Category: media-content

  • Дашцэрэнгийн Эрдэнэбаатар- Сэтгэл судлаач

    Сэтгэл судлаач, “Ариусахуйн ертөнц” сэтгэлзүйн төвийн сэтгэл засалч эмч, ерөнхий эмч.

    https://www.facebook.com/erden…

  • Бадамгарав ГАНГААМАА- Дэлхийн долоон ноён оргилыг эзэлсэн анхны Монгол хүн SEVEN SUMMITEER

    Марчин овогт Бадамгаравын ГАНГААМАА

    Монгол Улсын Уулын спортын Гавъяат тамирчин, ОУХМ, Дэлхийн долоон ноён оргилд гарсан анхны Монгол хүн SEVEN SUMMITEER, Дэлхийн зулай Эверест болон K2 оргилд гарсан анхны Монгол эмэгтэй. Уулын спортыг хөгжүүлэхэд үнэт хувь нэмэр оруулсан спортын зүтгэлтэн.

    “Уулчин миний мэргэжил,ажил амьдрал минь”, “Би дэлхийг хураалаа” Б.Гангаамаа

    Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн. Түүний аав З.Бадамгарав, ээж Д.Долгор нар Завхан аймгийн Их-Уул сумын Хонгор багийн хүмүүс. Аав нь айлын ганц хүү. Насаараа аж ахуйн ажил хийж сампин цохиж, тоо бодож амьдарсан нэгэн. Өнөөдөр, маргааш юу хийх бүтээхээ сампингийн эрхэнд найдаж амьдарсан хүн гэж ч болохоор алдаа гаргаж яваагүй нэгэн. Нутгийнхан Тоочин Бадамгарав гэдэг байжээ. Харин ээж нь айлаас хоёулаа аж.

    Тэрбээр анх Их-Уул сумын сургуульд элсэн орсон ч гуравдугаар ангиасаа Тосонцэнгэл суманд шилжин суралцаж тэндээ 10 дугаар анги дүүргэсэн байна. Тэгээд ЗХУ-д нийгмийн ухааны чиглэлээр суралцахаар конкурст орсон ч яг урдуураа улаан шугам татуулжээ. Дараа жил нь конкурст даагаа нэхэх боломж байсан ч хоёр салаа зам Гангаамаагийн өмнө байв. Нэг нь конкурст орох, нөгөө нь уулын спортыг сонгож Хархираагийн оргилд авирах. Тэгээд л Гангаамаа уулчин болох замыг сонгожээ. Аравдугаар ангид байхдаа уулчдын дунд багтан явж нутгийнхаа шүтээн уул Отгонтэнгэрт авчирсан нь энд нөлөөлжээ. 1989 онд Хангай нурууны ноён оргил Отгонтэнгэр ууланд болсон Монголын уулчдын цугларалт, авиралтад оролцож оргилд гарснаар уулын спортод анх хөл тавьж байсан.

    2006 оны Эверестийн оргилд гарах багийг анх зохион байгуулан удирдсанаар өндөр уулын авиралт удирдах, хөтөч хийх гараагаа эхэлж байсан.

    Тэр айлын 11 хүүхдийн долоо дахь нь юм. Дөрвөн ах, хоёр эгчтэй, нэг эрэгтэй, гурван эмэгтэй дүүтэй.  Эр хүн шиг эрэлхэг, зориг тэвчээртэй занг эмэг эхээсээ олж авсан гэж ярьдаг. Түүний аав Бадамгарав гуай 11 хүүхдийнхээ хоёрыг нь өөрийн ээжийн гар дээр өсгөсөн. Түүний нэг нь Гангаамаа аж. Эмэг эх Нанзад нь залуудаа ихээхэн зовлон үзсэн болоод ч тэрүү чанга хатуу гэхдээ их ухаалаг хүн байсан гэдэг.

    Тэрбээр Анагаах ухааны дунд сургуульд суралцаж микробиологич мэргэжил эзэмшсэн бөгөөд  Орхон аймгийн мэргэжлийн хяналтын газар есөн жил ажилласан байна. Түүнчлэн 2017 оны хавар МУБИС-ийг дасгалжуулагч мэргэжлээр төгсчээ.

    2010 онд Европ тивийн ноён оргил Эльбрус /5642 м/ 
    2011 онд Ази тивийн ноён оргил Эверест /8848 м/
    2012 онд Африк тивийн ноён оргил Килиманжаро /5895 м/
    2015 онд Хойд Америкийн ноён оргил Денали /6194 м/
    2016 онд Өмнөд Америк тивийн ноён оргил Аконкагуа /6962 м/
    2016 онд Австрали тивийн ноён оргил Карстенс /4884 м/
    2016 онд Антарктид тивийн ноён оргил Винсон массив/4897м/
    2018 он долдугаар сарын 23 нд Чогори /К2-8611 м/-т тус тус гарсан юм. Тэрбээр Дэлхийн долоон тивийн ноён оргилд гарсан анхны монгол хүн. Харин Дэлхийн хамгийн өндөр Эверест /8848 м/ оргилд гарсан хоёр дахь Монгол хүн буюу анхны эмэгтэй хүн болсон.

    Монгол Улсын ноён оргил Алтай таван богдын Хүйтэн ууланд 1998 онд анхны авиралтыг хийсэн. Тэрбээр эх орныхоо ноён оргилд хамгийн олон гарсан хүн билээ. Тус оргил уруу 34 удаа авиралт хийснээс долоо нь амжилтгүй болсон. Харин Очирваань хайрхан уруу таван удаа гарчээ.

