Category: media-content

  • Өнгөт хэвлэл үйлдвэрийн хэвлэх үйлчилгээ

    ӨНГӨТӨӨР СЭТГЭЕ!

    Өнгөт хэвлэл компани нь Богд хаант засгийн газрын шийдвэрээр 1912 онд байгуулагдсан 104 жилийн түүхтэй анхны хэвлэх үйлдвэр юм. Өдгөө орчин үеийн өндөр хүчин чадал бүхий тоног төхөөрөмжийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлж, бүх төрлийн хэвлэлийн ажлыг бүтээж байна. 2012 онд 100 жилийн ойгоороо 2 тэрбумын хөрөнгө оруулалт хийж хэвлэлийн технологиор дэлхийд тэргүүлэгч Японы KOMORI, Германы AGFA технологийг нэвтрүүлсэн. Өрсөлдөхүйц үнээр, өндөр чанартай хэвлэл, оёо, хатуу хавтас, брэндинг, сав баглаа, боодол хийх цогц технологитой.

    Бид компанийхаа дэргэд БҮТЭЭЛЧ МОНГОЛчуудынхаа үйлс бүтээлийг дэмжиж маркетингийн зөвлөгөө өгч бойжуулах төвийг улам өргөжүүлэн ажиллуулах бөгөөд Монгол агуулга, дизайн, үндэсний бүтээгдэхүүн хөгжилд орлогынхоо 5%- ийг зориулдаг юм.

    Богд хаант засгийн газрын шийдвэрээр 1912 онд Улсын хэвлэлийн үйлдвэр байгуулагдсан нь ӨНГӨТ ХЭВЛЭЛ компанийн үүсэл болсон улсынхаа ууган үйлдвэр юм. Өдгөө ӨНГӨТ ХЭВЛЭЛ компани нь орчин үеийн өндөр хүчин чадал бүхий тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлэн ажиллаж, хэрэглэгчдийн хүссэн загвар хэмжээгээр бүх төрлийн хэвлэмэл бүтээгдэхүүнийг богино хугацаанд чанартай гүйцэтгэх эрхэм зорилготой ажиллаж байна.
    Манай компани нь Герман улсын AGFA фирмийн хэвлэлийн өмнөх хавтан боловсруулах CTP төхөөрөмж, офсет хэвлэлийн Япон улсын KOMORI фирмийн 5 өнгийн хэвлэх машин, дижитал хэвлэлийн АНУ-ын EPSON фирмийн өргөн форматын хэвлэгч, хэвлэлийн дараах Герман улсын Stahi фирмийн нугалааны машин, Martini фирмийн цуглуулга, үдээ, 3 тал огтлооны шугам, Япон улсын Yoshino фирмийн цуглуулга, цавуу, 3 тал огтлооны шугам, БНСУ-ын Gmp фирмийн төрөл бүрийн бүрэлтийн машин, Daeho фирминй цаас огтлооны машин, Han IL фирмийн утсан оёоны машин зэрэг шинэ тоног төхөөрөмжүүдийг ашиглаж, БНСУ-ын Hansol, Moorim, БНХАУ-ын UPM Kymmene, Тайваны Pulp цаасан дээр бүр төрлийн офсет хэвлэл, сав баглаа боодол, стикер хэвлэлээр үйлчилж байна.

    ХОЛБОО БАРИХ

    Утас: 77118895, 77118897

    www.facebook.com/ungut.khewlel

    Шуудангийн хаяг: УБ-20А-Ш/Х-40

    Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий сайд Амарын гудамж- 2

  • Д.БАТМӨНХ- Ус судлал, “Усны Ассоциаци” ТББ-ын тэргүүн

    Ус судлал, Техникийн ухааны доктор, “Усны Ассоциаци” ТББ-ын тэргүүн

    Д.БАТМӨНХ: МОНГОЛ УЛСАД УСНЫ НӨӨЦИЙГ БОДИТОЙ ТОГТООХ МАТЕМАТИК ТООН ЗАГВАРЫН АРГА ХЭРЭГТЭЙ 

     
    Манай улс байгаль дахь усны нөөцийг тогтоох хайгуул, судалгааны ажлыг Улсын төсвийн болон хувийн хөрөнгө оруулалтаар жил бүр их, бага хэмжээгээр хийдэг. Хэн хүний анзаараад байдаггүй хэрнээ Монгол Улсын амин чухал болсон усны хайгуул, судалгааны ажлыг хэн, хэрхэн баталгаажуулдаг, ажлын арга зүй, тогтоогдсон нөөц баталгаатай эсэх зэрэг олон асуудал өнөөдрийг хүртэл маш их эргэлзээ дагуулсаар байгаад миний бие анхаарал хандуулж байна.

    Байгалийн усны нөөцийг гадаргын ус ба газрын доорх усаар тооцож тогтоодог. Монгол орны байгалийн усны нөөцийн 90 гаруй хувь нь гадаргын ус, зөвхөн 2 хувь нь газар доорх ус гэж үздэг. Гадаргын усны 82 хувь нь нууран, 10.4 хувь нь мөстөл, мөсөн голд, 5.6 хувь нь гол, мөрөнд байдаг. Улсын хэмжээнд 2010 онд нийт хэрэглэсэн 553.0 сая. мЗ усны 80 гаруй хувь буюу 443.0 сая. мЗ усыг газар доорх уснаас ашигласан тооцоо бий.

    Монголын усны нөөц

    Энэ нь манай улс газар доорх усны нөөцөө үлэмж ихээр хэрэглэдэг болохыг харуулж буй бодит үзүүлэлт юм. Манай орны нийгэм, эдийн засгийн үндсэн хэрэглээ нь газар доорх цэнгэг усны нөөцийн олборлолтод суурилсан байна. Бид гадаргын усаар нийт хэрэглээнийхээ 20 хүрэхгүй хувийг, харин нийт нөөцийн хоёр хүрэхгүй хувийг эзэлдэг газар доорх усаар хэрэгцээнийхээ 80 гаруй хувийг хангадаг.

    Гэтэл байгалийн усны эргэлтээр маш удаан хугацаанд нөхөн сэргэдэг газар доорх усыг бид үлэмж хэмжээгээр ашиглаж байгаа нь эмгэнэлтэй явдал юм. Аль ч түвшинд бид газар доорх усныхаа нөөцийг үнэн зөв, баталгаатай, боломжит хугацаанд ашиглахаар тогтоох нь байгаль экологи, хүн ам, үйлдвэр, хөдөө аж ахуйн хөгжлийн бодлого, төлөвлөлт зэрэг улс орны амин чухал олон асуудалтай шууд холбоотой байдаг.

    Сүүлийн жилүүдэд уул уурхайн томоохон орд газрыг ашиглах, хүн амын төвлөрөл, хот суурин газрын өргөжилт, зам харилцаа зэрэг олон асуудалтай холбоотойгоор усны хайгуул, судалгааны ажлын тоо, хэмжээ ихээхэн өсч байна. Тухайлбал, баг, сум, аймгийн төвийн усны нөөцийг тогтоохоос эхлээд томоохон аж үйлдвэрийн цогцолборын усан хангамжийн эх үүсвэрийг тогтоох зорилт шинээр тавигдах боллоо.

    Ийм нөхцөлд бид газар доорх усны нөөцийг аль түвшинд судалж, ямар арга зүйгээр тогтоож байгаа, энэхүү арга, технологи бодит байдлыг бүрэн төсөөлж, илэрхийлж чадаж байна уу, үгүй юу гэдэг асуудлыг зайлшгүй хөндөх нөхцөл шалтгаан үүсээд байна. Ингээд газар доорх усны нөөцийг тооцох арга зүй ямар түвшинд байгааг та бүхэнд товч толилуулья.

    Энэ тухай БОАЖ-ын сайдын 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/28 дугаар тушаалаар “Газрын доорх усны нөөцийг хүлээн авах ангилал, зэрэглэл” -ийн аргачилсан заавар батлагдсан байдаг. Энэхүү зааврын дагуу “…Газар доорх усны нөөцийг хэмжээг зөвхөн баланс, гидравлик, гидродинамикийн /Аналитик/ аргаар А,В,С болон хэтийн төлөвийг Р зэргээр үнэлж тодорхойлохоор, харин нөөцийн үнэлгээнд нэмэлт тооцооны хэлбэрээр загварчлалын /Математик тоон загвар/ болон бусад хувилбарын аргыг хэрэглэж болно …” гэж заасан байдаг.

    Зааварт газар доорх усны нөөцийг тооцох орчин үеийн математик тоон загварыг үндсэн бус гэж үзсэн байна. Усны нөөцийн тооцоонд одоо ашиглаж байгаа аналитик аргууд нь математик талаасаа энгийн, нарийвчлал багатай байдгаас хэрэглэхэд учир дутагдалтай байдаг. Тухайлбал, тухайн ай савд орж буй хур тунадас, усны ууршилт, шүүрэлт, динамик нөхөн бүрдүүлэлт, газар доорх үндсэн урсац, голын ай сав дахь усны хуримтлалын өөрчлөлт зэргийг сайтар судлан тогтоож, тооцон гаргах боломжгүй юм.

    Байгаль орчин, Ногоон хөгжлийн яамны дэргэдэх Усны нөөцийн зөвлөлийн зарим нэг гишүүн тухайлбал, доктор Р.Баттөмөр орос сурах бичигт байдаг газар доорх усны нөөцийн 50 хүртэл хувийг 25 жил ашиглана гэсэн арга зүйг мөрддөг. Тухайн нутгийн газар доорх усны 50 хүртэл хувийг ашиглах арга зүй нь байгаль орчинд, ялангуяа говийн бүсэд хуурайшил, доройтол бий болгох харгис гэхэд хатуудахгүй арга, технологи болох юм.

    Усны хэрэглээний хэтийн төлөв

    Аливаа зүйл заавал эзэн холбогдогчтой байдаг бол доктор Р.Баттөмөр нь “Усны нөөцийн зөвлөл”-ийн гишүүнийхээ нэрийг овжиноор ашиглан олон жил усны компаниудыг дарамтлах, зөвхөн түүний зөвшөөрснөөр усны нөөц баталдаг цаасан дээр бичигдээгүй дүрмийг биечлэн үйлдэн түүндээ баясан төрийн байгууллагын ажилтнуудыг гүтгэн доромжлох, матах ажлыг ёс зүйгүй хийсээр байна.

    Бид бүхэн ирээдүйгээ л боддог бол Монгол Улсын эрх ашиг нэгдүгээрт бичигдэх, тавигдах ёстой. Өнөөдөр газар доорх усны нөөцийн 50 хүртэлх хувийг 25 жилийн хугацаанд ашиглах боломжтой хэмээн баталгаажуулж байгаа нь Усны тухай хууль, Төр болон хувийн хэвшлийн ус ашиглах санал болон байгаль орчны өөрчлөлтийг сайтар харгалзаагүй, зарим талаар саналыг боогдуулсан тоо болоод байна.

    Энэ талаар судлаач миний бие өөрийн саналыг одоо л хэлэхгүй бол оройтож мэднэ. Тухайлбал, Сайншанд аж үйлдвэрийн цогцолборт барихаар төлөвлөж буй Кокс-химийн үйлдвэр нь тасралтгүй 30 жил ажиллах технологийн горимтой бол 25 жилээр усны нөөцийг өгөх ямар ч боломжгүй юм.

    Тооцоонд одоо мрдөж буй 25 жил гэдэг тоо бол байгалийн усны эргэлттэй огт хамааралгүй, социализмын үеэс мөрдөж ирсэн өрөмдмөл худгийн ашиглалтын хугацаатай холбоотой буюу эдийн засгийн утга агуулга илэрхийлдэг. Энэ мэт буруу хандлага, тоо, зарчим Монгол Улсын усны нөөцийг тогтоох маш хариуцлагатай ажилд одоо болтол амь бөхтэй оршиж байгаа нь цаашид усны нөөцийг бодитой тогтоох, хөгжлийн бодлого, төлөвлөлтийг ханган хэрэгжүүлэхэд маш их тээг саад болоод байна.

    Дэлхийн хуурай болон хагас хуурай бүс дэх улс орнууд газар доорх усны нөөцийнхөө 10 хувиас хэтрүүлэхгүй ашиглахаар төлөвлөдөг. Ийм бүс дэх ус хэрэглээг гол төлөв, хур борооны усыг хуримтлуулах болон усны нөөцийг өөр бүс нутгаас тээвэрлэн хангахаар шийдвэрлэдэг. Харин хур тунадас элбэгтэй Европын орнуудад газар доорх усны нөөцийг бараг ашигладаггүй зөвхөн ил задгай усны эх үүсвэрийг хуримтлуулан хэрэглээгээ хангадаг.

