Category: media-content

  • Яаж нэг цагийг өөртөө өдөр болгон гаргах вэ? Гаргасан цагаа юунд зарцуулах вэ?

    Би урьд нь дасгал хийх юмсан, бясалгал хийх юмсан, ийм ч юм, тийм ч юм хийх юмсан гэж их боддог байсан боловч огт хийдэггүй байсан. Яагаад гэвэл надад цаг зав байдаггүй байсан.

    “Цаг завыг хүчээр гаргахгүй юм бол хэзээ ч гарч ирэхгүй.” “Амжилтын тарни” ном 179-р хуудас

    Тиймээс би өөртөө өдөр бүр 2 цагийг хүчээр гаргаж сурсан. Энэ хоёрхон цагийг гаргаснаар хийхийг хүссэн зүйлээ хийж, миний амьдрал их өөрчлөгдөж эхэлсэн.

    Тэгэхээр өнөөдрийнхөө бичлэг дээр 2 цаг биш ГАНЦХАН цагийг өөртөө яаж гаргах вэ? Энэ ганц цагт юу хийх вэ? тухай хуваалцахыг хүслээ.

    Энэ ганц цагийг дотор нь:

    Сэтгэл санаагаа тэжээх 10 мин – Бясалгал хийх

    Оюун ухаанаа тэжээх 20 мин – Ном унших

    Бие махбодоо тэжээх 30 мин – Дасгал хийх

    гэж 3 хэсэг болгон хуваана. Би энэ цагийг ихэвчлэн өглөө эрт гаргадаг. Яагаад гэвэл өглөө эрт гаргаснаар тэр өдөртөө эрч хүчтэй байж чаддаг.

    Тиймээс та өглөө босдог цагаасаа нэг цагийн өмнө босч гаргаж болно эсвэл өдрийн турш хэсэгчлэн гаргаж болно. Жишээлбэл: өглөө 10 минут, өдөр 20 минут, орой 30 эсвэл өглөө 30 өдөр 10 орой 20 минут гэх мэт.

    Сэтгэл санаагаа тэжээх 10 мин

    Энэ бол өөртэйгээ холбогдох цаг. Үүнд: бясалгал хийх, амжилтын тарни урих зэрэг орно. Би түрүүчийн долоо хоногт “өөрийгөө хайрлах” бясалгал оруулсан байгаа түүнийг бас хэрэглэж болно. Хэрвээ та бясалгал хийдэг бол түүнийгээ үргэлжлүүлж мөн өөрийн зохиосон амжилтын тарнийг урьж болно.

    Бясалгалыг та хаана ч хийж болно. Нэг өрөөндөө ороод хаалгаа хааж байгаад хийж болно? Эсвэл банны өрөөндөө ороод ч хийж болно.

    Би анх бясалгал хийх цагийг ажлаа тарсны дараа гэртээ орохоосоо өмнө машиндаа, эсвэл өглөө ажилдаа орохоосоо өмнө машиндаа хийчихдэг байсан. Харин өглөө эрт босдог болсноор өглөө эрт хийдэг болсон.

    Ном унших 20 мин

    Өөрийгөө хөгжүүлэх, өөртөө туслах, эрч хүч өгөх ном, нийтлэлийг өдөр болгон уншиж, видео бичлэгүүдийг үзэх хэрэгтэй. Яагаад гэвэл иймэрхүү ном, нийтлэлийг өдөр бүр уншснаар оюун ухаанаа амжилт өөдөө дасгалжуулж өөрийгөө цэнэглэх болно.

    Надаас их олон хүн “Ука чиний бичлэгүүдийг үзэх үед эрч хүчийг олж авдаг ч гэсэн хэсэг хугацааны дараа яг бахь байдгаараа болчих юм. Энэ юуных вэ?” гэж асуудаг. Тэгэхээр үүний гол шалтгаан бол өдөр болгон эрч хүч оруулсан ном нийтлэл унших хэрэгтэй. Тэгээд үүнийгээ тууштай хийх хэрэгтэй. Ингэж байж л бид өдөр болгон эрч хүчээр цэнэглэгдэнэ. Хэрвээ үүнийгээ зогсоох л юм бол бид эрч хүчээ эргүүлэн алдах болно.

    Дасгал хийх 30 мин

    Энэ 30 минутанд ямар ч дасгал хийж болно. Өөрт тохирсон дасгалыг сонго. Гүйх, алхах, усанд сэлэх, дугуй унах, суниах, жин өргөх, бүжиглэх гэх мэт.

    Сэтгэл санаа, оюун ухаан, бие махбодоо тэжээх нэг цагийг өдрийнхөө цагийн хуваарьт оруулаарай. Учир нь цагийн хуваарьтаа оруулж байж л бид түүнийгээ гүйцэтгэдэг.

    Тэгэхээр энэ маягаар 1 цагийг өөртөө 30 хоногийн турш тасралтгүй гаргаад үз. 30 хоногийн дараа өөртөө дүгнэлт хийж өдрийн аль цагт хэдэн минут юунд зарцуулахад илүү үр дүнтэй болж байна вэ гэдгээ тооцож үзээрэй. Өөрөөр хэлбэл 10, 20, 30 минутаа өглөө нэг дор зарцуулах нь дээр байна уу? Эсвэл орой гаргах нь дээр байна уу? Эсвэл өдрийн турш 3 хэсэг болгон хэсэгчлэн гаргах нь дээр байна уу гэх зэргийг дүгнэж цэгнээрэй.

    ХҮС. ХИЙ. ХҮР.

    ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ

    ©Ука Төмөр

  • Бүтээлч үйлдвэрлэл

    Соёл урлаг дэлхийн эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулж буй томоохон салбарт зүй ёсоор тооцогдох болжээ. Сүүлийн 20 жилд маш эрчимтэй хөгжин эдийн засгийн голлох хүчин зүйл болж, дэлхийн түвшинд жил бүр дунджаар 8,57 хувиар өсч буй бүтээлч үйлдвэрлэл гэж чухам юу вэ?
    1980-аад оны үед техник технологийн эрс дэвшил гарч, кино урлаг, дуу хөгжим, шоу бизнес эрчимтэй хөгжсөнтэй холбоотойгоор олон улсын түвшинд бүтээлч үйлдвэрлэл хэмээх ойлголт анх гарч ирсэн бөгөөд олон улсын жишигт “хувь хүний бүтээлч сэтгэлгээ, ур чадвар, авьяас билгээс эх сурвалжтай, оюуны өмч, зохиогчийн эрхийн дагуу ажил мэргэжил болон эд хөрөнгө үүсгэх боломжтой үйлдвэрлэлийн салбаруудыг нийтэд нь бүтээлч үйлдвэрлэл гэнэ” хэмээн тодорхойлсон байна.
    Бүтээлч үйлдвэрлэл, мөн “бүтээлч эдийн засаг” гэж нэрлэгддэг энэ салбарт оюуны өмч, зохиогчийн эрхтэй холбоотой бүтээл туурвил болон зар сурталчилгаа, олон нийтийн харилцаа, шууд маркетинг зэрэг бүтээлч үйлчилгээг хамруулдаг бөгөөд олон улсын түвшинд албан ёсоор томъёолохдоо хэвлэн нийтлэл, кино, видео, гэрэл зураг, телевиз радио, дуу хөгжим, дүрслэх урлаг, тайзны урлаг, уран барилга, урлаг, дизайн, хувцас загвар, гар урлал, зэрэг үндсэн 7, цахим хэвлэл, зар сурталчилгаа, компьютер, компьютерийн тоглоом зэрэг дэд 4, нийт 11 бүлэгт ангилан хамруулсан байдаг. Товчхондоо бүтээлч үйлдвэрлэлийг “соёл, урлаг, бизнес болон технологийн салбарын нийлбэр, оюуны хөрөнгөд тулгуурласан бүтээгдэхүүн буюу үйлчилгээг бүтээх, үйлдвэрлэх, түгээх цогц үйл ажиллагаа” хэмээн тодорхойлж болно.
    Судалгаанаас харахад 1999 оны байдлаар бүтээлч үйлдвэрлэл дэлхийн нийт эдийн засгийн бүтээмжийн 4 хувийг эзэлж байсан бол эдүгээ 13%-д хүрчээ. Их Британий бүтээлч үйлдвэрийн салбар 2001 оны байдлаар жилд 122,2 тэрбум фунт стерлингийн ашигтай ажиллаж, энэ тоо жил ирэх тутам өсөн нэмэгдэж байна. Харин ХБНГУ дахь бүтээлч үйлдвэрлэлийн салбарт 200 000 гаруй аж ахуйн нэгж байгууллага, хувь уран бүтээлчид ажиллаж, жилийн нийт эргэлт нь 2004 онд ДНБ-ий 2,6% буюу 117 тэрбум евро хүрч, 2006 он гэхэд эдийн засгийн хөгжлийн өсөлтийн түвшнээс 3 дахин хурдацтай хөгжсөн үзүүлэлттэй байна. 2006 оны 11-р сард Европын Холбооны Зөвлөлөөс эрхлэн гаргасан “Европын соёлын эдийн засаг” тайланд дурдсанаар 2003 онд бүтээлч үйлдвэрлэлийн эдийн засаг европын ДНБ-ий 2,6% буюу 654 тэрбум еврогийн ашигтай ажиллаж, бүтээлч 1
    үйлдвэрлэлийн өсөлт нь хими, автомашин болон тоног төхөөрөмж, хүнсний үйлдвэрийн салбартай адил түвшинд хүрсэн учир бүтээлч үйлдвэрлэлийг “Европын эдийн засгийн зүтгүүр хүч” хэмээн тодорхойлж, европыг “дэлхийд өрсөлдөх хамгийн эрчимтэй өсөлт бүхий мэдлэгт тулгуурласан эдийн засаг болгох” Лиссабоны тунхагт хувь нэмэр оруулна хэмээн үзсэн байна.
    Харин АНУ-ын хувьд бүтээлч үйлдвэрлэл нь эдийн засгийн маш том салбарт тооцогдох бөгөөд 2008 оны 1-р сарын байдлаар нийт 3 шахам сая хүн 610 000 урлагийн байгууллагад ажиллаж, эдийн засгийн жилийн эргэлт нь 166,2 тэрбум ам доллар хүрчээ. Харин бүтээлч үйлдвэрлэл хожуу хөгжиж эхэлсэн Ази дахинд сүүлийн арван жилд “тэсрэлт болж байна” хэмээн дэлхий дахин хүлээн зөвшөөрч байна. 2008 оны 11-р сард Тайваны Соёлын зөвлөлөөс мэдэгдэхдээ Тайваныг бүтээлч үйлдвэрлэлийн төв болгон хөгжүүлэх бодлого баримталж, төрөөс ирэх таван жилд 1,5 тэрбум ам долларын хөрөнгө оруулалтыг хийх тухай мэдэгдсэн бол БНХАУ сүүлийн 5 жилд аж үйлдвэрлэлийн бус, “оюуны” эдийн засагт шилжих бодлого баримталж, бүхий л томоохон хотуудын үйлдвэрийн дүүрэг болон томоохон үйлдвэрийн газруудын байшин барилгыг бүтээлч үйлдвэрлэлийн төв болгон, уран бүтээлчдэд урлан, ажлын байр, санхүүжилт, зээл болон татварын хөнгөлөлт олгож, 11-р таван жилийн төлөвлөгөөндөө бүтээлч үйлдвэрлэлийг эдийн засгийн тулгуур салбар болгон хөгжүүлэх тухай заажээ.
    Эдийн засгийн салбарт оруулах хувь нэмрээрээ аж үйлдвэржилтээс илүү чухалд тооцогдож буй “шинэ эдийн засаг” буюу бүтээлч үйлдвэрлэл дэлхий даяар эрчимтэй хөгжих болсон үндсэн шалтгаан нь өнөөгийн нийгмийн соёлын харилцааны шинэ үе, техник технологийн хурдацтай хөгжил болон даяаршил гэж үзэж болно. Олон нийтийн соёл, хэрэгцээ улам дээшлэн, зах зээл, аж үйлдвэрлэл эрчимжиж, интернэт болон даяаршил нь хил хязгаарыг даван улс орнуудыг дамнасан холбоо харилцаа, хамтын ажиллагааг өрнүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэх боллоо. Шинийг сэтгэх, бүтээн туурвих, ашиг орлогоо нэмэгдүүлэх өрсөлдөөн нь олон улсад бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх бас нэгэн хүчин зүйл болж, улс орнууд эдийн засгийн өндөр ашиг авчрах чадамжтай энэ салбарыг хөгжүүлэх бодлого баримтлан хэрэгжүүлж байгаа нь мөн ихээхэн түлхэц болж байгаа юм.
    Олон зуун тэрбум долларын эргэлт бүхий бүтээлч үйлдвэрлэл өргөжихийн хэрээр энэ салбарт үйл ажиллагаа явуулах байгууллага, чөлөөт уран бүтээлчид нэмэгдэж, олон нийтийн сонирхол, хэрэгцээ ч мөн ийш хошуурч байна. Бүтээлч үйлдвэрлэлийн нэгэн салбар болох цахим технологи, компьютер программ болон интернэтийн дүнд дижитал урлагийг бүтээгч шинэ үеийнхэн гарч ирсэн нь нөгөө талаар “жинхэнэ урлаг ба жинхэнэ үзэгч”, “сайн дурын уран бүтээлч ба сонирхогч”-ийн талаарх асуудлыг үүсгэдэг. Үзэгчид зөвхөн үзэж сонирхохын зэрэгцээ өөрсдөө бүтээн туурвих болсон нь үзэгчдийн бүтээлч идэвхитэй байдлыг сэргээж, урлагийн боловсролыг дээшлүүлдэг боловч энд урлагийн чанарын тухай асуудал зайлшгүй хөндөгдөнө. Мэргэжлийн уран бүтээлчид, урлагийн байгууллага болон техник технологийн дэвшилд дулдуйдсан бүтээл туурвигч, сонирхогч нарын ур чадвар, авьяас билэг, гоо зүйн мэдрэмж, бүтээлийн үнэлэмж болон оюуны бүтээлийн талаарх маргаан нь урлаг судлаач, эдийн засагчид болон бүтээлч үйлдвэрлэлийн салбарынхны дунд хурцаар өрнөж байна.
    Үүнтэй зэрэгцэн хүний эрх, нийгмийн шударга ёс, хувь хүний үзэл бодлоо илэрхийлэх, бүтээн туурвих эрх чөлөөний тухай асуудал болон оюуны өмчид суурилдаг бүтээлч салбарт бусдын бүтээлийг зөвшөөрөлгүй ашиглах, борлуулах, зохиогчийн эрхийг зөрчих, оюуны өмчийн хулгай болон бусад асуудлууд олон улсын түвшинд хурцаар тавигдаж, уран бүтээлчид, бүтээлч салбарынхны бүтээл туурвилынхаа үр өгөөжийг нь хүртэх 2
    боломжийг сайжруулах, эрхийг хамгаалах нь олон улсын түвшинд тулгамдсан асуудал болоод байна.
    Бүтээлч үйлдвэрлэлийн хөгжил, олон нийтийг хамарч буй байдал, ашиг орлого болон бусад үзүүлэлтүүд нь соёл урлагийн зугаацуулах, хүмүүжүүлэх, соён гэгээрүүлэх, гоо зүй болон уран сайхны зэрэг нийгэмд гүйцэтгэх үүрэг төдийгүй соёл урлагийн эдийн засагт оруулах хувь нэмрийг ч тодорхой харуулж байна. Тухайлбал Сингапурт соёл урлагийн үйл ажиллагаанд зарцуулсан 1 сая ам доллар бүр 1,66 сая ам доллар болон өсдөг гэж мэдэгдэж байгаа нь банк санхүү, шатахуун үйлдвэрлэлийн салбараас ч илүү ашигтайд тооцогдож байгаа ажээ.
    Бүтээлч үйлдвэрлэл нь үндэсний эдийн засгийг хөгжүүлэх чухал хүчин зүйл мөн гэх бодлогыг олон улс орнууд хүлээн зөвшөөрч, даган баримталж байгаа ба 2000-2005 онд дэлхийн бүтээлч үйлдвэрлэлийн салбарт эзлэх хөгжиж буй орнуудын бүтээлч үйлдвэрлэлийн хувь 29-өөс 41 болж нэмэгдсэн байна. Бүтээлч үйлдвэрлэл нь аж үйлдвэрийн салбараас дэд бүтэц, системчилсэн тогтолцоонд баригддаггүй, нээлттэй байдлаараа давуу талтай бөгөөд 2004 оны байдлаар нийт бүтээлч үйлдвэрлэлийн салбарын гол цөм буюу 98%-ийг 10-аас доош хүнтэй байгууллага, бие даасан уран бүтээлчид эзэлж, нийт салбарын орлогын 30%-ийг олсон нь ажлын байр шинээр бий болгох, орлогыг нэмэгдүүлж ядуурлыг бууруулах, соёл урлагийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, нийгмийн бусад тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд аж үйлдвэрлэлийн салбараас дутуугүй хувь нэмэр оруулж болохыг баталж байна.
    Хөгжиж буй орнуудын хувьд зах зээл бага, үйл ажиллагаа явуулах зардал өндөр, худалдаа арилжааны боломж хязгаарлагдмал гээд олон бэрхшээл байдаг ч технологийн дэвшил нь бүтээгдэхүүн болон үйлчилгээний зардал өртгийг багасгаж, газар нутгийн алслагдмал байдлыг арилгаж, зах зээл, тээвэр, холбоо харилцаа, хамтын ажиллагааг илүү өргөн хүрээнд явуулах боломжийг нээх төдийгүй улс орон, хот, бүсийг “соёл урлагийн төв“ болгон хөгжүүлж, аялал жуулчлалын урсгалыг татаж, жуулчлалын шинэ маршрут бий болгох боломжтой юм.
    Гэхдээ нөгөө талаас дэлхий нийтийг хамарсан арилжааны сүлжээ, зар сурталчилгаа, интернэт, технологийн эрс хурдтай хөгжил нь шинэ залуу үеийнхнийг илүүтэй зонхилон хамарч байгаа тул бүтээлч эдийн засаг тухайн улс үндэстний өв уламжлал, соёлын өвөрмөц онцлогийг хадгалан хамгаалах, уламжлуулан хөгжүүлэхэд сөргөөр нөлөөлж байна гэж үздэг. Ийм учраас 2005 онд ЮНЕСКО-гоос “Соёлын олон ургальч байдлыг дэмжин хамгаалах конвенци”-ийг баталсан бөгөөд энэ конвенцийн 2-р зүйлд “Аливаа улс орон өөрийн газар нутаг дээрх соёлын олон ургальч байдал, өвөрмөц онцлогийг дэмжин хамгаалах бодлого баримталж, арга хэмжээ авах онц бүрэн эрхтэй” гэж заажээ. Аливаа улс орны соёлын өв уламжлалыг хадгалан хамгаалах, соёлын өвөрмөц онцлог, улс үндэстнүүдийн соёлын олон ургальч байдлыг хадгалан хамгаалахад чиглэсэн энэ конвенцид 2008 оны байдлаар 90 гаруй орон нэгдээд байна.
    Монгол улсын тухайд соёл урлагийн хувь хүн, нийгэм эдийн засгийн хөгжилд оруулах хувь нэмэр, ач холбогдлын талаарх ойлголт бүрэн төлөвшөөгүй, төрөөс дэмжин хөгжүүлэх бодлого, дэмжлэг хомс, олон нийтийн соёлын хэрэгцээ үнэлэмжийн түвшин доогуур, бүтээлч үйлдвэрлэлийн салбар дөнгөж хөгжиж эхэлж байгаа учир энэ салбарыг хөгжүүлэх талаар төрийн бодлого зайлшгүй шаардлагатай байна. Нэгэнт дэлхийг хамарсан бүтээлч үйлдвэрлэлийн хурдацтай хөгжил, бүтээгдэхүүн ба бүтээлч үйлчилгээний хэрэглэгч болсон монголчуудын хувьд зөвхөн хэрэглэгч, худалдан авагч байх нь гадны соёлын 3 хэрэглээнд автах, өөрсдийн соёл, өв уламжлалаас холдон хөндийрөх эрсдлийг авчирч болзошгүй.
    Иймд бүтээлч үйлдвэрлэлийг эдийн засгийн томоохон салбар болгон хөгжүүлэх нь хөгжлийн нэгэн чиг хандлага болж буй өнөө үед төрөөс үндэсний соёлын өвөрмөц онцлогийг агуулсан, олон улсын түвшинд дэмжин сурталчлах агуулга бүхий бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого боловсруулан баримтлах, мөн олон нийт, уран бүтээлчдэд соёл урлагийн өнөөгийн чиг хандлага, бүтээлч үйлдвэрлэлийн талаарх ойлголтыг төлөвшүүлэх, урлагийн боловсролыг дэмжин хөгжүүлэх, чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх, уран бүтээлчдийн идэвхи санаачлагыг дэмжих, туурвисан бүтээлээ толилуулах, борлуулах болон зах зээлийн эдийн засгийн нөхцөлд тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжийг дэмжих зэрэг олон асуудлуудыг дэс дараатай авч хэрэгжүүлэх нь чухал юм.