    К2 уулын оргилд  Гангаамаатай хамт нийт 31 уулчин нэг дор хамт гарсан нь нэг ёсны рекорд амжилт аж. К2 нь хамгийн хүнд бөгөөд хамгийн аюултай уулын нэгд зүй ёсоор тооцогддог бөгөөд Италийн уулчид Ахиль Компаноьори (Achille Compagnoni) ба Лино Ласедели (Lino Lacedelli) нар анх 1954 онд K2 уулын оргилд хөл тавьснаас хойш 337 уулчин тус оргилд гараад байна гэсэн бүртгэл байдаг бөгөөд энэ хугаацаанд 84 уулчин авиралт хийж байгаад амь насаа алдсан байдаг.

    https://www.facebook.com/gangaamaa.badamgarav.1

  • Хандсүрэнгийн ХАТАНБААТАР- Оюуны спортыг Монгол улсад хөгжүүлэгч

    Монголын Оюун Ухааны Академийг үүсгэн байгуулагч, оюун ухааны спортын ОУ-ын шүүгч, Боловсролын тэргүүний ажилтан.

    Хатанбаатар нь 1982 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод Хандсүрэнгийн том хүү болон мэндэлсэн. Ээж Цэцэгмаа нь эмч мэргэжилтэй. Нэг эмэгтэй дүүтэй. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын 10 жилийн сургуульд 8-р анги төгсөтлөө сурч байгаад Дархан-Уул аймгийн Монгол-Туркийн хамтарсан дунд сургуульд суралцаж 2000 онд төгсөөд МУИС-ийн улс төр судлалын ангид элсэн орж хоёр жил суралцаж байгаад засгийн газар хоорондын тэтгэлгээр 2002-2008 онд  Турк улсын Газ Их Сургуульд эрх зүйч мэргэжлээр сурч төгсөн, 2008-2009 онд Турк улсын Анкара их сургуульд Хууль зүйн магистр хамгаалсан. Эрхзүйч мэргэжилтэй. 
    Турк улсад суралцаж байх хугацаандаа буюу 2007 оноос ой тогтоолт хөгжүүлэх талаарх мэдээллийг сонирхон судалж, өөрийн хичээл ном, амьдралдаа хэрэглэж эхэлснээр одоогийн Оюун ухааны академийг үүсгэн байгуулах эхлэл нь тавигдсан байна. Тэрээр 2009 онд сургуулиа төгсөж ирмэгцээ өөрийн судалж суралцсан ой тогтоолт хөгжүүлэх мэдлэг дээрээ тулгуурлан Монголын Оюун Ухааны академийг үүсгэн байгуулсан. Уг академи нь анх 2009 оны 10 сард “Оюуны хөгжил-Оюуны спортын төв” нэртэйгээр үүсгэн байгуулагдаж улмаар 2010 оны 9 сард академи болон өргөжиж нэрээ өөрчилсөн байна. Тус байгууллага нь үйл ажиллагааныхаа хүрээнд хувь хүний хөгжил тал дээр илүү анхаарч, хувьсан өөрчлөгдөж буй өөрчлөлтийн шинэ эрин зуунд дасан зохицож, манлайлах чадвар бүхий иргэдийг бэлтгэх үүднээс оюуны хөгжил, оюуны спортын олон талт сургалт, судалгааг түлхүү явуулдаг. Үүнд: Ой тогтоолт хөгжүүлэх аргачлалын цогц сургалт, цээжээр тоо бодох аргачлалын цогц сургалт, хурдан уншлага, рубик шоо, судоку, соробан сампин, англи хэлний өргөн хэрэглээний 2500 үг цээжлэх мөн оюуны зураглал гэх мэт олон төрлийн сургалт явуулдаг байна.

    Х.Хатанбаатар нь Турк улсын Гази их сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгссөн. Нийтийн удирдлагын магистр зэрэгтэй. Тэрээр 2006 оноос хурдан уншлага, ой тогтоолт, цээж бодолт зэрэг оюуны спортын олон төрлөөр хичээллэж олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байсан Монголын анхны тамирчин юм.

    2008 онд Турк улсын хурдан уншлагын аварга шалгаруулах анхны тэмцээндээ оролцож мөнгөн медалийн эзэн болсноос хойш оюуны спортын тэмцээнүүдээс нийт 12 медаль хүртжээ. Түүний гаргасан томоохон амжилтаас нь дурдвал 2011 оны Ой тогтоолтын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож мөнгөн медалийн болзол хангасан юм.

    Х.Хатанбаатар нь Монгол хүний оюуны потенциалыг дэлхийд таниулах хүсэл мөрөөдөлтэйгөөр академиа 2010 онд байгуулсан ба өнөөдөр гар нийлсэн хамт олны хичээл зүтгэл, мэриймтгий суралцагчид болон тэдний гэр бүлийн дэмжлэгээр Монгол Улс оюуны спортын зарим төрлөөр дэлхийд чанараараа нэгдүгээрт бичигдэж эх орноо олон улсад амжилттайгаар сурталчилсаар байна.

    Гаргасан амжилтууд
    • 2008 оны Турк улсын “Ой Тогтоолт болон Түргэн Уншлагын Аварга Шалгаруулах Тэмцээн”-д мөнгөн медаль
    • 2008 оны Цээж бодолтын ДАШТэмцээнд 8-р байр
    • 2010 оны Цээж бодолтын ДАШТэмцээнд 11-р байр
    • 2011 оны 20 дахь удаагийн дэлхийн аваргын ой тогтоолтын тэмцээнд “Хөзрийн дараалал цээжлэх” төрөлд 4-р байр, “Дуут цифр”-ийн төрөлд 7-р байр
    • 2012 оны 9-р сарын 30-наас 10-р сарын 1-ний  хооронд ХБНГУ-ын Гизен хотод “Цээж бодолт”-ын Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээнд 6-р байр
    • “MEMORIAD 2012” Оюуны олимпийн “Нэр зүс, царай цээжлэх” төрөлд 8-р байр
    • 2012 оны Спортын салбарын оны шилдэг “Алтан сарнай-2012”-ын эзэн
    • “MEMORIAD 2013” тэмцээний “Нэр зүс, царай цээжлэх” төрөлд 5-р байр
    • Турк улсад зохион байгуулагдсан “Хөзөр цээжлэх” төрөлд 5-р байр
    • Турк улсад зохион байгуулагдсан “Фото уншлага” төрөлд мөнгөн медаль

    Монголын Оюун Ухааны Академи

    Монгол эх орны маань ирээдүй болсон хүүхэд бүр оюунлаг, ёс суртахуунтай, эх оронч, бүтээлч сэтгэлгээтэй болж төлөвшинө гэдэгт Монголын Оюун Ухааны Академийн хамт олон бид бат итгэлтэй байдаг. Тиймээс Монгол хүний оюуны чадамжийг хөгжүүлэх замаар Монгол улсын хөгжил дэвшилд иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, оюуны спортыг эх орондоо хөгжүүлж дэлхийд үнэлэгдэх оюуны спортын тамирчдыг бэлтгэнэ гэсэн эрхэм зорилготойгоор 2010 оноос эрчимтэй үйл ажиллагаагаа явуулсаар ирлээ.

