Category: media-content

  • Лхагвасүрэнгийн ГАЛБААТАР- Цахим эрхзүйн олон улсын хуульч


    Олон улсын эрх зүйч, хуульч

    Орчин үеийн нийгмийн чухал асуудал болох мэдээллийн аюулгүй байдал, мэдээллийн технологи, цахим орчны эрх зүйн асуудлаар мэргэшсэн Монгол Улсын цөөн хуульч, судлаачийн нэг юм. Монгол Улсын Их Сургуулийг олон улсын эрх зүйч мэргэжлээр, Дэлхийн оюуны өмчийн байгууллагын дэргэдэх академи болон Сингапур улсын Оюуны өмчийн академийг оюуны өмчийн эрх зүйн чиглэлээр тус тус төгссөн.

    2010 онд оюуны өмч, мэдээллийн технологийн эрх зүйн асуудлаар “Цахим эрх зүй” ном, 2015 онд кибер гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мөрдөн шалгах асуудлаар “Кибер гэмт хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх нь” ном бичиж хэвлүүлсэн. Мөн “Кибер аюулгүй байдлыг хангах тухай” болон “Өгөгдөл хамгаалах тухай” хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт гишүүнээр ажилласан туршлагатай. “Онлайн эрх чөлөө” олон улсын эвслийн 5 дугаар бага хуралд Монгол Улсыг төлөөлөн оролцож “Mongolian Legislation and Law Enforcement” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн бөгөөд дотоодод төдийгүй олон улсын хэмжээнд өгүүлэл, нийтлэлээ түгээж буй судлаач юм.

    Тэрээр Монгол Улсын Их сургуулийн хуулийн зөвлөх, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хуульч зэрэг хариуцлагатай ажлыг нэр төртэй гүйцэтгэсэн чадварлаг хуульчдын нэг юм. Өдгөө Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнд судлаачаар ажиллаж, хэд хэдэн бодлогын судалгааг амжилттай гүйцэтгэсэн бөгөөд шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад зориулсан олон тооны сургалтад сургагч багшаар ажиллаж шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагын чадавхийг бэхжүүлэхэд зохих хувь нэмэр оруулж буй судлаач юм.

    Түүний “Цахим эрх зүй” блог www.galbaatar.blogspot.com нь 2007 оноос эхлэн өнөөг хүртэл цахим орчны эрх зүйн асуудлаар сонирхон судлагч, тусламж хүсэгч хэн бүхний хувьд чухал, шинэлэг эх сурвалжид тооцогдож байна.

    Илтгэлүүд үзэх: http://www.slideshare.net/galbaatar1/
    https://www.facebook.com/galbaatar

  • Уртын дуу нь өдгөө сонгодог хэлбэрээ олон хөгжиж дэлхийн хэмжээний урлаг болон хүлээн зөвшөөрөгдсөн гайхамшигт соёлын өв юм

    Монгол ардын уртын дууны гайхамшиг нь дахин давтагдашгүй. Монголын өргөн уудам тал нутаг Монгол хүний хоолойны цар хүрээнд нөлөөлсөн бөгөөд өөрөөр хэлбэл нүүдэлчдийн өдөр тутмын амьдрал дундаас үүссэн аялгуу гэж хэлж болно. Уртын дууны түрлэг нь ард түмний амьдрал дундаас урган гарсан утга агуулгатай байхаас гадна үгийг нь зохиогч, аяыг нь бичигч гэж байдаггүй билээ. Олон зуун жилийг даван туулж өнөөг хүртэл дуулагдсаар ирсэн учраас “уртын дуу” гэж нэрлэгджээ. 2005 онд НҮБ-ын Боловсрол Шинжлэх Ухаан Соёлын Байгууллага (ЮНЕСКО) уртын дууг шилдэг урлагийн өв бүтээл болгон дэмжиж дэлхийн соёлын өвд бүртгэн авчээ. Уртын дуу нь өдгөө сонгодог хэлбэрээ олон хөгжиж дэлхийн хэмжээний урлаг болон хүлээн зөвшөөрөгдсөн гайхамшигт соёлын өв юм. Монгол ардын уртын дууг бэсрэг, суман, айзам гэж хуваадаг бөгөөд баруун нутгийнхан голдуу бэсрэг уртын дууг дуулдаг. Нум сумны уухай, бөхийн уухай, хурдан морины гийнгоо бүгд уртын дууны түрлэг юм. Одоогоор судлаачдын үзэж байгаагаар 6 мянга гаруй уртын дуу байдгаас идэвхтэй дуулагдаж байгаа нь 60 орчим дуу ажээ. Уртын дууны амин сүнс нь амьсгаа авах буюу амьсгааны урлаг юм. Нугалаа, айзам, цохилог, шуранхай зэргийг маш урт амьсгаа, чанга хоолойгоор дуулдаг. Дээд өнгө, дан шуранхай, давхар шуранхай, тавилт гэх мэт хоолойны цар хүрээ, чадал шаардсан дууны том урлаг юм.

    Монгол ардын уртын дууны үг нь тэр чигээрээ гүн ухаан байдаг. “Жаа, идэр цовоо саруул сэргэлэн насандаа, Эс сурсан эрдэм номыг, Өтөлж харьсан хойноо, Эргэж сурна гэдэг маш бэрх биш үү дээ. Та мину зээ” хэмээх хэллэг нь хойч залуу үедээ хандсан сургаал агуулжээ. Уртын дуу нь түүхэн урт хугацаанд хэлбэр агуулгын хувьд төгс боловсорч, үгийн урлаг хөгжмийн урлагийн нэгдмэл цогц болсон байдаг. “Үлэмжийн чанар” дуу нь хүний таван мэдрэхүй болох үзэх, сонсох, харах, хүртэх, үнэрлэхүйгээр бүсгүй хүнийг магтан дуулсан бөгөөд Говийн ноён хутагт Данзанравжаа зохиосныхоо дараа “миний энэ дууг нэг удаа дуулахад 1000 Ногоон дарь эх уншсантай дүйцнэ” гэж айлджээ.
    Урьхан хонгор салхи: “Урьхан хонгор салхинд нь, Уулын модод ганхдаг билээ, Уяхан гол шиг хүүтэйгээ, Удах тусмаа дасдаг л билээ дээ” хэмээн эхэлдэг. Монгол ардын айзам уртын дууны нэг бөгөөд дууны үг аялгуу нь гайхалтай зохицсон байдаг. Намрын сэвэлзсэн хонгор салхитай өдөр хайртай амраг хүүгээ санан мөрөөдөж гэгэлзсэн уянгын шинжтэй дуу юм. “Харих шувууны хойноос даган битгий хараарай, Хар санаатай хүнд үгээ битгий хэлээрэй” гэх зэргээр байгаль дэлхийн эргэн солигдох жам ёсыг хүмүүний амьдралын учрал хагацалтай холбон ухааруулсан байдаг.
    Ар хөвчийн унага: “Ар хөвчийн унага нь, Агсан болоод жороо шүү, Амраг жаахан хүүгийнхээ, Аашинд нь болоод мордлоо доо” хэмээн өгүүлэх бөгөөд суман урт дуу юм. Хайртай амрагаа санан мөрөөсч түүнийхээ бэлэглэсэн мориор амраг ханьдаа яаран довтолгох залуу эрийн сэтгэлээс ундран гарч буй энэ дуу нь XIII зууны үед зохиогдож эдүгээг хүртэл дуулагдаж буй сайн хүлэг, сайхан ханиа магтсан дуу ажээ.
    Уяхан замба тивийн наран: “Энэхэн сайхан замбуу тивийн нар, Илхэн бүхий дэлхий дээгүүр, Мөхрөлгүй дэлгэрч түгэн, Мандаж мандсаар байдаг л билүү зээ та мину зээ” хэмээн эхэлдэг монгол ардын тэнэгэр их айзам дуу. Монголын агуу их талд наран хөлбөрөн мандан гарч дээшлэн мандахын гайхамшигт агшинг үзсэн хүн л энэ дууг ухааран мэднэ хэмээн урлаг судлаачид ярих ажээ.
    Хэрлэнгийн баръяа: “Хэрлэнгийн баръяа л гэж ахын минь уу нутаг, Хөхрөн хүдэнтсээр харагдана л билүү зээ, Хэрлэн гэгч гол мину хөөрхий, Хэнтий ханаас эхтэй билээ зээ” хэмээн дуулагдах жинхэнэ айзам их урт дуу. Тэртээ XII-XIII зууны үед зохиогдсон гэдэг бөгөөд Хэрлэн мөрний эх ундарга авдаг Хэнтий хан уул хавиас гаралтай. “Баръяа” гэх нь боргио харгиат их урсгал гэсэн үг ажээ.

  • Балганцэрэнгийн БАЯР- дэлхийн 31 орноор аяласан гэрэл зурагчин

    Аялагч, гэрэл зурагчин

    1962 онд Улаанбаатар хотод төрсөн. Эдийн засагч мэргэжлээр дээд боловсролтой. 2007 оноос дижитал гэрэл зураг авч эхлэсэн бөгөөд гэрэл зургийн мэдлэгт онлайн болон практикаар суралцсан. Байгаль орчин, ан амьтан, шувуу, Монгол ахуйн чиглэлээр төрөлжсөн зураг авдаг. Монгол орныхоо 92 хувьд нь, дэлхийн 31 орноор аялаж гэрэл зураг авсан. Япон, ОХУ, Итали улсад гэрэл зургийн бие даасан үзэсгэлэнгээ гаргахаас гадна Польш, Турк, Хятад улсад болсон үзэсгэлэнд тус тус оролцож Монгол Улсаа фото зургаар илэрхийлэн харуулахыг эрмэлздэг.

    “National Geographic TRAVELER”, “Гоодаль”, “Гайхамшигт амьдрал”, “Дээжис” “Mongolian PHOTO” зэрэг сэтгүүлүүдэд гэрэл зургийн бүтээл нь тогтмол нийтлэгддэг.
    NIKON, Olympus брэндын мэргэжлийн камер, дуран, хэрэгсэлтэй ажилладаг.

    УРАН БҮТЭЭЛ
    2013 он “Баярын Сэтгэгдэл” гэсэн гэрэл зургийн цомог ном;
    2014 оны 1 сард Улаанбаатар хотод гэрэл зургийн бие даасан тайлан үзэсгэлэн, “Blue Moon” галлерей;
    2014 оны 2 сард Японы Токио, Сайтамо, Ёокахамо хотуудад “Монголын үзэсгэлэнт байгаль” сэдэвт гэрэл зургийн бие даасан үзэсгэлэн;
    2015 оны 1 сард Оросын Холбооны Улсын Улаан-Үд хотод “Монголын үзэсгэлэнт байгаль” сэдэвт гэрэл зургийн бие даасан үзэсгэлэн;
    2015 оны 9 сард Итали улсад “Үзэсгэлэнт Монгол” гэрэл зургийн гэрэл зургийн бие даасан үзэсгэлэн;
    2015 он Beauty of Mongolia Монголын үзэсгэлэнт байгалийг гэрэл зургийн ном

    ШАГНАЛ
    2011 он Франци улсын CIS LLC компаниас зохиосон эх орноо сурталчлах гэрэл зургийн уралдаанд “Шилдэг бүтээл” шагнал;
    2012 он Монголын Үндэсний гэрэл зургийн танхимаас зарласан Express Photo- 2012 уралдаанд “Байгаль, Хүрээлэн буй орчин” номинациар Тэргүүн байр;
    2012 он Зэрлэг ан амьтан судлах хамгаалах төвөөс зохиосон “Монголын шувууны фото зураг”- ын уралдаанд 3-р байр;
    2012 он Изнис Айр компаниас зарласан “Миний сайхан эх орон” сэдэвт гэрэл зургийн уралдааны “Шилдэг оролцогч” өргөмжлөл;
    2012 он Монголын Фликэрчдын оны шилдэг 40 бүтээлийн өргөмжлөл;
    2013 он Японы Токио хотод болсон Монголын гэрэл зурагчдын хамтарсан үзэсгэлэнд “Говийн зураг” үзэгчдээс хамгийн их үзсэн үнэлгээ авсан зургаар шалгарсан;

    https://www.flickr.com/photos/bayars_photo_mongoli…
    https://www.facebook.com/tertbayar

  • Д.БАЯР: Цахилгааныг 8 дахин хэмнэх патентыг маань Солонгосчууд хурдны галт тэрэгний хөдөлгүүрт тавих гэрээ байгууллаа

    Уншигчдын хүсэлтээр Дэлхийн оюуны өмчийн байгууллагын 2014 оны шилдэг зохион бүтээгч, техникийн шинжлэх ухааны доктор Д.Баяртай дахин ярилцлаа. Тэрээр Японы “Hitachi” группийн эмнэлгийн электрон тоног төхөөрөмж зохион бүтээгч инженерээр 10 гаруй жил ажиллаж байгаад сүүлийн жилүүдэд Японуудтай хамтарч захиалгат судалгааны ажил хийж байгаа юм.

    -Таны бүтээсэн “Эрчим хүчийг хуваарилах төхөөрөмж”-ийг нэг сард 200 мянган төгрөг цахилгаандаа төлдөг айлд тавихад 15-20 мянган төгрөг л төлдөг болсон гэсэн. 400 м.кв талбайтай номын худалдааны төвд суурилуулахад өртөг нь 750 мянган төгрөг болсон. Ингэснээр цахилгааны зардлаа тав дахин хэмнэдэг болсон гэж та хэлж байсан. Энэ төхөөрөмжийг зах зээлд гаргах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх хугацаа хэзээ вэ?

    -Танайд ярилцлага өгнө гээд өчигдөр Дэлхийн оюуны өмчийн байгууллагын веб сайт руу өчигдөр орж харлаа. Миний бүтээлийн талаар 5864 хүн өөрийнхөө эрдэм шинжилгээний бүтээлд иш татаж тавьсан байна. Ер нь дэлхий эрчим хүчээр цангаж байгаа гэж би хардаг. Рио-20-ын уулзалтын индэр дээрээс Бан Ги Мун “Бид эрчим хүчний шинэ эх үүсвэр нээхээсээ илүү эрчим хүчийг хэмнэх хэрэгтэй юм байна” гэж хэлсэн. Японуудын бас нэг лоозон бий. “Та хэдийг олох нь хамаагүй. Хэмнэчих юм бол та баяжина” гэж. Тэгэхээр зэрэг дэлхий даяар хэмнэе л гээд байгаа. Сая Сөүлд Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Гранд симпозиум болсон юм. Тэрэн дээр 2014 оныхоо ажлыг дүгнэхэд миний бүтээлийг хэрэглээнд нэвтрүүлэх, дэмжих хэрэгтэй юм байна гэж ярьж байна лээ.

    Энэ хурлын дараа Солонгосын хоёр компанитай 10 жилийн хугацаатай гэрээ байгууллаа. Эзэмшигчийн патент Д.Баяр гэдэг хүний нэр дээр байгаа ч тухайн хоёр компанийн бүтээгдэхүүн болоод гарна.

    Бүтээгдэхүүнээ гэрээнд зааснаар Монголоор нэрлэнэ. Харин Монголчууд миний төхөөрөмжийг дэлхийн зах зээлд гарсны дараа худалдаж авах л болчихлоо.

    -Баларсан юм болжээ. Монголчууд монгол эрдэмтнийхээ бүтээлийг гадаадад алдчихлаа гэж ойлголоо. Одоо тэгээд Солонгос компанийн хэлсэн үнээр авах уу?

    -Тэгнэ. Хүн чинь үндсэрхэг үзэлтэй байдаг юм болохоор Монголоосоо хөрөнгө татаж, энд юм аа үйлдвэрлэе гэж бодсон. Гэтэл хаалт тавьсаар байгаад бүтээх боломж олгосонгүй. Ямар ч эрдэмтэн, зохион бүтээгч инженерт өөрийнх нь бүтээл амьдарч байвал ашигтай. Технологи нь удаан явдаг улсуудын тоонд Монгол Улс албан ёсоор ордог. Дэлхийн оюуны өмчийн байгууллагын хурал дээр “Танай Засгийн газар “lazy” /залхуу/ байна” гэж Филиппиний Оюуны өмчийн газрын дарга хэлж байна лээ. Тэр хүн “Хэрвээ ийм технологи байсан бол манай Засгийн газар дэмжээд явчихна. Харин танайх удаан байна” гэсэн. Солонгосууд Дэлхийн оюуны өмчийн байгууллагад нөлөөтэй. Тэнд гарсан шинэ технологиудаас шаардлагатай гэснийг нь солонгосууд Засгийн газраараа дэмжүүлдэг. Засгийн газраас нь дэмждэг GPA гэдэг байгууллага байдаг. Гэхдээ тэднийг ч оролцож амжаагүй байтал Солонгосын хоёр компани ирээд нэг нь хурдны галт тэрэгний хөдөлгүүрт тавих, нөгөө нь халаалтын системүүдэд тавих гэрээ хийчихлээ. Гэрээний үүргийн дагуу бүтээлээ өөр газарт хэрэглэх боломжгүй. Би өнгөрсөн тавдугаар сарын 29-30-нд тэдгээр компанитай гэрээгээ байгуулаад ирлээ. Гэрээний хугацаанд бүтээлээ улам сайжруулах үүрэг хүлээлээ. Нэг эсвэл хоёр жил дангаар ноёрхдог технологи гэж өнөөдөр байхгүй болсон.