    Миний бие байгалийн усны нөөцийн тооцоонд орчин үеийн арга зүйг яагаад ашиглахгүй, цааргалаад байгааг гайхдаг ч, цаанаа ямар нэгэн шалтгаантай учраас арга зүй, тэр битгий хэл Усны тухай хуульд  “2012 оны 05 дугаар сарын 17-нд томоохон өөрчлөлт орсон байх магадлалтай. Тухайлбал, Усны тухай хуулийн 21.1-д “…Усны нөөцийн хайгуул, судалгааны ажил эрхлэх мэргэжлийн байгууллагын эрхийг зөвхөн дотоодын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид олгоно …” гэсэн заалтыг оруулсан байдаг.

    Энэхүү заалт нь Монголд усны хайгуулын ажил эрхэлж байсан гадны аж ахуйн нэгжүүдэд цохилт болж, харин үндэсний аж ахуйн нэгжүүдийг дэмжиж өгсөн юм. Хуулийн энэхүү өөрчлөлтөөс өмнө Монголд усны хайгуул хийдэг гадны хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд газар доорх усны нөөцийн тооцоондоо математик тоон загварыг нэвтрүүлж, тооцоог усны нөөцийн зөвлөлд танилцуулж байжээ.

    Харин Усны нөөцийн зөвлөлд ажиллаж байсан нэр бүхий гишүүд математик загвар манайд таарахгүй, хэрэглэх шаардлагагүй гэж үзэн БОАЖ-ын сайдын 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/28 дугаар тушаалаар “Газрын доорх усны нөөцийг хүлээн авах ангилал, зэрэглэл”-ийн аргачилсан зааврыг мөрдөхөөр зааж усны тухай хуульд өөрчлөлт оруулах санал гаргасан байдаг. Санал ч дэмжигдсэн.

    УСНЫ НӨӨЦИЙН ТОО, ХЭМЖЭЭГЭЭ ЗӨВ ТОГТООХЫГ ЗӨВХӨН БИ БИШ ОЛОН УЛС ШААРДААД БАЙГААГ АНЗААРЧ, ОРЧИН ҮЕИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН АРГА ЗҮЙД ШИЛЖИХ НЬ ЗӨВ ЮМ.

    Дээрх зааврыг аль ч утгаар нь аваад үзсэн газар доорх усны нөөцийг социализмын үеэс хэрэглэж ирсэн арга, аргачлалаар тооцохоор боловсруулжээ. Уг нь хуулинд өөрчлөлт оруулахын өмнө бид загварын мэргэжилтнүүдийг бэлтгэж, гадны мэргэжилтнүүдийн хийж байсан математик тоон загварыг эзэмшсэн бол дэвшил болох байлаа.

    Гэтэл яг өнөөдрийн байдлаар боловсон хүчний болон бодлогын хувьд харин ч ухарсан түвшинд очсон нь маш харамсалтай. Тэр битгий хэл энэ заалттай холбоотой гадаадын хөрөнгө оруулалт буурсан байх өндөр магадлалтай. Хамгийн энгийн жишээ бол үйлдвэр, уул уурхайн гадаад хөрөнгө оруулагчид усны нөөцийн тоо хэмжээнд эргэлзэж эхэлсэн байдаг.

    Математик тоон загварын программ хангамж нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга зүй бөгөөд бидний уламжлалт аргаар бодсон усны нөөцийн тоо хэмжээнд гадны хөрөнгө оруулагч нар эргэлзэж л таарна. Тиймээс гадныхан усны нөөцийн тооцоонд орчин үеийн арга зүй хэрэглээгүй л бол хүлээн зөвшөөрдөггүй. Цаашлаад дотоодын хөрөнгө оруулагчдад олон улсын санхүүгийн байгууллагаас мөнгө зээлэх боломж олдохгүй.

    Олон улсын ямар ч банк томоохон үйлдвэр эрхлэгчдээс усны нөөцийн баталгаа шаарддаг. Үүний тод жишээ бол Үйлдвэр, Хөдөө аж ахуйн яамнаас 2014 оны 04 дүгээр сарын 21-ны өдөр “Өдрийн сонин”-д нийтлэгдсэн нэгэн зөвлөх үйлчилгээний тухай зарлал юм. Зарлалд, Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор төслийн гүний усны нөөцийн тайланг олон улсын стандартад нийцүүлэн батагаажуулах зөвлөх үйлчилгээ авахаар заажээ.

    Эндээс нэг зүйл ажиглагдаж буй нь БОНХЯ-ны дэргэдэх “Усны нөөцийн зөвлөл” Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын усны нөөцийн тайланг хэлэлцэж мэргэжлийн дүгнэлт гаргах эрх бүхий зөвлөл мөн. Гэтэл зөвлөлийн баталгаажуулсан тайланг хэн нэгэн дахин баталгаажуулах шаардлагатай болж байгаа нь тун ойлгомжгүй болчихлоо.

    Эндээс “Усны мэргэжлийн зөвлөл”- ийн баталсан арга зүй олон улсад хүлээн зөвшөөрөгдөхгүй байна гэсэн дүгнэлт гарахаар байна. Бид яах ёстой юм бэ. Хэний бодлого зөв, хэн тайланг эцсийн эцэст баталгаажуулах вэ. Хэрэв бид арга зүйдээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарт бүхий математик тоон загвар ашиглахаар заасан бол асуудал огт үүсэхгүй байлаа.

    Харин одоо усны нөөц бодох математик загвар ашигласан тайланг “Усны нөөцийн зөвлөл”-өөс баталгаажуулах болов уу, арга зүйд таарах уу, эсвэл уламжлалт аргаар бодсон нь зөв гэж үзэх үү. Олон асуудал үүсч байна. Мэдээж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргад тулгуурлах нь маргаангүй зөв гэдэгтэй хүн бүхэн санал нийлнэ.

    Дээр дурдсан томоохон уул уурхай, аж үйлдвэрийн цогцолбор зэрэг ихээхэн ус хэрэглэгчийн эх үүсвэрийн усны нөөцийг зөвхөн математик тоон загвар ашиглан бодохоос өөр гарц, боломжгүйг хөгжлийн чиг хандлага харуулаад байна. Математик тоон загвар хэрэглэх цаг нь ч болсон, ер нь ч оройтох хандлагатай байна.

    Тоон загварын арга нь байгалийн нөхцөлийг / өрөмдлөг, геофизик, геологи, гидрогеологи, геоморфологийн судалгааны өгөгдөхүүн дээр үндэслэн/ загварт адилтган оруулж, загварын талбайн дотоод, гадаад хил хязгаарыг тогтоож, гадаргын ба агаарын мандлын усны харилцан хамаарлыг тооцож, хил заагаар орж ирэх усны хэмжээ, ус шүүрэлтийг орон зайн гурван хэмжээсийн дагуу тогтоож, улирал, жил гэсэн цаг хугацааны өөрчлөлтийг тооцон дөрвөн хэмжээст математик тоон загвар боловсруулах программ хангамж ашиглахад оршиж байгаа юм.

    Доктор Д.Батмөнх усны асуудлаар дагнан судалгаа явуулж, нийтлэл бичдэг.

    Загвар нь усны нөөцийг тогтоосон хугацаанаас хойш улирал, жилээр сайжруулах олон давуу талыг агуулж байдаг. Загварын тусламжтайгаар тухайн ордын ус ашиглалтаас үүсэх байгаль орчны (орчны хуурайшилт, өвс ургамлын гарц, гар худгуудын усны түвшин) болон газар доорх усны түвшингийн еөрчлөлтийг тогтоох, усны динамик нөхөн бүрдүүлэлтийг тооцох, ажиглах, ордын усны нөөц хомсдохоос урьдчилан сэргийлэх олон давуу талтай.

    Эл сэдвийн дор үлдээж, дуугүй өнгөрч болохгүй бас нэг чухал сэдэв бол газар доорх усны хайгуул судалгааны ажлын техникийн даалгавар боловсруулах ажилд ноцтой дутагдал оршиж байна.

    Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгддэг ихэнх газар доорх усны хайгуулын техникийн даалгаварт ажлын тоо, хэмжээг тодорхой заадаггүй /газар нутгийн хэмжээ, цооногийн гүн, эхний болон эцсийн голч гэх мэт/ нь ажлыг олон жил дамжуулан хийх, эцсийн үр дүнг тодорхой бус болгох, хөрөнгө мөнгө үрэгдүүлэх боломж нээлттэй хэвээр байна.

    Байгаль орчин, Аялал жуулчлалын яамны “Усны газар”-аас 2012 оны 03 дугаар сарын 28-ны өдөр боловсруулагдсан Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг Бор хөөвөрийн говьд “Сайншанд аж үйлдвэрийн паркийн усан хангамжид зориулсан газрын доорх усны нарийвчилсан хайгуулын гидро-геологийн судалгаа”-ны ажлын техникийн даалгавар байдаг.

    Энэхүү даалгаварт Бор хөөвөрийн говьд судалгааны ажил хийнэ гэж заасан байтал “Сайн усны говьд” судалгаа хийгдсэн тухай тайлан “Усны нөөцийн зөвлөл”-д орж ирж байх жишээтэй. Даалгаварт анхнаасаа ажлыг тодорхой зааж өгөөгүй, хяналт сайн тавиагүйн балаг энэ юм. Зөвлөлийн гишүүд ч ямар даалгавартай байсныг сайн ойлгоогүй байдаг.

    Хэрэв Аудитын байгууллага сүүлийн хоёр жилд хийгдсэн усны хайгуул, судалгааны ажлуудын техникийн даалгавар, ажлын эцсийн үр дүнг харьцуулан үзвэл ихээхэн сонирхол татах биз ээ. Уг нь техникийн даалгаварт заасан ажлыг төсөв зохиох дүрмийн дагуу үнэлэх, тооцох боломж байх ёстой.

    Гэтэл яагаад ч үнэлэх боломжгүй техникийн даалгаварууд одоо ч боловсруулагдсаар байгаа нь анхаарал татдаг. Хайгуулын шатны аль ч ажил байсан геофизикийн хайгуулын ажлын хэмжээ, өрөмдөх цооногийн гүн, голч зэрэг бодитой хэмжээг тусгаж оруулах боломжтой юм.

    Техникийн даалгаварт байх ёстой наад захын үзүүлэлтүүдийг оруулж өгөөгүйн улмаас хөрөнгө оруулалт дутагдах, ажил зогсох, он дамжин санхүүжих гэх мэт сөрөг үр дагаварууд үүсгэдэг. Судлаачийн анхаарлыг татаад байгаа асуудлын гол нь, хэн энэ бүхнийг зохион байгуулалтад оруулж, хууль дүрэм, нөхцөл байдлыг тодорхойгүй болгоод байгаад усны салбарынхан, Төр захиргааны байгууллагууд анхаарал хандуулах цаг нь болжээ.

    Хэрэв бид цаашид цеөн хүний одоогийн арга барил, ёс суртахуун, зохион байгуулалтад автах аваас нийгэм, олон нийтэд маш том эрсдэл авчрах аюултай үзэгдэл үргэлжилсээр байх болно. Усны асуудал бол улс орны хэмжээний чухал асуудал гэдэгтэй хүн бүр санал нэгдэнэ гэдэгт миний бие судлаач, эрдэмтэн хүний хувьд итгэлтэй байна.

    Бид хариуцлагагүй байдал гэдгийн ард нуугддаг хэсэг бүлэг хүмүүсийн жижигхэн эрх ашгийг анзаарч, эх орныхоо хөгжил, ирээдүйг нэгдүгээрт тавимаар байна. Өөрийн гэсэн толгойгүй утсан хүүхалдэйнүүд олширвол улсын хөгжил уруудахын шинж энэ яах аргагүй мөн юм.

    Монгол улсад усны нөөцийг бодитой тогтоох олон улсад зөвшөөрөгдсөн математик тоон загварын аргыг хэрэглэж эхлэхийг өнөөгийн бодит байдал буюу ирээдүй шаардаад байна. Орших уу, эс орших уу гэдэг чинь явж явж устай холбоотой асуудал юм шүү дээ. Тэгээд ч усны НӨӨЦИЙН TOO, хэмжээгээ зөв тогтоохыг зөвхөн би биш олон улс шаардаад байгааг анзаарч, орчин үеийн стандартад нийцсэн арга зүйд шилжих нь зөв юм.

    Эх сурвалж:  2014.06.02 | Vip76.mn

  • Төмөрдөшийн БАЯРХҮҮ

    Холбоос овогт Төмөрдөшийн БАЯРХҮҮ

    1963 онд Улаанбаатар хотод төрсөн.