    Сургалтыг мэргэжлийн өндөр чадвартай, мэдлэгээ бусдад хуваалцах мэдрэмжтэй шилдэг залуу багш нараар шинжлэх ухааны үндэслэлтэй, онол практикийг хослуулсан суралцагч төвтэй сургалтыг чанарын өндөр түвшинд зохион байгуулж оюуны онцгой чадваруудыг эзэмшүүлж байна. 

    Бид эрхэм зорилгынхоо хүрээнд дотооддоо оюуны спортын 94 тэмцээнийг амжилттай зохион байгуулж давтагдсан тоогоор 11,000 гаруй тамирчдыг хамруулан Америк, Англи, Герман, Хятад, Хонг Конг, Тайван, Малайз, Турк, Энэтхэг, Филиппин, Швед, Сингапур, Австри, Япон, Солонгос, Казакстан, Киргиз, Индонези зэрэг дэлхийн 20 гаруй улсад зохиогдсон 55 тэмцээнд тамирчдаа бэлтгэн оролцуулж ой тогтоолт, цээж бодолт, рубик шоо, хурдан уншлага, спорт өрөлтөөр олон улсын, дэлхийн, оюуны олимп зэрэг томоохон тэмцээний аваргуудтай болж нийтдээ 78 цом, 1004 медалийг хүртэн эх орноо олон улсад амжилттай сурталчлан оюуны спортын дэлхийн чансаанд Монголын баг тамирчид тэргүүлсээр байна. Тухайлбал, дэлхийн ой тогтоолтын спортын нас насны ангилалын 54 дээд амжилтын 30-ыг нь манай тамирчид эзэмшиж байна. Мөн 2018 оны Геннисийн номонд 3 тамирчин маань бүртгэгдээд байгаа бөгөөд Саяхан Индонези улсын Бали аралд зохион байгуулагдсан Ази тивийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд манай баг тамирчид Ази тивийн 3 дахь удаагийн аварга болж чадсан бахархам амжилтуудыг нэрлэмээр байна.

    Ярилцлага унших
    https://mastermind.mn/

  • Дашзэвэгийн ГАНХУЯГ (Судлаач Ганаа)- Социологич, системийн шинжээч

    Эдийн засаг, улс төр, нийгмийн болон бусад шинжлэх ухааны салбарыг хамарсан системийн шинжилгээ хийдэг судлаач

    1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

    https://ganaa.mn/

  • ​Сүхээгийн АЛДАРХИШИГ- Экстрим аялал хөгжүүлэгч

    Экстрим аялал хөгжүүлэгч

    Экстрим аяллын Алдараа гэдэг нэрээрээ аялал сонирхогчдын дунд танигдсан тэрээр 1999 онд аялал жуулчлалын салбарт орж ирснээс хойш өнөөг хүртэл тасралтгүй ажиллаж байна.

    Монголын адал явдалт аяллын бүтээгдэхүүнийг бий болгох, хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан. Уулын аялал, өндөр уулын явган аялал, уулын дугуйн аяллын бүтээгдэхүүний судалгааг өөрийн биеэр газар орон дээр нь хийж, зам маршрутыг бий болгон дэлхийн адал явдалт аялал сонирхогчдод танилцуулах ажлыг хийж ирсэн. Ялангуяа Монголын цаст оргилуудыг гадаадын уулчидад таниулж эдийн засгийн эргэлтэнд оруулах тал дээр ажиллан Монголын цаст оргилд авирах аяллыг зохион байгуулж ирсэн. Энэхүү бизнесийн үр өгөөж нь нутгийн иргэдийн амжиргаанд тодорхой эерэг нөлөөлөл үзүүлж байна. Сүүлийн жилүүдэд Монгол хүн гараагүй цаст оргилуудыг судлан авирах зам маршрут бий болгох тал дээр ажиллаж байна.

    MONGOLIA BIKE CHALLENGE олон улсын дугуйн уралдааныг зохион байгуулахад үнэт хувь нэмэр оруулж Монгол улсыг дэлхийн дугуйчдад танилцуулсан бөгөөд энэ уралдааны нөлөөгөөр Монгол орноор аялах дугуйчдын тоо өсч байна. Тус уралдаан ирэх жил 7 дахь удаагаа Монгол улсад зохион байгуулагдана.
    ICE CHALLENGE MONGOLIA мөсөнд авиралтын арга хэмжээг санаачлан зохион байгуулж хүүхэд залуусыг энэ спортод сонирхолтой болгох тал дээр ажиллаж байна.

    Өвлийн аяллыг Монголдоо хөгжүүлэхийн тулд сүүлийн 7 жил өвлийн дугуйн аяллуудыг зохион байгуулж байна. Хөвсгөл нуурын мөсөн замаар Ханх- Хатгал гэсэн маршрутаар өвлийн дугуйн аяллыг анх зохион байгуулсан.
    Монголчуудыг Монголдоо аялахад туслах зорилгоор 21 аймгийн хөтөч дотоод аялал жуулчлалын цуврал номнууд дээр ажиллаж байна. Өөрийн блогоороо дамжуулж монгол аялагчиддаа мэдээлэл хуваалцахын тулд http://mongoliaexpeditions.blogspot.com ажиллуулж түүн дээрээ аяллын тэмдэглэлээ хөтөлдөг.