    Монгол улсын хувьд Бүтээлч Монгол Хүн ТББ-ийн хамт олон бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр ажиллаж байна.

  • Цахим хандив сан буюу handiv.mn хандивын системийн албан ёсны нээлт

    Сүүлийн жилүүдэд орчны бохирдол, амьдралын чанар, хүсний аюулгүй байдал зэрэг олон асуудлаас үүдэн хүүхдийн өвлөл нэмэгдэж байна. Эмнэлэгийн тоног төхөөрөмж, хүчин чадлаас хамааран эх орондоо эмчлүүлэх боломжгүй өндөр зардлаар гадагш явж эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай тохиолдол олон тулгарч байна. Өвдөж шаналсан, хандив тусламж зайлшгүй шаардлагатай болсон хүүхдүүдэд хүмүүнлэгийн тусламж, дэмжлэг үзүүлэх зорилгоор санаа нэгдсэн залуус “Цахим хандив сан”-г байгуулжээ.

    Хувь хүмүүс өөрсдөө хандив тусламж цуглуулахад, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандаж, үүрэн телефоны оператороос тусгай дугаар авч, банкинд данс нээлгэх зэргээр цаг хугацаа, санхүүгийн бэрхшээлүүд олонтаа тулгардаг. Сайны хажуугаар саар гэгчээр худал хэлж, хандив цуглуулан түүнийгээ эздэд нь хүргэлгүй хувьдаа завшсан тохиолдол ч гарах болов. Тэгвэл энэ байдлыг таслан зогсоохоор мэдээлэл технологи болон хүмүүнлэгийн чиглэлээр олон жил ажилласан хэсэг залуус нэгдэж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, нийгмийн халамж нэн шаардлагатай, тусламж авах хүндэтгэх шалтгаантай хүүхэдүүдэд хандив тусламж цуглуулах нэгдсэн систем болох handiv.mn цахим хуудсыг бүтээж олон нийтэд танилцууллаа.

    Тус сангийн нээлтийн ёслолд УИХ-ын зарим гишүүн, төрийн болон төрийн бус байгууллага, урлаг соёлын байгууллагын төлөөлөл, жиргээчид, сэтгүүлчид дэмжин оролцлоо. Урлагийн салбараас язгуур урлагийн “Алтай” хамтлаг 1400 жилийн өмнөх Алтай ятгын аялгуугаар сонор мялааж, СТА дуучин Балдан, дуучин Хүрэлбаатар, Язгуур хамтлагийн уртын дуучин Баянжаргал, УДБЭТ-ын дуучин Төмөрсүх нар ая дууны өргөл өргөсөн бол СТА дуучин С.Баянмөнх үйл ажиллагааг хөтөлж хурсан зочдын зүрх сэтгэлийг хөгөллөө.

    Энэ үеэр хүүхэд гэр бүлийн сэдэвт бүтээлээрээ хүмүүнлэгийн үйл ажиллагааг үргэлж дэмжиж байдаг зураач В.Ундраа “Ээж” бүтээлээ дуудлага худалдаанд оруулж, 30%- ийг нь цахим хуудас бүтээсэн зардалд хандивлалаа. Мөн зураач Р.Батцэнгэл “Монголын нууц товчоог дэлхийд түгээе” төслөө танилцуулж, бүтээлийнхээ дээжээс Их хаадын хөрөгийг хүндэт зочидод гардууллаа.

    Сангийн нээлтийн ёслол дээр уг санг үүсгэн байгуулагчид ажиллах зарчмаа танилцуулсан юм. Өвчин эмгэг болон гэнэтийн аюул осолд нэрвэгдэж амьдралын хүнд нөхцөлд байгаа хэдий ч цаашид эмчлэгдэж эдгэрэх, бэрхшээлийг даван туулах боломжтой хүүхдүүдэд хандив тусламж нэн шаардлагатай болсон тохиолдолд асран хамгаалагчид болон итгэмжлэгдсэн хэн нэгэн www.handiv.mn хуудаст бүртгүүлж албан ёсны эмчийн дүгнэлт, оношлогоо, шинжилгээний баримт, зураг, хандив хүсэх болсон шалтгаан, үндэслэл гэх мэт дэлгэрэнгүй мэдээллээ илгээх юм байна.

    Тухайн мэдээлэлтэй танилцаж, хянан баталгаажуулаад сангийн журам болон шаардлагыг хангасан тохиолдолд цахим хуудаст байршуулж олон нийтэд мэдээллийг түгээн хандивыг цуглуулж, шаардлагатай тохиолдолд цугларсан хандивыг хандив хүсэгчээр дамжуулахгүйгээр эмчилгээг хийж буй эрүүл мэндийн байгууллагаруу шууд шилжүүлэх боломжтой ажээ.

    Тус сан нь төсөв, мэдээллийн ил тод нээлттэй байдлийг эрхэмлэн Шилэн дансны хуулийг хэрэгжүүлэх санаачилга гаргаж, хандивын бүх мэдээллийг өөрийн веб сайт дээр ил тод нээлттэй байрлуулж тунгалаг итгэлтэй, нээлттэй байдлаар ажиллах болно гэдгээ илэрхийллээ.


    ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

    ЦАХИМ ХАНДИВ САНГИЙН АЛБАН ЁСНЫ НЭЭЛТ

    www.handiv.mn

    [Хэвлэлийн мэдээ]
    Монгол Улсад сүүлийн жилүүдэд хот суурин газрын хүн амын төвлөрөл, уур амьсгалын өөрчлөлт зэргээс шалтгаалан амьдрах орчны экологийн тэнцвэр алдагдсаар байна. Үүнээс шалтгаалан нийгмийн дундаж давхарга, тэдний гэр бүлд хүүхдийн өвчлөлийн тоо эрс нэмэгдэж тэр хэрээр эмчилгээний зардал өндөртэй хүнд өвчтөний тоо өсөх хандлагатай боллоо. Зарим иргэд өөрдсийн нөөц боломжийг шавхаад ч эмчилгээний зардлыг бүрэн төлөх санхүүгийн боломжоор хомс байна. Иймээс олон нийтээс дэмжлэг туслалцаа хүсэх, хандив олох зорилгоор сошиал медиа хэрэглэгчдэд хандаж цуглуулах нь нэмэгдэж байна. Одоогийн байдлаар манай улсад энэ чиглэлээр нэгдсэн зохицуулалт байхгүйгээс болж хандив цуглуулах үйл ажиллагаа зарим үед эмх замбараагүй болох, хуурамчаар хандив цуглуулах, хандивийг завших зэрэг сөрөг үзэгдэл үүсэх тохиолдол ажиглагддаг.
    Үүнийг шийдвэрлэхийн тулд мэдээлэл технологи болон хүмүүнлэгийн чиглэлээр олон жил ажилласан хэсэг залуус нэгдэж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, нийгмийн халамж нэн шаардлагатай, тусламж авах хүндэтгэх шалтгаантай хүүхэдүүдэд хандив тусламж цуглуулах нэгдсэн систем буюу handiv.mn цахим хуудсыг бүтээж олон нийтэд танилцуулж байна.
    ЦАХИМ ХАНДИВ САН НЬ
    Өвчтэй хүүхдийн нэр барих буюу хуурамч өвчтөний нэрээр иргэдийг залилан хандив цуглуулах зэрэг хуурамч, буруу булхай сөрөг үзэгдэлийг цэгцлэх;
    Хандив хүсэгч хүүхэд хандив цуглуулахын тулд үүрэн холбооны тусгай дугаарууд худалдан авах гэж цаг хугацаа алдах, банкинд данс нээх гэх мэт үр ашиггүй зардлууд гаргаж цаг хугацаа алддаг байдлыг багасгах;
    Хандив тусламжийн мэдээллийг олон нийтэд хүргэх нэгдсэн системийг бий болгоно;
    Нийгмийн хариуцлага өндөртэй хандивлагч хувь, албан байгууллагуудтай тогтмол хамтран ажиллаж, тэднээр дамжуулан хүмүүнлэг үйлсийг түгээн дэлгэрүүлэхэд чиглэж ажиллана.

    ХЭРВЭЭ ТАНД ХАНДИВ ТУСЛАМЖ ШААРДЛАГАТАЙ БОЛ?
    Өвчин эмгэг болон гэнэтийн аюул осолд нэрвэгдэж амьдралын хүнд нөхцөлд байгаа хэдий ч цаашид эмчлэгдэж эдгэрэх, бэрхшээлийг даван туулах боломжтой хүүхдүүдэд хандив тусламж нэн шаардлагатай болсон тохиолдолд асран хамгаалагчид болон итгэмжлэгдсэн хэн нэгэн www.handiv.mn хуудаст бүртгүүлж албан ёсны эмчийн дүгнэлт, оношлогоо, шинжилгээний баримт, зураг, хандив хүсэх болсон шалтгаан, үндэслэл гэх мэт дэлгэрэнгүй мэдээллээ илгээнэ.
    Цахим хандив сангийн хамт олон тухайн хүний мэдээлэлтэй танилцаж, хянан баталгаажуулаад сангийн журам болон шаардлагыг хангасан тохиолдолд цахим хуудаст байршуулж олон нийтэд мэдээллийг түгээн хандивыг цуглуулж эхлэнэ.
    Хандивын Цахим хандив сангийн дансаар цуглуулж, цугларсан мөнгөний 90%- ийг хүлээлгэн өгнө. (10% нь сангийн үйл ажиллагаанд зарцуулагдана)
    Шаардлагатай тохиолдолд цугларсан хандивыг хандив хүсэгчээр дамжуулахгүйгээр эмчилгээг хийж гүйцэтгэж байгаа байгууллагаруу шууд шилжүүлэх боломжтой.
    Цахим хуудаст мэдээллийг байрлуулах хугацааны хувьд таны өөрийн хүссэн хугацааг харгалзана.
    Сангийн хамт олон хандивын хүсэлтийг олон нийтэд түгээх ба хандив хүсэгч мөн адил түгээх боломжтой.

    Ирээдүйгээ хамтдаа гэрэлтүүлье!
    info@handiv.mn | 976- 88081148 | https://twitter.com/handivMN | https://facebook.com/HandivMN

  • МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО ТҮГЭЭМЭЛ ЭХ

    Монгол бахархлын ноён оргил, монголын түүх соёлын нэвтэрхий толь- Монголын нууц товчоог хүн төрөлхтөнд хүргэж, монгол өв соёлыг таниулах зорилготой “МНТ түгээмэл эх” төслийн хүрээнд, МНТ-г бүрэн зураг чимэглэлтэйгээр англи, солонгос, хятад, унгар, япон, орос, монгол бичиг, кирил монгол долоон хэлээр хэвлэж, Монгол Улсыг дэлхийд таниулан сурталчилахад бодит хувь нэмэр оруулаад байна.

    Тус бүтээл нь түүх, хүн судлал, археологийн судалгааны сүүлийн үеийн ололтонд тулгуурлан түүхэн бодит үнэнийг зураглан толилуулж байгаагаараа өндөр ач холбогдолтой юм.

    Ийнхүү уг төсөл дараагийн шатанд шилжиж Монголын Нууц Товчоог дэлхийн түгээмэл хэл болох дэлгэцийн бүтээл- motion illustration төрлөөр бүтээж эхлээд байна.

    “Монголын нууц товчоо түгээмэл эх”-ийн онцлог ба ач холбогдол

    МНТ-г уран зургаар баяжуулан дүрсжүүлсэн нь Түгээмэл эхийн гол онцлог юм. Ингэснээр ямар ч залхуу гар сонирхолтой зургуудад хөтлөгдөн унших болно. Энэхүү эхийг бүтээхдээ Ц.Дамдинсүрэнгийн эхийг баримталсан ба үг, найруулгын утгыг нь алдагдуулалгүйгээр ахин найруулж, өгүүлэмжийг сэдэв бүрээр салгаж хувиарлан байршуулах зэргээр уншиж ойлгоход нь дөхөмтэй болгов.

    МНТ бол үйл явдлыг голчлон тэмдэглэж үлдээсэн зохиол. Тиймээс хүмүүсийн дүр төрх, ахуй орчин, хувцас хэрэглэлийн талаар дүрсэлсэн зүйл бага. Тийм ч учраас тухайн үеийн овог, аймгуудын соёлын хэв маяг болон угсаатан ястангуудын дүр төрхийн ялгаа онцлогийн талаар тодорхой төсөөлөл өгдөггүй. Гадаад уншигчдын хувьд бүр хэцүү. Тэд ядаж монгол гэр ямар бүтэц зохион байгуулалттайг мэдэхгүй шүү дээ.

    Иймээс уг зохиолыг зурж дүрсжүүлэх зайлшгүй шаардлагатай. Ингэхдээ чимэг төдий биш зохиолын агуулгыг баяжуулж, дутууг нь нөхөх, мэдээллийн багтаамж ихтэй, бодит дүрслэлтэй зургууд хэрэгтэй. Үүний тулд бид түүх, хүн судлал, археологийн судалгааны сүүлийн үеийн ололтыг тусгасан, XIII зууны монгол ертөнцийг бүх талаас нь, өчүүхэн зүйл ч орхигдуулаагүй бүтээл хийхийг хичээн ажиллаж байгаа юм. Үүнд дээл хувцас, орд өргөө, хоол хүнс, бүжиг хөгжим, зэр зэвсэг, хуяг дуулга, бичиг соёл, дайны урлаг бүгд багтана. Ингэж өргөн хүрээтэй дүрсэлж үзүүлснээр бид өвөг дээдсийнхээ соёлоор жинхэн утгаараа бахархах боломжтой болно. Шинэ цагийн “Шороотын Цэвээн”-үүд маань харьд очоод нүүр бардам үзүүлэх зүйлтэй болно. Бас өрнө, дорнын бусад үндэстнүүдийн соёлоос ялгарах онцлог болон тэдэнтэй ямар соёлын харилцаатай байсан, бусдад ямар нөлөө үзүүлж бас тэднээс ямар нөлөө авсан зэргийг олж харах юм.

    Дэлхий нийт бидний өвөг дээдсийг нэхий нөмөрсөн, зэрлэг булаан эзлэгчид гэж ойлгодог нь орвонгоороо эргэнэ. Манай соёл уламжлалыг улам ихээр хүндэлж тэр хирээр манай улсын нэр хүнд дэлхийн тавцанд өсөх болно.

    ҮР ДҮН

    • МНТ-г олон хүн уншина;
    • Түүх, соёлын баттай мэдлэгтэй болно;
    • Соёлын дархлаа бэхжинэ;
    • Ирээдүйн зураач, дизайнер, уран барилгачдын гарын авлага болно;
    • Дэлхий дахинд манай улс үндэстний нэр хүнд (image) дээшилнэ;
    • Чингис хааны өлгий нутгийг зорих жуулчдын тоо нэмэгдэнэ;

    САНАЛ

    “Монголын нууц товчоо түгээмэл эх” нь гурван цувралаар хэвлэгдэх бөгөөд одоогоор 1-р дэвтэр нь хэвлэгдсэн. 2, 3- р дэвтэр нь хэвлэгдэгхэд бэлэн болсон үндэсний үнэт зүйлээ дэмжигч хэн бүхэнтэй хамтарч ажиллахад бэлэн байна. Төслийн дараагийн шатанд бид “Монголын нууц товчоо” анимайшн кино бүтээхээр ажилдаа ороод байна.

    СУДЛААЧИД ЮУ ГЭЖ ХЭЛЭВ?

    Археологич Д.Эрдэнэбаатар
    УБ-ын ИС-ийн декан, доктор, профессор

    БИЕТ СОЁЛЫН ӨВИЙН СУДАЛГААНД СУДЛААЧ, СОНИРХОГЧДЫН
    АНХААРЛЫГ ХАНДУУЛЖ ЧАДЛАА

    Энэ ном бол МНТ-г анх удаа бодит уран зургийн аргаар дүрсэлж үзүүлсэнээрээ онцлог. Ингэснээр кино үзэж буй мэт таатай ном болсон. Түүхэн үйл явцыг зураг дүрстэй унших нь уншигчийн хүлээж авах байдал хурдан, тогтоц сайн байх талтай.
    Зураач Р.Батцэнгэл судлаач, археологичидтой олон жил хамтарч ажилласанаар түүхэн хувцас хэрэглэл, зэр зэвсэг, аж ахуйн эд юмсыг бодитойгоор дүрслэх бололцоо гарсан. Түүнээс гадна монгол төрхтөний түгээмэл хэв шинжийг тодорхой харуулсан сайн талууд бий.
    Нийтэд зориулсан гэхээс илүү биет соёлын өвийн судалгааг МНТ-той холбож өгсөн судалгааны том эх сурвалж гэж хэлж болно.

    Түүхч С.Цолмон
    Түүхийн хүрээлэнгийн ахлах ажилтан, УБ-ын ИС-ийн Гадаад харилцаа-эрдэм шинжилгээ эрхэлсэн проектор, доктор, профессор

    ЭЦЭГ, ЭХЧҮҮД ӨӨРСДӨӨ УНШААРАЙ, ҮР ХҮҮХДҮҮДДЭЭ ТАЙЛБАРЛАЖ ӨГӨӨРЭЙ

    Унших тусам гүнзгий ухаж үзүүштэй ийм нэгэн түүхэн сурвалж бол МНТ юмаа гэж бид үнэхээр бахархдаг. МНТ-с сэдэвлсэн гадаадын олон кинонуудад нүүдэлчдийн амьдрал ахуй, соёл, зан заншлыг мэдэхгүйн улмаас андуу, ташаа зүйлс их дүрсэлдэг. Тиймээс энэ номыг уншиж харьцуулж үзээд залруулаарай.
    Ном ном дундаас яг зөв мэдээлэлтэйг нь сонгож уншвал цаг заваа хэмнэхэд их чухал. Та бүхэн зураач Р.Батцэнгэлийн “МНТ Түгээмэл эх” хэмээх ийм нэгэн ач холбогдолтой бүтээлийг сонгон авч уншаарай. Үр хүүхэд, дүү нартай авч өгөөрэй. Эцэг, эхчүүд өөрсдөө уншаад тайлбарлаж өгөөрэй хүсч байна.

    Нийтлэлч А.Баатархуяг
    МОНЦАМЭ агентлагийн дарга

    БОЛОВСРОЛТОЙ ХҮН ЭХ ЗОХИОЛ УНШИХ ЁСТОЙ

    Мэдлэг боловсролтой хүн юуны өмнө эх зохиол унших ёстой. Манайхан дам ишлэсэн зүйл их уншдаг. Дам ишлэл уншиж явсан хүн хэрэглэж байгаа цаад этгээддээ үйлчилсэн үзэл санааг өөртөө суулгаж авдаг. Өөрөөр хэлбэл тархиа угаалгаад байна гэсэн үг.
    МНТ бол дэлхийн хамгийн том эзэнт гүрэн байгуулагдахын өмнөх монголчуудын оюун сэтгэлгээ, төрийн тогтолцооны үзэл санаа, Тэмүжин хаан ширээнд суух цаад учир шалтгаан зэргийг тусгасан зохиол. Иймээс монгол хүн бүр унших ёстой.
    МНТ-г монголчууд түгээхгүй бол өөр хэн түгээх вэ. Өнөөдөр дэлхий даяараа еврей хүнийг дэлхийн хамгийн ухаантай хүн гэж боддог. Хэрэв МНТ-г дэлхийд түгээж чадвал хүн бүхэн монголчуудыг дэлхийн хамгийн хүчирхэг үндэстэн гэж хардаг болно.
    Хэтэрхий их хөдөлмөр гаргасан байна. Энэ их хичээл зүтгэлийн үр шимийг яаж гаргах вэ гэж зовниж байна. Цаашид төслийнхөө санаа зорилгыг нийтэд сайн таниулж явбал илүү их үр дүнд хүрэх болов уу.