    -Хурдны галт тэрэгний хөдөлгүүр, халаалтын системд төхөөрөмжийг чинь ашиглах юм байна. Монголд халаалтын шийдлээ туршиж үзсэн үү?

    -Халаалтыг дагаж хэрэглээний халуун ус цуг явах ёстой юм байна гэж тэд үзсэн. Ингээд хэрэглээний халуун усанд нэвтрүүлэхээр туршлаа. Монгол төгрөгөөр бол дундаж хэрэглээтэй айл нэг сард 5000, их хэрэглээтэй айл 7000 төгрөг хэрэглээний халуун усандаа төлөх судалгаа гарлаа. Төвийн шугамд холбогдоогүй байгууллага, аж ахуйн нэгж, айлууд, зуслангийн байшинд хэрэглэхэд гайгүй технологи болчихлоо гэж бодож байна.Төв аймгийн Хүмүүн цогцолбор сургуулийн жилийн төсөв хоёр тэрбум төгрөг юм билээ. Би захиралтай нь уулзсан. Тэд жилдээ 760 сая төгрөг халаалтандаа төлдөг. 22 сая төгрөг усандаа, цахилгаандаа 25 сая төгрөг зарлагаддаг. Хоёр тэрбум төгрөгийнх нь тал нь иймэрхүү зардалд явчихдаг. Энэ сургуульд манай төхөөрөмжийг тавих юм бол жилдээ 180 сая төгрөг л халаалтандаа төлнө. Аймгийн төвийн нэг сургуулийн халаалтын зардлаас 540 сая төгрөг хэмнэж байна шүү дээ. Гэтэл ийм хэмжээнд зардал гаргадаг сургууль, цэцэрлэг олон бий.

    Аймгийн төвийнхөөс 500, сумынхаас 100 саяыг хэмнэнэ гэж тооцвол улсын төсвөөс жилд 180-200 тэрбум төгрөг хэмнэх боломж харагдаад байгаа юм.

    Ийм тооцоог бид гаргачихаад цааш үргэлжлүүлээд судалъя гэж бодоод байгаа.

    -Хоёр компанитай 10 жилээр гэрээ байгууллаа. Гэтэл таны эрчим хүчний давтамжийг ихэсгэдэг бүтээлийг энерги хадгалагдах хуулийг зөрчсөн байна гэсэн шүүмжлэл гарсан. Энэ талаар юу хэлэх вэ?

    -Энерги хадгалагдах хууль гэж мундаг хууль бий, үүнийг би хүндэтгэдэг. Цөмийн технологи бол тэр аяараа энерги хадгалагдах хуулийг зөрчсөн. Атомын, цөмийн станцууд бага түлшнээс их энерги гаргаж авснаараа энерги хадгалагдах хуулийг зөрчсөн биз дээ. Энэ хууль 1999 оноос эхлээд зөрчигдөөд яваад байгаа. Гэтэл энерги хадгалагдах хууль өнөөдөр байх ёстой юм уу, үгүй юу гэдгийг эрдэмтэд ярьж байна. Миний бүтээл дээр бол энэ хууль зөрчигдөөгүй. Дэлхий дээр эрчим хүчийг хадгалдаг хоёрхон төхөөрөмж бий. Нэг нь аккумлятор, нөгөө нь конденсатор. Би аккумлятор биш конденсаторыг зарчим дээр суурилж бүтээлээ хийсэн.

    -Шинэ төсөл, судалгааны ажил дээр сууж байгаа юу?

    -Би электроник хүн болохоор эрчим хүчний чиглэлийн хоёр бүтээл дээр update хийж байна. Энийгээ яримааргүй байна аа. /инээв/. Гэрээний дагуу ярьж болохгүй л дээ. Сонирхуулж хэлэхэд, бид ус цэвэрлүүлэх төхөөрөмж хийж байгаа. Энэ төхөөрөмжийн үнэ цэн шүүлтүүрэндээ байдаг. Дэлхийд байхгүй ховор элс бол Элсэн тасархайгийнх. Элсэн цаганд ашигладаг маш нарийн ширхэгтэй элс. Тэр элсийг боловсруулаад өндөр даралтаар шахахаар дээд зэргийн шүүлтүүр гарч ирнэ. Энэ шүүлтүүрээр хэрэглээний усыг шүүж болно. Саарал усыг дахин ашиглахад шүүж болж байна. Нанотехнологийн мембран шүүлтүүр гэж юм бий.Маш хатуу металлыг 0.3 микрон нүхтэй цоолдог. Энэ технологи үнэтэй учраас Элсэн тасархайн элсийг ашиглах юм. Түүхий эд нь Монголд байгаа учраас төр хамгаалалтад аваад үйлдвэрээ байгуулж, ус цэвэршүүлэх төхөөрөмж, шүүлтүүрээ дэлхийд экспортлох хэрэгтэй.

    -Таниас ахуйн хэдэн зөвлөгөө авъя. Байшинтай айлууд паарандаа тосол хийдэг. Ингэвэл сайн халдаг, хөлддөггүй гэх юм. Энэ үнэн юм уу?

    -Тосол гэдэг чинь халаалтыг эсэргүүцэх хөргөлтийн шингэн. Халаалтын эсрэг шингэнийг халаалтын төхөөрөмж дотор хийхээр олигтой халахгүй. Машиныг халахаас сэргийлж тосолыг хийнэ. Харин радиотар дотор глицерин л хийнэ. Тосол бол халахаараа тэлдэг, тэгээд бууддаг, ууршдаг гэсэн сул талуудтай. Харин глицерин бол ток тасарвал гурван цаг халуунаа барина, тэлэхгүй, ууршихгүй. Глицеринийг манайхан мэдэхгүй болохоор паарандаа хийдэггүй шиг байгаа юм. Тэгээд “тогоо буудлаа. Яах вэ” гэж нэгнээсээ асуудаг. Асуудал тосолондоо л байгаа юм. Машин бол тосол тэлэхэд уурыг нь гаргах калапантай байдаг. Манайхан болохоор хөлддөггүй гээд битүү радиатартаа тосол хийгээд байгаа юм.

    -Байшингийн халаалтад аль нь оновчтой шийдэл вэ?

    -Дулааны төвийн шугамд холбогдоогүй бол ерөөсөө цахилгаан халаагуур хэрэглэ. Паар сонгох уу, шалны халаалт уу гэдэг тухайн хүний л сонголт.

    -Шалны халаалт хуурайшилт үүсгэдэг, шатдаг гэж хүмүүс хэлэх юм?

    -100 градусаас дээш халсан тохиолдолд агаар шатдаг. Агаар шатахад л хуурайшилт үүсдэг. Ил утастай плитка гэхэд 300-400 градус халахдаа тэр хэсгийнхээ агаар шатдаг. Гэтэл шалны халаалт бол тийм хэмжээнд халж агаар шатаахгүй. Радиатор бол 60 градус, шалны халаалт бол 40 градус байдаг. Энэ дээр хамгийн тулгардаг асуудал нь эрчим хүчний зарцуулалт. Шалны халаалтан дээр Солонгосын пелонк тавьдаг. Солонгос пелонк шатдаг нь учиртай. Монгол 50 герц, Солонгос 60 герцийн давтамж хэрэглэдэг. Гэтэл нэг метр квадрат нь 200 ваттай гээд Солонгосууд үйлдвэрээсээ гаргасан байдаг. 200 ваттай эд чинь Монголд ирээд залгахаар 350 ватт болчихдог. Өөрийнх нь зааж өгснөөс 150 ваттаар илүү болж залгагддаг учраас шатаад байгаа юм. Тиймээс манайхан Солонгос руу захиалахдаа 50 герцид зориулж тохируулж өгөөч гэх хэрэгтэй. Тэгэхгүй бол давтамжийн зөрүүнээс шалтгаалж 700 мянган төгрөгийн цахилгааны төлбөр төлнө гэж тооцсон хүн энд авчраад ашиглахад нэг сая төгрөг төлөөд байгаа юм.

    -Зуслангийн байшинд паркетны дор шалны халаалт тавьдаг нь зөв үү. Ийм айл өчнөөн байдаг юм билээ?

    -Болохгүй ээ. Хулдаасны дор тавьдаг. 80 градусаас доош системийг нам халаалтын систем гэдэг. Нам температурын халаалтын систем паркет зэрэг эсэргүүцэлтэй тулгарахаараа халаах чадвараа алддаг. Хоёрдугаарт, энэ бол инфра туяагаар халдаг. Ийм учраас дээшээ халж чадахгүй бол доошоогоо халдаг. Тийм учраас энерги их зараад байгаа боловч олигтой халдаггүй. Гэтэл бид халахгүй байна гээд температурын заалтыг нэмдэг. Үүнээс болж хоёр зүйлийн голд маш их хэмжээний халалт үүсч шал шатдаг.

    -Тэгвэл яах ёстой вэ?

    -Байшингаа халааж чадахгүй мөртлөө шалны халаалтынхаа дээр зузаан паркет тавиад эрчим хүчээ улам их хэрэглэж байна. Үүнээс болж цахилгааны зардал өндөр гарсан мөртлөө байшин халахгүй, гэрт гал гарах гээд байгаа юм. Тийм учраас шалны халаалтын дээр өөрт нь зориулагдсан нимгэн хулдаас захиалаад авчрах хэрэгтэй. Паркет хулдаас хоёрын завсар байхад болно. Шалны халаалтын дутагдалтай тал гэвэл дээр нь юм тавьж, зузаан зүйл дэвсч болдоггүй. Миний бодлоор хамгийн оновчтой шийдэл бол шалны халаалт. Гэхдээ Монгол хүмүүст доороосоо халах, гэртээ хивс дэвсэхгүй байх ямар санагдаж юм. Хоёрдугаар шатанд радиаторууд ордог.

    -Манайд ямар технологи илүү хөгжих боломжтой гэж хардаг вэ?

    -Манайх өндөр технологиор дэлхийг гүйцэхгүй. Сансар, лазер, цэрэг дайны технологийг үйлдвэрлэхэд их мөнгө, их хугацаа, их чадвар шаардана. Ийм учраас өндөр технологийг үнэнээ хэлээд хаях хэрэгтэй. Нам технологи бидэнд хэрэггүй. Үйлдвэрлээд бид хөгжихгүй. Тийм учраас амьдралд хамгийн хэрэгтэй дунд төвшний дэвшилтэт технологи үйлдвэрлэх хэрэгтэй.

    -Хэрэглээний тал руугаа юу?

    -Зах зээлд хурдан борлогдох, бага зардлаар бүтдэг хэрэглээний тал руу хөгжүүлэх хэрэгтэй. Жишээ нь, усны хомсдолтой Африкт шүүлтүүртэй гуурс бүтээгээд баяжсан хүн байна. Гуурсны үйлдвэр нь хямд, бүтээгдэхүүн нь хямд учраас хүмүүсийн эрэлтээр босчихсон. Ямар ч уснаас тэр гуурсаараа сороход цэвэр ус ам руу нь орж байгаа юм. Монголын эдийн засаг хүчтэй биш учраас иймэрхүү хэрэглээний үйлдвэрийг олноор байгуулах хэрэгтэй. Хоёрдугаарт, дэлхийн эдийн засагчдын үзэн яддаг хоёр алуур Монголд байна. Нэг нь түрээс, нөгөө нь дам наймаа. Эдийн засагт ач холбогдолгүй, капитал бүтээдэггүй энэ хоёр зүйлийг устгах хэрэгтэй. Нэг байшин босгосныг баялаг бүтээлээ гэж ойлгох хэрэггүй. Байшингаа баялаг бүтээгчдийг оруулж, орлогынх нь 50 хувийг түрээсэндээ авч байна шүү дээ.

    -Та ихэвчлэн Японы эрдэмтэдтэй тэндээ захиалгат судалгаа хийж байгаа. Монголд бүтээл гаргахад, бүтээлээ бүтээгдэхүүн болгоход юу саад болдог гэж мэргэжил нэгтнүүд чинь ярьдаг бол?

    -Монголд нэг зүйл хийе гэхээр маш олон тусгай зөвшөөрөл авах хэрэгтэй болдог. Тусгай зөвшөөрлийг нь авъя гэхээр стандартаар батлуул гэнэ. Дэлхийн стандартаар баталсан зүйлийг Монголын стандартаар баталдаггүй л байх хэрэгтэй. Монголын стандартаар орохын тулд зургаан сар хүлээлгэнэ. Хугацааг нь болгоод очихоор үйлдвэрлэлийн стандартаар батлуул гэнэ. Үйлдвэрлэлийн стандартаа хүлээж зургаан сар болоход нэг жилийн дараа нөгөө технологи маань хоцрогдчихдог.

    Ийм учраас дэлхийн стандартын итгэмжлэл авсан бүтээлд Монголынх 24 цагийн дотор баталгаагаа гаргаад өгчихдөг болох хэрэгтэй. Яагаад гэвэл, Монголын лаборатори шинжилж чаддаггүй л байхгүй юу. Жишээ нь, ходоодны дурангийн линзийн хугарах, ойлгох чадвар ямар вэ гэдгийг Монголын лаборатори шинжилж чадахгүй. Тэгсэн мөртлөө стандарт гарга гээд байдаг байхгүй юу. Би сая нэг юман дээр стандарт хөөцөлдөөд хаясан. Миний нас хүрэхгүй юм билээ.

    Монголчууд яагаад гепатиттай юм. Чанадаг шприцээр бүгдийг нь тариад нэг үеийг тэр чигээр нь гепатиттэй болгосон. Одоо яг ийм зүйл давтагдаж байна. Эмэгтэйчүүдийн мэс заслын лип гэдэг хутга байдаг. Тэрийг нэг хүнд хэрэглээд спиртэнд дүрж байгаад дараагийн хүндээ хэрэглэдэг. Заавраараа бол нэг удаад хэрэглэх ёстой ч Монголын бүх эмнэлэг дамжуулж хэрэглээд байна. Халдварын эрсдэлийг мартсан. Яагаад гэвэл, хутганы үнэ нь өндөр. Харвардын эрдэмтэд спирт бол хавдрын халдварын эрсдэлийг бууруулж чадахгүй гэсэн дүгнэлт гарсан. Иймээс би нэг цагт 120 мянган ширхэг хутга үйлдвэрлэдэг Японы төхөөрөмжийг оруулж ирье гэж байсан юм. Гэтэл “Нэг цагт 120 мянгыг үйлдвэрлэх юм бол бусдыг нь яах юм” гэсэн асуудал тавьсан. Миний бодол бол Монголд зах зээл бага учраас энд үйлдвэрлэж эмнэлгүүдээ хангаад үлдсэнийг нь бусад улсад экспортолъё гэсэн. Гэтэл дэмжээгүй. Иймэрхүү эсэргүүцэл, хүнд суртлыг үгүй болгох хэрэгтэй байна.

    -Шинжлэх ухаанд зарцуулж байгаа мөнгө нь бас бага юм биш үү?