    Адал явдалт, экстрим аялал хөгжүүлэх хүсэлтэй энэ чиглэлд мэргэших сонирхолтой залуусд зааж сургаж хамтран ажиллах боломжтой. Мөн Монгол орноороо аялах тэр дундаа ууланд дугуйгаар аялах сонирхолтой хүмүүст мэргэжлийн зөвлөгөө өгч хамтран ажиллах боломжтой.

    https://www.facebook.com/aldarkhishig.suhee

    Ярилцлага унших

  • Өлзийхишигийн ОРГИЛБОЛД- Ясан сийлбэрчин


    Ясан сийлбэрч

    1992 оны 7 сарын 11-нд Увс аймгийн Улаангом хотод төрсөн. ШУТИС Үйлдвэрлэлийн технологийн сургуульд Интерьер дизайны мэргэжлээр сурдаг. Ясан сийлбэр хийж эхлээд 7 жил болж байна. Дүү Ө.Бат-Оргилын хамт уран бүтээлээ хийдэг. Үхэр, тэмээ, чоно, зааны яс, буга, аргал, янгирын байгалийн жамаар унасан ясан эвэрээр зүүлт чимэглэл, сийлбэр, шатар, морин хуур, интерьер чимэглэлийн бүтээл урладаг. 2016 оны хавар бие даасан үзэсгэлэнгээ гаргах төлөвлөгөөтэй хөдөлмөрлөж байна. Ясан урлал нь натурал, байгальлаг мэдрэмжийг хүнд өгөхөөс гадна үе дамжуулан өвлүүлэн нандигнадаг эдэлгээтэй бүтээл болдог. Мөн байгальд ээлтэй урлал юм. Эртний өвөг Монгол, Хүннүгийн үеэс үүсэлтэй ясан урлал өв соёлоо хойч үеийнхэндээ уламжлуулж дэлхий дахинд таниулах зорилготой.

    https://www.facebook.com/Ясан-…

  • Чулуунбатын ГАНБОЛД- Дэлхийн аварга график дизайнер


    График дизайнер

    Дүрслэх урлагийн дээд сургуульд график дизайнер, СУИС-д хувцас дизайнерээр тус тус суралцаж төгсөөд АНУ-ын Cuyahoga falls-ийн урлаг дизайны сургууль, Kent State- ийн их сургуульд компьютер график дизайн болон 3D animator инженерээр сурч 2006 онд амжилттай төгссөн.

    Сургуулиа төгсөөд АНУ-ын Digital Day Greative группт аниматороор ажиллаж байхдаа CNN, CNBC зэрэг мэдээллийн компанийн реклам сурталчилгааг бүтээжээ. Ганболдын бүтээсэн SMACKER’S, Pillsbury, JIF зэрэг компанийн реклам Yahoo-д тавигддаг байсан тул Yahoo-гийн сурталчилгааны албаныханы анхааралд өртөж түүнд ажлын санал тавьсан байна. Ингээд YАHOO! Inc группийн салбар компаний реклам сурталчилгааны албанд нь хөдөлгөөнт баннер сурталчилгааны ажил хийж байсан.

    2011 онд Adobe компаниас зохион байгуулдаг Guru Awards тэмцээнд оролцож гранпри шагнал хүртсэн. Улмаар 2012 оноос Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сурталчилгааны албанд ажиллах санал ирж, Ерөнхийлөгчийн сонгуулийн компанит ажилд ажилласан бөгөөд одоогоор энэ албандаа ажиллаж байна.

    Түүний ур ухаанаа шингээн хийсэн олон веб сайт интернэт ертөнцөд Монгол гэдэг өнгө төрхийг нэр төртэй төлөөлдөг. Түүнээс гадна АНУ-д бизнес хийдэг монголчуудынхаа реклам сурталчилгаа, вэб дизайн, график дизайны ажлуудыг нь хийж хамтран ажилладаг.

    http://ganbold.com/

    Ярилцлага унших

  • Гомбосүрэнгийн МЭНД-ООЁО- Зохиолч (Дэлхийн яруу найргийн хаан)


    Зохиолч, нийгэм, соёлын нэрт зүтгэлтэн

    Сүхбаатар аймгийн Дарьганга суманд 1952 онд мэндэлсэн. 1978 онд Улсын Багшийн Дээд Сургуулийг төгсөж, 1996 онд СУИС-д магистрын зэрэг хамгаалсан. 2002 онд Дэлхийн Урлаг Соёлын Академиас (АНУ) Утга зохиолын доктор цол хүртсэн.

    1970 оноос ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж, дунд сургуульд багш, Монголын радиогийн сурвалжлагч, уран зохиолын редактор, Монгол телевизийн ерөнхий редактор, Монголын Соёлын Сангийн гүйцэтгэх захирал, дэд ерөнхийлөгч болон ерөнхийлөгч, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Соёл, урлагийн газрын дарга зэрэг албыг хашиж байсан. Одоо Монголын Соёл, яруу найргийн Академийн Ерөнхийлөгчөөр ажиллаж, Дэлхийн Урлаг соёлын Академийн байнгын гишүүн, Дэлхийн Яруу найрагчдын их хурлын дэд ерөнхийлөгчийн сонгуульт албыг хашиж байна.