    Зураач Д.Эрдэмбилэг (МУУГЗ)

    БИД БҮХНИЙ ХҮСЭН ХҮЛЭЭЖ БАЙСАН БҮТЭЭЛ БОЛЖЭЭ

    МНТ бол сонгодог зохиол. Унших тусам шинэ зүйл олж мэддэг. Энэ зохиолын үнэ цэнэ үнэхээр гайхалтай. Үүнийг хүүхэд залуучууд болон нийт иргэдэд зориулж сонгодог уран зургийн хэлбэрт оруулж бүтээсэн нь үнэхээр бахархалтай бас сайшаалтай. Ингэж уран зохиолыг уран зургийн хэллэгт оруулснаараа их шинэлэг болсон байна. Үүнийг залуучууд, хүүхдүүд хүсэн хүлээж байсан бид бас их хүлээж байсан.
    Монголчууд оюуны их соёлтой байсан юмаа гэдгийг ил болгож харуулахад МНТ-г гадаад сурталчилгаандаа сайн ашиглах ёстой. МНТ бол бидний бренд юм шүү.

    Зураач Д.Ганзориг

    УНАГАН СОЁЛОО СУДЛАЯ, ХОЙЧ ҮЕДЭЭ ӨВЛҮҮЛЬЕ

    Бид түүхээ их ярьдаг. Харин үзүүлэх юм нь хомс. Монголчууд гайхалтай соёлтой улс байсан юм шүү гээд нэмэргүй байнаа. Одоо бид бодитоор нь хиймээр, бүтээмээр байна. Өнөөдөр босгочихож чаддаггүй юмаа гэхэд ингээд судлаад бэлдээд тавьчихмаар байна. Улс чадалтай болох тэр цагт бидний үлдээсэн санаанаас аваад ашиглаг л дээ.

    Төслийг санаачлагч,
    зураач Рэнцэнгийн Батцэнгэл

    ЗУРААЧ, ТӨСЛИЙГ САНААЧЛАГЧ МИНИЙ ХҮСЭЛ ЗОРИГ

    Бяцхан уншигчдын маань дунд ирээдүйн зураач, дизайнер, уран барилгачид бий. Энэ төслийн алсын зорилт бол тэдгээр бяцхан уран бүтээлчдийн онгодыг монгол соёлоор хөглөх, мах цусанд нь шингээх явдал юм. Тэд унаган монгол соёлтойгоо танилцаж өссөнөөр орчин үеийн монгол соёлын өнгө төрхийг төлөвшүүлж чадна. Тэд л Улаанбаатар хотыг бидний хүсээд байгаа эртний түүхт Монгол улсын нийслэл болгоно.

    Хэрэв бидний үеийнхэн багадаа орос биш монгол зурагтай ном харж өссөн бол өнөөдөр төрийн ордны барилга, хүндэт харуулын хувцас, “Фортуна” сайдын “зуухтай тулга” хэдийнээ монгол төрх хэлбэрээ олоод төлөвшчихсөн байх байлаа.

    Соёлын өвтэй холбоотой асуудал яригдахад хөөмэй, уртын дуу гэхчлэн биет бус өвүүд голцуу дурдагддаг. Биет өвийг судлаж сурталчлах, хэв маягийг нь орчин үеийн хэрэглээ, дизайнд шингээх асуудал хөндөгдөхгүй байна. Өнөөдөр хот төлөвлөлт, архитектур дизайныг сайжруулах тухай бодох цаг ирлээ. Энэ ажлыг амжилттай хэрэгжүүлэхэд Хүннү гүрнээс Их монгол улсыг хүртэлх хугацааны соёлыг судлах нь хамгаас чухал. Учир нь энэ цаг үеээс манай соёлын гадны шашин, соёлын нөлөөнд ороогүй унаган төрхийг олж хардаг юм.

    Нөгөө талаасаа бид цус булингартахаас маш их айж, түгших хэрнээ соёлын дархлааг анхаардаггүй. Соёл үгүй бол цус хичнээн цэвэр байгаад яах билээ. Сурагчдад зүйр цэцэн үг, оньсого, ертөнцийн гурав мэт цээжлүүлснээр соёлын дархлааг тогтоох гэж оролдоод байх шиг. Гэтэл монгол соёлын дархлааг Улаанбаатарын гудамжинд баригдаж буй хятад дааман хаалга мэт зүйлс аажмаар мэрж устгаж буйд нийтээрээ анхаарал хандуулах цаг болжээ.

    Холбоо барих
    https://www.facebook.com/SecretHistoryMongols

  • Хүмүүний сэтгэл зүрх муу муухай зүйлүүдээс ангид, хэрхэн оршиж болдгийг та олж мэдэрмээр байвал Монголын тал нутгийг зориорой!

    “Би Монгол хүн” гэж хэлэх бүрт миний өөдөөс харах царайн дээр мишээл тодорч, цэв цэнхэр нүд нь томорч ирээд л “Тийм үү? Та Монгол хүн юм уу? Ёстой үлгэрийн орноос ирсэн хүн байна даа” гэж хэлсэн хүмүүсийн тоо нэг биш ээ. Хорь гаруй жил гадаадад ажиллаж амьдрахад минь гадаад орны хүмүүс Монголчуудын тухай төрөл бүрийн л ойлголттой байдаг боловч “үлгэрийн, ид шидийн орон” гэдэг тодорхойлолт нь давамгайлаад байх шиг санагддаг юм.

    Сингапурт суралцаж байхдаа танил болж яваандаа дотны найз болсон нэг Англи бүсгүй тээр жилийн зун миний хуриманд уригдаж Монголд ирээд хундагын үг болгож ингэж хэлж билээ : “Бяцхан охин байхад ээж минь намайг дүрсгүйтэж сахилгаггүйтэхээр, томоотой байхгүй бол “Монгол явуулна шүү!” гэж зандардаг байлаа. Намайг “Монгол гэж ямар газар байдаг юм бол ?” гэж асуухад тэрээр, маш хол тээр гялалзах алтан гадас одны чанга дор байдаг орон. Маш хүйтэн, зэрлэг чоно, баавгай ихтэй, хүмүүс нь бүгд урт гялалзсан сэлэмтэй, тэр сэлмээрээ ээжийнхээ үгэнд ороогүй сахилгагүйтсэн хүүхдүүдийг эрэгтэй эмэгтэй нь үл хамааран л шууд цавчдаг тийм л газар байдаг юм. Хэрэв зугтаах юм бол дэлхий дээр байдаг хамгийн хурдан морио унаад дор нь бариад авна гэж хэлдэг байж билээ. Том болох тусам өнөөх “аймаар” орны дүр зураг миний төсөөлөлд өөрчлөгдөн өөрчлөгдсөөр үлгэрийн орон болж хувирсан юм. Ажил албаны шугамаар их олон оронд очисон боловч миний мөрөөдлийн үлгэрийн Монгол яагаад ч биш л байдаг байлаа. Хичнээн би Монгол оронд очиж үзэх юмсан гэж бодсон ч ажилдаа автан огт зав гардаггүй байж билээ. Хэдэн жилийн өмнө би Гүнсэнтэй ажлын шугамаар танилцаж тэрээр манай компаний маш чухал түншийг төлөөлж байсан учир байдгаараа л мэргэжлийн өндөр төвшинг харуулах гэж хичээж байлаа. Харин түүнийг хүүхэд шиг тунгалаг мишээлээр мишээж, би Улаанбаатар хотоос ирсэн Монгол хүн Та хаанаас ирсэн хүн бэ гэж асуухад нь би золтой л ухаан алдчихаагүй, хоёр гар минь өөрийн эрхгүй чичрээд эхэлсэн. Өнөөдөр би өөрийн үлгэрийн орон болох Монголд ирж хайрт найзынхаа хуримын ёслолд оролцож байна. Миний төсөөлөлд байдаг үлгэрийн орон мөнөөс мөн, яг мөн байна. Монголчууд харин ээжийн минь ярьдаг үлгэрийн “мангасууд” биш гайхалтай сайхан сэтгэлтэй, үнэхээр жинхэнэ үлгэрийн баатрууд амилсан мэт хүмүүс байгааг хараад миний зүрх сэтгэл маш их догдолж яг л үлгэрт умбасан мэт гайхамшигтай сэтгэгдэлтэй байна…” гэсэн юм. Эдгээр үгс бол дотны найзын минь сэтгэлийн угаас гарсан үгс.

    Монгол орны маань түүх судрыг сайн мэддэг судлаач, зохиолч, багш болон төрөл бүрийн мэргэжлийн хүмүүстэй уулзаж байхад яг л адил зүйлс ярьцгаана: “Үнэхээр ид шидийн орон, Монголд очоод, тэр хязгааргүй талын шөнийн тэнгэрт хайр найргүй цацагдсан оддыг харахад атгаад авч болох алмаз эрдэнэ дунд байгаа мэдрэмж яахын аргагүй төрдөг. Энэ агшинд, хичнээн чи өөрөө өөртөө энэ чинь бодит шүү дээ би дэлхий дээр, газар дээр байна гэж мянга хэлээд ч бодит байдлыг мэдэрч чадахгүй тийм мөч тохиодог. Өөрөөр бол Монголын тал нутгийн ид шидийн ховсонд автдаг юм” гэж ярих нь олонтоо тааралдана.
    Эр зориг нь эцэстээ тултал чинэрсэн, эх орныхоо төлөө, эхнэр хүүхдүүдийнхээ төлөө бүхнийг номхотгох хүч чадал нь бахадсан, талаар дүүрэн давхих Монгол морьтон баатруудын сүнс биеийг чинь сүвлэн нисэхэд эрч хүч гэдгийг Та мэдрэх биш бүхий л бие мах бодиороо амтлах болно. Энхрий зөөлөн харц нь “ивий минь дээ” гэх шиг эмэгтэй хүний намуухан дуу, зөөлөн салхины хамт зүрхийг Тань атгахад Байгаль Эхийг та харах биш харин хэвлийд нь оршиж буйгаа мэдрэх болно. Тэнгэрт харвах одод хүүхэн харааг тань оноход хэн болохоо Та олно.
    Хүмүүний сэтгэл зүрх муу муухай зүйлүүдээс ангид, хэрхэн оршиж болдгийг та олж мэдэрмээр байна уу?

    Монголын тал нутгийг зорь!

    Шарайд Борхүүгийн Гүнсэн

    Фото: Учрал https://facebook.com/UchralsPhotography

  • Очирбатын БУЛГАНХАНГАЙ

    Философич, нийгэм судлалын багш мэргэшилтэй.

    Багийн тоглолт& Багаа эрчил” багаар ажиллах хөтөлбөрийн сургагч багш.

    Архангай аймгийн Тариат сумын сургуульд багшилж байх хугацаандаа Шавь Н.Шинэбаяр нь ЭЕШ- 2011 нийгмийн ухааны хичээлээр улсын хэмжээнд 1-рт, О.Цэцэгбаяр 2011 оны Улсын олимпиадын 2-ын даваанд алтан медаль хүртэж байсан. Заах аргач, тэргүүлэгч зэрэгтэй.

    1993- 2003 онд Архангай аймгийн Тариат сумын бүрэн дунд сургууль
    2003- 2007 онд МУИС- Философи, нийгмийн ухааны багш мэргэжлээр дүүргэсэн.
    2008- 2009 онд Нийслэлийн 73-р сургуульд багш
    2010- 2012 онд Архангай аймгийн Батцэнгэл сумын Бүрэн дунд сургуулийн багш
    2013- 2018 онд Архангай аймгийн Тариат сумын Бүрэн дунд сургуулийн багш

    Гүн ухааны шүлэг, афоризм, эссэ бичих дуртай. “Ээждээ бичсэн 1000 захидал” (2009 он), “Хүн чанарын эрэлд” (2011 он) номуудыг эрхлэн хэвлүүлсэн. 0- 3 настай монгол хүүхдүүдийн фото зураг авч үзэсгэлэн, цомог гаргахаар ажиллаж байна.

    2007 оноос хойш “Яруу сэтгэгч” хүний хөгжлийн сонинг дэмчигдийг бүлгэмийг хамтран үүсгэн байгуулж, хувь хүний хөгжил, төлөвшлийн чиглэлээр тасралтгүй ажиллаж байна.

    Twitter | Facebook

  • Сүрэнгийн БАТБАЯР

    Чонос овогт Сүрэнгийн БАТБАЯР

    Хот төлөвлөлтийн мэргэшсэн архитетор, “Монгол монорэйл” төслийн санаачлагч, Хуульчдын хотхон төсөл, Санзай хотхон төсөл, Их майдар төсөл, Ажигана үйлдвэрийн төсөлд тус тус ажиллаж байсан туршлагатай. 2011 онд Тэргүүний барилгачин цол авсан.