    -Судалгаа хийхэд маш их зардал гардаг. Судалгаа амжилттай болвол гаргасан зардлаа бүтээгдэхүүний орлогоосоо хэд дахин нөхнө. Манайханд ийм дутагдал байдаг. Хэрвээ би ШУТИС дээр очоод “Ийм судалгаа хийе, 500 сая төгрөг хэрэгтэй байна” гэвэл “Танай судалгаа чинь бүтэхгүй бол яах юм” гэнэ. Болохгүй байна гэдэг чинь судалгааны үр дүн шүү дээ. Би Японы 400 мянган ам.доллараар тоглоод л хаяж байсан. Нэг төслийн судалгааг хоёр жил хийгээд үр дүн гараагүй учраас болохгүй юм байна гээд хаасан. Тэгээд гутраад сууж байтал миний багш профессор Ошинара Хинада гаднаас баяр баясал болсон орж ирээд, “За төсөл дууссанд баяр хүргэе” гэхгүй юу. Монгол хүнд бол “Энэ одоо тавлаад байгаа юм уу, шоглоод байгаа юм уу” гэж бодогдоно биз дээ. Тэгтэл багш, “Баяр аа, чи болохгүй гэдгийг нь баталсан байна. Хэрвээ чи батлаагүй байсан бол маш олон японууд мөнгө зарж, энэ судалгааг хийх байлаа. Одоо нэг ч япон энд мөнгө зарахгүй. Энэ л чиний ажлын үр дүн. Үр дүн болгон “болно” гэж гарах албагүй. Чи “болохгүй” гэдгийг нь баталсан учраас олон компанийн мөнгийг аварсан” гэсэн. Гэтэл Монголд судалгаанд зарцуулах мөнгө байхгүй, дээр нь судалгаанаас эерэг дүн л хүлээдэг. “Энэ судалгаа заавал болохг ёстой. Болохгүй бол хариуцлагыг нь чи хүлээнэ шүү. Ажлаас чинь хална шүү” гэдэг. Адгийн наад зах нь улсынхаа ДНБ-ийн нэг хүрэхгүй хувийг л ШУА-даа хуваарилж байна шүү дээ. Нэмж хэлэхэд, металл саван дотор ус орж тэлэхээрээ дефармац хэр байдаг вэ гэдгийг судлах лаборатори манайд байдаггүй. Судлахын тулд хамгийн ойрхон Сөүл, Бээжинд очиж судалгаа хийнэ. Тэгээд тэнд судалгаа хийж байхад солонгосууд, хятадууд нүдээ аниад сууж байна гэж байхгүй. Намайг судалгаагаа хийж дуусаад Монголд ирээд танилцуулж байхад Солонгост аль хэдийнэ миний санаагаар бүтээгдэхүүн хийчихсэн байдаг. Ийм учраас гадаадын лабораторид ажиллаж байна гэдэг чинь гадаадуудад юмаа алдаж байна л гэсэн үг. Ийм учраас эрдэмтдийнхээ хариуцлагыг нь нэмээд тэднийгээ юм бүтээх нөхцөл бололцоогоор хангаж дэмжих хэрэгтэй.

    -Монголын шинжлэх ухааны хамгийн том байгууллага нь ШУА. Энэ байгууллагыг гаднаас, дотроос нь та яаж үнэлдэг вэ?

    -Академид цус сэлбэлт хэрэгтэй. Бөхчүүд залуучуудаа дийлэхгүй юм байна, бяр дууслаа гээд зодог тайлдаг. Машин ч гэсэн шинэ загварынх гарч ирэхээр эзэндээ гологдож хаягддаг. Яг үүн шиг би юу судалж чадаж байна, чадахгүй байна гэдэг хязгаараа мэдэх хэрэгтэй.

    Тэрийг хаана мэддэг вэ гэхээр мэдээлэл сайтай газарт. Германы нэг эрдэмтэн нано ус хийлээ. Тэр усыг 100 градуст халааж -40 градусын орчинд байлгахад 72 цагийн дараа л температур нь буурч эхэлдэг. Энэ бол дэлхийд шуугиулсан бүтээл. Бүтээсэн эрдэмтнийг нь илтгэлээ тавиад тайзнаас буухад хөрөнгө оруулагчид араас нь хуйлраад ирж байгаа юм. Тэр хүн “Надад мөнгө өгөөч” гэж гуйгаагүй. Харин мөнгө өгөх гэж байгаа хүнээ сонгож байна шүү дээ. Гэтэл манай ШУА-ийнхан “Бид ийм судалгаа хийх гэсэн чинь мөнгө олдохгүй байна” гэж яриад байгаа. Би бол “Дэлхийг гижигдэх бүтээл хийж чадаагүй байна” л гэж хэлнэ. Өөрөөс нь 10-20 дахин илүү чадалтай, мэдлэгтэй болсон залуучуудыг хуруу шил гаргаад л дараад байдаг. Толгой дотроо том санаа тээсэн залуучуудаа удирдах хүсэлтэй байгаа бол ядаж эрдэм шинжилгээний ажилд нь оролцолгүй, дэмжээд өгөх хэрэгтэй.

    -Янз бүрийн шалтгаанаас болоод мундаг залуучуудаа гадаадад алдаад байх юм. “Зөгийн үүр” гэдэг том төсөл явсан. Үр дүн нь яаж гарсныг мэдэхгүй юм. Гэхдээ залуучууд Монгол руу биш гадаадын том компаниудад ажиллая гэдэг болчихжээ?

    -Монголдоо харимаар байдаг юм. Гэвч тэднийг ажиллуулах ажлын байр Монголд олдохгүй байна гэж ихэнх нь ярьдаг. Биднийг 20 гаруй жилийн өмнө Японоос оюутан байхад дэлхийн хэмжээнд судалгаа хийдэг монгол залуучууд цөөхөн л байсан.

    Одоо харж байхад монголчууд дэлхийн бүх том газарт ажиллаж байна. Харвардад, Оксфордод, Пенсилваны их сургууль, Токио, Нагояад байна. Тэд бүгд том том судалгаа хийгээд сууж байна. Жишээ нь, Германд төгссөн Мядагмаа гэдэг эмэгтэй нанотехнологийн давуу хийлээ. Солонгост төгссөн Амаржаргал гэдэг эмэгтэй эмнэлэгт зориулсан өнгө нь хувирдаггүй нанотехнологийн бүтээгдэхүүн хийж байна. Америкийн Цахиурын хөндийд программ, техник хангамжийн чиглэлээр ажиллаж байгаа монгол залуус өчнөөн байдаг. Программ хангамжийн чиглэлээр манайхан сүрхий болсон.

    Японы “Ulitra sound unit” гээд эмнэлгийн эхогийн компани байдаг. Тэд дэлхийн бүх эхо аппаратаас нэгийг худалдаж авсан. Тэгээд эртдэмтдийн багуудад худалдаж авсан аппаратуудаа хуваарилж өгөөд судлуулдаг. Хамгийн сул тал, сайн талыг нь судла гээд. Зургаан сарын дараа эрдэмтдийн багаа хуралдуулж судалсан аппаратнуудынхаа сайн талуудыг нь бичээд, “Энэ сайн талуудыг багтаасан эхо аппаратыг манайх үйлдвэрлэнэ. Харин энэ санаануудыг нэмчихээрэй” гэж байгаа юм. Япон эхо ингэж л гарч ирдэг. Тийм учраас Японы оношилгооны төхөөрөмжүүд дэлхийд нэг номер шүү дээ.

    -Инженерүүд бэлтгэж байгаа байдал ямар байна вэ, Монголд?

    -Дээхнэ телевиз үзэж байхад “Монголын бүх урлагийн одууд миний шавь” гэж нэг Пионерын ордонын багш бахархаж байна лээ. Тэрэн шиг Монголын гайгүй инженерүүд Залуу техникчдийн ордоны дугуйланд явж байсан юм. УИХ-ын дарга З.Энхболд, Монелийн инженерүүд, Залуу зохион бүтээгч нэвтрүүлгийн Лодойравсал нараас асуугаарай. Австрид цөмийн физикийн судалгаа хийж Олон улсын атомын багт ажилладаг Жамъяан Залуу техникчдийн ордонд явж байсан. Гэтэл Монголд одоо энэ ордон алга. Сайн инженер дөрөвдүгээр ангиасаа л бараг бий болдог. Тэр наснаасаа сонирхож яваад их сургуульд орвол сайн инженер болж төгсдөг. Дунд сургуульдаа мэргэжлээ сонгоогүй явж байгаад төгсөөд орчуулагч болох уу, эмч болох уу гэж эргэлзэж байгаад инженер болсон бол хэзээ ч сайн инженер болохгүй. Тийм учраас их сургуульд ороод инженер болно гэвэл жинхэнээсээ sorry. Ийм учраас сайн инженерүүдийг одооноос дунд сургуульд нь бэлдэх ёстой. Хар бор ажил хийж дадлагажсан сайн инженерийн нуруун дээр улс орон явдаг болохоос эрдэмтдийн нуруун дээр явахгүй л дээ.Манай төрд ямар нэгэн бодлого байгаа л байх. Италийн нэг парламентийн гишүүнтэй би уулзаж л байсан. Тэгсэн чинь бараг л “Явдаг ТҮЦ” гэдэг шиг л юм явж байна. “Манай тойргийнхон ийм үзэг хийдэг, ийм чарга хийдэг. Хямдхан, чанартай. Манай тойргийнхон намайг олон улсын хуралд явахад эдгээрийг экспортлох даалгавар өгсөн. Энийг авчих” гэсэншүү юм яриад явж байна.

    Бас Японд нэг хурал болоход Мьянмарын нэг улстөрч, “Манай улсын эрдэмтдэд санаа нь байна. Мөнгө хэрэгтэй байна. Бид шинэ технологи гаргамаар байна. Дэлхийн зах зээлд гарахад туслаач” гээд гуйж байна. Филиппиний бас нэг улстөрч, “Манайх ялан-ялан ургамлаас залуужуулдаг бодис гаргасан. Түүгээрээ залуужуулдаг тос хийнэ гээд үйлдвэрээ байгуулсан. Энэ тосыг дэлхийн зах зээлд гаргахад туслаач” гэж гуйж байна. Дэлхийн долоон тэрбум хүний тал нь залуужих, үрчлээгүй байх хүсэлтэй байгаа. Хэрвээ тэр тосыг дэлхий авдаг болвол Филиппиний эдийн засаг яаж хөгжих билээ. Манай улстөрчид ч гэсэн гадаадад хувийн, хувьсгалын ажлаар явахдаа ийм л юм гуйх хэрэгтэй. Бид 1984 онд Выставкын урд ШБОС гэдэг үзэсгэлэн үзэж байсан. Тэгэхэд Монголд машины дугуй, компьютер үйлдвэрлэж байсан, бууз чимхдэг машин хийсэн байсан. Би ноднин Улаанбаатарт, “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн үзээд гутарсан. Ердөө л гар урлал. Намайг Энэтхэгт дээр үед явж байхад Төвдүүд зам дээр суучихсан эсгий таавчиг, түлхүүрний оосор хийгээд зарж байсан. Яг тэрэн шиг санагдсан. 1984-2014 оны хооронд Монголын хөгжил ухарсан юм биш үү.Дараагаар нь би Шанхай, Токиогийн үзэсгэлэн үзсэн. Тэд бол тасарсан байна. “Мишээл экспо” дээр хараарай Монголд үйлдвэрлэв гэсэн үзэсгэлэн дээр үслэг эдлэл, савхин дээл, эсгий углааш, модон хүүхэлдэй, эсвэл Хятадаас авчирсан барилгын материал байгаа. Бусад улсын үйлдвэрлэлийн үзэсгэлэнг үзвэл манайхан өөрсдөдөө гутарна шүү. Би эх орноо үйлдвэрлэгч улс болно гэж итгэдэг.

    -Манайх эрчим хүчний шинэ эх үүсвэрээ барина гээд газар, ТЭЗҮ-гээ яриад удлаа. Эх үүсвэр барихаас хэмнэх нь цөөн хүн амд илүү байж болох уу?

    -Эрчим хүчээр цангадаг улсуудын тоонд Монгол ордог. 170-180 мегаваттын эрчим хүчийг оргил ачааллынхаа үед гадаадаас бид авдаг. Тэгсэн мөртлөө эрчим хүч их хэмжээгээр хэрэглэдэг улсуудын тоонд бас Монгол ордог. Бид дэндүү тансаг хэрэглээтэй юм байна аа. Захын нэг хүнээс “та өдөрт хэдэн килобатт хэрэглэдэг вэ” гэж асуухад манайхан хариулж чаддаггүй. Эрчим хүчний сарын хэрэглээгээ ч мэдэхгүй. Тэгсэн мөртлөө сарын цалингаа бүгд мэддэг. Учир нь, эрчим хүч Монгол хүний амьдралын хэрэглээг зохицуулах хэмжээнд очоогүй байна. Хэрвээ хүн эрчим хүчээс хамааралтай хэмжээнд амьдарч эхэлбэл хэдэн киловаттыг хэрэглэдгээ мэддэг болно. Монголчуудын эрчим хүчний хэрэглээг гар утасны төлбөртэй зүйрлэвэл нэг сард хэд гарах нь хамаагүй гээд шаардлагатай, шаардлагагүй ямар ч үед утсаараа байнга ярьж байгаатай адил. Утасны мөнгө хэд гарах хамаагүй гэж байгаа бол утасны төлбөрөө хянахгүй гэсэн үг. Гадаадууд бол нэг сард эрчим хүчиндээ тэдийг зарна, газандаа тэдийг төлнө, би тэдэн төгрөг цуглуулна гэдэг төлөвлөгөөгөө жилээр нь гаргадаг. Тийм учраас манайхан эрчим хүчээ шаардлагагүй үед хэрэглэдгээ болих хэрэгтэй. Гэртээ хэмнэлттэй төхөөрөмжүүд тавьж, их даарахгүй, их халахгүй суухад л болно. Ингэж чадвал Монгол Улс хүмүүсийн жийп хурааж, алба хаагчдаа цомхотгох шаардлагагүй.

    -Улаанбаатарт агаарын бохирдолтой тэмцэхийн тулд гэр хорооллоо барилгажуулах хэрэгтэй. Энэ бол нэгдүгээр шийдэл. Гэхдээ цаг хугацаа хөрөнгө мөнгө их орох учраас боловсруулсан түлш, зуух тарааж аргацааж байна. Энэ байдлыг та юу гэж хардаг вэ?

    -Хятад таван жилийн өмнө утаагүй зуух төслийг хэрэгжүүлж 65 тэрбум ам.доллар зарцуулсан. Ингээд төслөө хаасан. Утаагүй зуух, утаагүй түлшээ нэвтрүүлсэн ч Бээжин утаатай болсон. Иймээс төслөө хаагаад үлдсэн зуухаа манайх руу шахсан. Уг нь Бээжин хотын захирагч руу хотын дарга Э.Бат-Үүл бичиг өгчих байсан юм. Танайх энэ аргыг хэрэглээд үр дүнд хүрсэн үү гэж асуух байсан. “Хүрээгүй” гэж бичиг ирэхэд энэ төслийг зогсоох хэрэгтэй байсан юм. Зуух, түлш нь хямд байж болох ч юм шатаагаад утаагүй болно гэж хэзээ ч байхгүй. Улаанбаатар байх ёстой хэмжээнээсээ 300 дахин утаатай байна. Утаагүй зуух, түлш нэвтрүүлээд 40 хувиар багасгана гэдэг хүссэн үр дүн биш. Ямар ч байсан эрчим хүчийг 5-8 дахин хэмнэдэг бүтээл гаргалаа. Нэг байгууллага сард 5000-7000 төгрөг хэрэглээний усандаа төлдөг байх боломж олголоо. Жижигхэн ч гэсэн эдийн засагт хэрэгтэй бүтээл. Ийм бүтээлийг олноор нь дэмжээсэй. Монголчуудыг гурван саяын биш долоон тэрбумын зах зээл хүлээж байна.

    Ганбаатар УЛСБОЛД
    Эх сурвалж: http://www.itoim.mn/index.php/site/news/922

  • АМЕРИКИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СУРТАЛЧИЛГАА, ДИЗАЙНЫ ӨНГӨ ТӨРХИЙГ ТОДОРХОЙЛОГЧ МОНГОЛ ЗАЛУУ

    Дэлхийн шилдэг дизайнер монгол залуус

    Ганболд, Дариа хоёр одоогоор АНУ-ийн Ерөнхийлөгчийн сурталчилгаа, олон нийттэй харилцах албанд ажиллаж байна.

    …Тэднийд хааяа очиход надад их сайхан санагддаг. Өрөөний голд залсан томоос том Монголын төрийн далбаа, хананууд дээр өлгөсөн уран зургууд, иж бүрэн тоноглосон уран бүтээлийн өрөө, тавиур дээр байрлуулсан монголын гар урлалын болон бэлэг дурсгалын бүтээлүүд, тэднийхийг бүтээлч залуус болохыг илтгэдэг. Сонгодог барилаар, ихэвчлэн түүхэн сэдвээр зурсан Ч.Ганболдын зургууд, Монголын уламжлалт барилаар, тэг жаягаар зурсан Г.Дарийн зургууд яг л арга билгийн зохицолдоо мэт.