    “Гэгээнтэн”, “Шилийн богд” роман, “Алтан Овоо” шастир, “Тэнгэрийн хаяанаас нүүдэлчин айсуй”, “Гэрэлтэх агшин бүр”, “Он цагийн хүрд”, “Хуучин сүмийн дээгүүр саран мандах цаг дор”, “Чам руу би явж байна”, “Утгын болор сүм” зэрэг яруу найраг, хүүрнэл зохиолын 50 гаруй бүтээлээрээ хүмүүний оршихуйн гэгээн тунгалгийг илэрхийлэн, утга төгөлдөр, уян зөөлөн ертөнцийг уншигч олноо нээж, үндэсний утга зохиолын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан төдийгүй дэлхийн яруу найргийн сан хөмрөгийг монгол уран сэтгэмж, намуун зөөлөн ай, гүн ухаанаар баяжуулан эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн эрхэм болно. Түүний бүтээлүүд англи, орос, хятад, франц, герман, грек, япон, хинди, мажар, бенгал, тамил, солонгос зэрэг 50 гаруй хэлээр орчуулагдан олон орны уншигчдын хүртээл болжээ.

    Тэрээр 1990-1996 онд тусгаар тогтнол, ард түмний билгийн мэлмийг нээгдүүлэх, үндэсний өв соёлоо сэргээн мандуулахын бэлгэдэл болох ”Мэгжид Жанрайсиг” хөтөлбөрийг санаачилж, бүтээн залах үйлсийг удирдагчдын нэг байв. Түүний санаачлагаар Монгол орны өргөн уудам нутагт тархан оршсон түүх, соёлын дурсгалыг судлан сурталчлах, сэргээн хамгаалах чиглэл бүхий “Монгол сувдан сондор” соёл, эрдэм шинжилгээний аяллыг 11 удаа зохион байгуулж, олон мянган км замыг туулан эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг өрнүүлж, соёл, эрдэм шинжилгээний үлэмж сан, хөмрөгийг бүрдүүлэн Монголын түүх, соёл, эрдэм шинжилгээний ач холбогдол бүхий хүн чулуун дурсгал, хадны зураг зэрэг олон шинэ дурсгалыг илрүүлэн мэдээллийн сан хөмрөгийг баяжуулан бүрдүүлсэн билээ.

    Г.Мэнд-Ооёо дэлхийн томоохон их сургуулиуд болох АНУ-ын Стэнфорд, Калифорниа Берклей, Японы Киорицу, Унгарын Будапештийн их сургууль, Италийн Умбриа зэрэг олон сургуульд Монголын өв соёл, язгуур мэдлэг ухааны лекц илтгэлүүдийг уншин сонордуулсан байна. Мөн олон улсын яруу найргийн “Пен” клубын шагналтан билээ. Тэрээр Дэлхийн Урлаг соёлын академийн “Гарамгай яруу найраг бүтээсний төлөө” хэмээх эрхэм хүндтэй шагналыг 2005 онд хүртсэн байна. Мөн Энэтхэгийн Олон улсын яруу найргийн Академийн шагнал, Солонгосын Ханчон Соёлын Академийн дээд шагнал, Грекийн Зохиолчдын олон улсын нийгэмлэгийн шагнал болоод Дэлхийн Энх тайвны утга зохиолын Алтан медаль тус тус хүртжээ. 2009 онд Унгарын Будапешт хотноо явагдсан дэлхийн яруу найргийн наадамд оролцож хамгийн дээд шагнал болох ПОЭТ ЛАУРЕАТЕ /Poet Laureate/ цол хүртэж, Алтан титмийн эзэн болж байсан. Мөн 2014 онд болсон Дэлхийн Яруу найргийн их наадмаас Тэргүүн шагналыг хүртсэн байна.

    Г.Мэнд-Ооёогийн Монголын түүх, соёлын өвийг хамгаалах, сэргээх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, 1996 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнасан. Тэрээр Монголын болон дэлхийн утга зохиолын ертөнцөд гарамгай зохиолч, яруу найрагч гэдгээрээ хүлээн зөвшөөрөгдөж хүндэтгэл хүлээсэн нийгэм, соёлын нэрт зүтгэлтэн юм.

    НОМ БҮТЭЭЛ

    Бодлын шувуу. Шүлгийн түүвэр, УБ 1980

    Жиргээ хөөрхөн шувуухай. Сургуулийн өмнөх насныханд. Шүлгүүд УБ 1980

    Уулнаас өндөр тэмээ. Сургуулийн бага насныханд. УБ 1983

    Өлзий утас. Шүлэг, найраглал, дууль. УБ 1984

    Хуурын магнай. Шүлэг найраглал. УБ. 1990

    Алтан Овоо. УБ 1993, 2002, 2007, 2010 удаа хэвлэсэн

    Билгийн мэлмий нээгч. Түүх нийтлэл, бясалгалын хөлгөн судар. УБ 1997

    Утгын болор сүм. Шүлэг найраглал. УБ 1997

    Найман шаргын туурь. УБ 2000

    I am coming to you. Poems in English and Mongolian, Russian, Japanese, French and Hindi. Published in Mongolia. 2000

    Тэнгэрийн хаяанаас нүүдэлчин айсуй. Яруу найраг. УБ 2002

    I am coming to you II. Ulaanbaatar 2002.

    Морин хуурын судар. /крилл, хуучин монгол бичгээр/ УБ 2002

    Морин хуурын зохионгуй. УБ 2002.

    Nomads are coming from the horizon. Poems in English, Russian, Chinese, Japanese. Ulaabaatar 2003.

    Дарьгангын хөх шастир. /Товчилт, ойллого, туурь, эсээ, нийтлэл, тэмдэглэл, судар шастирын чуулга/ УБ 2004. 128 хх

    All Shining Moments. /Poems in English. Translated by Sh.Tsog/ Ulaanbaatar 2005

    Морин хуурын домог. УБ 2005

    The Legend of the Horse-head fiddle. Ulaanbaatar. 2005

    The Tale of the Travelling Star /Mongolian, English. Translated by S.Sumiya/ Ulaanbaatar 2005.

    All Shining Moments. /English and Japanese. Translated by Kae Morii/ Tokyo 2005

    All Shining Moments. /Published by Joy Rainey King/ USA 2006.

    The Echo of Humanism. /Tamil and English. Translated by Va.Mu.Sethuraman/ India 2006.

    POEMS. /English and Bangladesh. Translated by Aminur Rahman/Dhaka and London 2006.