    Монгол судлаач, Монголын хаадын гүн ухаан судлаач, Эдийн засгийн ухааны доктор

    Монсоник ХХК-ийн  захирал, Монгол ухаан эрдмийн хүрээлэнгийн тэргүүн, Өргүй Монголын төлөө хөдөлгөөний тэргүүн, Эх Орончдын Нэгдсэн Эвслийн Тэргүүн
    Одоогоор тэрээр үндэсний үзэлд суурилсан Монголын хөгжлийн чиглэлээр нийтлэл, ярилцлага, олон нийтийн үйл ажиллагаанд төвлөрөн ажиллаж байна.

    Монсоник компани нь худалдаа, хөрөнгө оруулалт, үл хөдлөх хөрөнгө чиглэлээр ажиллаж байсан. “Монфреш” үйлдвэрийг үүсгэн байгуулсан. Малайз, Сингапурын бизнес эрхлэгчидтэй өргөн хүрээнд хамтран ажиллаж байсан.

    “Миний зорилго хэн нэгэнтэй өрсөлдөх биш, гагцхүү гажууд тогтолцоог өөрчлөхөд оршино” Т.Баярхүү

    https://www.facebook.com/tbayarkhuu

    Цуврал нийтлэлүүд http://www.sonin.mn/blog/bayarkhuu

    Монголчуудын дийлэнхи нь сэрж, тэмцэлд бэлэн болж байна

    Түүх давтагддаг. Давтагдаж ч байна. 100 гаруй жилийн өмнө бидний өвөг дээдэс маань ингэж халуун амь бүлээн цусаа үл хайрлан тэмцэж өнөөгийн хойчис бидэнд эх нутаг, тусгаар тогтнолыг дуудах нэртэй дуурсах алдартайгаа хамт өвлүүлэн үлдээсэн билээ. Харийн мөнгө хүүлэгч долларын эздийн Монголд зохион байгуулсан ардчилсан Америк либерал хувьсгалын үр дүн 1992 оны Үндсэн хууль гэгчээр Бүгд Найрамдах Манж улсыг бид өөрсдөө ч мэдэлгүй дахин сэрээж сэргээж байгуулжээ. Яг Манжийн дарлалын үеийн мөнгө хүүлэгчдийн Даашинхүү, Буянтын пүүсийнхэн шиг Монголын ард түмнийг өрөнд оруулж барьцаалан мөлждөг харийн ОУВС, Дэлхийн банк, Азийн Хөгжлийн Банк, Европийн Сэргээн Босголт Хөгжлийн Банк,  Голдман Закс, Банк оф Чайна тэргүүтнүүд Монголд дураараа дургиж, төр засагтай нь бүрэн хянана.

     Эдний мөнгийг дамжуулан зээлдүүлж эд нарын өмнөөс Монголын ард түмнийг хянаж, өр барагдуулах үүрэгтэй Хаан, Худалдаа Хөгжил, Хас банк нэртэй харийнхан эзэмшдэг, эсхүл харийнханд бүх хувьцаагаа барьцаалсан дотоодын мөнгө хүүлэгч луйварчид, дээрэмчид, хуульчлагдсан дархлагдсан хулгайч нар. Бүр яг Манжийн дарангуйллын үе шиг.

     Миний бие чухамхүү үүнийг янз бүрийн хэлбэрээр чадлаараа тайлбарлаж ухуулж сурталчилж тэмцэлд уриалж яаж хамтран тэмцэхийг тайлбарлаад даруй хорь орчим жилээ заржээ. Одоо л Монголын ард түмний дийлэнх хэсэг нь сэрж тэмцэлд бэлэн болж байна. Манжийн эзэрхийлэн дарлалын үед бидний толгой дээр зайдагнаж байсан Манж- Хятадын хойчис зулбасга нарт 1990 оноос хойшхи хорин найман жилд хангалттай дарлууллаа бид.Сэрж сэхэж тэмцэж, тэднийг зайлуулж, тэднийг тэжээж удирдаж хянаж буй харийнхнаас Монголын ард түмэн засаглах эрхээ буцаан авах цаг болжээ. Бид яг энэ кинонд дүрсэлсэн лүгээ адил ялна. Үр дүнд нь 1924 онд анх удаа түүхэндээ шинэ үндсэн хуультай болж улсаа мандуулсан шиг Монголын ард түмэн Манжийн дарлалын үеийн Манж Хятадын хойчис болох өнөөгийн МАН-АН дэглэмийг устгаж цоо шинэ бүр цоо шинэ Үндсэн хуулийг нийт түмнээрээ хэлэлцэн баталж сэргэн мандах учиртай. Тиймээ, Мөнх тэнгэрийн хүчин дор мөнхөд орших Монгол түмэн мандан бадрана

    “МОНГОЛ УХААН ЕСӨН ЭРДЭМ” номоос
    Түүхч, Монгол судлаач Н.Нагаанбуу, доктор, Монгол судлаач Т. Баярхүү нарын 2017 онд хэвлүүлсэн “Монгол Ухаан Есөн Эрдэм” ном. Монгол улс сүүлийн 400 жилийн хугацаанд Монгол ухаанаа мартаж хэт харийн үзэл онолд толгой нь эргэж самуурснаас хөгжил буурай байгаа тухай бичжээ. Түвдийн шашны мухар сүсэгт нэрвэгдэж өөрөө ч ойлгохгүй харь хэлээр ламаар ном уншуулдаг хүлцэнгүй дорой болсон, Манжийн үед элдэв хэрэггүй цол хэргэмнээс болж бялдууч долигнуур, ард олноо үзэхгүй болсон, жирийн иргэд алба гувчуурт дарагдан ядуурч олон эх орончид хэлмэгдэж хорлогдсон, коммунизмын үед хэт үзэл сурталжиж мэдэмхий хянуур, хоосон онолч албархаг болсон (гэхдээ сайн зүйлсийг бас дурьдсан байна), одоо капитализмын үзэл сурталд хэт автаж хүний мүсгүй, мөнгөнөөс өөр үнэт зүйлгүй болсон гээд Монголоо алдсан 400 жил. Монгол өөрийн гэсэн цаг тооны бичигтэй байсан бөгөөд тэр нь жилийн улиралд суурилдаг байсан. Монголчууд тухайн жилийн шинэлэлтээ өвөл 2 сард биш намрын өдөр шөнө тэнцдэг 9 сарын 22-нд тэмдэглэдэг байсан. Монголын хавар 3 сарын 22-нд эхэлдэг. Чингис хаан 12 сарын 21-нд буюу өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд төрсөн. Гэтэл түвдийн болон манжийн цаг тооны бичгийг дагаснаас болж түүхийн бүх жил, сарууд буруу болж баяраа ч буруу үед тэмдэглэдэг болсон. Одоогийн цагаан сар бол Түвдийн шашны оруулж ирсэн Зонхова богд нас бараад 63 хоногийн дараа битүүн болдог учраас тэмдэглэдэг болсон. Монгол гэдэг нь Мөнх Гал гэсэн утгатай үг явсаар одоогийн дуудлагатай болсон. Монголчууд эртнээс галыг шүтдэг ард түмэн байсан. Одоогийн соёмбо үсгийн бэлгэдэл бол эртний энэтхэгийн хэлний Э үсэг бөгөөд Монголчуудын эртний шүтээн болох Сар, Нар, Гал гэсэн шүтээнтэй ямар ч хамаагүй. Төрсөн өдрөөрөө лаа үлээж унтраах нь үнэндээ Монгол ёсноос харвал муу ёртой бөгөөд харин ч галын дөл өөдөө гэж ерөөж улам бадруулах ёстой. Монгол сэтгэлгээ нь хоёр туйлт биш гурван тулгуурт. Жишээ нь “Амь-Ахуй-Ухамсар” буюу зөвхөн ахуй анхдагч уу? ухамсар анхдагч уу? гэсэн хоёр туйлт сэдвээр маргах биш энэ хоёрыг амь оруулах гуравдагч Амийг дээдлэгч сэтгэлгээтэй, философитой. Чингис хааны талаар гуйвуулсан түүхүүд дэндүү их байгаа тухай. Чингис хаан эзлэн түрэмгийлэгч байгаагүй харин төрийн гүн бодлогтон, цөөнөөр олныг ялах эрдмийг нээсэн цэргийн суут ухаантай, бүх шүтлэгийг тэгш хүндэтгэж очсон газар бүхэндээ олны сэтгэлийг татсан агуу жолоодогч, ард түмнээ боолчилсон муу хаадыг дарж дэлхий нийтийн соён гэгээрэл төр хууль ёсыг өөрчилсөн сод билигтэн шинэчлэгч, дэлхийг холбосон, хүн төрөлхтөний түүхэнд гайхагдах мөнхийн үйл хэрэг бүтээсэн Монгол хүн, Монголчуудын шүтээн. Цаашид Монгол ухаанаа судалж, түүхээ үнэнээр нь мэдэж, билиг сургаалиудыг нь хэрэгжүүлж, мунхрал, долигнол, албархал, шунамхайрлын харь үзлүүдээс холдож, Монгол ухаан эрдмээ дээдэлж нандигная гэжээ.

  • Маркетинг дЭМжлэг ЖОР- Дуртай ажлаараа амжилтанд хүр

    ДУРТАЙ АЖЛААРАА АМЖИЛТАНД ХҮРЭХЭД ТАНЬ БИД дЭМжинэ!!! 

    8 цагийн сургалт + 2 сарын сурталчилгааны эрх

  • В.УНДРАА: Би хүүхэлдэй зурдаг. Гэхдээ миний хүүхэлдэйнүүд бүгд амьд

    Бүгдийг өөдрөг сайхнаар харж, тэр бүхнээ бүтээлдээ тусгадаг зураач бол В.Ундраа. Ямар ч бүтээлийг нь харахад халуун дулаан хайр энхрийлэл, аз жаргал, байгалийн үзэсгэлэн мэдрэгдэнэ.

    Түүний бүтээлүүдийг гадна дотны урлаг сонирхогчид ихэд үнэлж, өдгөө европын улс орнууд, Солонгос, Япон зэрэг орнуудад айл гэр, албан тасалгааны ханыг нь чимдэг нь бахархмаар.

    “Азиуд их гэр бүлсэг, гэр бүлийн сэдэвтэй бүтээлүүдэд их дуртай. Европууд илүү зохиомжлог зурагт дуртай юм шиг санагдсан” хэмээн тэрбээр хэлсэн юм.

    Ингээд зураач В.Ундраатай ярилцсанаа хүргэе.

    -Та өөрийгөө танилцуулахгүй юу?

    -Намайг Вандангийн Ундраа гэдэг. Би 2000-2005 оны хооронд Дүрслэх урлагийн дээд сургуулийн Уран зургийн Л.Энхбат багшийн ангийг дүүргэсэн. Одоо арав дахь жилдээ уран бүтээлээ туурвиж байна.

    -Таны зургуудыг ажиглахад аз жаргал, хайр, байгаль дэлхийгээ их зурдаг юм шиг санагддаг. Та дандаа ийм чиглэлээр зурдаг уу?

    -2005 онд төгсөөд 2006 онд бид ангиараа хамтарсан үзэсгэлэн гаргахад миний уран бүтээлийн чиг хандлага эхэлсэн. Тэр үедээ би дандаа үндэсний хэв маягтай хатдыг дүрсэлж зурж, их зохиомжилж олон давтамжтай ритмтэй зохиомжуудыг илүүтэй зурдаг байсан. Яваандаа амьдралын ахуй, төрж байгаа мэдрэмжүүдээсээ миний уран бүтээлийн зохиомжууд илүү өгүүлэмжтэй, өнгө тод хурц болж эхэлсэн.

    -Хөх саарал өнгөөр дагнасан нэг зураг байна. Таны бусад зургуудаас арай өөр харагдаж байна л даа.

    – “Чи” гэдэг зураг маань. 2007-2008 оны хоорондох зураг. Яг тэр үед хатдыг зохиомжлох, би өөрөө эмэгтэй хүн болохоор эмэгтэй хүнийг зурвал илүү ойлгомжтой ойр юм болов уу гэж бодсоны үндсэн дээр натураль өнгөнд дурлаж зурж байсан. Миний бүтээлүүд өөрийн өнгөөрөө, будаг хооронд нь хольж зурдаггүй. Өнгөнүүд маань илүү натураль, бодит байгалийн, даруухан байсан. Бор, улаан өнгөөр илүүтэй зурдаг байлаа. “Чи” гэдэг зураг хайртай хүнээ хүлээж байгаа эмэгтэйн сэтгэлээр зурсан бүтээл болохоор олон замтайгаар дүрсэлсэн.

    -Нэгэн алдартай хүн “Жинхэнэ зураач орондоо хүртэл цаас харандаатайгаа хэвтдэг” гэж хэлсэн байдаг юм билээ. Тэрэн шиг таны амьдралд уран зураг хэр холилдож, хэр шингэсэн байдаг вэ?

