэл өнөө бидний энэ нарны үйл хэрэгт ойр байх болов уу хэмээн сэтгэнэ.Үүнд:Нэгдүгээрт, МОНГОЛ хэмээхүйн учгийгХоёрдугаарт, МОНГОЛ БӨХ хэмээхүйн учрыгГуравдугаар, МОНГОЛ БӨХИЙН ХӨГЖИЛ хэмээхүйн үнэнийг ёс зохирон хэлэлцвэл зүй байх аа.МОНГОЛ хэмээхүйн учиг нь хүмүүний?бие эх байгаль, дэлхий дээрээ мөр үзэж, бие унасан цагаас хойш өнөөгийн их төрт ёс, Их Монгол улс болон хөгжсөн Их түүхийн минь АМИН ЧАНАР юм байна.Энэ бол та бидний амь, та бидний сүнс сүлд, та бидний сүр хүч юм байна.Тэгвэл энэхүү амийг бөхөлж, сүнс сүлдийг дээдлэж, сүр хүчийг шингээсэн нь МОНГОЛ БӨХ байдаг юм байна аа.Тиймээс МОНГОЛ БӨХ нь Монгол хүний эрх чөлөө, Монгол Улсын Тусгаар Тогтнолын баталгаа мөн.МОНГОЛ БӨХ-ийн сүр хүчийг илтгэгч нь эртний Их түүх, ИХ МОНГОЛ АМИН ЧАНАР-аар бүтсэн БӨХ ЭРДЭМ юм.БӨХ ЭРДЭМ нь шүтэхүйн их ёс, урлахуйн их барилдлагаар бие бүтээх ЭРДЭМ юм.Иймээс БӨХ ЭРДЭМ-ийг эзэмшиж, БХ БАРИЛДАНА гэдэг нь МОНГОЛ АМИН ЧАНАР-ыг шүтэн дээдэлж, Монгол ёс жудагаар урлан барилдахыг хэлнэ.БӨХ БАРИЛДАХ ЭРДЭМ нь 3 зүйлийн хүчин дор ёс бүтвээс мөр төгс болму.Нэгдүгээрт: Их түүх буюу эцэг өвгөдтэйгээ шүтэн барилдаж, тэнгэр ертөнцтөө зохирох.Шүтэн барилдаж зохирохгүй аваас сүнс, сүлд үгүй болно.Хоёрдугаарт: Уул ус, эх дэлхийтэйгээ шүтэн барилдаж, ураг төрөлдөө зохирох.Шүтэн барилдаж, зохирохгүй аваас сүр хүч үгүй болно.Гуравдугаарт: Зан заншил, ахуй соёлтойгоо шүтэн барилдаж, улс гэртээ зохирох.Шүтэн барилдаж, зохирохгүй аваас эзэн бие үгүй болж, ид хав тамир тэнхээ, бяр чадал доройтон энэ бие сүйрнэ.Энэхүү шүтэн барилдахуйн гурван их ёс мөрийг төгс цогцлоон бүтсэн БӨХ ЭРДЭМ-ийг биенээ бүрэн шингээж, яс цусны алтан боломжоор бие удамшуулж, эзэн биений сүнс сүлд, энэ биений сүр хүчийг илтгэгчийг МОНГОЛ БӨХ гэнэ.Иймээс МОНГОЛ БӨХИЙН ХӨГЖИЛ хэмээх үнэний мөр ёс нь дээр өгүүлсэн МОНГОЛ хэмээхүйн учгийг зөв татаж, МОНГОЛ БӨХ хэмээхүйн учрыг бүрэн тайлан Их түүхийг бүтээж амьдрах их үйл хэрэг байх ёстой.МОНГОЛ БӨХИЙН ХӨГЖИЛ хэмээх үнэний үйл хэрэг нь:Нэгдүгээрт: Тэнгэр ертөнцтөө зохирох төрийн их тайлга тахилга, түүнийг ёс төр гэрлүүлэх төрийн их наадмын үйл хэрэг байдаг байна.Хоёрдугаарт: Ураг төрөлдөө зохирох уул усны их тайлга, түүнийг ёс төр гэрлүүлэх яс үндэсний дэг соёлыг өргөх их үйл хэрэг байдаг байна.Гуравдугаарт: Улс гэртээ зохирох ахуй соёлын их үйл хэрэг, түүнийг ёс төр гэрлүүлэх түмэн олноо түшсэн бөхийн галын дэг соёлоор бүтээх их үйл хэрэг байдаг байна.Дээрхи 3 их үйл хэргийг бүрэн бүтэн ём мөр зохирч өргөснөөр МОНГОЛ БӨХИЙН ХӨГЖИЛ хэмээх үнэн ёс төр бүтнэ.Энэхүү үнэний дор МОНГОЛ БӨХ бүтсэн билээ.Үүнийг мартаж, үүнийг үгүйсгэж, үүнийг гээвээс МОНГОЛ БӨХИЙН ХӨГЖИЛ алдарч МОНГОЛ БӨХ үгүй болно.Өчүүхэн миний тайлсан үнэний мөр ёс ийн буюу.Өнөө та бүхэндээ өргөж буй өчүүхэн миний энэхүш тайлал ихэс ахас, элэг нэгт анд нөхөд та бүхний мэлмий сонорт хүрч, ёс төр оршвоос сэтгэл амарч, санаа гүйцэх болно. Та бүхэн гэгээн оюундаа тунгаан шүүж, сэтгэлийн тольтдоо хиргүй тусгаж, ирэх цагийн их үйл хэрэгтээ нэгэн гарцаар болгоож, их эе эвийг авчрахын мөрд үнэн мөнийг ялган салгаж ажаам уу.Эцэг өвгөдийн минь их сүнс сүлд, сүр хүч та биднийг ивээх болтугай.МОНГОЛЫГ МӨНХ ТЭНГЭР ИВЭЭГ.

    Г.Батпүрэв