    1980 оны 9-р сарын 1- нд төрсөн.
    1988- 1998 он Ниислэлийн 62-р дунд сургууль төгссөн.
    1998- 2003 он МУШУТИС- Архитектурын мэргэжлээр бакалавр
    2005- 2012 он МУШУТИС- Иргэний ба үйлдвэрлэлийн барилгын инженерийн бакалавр
    2003- 2007 он МУШУТИС- Архитектурын ухааны магистр
    2002- 2003 он Барилга архитектур корпорацид архитектур
    2003- 2006 он Мөнгөн хөсөг ХХК-ийн архитектур инженер
    2006 оноос Органик архитектур Монголиа ХХК-ийн захирал

  • Дуламжавын ЭРДЭНЭЧУЛУУН- Ойжуулалт, байгаль орчин

    Дэлхийн цэцэрлэгт хүрээлэн Монголд” төслийн санаачлагч, төслийн удирдагч. “Дэлхийн цэцэрлэгт хүрээлэн Монголд” ТББ-ийн тэргүүн. Мод тарьж ургуулах үйлсээр дамжуулан үндэсний оюун санааны үнэт зүйлийг хөгжүүлэх болон ой гэсэн нэгэн зорилгын дор үндэстнийг нэгтгэн дасгалжуулах зорилгоор 2010 оноос хойш тууштай зүтгэж яваа экологийн зүтгэлтэн. Герман улсад 10 гаруй жил ажиллаж амьдарч байна. Монгол Улсдаа олон нийтэд ой, экологийн боловсрол олгох чиглэлд “Ойн нууцлаг амьдрал” ном болон баримтат киног орчуулж, хэвлэн, нийтлэх төслүүдийг санаачлан удирдаж ажилласан.

    https://worldgardenmongolia.com

    https://www.facebook.com/dulamjav

    Баянзүрх хайрханы хойд энгэрээс эхлэн ойжуулалт хийж байгаа бөгөөд одоогоор 10,000 гаруй модыг тарьж ургуулаад байна. Энэ хугацаанд хашаажуулалт, усалгааны систем зэргийг шийдсэн. Монгол гэр хэлбэртэй ойжуулалтыг хийж байна. Энд хүүхэд гэр бүл, ураг удмын модоо тарьж, өөрсдөө арчилж тордон ургуулж хөдөлмөр зуслан байрлаар хөгжүүлэхээр ажиллаж байна.

    Германы ойжуулалтын технологийг олон жил судалгааны Герман улсын эрдэм шинжилгээ, ойжуулалтын мэргэжилтэн,төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

    2021 оноос вэб системээр дамжуулан онлайнаар модоо захиалан тарих боломжтой системийг бүтээн ажиллаж байна.

    Монгол, Герман Улсын экологийн хамтын ажиллагаанд томоохон хувь нэмэр оруулсан нэгэн.

  • Өөрийгөө хайрлах бясалгал

    “Өөрийгөө хайрлахаас нааш бусдыг хайрлаж чадахгүй. Хайрлах боломж ч үгүй, яагаад гэвэл өөртөө хайргүй хүн бусдыг яаж хайрлах билээ. Зөвхөн өөрийгөө хайрласнаар тэр хайр гадагшилж бусдад хүрнэ.”-Osho

    Хайр зөвхөн өөрөөс эхэлнэ. Өөрийгөө хайрласнаар бид дотроосоо гэрэлтэж, сайхан харагддаг.

    Өөрийгөө хайрлах бясалгал

    Энэ бясалгалыг өдөр болгон хийхийг хичээгээрэй.

    Ердөө 3-7 минут хийхэд л хангалттай.

    1. Аяа сонго. – Өөрийнхөө хамгийн дуртай зөөлөн аяыг сонго. Хэрвээ ая 3 минут үргэлжилбэл бясалгалаа 3 минут хий. Хэрвээ ая 5 минут үргэлжилбэл бясалгалаа 5 минут хий.

    2. Тухалж суу. -Бясалгал хийхдээ түшлэгтэй сандал дээр суугаад гараа өвдгөн дээрээ алгаа дээш нь харуулж тавиад хийж болно. Эсвэл газар хана налж суугаад, хөлөө урагш болгоод эсвэл завилж суугаад хийж болно. Aль нь илүү эвтэйхэн санагдана тэгж л суу. Би газар хана налж, хөлөө завилж суух дуртай.

    3. Нүдээ ань.

    4. Инээмсэглэ.

    5. Гүн амьсгаа ав. -Амьсгаан дээрээ анхаарлаа төвлөрүүл.

    6. Амьсгаа авахын хамт “Би өөртөө хайртай!” гэж дотроо хэл. Хүсвэл чанга ч хэлсэн болно.

    7. Амьсгаа гаргахын хамт орж ирсэн бодол, мэдрэмж, дурсамж, эргэлзээ, айдас гэх мэтийг хамтад нь гарга.

    Ингээд л боллоо. Маш энгийн.

    8. Ая дуустал 5, 6 дахь үеийг давтан хий.

    Бясалгал хийх үед анхаарал сарнивал “өө, анхаарал сарничихлаа, өө болохгүй байна, өө би чадсангүй” гэх мэтийн илүү юм бодох хэрэггүй. Зүгээр л сайхан иээмсэглэ. Тэгээд бясалгалаа цааш үргэлжлүүл.

    9. Ая дуусахаар нүдээ алгуурхан нээж, инээмсэглэээрэй.

    Энэ бясалгалыг тууштай хийснээр гайхамшигтай өөрчлөлт гарахыг та өөрөө мэдрэх болно.

    ХҮС. ХИЙ. ХҮР.

    ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ

  • А.Мөнхбат: Хөх Монголыг өмнөх 300 жилийн залууст тохиож байгаагүйгээр босгож, нийт хүн төрөлхтний хөгжлийн шинэ үеийг эхлүүлэх гайхамшигтай үүрэг бидэнд түүхээр оногдож байна

    -Монголын Залуучуудын Холбооны V ИХ ХУРЛЫН үндсэн илтгэл-  

    Их хурлын төлөөлөгчид өө, Залуус аа, найз нараа, Хүндэт зочидоо, Эрхэм иргэдээ!

    Та бүхэндээ Монголын Залуучуудын Холбооны V Их хурлын босго өндөр индэр дээрээс энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Сайхан хаваржиж байна уу? 

    Монголын залуучуудын байгууллагын Их хурлыг хуралдахыг олон залуус хүлээж байсан. Тийм хүсэлт, санал ч ихээр ирсэн. Хүлээсээр, найдсаар заримынх залуу нас дууссан. Их хурлаа хуралдуулж холбооны ажлыг ярих гэхээс илүүтэй, Монгол Улсын хөгжилд залуусын оролцооны тухай, ямар ирээдүйг бүтээж, залуудаа хэрхэн сайхан амьдрах тухай ярилцахыг залуус хүссэн нь дамжиггүй.

    Энэ Их хурал нь өмнөх Их хурлаас хойш бүхэл бүтэн 12 амьтнаар нэрлэсэн бүх жилүүдийг өнгөрөөсний эцэст Монгол Улсын нийгэм, эдийн засгийн шилжилтийн үе дуусч, шинэ үе эхлэж буй эгзэгтэй, ер бусын цагт болж байгаа гэдгээрээ ихээхэн хариуцлагатай, онцгой чухал ач холбогдолтой билээ.

    V Их хурлаар бид МЗХ-ны Үндсэн дүрэм, Монгол Улсын төрөөс залуучуудын талаар баримтлах бодлогын төсөл, “Монгол залуу хүн” хөтөлбөр,байгууллагын ойрын болон дунд хугацааны бодлого, үзэл баримтлал, үйл ажиллагааны ерөнхий чиглэлзэрэг олон чухал бичиг баримт, нэн шаардлагатай тогтоолуудыг хэлэлцэн баталлаа. Одоо харин улс төр, нийгмийн тулгамдсан асуудлууд мөн энэ бүгдийг зөв засахын тулд бид ямар онол, арга зүйг үндэс болгож өөрсдийн алдсан, мартсан, гажуудуулсан алтан үнэний тухай та бүхэнд хэлэлцүүлэхээр дэлгэж байна.

    I ХЭСЭГ. ӨНӨӨДРӨӨ БАРАГСАД 

    Монгол орны уналт, сэргэлт, үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний түүхэнд ХХ зуун онцгой байр эзэлдэг ажээ. ХХ зууны хориод оны үе гэхэд Монголын хүн ам хагас сая болтлоо буурч, эрдэм боловсролоор доройтож, Монгол хүн төрөлт, дундаж нас, эрүүл мэндийн үзүүлэлтээр туйлын дор орж, гадаад ертөнцөд бидний Монголыг устан сөнөж байна гэсэн дүгнэлт хийж байсан билээ. Монгол Улс маань хоёр их гүрний дунд оршдог, цөөн хүн амтай, цэрэг зэвсгийн чадал мөхөс орон болохын хувьд нэгний нь дэмжлэгээр нөгөөгийн нөлөө хараанаас гарах оролдлого бүртээ өөртөө дэмжигч орны нөлөөнд шууд шахам орох аюулыг ямагт агуулж ирсэнийг ХХ зууны түүх гэрчилж ирлээ.

    Монголчууд 1911 онд Манж Чин Улсын колончлолын эсрэг, 1921 онд Дундад иргэн улс болон Оросын цагаантны түрэмгийллийн эсрэг Үндэсний эрх чөлөөний төлөө тэмцэлд босож, 1989-1990 онд Зөвлөлт Оросын хатуу нөлөө хараат байдлаас гарахын төлөө, дагуул орны тавилангаас ангижрахын төлөө тэмцсэн. Энэхүү тэмцлийн гол хүч нь залуучууд байлаа.1911 онд Хаант Оросын ил далд дэмжлэгээр Манж Чин Улсын колончлолоос ангижраад, Богд Хаант Олноо Өргөгдсөн Монгол Улсыг /1911 оны XII сараас 1915 оны VI сар/ байгуулж, төрийн байгуулалаа Англи, Орос мэтийн жишээ загвараар тогтоосон байна.

    Монгол орны уналт, сэргэлт, үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний түүхэнд ХХ зуун онцгой байр эзэлдэг

     

    Хятадын гамин цэргээс Нийслэл хүрээг чөлөөлсөний дараа Богд Хаант Олноо Өргөгдсөн Монгол Улсыг /1921 оны II сарын 3-аас 1921 оны VII сарын 10/ дахин сэргээсэн. Гэвч 1921 оны хувьсгалын ялалтыг Зөвлөлт Оросын тусламж дэмжлэгээр хангасны учир Зөвлөлүүдийн маягийн түр засгийн газар хилийн чанадад 1921 оны III сардбуй болсоноор 1921 оны III сараас VII сарын 10-ыг хүртэл Монгол Улс хоёр засагтай байлаа. 

    Ийнхүү хоёр засагтай байсаар 1921 онд Ардын эрхт, хэмжээт цаазат, хаант засаг тогтсон юм. Эцэст нь Орос дах пролетарийн диктатурынн хэв, жишээт маягаар Монгол Улсаа 1924 онд БНМАУ хэмээн анхны үндсэн хуулийг баталж, тунхаглажээ. Харин 1990 оны хувьсгалын үр дүнд олон намтай, сонгон байгуулагдах төр төвтэй, улс төрийн тогтолцоо, зах зээлийн эдийн засаг бүхий нийгмийг бий болгон 1992 онд шинэ үндсэн хуулиар баталгаажуулан 20 гаруй жил хөгжиж ирлээ.

    Тухайн үеийн гадаад дотоод түүхэн нөхцөл, эрхшээл, нөлөөнөөс хамаарч тогтсон нийгмийн шинэ тогтолцоо Монголын ард түмэн түүний залуу үеийнхэнд юу өгөв, цаашид төрийн тогтолцоог боловсронгуй болгох, төр засаг, ард олны нийтлэг эрх ашгийг ойртуулахад чухам юу шаардагдах болов гэдэг асуулт зүй ёсоор гарч ирж байна. 

    Дээр өгүүлсэнээ дүгнэхэд, түүх урагшлах 1911, 1921, 1990 онуудын харилцан адилгүй түүхэн нөхцөлд өрнөсөн үндэсний хувьсгал амжилтанд хүрэх бүрийд тухайн гадаад дотоод байдал, түүхэн нөхцөл байдлын эрхшээл, нөлөөнөөс хамаарч адилгүй шинж байдал бүхий төрийн тогтолцоонууд Монгол оронд буй болж, үйлчилж ирсэн нь тодорхой ажээ.

    Гэхдээ Монголчуудын хувьд 1990 он олон зуун жилийн дараа хувь заяа, тусгаар тогтнол, хөгжлийн замаа өөрсдөө тодорхойлон сонгох түүхэн боломжийг нээж өгсөн гэдгийг хэлэх нь зүйтэй. 

    Энэхүү түүхэн үнэн, түүхэн боломжийг алдах аваас улс үндэснийхээ хөгжлийг нийт хүн төрөлхтний түүхэн хандлага болон глобал хамралтын үйл явцаас салангид үзсэнээр дахин хэдэн зуун жил хоцорч, угсаатан зүйн өвөрмөц үзэгдэл төдий болох аюул бодитоор нүүрлэх юм. Иймээс өнөөгийн Монголын улс төрийн хүрээнд эв нэгдэл, үндэсний үзэл санааг бүрдүүлэх хүчин зүйлсийг төлөвшүүлэх нь нэн чухал юм. Шинэ мэдлэг, шинэ чадамжийг улс төрийн хүрээнд хэрэгжүүлж чадах гол хүч бол залуучууд юм.