    Ажлын гэхээсээ “уран бүтээлийн” гэж нэрлэгдэх өрөөнд нь цахим ертөнцийн хамгийн сүүлийн үеийн компьютерүүдээр тоноглосон байлаа. Түүнийг үзсэн миний нэгэн танил өөрийн эрхгүй “пөөх” гэж гайхан дуу алдсан сан. Түүн дундаас цахим радио болон уран зураг зурах электрон самбар (wacom cintiq) намайг бишрүүлсэн. Энэ өрөөнд л Ч.Ганболд бид хоёрын яриа өрнөсөн юм.

    Нэг: Сахилгагүй хүүхэд, Монголын боловсролын салбарын загварчлагдсан тогтолцооны эсэргүүцэл байлаа

    Г.Г-Хүүхэд болгон багадаа зураг зурах дуртай байдаг ч яг зураачийн мэргэжлийг маш цөөхөн хүүхэд сонгодог.

    Ч.Г- Багаасаа л зурах сонирхолтой хүүхэд байсан, Аав маань шугам зүраг болон план зүраг гэх мэт техникийн тѳрѳлд зохион бүтээх сонирхолтой хүн байснаар надад их нѳлѳѳлсѳн байх.

    (Зураг дээр: Ганболдын аав Чулуунбат хүүгээ 4н настайд нь хийж огсон мотортой машин )

    ganbold 01

    (Зураг дээр: Ганболдын аав Чулуунбат хүүгээ 7н настайд нь хийж огсон мотоцикл)

    ganbold 021

    Г.Г-Дүрслэх Урлагийн Дунд Сургууль /ДУДС/-д элссэн түүх чинь?

    Ч.Г-Би дунд сургуульд сурч байхдаа их ч хөдөлгөөнтэй, нилээд сахилгагүй хүүхэд байлаа. Юм л бол ямар нэгэн асуудалд орооцолдоно. Сургууль багш нар маань аргаа барсан байх л даа. 8-р ангиасаа сургуулиасаа хасагдлаа.Сургуулиасаа хасагдсанаа ээждээ мэдэгдэхгүй гэж, өөрөө гүйж байгаад ДУДуС-д шалгалт өгөөд тэнцсэн. Өглөө босоод дунд сургуульдаа явж байгаа мэт гэрээсээ гараад ДУДуС-д хичээллэнэ. 2 жилийн дараа л ээж минь мэдсэн гээд бод доо. Гайхаж, дуу алдсан ээж минь эхлээд уурлах аядсанаа эцэстээ эвлэрч “за за миний хүү өөрөө л болно гэж бодож байгаа бол яахав” гэж хэлсэн. Энэ л миний зүгээс амьдралдаа бие дааж гаргасан анхны шийдвэр байсан.

    Г.Г-Ер нь олон жилийн дараа эргээд харж байхад, дунд сургуульд сахилгагүйтэж, хэл ам таталж, “зовоож” байсан хүүхдүүд энэ амьдралд хөлөө олж , гайгүй сайн яваа нь зөндөө байгаа. Багш нарын үгнээс гардаггүй, дуулгавартай, идэвхтэй “онц сурлагатан” хүүхдүүдээс энэ амьдралд арга эвээ олж чадахгүй яваа нь ч бас цөөнгүй байдаг.

    Ч.Г-Сахилгагүйтэнэ гэдэг олон янз л даа. Гэхдээ нэг хэсэг нь боловсролын загварчлагдсан тогтолцоог эсэргүүцэж байсны илэрхийлэл байх. Ѳѳр, өөрийн сонирхолтой хүүхдүүд, заавал сургууль багшийн хатуу чанд заавар дүрмээр явахыг хүсдэггүй байсан байх. Тэд өөрийнхөөрөө байхыг хүсээд, энэ хүслээ янз бүрээр л илэрхийлнэ. Эндээс ойлголцохгүй, төвөгтэй байдал их үүсдэг. Гэхдээ эргээд бодоход Монголын боловсролын тогтолцоо бидэнд хэрэгтэй ч, бас хэрэг болохгүй ч олон зүйлийг бидэнд өгчээ.

    Г.Г-Одоо л Монголын боловсролын тогтолцоонд, хүүхдийн оюун ухааныг шинжлэх ухаанжсан мэдлэгээр хэт дүүргээд, хэрэглээ болгож сургахгүй байна гэдгийг ойлгож, хүлээн зөвшөөрч, өөрчилж эхэлж байгаа. Гол нь мэдлэгээ амьдралд хэрэглэж чаддаг байх, яг л өөрийн хэрэгцээ болгох нь илүү чухал байгаа хэрэг.
    Ч,Г-Хэдийгээр хэрэглэж чадахгүй ч оюун санааг олон тѳрлийн мэдлэгээр дүүргэсэн нь надад лав багагүй хэрэг болж байгаа байх гэж боддог. Миний мэргэжил болох компьютер график дизайны ажилд санаа их чухал. Олон салбруудын захиалгат ажил дээр ажиллаж байхдаа өөртөө хэрэгтэй санааг олоход дэмжлэг болдог болов уу. Нэг ёсондоо бид төгс мэдэх зүйл бага хэрнээ бас мэдэхгүй зүйл ч үгүй. Яг ийм байдлаас л өөрт хэрэгтэй санаагаа олох, түүнийгээ баяжуулан хөгжүүлэх боломж олддогт надад хэрэг болж байгаа байх. Тэгэхээр би л лав тэгтлээ харамсдаггүй. Урлагийн сургуульд бол өөр л дөө. Тэнд өөрийн мэдлэг чадвараа шууд л цаасан дээр буулгах, эсвэл тодорхой материал дээр буулгаж түүнийгээ байнга харж, өөрчлөн сайжруулж болох олон боломжуудыг эрж хайснаар, илүү хөгжих боломжтой мэт.

    Хоёр: Зураач ба компьютер


    Г.Г-Чухам тийм учраас л зураач, уран бүтээлч хүн илүү оюунлаг, бусдаас илүү сэтгэлгээтэй байх хэрэгтэй болдог. Сэтгэлдээ эргэлдэж байгаа олон гайхамшигт санаануудыг бодитоор буулгахад их л авьяас, хөдөлмөр, шаналал шаардагддаг байх.
    Ч.Г-Бүтээл хийхийн тулд их бодож судлах хэрэгтэй байдаг. Хоромхон мөчид гялсxийгээд орж ирсэн санаа сэтгэл хүрсэн бүтээл болох нь бий. Заримдаа хийж буй бүтээлээ явуулж чадахаа болиод түр орхих нь, нилээд хугацааны дараах бодлоос эргээд ѳѳр байх жишээтэй. Ер нь уран бүтээл хүний сэтгэл зүрх, оюун санаанаас гардаг болохоор яг таг хугацаа, дэг журам, жор гэж байдаггүй байх гэж боддог.

    Г.Г-Чиний зурсан зургуудыг харж байхад сонгодог хэрнээ, монгол зургийн барилтай хосолмол юм шиг. Харин Дариагийн зургуудыг харахад монгол зураг, зураасан зургийн хосолмол юм шиг.
    Ч.Г-Монголд Европ болон Ази дорнийн арга барилаар зааж сургадаг. Гэхдээ хувь хүн өөрийнхөө барилыг өөрөө л сонгодог. Минийх таны ажигласан шиг байж магадгүй. Би түүхийн сэдвээр ихэвчлэн зурах дуртай. Өгүүлэмж нь тийм болохоор өнгө будаг нь сонгодог тал руугаа байж болно. Яг Европ барил ч биш, монгол зургийн барилууд ч бий.

    Г.Д-Би Бээжингийн Уран Зургийн Академид суралцсан болохоор Ази барил илүүтэй байх. Хятадын уран зургийн онцлог нь зураасан зургаар, өнгө будгийн зохицолдоогоо их зөөлөн хэлбрээр илэрхийлдэг. Манай Монгол зургийн барилтай төстэй шүү.

    Г.Г- Та 2 Монголдоо зураач дизайнераар суралцаж төгссөн. Харин АНУ-д зургийн чиглэлийн зах зээлийг судалж, сонирхож үзсэн үү? Миний мэдэхийн АНУ-д хэд хэдэн мэргэжлийн монгол зураачид ажиллаж амьдарч байгаа.
    Ч.Г-АНУ-д зургийн хөгжил, зах зээл нь том л доо. Миний бодоход уран зургийг үнэлж, худалдан авах талаараа Европыг арай гүйцэхгүй байх. АНУ-ын том хотуудад их сонирхох хандлага нь илүү байхад жижиг хотууддаа арай л бага байх жишээтэй. Тэд зураачдын эх бүтээлийг нь үнэ хүргэн худалдан авахаасаа, дэлгүүрээс хуулбрыг нь худалдан авч гэртээ тавих сонирхол нь илүүтэй мэт санагдсан. Харин Америкийн мэргэжлийн зураачид нь бол их мундаг шүү дээ.
    Би АНУ-д 2 удаа зургийн үзэсгэлэн гаргаж үзсэн. Энд миний мэдэхээр зураач Д.Цолмон болон М. Цогтсайхан ах нар мэргэжлээрээ амжилттай сайн ажиллаж байгаа.


    Г.Г-Та хоёр өнөөгийн хөгжлийн хурдацад хүрэх гэж зураач мэргэжлээ компьютертэй холбохоор шийдсэн байх.

    Ч.Г-Өнөөгийн компьютер болон мэдээллийн IT технологийн хурдацтай хөгжилд дизайнер хүний хэрэгцээ зайлшгүй хэрэг болж байгаа. Тэр утгаараа хүмүүст хүргэх реклам сурталчилгаа их үүрэг гүйцэтгэж, ямар их хурдацтай ѳрсѳлдѳѳнтэй хөгжиж байгааг хэлэх хэрэгтэй байх. Тэгэхээр мэдээллийн технологи өнөө цагт хамгийн ихээр даяарчлагдаж, ямар ч хил хязгаар үгүй болжээ. Тийм болохоор бид энэ чиглэлээр өөрсдийгөө хөгжүүлэхээр АНУ-н Охойяа мужын Кэнт стейтийн их сургуульд (Kent State University) “Kомпьютер график болон 3D анимейшн инженер” мэргэжлээр суралцаж төгссөн. Охойяад сурч ажиллаж, амьдарсан жилүүд бид 2-ын хувьд өөрсдийгөө хөгжүүлэх, олны дунд болон бусад мэргэжил нэгтнүүдээсээ дадлага туршлага сурч, суралцахад ихээр нѳлѳѳлсѳн юм.

    Гурав: Амжилт бол их шаналлын үр дүн

    Г.Г-Саяхан Монголын сонин хэвлэлээр “Дэлхийд гайхуулж яваа Монгол залуус” гэдэг нэртэй бичлэг дээр та 2-ын нэр бичигдсэн байсан.
    Ч.Г-Бид 2 бусдын л адил жирийн монгол залуучууд. Мэргэжилдээ дуртай, хийж бүтээх хүсэлтэй, бас өөдрөг мөрөөдөлтэй. Бид Монголдоо дараа нь АНУ-д суралцаж төгсөөд их ч зүйл сурч, их ч зүйл ойлгосон. Шаналж, хөдөлмөрлөж байж хийсэн бүхэн маань бидэнд амжилт авчрахад бид баярлаж, илүү урамтай болдог. Энэ урам дахиад бүр илүүг хийх хүсэл тэмүүллийг өгдөг. Тэгээд хөдөлмөрлөнө, хичээнэ. Ямартай ч өмнөхөөсөө муу зүйл хийж болохгүй гэдэг бодол биднийг урагш хөтөлж явдаг.

    Г.Г-2009 онд авсан шагналынхаа тухай яриач. Мѳн оюутан байхдаа сургуулийнхаа нэрэмжит тэмцээнд хоёр ч удаа тvрvvлсэн гэж дуулсан…?

    Ч.Г-Компьтерийн график дизайны ихэнх программ хангамж Адобе (Adobe) хэмээх компанийн нэр логотой байдаг. Тус компанийн бүтээгдхүүнээс хамгийн нэрд гарсан программ бол Фотошоп (Photоshop) гэдгийг манайхан андахгүй болов уу. Жил бүр Адобе компани Фотошоп хэрэглэгчдийнхээ дунд компютер график дизайны бүх төрлөөр уран бүтээлийн олон улсын уралдаан зарладаг юм байна лээ. Ѳнгѳрсѳн жил 15 дахь удаагийн уулзалт чуулган Лас Вегас хотын “Мандалай Бэй Ресорт” -д болж ѳнгѳрсѳн. Би урьд нь Охойяад сургуульд байхдаа оюутнууд болон сургуулиудын дунд зохиогддог хэд хэдэн тэмцээнд орж түрүүлж байснаар, миний нэр энд тэнд дизайнеруудын жагсаалтад орсон юм шиг байгаа юм. Тэрний дагуу тэмцээнд оролцох урилга ирсэнээр энэхүү тэмцээнд байгаль орчин, дэлхийн цөлжилттэй холбоотой бүтээлээрээ оролцон тэргүүн байрын шагналыг авсан.

    Adobe World Guru Awards” уралдаанд түрүүлсэн Ганболдын бүтээл

    montage

    (Зураг дээр: “Adobe World Guru Awards” уралдаанд шалгарсан Дариагийн бүтээл )

    medee43

    darias adobe

    Г.Г-Мѳн тэр уед үргэлжлэн явгадсан iStokcphoto компанийн нэрэмжит “iStock Munny Doll” тэмцээнд авъяаслаг дизайнер бүсгүй Гомбожавын Дариа бас тун амжилттай оролцож 200 гаруй мэргэжилтнүүдээс шалгаран тэргүүн байр эзэлж, дэлхийн дизайны урлагийн дэвжээнд Монголынхоо нэрийг гаргасан байна.

    Г.Д-Энэ тэмцээнд миний бүтээл 1-р байр эзэлж, Ганболдын бүтээл 2-р байр эзэлсэн юм шүү дээ.

    Зураг дээр: (“iStock Munny Doll” уралдаанд түрүүлсэн Дариагийн бүтээл)

    daria doll

    Г.Г-Та хоёр маань үнэхээр мундаг байнаа. Энэ бүхэн эхлэл байгаасай гэж хүсч байна. Тэгээд ч та нар их залуу байна.

    Ч.Г-Тийм ээ бид залуу байна. Хамгийн гол нь бид өөрсдийн дуртай мэргэжлээрээ дуртай ажлаа хийж байна. Амжилт,алдаа болгон урам өгдөг хэдий ч бид цаашдаа өөрсдийн хийж чадах бүхнээ л хийх болноо. “Хүн ѳѳрийн дуртай мэргэжлээ сонгож, түүгээрээ ажиллавал, насан туршдаа хэзээ ч ажил хийдэггүй” гэж Күнз-ийн хэлсэн үг байдаг. Ер нь Монголчууд маань чадвартай шvv. Аль ч салбарт, хэнээс ч дутахгvй ѳрсѳлдѳж, амьдарч байна. Нэг vеэ бодвол Америкт байгаа манайхны ахуй амьдрал ч их ѳѳр болсон. Тэнд бизнес хийдэг монголчуудаас хамтарч ажиллах, реклам сурталчилгаа, вэб дизайн, график хийлгэх ажлын санал их ирдэг. Ер нь бид хаана ч явсан юманд хурдан дасан зохицож чаддаг юм шиг байгаа юм. Амжилт гаргаад эх орныхоо нэрийг хvний зэрэгтэй авч яваа залуучууддаа их баярлаж, тэднээрээ бахархдаг.

    Г.Г-Та 2 Охойяагаас Вашингтон ДС-д нүүж ирээд удаагүй байгаа. Ганболд сая АНУ-д болж өнгөрсөн конгрессийн сонгуулийн сурталчилгаан дээр ажиллаа. АНУ-ын сонгуулийн талаар юу бодож байв?

    Ч.Г-Сонгууль бол улс төрийн тавцан дээрх өрсөлдөөн. Мэдээж сурталчилгааны явцад янз бүрийн л асуудал гардаг. Бие биенээ буруутгах гутаах маргалдах зүйл байдаг. Гэхдээ энэ нь хэмжээнээсээ халиад олон нийтийг хамраад, нийгэмд бухимдал үүсгэх байдалд хүргэдэггүй. Харин сонгуулийн дараа бүгдээрээ олон нийтийн сонголтыг хүндэтгэн зөвшөөрнө. Өрсөлдөөн нь шударга, үр дүнд нь хаа хаанаа хүндэтгэлтэй хандаж чаддаг нь эдний онцлог юм болов уу гэж бодож байна.

    Г.Г-Чамайг бас АНУ-ын ерөнхийлэгч Б.Обамагийн вэб хуудас дээр ажиллаж байгаа гэж сонссон?