    -Би урлантай болоод нэг жил болж байна. Тэрнээс өмнө гэртээ зургаа зурдаг байсан. Ер нь гал зууханд байна уу урланд байна уу гэдгээ мэддэггүй шахуу байсан. Нэг өрөөгөө бараг бүхлээр нь би эзэмшдэг байлаа. Харин урлантай болоод гэр ажлын байр маань тусдаа болсон.

    -Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

    – Байгаль хүн хоёрыг би дандаа хослуулж гаргадаг. Сүүлийн үед модон дотор байгаа хүмүүс юм шиг, тэгсэн хэрнээ тэр хүмүүс нь байшин эсвэл гэрт байгаа юм шигээр дүрсэлсэн урт зохиомжтой бүтээл дээр ажиллаж байна. Одоо “Алтан бийр”, “Хавар” гээд урчуудын эвлэлийн хорооны оролцож болдог үзэсгэлэнгүүд үргэлжилнэ. Тэр үзэсгэлэнгүүддээ оролцохын тулд шинэ бүтээлүүд дээр түлхүү ажиллаж байна.

    –Танай урланд орж ирэнгүүт энэ зураг шууд анхаарал татсан. Маш олон үйл явдлыг нэг дор тусгасан байна. Энэ бүтээлийнхээ талаар ярихгүй юу?

    “Энд” 3 бүтээл

    -Сая 2014 оны сүүлээр зурсан “Энд” 3 гэсэн бүтээл маань. Жишээ нь, энэ хоёр дахь маань байна. Нэг дэх “Энд” 1 бүтээл маань зарагдсан. Зураач хүн болгон хоёр ертөнцтэй байдаг. Эхний хоёр бүтээл дээрээ би өөрийнхөө дотор байдаг ертөнцийг дүрслэх гэж оролдсон.

    Гурав дахь дээр нь өөрийн оршин байдаг ертөнцийг арай өөрөөр харуулж, гэр бүлийн уур амьсгалыг олон гаргаж, давтамжтай үзүүлсэн. Энд гэр бүлийнхээ гишүүдийг, аав ээжийгээ бас нэг зохиомж өгүүлэлд нь оруулсан. Тэгээд 12 жил, эвтэй дөрвөн амьтан зэрэг билгэдлийн чанартай амьтдыг багтааж өгсөн. Би өөрөө загасны орд, амьд амьтанг би загаснаас үүссэн гэж би өөрөө үздэг болохоор загас дүрсэлж зурдаг. Цулгуй зураг зурахаасаа илүү ажиллагаатай, олон детальтай зураг зурдаг.

    “Энд” 1 зураг бол үнэхээр гоё зураг байсан. Худалдаж авсан хүн маань “Чи харамсахгүй юу?” гэж асууж байсан. Манай бага хүүгийн хэдхэн сартай үеийнх нь гарын хээ байдаг юм. Юу гэж би харамсах вэ. Хүн болгонд гоё зүйл бэлэглэх гэж байгаа хүн чинь зурагныхаа хойноос харамсана гэж байхгүй шүү дээ.

    Хүүхдийг өнчрүүлэхгүй, нулимсыг нь гаргахгүй, бүрэн бүтэн, өөрсдөө аав ээж гэдэг ухамсартай, хүүхдүүддээ аз жаргалаа мэдрүүлдэг бүтэн гэр бүл байгаасай гэж их хүсдэг.

    -Таны зургуудад нүдийг үргэлж ингэж зурдаг онцлог байна. Яагаад ингэж зурдаг юм бэ?

    -Би үүнийг олон янзаар тайлбарладаг. Дээр үед жаахан байхад Оросын эмэгтэй хүний бодит нүдтэй хурц зурагнууд байдаг байсан даа. Тийм зурагнаас би өөрөө их айдаг байлаа. Бас баавгайтай аравчнаас их айдаг байсан. Тэгэхээр нүд бол хүнийг айлгах цочоох их хурц юм байна. Тийм болохоор би нүдийг зурахаас их айдаг. Битүү дүүрэн нүд гэдэг утгаар нь ингэж зурдаг. Монгол хүний нүд бас урт жартан байдаг болохоор би урт дүүрэн нүд зурдаг.

    -Мэргэжлийн хүмүүс таны бүтээлийг юу гэж дүгнэдэг вэ?

    -Шүүмж ч байна, сайшаал ч байна. Тэр болгоноос авахыгаа аваад бүтээлдээ тусгана. Гэхдээ тэр болгон хүний хэлснээр гуйвж дайваад байвал би өөрөө оршин тогтнож чадахгүй. Тийм учраас аль болох өөрийнхөөрөө байхыг хичээдэг. Гэхдээ тэр хүмүүсийн шүүмжийг сонсоод өөрт байх ёстой бол шингээх хэрэгтэй гэж боддог.

    Амьдралыг зохиомж маягаар зурсан зургаа Францад болсон олон улсын үзэсгэлэнд тавьсан. Урьд нь би эмэгтэй хүнийг ихэвчлэн дүрсэлдэг байсан учраас зураач нар “Чи яагаад эрэгтэй хүн зурдаггүй юм бэ?” гэж асууж байсан. Тэрийг би бүтээлдээ тусгаж байсан. Угаасаа л бүх юм арга билэг, хостой байж төгс бүрдэх ёстой юм байна гэж ойлгож байсан үе. Энэ бүтээлүүдийг европууд илүүтэй таашааж байсан.

    -Нийгэмд байгаа үзэгдлүүдийг зургандаа тусгадаг уу?

    -Тусгадаг. Гэхдээ өөрийн зурдаг чиглэлээр тусгаж өгдөг. 2012 онд олон улсын эмэгтэйчүүдийн үзэсгэлэнд “Мартагдсан аз жаргал” гэдэг нэртэй бүтээлээрээ оролцсон. Нийгэмд хүн болгон дотроо байгаа гоё зүйлийг олж харж чадахгүй бүгд хиймэл юмандаа дасан зохицож амьдардаг гэсэн санааг харуулсан философилог гүн ухааны зураг бий.

    Хүмүүс миний бүтээлийг давтаад зураад өгөөч гэж их хэлдэг. Нэг зураг нэг л хүнд байвал тэр чинээгээр нь хайрладаг. Тийм учраас би ахиж давтаж зурж чадахгүй, тэр мэдрэмжийг гаргаж ч чадахгүй. Тиймээс давтаж зурах дургүй.

    -Таны зургуудад үргэлж аз жаргал, сайн сайхныг дүрсэлсэн байна. Нийгмийн хар бараан талыг харуулсан зураг байдаг уу?

    -Дүрсэлсэн байгаа. 2011 онд Цөлжилтийн эсрэг төслөөр “Шинэ үе” нийгэмлэгийнхэнтэй хамтран арваад зураач урлагаар дамжуулан цөлжилтийг ямар хор нөлөөтэй вэ гэдгийг харуулж зурсан. Энэ сэдвээ барьж өөрийнхөө чиглэлээр нэлэн хэдэн зураг зурсан. Миний бүтээлүүдэд байгаль хүн хоёр дандаа хосолж явдаг. Хүн байгалийг хайрлахгүй бол байгаль хүнийг хайрлахгүй гэсэн сэдвээр бас зурсан.

    -Та нийгэмд бас ач тустай үйл хийж байсан хүн. Нэгэн охины эмчилгээнд хандив болгохоор аян өрнүүлж байсан?

    -Би уг нь үзэсгэлэн гаргаад том зургуудаа ч гэсэн бусад зургуудтайгаа нэг ижил үнээр өгье гэж бодож байлаа. Гэтэл өндөр түрээстэй заал түрээслээд, хүмүүс бас тухайн үед сайн хүлээн авч чадаагүй. Тийм болохоор тухайн үед би өөрийгөө дорвитой сайн тусалж чадаагүй гэж үздэг.

    -Бие даасан үзэсгэлэнгээ хэзээ гаргаж байсан бэ?

    -Сургууль төгсөөд долоон жилийн дараа буюу 2012 онд бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байсан. Энэ оны наймдугаар сард дахин үзэсгэлэнгээ гаргая гэж бодож байна. Гэр бүлд зориулсан сэдвээ бариад явах байх. Гэр бүлийн зураг хүмүүс их зуруулдаг.

    -Монгол ахуй, үндэсний хувцсыг зургууддаа их тусгасан байна?

    -Түүх соёлоо өгүүлснээр урлаг үлддэг гэдэг утгаар нь монгол дээл хувцастай, тухайн цаг үетэйгээ нийлүүлээд монгол ахуйтай мөртлөө орчин үелэг дүрслэл оролцуулаад зурж байгаа.

    -Нэг ярилцлагатаа та хүн болгоны дотор хүүхдийн сэтгэл байдаг гэж хэлсэн байсан?

    -Тийм. Би өөрийгөө ажаад үзэхэд хүүхдийн зан нь гээгдээгүй юм шиг. Би өөрөө уурлах нь амархан, баярлах нь амархан хүн. Ер нь хүн болгонд хүүхдийн чанар байдаг ч байгаагаараа байх гэхээр хүмүүс бие биенээ хаагаад байдаг. Тэгэхээр тэрийг л би урлагаараа хөглөж өгөх юмсан гэж боддог.

    -Тэгэхээр үргэлж хүний сайхан талыг хараад зураад байх уйтгартай юу? Амаргүй биш үү?

    -Амаргүй ч бас биш л дээ. Өөрөө дуртай болохоор гараад байгаа байхгүй юу. Гэхдээ би өөрөө уурладаггүй, уйлдаггүй хүн биш л дээ. Мэдээж зурж байгаа үедээ гоё юмыг мэдэрч болохоор болохоор таагүй үедээ зурдаггүй. Гэр бүл, үр хүүхдээсээ аз жаргал сайхныг мэдэрдэг. Энэ бухимдалтай нийгэмд хүн болгон л дарамттай байдаг. Миний бүтээлийг хүлээж авч байгаа хүн болгонд гоё юмыг мэдрүүлье гэж уран бүтээлээ туурвидаг.

    -Та зураг болгоноороо ямар нэг зүйлийг илэрхийлье, мессеж өгье гэж боддог уу эсвэл зүгээр л тухайн үед мэдэрсэн мэдрэмжээ буулгадаг уу?

    -Мессеж өгөхийг хүсдэг. Одоо цагт гэр бүл салалт маш их байна. Хүүхдийг өнчрүүлэхгүй, нулимсыг нь гаргахгүй, бүрэн бүтэн, өөрсдөө аав ээж гэдэг ухамсартай, хүүхдүүддээ аз жаргалаа мэдрүүлдэг бүтэн гэр бүл байгаасай гэж их хүсдэг. Тийм учраас гэр бүлийн сэдэвтэй зургуудыг аз жаргалтай, аз жаргалыг мэдэрсэн тийм гэр бүлүүд илүү сонирхоод авч байгаа болов уу гэж боддог юм. Хүмүүсийн зарим нь хүүхдээ ч гаргаж амжаагүй хэрнээ тийм юмыг зоригтойгоор хүсч чаддаг нь намайг урам оруулдаг. Би захиалагч нараасаа үргэлж урам зоригийг авдаг. Тэд намайг баяр баясгалантай, энэ бүгдийг цааш нь үргэлжлүүлэх хүч зоригийг өгдөг. Тийм болохоор би урлагтаа улам бүр шунаад, улам ихийг хиймээр санагддаг.

    -Та хүүхдэд зориулсан ном зурсан байсан. Хүүхэдтэй болохоор тэрийг зурах амар байв уу?

    -Тийм. Би зураачаар нь ажилласан. Анх удаа хүүхдэд зориулсан номны зураг зурсан юм. Миний хувьд дутагдалтай тал маш их байгаа. Би өөрийгөө голсон л доо. Өөрийнхөөрөө гаргасан. Зарим нэг хүмүүс Японы комик шиг том нүдтэй байлгахыг хүсдэг юм шиг санагдсан. Миний дотор хурдан гомдоод хурдан тайлагддаг хүн байгаа шүү дээ. Юмыг хурдан хүлээж авдаг. Тэрэнд гомдсон хэрнээ зарим хүмүүст их хүрсэн болохоор би тэрэндээ урамшсан.

    Хүүхдүүд маш зоригтой. Зураг хараад энэ нүд яагаад ийм хоосон байгаа юм бэ, эсвэл нүд нь яачихсан юм бэ гэж асуудаг

    Тэр номонд дандаа манай бага хүүгийн хөдөлгөөнүүд орсон байдаг. Зураач хүн ер нь байгаа орчноо харж зурагтаа тусгадаг. Хүн рүү их гөлрөх ч юм уу, юмыг их ажигладаг. Зураач хүний рефлекс байх л даа. Гэхдээ тэр болгоныг жирийн хүмүүс ойлгодоггүй. Энэ яагаад хүн сонжоод байгаа юм гэх мэтчилэн хүн буруугаар ойлгох явдал бий. Би одоо гэрийнхнийгээ илүү ажиглаж, сонжиж, хөдөлгөөнийг нь авч ажиллаж байгаа.