    Дээрх бүх хувьсгалыг залуучууд хийснийг түүх нотлоно. МЗХ-ны эцэг байгууллага МХЗЭ ХХ зууны бүхэл бүтэн 80 жилийг нь бүтээлцсэн онцгой гавьяаг бид мартахгүй ээ! Чиний төлөө үхье гэж эх орондоо тангараглаж хамгаалсан ахмад залуучууддаа баярлалаа. Цагаан морин жилийн цан хүүрэг татуулсан хувьсгалаас, цаг үеийг түүчээлэн их хөгжлийн гараанд ирж буй өнөөдрийг хүртэлх түүх бол манай МЗХ-ны сүүлийн 25 жилийн шинэхэн үеийн түүх юм. Нам нь төрийнхөө дээр байдаг нийгмээс тайван замаар ардчилсан нийгмийг бүтээлцэж буй эгэл идэр залуусын түүх бол бидний хүүхэд, балчир залуу насны нэгэн түүх. 

    Өнгөрсөн 25 жилийг бүтээсэн, үеийнхнийхээ мөрөөдлийн төлөө ажилласан ах, эгч нартаа баярлалаа

     

    Өнөөдөр тэдгээр идэр залуусын зарим нь бидний дунд орон зайгаа үлдээж эгнэгт ирэхгүйгээр одсон ч, хийсэн үйл нь балраагүй, хүсэл мөрөөдөл нь бүдгэрээгүй байна. Энэ түүхийг бүтээхээр өөрийн амь амьдралаар дэнчин тавьж, тэмцсэн олон мянган залууст Их хурлын энэ индрээс гүн талархал илэрхийлж мэхийн ёсолж байна. Хахир өвлийн хүйтэнд төв талбайд өлсөж, тэмцэж явсан олон мянган залуусын хувьд 25 жилийн дараах өнөөдрийн тухай ямар ч чимэг хачиргүйгээр, яг байгаагаар нь ярьсан бол хэн нь ч итгэхгүй байсан байх. Бидний амьдралын наад захын хэрэглээ болсон гар утас, япон машин, 2 хөршдөө визгүй зорчиж байгаа нь 90-ээд оны залуусын хувьд алс холын мөрөөдөл байсаан… 

    Хойч үедээ эрдэм сургаж, ертөнцийн соёлд хүргэх юмсан гэсэн тэдний холын мөрөөдөл өнөөдөр нэгэнт биелэл болсон. Өнөөдрийн Монгол бол 25 жилийн өмнөх залуусын хүсэл мөрөөдлийн биелэл. Тэдний төлөөлөл болсон залуус энэ мөрөөдлөө биелүүлэхийн тулд өнгөрсөн жилүүдэд хувьсгал хийлцэж, нам байгуулж, сонгуульд өрсөлдөж, төр барилцаж, бодлого тодорхойлсон билээ.
    Их Хурлын төлөөлөгч Залуус аа. Үеийн нөхөд өө. 

    Өнгөрсөн 25 жилийг бүтээсэн, үеийнхнийхээ мөрөөдлийн төлөө ажилласан ах, эгч нартаа баярлалаа. Бүтээсэн бүхнийг тань үргэлжлүүлж, алдсан алдааг тань залруулах үүрэг өнөөдрийн залуус бидэнд ирж байна. Өнөөдөр зөвхөн түүхээ ярих өдөр биш ээ. Өнгөрсөнөө дүгнэн ярьж, алдаа оноогоо цэгнэж, ирээдүйгээ төсөөлж, бодлогоо оновчтой тодорхойлох өдөр юм аа. Энгийн жишээ ярья. Сонины нэг нүүрэнд хэдэн зуун саяыг төрөөс хулгайлсан эрхмийн тухай мэдээ ид сенсаацалж байхад, нөгөө нүүрэнд нь хотод амьдардаг хэрнээ цахилгаангүй, усгүй, нийтийн үйлчилгээгүй, ахуйн наад захын шаардлагыг хангаагүй айлын элэг эмтрэм амьдрал зурайж байна.

    Хотын төвийн ресторанд 300 мянгаар нэгэн үдшийг өнгөрөөж байхад, сарын 300 мянгаар амьдралаа залгуулж байгаа гэр бүлүүдийн жишээ олноороо. Өмчийн ялгаа газар авчээ. Ядуурал буурахгүй, нийгмийн үйлчилгээ иргэдэд тэнгэр газар мэт зааглан холджээ.

    Либериалистүүд ядуурал бол залхуурал гэж ярьдаг. Тийм ч байж болно. Гэхдээ хэтэрхий олон хүмүүс дундаас доош түвшинд амьдарч байгааг нийтээрээ залхуу байсных гэж буруутгах нь туйлширсан хэрэг болох байх. Ер нь залхуу байлаа гээд мартаж орхих нь хүмүүнлэг төрийн бодлого биш ээ.

    Зах зээлийн зарчмаар чөлөөт өрсөлдөөнөөр амьдарч чадаагүй гэж хүн амынхаа тэн хагасаас илүүг буруутгах уу? Буруутгаж болно оо!Харин буруутгагдаж байгаа иргэд нь гарааны тэгш боломж олгосон ч өрсөлдөөний зарчмыг хөгжүүлж, мэдээллээр бүрэн хангаагүй төрийн бодлогын буруу гэж хэлж байна. Үнэний хувьтай.

    Төрд ажилласан дарга тэрбумын наймаа үсэргэж байхад, насаараа зүтгэсэн багш байрны урьдчилгаа өгчих хуримтлалгүй байгаа нь шудрага уу? Төрийн мөнгөөр тендер шалгаруулаад 10 хувийг хахуульд авдаг жишиг тогтсоныг хэн худлаа гэхийн! Төрөөс төрсөн тэрбумтан гэдэг үг байдаг уу? Хууль адилхан үйлчлэхгүй байна гэсэн бухимдал нь хоосон яриа юм уу? Тийм ээ. Энэ бол өнгөрсөн 25 жилд ардчилсан засаглалыг хөгжүүлэх, амаргүй замд гарсан алдаа юм аа. Энэ бол ардчилсан хувьсгалыг хийсэн ч либераль ардчилалын энгийн зарчмууд, түүний амин чухал механизмуудыг орхигдуулсаны, зарим зарчмыг нь хэт дөвийлгөсний, төрийн оролцоог зарим салбарт хэтрүүлж, зарим салбарт хэт орхигдуулсаны үр дүн юм.

    Бид засаглалын зарчмуудыг эдийн засгийн оновчтой бус хөшүүргээр дэмжсэнээр төрийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоо тодорхойгүй, хяналт бэхжээгүй, төрийн аппарат данхайж, эдийн засгийн салбарт монополь үүсэх хөрс бий болж, хөрөнгө оруулалт үнэгүйдэж, бүтээн байгуулалт үр дүнгүй хийсэж байна. Уул уурхайн гэнэтийн бүүм бидэнд бэлэнчлэх сэтгэлгээг үлдээсэн бол, энэ удаагийн хямрал бидэнд нийтээрээ бэлэнчлэх сэтгэлгээнээс гарах сургамжийг үлдээгээсэй гэж чин сэтгэлээсээ олон залуус хүсэж байна. Харамсалтай нь тэгэхгүй бололтой. 

    Энэ бүхэн хөрөнгө оруулалтыг бодит салбарын хэмжээнд хэмээн хумьсанаасинноваци, оюуны, боловсролын, шинжлэх ухааны салбарууд сульдан тамираа барж, шинжлэх ухаан, техникийн хөгжлөөс алс хол хаягдсан үр дүнтэй сууж байна. Уул уурхайн бүүмээс үүдэлтэй тансаглал, бэлэнчлэх сэтгэлгээгээр иргэд гүн хордож, гэнэтхэн диваажинд хүрэх адган бодолд нийтээрээ автаж байгаа нь үнэхээр харамсмаар.

    Яг л “юниверс бест сонгс” гэдэг уралдаант шалгаруулалтаар сайхан дуулдаг бүсгүйг гэнэт олж харсан шигээ алга урвуулах төдийд амьдралыг нь гийгүүлээд өгөх агуу улс төрчийн эрэлд сонгуулиас сонгуулийн хооронд “хатацгааж” байна. Тэр бүхэнд хүслийг нь хангаад өгнө, биелүүлээд өгнө, энэ муусайнууд одоо болсон гэж иргэдээ өмөөрөх олон “хүмүүс”-ийн ард хувийн сонирхол нь цухалзаж УИХ-ын танхим, сайдын сандалд суух шунаг бодолдоо шаналж байгааг олж харах тийм хэцүү гэж үү? 

    Найзууд аа!

    Сошиал медиа нийгмийн харилцааны шинэ хандлага хүчтэй хөгжсөнөөр салбаруудын тулгамдсан асуудал, шийдлүүд олны өмнө ил болж, олон салбарын алдаа дутагдалууд шийдлээ хүлээж байгаа болохыг нийтээрээ мэдэж авав. Тэгш бус байдал зөвхөн орлогын, хуулийн, төрийн үйл ажиллагаанаас үүдсэн шударга бус байдал зэрэг нүднээ харагдах асуудлуудаар хязгаарлагдахгүй болох нь бүгдийн өмнө ил болсоор байна.

    Өнөөдрийн амьдарч буй энэ нийгэм бидний хүсч тэмүүлж буй нийгэм мөн үү

     

    Олон олон салбарт асуудлууд шийдлээ хүлээж байгаа юм байна гэдгийг “бүгдээрээ мэдлээ”. Хамгийн чухлыг нь бус хамгийн их шуугиулсан, хамгийн их хэвлэлээр яригдсан асуудлыг төр шийддэг харалган бодлоготой болов. Аливаа асуудал дээр зөвхөн гал унтраасан арчаагүй,аргадсан шийдэл гаргадаг болжээ.

    Байдал ийм байхад алдаагаа засахын оронд хэвлэл мэдээлэлээр гул барин шантаажлах, асуудлын чухал, чухал бусын дараалал эрэмбийг алдагдуулах бүхэл бүтэн кампанит ажлууд төрийн бодлогын залгамж чанарыг нурааж эхэлжээ. Үүнийг нь овжиноор ашиглах бүхэл бүтэн сүлжээ хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагаар хязгаарлагдахаа больж бүр хөрөнгө оруулагчид Монголын эрх ашгийг хооронд нь сөргөлдүүлэх, үр ашиг, ач холбогдолынх нь эрэмбэ дарааллыг алдагдуулж байгааг нуух хэрэггүй. Энэ бол бидний хамтын зовлон. Энэ бол ардчилсан Монголын зовлон, Мөрөөдлөөрөө мөлхөж байгаа өнөөдрийн бидний гаслан.

    Залуу зүтгэлтэнүүд, нийт залуус бидний урд хангалттай орон зай, үнэ хүндтэй зорилт хүлээж байна. Бусдыг та сайн эсвэл муу болгож чадахгүй. Тэд ч бас таны адил эрх чөлөөтэй, тэд өөрсдийгөө мэднэ. Гэхдээ Чиний, Таны, Бид бүгдийн амьдарч байгаа Монгол Улс, эх оронд маань өөрийн чинь оролцоо байхгүй, хэн нэгэн этгээдүүдийн хүсэл зоригоор явж, өнөөдрийн энэ дүр зурагт хүрсэн байна. Өнөөдрийн амьдарч буй энэ нийгэм бидний хүсч тэмүүлж буй нийгэм мөн байна уу? “Шидэх чулуу олтлоо хөөрхөн гөлөг бай” гэдэг шиг Монгол залуу хүн та хэн нэгний ивгээл, аз од гийхээ хүлээж суусаар, өөрөөрхэлбэл, өөрсдийгөө зөвтгөдөг  “цаг нь ирэхээ” хүлээж суусаар өнөөдрийг барж залуу чигээрээ өтөлж байна.

    Одоо цагт жирийн Монгол залуу хүн нам, бүлэглэлийн эрэг шураг болохгүй л бол өөрийнхөө чадлаар дээшээ гарах боломж хэр байгаа вэ? Цаашлаад бүлэглэлийн явцуу эрх ашгийн үүднээс төрийн үйл ажиллагааг бохирдуулаад удлаа. Үүнийг хүлээн зөвшөөрөх ёстой юу? Манай зарим мундагчууд одоо шилжилтийн үе учраас төрийн болоод нийтийн салбар замбараагүй, зарим тохиолдолд шударга бус байх нь зүй ёсны гэх нь холгүй байдаг.

    Гэтэл шилжилтийн үе бүхэл бүтэн хорь гаран жил үргэлжлээд хүний нэг насны амьдралын тал шахам хувьд шилжээд шилжээд дуусдаггүй гэж юу байхав дээ. Хүссэн хүсээгүй, эдгээр асуудлыг шийдэж байж, хөгжлийн дараагийн алхамыг хийнэ. Зовлонгоо даван туулж байж, илүү сайхан нийгмийг байгуулна. Бид мөрөөдөлөө шинэчилээгүй юм биш үү? Бид том сэтгэж чадахгүй бол том үйлс бүтээхгүй ээ!