    Ч.Г- Тиймээ, Би энэхүү ажилд ороод удаагуй байгаа. Анх манай ажлаас энэхүү том үүрэг ѳгѳхѳд нь их сандарч байсан, Нилээн хэдэн хоног бусад улс орны тэргүүнүүдийн вэб болон суртачилгаа, дизайн арга барилийг судалснаар конгрессийн сонгуульд зориулсан хувилбарын дизайн дээр ажилласан.

    Г.Г-Ийм мэргэжилтэй хүн болгонд том улстөрчид, том компани, байгууллагууд санал тавина гэж үгүй. Тэд мэдээж ур чадвар болон ажил хэрэгч чадварыг илүүтэй харгалзан сонгодог байх. Товчхондоо хаана ажиллаж байсан одоо ажиллаж байгаа газрын талаар.

    Ч.Г-Зураач болгон компьютер дээр ажилладаггүй, компьютер дээр ажилладаг хүн болгон зураач байдаггүй байх л даа. Магадгүй бид хоёрын зургийн сургуульд сурч мэдсэн зүйл маань,ѳнгѳ будаг , арга барил зохиомжлоход нѳлѳѳлдѳг байх. Бас аливаа ажлыг чин сэтгэлээсээ хандаж хугацаанд нь хийдэг, заримдаа санаанд оромгүй хувилбар сонгодог нь бас хэрэг болдог байх л даа. Бид энэ хугацаанд Америкийн болон Монголын зохиолчдын номын чимэглэл, график болон вэб дизайн гэх мэт хувь хүн албан байгууллагын зар сурталчилгаа, суртачилгааны албанд ажиллаж байсан. Үүнд нэр хүндтэй гэж хэлж болох Forest City, Northrop Grumman, Yahoo!, American Greetings, Smucker’s, JIF, Pillsbury гэх мэт. Таны хэлсэнчлэн бид Вашингтон ДС хотод нүүж ирээд, ажилдаа ороод удаагүй байгаа, Би одоo эндэхийн (Presidential campaign – Obama for America) ерѳнхийлѳгч болон засгийн газрын мэдээллийг олон нийтэд хүргэх суртачилгааны албанд ажиллаж байгаа.

    Дөрөв: “Эх орон байхад диваажин надад хэрэггүй”

    Г.Г-Чиний www.ganbold.com вэб хуудас руу ороход эхлээд хөх тэнгэр, тэр тэнгэрт элин халин дүүлэх шонхор шувуу, тэгснээ уртын дуу эгшиглэж аажим аажмаар газраас тэнгэрт хүрч, тасран одох мэт сэтгэгдэл төрсөн. Үнэхээр гайхамшигтай байлаа . Олон олон цахим хуудаснаас огт өөр мэдрэмж төрж байсан шүү.

    Ч.Г-Олон олон вэб хуудасны дизайн чимэглэлийг хийхэд өвөрмөц дүрслэлүүд дээр монгол аялгуу, уртын дуу их л наалдацтай холбогддог. Ер нь монгол аялгуу, монгол ахуй их өвөрмөц. Тэрхүү дүрслэлээр тэнгэр-шонхор шувуу-уртын дуу гэсэн холбоосоор би эх орноо төсөөлдөг.

    Г.Г-Надад бас тийм бодол төрдөг. Гэхдээ өнөө цагт бид өнгө мөнгөнд хэт улайраад эргэж олдохгүй, давтагдахгүй гайхамшигтай зүйлүүдээсээ холдож салаад байна уу даа гэж харамсах сэтгэл төрдөг.

    Ч.Г-Монголын түүх, нүүдэлчин ахуй, үндэсний урлаг соёл, ёс заншил, уртын дуу үнэхээр гайхамшигтай төдийгүй хэзээ ч давтагдахгүй. Өнөөдөр дэлхийн хөгжлийн хурдацад хүмүүс төөрч, эргээд монголчууд бидний орхиод байгаа зүйл рүү тэмүүлж байна. Хүмүүс “робот” шиг амьдралаас залхаж, амар амгалан амьдрал, онгон байгальдаа зохицож амьдрах, хүн хүндээ чин сэтгэлээсээ хайрлан хандах сэтгэлгээ рүү тэмүүлж байгаа. Харин монголчууд бид үүний эсрэг л яваад байх шиг.

    Г.Г-Бид өнөөдөр Монголын хөгжлийн тухай их шүүмжилж, бас их л бухимдацгааж байна.

    Ч.Г-Монголд минь өнөөдөр сайн муу олон зүйл байгаа хэдий ч бид урагшаа л хөгжил рүү явж байна. Ялангуяа залуус их өндөр боловсрол мэдлэгтэй, их хүсэл тэмүүлэлтэй, их хөгжил дэвшилтэй болж байна. Энэ нь интернет IT орон зайд илүү мэдрэгдэж байгаа. Тэд эх орныхоо хөгжилд санаа зовж, өөрсдийн чадах бүхнээ хийж эхэлж байна. Энэ бол бага зүйл биш. Би л хувьдаа Монгол орны хөгжил дэвшил, өөдрөг сайхан ирээдүйд итгэдэг.

    Г.Г-Ч.Ганболд нилээн хэдэн жилийн ѳмнѳѳс интэрнэт Цахим Радиог нээж ажиллуулсан. Тэр радио “ЭХ ОРОН БАЙХАД ДИВААЖИН НАДАД ХЭРЭГГҮЙ” гэх уянгалаг хэрнээ сүрлэг үгсээр эхэлдэг. Түүнийг сонсохоор өөрийн эрхгүй омогших сэтгэл төрмөөр.

    Ч.Г-Цахим радиог анх найзтайгаа 2004онд нээж байхдаа энэ үгээр шторк хийж АНУ болон Герман улсаас 4н суваг явүүлж эхэлж байсан, Ер нь хүн эх оронтой байна гэдэг ямар аугаа их хувь заяа гэдгийг харьд байхдаа монголчууд бид илүү ойлгож мэдэрдэг. Бид энэ радиог ашгийн бус байдлаар, эх ороноосоо хол байгаа Монголчууддаа зориулж явуулсаар ирсэн. Эх орон гэдэг хүний өлгий бас бахархал, омогшил. Өөрийн гэсэн хил хязгаартай, өөрийн гэсэн тусгаар тогтнолтой, өөрийн гэсэн хөгжил, эрх чөлөөтэй Монгол оронд төрснөөрөө монголчууд бид омог бардам явдаг. Бид энэ дэлхийн хаана ч явсан, сайн муу бүх л үйлдлийн өмнө “МОНГОЛ” гэдэг нэр дуурсагдаж явдаг. Тэгэхээр эх орон биднээс л эхэлдэг гэж би боддог.

    Г.Г-Чин сэтгэлээсээ ярилцсан та хоёртоо баярлалаа. Хүсэл мөрөөдөл, хичээл зүтгэл тань та хоёрыг улам өндөрт өргөж, тэр хэрээрээ “МОНГОЛ” хэмээх нэрийг дэлхий дахинаа дуурсгаж яваарай.

    Ч.Г-Танд ч бас их баярлалаа. Өдгөө залхуурал дэлхийг хөгжүүлж байгаа ч , монголчууд бид залхууралгүй хичээж зүтгэж байж Монгол орноо хөгжүүлж чадна. Залуус бидэнд их боломж их ирээдүи бий. Монголчууд бид бүгдээрээ хичээхэд бүгдээрээ л аугаа болж чадна.

    Тэднийхээс гарч явахад сэтгэл нэг л сайхан. Тэдний “Лайка” хэмээх хөөрхөн эгдүүтэй нохой нь үсэрч цовхчин, гэрийн гадаа байх арын шилэн дээрээ томоос том “МОНГОЛ” гэсэн бичигтэй “Хаммер” машин дэргэд тэд намайг үдсэн. Хаа ч явсан содноос содон энэ л машинд дэлхийд үнэлэгдэж байгаа монгол залуус сэтгэл зүрхэндээ эх орноо тээж, эх орноороо овоглож явдаг юм. Тэд өнөөдөр дэлхийн дэвжээнд авьяас чадвар, хөдөлмөр зүтгэлээрээ тодрон гарч буй өнөөгийн монгол залуусын хэсэг нь. Амьдралын зам нь үргэлж дардан байх болтугай.

    Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
    http://galbadrakh.com/

  • Хүний үнэт зүйлийн эрэмбийг алдагдуулж, өөрийгөө үнэлэх үнэ цэнийн дархлааг эвддэг ДОХ-с ч аюултай ЁС СУРТАХУУНЫГ ЗАДЛАГЧ НЯН ИЛЭРЧЭЭ

    МАШ АЮУЛТАЙ НЭГЭН НЯНГИЙН ТУХАЙ…

    Ёс суртхууныг задалдаг нян маш аюултай халдвартай, агаар дуслаас ч илүү, харах үзэгдэх, сураг дуулдах төдийд халдварладаг юм байна. Ганц хоёр жишээ гэхэд:
    – Яг ижил нөхцөлд, адилдаа адил, годилдоо годил цалингаар өдөр хоногоо адилхан торгоолцож явсан нэг нь гэнэтхэн нүдэн дээр нь 570 унаад, тансаг харш бариулаад эхэлмэгц, тэр болтол тэсэж, тэвчиж, цээрлэж хориглож байсан бусад нь боломж гарвал л төсвийн халаас руу гараа ахиухан хийгээд авах нь зөв юм байна гэсэн дотоод итгэл үнэмшилтэй болно.
    – Яг ижил түвшиний, магад ч үгүй өөрөөс нь дор чадвар, туршлагатай нэгэн гэнэтхэн төрийн сайд болоод дэнхэлзээд, данхалзаад, орой бүр ТВ-ээр малилзаад эхэлмэгц бусдынх нь тэсгэл алдарч, гэнэтхэн аль нэгэн намын үзэл суртлыг учиргүй ойлгож дэмждэг болж хувираад, аль нэгэн улс төрчийн хонжогийг эгзэг нь таарвал олж долоочих гээд уралдчихна.
    – Яг ижил нөхцөлд аж төрөх, амьдрах гээд үхэлдэн тэмцэлдэж явсан нэгэн нь гэнэтхэн брэнд яриад, тив далайг гатлан нисээд эхлэнгүүт зүгээр өмнөх ажлаа хийж байсан хүмүүс гэнэтхэн хийж чадахаа байгаад ямар ч хамаагүй аргаар гэнэт цөм цөм баяжчих ухаан сүйхээ эрж хайгаад дажигнацгаачихна.
    – Яг ижил нөхцөлд бүгдээрээ зам дээр хаашаа явж буйгаа мартатлаа таг түгжирчихээд үүрэглэн ахуйд гэнэтхэн нэг нөхөр урсгал сөрөөд урдуур нь дайраад, эсвэл хажуугийн брожор дээгүүр дамнуулаад явган хүний замаар дайраад ороод ирэнгүүт бүгдээрээ нүх сүв бүхнээр сигнаалдаад дайралцацгаачихна.
    – Яг адилхан өвлийн хүйтэнд түлэх түлээгүй чичирч суусан хоёр айлын нэг нь гэнэтхэн орой бүр уут уутаар нь нүүрс чирч ирээд, дүүгтэл халуун гэртээ бужигнаад эхлэнгүүт нөгөөх нь тэсэлгүй нөгөөнийхнөө явсан зам мөрөөр явж, нийтийн уурын зуухнаас зөөдөг хулгайн жимийг нэгээр нэмнэ.
    Ер нэг ийм нийтийг хамарсан хачин уур амьсгал их түгээмэл байна.
    Энэ бол чөлөөт өрсөлдөөн биш, харин чөлөөт уналт юм. Миний л мэдэхээр бид 25 жил уналаа.
    ҮР ДҮНД НЬ бүгдээрээ ёс суртхууныг задлагч нянгаар ноцтой өвчилцгөөж, тамын тогоо луу ар араасаа нисэцгээх аж. Харин тийн өвчилсөнөө ер мэддэггүй, мэдэрдэггүй нь энэ өвчний хамгийн аюултай тал нь юм. Хүний оюун сэтгэлгээн дэх үнэт зүйлийн эрэмбийг алдагдуулж, сэтгэл зүрхэн дэх өөрийгөө үнэлэх үнэ цэнийн дархлааг эвдэж орхидгоороо энэ өвчин яг ДОХ шиг аюултай, бараг эмчилгээгүй шахам… халдварлах нь цар тахлаас ч аюултай юм.
    Мэдээж хэрэг төрөлхийн шударга ёсны мэдрэмжтэй буюу ёс зүйн хүчирхэг дархлаатай, мөн цаг зуурын үзэгдлийн мөн чанарыг таньж мэдсэний тул энэ мэт булингарт урсгалд автан урсдаггүй тэсэж тогтоод үлдэх цэгээ олж чаддаг хүмүүс бас байна аа байна. Гэвч тэд цөөн юм, харамсалтай нь цөөн юм. Цөөний дээр нийгмийг нийтэд нь хамарсан энэ их ёс суртхуунгүй бужигнааны лай ланчигийг зөвхөн тэд л нуруун дээрээ тээж үүрэх ёстой болдог учир тэсвэрлэхүйеэ бэрх байх аж…
    Нэг ийм зүйл үзэгдэж харагдаад нойр хулжаагаад байх …

    Нийтлэлч: Баасангийн НОМИНЧИМЭД
    Эх сурвалж: https://www.facebook.com/NominchimedB

  • Цэрэндоржийн САНЧИР- Тархан суурьшсан монгол туургатны судлаач

    Соёл судлаач, “Тархан суурьшсан монголчууд” ТББ-ын тэргүүн

    Улаанбаатар хотод 1977 онд төрсөн. Урлаг, соёл судлаач, зургийн багш мэргэжилтэй.
    Монголын Эзэнт гүрний байлдан дагууллаас даяар тархан суурьшсан Монголчууд болон түүх соёлын дурсгалуудаа зорин 14 жил эзэнт гүрний өргөн нутагт судалгаа, зураг авалтаар ажиллаж байна. Монгол гүрний түүх соёлын төдийлөн судлагдаагүй бүс нутаг буюу өнөөгийн дотоодын мөргөлдөөнтэй, исламын улсууд, хаалттай хоригтой орнуудад устах аюулд буй Монгол соёлын дурсгалууд, уусах аюулд буй Монголчуудынхаа талаар

    TASAM 3 дугаар бүхий телевизийн баримтат цуврал, ТАРХАН СУУРЬШСАН МОНГОЛЧУУД 12 дугаар бүхий телевизийн баримтат цуврал, ЭЗЭНТ ГҮРНИЙ СОЁЛЫН ДУРСГАЛУУД 5 дугаар бүхий телевизийн баримтат цуврал, 5 төрлийн хэвлэлийн бүтээл, үндэсний болон олон улсын 5 удаагийн үзэсгэлэн, орон нутагт 14 үзэсгэлэн, үндэсний болон олон улсын 300 гаруй хэвлэлээр ярилцлага, нийтлэлээ хүргэжээ. Энэ л он жилүүдэд хилийн чанадад хийсэн судалгаа зураг авалтын болон нийтэд толилуулсан бүтээлүүдийн үндсэн зардлыг TASAM craft арьсан эдлэлийн урлангийнхаа дэмээр хийлээ. Эдүгээ бид ЭЗЭНТ ГҮРНИЙ НЭВТЭРХИЙ ТОЛЬ бүтээхээр төслийн хүрээнд ажиллаж дэлхийн 40 улсад 15 жил (2002- 2016) судалгаа, зураг авалт хийж гүрэн улсынхаа бахархалт үнэн түүхийг мэргэжлийн гэрэл зураг, бүрэн хэмжээний тайлбар танилцуулгатайгаар кирил үсэг, монгол бичиг, англи хэлнээ баринтаглан Агуу Монгол түүхийн нэгэн гэрэлт хөшөөг сүндэрлүүлэх үйлсэд зүтгэж байна.

    Энэхүү төслөөрөө Монголчуудын арвин баялаг өв уламжлал, дэлхий дахины түүхэнд бүтээсэн уран барилга, хот байгуулалт, соёл, шинжлэх ухааны шинэчлэлүүдийн талаар цогц мэдээллийг кирил үсэг, монгол бичиг, англи хэлнээ буулгаж, нэвтэрхий толь бичгийн олон улсын стандартыг хангасан хэвлэлийн технологийн өндөр төвшинд хүрсэн бүрэн хэмжээний бүтээлийг Их Монгол улс байгуулагдсаны 810 жилийн ойгоор нийтийн хүртээл болгох юм. Дэлхий дахинд Монголын эзэнт гүрний бахархалт үнэн түүх болоод дэлхийн энгээр тархан суурьшсан Монголчуудын соёл иргэншил ямар байсныг, бид ямар бахархалтай түүх бүтээснийг дэлхийд гаргаж ирэх болно.