    Би охинтой байх үедээ охинтой зураг их зурсан, хүүг мэдрэхгүй. Хүн юмыг олж хардаггүй юм байна. Тэгтэл “Яагаад хүү зурдаггүй юм бэ?” гэж асуудаг байсан. Харин одоо хүүтэй болоод хүү зурдаг болсон.

    -Зураач нар бас үг цөөтэй хүмүүс юм шиг санагддаг?

    -Зургаараа ярьж байгаа болохоор их үг цөөтэй хүмүүс байдаг. Анх сургуульд ч бас биднийг ярих ёстой гэдгийг хэн нь ч ер нь заагаагүй гэж бид үздэг. Яагаад гэвэл бидэнд зургийг яаж зурахыг, дэлхийн урлагийн түүх ямар хэмжээнд байгааг зааснаас биш зургийг тайлбарлах тал дээр бидэнд юм ороогүй. Одоо яаж заадгийг сайн мэдэхгүй байна. Энэ дээр илүү их ажиллавал зүгээр юм болов уу гэж би боддог.

    Жишээ нь, бид зургаа тайлбарлах гэхээр гацдаг, энэ ертөнцөө тайлбарлах гэхээр ярьж байгаа зүйлийг нь бусад хүмүүс ойлгож байгаа болов уу, эсвэл бүр дүүгүй байсан нь дээр юм уу, хүмүүс зүгээр өөрсдөө уншчихвал дээр гэж орхидог. Гэхдээ зургийг хүнд тайлбарласнаас илүү тухайн үзэгч юу гэж хүлээж авч байна, энэ зургийг хараад юм уншиж чадаж байна уу, мэдэрч байна уу гэдгийг харах сонирхолтой байдаг.

    Зураач нь яриад өгчихөөр тэр хүний толгой нь хөгжихгүй, ингээд будчихсан юм байна, ингээд зураас татчихсан юм байна гээд л яваад өгчихдөг. Хүн өөрөө зургийг хараад тэр хүний дотор өөр мэдрэмж төрөөд өгүүлэмжийг зохиогоод, хийсвэрлээд эхэлдэг.

    -Зургуудыг тань хүмүүс хараад таны бодоогүй санаанууд хэлж байв уу?

    -Хэлдэг. Хүүхдүүд маш зоригтой хэлдэг. Хүүхдүүд хараад энэ нүд яагаад ийм хоосон байгаа юм бэ, эсвэл нүд нь яачихсан юм бэ гэж асуудаг (инээв). Зарим зураач нар намайг хүүхэлдэй зурдаг зураач гэж хэлдэг. Угаасаа би хүүхэлдэй зурдаг л даа. Гэхдээ миний хүүхэлдэйнүүд бүгд амьд. Хүүхдүүдэд илүү их ойлгомжтой байдаг гэж би боддог.

    Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимын хоёр давхарт байдаг “ArtiCour” галерейд зургийн сургалт явагддаг. Хүүхдүүд зургийн сургалт хийхийн хажуугаар зураач нарын зургийг харж зурдаг. Тэнд миний зурагнууд долоо найман настай хүүхдүүд илүү их ойлгоод дуурайж зурдаг гэнэ. Маш хөөрхөн зурсан байна лээ. Тэднийг хүүхэлдэйлэг чанар нь татаж байж магадгүй.

    -Таны хамгийн хайртай бүтээл?

    -“Миний тэр зураг их гоё болсон” гээд зурагнуудаа их ангилдаг байлаа. Жишээ нь манай гэрт миний бүтээлүүдээс нэг л зураг өлгөөтэй байгаа. Би хоёр дахь хүүхдээ гаргаад хоёр сарын дараа зурсан “Үр минь” гэдэг зураг. Тэр зургаараа Монголд болсон Олон улсын эмэгтэйчүүдийн үзэсгэлэнд оролцсон. Тэр бүтээлдээ илүү их хайртай гэж боддог байсан. Гэтэл бүх л зураг маань хайраас төрж байгаа болохоор би бүх зургаа хайрлах ёстой юм байна. Эх хүн хоёр хүүхдийнхээ нэгэнд нь хайртай гэж ангилдаггүй шиг энэ бүгд надаас төрж байгаа бүтээлүүд болохоор би бүгдийг нь хайрлах ёстой гэж боддог болсон.

    -Таных шиг өнгө аясаар зурдаг зураач байдаг уу?

    Эх хүн хоёр хүүхдийнхээ нэгэнд нь хайртай гэж ангилдаггүй шиг энэ бүгд надаас төрж байгаа бүтээлүүд болохоор би бүгдийг нь хайрлах ёстой гэж боддог болсон.

    -Байгаа байгаа. Гоё энергитэй өнгө аясаар зурдаг зураач нар зөндөө байгаа. Миний маш хүндэлдэг зураач Х.Энхномин байна. Залуу зураач нараа их хүндэлж явдаг. Чадалтай барималч Одмаа байна. Маш их юм хийсэн уран бүтээлчид бий. Зураач С.Төгс-Оюун гуайтай төстэй гэж намайг ярьдаг. Харангуутаа С.Төгс-Оюуны шавь уу гэж асуудаг. Тэгээд харж байснаа “Үгүй үгүй, ялгаатай юм байна шүү” гэдэг.

    -Таны багш ямар хүн байдаг вэ?

    -Миний багшийг Л.Энхбат гэдэг. Манай ангийнхан 2000 онд хоёр дахь шавь нар нь болсон. Биднээс өмнө нэг анги төгсгөсөн юм билээ. 2000-2004 он хүртэл биднийг сургаж, миний хувьд гарааг минь зөв чиглүүлж зааж өгсөн гэж би үздэг. 2005 онд төгсөх жил багш маань Голландад сурах болоод биднийг төгсгөж чадаагүй. Тэр үед бид их азтай Амгалан багшийн гарын шавь нар болсон. Олон багш нарын шавь байсан. Гэрэл, Содномцэрэн, Лхагвасүрэн багш нарын гарын шавь нар болж төгсцгөөсөн. Энэний авууштай тал нь бид 19-үүлээ төгсөөд ихэнх нь уран бүтээлээ туурвиад явж байгаа нь бахархалтай байдаг.

    -Гадаадад үзэсгэлэнд оролцсон гэлээ. Энэ тухайгаа ярихгүй юу?

    -2012 онд хоёр жил тутамд болдог Олон улсын үзэсгэлэнд өөрийн биеэр оролцсон. 2006-2014 он хүртэл гадаад дотоодын үзэсгэлэнгүүдэд бүтээлүүдээ оролцуулсан. 2012 онд болсон Олон улсын хоёр жил тутамд болдог үзэсгэлэнд оролцоод ирсэн. Монголоос арван уран бүтээлч явсан. Тэнд мундаг уран бүтээлчидтэй танилцаж байлаа. Тэр үзэсгэлэн хоёр жилийн дараа 2014 онд Монголд бас зохион байгуулагдсан. Гадна дотны нийт 221 уран бүтээлч оролцсон томоохон хэмжээний үзэсгэлэн болсон юм. Гадны уран бүтээлчид Монголыг сэтгэл дүүрэн гоёор хүлээж авцгаасан.

    Тэд орчин үеийн инсталляци, контемпорари урлаг, хийсвэрлэх талаар илүүтэй бүтээлээ туурвисан байсан. Ихэвчлэн нас тогтсон хүмүүс байсан бол Монголоос залуу уран бүтээлч нар их оролцсон.

    -Үзэсгэлэнгээс шагнал авсан гэж сонссон?

    -2012 онд Вьетнамд болсон үзэсгэлэнгийн үеэр зураач нарыг шаазангийн үйлдвэрт хүлээж авсан. Тэнд бид тэмцээнд оролцож байгаагаа мэдээгүй л дээ. Бидэнд зориулж урт ширээн дээр хоёр таваг бэлдчихсэн байлаа. Хоёр тавган дээр зураг зуруулаад авсан. Биднийг явах дөхөхөд Вьетнамын үндэсний том музей байдаг юм билээ. Үндэсний музей нь манай Богд хааны музей шиг эртний засал чимэглэл, үзвэртэй. Тэнд шагнал гардуулах ёслол болно гэхэд бид гайхаад өнгөрсөн. Би тусгай байрны шагнал хүртэж байлаа.

    Манай Насанцэнгэл эгч гуравдугаар байранд, харин нэгт Оросын зураач орсон. Ер нь тэнд Оросын уран бүтээлч нар чадалтай байсан.

    Вьетнам уран бүтээлчид лакаар абстракт чиглэлээр чадварлаг зурдаг юм билээ. Хамгийн их сэтгэгдэл үлдээсэн хүмүүс бол орос уран бүтээлчид байсан. Америк, Австрийн зураач нар контемпорари, биет материаллаг юмаар зохиомжилж хийдэг. Солонгосын уран бүтээлчид нэлээд орчин үелэг бүтээл туурвидаг юм билээ.

    -Монгол зураачдын ямар бүтээлүүд таны сэтгэлд их хүрсэн бэ?

    -Монгол зураачдаас Нурмаа эгчийнх их гоё штээ. Насаа эгч байна бас.

    -Та өөрийнхөө хөргийг зурдаг уу?

    -Би өөрийнхөө хөргийг нэг ч удаа зурж байгаагүй юм байна. Янз бүрээр зурж үзэх санаа байгаа. Бид бодит зураг зурж л сургууль төгсч байгаа шүү дээ. Шууд төгсөөд 2006 оноос хойш би зохиомжоороо илүү их оролдоод энэ монголжуу хүүхэлдэй дүрслэлтэй төрхөөрөө илүү гаршсан байна. Одоо буцаад цэцгээ зураад, хөрөг зураг руугаа орох гээд эрэл хайгуул хийж эхлээд байна.

    Саяхан би нөхөр, хүүхдийнхээ хөргийг зурж үзсэн. Тэгсэн чинь ер нь муудсан байна лээ. Зураагүй арван жил болсон байна. Одоо сайжруулах тал дээр анхаарна даа. Арван жилд байхдаа байнга хөрөг зурдаг байсан. Жаахан хүүхэд болохоор магтуулаад улам их зурдаг байлаа.

    Ер нь зураачид ямар ч үед хувирамтгай байдаг. Би жишээ нь хар бараан юм мэдэрч, харж байгаа ч гэсэн аль болох тэрийг гүн мэдэрч, хямрахгүй байхыг хичээдэг. Миний бүтээлд тиймэрхүү юм тусахыг би хүлээн зөвшөөрөхгүй. Би аймшгийн, сэтгэл сэрдхийлгэсэн юм үзэх дургүй. Харах дургүй, ер нь айдаг, аймхай талдаа хүн.

    -Зураач хүн нийгэмд юу хийх ёстой вэ?

    -Зураач хүн нийгэмд болж байгаа үйл явцыг үлдээх ёстой гэж үздэг. Зурагчингаас гадна зураачид бас тухай үйл явдлыг урлагаар шингээж түүх болгож үлдээх ёстой гэж боддог.

    -Ихэвчлэн үндэсний хувцастай их зурдаг юм байна. Та үндэсний хувцсыг судалдаж зурдаг уу?

    -Би өөрийн хэв маягийг илүүтэй тусгадаг. Гэхдээ үндсэн хэв шинж нь байгаа. Би үйлдвэр урлалын “Ганди”-гийн нэрэмжит дунд сургуулийн монгол зургийн ангийг төгссөн. Уран зурагт ороод төгсөх үед монгол хувцастай хатад зурдаг болсон юм. Дипломын ажлаа хийхдээ ч гурван эмэгтэй үндэсний хувцастайгаа, орчин үеийн хэв маяг оруулсан зураг зурсан. Ер нь би гурван эмэгтэйг их зурдаг. Эхээс гурвуулаа болохоор тийм байх.

    -Гэр бүлийн тань талаар яриагаа үргэлжлүүлье. Танай гэр бүлийн хүн урлагийг хэр ойлгодог вэ?

    -Маш сайн ойлгодог болоод уран бүтээлээ туурвиад явж байна гэж би боддог. Би жишээ нь өдөр болгон мөнгө олж чаддаггүй. Энэ болгоныг маань дэмжээд, бүх нөхцлөөр маань хангаад, дээр нь гэр бүлд байх ёстой аз жаргалыг мэдрүүлээд, энэ орчныг бүрдүүлээд, зурагт тусгаж чадаж байгааг мэдэрч чадаж байгаад нь би нөхөртөө маш их баярлаж явдаг. Жишээ нь нөхөр маань компьютерийн ард их суудаг хүн бий. “Энд” 3 бүтээлдээ нөхрийнхөө зүрхийг нь аваад дамжуулаад тавиад байгаагаар дүрсэлсэн. Нөхөр маань сахалтай учраас хууз сахалтай эрэгтэй хүн их зурдаг. Ээж маань хүртэл дандаа нөхрөө зурах юм гэдэг.