    Infinite Glare. /Монгол, англи, хятад хэлээр/ эрхлэн хэвлүүлсэн

    POEM CULTURE CORP. ТайванУлс 2006.

    Nomadic Lyrics (Нүүдэлчний найраг) англи хэлээр.

    translated by Simon Wickham-Smith. Ulaanbaatar 2007

    Golden Hill translated by Simon Wickham-Smith. Ulaanbaatar 2007

    “Яруу найраг – шидэт долгион” I , Улаанбаатар 2007

    “Яруу найраг – шидэт долгион” II, Улаанбаатар 2007

    “Алтан Овооны Алтан шастир”, Улаанбаатар 2008

    “Nomadic Lyrics” translated and published by Trajan Petrovsky, Skope, Makedonia, 2009

    “Дарьганга ардын аман зохиол” Г.Ловорын хамт, Улаанбаатар 2008

    “Хэсэг цагаан манан” яруу найргийн ном, УБ 2010

    “Гэрэлтэх агшин бүр” яруу найргийн ном УБ 2010

    A Patch of White Mist /Англи хэлнээ, яруу найргийн шинэ түүвэр/ 2010

    Parole Nomade /яруу найргийн түүвэр францаар/ 2010

    Quickwit the Camel /хүүрнэл яруу найргийн бүтээлүүд/ 2010

    “I am coming to you – 30 languages” /Чам руу би явж байна шүлэг дэлхийн 30 хэлнээ/ УБ 2011

    “Гэгээнтэн” роман УБ 2012

    “Altan Ovoo” англи хэлнээ хоёр дахь хэвлэл, 2012

    https://www.facebook.com/mendooyo

  • БҮТЭЭЛЧ МОНГОЛ буюу МОНГОЛ ХҮНИЙ ДАВУУ ТАЛ, ЗАЛУУС БИДНИЙ БОЛОМЖийн тухайд лекц​энд урьж байна

    Бүтээлч Монгол нэгдлийг санаачлагч
    Ж.ЛУВСАНДОРЖийн
    Байгууллага хамт олонд сэдэл, урам зориг,
    Бизнес хайж байгаа залуусд шинэ санаа өгөх
    Оюутан сурагчидад өөрийгөө таних мэдэхэд туслах, БҮТЭЭЛЧ МОНГОЛ буюу МОНГОЛ ХҮНИЙ ДАВУУ ТАЛ, ЗАЛУУС БИДНИЙ БОЛОМЖийн тухайд лекцэнд урьж байна.
    (ТӨЛБӨРГҮЙ)

    Хэзээ: 11-р сарын 29-ны 11:00 цагаас
    Хаана: Тусгаар тогтнолын ордон, 3давхар Бага танхим

  • Монгол залуусын бүтээсэн “Ухаалаг гэрэл” японруу экспортлогдож байна

    Монголчуудын өдөр тутмын хэрэглээний нэг нь яалт ч үгүй гар утас болжээ. Интернэт, гар утастай байхад хаанаас ч хүссэн мэдээллээ авах боломжтой. Тэгвэл гар утсаа удирдлага болгох боломжтой бүтээлийг монгол залуус хийжээ. Тэд бүтээлээ “Ухаалаг гэрэл” гэж нэрлэсэн байна. Тэдний хийсэн бүтээлээр интернэт, “Wi-Fi”, bluetooth ашиглаж гар утаснаасаа гэрлээ асааж, унтраах боломжтой юм. Тодруулбал, гэрээсээ гарахдаа гэрлээ унтраахаа мартсан бол интернэт, “Wi-Fi”-аа ашиглаж гар утаснаасаа гэрлээ унтрааж удирдах боломжтой программыг монгол залуус зохион бүтээжээ. Ингээд “Ухаалаг гэрэл”-ийг зохион бүтээсэн “General smart” компанийн гүйцэтгэх захирал, МУИС-ийн магистрант Д.Амартүвшинтэй ярилцлаа.

    -Ухаалаг гэрэл бүтээх санаагаа хэрхэн гаргаж байсан бэ. Бүтээгдэхүүнээ хийхэд хэр их хугацаа зарцуулсан?

    -Манай багийнхан бүгд технологийн чиглэлээр сурсан, сурч байгаа залуус байдаг. Бид орчин үеийн технологийн шинэ шийдлийг ашиглаж гар утас, таблетнаасаа гэрийнхээ цахилгаан төхөөрөмжүүдийг удирдаж болох юм байна гэдэг санааг 2013 онд гаргаж, судалж ирсэн. “Ухаалаг гэрэл” бүтээгдэхүүнийг хийхээс өмнө “Ухаалаг гэр” бүтээлийг гаргасан. Өнгөрсөн онд би Бээжинд технологийн чиглэлээр сургалтад суух хугацаандаа тус улсын технологийн үйлдвэрүүдтэй танилцсаны дараа “Ухаалаг гэрэл” бүтээгдэхүүнээ хийх боломжтой гэдэг санаагаа илүү баталгаажуулсан. Бээжинд суралцах хугацаанд Ухаалаг гэрэл бүтээгдэхүүнийхээ “hardware” болон “software” программыг хөгжүүлж эхэлсэн. Энэ оны эхээр Монголдоо ирээд нэг сарын хугацаанд программаа улам сайжруулсан. Манай багийнхан БНСУ-ын Ногоон хөгжлийн сангийн санхүүжилттэй, Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр Стартал Монголиа ТББ, Интерньюс ОУ-ын ТББ-аас хамтран хэрэгжүүлж буй санаачлагын хүрээнд Улаанбаатар хотод тулгамдаж буй ногоон хөгжлийн асуудлуудыг илрүүлэх, залуучуудын шинэ санал, санаачлагыг дэмжих, тэдгээр асуудлуудыг шийдвэрлэх, уламжлалт бус технологийн шийдлүүдийг боловсруулах, цаашид урт хугацаанд үргэлжлэх, бизнес болгон хувиргахад чиглэсэн төрөл бүрийн арга хэмжээнүүд зохион байгуулах зорилготой “Хуучин асуудлыг шинэ шийдлээр” уриатай Code for Green UB тэмцээнд амжилттай оролцож эхнийшилдэг 3-н байранд шалгарсан. Мөн энэхүү тэмцээнийхээ хажуугаар хөгжүүлсэн бүтээгдхүүнээрээ Япон улсаас зохион байгуулагддаг технологи программ хангамж хөгжүүлдэг олон улсын тэмцээнд оролцож тэргүүн байрын шагнал авсан. Японы талаас биднийг технологио цааш хөгжүүлж ажиллах санал тавьсан. Бидний бүтээсэн ухаалаг гэрэлнээс эхний ээлжинд 1000 ширхэгийг авах хүсэлтэй байна гэдгээ илэрхийлсэн. Бидний хувьд дөнгөж бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, бизнес маань эхэлж байгаа учраас сарын хугацаанд 1000-ыг нийлүүлэх боломжгүй байсан. Одоо бага багаар нийлүүлж байна. Өнгөрсөн тавдугаар сард эхний 200 ширхэг гэрлээ Япон руу экспортонд гаргасан.