    БҮТЭЭЛҮҮД
    2010 он “Тархан Суурьшсан Монголчууд” 12 дугаар бүхий телевизийн баримтат цуврал
    2012 он “TASAM” 3 дугаар бүхий телевизийн баримтат цуврал
    2010 он Гэрэл зургийн үзэсгэлэн, Монгол Улс 2010, 2011, ОХУ 2010
    2011 он “Монголын төлөөх зүрх бүхэнд” Монгол бичиг болон Монгол-Англи хэлээр 2 удаа хэвлэгдэж, “Grand book 2011” арга хэмжээний “Түүх нийгмийн шилдэг ном”-оор шалгарсан. (хамтын бүтээл)
    2011 он Монголын төлөөх зүрх бүхэнд найраглал

    https://facebook.com/sanchir.tasam
    http://www.tasam.mn/

    Ярилцлага унших

  • Ц.САНЧИР: Дээд монголчууд “Аз байгаад очвол Монголын тэнгэр ямар өнгөтэйг харах юм сан”, “Агаар нь ямар байдгийг мэдрэх сэн” гэлцдэг

    Дэлхий дээр Монгол хэлээр ярьдаг 18 сая хүн байна. Дэлхийн Монголчуудын соёл иргэншил ямар байсныг, бид ямар бахархалтай түүх бүтээснийг гаргаж ирэх зорилготой Тархан суурьшсан монголчууд” төрийн бус байгууллагын захирал, соёл судлаач Ц.Санчиртай ярилцлаа. Түүнтэй ярилцаж суухад монгол хүний үнэ цэнэ, Монгол Улсын тусгаар тогтнол өөрийн эрхгүй бахархал төрүүлж байсан юм. Ингээд соёл судлаач Ц.Санчиртай дэлхий даяар тархан суурьшсан монголчуудтай уулзаж, аж амьдралтай нь танилцаж явсан тухай хөөрөлдлөө.

    -“ТАСАМ” гэдэг нь ямар утга агуулгатай үг вэ. Танай ТББ-ын дэргэд ийм цахим хуудас байдгийг мэдэх юм?

    -“Тасам” гэдэг нь олон сайхан утга илэрхийлдэг монгол үг. “Тархан сагуришигсан монголчууд” гэсэн монгол бичгийн товчлол юм л даа. Ойрад монголчууд дээлийн эмжээрийг “тасам” гэдэг. Гурвын тоог ч мөн “тасам” гэдэг юм. Олон улсад нэрийн хайлт хийлгэж хууль ёсоор баталгаажсан брэнд нэр. “Тархан суурьшсан монголчууд” ТББ-ын олон улсын хэмжээнд хэрэгжиж байгаа төслийн нэр гэдгээр олон нийт илүү сайн мэдэх байх.

    -“Монголын төлөөх зүрх бүхэнд” гэдэг их гоё үг. Энэ уриа үгийг яаж бодож олов?

    -Бид Монголын эзэнт гүрний байлдан дагууллын үеэс дэлхий дахинд тархан суурьшсан монголчуудын талаар 2009 оноос олон нийтэд мэдээлэл хүргэж эхэлсэн. 2002- 2008 онд ирж очоод, хээрийн судалгаа хийж, зураг дүрс, яриа буулгаад явсан ч үүнийгээ хэлж ярихгүй бол монголчууд маань мэддэггүй юм бай на, мартагдах нь гэж бодсон. “Монголын төлөөх зүрх бүхэнд” ажил мэргэжил, баян хоосон, мэдлэг боловсролын ялгаа байхгүй гэж боддог. Монголын төлөө цохилох зүрх монгол хүн бүрт байх учиртай. “Монголын төлөөх зүрх бүхэнд” гэдэг нэрээр бид гэрэл зургийн ном, найраглал, олон нийтэд хүргэж эхэлсэн хамгийн анхны цувралаа “Дээд Монгол буюу Монголын төлөөх зүрх бүхэнд зориулав” гэсэн нэртэй гаргаж байсан. Энэ цуврал маань цаашаа “Хазара-хайртай гэж хэлж өгөөч” гээд үргэлжилдэг юм.

    -Аяллын хугацаанд галт тэргээр олон сар явсан гэж сонссон?

    -Сүүлийн 10 жилийн хугацаанд бид 450 мянган км зам туулснаас таван сартай тэнцэх хугацааг галт тэргэнд өнгөрүүлсэн байдаг. Аялахад хамгийн тухтай, аюулгүй, санхүүгийн хувьд зардал багатай унаа нь галт тэрэг юм. Бид тэнгис, далай л гатлахг үй бол ямар ч оронд очсон галт тэргийг сонгодог. Мөн өдөр үзэж харах зүйлтэй, үзэж харснаа бичиж тэмдэглэх боломжтой байдаг л даа.

    -Та үргэлж л манай багийнхан, бид гэж ярьдаг. Хэзээ энэ багт нэгдсэн бэ?

    -Арван жилийн өмнө манай байгууллагыг үүсгэн байгуулагч Б.Цэрэн ганцаараа Монголын эзэнт гүрний Юань Улсын нутагт суурьшиж үлдсэн элэг нэгтнүүдээ зорьж байсан. Дараа дараагийн аяллаас нь би нэгдэж эзэнт гүрний байлдан дагууллаас үлдсэн монголчууд байдаг юм уу, байдаг бол хэдүүлээ, хаана, яаж аж төрдөг юм бэ. Монголын талаар ямар мэдээлэлтэй байдаг зэргийг мэдэх зорилготой аялж эхэлсэн. Монгол залуу хүний сонирхлоор Монголын түүхтэй холбоотой зүйлсийг дахиж үзмээр, зургийг нь авч баримтжуулмаар санагдаад олон удаа явсан. Зардал мөнгөний боломжоос хамаарч 2009 он хүртэл бид нэг нэгээрээ аялдаг байсан юм. 2009 оноос олон улсын хэмжээний төсөл болж мэргэжлийн ажлууд эхэлж, зохих хэмжээнд ивээн тэтгэгч байгууллагууд гарч ирсэн учраас дөрвөн хүнтэй судалгаа, зураг авалтын баг аялах болсон.

    -Судалгааны ажлаар хэдүүлээ явбал тохиромжтой байдаг вэ?
    -Зураглаач, гэрэл зурагчин, судлаач гээд мөнгөтэй, боломжтой тохиолдолд дөрвөн хүний бүрэлдэх үүнтэй явбал тохиромжтой бай даг. Исламын орнуудад дөрвөөс олон тэр тусмаа дөрвөн эрэгтэй, эсвэл нэг эмэгтэй гурван эрэгтэй хүн явахад олны анхаарал татах аюултай. Тухайн орны ард түмний дунд бичигдээгүй хууль үйлчилдэг хаалттай, дангааршсан улс оронд голчлон очиж байна. Дөрвөөс олон эрэгтэй хүнтэй багийнханд Иран, Ирак, Афганистан зэрэг исламын шүтлэгтэй, дотоод мөргөлдөөнтэй улс орнууд тийм ч таатай ханддаггүй.

    -Одоо бол харьцангуй гайгүй болсон байх. Анх ганцаараа явахад айж эмээж байсан уу?

    -Айдас гэдэг харьцангуй ойлголт гэж боддог. Арван жилийн өмнө мэдээлэл багатай учраас төдийлөн айдасгүй аялдаг байсан. Афганистанд ганцаараа очсон. Чингис хааны хүрсэн дөрвөн хотыг үзсэн. Эзэнт гүрний түүхийн дурс галууд байна уу гэсэн сураг лалын мөрөөр сонирх лын журмаар явсан л даа. Бидний аялал бүхэн хэцүү байдаг. Хүний нутаг бол хүний л нутаг. Тэр тусмаа Монголын түүхийн судлагдаагүй газар бидний элэг нэгтэн аж төрдөг, Монголын түүх, соёлын биет дурсгалууд хадгалагдан байдаг, дотоодын мөргөлдөөн, исламын шүтлэг, хаалттай нийгмийг зорино гэдэг мэдээж хэцүү. Гэхдээ айвал бүү хий, хийвэл бүү ай гэж мэргэн үг байдаг биз дээ.

    -Монголын Эзэнт гүрний байлдан дагуулсан улс орнууд, түүхэн холбогдолтой газруудад очиход Монголын эзэнт гүрний их байлдан дагуулалт, Чингис хааны тухай хэр мэдэх юм бэ?

    -850 жилийн тэртээх Монголын эзэнт гүрэн 40 гаруй улс орныг хамарч байсан. Харамсалтай нь Монголын эзэнт гүрнийг бүхэлд нь хамруулсан газрын зураг одоогоор байдаггүй. Эзэнт гүрний байлдан дагууллаас үлдэж хоцорсон монголчуудын тухайд дээрх мэдээлэл мэдлэгийн тал дээр үндсэндээ хоёр төрлийн ойлголттой байдаг. Монголын тухай мэдээлэл, боловсрол, ахуй амьдрал сайтай монголчууд бий. 1220, 1225, 1227 онд Юань улсын, Цагаадайн хаант улсын нутагт Ганьсугийн цөлд үлдсэн монголчууд. Их хааны зарлигаар эзэлсэн газар нутгаа хамгаалан үлдсэн монголчууд дараагийн хааны зарлиг гартал эндээс явж болохгүй гэсэн итгэл үнэмшилтэй байдаг. Монголчууд яснаасаа үнэнч ард түмэн. Сайхан амьдрал хөөж бүгдээрээ төв суурин газар уруу явсангүй. Зарим газар яваад очиход дэлхийг эзэлж дууссан уу, дууссан бол биднийг авахаар ирж байна уу гэх байдлаар хандана. Дайн байлдаантай оронд байгаа монголчууд үндэсний хувцас, хэл соёлоо мартсан байхад зарим газрын монголчууд “Жангар”- ын тууль, сайварлан бүжгээ аваад үлдсэн байх жишээтэй.

    -Мэдээлэл, боловсрол, ахуй амьдрал сайтай монголчууд гэлээ. Үүнийгээ тодруулаач?

    -Манай хойд хөршид гэхэд халимаг, буриад, алтай, тува, монгол, өмнөд хөршид Өвөрмонгол, дээд мон гол, дагуур монгол, цаст монгол, дунсиан монгол, баоань монгол, шинжан монгол бүр нарийн дурдвал Бор талын монгол, харшаарын монгол, ховогсайрын монгол, баянголын монголчууд гэж байна. Энэ бүгд Мон голоос гарал суурьшилтай, би чиг үсэг, угсаатны онцлог, зан занш лаа тодорхой хэмжээгээр залгамж лан яваа монголчууд. Зарим хүн түүхийг нь үгүйсгэдэг тал ажигллагддаг. Үнэндээ түүх бол түүх шүү дээ. Өнгөрсөн түүхэнд хачир нэмэхэд гутахаас бус ариусахгүй гэж мэргэн үг бий. Ямар ч оронд байгаа монголчуудын тухайд тусгаар Монгол Улс бол тэдний үлгэр дууриал байдаг. Тэднээс “Монгол Улсаас юуг хүсдэг вэ” гэхээр “Монгол Улс гэж байгаа нь л бидний бахархал, хүсэл мөрөөдөл” гэдэг. Манайхны хувьд нэг үеэ бодвол мэдээлэл харьцангуй нэмэгдсэн гэж боддог. Түвдийн өндөрлөгт байдаг монголчууд Хөх нуурын монголчуудыг мэддэг болсон байх жишээтэй. Дэлхийн хоёрдугаар дайны үед Франц, АНУ уруу дүрвэсэн халимагууд, Афганистан, Иран, Иракийн дайны үед Австрали уруу дүрвэсэн хазарачуудыг “нээлттэй улс орон” гэдэгт оруулж болно.

    -Өөр улс оронд байгаа монголчууд биднийг хэрхэн төсөөлдөг бол?

    -Бидний ажлын онцлог бол зөвх өн баримт дэлгэж, уулзсан хүмүүс, үзэж судалсан дурсгалуудаа ярьдаг. Нэг л жишээ дурдахад, өмнөд хөршид байдаг уйгарууд монголчуудын дунд маргаан гарлаа гэхэд уйгарууд олуулаа учраас дийлдэг. Дийлэгдсэн монголчууд “Дэлхий дээр Уйгар улс гэж байдаггүй. Монгол Улс гэж байдаг юм шүү” гэж хэлдэг. Дээд монголчууд түвдүүдийн хооронд маргаан гарахад түвдүүд олуулаа учраас ялна. Ялагдсан монголчууд “Дэлхий дээр Түвд улс гэж байхгүй. Тусгаар Монгол Улс гэж бий шүү” гэж үгээрээ давах жишээтэй. Гаднын улс оронд байгаа монголчууд маань ингэж бахархаж байхад бид өөрсдөө эх орноо голж, бас тэднийгээ эрлийз хурлийзаар нь ангилж, хайлсан ууссанаар нь дуудаж болмооргүй санагдана. Чингис хааны нэг зарлиг бий. Үндэс язгуураа бүү мартсугай гэж үр хөвгүүддээ сургасугай гэсэн утгатай. Их хаадынхаа гэрээс захиа сыг хэзээ ч мартах ёсгүй. Мон голын эзэнт гүрний байлдан дагууллын түүхийг бид хэр мэдэх вэ гэдэг ч эргэлзээтэй. Их байлдан дагуулалтаас гаднын улс орнуудад бидний мах, цусны тасархай үлдсэн. Тэд хаана байдгийг мэддэг байх нь чухал. Энэ бол түүхэн үүрэг. Бид түүхээ үгүйсгэвэл ирээдүй биднийг үгүйсгэнэ. Бид дээдсээ мартвал үр хойч биднийг мартана.

    -Монголын эзэнт гүрний байлдан дагуулалтын талаар олон улс орныг түрэмгийлэн эзэлсэн гэдэг өнгөц ойлголт түгээмэл байх шиг санагддаг?

    -Олон жилийн турш харийнхан ийм байдлаар бидний тархийг угаасан шүү дээ. Эзэнт гүрний байлдан дагуулагчид, нүүдэлчид бичиг соёлгүй, харгис хэрцгий гэсэн төсөөлөл тэдэнд бий. Эсрэгээрээ тэр л нүүдэлчид дэлхийн олон орны албан ёсны анхны төвийг тухайн үеийн Ил хант улсын нийслэлд байгуулсан нь өнөөгийн Иранд баримт болон үлдсэн байна. Дундад Азийн уран барилгын хэв маягийг монгол загвар, хээ чимэглэлээр баяжуулсан нь ч бий. Уран барилга хот байгуулалт, гар урлал, газрын хуваарилалт гээд төр нийгмийн асар олон нээлт, шинэчлэл, эргэлтийг хийсэн байдаг. Дундад Азид цаасан мөнгийг анх нэвтрүүлж, дэлхий дахинд зоосон мөнгөний урлагийг гайхуулсан ард түмэн. Цэрэг дайны хувьд ч ухаан жолоогүй уулгалаад дэлхийн талыг эзлээгүй. Харин асар өндөр зохион байгуулалттай явган цэрэг, морьт цэрэг, тэнгисийн цэрэг, хана хэрэмтэй хот сууринг буулган авах оньсон төхөөрөмжөөр тоноглодог инженерийн цэрэг, олон улсын бичгийн мэргэдийн зөвлөхүүд, өндөр зохион байгуулалттай тагнуулын анги, эмч нарын хороо гээд асар олон зүйлийг тоочиж болно.

    -Тархан суурьшсан монголчуудаа мэдэх, таних жимийг та бүхэн гаргачихлаа. Ирээдүйд улам өргөжих байх?

    -Арван жилийн турш хээрийн судалгаа, зураг авалтын ажил хийлээ. Энэ нь дан ганц төрийн бус байгууллага, эсвэл дөрөв таван хүний хийх ажил биш гэдгийг сүүлийн үед илүүтэй мэдэрч байна. Дайн байлдаантай улс орнуудад устах аюулд ойрхон монголчууд, мөхлийн ирмэгт тулсан соёл дурсгалын зүйлс бий. Төр засгийн зүгээс нэгдсэн бодлогоор тодорхой ажлууд хийхгүй бол нэг хоёр жилийн дараа Монголын эзэнт гүрний түүхэн дурсгалт зүйлсээс зураггүй, сураггүй үлдэж мэдэх нь. Тэр түүх соёлын зүйлсийг баримтжуулах, монголчуудад үнэ цэнийг нь мэдр үүлэх нь бидний зорилго шүү дээ. Явж ирэнгүүтээ аян замын тэмдэглэл нийтлүүллээ. “Үүргэвчтэй аялал” шиг нэвтрүүлэг хийж болдоггүй юм уу гэж олон хүн асуудаг. Судлаач учраас бидний ажил онцлогтой. Олон нийтэд хүргэдэг мэдээлэлд маш нухац тай хандах хэрэгтэй. Жишээ нь, Түвдийн өндөрлөгт ганцхан удаа очоод дүгнэлт хийж, ярьж болохгүй. Ахин дахин очиж, олон хүнтэй уулзаж байж Түв дийн өндөрлөгийн мон голчууд ингэж амьдарч байна гэдгийг харуулахыг зорьдог.