    -Ханьдаа хайраа яаж илэрхийлдэг вэ?

    -Зургаараа л илэрхийлнэ дээ. Би чинь их яриандаа маруухан хүн штэ. Би хүсч байгаа юмаа зургаараа илэрхийлдэг. Манай хүн эсрэгээрээ их яриа хүн. Ярилцъя гэдэг. Намайг бодвол илүү романтик. Манай хүн маркетергийн ажил хийдэг бөгөөд ер нь уран бүтээлч авъяаслаг хүмүүсийг дэмжиж ажиллдаг. Би нөхрөө анх зурдаг байх гэж боддог байсан. Бид хоёр нийлээд компанид нь зураг зурахаар боллоо. Манай хүн юмыг харахдаа их өвөрмөцөөр хардаг хүн.

    Хоёулаа гурвалжин раман дээр зураг зуръя гээд. Ер нь миний зурганд санаа оноо хэлж, их гоё урамтай ярилцдаг. Би хоёр дахь хүүхдээ тээгээд бие давхар байсан юм. Эхлээд хоёулаа хамтдаа хар зургаа гаргачихлаа. Хар зургандаа овоо байна аа. Тэгээд би “ядраад байна, чи будчих за юу” гээд орхиод унтлаа. Өглөө босоод харсан чинь аймшгийн юм болчихсон байсан (инээв). Ер нь будгаар ерөөсөө ажиллаж байгаагүй. Хар зургаар овоо зурдаг байхгүй юу. Будчих байх гэсэн чинь чадахгүй байсан. Маргааш нь би будгийг нь янзлах гэж нэлээн ноцолдсон, ёстой инээдтэй.

    -Таныг шүлэг бичдэг гэж уншиж байсан юм байна.

    -Ичимхий болохоор хүмүүст уншуулдаггүй. Гэхдээ нөхөр бид хоёрын бие биедээ зориулсан шүлэг байдаг. Фэйсбүүктээ тавьж байсан. Би нөхөртөө “Цагаан морь унасан миний ханхүү” гэсэн шүлэг зохиосон. Гэхдээ нэр нь жаахан “тийм” болчихсон. Нөхөр маань надад өгдөг зан чанарыг нь магтаж бичсэн юм. Манай хүн бас надад урам зориг өгөхийн тулд шүлэг бичиж байсан.

    Хоёр жилийн өмнө би аавдаа зориулж бас шүлэг зохиосон. Өдрийн тэмдэглэл хөтлөх нь яриа бичгийн дадлага болдог юм байна л даа. Энийг бас л манай нөхөр надад зааж өгсөн. Ер нь зарим нэг тал дээр багш гэж хэлж болно.

    -Таны нөхрийн бүтээл байдаг уу?

    -Зураг зурж, өөрийн гэсэн бүтээл гаргана гэдэг. Одоохондоо ажил ихтэй байна. Бид хамтын бүтээлээ гаргачихсан. Бид хоёрын гарын үсэг хоёр талд нь байдаг. Бас миний “Хөх цэргүүд” гээд зурагт нөхрийн маань санаа орсон. Тэрэн дээр нэлээн тоо бодсон. Гортигтойгоо их зууралдсан.Нуулгүй хэлэхэд би арван жилдээ тоондоо их маруухан хүүхэд байсан.

    Төгссөнөөсөө хойш би хоёр каталогтой болсон. Бас л нөхөр маань хийж өгсөн. Миний зургуудыг урлангийн фон дээр зохиомжлоод гаргасан чинь хүмүүс намайг ийм урлантай болчихож гээд “Урлан чинь хаана юм бэ? Очиж үзье” гээд. Өөрөө маркетер хүн болохоор юмыг их олж хараад байдаг. Би тэр үед гэртээ юмаа хийдэг байсан. Хоёр дахь хүүхдээ гарахад үнэндээ яах ч аргагүй болсон.

    -Хүүхэд зургийг тань баллачих гээд, будагтай ноцолдох гээд байсан уу?

    -Хамтдаа зуръя л гэнэ. Ер нь зургаа зурчихаад, будгаа хураагаад, зургаа зураад будгаа хураадаг рефлекстэй байсан. Бүх юмаа дээш нь тавьдаг, эсвэл бүх юм скочтой. Манай хана бол зургийн талбар шүү дээ. Өндрийнхөө хэмжээгээр ингээд ингээд зураад явчихсан. (гараараа үзүүлэв)

    -Таны хүүхэд хэр дуурайж зураг зурж байна?

    -Сая бас л зураг зураад будагтайгаа зууралдаад сууж байсан. Их зурж байна. Би хоёр хүүхэдтэй. Том охин маань багадаа нэлээн их уралдаан тэмцээнд ороод түрүүлж байсан. Зураг зурдаг болох байх гэж бодтол томроод спортод илүү сонирхолтой болж байна. Гэхдээ миний зурагнуудад сайн, муу үнэлгээ өгдөг, номер нэг улаан фэн маань гэж хэлж болно. “Ээж сайн байна, мундаг гоё зурсан байна” гэж надад урам өгдөг. Хүүгээсээ хүртэл гоё энерги авдаг.

    Бага нь одоохондоо гурван настай болохоор юм юмыг хольж, тойрог зурах ч юм уу, тийм юмнаас эхэлж байгаа. “Цэгээр наадъя” гээд ном байдаг. Тэрнийг яг цэгтэй нь дагуулж зурах зэргээр оролдож зурж байна.

    -Таны аав зураач байсан гэж сонссон. Аавынхаа талаар ярихгүй юу?

    -Аав маань гучин хэдэн настайдаа шалгалт өгөх гэж үзсэн юм билээ. Тэр үед аавыг маань Дүрслэх урлагийн дээд сургууль аваагүй гэсэн. Зураачаараа ажиллаж чадаагүй. Аав маань өнгөрөөд долоон жил болсон байна. Маш гарын уртай хүн байсан. Ер нь зураач гэж хэлж болно. Цаасны технологичоор Румын улсад төгсч ирээд, анх ариун цэврийн цаас, лааг Монголд оруулж ирсэн хүн.

    Би мэдээ орсон цагаасаа л аавыгаа сийлбэр хийвэл сийлбэрийг нь дуурайж хийх гэнэ. Аав маань өнгө өнгийн гоё будаг харандаагаар хүний хөрөг зурдаг байсан. Би бас дуурайгаад арван жилдээ алдартнуудын хөргүүд харж зурдаг байлаа. Ааваасаа тэр бүхнийг мэдэрч байсан болохоор урлагт илүү их дурлаж, “Би зураач л болох юм байна” гэж багаас минь тархинд суугдчихсан байсан. Анхнаасаа л зураач болно гэж бодож, одоо хүртэл зураач болох гэж эрмэлзээд явж байна.

    -Хүүхэд байхдаа тэмцээн уралдаанд ордог байсан уу?

    -Би “Солонго өргөө” гээд дугуйланд явдаг байлаа. Хүүхдийн ордны шилдэг хүүхдүүдийн сүлд модны наадамд орж, шагнуулж байсан. Наймдугаар ангид байхад багш маань намайг дэмжээд зааланд миний бүтээлээр үзэсгэлэн гаргаж байсан. Тэр өдрөө би сургуулиасаа 500 төгрөгөөр шагнууллаа. Тэгээд дугтуйтай мөнгөө бариад аав ээждээ өгөх гэтэл “миний охин өөрийн хөдөлмөрөөр олсон юм чинь өөрөө зарцуул” гэсэн. Тэгээд эгч дүү хоёртойгоо л тансагласан даа.

    -Ангийнхаа хүүхдүүдийн зургийг зурж байв уу?

    -Өгч байсан. Өөрөө математикийг нь хуулаад, зургийг нь зурдаг байсан (инээв). Одоо хүүхдийнхээ дэргэд бас тэгж ярихгүй байгаа маа.

    -Одоо хүүхдийнхээ зургийг зурахгүй юу?

    -Зурахгүй. Аав нь зуруулдаггүй юм. Аав нь өөрөө юмаа хий гэж хэлдэг. Бэлэнчлэх сэтгэлгээ битгий суулга. Энэ хүн зураач болохоор бол өөрөө зураад л явна. Зураач болохгүй бол чи мянга юмыг нь хийж өгөөд цаашаа явахгүй гэдэг.

    Ярилцсанд баярлалаа. Таны уран бүтээлд амжилт хүсье.

    ‘Энд’ 2 бүтээл

    А.Наранцацралт.
    Эх сурвалж: http://news.gogo.mn/r/156027

  • Бизъяагийн ГЭРЭЛМАА- Зохистой хоололт судлаач

    Зохистой хоололт судлаач

    Соёолж зохимжит хоолны газрыг үүсгэн байгуулагч, хоолзүйч, зохимжит хоололт судлаач, хоолны эмчилгээгээр мэргэшсэн. Салбартаа 10 гаруй жилийн туршлагатай. Монгол хүний хоол зүйг судалж, хүн бүрт зөвхөн өөрт нь тохирсон хоололтын хөтөлбөрийг боловсруулан өгч эрүүл зохистой амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх чиглэлд тууштай ажиллаж байна. “Идэхийн тулд амьдрах уу, амьдрахын тулд идэх үү”, “Хоол ба сэтгэл” номын зохиогч.

  • Төмөрчөдөрийн БАДАМЗУЛ

    Амьдралын дасгалжуулагч

    Төмөрчөдөрийн Бадамзул (олонд танигдсан нэр Ука Төмөр)
    Бизнес эрхлэгч, зохиолч, гүйгч. Хувь хүний хөгжлийг гол сэдвээ болгон “ХҮС, ХИЙ, ХҮР” нэртэй http://www.UkaTumur.com/ цахим хуудсаа 2010 оноос хөтлөсөн. “АМЖИЛТЫН ТАРНИ” номын зохиолч, марафонд гүйгч. Мөн эмэгтэйчүүд, бүсгүйчүүдэд зориулсан “Period vitamin” амин дэмийг үндэслэгч.

  • Гончигийн ГАН-ӨЛЗИЙ- Аялагч, гэрэл зурагчин

    Аялагч, гэрэл зурагчин

    Монгол орны байгаль, нүүдлийн соёл иргэншлийн фото зурагчин. Монгол орноо олон улсад сурталчилан танилцуулсан нэрт зурагчин.

    Хүмүүс өнгөнд татагддаг. Тиймдээ ч ногоон байгальд улаан даашинзтай авахуулсан эмэгтэйн зургийг  фэйсбүүкт оруулбал дорхноо маш олон хүн таалж, like-аар булах нь түгээмэл. Хүнгүй, үйл явдалгүй  зүгээр л байгалийн өнгөт зураг хүртэл сэтгэл татам харагддаг нь өнгөний шид юм. Тэгвэл Монголын байгаль, монгол хүмүүсийн аж амьдрал, түүх соёлын дурсгалын гэрэл зурагчин Г.Ган-Өлзий өнгөрсөн аравдугаар сард гаргасан “Нүүдэлчин Монгол” үзэсгэлэнгээ дан хар, цагаан зургуудаар гаргасан юм.   Хар,цагаан зургийг  зэрвэс хараад өнгөрвөл  юу ч мэдрэхгүй,мэдрэх нь байтугай магадгүй харахгүй. Харин   билгийн мэлмийдээ сайтар тольдож харахуй агуулга аяндаа тодроод ирэх аж. Г.Ган-Өлзий зургууддаа сэтгүүлчид хүртэл цөөн хэрэглэх болсон монгол үгээр тайлбар өгдөг нь бүр ч таалагдсан.

    “Нэгэн удаагийн аялалд гарахдаа хөхүүртэй айраг, айраг бүлж байгаа хүүхэд, айраг ууж байгаа хүний зураг авна гэсэн төлөвлөгөөтэй явлаа.Гэтэл хөхүүр гэдэг нүдний гэм болж. Айлууд урдаас хятад спиртний том хөх савыг л харуулах боллоо шүү” хэмээгээд Ховдын Мөнххайрханд нэгэн айлд ороод хөхүүртэй айраг  бүлж байгаа хүүхэдтэй таарч  хэрхэн баярласан тухайгаа  “Тоочин хүү” хэмээх айраг бүлж буй хүүхдийн зурагнаа тайлбарлажээ.  Эрж хайсан үзэгдлээ олсон зурагчны маань хамрын самсаа нь  шархирсан гэнэ.