    -Японууд та хэдийн бүтээлийг хэрхэн хүлээж авсан бэ. Чанарын хувьд ямар үнэлгээ тавьсан бэ?

    -Бидний бүтээлийг нааштайгаар хүлээн авсан. Ер нь маш их сонирхож байгаагаа илэрхийлсэн. Учир нь Японд бидний гаргасан шиг гар утаснаасаа гэр, байгууллагынхаа гэрлийг удирдах шинэ бүтээгдэхүүн гараагүй байгаа юм. Тиймээс их сонирхож байгаагаа хэлсэн. Саяхан Codefor green UB төслийн хүрээнд Солонгос улс руу бизнес аялалаар явахдаа бүтээгдэхүүнээ танилцуулаад ирсэн. Солонгост мөн энэ чиглэлийн санааг хараахан гаргаагүй байгаа.

    -Албан байгууллага, айл өрхүүдэд удирдлагатай гэрэл гэж байдаг ш дээ. Удирдлагаараа гэрлээ унтрааж, асаадаг. Энэ шийдлээс юугаараа онцлог вэ?

    -Удирдлагатай гэрлийг тодорхой хэмжээний радио давтамжийн хүрээнд асааж унтраана. Телевизорын удирдлагатай адил зүйл л дээ. Сүүлийн үед гар утасны олон аппликейшн шинээр бий болж байна. Хүний зайлшгүй нэг хэрэглээ нь гар утас учраас бусад хэрэглээгээ гар утаснаас удирдах боломжтой гэдгийг энэ бүтээгдэхүүнээрээ гаргаж ирж байна. Нөгөө талаар хүний үйл ажиллагааг улам л хөнгөвчилж байгаа нэг хэлбэр л дээ. Тухайн хүн заавал босч гэрлээ унтраахгүйгээр утаснаасаа асааж, унтраах боломжтой. Хүний үйл ажиллагаа илүү хөнгөвчилсөн бүтээгдэхүүнийг сүүлийн үед ухаалаг хэрэглээ гэж нэрлэдэг болсон. Тиймээс л “Ухаалаг гэрэл” гэж нэрлэсэн. Эхний ээлжинд гар утаснаасаа удирдах программыг хийсэн бол одоо бид гар утасныхаа “Bluetooth”-ээр холбогдож гэрлээ асааж, унтраадаг эрчим хүчний хэмнэлттэй технологийг ашиглах төхөөрөмжийг суурилуулж байна. Одоо “Wi-Fi” ашиглаж гэрлээ унтрааж, асаадаг болгох ажилдаа орсон.

    -Иргэд гадуур явж байгаад гэнэт гэрлээ унтраагаагүй явснаа санавал “Wi-Fi”-тай газар ороод л утаснаасаа унтрааж болно гэсэн үг үү?

    -Тэгнэ. Интернэттэй нөхцөлд гэрлээ хаанаас ч унтрааж, асааж болно.

    -Интернэт цахим ертөнц хөгжсөн үед маш шинэлэг санагдаж байна. Гэхдээ та нарын бүтээсэн гэрлийг Монголд яг одоо ашиглаж байна уу?

    -Дотоодод хараахан борлуулж эхлээгүй байгаа. Бүтээгдэхүүнээ зах зээлд гаргахаас өмнө судалгаа хийсэн. Одоогийн байдлаар бидний бүтээгдэхүүнийг авахаар Монголын хоёр “кофе шоп” захиалгаа өгөөд байгаа. Ер нь кофе шоп, ресторан, паб зэрэг газар олон гэрлийг нэг удирдлагын төхөөрөмж эсвэл таблетаас зэрэг удирдах боломжтой тийм технологиор шийдэж байгаа. Тиймээс үйлчилгээний байгууллагууд илүү сонирхож байна. Өрх айл гэхээс илүү залуус их сонирхож байх гэж бодож байна. Улаанбаатар хотын иргэдийн 70 хувь нь гэр хороололд амьдардаг. Цаашид иргэдээ орон сууцжуулах ажил эрчимтэй явагдана. Бидний зүгээс бүтээн байгуулалтын энэ их ажилд өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ нийлүүлэх зорилт тавьсан байгаа.

    -Японд эхний ээлжинд 200 гэрэл гаргасан гэлээ. Нууц биш бол ойролцоогоор хэдэн төгрөгөөр нийлүүлсэн бэ?