    -Судалгааны явцад өөр хүмүүстэй хамтарч ажиллах юмсан гэсэн бодол төрж байсан уу?

    – Бидэнтэй хамтарч ажиллах санал цөөнгүй ир дэг. Энэ эрхэм чухал түүхэн сэдэвт дөрөө лөөд янз бүрийн далд сурталчилгаа, ашиг сонирхол гарах вий гэж болгоомжлох тохиолдол ч бий. Яг одоо бид “Хаан түүхтэй монголчууд” хэмээх үндэс ний хөтөлбөр хэрэгжүүлж буй. Хөтөлбөр маань Ерөнхийлөгчийн ивээлд орсон, ирэх жилээс төр зарим хэсэгт дэмжлэг үзүүлэхээр ярьж байна. Энэ хөтөлбөрийн нэг хэсэгт сэтгүүлчийн багтай хамт богино хугацаагаар эзэнт гүрнээ тойрох төлөвлөгөө бий. Бид судлаач учраас бодит байдлыг хүмүүсийн сэтгэлд хүртэл бичиж чаддаггүй байх.

    -Ингэж бодох болсны шалтгаан юу вэ?

    -Казахстанд Зүчи хааны шарилын бунхныг бид очиж үзсэн. Казахстан улс Зүчи хааны бунхныг төрийн тусгай хамгаалалтад авсан гэж олон улсад мэдэгддэг. Төрийн тусгай хамгаалалтад орсон гэхээр бид сайн сайхан талаас нь төсөөлж байлаа. Гэтэл 100 гаруй мянган хүн амтай хотынхноос асууж сураглахад Зүчи хааны бунхан хаана байдгийг мэддэг ганцхан жолооч тааралдсан. 50 км замыг хэдэн цаг туулсны эцэст очиход ямар ч хамгаалалтгүй, хаалга үүдгүй, үхэр, малын баас болсон газарт бунхан байсан л даа. Чингис хааны ууган хүү, алтан ургийн залгамжлагч дэлхийн 200 гаруй хотыг нэгтгэхдээ 60 орчим хувийг нь байлдахгүй буулгаж авсан аугаа хааны шарил шүү дээ. Тэр үед зохиолч эсвэл сэтгүүлч бидэнтэй ирсэн бол нүдэнд харагдтал бичих байх даа гэж бодсон. Казахстанд Монгол Улсыг төлөөлсөн Бүрэн эрхт Элчин сайд суудаг. Зүчи хааны бунхны зургийг ядаж цахим хуудастаа тавьж болоогүй юм байх даа гэж гайхаж л явлаа.

    -Олон газрын монголчуудтай уулзсан. Тэдгээрээс сэтгэлд хоногшсон сайхан дурсамж бий байх?

    -Монголчуудтайгаа их харьцуулмаар болдог. Монгол үндэстэн угсаат нуудтайгаа уулзаад “Та нарын мөрөөдөл юу вэ” гэж асуухад өдий хүртэл нэг л хариулт сонссон. Монгол Улсад очиж үзэх юм сан гэж. Харин Монгол Улсад очиж амьдрах юмсан гэж шууд хэлдэггүй. Монголд төрнө, очиж амьдарна гэдэг маш ховор хувь тавилан учраас ингэж ярьж болохгүй гэж боддог. Тэдний хувьд энэ нь маш эмзэг сэдэв. Бид дэлхийн монголчуудын мөрөөдлийн улсад амьдардаг хүмүүс шүү дээ. Дээд монголчууд гэхэд “Ар Монголд хурга болж төрөөд ирэг болж идүүлэх юм сан” гэж ярилцдаг. “Эргэх амьдрал гэж байдаг бол Ар Монголд адуу болж төрөхсөн”, “Аз байгаад очвол Монголын тэнгэр ямар өнгөтэйг харах юм сан”, “Агаар нь ямар байдгийг мэдрэх сэн” гэлцдэг.

    https://facebook.com/sanchir.tasam
    http://www.tasam.mn

    Утас: 7575 3307

    Т.ЗӨНБИЛЭГ

    Эх сувалж: http://www.unen.mn/

  • Г.ОЮУНБАЯР: Монгол инженерүүд 1984 онд компьютер, 2006 онд кластер угсарч байлаа

    Монголд угсарсан анхны компьютерийг 1989 онд үйлдвэрлэсэн Монел брэнд гэж үзэх хүн олон байдаг. Гэвч үнэн хэрэгтээ 1984 онд угсарч ажиллуулсан “Оч” микрокомпьютер бол яах аргагүй анхных юм. “Оч”-ийн эд анги, эрэг боолт бүрийг нь ширхэгчлэн цуглууж, оюуны эд эс бүхнээ зориулан бүтээсэн багийнхан хожмоо бүгд энэ салбартаа үнэлэгдсэн эрхмүүд болсон бөгөөд тэдний нэг Г. Оюунбаяр (компьютерийн инженер, бакалавр)-ын дурсамжаас хуваалцаж байна. “Очоос гал өрнөдөг, одоохондоо бүтээл маань оч төдий байгаа ч дүрэлзэн асах цаг нь ирнэ” хэмээн монголын анхны компьютерийг “Оч” хэмээн нэрлэж байснаа ийнхүү дурслаа.

    “ОЧ” МИКРОКОМПЬЮТЕР

    och computer

    1970-аад оны сүүл, 1980-аад оны эхээр Altair, IBM PC, Apple, Sinclair, Commodore зэрэг хувь хүнд зориулсан микрокомпьютерүүдийн тухай мэдээллийг олж үзээд маш их цочирддог байв. Энэ бол Монголд транзисторт суурилсан “Минск-32”, тэрбайтугай релей-механик табулятор машинуудтай байсан үе. Аз болоход 1983 онд Польшоос авсан МЕРА-100 мини компьютер, дисплей зэрэгт нөгөө Altair зэрэг микро-компьютерийн суурь болсон Intel 8080/85, Z80, 6502 байдаг байсан нь тэдний ажиллагааг мэдэхэд их нэмэр болов. Төхөөрөмжүүдийг дагалдаад микропроцессор, санах ой зэрэг цөөн чип сэлбэг маягаар ирсэн нь авч туршилт хийх хорхой хүргэдэг байлаа. Ингээд тухайн үеийн Тооцоолон бодох төвийн инженерүүд Г.Оюунбаяр, О.Батсүх, Д.Толя, Д.Дашцэрэн, Гантөмөр нар хэн нэгний даалгавар, заавраар бус өөрсдийн сонирхлоор компьютер бүтээхээр ажиллаж эхэлсэн юм.

    Хилийн дээс алхах, гадаад улсаас ирсэн инженерүүдтэй хамтран ажиллах завшаан тохиох бүрт компьютер бүтээхэд хэрэг болох материал, хэрэгсэл цуглуулдаг байлаа. Ингэсээр овоо их сэлбэг цуглуулж чадсан юм. Ингээд ил, далд цуглуулсан сэлбэг хэрэгслээрээ “Оч”-оо угсарч, тухайн үеийнхээ ШБОС-84 үзэсгэлэнд оролцож, Хүрэл медаль хүртсэн юм.

    Энэ бол 1984 он буюу Цахиурын хөндийд Стив Жобс хэрэглээний компьютерын шинэ загвар болох “Macintosh”-оо танилцуулж байсан үе юм.

    1984 оны намар “Оч”-ийг Болгарын Правец хотод зохиогдсон ОУ-ын үзэсгэлэнд явуулсан ба тэндээс тусгай шагнал хүртэв. Гэвч ирэх замдаа гэмтсэнээс болж “Оч” тухайн үеийн хэлбэрээрээ дахин ажилласангүй.

    “ОЧ-2” МИКРОКОМПЬЮТЕР

    “Оч”-ийн үлдэгдлийг бүрэн задалж Г.Оюунбаяр, О.Батсүх нар хуваан авав. Г.Оюунбаяр тэдгээр элемент, мөн 3 жил орчим цуглуулсан эд ангиудаа нэмж ашиглан “Оч-2” микрокомпьютерийг 1988 онд угсарч дуусгав. “Оч-2” хэдий найдвартай сайн ажилладаг байсан ч, магнитофоны лент дээр гадаад санах ойг хийснээс уян дисктэй персональ компьютертэй өрсөлдөх аргагүй байснаар амбаарт хураагдсан юм.

    “ОЧ”-УУД ЯМАР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН БЭ?

    • Сэлбэг хэрэгсэл нь байвал компьютер үйлдвэрлэх боломж, боловсон хүчин Монголд байгааг нотлон харуулав.

    • Моралийн элэгдэлд орсон Минск-22/32, М-222 мэйнфрэймүүдээс дутахгүй хүчин чадалтай компьютерийг хямд зардлаар үйлдвэрлэх боломжтойг харуулав.

    • “Оч”-г бүтээсэн явдал зарим мэргэжилтнийг зоригжуулж, идэвхижүүлсэн, нэлээдийн эргэлзээ, тээнэгэлзээг арилгасан байх.

    Бидний цуглуулсан микрокомпьютер, програмчлалын талаар цуглуулсан ном, сэтгүүл, схемүүд, ассемблер, basic дээрх программууд, мөн деталиудын эрэлт ихэсч, манайхныг асуултаар булах болов. Эдгээрийг ашиглаж инженер-электроникч А.Батмөнх программатор, ТБТ-ийн инженер-электронч Ч.Сэмжидмаагийн баг i8080-д суурилсан цаг, 1986 онд ТБТ-ын инженер П.Төмөрбаатарын баг (ТБТ-ийн О. Батсүх, Ж. Пүрэв нар бүтээлцсэн) 6502 бүхий Пионер компьютер, Хэнтийн статистикч Дорждэрэм (ердөө 7-р ангийн боловсролтой) микрокомпьютер, ТБТ-ийн инженер-электронч Т.Алагсай програматор, Цаг уурын инженер-электронч С. Ганбаатар тусгай зориулалтын компьютер, Эрдэнэтийн ГОК-ийн инженер Ч.Давааням (одоо Петровис ХХК-ийн ТУЗ-ын дарга), Филармонийн Энхбаяр нар микрокомпьютер хийж байсан зэрэг нь оч бадарч эхэлсэн, дараа нь хэдэн зуун Монел PC үйлдвэрлэгдсэн, өнөө үед IT Zone компани хэдэн мянгаар PC угсарч байгаа зэрэг нь гал дүрэлзэж эхэлсний илэрхийлэл бизээ. Микрокомпьютер, PC, нөүтбүүк, таблет, смартфон хэдий хэрэгтэй ч, судлаачид, бизнес, төрийн бодлогуудын хүчин чадлын шаардлагын хязгаар их хол, хамгийн хүчтэй PCийнхээс 100-1000 ба дээш дахин илүү гэж тооцож болно.

    1980-аад онд ТБТ-ийн мэйнфрэймүүдэд хүн амын, загварчлалын, түүвэр судалгааны тооцоонууд орж ирэхэд процессор таг болж зөвхөн пультийн гэрлүүд нь анивчаад байдаг байв. 2000 онд ХАОСТ-ын 2 сая гаруй хүний мэдээллийг өөр формат руу шилжүүлэхэд их хүчтэй сервер хэдэн цаг “дүлийрдэг” байлаа. Цаг уурын, геологи, уул уурхайн, ШУ-ны судалгаа шинжилгээ, гар утасны операторын үйлчилгээний гэх мэтээр бэрх бодлогуудыг үргэлжлүүлж болно. 1994 онд Азийн Суперкомпьютерийн төв байгуулах, 2003 онд GRID computing төслүүдэд оролцож байсны хувьд Г.Оюунбаяр 2006 онд Бит ТНН-ийн захирал Л.Доржтой хамт 2 node бүхий туршилтын кластер (зураг 2), Бит Сервис ХХК-ийн захирал Д.Толятай хамт 5 node бүхий Bit HPC (зураг 3, одоо ШУА-ийн музейд байгаа), хүү Энхбаттайгаа хамт 4 node бүхий G8 (зураг 4) кластерууд угсарч туршив. Суперкомпьютерийн төсөл боловсруулж хэд хэдэн байгууллагад өргөн барьсан ч “эдийн засгийн хямрал”, “хууль эрх зүйн орчин бүрдээгүй”, “хүлээж бай” гэх мэт хариу өгч байлаа. Одоо цагт суперкомпьютер, серверүүд, тэрбайтугай switch, бүр datacenter cloud дээрх үйлчилгээ (IaaS) болчихож байгааг харгалзан туршилтаар 2011 онд Google-ийн Appspot нэртэй Cloud дээр application байршуулж болохоор сайт бий болгосныг ict-expo. appspot.com-оос үзэж болох юм.

    BIT HPC (Pentium D, Opteron), 2006. Mr. Tolya D, Oyunbayar G. MS Windows Compute Cluster Server 2003
    Compute Cluster Pack. Compiler C. MS Visual Studio 2005

    Дээрх СК-ууд, Cloud-ыг ажлын бус цагаар угсарч систем суулгадаг, тохиргоо хийдэг байлаа. 1983-1988, 1990ээд оных шиг шөнийн цагаар л амжуулжээ. Рак, түүний тоноглол, хөргөлтийн систем, нэмэлт деталиудыг мөн адил өөрөө хийж, “Оч”-уудыг хийснээс хамаагүй их материал, хөдөлмөр зарсан байдаг. Сонин байж юу магад, Microsoft-оос node бүрийн серверт Activation code авахад (би системээ олон дахин суулгасан, 4-5 node тус бүр дээр 5-6 удаа) тэд залхаад гэх юм уу нэг нь мессенжер хаягаа надад өгч хүссэн даруй минь code ирүүлдэг байв. MS CCS2003-ийн Beta 2-ыг суурилуулахад хэдий зааврын дагуу явсан ч серверт ер суудаггүй. Microsoft-той холбогдоод “US гэхэд болж байна, Монгол гэхэд суудаггүй, би Монголд байна” гэхэд минь “Өө тийм үү, наадах чинь bug байх, шалгаадхъя гээд, дараа нь “Үнэн байна, bug report хийсэнд баярлалаа, бид засна аа, одоохондоо US гэж явж болно” гэж билээ. Энэ “Оч” болон бусад олон “Оч”-оос зарим маань гал авч Нийслэл, суурин газар орчмыг гэрэлтүүлж эхэлсэн ч гал “Үүл”-нд хүрч байж Монгол улсыг хот, хөдөөгүй гийгүүлнэ. Хангалттай хүчин чадалтай МоnCloud байгуулж, түүн руу “гал”-аа шилжүүлэх үйлсэд тань амжилт хүсъе.

    Г. Оюунбаяр

  • Ш.ЯЛАЛТ: ​Тонныг нь 50$-р зарж чадахгүй бга нүүрсэнд 1кг нь хагас сая $-р үнэлэгддэг сансрын техник, дуунаас хурдан онгоцний үйлдвэрлэлд онцгой шаардлагатай чухал материал байгаа

    Монголын анхны электроникийн үйлдвэр МОНЕЛ-ийг үүсгэн байгуулагч, Монелтех компанийн захирал Ш.ЯЛАЛТын инновацийн талаар бичсэн ИННОВАЦИ эсвэл СҮЙРЭЛ нийтлэлийг танд хүргэж байна.

    МОНГОЛ УЛСАД ӨНДӨР ТЕХНОЛОГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ХӨГЖҮҮЛЭХ БҮРЭН БОЛОМЖТОЙ.