    Үнэхээр л зорьсон зурагчны хувьд зол баяр болон “учирсан” айраг бүлж буй хүүхдийн төрх өнөөгийн залуусын хувьд цоо шинэ үзэгдэл аятай болжээ. Г.Ган-Өлзийн  аав Д.Гончиг гуай “Хүү минь зургуудаа монгол хэлээр, монгол ахуйгаар тайлбарлаад байгаад нь олзуурхдаг. Одооны залуучууд монгол хэлээ мэдэхээ байсан” гэв. Аавын анзаарснаар Г.Ган-Өлзий ботгыг “уяна” гэж бичихийг “зэллэнэ” гэж бичээд нэг л алдаа гаргажээ. Харин надад “Том уу, жижиг үү”, “Овооны орой” гэх хоёр зургийнх нь тайлбар илүү сэтгэгдэл үлдээсэн юм.  “…Хэдий мориноосоо хэд дахин жижигхэн биетэй ч түүний эмээл морины нуруун дээр байр сууриа олж, гарт нь цулбуур нь атгаастай байна” гэх тайлбарыг  мориныхоо цулбуураас барин зогсоо бяцхан хүүгийн “Том уу, жижиг үү” гэх зурагнаа зүүжээ. Харин овооны орой дээр гишгэлж гараад хадаг уяж буй эрийн зурагт “Хэн нэгний хүндэтгэл дээгүүр алхаж гараад өөрийн хүндэтгэлээ илэрхийлэх нь ямар харамсалтай харагддаг юм бэ…” гэжээ. Ах, дүү Соёлын гавьяатууд болох зохиолч, сэтгүүлч Долгорын Цэнджав, Долгорын Чулуунбаатар нар Ган-Өлзийн авга ах нар. “Ах нарын “юм” надад байх шиг, ямар ч байсан зургийн тайлбараа мэдрэмжтэй биччихдэг шиг байгаа юм” хэмээн Г.Ган-Өлзий “омгорхов”.

    Тэднийхэн Дундговь аймгийн Гурвансайхан сумын уугуул. Удам судар хөөвөл эрдэм номтой лам нарын үр сад ажээ. “Надаас бусад нь бичиг, соёлын ажилд сайн” гэж Д.Гончиг гуай гавьяат дүү нараараа бахархангуй өгүүлэв. Дөчин жил хилийн цэрэгт  алба хашсан аавыгаа дагаж, нүүдлийн шувуу мэт өнгөрсөн гэрэл зурагчны  бага нас өнөөдрийн хийж буй ажил, амьдралынх нь учгийг яах аргагүй хөврүүлж өгчээ гэж дүгнэхэд хүрсэн юм.

    Том уу, жижиг үү

    “Багадаа аавынхаа “Зорько” аппаратаар зураг авдаг байгаад  алга болгочихсон.Аппарат ч алга болсон, миний гэрэл зураг авах хүсэл ч тэгээд унтарсан” гэж   өгүүлэв. Харин Д.Гончиг гуай “Би зураг авах нээх дуртай биш байсан, “Чайка” аппараттай байгаад нүүдэл дунд л алга болсон байх” гэв. Аппаратны нэр хийгээд алга болсон түүхийг хайнгадуухан ярьсан   аавын хувьд л лав хүүгийнхээ гэрэл зургийн сонирхолд нөлөөлөөгүй бололтой.  Харин хилчин хүний эх орныхоо ширхэг өвсийг ч манаж, харж,  гярхай ажиглаж явдаг гайхам онцлог Г.Ган-Өлзийд гарцаагүй шингэж үлджээ. “Монголын хил гэдэг чинь ан гөрөөс нь сорлог, ус нь тунгалаг, ургамал нь соргог, хүн зон нь ч сайхан газар. Тийм газарт бага нас нь өнгөрсөн болохоор миний хүүгийн нүд нь нээгдэж, урам нь сэргэж өссөн байх” хэмээн Д.Гончиг гуай өгүүлсэн.

    Дундговь,Өмнөговь, Ховд, Сүхбаатарын хилийн отрядуудаар нүүдэллэж явсан тэднийхийг  Сулинхээрийн заставт байх 1972 онд хоёр дахь шинэ хүн мэндэлсэн нь  Г.Ган-Өлзий байжээ. Сулинхээрийн застав тэр үед адуу нь зэрлэгшсэн газар байж.  Тэр  газар нутгийнхаа шувууг хүртэл зүсэлчихдэг ажигч гярхай хилчний гэр бүл, ардын амьдрал дунд өссөн бага насны төлөвшил  түүнд нэг талаар аяллын хөтөч,нөгөө талаар гэрэл зураг авах билгийн мэлмий, хүсэл мөрөөдлийн харгуй  болдог ч юмуу гэж бодогдсон. “Манай гэр бүл  Монголынхоо бүх л сайхан газруудаар явсан, одоо ч хүү минь  өөрөө хаа сайгүй явдаг болж дээ” хэмээн аав хэлэв. Г.Ган-Өлзийд очоогүй сум гарын 10 хуруунд тоологдох тоотой үлджээ.

    “Цог” дээд сургуулийг эрх зүйч, хуульч мэргэжлээр төгссөн Г.Ган-Өлзий зах зээлд анхлан хөл тавьсан бусдын л  адил нэг үе наймаачин, таксины жолооч,  борлуулалтын менежэр гээд юм юм хийжээ.

    Зөв ч бай,буруу ч бай дандаа л урагшаа явж байсан гэж энэ тухайгаа хэлэв.

    2005 онд Монголын  урлагийн зөвлөлөөс хүүхэд багачуудын урлагийн боловсролыг дээшлүүлэх зорилготой “Хүүхэд ба дуран” төсөлд нэгэн англи хүний удирдлага дор ажиллах боломж олдсон нь хүүхэд насны мөнөөх нуугдмал хүслийг бодит болгох эхлэл болсон гэлтэй. 2007 онд БНСУ-д зургаан сарын урлагийн менежэрийн  тэтгэлэгт сургалтад очоод тэтгэлгээрээ зургийн аппарат авч. Улмаар гэрэл зургийн амт шимтэнд татагдан орж, www.agshin.mn гэх мэт гэрэл зургийн вэб сайтад зургаа тавьдаг болжээ. Тухайн үед Монголд дижитал төхөөрөмж анхлан нэвтэрч байсан учраас залуус гэрэл зураг олноор сонирхож эхэлсэн цаг үе байв. 2009 онд Англи улсад таван сар болохдоо тэндхийн гэрэл зурагчидтай аялалд хүртэл явж, 2010 онд Монголд ирээд л гэрэл зургийг ажил болгохоор зориг шулуудан “Студи-11” студиэ байгуулжээ. Тэрбээр  жилийн 365 хоногийн бараг 200-г нь зураг авахын тулд  Монгол орноороо аялж өнгөрүүлдэг.

    Бусдаасаа ялгаатай нь Г.Ган-Өлзий цор ганцаараа аялдаг. Машинаа өөрөө барьж, майхнаа ганцаар босгож,хоол унд,аян замын эрсдэл гэхчилэн туулах замын бартаа саад, жаргал зовлонг ганцаараа л үүрдэг.“Бясалгана гэхэд хаашаа юм,ганцаар явахад юм бодож, бодлоо цэгцэлж, тархи толгойдоо ажлаа төлөвлөж  л явна шүү дээ” хэмээн тэр  хэлсэн. Түүний хувьд өөрийгөө олох, дотоод ертөнцдөө нэвтрэх хамгийн сайхан боломж аяллын зам гэнэ.  Зураг авахын тулд аялах бол  ажил, бас амьдралынх нь салшгүй хэсэг. Жилийн гуравны хоёрыг ганцаар аялаад алга болоход ар гэрийнхэнд хэцүү л байдаг байхдаа гэсэн шүү юм  хөндлөнгийн хэнд ч бодогдоно. “Тэнээд явж байхад нь ар гэр,хэдэн хүүхдээ хэл амгүй аваад явна гэдэг хотын хүүхнүүдийн хувьд хэцүү л  байх. Нөхрийнхөө ажлыг эхлээд дэмжиж байсан юм байгаа биз,сүүлдээ ч  дассан юм байгаа биз” гэж Д.Гончиг гуай хэлэв. Харин  гэрэл зурагчны маань шавь  МҮИС-ийн аялал жуулчлалын ангийн оюутан Эрдэнэбулган ”Их л хүлээцтэй хүн байдаг байх” гэж багшийнхаа эхнэрийг дүгнэв. Г.Ган-Өлзийн том хүү Төгөлдөрийн хувьд  өдрөөс  өдөрт өөрчлөгдөж буй байгаль, хүмүүсийн амьдралыг зургаар үлдээж, байгаа бүхнээ хайрлах сэтгэлийг төрүүлдэг   ааваараа маш их бахархдаг аж.   Аавынх нь  ажил үр хойчдоо үлдээж буй өв соёлын маш том хөрөнгө учраас ээжтэйгээ элбэж орон гэр, дүү нараа авч явах нь аавыгаа дэмжиж буйн том илрэл ажээ.

    Г.Ган-Өлзий, түүний  эхнэр Өлзийхүү нар   оюутан байхын найзууд гэнэ. “Их л дотно санагддаг байсан, тэгээд л гэрлэсэн. Аялж, зураг авах бол миний амьдралын том хэсэг. Зөвхөн хообий биш, ажил. Үүнийг эхнэр маань ойлгодог учраас авдарлаад,цоожлоод байхыг хүсдэггүй байх. Хүнд сайхан сэтгэл 100 хувь байдаг бол манай эхнэрт тэр нь 100 дахин их байдаг. Хүнд ховор тохиох сайн хань” гэж Ган-Өлзий эхнэрийнхээ тухай хүүрнэхдээ харцанд нь хайр гэрэлтэж харагдсан.

    Ганцаар аялж яваа хүнд аян замд элдэв бэрхшээл учрах нь гарцаагүй. Нэг удаа уул өөд буруу замаар гараад буцаж буухдаа машин нь асга хадтай нураад буусан тухай нэгэн ярилцлагадаа өгүүлжээ. Арванхоёрдугаар сарын 20-доор машин нь эвдрээд 30 км алхаж айлын бараа харах гэхчилэн “үхэж ч мэдэх” эрсдэлүүдтэй “ганц дайчин” маань үе үе тулгардаг.

    Тэр бүхэнд дараагийнхаа аяллыг нарийн тооцоолох,төлөвлөх,бэлтгэх туршлага суудаг. “Заримдаа дарсан зургаа хараад аймшигтай санагдах үе ч бий” гэв. Гэвч  тэр ажлаа зогсолтгүй хийдэг.   Байнга явсаар ижий, ахай болсон хүмүүсийн тус дэмжлэг ч их, “эргэх холбоо” гэдэг шиг зургийг нь авсан, тусалж дэмжсэн хүмүүстэйгээ  эргээд л уулздаг хэмээн тэр ярилаа. Г.Ган-Өлзий  нийслэлд бие даасан үзэсгэлэнгээ гурван удаа, 21 аймгийн төвүүдэд тус бүр нэг удаа гаргаад байна. Гэрэл зургийг гэрлээр бичих урлаг гэдэг. Гэхдээ өдөр, шөнө ялгаагүй, бороотой шороотойд ч зураг авдаг учраас маш сайн төлөвлөх шаардлага тулгардаг гэнэ. Харин монгол амьдралын ахуй, соёлын зургийг хүмүүсийн дунд орж, амьдрал ахуй ярьсан шигээ энгийн сайхан орчинд авдагт сайн зурагны нууц нь оршдог ажээ.  Авсан зургаа хэрхэн яаж мөнгө болгодог, аяллын зардлаа яаж олдог  тухай асуухад зурагчин маань “Өөрөө л зөв байвал ивээн тэтгэх, хамтран ажиллах хүмүүс олддог. Байгууллага, компаниуд хувь хүнийг спонсорлодоггүй, уран бүтээл, хөдөлмөрт мөнгө өгдөг. Хариуд нь надад итгэж найдаж мөнгө өгсөн хүмүүсийн нэр төрийг эрхэмлэж явах үүрэг хүлээдэг”гэлээ. Баруун аймгуудаар нэг аялахад л зөвхөн  шатахуунд  гурван сая төгрөгийн зардал гардаг. Ганцаараа аялдаг учраас бусдын дэмжлэгтэй явахаар өөр аргагүй. Г.Ган-Өлзийн хийж буй ажлыг үнэлдэг, ойлгодог хүмүүс дэмжиж гурван удаагийн үзэсгэлэнгээ хүртэл ивээн тэтгэгчтэй гаргажээ. Саяхны “Нүүдэлчин Монгол” үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгчээр л гэхэд  “Монос” групп ажиллажээ.   Дэлхийд уран зураг лугаа хэдэн зуун сая ам.доллараар зарагдсан гэрэл зураг байдаг гэнэ. Харин Г.Ган-Өлзийгийн Шилийн Богдын наана азарга давхиж буй нэгэн зургийг МАН хоёр сая төгрөгөөр худалдаж авч байсан нь шаггүй үнэд хүрсэнд тооцогдох ажээ.