    -Бидний бүтээсэн гэрлийг дотоодын зах зээл дээр гэхээс илүү гаднын зах зээлд борлуулбал илүү орон зай байгаа санагдсан. Ер нь монгол залуус өөрсдийн бүтээсэн аппликейшнаа дотооддоо ашиглах нь бага байдаг. Энэ нь манайдутасгүй интернет болон түүнтэй холбоотой технологийн салбарууд сул хөгжсөнтэй холбоотой. Гаднын улсууд бидний бүтээсэн гэрлийг дунджаар 99 ам.доллараар зардаг. Бидний хувьд гэрлээ хийгээд борлуулж байгаа зардлаа нөхөөд 25 ам.доллараар зарахад хангалттай гэж үзэж байгаа. Дотооддоо хүчин чадлаас хамаарч 20-25 мянган төгрөгөөр зарна гэж тооцсон.

    -Хүчин чадлын хувьд айл өрхүүдийн одоо хэрэглэж байгаа гэрлээс хэр ялгаатай вэ?

    -Бид 8-12 ваттын хүчин чадалтай гэрэл үйлдвэрлэж байна. Энэ төрлийн хүчин чадалтай чийдэн нь энгийн улайсах чийдэнтэй харьцуулахад 100 ватт орчимд очдог. 12 ваттын хүчин чадалтай гэрэл хийхэд 100 ваттын чийдэнтэй ижил хэмжээний гэрэлтүүлэлттэй асна гэсэн үг. Гэхдээ манай гэрэл LED технологи ашигласан учраас эрчим хүчийг 85 хувь хүртэл хэмнэх боломжтой.

    -Сүүлийн үеийн гэрлүүд хагас жил болоод л шатчихдаг болсон. Танайх хэдэн жилийн баталгаатай вэ?

    -Япон руу гаргасан эхний гэрлүүдэд таван жилийн баталгаа олгосон байгаа. Гэрэл хийхэд ашигласан бүтээгдэхүүний технологийн нас 50 мянган цаг асах боломжтой. Тэгэхээр дунжаар 6 орчим жилийн хугацаанд шатах магадлал маш бага гэж үнэлж байгаа.

    -Гэрлээ дотооддоо угсардаг юм уу. Бүтээгдэхүүн үйлдвэрлэх материалаа хаанаас авч байна вэ?

    -Гэрэлийн эх бие болох хөнгөн цагаан бүрхүүлийг Хятадад захиалгаар хийлгэсэн. Бидний хийсэн гол төхөөрөмж бол гэрэл доторх удирдлагын төхөөрөмжийг зохион бүтээсэн. Интэрнэт ашиглаад удирдаж болж байгаа тохиолдолд үүнтэй ижилхэн төхөөрөмжийг нийлүүлвэл дэлхийн хэмжээнд өрсөлдөх боломж гарч байгаа юм. Ер нь Монголд технологи хөгжүүлэх чадвартай олон зауус байгаа. Харин технологи угсрах тоног төхөөрмж манайд байдаггүй. Өөрөөр хэлбэл, гар утас зохион бүтээх шинэ санаа сэдэл, программыг бичих чадвартай ч үйлдвэрлэл огт хөгжөөгүй байгаа нь бидний сул тал болж байна. Уг нь технологийн санаа, программчлал нь байдаг. Харин ямар арга замаар яаж технологио бүтээж, яаж зах зээлд нэвтрүүлэх нь тодорхой болбол дэлхийн зах зээлд бид өрсөлдөх бүрэн боломжтой. Ингэснээр Монголын олон брэнд бүтээгдэхүүн төрөн гарна.

    -Сүүн гэрэл цахилгаан бага зарцуулдаг гэж ярьдаг. Танай ухаалаг гэрэл цахилгаан хэр хэмнэх вэ?

    -Энгийн улайсдаг чийдэнтэй харьцуулахад 85 хувиар бага зарцуулна. Харин өдрийн буюу сүүн гэрэлтэй харьцуулахад 30 хувиар бага цахилгаан зарцуулна. Энгийн “LED” гэрэлтэй харьцуулахад 10-15 хувийн эрчим хүч хэмнэнэ гэж тооцсон. Дээр нь долоо хоногийн аль өдрүүдэд асаахаа тусгай график хөтөлж удирдах боломжтой. Сарын хугацаанд хэдий хэмжээний цахилгаан зарцуулсан гэдэг нь шууд харагдана гэсэн үг.

    -Та хэд зах зээлийн судалгаа хийсэн гэж ярилаа. Худалдаанд гаргавал ашигтай байж чадах нь уу?

    -Интернэтээр 1000 гаруй хүнээс судалгаа авсан. Судалгаагаар иргэд өрөөнийхөө гэрлийг хагас жилд хоёр удаа сольдог гэсэн үр дүн гарсан. Тэгэхээр Улаанбаатар хотын хэмжээнд 300 мянган өрх байгаа гэж тооцвол хагас жилд 600 мянган гэрэл сольдог гэж тооцсон. Тиймээс бидэнд боломж байна гэж харсан хэрэг. Өөрөөр хэлбэл хагас жилд 600 мянга, жилд нэг сая 200 мянган гэрлийг зах зээлд гаргах орон зай байна гэсэн үг.

    -Цаашид ямар бүтээгдэхүүн хийх зорилготой байгаа вэ?

    -Бидний хувьд “Ухаалаг гэр” бүтээлээ өргөжүүлэн хөгжүүлж Монголын орчин нөхцөлд тохирсон хямд үнэтэй байгаль орчинд ээлтэй, орчин үеийн дэвшилтэд технологиудыг шингээсэн ухаалаг ажиллагаатай, интернет ашиглан веб болон ухаалаг утаснаасаа хүссэн газраасаа гэртэйгээ холбогдож хаалга, цонх, залгууруудаас авхуулаад гэрийнхээ цахилгаан төхөөрөмжүүдийг удирдах болон цахилгаан, хэрэглээний усныхаа мэдээллийг хянах боломжтой нэгэн цогц бүтээлийг бүтээхээр ажиллаж байна. Мөн энэхүү бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд нэвтрүүлэх зорилгоор олон төрлийн судалгаа шинжилгээний ажлуудыг эхлүүлээд явж байна.

    Энхтайван МӨНХЦЭЦЭГ
    Эх сурвалж: http://www.itoim.mn/index.php/site/news/984