    Монгол орны эдийн засгийн байдлыг сайжруулах нэг үндсэн арга зам бий. Энэ бол мэдлэг шингэсэн, материалын орц багатай, өрсөлдөх чадвар өндөртэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж эдийн засгийг амь оруулах явдал юм. Ийм учраас инновацийн үйл ажиллагааны хөгжлийг хангаж, эрчимжүүлэх, шинжлэх ухаан технологийн өнөөгийн ололтуудыг сорчлон авч үйлдвэрлэлдээ шуурхай нутагшуулан нэвтрүүлж эдийн засгийнхаа бодит өсөлтийг хангаснаар ард түмний аж амьдрал дээшилнэ.
    Хөгжиж байгаа болон хөгжилтэй орнуудын ДНБ-ий өсөлтийн 70-85 хувийг мэдлэгт тулгуурласан, инновацийн технологи бүхий үйлдвэрлэлээр хангаж байна. Тухайлбал, мэдлэгт тулгуурласан иргэний нийгэм товойн гарч ирээд, тэрхүү мэдлэг нь инновацид тулгуурласан бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг олгож нийгмийн хөгжлийг тодорхойлох гол хүчин зүйл болж байна.

    Ингээд мөн нэгэн цоо шинэ соёл иргэншил үүсэн төлөвших нь. Энэ нь инновацийн соёл иргэншил гэж нэрлэгдэх боллоо. Шинэ төрлийн бүтээгдэхүүн зохион бүтээх, үйлдвэрлэлд нэвтрүүлэх хугацаа хэдэн арван жил, бүхэл зуунаар хэмжигдэж байсан бол сүүлийн үед бүр хэдхэн сараар хэмжигдэх болж байна. Хөгжил дэвшил, өсөлтийн хамгийн гол хэмжүүр үзүүлэлт нь инновацийг хэрхэн төрүүлж байгаа, бойжуулж байгаа, нутагшуулж байгаа болон үр шимийг нь хүртэж байгаа байдал юм. Электроникийн салбарт анх эхэлж хүчээ авсан инновацийн их давалгаа нь өнөөдөр программ хангамж, харилцаа холбоо, хими биологи, материал судлал зэрэг манай гаригийн үйлдвэрлэл, технологийн бүх салбарыг хамрах болжээ.
    Энд чухам инноваци гэж юу болох тухай ойлголтыг жаахан тодруулъя. Инновацийг хэд хэдэн талаас нь авч үздэг. Ерөнхийдөө эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнд бий болсон нээлт, шинэ бүтээлийг үйлдвэрлэлд бүтээгдэхүүн хэлбэрээр нэвтрүүлсэн үйл ажиллагааг хэлдэг. Инновацийн тухай ойлголт нь шинэ бүтээгдэхүүн гаргах, үйлчилгээ үзүүлэх, тэдгээрийг хэрэгжүүлэх арга, технологи, эрдэм шинжилгээний болон зохион бүтээх үйл ажиллагаа юм. Мөн тэдгээрийг зохион байгуулах, эдийн засгийн ашиг олохоор санхүүжүүлэх зэрэг хүрээг ч мөн хамруулна. Энэ дундаас инновацийн хоёр чухал онцлогийг тодорхойлбол:
    Нэгдүгээрт, бүтээлч үйл ажиллагаа, оюуны хөдөлмөрийн үр дүн.
    Хоёрдугаарт, шинэлэг зүйлийг нэвтрүүлэх үйл ажиллагаа юм.
    Сүүлийн үед инновацийн Олон улсын стандарт гэдэг ойлголт гарсан. Инновацийг бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болсон шинэ болон сайжруулсан бүтээгдэхүүн, тэдгээрийг үйлдвэрлэхэд шаардлагатай технологийн процесс хэлбэрээр илрэн гарч ирээд практикт нэвтрэн зах зээлд амжилттай борлуулж байгаа эцсийн үр дүн гэж ойлгож болох юм. Харин шинэлэг санаа, зураг схем, онолын үндэслэл зэрэг нь практикт нэвтэрч хэрэглээнд хүрээгүй л бол инноваци гэхгүй. Өөрөөр хэлбэл, сувай үнээтэй л ижил юм даа.
    Иймд инноваци нь шинжлэх ухаан, технологийн шинэлэг чанар, практикт нэвтэрсэн байдал буюу үйлдвэрлэгдэж эхэлсэн, өөрөөр хэлбэл аль нэг салбарт хэрэглэгдэж байдаг гэсэн үг.
    Тэгвэл инновацийн процесс гэдэг нь шинэлэг зүйлийг бүтээх ба дэлгэрүүлэх үйл ажиллагаа юм. Ер нь “Innovation” гэдэг англи үг нь шинэчлэл, шинийг сэдэх, шинэ санаачилга гэж ойлгогддог.
    Монгол Улсын эдийн засаг сүүлийн хэдэн жилийн дотор “Баялгийн хараал”-д ямар нэг хэмжээгээр өртөн, ганцхан хоногт олон арван сургууль, цэцэрлэг, эмнэлэг барих мөнгөө гадаадын хөрөнгө оруулагч нэртэй мөнгө хүүлэгчдэд хүү хэлбэрээр төлж байна. Энэ нь эдийн засагт ямар их дарамт үзүүлж, бүр муужруулж байгаа нь ойлгомжтой. Энгийн үгээр хэлбэл, хайртай охиноо хадамд өгөөд дараа нь өдөр болгон хурдан морио хүргэндээ барьж өгч нядлуулж байна гэсэнтэй агаар нэгэн юм.
    Манай эдийн засагт өндөр технологийн үйлдвэрлэлийн эзлэх хувь өчүүхэн байгаа нь инновацийн төвшин дэндүү доогуур байгааг бэлхнээ харуулж байгаа. Ихэвчлэн хүрзний технологи голлож, баялгийг ухаж аваад зарахыг л манай толгой бизнесмэнүүд чадаж байна. Хэсэг хугацаанд ингэж мөнгө босгож болох ч энэ нь яваандаа мөхөлд хүргэх нь дамжиггүй. Хөгжсөн орнууд нүүрснээс 500 гаруй төрлийн материал гарган авч байна. Нүүрс гэхэд 15-20 жилийн дараа хэнд ч хэрэггүй болох магадлалтай. Энэ нь эрчим хүчний цоо шинэ эх үүсвэр бий болж байгаатай холбоотой. Одоо манай улсын Шинэ технологи – Инновацийн боломж, өрсөлдөх чадварыг авч үзье.
    Саяхан эдийн засгийн өсөлт 18 хувьд хүрлээ гэж хөөрцөглөж байсансан. Савангийн хөөс мэт замхрахад манай төр засгийн газрын түшмэдүүдийн санаачлан хэрэгжүүлж ирсэн зуун ямаанд жаран ухны үлгэр болох Тахарын алба, Боомтын нэгдсэн захиргаа, Хөдөлмөр нийгэм хангамжийн хоёрын хоёр яам, төрийн албан хаагчдын тоог сүүлийн хоёрхон жилд 30000 хүнээр нэмэгдүүлсэн зэрэг эдийн засгаа сөхрүүлэх “инновациуд” илт нөлөөлсөн нь тодорхой.

    Хамгийн эмгэнэлтэй нь Монгол Улс ялангуяа сүүлийн жилүүдэд өөрийн орны оюун ухааны хүчин чадлыг эдийн засгийн, технологийн инноваци хөгжүүлэх, нутагшуулах, мэдлэг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглүүлж чадсангүй. Өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүнээр өөрийн хэрэгцээг хангаад цаашаа дэлхийн зах зээлд гарахын ганц болзол бол инновацийн төвшин гэдэгтэй одоо маргах хүн гарахгүй байх. Өөрөөр хэлбэл, хөгжлийн тулгуур нь инновацийн эдийн засаг, мэдлэгт тулгуурласан эдийн засаг байх учиртай.
    Уул уурхайг хөгжүүлэхийн хажуугаар мэдлэгийн үйлдвэрлэлийг 100 дахин хурдан хөгжүүлж чадвал сая найдвартай түргэн хөгжлийн замд орох түлхүүрийг гартаа оруулна. Энд хамгийн гол хоёр хөшүүрэг хэрэгтэй бөгөөд энэ нь инновацид зориулах төсвийн хөрөнгө, татварын бүтэц юм.
    Хүнд суртлын данхар бүтэц тэнд зарцуулж байгаа төсвийн нүсэр хөрөнгөн дотор судалгааны ажилд зарцуулж байгаа хөрөнгө үнэндээ нуудгайгаа далдлахад ч хүрэхгүй ДНБ-ий дөнгөж 0.27 хувь байна. Энэ нь Монгол Улсын эдийн засгийг “харакири” хийхэд түлхэж байна. Инноваци нэвтрүүлэлтийн төвшнөөр манай улс нэлээд сүүлийн байрт найдвартай хэвтэж байгаа нь судалгаанаас харахад тодорхой байна. Тухайлбал, чадварлаг инженерүүдийн хүрэлцээ, технологийн дэвшлийг дэмжих бодлого, дэвшилт технологийн хөрөнгө оруулалт, хууль эрх зүйн орчны дэмжлэг зэрэг үзүүлэлт дэндүү доогуур байна. Тухайлбал, Сингапур зэрэг улстай харьцуулахад 2-3 дахин доогуур байгаа бөгөөд өндөр технологийн агуулга бүхий экспортын нийт экспортод эзлэх хувь Сингапурт 45.16 хувь байхад манайд дөнгөж 0.3 хувь байна. Дээрх хүснэгтээс харахад 100000 хүнд ногдож байгаа патент мэдүүлгийн тоо Сингапурт 87 байхад манайд ердөө нэг байх жишээтэй.
    Байгалийн асар их баялагтай, 50 сая малтай, гуравхан сая хүнтэй, цунами хар салхи хэзээ ч нүүрлэхгүй Ази тивийн өндөрлөгт байрладаг орны иргэд болж төрчихөөд бид яагаад ингэж амьдрах болов оо? Яагаад хүн амын тэн хагас нь дөнгөж өл залгуулж явна вэ?
    Ганцхан шалтгаан байгаа нь биднийг удирдахаар гарч ирсэн үндэсний лидерүүд хэмээх хэсэг бүлэг хүмүүс өндөр технологи, инноваци нэвтрүүлэх ухаан, чадвар хүрэлцэхгүй, засаглалыг зөвхөн өөрсдийн халаасыг түнтийлгэх хэрэгсэл болгон ашиглаж байгаатай холбоотой. Үүний үр дүнд Монгол Улсад өнөөдөр долларын тэрбумтан хоёр, саятнууд хэдэн арваараа төрийн мөнгөөр төржээ.
    Өнгөрсөн зуунд Даймлер Бенц шинэ бүтээгдэхүүн болох автомашин үйлдвэрлэсэн бол Генри Форд технологийн инноваци нэвтрүүлсэн нь конвейрын шугам байв. Энэ нь бүтээгдэхүүнийг олноор үйлдвэрлэх боломж олгосон шинэ инноваци байсан юм. WalМart-ын сүлжээ дэлгүүр болон ах дүү МcDonalds нарын нийтийн хоолны шинэ зохион байгуулалтын инновацийг олон жилийн өмнө нэвтрүүлсэн нь өнөөдөр ч хуучраагүй байна.
    Ийм гурван төрлийн инновацид тулгуурласан эдийн засаг, нийгмийн дэвшил бүхий улс нь хөгжингүй орон гэж тооцогдож байгаа бөгөөд хөгжил дэвшил гэдэг нь товчоор инноваци нэвтрүүлж чадаж байгаагийн үзүүлэлт болжээ.
    Уг нь бидний Монгол Улс гайхамшигтай инновацийн бүтээлүүдийг түүхэндээ хэрэгжүүлж ирснийг Ил хаадын үед Персид байгуулсан өнөөгийн NASA-тай эн тэнцэх одон орны судалгааны төв, услалтын систем, дөнгөж өнөөдөр учрыг нь олж байна. Жишээ нь, композит материалаар хийгдэж байсан өндөр хурд, цохилтын хүчтэй исгэрдэг нум сум, хоорондоо өртөөний зайнд байрласан элсэн цөлийн дундахь агаараас ус ялгадаг эрчлүүрт технологийн худгууд, пуужинт технологийн эхлэл болох галт сумаар харвагч техник хэрэгслүүд, тэр үед Европ тивд ч байгаагүй эрэгтэй, эмэгтэй хүмүүс тусдаа халуун усанд орж, алжаал тайлдаг газрууд, цэвэр бохир усны системүүд, олон арван мянган цэрэг дайчдыг хооллож, ундалж чадаж байсан одоогийн Макдональдсаас дутахгүй систем, орчин үеийн интернэтийн өвөг эцэг гэгдэж байгаа шуурхай морин өртөө зэргээс харж болно.
    Хүлэг хаан баруун зүг дайлаар мордохдоо их цэргийн урд талд 20000 хүнтэй инженер, техникийн бүхэл бүтэн алба хөдөлгөж шаардлагатай гүүр, хүнсний агуулах бусад байгууламж барих, цэргийн хүнд техникийг сэлбэх, засварлах зэрэг ажлыг гүйцэтгүүлж байжээ. Германы их гүн ухаантан В.Гегель “Монголчууд хүн төрөлхтөнд оюун ухаан бэлэглэсэн юм” гэж нэгэн алдарт бүтээлдээ хэлсэн байдаг нь монголчуудын гени ямар их агуу түүхэн уламжлал, потенциалтай гэдгийг дэлхий үнэлж байсны тод гэрч мөн билээ.
    Үндэсний инженер техникийн болон эрдэмтдийн хүчийг нэгтгэн төвлөрүүлж эдийн засгийнхаа нэн тулгамдсан асуудлуудыг шийдэх хугацаатай үүрэг даалгавар өгч, зорилго тавин, шаардлагатай санхүүжилтээр хангаж чадвал манай Монгол Улс ойрын хугацаанд сэргэн босож ирэх боломжтой. Үүний нэгээхэн баталгаа нь хэдэн жилийн өмнө МОНЭЛ фирмийн инженерүүд Монголын ориг компьютер зохион бүтээж, өнгөт телевизор үйлдвэрлэж, сансрын болон биотехнологийн зориулалттай өндөр нарийвчлалтай электрон техник хэрэгсэл үйлдвэрлэн гадаад оронд нийлүүлж байсан нь Монгол Улс 2200 жилийн түүхэндээ анх удаа өндөр технологийн бүтээгдэхүүн экспортолж байсан түүх болон үлдсэн юм. Энэ инновацийн багахан үйлдвэрийг босгоход Монгол Улс нийтдээ тав орчим сая ам.доллар зарцуулсан байдаг.
    Эдийн засгаа инновацижуулж чадахгүй бол биднийг одоо нэрвэгдээд байгаа ядуугийн зовлон дээр оюун ухааны хоосрол нэрмэж Монгол Улс маань оршин тогтнох, цаашид бидний генийг, хөх толбыг өвлөн Мөнх тэнгэрийн дор түмэн жил алтан жолоог залах ирээдүй хойч маань ямархан нүүр царайтай, хэнбугай болчихсон байхыг тааварлахад үнэхээр аймшигтай.
    Хэдхэн жилийн өмнөх тоглоомын дүрэм “Инновацийг зайлшгүй тохиолдолд л нэвтрүүл” гэж байсан бол өнөөдрийн тоглоомын дүрмийг “Инноваци эсвэл сүйрэл” гэж томьёолохоос аргагүй болж байна.
    Монгол Улс өнөөдөр ямар ч үнээр гэсэн өөртөө шатахуун үйлдвэрлэдэг болох, нүүрснээсээ хамгийн наад захын бордоо, утаа багатай түлш, карбон нийлэг материал, композит материал, нэг квт нь 50 төгрөгийн үнэтэй цахилгаан эрчим хүч, мах, сүү, ноос, ноолуур, барилгын материал үйлдвэрлэхэд шаардлагатай уур зэргийг гарган авч өргөн ашиглах, нано технологи, супер компьютер, жолоочгүй онгоцны үйлдвэрлэл эзэмших зэрэг ихээхэн өргөн боломж байгааг инновацийн шугамаар нутагшуулан хэрэгжүүлж эхлэхэд 3-5 жилийн дотор л нэг хүнд ногдох ДНБ 10000 долларт хүрэх бодит боломж нээлттэй байгааг Шинэ Засгийн газрын тэргүүнийхээ анхааралд хандуулж, өөрт чинь “Инновацийн засаглал” хэрэгжүүлэх түүхэн хариуцлага тулж ирээд байгааг анхааруулаад эхний яриагаа дуусгая.
    Эцэст нь, бидний ганц тонныг нь 50 ам.доллараар зарж чадахгүй байгаа нүүрсэн дотор нэг кг нь хагас сая ам.доллараар үнэлэгддэг сансрын техник, дуунаас хурдан нисэх онгоц, усан онгоц, хурдан галт тэрэгний үйлдвэрлэлд онцгой шаардлагатай чухал нэгэн материал байж л байгаа юмсан даа.

    2015 оны 5 дугаар сарын 2.
    Улаанбаатар хот