    Өнөөдөр Монголын залуус олимпийн дэвжээнд манлайлж, сумод рекорд эвдэж, Эверэстэд авирч, хаа холын холливуудын хаалгыг тогшиж, шинжлэх ухаан технологийн эриний хөдөлгүүр болсон корпорацид шийдвэр гаргалцаж, дэгжин бүсгүйчүүдийн загварыг тодорхойлолцож түүхийг бичилцэж эхэлсэн.

    Залуусынхаа мөрөөдлийг төр нь гүйцэхээ больж байна. Хүсэл мөрөөдлөө хүн бүр, өрх бүлээрээ, хамт олноороо, улс эх орноороо шинэчлэх шаардлагатай болж байна. Тиймээс одоо төр улсаараа том мөрөөдөж, том ярьж, том сэтгэж, том хийх цаг болжээ. Шилжилтээ төгсгөж, төрөө тамиржуулж, улсаа өөд нь татаж, иргэнээ боловсруулах цаг нь нэгэнт иржээ. Өнгөрсөн түүхээ зарж биш, гайхам түүх бүтээж залуудаа сайхан амьдармаар байна!!! Олон хүнд аз жаргал бэлэглэхийн тулд бид энэ бүгдийг зоригтой хэлж байна!

    Ирж буй 30 жилийн түүх бол Хөх Монголыг босгосон миний үеийнхний түүх байх ёстой! Бид бол өнөөдрийг барагсад биш!Түүхийг бүтээгч,том мөрөөдөлтэй манай үеийнхэн юм шүү ЗАЛУУСАА!

    II ХЭСЭГ. БИДНИЙ ТҮҮХЭН ЗОРИГДОЛ БА АЛТАН ҮНЭН

    “Мөнх тэнгэрийн хүчин дор, их суу залийн ивээл дор” гэсэн мөнхийн уриаг бидний ихэс дээдсүүд дээр үеэс мөрдөж ирсэн түүхийг бид мэддэг. “Монголын нууц товчоо” хэмээх хүн төрөлхтний агуу их түүхэн судар “Дээр Тэнгэрээс заяат төрсөн” гэж эхэлдэг нь үнэн бодитой мэдээлэл хэмээн итгээд, эцэг өвгөдийнхөө агуу түүхийн мөрөөр өнгөцхөн ч болов өнгийхөд, түүхийн янз бүрийн тавцанд сайн муу хэлэгдэж ирсэн монголчууд та бид чинь энэ дэлхийн топ-тэргүүн үндэстэн угсаатан мөн бусуу, хэмээх бардамнал, өөрийн эрхгүй төрнө.

    Өнөөгийн залуучууд та бид энэ домогт асуудлыг сайтар нягтлан судалж, мөрдөн мөшгиж ихэс дээдсийнхээ эрдэм сургааль, суу билэгт шамдан суралцах түүхэн цаг үе ирсэн гэж Монголын Залуучуудын Холбоо үзэж, энэ асуудлыг та бүхний өмнө шинээр дэвшүүлэн дэлгэж байна. Монголчууд бид түүхийн энгүй их далайд чухам “хэн юм бэ” гэдгээ мэдмээр байна.

    Түмний хөлд нухлагдан гишгэгдсэн цоорхой ноорхой дэвсгэр үү, аль эсвэл хүмүүн заяаны эх, гүр их түүхийн эзэн нь юмуу? Хэдийгээр түүхийн нугачаанд бүдгэрч баларч байгаа ч гэсэн бид, Ихэс дээдсийнхээ анхлан гаргасан, гэгээрлийн агуу их зам мөрийг бүрмөсөн арилган баллах ёсгүй. Хүн төрөлхтний балар харанхуй үеэс бидний өвөг дээдэс эргэн нүүх хорвоо болон нарт ертөнцийн хөгжлийн зүй тогтлыг танин мэдээд, оддын эрчим хүчний дээд нэгдлийн хуулиар энэ хорвоогийн бүх л юмс үзэгдэлд тулган хүлээлгэсэн оршин амьдрахуйн зарчмыг ягштал мөрддөг гэрээтэй байжээ. Энэхүү гэриэ нь хүн төрөлхтний зайлшгүй мөрдөх ёстой, зөв аж төрөх ёсны алтан зарчимуудыг өөртөө агуулсан ихэс дээдсийн минь танин мэдэхүйн иж бүрэн цогцолбор юм. 

    Ийм агуу их өв сан миний Монголоос өөр хаана ч байхгүй гэдгийг омог бардам, зориглон хэлмээр байна. Хүн төрөлхтний гэгээлэг сэхээлэг хэсэг нь мунхаглалын замаар орсоноо хүлээн зөвшөөрч, зөв гарцыг нүүдлийн соёл иргэншил буюу монголчуудын суу ухаанаас эрэн хайсаар байна.

    2010 оны үед АНУ-ын ерөнхийлөгч асан Билл Клинтон Шанхайн орны тэргүүн нарын ээлжит зөвлөлгөөн дээр “Хүн төрөлхтөн буруу замаар орсон нь нэгэнт тодорхой боллоо. Америкийн ардчилал мухардалд орж, шинжлэх ухаан зогсонги байдалд хүрч, шашин үүргээ гүйцэтгээд дуусч байна. Зөв хөгжлийн шинэ гарцыг бид нүүдлийн соёл иргэншлээс, Монголчуудаас хайхаас өөр аргагүйд хүрлээ” хэмээн мэдэгдсэн нь олон хүний сонорыг мялааж, тэд монголын зүг чихээ дэлдийлгэх болсон билээ.

    Энэ нь өнөөгийн залуус та бидэнд буурал түүхийн өмнө хүлээх асар их үүрэг хариуцлага оногдуулж байгаа нь тодорхой. Хэрвээ та бид Монгол эх орон, Монгол хүн гэж чухам юу юм бэ, ертөнцийн бусад хүмүүнүүдээс юугаараа ялгаатай юм бэ, гэдгийг бодит байдлаар танин мэдэж чадах аваас, ямар агуу хүмүүсийн үр сад болохоо бүрэн дүүрэн мэдэрч, энэ ертөнцийн хаана ч гэсэн омог бардам, харц дээгүүр, зориг төгөлдөр алхан агуу их ихэс дээдсээ улам илүү бишрэн хүндэлж, бахархан дээдлэх болно.

    Бидний Монголчуудын ихэс дээдэс омог бардам, цэвэр ариун, үнэн шудрага, оюун цэлмэг, төгс төгөлдөр байж ертөнцийн оршин тогтнохуйн зүй тогтлыг танин мэдэж, эрчим хүчний харилцааг нээн эзэмшиж байгалийн болон байгалийн бус бүх хүчийг төвлөрүүлэн агуу их зорилгоо хэрэгжүүлэхэд ашиглан, хүмүүн төрөлхтөнийг мунхаглалын аюулаас хамгаалан, алтан дээд үнэний ёс жаягийг тогтоохоор баатарлагаар тэмцэж ялан дийлж, мандан бадарч явсаныг түүх гэрчилнэ.

    Энэ гэгээн танин мэдэхүйгээр өнөө үеийн хүн төрөлхтөн гачигдаж, мунхаглалын замд улам гүн гүнзгий шигдэж амин чанарууд нь мөхөж, туйлдан доройтсоор сүйрлийн өмнө ирсээр байгаа гашуун үнэнийг харамсалтай ч гэсэн хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүрээд байна. Бидний эцэг өвгөд эр зориг, хүч чадлаараа ертөнцийг цочоож байсан бол өнөөгийн залуус бидэнд эцэг өвгөдөөсөө уламжлан ирсэн оюун ухаан, суу билгээрээ хүмүүн төрөлхтөнийг мунхаглалынх нь замаас аврах түүхэн үүрэг оногдож байна. “Монголчууд хүн төрөлхтөнд оюун ухаан бэлэглэсэн юм” гэж немцийн агуу их гүн ухаантан Фридих Гегель баталж байсан бол, “Ирээдүйн эзэнт гүрнүүд болбоос оюун санааны эзэнт гүрнүүд байх юм” гэж Английн улстөрч агуу их Уинстон Черчель зөгнөн хэлсэн байдаг.

    Бидний эцэг өвгөд гэгээн дээдэс минь оюун ухааны эзэнт гүрэн гэдгийг жинхэнэ утгаар нь байгуулж, ертөнц даяар алдар суугаа цуурайтуулж байсан түүхтэй. Бид тэдний уртын үзүүр, өргөний зах, яс цусны тасархай нь билээ.Би та бүхнийг эцэг өвгөдийнхөө алтан дээд үнэний сургаалиудыг нэвтэрхий сайн судлаасай хэмээн хүсэж байна. Эдгээр сургаалиуд нь байгаль дэлхий болон хүн төрөлхтний үүссэн цагаас эхлэн Монголчуудын шүлснийхээ хөөсөөр ундаалж, шүднийхээ махаар хооллож, үхэгсэддээ атаархах хүртлээ ядарч зовж, хүсч, тэмцэж, тэмтэрч, алд биеэрээ туулан явсаар цуглуулж олсон агуу их танин мэдэхүй, эх үрэн зургаагын амин хэлхээний алтан аргамжаа, алтан сүлжээ нь билээ. 

    “Монголын нууц товчоо”, “Их эзэн Чингис хааны алтан дээд ГЭР ИЭ”, “Төрийн найман цах аялгуу”, “Хөх Монголыг нийхэмээр бадраах хутагтай их засгийн алтан дээд үнэний аялгуу” зэрэг өв сургаалиуд хатуу хэцүү зам мөрийг туулж, устаж алга болохынхоо босгон дээр Монголчууд бидний их хувь тавилангаар ямар нэг хэмжээгээр бидний гар дээр ирчихээд байна.

    Их эзэн Чингис хаан Монголчууд та бидэнд “Тэнгэрээ битгий мартаарай, Хөх толбоо битгий гээгээрэй” гэж гэрээслэн захиж үлдээсэн байдаг. “800 жилийн дараа та бүхэн шаварт шавааралдаж, үнэн худал, цэвэр бохир холилдож, төр засаг нь зөв бүхнийг буруугаар дийлүүлж, мэддэгийгээ сүйтгэхүйд, мэдэхгүйгээ бурханд даатган, танин мэдэхүй гэж юу ч үгүй, хүүхэд нь хонгилын гэрэл бараадаж, эмс охид нь хадан дээр нуруугаа зовоон, хүмүүний цуглуулга, хэрүүлийн далай уруулын уранхай болж, алмас хаанаар суух шахсан байх болно” гэж айлдсан байдаг. 

    Одоо цагт жирийн Монгол залуу хүн нам, бүлэглэлийн эрэг шураг болохгүй л бол өөрийнхөө чадлаар дээшээ гарах боломж хэр байгаа вэ

     

    Энэ хэлсэн бүхэн хичнээн их оновчтой зөв болохыг батлах шаардлагагүйг нэгдүгээр хэсэгт дурьдсан ба та бүгд ч шууд ойлгож байгаа гэдэгт итгэж байна.Эдгээр алтан судруудад урьд өмнө хаана ч хэнээс ч сонсож байгаагүй, зөвхөн хөх толбот Монгол хүнд эцэг эхээс нь заяасан амин чанарууд, тэдгээрийг нээн ашиглах арга замаас эхлээд, ертөнцийнэрчим хүчний нэгдлээс хүмүүн төрөлхтөнд тулган хүлээлгэсэн зарчимууд, мөнх оршин амьдрахуйн дэг жаяг, төр болон нийхэм, засаглалын амин чанаруудыг эрчимийн дээд өндөр түвшинд тусгасан байдаг нь үнэхээр бахархалтай.

    Монгол Алтайн их уулсад араатан маягаар амьдарч байсан хижи хэмээх амин чанартай босоо гөрөөс, наран саран сүүн-эхээс амин эрчим авсан хэдий ч, онолгүйн замаар зовж зүдрэн олон зуун мянган жилийг туулж, гэгээрлийн мөн чанарыг танин мэдэж өөрийгөө хөгжүүлсээр хүн хэмээх агуу бодь галыг бий болгосон түүхийг энд дурьдана.

    Хүн гэдэг нь хөгжлийнхөө үе шатны дөнгөж хоёрдахь нь бөгөөд “гэдэс нь цадчихаар зорилго нь биелчихдэг өчүүхэн амьтан” хэмээн тодорхойлсон байдаг. Хүн хөгжлийн буруу замыг сонгох юм бол “гуйж хоолоо олдог булай хүн, булааж заншсан булхай хүн, дээрэмдэж амьдардаг боулихай хүн” болон хувирдаг. 

    Монголчууд буруу хөгжлийн замыг засаглалынхаа хэлбэрээр бүр мөсөн хааж зөв хөгжих гарцаагүй байдлыг бий болгон “хүнээ тэнгэрт мэндэлж, ертөнцөд бойжсон ИРГҮН” хэмээх төгс дээд хүнийг төрүүлж чадсан нь хүний нийгмийн хөгжилд оруулсан их хувь нэмэр юм. 
    Хүчит цэрэг, алтны сангаар зогсох засаг, хүчлэн байлдаж, хядан сөгдүүлж чаддаг боловч хүмүүнээ иргүн, дэмч, элч, ил болгон хүмүүжүүлж, гурван оломлогчтой засаг байгуулан гайхуулсан нэгэн Монголоос өөр үгүй. Бусад хүмүүст Монголчуудыг дууриах хэл хөл байвч авъяас байхгүй.