    Г.Ган-Өлзий нүүдэлчин өв соёлоо хадгалж үлдсэн хөдөөгийнхний  тухай “Бид өөрсдөө  “Вранглер жийп” уначихаад мотоциклоор хонио хариуллаа гэж тэднийг буруутгаж болохгүй, хөдөөнийхөн бусдын л адил хөгжиж дэвжих эрхтэй.Гагцхүү өв соёлоо хэрхэн авч үлдэх вэ гэдгээ л бүгдээрээ  бодох учиртай гэсэн юм. Шавь  Эрдэнэбулган нь Ган-Өлзий багшийнхаа тухай  “Монголын хамгийн их байгалийн гэрэл зургийн сантай хүн.Ганцаараа аялдаг учраас  зураг  бүхэн нь дахин давтагдашгүй” гэж хэллээ. Г.Ган-Өлзийн үзэсгэлэнг үзсэн хүмүүс зузаан гэгчийн дэвтэрт сэтгэгдлээ үлдээжээ.   “Монгол ахуйг “орчлон багтдаг” хар, цагаан өнгөнд багтааж дэлгэсэн сайхан үзэсгэлэн гаргажээ” гэж П.Баттулга бичсэн бол ШУТИС-ийн нэгэн оюутан монгол хүн юуг хүсч, зорьж буйг түүний гэрэл зургаас мэдэрснээ бичиж, “Урсах амьдрал өрнөсөөр..” хэмээжээ. Уншигч та түүний Gan-Ulzii Gonchig нэртэй фэйсбүүкээр зочилбол энэ мэт постууд олныг унших боломжтой. Дээрх оюутны бичсэн шиг урсах амьдрал өнгөрсөөр, монголчууд бид дэлхийтэй улам бүр нэгдэн нийлж, техник, технологийн эринд санамсаргүйгээр уламжлалт соёл,ахуйгаа гээж, шинэ бүхэнд татагдан орж байна.

    Тав, арван жилийн дараа хөхүүр гээч эдийг магадгүй музейд, эсвэл Г.Ган-Өлзийн авсан зурагнаас л зөвхөн үзэж болох цагийн нүүдэлд аж төрж байна.

    Мэдээж  Г.Ган-Өлзий үүнийг хүссэндээ зураг авдаггүй, бодит өөрчлөлтийг мэдрүүлж, сануулах гэсэндээ энэ ажлыг хийдэг ч юм шиг…”Зураг авах үед миний амьсгал зогсдог” гэж тэр ярьсан.Түүнтэй адил байгалийн гэрэл зураг авдаг  Б.Баяр ийм сайхан эх орныхоо зургийг уйлж авдгаа хэлсэн. Эдгээр үгсийг сонссон,   ийм агуу үйл хэргийн зах зухаас мэдэж, танихыг хичээсэн би бээр тэднийг зүгээр л “эх орончид” гэж нэрлэхийг хүслээ. Эх орныг дурандаа мөнхлөх эх орончид.

    2015 он.#Түмэнбаатарын Бүдээхүү Gereg.mn

  • Чойгаалаагийн ЯНЖИНДУЛАМ, НЯМХАНД- Michel&Amazonka брэндийг үүсгэн байгуулагчид

    Загвар зохион бүтээгч, Michel&Amazonka брэндийг үндэслэгчид

    Michel&Amazonka брэндийг эгч дүү дизайнер Чойгаалаагийн Янжиндулам (Michel), Чойгаалаагийн Нямханд (Amazonka) нар 2013 онд үүсгэн байгуулсан.

    Брендийн онцлог нь уламжлалт хэв маягийг агуулсан европ загварын хувцаснуудыг Haute couture болон Prèt-a-Porter төрлөөр зөвхөн монголдоо зохион бүтээж үйлдвэрлэдэг. Тэдний бүтээлүүд нь чамин тансаг, эрхэмсэг байдлыг илэрхийлэхээс гадна тухайн захиалагчид зориулж цор ганц загварыг урладаг. Голчлон эмэгтэйчүүдэд зориулсан гоёлын даашинз, ёслолын хувцас, хуримын даашинз, чөлөөт хувцас хийж байгаа ба удахгүй эрэгтэйчүүддээ зориулсан хувцас хийхээр ажиллаж байна.

    Michel&Amazonka нь 2014 оныг Азийн Fashion Asia Awards-н шилдэг дизайнер шагнал хүртсэн.

    Чойгаалаагийн Янжиндулам буюу Michel нь 1986 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотноо инженер мэргэжилтэй Чойгаалаа, эмч мэргэжилтэй Д.Баярсайхан нарын 3 дахь хүүхэд болон мэндэлсэн. Michel 2003 онд 10 жилийн 75 дугаар сургуулийг, 2003-2007 онд Урлах эрдэм дээд сургуулийг хувцасны дизайнер мэргэжлээр төгссөн.

    Michel багадаа загвар өмсөгч болохоор шийдсэн ч 12 настайдаа загвар зохион бүтээгчээр тэмцээнд орсноор ажлын гараа нь эхэлсэн. Дизайнер мэргэжлийг сонгоход ээж нь ихээхэн нөлөөлсөн ба Мишел брендийнхээ бүхий л загварт гар бие оролцдог авьяаслаг дизайнер юм.

    Чойгаалаагийн Нямханд буюу Amazonka 1988 оны 7 дугаар сарын 31-ны өдөр Улаанбаатар хотноо айлын отгон хүүхэд болон мэндэлсэн. Amazonka 10 жилийн 18-р дунд сургуулийг төгссөний дараа, Урлах эрдэм дээд сургуулийг хувцасны дизайнер мэргэжлээр төгссөн. Хувцас урлахаас гадна дуулах авъяастай бөгөөд 2006- 2011 оны хооронд Star fish хамтлагийн дуучин байсан. Анх дизайнер болно гэж хэн ч боддоггүй байсан бөгөөд гэрийнхэн нь ээжийнхээ эмч мэргэжлийг өвлөж эмч болох байх гэж боддог байжээ. Гэвч дунд сургуулиа төгсөөд Хүмүүнлэгийн Их Сургуульд орж суралцаж байх хугацаандаа загвар зохион бүтээх ажилд илүү дуртайгаа ойлгож сургуулиасаа гарч, Урлах эрдмийн дээд сургуульд орсон.

    Амазонка өдөр тутмын болон үндэсний хэв маягийг агуулсан загваруудыг голчлон гаргадаг төдийгүй эко уутны загварыг гаргасан. Тэрээр хэрэглээний бүтээлүүдийг чадварлаг зохион бүтээдэг.


    УРАН БҮТЭЭЛ

    MICHEL

    Анхны уран бүтээл нь Smooth kiss коллекц байсан бөгөөд Гялбаа сэтгүүлд тавигдаж байсан;

    2006 он Хаврын Гоёл загварын долоо хоногт цэргийн загварт хувцасны коллекци;
    2007 он Garson зуны загварын долоо хоногт үдшийн даашинзны коллекци;
    2011 он Өвлийн цэцэг үдшийн даашинзны коллекци;
    2013 он Улаанбаатар загварын долоо хоногт Michel&Amazonka брэндийн анхны бие даасан коллекци;
    2014 он Сальвадор Дали пальтоны коллекци;
    2014 он Crystal Mind хувцасны коллекци;
    2014 он Азийн шилдэг топ 5 дизайнер (pret-a-porter ангилалд);
    2015 он Зуны үндэсний болон хурмын коллекци, хавар зуны 2016 оны коллекци;

    AMAZONKA
    2010 он RHODIA хувцас загварын шоунд оролцож гараагаа эхэлсэн;
    2011 он Хаврын гоёл хувцас загварын шоунд ажил хэрэгтэй эмэгтэй хувцасны коллекци;
    2012 он Зуны хувцас загварын шоунд Back to the Future коллекци;
    2013 он Улаанбаатар загварын долоо хоногт Michel&Amazonka брэндийн анхны бие даасан коллекци;
    2014 он Сальвадор Дали пальтоны коллекци;
    2014 он Crystal Mind хувцасны коллекци;
    2015 он Зуны үндэсний болон хурмын коллекци, Хавар зуны 2016 үндэсний хэв маягтай загварын коллекци;

    https://www.facebook.com/michelnzonka
    http://michelamazonka.com/

  • БҮТЭЭЛЧ МОНГОЛ АЯН

    Монгол эх орныхоо цохилох зүрх нь болсон эрхэм танд энэ өдрийн мэндийг хүргье. Амар байна уу, Та сайхан өвөлжиж байна уу гэж монгол ёсоороо золгоё.

    Бид үндэсний үйлдвэрлэлээ дэмжих сэтгэлгээг бий болгох зорилгоор 2011 оноос хойш “Монгол бэлэг” аян болон “Монголд үйлдвэрлэв” танин мэдэхүйн цуврал аялалыг зохион байгуулж байсан билээ.

    Бид энэхүү үйл ажиллагаагаа өнөөг хүртэл үргэлжлүүлж 2014- 2015 онд бүтээлч монгол хүнийг тодруулан сурталчилах, бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор БҮТЭЭЛЧ МОНГОЛ аяныг санаачлан эхлүүлээд байна.

    Эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор үндэсний үйлдвэрүүдийн борлуулалт эрс буурч, гадны хямд үнэтэй чанарын баталгаа муутай бүтээгдэхүүнүүд зах зээл дээр маш элбэг болж байна. Ийм тул,

    1. Үндэсний үйлдвэрлэлээ бүтээгдэхүүнээ дэмжих сэтгэлгээг улам дэлгэрүүлж, 1 бүтээгдэхүүний ард 10 хүн ажилтай, орлоготой болж байгаа гэдгийг ойлгуулах;
    2. Чанарын баталгаагүй, хэт боловсруулсан генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн нь монгол хүний эрүүл мэнд, ирээдүйд улам бүр сөргөөр нөлөөлж байгааг ухамсарлуулж, эх орныхоо органик хүнсийг сонгох сэтгэлгээг бий болгох;
    3. Гадаад зах зээл гарах боломжтой бүтээгдэхүүнүүдийг судалж, онлайн худалдааг нэмэгдүүлэхийн тулд;

    Таныг өөрөө үлгэрлэж үндэсний бүтээгдэхүүнээ сонгох, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих талаар сэтгэгдэлээ цахим орчинд бичиж нийтлэх болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээллэж олон нийтийг уриалан дуудаж БҮТЭЭЛЧ МОНГОЛ аянд нэгдэхийг уриалж байна. Үндэсний үйлдвэрлэл бүтээгдэхүүний тухай мэдээллийг олон нийтэд хүргэхдээ #БүтээлчМонгол хаштагийг ашиглан хүргэнэ үү.

    Цаашид монголчуудын санаачилсан онцгой төслүүд дээр олон нийтийн санхүүжилт босгох болон онцгой бүтээгдэхүүнүүдийг онлайн худалдаагаар гадагш борлуулах боломжуудыг судалж байна.

    Бид одоогоор цагаан сарын үзэсгэлэн худалдаанд нэгдмэл байдлаа оролцоод байна. ‪#‎БҮТЭЭЛЧМОНГОЛ‬ аяны хүрээнд МОНГОЛ БЭЛЭГ- үүдээ нэгтгээд Цагаан сарын үзэсгэлэн худалдаануудад оролцлоо. Энд оролцсоноор Монгол хүнээ дэмжиж уран бүтээлийг нь борлуулахаас гадна үндэсний үнэт зүйлсээ сурталчилах давхар зорилготой бн. Иймд үзэсгэлэнгийн орчинд эсгий ширмэл ширдэг дэвсэж, сайхан идээ засаад монгол орчин бүрдүүлээд монгол тоглоом наадгайгаар тоглуулж, бусад бүтээгдэхүүнээ борлууллаа. Одоогоор Батцэнгэл Рэнцэнгийн ийн Монголын Нууц Товчоо Түгээмэл эх ном, Их хаадын хөрөг зураг, МОН АРЦ ХХК ийн арц, аргал, ганга, BUGAT felt БУГАТ эсгий ийн эсгий урлал, Нүүдэлчин Сэрэхүй н арьс шир, модон урлал, монгол наадхай, Унагалдайн фен клуб ийн чихмэл унага тоглоом, Монгол ЧУЛУУ УРЛАЛ ийн эрдэнийн чулуун зүүлт, сахиус, Зураач Undraa Vandan ийн зургууд, Монгол оньсон тоглоом, наадхай, Морин хууран флаш, Уран бичлэг зэрэг үндэсний ЯЗГУУР ӨВ СОЁЛЫН БҮТЭЭГДЭХҮҮНийг дэмжиж байна.


    БҮТЭЭЛЧ МОНГОЛЧУУДЫН БҮТЭЭЛҮҮДТЭЙ ТАНИЛЦААРАЙ!