    Авъяас гэдэг эцгээс хүүд долоон дээд эцгээс нь удамшин ирдэг зөн гэх байгалийн бус хүч бөгөөд хөх толбоныхоо амин чанараар түүнээ сэрээдэг гэж бахархалтайгаар тэмдэглэсэн байдаг. Их Монгол улс үүслийн гурван эрдэнээс үүсч, таван тусгаар тогтнол амьтай, бөө гэгээн тархитай, анд орон зайтай, ураг төрлийн төртэй, айл бүлийн засаглалтай мөнх тэнгэрийн орон бөгөөд их дэлхийн хэн боловч хорловоос сүйрэхүйд унах зурхайтай болохыг танин мэднэ.

    Бид өнөөгийн нийгэмд хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа элдэв янзын бэрхшээлүүдийн учир шалтгаан, түүнээс гарах арга замуудыг онолын өндөр түвшинд онож гэгээрэн хэрэгжүүлэх болно. Хүн төрөлхтөн мунхаглалын замаар орсон болохыг яс махандаа хүртэл бүрэн ойлгож, “мунхаглалын гадаад илрэл нь өстөнгүүдийн талцаан” болохыг бүрэн гүн гүнзгий мэдэрч, өөрсдийнхөө өнөөгийн арчаагүй байдлаасаа ичнэ.

    Хөх Монгол иргүнийг нийхэмээр бадраах хутагтай нэүрит засагийг амин чанараар нь байгуулах гэж юу болох тэр нь хэрхэн үл тасрах долоон голтой болж яаж эрчимнэн, ард түмнээ бадраадаг болон өнөөдөр бид төрөөрөө хэрхэн гутаагдаж уруудан доройтож байгаагийн учир шалтгааныг танин мэднэ. “Үнэн дээр тогтсон бүхэн их эвлэрэлийг бий болгон хүч болон хувирч, худал нь эвдрэлийг бий болгодог алтан дээд үнэний зарчимуудаас зай төдий гажихад мунхаглалын зам уруу гулсан орж аливаа гэм үүсгэх эх үүсвэр болдог”-ыг ойлгоно. “Би Монгол иргүн”, “Их Эзэн Чингис хаан” гэсэн нэрүүдийг амин чанараар нь тайлж, дээд төгөлдөршлийн гүн утга учрыг мэдэж авна. 

    Бидний өнөөгийн итгэл үнэмшил орвонгоороо эргэн ямар ч асуудлыг эх үрэн зургаагын хэлхээ холбоо, тэдгээрийн амин чанарын өндөр дээд түвшинд танин мэдэх чадварыг эзэмшин, танин мэдэхүйн цар хэмжээ өсөн нэмэгдэж танин мэдэхүйн болон бие сэтгэлийн агуу их хүч хуримтлагдана. Монголчууд цагдаагүй, шоронгүй, эмнэлэггүй нийгмийг байгуулна. Хөх толбот Монгол иргүнийг шорон цагдаагаар мохооно гэвэл “эцсэн туранхай мориор өлөн барс хураахтай адил” зүйл гэж үздэг гүн ухааны учир утгыг ойлгон хөх толбоныхоо амин чанарыг ашиглан зэрлэг, мунхагууд ид шидийн гэж болох чадварын эзэн болох боломж бүрдэнэ.

    Амь, амь зуулга, амьдрахуйн бодит ялгааг танин мэдэж, амьдрахуйн зам мөрийг хөөх нь хамтаар хариуцах засаглалын хэлбэр мөн болохыг ухааран, тогтоон барьж хэрэгжүүлж ирсэн арга замыг бид өөрийн болгоно. Эцгээс яс удамшин, эхээс цус уламжлан ирж, удам ургийн алтан хэлхээ үе дамжин үүсгэдэг болохын учир шалтгаан, амин чанарын хэлхээ холбоог гүн гүнзгий танин мэдэж Монгол эмэгтэйн цус таван тусгаар тогтнолын нэг болохыг ойлгож, эмэгтэй хүний үнэ цэнийг улам илүү мэдрэн хүндэтгэх болно.

    Эргэн нүүх хорвоогийн жам ёсыг даган мөрдөхгүй байгаагаас үүсч бий болсон хохирол хүн төрөлхтөн даахааргүй хэмжээнд хүрч байгааг, хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа элдэв янзын гамшиг, сүйрэл бэлхнээ харуулж, хор уршгийг нь амсаж мэдэрч туйлдсаар байна. Газар хөдлөлт, ган гамшиг, галт уулын дэлбэрэлт, хар салхи, цунами, цөлжилт төдийгүй дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямрал, дайн байлдаан, ядуурал гуйлганчлал, өлсгөлөн, өвчин гэх зэрэг олон асуудлуудын учир шалтгаан түүнийг арилгах арга нь Монголчуудын гүн ухаанаар тайлбарлагдах нь улам бүр тодорхой болсоор байна.

    Гэгээрэл, боловсрол, мэргэшил, нийгэм, төр засаг, хүний хөгжил, хүний эрх, ертөнцийн оршин тогтнох үндэс, хоорондын уялдаа холбоо, эрч хүчний тухай танин мэдэхүйн асар өндөр түвшинд хүрч, оршин байгаа ертөнцтэй оосорлогдон оломлогдож сүлжигдэн жам ёсыг мөрдөн нэгэн цогц болон нэгдэж, амьдрахуйн зөв замаар эргэлт буцалтгүй итгэл төгс алхан, эрдэм мэдлэг суу билгийн жинхэнэ эзэн нь болцгоох агуу их хувь заяа та бидний өмнө нээлттэй байгааг сонордуулахад таатай байна.

    Ертөнц тэнгэрээс хөх нуруутын суу билэг, өмч болгон өгсөн аялгуу гучин таван эрдэм, оршихуйн олз ерэн есөн тэнгэр, хүслийн олз ерөн есөн арга, хэцүүгийн олз таван зуун тавин шалтгаан, сэрэхүйн ерэн цэвэр шудрага, ахуйн арван түгээмэлийн онол, үүслийн гурван эрдэнийн сэтгэхүй, үрийн олз есөн хүслийн хүчин, бодолтой тэмцсэн есөн зуун тавин мөлсү, зүтгэлийн олз есөн мөрний сав шимийн үнэн, нүүхүйн олз босоо голчит нэүрит засаг, үүрдийн олз босоо голчит нэүрит дэм”-ийн жинхэнэ нууц нь миний дурьдсан дээрх судруудын мөн чанарнь болж эзнээ хүлээн одоохондоо зүүрмэглэн байна.

    Энэхүү агуу их өвийн жинхэнэ эзэн нь өнөөгийн залуус та бид бөгөөд сэрээх хувь тавилан зөвхөн БИДНИЙ ҮЕИЙНХЭНД оногджээ. Анх сонссон хүнд харийн юм шиг сонсогдох саяын миний хэлсэн бүгдэд Монгол амин чанар, та бидний өвлөн авч удамшуулан үлдээх ёстой жинхэнэ нууц нь оршиж байгаа билээ.
    Залуусаа!
    Монголчууд бид мянган жилийн өнгөрсөнөөс түмэн жилийн ирээдүйг байгуулдаг өв соёлтой ард түмэн гэдгээрээ бахархах ёстой!

    III ХЭСЭГ. ИРЭЭДҮЙГ УГТАЖ МЭДЭЖ, ТОСОЖ БЭЛДЭЖ, ТЭСЭЖ ҮЛДЭНЭ

    Би илтгэлийн эхний хоёр хэсгийг дуусгаад энэ хэсгийг эхлүүлэхийн өмнө та бүгдийг дээрх хэсэгт дурьдсан, дэлгэсэн алтан үнэнийг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч цаашдын үйл хэргийг хамтран эхлүүлэгч, өрнүүлэн довтолгогч, их үйлсийн эзэд болох түүхэн үүрэг хүлээсэн нэг үеийнхэн гэдгээ бүрэн дүүрэн батлан илэрхийлэхийг хүсэж байна.  Өнөөдөр ийм дорой байхыг Их Эзэн Чингис хаан 800 жилийн тэртээ Бошиглон үлдээсэнийг 5 мэдэрхүйгээрээ батлаад зогсож байх нэг талаасаа бид азгүй нөгөө талаасаа дээр дэлгэсэн алтан үнэний гэрээг сэргээн нийт Монголчууддаа заан ойлгуулж,олноороо сэхээрч,зөв танин мэдэж, сайн боловсрон гэгээрч, туйлбартай хөгжлийн зөв замд оруулах их ажлыг гардан зохион байгуулах түүхэн үүрэг оногдлоо.

    Монголчууд цагдаагүй, шоронгүй, эмнэлэггүй нийгмийг байгуулна

     

    Хөх Монголыг өмнөх 300 жилийн залууст тохиож байгаагүйгээр босгож, нийт хүн төрөлхтний хөгжлийн шинэ үеийг эхлүүлэх гайхамшигтай үүрэг бидэнд түүхээр оногдож байгааг энэ индэрээс зарлаж байна. “Их Эзэн Чингис хааны алтан дээд сургаалиуд дээр чинь заларч байгаа бол та энэ ертөнцийн хамгийн агуу нь, хэрвээ таны дээр өөр хэн нэгэн байгаа бол та бусдын идэш, өөрийн өөдгүйн боол ба харь хүмүүнүүдээс өөрийгөө бүү дорд үзтүгэй” гэсэн ихэс дээдсийн сургаалийг санахтүн! Их түүх эр зориг, их эвлэрлээс эхэлдэг! Алсыг хар, ихийг хүс!

    Их Монголын үнэн түүхийг уламжлан сэргээх агуу их үйлсэд Та бүхнийг уриалан дуудаж, тунхаглан зарлаж байна! Өнөөдрийн энэ үеийг хүртэл алтан сургаалиудыг амнаас ам дамжуулан уламжлуулж ирсэн ой ихт өвгөд, бидний хэл бичигт ойлгогдохоор тайлсан, буулгасан, бидэнд зааж байгаа буурлууддаа үеийнхэнийхээ өмнөөс өвдөг сөгдөн талархаж, үр хойчдоо алдаршуулан мөнхлөхөө андгайлъя! Энэхүү их үйлст нэгдэхийг Монголын нийт ард түмэндээ Монголын Залуучуудын Холбоо уриалж байна.МЗХ-ны V Их хурлаар бид шинэ үндсэн дүрэмтэй боллоо. Нэгхэн сарын дараа гэхэд Үндэсний залуучуудын зөвлөл, аймаг, дүүрэг, сум, хорооны залуучуудын зөвлөлүүд сэтгэлтэй, итгэлтэй зөв сайхан залуусаар бүрэн бүрдэж улс төр, нийгэм, эдийн засгийг дараагийн 30 жил хөгжүүлэх их аяндаа нэгдэн гарах гэж байна. 

    Монгол залуу хөх толбот хүн бүр өөрийгөө үл голон энэхүү галт тэргэнд амжиж суухыг уриалж байна. Монгол Улсын хөгжлийг хөтлөх, эрх мэдэлтэй, нэгдсэн залуучуудыг төрүүлэх, ард түмнийхээ нийтлэг эрх ашиг, сонирхлыг хамгаалах, дэмжих зорилготой үндэсний хэмжээний залуучуудын байгууллага болохын хувьд үйл ажиллагаагаа ардчилсан, нээлттэй, ил тод, хариуцлагатай байх зарчмын дагуу явуулж алтан үнэний талд тууштай зогсож иргэдээ эрх мэдэлтэй байх, бие даасан, хариуцлагатай байж-эв нэгдэлээ сахиж, тогтвортой хөгжих суурийг бүрдүүлэхийн төлөө ирээдүйг угтаж мэдэж, тосож бэлдэж, тэсэж үлдэн тэмцэхээ энэ индрээс батлан илэрхийлж байна.

    “Ард түмэнд алтан дээд гэрээ байдгийг үл мэдэгч хүн зэрлэг, Их Монгол улсад үүслийн гэгээн дээд үндэс байдгийг үл ойлгогч хүн мунхаг, эцсийн шийдвэрлэгч нь ард түмэн байдгийг үл ойшоогч хэн ч хүн алуурч. Зэрлэг, мунхаг, алуурч гурав Төрийн тураал ба нийтээрээ гэмтэй байхын эх үрэн байдаг. Бугшмал хэцүүгээр нийтийг гутааж, итгэлийг нь булааж, буцаан худалдаад, буруу бүгдээр зөвийг нь дийлүүлдэг хүн хорлол дарангуйлваас төрийн тураал.

    Их эзэн Чингис хааны мөнхийн зарлиг болсон Алтан дээд гэрээг мартваас бид үжирхэл хөгжлийн жимт нийгэмээр гутаагдан өөрийн өөдгүйд боолчлогдму, маргаваас чи хөндлөнгийн идэш болж алдаандаа үхүүлэгдэн доройтуулагдаж тамлагдму, мөрдөвөөс чи нийхэмээр үндэслэн бадарч, хөх Монгол болж, ертөнцийн хүмүүнийг гэгээрүүлмү.” гэсэн ихэс дээдсийн алтан дээд сургаалаар энэ илтгэлээ өндөрлөж байна. 

    ЗАЛУУСАА СЭРЭХ ЦАГ БОЛЛОО!

    САЛХИ МЭТ ТҮГЭЭТҮГЭЙ, НИЙТЭЭРЭЭ ОРОЛЦТУГАЙ, БҮГД НЭГДЭХТҮН!

    МӨНХ ХӨХ ТЭНГЭР МИНЬ БИДНИЙГ ИВЭЭН ТЭТГЭХ БОЛТУГАЙ. 

    ХУРАЙ, ХУРАЙ, ХУРАЙ.

    Эх сурвалж: https://www.facebook.com/myfederation/